Categories
энтертаймент-ертөнц

“Галзуу хурд”-ын шинэ анги гарна

“Галзуу хурд” киноны наймдугаар ангийн зураг авалт эхэлжээ.

Киноны зураг авалт АНУ, ОХУ, Исланд, Куба Улсад болох гэнэ. Найруулагч Ф.Гэри Грей шинэ киноныхоо талаар хэлэхдээ, ирэх оны дөрөвдүгээр сард үзэгчдэд хүрнэ. Шинэ ангид өмнөх ангиудад гарч байгаагүй сонин, содон үйл явдлууд өрнөнө. Тиймээс сэтгэл догдолж байна хэмээн “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Харин Москвагийн удирдлагууд шинэ ангийн зураг авалтыг Оросод хийх зөвшөөрөл хараахан олгоогүй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цахим гарын үсгийг ирэх сараас олгоно

Монгол Улс цахим гарын үсгийн үйлчилгээг ирэх сараас нэвтрүүлэхэд бэлэн болжээ.

Цахим гарын үсгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Мэдээллийн технологийн үндэсний паркт болсон юм. Манай улсын иргэд цахим гарын үсэг хэрэглэх техникийн болон эрхзүйн орчин бүрдсэн учраас ирэх сараас албан ёсоор хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Цахим гарын үсэг нь аливаа үйлчилгээ авахдаа заавал өөрийн биеэр очиж, гарын үсэг зурахын оронд онлайнаар баталгаат гарын үсгээ явуулах боломж гэсэн үг юм. Цахим гарын үсгийн ажлыг “Монпасс Са” компани хэрэгжүүлж байгаа аж. Тус компанийн зүгээс цахим гарын үсгийг нэвтрүүлэхэд бүх зүйл бэлэн болсон гэдгийг дурдлаа. Ингээд эхний алхам болох иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох ажлыг ирэх сарын нэгнээс хийхээр болсон байна.

Гуравдугаар сарын нэгний өдрөөс тоон гарын үсгийн гэрчилгээг иргэдэд Бүртгэл статистикийн ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан олгох аж. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх дээр нь тоон гарын үсгийг бичих юм байна. Харин аж ахуйн нэгжүүдэд Гааль татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан дөрөвдүгээр сарын нэгнээс олгох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хөхөө намжил” дуурийг тоглоно

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 6,7-нд Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг тайзнаа тоглохоор зэхэж байна. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн эл дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож байсан бол 1998 онд шинэчилж тавьсан байдаг.

Уг дуурьт морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулдаг билээ.

Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Мөрдорж хөгжмийг зохиож, төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар цомнолыг нь бичсэн тус дуурийг өдгөө УДБЭТ-ын уран бүтээлчид сэргээн тавьж, үзэгчдэд хүргэж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Төмөр замын үйлчилгээний төвийн шинэчлэлтэй танилцлаа

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг 245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ буудалд зургийн галерей, татваргүй барааны дэлгүүр, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөө, эмийн сан, валют солих төвийг бий болгожээ.

2015 оны наймдугаар сард эхэлсэн тохижилтийн ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын үеэр УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын шинэчлэлийн ажилтай танилцаж, нээлтэд нь оролцлоо.

2016 онд манай улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, бусад олон арга хэмжээг зохион байгуулна. Бидэнд нисэх буудал, төмөр замын буудлаа сайжруулах зайлшгүй шаардлага байсан.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд транзит заалыг тохижуулж, онгоц байрлуулах зогсоолууд бэлэн болсон. Мөн зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулсан. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг дотоод нөөц бололцоогоо дайчлан ийм шинэчлэл хийсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Засгийн газар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Төв вокзал хүлээлгийн танхим, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөөтэй болсон нь ололт. Олон улсын чанар стандартад хүрсэн ийм үйлчилгээ, шинэ ажлыг цаашид ч шат дараатай хийх учиртай. Зорчигчдын тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлсэн энэ орчинд эх орныхоо нүүр царайг илтгэн харуулж үйлчилгээ үзүүлэн ажиллахыг тус байгууллагын хамт олноос хүслээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Зорчигчдын танхимын нээлтэд оролцож, “УБТЗ” нийгэмлэгийн удирдлагуудтай ярилцсаны дараагаар сэтгүүлчидтэй уулзлаа.

Энэ үеэр,

-ОХУ, Монгол Улс хоёрын хамтын ажиллагаа хөдөлгөөнд орж байна

ОХУ-ын Төрийн Дум дээр Монгол Улсын өрийг чөлөөлөх асуудлаар хууль гарч батлагдлаа. Монгол Улсаар дамжин 3,2 сая тн түүхий нефть ачигдаад эхэллээ. Энэ бол төмөр замын тээвэрт орж байгаа том хувь нэмэр. Мөн ачаа тээшийн чингэлгүүд туршилтын ачилт хийгдэж эхэлж байна. Дохиолол холбооны хөрөнгө оруулалт хийгдээд явж байна. Зам, тээврийн салбар тэр дундаа, төмөр замд ийм ажил, хөдөлгөөнүүд өрнөж байна. Энэ оны гуравдугаар сард ОХУ-ын Төмөр замын дарга манай улсад айлчилна. Энэ үеэр төмөр замтай холбоотой асуудлуудаа шийдэхээр бид ярилцлаа.

УБТЗ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний төв өдөрт 15-20 мянган хүнд үйлчилдэг, ачаа тээврийн 20, зорчигчдын 40 гаруй вагон буулгадаг үйлчилгээний том обьект. Энэ газарт үйлчилгээний стандарт сайжирч, хэрэглэгчийн тав тухыг хангасан үйлчилгээ нэвтэрч байгаа нь ач холбогдолтой сайн ажил юм гэж ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хууль, тогтоолын төслүүд өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр А.Бакей гишүүн өргөн мэдүүллээ.

Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсголыг зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах шаардлага үүсчээ. Иймд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Н.Энхболд нар чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь Нийтлэг үндэслэл, сонсгол зохион байгуулах үндэслэл, сонсголын бэлтгэлийг хангах, сонсголыг зохион байгуулах гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах аж.

Эдгээр хууль, тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно.

Categories
мэдээ улс-төр

Гэр хорооллын агаарын бохирдлыг арилгах чиглэл өгөв

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Ц.Оюунгэрэл гишүүн сонгогдсон. Дэд хороо өчигдөр анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах, өөрөөр хэлбэл иргэдийн амьдарч оршин сууж байгаа нутаг дэвсгэр, айл өрхийн орчинг аюулгүй болгох чиглэлд анхаарал хандуулав. Мөн хуралдаанаар ойрын 5 жилд багтаж гэр хорооллын халаалтыг нүүрсгүй горимд бүрэн оруулах төлөвлөгөө гаргахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Ингэхдээ гарч ирж байгаа шинэ технологиуд, шинэ боломжуудыг сайн тусгах, гэр хорооллыг үргэлж суурин байх Улаанбаатар хотын нэг хэсэг гэж үзэж төлөвлөгөөнд тусгахыг сануулсан юм.

Түүнчлэн агаарын бохирдол, түүний дотор гэр хорооллын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хор учруулж байгааг онцлон үзэж, эхний ээлжинд гэр хорооллын агаарын бохирдлыг арилгах шийдвэртэй арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан 3 дугаар сард багтаан УИХ-д танилцуулах чиглэлийг өглөө.

Categories
мэдээ улс-төр

АН-тай хамтрах эсэхийг ИЗНН их хурлаараа хэлэлцэнэ

Өчигдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх санал тавьсан байна. Тус асуудлаар намууд ажлын хэсэг байгуулан өчигдөр хуралдсан юм. Ардчилсан намын зүгээс өчигдөр албан ёсоор нэгдэх санал тавьжээ.

Үүний үр дүнд ажлын хэсгүүд гаргасан байгаа аж. Улс төрийн намуудын тухай хуулинд зааснаар юуны өмнө намын их хурал шийдвэрээ гаргах юм. Түүний дараа ИЗНН өөрсдийн дүрмээрээ хуралдаж тодорхой шийдвэрт хүрнэ гэдгээ ИЗНН-ын дарга С.Оюун мэдэгдлээ.

Categories
гадаад мэдээ

Урьдчилсан санал хураалтад Хиллари Клинтон тэргүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтаар 10 нэр дэвшигчээс Техас мужийн сенатор Тед Круз, тэрбумтан Дональд Трамп болон Флорида мужийн сенетар Марк Рубио нар тэргүүлж эхэллээ.

Харин эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй таван нэр дэвшигчээс Хиллари Клинтон илт давуугаар тэргүүлсэн байна. Хиллари Клинтон урьдчилсан байдлаар 49.8 хувийн санал авсан бол гол өрсөлдөгч Берни Сандерс 49.6 хувийн санал авсан байна.

Мужийн сонгогчдын санал жинхэнэ нэр дэвшигчийг тодруулах намын гишүүдийн саналд голлох үүргийг гүйцэтгэдэг аж.

Categories
мэдээ нийгэм

МАХН-ын санхүүжилтэд мөнгө хандивлав

Хувиараа бизнес эрхлэгч иргэн Т.Уранжолоо МАХН-нд 500 мянган төгрөг хандивлана хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Тэрбээр “МАХН-ын мөрийн хөтөлбөрийг уншиж танилцсан. МАХН-д мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь санхүүжилт дутагдалтай байна. Тиймээс хувиасаа 500 мянган төгрөг хандивлаж байна. Иргэдийг ч цаашид энэ намд мөнгө хандивлахыг уриалж байна” гэсэн юм.

Иргэн Т.Уранжолоо нь аль нэг улс төрийн намд гишүүнчлэлгүй, нам бус нэгэн ажээ.

Categories
мэдээ нийгэм

Кассын машингүй бол торгууль ногдуулна гэлээ

Нийслэлийн Засаг дарга, ГТЕГ-ын даргын хамтарсан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай захирамж нэгдүгээр сарын 26-ны өдөр гарсан.

Захирамжийн дагуу НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шалгалтын үйл ажлыг явуулж эхэлсэн байна. Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийв.

НӨАТ-ын хууль шинэчлэн батлагдахын зэрэгцээ Татварын хуулийн татвар төлөгчийн үүрэг хэсэгт Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин “хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” хэрэглэх тухай нэмэлт оруулсан. Энэ хуулийн заалтын хэрэгжилтийг хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж үүргийн биелэлтийг шалгах гэнэ. ГТЕГ-аас хуулийн дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эсвэл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болжээ.

НӨАТ-ын тухай хуулинд кассын машин хэрэглэнэ гээд заачихсан байгаа. Тиймээс кассын машин нэвтрүүлэхгүй, баримт хэвлэж өгөөгүй ААН-д захиргааны хариуцлага тооцож шийтгэл ногдуулна. Мөн татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулиар тодорхой хариуцлага ногдуулах хуулийн заалт байгаа аж.

Одоогоор НӨАТ-д холбогдсон татвар төлөгчийн тоо 22 мянга, хэвлэсэн баримтын тоо 4 сая 950 мянга байгаа юм байна.