Categories
мэдээ нийгэм

УДШ-ийн Ерөнхий шүүгчийн асуудлаар цэцэд ханджээ

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Цэцийн даргыг эгүүлэн татах асуудлаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөний шийдвэргүйгээр; мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байхад Үндсэн хуульд заасан журмыг зөрчиж Улсын Их Хуралд хариу өгснөөрөө Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 1, Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн байна.

Уг асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг Үндсэн хуулийн цэц урьдчилан шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Археологчид 2015 онд илрүүлсэн олдворуудаа танилцуулна

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Монголын археологи” эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэнг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд 10.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байранд зохион байгуулна. Хурлыг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хийж байна. Хурлын үеэр 2015 онд олж илрүүлсэн олдворуудаар үзэсгэлэн гаргах юм.

2015 онд манай археологийн салбарын судлаач, эрдэмтэд Монгол улсын хэмжээнд гадаадын 9 улстай хамтарсан 29 төслийг 15 аймгийн 33 сумын нутагт хэрэгжүүлж 100 орчим дурсгалыг малтан судалж, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлэн олсон байна. Эдгээр төслүүд нь чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл зэвсгийн булш оршуулгын дурсгал, буган хөшөө, бууц суурин, хүннүгийн үеийн хот суурин, язгууртны болон жирийн булш, бууц суурин, сяньби, жужан, түрэг, уйгурын үеийн булш оршуулга, болон хот суурин, XIII-XIV зууны булш оршуулга, хот суурины судалгаа гэсэн олон чиглэлээр ажилласан байна. Эдгээр гадаадтай хамтарсан төслүүдээс тус хүрээлэн 22, Монголын Үндэсний Музей 5, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн 2 төслийг хэрэгжүүлжээ.

Categories
мэдээ спорт

Коби Брайнт улирлын хамгийн өндөр оноог авав

NBA-гийн талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт буюу “Лос Анжелес Лейкэрс” талбай дээрээ “Минносато Тембэруолвиз”-ийг хүлээн авч тоглоход Коби Брайнт улирлын хамгийн их 38 оноог авлаа. Мөн энэ тоглолт 115-119 харьцаагаар “Лейкэрс”-ийн ялалтаар өндөрлөж, 10 дараалсан ялагдалаа зогсоолоо.

Тус тоглолтод Коби Брайнт 38 оноо, таван самбар, таван оновчтой дамжуулалт өгч тэргүүлжээ. Тэрбээр холын зайнаас 11 шидсэнээс долоог нь амжилтай болгосон бөгөөд дөрөвдүгээр үед 14 оноог авчээ. Харин эсрэг багаас Эндрю Уйгинс 30 оноог авчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хэлэлцэх асуудлын хуваарьт багтсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийг 90,6 хувийн саналаар дэмжиж УИХ-ын чуулганд шилжүүлэхээр болсон юм.

Үүний дараа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 93,3 хувь нь дэмжиж УИХ-ын нэгдсэн чуулганд шилжүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Хяналтын тооллого хийх систем нь ямар аргаар ажиллах вэ” хэмээн асуусан. Үүний хариуд УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Хяналтын тооллого гэж тусгайлан заагаагүй. Сонгуулийн тухай хуулиар хяналтын тооллогоор зохицуулна” гэсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа зарчмын зөрүүтэй санал хураалт явуулсан.

Байнгын хорооны хуралдаан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Гүндалай оюуны өмч хулгайлсан эсэхээ мэдээлнэ

МУСТА дуучин Д.Дариймаа дуулж олны хүртээл болгосон “Монголоороо байгаасай” хэмээх дууг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй. Тэрбээр дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөл аваагүй аж. Тиймээс уг дууг өмчлөх эрхтэй уран бүтээлчид оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон гэнэ. Үүнтэй холбогдуулан гишүүн асан Л.Гүндалай маргааш “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсноо зарлалаа.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын зочдод үйлчлэх машиныг ”Моннис” компани хариуцаж ажиллана

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжлээ. Тус хуулийн төслүүдийг баталснаар ирэх долдугаар сард Монгол улсад болох АСЕМ-ын уулзалтын үеэр төрийн тэргүүн нарын үйлчилгээнд явах 350 машиныг татваргүй импортоор оруулж ирэх юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн татвараас чөлөөлөн оруулж ирэх машинуудыг ямар компани хариуцаж байгаа талаар тодруулсан юм.

Түүний асуултад ГХ-ны сайд Л.Пүрэвсүрэн хариулахдаа “Эхний ээлжинд цагдаагийн 53 хөтөч машиныг төсвөөс мөнгө гаргаад оруулж ирэхээр болж байгаа. Урьдчилгаа төлбөр хийгдсэн. Дээрээс нь хуягласан, төрийн хамгаалалтын албанд авах 5 машин үйлдвэрлэгдээд явж байгаа. Бэлтгэл ажлын хүрээнд “МОННИС” компанитай бэлтгэл ажлын хүрээнд гэрээ байгуулсан. Долоо хоног хэрэглүүлээд зарж борлуулахаар тооцоолсон. Одоогоор 45 орны төрийн тэргүүнүүд үйлчлэх машин байхгүй байгаа. Төрийн тэргүүн нарт жигд нэг төрлийн машинаар үйлчилвэл улс орны нэр хүндэд ч хэрэгтэй, өнгө үзэмжтэй харагдах болов уу гэж бодож байна” гэлээ.

Төсвийн байнгын хороо уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгээд чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын тухай хууль ҮХ зөрчөөгүй гэж үзэв

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

Уг хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтаар нотариатын үйлчилгээнд, 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтаар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал бөгөөд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан байна.

Categories
мэдээ спорт

Шатрын оюутны УАШТ болно

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд “Зууны шатар” клубт болно. Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш 09.00-09.30 цагийн хооронд болох юм. Нээлтийн ажиллагаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, “Зууны шатар” клубын захирал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн нар оролцоно.

Тэмцээний хуваарь:


02.04: 09.00 – 09.30 нээлтийн ажиллагаа

10.00 – 12.00 эхний өргүүд

02.05: 10.00-12.00 ээлжит өргийн тоглолтууд

02.06: 17.00-19.00

02.07: 09.00-15.30 шигшээ тоглолт

5.00-16.00 цагт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, тамирчдад Оюутны улсын аварга шалгаруулах 2016 оны тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийг гардуулна.

Categories
энтертаймент-ертөнц

В.Путиний дүрд дөрвөн жүжигчин өрсөлдөж байна

Оросын “Knights bridge Entertainment” кино компани өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний амьдралаар уран сайхны кино хийхээр болсноо мэдэгдсэн билээ. “Киноны зураг авалт ирэх долоодугаар сард эхэлнэ” хэмээн тус компанийн ерөнхий менежер Валерий Саарян “Рио Новости” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.

“Ерөнхийлөгч Путиний дүрд дөрвөн жүжигчин өрсөлдөж байна. Мөн “Оскар”-ын хоёр удаагийн шагналт, найруулагч уг бүтээлийг найруулна. Гол дүр тодорхой болсны дараа найруулагч киноны төлөвлөгөөг гаргах болно” гэж тэрбээр ярьжээ.

В.Путиний дүрийг жүжигчин Леонардо де Каприо бүтээнэ хэмээн хэвлэлүүд мэдээлж буй юм. Менежер “Одоогоор гол дүр тодорхойгүй байна. Путиний дүрийн төлөө Каприо өрсөлдөж буй эсэх нь тодорхойгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

300 гаруй сая төгрөг залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Монгол Улсын иргэн Л.Жаргалсайхан гэгч этгээд иргэд, албан байгууллагаас нийт 300 гаруй сая төгрөгийг залилан мэхлээд зугтжээ. Тэрээр өөрийгөө “Хөрөнгийн биржид Үнэт цаасны брокер хийдэг” хэмээж, өөрийн хамаатан болон бусад иргэд албан байгууллагаас удаа дараагийн үйлдлээр 300 гаруй сая төгрөг залилсан нь баримтаар тогтоогдсон байна.

Гэвч сэжигтэн этгээд гэр бүлийнхээ хамтаар сураггүй алга болсон байгаа гэнэ. Тиймээс түүнд холбогдох хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, улс орон даяар эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байгаа аж.

Энэ хугацаанд иргэдийг түүнд хууртагдаж мөнгө төгрөгөөрөө хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.