Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн холбоо ээлжит бус хурал зарлажээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны гишүүдийн нэгдсэн хурлыг 10 жилийн дараа энэ сарын 6-нд зохион байгуулахаар болжээ.

МСБХ-ны тэргүүлэгчдийн зүгээс тус холбооны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг тодорхой болгох үүднээс ээлжит бус хурлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ. Тус холбооны тэргүүлэгч гишүүд болох Ж.Оджаргал, П.Батсайхан, С.Баярцогт, Ц.Баатарсайхан, Ц.Цэвэрбал, С.Дамба, Б.Чулуунбаатар нарын 7 тэргүүлэгч гишүүний гарын үсэг бүхий шийдвэрээр хуралдуулахаар болсон байна.
Тэд сүүлийн жилүүдэд холбооны хууль бус удирдлагуудын асуудлаас болж сагсан бөмбөгийн тамирчид, сонирхогчид хохирч байна гэж үзэж байгаа аж. Тамирчдын ид нас болох 21-28 насанд нь тэмцээн уралдаанд оролцуулах хэрэгтэй атал холбооны зөрчилтэй асуудлаас болж 2015 оны Ази тивийн АШТ-нд баг тамирчдаа оролцуулаагүй. Энэ удаад 2016 оны 4 дүгээр сараас эхлэх сагсан бөмбөгийн Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд мөн оролцуулж чадахгүйд хүрээд байна. Тиймээс холбооны дүрмийн 3.5 дахь заалтад “Холбооны бүх гишүүдийн 1/3 санаачилгаар эсвэл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэж заасныг үндэслэн ээлжит бус хурлыг зохион байгуулахаар болоод байгаа юм байна.
Хуралд Монголын сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг, Монголын залуучуудын шигшээ баг, Үндэсний супер лиг, Эмэгтэй супер лиг, Сонирхогчдын спрайт лигийн тамирчид, дасгалжуулагчид, Сагсан бөмбөгийн шүүгчид, ЕБС-ийн биеийн тамирын багш нарын төлөөлөл, спортын мастерууд болон ахмад тамирчид оролцохоо албан ёсоор мэдэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Жигжид: Гацууртаас тусгай төлбөр авна

УИХ-ын чуулган өнөөдөр стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай чухал шийдвэр гаргалаа.

Энэхүү тогтоолоор Монголын төр тус ордын 34 хувийг эзэмших, энэ төслийг хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгалаа. Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стартегийн эргэлтэд оруулах. Энэ зорилт шат дараатай урагшилж байна. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215,9 сая ам.доллар, борлуулалтын орлого нь 1,8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438,8 сая ам.доллар төлөгдөж, цэвэр ашиг нь 90,6 сая ам.доллар болж байна. Засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432,3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68,2 хувь нь манайд оногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан” хэмээн мэдээлэв.
Мөн “Ашигт малтмалын хуулиар Засгийн газар нэг бол 34 хувиа эзэмшээд явна, эсвэл 34 хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг аваад явах юм. Тусгай төлбөрийг өмнө нь ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, 3 хувь байхаар тохироод байгаа ч энэ нь алтны зах зээлийн үнээс хамаараад уг хувь хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Хэлэлцээ хийх явцад алтны үнийг 1100-1400-гийн хооронд байхад мөрдөөд явъя гэж урьдчилсан байдлаар тохирсон байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь үндсэндээ суурь, үнэтэйгээ уялдаад өсөн нэмэгдэх, тусгай гэсэн гурван төрөл, дээр нь ААНХОТ-ыг авна. Үйл ажиллагааг Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, орд ашиглах гэрээ байгуулсны дараагаар явуулах юм” гэлээ.
Ашигт малтмалын, Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж одоогоор алтны үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж. Алтыг Монголбанкинд тушаасан тохиолдолд тусгай төлбөрийн хэмжээг нь нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хөнгөлж, энэ хөнгөлөлт 2018 он хүртэл хэрэгжих заалттай ба хэрэв тусгай төлбөрийн хувилбараар явбал борлуулалт хэзээ хийгдэнэ тэр үед орох орлогоос нь төлбөрөө авах юм байна.
Харин 34 хувийг эзэмшсэн тохиолдолд манай талд төдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй мөн тухайн аж ахуйн нэгж өөрөө ашигтай ажиллаж байж ногдол ашгаа хуваарилах юм. Тиймээс бидний хувьд тусгай төлбөрийг авснаар улсын төсөвт эрт орлого орж ирэх боломж бүрдэж байна гэж Уул уурхайн сайд мэдээллийн үеэр хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намуудын хуульд нэмэлт оруулах төслийг өргөн барилаа

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүллээ.

Монголын улс төрийн намуудын санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, улсын төсвийн санхүүжилтээс бүрддэг. Нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалан намын гишүүд болон дэмжигчдийн татвар хандив нь тухайн нам, эвслийнхээ санхүүжилтийн гол эх үүсвэр болж чадахгүй байгаа тул улс төрийн намууд үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан томоохон аж ахуйн нэгжүүдээс улам бүр хараат болох эрсдэл нэмэгдсээр байгаа хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нар уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Энэхүү төсөлд Улсын Их Хуралд суудалтай нам, эвсэлд санал өгсөн нийт сонгогчийн тоог тус бүр арван мянган төгрөгөөр үржүүлэн тооцож Улсын Их Хуралд суудалтай намуудад олгох, хэрвээ тухайн нам, эвсэл Улсын Их Хуралд бүлэгтэй бол мөн тоог таван мянган төгрөгөөр тооцож нэмэгдүүлэн олгох, хэрвээ тухайн нам, эвсэл Засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бол таван мянган төгрөгөөр тооцон нэмэлт санхүүжилт олгохоор тусгасан байна.
Түүнчлэн Засгийн газарт хамтран ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Улсын Их Хуралд бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам, эвсэл нь өөрсдийн бодлого, хөтөлбөрөө сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий санг дэргэдээ байгуулж болохоор зааж, түүнд нь улсын төсвөөс жил бүр нэг тэрбум төгрөг олгохоор тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт өвөл, хаврын уралдаан зохиохыг хориглолоо

Сар шинийн баярын дараа уламжлал ёсоор хурдан морины уралдаанууд ар араасаа болж эхэлдэг ба дийлэнх нь Төв аймагт зохиогддог юм.

Харин өвлийн цагт хүүхдээр морь унуулах нь хүүхдийн эрхэнд халдаж байгаа хэлбэр бөгөөд ард иргэд болон хүний эрхийн байгууллагын зүгээс шүүмжлэл, эсэргүүцэлтэй байнга тулгардаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат тус аймгийн нутаг дэвсгэрт морин уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргажээ.
Тэрээр, ирэх тавдугаар сарын нэгэн хүртэл буюу өвөл, хаврын саруудад Төв аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг морин уралдаан зохион байгуулахыг хориглож, томоохон хэмжээний сунгаа, үсэргээ хийхгүй байхыг сумдын засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Categories
энтертаймент-ертөнц

Х.Баярхүү, Б.Мягмарцэрэн хоёрын мэндчилгээ

“Авьяаслаг Монголчууд” телевизийн шоуны оролцогчид болох лимбэ, ёочин хөгжмөөр хослон тоглодог Х.Баярхүү, Б.Мягмарцэрэн нар бичин жилийн сар шинийн мэндчилгээ болгож доорх доорх бичлэгийг хүргэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч телевизийн нэвтрүүлэгт оролцож, төвийг сахих бодлогын талаар ярина

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр орой 20.30 цагаас “Еagle” телевизийн “Онцлох сэдэв” хэмээх шинэ нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор оролцож Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын талаар ярилцах гэж байна.

Уг нэвтрүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, ГХЯ, Гадаад хэргийн үе үеийн сайд нар, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их засаг их сургууль, Үндэсний тагнуулын академи, Стратеги судалгааны хүрээлэн, Геополитикийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг батлан хамгаалах, гадаад харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, олон улс, стратеги судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид уригдан оролцож дээрх сэдвээр асуулт хариулт өрнүүлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Мөн Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх дэмжсэн ч Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон холбогдох бусад хуулийн төслүүдээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. “Уг төсөл дээр ярих асуудал их байгаа учраас бүлгийн түвшинд хэлэлцэх шаардлага байна” гэдгийг тус бүлгийн дарга хэлж, УИХ-ын дарга хүсэлтийг нь хүлээн авсан байна.

Чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд үдээс хойш хуралдаан үргэлжлэхээр боллоо.

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг тус бүр баталсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг маргаашаас олгоно

“Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авах бөгөөд нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, харин хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгоно гэж ХАХНХ-ын сайд хэллээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан нь ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хууль болсон юм. Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах 2015-2030” бодлогыг батлуулаад байна гэж салбарын сайд онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Эх нялхаст гурван ихэр хүүхэд мэндэллээ

Өнөөдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ихрүүдийн хоёр нь охин, нэг нь хүү юм байна. Охид 1.8-1.9 кг жинтэй төрсөн бол хүү 2.1 кг жинтэй төржээ.

Ихрүүд болоод ээжийн бие эсэн мэнд байгаа талаар ЭХЭМҮТ-өөс мэдээлэв.

Categories
энтертаймент-ертөнц

Facebook 12 нас хүрч байна

Дэлхийн долоон хүн тутмын нэг нь өдөр тутам ашигладаг Facebook өнөөдөр 12 нас хүрлээ. Анх 2004 оны энэ өдөр найзуудын хүрээлэлд нээгдэж байсан энэ сайтын хэрэглэгчдийн тоо сар өдрөөр өсч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Зөвхөн Монгол Улсад л гэхэд 1,3 сая хүн энэ сүлжээнд нэгджээ. Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг улаан, ногоон өнгө ялгадаггүй харааны эмгэгтэй нэгэн. Харин цэнхэр өнгийг хамгийн сайн ялгадаг учир Facebook-ийг цэнхэр өнгөтэйгээр бүтээсэн гэсэн сонирхолтой мэдээлэл ч байдаг.

Одоогийн домайн хаягаа анх 2005 онд 200.000 ам.доллараар худалдан авч байсан бол одоо Facebook жилийн 17 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг болсон байна. Анх танил, дотно хүмүүсийг хооронд нь холбох ажлыг хийж байсан Facebook одоо гэрэл зураг, дүрс бичлэг, тэр ч бүү хэл 360 градусын дүрс бичлэг дамжуулдаг болжээ. Өнгөрсөн хугацаанд худалдан авсан WhatsApp хэрэглэгчийнхээ тоогоор тэрбум давж, Instagram 400 сая хэрэглэгчтэй болсон байхад Oculus төхөөрөмж нь тун удахгүй худалдаанд гарах гэж байна.

Уг сайтын дундаж хэрэглэгч нь өдөрт 1,72 цагийг буюу 103 минутыг Facebook-т өнгөрөөдөг. Facebook хэрэглэгчид нэг минут тутамд 4,1 сая удаа пост оруулж, Like, Share, Comment хийдэг байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид нь өдөр бүр зарцуулж буй 103 минутаа маш идэвхтэй өнгөрөөдөг гэнэ.

АНУ, Энэтхэг, Герман улсууд Facebook-ийн хамгийн их хэрэглэгчтэй орноор тодорчээ.