Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд ч тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах журам хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах юм.

нэ өдрүүдэд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах бөгөөд алслагдсан байршлуудаас Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхий дахинаа хүнсний үнэ буурчээ

НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хүнсний барааны үнийн индекс нэгдүгээр сард сүүлийн долоон жилийн дотор хамгийн доод хэмжээгээр унасан тухай мэдээллээ.

2016 оны нэгдүгээр сард хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс 150,4 пункт заасан нь өмнөх жилийнхээс 16 хувиар доогуур бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт боллоо. Сүүн бүтээгдэхүүний үнэ гурван хувиар, үр тарианы үнийн индекс 1,7 хувиар, мах 1,1 хувиар тус тус хямдарчээ.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын үзүүлэлтээс 1,9 хувиар бага байна. Хүнсний бүтээгдэхүүнээс сахарын үнэ илүүтэйгээр унажээ.

Categories
гадаад мэдээ

Тайваньд шөнө дунд 6.4 баллын хүчтэй газар хөдөлжээ

Тайваньд өнгөрсөн шөнө 6.4 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт иргэдийг унтаж байх үед буюу шөнийн 03.45 цагт болсон байна. Аврагчид барилгын нуранги дотроос 220 гаруй хүнийг авран хамгаалаад байгаа аж. Одоогоор амь үрэгдсэн хүмүүсийн тоог хараахан гаргаагүйхэмээн албаны эх сурвалж мэдэгдлээ.

BBC агентлагийн мэдээлж буйгаар хоёр сая хүн амтай Тайванийн Тайнан хот газар хөдлөлтийн улмаас одоогоор гурван хүн амь эрсдэж, 23 хүн гэмтэж, бэртээд байна. Бэртэж гэмтсэн, амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Д.Тэрбишдагва: Хорин найман “ланжгар” байх ёстой

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Та намын дэд даргынхаа албан тушаалыг өгчихсөн үү. Онц их хурал дээр ирээгүй байсан?

-Намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгаа. МАХН-ын Онц их хурал болсны таван жилийн ойд зориулсан “Хөгжлийн хувьсгал” хурлын үеэр гадаадад явж таарсан учир оролцож амжаагүй. Намын Бага чуулган хуралдаж дэд даргын асуудлыг хэлэлцэх байх.

-Та МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан уу?

-Н.Энхбаяр даргатай 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш уулзаж ярилцаагүй байна.

-Намын Гүйцэтгэх товчоо хуралдсан юм биш үү. Ж.Сүхбаатарыг нарийн бичгийн дарга боллоо гэсэн мэдээлэл яваад байсан. Энэ үеэр намын дэд даргын асуудлыг хэлэлцээгүй юм уу?

-Түрүүн хэлсэн дээ. Гадаад яваад ирсэн гэж. Гүйцэтгэх товчооны хурлаар намын гурван нарийн бичгийн даргыг чөлөөлж, гурван нарийн бичгийн даргыг шинээр томилсон гэсэн. Харин намын дэд даргын асуудлыг яриагүй байна лээ. Манай нам боловсон хүчнийхээ бодлогод онцгойлон анхаарч, чадварлаг, оюунлаг, ажил хэрэгч залуус болон туршлага, мэдлэг арвин дунд, ахмад үеийхнийг ч эгнээндээ элсүүлэхийг зөв гэж боддог. Тийм залуу үеийн төлөөлөл бол яах аргагүй Ж.Сүхбаатар. Харин ч энэ залууг эрт албан тушаалд томилон хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байсан юм. Шийдвэр гаргахгүй удаж, хугацаа алдлаа.

-Та Н.Энхбаяр даргад өргөдөл өгсөн. Мөн хувийн шугамаар захидал бичсэн гээд байгаа. Чухамдаа яг ямар захидал өгсөн юм бэ?

-Сэтгүүлчид “урт чихтэй, баргийн нууцыг ч олж мэдчихээд, элдэв асуултаар ээрэх” юм даа. Өргөдөлтэйгөө хамт захидал хүргүүлсэн нь үнэн л дээ. Яагаад захидал бичив гээд гайхаад байх шиг байна. Уулзаад ярих нэг өөр. Яриа бол хэдэн цаг, минутаар үргэлжлээд л дуусна. Үлдэх үг нь, хэлэх гэсэн гол санаа нь тэрхэн агшинд оргилоод хэдэн өдрийн дараагаас бүдгэрч эхэлдэг талтай. Харин захиа бол хэдэн жилийн дараа ч сөхөөд уншихад тэр агшныг дахин эргүүлэн авчирч, эргүүлээд харахад л нэгийг санагдуулж, нөгөөг бодогдуулж, үйл явдлын хэлхээсийг бат гагнадаг юм шиг санагддаг. Тиймээс нөхөр ёсны үг, сэтгэлийн мухарт төрсөн бодлоо л захидал хэлбэрээр хүргэсэн хэрэг.

Н.Энхбаярыг 600 гаруй цагдаагаар тойрч бүслүүлээд, баривчлагдах гэж байх үед нөхөр ёсны хувьд журмын хоёр нөхөртэйгөө хамт очсон. Түүний дараахан намынхаа батлахыг сэргээснээс хойш МАХН парламентад суудалтай, эрх баригч хүчин болсон, өнөөг хүртэл санал нийлэх, зөрөлдөх, сайдаж муудах зүйл ч цөөнгүй тохиолдож байна. Олон ч бэрхшээл, хүндрэлийг хамтдаа даван туулсан. Түүний эзгүйд МАХН-ыг удирдаж ирсэн. “Халуун чихийг атгуулна” гэгчээр ямартай ч намаа сарниаж бутаргалгүй, хүч тарамдуулалгүй хүлээлгэж өглөө. Энэ хугацаанд хэлэх, сануулах, шүүмжлэх асуудал бишгүй гарах юм. Энэ бүгдийгээ л цаасан дээр буулгаад өөрт нь хүргүүлсэн. Үнэндээ би л зориглож хэлэхгүй бол түүнд үнэнийг хэн өчих юм. Н.Энхбаяр тэр захидлыг маань уншаад авах, гээхийн ухаанаар хандах байлгүй дээ.

-Намын даргатайгаа ярилцаад ойлголцохгүй болохоороо захидал бичсэн хэрэг үү. Тэгж л санагдаад байна?

-Уулзах нүүргүй, учирлаж ярих аргагүй болчихоод алд дэлэм захиаг мутарласан хэрэг биш ээ. Түүнийг БНСУ-д эмчлүүлж байхад нь, Монголд ирэхээс нь өмнөхөн очиж уулзаж, арав гаруй цаг илэн далангүй ярилцаж байсан. Ирсэн хойно нь ч уулзаж байлаа.

Энэ удаад захидал бичье гэж бодсон. Магад ч үгүй ганцаараа суугаад үг, өгүүлбэрийг нухацтай уншиж, дүгнэлт хийх боломж ч олгох юм бил үү л гэж бодсон хэрэг л дээ. За тэгээд хувийн захидлын талаар нэг их дэлгэрүүлж яриад баймааргүй байна. Хувь хүмүүсийн хоорондын явцуухан асуудал гэхээс илүүтэйгээр цаашид намаа хэрхэн бэхжүүлэх үү, алдаа дутагдлыг яаж засч сайжруулах уу, ололтоо бататгахад юунд анхаарах уу гээд л бодлогын асуудлыг ч хөндсөн байгаа. Түүнээс биш Н.Энхбаяр дарга бид хоёрын ойлголцох, ойлголцохгүйн асуудал олон нийтэд огт сонин биш шүү дээ.

-Өнгөрөгч долоо хоногт улс төрийн хувьд ширүүхэн байсан гэхэд болно. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд засгаа авч үлдлээ. Ч.Улаан гишүүн та хоёр “Шударга ёс” эвслээс санал өгөөгүй. Санал өгөхгүй байх шалтгаан юу байсан юм бэ?

-Парламентаар хэлэлцэгдэж батлагдаж байгаа хууль тогтоолын талаар би судалгаа гарган, дүнг нь хэвлэлийн хурал хийж танилцуулж байсан даа. Ер нь ажиглалт хийхэд 2004 оноос хойш хуулиудын чанар чансаа эрс доошилж, лоббины л хууль тогтоомж гардаг болж гэж хардахаар байгаа юм. Шинэ жил, цагаан сар гээд баяр наадам дөхөж, иргэдийн анхаарал сарних үеийг тааруулж улс орны язгуур эрх ашигтай холбоотой асуудлыг шийддэг болоод байгаа. Энэ талаар олон ч жишээг дурдаж болно доо. Мөнгө, санхүү, байгалийн баялаг ашиглахтай холбоотой хууль, тогтоолыг хэдийд батлагдсан бэ гээд цаг хугацааны давтамжийг харж дүгнэлт хийж үзэх хэрэгтэй. Нарийвчилсан судалгаа хийгээд харахад анхаарал татсан асуудал бишгүй байна.

Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Миний хувьд Оюу толгойн гэрээг сайжруулахыг шаардсаар ч ирсэн. Цаашид ч шахаж шаардах болно. Дубайд очиж “төлөвлөгөө” нэртэй гэрээ хийснийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар байр сууриа ч хатуухан илэрхийлж байлаа. Энэ үүднээс огцруулах үндэслэл нь зүйтэй ч, нөхцөл байдлын хувьд тохиромжгүй гэж үзсэн хэрэг. Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзахад “Цөөхөн сар үлдсэн байхад засгийг бужигнууллаа гээд юу өөрчлөгдөх юм, дахиад л бөөн томилгоо, хэрүүл. Ингэснээр иргэд л хохирно уу гэхээс хожоо байхгүй” гэж саналаа хэлж байсан. Энэ утгаар нь асуудалд хандаад санал хураалт явуулахад оролцолгүй гараад явчихсан хэрэг. Дубайн гэрээг хийсний дараа хамгийн их шүүмжилж байсан хүмүүс нь Ч.Улаан бид хоёр. Тэгээд ч асуудлыг сайжруулах нь уу эсвэл улс төрийн хожоо хайгаад байна уу гэдгийг бас ялгаж харах хэрэгтэй л дээ. Дубайн гэрээг үзэглэж байхад МАН Засгийн газарт хамтарч байсан. Тэр үед МАН-ынхан Дубайд очиж Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөө нэртэй гэрээ хийгдэхэд нэг ч үг дуугараагүй.

-Засагт хамтарч байсан болохоор дуугүй байх замыг сонгосон байх…

-Олон сарын дараа яг цагаан сарын өмнөхөн МАН-ынхан гэрээний мууг нь гайхаад бүгдээрээ Ерөнхий сайдыг огцруулах нь зөв гээд байна лээ. МАХН-МҮАН “Шударга ёс” эвслээс Дубайд хийгдсэн гэрээний талаар хэд хэдэн удаа Ерөнхий сайдад албан бичиг өгч, тайлбар хийгээч гэсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг л удаа тайлбар хийсэн. Тэр нь үнэхээр хангалтгүй байсан учраас “Эрдэнэс-Таван толгой”, “Оюу толгой” төслийн холбогдох албаны хүмүүсийг оролцуулж дэлгэрэнгүй мэдээлэл өг гэсэн ч өнөөдрийг хүртэл таг чиг. Уг нь Дубайн гэрээ зурагдсаны дараа тэр үеийн Засгийн газартай хариуцлага тооцох байсан юм. Ер нь “ямааны мах халуун дээрээ” гэдэг үг байдаг даа.

Миний хувьд Оюу толгойн гэрээг анхнаасаа муу хийсэн гэж үздэг. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ. Нэг түүхийг сөхье л дөө. 2007 онд М.Энхболдыг Ерөнхий сайд байхад Оюу толгойн ордыг ашиглах гэрээний төслийг парламентад оруулж хэлэлцүүлж байлаа. Тэр төсөл 2009 онд батлагдсан Оюу толгойн гэрээнээс хамаагүй дээр. Цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо шийднэ, зэс хайлуулах үйлдвэр барина гээд олон давуу боломжуудыг тусгасан байсан юм. Гэтэл өмнөх төслөөс ч дордуулаад, аль болохоор л хөрөнгө оруулагч талд ашигтай хувилбарыг тусгаад С.Баяр тэргүүтэй нөхдүүд 2009 онд хүч түрэн батлуулсан. Одоо ч зарим нь хариуцлагатай албан тушаал хашиж байна.

“Ийм гэрээ байгуулж болохгүй, бид гадныхны аманд унахаар байна, ийм эрсдэл үүснэ” гээд уул уурхайн мэргэжилтэн, эрдэмтэд сануулж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд, Ц.Даваасүрэн, миний бие гээд 10 гаруй гишүүн “Энэ гэрээ болохгүй байна. Сайжруулах ёстой” гэдэг байр сууриа мөн ч олон удаа илэрхийлсэн дээ. Гэвч биднийг элдвээр гоочлоод олонхиороо түрээд Монголд ашиггүй гэрээ байгуулсан. Ганцхан жишээ хэлье. Оюу толгойн гэрээг байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар гадаадын зөвлөх компанийг хөлсөлж ажиллуулсан юм. Тэр “Голдмен Сакс” хэмээх компани нь Оюу толгой ордын хувь эзэмшигч “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч байж таарсан. Энэ чинь маш том ашиг сонирхлын зөрчил төдийгүй, тэр компани хэний төлөө ажиллах нь тодорхой байсан. “Голдмен Сакс” компанийн цэвэр ашиг нь 2008-2014 онд 700 орчим сая ам.доллар болсон гэдэг. “Голдмен Сакс” маш бага хувьцаа эзэмшдэг хэрнээ ийм өндөр ашиг хүртсэнийг тооцохоор ямар их унацтай төсөл болох нь тодорхой. Оюу толгойн гэрээ батлагдахад тухайн үеийн төрийн гурван өндөрлөг, парламентын гишүүд, сайдууд, холбогдох албаныхан Төрийн ордны их танхимд ёслол хийгээд “түүхэнд байгаагүй үйл явдал” гээд нулимс дуслуулах нь холгүй хөөрцөглөж байлаа. Тэр ёслолд Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн бид гурав оролцоогүй. “Түүхэн гэрээ биш харин ч баялгаа луйвардууллаа, монголчуудад ашиг муутай боллоо, тиймээс гашуудлын гэж нэрлэхэд хилсдэхгүй” гэж хэлж байсан даа.

-Та Шадар сайд байхдаа шалгалт оруулсан бил үү?

-2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж миний бие Шадар сайд болсон. Тэгээд Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар Оюу толгой төслийн 2010-2012 оны санхүүд шалгалт хийх ажлын хэсгийг томилсон юм. Татвар, гааль гээд мэргэжлийн 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, жил гаруйн хугацаанд санхүүгийн баримт нэг бүрийг тулган нягталж, шалгахад дэндүү ноцтой зөрчлүүд илэрсэн. 3.2 тэрбум ам.долларын зөрчлийн тодорхой хэсгийг ч гэсэн төлүүлэхээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, зөвшилцөл хийж байлаа. 30 гаруй асуудлаас хэлэлцсээр шийдэж, гурав, дөрөвхөн нь үлдсэн байв. Үүнийг эцэслэж чадалгүй Шинэчлэлийн Засгийн газар огцорсон. 3.2 тэрбум ам.доллар их мөнгө. 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгоод бид аймгийн төвүүдийг авто замаар холболоо, нийслэлийн гудамжуудыг заслаа, үйлдвэрлэлийн олон төслийг санхүүжүүллээ. Гэтэл үүнээс хоёр дахин их мөнгийг Дубайд очиж төлөвлөгөө нэрээр хэрэгсэхгүй болгосон. Тэр ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийг сайн мэдэх хүний хувьд ч тэр, Шадар сайд байсан миний бие, Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан бид хоёр Дубайн гэрээний асуудалд хатуу байр суурьтай байдаг. Ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийг нэг бүрчлэн үзвэл “арай ч дээ, монголчуудыг ингэж дорд үзэж болохгүй” гэж уулга алдахад, харамсахад хүргэдэг. Том боссуудынх нь хүүхдийн сургалтын төлбөр, тансагласан зардлыг монголчууд хүүтэйгээр буцааж төлөх ёстой юу гээд олон зүйлийг тоочиж болох л юм.

-Энэ шалтгаанаар та Засгийн газрыг огцруулах хүсэлтэй байсан юм уу. Гэхдээ л та огцруулах кноп дараагүй. Оюу толгойгоос энэ онд 1.2 тэрбум ам.доллар орж ирнэ гэж байна. Эдийн засагт нэмэр болох л байх?

-Түрүүн дэлгэрэнгүй л тайлбарлалаа. Хариуцлагагүй үйлдэл хийхэд дуугүй байсан атлаа сонгууль дөхөхөөр ухаан орсон мэт огцруулахаар бужигнаж байгаа нь Оюу толгойн гэрээг сайжруулах зорилготой биш улс төрийн шоу хийх сонирхолтой байгааг харуулж байна. Хоёр намын бүлгийн дүгнэлтийг сонсож байхад ажлыг ингэж сайжруулъя, Оюу толгойн гэрээг засъя гэхээсээ илүүтэйгээр бие биенийгээ өөчилж, гоочилж, дайрч, доромжилж, муухай харагдуулах гэсэн нь илэрхий байсан. Тэгээд ч монгол түмний бэлгэшээдэг цагаан сарын өмнө засаг төрөө бужигнуулах нь олигтой биш. Одоо засгаа унагачихаад аягүй бол сонгууль болтол үүрэг гүйцэтгэгчээр зүтгүүлж мэднэ. Тэгвэл дээрдэхээсээ улам л дордоно. Ерөнхий сайд цаашид Монгол Улсын язгуур эрх ашгийг онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

-Анх Оюу толгойн гэрээг байгуулахад Засгийн газрын тэргүүн нь “алдаатай гэрээ байгуулсан бол хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдэгдэж байсан биз дээ. Үнэхээр муу гэрээ болсон юм бол яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Хариуцлага хүлээнэ гэдэг чинь зүгээр л хэдэн хүний өмнө гарч ирээд хэлчихдэг тийм хямдхан үг үү?

-Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр хар толгойгоороо хариуцна гээд байсан. Гэтэл одоо гадаадад байдаг сурагтай. Хаа байна тэр хариуцлагаа үүрсэн нь. Адаглаад үйл ажиллагаа нь ч нээлттэй биш, Монголын талд санхүүгийн баримтаа ч үзүүлдэггүй байлаа. Ийм байж болох уу. Зөвхөн 2010-2012 оны Оюу толгой төслийн санхүүд шалгалт хийх үеэр маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Тэд шалгуулахгүй гэсэн. Нэг сайд оролцоод дийлэхгүй байсан болохоороо хандаж, Шадар сайдын хамт гурвуулаа хамтарсан тушаал гаргая гэсэн. Монгол төрийн гурван сайд гарын үсэг зурсан болохоор аргагүйн эрхэнд Оюу толгойн санхүүд шалгалт оруулахаар болсон хэрэг. Гадаадаас хэдэн чингэлэг баримт бичиг ирүүлсэн. Ингэж шалгалт оруулж зөрчлийг илрүүлсэн нь олон талын ач холбогдолтой болсон гэж боддог.

Монгол төр хариуцлага тооцдог, шалгадаг, хуулиа мөрддөг юм байна гэдгийг харуулж чадсан хэрэг. Цаашид алдаа хийвэл ингээд шалгана, нэгэнт 34 хувийг эзэмшиж байгаа бол Монголын Засгийн газарт тайлагнахгүй бол болохгүй юм байна, зардалдаа хаа хамаагүй зүйлийг шингээж болохгүй нь гэдэг дохио өгсөн гэж бодож байна. Түрүүн та хариуцлагын тухай асуулаа. Манай улсад үнэхээр “хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн. Тэр дундаа өндөр албан тушаалтнуудад. Тийм болохоор л миний хувьд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоод чуулганы танхимд “эдийн засаг, эдийн засаг,эдийн засаг” гэж онцлоход “Хариуцлага, хариуцлага, хариуцлага” гэдгийг чухалчлаарай, ус агаар шиг дутагдаж байгаа зүйл шүү хэмээн анхааруулж хэлсэн юм.

-Манайхан хариуцлага тооцно гэхээр л шорон оронд хийж, албан тушаалаас хөөх арга хэмжээ л авах юм. Цаашид хариуцлага гээчийг хэрхэн бий болгох ёстой юм?

-Сахилга бат, хариуцлага гэдгийг үйл хөдлөл бүртээ, үг болгондоо шингээж, мөрдлөг болговол мөн ч олон зүйлийг өөрчилж болохсон гэж бодогддог. Тэр утгаараа “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэсэн сэдвээр илтгэл хүртэл тавьж байв. “Сахилга, хариуцлага гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс” шүү дээ. Сахилга, дэг журмыг сахих нь нийгмийн урагшлах хөдөлгөөнийг түргэтгэх асар их нөөц болдог. Өөрөөр хэлбэл, эрхэлсэн ажлынхаа төлөө төр, төрийн бус, ашгийн төлөө бизнесийн байгууллагын бүх шатны боловсон хүчний ухамсартай сахилгыг бэхжүүлэн, хариуцлагыг дээшлүүлж зохион байгуулалт, ажил хэрэгч хандлагыг хэвшүүлэн тогтоож чадах аваас хүнд суртал, авлига, хээл хахууль арилж, цаг ашиглалтын үр өгөөж сайжирч, ажлын бүтээмж, чанар, үр ашиг нэмэгдэх нь зайлшгүй. Энэ нь эргээд хөгжлийн хүчтэй хурдасгуур болно.

Германчууд хариуцлага, сахилга батыг дээдэлдэг учраас дэлхийд манлайлж байна. Хэрвээ монголчууд дэгтэй, сахилгатай, хариуцлагатай байвал дэлхийд манлайлж чадна гэдэгт итгэдэг. Бид сахилга, хариуцлага гэдэг зүйлийг холоос хайх хэрэггүй. Төрд ажиллаж, төсвийн мөнгөөр цалинжиж байгаа албан тушаалтнууд, албан хаагчид өөрсдөө үлгэр дуурайлтай байх ёстой. Бэлтгэгдсэн боловсон хүчнийг нь аль нэг нам эвсэл гарч ирээд халж сольдог, фракц бүлэглэлийн хүрээнд албан тушаалын “бялуу хуваах” байдлаар хэнийг ч хамаагүй томилдог. Үүнээс болоод ч дарга нарт тал засч, далдганаж, долигоносон хүмүүс дарга даамал болчихож байна. Хүн ямар аргаар улс төрд орж ирсэн тэр аргаараа замнадаг гэдэг үнэний ортой. Ийм шалгуураар төрд шургалагсад шударга, ажил хэрэгч, хариуцлагатай ажиллаж чадахгүй шүү дээ.

-Хариуцлагын тогтолцоог хэрхэн бий болгох юм бэ?

-Би “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” илтгэлээ бэлтгэхийн тулд маш их судалгаа хийсэн. Сүүлийн хорь гаруй жилд Монгол Улсад сахилга, хариуцлага төрийн албан байгууллагад ч, аж ахуйн нэгжид ч, айл өрхийн түвшинд ч алдран суларч эцэстээ нийгмийг дотроос нь идэн доройтуулах, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц нөхцөл, хүчин зүйл болоод байгаа. Чухамдаа албан тушаалтан, хувь хүний сахилга хариуцлагагүй байдлаас нийгэмд дэг журам алдагдаж, эдийн засгийн сүлжээнд хэдэн арван их наяд төгрөгөөр тооцогдох хохирол гараад зогсохгүй эх орны онгон дагшин байгаль сүйдэж, ус мөрөн үй олноороо хатан ширгэж, ойн нөөц сэглэгдэж, зөвхөн Монголд л үлдэж Улаан номд орсон олон ан амьтан, ховор үнэт ургамлууд устах аюул нүүрлэж, тэр байтугай эрдэнэт хүний алтан амь эрсдэх тохиолдол ч цөөнгүй гарах боллоо. Нотолгоо болгож цөөхөн жишээ хэлье.

Үндэсний статистикийн мэдээнээс харвал 20082012 онд таван жилийн дотор гэмт хэргийн улмаас 226.6 тэрбум төгрөгийн хохирол нийгэмд учирч, 100 мянга шахам иргэн хохирсон байна. Хувийн болон төрийн өмчид гэмт хэргийн улмаас учирсан энэ хохирлын мөнгөөр 640 хүүхдийн суудалтай 90 сургууль, эсхүл 15 ортой 205 эмнэлэг, нэг бол 50 ортой 102 төрөх эмнэлэг, эсхүл 150 ортой 205 цэцэрлэг барих боломжтой байжээ.

Одоогийн байдлаар зөвхөн алт олборлох уул уурхайн аж ахуйн нэгж, иргэдийн хууль бус үйл ажиллагааны уршгаар Монгол орны 15 аймгийн 56 суманд 4000 орчим га талбай сүйтгэгдээд байна. Тэдний байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ 1.16 их наяд төгрөг болсныг БОНХАЖЯ-нынхан тооцон гаргажээ. Зөвхөн энэ хэдхэн тоо л нийгмийн дэг журам алдагдаж, ёс суртахууны доройтол ихэсч байгаа нь бидний хөгжилд ямар их саад тотгор учруулж байгааг харуулж байна. Герман, Сингапур, Япон гээд орнууд баялаггүй хэрнээ өндөр хөгжилтэй болсон. Манайхан гуравхан сая хүн амтай, асар их баялагтай, газар нутагтай, малтай байж ингэж ядуу амьдарч болохгүй. Бүгдээрээ үүнийг мэддэг, ярьдаг хэрнээ ажил хэрэг болгодоггүй. УИХ-ын гишүүд бид үүнийг үлгэрлэн ажиллах ёстой. Тиймээс бид сахилга хариуцлагыг дээрээсээ сахих учиртай.

-Сонгууль ойртоод ч тэр үү сүүлийн үед бүх л намууд “ард түмний төлөө” гэж ихээхэн дуугарах боллоо…

-Улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намын эрх ашгийг хоёрдугаарт тавих ёстой. Нэг хууртаж болох ч хоёр удаа хууртахгүй. Бидний үг, үйлдэл бүр ард түмний нүдэн дээр ил шүү дээ. Элч болж парламентын босгыг алхсан ч хуралдаа суухгүй, хуулийн төсөл боловсруулахад оролцохгүй, томилгоо, мөнгө хэлэлцэхээр гүйгээд ирдэг гэдгийг хэлүүлэлтгүй ялгаж байгаа.

-Сонгогчдод алдаа оноотой зүйл байдаг л байх. Намууд өөрсдөө тэр тэнд нэр дэвш гээд заачихдаг болохоор ард түмэн яалт ч үгүй намаас ирсэн хүмүүсийн аль нэгийг дэмжих хэрэгтэй болдог. Тэгэхээр эхнээсээ л намууд хүнээ зөв сонгож явуулах ёсой юм биш үү?

-Үүнтэй санал нэг байна. МАХН жагсаалтын 28 гишүүний нэрийг нь дэвшүүлэхдээ оюунлаг, эрдэм мэдлэгтэй, ноён нуруутай, зөв хүмүүсийг сонгох нь чухал шүү гэж байнга хэлж байгаа. Түүнээс биш намын нэрээр “хавчуулагдсан” хүмүүсээр дүүргэчихвэл намын төдийгүй цаашлаад төрийн нэр хүндийг унагах, иргэдийн итгэх итгэлийг бууруулна. Цүнх дүүрэн мөнгөгүй ч, мэдлэг, туршлага арвинтай, монголчуудын үлгэр дуурайл болсон олон оюунлаг хүмүүс бий. Өнөөдөр Монголын төрд оюуны бядтай, сууж ажиллаж чадах, хууль, тогтоолыг судалж, харьцуулалт хийх, Монголоо хөгжүүлэх гэсэн эрмэлзэлтэй, мөнгөний шунал нь арилсан, холч ухаантай хүмүүс хэрэгтэй байна. Монгол төрийн гаргах шийдвэрт “ланжгаруудын” ухаан хэрэгтэй байна шүү дээ. МАХН, МАН, АН болон бусад намууд жагсаалтад төр, нийгмийн зүтгэлтэн, холч ухаантай, туршлага мэдлэг арвинтай, эх оронч, баргийн нөлөөлөлд автахааргүй салбар бүрийн оюунлаг хүмүүсийг оруулмаар байна. Тэгж чадвал Монголын парламентад 28 “ланжгар” ороод ирнэ шүү дээ. Хандив өгсөн, тал засч гүйсэн, цүнхийг нь барьж дулдуйдсан нөхдийг намын жагсаалтын дээгүүр оруулмааргүй байна. Түрүүн миний хэлсэн шиг, монгол төрийн бодлогыг тодорхойлоход ашиглах хүмүүсийг жагсаалтад бичээд намын дарга, удирдах албаныхан өөрсдөө тойрогт өрсөлдөх хэрэгтэй. Хэрвээ ийм шалгуураар парламентын гишүүд сонгогдвол харагдах байдал, олон түмний үнэлгээ ч өөрчлөгдөнө гэж боддог. Хүнийг хөгшин гэж голж болохгүй. Насаараа цаастай “зууралдаж” сурсан хүмүүс Их хуралд ороод ирчихвэл хурал тасална гэж үгүй, хуулийн төслийн “шүүсийг” нь шахна. Бүхий л насаараа шахам эрдэм номын төлөө явсан хүмүүс улсаа худалдах, баялгаа гадныханд найр тавин өгөх наймаанд лав оролцохгүй дээ. Эх орныхоо хөгжлийн төлөө их зүйл бүтээсэн ийм хүмүүс нүгэл үйлдэхгүй бөгөөд бусармаг, шударга бус үйлдлийн эсрэг “үгүй” гэдэг үгийг ам бардам хэлж чадна гэдэгт итгэлтэй байна. Харин тойрогт залуу, дунд үеийнхэн өрсөлдөөд гараад ирэг. Үнэхээр туршлагатай “ланжгарууд”-д мөнгө байхгүйгээс гадна “хор” найруулж чадахгүй, шударга, нам эвслийн аливаа фракц бүлэглэлд оруулахгүй учраас төрийн босгыг алхаж чадахгүй байна. Ийм хана улам өндөрсч байгаа нь харамсалтай санагддаг. Нэг ч удаа төрийн алба хашиж үзээгүй, мөнгөний үнэрт хэт дурлачихсан нөхдүүд орж ирэхээр яаж ажиллах нь ойлгомжтой шүү дээ. 2012 оны сонгуулийн өмнө миний бие намын жагсаалтад орохгүй, тойрогт нэр дэвшье гэж МАН, АН болон бусад намын удирдлагуудад уриалсан ч нэг нь ч дэмжээгүй.

-МАХН энэ оны сонгуульд яаж орох гэж байна. Эвсэл болж орох юм уу?

-Одоохондоо албан ёсны шийдвэр гараагүй байна. Үзэл бодол ойролцоо намууд нэгдэж, нийлэх, хамтарч ажиллах нь зүйтэй. Цөөхөн монголчууд бидэнд олон нам хэрэггүй гэж боддог. Бид эвлэж, нэгдэхээр хүчтэй байдгийг өнгөрсөн түүхүүд гэрчилнэ. МАХН-ын хувьд угшил нэгтэй гэдэг утгаараа МАНтай хамтарч болохгүй зүйлгүй. АН-тай цаашид хамтарна гэвэл үзэл бодол, мөрийн хөтөлбөр дээрээ анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг нь зүүний, нөгөөх нь барууны үзэлтэй нам шүү дээ. Хүн хэд наслахаа мэдэхгүй байж л Их хуралд орж ирээд мөнхийн амьтан шиг аашилдгаа болих цаг хэдийнэ болсон. Төр мөнх болохоос хүн мөнх биш.

-Та энэ сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгтээ нэр дэвших үү. Эсвэл төрсөн нутаг Архангай аймаг руугаа явах уу. Таныг жагсаалтад дургүй гэсэн болохоор тэгж асууж байна л даа. Хэрэв жагсаалтад орвол хоёрдугаарт эрэмбэлэгдэх хамгийн боломжтой юм биш үү. Тойрогтоо хэр ажил амжуулав?

-Намын жагсаалтад орохгүй гэсэн бодолтой байгаа. Сонгогдсон тойргийнхоо сонгогчидтой байнга уулздаг. Засгийн газрын гишүүн байсны хувиар Сонгинохайрхан дүүргийнхээ сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхэнтэйгээ ойр ажиллаж, барилга байгууламжийн засвар, өргөтгөл, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг улс, нийслэл, дүүргийн төсөвт суулган шийдвэрлүүлэхээс гадна, зарим шаардлагатай ачаалал ихтэй зам, уулзваруудыг “Гудамж төсөл”д хамруулан өргөтгөх, шинээр тавих, гэр хорооллын эрчим хүчний асуудлыг шийдэхэд салбарын яам, газруудтай хамтран анхаарал хандуулсны дүнд цахилгаан эрчим хүчний асуудалтай байсан нийт өрхийн 80 гаруй хувийн асуудал шийдэгдсэн байх жишээний. Үүнээс гадна ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүдийг гадаад, дотоодын уралдаан тэмцээнд явуулахад дэмжлэг үзүүлэх, боломж бололцоо муу нэгний эмчилгээ сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх зэрэг бусад олон асуудлыг чадахаараа шийдээд явсан. Өнгөрсөн онд гэхэд нэг хорооноос 30 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүндэтгэл үзүүлж очсон. Нийтдээ 1000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг баярлуулсан. Төрийг төлөөлөн иргэдтэйгээ уулзахад тэд дуртай байдаг. БНСУ-аас 26 эмч авч ирэн 1000 гаруй иргэнийг үзлэгт хамруулсан, саяхан долоон эмч явуулж арав гаруй мянган иргэнийг үзлэгт хамруулж чадлаа. Тиймээс бид амьд холбоотой байгаа. Сонгинохайрхан дүүргийн хороо, цэцэрлэг, сургууль бүрийг би мэдэхийн хувьд олон очиж чадаагүй ч аль болох хүрч ажиллахыг хичээж байна. 2012 оноос өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт санаачлан хийлгэсэн, анхаарал хандуулсан том ажлууд нь байшин хорооллын иргэдийн байрны засвар хийх шаардлагатай болсон дээврийн асуудлыг, цахилгаан шат буюу лифт шинэчлэлийн асуудал зэргийг СӨХнуудтайгаа хамтран 60-90 хувьтай улс, нийслэл, дүүргийн төсөвт суулган шийдвэрлэсэн, гэр хорооллийн иргэдийн цахилгаан эрчим хүчний асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын судалгааг үндэслэн 80 хувьтай шийдвэрлэсэн. Үүнд тойргийн сонгогч иргэд ихээхэн талархаж байгаагаа илэрхийлж захидал ирүүлж, утсаар ярьж хэлсэнд талархаж байна.

-Танай нам дотор үл ойлголцол гараад байна уу. О.Баасанхүү гишүүн гэхэд ихээхэн гомдолтой яваа сурагтай?

-О.Баасанхүү гишүүн ямар бодолтой явааг мэдэхгүй. Өөрөөс нь асуувал дээр байх.

-Таныг бүлгийн дарга болгох гэж байгаа юм уу. Нэг хэсэг тийм яриа гарсан?

-Бүлгийн даргын асуудлыг “Шударга ёс” эвслийн хурал дээр ярилцаж шийднэ.

-МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ил захидал бичсэн байна. Өөрийнхөө баривчлагдах болсон шалтгааныг л тайлбарласан байна лээ. Сайд болсон хүмүүсээ намын санхүүжилт босго гэж намаас шахдаг юм уу?

-Түүний захидал бичсэн эсэхийн бодитойг мэдэхгүй болохоор тодорхой тайлбар хэлж чадахгүй байна. Г.Шийлэгдамбыг хоригдож байхад очиж уулзсан. Энэ долоо хоногт уулзах бодолтой байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол инженерүүд хүйтэнд ажрахгүй нарны авсаархан хавтангаар цахилгаан, дулааны асуудлыг шийдэх гэж байна

Монгол инженерүүд нарны эрчим хүчээр гэр хороолол, байшин, хаусны цахилгаан, дулааныг шийдэх гэж байна. Малчдын хувьд аккумлятор ажиллуулахгүйгээр гэрэл, цахилгааны асуудлаа бүрэн шийдэх бүтээгдэхүүнийг цагаан сарын дараахнаас хэрэглэж эхлэх нь. Инженер залуус бүтээгдэхүүнээ тун удахгүй зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. “Гэгээ” төслийн санаачлагч, инженер Г.Биндэрьяатай энэ талаар ярилцлаа.

-Та нарын бүтээсэн төхөөрөмж их авсаархан юм. Цүнхлээд явах хэмжээний жижигхэн төхөөрөмжөөр гэрэл гаргаж, утсаа цэнэглэх нь. Ийм зүйл бүтээе гэсэн санаа хэзээнээс төрсөн бэ?

-Хоёр жилийн өмнөөс “Гэгээ” төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Би 2002 онд ШУТИС-ийг авто инженерээр төгссөн юм. Иргэний нисэхийн ерөнхий газар, Автобус баазад ажиллаж байлаа. Сүүлд “Энержи ресурс”-ын Ухаа худаг төсөл дээр автын инженерээр ажиллаж байгаад төслийн ажил руугаа орсон. Төслийн хувьд миний хобби л доо. Эхлээд Хятад, Солонгос, Японы компаниуд руу мэйл бичсэн. Манайх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэргүй учраас гадагшаа хандсан хэрэг. Япон, Солонгос, Хятад, Хонгконгоос хариу ирсэн. Хамгийн ойрхон визгүйгээр нь Хонгконгийн үйлдвэрт очоод санаагаа хэллээ. “Манай улс хасах 40, түүнээс дээш хэмд хүрч хүйтэрдэг, гурван өдөр нар гарахгүй үе олон. Нүүдлийн соёл иргэншилтэй учраас гэрэл зайлшгүй хэрэгтэй. Энэ шаардлагуудыг хангасан гэрэл хиймээр байна” гэсэн л дээ. Хонгконгийн “Янхао” үйлдвэрийн зүгээс “Бүх юмаар чинь хангаж өгье, та нар өөрсдөө бүтээгдэхүүнээ гаргаж ав” гэсэн хариу өгсөн. Хөдөөний хамаатан садан, ойр харилцаатай хүмүүстээ хэрэглүүлж тестлүүлээд одоо борлогдох хэмжээний эцсийн бүтээгдэхүүнтэй болчихлоо. Удахгүй, цагаан сарын дараахнаас худалдаанд гаргана. Оюуны өмчийн газраас өнгөрсөн оны сүүлээр гэрчилгээгээ авсан. Манай төслийн бүтээгдэхүүн хасах дөчөөс нэмэх тавин градуст ажиллана. Зөвхөн Монголын нөхцөлд зориулж хийлгэсэн гэдгээрээ онцлог. Манайхтай ижил төстэй цаг агаартай гэвэл Орос байна. Бүтээгдэхүүнээ Оросын зах зээл рүү гаргая гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Саналаа явуулсан. Оросын тосгодоор явж бүтээгдэхүүнээ сонирхуулсан. Их сонирхож байна.

-Бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой өөр улс байна уу?

-ЖАЙКА-гийн шугамаар “Токио энержи”-гийн хүмүүс ирж манай төслийг сонирхсон. Япон өндөр технологитой газар. Япончуудын хувьд улсдаа дарамтгүй сэргээгдэх хүчний бүтээгдэхүүнд их анхаардаг юм билээ. Тэр утгаараа Японы зах зээл рүү гарах боломжтой гэж харж байгаа.

-Дотоодоосоо гадна сая хэлсэн улсууд руу бүтээгдэхүүнээ гаргавал зах зээл томрох нь тодорхой л юм байна?

-Эрчим хүчний ирээдүй сэргээгдэх эрчим хүч рүү орчихсон. Нүүрснээс ерөнхийдөө татгалзчихлаа. Нар, салхи, ус, газрын дулаан гээд сэргээгдэх эрчим хүч рүү орж байна. Монголын хувьд салхи, нарны эрчим хүчийг хөгжүүлэх боломжтой.

-Танай бүтээгдэхүүн малчдад их хэрэгтэй эд санагдлаа, энэ төхөөрөмжийг ямар үнээр худалдаж авах боломжтой вэ?

-Малчдын хувьд цахилгаанаа аккумлятороор шийддэг. Аккумлятор маш хортой. Техникийн зориулалттай зүйлийг ахуйн хэрэглээнд ашиглах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Малчид аккумляторыг гэртээ бүр хоёроор нь тавьчихсан харагддаг. Нарны эрчим хүч маш олон давуу талтай. Улс орноос цахилгаан станц энэ тэр гээд ямар нэг ачаалал шаардахгүй. Нөөц нь шавхагдашгүй. Эхний ээлжинд гэрэл гаргачихлаа. Цаашдаа бид орон сууц халаах бүтээгдэхүүн гаргана. Малчдадаа зориулаад зурагт үзэх, ахуйн хэрэглээний угаалгын машин ажиллуулах чадалтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ. Энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа. Нэг аккумлятор 150-240 мянган төгрөгийн үнэтэй. Зөвхөн аккумляторын үнэ шүү дээ. Гэтэл манай бүтээгдэхүүн удирдлагын төхөөрөмж, нарны хавтан, гэрэл гээд бүх зүйлтэйгээ нийлээд 150 мянган төгрөг.

-Зургаахан шүдэнзний хайрцаг нийлүүлчихсэн юм шиг энэ дөрвөлжин төхөөрөмжинд гэрэлнээс гадна утас цэнэглэх оролт лав харагдаж байна, өөр ямар оролт байна вэ?

-Удирдлагын самбар л даа. Гэрэл гаргана, утас цэнэглэнэ. Нарны хавтан цэнэглэх оролт бас байгаа. Нарны хавтан нь авсаархан байгаа биз. Малчдын одоо хэрэглэж байгаа нь овор ихтэй. Хэмжээ нь бага учраас хэрэглэхэд төвөг багатай. Аялал, отор зэрэгт аваад явахад асуудалгүй. Удирдлагын төхөөрөмжинд нарны хавтангаа холбоод цэнэглэчихнэ. Дөрвөөс зургаахан цаг цэнэглэхэд 8-12 цагийн турш гэрэл асаах чадалтай. Утсыг энгийн үед ямар хугацаагаар цэнэглэдэг билээ яг тийм хугацаанд цэнэглэдэг. Манай бүтээгдэхүүний жин ердөө 800-хан грамм.

-Танай төхөөрөмжийг авч гэрэлтүүлгээ шийдье гэвэл том өрөөг хангалттай хэмжээнд гэрэлтүүлж чадах уу?

-Улайстал халдаг 60, 100 ваттын ламп байдаг даа. Бидний хийсэн энэ хоёр гэрэл 32 ватт. Хангалттай гэрэлтүүлнэ гэсэн үг. Лед гэрэл учраас их хурц. Бидний үйлдвэрлэсэн ардаа нарны хавтантай жижиг гэрлийг гэхэд л нийслэлийн оршин суугчид тог тасрахаараа хэрэглэх боломжтой. Том өрөөг хангалттай гэрэлтүүлнэ. Өдөр цонхныхоо тавцан дээр тавихад л цэнэг авчихна.

-Лед гэрэл гэхээр хараанд нөлөөлөх талаасаа ямар бол?

-Лед гэрлийг ямар нэг хамгаалалтгүйгээр тусгавал хараанд нөлөөлдөг. Энэ гэрлийн хувьд гадна талаараа сүүн гэртэй. Тэгэхээр ямар ч сөрөг нөлөөгүй. Лед гэрэл анх байлдааны зориулалтаар Орост үүсч байсан юм. Алсаас хурц гэрэл тусгаж сигнал өгөх зориулалттай үүссэн гэрэл л дээ.

-Хойноо нарны хавтантай жижиг гэрэл чинь их хэрэгтэй эд санагдлаа. Яг одоогоор бэлэн болсон өөр ямар бүтээгдэхүүн байна?

-Энгийн хэрэглээний зориулалттай гэрэл байгаа юм. Жишээ нь малчид гэртээ гэрэл гаргах зориулалтаар тавьж орой нь хотоо эргэхдээ бариад гарах боломжтой. Гэрийнхээ үүдэнд тавьж орчноо гэрэлтүүлж болно. Жорлондоо тавих бололцоотой. Өдөр нь нарнаас цэнэг аваад орой нь ойр хавиа гэрэлтүүлнэ гэсэн үг. Үнэ өртгийн хувьд 36 мянган төгрөг. Хасах 40 градуст ажилладаг гэдгээрээ давуу талтай. Хот руу чоно оруулахгүй зориулалттай анивчдаг гэрэл бас бий. Нэг ширхгийнх нь үнэ 18 мянган төгрөг. Арвыг аваад хотоо тойруулаад тавьчихад л нэг хонины үнээр суурь хонио хамгаалаад байх бүрэн боломжтой.

-Бүтээгдэхүүнүүдээ хаагуур зарж борлуулах вэ?

-Хотод нэгдсэн цэгээ байгуулна. “Нарантуул”, “Дүнжингарав” гэх мэт худалдааны томоохон төвүүдэд худалдаалах байх. Хөдөө орон нутгийн хувьд аймгуудын төв дээр борлуулах цэгээ нээх бодолтой байгаа.

-Гудамны гэрэлтүүлэгт өчнөөн мөнгө зардаг. Танайх ийм гэрэлтүүлэг хийж байгаа юу?

-Гудамжны гэрэл хийж байгаа. Сүүлийн үеийн гэрэлнүүд, орчин цагийн технологи нэлээд өндөр түвшинд оччихсон. Нэг см талбай дээр нарны энергийг авах чадал нь ихэссэн л дээ. Гудамжинд тавьсан байгаа замын гэрэлтүүлгийн хувьд аккумлятор нь тусдаа, нарны хавтан нь том гээд асуудал бий. Харин одоо бол бүгд нэг дороо байх боломж бүрдчихсэн. Зөвхөн хуучин шонг нь ашиглаж толгой тавиад л болоо. Одоогоор тестлэгдэж байгаа.

-Бүтээгдэхүүнээ Хонгконгод үйлдвэрлэсээр байх уу, эсвэл эндээ үйлдвэртэй болъё гэж бодож байгаа юу?

-Яваандаа үйлдвэр барья гэж бодож байгаа. Чадвал энэ жилдээ багтааж босгох санаа бий. Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд сэргээгдэх эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлчихлөө. Бидний хувьд маш том давуу тал. Засгийн газраас бодлогоор дэмждэг жижиг дунд үйлдвэрүүдийг дэмждэг төслүүдэд хандах сонирхол бий. Энэ бүтээгдэхүүнүүдийн хувьд өөрсдөдөө байгаа мөнгөөр хэрэглэгчдэд хүргэх гэж байна.

-Нарны эрчим хүчээр шийдэх халаалтыг хүмүүс их сонирхох байх. Яг ямар зарчмаар ажиллана гэсэн үг вэ?

-Цахилгаан эрчим хүч Монголын нөхцөлд хүндхэн байгаа. Манай хэрэглээний оргил үе нь 19-24 цаг. Маш өндөр хэрэглээтэй. Станцуудын маань хүчин чадал хүрдэггүй учраас хойд хөршөөс цахилгаан эрчим хүч импортолдог. Халаалтаа яг одоогийн эрчим хүчээр шийдье гэхээр өндөр үнэтэй гэсэн том асуудал бий. Бид нарны хавтангийн технологийг сайжруулж, илүү өртөг багатай болгохоор ажиллаж байна. Тестлэгдэж байгаа. Тогоор халааж байгаа шалны халаалтын хувьд доор нь дэвсдэг нимгэн гудас гэж байдаг даа. Тэр нь байдгаараа байна. Зуслангийн байшин байлаа гэхэд нэг талынх нь буюу нар руу харсан дээвэр нь тэр чигтээ хавтан болчихно. Повер банк гэдэг дээ, манайхаар бол аккумлятор. Аккумлятор нь мөн л гэр, байшингийн гадаа тусгай хайрцганд байх юм. Тэрийг л гэрт байгаа халаадаг гудсанд холбоод өгнө. Ийм л энгийн зарчимтай.

-Нарны эрчим хүчийг аккумлятор руу өгөөд, аккумлятороосоо шалны халдаг гудас руу өгөх юм байна?

-Энгийнээр хэлбэл тийм. Өнөөдрийн хувьд эрчим хүчийг шууд гудас руу өгч байгаа.

-Монгол гэрийн хувьд гэр дээрээ хавтангаа тавиад хэрэглэж болно гэсэн үг үү?

-Зарчим нь ялгаагүй. Таны асуусан шиг гэр дээрээ хавтангаа суурилуулаад шийдчихнэ. Гэр дээр олон шийдэл гарч байгаа. Гэрлийг нь гэхэд л тооно тойруулж хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Монгол гэр 24 метр квадрат. Цахилгаанаа дулаантайгаа хослуулаад хийчих бүрэн боломжтой.

-Өвлийн хүйтэн өдрүүдэд нар их бүүдгэр байдаг. Тэр тохиолдолд ч цэнэглэгдэх үү?

-Сүүлийн үеийн хавтангууд нарны шууд тусгалаар цэнэглэгддэг болсон. Өмнө нь нар руу харуулаад байрлуулдаг байсан. Одоо бол нэг чиглэлд, нарныхаа төв цэгийг бариулаад байрлуулчихад асуудалгүй. Нар мандаад жаргах хүртэл цэнэг авдаг болсон.

-Нарны гэрлээр гэр, байшингийн цахилгаан, дулааныг шийдчихвэл агаарын бохирдлыг мэдрэгдэхээр бууруулах юм байна. Туршилт хэр амжилттай байгаа вэ?

-Бидний хүлээж байгаагаас ч амжилттай байна. Манай төслийнхөн байшингаа сонгохдоо дулаан алдалт нь хэр вэ гэдгийг нь харж байгаа. Дулаан алдалт багатай байшин сонгоод хагас жил туршлаа. Ер нь дулааны алдагдал багатай байшин, гэрт ашиглавал илүү үр дүнтэй гэдэг нь мэдээж.

-Өнгөрсөн сарын эрс хүйтэрсэн өдрүүдэд дажгүй байсан уу?

-Ямар ч асуудалгүйгээр цахилгаан, дулааныг нь шийдэж байна. Монголын хувьд цаг агаарын онцлогтой. Гурван өдөр шуурна, гурван өдөр бороо орно, энэ хугацаанд нар гарахгүй, ийм үед ч бүтээгдэхүүн маань ажиллаж байх ёстой гэсэн шаардлагыг өмнөө тавьсан.

-Халаалтаа та нарын туршиж байгаа нарны эрчим хүчээр шийдье гэвэл үнэ өртгийн хувьд ямархуу байх бол?

– Одоохондоо үнэ хэлэх боломжгүй байна. Ер нь сэргээгдэх эрчим хүчний хувьд эхний өртөг үнэтэй, цааших хугацаанд зардалгүй байдаг. Нэг л удаа зардал гаргаад, цаашдаа жижиг засвар үйлчилгээ хийгээд явна гэсэн үг.

-Гэр, байшингийн халаалт, дулааныг шийдэх бүтээгдэхүүнээ өөрсдийн босгосон үйлдвэртээ хийх үү?

-Үйлдвэрээ энэ жилдээ багтаад босгох гэж төлөвлөж байна. Санасандаа хүрвэл эндээ үйлдвэрлэнэ.

-Танай төслийнхөн нарны эрчим хүчийг ашигласан өөр ямар бүтээгдэхүүн хийх хүсэлтэй байгаа вэ, ирээдүйд гэдэг утгаар нь асууж байна л даа…?

-Энэтхэг гэхэд л нарны эрчим хүчээр ажилладаг машин хийчихлээ. Энгийн хэрэглээгээр жишвэл оффисийнхонд нарны энергиэр утсаа цэнэглэх боломжтой бүтээгдэхүүн хийх бодол байгаа. Наран тал руу харсан цонхтой оффисын хувьд цонхыг нь нарнаас цэнэг авдаг болгоход л утсаа сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэх боломж бүрдэнэ. 2016 оны сүүл, 2017 оны эхээр гэхэд ийм бүтээгдэхүүн гаргачих байх. Одоо туршиж байна. Ийм бүтээгдэхүүнийг ганц оффисын биш машины цонхон дээр ч наах боломжтой. Жолооч нарт нарнаас авсан цэнэгээр утсаа цэнэглэх боломж бүрдэнэ. Энэ мэтээр энгийн хэрэглээнд чиглэсэн олон шинэ бүтээгдэхүүн хийх төлөвлөгөө байгаа.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ханбогдыг хоёр дахь том хот болгох хэрэгтэй

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн Их хурлын чуулганаар Оюу толгойн төсөлтэй холбоотой маргаан мэтгээн өрнөсөн. Дубайн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөж, 76 гишүүний далан тав нь чуулганы танхимд хүрэлцэн ирснээр бараг л 99 хувийн ирц бүрдэж, шөнийн 00:00 цаг өнгөртөл хоёр хэсэг талцаж хэрэлдсэн юм. Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх популист улс төр нь яамай хэрэг. Харин тэр өдрийн чуулганаар улс орны эдийн засаг, хөгжил дэвшилтэй холбоотой нэгэн чухал асуудал цухас яригдсан нь Өмнөговийн Ханбогдыг уул уурхайд түшиглэсэн томоохон хот болгох тухай байлаа.

Эцэс төгсгөлгүй хэрүүл, улс төрийн хийрхэл, өнөө маргаашаа харсан өчүүхэн эрх ашгийн дэргэд Ханбогдын асуудал Монгол Улсын ирээдүйн хөгжил, бүтээн байгуулалт, бизнесийн гогцоо зангилааг тайлж болох итгэл төгс, зоримог алхам санагдсан. “Оюу толгой шиг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд дэд бүтцийг нь шийдсэн том хот байх ёстой юм билээ. Үүнийг гадна, дотнын судлаач, мэргэжлийн хүмүүс хэлдэг” хэмээн Ханбогдыг хот болгох тухай санал Оюу толгой төслийнхөнд тавигдсан. Үүнд “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Тухайн улс орны эдийн засагт Оюу толгой шиг нөлөө бүхий томоохон төслүүдэд дэд бүтцийн асуудал зайлшгүй тавигддаг. Түүнийг шийдвэрлэж байж эдийн засагт эргэлт ирдэг жамтай. 2017 он гэхэд Монголын тал Оюу толгойн уурхайг эрчим хүчээр бүрэн хангана гэж гэрээнд тусгасан” гэж мэдэгдсэн юм.

Тэгэхээр Оюу толгойн уурхай буюу Ханбогдод өндөр хүчин чадал бүхий цахилгаан станц баригдаж, уг бүс нутаг эрчим хүчээр бүрэн хангагдан, өмнөд хөршөөс хараат бус болох нь. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2013 онд “Оюу толгой” ХХК Ханбогдын эрчим хүчний асуудлыг шийдэж байсан удаатай. Тодруулбал, Оюу толгой урд хөршөөс импортолж буй эрчим хүчнээсээ Ханбогд руу 45 километр цахилгаан дамжуулах шугам татаж, 35 кВТ-ын дэд станцыг барьж өгч байсан. Ингэж Өмнийн говийн Ханбогд сум гэрэл цахилгаантай болж байсныг бид мэднэ.

Да.Ганболд Их хурлын чуулган дээр төмөр зам болоод авто замын асуудлыг мөн сөхсөн. Уул уурхайн бүтээгдэхүүнийг шороон замаар тээвэрлэх боломжгүйг тэрээр дурдаад авто зам тавих ажлыг өнгөрөгч жилээс хүлээж авснаа тайлбарласан юм.

Ийнхүү Ханбогдын цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг нь төр засгаас бодлогоор шийдээд өгчихвөл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дараа орох, уул уурхайд түшиглэсэн эдийн засаг, бүтээн байгуулалтын том хот болох гүүр гарц нээгдлээ гэсэн үг. За тэгээд энэ онд Оюу толгой төслийн хоёр дахь шат далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

“Оюу толгой хөдөлснөөр Таван толгойн цахилгаан станц гэх томоохон мега төслүүд ар араасаа хөдөлнө” гэдгийг ч эдийн засагчид онцлоод буй. Хоёр дахь шатны төсөл хэрэгжсэнээр гурван мянган хүн ажлын байраар хангагдаж, жилдээ 1.2 тэрбум долларыг Монголын эдийн засагт оруулна гэх урьдчилсан тоон үзүүлэлт гарсан. Иймийн учир Ханбогдод хүссэн хүсээгүй бүтээн байгуулалтын их ажил ундрах нь дамжиггүй. Гурван сая гаруй иргэний мэдэгдэхүйц хэмжээний хувь нь өмнийн говийг зорьж, уул уурхайгаа түшиглэн, дэд бүтцийнхээ бааз суурийг бэхжүүлсэн хот хэрхэн хөгжиж хөдөлгөөнд ордгийг монголчууд нүдээрээ үзнэ. Зөвхөн Оюу толгой гэхгүй Таван толгой, хил залгаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг түшиглэж олон улсын жишиг, стандартад нийцсэн томоохон хотхонууд босч, Монголын өмнийн говьд хөгжил цэцэглэлтийн түүхэн он цаг ирнэ.

Хүн амын төвлөрөл нягтралаа дагаж, хувийн хэвшлийнхэн, үндэсний томоохон кампаниуд өмнийн говь руу нүүдэллэх нь мэдээж. Ингээд л ганган улаан тэмээгээрээ алдартай Галбын говьд Монголын хоёр дахь том хот сүндэрлэж эдийн засаг, банк санхүү, үйлдвэр уурхайн том төвүүд өдөр өдрөөр уралдан үүд хаалгаа нээх биз ээ. Энэ бол зүгээр мөрөөдөл төдий биш юм. Хархоринд нийслэл хотоо байгуулна гэж сэтгэлийн хөөрлөөр өвчигнөдөг нөхдийн үнэмшилгүй ярианы хажууд илүү бодитой, байж болох дүр зураг тодхон харагдаад байгаа. Учир нь Ханбогдод дэлхийд эхний тавд тооцогддог Оюун толгойн том уурхай байна.

Мөн Тавантолгойн уурхай байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Цагаан суваргын орд гээд хөгжил дэвшлийн суваг, гарцууд эргэн тойронд нь байна. Байнгын ажиллагаатай худалдааны Гашуун сухайтын боомтоос аваад хилийн томоохон боомтууд ойр орчимд нь төвлөрч байна. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Хятад гүрэн хажууханд нь оршиж байна. Эл бүгд Ханбогдыг Монгол Улсын хоёр дахь том хот болон сүндэрлүүлэх бааз суурь, хөрс нь мөн юм.

Түүнээс гадна өмнийн говь,Ханбогд өвлийн хэдэн сард Улаанбаатарынхаа утаан дундаас гарах гарцгүй аж төрж, осгож үхмээр хүйтэнд дагжин чичирч буй монголчуудад цаг агаарын хувьд хамгийн таатай бүс нутаг юм. Манай сонинд өмнө нь “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна”, “Арал худалдаж авах биш өөрсдөө арал байгуулъя” гэсэн цуврал нийтлэлүүд гарч байсан. Идэр есийн жавар тачигнан, хотын утаа хэрээс хэтэрч Улаанбаатарт аж төрнө гэдэг аймшигтай санагдах болсон өнөө цагт бидний дэвшүүлсэн нийтлэл олон ч хүний анхаарлыг татаж, талархлыг хүлээн санал сэтгэгдлээ илэрхийлэхэд хүргэсэн юм. Тэгвэл өөрсдөө байгуулах гэж санал санаачилга гарган зүтгээд байгаа “диваажингийн арал” чинь Ханбогд юм биш үү гэх бодол төрөөд байна.

Завханы Тосонцэнгэлд хасах 35 хэм хүрч байхад Өмнөговийн Ханбогд нэмэх 15 хэмийн дулаантай эрс тэс ялгаа харагддаг. Энэ өвлийн ид хүйтнээр Тосонцэнгэл, Улаангомд хасах тавин хэдийн хэм хүрч янгинаж байхад Ханбогдод хасах арваад, онцгой үед арваас жаахан давсан хэмийн хүйтэнтэй байлаа. Утаа, хүйтэн хоёроос дайжихдаа тулаад байгаа Улаанбаатарынхан идэр есийн жавар тачигнах цагаар ердөө 600 гаруй километрийн цаана орших “диваажингийн хот”-доо нүүдлийн шувуу шиг цуглаад жаргаж хэвтвэл яасан юм бэ.

Үндэсний томоохон компанийн нэг “Номин констракшн” шилдэг ногоон байгууламж төсөл “River Gar­den” хотхондоо хиймэл нуур, элсэн воллейболын талбай зэргийг Туулын хөвөөн дээр бий болгочихоод байгаа. Зөвхөн нэг компани олон улсын стандарт бүхий ийм хотхоныг барьж байгаа юм чинь бүхэл бүтэн улс орон нэг хотыг уул уурхайдаа түшиглэн дэлхийн жишиг хот болгох энүүхэнд биз дээ. Ханбогдын элсний шуургыг шийдээд хиймэл нуур, цөөрөм бий болгочихвол говь нутгийн салхи зөөлнөөр илбээд ёстой л нөгөө жаргалын орон гэдэг чинь жинхэнэ утгаараа ирнэ.

Дээр нь Равжаа хутагтын энергийн төв Ханбогдод бий. Түүнийг түшиглэн аялал жуулчлалын чөлөөт бүс бий болгох боломжтой. Мөн казино зэргийг дэлхийн зугаа цэнгэлийн хотуудын жишгээр байгуулж, үндэсний бүтээн байгуулагчдын хотхон дүүргүүд, сумогийн аваргууд тэргүүтэй урлаг соёл, спортын одуудын дүүрэг хорооллууд босох нь мэдээж. Дэлхийн морин уралдааны болон тэмээн поло-гийн цэнгэлдэх хүрээлэнгүүд нээгдэж, сав л хийвэл гадагш дайжиж оддог Монголын улстөрч, бизнесмэнүүд дэлхийн нөлөө бүхий нөхдүүдтэй Ханбогд хотоо зорих цаг ойрхон байгаа бус уу.

Categories
мэдээ цаг-үе

О.Доржханд: Цагаан сарын дараа хоол боловсруулах замын өвчин эрс нэмэгддэг

“Докамед” эмнэлгийн захирал клиникийн профессор тэргүүлэх зэрэгтэй, хоол боловсруулах замын эмгэгийн эмч О.Доржхандтай ярилцлаа.

-Тун удахгүй монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр болох гэж байна. Энэ үед хүмүүс бууз, салат зэрэг хүнд хоолнууд иддэг. Идэж болохгүй, хоорондоо харшилдаг хүнс гэж байдаг уу?

-Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15-ныг хүртэл ходоод тодорхой хэмжээний ачаалалтай байдаг. Энэ хооронд мэдээж бууз, салатаа идэх нь тодорхой. Гэхдээ түүнийг зохицуулах ёстой. Айл болгонд бууз иддэг ч шингээгээд байдаг шүү дээ. Өвлийн урлиралд мах идээд ходоод илүү тамиртай байгаа үед буузаа шингээгээд байна гэсэн үг. Бууз бол хүнд хоол. Дандаа мах, нүүрс ус холилдсон хоол иднэ гэсэн үг. Бууз хийхдээ сүүлийн үед хүмүүс янз бүрийн амтлагчаар амталдаг болсон байна. Баяраар буузны хажуугаар айраг, цагаан идээ идээд явдаг. Бууз, цагаан идээ хоёр хоорондоо зохицдог. Мөн бууз идэхдээ ногоо идвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Ногоо идэхдээ анхаарах хэрэгтэй зүйлс олон байдаг. Сүүлийн үед салатыг олон хэлбэрээр хийдэг болсон. Хүмүүс мэдэхгүйгээс болж зохицохгүй хүнсээр салат хийх нь их байдаг. Жишээлбэл загас, өндөг хоёр хоорондоо зохицдоггүй. Гэтэл бид өндөг, загасны салат гээд л янз бүрийн юм холиод л хэрэглэдэг. Тэрийг маш болгоомжтой анзаарч идэх нь зүйтэй. Хэрэв загастай салат идвэл өндөг орсон салатнаас татгалзах хэрэгтэй.

-Бараг айл болгон нийслэл салат хийдэг шүү дээ. Энэ хэр нийцтэй байдаг юм бол?

-Нийслэл салат олон төрлийн найрлагатай. Төмс, хиам, өндөг, лууван, огурцы, сонгино, майонез, шиш, вандуй гээд олон төрлийн орцтой. Ер нь хоолны орц найрлага нь цөөхөн байх тусмаа ходоодны шингэцэд сайн нөлөөтэй. Ганцхан нийслэл салат идэхэд л найман төрлийн орцтой байна шүү дээ. Ходоодонд бууз орлоо гэж бодъё. Махыг ходоод боловсруулж байхад хажуугаар нь олон найрлагатай салат орж ирэх үед түүнийг ходоод задлахгүй. Анхныхаа боловсруулж байгаа зүйлээ боловсруулаад сүүлийнх нь боловсруулагдахгүйгээр нарийн гэдэс рүү явна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс олон найрлагатай зүйлээс аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Харин цагаан идээг ходоод сайн боловсруулдаг.

-Өөр зохицохгүй идээ бий юу?

-Сүүг ногоотой хольж идэхэд гэдэс дүүрч суулгадаг. Хонины махыг чихэр, жимстэй хольж идэхэд ходоодыг их гэмтээнэ. Тахианы мах ,тараг хоёр тохирохгүй. Өндөг чихрийг идэхэд уураг тархи хорддог. Зөгийн балтай ус уусны дараа ургамлын тостой хоол идэхгүй байх хэрэгтэй. Улаан лооль, өргөст хэмх хоёр бие биенээ үгүйсгэдэг. Улаан лооль витамин С ихтэй, өргөст хэмхэнд витамин С устгах фермент байдаг. Манайхан гэтэл энэ хоёрыг хольж салат их хийж иддэг. Улаан лоолийг загастай хольж идвэл ходоодны хавдар үүсгэх аюултай. Цагаан архи уусны дараа үхрийн мах идэх нь ходоодны галыг ихэсгэж үрэвсэл үүсгэнэ. Загасны мах, тахианы мах хоорондоо нийцэхгүй. Адууны мах, гахайн махыг зэрэг хэрэглэхэд ходоод хямардаг. Вандуйтай салат идсэний дараа элсэн чихэртэй зүйл хэрэглэхгүй байх ёстой. Чанасан махны уурыг гаргахгүй идвэл ходоодыг ноцтой гэмтээдэг. Үүнийг манайхан ихээхэн анхаарах шаардлагатай. Мөн цай ууж байхдаа өндөг идэж болохгүй. Цайны навчинд био шүлт бий. Харин өндгөнд байдаг төмрийн элементтэй нийлж ходоод цочроохоос гадна боловсролт удааширдаг. Архи, ундаа хоёр нийлэхээрээ нүүрс хүчлийн хий болж ходоод, элэг, бөөрийг гэмтээдэг. Тэгэхээр ундааг архины даруулга болгож хэрэглэж болохгүй гэсэн үг.

-Зохицохгүй хоол, унд идвэл ямар нөлөөтэй вэ?

-Зохицохгүй идээг идвэл ходоодонд шууд нөлөөлдөг. Дотор муухай оргино. Зарим нь шууд бөөлжиж гаргах үе бий. Ходоодны шингэц муудаад бие өвдөх үед хамгийн түрүүнд авах арга хэмжээ ходоодоо угаах байдаг.

-Бууз, салатаа идчихээд хоолоо шингээнэ гээд архи уугаад байдаг. Энэ нь зөв хэрэглээ юу?

-Энэ хамгийн буруу. Архийг аль болохоор уухгүй байх хэрэгтэй. Цагаан сарын дараа хоол боловсруулах замын өвчин эрс нэмэгддэг. Дандаа хэтрүүлэг болчихсон байдаг юм. Манай монголчууд мах идээд архи уудаг нь тун аюултай. Мах халуун чанарын зүйл. Дээр нь нэмээд архины 38-40 градусын халуун нэмэгдэж байгаа. Халуун дээр халуун нэмэгдэхээр ходоод цочирно биз дээ. Энэ цочролыг хамгийн түрүүнд мэдрэх эрхтэн бол ходоодноос гадна зүрх байдаг. Зун хорхогны архи уугаад байдаг нь нойр бурчирхайн өвчнийг сэдрээж байгаа хэрэг. Зун хүний ходоод хамгийн тамир муутай үе л дээ. Зун хүн гал бахбодтой зүрх сэдэрч байдаг үед махаар хооллоод ходоодонд гал нэмж, архи ууж бас гал нэмэх үйлдэл нь хүн зориудаар өөрийгөө хорлож байгаа хэрэг. Малчдын хэлдгээр зун цагаан идээ сайн идэх ёстой.

-Хүнд хоол идээд ходоодоо цочроочихсон байгаа. Ходоодоо яаж амраах вэ?

-Хаврын улирлыг элэг дэлгэрэх цаг гэдэг юм. Хаврын улиралд модон махбодтой гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Модыг хүн тарьж ургуулдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан бие махбодыг тэгж тордох хэрэгтэй. Энэ үед элэгний эмчилгээ хийвэл үр дүнтэй. Хаврын улиралд шороон бие махбодтой ходоод өвдвөл хүндэвтэр өвддөг. Өвлийн улиралд халуун эдүүд дотогшоо нуугдчихсан байдаг учраас бид гүйлгэх, туулгах эмчилгээг хийдэггүй. Хавар ирж байгаа учраас одоо гүйлгэх, туулгах эмчилгээг хийж болно гэж ойлгох ёстой. Тэгэхээр хүн ходоодоо хаврын улиралд хамгаалж, элэг, дэлүүгээ эмчлэх ёстой. Энэ үед элэг, цөсөө угаах нь хамгийн зөв. Гэхдээ заавал эмчийн хяналтан дор угаах хэрэгтэй. Цөс угаахад ходоодоор дамжуулж угаадаг. Үүнийг дандаа мэргэжлийн эмч хянадаг байх ёстой.

Цагаан сараар өдөржингөө хоол идээд хамгийн сүүлд 19 цагт хоол идэж байгаа. Ходоод ч гэсэн амрах ёстой. Ходоод нэг удаагийн хоолыг боловсруулах гэж зургаан цаг ажилладаг. Шөнөжингөө ажилласан ходоодонд өглөө дахиад л нөгөө бууз үргэлжилнэ. Ходоод дээд зэргээр ядарчихсан байна гэсэн үг. Тэгэхээр ходоодоо амраах л хэрэгтэй. Нэг өдрийг ходоодондоо зориулах нь чухал. Тэр их уураг, гурил авалгүйгээр цагаан хоол идэж эсвэл мацаг барих хэрэгтэй. Хүмүүс шинийн найман, 15-нд цагаан хоол идэж эсвэл мацаг барьж ходоод гэдсээ амраадаг. Энэ нь долоо хоногт нэг удаа ходоодоо амраах хэрэгтэй гэсэн үг. Энэ өдрүүдэд цагаан хоол идэж, мацаг барих нь ходоодоо амрааж байгаа хэрэг. Мах идэхгүйгээр бүр зориудаар өлсөж ходоодоо амраах хэрэгтэй.

-Өвөл ходоод угааж болдоггүй гэсэн үг үү?

-Өвөл ходоод угаах нь бөөрний үйл ажиллагааг гэмтээдэг аюултай. Сүүлийн үед 25 процентын магни сулфатаар ходоодоо угаагаад байгаа. 25 процент ходоодонд ороход ходоодыг цочроодог юм. Тиймээс шар сүү, гүүний саамаар ходоод гэдсээ угааж болно гэж ойлгох хэрэгтэй. Шар сүү, гүүний саамаар угаах нь зөөлөн чанараар гүйлгэж угаахыг хэлээд байна.

-Хавар хүн ямар хоол хүнс хэрэглэх ёстой вэ?

-Монголчууд хавар, намартаа шим тэжээл сайтай хоол иддэг. Борц гээд нөөцөлсөн бүх зүйлээ иддэг. Намар ходоод гэдсээ угаагаад өвөлдөө бэлддэг. Өвөл нь махаа иднэ. Энэ өвлийн хүйтнийг бид тэгж давдаг. Хавар нь дахиад ходоодоо цэвэрлэж амраах маягаар явна. Хавар ходоодоо цэвэрлэсний дараа махан хоолоо тэр тусмаа хонины махаа багасгах ёстой. Хонины мах бол хий дардаг дээд зэргийн чанартай мах. Хавар үхрийн мах, борц хэрэглэх нь зүйтэй. Зун сэрүүн чанартай учраас ямаа, тэмээний мах идэх хэрэгтэй. Хавар, зун нь үргэлжлүүлээд хүнд хоол идээд байвал ходоодны тамир муудаад ачааллаа дийлэхээ болино.

АРДЫН ЭМЧИЛГЭЭ

ХОДООД, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНЭЭ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ

-Ходоодны хүчил ихтэй бол луувангийн шүүс уух хэрэгтэй. Ходоодны хүчил хэдий их байх тусам машиндсан луувангийн шүүс төдий чинээ ихээр уу,тэгээд зовиур арилаад ирэхээр уух хэмжээгээ багасгах нь зөв. Ходоодны элдэв шарханд чацарганы тосыг хоолны халбагаар өдөрт гурван удаа уувал тустай.

-Гэдэс, ходоодны хүч сулрах, ходоод өвдөх, хоолны шингэц муудахад зуун наст 150 гр, зөгийн бал 250 гр, таван салаа 100 грыг холиод сэрүүн газар шилэн саванд хийж долоо хонуулаад хоолны халбагаар өдөрт гурван удаа нэг сарын турш хэрэглэх нь зөв.

-Ходоодны архаг өвчнийг анагаадаг хамгийн үр нөлөөтэй арга бол хоолны нэг халбагаас илүүгүй ургамлын тосыг амандаа балгаж дараа нь мөсөн чихэр юм уу эсвэл гаатай чихэр хүлхэнэ. Залгиж хэрхэвч болохгүй. Тэгээд асгаж амаа цэвэрлэнэ. Тос өтгөн байснаа шингэн болно. Тос нь амны хөндийд байгаа хамаг хорыг өөртөө шингээнэ. Энэ аргыг 10-20 удаа өлөн элгэн дээрээ хийгээрэй. Энэ арга нь астма бөглөрөлттэй хүмүүст илүү үр дүнтэй.

-Түүхий сүүний ээзгий, ааруулыг орой унтахдаа зөгийн балтай усанд дэвтээж өглөө зөвхөн шүүсийг нь сайн уух хэрэгтэй. Ийм байдлаар олон өдөр уувал нэн сайн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголчуудын ёс бэлгэдлийн аугаа их баяр Цагаан сар морилон ирлээ” нийтлэл хэвлэгдэн гарлаа

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ хонин жилийн отгон дугаарт ямар онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээлэл хэвлэгдсэнийг тоймлон хүргэе.

Энэ өдрийн дугаарын тэргүүн нүүрт УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдааны талаарх дэлгэрэнгүй сурвалжлага орлоо. Мөн Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, фермерүүдий тодруулсан билээ. Аль нутгийн ажилсаг хөдөлмөрч малчин, тариаланч, аж ахуй эрхлэгч нь улсын тэргүүний цол тэмдгээр шагнуулсан талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг өнөөдрийн дугаарынхаа эхний нүүрт мөн онцоллоо.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн чиг хандлагыг тодорхойлж, шинэ үзэл санага дэвшүүлж байдаг алдарт гуравдугаар нүүрт энэ удаа сэтгүүлч Д.Гансаруулын “Монголчуудын ёс бэлгэдлийн аугаа их баяр Цагаан сар морилон ирлээ” нийтлэл хэвлэгдэн гарлаа. Хэдхэн хоногийн дараа монгол үндэстэн сар шинийн баяраа хийж, шинэ бүхнийг авчрах бичин жилтэй золгох гэж байна. Үндэстний хамгийн том энэ баярын мөн чанар хийгээд жинхэн утга агуулга юу вэ гэдгийг дээрх нийтлэлээс уншаарай.

Мөн энэ өдрийн дугаарт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан сонирхолтой ярилцлага дэлгэлээ.

Түүнээс гадна та бүхэн сар шинийн өдрүүдэд худалдаа үйлчилгээний байгууллага хэрхэн ажиллах цагийн хуваарь болоод сар шинийн баяртай холбоотой олон нийтэд хэрэгтэй мэдээллийг авах боломжтой.

Бямба гариг бүр бидний хүргэдэг “Өд бэх” буланд “Болор цом” яруу найргийн наадмын айргийн тавд “давхисан” шилдэг шүлгүүдийг нийтлэн хүргэж байна. Энэ жилийн “Болор цом”-ын тэргүүн байрт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, удаах байрт Хөөдөөгийн Эрдэнэбаатар, яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар шалгарсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2016.02.05/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангана” гэж заасанд нийцүүлэн Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчлэх шаардлага гарчээ.

Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, түүнийг хэрэглэх онол арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгох чиглэлээр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд хуулийн төслийг боловсруулсан байна. Зэвсэгт хүчний удирдлагыг улс төрийн дээд удирдлага, төрийн захиргааны удирдлага, цэргийн мэргэжлийн дээд удирдлага гэж ангилан, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон хуулийн давхардал, хийдэлгүй болгохоор тусгажээ.

Түүнчлэн батлан хамгаалах салбарын багц хуулиудын хоорондын уялдаа холбоо, эрх зүйн зохицуулалтын нийцлийг хангахаар 4 бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн чиг үүрэг баталгаажиж, зэвсэгт хүчний талаарх удирдлагын болон цэргийн удирдлагын дээд байгууллага, хуулийн үйлчлэл, эрх зүйн харилцаа боловсронгуй болох аж.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Г.Ундармаа дахин хүмүүнлэгийн ажил хийхээр болжээ

“Шинэ үе” продакшны овоглож ирсэн жүжигчин Г.Ундармаа хошин урлагт төдийгүй кино урлагт тууштай уран бүтээл туурвиж яваа эрч хүчтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг. Часхийсэн дуутай, цовоо, басхүү нийгэмд өөрийн байр суурийг хадгалж сайн үйлсийн аянд чин сэтгэлээсээ хандаж улсын гурван ч эмнэлэгийн хүлээлгийн танхимыг хандив тусламж босгон тохижуулсан. Түүний энэхүү бүтээн байгуулалт Монголчууд талархан хүлээн авч буйгаа илэрхийлсээр байгаа. УИХ-д тухлах эмэгтэй гишүүдээс илүүтэйгээр бодит зүйлсээр иргэддээ дэмжлэг үзүүлэх Г.Ундармаа дахин хүмүүнлэгийн үйл хийхээр болсон байна. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28-р хорооны харьяа 30,000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг эмнэлэгийг тохижуулах гэнэ. Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасаг бөгөөд тус тасгийн гурван өрөөг тохижуулж засварлахаар болсон байна.