Categories
мэдээ нийгэм

Сургуулиудын лабораторид хугацаа нь дууссан бодис их байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хугацаа нь дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй химийн бодисын тооллого, судалгаа явуулжээ. Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулсан энэ судалгаагаар 50 гаруй сургуулийн химийн лабораторид хугацаа нь дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй 120 гаруй нэр төрлийн 300 гаруй кг химийн бодис хадгалагдаж байгааг тогтоосон байна. Үүнээс гадна найман дүүргийн 41 сургуулийн химийн лабораторид нэр хаяг нь тодорхой бус 400 нэр төрлийн 332 кг бодис, 500 орчим төрлийн 251 кг химийн болон ашиглах боломжгүй бодис байжээ. Дээрх химийн бодисыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Аврах тусгай ангийн хашаан дахь зориулалтын агуулахад аваачиж ангилан ялгаж, хадгалсан аж.

Ингэснээр 50 гаруй мянган сурагч, 3000 гаруй багш, ажилчдыг химийн бодист хордох эрсдэлээс хамгаалсан байна.

Categories
гадаад мэдээ

Зика вирус бэлгийн замаар халдварлажээ

Латин Америкийн орнуудад хурдацтай тархаж буй зика вирусын халдвараар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын иргэн туссан юм. Тэрээр халдвар авсан орнуудад жуулчлаад, Америкт ирэх үедээ халдвар авсан нь тогтоогдсон байна. Тэднийг Даллас хотын төв эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа. Гэтэл шумуулаас хүнд халддаг гэгддэг зика вирус бэлгийн замаар халдварласан байх магадлалтай хэмээн Техас мужийн “Өвчний хяналт тавих төв”-өөс мэдээллээ. Тус төв “Урьдчилсан байдлаар нэг өвчтөн бэлгийн замаар уг вирусын халдвар авсан байх магадлалтай байна. Өвчтний биеэс шумуулын хазсан ором олдоогүй. ДЭМБ-д уг тайлангаа явуулсан. Тун удахгүй албан ёсны хариу гарна” гэсэн байна.

Бэлгийн замаар халдвар авсан гэгдэж буй өвчтөн Венеусэлд жуучлалаар очоод удалгүй өндөр халуурч, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Маргерат Чан өчигдөр зика вирус тахлаас хурдан хугацаанд тархаж буйтай холбогдуулан олон улсад эрүүл мэндийн онц байдал зарласан байна.

Categories
мэдээ спорт

Цагаан сарын барилдааны хуваарь гарлаа

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарь:

1.Өсвөр бөхийн барилдаан 2-р сарын 5-ны 14 цагт

Бүртгэл 2-р сарын 05-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1999 оны 01-р сарын 01 -нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, 2 хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ. Итгэмжлэл 3000 төг, Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг.

2.Нийтийн монгол шандастны барилдаан 2 дугаар сарын 05-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 05-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ. Итгэмжлэл 5000 төг, Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг.

3.Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан. 2 дугаар сарын 07-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 07-ны 10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ. Тасалбарын үнэ 3000 төгрөг.

4.Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. 2 дугаар сарын 06-ны 14 цагт

Бүртгэл 2-р сарын 05, 06-ны 10 цагаас эхлэх ба аймаг, цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Тасалбарын үнэ 5000 төгрөг.

5.Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. Бүртгэл 2 дугаар сарын 08-ны 14 цагт.

Бүртгэл 2 дугаар сарын 07, 08-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.

Үзэгчийн тасалбарын үнэ: 1, 2, 3-р эгнээ 25.000 төг, бусад эгнээ 20.000 төг. Тасалбар бүхэн суудлын дугаартай байна.

Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

10.00 цагт:ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулах
кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа, НӨАТ суутган
төлөгч нарт зориулсан сургалт МҮХАТ-ын нэг давхрын их танхимд болно.

10.00 цагт: МАХН-ийн санхүүжилттэй холбоотой асуудлаар
иргэд “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд байр сууриа
илэрхийлнэ.

11.00 цагт: Нийслэл хотын хэмжээнд НӨАТ-ын тухай хууль,
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтын үйл ажиллагаа
явуулах талаар хэвлэлийн бага хурал Гааль, Татварын Ерөнхий Газрын 7 давхрын
хурлын танхимд болно. Хэвлэлийн бага хуралд Гааль, Татварын Ерөнхий Газар,
Нийслэлийн Үйлдвэр Үйлчилгээний Хэлтэс, Ниййслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар,
Нийслэлийн Цагдаагийн Газар болон ШӨХТГ-ын дарга удирдлагууд оролцоно.

11.30 цагт: Х ТҮЦ продакшиний жүжигчин н.Батзориг олон
нийтийн цахим хуудас, Facebook-ээр явсан бичлэгийн талаар “Монгол
ньюс” Мэдээллийн төвд залруулга мэдээлэл хийнэ.

11.30 цагт: МҮЭ-ийн “Хөдөлмөрийн хүний төлөө”
дээд шагналыг гардуулах ёслолын ажиллагаа МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно
Жилд нэг удаа олгодог энэхүү хүндтэй шагналын эздээр нийслэл, салбар, орон
нутгийн 10 хүн тодроод байна.

11.40 цагт: “Цахим гарын үсгийн нээлт” -ийн арга хэмжээ Мэдээллийн
технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд болно.

12.00 цагт: Лхагва гараг бүрт болдог “Шийдлийн цаг”
уулзалт УБТЗ-ын төв буудалд болно.

12.00 цагт:“Хөөрөг, даалин” үзэсгэлэн Монголын
Үндэсний Музейд нээгдэнэ. Монгол түмний уламжлалт цагаан сарын баярт зориулсан
үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

12.00 цагт: Сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаярын “Түүчээ
буюу “хүүхдийн” Д.Сүрэнжав” номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын
төв номын санд болно.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Пүрэвжаргал: Парисаас алтан цом авчирсан үзүүлбэр маань дэлхийн циркчдийн дээд амжилтыг эвдсэн

Франц улсын нийслэл Парис хотноо болсон “Месси” олон улсын циркийн 24 дүгээр наадмаас монгол циркчид алтан цом хүртсэн билээ. Нэр хүндтэй тэмцээний тэргүүн шагнал авсан Монголын үндэсний циркийн харьяа “Puje and guys troupe” хамтлагийн жүжигчид өчигдөр эх орондоо ирсэн юм. Тус хамтлагийн ахлагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэсэндагвын Пүрэвжаргалтай уулзаж ярилцлаа.

-Олон улсын циркийн наадмаас алтан цом хүртэн эх орондоо ирсэнд баяр хүргэе. Ямар тэмцээнд оролцоод ирэв?

-Парис хотноо энэ сарын 21-24-ний өдрүүдэд болсон “Massy” олон улсын циркчдийн тэмцээн энэ жил хорин дөрөв дэх удаагаа зохиогдож, Монголын циркчид анх удаагаа очиж амжилттай оролцон алтан цомыг нь авчирсандаа маш их баяртай байна. Манай “Puje and guys troupe” хамтлагийнхан энэ том фестивальд дээсээр наадагчид, шидэлттэй акробат гэсэн хоёр төрлөөр оролцсон. Сая манай хамтлагийнхан хэвтээ дөрвөн үе, босоо таван үеийн үзүүлбэрээрээ дэлхийн дээд амжилтыг эвдээд ирлээ.

-Түрүүнд нь тийм үзүүлбэрийг олон улсын циркчид ерөөсөө хийж байгаагүй гэсэн үг үү?

-Хийж байгаагүй.

-Дэлхийн циркийн байгууллага та нарын энэ амжилтыг бүртгэж аваа байлгүй дээ?

-Энэ фестивалийн хүрээнд 23 жилийн бүх шилдэг үзүүлбэрээр сонин сэтгүүл гаргаж, бичлэгийг нь цомогт бичээд зарж байдаг юм билээ. Бидний уран бүтээлийг ч бас бүртгэж авсан.

-Танай хамтлаг хэдэн гишүүнтэй билээ?

-Манай хамтлаг арваннэгэн гишүүнтэй. Анх 2001 онд байгуулагдаж арвантав дахь жилдээ уран бүтээлээ хийж явна. Бид насны хувьд 17-38 насны улс. Хамтлагийн гишүүн Цогбаярын Баяраа, Ганбатын Энхболд, Чимэдсүхийн Билгүүнхангал, Бямба-Очирын Номин-Эрдэнэ, Ганбатын Мөнхбат, Санжаагийн Ганбат, Шинэбаярын Мягмардорж, Даваасамбуугийн Эрдэнэдагва, Алтанцоожийн Жаргалсайхан нартайгаа гар сэтгэл нийлж ажилладагтаа үнэхээр бахархдаг юм.

-Шидэлттэй акробат ч харахаас л хэцүү төрөл шүү. Хүмүүсээ хэдэн жил бэлтгэх вэ?

-Шидэлттэй акробатыг доод тал нь дөрвөөс таван жил уйгагүй хичээллэж бэлтгэж байж өөрийн гэсэн дөртэй болдог урлаг. Гэмтэл бэртэл авах магадлал өндөр, хурд, биеийн хүч шаардсан төрөл.

-Таны хувьд цирктэй хэдэн насандаа хувь заяагаа холбов?

-Би арвангурван настай, З5 дугаар сургуулийн сурагч байхдаа 1990 онд анх Улсын циркийн алиалагчийн дугуйланд орж, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн хүн. Улсын цирк 2006 онд хувьчлагдаж Монголын үндэсний цирк болсноос хойш одоо хүртэл акробатчинаар ажиллаж байна.

-Цээеэ, Латиф нарын алдартай алиалагчидтай хамтран үзүүлбэр хийж байв уу?

-Цирк гэдэг олон урлагийн нийлэг урлаг. Бидний хувьд акробатаар түлхүү хичээллэж байсан. Гэхдээ Батсүх, Энхээ нарын алдартай алиалагч нартай бүгдтэй нь үзүүлбэрт хамт гарч байсан. Миний хувьд жонглёр, дээсээр наадагч, шидэх банзнаас үсрэгч, акробат, агаарын үзүүлбэрүүд үзүүлдэг байсан. Одоо бол шавь нартайгаа хамтран тоглож, бас мэддэг чаддаг бүхнээ хүүхэд залуустаа зааж өгөөд явж байна.

-Танай хамтлаг олон улсын тэмцээнд хэдэн удаа оролцож байв?

-Байгуулагдсанаасаа хойш олон улсын тэмцээнд оролцох урилга, гэрээ хэлцэл олонтаа ирж байсан боловч яагаад ч юм бэ, хамтлагийн гишүүдийн хэн нэгнийх нь гар хугарах ч юм уу, хөлдөө бэртэл авах зэргээр бэрхшээл гарч оролцож чаддаггүй байсан. 2012 онд Монголын циркчдийн их наадамд бид дээсээр наадагч үзүүлбэрээрээ тэргүүн байр эзэлж байсан.

-Шүүгчид хаанахын хүмүүс байв?

-Францын хоёр иргэн, Герман, Испанийн нэг нэг шүүгч, Монголын циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ нарын таван хүний бүрэлдэхүүнтэй байсан.

-Аливаа нэг тэмцээнд шүүгчид гол нөлөөтэй байдаг. Эрдэнэ шүүгчийн лообий ороо болов уу?

-Тийм юм байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл олон улсын тэр нэр хүндтэй тэмцээнд муу үзүүлбэр толилуулбал өөрсдөө онигоо болно биз дээ. Дээр нь улс орныхоо нэр хүндийг баллана.

-Алтан цомыг мөнгөн шагнал дагалдах юм уу?

-Ямар ч мөнгө төгрөг дагалддаггүй цэвэр нэр төрийн шагнал юм билээ. Цирк чинь өөрөө эрсдэлтэй эр зоригийн урлаг болохоор авьяас чадвараа л үнэлүүлж байвал сэтгэл ханахаас мөнгө төгрөгийн төлөө үхэлдээд байх нь сонин биш гэж боддог доо.

-Хэн нэг нь асуудалтай байсан ч тоглолтоо үргэлжлүүлж болдоггүй юм уу?

-Түрүүн би хэлсэн дээ. Акробат гэдэг дөрөв, таван жил уйгагүй хичээллэж байж зүгширдэг төрөл гэж. Дээр нь бэртэл гэмтэл авах маш их эрсдэлтэй. Үзэгчдийн нүдний өмнө инээмсэглээд юу ч болоогүй юм шиг царайлдгаас биш сэтгэл зүйн хувьд ч бас л их тэсвэр тэвчээр шаарддаг төрөл л дөө. Бүжгийн хамтлаг байлаа гэхэд аль нэг гишүүн нь оролцохгүй байлаа ч хөдөлгөөний эвслээ тааруулаад тайзнаа үзүүлбэрээ үргэлжлүүлээд явчихаж болдог. Харин бидний хэн нэг нь л байхгүй бол хүн дутаад үзүүлбэрээ зогсоохоос аргагүйд хүрдэг.

-Саяын тэмцээнд хэдэн орны жүжигчид оролцов?

-Арван хоёр орны дал наяад жүжигчин циркийн бүхий л төрлөөр оролцсон. Акробатын төрлөөр Хойд Солонгос, Швейцарь, Испани, манай хамтлаг өрсөлдсөн.

-Өмнө нь гадаадын улс орнуудад тоглолтоо толилуулж байв уу?

-Олон улсын тэмцээнд оролцохоос өмнө Германы их нэр хүндтэй “Fliv flac” циркийн урилгаар тоглолттой байж байгаад эх орондоо ирж, визээ даруулж аваад буцаж Франц руу ниссэн. Энэ циркт “Монте Карло” зэрэг олон улсын циркийн нэр хүндтэй наадмын шагналтнууд урилгаар очиж үзүүлбэрээ толилуулдаг юм билээ. Бидний хувьд үндсэндээ арвандөрөвхөн хоног бэлтгэл хийгээд тэмцээнд оролцсон.

-Ойрын үед гадаадад тоглолттой юу?

-Гадаадын хэд хэдэн циркээс гэрээ хийх санал ирсэн. Бид энэ оны дөрөвдүгээр сард Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад болох “Хаврын баяр” олон улсын урлагийн их наадамд оролцох учраас гэрээний саналуудыг одоогоор хүлээж аваагүй.

-Та гэр бүлээ танилцуулаач!

-Гэргийг маань Л.Ариунцэцэг гэдэг. Бас л циркчин, агаарын гимнастикч, соёлын тэргүүний ажилтан цолтой жүжигчин хүн байна. Ууган хүү Эрдэнэсайхан маань 16-тай. Урлагийн гэр бүлд өссөн болохоор ч тэр юм уу морин хуураар хичээллэж байгаа. Дунд охин Энхжин естэй. Бага нь ойтой Энх-Амар гэж энэ нөхөр байна даа.

-Мэргэжлийн циркчний хувьд гадныхнаас анзаарсан сонин сайхан зүйл их байгаа байлгүй?

-Энэ тэмцээнд улс улсын чансаа сайтай хамтлаг жүжигчид оролцдог юм байна. Олон улсын циркчдийн сүүлийн үеийн хандлагыг ажихад өөрсдөө амьд хөгжимтэй дуулж бүжиглээ л, агаарын хүнд бэрх үзүүлбэрүүдээ толилуулаад, бүхий л авьяас чадвараа шавхаж харуулдаг болчихсон юм байна. Яагаад ийм мундаг байна гээд анзаараад үзэхээр шинэ номерыг санаачилдаг найруулагч, дууны найруулгыг хийдэг өндөр чадвартай хөгжмийн мэргэжилтэн, хувцасны загвар хариуцдаг тусдаа баг байна. Тэгэхэд манай циркчдийн хувьд зөвхөн бор зүрхээрээ номерын ахлагч л бүхнийг хариуцан өөрөө найруулагч, жүжигчин, менежер болж байна шүү дээ.

-“Massy”-гийн тэмцээн ямар зэрэглэлд ордог тэмцээн бол?

-“Монте Карло” бол циркчдийн А зэрэглэлийн тэмцээн шүү дээ. Энэ фестиваль Францад “Монте Карло”-гийн тэмцээний дараа ордог нэр хүндтэй тэмцээн юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

“My Voice”-ийн хоёрдугаар байрын шагналт Б.Билгүүн: Жастин Бибер шиг болох юмсан гэж боддог

UBS телевизээс өнгөрсөн жил “Universe best songs” наадмыг найм дахь удаагаа зохион байгуулсан билээ. Тус наадмын гран при шагналыг хүртсэн Б.Билгүүн оны өмнөхөн болж өнгөрсөн “My Voice” тэмцээнд оролцож хоёрдугаар байрт шалгарчээ. 51 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, авьяаслаг хүүтэй уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-Б.Билгүүн хэдэн настай билээ?

-Энэ сарын 23-нд 18 нас хүрлээ.

-Удахгүй дунд сургуулиа төгсөх гээд хичээл ихтэй байна уу?

-Тийм ээ. Тэмцээн, уралдаанд оролцох гээд олон сар хичээлээ цалгардууллаа. Багш нар маань ч “Одоо төгсөх гэж байна. Яаж байна” гээд л хэлээд байгаа.

-Цаашдаа ямар сургуульд сурах гэж байна. Мэдээжийн хэрэг дуучин болно биз дээ?

-Мэргэжлийн хувьд гэвэл хөгжмийн зохиолчоор суралцах бодолтой байгаа. “Universe best songs 2015”, “My Voice” хоёрт амжилттай оролцож, хоёр ч сургуульд суралцах эрх авсан. Яах эсэхээ хараахан шийдэж чадаагүй л байна.

-Өөрөө нэг ярилцлагандаа нот мэдэхгүй гэж ярьсан байсан. Үнэн үү?

-Нот мэдэхгүй.

-“Хайрын виз” дууг дуулахдаа төгөлдөр хуур тоглож байхыг чинь харсан. Их сайн тоглож байсан. Хэзээ сурсан юм бэ?

-2013 оны аравдугаар сард төгөлдөр хуур худалдаж авсан. Авсан оройноо л тоглож эхэлсэн. Урьд нь төгөлдөр хуур тоглож байгаа хүмүүсийг хараад ингэж тоглодог байхдаа гэж боддог байлаа. Нэг тийм төсөөлөлтэй байсан гэх үү дээ. Нэлээд гуйж байж авахуулаад тэр оройжингоо тоглосон.

-Өөрөө сурсан гэсэн үг үү?

-Тийм.

-Хэдэн настайгаасаа эхэлж дуулсан бэ?

-14 настайгаасаа тууштай дуулж эхэлсэн. 2012 онд “Камертон 2” шоу болоход оролцсон. Гуравдугаар шатнаасаа хасагдсан. Тэр үеэс л дуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Түүнээс хойш тэмцээн уралдаанд оролцож байр эзлээд улам урамшсан.

-Ямар ямар тэмцээнд оролцож байв?

-Анх 2010 онд “Авьяаслаг монголчууд” тэмцээнд оролцож хүчээ сорьсон. Эхний шатнаас нь хасагдсан боловч түүнээс хойш дуу маш их сонсдог болсон. Ямар ч бэлтгэлгүй оролцсон болохоор аргагүй биз дээ. Хүмүүсийн дуулж байгааг хараад “Ингээд дуулчихгүй” гэж боддог байлаа. Түүний дараа “Камертон 2” шоу боллоо гэсэн сургаар шууд оролцоод бас л хасагдсан. Тэгэхэд дуучин Д.Болд ах “Миний дүү арай л болоогүй байна даа. Гэхдээ дуулахаа битгий болиорой” гэж хэлж байсан. Тэр тэмцээнд оролцоод хасагдаад бүтэхгүй юм байна гээд л орхиж болох байсан л даа. Яагаад ч юм түүнээс хойш дуу сонссоор л байсан. Энэ нь тэмцээн уралдаанд оролцоход их хэрэг болсон.Ингээд “Камертон 2” тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож гуравдугаар шат хүртэл явж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч билээ. Дараа нь БНСУ-ын ЭСЯ-наас зохион байгуулдаг “Солонгос дууны тэмцээн”-д нэгдүгээр байр эзэлж 500 мянган төгрөгөөр шагнуулсан. Маш их баярлаж билээ. Дууны тэмцээнд анх түрүүлээд орой нь гэртээ ирэхэд ээж, эгч хоёр маань надад мөнгөний хэтэвч бэлэглэж байв. 14 настай байсан, мөнгөний хэтэвчгүй байлаа. Тэр үед ээж маань надад “Ээж, эгч хоёр нь сууж байгаад ярилцлаа. Чамайг ерөөсөө л урлагийн хүн болгох хэрэгтэй юм шиг байна” гэж билээ. Өмнө нь урлагаар явахыг зөвшөөрдөггүй байсан.

-“Universe best songs 2015” тэмцээнд оролцож байхдаа түрүүлнэ гэж бодож байсан уу?

-Анх энэ тэмцээнд оролцохдоо л түрүү байрын төлөө үзнэ гэсэн бодолтой байсан. Дуулж эхлээд удаагүй байсан үе. Яагаад эхнээсээ түрүүлж чадна гэсэн бодол төрсөн гэхээр би олон дуулдаг найзтай. Найзууд маань надаас илүү амжилтад хүрчихсэн гэтэл тэдэнтэй харьцуулахад минийх үнэхээр чамлахаар байлаа. Тиймээс амжилтаа ахиулах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж жаахан шар хөдөлсөн. Надтай цуг бэлтгэл хийдэг байсан ах гэхэд 2014 оны “Universe best songs”-д ороод хоёрдугаар байрт шалгарчихсан. Тиймээс надад боломж байгаа юм байна гэж бодсон. Дөрвөн шатны шалгаруулалтын явцад энэ бодол маань улам баталгаажиж билээ. Ингээд гала тоглолтод дуугаа дуулсны дараа “Би ямар ч байсан шагналт байранд орчих байх. Харин гран при юу л бол доо” гэсэн бодол төрсөн.

-Гран при авсныхаа дараахан залгуулаад “My Voice” тэмцээнд оролцсон юм байна?

-“My Voice” –д оролцох уу байх уу гэж нэлээд эргэлзсэн. UBS телевиз дээр очоод тэмцээний шторкийг харсан чинь их гоё санагдаж билээ. Ээжээсээ яах уу гэж асуусан. Орохгүй байх мөн оролцох олон шалтгаан байсан. Ингээд ерөөсөө л энэ боломжийг алдаж болохгүй юм байна гээд л шийдсэн. Надтай бэлтгэл хийдэг ах маань ч оролцсон. Бид хоёрын тулааны үе эхэллээ гэж бодсон. Бид чинь маш зөв өрсөлддөг, их гоё л доо. Ингээд тэмцээндээ ороход маш сайхан байж билээ. Гэхдээ сайхан юм болохын өмнө их хэцүү шийдвэр тулгардаг. Ямар дуу дуулахаа шийдэж чадахгүй нэлээд удсан. Энэ бол маш чухал шийдвэр л дээ.

-Танай гэрт дуулдаг хүн байдаг уу?

-Ээжийн ээж буюу эмээгийн талынхан дуулдаг хүмүүс байсан. Завханы Баянтэс сумын хүн л дээ. Эмээ маань шанз тоглодог, сумын клубт дуулдан байсан.

-Нэлээд хэдэн томоохон тоглолтод оролцсон гэсэн. Энэ талаараа яриач?

-Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтод оролцож “Надад өгөөгүй хайр” дууг дуулсан. “My Voice”-ийн гала тоглолт байна.

-Хамтарч ажиллах санал тавьж байна уу?

-Саяхан гала концерт болохын өмнөхөн шинээр хийх гэж байгаа киноны соунд трэкийг дуулах санал тавьсан.

-Ямар дуучинг шүтдэг вэ?

-Жастин Бибер шиг болох юмсан гэж боддог. 2010 оноос хойш түүний дууг сонсож байгаа. Өмсдөг хувцсыг нь хүртэл дуурайж ижилхэнийг авч өмсдөг байлаа. Анхны цомогт нь орсон бүх дуу нь таалагддаг. Сүүлийн үед Жастин Бибер нэлээд өөр стилийн дуу дуулдаг болсон, надад тийм ч их таалагдахгүй байгаа. 2014 он хүртэл Ж.Биберийг охид шүтдэг байсан. 2015 оноос хойш түүнийг эрчүүд их шүтдэг болсон.

-Чи саяхан хөгжмийн зохиолч СГЗ Л.Балхжавтай уулзсан гэж байсан. Чамд юу гэж хэлж байна?

-Л.Балхжав ахтай уулзахад архи, тамхи, хар тамхи зэрэгт битгий мансуураарай. Энэ бол чамайг олигтой мансууруулахгүй. Түүнээс илүү мансуурах зүйл бол дуу хуур, урлаг гэж хэлсэн нь санаанд орж байна.


Categories
мэдээ соёл-урлаг

Цэвэг-Очирын Эрдэнэбаатар “Болор цом”-ын эзнээр тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн наадамд 33 найрагч эхний даваанаас шалгарч, шүлгээ дуудсан юм.

Ингээд 2015 оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” 33 дахь удаагийн наадамд яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатар түрүүлж, эгшиглэнт Янжинлхамын эзэн болсон бол дэд байрт Хөөдөөгийн Эрдэнэбаатар, гутгаар байр М.Уянсүх орж, тэдний араас О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар удаалав.
“Болор цом”-ын эздээс Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Норовын Гантулга, Баттөрийн Мягмаржав тэргүүтэй найрагчид ирж наадамд тоосоо өргөсөн юм.
“Болор цом”-ын тэргүүн шүлэг “Суурин иргэншлийн цаг” шүлгийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунбаатарын “Дарамтад орсон хүн тодорхой хугацааны дараа яаж дарамтлуулснаа ярих биз” ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигчдын гарт хүрч байна. Энэ өдрийн дугаарт 33 дахь удаагийн “Болор цом” наадмаас бэлтгэсэн сурвалжлагыг онцолж байна. Өчигдөр үдэш болж өнгөрсөн “Болор цом-2016” наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдсэн юм. Эдгээр шилдэг найрагчдаас Цэвэг-Очирын Эрдэнэбаатар тэргүүн байрт шалгаран “Болор цом”-ын эзэн боллоо. Энэ жилийн наадам нь нэрт яруу найрагч Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиосноороо онцлог болсон. Нэрт яруу найрагчдын ой тохиосон “Болор цом” наадамд ахмад яруу найрагчдаас Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч Тангадын Галсан нар оролцсон юм. Сурвалжлагын дэлгэрэнгүйг 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Хоёрдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай хийсэн ярилцлагыг онцоллоо. Өчигдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж саналаа хүргүүлсэн юм. Улмаар ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсгийн хуралдааныг хийсэн. Ярилцлагын эхлэлийг тэргүүн нүүрнээс унших боломжтой.

Харин манай алдарт гуравдугаар нүүр “Баримт, үзэл бодол” буланд нэрт нийтлэлч Баабарын “Их дайны өмнөх дэлхий” нийтлэл хэвлэгдсэн байна. Тэрбээр нийтлэлээ “Дэлхийн өнөөгийн байдал дэлхийн хоёрдугаар дайны өмнөхтэй улам төстэй болж байх шиг…” хэмээн эхэлжээ.

Тавдугаар нүүрэнд Монгол Улсын шадар сайд П.Оюунбаатартай хийсэн ярилцлагыг нийтэллээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба намын даргынхаа даалгавраар намаа санхүүжүүлэхийн тулд мөнгө авсан нь эргээд түүнийг шоронгийн хаалга татуулсан тухай телевизээр ярьсан билээ. Харин Ц.Оюунбаатарын ярилцлагад юу гэснийг уншаарай.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн долдугаар сард шинэчлэн батлагдаж, есдүгээр сарын 1–нээс хэрэгжсэн. Уг хуулийн хүрээнд Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам батлагдаж, уржигдраас буюу хоёрдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Тэгвэл журам мөрдөгдөж эхэлснээс хойш эхний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 476 жолооч зөрчил гарган, өөрсдийн 10 онооноосоо хасуулжээ. Энэ талаарх мэдээллийг зургадугаар нүүрнээс уншаарай.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарыг өнгөрсөн баасан гаригт сулласан тухай манай сонин мэдээлсэн. Түүнийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг саатуулан шалгаж байсан билээ. Тэднийг батлан даалтад гаргаагүй хорих хугацаа нь дууссан учир сулласан байна. Прокурор, мөрдөн байцаагч нарын үндэслэлээр бол энэ хэрэгтэй холбоотой мөнгө хаана эргэлдэж буй болон хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн ойр дотныхны нэр дээр хэдэн компани байгааг тогтоож “Шинэ төмөр зам”-ын төсөлтэй холбоотой угаагдсан, шамшигдуулсан гэх бэлэн мөнгийг олох хэд хэдэн ажил хийгдээд явж байсан гэнэ. Иймд тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэсэн үндэслэл гаргажээ. Энэ асуудлыг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр болох ёстой байсан ч нэг шүүгч нь олдохгүй байсны улмаас хойшилсон гэх мэдээлэл ирсэн. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл долдугаар нүүрийг сөхөөрэй.
Олон улсын хэмжээнд өрнөсөн мэдээ мэдээллийг “Гадаад мэдээ”-ний булангаас уншина уу.
Олон улсын хэмжээний мастер П.Орхон саяхан ОХУ-ын Красноярск хотноо болсон олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Гран-При”-гаас жиндээ алтан медаль хүртсэн билээ. Тэрээр аваргын төлөө Японы бөх Каори Ичотой барилдаж ялсан юм. Түүнтэй хийсн сонирхолтой ярилцлагыг 13 дугаар нүүрнээс уншаарай.
АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын амьдрал ахуй, сонин хачин үйл явдлаас уламжлан хүргэдэг “Америкийн монголчууд” буландаа “Монголын андууд” цагаан сарыг тэмдэглэв мэдээ сурвалжлагыг хүргэж байна.
2016 онд шинжлэх ухааны салбарт ямар дэвшилтэт үйл явдал болохыг “Шинжлэх ухаан”-ы булангаас уншаарай. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг лхагва гаригийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Авто замчид гурван сар цалингийн бараа хараагүй

Өчигдөр Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд авто зам арчлалтын 28 компанид 2015 онд хийсэн ажлын гүйцэтгэл болох 5,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэн даруй олгохыг шаардсан юм. Түүнээс гадна 2016 онд 55 тэрбум төгрөгөөр тооцолсон төсвийг танаж найман тэрбум төгрөг болгон баталсныг эсэргүүцжээ. Мөн 4000 автозамчдын нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг төлж, гурван сарын цалинг нэн даруй олгох шаардлага тавьж байлаа.

Тэд 11 сараас хойш УИД-д шат дараалалтайгаар шаардах бичиг явуулсан ч одоог хүртэл хариу ирүүлээгүй аж. Цаашдаа арга хэмжээ авахгүй авахгүй бол хамтын маргаан үүсгэх болно гэж Монголын авто замчдын ҮЭ-н дарга Д. Цэрэнпүрэв онцлов.

Автозамын үйлчилгээ явуулдаг 52 компани гурван сэарын хугацаанд нефть импортлогч, компаниудаас шатах тослох материал, битум зэрэг материалуудыг зээлээр авч ажлаа гүйцэтгэж байжээ. Үүнээс болоод тоног төхөөрөмжөө битүүмжлүүлж ажлаа явуулж чадахгүйд хүрээд байна.

Э.АРИУНЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрчээ

Сар шинийн баяр болох
гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний
шалгалт явуулж БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар
савласан цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрсэн тул худалдахыг зогсоосон байна. Мөн
шошгын зөрчилтэй бууз, “Марио” цөцгийтэй тараг, “Нийслэл” нэрийн хэвийн боов,
“Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхангай аймгийн “Маргад” цехийн үйлдвэрлэсэн дөрвөн
нэр төрлийн бүтээгдэхүүн зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргэн
татуулсан байна. Баяр болох гэж байгаатай холбогдуулан хувь хүмүүс гар дээрээс
хүнсний бүтээгдэхүүн худалдах зөрчил ихэссэн бөгөөд хувь хүнээс худалдаа
хийхгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.