Categories
мэдээ соёл-урлаг

Хайрын баяраар “Ромео Жульетта”-г тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид удахгүй тохиох Гэгээн хайрын баярт зориулан алдарт “Ромео Жульетта” жүжгийг дахин тайзнаа амилуулахаар болжээ. Найруулагч Н.Наранбаатарын бүтээл орчин цагийн “Ромео Жульетта” жүжиг энэ сарын 13-нд 18:00 цагт , 14-нд 13:00, 18:00 ердөө гурван удаа тайзнаа тоглогдоно.

Categories
мэдээ улс-төр

Малчны зээлийн хүү 18 хувь болж буурлаа

Малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулах ёслолын ажиллагаа Төрийн банкинд болж, Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны захирал Б.Баттүвшин нар гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Төрийн банкны ТУЗ-ын дарга Ц.Туваан, Монгол банкны захирал Н.Золжаргал нар оролцлоо.

Энэ үеэр жилийн 29,5 хувийн хүүтэй байсан 17,557 зээлийг 18 хувьд шилжүүллээ.

2015 оны мал аж ахуйн тооллогын урьдчилсан мэдээгээр 153,1 мянган малчин өрх 55,9 сая малтай байна. Малын тоо нь өссөн хэдий ч түүхий эд, бүтээгдэхүүний үнэ бууралттай байгаагаас малчдын орлогод нөлөөлөл бага байна.

Өнөөдрийн байдлаар Монгол банкны мэдээгээр 120,0 мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 222,7 тэрбум төгрөгийн 26,5-29,5 хувийн хүүтэй зээлтэй байгаа юм. Энэ байдлыг сайжруулахаар малчны зээлийн хүүг жилийн 18 болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн.

Төрийн банк нь малчдын зээлийн хүүг 18 хувь болгон бууруулснаар Хаан банк болон бусад банкууд өрсөлдөөний зарчмаар малчны зээлийн хүүгээ 18-22 хувьд хүргэн бууруулах боломжтой гэж үзэж буй бөгөөд Хаан банк болон бусад банкийг зээлийн хүүгээ бууруулахыг уриалж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ үеэр,

Зээлийн хүүг бууруулснаар малчдын зээлийн хүүгийн ачаалал багасч, ахуй амьдрал болон үйлдвэрлэл эрхлэхэд нь ихээхэн дэм болно гэж үзэж байна.

Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгох зохион байгуулалтыг ирэх сард хийнэ гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталлаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг баталлаа.
Хувь хүний орлогын албан татварын тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ.
2016 оны Улсын төсвийн тухай хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 25.4 хувь, нийт зарлагыг 28.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 3.4 хувь болж төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс 0.6 хувиар бага байхаар баталлаа. Ингэснээр, Улсын Их Хурал олон жил томоохон алдагдалтай явж ирснийг залруулан, төсвийн сахилга бат тогтоосон төсвийг баталж чадсанаараа эдийн засгийн бодит байдалд нийцсэн, үр ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.
Сонгуулийн хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлж өглөө.
Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах, шударга ёсыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэдэг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг олон улсын гэрээ, конвенцийн заалтад нийцүүлж, ялын хатуу хайрцагласан бодлогыг шинээр авч үзэн, уян хатан болгож, ялыг сонгон хэрэглэх боломжийг нэмэгдүүллээ. Түүнчлэн, ялтай байдал, гэмт хэргийн ангилал, урьд ял шийтгэгдсэн, давтан үйлдсэн зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуулалтыг халж, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял нь гарцаагүй, үр нөлөөтэй байх зарчмыг тусгаж, зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр захиргааны хариуцлага хүлээлгэхээр тогтоосон нь чухал ач холбогдолтой шинэчлэл боллоо.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, онц аюултай гэмт хэрэгтэн, онц хүнд болон хүнд, албан тушаалын зэрэг 33 гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлж, хорих газраас 1,253 ялтан суллагдаж, 338 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Өршөөлийн хуульд нийтдээ 4,340 хүн хамрагдаж, төрийн хүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг хэрэгжүүлж, хорих газрын болон мөрдөн байцаах байгууллага, шүүхийн ачаалал зохих хэмжээгээр хөнгөрсөн байна.
Зөрчлийн тухай хуулийг баталж, захиргааны зөрчил гаргасан хүнд салбарын 210 гаруй хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг халж, нэгдсэн нэг хуулиар зохицуулах боломжийг бүрдүүлж, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг бие даасан хуулиар зохицуулахаар боллоо. Ингэснээр, захиргааны зөрчил болон түүнийг шалган шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх асуудлаар хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх боломж бүрдлээ. Иймд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох процессийн болон байгууллагын хуулиудыг нэн яаралтай баталж мөрдүүлснээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд зарчмын шинжтэй өөрчлөлт гарна гэж үзэж байна.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаар бодлогын баримт бичгүүдийг цэгцлэн, үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах, хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой, нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Мөн энэ хуулийн хүрээнд боловсруулсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (2016-2030) батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар бүх шатны сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулах бөгөөд хэрэгжилтийг нь Үндэсний Аудитын газар хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргэж байхаар хуульчлагдлаа.
Аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх талаар сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого чамлахааргүй түвшинд үр дүнгээ өгч байна. Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого амжилттай хэрэгжиж байна. Жишээлбэл, барилгын материалын үйлдвэрлэл, түүний дотор цементийн үйлдвэрлэл өргөжиж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспорт хийж эхэлсэн байна. Цаашид боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түлхүү дэмжиж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг өсгөх тал дээр үргэжлүүлэн анхаарах шаардлагатай.

2015 оны эдийн засгийн тоо мэдээнээс үзвэл 11 дүгээр сараас ажил эрхлэлт нэмэгдэж эхэлсэн нь сүүлийн 2 жилд гарч буй эерэг дүр зураг юм. Тухайлбал, бүртгэлтэй ажилгүй иргэдээс мөнхүү хугацаанд ажилд орсон хүний тоо улсын хэмжээнд мэдэгдэхүйц өсөж байна. Энэ үзэгдэл зүүн бүсээс бусад бүх бүс нутагт нийтлэг ажиглагдаж байна. Энэ бол үйлдвэржилтийг дэмжсэн бодлогын эхний үр дүн гарч буйн илрэл гэж үзэж байна.
Монгол Улс хүн амынхаа орон сууцжилтын түвшнээр олон улсын тавцанд хойгуур байр эзэлдэг. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо манай хүн амын амьжиргааны чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Харамсалтай нь, Үндсэн хуулийн цэцийн ташаа шийдвэрээс улбаалан энэхүү харилцаа гацаанд орж, зогссон тул Улсын Их Хурал яаралтай арга хэмжээ авч, 01 сарын 19-ний өдөр Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталснаар ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүллээ. Хууль баталснаас хойших хоёрхон долоо хоногт нийт 379 зээлдэгч 23.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлд хамрагджээ. Зөвхөн “Буянт Ухаа–2” төсөл дээр гэхэд 200 айл зээлийн гэрээ байгуулж, цагаан сарын баяраас өмнө шинэ орон сууцандаа орж амжсан байна. Цаана нь ойрын хугацаанд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 18.000 орчим өрх байна.
Хүн ардаа тохилог аюулгүй орчин, орон сууц, чанартай хүнс зэрэг амьдралын наад захын хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлж өгөх нь төрийн анхдагч үүрэг мөн. Ипотекийн зээл бол хөдөлмөрийн зах зээл нь боловсорч гүйцээгүй манай орны хувьд ажиллах хүчний урам зоригийг сэргээж, тогтвортой ажиллах нэг хөшүүрэг болж, ажил эрхлэлтийг хүчтэй дэмжих ач холбогдолтой юм. Ипотек нь ажил эрхлэгч төдийгүй ажил олгогчдыг ч дэмжин урамшуулж, нийгэмд урт хугацаанд үр ашгаа өгөх тогтолцоо гэж харж байгаа. Түүнээс гадна, энэ тогтолцоо манай хөдөлмөрийн зах зээлд томоохон байр эзэлдэг барилга угсралтын салбарын бизнесийн сүлжээг тогтвортой дэмжиж байгаа. Тиймээс Монгол Улсын төрөөс энэ асуудалд нухацтай хандах учиртай. Ипотекийн зээлийн хүүг бууруулж 5 хувь болгох талаар Монголбанк болон холбогдох байгууллагууд судалгаа хийж, зохих бэлтгэлийг хангахаар ажиллаж байна. Энэ талаар Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах нь зүйтэй.
Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Улсын Их Хурлын тогтоолоор баталж Тариалангийн тухай хуулийг баталлаа. Манай нийт өрхийн гуравны нэг нь, хүн амын тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг тул энэ салбарын хөгжилд бид онцгой анхаарал тавих ёстой. Улсын Их Хурлын тогтоолд 2025 он гэхэд хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 жилийн дундаж өсөлтийг 20 хувьд хүргэх, улсын төсөвт хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийг 4-өөс доошгүй болгох, нийт сүрэгт үхрийн эзлэх хувийг 10-д хүргэж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээг 200,000 тоннд, нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүг 50 хувьд, 1 га-с авах буудайн ургацын хэмжээг 20 центнерт, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, малын тэжээл үйлдвэрлэлд бүрэн найрлагат тэжээлийн эзлэх хэмжээг 10 хувьд хүргэх зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэн тавьсан байна.
Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын хөгжил голлох байр суурь эзэлнэ. Монголын мал аж ахуй нь үндсэндээ өрхийн аж ахуйд суурилан явагддаг тул бид малчин өрхүүдийн эдийн засгийн хөгжилд онцгой анхаарал тавих ёстой. Энэ оны 02 дугаар сарын 4-нд Засгийн газраас Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчдад олгох зээлийн хүүг 10 хувь болгох, мөн малчдын хэрэглээний зээлийг хөнгөлөх зорилгоор Төрийн банкны малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, мал сүргээ эрүүл байлгах нөхцөлийг хангахаар ажиллаж буй малчдад бага хүүтэй зээл олгосноор мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортийг өсгөж, малчдын орлогыг тууштай нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн нь мал аж ахуйг тойрсон үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, худалдаа, тээвэр, газар тариалангийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлнэ.
Хэдхэн хоногийн дараа XVII жарны модон хонин жил шувтарч, мичин жил урган гарах гэж байна. Өвлөө өнтэй давсан малчин түмэн маань хавраа тавтай сайхан угтах болтугай. Нийт монголчууд Та бүхэндээ сар шинээ сайхан угтахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын
намрын чуулган өндөрлөлөө. УИХ-ын
намрын чуулган нь 90 өдөр үргэлжилж давхардсан тоогоор 131 удаа хуралдаж 412
хууль, 65 тогтоол хэлэлцэн баталжээ. Үүнээс бие даасан хууль 26, бол
хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь 347, хүчингүй болсон хуулийн нь 28, нэгдэн орох
конвенци 11 байсан байна. Ээлжит
бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталснаар 1353 ялтан өршөөгдөж,
хорихоос суллагдсан байна. Харин
намрын чуулганаар Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай
хуулиудыг шинэчлэн баталсан бол Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай
хуулийг баталснаар далд байсан эдийн засаг ил болгох, бүх иргэн, аж ахуйн нэгж
нь хуульд хамрагдах бололцоог олгосон байна.УИХ-ын дарга З.Энхболд намрын
чуулганыг хааж хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэртэй
холбоотойгоор ипотекийн зээл зогсоод байсныг УИХ яаралтай арга хэмжээ авч энэ
оны нэгдүгээр сарын 19-нд Иргэний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
болон Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг баталсан болохыг онцоллоо. Эрх зүйн орчин бий болсноор энэ хугацаанд
сар шинээс урьтаж 379 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдаж орон сууцандаа
орон 23.7 тэрбумын зээл авсан байна. Мөн ойрын хугацаанд ипотекийн зээлд хамрагдах
хүсэлтэй 18 мянган айл өрх шийдвэрээ хүлээж буйг онцоллоо.Түүнчлэн малчны
зээлийн хүүг бууруулж 10 хувь руу оруулах даалгавар Засгийн газарт өгөгдсөнийг
онцоллоо.

Хаврын
чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын
Их хурлын 2016 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын
төслийг хэлэлцэн гишүүдийн 81.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Хаврын
чуулганыг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээх бол сар гаруйн хугацаанд үргэлжлэх
чигтэй байгаа аж. Уг чуулганаар нийт 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр
төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн
Д.Лүндээжанцан: Хаврын чуулган бол дөрөвдүгээр сарын 5-наас зургадугаар сарын
5-н хүртэл үргэлжлэхээр хоёр сар л байна. Энэ хугацаанд сонгуулийн шинжтэй
хуулиудыг оруулж батлуулмааргүй байна. Дараа нь хүндрэл учруулсан сургамж бий.
Сонгуулийн тухай хуулийг батлах үед зургадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль,
аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлох гээд гарчихсан. Дахиад 65 хоногийн
өмнө товлоно гэхээр өөр өдөр зарлачихвал яах вэ. Хууль зүйн хувьд логикийн юм
гараад, амжихаа байлаа гээд товлон зарлах эрх байгаа юм чинь гээд сонгуулиа
хойшлуулъя гэдэг юм гарч ирэх үү. Экспертиз хийлгээд нэг тийш болгохгүй юм уу?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
А.Бакей: Эхнийх нь санал авах өдрийг тогтоож байгаа, 150 хоногоор. Бэлтгэлээ
хангахад зориулагдсан хугацаа. Товлон зарлана гэдэг 65 хоногийн өмнө тогтоосон
хугацааг тэнд нийцүүлж зарлах тухай асуудал юм. Агуулгын хувьд ижил болохоос
хугацааны хувьд зөрөх юм байхгүй. Сонгуулийг 65 хоногийн өмнө товлон зарлана.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: УИХ эцсийн хийх ажлынхаа
жагсаалтыг гаргаж байна. УИХ-аар Төрийн цэргийн номлол гарсантай холбоотойгоор
хаврын чуулганы эхэнд холбогдох хуулиудыг баталчихвал олон жил хүлээлгэсэн асуудал
цэгцэрнэ. Салбарын хөгжлийн асуудалд түлхэц өгөх хуулиудыг хаврын чуулганаар
хэлэлцэх асуудлын тэргүүнд тавиад өгчихвөл энэ УИХ-ын ажлын үр дүн гарна. Ийм
Боломж ямар байна вэ?

А.Бакей: Төрөөс батлан хамгаалах салбарт
баримтлах бодлого батлагдсан учраас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа
хууль, тогтоолын төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны саналыг үндэслээд
хэлэлцэх боломжтой. Хурлын тэмдэглэлд үлдээх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Намрын чуулганаар 12
хуулийн төсөл хэлэлцэхээр орж ирж байна гэдэг зарим байнгын хороо ажилгүй суух
юм уу. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо,
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд идэвхитэй ажилладаг 3-5
ажлын хэсэг бий. Тэдгээрийн гараас нь гарчихсан анхны хэлэлцүүлэгт байгаа бэлэн
хуулиудыг ажлын явцаас нь үзээд 90-ээс дээш хувьтай хуулийг шууд хаврын
чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд тавиад өгч болохгүй юу. Жишээ нь С.Оюун
гишүүний хэлсэн Хог хаягдлын тухай хууль байна, анхны хэлэлцүүлэгт ороход
бэлэн. Эмнэлгийн тусламжийн тухай хуулийг нэрлэж болно. Энэ хуулийн төсөл дээр
3 жил ажилласан байдаг.

А.Бакей: Хаврын ээлжит чуулганы хуралдах хугацаа
богино. Ирэх дөрөвдүгээр сарын эхэнд хаврын чуулган эхэлж таван сарын дунд
хүртэл явах байх. Ээлжит УИХ-ын сонгуулийн ажил зохион байгуулагдах учраас улс
орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдолтой хуулийг богино хугацаанд
хэлэлцэх шаардлагатай. Бүгдийг жагсаахаар урт жагсаалт гарна. Бусад гэдэг
хүрээнд саяны хэлсэн хуулиудыг Нийгмийн бодлогын байнгын хорооноос оруулна
гэвэл тухай бүрт нь хэлэлцээд явах бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ю.Цэдэнбал агсны 100
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, төрсөн өдөр нь 2016 оны есдүгээр сарын 7-нд
тохионо. Түүхэн ойг нь Монголын төр нэр төртэй тэмдэглэмээр байна. Гуйгаад
байхад яагаад энэ асуудал хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтсангүй вэ.

Хоёрт, Монгол Удсын эдийн засгийн байдал хүнд
байна. Хямралаас яаж гарахаа ярилцаж явахгүй бол 2016 оны сонгуульд орчлонгийн
хамгийн сайн сайхныг амлаад явна. Одоогийн бодлогоор явбал эдийн засагт уналт
үргэлжилнэ. Энэ дээр нэг асуудал хэлэлцүүлж болдоггүй юм уу. УИХ-д байдаг эдийн
засагч гишүүд Статистикийн тухай хуулийг бэлтгэчихээд байхад хэлэлцэхгүй байна.
Улс орны эдийн засгийн тоо худлаа гараад эхэлбэл хөрөнгө оруулагч нар
зугатаана. Үндсэн статистикийн хороог Засгийн газрын мэдлээс гаргаж, УИХ-ын
харьяанд авчирах ёстой.

А.Бакей: Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын 100
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой ажлын хэсгийг сайд С.Баярцогтоор
ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг албан ёсоор танилцуулаагүй байна. Хэлэлцүүлэгт
бэлэн болчихсон байхад хаврын чуулганы эхэнд хэлэлцэх боломжтой.

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний
талаар урьд нь тогтоол шийдвэр гарсан. Хэрэгжилт ямар байна вэ гэдгийг ярих
асуудал бий. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ярина. Хямралт нөхцөл байдлыг даван
туулах чиглэлээр илүү санал санаачлагатай тогтоол юм уу хууль санаачлаад орж
ирэх юм бол шийдвэр гаргаж болно. Статистикийн тухай ч шийдэх боломжтой гэсэн
юм.

Categories
энтертаймент-ертөнц

Дархан аварга А.Сүхбат лекц тавина

Дархан аварга А.Сүхбат “Хийморь 13” нэртэй лекцээ уншихаар болжээ. Тэрээр энэхүү лекцээ ирэх ням гаригт буюу шинийн наймны сайн өдөр тавих гэнэ. Лекц “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд энэ үеэр түүний эхнэр Н.Гарамханд эрчүүдэд зориулсан иогийн хичээл заах юм байна. Түүний гэргийг Н.Гарамханд “ 5D” фитнесс клубт эрчүүдэд зориулсан иог заадаг билээ.

Categories
мэдээ нийгэм

Мянга орчим мал Цэцэг өвчнөөр өвчлөөд байна

Улсын хэмжээнд Цэцэг өвчний тархалт их байгаа билээ. Таван аймгийн 15 суманд цэцэг өвчин, долоон аймгийн есөн суманд галзуу өвчин тус тус гарч үүнтэй холбогдох арга хэмжээг улсын онцгой комиссын шийдвэрээр мэргэжлийн хяналтын байгууллага авч ажилласан байна.

Нийтдээ уг өвчнөөр 917 мал өвчилж 769 малыг устгаад байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч өндөр настнуудад зориулж бэлэг бэлджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч “Ахмад настны нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай өтгөс буурлуудад жил бүр мэндчилгээ, гарын бэлэг илгээдэг уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр настнуудад зориулсан гарын бэлэгт 9-ийн тоог эрхэмлэн бэлгэдэж 9 төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн гарын бэлэгт Төрийн тэргүүний мэндчилгээ, цагаан сэтгэлийн бэлгэдэл болсон алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, “Алтан говь” шоколад, цагаан идээний дээж ааруул, ёотон, цай, “Монгол нэхмэл” компанид үйлдвэрлэсэн хонины ноосон дээлийн даавуу, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2016” гэсэн бичигтэй бэлгийн хайрцаг зэрэг зүйлийг багтаасан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг үндэстний соёл, сэтгэлгээний уламжлалыг баримтлан, харьцуулсан судалгаа хийж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлтгэдэг заншилтай юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Уг хэлэлцээрийг соёрхон баталснаар олон улсын чанартай Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, цаашид байгуулах боломжтой Чойбалсан зэрэг байршлуудад хуурай боомтыг байгуулах боломжтой болж буй юм байна.

Эдгээр байршлууд нь Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улмаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, тээвэр, худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн ач холбогдолтой юм байна. Үүний дараа мөн Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлаад байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн амь аварсан цагдаа нарт “Хүүхдийн элч” алтан медаль гардуулжээ

Энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Н.Барбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Г.Чингис нар хөдөлгөөнт эргүүлийн Ачит-115 чиглэлд үүрэг гүйцэтгэх хугацаандаа зургаан хүний амь нас аварсан билээ.

Монголын сурагчдын холбооноос өргөсөн тангарагтаа үнэнч байж, олон хүний амь нас аварсан цагдаагийн дээрх албан хаагчдад “Хүүхдийн элч” алтан медаль гардуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим сургуулиудад сануулга өгөв

Ирэх даваа гаригт сар шинийн баярын битүүний өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим дунд сургуулиуд тус өдрийг хичээлийг маргааш буюу бямба гаригт нөхөх шийдвэрийг гаргаад байна. Тэгвэл Нийслэлийн боловсролын газраас зарим сургуулиудад сануулга өгчээ. Учир нь тус газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газраас битүүний хичээлийг бямба гаригт нөхөх шийдвэрийг албан ёсоор гаргаагүй. Харин тухайн сургуулийн захирал эрхлэгч нарын шийдвэр. Хичээлийг наашлуулж нөхөх нь зөв шийдэл биш хэмээжээ.