Categories
мэдээ улс-төр

Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотноо 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонконгийн Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-квок нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Хонконгт ял эдэлж буй Монгол иргэд эх нутагтаа шилжин ялаа эдлэх боломжтой юм. Хэлэлцээрийг байгуулснаар хууль зүйн хоорондын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт Монгол, Хонконгийн хоёр талын харилцааг нэмэгдүүлэх боломж нээгдлээ.

Categories
мэдээ улс-төр

Дотоодын цэргийн хуулийг хойшлуулав

Дотоодын цэргийн тухай болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, хойшлуулах шийдвэр гаргалаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ:
-Өмнөх Засгийн газар дотоодын цэргийг татан буулгаад дотоодын цэргийн зардлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Улаанбаатар хотод өмнө нь зургаан хэлтэс байсан. Одоо 14 хэлтэс болж өргөжсөн. Шинэ хэлтсүүд чинь дотоодын цэргийн зардлаар боссон шүү. Энэ хуулиар бол дотоодын цэргийн цагдаагийн байгууллага руу шууд татна гэж байгаа бол Улаанбаатар хотод нэмэгдэж баригдсан хэлтсүүдээ татан буулгана гэсэн үг. Хоёрдугаарт, би нэг зүйлийг гайхаж байна. Яагаад албан тушаалд очсон хүмүүс өөрийгөө хамгаалах дон шүглэчихдэг юм бэ. Үнэхээр цэрэг удирдмаар байгаа бол Батлан хамгаалахын сайд хийж болно шүү дээ.
Ерөнхий прокурор байхдаа цагдаагийн нэр бүхий гурван удирдлагыг иргэд рүү галт зэвсэг хэрэглэлээ гэж шоронд явуулчихаад, одоо болохоор би иргэд рүүгээ галт зэвсэг хэрэглэмээр байна, надад дотоодын цэрэг байгуулаад өг гэж санаачилга гаргаж байгаа хувь хүнийг би ойлгохгүй байна. Аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий хүмүүсийн орон тоог нэмчихэд болчих асуудлыг заавал цэрэг байгуулаад, Хил хамгаалах дотоодын цэрэг гэдэг нэгдсэн штаб бий болгоод, армитай адилхан армийг хууль зүйн яамны удирдлага доор байлгах шаардлага байна уу. Би 2008-2012 онд УИХ-ын гишүүн байхдаа иргэн рүүгээ буу шагайж таван амийг үгүй хийсэн тэр хар өдрийг дахиад гаргуулахгүйн тулд хүний эрхийг хамгаалах төсөл боловсруулсан. Харамсалтай нь өнөөдөр та бүхэн нухчин дарж байгаа юм байна. Юунд бэлдээд галт зэвсэг бүхий хүмүүсийг бэлдээд иргэд рүүгээ дайруулах гээд байгаа юм бэ” хэмээн шүүмжилж байв.

Categories
мэдээ цаг-үе

Т.Ганди: Унгар улс Ази руу хандсан эдийн засгийн бодлогынхоо хүрээнд Монголд ач холбогдол өгч байна

Өнгөрсөн хавар Унгар улсын Ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Хоёр, гуравхан хоногийн өмнө тус улсын Ерөнхий сайд айлчлаад буцлаа. Манай хоёр улсын дипломат найрамдалт харилцаа сүүлийн жилүүдэд сэргэж, шинэ шатанд хөгжиж буйг айлчлалын хүрээнд болсон үйл явдлуудаас тод харж болно.

Айлчлалын талаар Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Гандитай ярилцлаа. Тэрээр УИХын сонгуульд дөрвөн удаа ялж, Эрүүл мэнд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар гурвантаа томилогдон ажиллаж байсныг манайхан мэдэх юм.

-Унгар улсын Ерөнхий сайдын айлчлал Монгол улсад амжилттай болж өнгөрлөө. Засгийн газрын таван гишүүн, 60-аад ажил хэрэгч хүн, бизнесийн төлөөллийг багтаасан энэ айлчлалын ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?

-Монгол, Унгар улс эртний түүхэн холбоотой ард түмнүүд юм. Бидний хөгжлийн түүх, туулсан замналд маань адил төстэй зүйл олон бий. Улс төр, эдийн засгийн харилцааны хувьд социалист интегралчлалд багтаж, бие биедээ тусалж дэмжиж явсан үе байдаг. Түүхийн явцад улс төр, эдийн засгийн ардчилсан өөрчлөлтүүдийг хийж, шинэ тогтолцоонд шилжсэн он жилүүд маань бас ойролцоо байна.

Далайд гарцгүй, том гүрнүүдийн улс төр, эдийн засгийн бодлогын хамааралтай хөгжлийн явц зэрэг үнэхээр олон талаар бид ойролцоо түүх замналыг туулсан улс аа. Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 66 жилийн ой болж байна. Социалист лагерийн орнуудын эдийн засгийн хуваарийн дагуу Монгол Улсад Унгар улсын Засгийн газар, ард түмний оруулсан хувь нэмэр, бүтээн байгуулалт тодорхой байдаг юм.

-Тухайлбал, нэрлэж болох уу?

-Сонгинын Биокомбинат, Дарханы махкомбинат, Оёдлын нэгдлийн үйлдвэр зэрэг улс орны шинэ тутам хөгжиж ирсэн аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбарын үндсэн суурийг Монгол Улсад бий болгох, бэлчээрийг усжуулах, худаг ус гаргах, хайгуул шинжилгээ хийх, орчин цагийн өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд Унгарын ард түмний оруулсан хувь нэмэр их юм.

-Тодорхой хөгжлийн шилжилтийн зааг үед хоёр орны харилцаа саарсан үе байсан?

-Хоёр орны төр засгийн түвшинд өндөр дээд түвшний айлчлал тэнцвэртэй бус байв. Бид аль аль нь нийгмийн өөрчлөлтөнд өөрсдөө дасан зохицох, шинэ тогтолцооны үндэс суурийг тавих, шинэ шинэ холбоотон анд нөхөд эрж байсан үе бий. Чухам энэ харилцааны хувьд зогсонги ч гэмээр он жилүүдэд Унгар Монголын дипломат харилцаа тогтвортой тасралтгүй явж ирсэн нь олзуурхууштай санагддаг. Тодорхой хэлэх юм бол төв Европын түвшинд төв Ази Монголын нүүдлийн соёл иргэншил судлал амжилттай хөгжиж, судалгаа шинжилгээнүүд тогтвортой үргэлжлэн хийгдэж ирсэн байдаг нь бахархалтай. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа хамтын хүчин чармайлтаар илтэд өргөжин хөгжиж байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд Унгар улсад, тус улсын Ерөнхийлөгч Адер Янош 2015 онд манай улсад харилцан албан ёсны айлчлал хийсэн. Унгар улсын Гадаад хэрэг, Гадаад худалдааны сайд Петр Сияяарто 2015 онд манай улсад айлчлан Элчин сайдын яамаа сэргээн нээсэн. Энэ нь манай улстай харилцах холбоонд өндөр ач холбогдол өгч байна гэж ойлгож болох уу?

-Унгар улсын Засгийн газар Ази Дорно дахин руу хандсан нээлттэй эдийн засгийн бодлогынхоо хүрээнд Монгол Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байна. Мөн өнгөрсөн онд Унгарын Худалдааны ордон Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ удаагийн Унгар улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд В.Орбаны манай улсад хийсэн албан ёсны айлчлал аль ч талаараа түүхэн ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал боллоо.

-Ажиглагчид ам сайтай байна, олон сайхан зүйл хийхээр яригдлаа. Айлчлалыг дүгнэж хэлээч?

-Унгарын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал болсон. Урьд өмнө Ерөнхий сайдын айлчлал хийгдэж байгаагүй юм билээ. Мөн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хувьд улс төр, гадаад харилцааны бодлогоо эдийн засгийн цоо шинэ агуулгаар баяжуулж харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжих, тогтвортой үйл ажиллагаа, хамтрагч байх хүсэл эрмэлзлээ тодорхойлсон энэ айлчлал цоо шинэ дүр төрхийг агуулж байна. Унгар улсын Засгийн газрын тэргүүний Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын бас нэг онцлог зүйл хоёр орны харилцаа зөвхөн талуудын тогтвортой хамтын ажиллагааг бий болгох. Ази болон Евро бүсийн түвшинд итгэл бүхий сайн түнш, ирээдүйд чиглэсэн үр дүнтэй хамтын үйл ажиллагааны эхлэл суурь болж буйгаараа онцлог.

-Унгар улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд биокомбинатыг шинэчлэх үйл ажиллагаа эхэллээ гэж ойлгож болох уу?

-Ерөнхий сайд В.Орбаны манай улсад хийсэн албан ёсны айлчлалын бас нэг томоохон үр дүн бол Сонгино дахь Биокомбинатын ТӨҮГ-ын техник тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх төслийг гараанаас гаргах асуудал байлаа. Засгийн газар дамжигдан яригдсан олон удаагийн гэрээ, санамж ойлголцлын бичиг зурагдсан байдаг юм. Ажлын олон ч хэсэг ажилласан байдаг юм байна лээ. Дээрх хөрөнгө оруулалтын төслийн хувьд Унгарын өнөөгийн Засгийн газар ач холбогдол өгч, шаргуу ажиллаж ирсний үр дүн энэхүү айлчлалаар гарч байна. Манай улсын эдийн засгийн голлох тулгуур салбарын нэг болох МАА-н салбарыг эрчимжүүлэх, мал эрүүлжүүлэх, улмаар малын гаралтай мах, сүү, хүнсний бүтээгдэхүүн экспортлоход Биокомбинат стратегийн ач холбогдолтой газар юм.

-Анх Унгарын буцалтгүй тусламжаар баригдсан гэдэг байх аа?

-Тийм, түүнээс хойш 40 гаруй жил техник эдийн засгийн шинэчлэл хийгдээгүй явсаар өнөөдрийг хүрсэн Сонгино дахь Биокомбинатыг Унгар улсын нэн хөнгөлөлттэй зээлийн тусламжаар дахин иж бүрэн шинэчлэх төслийг хэрэгжүүлье гэсэн манай саналыг дэмжиж төслийн хүрээнд 25 сая ам. долларын санхүүжилтийг гаргах асуудал дээр талууд тохиролцож чадлаа. Биокомбинатын иж бүрэн шинэчлэн хэрэгжүүлэх дээрх 25 сая долларын өртгөөс гадна ТЭЗҮ боловсруулахад шаардагдах тодорхой санхүүжилтийг гуравдагч эх үүсвэрээс гаргах боломж нөхцөл байгаа. Энэ талаар Унгарын Гадаад хэргийн сайд манай гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Энэ нь Биокомбинатын шинэчлэлийн төсөлд Унгарын Засгийн газрын чармайлт үнэхээр их байгааг нотлон харуулж буй сайн мэдээний нэг гэж үзэж болно.

-Унгар улсад манай улсаас суралцагсдын тоо нэмэгдэж буй сайхан мэдээ бас бий?

-Энэ бол үнэхээр сайхан мэдээнүүдийн нэг яах аргагүй мөн юм аа. Унгар улсад Монгол Улсаас оюутан сургаж эхлээд 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд манай орноос анагаах ухаан, эмзүй, хөнгөн үйлдвэрийн технологи инженер, зам гүүрийн инженер, хэл согог судлалын багш, заах арга зүйч чиглэлээр 400 гаруй оюутан сурч төгссөн нь өнөөдөр Монгол Улсынхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсан, нийгэмд байр сууриа эзэлсэн тэргүүлэх сэхээтнүүд болж, нэртэй төртэй ажиллаж байна. Хоёр Засгийн газрын боловсролын салбар хооронд байгуулагдсан хэлэлцээр өнгөрсөн онд шинэчлэн байгуулагдсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Унгар улсад хийсэн ажлын айлчлал, Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адерийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын өндөр түвшний яриа хэлэлцээний үеэр яригдсан. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас суралцагсдын тоог 100 болгон нэмэгдүүлэх асуудал ийнхүү үр дүнд хүрч 2015-2016 оны хичээлийн жилд Монгол Улсаас 100 оюутан суралцаж эхлээд байна. Энэ нь урьд өмнө тэтгэлгээр суралцаж байсан таван оюутны тоог эрс нэмэгдүүлсэн сайхан шийдвэр байлаа. Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалт хэлэлцээрийн үед Унгарын тал Монгол Улсаас Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж буй оюутныхаа тоог нэг дахин буюу 200 хүртэл нэмэгдүүлэх боломжийг бас илэрхийлсэн нь манай улсад оруулж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт болох юм. Боловсролд, хүнд хөрөнгө оруулалт хийж буй нь дахин сэргээгдэж, баяжигдаж байдгаараа давуу талтай.

-Шинэ тутам хөгжиж буй хөгжлийн салбарын нэн чухал мэргэжилтнүүдийг зөв сонгон шалгаруулан суралцуулах нь манай талд гарах нь?

-Тэгж хэлж болно. Унгар улс эрхзүй, шинжлэх ухаан боловсролын салбарын хувьд олон зуун жилийн өмнөөс бий болсон өөрийн гэсэн соёл, арга барил дээр нь Европ, олон улсын стандартад нийцсэн нэр хүндтэй олон арван их, дээд сургуультай.Тэнд сурах арга барилд суралцсан, шалгуурыг нь давах оюутнуудаа илгээх ажилд манай зохих байгууллагууд анхаарах байхаа. Унгарын нэр хүндтэй анагаахын сургуулийн диплом хилийн чанадад 7-8 оронд хүлээн зөвшөөрөгддөг гэдэг утгаараа зөвхөн хөгжиж буй орнуудаас гадна Солонгос, Япон, АНУ-аас ч олон оюутан суралцаж буй нь ажиглагддаг. Төв Европын нэр хүндтэй сургуулиудад суралцан тухайн орон, бүс нутгийн хөгжил соёлоос суралцан эх орондоо ирнэ гэдэг нь Монголын залуучуудад томоохон боломж юм. Унгар улсад суралцаж буй оюутны тоо нэмэгдэж буй нь сайшаалтай.

-Монгол Унгарын харилцааны гол бэлгэдэл яах аргагүй Биокомбинат буюу малын вакцины үйлдвэр гэж үздэг. Энэ үйлдвэрийн шинэчлэл эхэлж үр дүнд хүрэх нь ээ. Унгар Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны бодлого харилцааны өөр ямар шинэ төлөв, шинэ боломж байна гэж та үзэж байна вэ?

-Түрүүн би хэлсэн. Унгар улс гадаад харилцаагаа эдийн засагжуулах, хуучин уламжлалт харилцаатай улс орон, Ази, Дорно дахины орнуудтай харилцан ашигтай худалдаа эдийн засаг, шинэ боломж гарцуудыг нээх бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бодлогын хүрээнд Унгар-Монгол улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол талбар бол яах аргагүй ХАА, МАА-н салбар. Манай улсын ХАА-г эрчимжүүлэх шаардлагатай техник, технологи, стандарт, мэдлэгийн импорт хийх санал, боломж айлын талд байна. Бид энэ боломжийг зөв ашиглах хэрэгтэй байна. Мөн уул уурхай, усны салбарт хамтран ажиллаж ирсэн туршлага бидэнд бий. Олон удаагийн өндөр дээд хэмжээний айлчлалын яриа хэлэлцүүлгүүдийн түвшинд яригдаж ирсэн тодорхой салбар төслүүд ч байна. Наад захын жишээ хэлэхэд хот төлөвлөлт, бохир ус зайлуулах, үерийн хамгаалалт, саарал ус дахин цэвэршүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, гүний болон гадаргын усны нөөц тодорхойлох эрэл хайгуул хийх зэрэг ажил эрэлт хэрэгцээ манайд бий. Туршлага, стандарт, технологи нь Унгарт байна. Дээрх салбаруудын хүрээнд хамтран ажиллах талуудын санал байгаа зэрэг нь бидний цаашдын хамтын ажиллагааны зорилтыг тодорхой болгож буй хэрэг.

-Ерөнхий сайд В.Орбаны албан ёсны айлчлалаар олон гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурагдлаа?

-Манай улсын нутаг дэвсгэрт газрын ховор металийн эрэл хайгуулын судалгааны ажил, геологийн эрэл, зураглал хийх, Улаанбаатар Будапешт хоороны хамтын ажиллагааг хөгжүүлэх Эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах. Мөн Туул голын үерийн менежмэнт, барилгын материал үйлдвэрлэх, ХАА, хүнсний үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах зэрэг салбар хоороны олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Худалдаа аж үйлдвэр танхим хооронд, барилгын компани хооронд, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч бизнесүүдийн хооронд хамтын ажиллагааны санамж ойлголцлын бичгүүдэд гарын үсэг зурагдлаа.

-Унгарын 48 томоохон компанийн 60 гаруй төлөөлөл, Монголын 170 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон бизнес форум хэр үр дүнтэй болов?

-Хуучин анд нөхдийн шинэ орчин нөхцөлд хамтран ажиллах боломж гарц, түншээ эрсэн уулзалт боллоо гэж үзэж байна. Манай хоёр орны эдийн засгийн харилцаа 1990 оноос хойших хугацаанд нийтдээ хоёр сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь чамлалттай үзүүлэлт юм. 2014 онд худалдааны нийт эргэлт 11.9 сая ам.доллар, экспорт 187 мянган ам.доллар, импорт 11.8 сая ам.доллар байна. Худалдааны эргэлтийг сайжруулахад төрөөс хөрөнгө оруулагчдадаа дэмжлэг үзүүлэх шаардлага харагдаж байна. Манай хоёр орны худалдааны бүтэц цөөн төрөл эмнэлгийн зориулалттай радио долгионы ба рентгений хоолой бусад хэрэгсэл, тун хэлбэрт савлагдсан эм, шоколад, какао, хүнсний бүтээгдэхүүн, вино зэрэг байгаа. Сүүлийн жилүүд Европийн хүнсний ногоо, жимс оруулах сонирхол өсөж байгаа нь харагдаж байна.


Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбыг хамгаалалтад авчээ

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба авлигын хэргээр шалгагдаж, батлан даалтад гараад байх хугацаандаа “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, намынхаа даргын эсрэг зүйлүүд ярьсан билээ.

Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаяр санхүүжилт олж ир гэж гишүүдээ шахдаг учраас танил ахаасаа мөнгө авч, Н.Энхбаярт аваачиж өгсөн гэж хэлсэн. Мөн хорих ангиас илгээсэн захиа, шахалт дарамтаар ажлаа өгсөн хэмээн ярьсантай нь холбогдуулан түүнд маш их дарамт ирж байгаа аж.

Иймд хуулийн байгууллагаас Г.Шийлэгдамбын амь нас аюултай байдалд байгаа, мөн гадны нөлөөллөөр амь насанд нь халдаж болзошгүй гэсэн үндэслэлээр хамгаалалтад авсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Баярсайхан заанд холбогдох хэргийг анхан шат руу буцаажээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болж, түүнд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох ял оноосон билээ. Мөн Ц.Баярсайханыг Эрүүгийн хуулийн 148.4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгаж, хоёр сая төгрөгийг хураан авах шийдвэр гаргасан юм.

Энэхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн тэрээр давж заалдах гомдол гаргасан. Өчигдөр болсон давж заалдах шатны шүүх хуралдаанаас Ц.Баярсайханд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүх рүү буцаажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт” олсон мөнгө, зарсан төгрөгөө “Оюутолгой” шиг тайлагнадаг болмоор байна

“Оюу толгой” компани саяхан ажлаа тайлагналаа. Өнгөрсөн оны сүүлийн улирлын үйлдвэрлэлийн тайлангаас нь энэ компанийн олборлосон зэс, алтны хэмжээнээс эхлээд орц найрлагыг нь хүртэл харчихаж болох юм билээ. Ноднин жилийн дөрөвдүгээр улирлаас гадна уржнангийн сүүлчээс өнгөрсөн оны туршид уурхай руу ямар агуулгатай хүдэр орж, хэр орц найрлагатайгаар баяжмал болж гарч ирснийг, хэдийг нь зарж борлуулснаа хүртэл хүснэгт гаргаж байгаад жагсаасан нь хэнд ч ойлгогдохоор болж. Оюу толгой түрүү жил 202200 тонн зэс үйлдвэрлэжээ. “Туркойз хилл” уг нь 175000-195000 тонн зэс үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байж. Үйлдвэрлэсэн алтны хэмжээ нь 653000 унци. 600000-700000 унци алт үйлдвэрлэнэ гэсэндээ хүрчээ. Уурхайн олборлолт 19.3, боловсруулсан хүдрийн хэмжээ 23.9, баяжмалын үйлдвэрлэл 39.9, зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны үйлдвэрлэл 10.9 хувиар өссөн өөдрөг мэдээг Оюу толгойн тайлангаас харж болно. Өнгөрсөн оны сүүлийн улирлын хувьд үйлдвэрлэлийн гарцыг өмнөх улирлынхаас 8.5 хувиар нэмэгдүүлжээ. Үйлдвэрлэл эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь энэ гэнэ.

Ил уурхайн хоёр дахь шатны өндөр агуулгатай хүдрийг олборлож, олборлолтын хэмжээг нэмэгдүүлснээр алтны үйлдвэрлэл өмнөх улирлынхаас 68.3 хувиар нэмэгдсэн аж. “Оюу толгой” энэ жил 175000-195000 тонн зэс, 210000-260000 унци алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Өнөө жил үйлдвэрлэх алтны дийлэнх хэсгийг оны эхний хагаст үйлдвэрлэх нь. “Оюу толгой” компанийн гүний уурхайн санхүүжилт бүтсэн нь эдийн засгийн гэгээтэй ганц мэдээ болоод байгаа. Энэ хавраас гүний уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж, ам.долларын хөрөнгө оруулалтын урсгал эхэлнэ. ”Оюутолгой” тайландаа энэ талаар “4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан нь “Туркойз Хилл”-ийн хувьд онцлох үйл явдал боллоо. ТЭЗҮ 2015-ыг дуусгах, хөрөнгө оруулалтын зардлын тооцоог шинэчлэх, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үргэлжилж байна. Эдгээр алхмуудыг 2016 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгаснаар 2016 оны хоёрдугаар улирлын эхээр “Туркойз хилл”, “Рио тинто”, “Оюу толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлүүд ажил эхлүүлэх зөвшөөрлийг албан ёсоор гаргах төлөвтэй байна” гэж онцолжээ. Тэгэхээр тун удахгүй их хэмжээний хөрөнгө оруулалт даллах гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжих нь.

Ер нь “Оюу толгой” улирал тутам ажлаа ингэж тайлагнадаг. Цаг үеийн байдал ямар байгаа, юу хийхээр төлөвлөснөө хүртэл тайландаа онцлоод өгчихдөг. Өнгөрсөн оны сүүлийн улирлын тайлангаа гаргасныхаа дараахан шилдэг ханган нийлүүлэгчээ тодруулаад авсан. Жил бүр тэмдэглэдэг арга хэмжээ л дээ. Хүсвэл хэн ч “Оюу толгой”-д ямар компани юу зарж борлуулдгийг энэ арга хэмжээн дээр ирээд мэдэх боломжтой. “Оюу толгой” компани өнгөрсөн онд 989 ханган нийлүүлэгчтэй ажилласны 60 гаруй хувь нь үндэсний ханган нийлүүлэгчид байж. Өнгөрсөн жил дотоодын худалдан авалтын хэмжээ үйл ажиллагааны нийт зардлын 80 хувь болсон юм билээ. Шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах үеэрээ Өмнөговийн хэмжээнд хийсэн худалдан авалтын дүн 2010 онд 0.5 сая ам.доллар байсан бол 2015 оны эцсийн дүнгээр 66 сая ам.долларт хүрсэн гэж ирээд ханган нийлүүлэлтийнхээ байдлыг танилцуулах жишээний. Гүний уурхайн санхүүжилт бүтсэн болохоор “Оюутолгой”-д ханган нийлүүлэлт хийх компаниудын тоо өсөх нь ойлгомжтой. Олон компани “Оюу толгой”-той гэрээ байгуулах бэлтгэлээ хийгээд эхэлсэн байх. 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт бүтсэний дараа “Оюу толгой”- гоос ханган нийлүүлэгчдийн форум гэж зохион байгуулаад ямар үйлчилгээ, бараа худалдаж авахаа нээлттэй зарлачихсан учраас энэ аварга төсөлд ханган нийлүүлэлт хийх сонирхолтой компаниуд бизнес төлөвлөгөөгөө гаргачихсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Худалдаж авах бараа бүтээгдэхүүндээ ямар шалгуур тавихаас эхлээд бизнес эрхлэгчдийн сонирхдог бүх л асуултын хариуг форумын үеэр авчихаж болохоор байсан.

“Оюутолгой”-той харьцуулж ярьдаг ганц уурхай бол Эрдэнэт. Гэхдээ уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр “Оюу толгой” шиг ийм ил тод биш. Уг нь улирал бүр тайлангаа гаргаж, хэнээс юу авахаа хэвлэлээр мэдээлж, хэдийг олж хэчнээнийг нь яг юунд зарснаа нууж хаалгүй тайлагнах учиртай газар. Учир нь Эрдэнэтийн хувь эзэмшигч хоёр талын нэг нь Монгол Улс. “Эрдэнэт”-ийн зэс молибденийг зарж олсон мөнгө, татвар энэ тэр нь Монголын төсөвт ордог. Тэр утгаараа энэ том үйлдвэрийн хөшигний цаана юу өрнөж байгааг монголчууд мэддэг байх учиртай. Гэтэл өнөөг хүртэл ”Эрдэнэт”-ийн хөшиг хаалттай байгаа. “Эрдэнэт”-д үе, үеийн засгийн эрх баригчид бараа бүтээгдэхүүнээ шахаж, эрх барьж буй цөөхөн хүмүүсийн бизнес болсоор ирсэн гэж мэдрэгддэг нь нууц биш. Ямар сайндаа л “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахаас хэдэн мянган бэлгэвч гарч ирж шуугиан болохов. Юу худалдаж авахаа тухай бүрт нь хэвлэлээр мэдээлж, шалгаруулалтаа ил тод зарладаг учраас “Оюу толгой”-д бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зарах хүсэлтэй компаниудад танил талаа ашиглаж мэдээлэл хайж гүйх шаардлага гардаггүй. Гэтэл ”Эрдэнэт” тодорхойгүй. Шуудхан хэлэхэд “Эрдэнэт”-ийн ханган нийлүүлэгчид “Оюу толгой”-нх шиг бизнесийн зарчмаараа чадлаараа шалгарсан жирийн компаниуд биш. Том дарга нар л ханган нийлүүлэгчид нь болчихдог. “Эрдэнэт” үйлдвэрт юу хэрэгтэй, яах ийх нь тэдэнд хамаагүй. Өөрсдийнх нь ашиг л эн тэргүүнд тавигдсаар ирснийг өнгөрсөн жилүүдийн элдэв шуугиан хэлээд өгнө. Одоо ч ялгаагүй, хөшигний ард далд наймаа хийгдсээр байгаа. Сүүлийн үед зэсийн үнэ навс унасан болохоор ийм дэмий зардал нь бага ч гэсэн танагдаж байгаа болов уу. “Эрдэнэт”-ийн удирдлагууд зардлаа хэмнэсэн талаараа мэдээлэх болсон. Хямралын үеэр ажиглагдаж байгаа “давуу” тал л даа. Ингээд зогсохгүй ирэх өдрүүдэд хэчнээн хэмжээний зэс молибден үйлдвэрлэж, хэдийг нь зарж хэдэн ам.доллар болгосноо Оюу толгой шиг ил тод тайлагнадаг болмоор байгаа юм. Компаниудаас ямар үйлчилгээ авахаа ил тод зарлаж, шилдэг ханган нийлүүлэгчдээ зарлаж яагаад болохгүй гэж. Тэгвэл хөшигний ард дэмий наймаа явагдаж улсын мөнгө хэрэггүй зүйлд урсахгүй.

“Оюу толгой”-н хувьцаа эзэмшигчийн нэг нь Монгол Улс. “Эрдэнэт”-ийн хувь эзэмшигчийн нөгөө тал нь ч Монгол Улс. Тэгэхээр ил тод байдлаараа “Оюу толгой” шиг байхаас аргагүй газар.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын ЭСЯ визний журамдаа өөрчлөлт оруулаагүй гэв

БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз олгох журамдаа хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарим нэгэн процедурын шинжтэй өөрчлөлт оруулж байгаа тухай мэдээлэл гараад буй. Тухайлбал, олон удаагийн болон оюутны визээр зорчигчдод зарим нэг хөнгөлөлтийг үзүүлэхээр тогтсон гэж мэдээлж байгаа юм.

БНСУ-ын ЭСЯ-ны холбогдох эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Ямар ч өөрчлөлт ороогүй, өмнө мөрдөж байсан журам хэвээр мөрдөгдөж байгаа. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өвөл, хаврын морин уралдааныг цуцлах шаардлагыг хүргүүллээ

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран “Өвөл, хаврын морины уралдааныг хориглох тухай” мэдэгдлийг Аймаг, сумын Морин спорт уяачдын холбоо, сумдын Засаг дарга нарт хүргүүлжээ.

Энэ оны гуравдугаар сарын 5-нд говь, төв, хангайн бүсийн уралдаанууд, гуравдугаар сарын 11-нд “Номгон хайрханы хурд” уралдаан товлогдоод байсан ч тус аймгийн засаг даргын 2015 оны 164 дүгээр захирамжийн дагуу “хурдан морины уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгааг жил бүрийн 02.01-05.01 хүртэлх хугацаанд зохион байгуулах, оролцохыг хориглосон” шийдвэрийг биелүүлж ажиллахыг тус байгууллагаас шаардсан байна.

Уг мэдэгдэлд “Баянхонгор аймгийн Морин спорт уяачдын холбооноос морьдын уралдааныг зохион байгуулах үед унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ажил учир дутагдалтай байдаг ба хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах MNS 6264:2011 стандартыг биелүүлдэггүй, унаач хүүхэд болон морины эзэн, эцэг эхийн хооронд гурвалсан гэрээ байгуулдаггүй зөрчлүүд хяналт шалгалтын явцад нийтлэг илэрдэг” гэжээ.

Аймаг, сумдын уяачдын холбооноос 2015 онд зохиосон өвөл, хаврын хурдан морины уралдааны үеэр хүүхдүүд осгох, хайрагдах, унаж бэртэх гэмтэх зэрэг эрсдлүүд ихээр гарч морин уралдааны замд 2 хүүхэд амь насаа алдаж, 5 хүүхэд хүндэвтэр, 42 хүүхэд хөнгөн бэртсэн байна. Тиймээс энэ оны хавар зохион байгуулахаар зарлагдсан морины уралдаануудыг цуцлах шаардлагатай хэмээн дээрх байгууллагууд ийнхүү мэдэгдэл гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” зах ес хоног амарна

Сар шинийн баярыг тохиолдуулан “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 9-18-ныг дуустал амрах юм байна.

Өнгөрсөн жил хоёрдугаар сарын 19-26-ыг дуустал амарсан бол энэ жил ийн ес хоног амрахаар болжээ. Харин битүүний өдөр 10.00-19.00 цаг хүртэл ажиллах ба хоёрдугаар сарын 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.

Баярын дараа өдрүүдэд бусад томоохон худалдааны төвүүд ямар хуваариар амрахыг мөн хүргэж байна.

“Хар хорин” болон “Барс” 1, 2 худалдааны төв энэ сарын 1-8-ныг дуустал 09.00-19.00 цаг хүртэл бүтэн ажиллаж, энэ сарын 9-12-ныг дуустал амрах бөгөөд 13-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Мөн “Хүчит шонхор” худалдааны төв битүүний өдөр 06.00-18.00 цагийн хооронд ажиллаж, энэ сарын 9-16-ныг дуустал амарна. Харин үйлчилгээний газрууд буюу ресторан, баар, үсчин баярын гурван өдөр амрах бол хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, энэ сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын өвлийн наадам” бямба гаригт болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өвлийн олон төрлийн спорт тоглоом, уламжлалт наадгайгаар тоглон, амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгодог “Улаанбаатар өвлийн наадам” энэ сарын 6-ны бямба гаригт 12.00-16.30 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал болох юм.

Спорт тоглоомуудаас гадна халуун ундаа, зуушаар үйлчлэх тул гэр бүл, найзууд, хамт олноороо хүрэлцэн ирэхийг урив.