Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийслэлийн гэр бүлийн өдөр

Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 08 дугаар тогтоолоор “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол батлагдан гарсан юм. Ингэснээр 2016 оны хоёрдугаар сарын 28-ны ням гарагт нийслэлчүүд анх удаа Гэр бүлийн өдрөө хамтдаа тэмдэглэнэ.

Цаашдаа сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт нийслэлчүүд Гэр бүлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болно. Ийнхүү гэр бүлийн тухай ойлголт, үнэ цэнэ нийгэмд бэхжинэ гэж үзжээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлагдан гарсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Би гэр бүлдээ хайртай үйл ажиллагаа, Хөгжлийн харандаа экспо, Сэтгэлийн үндэс тус хөдөлгөөн, Хайрын гар awards гэх мэт хүүхэд, гэр бүлийн хөгжилд чиглэсэн найман төсөл 2016 онд багтан хийгдэх юм байна.

Categories
мэдээ спорт

“Спрайт Слэм Данк” тэмцээний аваргаар Марвелл Харрис тодорлоо

Сагсан бөмбөгийн бүх оддын тоглолт Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бүх Оддын тоглолтын оргил мөч СПРАЙТ СЛЭМ ДАНК-ын тэмцээн байдаг.Монголын анхны Цагирган дээрээс довтлох тэмцээний аварга, Сагсан бөмбөгийн Олон Улсын Хэмжээний мастер,” Монгол Пиппен” Пүрэвбатын Батзаяагийн нэрэмжит “Sprite Slam dunk Contest”-д супер лигээс шилэгдсэн шилдэг дөрвөн данкер өрсөлдлөө. Оролцогч бүр үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн данкуудыг хийж галзуу байсан юм.

Ингээд 2015-2016 оны улирлын Спрайт Слэм Данк тэмцээний аваргаар 360 градус эргэж, чөлөөт шидэлтийн шугамнаас шахуу үсэрч тохсон тохолтоороо СБЛ Хасын Хүлэгүүд багийн тоглогч Марвелл Харрис аваргаллаа. Өөрийн зүүн гараараа данк хийж буй зурагнаас сэдэвлэн Монгол дархан бүтээсэн цомыг ОУХМ П. Батзаяа өөрийн биеэр ирэн гардуулсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн уушгины хатгалгаанаас сэрэмжлэх нь

Бага насны хүүхдийг хаана, юу нь өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй уйлахад эцэг эхчүүд яахаа мэдэхгүй сандралддаг. Тэр дундаа ханиад, хатгалгаа аль нь болохыг мэдэхгүй гэрээр дур мэдэн эмчилгээ хийх нь бий. Юун түрүүнд хүүхэд чинь өвдсөн бол эмнэлэгт хандах хэрэгтэй. Хүүхэд хатгалгаа туссан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх, ямар арга хэмжээ авах талаар Үндэсний эрүүл мэндийн портал “Emch.mn” ингэж зөвлөсөн байна.

Хатгалгаа буюу уушгины үрэвсэл гэдэг нь хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд үрэвсэж идээ, цэр, цусаар бөглөрөхийг хэлнэ. Иймд эд эрхтэнг хүчилтөрөгчөөр хангахад бэрхшээл үүсч үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадаж (амьсгалын тоо олшрох) эхэлнэ. Өөрөөр хэлбэл амьсгаадах, амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгалахад өвдөлт үүсэх, хамар сарталзах, хамар, уруул хөхрөх нь уушгины хатгалгааны үндсэн шинж юм.

Ихэнхдээ нянгаар дамжуулан ханиад томуу тусч улмаар хатгалгаа болон хүндэрдэг. Харин маш ховор тохиолдолд мөөгөнцрийн улмаас тусах нь бий.

Вирус, нянгийн хатгалгааны хувьд илрэх шинжүүд ижил боловч явцаараа ялгагдана. Нянгийн хатгалгааны хувьд дээр дурдсан шинж тэмдгүүд өвчин эхэлсэн эхний эсвэл хоёр дахь өдрөөсөө л илэрч эхлэх бөгөөд тохирсон антибиотикийг зөв тунгаар хэрэглэсэн тохиолдолд эмчилгээ эхэлснээс хойш 24-48 цагийн дотор хүүхдийн биеийн байдал эрс сайжирч шинж тэмдгүүд намжиж эхэлнэ.

Харин вирусийн хатгалгааны хувьд ханиад шуухинаагаар эхлэн шинж тэмдгүүд аажмаар өдөр өдрөөр нэмэгдэнэ. Эхлээд цөөн ханиаж байснаа ханиалга нэмэгдэж халуурч амьсгаадах, хоолонд дургүй болох, хөхөндөө муудах шинжүүд нэмэгдсээр ойролцоогоор долоо хоногийн дараа хатгалгааны шинжүүд илэрнэ. Ийм учраас вирусийн хатгалгааг өвчин эхэлсэн эхний хоногуудад оношлох боломжгүй бөгөөд өвчин эхэлсэн эхний өдрөөс антибиотик эмчилгээ хийсэн ч урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг. Вирусийн хатгалгааны эмчилгээнд антибиотик хэрэглэх боловч тэр дороо үр дүн гарахгүй, хүүхдийн биеийн байдал сайжрах нь удаан (хоёр долоо хоног, түүнээс ч удаан) байдаг. Цусны шинжилгээгээр вирус, нянгийн шалтгааныг ялгаж болно.

Хөнгөн хатгалгаа туссан үед гэрээр антибиотик ууж эмчилж болох боловч юун түрүүнд эмчид үзүүлж эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхдээ цаг тухайд нь дархлаажуулах, хөхөөр хооллох, гэр бүлийн гишүүд тамхи татахгүй байх нь хүүхдийг уушгины хатгалгаанаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тураал, сульдаа, цус багадалт, олон нйитийн газар хүүхдээ авч явах, олон ам бүлтэй байх нь хүүхэд хатгалгаа тусах бас нэг шалтгаан болдог.

Ханиад томуунаас хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?

Хөхүүл болон бага насны хүүхэд жилдээ дунджаар 6-10 удаа ханиад томуугаар өвчлөх нь хэвийн үзэгдэл. Цэцэрлэг, яслид явдаг бол илүү олон өвчлөх нь ч бий. Хүүхэд зургаан нас хүрэхэд ханиад томуугаар өвчлөх нь эрс цөөрнө.

Хүүхэд даарснаас болж ханиад томуу, хатгалгаагаар өвчилдөггүй байна. Харин өвчтэй хүний нус, шүлс, цэрээр дамжин халдварладаг.

Илрэхшинжтэмдгүүд:

• Хамар битүүрэх, нус гоожих

• Нойрондоо муудах (ялангуяа нярай, хөхүүл насныхан)

• Хоолой сөөх

• Ханиах

• Халуурах

• Хөхөндөө, хоолондоо муудах

• Арьсаар тууралт гарах

Хэрхэнсэргийлэхвэ?

• Ханиад томуугаар өвчилсөн хүнээс хол байлгах, намар, өвөл, хаврын цагаар олон хүнтэй газраар хүүхдээ авч явахгүй байх

• Гараа байнга угаах, гараа угаагаагүй хүнийг хүүхдэдээ хүргэхгүй байх.

• Ханиах, найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах. Ханиах, найтаах үед вирус агаарт цацагдаж, түүгээр нь хүүхэд амьсгалдаг.

• Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос тоосонцоргүй орчин бүрдүүлэх, тамхи татахгүй байх

• Хоол хүнсээ амнаас аманд хийхгүй байх. Хүүхдийн аяга халбага тусдаа байх

Эцэг эхчүүдийн түгээмэл хэрэглэдэг 0.25 хувийн “Оксолиновая мазь” хэмээх вирусийн эсрэг тос нь зөвхөн ОХУ-д үйлдвэрлэдэг, өндөр хөгжилтэй орнуудад хүлээн зөвшөөрөгддөггүй бэлдмэл юм. Энэхүү тосыг хамрын арьсанд биш, салстад өдөрт 2-3 удаа 30 хоног түрхэж хэрэглэнэ. Энэ бэлдмэл хамраар нэвтэрсэн вирусийг салстад нэвтрэхээс хамгаалах үйлдэлтэй хэмээдэг боловч ханиад томуугийн вирус ам залгиураар орохоос сэргийлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн энэхүү тосыг 20 хэмээс доош нөхцөлд хадгалдаг тул хөргөгчинд хадгалах хэрэгтэй юм шүү.

Бэлтгэсэн: Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Талын шар цэцэг

“Талын шар цэцгийг чи минь бүү голоорой” гээд л дунд сургуульд байхдаа дуулцгаадаг байж билээ. Талд ургасан шар цэцгүүд багын дурсамжид үлдсэн болохоор ч тэр үү үнэ цэнтэй, эрхэмсэг санагдана. Төв аймгийн Цээл суманд Майхан уул бий. Тэр эгэлхэн уулын хормойгоор шар цэцгүүд ургасан байдаг сан. Багадаа дүү нартайгаа эмээ өвөөгийнд “хаягдана”. Хамаатан садны хүүхдүүдтэй хамт өвөөгийн урласан том тэргэн дээр 40-ийн бидон, 60-ын савтай ус тавиад, савнуудаа тэрэгнээс бэхэлж аваад түрж гарна. Худгаас цаахнатай Майхан уул дүнхийж харагддаг сан. Майхан уулын дүр зураг сэтгэлд буухад амар амгалангийн орон шиг санагддаг. Тэнд дэвхцэн гүйж, цэцэг түүж байсан бага нас маань ямар ч жаргалтай байсан юм бэ дээ. Эмээгийнхээ 37-ны жил дээр би мэндэлсэн гэдэг. Тийм болохоор багадаа айлын эмээ нар яагаад ийм хөгшин байдаг юм бол гэж гайхдаг сан. Эмээ маань хүний өөрийн баахан хүүхэд “маллана”. Гэрийн хаяанд эгнэж суугаад хооллож суунгаа хүүхдүүдийг хараад зарим хүн “Цэцэрлэг, ясли шиг” гэдэг байлаа. Тав, зургуулаа нийлж аваад, Майхан ууланд дураараа тэнэж, хорвоотой танилцана. Тэгэхэд “Хүүхдийн бөөр авдаг” гэх Лувсан өвгөнөөс бусад хүнээс айх айдасгүй амгалан үе байж дээ. “Бөөрийг чинь авна шүү” гэж айлгадаг өвгөнийг гэрт орж ирэхэд бүгдээрээ орон доогуур санд мэнд шургаад, гарахыг нь хүлээж хэвтэнгээ унтчихсан байдаг сан.

Талд ургасан шар цэцгийг түүх дуртай байж билээ. Одоо бол сайхан санагдсан цэцгүүдийг зүгээр л харж баясдаг болсоон.

Categories
мэдээ цаг-үе

М.Еркебулан: Дархан аварга А.Сүхбаттай бэлтгэл хийж, их ч зүйл сурч байна

Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн арслан М.Еркебулантай ярилц-лаа. Түүнийг улсын цолонд ойрхон залуу бөхчүүдийн нэг гэдэг билээ.

-Үндэсний бөхөөр хичээллээд хэр удаж байна?

-Би үндэсний бөхийн спортоор хичээллээд найман жил болж байна. Аймгийнхаа ерөнхий боловсролын дөрөвдүгээр сргуулийг 2007 онд төгссөн. Төгссөн жилээ Улаанбаатар хотод ирж “Аварга” дээд сургуульд элссэн.

-Ямар мэргэжлээр төгссөн юм бэ?

-2011 онд “Аварга” дээд сургуулийг үндэсний бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

-Оюутан ахуйгаасаа л Монгол Улсын начин Адьяахүүтэй багш шавийн барилдлага барилцаж амьдралаа холбожээ?

-Тэгсэн. Завхан аймгийн харьяат Монгол Улсын начин Б.Адьяахүү багшийн удирдлага дор найман жил хичээллэж байна. Намайг анх бөхийн замд татан оруулсан багш бол яах аргагүй Адъяахүү багш. Одоо багшийнхаа хий гэсэн бэлтгэлийг хийж, өгсөн заавар чигээр нь л барилдаж байна. Огт барилдаж үзээгүй хүүхэд өнөөдөр үндэсний бөхөд хамаг амьдралаа зориулаад явж байна.

-Хүүхэд байхдаа хамар хашааныхаа хүүхдүүдтэй ноцолдож ч байгаагүй юм уу?

-Барилдаж байгаагүй. Би Баян-Өлгий аймгийн Алтай суманд 1989 онд төрсөн. Эцэг эхээсээ зургуулаа. Дөрвөн эгч, нэг дүүтэй. Эгч нартай болоод ч тэр үү ерөөсөө ноцолдож явсан удаагүй. Малчин айлын хүүхэд ч гэсэн мал нэг их маллаж байгаагүй. Аймгийн төвд л өссөн.

-Тэгвэл хэн таныг үндэсний бөх рүү тэгж их уруу татчихав аа. Үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ерөөсөө бөх барилдаж үзээгүй. Анх 2006 онд манай аавын дүү Я.Сьез Алтай суманд болсон цол олгох барилдаанд намайг барилдуулна гээд дагуулаад явсан. Барилдаан хоёр өдөр үргэлжилж би түрүүлж сумын начин цол хүртчихлээ. Бөхийн спортод анх тэгж л дурлаж билээ. Түүнээс л анх барилдах урам зориг орсон. Ингээд дараа жил нь дахин нэг барилдаанд орж сумын заан цол авсан. Заан цолны хамт “Аварга” дээд сургуульд элсэж орох эрхийн бичгээр шагнуулсан юм.

-Арван жилээ ч төгсөөгүй байхдаа сумын заан цолонд хүрсэн юм байна ш дээ?

-2007 онд аравдугаар ангийн сурагч байсан. Тэр үед зургаан залуу зааны барилдаан гээд нэлээн сонирхолтой барилдаан болдог байсан. Аавтайгаа хамт зурагтынхаа өмнө сууж их л сонирхож үздэг байсан. Би “Аварга” биеийн тамирын сургуулийг 2011 онд төгсөөд, төгссөн жилээ аймгийн арслан болсон. Тухайн үед манай аймагт 256 бөх барилдсан. Увс, Хөвсгөл, Ховд зэрэг олон аймгаас бөхчүүд ирж барилдсан. Энэ барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

-Аймгийн арслангуудын туйлын хүсэл нь улсын цолонд хүрэх. Таныг улсын цолонд ойрхон бөх гэж ярьдаг. Тэгээд ч Баян-Өлгий аймгаас улсын цолтон тасраад нэлээд олон жил болсон байх шүү?

-Яг одоо өмнөө тавьсан миний зорилго бол улсын цол авах. Манай аймагт 1982 оноос хойш улсын цолтой бөх төрөөгүй. Улсын харцага О.Бахыт ахаас хойш. Тиймээс улсын цолонд хүрч нутаг усныхныгаа баярлуулах юмсан гэсэн бодол тээж явдаг.

-Улсын цол хүртэхэд хэр ойрхон байгаа бол. Дотроо өөрийгөө шинжиж л суугаа байлгүй?

-Улсын цолонд гялс хүрчих юмсан л гэж бодож байна. Гэхдээ би заавал тэр цолыг авна гэж ярьж болохгүй. Улсын цолонд хүрнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Хэн сайн бэлтгэлтэй байна, тэр хүн л амжилтад хүрдэг гэж багш байнга захидаг. Бэлтгэлээ сайн хийгээд явбал улсын цолонд тэр чинээгээр хурдан хүрнэ гэж бодоод шамдаж байна.

-Танай аймгаас өөр улсын цолонд хүрэх магадлалтай бөхчүүд бий юу?

-Ойрын тав, зургаан жил манай аймгаас сайхан залуу бөхчүүд гарч ирж байна. Надаас нэг их дүү биш, ганц хоёр дүү тийм залуучууд байгаа. Аймгийн арслан Серик, аймгийн харцага Береке, Мустафа гээд сайхан залуучууд байна.

-Баян-Өлгий аймгийн бөхчүүд хоорондоо хэр холбоотой байна. Аймгуудыг хараад байхад нэгнийгээ улсын цолонд хүргэх гэж их л татаж, түлхэх юм?

-Манай аймагт улсын цолтой бөх гэвэл О.Бахыт ах. Хөгшин настай хүн. Тэгээд ч наадмаар хотод байдаггүй. Өөр улсын цолтой хүн байхгүй болохоор ийш тийшээ дэмжлэгээр явна, тэгж, ингэж зүтгэнэ гэсэн ойлголт байдаггүй. Бор зүрхээрээ л явна. Намайг улсын цолонд хүрээсэй, хүргэчих юмсан гэж боддог хүн нь ганц миний багш Адъяахүү. Намайг их дэмжинэ. Миний ааваас өөрцгүй санаа тавьж, хаана явна, юу идэж байна, бэлтгэлдээ хэзээ ирэх юм гээд хором бүр санаа тавьдаг хүн. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн Телейхан, Бакей нар нутгийн бөхчүүддээ их анхаарал хандуулж, тусалж дэмждэг болсон.

-Үүнээс өмнө бэлтгэл хангахаас эхлээд их л хүнд байсан гэж сонссон?

-Улсын Их Хурлын гишүүн А.Телейхан гишүүн Дулааны IV цахилгаан станцад оруулж өгсөн. Мөн Алтай сумын нутгийн зөвлөлийн дарга Арманбек ах их тусалж дэмждэг. Бид хоёр хуурай ах дүүс. Гишүүд боломжоороо дэмждэг. Нутгийнхаа залуусыг улсын цолонд хүрээсэй гэдэг утгаараа шүү дээ. Наадмаар нэг их айхтар мөнгө төгрөг өгөөд байдаггүй ч бэлтгэл хангах боломж бололцоог бүрдүүлж, дэмжлэг үзүүлдэг. Сургуулиа төгсөөд бөхийн зам мөр хөөсөн надад нэг хэсэг хүнд байсан нь үнэн.Малчин эцэг, эх маань ямар тэр болгон мөнгө төгрөг явуулаад байх чадалтай биш. Эгч нар цалингаараа өнөө маргаашаа залгуулна. Өөрсдөө амьдралтай хүмүүс. Надад бэлтгэл хийх, амьдрах орон гэрээс эхлээд асуудал их тулгарна. Бэлтгэлдээ 100 хувь анхаарч чаддаггүй байсан. Учраа олохгүй, тулж түших хүнгүй яг л оюутан шиг бор хоногийг өнгөрөөж явсан.Береке, түүний дүү бид гурав хөлсний байранд амьдарч, барилдаангүй өдөр цагийн ажил хийж хэд гурван төгрөг олно. Нэгэнт л бөх болно гэж зүтгэсэн учраас буцах эрх надад байгаагүй.

-Одоо бэлтгэлээ хаана хийж байна. Дархан аварга А.Сүхбаттай хамт бэлтгэл хийдэг гэж сонссон?

-Манай аймгийн бөхчүүд “Таван богд”-ын дэвжээн дээр бэлтгэл хийдэг байсан. Тус дэвжээ татан буугдаад саяхан “Өлгийн хүчтэн” гээд дэвжээ байгуулагдсан. Одоо үйл ажиллагаагаа явуулаад гурван сар гаруй болж байна. Тэнд бэлтгэл хийнэ. Мөн Дархан аварга А.Сүхбатын “5D” фитнессд манай бөхчүүд аваргатай хамтарч бэлтгэл хийж байна.

-Залуу бөхчүүдийн хувьд их том боломж нээгджээ. Аваргаас их зүйл сурч байна уу?

-Өө их. Аваргаас сурах юм тун ч их байна. Аварга хэн дуртайтай нь бэлтгэл хийдэг хүн биш шүү дээ. Манай аймаг цөөхөн бөхтэй. Тиймээс Баян-Өлгийгөөс нэг биш, хоёр гурван улсын цолтой бөх төрөөсэй гэж биднийг аварга их дэмжиж байгаа.

-Бэлтгэлээ хэрхэн хийж байна. Бэлтгэлээс гадна ажил хийж байна уу?

-Дулааны IV цахилгаан станцаас цалингаа аваад явж байна. Хааяа бас ажил хийхгүй бол болохгүй шүү дээ. Тус станцын “Эрчим” клубийн зааланд гэрээт багшаар ажиллана. Зааланд хүүхдүүд тоглуулна гээд янз бүрийн л ажил хийнэ. Хааяа станцын засвар хүртэл хийдэг. Яг тогтсон ажил төрөл бол байхгүй. Хамаг амьдралаа бөхөд зориулж улсын цолны төлөө явж байгаа учраас бэлтгэлдээ л анхаарал тавина. Өдөртөө нэгээс хоёр бэлтгэлтэй. Нэг өдөр хүчний, дараа өдөр нь заалны, нөгөө өдөр нь А.Сүхбат аваргатай бэлтгэл хийнэ гээд их шахуу л үзэж байна. Улсын цолонд гялс хүрэх юмсан гээд бодоод л байна.

-Улсын цолонд хүрчихвэл өөрийн тань амьдрал алга урвуулахтай л адил өөрчлөгдөх нь ээ?

-Миний гол зорилго улсын цолонд хүрэх. Би өнөөдөр тогт-сон ажил ч үгүй, гэр бүл зохиож ч амжаагүй байна. Өөрийн гэсэн бүхнээ золиосолсон. Өөрийнхөө өмнө тавьсан зорилгоо биелүүлж улсын цол авчихвал нутаг усныхан ч гэсэн сайхан хүлээж авах байх. Тэгээд ч аав минь өнгөрсөн хавар өөд болоод ээж, дүү хоёроо хажуудаа авсан. Бүхнээс илүүтэйгээр ээжийгээ амьд сэрүүн дээр нь баярлуулж, магнайг нь тэнийлгэх юмсан гэж бодож явдаг.

-Наадмын бэлтгэлдээ хэзээнээс гарах уу?

-Наадмийн бэлтгэлийг Адъяахүү багшийн удирдлагад хийнэ. Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод, Завхан гээд аймгуудын хамтарсан бэлтгэл хийдэг. Бэлтгэл сайн хүнд аль ч цолонд хүрэх боломж байгаа.Тиймээс хичээх л хэрэгтэй байна.

-Таны өндөр, жин хэд байна вэ?

-Өндөр 178 см. Жин 120 кг.

-Улсын харцага Б.Пүрэвсайхан та хоёр нэг анги бил үү?

-Улсын харцага Пүрэвсайхан, аймгийн хурц арслан Сүхбат, Өвархангай аймгийн заан Дарханбат, сумын заан Цэрэндавга гээд манай ангийн сайхан залуучууд бий. Биднээс хамгийн түрүүнд улсын цолонд хүрсэн нь Пүрэвсайхан. Бид хоёр Адьяахүү багшийн удирдлагад хамт бэлтгэл хийдэг. Их сайхан ирээдүйтэй бөх.

-Та улсын наадамд хэдэн удаа зодоглоод байна?

-Би улсын наадамд гурав зодоглосон. Хамгийн сүүлд 2015 онд наадмаар зодоглож гурав даваад дөрвийн даваанд Увс аймгийн харьяат Бүрэнтөгс арсланд өвдөг шороодсон.Энэ жил жаахан азгүйтсэн. Бүрэнтөгс арслангаас өөр хүнтэй таарсан бол бас яах ч байсан юм билээ гэж боддог (инээв). Улсын арслан хүний барилдаан нэг өөр, аймгийн арслан нэг өөр шүү дээ. Бөх чинь мэргэжил болчихсон. Ч.Санжаадамба заан шиг жигд сайхан барилдаантай бөх тун ховор. Цолноос хамаарч бөхчүүдийн барилдаан хүртэл өөр өөр байдаг. Гэхдээ яахав, нэг их харамсаад байдаггүй. Өөрийнхөөрөө л сайхан барилдаад улсын наадамд гурав давна гэдэг болоо шүү дээ.

-Адъяахүү багш танд ямар мэх түлхүү зааж байна?

-Өөрийн мэдэх бүхнээ заадаг. Хутгах, шуудагнаас давуулж гуядах мэх зэргээс эхлээд олон юм зааж, сургаж байна. Адъяахүү багшийн хувьд миний ааваас өөрцгүй хүн. Өнгөрсөн хавар миний аав Малшы уушгины хорт хавдраар өөд болсон.Тиймээс багш маань аавын минь оронд аав болж нөмөр нөөлөг минь болж яваа хүн. Багшийнхаа ачийг хариулж улсын цолонд хүрэх юмсан гэж л бодох юм.

Categories
мэдээ цаг-үе

Шагдарын Энэрэл: Уянга дүүгийнхээ “Гандан уулын цэцэг” номыг төрсөн өдөрт нь зориулж эмхэтгэлээ

Монголын яруу найргийн мөнгөн үеийн түүчээлэгчид болох Жамьянгийн Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга хоёр ертөнцийн мөнх бусыг үзүүлээд олон жил болжээ. Яруу найрагч Ш.Уянгатай уран бүтээлийн харгуйд цөөхөн уулзаж учирсан ч шүлгээ өвөрмөц уншдаг дүр төрх нь, хаа явсан газраа хүн амьтныг инээлгэж баясгасан алиа хошин яриа нь сэтгэлээс гаралгүй хадагдаж үлджээ. Билэгт найрагчийн гэгээн дурсгалд зориулж

“Сайхан шүлэг уншихад нь бурхад хүртэл атаархана гэж

Санаа цайлган найрагчийг жаахан хэлгий төрүүлж дээ.

Сар тийш одоод Ли Байтай жүнз тулгаг гэж

Шар такси хөлслөн мөнхрөл зүг илгээж дээ” гэж нэгэнтээ бичиж байсан сан. Өнөө харин найрагчийн төрсөн эгч Шагдарын Энэрэлтэй уулзаж хөөрөлдөх хувь ерөөл байжээ.

-Таны дүү Шагдарын Уянга гэж Монголын утга зохиолын наяас ерээд оны томоохон төлөөлөгч байсныг олон түмэн андахгүй. Та бүхэн эцэг эхээс хэдүүл билээ?

-Бид эцэг эхээс дөрвүүлээ. Ганц охин болох би айлын ууган. Асрал, Аянга, Уянга гэж гурван сайхан дүүтэй байлаа. Манай аав Ринченгийн Шагдар маань Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сумын Хар нүдэн хэмээх газар 1911 онд төрсөн орос, хятад, түвд хэлтэй мундаг боловсролтой хүн байсан. Хошууны бичээчээр ажиллаж байхдаа монгол бичгээр маш хурдан бичдэг учир Шуурай Шагдар хэмээн алдаршсан нэгэн байсныг нутгийн ахан дүүс хуучилдаг. Ээжээс маань хорь гаруй ах байсан гэдэг. Аав их алиа хошин зантай, элдэвт авьяастай, яруу найраг ч бас сонирхож явсан хүн байсан юм билээ. Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайтай ойр дотно нөхөрлөж, Улсын төв номын санд нэг өрөөнд ажиллаж байсныг би бүүр түүр мэдэх юм. Цаг уурт ажиллаж байхдаа ажлын шугамаар Бээжин явдаг, ЗХУ-д ч сургууль соёлоо дээшлүүлдэг хүн байлаа. Аавын ах нар их том хамба лам нар байсан юм билээ. Хэлмэгдэлд бүгд өртсөн. Миний ээж Булган аймгийн Гурванбулаг суманд 1935 онд төрсөн Гомбожавын Дашжид гэж өглөг буян хийхийн одонд төрсөн хүн байлаа. Би 1958 онд төрсөн, хоёр ч аравдугаар анги төгсгөсөн хими-биологийн багш мэргэжилтэй хүн. Миний удаахь дүү Асрал 1959 онд, Аянга дүү 1962 онд Улаанбаатарт, харин отгон дүү Уянга 1966 онд Зуунмод хотод төрсөн байдаг.

-Дүү нар чинь ямар мэргэжлийн хүмүүс байв?

-Аав, ээж тэнгэрт одно гэдэг хорвоогийн жам юм гэж тайтгарч болох ч гурван дүү маань ид хийж бүтээх, айл гэрийн ноён нуруу болж аавын үүрэг хариуцлагаа үүрдэг дөч гарсан насандаа тэнгэрт хальцгаасанд харамсаж л явдаг. Уянга маань хойно төгссөн сансрын физикч мэргэжилтэй хүн. Асрал маань Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэсэн зураач. Аянга маань оёдлын машины засварчин мэргэжилтэй. 2002 онд Уянга дүүгийнхээ дурсгалд зориулж “Гандан уулын цэцэг” номыг хэвлүүлэхэд хоёр ах нь хамжиж дэмжээд хань ханиндаа сайхан л байж. Тэгтэл өнөөдөр бүгд бурхан болчихоод, муу эгч нь дүү нартаа буян болдог болов уу гэж Уянгынхаа уран бүтээлийг цуглуулж эмхэтгэн, зүтгэж явна даа. Асрал, Аянга хоёр маань Уянгаасаа ч дутахгүй цэцэн цэлмэг улс байсан. Асралаар хүмүүс байранд орох өргөдлөө бичүүлэх гэж овоордог байсан гээд бод доо.

-Уянга дүүгийнхээ ном бүтээлийг ботилох гэж олон сар хоног суув уу?

-Дүү маань дэндүү богинохон насалсан ч шүлэг, найраглал, дуурийн цомнол, дууны үг, хүүхдийн дуурь, ярилцлага нийтлэл, хөрөг, эсээ гээд утга зохиол, сэтгүүлзүйн чиглэлээр мөн ч их өв үлдээсэн уран бүтээлч байжээ. Би сүүлийн таван сар Үндэсний төв номын санд сууж, сонины шарласан хуудас эргүүлж шүүрдэн, бас ч багагүй зүйлийг нь цуглуулж хумьж авлаа. Сонин болгонд шахуу л Ш.Уянга, Ш.Асрал гэсэн нэр гарч ирэх бүрийд хоёр дүүтэйгээ амьд мэнд уулзаж байгаа юм шиг дотор сэтгэл бүлээцээд дотнохон санагдахыг яана. Сонин эргүүлээд “Уянга” гэсэн нэр гарч ирэх бүрт урам орж, улам нямбай хайдаг болчихдог юм билээ.

-Уянга найрагч багадаа ямар хүүхэд байв?

-Хичээл номын төлөө л төрсөн юм шиг хичээнгүй, цэвэр цэмцгэр хүүхэд байсан. Зургаан настай сургуульд орсон цагаасаа аравдугаар анги, дээд сургууль төгстөлөө онц гэсэн ганц дүнгээр л аав ээж, ах эгчээ баярлуулсан хүүхэд байж. Аав Төв аймгийн цаг уурын станцын даргаар ажиллаж байсан. Зуунмод хотын хойд талаас л хичээлдээ явна. Манай Уянга чинь аавыг тэнд ажиллаж байхад Номтын аманд төрсөн бол бэр Хулан маань Зурамтын ам гэдэг газар төрсөн байдаг.

-Бэр гэснээс Уянга ах Хулан найрагчаас өмнө гэргий хүүхэдтэй байсан гэдэг бил үү?

-Манай дүү чинь аравдугаар ангийнхаа Батгэрэл гэж сайхан охинтой үерхэж, Уянга Москвад оюутан болж, найз охин нь Тимирязевын академид явж байсан. Сурлага сайтай сайхан охин байсан. Ёстой л хэн хэндээ хувь заяаны төөргөөр учирсан гэмээр хосууд байлаа. У.Золбоо, У.Золзаяа гэсэн хүү, охин хоёр сайхан үртэй. Би талийгаач бэрийнхээ аав ээж, ах дүүстэй одоо ч уулзахаас зүрх халширдаг юм ш дээ. “Уянга сайн хүн шүү” гэж шаналсаар бурхан болсон тийм л гайхмаар ухаалаг бүсгүй байсан даа. Хулантай суугаад Дөрвөн-Уул гээд сайхан хүү төрүүлсэн. Одоо Равдан гээд нэрээ сольсон байна лээ. Би муу дүүдээ дандаа буруу өгөөд байдаггүй ээ. Яахав, Монголын сайхан хүүхнүүдтэй л суугаа биз гэж хааяа бодно.

-Хулан найрагч болоод Дөрвөн-Уул дүүтэйгээ уулзаж байна уу?

-Байнга биш ч хааяа уулздаг юм аа. 2011 онд манай ууган охин А.Саруулыг айлын хүн болоход Хулан маань хүүтэйгээ ирж бэргэндсэн. Утас шөрмөсөөр ярьж намайг хүндэлж явдагт баярладаг.

-Дүүгийнхээ уран бүтээлийг эмхэтгэнэ гэдэг мөн ч том буян шүү?

-Анхны номыг нь Үндэсний түүхийн музейн захирлаар ажиллаж байгаа найз Сүхбаатар нь санаачлан хамаг л гар бичмэлийг нь цуглуулан гаргалцсанд баярладаг. Сүхээ Уянгыг нас барахад Москва явж байгаад мэдэлгүй өнгөрсөндөө маш их харамсаж, номыг нь хэвлүүлж байлаа. Би ч хамаг л бүтээл нь хэвлэгдчихлээ гэж бодож явсан. Тэгээд ээжийн оронд ээж болсон, аавын төрсөн ахын охин, агуу их Жамцын Бадраагийн гэргий Бадарч эгчдээ “Найз нөхдийг нь цуглуулж цайлъя” гэтэл “Номыг нь гарга” гэж зөвлөлөө. Манай Бадарч эгч чинь Бадрууганы ээж, “Дутуу төрөлтийн аврал” гэдэг алдартай их эмч хүн шүү дээ. Өнгөрөгч оны зун, зургадугаар сарын тавны өглөө цайныхаа дээжийг өргөхдөө хэдэн муусайн дүүгээ л бодож зогслоо. Цайныхаа дээжийг өргөж орж ирээд өвгөндөө “Энэ жил Уянгын тавин насны ой болох юм байна. Нөгөө хоёрыг нь ч олон түмэн тэгтлээ нэг их мэдэх юм биш. Уянгадаа л буян хийх юм сан” гэж хоёул ярилцсан. Есдүгээр сарын эхээр Аажаа (Бадарч эгч) дээр очиж ярилцсан юм. Тэгээд Хуландаа, Лодонгийн Түдэв гуайд, Сүхээдээ, анхны номын ерөнхий редактор, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо, яруу найрагч Даваасүрэнгийн Чинзориг нарт хандсан. Бичиг номын энэ их хүмүүс “Уянгын номыг гаргах гэсэн юм” гэхэд бүгд л нүд нь сэргэж уриалгахан хүлээж авсанд нисэх жигүүртэй болсон юм шиг л хөөрч явсаар “Гандан уулын цэцэг-2” хэмээх таван зуу гаруй хуудастай энэ сайхан номон хөшөөг нь босгож авлаа.

-Номын баярыг хэзээ хийхээр товлов?

-Номоо “Мөнхийн үсэг” группт чанарын өндөр түвшинд гурван хүүхдүүдийнхээ буянаар өнгө үзэмж сайтай хэвлүүллээ. Өвгөн бид хоёрын төрсөн шахуу хуурай охин “Меру” компанийн ерөнхий захирал Гантогтох маань сэтгэл гаргаж их тусаллаа. Дүүгийнхээ “Гандан уулын цэцэг” номын баярыг энэ хоёрдугаар сарын 24-нд буюу төрсөн өдрийнх нь морин цагт “Аз хур” номын их дэлгүүрт хийхээр товлосон. Уянгынхаа ойр дотно номын садангуудад, гурван сайхан үрд нь урилга заллагаа хүргүүлсэн. Бүгд хүрэлцэн ирэх байх аа.

Яруу найрагч Шагдарын Уянга

Булуу овогт Шагдарын Уянга гал морин жилийн буюу 1966 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр төв аймгийн Зуунмод сумын нутаг Богд хан уулын өвөр “Номтын ам” хэмээх газар албан хаагчийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1973-1983 онд нийслэлийн арван жилийн 31, 50, 52 дугаар дунд сургуулийг төгсөж, 1983-1984 онд МУИС-ийн Физик, математикийн факультетийн физикийн анги, 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын геодези-агаарын зураглал, зураг зүйн дээд сургуулийн аэрофото геодезийн инженерийн ангийг “геодезийн инженер” мэргэжлээр дүүргэсэн физикийн мэргэжилтэй нэгэн юм. Ш.Уянга 1988 оноос “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч, Политехникийн дээд сургуулийн геодези, уул уурхайн факультетийн багш, Улсын геодези, зураг зүйн газарт эрдэм шинжилгээний ажилтан, “Шинжээч” хоршоонд эрдэм шинжилгээний ажилтан, “Үнэн”, “Бодлын солбицол” сонинд хариуцлагатай редактор, УИХ-ын гишүүн Зуунайгийн туслах, “Капитал”, “Монгол тамга”, “Тайлбар бичиг” сонины санаачлагч, ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан нэртэй сэхээтэн юм.

Ш.Уянга 16 наснаасаа шүлэг найраг сонирхон оролдож, 1986 онд “Утга зохиол урлаг” сонинд Сергей Есениний “Хар хүн” найраглалын дуун хөрвүүлэг, Лермонтовын “Оргуул”, а.Блокийн “арван хоёр” найраглал, М.Булгаковын өгүүллэгүүдийг орчуулж, 1987 онд анхны шүлгүүдээ хэвлүүлжээ. Түүний бүтээл Монголын уран зохиолын дээжис шилдэг 108 ботид хэвлэгдэж, “Барьцаа” (1988) драмын жүжиг, “галын амь” (1991) дуурь, төрийн шагналт ц.Чинзоригийн хөгжим “Зуурдын орон” (1999) модерн балет, төрийн шагналт Б.Шаравын хөгжим “Сэрүүн намар” (1999) рок-балетын цомнолыг туурвисан төдийгүй “Чойном хаа байна” уран сайхны киноны гол дүрд 2000 онд тогложээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийнхан тусламжийн бараа хүлээн авчээ

Монголын улаан загалмайн нийгэмлэгээс хаваржилт хүндэрсэн аймгуудад зориулсан тусламжийн цуваа өчигдөр УБ хотоос гарсан. Архангай аймагт 11 тонн ачаа бүхий тусламжийн бүтээгдэхүүн өнөөдөр ирж аймгийн Улаан загалмайн хороо хүлээн авч, буулгасан байна. Өвөлжилт хүндрээд буй таван сумын 240 гаруй өрхийн хоёр сарын хэрэглээ уг тусламжаар иржээ.Тодруулбал гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, цай зэрэг бүтээгдэхүүн байгаа аж.

Бүтээгдэхүүнийг аймгийн мэргэжлийн хяналтын газраас шинжилж дуусмагц дээрх таван суманд хүргэх ажил эхлэнэ.Тусламжийг өвөлжилт хүндэрсэн сумдад хүргэх, нөхцөл байдалтай биечлэн танилцах, дараагийн арга хэмжээг авах ажлыг аймгийн удирдлагууд хэрэгжүүлэх ажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээж Д.Байгаль: Энэ ардчиллыг нас өндөр болсон надад бодитоор харуулаач

Түрүүч нь №042,043 (5307,5308) дугаарт

– “Энэ миний хувь тавилан. Хэн ч намайг С.Зоригтой хамт амьдар гээгүй. Би хэн юм бэ. Жирийн л нэг Булган шүү дээ. Тэр хүн ямар хүн билээ. Би харамсахгүй” гэдэг-

-Өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадаагүйгээ юу гэж тайлбарлах юм бэ?

-Охин өмгөөллийн туслалцаа үнэхээр авч чадахгүй байгаа.Тагнуулынхан охиноос байцаалт авах үед өмгөөлөгчид нь хамт явсан. Тэр үед нь Булган байцаагч нараасаа “Би өмгөөлөгч нартайгаа уулзаж болох уу” гэхэд тэд “Уулзаж бололгүй яах вэ. Энэ бол таны эрх. Өдөр болгон уулзсан ч болно” гэсэн аж. Гэтэл энэ явдлаас хойш өмгөөлөгч нарыг нь Төв аймгийн урьдчилсан хорих анги руу нэвтрүүлдэггүй. Гадаа гараад байж бай, асуугаадахъя гэдэг гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа “уулзуулж болохгүй” гэсэн хариу өгдөг юм билээ. Өмгөөлөгчид нь буцаад ирдэг. Тэгэхээр очоод ч хэрэггүй юм шиг байна лээ. Төв аймаг хол юм. Өмгөөлөгч нар ч бас бид өөрсдөө ажилтай байна. Очихоор уулзуулахгүй байгаа учраас Төв аймаг руу яваад байх хэцүү байна гэсэн. Ядаж хорих ангийг нь сольж, хотод авчирж эсвэл батлан даалтад гаргаж болдоггүй л юм байх даа.

-Батлан даалтад гаргах хүсэлтийг холбогдох газруудад нь тавьсан биз дээ?

-Хүсэлт гаргасан. Өмгөөлөгчид “Батлан даалтад гаргая. Эмнэлэгт үзүүлье” гээд эмчлүүлж байсан бичиг баримтыг нь өгсөн юм билээ. Харамсалтай нь нэмэр болсонгүй.

-Одоо цаашдаа яая гэж бодож байна?

-Яг үнэнийг хэлэхэд цаашдаа яахаа мэдэхгүй байна. Бүх юм хаалттай, болохгүй. Бидэнд нааштай хариу ганц ч дуулдахгүй, ер нь бүтэл муутай байгаа. Эх хүний хувьд хэлэхэд миний охин шоронд орохоор хэрэг хийгээгүй. Өөрийнх нь байж байгаа байдал амьдралын нөхцөлийг хар. Монгол Улсад үйлчилдэг хууль дүрмийг биелүүлдэг болохын төлөө хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн бүх л хүмүүс дуугарч надад туслаач гэж хэлье. Өндөр настай надад хийж чадах юм алга. Монголд байгаа хууль дүрмийг хэрэгжүүлэхэд түлхэц болох байгууллага байвал бидэнд туслаач. Энэ талаар дуугараач. Хүний төлөө анхаарахаа байчихсан нийгэм юм биш үү, энэ нийгэм чинь. Ардчилал гээд л байдаг. Энэ ардчиллыг нас өндөр болсон надад бодитоор харуулаач. Охинтойгоо эсэн мэнд уулзмаар байна. Бушуухан гаргаж авмаар байна. Түүний С.Зоригтой суусан зургаан жилийн амьдралыг харахад тэд хэн нэгнээ алчихаар ширүүн, догшин харилцаатай байгаагүй. Ер нь ямар эмэгтэй хүн нөхрийгөө маргааш Ерөнхий сайд болно гэж байхад хүмүүстэй нийлж алах юм бэ. Тийм хүнийг би лав мэдэхгүй. Тэр тусмаа манай охин хэзээ ч тийм муу зүйл хийхгүй. Булганыг минь хар шуурга шиг юм дайраад л өнгөрсөн. Охин минь золиос болж 17 жил явлаа. 17 жилийн турш үргэлж сэтгэлийн шаналалтай явсан.

-Энэ шаналлаас болж охин чинь амьдралдаа харамсч байсан болов уу, тухайн үед нэр нөлөөтэй лидертэй суусан даа?

-Хэрэг явдлаас хойш хоригдож, бусдад муугаар хэлэгдээд, хэвлэлээр охины минь талаар ташаа зүйл бичээд байхаар нь “Миний хүү хэл аманд ороод байх юм. Ямар ч хүнтэй суучихав даа” гэж хэлэхэд “Энэ миний хувь тавилан. Хэн ч намайг С.Зоригтой хамт амьдар гээгүй. Би хэн юм бэ. Жирийн л нэг Булган шүү дээ. Тэр хүн ямар хүн билээ. Би харамсахгүй” гээд уурласан. Тэгэхээр нь би ингэж дахиж хэлж болохгүй юм байна гэж ойлгосон. Түүнээс хойш одоо үүрдэг зовлонгоо үүрдэгсэн үү, хувь тавилангаараа яваг гэж бодсон. Гэхдээ ингэж хэл чимээгүй, охиныг минь шоронд хатаачихна гэж бодсонгүй дээ.

-Тэд анх яаж танилцсан бэ. Та мэдэх зүйлээсээ яриач?

-Тэд их сайхан харилцаатай байсан. Гэр бүлийн уур амьсгал, зан ааш, бие биедээ хандаж буй нь их дулаан, зөөлөн байсан. Нэг удаа охин “Би Зоригтой танилцсан” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Миний охин их том хүнтэй холбогдох нь дээ. Чи сайн бодох хэрэгтэй. Амьдралаа зохиож болох үгүйг сайн бодоорой” гэж хэлээд орхисон. С. Зоригийн ээжтэй би арван жилийн нэг анги. Нэгдүгээр арван жилээ хамт төгсөж дараа нь Анагаахын дээд сургуулийг хамт төгссөн юм. Бид найзууд. Нөхрүүд маань ч Москвад аспирантурт хамт сурч байв. Хаяа тэднийхээр ордог байсан. Тэр үед С.Зориг царай муутай, жижигхэн шар хүү байсан. Ярьж байгааг нь анзаарахад ухаантай байрын хүү байв. Тэр хүү хожим нь миний хүргэн болно гэж хэн санах вэ. С.Зоригтой танилцсан гэж ярьж байсныхаа дараа охин “Тантай С.Зоригийн ээж уулзъя гэсэн” гэв. Тэр үед С.Зоригийн аав нь талийгаач болчихсон байсан үе. Тэгээд хүргэний ээж, Баяраа, Баяраагийн эхнэр гурав манайд ирсэн. Бид нэг оройг их сайхан өнгөрүүлсэн. Үүнээс хойш охин, С.Зориг хоёр гэр гэрээрээ орж гарах болсон. Талийгаач хүргэн маань бид хоёрт их хүндэтгэлтэй ханддаг байсан.

-Тэдний учирсан түүх …?

-Булган ер нь нэг их зүйл надтай илэн далангүй яриад байдаггүй, дуугүй талдаа хүүхэд. Би нэг л түүхийг нь мэдэх юм байна.Тэд танилцаад удаагүй байтал охин С.Зоригт хэлэлгүйгээр Польш руу явчихсан байж. Тэр үед Польш улсад ардын эмчилгээний чиглэлээр ажиллавал овоо мөнгө олж болдог гэж хүнээс сонссон юм шиг байгаа юм. Манай нэг дүү эмч. Түүнтэй хамт Польш руу явчихсан юм. Тэр үед шилжилтийн үе эхэлчихсэн, хүнд байсан. Тэнд очоод ажиллах гэсэн ажил ч тийм амар олдоогүй юм шиг байгаа юм. Тэнд сар гаран болоод “Бид хоёрын хийх ажил биш байна” гэсээр буцаад ирсэн. Энэ хооронд сураггүй алга болсон Булганыг С.Зориг хайсан байгаа юм. Баянгол зочид буудалд Булганы найз нягтлан хийдэг байсан.Түүн дээр очиж Польш явсныг нь мэдсэн аж. С.Зориг араас нь Польш явахаар зэхэж байсан юм билээ. Маргааш ниснэ гээд онгоцны тийзээ авчихаад байж байтал Булган нисэхийнх нь өмнөх өдөр буцаад ирсэн. Тэрнээс хойш л тэр хоёр ер салаагүй, Булганыд хамт амьдрах болсон.

-Охин чинь байртай байсан юм уу, одоогийн амьдардаг байр уу?

-Охин нэг өдөр энэ дарга нарын хүүхдүүд дандаа тусдаа байртай юм байна. Би та нартай хэдэн жил хамт амьдрах юм бэ гэж хэлсэн. Тэгсэн аав нь хоршооллын байр ав гэсэн. Түүнээс хойш охин цалингаа бидэнд өгөхөө байсан, дансанд хийдэг болов. Цалингаа хураагаад 11 дүгээр хороололд хоршооллын байр баригдахад 160 мянган төгрөгөөр гурван өрөө байр авсан. Тэгсэн нэг өдөр “Би байраа сольчихлоо” гэв. Би “Яаж байгаа хүүхэд вэ, хаана сольчихов” гэлээ. Тэгсэн нэгдүгээр арван жилийн тэнд гэнэ. Цоо шинэ гурван өрөөгөө хуучин хоёр өрөө, хөгжмөөр тоноглосон байраар сольчихож байгаа юм даа. Хэн ч Булганд юм хэлдэггүй байсан. Их эрх хүүхэд байсан. Өөрөө гүйсээр байгаад тэр байрыг олсон байсан. Та нартай ойр, амар шүү дээ гэж хэлсэн. Түс тас шууд шийдчихдэг хүүхэд. С.Зоригийг өнгөрсний дараа би “Энэ байраа зарчих. Нэг өрөөгөөр ч хамаагүй сольчих гэсэн чинь “Үгүй, би эндээс гарахгүй” гээд одоо хүртэл тэндээ амьдардаг.

-Болсон үйл явдлаас улбаалаад ганц бие эмэгтэй хүн тэр байранд амьдрахаасаа цэрвэж, айдаггүй юм байх даа?

-Нэг их айдаггүй юм. Гэрт нь Зоригийн зураг байдаг. Орой болгон Зоригтой ярьдаг гэсэн.

-Тэд албан ёсоор гэр бүлээ батлуулсан байсан уу?

-Батлуулаагүй, батлуулах шаардлага байгаагүй. С.Зориг баригдмал зүйлд их дургүй. Тийм юманд ач холбогдол өгдөггүй хүн байсан.

-Булганы охин тэдэнтэй хамт амьдардаг байсан уу?

-Үгүй, бидэнтэй хамт амьдардаг байсан. С.Зориг охинд нь их сайн байсан. Охин нь бүр аав гэж дууддаг юм. Булганы охиныг Сийлэгмаа гэдэг. Нэг өдөр сургууль дээр нь бүртгэл явагдсан аж. Тэгсэн Зоригийн нэрээр бүртгүүлчихэж. Тэр үед Сийлэгмаа зургадугаар ангид сурч байсан. Ирээд ээждээ Би Зоригийн Сийлэгмаа гээд бүртгүүлчихлээ гэж хэлсэн байсан. Тэрийг нь Булган Зоригт хэлсэн аж. Тэгсэн Зориг “Зөв шүү дээ, сайн байна. Зоригийн гэж яваг” гэж хэлж байсан. Гадагшаа явахдаа Булганд юм авахын оронд охиндоо их бэлэгтэй ирдэг байсан. Зориг өөр хүнд бэлэг авчирч өгдөггүй байв. Их сайхан хүн байсан.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Машиных нь дуут дохионоос хүний араншинг таньж болно

ОХУ-ын нэгэн дунд сургуулийн сурагчдын дунд “Хүний араншин” хэмээх зохион бичлэгийн уралдаан зарлажээ. Сонирхолтой нь уралдаанд түрүүлсэн сурагчид замын цагдаагийнхан өндөр шагнал олгосон гэнэ. Тэргүүн шагнал авсан наймдугаар ангийн охин Люда хүний араншиг заавал нөхөрлөж байж таних албагүй.

Богино хэмжээний үйлдлээр таних боломжтой тухай бичжээ. Тэрээр хичээлдээ ирэхдээ дөрвөн удаа авто замын уулзвараар гардаг. Түүнээс гадна гэрийнх нь ойролцоо байнгын түгжрэл үүсдэг уулзвар байдаг. Тус уулзвар дээр Люда ихэнх хөршүүдтэйгээ тааралдана. Людагийн ажигласнаар архичин Борис хааяа нэг хүүхдээ авахдаа ямар ч шалтгаангүй байнга дуут дохио хадаана.

Хэрүүлч Нина шалтгаангүй байхад дуут дохио хангинуулахаас гадна цонхоороо хараал урсгана. Тэдний нэг ижил зүйл нь цагдаа харахаараа хачин хуурамчаар инээмсэглэж чадна. Харин тэтгэврийн Боря өвөө дуут дохио өгч, хараал хэлж байхыг Люда хараагүй. Харин согтуу цагдааг замаас зайлуулж, хүүхэдтэй эмэгтэйд зам тавьж өгдөг. Боря өвөө хүн бүрт сайнаар ханддагийг Люда мэднэ. Энэ тухай бичсэн Людаг замын цагдаагийнхан шагнасан байдаг.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр ”Хунт нуур” балетыг тоглоно

Өнөөдөр үдэш 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” балетыг тоглох гэж байна. Алдарт зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетаа Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн 1875 онд бичиж байсан гэдэг. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт тус балетыг анх 1877 онд Москвад тоглосон боловч төдийлөн амжилт олж байгаагүй юм. Удирдаач, бүжигчид мөн үзэгчид уг балетыг хөгжмийн хувьд ихээхэн хүнд, бүжиглэхэд хэцүү гэж үзэж байсан байна. Харин 1895 онд Санкт- Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тавьснаар их амжилт олсон юм. Хөгжмийн зохиолч Рикардо Дриго хөгжмийн найруулгыг хийж, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нар бүжгийн шинэ дэглэлтийг тавьсанаар уг балетыг дэлхийд алдаршуулах эхлэлийг нь тавьжээ.

Гол дүрүүд: /02.27/

ОДЕТТА – Ч.Ганчимэг МУГЖ
ОДИЛЛИЯ – Ч.Ганчимэг МУГЖ
ХАН ХҮҮ – М.Од СТА
АЛИА САЛБАДАЙ – Б.Төгөлдөр СТА
РОТБАРТ – Х.Мөнгөнхөлөг СТА
ПА-де-труа – Б.Баасансүрэн СТА , О.Олонбаяр, Б.Пүрэв-Очир
Хатан эх – Р.Байгалмаа СТА
Жижиг хунгууд – Г.Батчимэг СТА, Б.Алтаннамар СТА , Ж.Ханбулнай, Г.Маргад-Эрдэнэ
Том Хунгууд – Б.Баасансүрэн СТА , М.Мөнхтуяа , У.Анужин

Гол дүрүүд: /02.28/

ОДЕТТА – Б.Саруул СТА
ОДИЛЛИЯ – Б.Саруул СТА
ХАН ХҮҮ – А.Өлзий-Орших СТА
АЛИА САЛБАДАЙ – Т.Хан-Очир
РОТБАРТ – Э.Эрдэнэжаргал СТА
ПА-де-труа – Г.Батчимэг СТА , О.Олонбаяр, Б.Пүрэв-Очир
Хатан эх – Р.Байгалмаа СТА
Жижиг хунгууд – Г.Батчимэг СТА, Б.Алтаннамар СТА , Ж.Ханбулнай, Г.Маргад-Эрдэнэ
Том Хунгууд – Б.Баасансүрэн СТА , М.Мөнхтуяа , У.Анужин

УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.

Хөгжим: П.И.Чайковский
Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
Цомнол: В.И.Бегпчев, В.Ф.Гельцер
Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
Ерөнхий зураач: Б.Төмөрхуяг
Хөтлөх найруулагч:Н.Чинзориг