Categories
мэдээ улс-төр

Намрын чуулган хаалтаа хийнэ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Гэвч, хэлэлцэх асуудал олон байгаа тул сар шинийн дараа ээлжит бус чуулган зарлахаар болсон. Тодруулбал, хоёрдугаар сарын 15-наас ээлжит бус чуулган зарлан хуралдуулж магадгүй байна. Тиймээс сар шинийн дараа нутаг орон, гадаад дотоод гээд алга болчихдог гишүүд энэ сарын 15-наас ажилдаа орохоор болж байна. Өнөөгийн УИХ-д ганц чуулганы хугацаа үлдээд байгаа юм.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

5.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

6.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/.

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ДАРАА:

  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газрын 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газрын 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай;
  • Эцсийн найруулга сонсох: Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл;
  • Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хаалт.
Categories
мэдээ цаг-үе

“Муу нүүрт” нэртэй гээд сайн, муу жил байна гэсэн ойлголт байхгүй

-ГАЛ БИЧИН ЖИЛД ГАН ЗУД БОЛОХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВТЭЙ-

Хэдхэн хоногийн дараа монголчуудын уламжлалт сар шинийн баяр тохиож XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилтэй золгох гэж байна. “Муу нүүрт” гал бичин жилийн талаар “Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн хамба, зурхайч Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.

-Ирж буй гал бичин жилийн ерөнхий төлөвийг зурхайн ухаанаар хэрхэн тодорхойлоод байна вэ?

-Жилийн ерөнхий төлөвийг гаргах зурхайн зурлагын олон арга бий. Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие эрхтэн, махбодуудад үндэслэн гал бичин жилийн шороон үхрийн зураглалыг гаргасан нь цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл ходоод нь улаан, шар шийртэй, амаа ангайсан байх бөгөөд сүүлээ зүүн тийш шарвасан харагдана. Үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсч, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж яваа. Энэ байдлыг харахад жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар бороо, мөндөр ихтэй байх бөгөөд халуун өвчин гарах төлөвтэй байгаа юм. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан хэдий ч нялхас, өвгөдөд ширүүн жил болно.

-Тэгэхээр ерөнхийдөө гантай, үр тариа ургац муутай байх нь ээ дээ?

-“Муу нүүрт” хэмээх гал бичин жилд үр тариа чухаг гээд байгаа. Ер нь зурлагад хур бороо багатай, гал махбод нь илүү зонхилсон жил гарна гэсэн л санааг илтгэж байгаа юм. Цагаан өнгө давамгайлаад ирвэл мөндөр бороо орох, үе үеийн шуурга салхитай байхыг илтгэдэг. Хөх гэвэл усан махбодыг илэрхийлэх гээд таван махбодын харьцаа явагдаж байдаг. Үүнээс харахад энэ жил ерөнхийдөө гал махбод зонхилсон гантай жил болохоор байна.

-Гал бичин жилийн “Муу нүүрт” хэмээх тодотгол нэр хэр ач холбогдолтой вэ. Ямар нэгэн утга санааг илэрхийлж байгаа юу?

-Жаран жил өөрийн гэсэн онжид нэр буюу оноосон нэртэй байдаг. Бичин жилийн оноосон нэр нь “Муу нүүрт” тохиож буй хэрэг. Тухайлсан нэрээр нь муу, сайн жил болдог гэсэн ойлголт байхгүй. Ноднингийнх л гэхэд галзууруулагч, согтууруулагч гээд баахан ярьсан. Жил нь, тийм гээд галзуураад, согтуураад байна гэсэн үг биш.

-Бичин жилийг хүмүүс хүйтэн, хатуу жил гэж ярьдаг. Бичин жил гарах нь зуд болох нь гэж ирээд л ярих юм…?

-Хаврын урь орно гээд 24 улирлыг боддог аргачлал зурхайн ухаанд байдаг. Гал бичин жил ирэх хоёрдугаар сарын 9-нөөс эхэлнэ. Бичин жилд бусдаасаа ялгарах зүйл байхгүй. Байгаль, цаг уурын давтамжууд гэж юм бий. Од эрхэс байгаль, цаг уурт хэрхэн нөлөөлж байгааг зурхайн ухаанаар тооцоолж гаргадаг. Тэгэхээр таны жил орж, мэнгэ голлож байгааг зүгээр сууж байгаад хэлчихдэггүй юм. Тэгэхээр энэ өвөл их цас орсон гээд бичин жилтэй холбож тайлбарлаж болохгүй. Учир нь хонь жил дуусаагүй байна шүү дээ. Тэгээд ч бичин жил бүр ган, зудтай болдог гэвэл худлаа. Энэ жил “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарах гэж байгаа болохоор иргэд энэ нэрэнд ач холбогдол өгч муу жил болох нь гэж ойлгоод байгаа. Гэтэл “Муу нүүрт” гэдэг нь ерөөсөө л гал бичин жилийн оноосон нэр. Жилийн ерөнхий төлөвийг гаргах зурхайн арга ухаан олон. Ганцхан цаг тооны бичгээр ч юм уу бүх жилийн төлөв байлдлыг шинжих нь өрөөсгөл л дөө. Ерөнхий багцааг нь гаргаж өгч байгаа юм. Товчхондоо ерөнхий жилийн өнгийг гаргаснаар хүмүүст анхааруулга өгч аливаад болгоомжтой хандаж, зөв чигт залж байгаа явдал. Энэ жил зундаа ган болно гээд нэг ерөнхий төлөв гараад ирэхээр тариаланчид эртнээс арга хэмжээ авдаг ч юм уу, өвөлдөө зуд болно гэхээр малчид эртнээс хадлан тэжээлээ бэлтгэж, бэлчээрийн зохицуулалтаа хийх жишээтэй. Тэртэй тэргүй зуд болно гэсэн гээд гараа хумхиад хэдэн малаа барахыг хэлэхгүй шүү дээ. “Ингэхгүй бол заавал тэгнэ” гэсэн үг биш юм шүү дээ. Ихэр хүүхэд хэдийгээр ар араасаа төрдөг ч хоёр өөр хувь заяатай байдгийг ойлгох хэрэгтэй. Хүний хувь төөрөг төрсөн цагаараа ялгаатай байдгийг би номын багшаараа заалгасан.

-Тухайн жилийн өнгө ямар байх нь хүмүүн биднээс хамааралтай гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Аливаа үйл эзэнтэй. Биеэрээ үйлдсэн үйл, хэлээр үйлдсэн үйл, сэтгэлээр үйлдсэн үйл гэж байдаг. Ирэх жилийн өнгө ямар байх нь гурван сая гаруй монголчуудын үйлээс шалтгаална. Тэгэхээр бие, хэл, сэтгэлийнхээ үйлийг хичээж, эв найрамдалтай байж чадвал бид ирж буй бичин жилийг ямар нэг айдасгүй давж чадна гэдгийг хэлэх байна.

-Тэгэхээр муу жил гэж огт байдаггүй юм байна. Тийм үү?

-Муу жил гэж ерөөсөө байхгүй. Хүн өөрийнхөө хийсэн муу үйлийг бусдад нялзаах, эсвэл тухайн гарсан жил рүү чихээд байна шүү дээ. Аливаа зүйл бие хүнээс өөрөөс нь шалтгаална. Бие, хэл, сэтгэлийнх нь үйлээс шалтгаална. Тухайн хүн хичнээн сайхан зүйл хийсэн ч сэтгэлийн үйлээр муу санаа гаргаж, хэрүүл тэмцэл их хийх тусам хар бараан чанар нь давамгайлаад ирдэг. “Хүн юу тарина, түүнийгээ авдаг”-тай адил юм. Тэгэхээр хүмүүс ганцхан “би” гэдэг бодлоосоо салах хэрэгтэй байна. Хүний сэтгэлийг номхотгодог арга бурханы шашинд байдаг. Өглөг буян, тэвчээр, хичээнгүй, сахилга баттай байхыг хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй.

-Бичин жилд шинээр гал голомтоо бадрааж болдоггүй, хуримаа хийж болдоггүй гэх юм. Үнэн үү?

-Энэ худал яриа. Над дээр олон хүн яг энэ асуудлаар ирж байна. Хуримаа хийж болохгүй юм уу, хүүхдийн сэвлэг үргээж болохгүй юу гэж ирээд асууж байна. Бичин жилд хүн төрж, үхэж болохгүй гэсэн зүйл байдаггүй биз дээ. Аль ч жилд хүн төрж л байдаг, үхэж л байдаг. Үүнтэй л адил. Орчлонд хүн төрж болж байгаа юм чинь бусад үйлүүд ч мөн үйлдэгдээд л явж л таарна. Юу үнэн төрөх, өвдөх, үхэх үнэн шүү дээ. Тиймээс бичин жилд хүмүүс гэрлэхэд буруу зүйл байхгүй. Бичин жилд Дашням, Балжиннямтай өдөр, Дүвжир барилдлагатай өдрүүд нь тохиогоод л явна. Өдөр судраа харж, үзүүлдэг лам, багш нараасаа асууж байгаад л гал голомтоо бадрааж болно шүү дээ.

-Дүвжир гэдэг нь ямар учиртай өдөр вэ?

-Жилийн хамгийн сайн өдрүүдийг ингэж нэрлэдэг гэж ойлгож болно. Жишээ нь, пүрэв гариг жил өдөртэй давхцахыг Пүрэвжалын Дүвжир гэдэг. Энэ өдрийг зурхайчид бодож олдог. Жишээлбэл, энэ жилийн шинийн дөрвөн Дүвжиртэй өдөр буюу бүтээлийн барилдлагатай өдөр байгаа. Дүвжир өдрийг бүтээлийн барилдлагатай өдөр гэж монгол хэлнээ хөрвүүлдэг юм. Бас нэг худал яриа байна.

-Ямар яриа юм бол?

-Сонгууль болно. Нэлээд будлиантай жил гарна гэсэн яриа иргэдийн дунд их байна. Аль ч зурхайд улс төр байдаггүй. Ганц нэрнээс юм уу, аман ярианаас болж эмзэглэх хэрэггүй гэдгийг хэлэх байна. Хүн болгон дотроо бодож тунгаагаад саналаа зөв өгөх л чухал. Өөрсдөө санал өгч тэргүүнээрээ сонгочихоод муу муухайгаар нь дуудаад адлаад байдаг. Энэ нь нөгөө л бие, сэтгэл, хэлээр муу үйл үйлдэгдээд байгаа тод жишээ шүү дээ. Нэгнийгээ муу хэлэх нь өөрийгөө муугаар хэлүүлэхийн үүдийг нээгээд байгаа хэрэг юм. Ард түмэн бүх нийтээрээ хараал ерөөлгүй, уур уцааргүй байвал бид ямар ч бэрхшээлийг даваад л гарна.

-Бичин жил залуучуудад их ээлтэй гэсэн. Ер нь ямар жилтэй, аль насны хүмүүс засал хийлгэх шаардлагатай вэ?

-Манай хийдээс гаргасан энэ цаг тооны хуанли дээр тодорхой биччихсэн байна. Бичин жил залууст амгалан, нялхаст ширүүн, өвгөдөд ширүүн жил болно.Залуучуудад сайн, ахмадуудад дунд гэж байгаа. Ахмадууд биеэ сайн бодож, болгоомжтой байвал илүүдэхгүй гэсэн үг. Бүгд ширүүн гэсэн гээд бүх хөгшчүүл байхгүй болно гэсэн үг биш шүү дээ.

-Жил орж байгаа хүмүүс ямар засал хийлгэвэл зүйтэй вэ?

-Хүмүүс жил орж байгаа гээд айдаст автаад байдаг. Жил орно гэдэг нь энгийнээр хэлбэл, гурван жилийн давтамжтай зүйл гэж ойлгоход болно. Жилийн дараа Нашдүрсүм нь таарч байвал эрэгтэй, эмэгтэй гэлтгүй жил дагаж засал хийлгэдэг. Учир нь жил орсноор өвдөж, бэртэж болзошгүй тул сэрэмжлүүлэг хүргэж байгаа юм. Жилийн өмнө тэр гурван жил ирэх юм бол угтаж засал хийлгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүн бүгд адилгүй.Тухайн жилээсээ хамаараад суудал, мэнгэ голлох, мөчлөгийн давтамж явагддаг. Тэгэхээр хүн болгон ижил засал хийлгэнэ гэж байхгүй шүү дээ. Өвдөх, үхэхээс болгоомжилж байгаа хэрэг. Мэнгэ голлосон нь, суудал голлосон нь гээд мэдээж тохирох заслыг тухайн жилдээ хийлгэх ёстой. Өөрөө өөрийнхөө шүтдэг лам хуваргуудаас лавлаад л сэтгэлээрээ өөрийнхөө заслыг хийх ёстой юм шүү дээ. Харин бар жилтнүүд төмөр бич өдөр бямба гаригт хийморийн буулттай байна. Хийморийн дарцаг хийсгэнэ. Бар жилтнүүд их харш жилийн засал хийлгэнэ. 1926, 1962, 1998 оны бар жилтнүүд мэнгэ голлосны засал хийлгэх хэрэгтэй. 1914, 1938, 1962, 1986, 2010 оны бар жилтэй эрэгтэй, эмэгтэйчүүд модон суудалд суусан байна. Энэ нь жилээ угтаж заслаа хийлгэнэ гэсэн үг. 1926, 1962 оны бар жилтэн суудлын гүмэгийн засал хийлгэнэ. Жагнаггадог уншуулах хэрэгтэй. Манайхан орчуулгын зөрүүнээс болоод нэг буруу ойлголттой болсон юм. Дөрөв дэх жилийг бага харш, долоо дахь жилийг их харш гээд ойлгочихсон. Өөрөөр хэлбэл, харш гэдэг үг нь орчуулгын алдаа юм. Үүнийг жилийн засалтай гэж ойлгох хэрэгтэй.

-Шинийн нэгэнд зүг чиг, мөрөө хэрхэн гаргах талаар тодруулахгүй юу?

-Өмнө нь гэрийн эзэн шинийн нэгний өглөө мөрөө гаргадаг байсан. Харин ардчилал бий болсноор өнөөдөр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй л мөрөө гаргадаг болж. Зүгээ буруу, зөв гаргасны буруу гэж бас байхгүй л дээ. Гол нь сэтгэлээрээ хийж байгаа үйл , биеэрээ хийж байгаа үйл юм. Ингэхдээ сайхан үг, ерөөл хэлж, сэтгэлээ ариусгаж байгаа юм. Энэ жил ямар нэг барцад саадгүй, санасан хэрэг сайхан бүтэж, өвчин зовлонгүй байлгаач гэж л ийм юмыг чинь гаргаад байгаа шүү дээ. Мөрөө гаргачихлаар нэг их сайхан дотор онгойгоод явчихдаг.

-Нэг ёсондоо өөрийнхөө сэтгэлийг засч байгаа хэрэг аж?

-Сэтгэлээрээ засч байна, биеэрээ засч байна гэсэн үг. Маань мэгзэм уншвал хэлээрээ сайн сайхан үйлийг бий болгож байна гэж ойлгож болох нь.

-Битүүлэх ёсны талаар мэдээлэл өгнө үү?

-Цагаан сарын урд өдрийг битүүн гэж нэрлээд байгаа юм. Энэ өдөр айл өрх гэр орноо бүрэн гүйцэд цэвэрлэсэн, идээ будаагаа бүгдийг нь бэлтгэж базаасан байдаг. Түүнээс биш битүүлнэ гэхээр тийм хоол иднэ, идэж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Юу байна түүгээрээ л зочилж, дайлах хэрэгтэй. Битүүнд хийдүүд Лхам хурдаг. Учир нь, энэ өдөр Лхам бурхан 3000 ертөнцөөр айл бүгдэд зочилдог гэсэн уламжлалтай юм. Тиймээс битүүний орой айлууд Лхам бурханы унаанд зориулан ундаа гэж үүдэндээ мөс, цас тавьдаг уламжлал бий. Дээхнэ үед битүүлгийн идээ гээд айлууд хоорондоо солилцдог байсан. Одоо ч гэсэн энэ заншил үргэлжилж л байгаа.

-Битүүлэх ёсны цээрлэх зүйлээс…

-Энэ өдөр айл хэсэхийг цээрлэдэг. Учир нь хэсүүчилсэн хүн шинэ ондоо тэнүүчилнэ гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. Битүүний өдөр нохой зодохыг мөн цээрлэдэг. Тйимээс нохойг цадтал нь сайн хооллох хэрэгтэй. Мөн амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэдэг. Угаадсаа ил задгай асгаж болдоггүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана гэдэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүйтний эсрэг шинжлэх ухааныг хөгжүүлмээр байна

Өнгөрсөн зууны сүүлээс шинжлэх ухаан хурдацтай хөгжиж эхэлсэн. Гэтэл хүйтний эсрэг шинжлэх ухаан огт хөгжилгүй өнөөдрийг хүрчээ. Яагаад гэвэл хүн төрөлхтний 99 хувь нь яаж ч хүйтрээд шөнөдөө -20 хэмээс илүү гардаггүй цаг агаарын таатай бүс нутагт амьдардаг. Шинжлэх ухаан, технологийн өлгий нутаг болох Америк, Герман, Япон зэрэг улсад өдөртөө -30 хэм хүртэл хүйтэрнэ гэж бараг л байхгүй дээ. Урссан нулимс эгээтэй л хацар дээр хөлдчихдөггүй энэ хүйтэн газар хэн амьдардаг вэ гэвэл Сибирийн хэдэн оросоос гадна монголчууд бид л байна. Тиймээс хахир өвлийн хүйтэнд арай ч осгочихолгүй аж төрөхийн тулд хөвөнтэй өмд, үстэй дээлнээс өөрийг бодож олж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Хэрэв германчууд, япончууд ийм хүйтэнд амьдардаг байсан бол хүйтний эсрэг өчнөөн олон технологийн нээлт хийчихсэн байгаа. Ямар ч л байсан хахир хүйтэнд иргэдээ ажралгүй алхуулж чадах технологи нээчихээд сууж байх ёстой. Хүйтний эсрэг технологи гэж юуг хэлээд байна вэ гэвэл утаагүй, дулаан байр, биед эвтэйхэн, хөнгөн мөртлөө дулаахан хувцсыг хэлнэ. Орчин үед ийм зүйл зохиох хэрэгтэй байна. Бид энэ өвлийг яаж давж байгаа билээ дээ. Охид хүүхнүүд доод тал нь дөрвөн давхар зузаан өмд давхарлан өмсөж байна. Эрчүүд аль зузаан ултай, дулаахан гэсэн гутал хайж дэлгүүр хоршоогоор эргэлдэж яваа. Өнөөх олон давхарлаж өмссөн хувцсандаа түүртээд хөнгөн шингэн, хурдан ч алхаад явчихаж чадахгүй бээцгэнцгээнэ. Дээрээс нь гудамж талбай цас мөсөнд хучигдчихаар биеэ аль байдгаар нь хумин бээвийж явсаар ядарчихдаг. Тиймээс аль болохоор таатай өвөлжихийн тулд хүйтний эсрэг технологийг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм. Сэтгэл байвал ямар л бол ямар аргаар иргэдээ дулаахан өвөлжүүлээд байж болно шүү дээ. Үгүй ядаж л нийслэл хотын автобусны буудлыг дулаан зогсоолтой болгочих.

Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-ны гадаа нэгэн саравч байдаг. Элчин рүү орохоор дугаарлан зогсоо хүмүүст зориулсан. Тэр саравч яадаг вэ гэхээр тенээр халдаг. Саравчны доор очоод зогсохоор дээрээс нь халуу төөнөөд дааруулдаггүй. Жавар тачигнасан идэр есийн хүйтэнд дугаарлан зогсоо хүмүүсийг даарч бээрэлгүйгээр хүлээн зогсох боломжтой болгосон гэсэн үг. Америкчууд гадаах хүйтний асуудлыг ингээд шийдчихсэн байхад бид ядаж автобусны буудал дээр унаагаа хүлээн зогсоо иргэдээ дааруулмааргүй байна. Нэг хөлөө нөгөөгөөр нь товшилгүй автобусандаа суух бололцоог бодож олох хэрэгтэй. Шилэн хаалттай дулаан байр бэлддэг ч юм уу ямар нэгэн аргаар л автобусаа хүлээхдээ дэвхцэж зогсдоггүй болгомоор байгаа юм. Эсвэл час халуун цай, аарц, чацарганаар үйлчилдэг түргэн үйлчилгээний газартай болъё. Гадны ихэнх улсын метро, автобусны буудал дээр манайхны ТҮЦ шиг хэмжээтэй үйлчилгээний газар байдаг. Тэндээс халуун цай, кофе ууж болно. Даарчихсан явахад аяга халуун цай уухад дорхноо бүлээцээд ирдэг дээ. Яг л тийм газартай болмоор байгаа юм. Манай хотын гудамжинд хаа сайгүй “Хүйтэн пиво-Халуун хоол” гэсэн хаяг харагдаж байдаг. Өвлийн хүйтэнд энэ хаягийг уншаад л чичирмээр санагддаг. Тэгвэл үүнийхээ оронд час халуун мөртлөө шим тэжээлтэй уух зүйл хурдан шуурхай үйлчилдэг төвүүдтэй болмоор байгаа юм. Өвөлдөө халуун ундаагаар үйлчилсэн тэд зундаа зайрмаг, мөстэй ундаа гээд цаг агаартайгаа нийцүүлэн ажиллахад болохгүй зүйлгүй. Иймэрхүү зүйлийг сэтгэж хиймээр байна. Ядаж л хүйтэнд ямар хоол идэх хэрэгтэй вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Уламжлалт хүнс буюу тарган мах идээд араас нь архи уугаад байж болохооргүй байна. Хөдөөний малчид ихэнхдээ л иймэрхүү хоол идэж байгаа. Өөхтэй тарган мах идэж өвлийн хүйтнийг давна гэж ярьдаг нь буруу. Ингэж хооллосон хүмүүс 50, 60-аас дээш наслахгүй байна. Эрүүл мэндэд зохихгүй байна гэдгийг эрчүүдийн дундаж наслалтаас харж болохоор байгаа. Тиймээс эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй мөртлөө хүйтний улиралд тохиромжтой хоол юу байдгийг эрдэмтэд хэлж өгөх хэрэгтэй. Орчин үеийн хүмүүсийн амьдралд нийцэх эрүүл, зөв хооллолтын сонголтуудыг гаргаж өгмөөр байгаа юм.

Шинжлэх ухааны академийн судлаач, эрдэмтэд хамтраад гудамж талбайгаа дулаан байлгах шинэ арга санаачилж яагаад болохгүй гэж. Японы Осака хот бол Япондоо л хүйтэнд ордог газар. Төр засаг нь тэндхийнхээ иргэдийг хүйтэнд ая тухтай амьдруулахын тухайд гудамжаа доороос нь халааж өгдөг. Гадаа гудмаар явж байхад л доороос дулаанаар төөнөөд байдаг. Тэд хөлддөггүй шингэн бүтээн гудмаа халааж иргэдээ дааруулахгүй өвөлжүүлээд байна. Гудамж талбай доороосоо халахаар ядаж л цастаж мөстөхгүй болохоор халтирахгүй. Харин манайд яаж байгаа билээ дээ. Өвлийн хэдэн сарын турш тархиараа саваад уначихгүйн тулд хоёр тийшээ найган оцон шувууны алхалтаар урагшилна. Тэгвэл энэ бүхнийг шийдэх цаг хэдийнэ болжээ. Байшингийн хана гадагшаа халдаг технологи байж болно. Хэрэв нийслэлийн бүх байшингийн хана гадагшаа халдаг болчихвол учиргүй халууцаад явдаггүй юмаа гэхэд бөөн бөөнөөрөө осгож үхээд байхгүй.

Аль 1800-гаад оны үед нээсэн төвлөрсөн халаалтын систем өнөөдөр хоцрогджээ. Хүн төрөлхтөнг алмайруулсан шинэ технологи бүтээдэг эрдэмтэд бидний зовлонг мэдэхгүй болохоор хүйтний эсрэг технологи санаачилъя гэж бодохгүй. Тиймээс монголчууд бид л өөрсдөө хийх хэрэгтэй. Шинжлэх ухааны салбарынхан нэг хэсэг юун шинэ нээлт, шинэ технологитой манатай үе байсан. Одоо тэгвэл цаг өөр болсон. Үнэхээр хүнд хэрэгтэй шинэ зүйл сэдвэл төр засгаас үнэлдэг, урамшуулдаг болсон байна. Ийм үед эрдэмтэн, судлаач нар мэдлэг чадвараараа өрсөлдөх хэрэгтэй. Хүйтэн газар амьдардаг бид хийхгүй бол өөр хэн ч хийж өгөхгүй. Шинжлэх ухааны академийнхан хүйтнийг ялах хэмжээний технологи гаргах хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал монголчууд эх орондоо таатай амьдарч чадна. Уг нь тав тухтай байж чадвал өвлийн улирал гоё. Өвлийн улиралд дулаахан хувцаслаад сэнгэнэсэн цэвэр агаарт алхахад хүн бүр дуртай. Даанч хөлдөж үхнэ гэж айгаад гэрээсээ гардаггүй. Тиймээс хүйтнийг мэдрэнгээ аятай тухтай өвөлжүүлдэг болгоод өг. Өвлийн хүйтэнд нийслэл хот дотроо хүнээс нуугдаж байгаа аятай нүүр амаа битүү баглаж алхмааргүй байна. Хүрмээ өмсөөд үсээ задгай тавиад алхдаг болтол хотын жаврыг үргээгээд өгөөч.

Categories
мэдээ цаг-үе

Н.Дашзэвэг: Завсрын ашиг ологч байгууллагуудыг хасчихвал ипотекийн зээлийн хүү нэг болох боломжтой

Сүүлийн үед орон сууцны зээлийг таван хувь болгох тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Гэтэл эдийн засагч Н.Дашзэвэг нэг хувь болгох тухай асуудал дэвшүүллээ. Энэ тухай түүнээс тодруулав.

-Өнөөдрийн санхүүгийн зах зээлийг юу гэж харж байна?

-Манай өнөөгийн санхүүгийн зах зээл хөгжсөн орнуудын хэмжээнд хүрч чадаагүй. Жишээлбэл үнэт цаасны зах зээлд иргэд орж ирдэггүй, хамаг мөнгө нь хадгаламж руу орчихдог. Энэ нь банкны зах зээл, үнэт цаасны зах зээлийн харьцаа алдагдсан гэсэн үг. Банкуудын буруу. Банкууд хадгаламжийн хүүгээ өндөр тогтоож байна. Жилд арван таван хувийн хүүтэй. Энэ тохиолдолд арилжааны банкны хадгаламжийн хүүнээс өөр юм сонирхохоо больчихдог. Арвантаван хувийн хүүг хөгжингүй орнууд үнэт цаасны зах зээлд л гаргадаг. Барууны орнуудад банкны хадгаламжийн хүү гэж бараг байхгүй. 1-2 хувьтай. Зарим оронд бол банкинд мөнгөө хадгалуулсны төлбөр төлдөг.

-Үүнийг засах ямар арга байна?

-Засаг нийт зээлийн хүү, хадгаламжийн хүүг бууруулж байж л үнэт цаасны зах зээл ажиллана. Тийм учраас нийт зээлийн хүү, хадгаламжийн хувийг хамт бууруулах хэрэгтэй. Хадгаламжийн хүү таваас зургаан хувь, зээлийн хүү наймаас есөн хувь руу орчихвол хувьцааны зах зээлийг хүмүүс сонирхож эхэлнэ. Өөрөөр хэлбэл хадгаламжинд мөнгөө хийх биш, хувьцаанаас ашиг олох сонирхол нэмэгдэнэ. Монголын ард түмэн бүгд хөрөнгө оруулагч болж хувирна.

-Өнөөдөр хөрөнгийн биржээс гарч байгаа хувьцааны тайлан маш бүдэг байхад хэн хувьцаа авах юм бэ?

-Ер нь хувьцаат компани ирэх жил ийм ашиг олно, нэг хувьцаанд ноогдох ашиг ингэж өснө, та бүхний мөнгө ингэж өснө гэж нийтэд санал тавьдаг. Тэгж л мөнгө татдаг.

-Манай улсад ийм компани байна уу?

-Байхгүй. Жишээ нь МИК компани бол бид урт хугацаанд ашиг олно гэж байгаа юм. Тэгэхээр МИК-ийн хувьцааг тодорхойгүй ашиг олох хувьцааг хүн авахгүй шүү дээ.

-“МИК” ер нь ямар ашиг, алдагдалтай ажилладаг газар вэ? Хэний ямар компани вэ?

-“МИК”-ийг арван банк, төрийн гурван компанийн оролцоотой байгуулсан. Төрөөс Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн банк оролцсон байгаа. Хөрөнгийнх нь хорь орчим хувь нь төрийн өмч. 80 орчим хувь нь хувийн банкууд. Төрийн өмч, хувийн өмч нийлсэн байгууллага. “МИК” нь зуучлагч байгууллага. Арилжааны банкуудаас зээлийн хүүг багцалж аваад буцаагаад үнэт цаас болгоод нийтэд худалддаг. Гэтэл үнэт цаасыг нь Засгийн газар авчихаж байгаа учраас МИК нь эрсдэлгүй байгууллага. Зүгээр л илүү шат дамжлага болчихоод байгаа юм. Жишээ нь 2015 оны байдлаар 30 тэрбумын ашигтай ажилласан. 2014 онд 12 тэрбум, 2013 онд найман тэрбум, 2012 онд 400 сая төгрөгийн ашигтай ажилласан.

-Энэ ашгийг хаанаас олж байна?

-Арилжааны банкуудаас авсан багцаа эргүүлж цааш нь зараад хүүнээс ашиг олж байна. Арилжааны банкуудаас авсан зээлийн багцаа эргүүлээд банкуудад 10,5 хувийн хүүтэй өгч байгаа юм. Дараа нь Монголбанкинд 4,5 хувийн хүүтэй өгч байгаа юм. Тэгээд үүнийхээ дундаас ашиг үүсгээд байгаа.

-Зах зээлийн эдийн засагт үүнийг санхүүгийн луйвар гэж үздэг биз дээ?

-Зах зээлийн эдийн засагт хэрвээ энэ авч байгаа мөнгөнүүд нь буцааж банкууд авах биш өөр хүмүүс, өөр компани авбал энэ нь цэвэр бизнес. Одоогийн нөхцөлд Монгол банк арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй эх үүсвэрийг өгчихлөө. Дараа нь арилжааны банкууд түүнийг 4.5 хувийн хүүтэй үнэт цаас болгоод Монголбанкинд өгч байгаа юм. Монголбанк өөрөө өөрийнхөө хөрөнгийг буцаагаад авч байна гэсэн үг. Арилжааны банк адилхан. Ипотекийн зээлийн 6-7 зуун тэрбумыг арилжааны банкууд гаргасан. Нийтдээ 3,3 их наяд төгрөг гарсан байгаа. Үүний бараг 2,4 нь цэвэр Монголбанкны мөнгө. Тэгэхээр арилжааны банкууд өөрөө өөрсдийнхөө үнэт цаасыг буцааж худалдаж аваад толгой эргэм хачин юманд орчихоод байгаа.

-Монголын хамгийн эрэлт хэрэгцээтэй зах зээл дээр Монголбанк, арилжааны банк, Засгийн газар гурав ноёлж байна. Тэгэхээр иргэд, хувь хүн тэдний мөнгийг өсгөх замаар л байртай болно гэсэн үг үү?

-Хувь иргэд оролцох сувгийг “МИК” компанийнхан арванхоёрдугаар сард нээсэн. Хувьцаагаа нийтэд зарласан. Нэмж гаргаж байгаа хувьцааны арвантаван хувийг, нэгж хувьцааг 12000 төгрөгөөр зарж байна. Ингээд 30-40 тэрбум төгрөг босгочихлоо. Энэ нь анхны хувилбар. Гэхдээ энэ хувьцааг буцаад л нөгөө банкууд нь худалдаад авчихаж байна. Иргэд маш өчүүхэн хувийг авч байгаа. Тэгэхээр өөрөө өөрийнхөө юмыг худалдаж авдаг, төрийн мөнгөн дээр ашиг босгодог байгууллага болчихож байгаа юм.

-Ипотек гэдэг казино бий болчихоод байна уу?

-Хэрвээ төрийн мөнгөөр тоглоогүй бол энэ байгууллага маш зөв байх байлаа.

-Монголбанк ингэж санхүүгийн арилжаанд орох эрхтэй юу?

-Хөгжиж байгаа орнуудад ипотекийн хувьцааг тухайн орны төв компани нь эзэмшдэг туршлага бий. Гэхдээ ихэнх хувийг төр гаргаад тоглодог юм байхгүй. Манай загвар төрийн мөнгийг хувийн компаниудад өгч үржүүлж байна гэсэн үг. Тэгээд өөрсдөө болон ТУЗ-д байдаг хүмүүс тодорхой ашиг авдаг. Үүнээс харахад энэ нь зөв алхам биш.

-Монголбанк хуулиараа зээл өгөх эрхтэй юу?

-Арилжааны банкуудад зээл өгөх эрхтэй. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийг шууд санхүүжүүлж болохгүй. Арилжааны банк болон Засгийн газраар дамжуулж зээл өгч болно. Одоо ипотекийн зээлийн мөнгийг арилжааны банкууд өгч байна. Ипотекийн найман хувийн зээл гэдэг нь Монголбанкны дөрвөн хувийн эх үүсвэртэй, 2,2 их наяд төгрөг. Арилжааны банкууд дөрвөн хувиа нэмээд ингээд найман хувь болчихоод байгаа юм.

-Ипотекийн зээлийн хувийг таван хувь болгоно гэж яриад хэрэгжүүлж эхлээгүй байхад та нэг хувь болгоно гэчихлээ.

-Монголбанк өмнө нь дөрвөн хувийн хүүтэй өгдөг байснаа одоо нэг хувийн хүүтэй зээл өгнө. Арилжааны нэг хувийг нэмээд л таван хувь болгочихож байгаа байхгүй юу. Арилжааны банкууд татвар төлөгчдийн мөнгөөр л тоглож байна. Би энэ дөрвөн хувийг заавал арилжааны банкаар дамжуулах хэрэггүй гэж үзэж байгаа юм.

-Төрийн банк гээд ашгийн бус байгууллага байхад арилжааны банкуудаар дамжуулж хүүг өсгөөд байна гэсэн үг үү?

-Ипотекийн зээл нь ломбардтай яг адилхан. Барьцааг нь өгчихөөд барьцаанд нь байрыг нь авчихдаг. Ийм эрсдэлгүй зээлийг арилжааны банкуудаар дамжуулах шаардлага байхгүй. Мөн МИК-ээр дамжуулах хэрэггүй. Замд нь хүү нэмээд байдаг байгууллагыг хасчихаар ипотекийн зээлийг нэг хувиар өгөх боломж гарч ирч байгаа юм.

-Барилгын компаниуд Төрийн банктай харьцаад явахад бусад зардлууд танагдаад нэг хувь болох боломжтой гэсэн үг үү, нэг хувь үйл ажиллагааны зардлыг нөхөх үү?

-Иргэдэд зээлийн шалгуур гэж банкууд тавьж байгаа. Сарын орлого нь нэг саяас багагүй, байнгын тогтмол орлоготой, ажлын байрны баталгаатай, өмнө нь зээл аваад найдваргүй зээлдэгч болсон хар данс байхгүй гэдэг ч юм уу шаардлагууд тавьдаг. Энэ шалгуур хэвээрээ байна. Төрийн мөнгөөр ТОСК-оор дамжуулаад орон сууц бариулчихъя. Одоо энэ байгууллага 20 хувийн ашиг хийж байна. Үүнийг зогсооё. Замд нь ашиг хийж буй байгууллагуудыг хасчихвал ипотекийн зээлийн хүү нэг болох боломжтой.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

П.Дагийсүрэн: Би одоо л урлагийн хүн болох гэж байна

“My Voice” тэмцээний оролцогчдоос П.Дагийсүрэн дуулах ур чадвараараа төдийгүй өвөрмөц хоолойгоороо бусдаасаа ялгарсан. Тэр мэргэжлийн хэллэгээр контр альт хоолойтой. Энэ нь ихэд ховорт тооцогддог гэнэ. П.Дагийсүрэн олон тэмцээнд оролцохдоо хэд хэдэн удаа “Олны таашаалыг хүртсэн дуучин”-аар тодорсон. Хамгийн сүүлд “My Voice” тэмцээнд оролцож мөн л олны таашаалыг хүртсэн дуучны шагналыг хүртсэн юм.

-Та аль нутгийнх билээ?

-Уг нь бол Говь-Алтай аймгийнх. Намайг бага байхад манайх Дарханд нүүж ирсэн. Дарханы 14 дүгээр сургууль буюу “Жигүүр” цогцолборыг төгссөн.

-Бөх болох гэж байсан охин яаж яваад дуучин болов?

-Манай “Жигүүр” цогцолбор бөхийн ангитай. Манай сургуульд Дарханы шилдэг хүүхдүүд суралцдаг. Би дөрөвдүгээр ангиасаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Ээж, аав хоёулаа бөхийн удамтай л даа. Тиймээс бөх болно гэж боддог байлаа. Багаасаа л аавтайгаа бөхийн барилдаан үзнэ. Намайг бага ангид байхад гавьяат тамирчин Эрдэнэт-Од олимпоос медаль авч ид мандаж байлаа. Түүнийг хараад эмэгтэй хүн барилдаж болдог юм байна гэсэн бодол төрж, түүн шиг нэртэй бөх болохыг мөрөөддөг болсон. Ингээд тамирчин болохоор шийдсэн. Бэлтгэл хийж байхдаа маш их бэртэл авсан, ахар сүүлээ хүртэл хугалж байлаа. Хамгийн сүүлд тархиндаа бэртэл авсны улмаас хараа муудаж тэрнээс хойш спортыг орхисон.

-Хэзээнээс эхэлж дуулсан бэ?

-Цэцэрлэгт байхдаа дуулж байсан юм шиг байна лээ. Нэг зураг байдаг юм.

-Сургуульд байхдаа дуулж байгаагүй юу?

-Барилддаг байхдаа спортынхны урлагийн үзлэгт оролцдог байсан. Тамирчид дундаас арай гайгүй дуулдаг байсан болохоор надаар дуулуулна. Урлагийн үзлэгт урдаа барьдаг хүн нь байсан. 2009 онд бил үү “Оддын эрэлд-3” тэмцээнд оролцож байсан. Клубийнхэн маань ятгасааар байгаад оруулж билээ. Тэрнээс хойш бараг дуулаагүй. Спортыг ч орхисон, 11 дүгээр ангиа ч төгссөн ингээд яахаа мэдэхгүй байв. Тамирчин болно гээд шийдчихсэн байсан болохоор их хэцүү байсан. Сэтгэл санаагаар ч нэлээд уналаа. 17 настай байсан мөртлөө амьдрал дуусчихсан мэт л санагдаж байсан үе. Гэтэл манай Дарханы гавьяат жүжигчин Дагийсүрэн дуучны дугуйланд хүүхэд авч байна гэсэн зар гаргасныг олж уншаад очиж шалгуулж билээ. Надтай ижилхэн нэртэй болохоор гоё санагдсан.

-Гавьяат жүжигчин Дагийсүрэнд шалгуулахад юу гэж хэлсэн?

-Багш маань өөртэй нь ижилхэн нэртэй гээд ихэд бэлгэшээсэн. Намайг шалгаад дасгал уншуулж, сонсгол шалгаад “Болж байна, миний хүү. Чамд тэнгэрээс заяасан авьяас байна, дуулах хоолой байна” гэсэн. Бөх болох гэж байснаа багшдаа ярихад намайг урлагийн хүн болох ёстой гэж билээ. Надаас нэг ч төгрөг авахгүй мэддэг бүхнээ зааж өгнө гэсэн. Урлагийн хүн ямар байх ёстой, дуулах ур зүй, амьсгаа хэрхэн авахаас эхлүүлээд бүгдийг заасан. Нэг жил багшаараа хичээл заалгуулж, урлагийн хүн болох хэцүү гэдгийг ч мэдэрсэн. Урлаг гэдэг үгээр хүнийг амьдруулдаг болохыг тэгэхэд ойлгож билээ. Спорт бол бяр тэнхээ, тэвчээр, ухаан гурав байхад болдог. Тэр үед надад Үндэсний биеийн тамирын дээд сургуульд орох урилга байсан. Очиж бүртгүүлэхээр явж байгаад Соёлын урлагийн их сургуулийн урдуур гарлаа. Гэтэл дээд давхраас нь хөгжим сонсогдоод их сайхан санагдсан. Ямар байдгийг нь үзэхээр ороод элсэлтийн шалгалтанд нь бүртгүүлж тэнцэж билээ.

-Өөрийг тань анх дуулж байгааг сонсоод дуурийн дуулаачийн ангид сурдаг байх гэж бодож байлаа?

-Тийм ээ. Уг нь бол дуурийн дуучны хоолойтой. Дагийсүрэн багш маань намайг өөрийнхөө багш ардын жүжигчин Ц.Уртнасан гуай дээр хүртэл аваачиж сонсгож байсан. Ц.Уртнасан гуай миний дуулахыг сонсоод “Хайран сайхан хоолой. Даанч бие нь жижигхэн юм” гэж билээ. Би жижигхэн биетэй болохоор дуурийн дуучинд тохирохгүй гэсэн.

-Тэгээд л Соёл урлагийн их сургуулийн эстрадын дуучны ангид орсон юм уу?

-Ямар сургууль болохыг үзэх гэж ороод шууд л бүртгүүлсэн гэж ярьсан даа. Яг тэр үед уран чадварын шалгалт авч байсан. Их азтай л даа. Шууд л шалгалтанд нь ороод чаддаг юмаа үзүүлсэн. Бүжиглэ гэхээр нь бүжиглэсэн. Хөгжим тогло гэхэд нь “Үнэхээр хөгжим тоглож чаддаггүй” гэсэн. Этюд гэж юуг хэлдгийг ч мэддэггүй байлаа. Орой нь зургаан цагаас дүнгээ сонс гэсэн. Шалгалтын дүнгээ үзэх гээд очиход нэлээн дээгүүр орсон байсан. Одоо бодоход багш нар маань тэр үед надад маш их итгэл үзүүлжээ.

-Мэргэжлийн багш тань хэн билээ?

-УГЗ Д.Ухнаа. Манай багш гуравхан эмэгтэй шавьтай. Би хамгийн бага нь.

-Яагаад “My Voice”-т оролцохоор болов?

-Багш маань өөрийгөө сорьж үз гэж дандаа хэлдэг. “Урлагийн хүн ганцхан миний сургаснаар явж болохгүй. Өөр хүнээс бас суралцах хэрэгтэй” гэдэг. Өөр дуучдыг үз, тэмцээнд ор гэж хэлдэг байсан. Би Соёл урлагийн их сургуульд орсноосоо хойш “Монстр” гээд нэлээд хэдэн тэмцээнд оролцохдоо дандаа л тодорхой хэмжээний амжилт үзүүлдэг байлаа. Эдгээр тэмцээн болгоноос маш их зүйлийг сурсан. Юун дээр алдав, тайзан дээр гараад үзэгчдийн сэтгэлд хүртэл дуулахын тулд яах ёстой, юу бодох ёстой, үгээ яаж хэлэх гээд л. Энэ бүхнийг тэмцээнд оролцож байж мэдэж авдаг юм билээ.

-Та “Universe best songs” тэмцээнд нэлээд амжилттай оролцсон байх аа?

-Тийм ээ. Энэ тэмцээн нэлээд хэдэн шат явсан. Тэр үед би жирэмсэн байсан. Хүүгээ төрүүлэх гэж байсан болохоор сургуулиасаа чөлөө авсан байлаа. Учир нь байнга дасгал уншаад, дуулаад байхад урагт сөргөөр нөлөөлдөг гэсэн. Тиймээс багш маань чөлөө авах хэрэгтэй гэсэн юм. Ингээд чөлөөтэй байхдаа тэмцээнд оролцъё гэж бодсон. Д.Ухнаа багш маань ажиглагч шүүгч хийж байсан шүү дээ. Би “Uni­verse best songs”-д оролцохоо багшдаа хэлээгүй. Нэгдүгээр шатанд нь оролцсоныхоо дараа багшдаа зэмлүүлж байлаа. Багш “Давхар биетэй байж яаж байгаа юм. Надад яагаад хэлээгүй юм. Ар өврийн хаалга гэж байхгүй шүү. Би чамаас өөрийнхөө заасан юмыг л харна. Багш намайг дэмжинэ гэж бодох хэрэггүй гэдгийг хатуу хэлье” гэж билээ. Ингээд багшдаа сурсан зүйлээ харуулахыг л хүссэн. Шүүгчид юу гэж хэлэх нь надад чухал биш байсан. Багшийн маань үнэлгээ чухал байлаа.

-Та бас “Best of best”-д оролцсон байх аа?

-Тэгсэн. “Universe best songs”-ийн он болгоны шилдгүүдээс шилдгийг нь тодруулахаар “Best of best”-ийг зохион байгуулсан. Түүний хоёрдугаарт шатанд би “Буруу эргэлт” киноны дууг дуулсан. Тэр дуунд их дуртай л даа. Их хүнд дуу. Би долоон сартай жирэмсэн байсан. Намайг дуулахыг сонсоод багш маань уйлж билээ. Сэтгэлд нь хүрсэн байх аа. Тэр үед л Д.Ухнаа багш маань тэнд байсан хүмүүст “Энэ бол миний шавь. Би шавиараа бахархаж байна” гэж хэлсэн. Тамирчин хүн ялалт байгуулаад нэг сайхан болдог доо. Надад яг л тийм байсан. Тэр тэмцээнээс би олны таашаалыг хүртсэн дуучны шагнал хүртсэн. Гэхдээ энэ нь миний хувьд гран пригээс илүү. Одоо л би урлагийн хүн болох гэж байна гэж бодож билээ.

-Цаашдаа ямар шинэ уран бүтээл туурвихаар төлөвлөж байна?

-“My Voice”-ийн гала концертод орсон. Энэ тэмцээн надад маш их зүйл өгсөн. Үнэхээр их эрч хүч зарцуулсан. Хүн юу хийж болдгийг надад харуулсан тэмцээн. Тоглолтонд оролцох санал, студи, продакшнуудаас хамтран ажиллах санал маш их тавьж байгаа. Бүр толгой маань эргэчихээд байна. Ямар ч байсан биеэ даасан уран бүтээлч болно гэж бодож байгаа.

Categories
мэдээ нийгэм

“Монголчууд хулгай дээр хүртэл жудаг заадаг” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарч, уншигч
захиалагчдынхаа гарт хүрлээ.

Энэ өдрийн дугаарын онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас
сонгож, тоймлон хүргэе.

Ирж буй бичин жилийн сар шинийн баяраар зүг мөрөө хэрхэн
гаргахаа та мэдэж амжсан уу. Тэгвэл манай сонины тэргүүн нүүрээс зүг мөрөө
гаргах зурхайг хүлээн авч үзээрэй.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Төв Азийн нүүдэлчин соёл
иргэншилтэй улс орнуудтай ойртон нягтрах хэрэгтэй” ярилцлагыг нэг, хоёрдугаар
нүүрээс унших боломжтой байна.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг
алдарт гуравдугаар нүүрт “Монголчууд хулгай дээр хүртэл жудаг заадаг” нийтлэл
хэвлэгдлээ. Уг нийтлэлд “…Хүмүүс Г.Шийлэгдамбын яриаг сонсоод Н.Энхбаярыг нь
муулж, сайдыг шударга үнэнийг хэллээ гэлцэж байна. Нөгөө талаас Г.Шийлэгдамбын
хувьд маш харамсалтай зүйл болж байгаа юм. Одоо түүнд хэн итгэх билээ… ” гэж
бичжээ.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр Medee.mn сайтыг албан
тушаалаараа далайлган сүрдүүлж дарамталсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг
долдугаарт нүүрт нийтэллээ. Энэ хэргийн талаар Монголын сэтгүүлчдийн эвлэл,
хуулийн байгууллагууд байр сууриа илэрхийлж, ШӨХТГ-ын даргын үйлдлийг буруушааж
байгаа юм.

“Өөрөөс нь…” буландаа Кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн
ярилцлагыг хэвлэлээ. Монголын кино нэрт зүтгэлтэн, ардын цолтон түүний яриаг
өнөөдрийн дугаарын нэг, 12 дугаар нүүрээс уншина уу. Тэрбээр Цэвээнжав гуайг
Монголын кино урлагийн шилдэг эмэгтэй жүжигчин гэж эргэлзэх зүйлгүйгээр нэрлэнэ
хэмээв. Түүний ярилцлага эрхгүй сонирхол татах ажээ.

Мөн “Дал наяад оны сар шинийн барилдааны түүхийг эргэн сөхөхүй”
хэмээх сонирхолтой материал 13 дугаар нүүрт гарлаа. Түүнчлэн дуурийн театрын
залуу дуучин Э.Анхбаярын ярилцлагыг 17 дугаар нүүрт хэвлэлээ. Тэрбээр
“Багшийнхаа бүтээлийг ард түмэндээ сурталчилна гэж боддог” хэмээн ярьжээ.

Сар шинийн баяраар цаг агаар ямар байх тухай тодруулга, Хүн ам,
нийгмийн хамгааллын сайдын хүүхдийн мөнгийг өнөөдөр өгч дуусгах тухай
ярилцлага, Монголд жил бүр 5000 хүн
хавдраар нэмж өвчилж байгаа тухай ноцтой мэдээлэл зэрэг цаг үеийн мэдээ
сурвалжлагууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Categories
мэдээ нийгэм

Бурхан Халдуныг дэлхийн өвд бүртгэсэн батламжийг гардуулав

Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд
бүртгэсэн тухай батламжийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2015 оны 12 дугаар сард Парис
хотноо албан ёсоор гардуулсан билээ.

Уг батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Гадаад
хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн, УИХ-ын
гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд
Н.Батцэрэг, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Төв аймгийн Засаг
дарга Д.Баярбат нарт гардуулан өгөв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бурхан халдун
хайрханыг Дэлхийн өвд бүртгэж авсныг бүгдээрээ мэдэж байгаа. Монгол
Улсын Ерөнхийлөгч 2010 оны 9 дүгээр сард уг хайрханыг Дэлхийн өвд
бүртгүүлэх ажлыг хийх талаар “Бурхан Халдуны тухай” гэсэн зарлиг
гаргасан.

Энэ чиглэлд БСШУЯ, БОНХАЖЯ нэлээд хөөцөлдөж ажилласан. Сайд нарын
хамтарсан тушаал гарсан. Ингээд 2015 оны 6-7 дугаар сард ХБНГУ-ын Бонн
хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы үеэр
Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн
тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын өвийн ангиллаар
бүртгэсэн. Намайг 2015 оны 12 дугаар сард Парист очиход ЮНЕСКО-гийн
Ерөнхий захирал Ирина Бокова Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар
нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг албан ёсоор
гардуулан өгсөн.

Ингэж бүртгэж авахад нийт 10 шалгуур тавьдаг. Бурхан халдун уул 2
шалгуурт нь их сайн нийцсэн. Хүн төрөлхтний түүхийн чухал үеийг илтгэсэн
дурсгалт газар гэсэн шалгуур, энэ дурсгалт газар нь өөрөө тухайн ард
түмний зан заншил, язгуур үзэл санаа, сүсэг бишрэл, урлаг уран зохиол,
түүхийн ном бүтээлд шууд холбогдсон байх ёстой гэдэгтэй Бурхан халдун
уул сайн нийцэж байгаа. Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг
дэлхийн бүртгэлтэй болсонд их баяртай байгаа.

Монголын түүхийн нэгэн гайхамшигтай үе эхэлсэн тэр газар нутаг бол
Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар юм гэдгийг баталсан баталгаа
болж өгсөн. Уг мэдээлэл ЮНЕСКО-гийн веб сайт, бусад мэдээллийн
хэрэгслээр тарсан.

Энэ дашрамд хэлэхэд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монголоос нийт дөрвөн өв
бүртгэгдсэн байдаг. Увс нуурын ай сав байгалийн өвийн ангиллаар, Орхоны
хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолборт
газар соёлын өвийн ангиллаар, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар
нутаг мөн соёлын өвийн ангиллаар ороод байна.

ЮНЕСКО-гийн биет бус өвийн ангилалд морин хуур, Монгол ардын уртын
дуу, Монгол наадам, бүргэдийн ан, монгол гэр, шагайн харваа гэсэн зүйлс
бүртгэгдсэн байдаг. Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн
жагсаалтад монгол тууль, ардын бүжгийн урлаг-бий биелгээ, хөөмэй, цуур
хөгжмийн уламжлалт урлаг, монгол лимбэчдийн битүү амьсгааны уламжлалт
урлаг, монголын уран бичлэг гэсэн таван зүйл орсон. Баримтат өвийн
бүртгэлд “Лу.Алтан товч”, “Монгол шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн
Ганжуур”, “Сахиусан дара эх” гэсэн дөрвөн өв бүртгэгдсэн.

Ингээд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд
бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг гардуулж өгье” гэлээ.

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гаргасан уг батламжид “Бурхан
халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн дурсгалт, ариун газар шороог
Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан болно. Түүнийг хүн төрөлхтний
хамгаалан авч явах байгалийн өв гэж үзлээ” гэжээ.

Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг Дэлхийн өвд бүртгэсэн үндэслэл:

“Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг
Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгэх соёлын өвийн 10 шалгуурын “Хүн
төрөлхтний түүхэн чухал үеийг илтгэн харуулж чадах барилга байгууламж,
уран барилга, технологийн цогцолбор, тодорхой дурсгалт газар нутгийн
хосгүй жишээ байх”
4-р шалгуур, “Дэлхий дахины нийтлэг
бөгөөд хосгүй ач холбогдол бүхий үйл явдал, амьд уламжлал, үзэл санаа,
сүсэг бишрэл, урлагийн болон уран зохиолын бүтээлүүдтэй шууд биет
байдлаар холбогдсон байх”
6-р шалгуураар тус тус бүртгэсэн.

Дэлхийн өвийн хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал, дурсгалт
газруудын олон улсын зөвлөл (ICOMOS) Бурхан халдун уулын номинацийг
шалган үзээд Бурхан халдун уул бол Чингис хааны намтар түүхтэй нягт
холбоотой, мөн Монголын Нууц Товчоонд судлаачид тогтоосноор тахилгат
Бурхан Халдун уул 27 удаа, Биндэр уул 3 удаа дурдагдсан тул дээрх VI ба
IV шалгуураар Дэлхийн өвийн Конвенцийн Дэлхийн нийтийн Хосгүй гайхамшигт
үнэ цэнэт байдлын тодорхойлолтыг хангана гэж үзсэн байна.

“Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газар нутаг”
нь дэлхийн түүхийн тодорхой үе, тухайлбал дэлхийн болон Евро Азийн
XII-XIII зууны түүх, тэр дундаа тэр үеийн дэлхийн түүхийг тодорхойлж
байсан монголчууд, Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хааны амьдрал,
түүхийг тов тодорхой баримтаар, үнэн зөв батлан харуулж буй түүхийн
хөдлөшгүй гэрч нотолгоо болж байгаагаараа Монгол Улс төдийгүй дэлхий
дахины түгээмэл бөгөөд хосгүй гайхамшигт үнэ цэнэтэй соёлын өвийн газар
нутаг болж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд Бурхан Халдун уул бол хүн
төрөлхтний түүхийн юугаарч орлуулшгүй гайхамшигт гэрч нотолгоо болж
байгаа юм.

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгүүлсний ач холбогдол:

Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэж алдаршуулсан нь түүний дэлхий
дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч
үнэлсэн төдийгүй энэ уул бол Монгол үндэстэн үүсч хөгжсөн, Их Монгол
Улс, Монголын эзэнт гүрэн эх үндсээ тавьсан газар нутаг, Их эзэн Чингис
хаан өсөж торнисон, өөрийн зарлигаар Тахилгат уул болгож өргөмжилсөн
түүхт уул юм гэдгийг давхар нотолж баталгаажуулсан хэрэг юм.

Монгол үндэстэн, Монголчууд, Чингис хааны дэлхийн түүхэнд
гүйцэтгэсэн үүрэг, үнэ цэнэ, ач холбогдолыг дэлхий дахинд улам тод,
товойлгон гаргаж ойлгуулахад тодорхой хувь нэмэр болно.

Одоо Их эзэн Чингис хааныг энд тэнд төрсөн хэмээн булаацалддаг,
Бурхан Халдун уулыг тэнд энд байгаа гэж санаатай буюу санаандгүй
зарладаг явдал эцэс болсон гэж үзэж болно.Дэлхийн өвийн жагсаалтанд
орсноор Эзэн Чингис хааны нэртэй хамт Бурхан Халдун уулын нэр Дэлхийн
өвийн Веб хуудсанд зарлагдан дэлхийн зон олон, сая сая жуулчдын
анхаарлыг онцгой татах болно.

Бурхан Халдун хайрхан, түүний орчмын газар нутгийг хайрлан хамгаалж
хүн төрөлхтний ирээдүй хойч үед өвлөн уламжлуулж хүргэх явдал монгол хүн
бүрийн нэр хүндтэй, эрхэм хариуцлагатай үүрэг болж байна.

БУРХАН ХАЛДУНЫ ТАЛААР ТОВЧХОН

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Төв
аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт, 415 012 га
газар эзлэн оршино.

Их Бурхан Халдуны ойр орчмын бүс нутаг бол умар зүгийн хүйтэн чийглэг
уур амьсгалаас өмнө зүгийн хэт хуурай уур амьсгалд шилжих эрс тэс
биологийн бүсэд зохицсон генетикийн ховор шинж чанар бүхий биологийн
эртний олон арван зүйлийн унаган амьтан, ургамал бүхий шим ертөнц
бүрэлдэн тогтсон дэлхийд өвөрмөц онцлогтой газар нутаг юм.

Дэлхийн усны гурван том ай савын уулзварт Сибирийн мөнх цэвдгийн
өмнөх сэжүүрт байрладаг, Их Бурхан Халдун уулын хоёр сугаас эх авсан
Онон, Хэрлэн голууд нь Номхон далайд, Туул Хараа, Ерөө голууд Умард
мөсөн далайд ариун усаа өгч хайрладаг билээ. Ийм учраас энэ тахилгат
газар нутаг дэлхийн усны нөөцийг бүрдүүлж, Зүүн хойт Азийн экосистемийн
тэнцвэрт байдал, биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалахад онцгой
үүрэг гүйцэтгэдэг.

Төв Азийн нүүдэлчид энэ нутагт эртнээс нааш амьдрахдаа байгаль,
дэлхийгээ дээдэлж. тэнгэр, газар, уул усаа тахин шүтэж ирсэн юм. Бурхан
Халдун уулын орчимд үүсч бэхжин хөгжсөн язгуурын монголчууд бөө шүтлэгээ
сахин, уул овоогоо шүтэж, цацлаа өргөж, тайж тахих ёс, зан үйлтэй
байсан нь үеэс үед өвлөн уламжлагджээ.

Бурхан Халдун уулыг тахин шүтэх бөөгийн ёс заншил, зан үйл нь Их
Монгол гүрний үеэс Их хаадын төрийн тайлга тахилгын ёслол болон өргөжиж,
хожмоо бурхны шашны сургаал, зан үйлээр баяжин хөгжсөн юм.

Их Монгол улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн
Богд Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн
тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж,
түүнийг монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон билээ. Бурхан Халдун
уул бол Монгол үндэстний голомт нутаг, язгуурын Монголчуудын өтгөс
дээдсийг нутаглуулсан, Чингис хаан өөрөө тахиж байсан, их хаадыг
оршуулсан, монголчуудын эрхэм дээд шүтээн уул билээ.

Бурхан Халдуныг тойрсон энэ нутаг нь “Гурван голын эх нутаг” гэж
алдаршсан юм. Бурхан Халдун уулын орой дээрээс монголчуудын шүтээн
болсон Онон, Хэрлэн, Туул голуудын эх авсан газрууд, алдарт Хэрлэн болон
Богдын голын нийлсэн хөндий, Хэнтий нуур, Босго тэнгэрийн даваа зэрэг
“Монголын нууц товчоо” болон бусад сурвалжид дурдсан түүхт газрууд тов
тодхоноо харагддаг Бурхан Халдуны эргэн тойронд, “Их газрын даваа”, “Их
хааны энгэр”, “Их даваа”, “Их отго”, “Их уул” зэрэг нэртэй шүтлэгт
газрууд олон байгаа нь Монголчууд энэ газар нутгийг эртнээс бүхэлд нь
тахин шүтэж байсны тод илэрхийлэл юм.

Чингис хаан Бурхан Халдун уулыг монголчуудын сүлд шүтээн уул болгон
тунхаглаад, “Гурван голын эхэнд бусдыг бүү нутаглуул” гэсэн алдарт
захиасаа хойч үедээ үлдээсэн. Энэ үеэс монголчууд Бурхан Халдун уулаа
хайрлан хамгаалж, төрийн шүтээн тэр ууланд хүрэх ганцхан зөрөг зам дээр
Урианхай омгийн 1000 цэргийг харуулаар суулгаж, улмаар бөөгийн болон
бурхны шашны зан үйл үйлдэж тахидаг уламжлал XX зууны эхэн хүртэл
хадгалагдаж иржээ.

Бурхан халдун хайрханы тухай “Монголын Нууц Товчоо”, “Лу.Алтан товч”,
”Судрын чуулган”, Да Юань улсын түүх зэрэг монголын түүхийн сурвалж
бичгүүдэд дурдагдахаас гадна XIX зууны сүүлчээс өрнөдийн орны жуулчид,
судлаачид сонирхон судалсаар иржээ. Мөн шинжлэх ухааны үүднээс Х.Пэрлээ
(1963), С.Бадамхатан (1997), Ш.Нацагдорж (1991), Р.Сайшаал (1991) зэрэг
эрдэмтэд судалсан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар Хан хэнтийн
уулыг тайх уламжлалыг сэргээн төрийн тахилгат уул болгосон.

Засгийн газрын 2013 оны 364 дүгээр тогтоолоор Бурхан Халдуныг “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн байна.

Дэлхийн өвд бүртгэгдсэн Монголын соёлын бусад өвийн тухай мэдээлэл:

Өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт дөрвөн өв бүртгэгдээд байна. Үүнд:

– 2003 онд “Увс нуурын ай сав газар” байгалийн өвийн ангиллаар (ОХУ-тай хамтран);

– 2004 онд “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар” соёлын өвийн ангиллаар;

– 2011 онд “Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газар” соёлын өвийн ангиллаар;

– 2015 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 8-ны хооронд
ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр
чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг
хүрээлсэн тахилгат газар нутаг” номинац Дэлхийн өвийн жагсаалтад соёлын
өвийн ангиллаар бүртгэгдсэн юм.

Соёлын биет бус өвийн тухайд:

Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна
гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын
нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага билээ. Тухайн өвийг
орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж
хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх явдал хамгийн чухал юм.

Монгол Улсаас “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалт”-д 7 өв бүртгэгдсэн байна.

  1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)
  2. Монгол ардын уртын дуу (2008 он, БНХАУ-тай хамтран)
  3. Хөөмэй (2010 он)
  4. Монгол наадам (2010 он)
  5. Бүргэдийн ан буюу Шувуучлахуй (2010 он, 12 оронтой хамтран)
  6. Монгол гэр, уламжлалт урлалын зан үйл (2013 он)
  7. Шагайн харваа (2014 он)

Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалт”-д 5 өв бүртгэгдээд байна.

  1. Монгол тууль (2009 он)
  2. Монгол ардын бүжгийн урлаг – Бий биелгээ (2009 он)
  3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009 он)
  4. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга-битүү амьсгаа (2011 он)
  5. Монгол Уран бичлэг (2013 он)

Баримтат өвийн тухайд:

Баримтат өвийн үнэт дурсгалуудыг гэмтэж устахаас сэргийлэн хадгалж
хамгаалах зорилгоор ЮНЕСКО-гийн 1992 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Дэлхийн
дурсамж” хөтөлбөрийн “
Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй 4 судар ном бүртгэгдсэн:

  1. Лу. Алтан товч (2011 он)
  2. Монгол шунхан Данжуур (2011 он)
  3. Есөн эрдэнийн Ганжуур (2012 он)
  4. Сахиусан Дара эх (2014 он)

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Монгол Улсын их хурлын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан цаг сунган үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.7 хувь нь дэмжсэнээр батлав. Уг хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харьяа дэд хорооны нэр өөрчлөгдөж Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хороо боллоо.

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 81.4 хувийн саналаар баталлаа. Уг хуулийг баталснаар хуулийн хэрэгжих хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-н болж өөрчлөгдөж байна.

Харин Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ч анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 82.2 хувь нь дэмжиж баталлаа. Уг хууль батлагдсанаар эхлэл төдий бизнесийн үйл ажиллагааг дэмжих, улмаар төсвийн бүрдүүлэлт, нийгмийн даатгал талаас эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, жижиг, дунд үйлдвэрт шилжүүлэх боломж бүрдэх юм байна.

Түүнчлэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлаад байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” олон улсын шүүхэд ялагдсан байна

“Эрдэнэт” компаниас Казахстаны “Балхашмыс” хувьцаат компанид 1995, 1996 онуудад өгсөн зээлээ буцаан авч чадахгүй болсны улмаас 2014 оны 12 дугаар сард Английн арилжааны шүүхэд хандан Казахстаны Засгийн газрын эсрэг зарга үүсгээд байсан юм.

Тус компани нь 1999 онд татан буугдсан хувийн хуулийн этгээд хэдий ч Казахстаны Засгийн газар энэ компанийн өрийг төлөх ёстой гэж “Эрдэнэт” компани үзсэн юм. Гэвч Английн шүүхээс энэ сарын 2-нд манай “Эрдэнэт” компанийн үүсгэсэн заргыг хууль зүйн үндэслэл баталгаа, нотолгоо дутуу хэмээн үзэн заргыг хүчингүй болгож, хоёр тал хууль ёсоор гэрээ байгуулаагүй нь батлагдсан тул “Эрдэнэт” компанийг Казахстаны Засгийн газарт 200 мянган фунт стерлинг төлөхийг үүрэг болгосон бөгөөд давж заалдах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Казахстаны Хууль зүйн яамнаас “Английн Лондон хотын олон улсын шүүхээс Казахстаны Засгийн газар Монголын компанийн маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, манай Засгийн газар ялалт байгууллаа, шийдвэрийг давж заалдахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-д зориулж 20 тэрбумыг тусгажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Энэ зуны долдугаар сард Монголд болох АСЕМ-ын хуралд ашиглах авто машин болон техник хэрэгслийг татвараас чөлөөлөхтэй холбоотойгоор дээрх асуудлуудыг оруулж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга АСЕМ-ыг зохион байгуулахад хэдий хэмжээний хөрөнгийг төсвөөс гаргаж байна вэ гэдэгт хариулт хүссэн ба “гадаадаас машин, техник оруулж ирэхийн оронд монгол гэрээ бариад угтсан нь дээр байсан биш үү” гэж саналаа хэлсэн юм.

Харин Л.Пүрэвсүрэн сайд хариулт өгөхдөө “АСЕМ-ын бэлтгэлд зориулж 20-иод тэрбум төгрөг тусгасан, энэ хэмжээнд хурлаа зохион байгуулна. Гаднаас үзүүлж байгаа техник тусламж бий, түүний нэг нь Хятадаас 14-15 сая ам.долларын материаллаг тусламж үзүүлэхээр болсон. Европын холбооноос мөн дэмжлэг үзүүлнэ” гэж тайлбарлаж байв.