Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бус хуралдаан хийж байгаа юм байна. Хуралдаанаар цаг үеийн холбогдолтой дөрвөн асуудал хэлэлцэж байгаа аж. Хуралдааны дараа Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийх юм байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгчүүд зика вирусийн эсрэг вакцин гарган авчээ

ДЭМБ-аас Латин Америкийн орнуудад эрчимтэй тархаад буй зика вирусийн халдвар авсан байх магадлалтай дөрвөн сая иргэн байгаа хэмээн мэдэгдэж, өнгөрсөн амралтын өдөр олон улсад эрүүл мэндийн онц байдал зарласан.

Харин Энэтхэгийн эм үйлдвэрлэгч “Bharat Biotech International Limited” компани зика вирусийн эсрэг вакцин гаргаж авсан тухайгаа олон улсад мэдэгдэв. Тус компани зика вирусийн эсрэг хоёр вакцин гарган авсан хэмээн ДЭМБ-д явуулсан тайландаа дурдаж, өвчтөн дээр клиникийн туршилт явуулах зөвшөөрөл олгохыг хүсчээ.

Вакциныг урьдчилсан байдлаар сармагчин болон гахайн дээр туршсан ба ДЭМБ уг вакциныг туршилтад оруулахыг зөвшөөрвөл тус компани дөрвөн сарын дотор нэг сая вакцин үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж.

ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан “АНУ болон Канадын эмч нар зикагийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байна. Ирэх есдүгээр сард анхны клиникийн туршилт явуулахаар болсон” гэж мөн мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Үзэсгэлэнд 556 аж ахуйн нэгж оролцож байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 01 сарын 27-нд эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашмер ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм. Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг иргэдийн бүлгийн 18 иргэн эсгий, шир, сүлжмэл утас, торгоор урласан дээл, цамц, бээлий, малгай, бэлэг дурсгалын зүйлс зэрэг гар урлалын бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна.

Мөн нийслэлийн зургаан дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.

Дүүргүүд дараах байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үүнд:

  • Баянзүрх дүүрэг – Тэнгэр бөөний төв
  • Сүхбаатар дүүрэг – Цэрэндоржийн гудамж, Улаанбаатар их дэлгүүрийн 1 давхарт
  • Чингэлтэй дүүрэг – Тусгаар тогтнолын талбай
  • Баянгол дүүрэг – UB палас, МҮЭСТО, Апекс худалдааны төв, Хархорин худалдааны төвийн зүүн талд
  • Хан-Уул дүүрэг – Хом плаза, Мишээл экспо төв
  • Сонгинохайрхан дүүрэг – Сувдан худалдааны төв, Драгон төв, Гүнгэрвээ худалдааны төв
Categories
энтертаймент-ертөнц

Л.Гүндалай хэвлэлийн хурлаа мартжээ

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай “Монголоороо байгаасай” дууг клипжүүлэн, дуулж цахим ертөнцөд шуугиан тариад байгаа.

Гэтэл өчигдөр тус дууг зохиосон зохиогч болон дуулсан дуучдаас нь албан ёсны зөвшөөрөл авалгүй дуулж, клип хийлгэсэн нь оюуны өмчийн бүтээлийг хулгайлсан хэрэг гэж үзэн шалгуулахаар болсон тухай мэдээлэл цацагдсан.

Энэ талаар тэрбээр тайлбар хийхээр өнөөдөр 11.30 цагт хэвлэлийн хурал зарлаад байсан юм. Гэвч цагаасаа хоцорч, сэтгүүлчдийг нилээд удаан хүлээлгэсэн ба яагаад ирээгүйг нь тодруулахаар утасдахад “Би унтаж байна. Одоо босоод очвол амжихгүй. Тиймээс маргааш болъё” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Засаг дарга төсвийн хөрөнгөөр зугаалав уу

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар жилийн эцсийн ажлын үр дүнгийн урамшууллаар Засаг дарга М.Чинболдыг эхнэр, хүүхдийн хамт Япон Улсад 6 хоног аялах эрхээр шагнажээ.

Аяллын хоёр талын зардал болон Японд байх зардлыг тус дүүргийн төсвөөс гаргаж, нэгдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд аялуулсан байна.

Эдийн засаг хямарсан, улсын төсөв хүндэрсэн энэ үед үр дүнгийн урамшуулал нэрээр хэдэн зуун саяар нь урамшуулал авдаг татварын байцаагчдын хэрэг нийгмийг ихээхэн бухимдуулж байсан бөгөөд тэдний үр дүнгийн урамшууллыг хууль бус хэмээн үзэж болиулсан.

Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь ажлын үр дүнгийн урамшуулал нэрийдлээр Засаг даргаа шагнасан нь иргэдийн бухимдлыг төрүүлж орхив.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүн хуулийн төсөл өргөн барина

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барихаар болсон байна.

Хуульд “төрийн аливаа албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал тогтоолгох, мөнгө санхүүгийн хандив авахыг хорилоно” гэсэн заалтыг нэмж тусгах аж.

Categories
мэдээ улс-төр

Ноён уулыг тусгай хамгаалалтад авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 71 хувийн саналаар Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авлаа.

элэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулын 11 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авч байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга: Киргизийн түүхийг Ноён ууланд давтах нь. Хүннүгийн түүхээ 50 тонн алтны төлөө ухах боллоо. Түүхийг минь бидэнд ядаж үлдээгээч. Эцэг, эхийнхээ хийсэн бүхнийг газар дээр байгааг нь та бүхэн өнгөрч буй 20 гаруй жилийн хугацаанд нураасан, газар доор байгааг нь ухаж авсан. Одоо би Засгийн газарт итгэхгүй байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Ноён уулыг байгалийн цогцолбороор нь авч үлдэхийн тулд 78 мянган га талбайг хамгаалалтад авах ёстой. Хилийн цэсийг тогтоох эрхийг Засгийн газарт өгөх юм бол чононд хонь хадгалуулсантай адил хэрэг болно. Алт гаргаж авахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нинжа хүртэл ухаж болоод байна” гэв.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг: “Шинжлэх ухааны байгууллагууд болон маш олон талын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Байгаль хамгаалагчдын холбооноос 105 тонн алтны нөөцтэй гэж мэдээллийг гаргаж тавьж байсан. Гацууртын ордыг хэлэлцэх үед энэ талаар ярих нь зөв байх. Манай байнгын хороогоор хамгаалалтад авах тухай асуудал яригдаж байна” гэсэн юм.

Мөн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх дэмжсэнээр баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Компаниуд Хятад руу мах экспортлох эрхтэй боллоо

БНХАУ руу мах экспортлох эрхтэй болсон Монгол компаниудад өнөөдөр МХЕГ-аас батламж гардууллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХХААЯ болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын шинжээчид хамтран 2015 оны сүүлээр баруун болон төвийн бүсийн шүлхий өвчний хоригийг цуцлах хяналт магадлагаа хийж Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж зарласан.

Эдгээр аймгаас бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг “Грийн грасланд” ХХК-ийн “Мон-Тува” үйлдвэр экспортлох боломжтой гэж БНХАУ-аас хариу ирүүлсэн байна.

Хамтарсан Ажлын хэсэг 2016 оны нэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Бээжин хотноо хуралдан “Монгол Улсаас БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, малын эрүүл мэнд, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай протокол”-ыг тус тус үзэглэсэн юм.

Ингээд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг “Хүн Од” ХХК, “Хатан сүйх” ХХК, үхэр, хонь, ямааны махыг “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК, нядалгааны “Эрдэнэ хүнс” ХХК-ийн үйлдвэр экспортлох эрхтэй боллоо.

Одоогоор үхэр, хонь, ямааны мах экспортлох шалгуурыг “Грийн грасланд” ХХК, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК хангаад байгаа бөгөөд цаашид үйлдвэр, аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хавдартай иргэд галт тэргээр үнэгүй зорчино

Хавдартай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Улаанбаатар төмөр зам сайн үйлсийн аянг хэрэгжүүлэхээр болсон талаар өмнө нь мэдээлсэн.

Харин Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран ажиллахаар болж, хавдрын өвчтэй иргэдийг төмөр замын дагуу орших Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд хавдрын өвчинтэй иргэдэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих боломжийг олгохоор боллоо.

Манай улсад жил бүр элэг, ходоодны хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа ба сүүлийн жилүүдэд уушги, умайн хүзүүний болон хөхний хорт хавдар зонхилох болжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг цэцийн даргыг чөлөөлөх асуудлаар дахин завсарлага авлаа

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал буюу ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудалд МАН дахин завсарлага авлаа.

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан бөгөөд УИХ-ын чуулганы өнөөдрийн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч МАН-ын бүлгээс дахин хойшлуулах хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гаргалаа.

Тэрээр: “ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар манай бүлэг 5 хоногийн завсарлага аваад дуусч байна. УИХ Төрийн эрх барих дээд байгууллага. ҮХЦ-ийг Үндсэн хуулиа сайн манаж, хэн нэг этгээдийг Үндсэн хуулиа зөрчихгүй байлгах зорилготой тавьсан. Хоттой хонио сайн манаарай гэж хоточ банхрыг уядаг. Гэтэл хоттой хонио сайн манасны төлөө хоточ банхраа эзэн нь нядлах гээд байна. Тиймээс энэ асуудлаа хойшлуулж өгөөч ээ. УИХ-ын Тамгын газрын дарга аливаа этгээдийг хууль зөрчсөнийг тогтоодог хуулийн этгээд биш. Энэ асуудалд Цэцийн дүгнэлт гараагүй байна. Мөн Дээд шүүх бүрэлдэхүүнээ хуралдаж, саналаа ирүүлээгүй байгаа. Энэ мэтчилэн олон хууль зөрчсөнийг зөвхөн МАН-ын гишүүд биш ҮХЦ-ийн 8 гишүүн, хуульчид, улс төрийн намууд мэдэгдэл гаргасан. Үндсэн хууль зөрчсөн үйлдлийг төрийн эрх барих дээд байгууллага хийж болохгүй. Тийм болохоор энэ асуудлыг хойшлуулж, завсарлагааны хугацааг сунгаж өгнө үү. Хүч түрэн хууль зөрчиж болохгүй” гэж байв.

Энэхүү хүсэлтийн улмаас УИХ-ын дарга МАН-д нэмэлт гурван хоногийн завсарлага өглөө.