Categories
мэдээ улс-төр

Шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон хүмүүст үнэмлэх гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан болон давж заалдах шатны шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон хүмүүст өчигдөр үнэмлэх гардуулан өгөв.

Эдгээр хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонсголоо. Ерөнхийлөгчийн зарлигт “Т.Даваасүрэнг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, Ж.Оюунтунгалагийг нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, Т.Туяаг нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Э.Лхагвасүрэнг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Б.Мандалбаяр, Д.Цэрэндолгор, Ч.Ичинхорлоо нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Э.Чингисийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Д.Азжаргалыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж томилогдсон шүүгчдэд итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлэн хууль, журмаа сахиж шударга ажиллахыг хүсэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Хайрын өдрөөр “Төгсгөлгүй” балет бүжинэ

Монголын өнөөгийн нийгэм, уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв үнэнч хайр дурлалын тухай өгүүлэх “Төгсгөлгүй” сонгодог балет тоглогдох гэж байна.

Балетийн бүжгийг, танго бүжигтэй хослуулсан өвөрмөц тавилттай уг бүтээлийг ДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан юм. Харин хөгжмийн зохиолыг Х.Алтангэрэл бичжээ. Орчин үеийн залуусын хайр дурлалаар дамжуулж өнөө үеийн нийгмийн байдлыг харуулахыг зорьсон тус бүтээл 2014 оны арванхоёрдугаар сарын 6-нд анхлан үзэгчдийн хүртээл болсон. Харин энэ удаад Гэгээн хайрын баярт зориулан хоёрдугаар сарын 13,14-ны өдрийн 17.00 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдогдох юм.

Categories
гадаад мэдээ

Зика вирусийн халдвараар гурван хүн нас баржээ

Колумб улсад шумуулаас хүнд халддаг зика вирусийн улмаас гурван хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Алехандро Гавириа мэдээллээ. Амиа алдагсдын шээс болон шүлснээс шинжилгээ авахад зика вирус илэрчээ. Гэхдээ зика вирус биеийн шингэнээр халдвар тараадаг эсэхийг тогтоогоогүй байна. Шумуулаас хүнд халддаг гэгдээд байсан зика вирус анх удаагаа бэлгийн замаар халдсан болохыг тогтоосон билээ. Зикагийн улмаас гурван хүн амиа алдсантай холбогдуулан тус улсын эрх баригчид олон нийтийн газраар ариутгал хийх, вирусын тээгч шумуулаас өөрийгөө хамгаалахыг уриалжээ.

Categories
мэдээ улс-төр

Сайд нар орон нутагт ажиллаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар өнөөдөр орон нутагт ажиллаж байна.

Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төв аймагт, сайд С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар Сэлэнгэ аймагт тус бүр ажиллаж буй аж.

Сар шинийн өмнө Засгийн газар улсын сайн малчин, улсын сайн тариаланч, улсын тэргүүний фермэр, улсын тэргүүний тариаланч хамт олныг тус бүр шалгаруулж, шагналыг нь олгодог. Энэхүү шагналыг эздэд нь гардуулах үүргийг сайд нар хүлээжээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр Төв аймгаас улсын сайн малчнаар Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Насанбат, Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Паламын Гөлгөө, Баянцагаан сумын 2 дугаар багийн малчин Цэндсүрэнгийн Сандаглхагва, Баян сумын 2 дугаар багийн малчин Доржпаламын Батбуян, Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн, Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн малчин Буянтогтохын Батдэлгэр, Баянцагаан сумын 5 дугаар багийн малчин Догсомын Жамъяндорж, Лүн сумын 2 дугаар багийн малчин Дамдингийн Эрдэнэбаяр нар шалгарсан юм.

Сэлэнгэ аймгаас улсын тэргүүний тариаланч хамт олноор Цагааннуур сумын “Товхонхан” ХХК, Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК, Түшиг сумын “Бооцын тариа” ХХК тус бүр шалгарсан юм.

Улсын тэргүүний тариаланчаар Цагааннуур сумын “Гацуурт” ХХК-ийн механикжуулагч Баасанжавын Амарсанаа шалгарсан юм.

Categories
мэдээ спорт

Улаанбаатарын өвлийн наадам болж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын Өвлийн наадам 2016” өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Тус арга хэмжээний үеэр мөсний шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, тэшүүрийн үзүүлбэр, мэргэжлийн цасны хавтаны үзүүлбэр, шүхрийн үзүүлэх тоглолт зэрэг уламжлалт болон орчин үеийн өвлийн спорт, наадгайнууд болох юм. Тус наадамд хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид энэ бүхнийг үзэж сонирхоод зогсохгүй өөрийн биеэр нум сум харваж, ууланд авирч, өвлийн дугуй унан, нохойтой чарга, морь тэмээн дээр суун зургаа авахуулах боломжтой. Гадаад дотоодын зочдод Монголынхоо ёс заншил, өв уламжлал, соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах давхар ач холбогдолтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан хэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаан битүүнд болно

Ирэх долоо хоногийн даваа гариг буюу хоёрдугаар сарын 8-нд Засгийн газар хуралдах юм байна. Энэ өдөр сар шинийн битүүний өдөр таарч буй. Төрийн байгууллагууд хагас өдөр ажиллах ёстой. Тэгвэл Засгийн газар ээлжит хуралдаан 10.00 цагт эхлүүлж, арав гаруй асуудлыг хэлэлцэн, танилцахаар төлөвлөжээ. Үүнд авто замын засвар, арчлалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн санал дүгнэлт гаргах юм байна. Уг төслийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж санаачилжээ.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*

Д.ДОРЛИГЖАВ

Нэрэмжит болгох тухай

Л.ГАНТӨМӨР

Авто замын засвар, арчлалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэх

М.ЗОРИГТ

Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай

М.ЗОРИГТ

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоол)

С.ЭРДЭНЭ

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

Н.БАТЦЭРЭГ

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” худалдааны төв рүү буухиа автобус үйлчилж байна

Сар шинийн баярыг угтаж, нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан энэ амралтын өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилж байна.

Мөн Чингисийн талбай болон “Дүнжингарав” худалдааны төвөөс “Хүннү молл” худалдааны төв чиглэлд хоёр их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн тоо Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо
1 Орбит-Нарантуул зах 1 3
2 Нарангийн гол-Нарантуул зах 1 3
3 ХМК-Нарантуул зах 1 3
4 Баянхошуу-Нарантуул зах 1 3
5 Нисэх-Нарантуул зах 1 3
6 Яармаг-Нарантуул зах 1 3
7 Дэнжийн 1000-Нарантуул зах 1 2
8 Чингэлтэй-Нарантуул зах 1 3
9 Бэлх-Нарантуул зах 1 3
10 Шархад-Нарантуул зах 1 3
11 Улаанхуаран-Нарантуул зах 1 2
12 Дүнжингарав худалдааны төв-Хүннү молл 1 3
13 Чингисийн талбай-Хүннү молл 1 3

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр цаг агаар ямар байх вэ

Жил бүрийн Сар шинийн баяраар иргэд хуулийн дагуу шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Энэ жилийн хувьд ч Сар шинийн баярын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 8-ны даваа гараг, болон 12-ны баасан гарагт ердийн цагаар ажиллаж, хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд амарна. Дээрх өдрүүдэд хүйтний эрч суларч дулаахан байна. Гэхдээ шинийн гуравнаас эхлэн цаг агаар муудах тул үүсч болзошгүй эрсдлээс урдчилан сэргийлэхийг цаг уурын хүрээлэнгээс ард иргэдэд сэрэмжлүүллээ.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 8-9-нд нийт нутгаар хүйтний эрч эрс суларч баруун бүсэд -20-28 хэм орчим хүйтэн байна. Харин бусад нутгуудаар -1-10 хэм орчим хүйтэн байна. Гэхдээ 9-10-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар цас орж, салхи 7-12 м/с, Говийн бүсийн зарим нутгаар 16-18 м/с хүрч цасан шуурга шуурч, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч цаашдаа 3-4 хоногтоо хүйтэн жавартай байх төлөвтэй.

УЦУОСМХ-гээс гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар 17 аймгийн 80 гаруй суманд зудтай байна. Түр зуурын энэ дулааралт удаан хугацаагаар үргэлжлэхгүй тул баяр болж байна гэж тайвширч болохгүй. Өнгөрсөн жилийн Цагаан сарын шинийн 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтэрснээс зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж хотоос гарч орох авто машины хөдөлгөөнийг хаах хүртэл арга хэмжээ авч байсан. Энэ жил ч мөн дээрх нөхцөл байдал давтагдах магадлал байгаа тул хөдөө явж байгаа зорчигч тээвэрчдийг цаг агаарын мэдээ сонсож, болгоомжтой явахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Үргэлж сайн сайхныг бодож байгаарай

Эртний гэгээрсэн мэргэд хүний бодол санаагаараа бие махбодио хөдөлгөдөг гэж хэлж байжээ. Энгийнээр хэлэхэд хүн юу гэж бодно түүнийхээ дагуу л үйл хөдлөл хийдэг гэсэн үг. Тэгвэл бодол санаагаа хэрхэн сайн сайхан зүйл рүү чиглүүлж удирдаж байх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Бодол санаа бол маш үнэтэй хөрөнгө.
  • Бидний одоогийн бодит амьдрал өмнөх бодлын маань үр дүн
  • Эрүүл мэнд оюун санаанаас үүдэлтэй гэдгийг санаарай. Эмчилгээ үр дүнтэй байх эсэх нь таны сэтгэлээс шалтгаална. Тиймээс муу зүйл санаанд чинь оронгуут өөр нэг сайхан зүйлийн тухай бодно сэтгэлээ сайн сайхан руу чиглүүлж байгаарай.
  • Хайр сэтгэл, баяр баясал, аз жаргал нь бие махбодийг цэнэглэж, эрч хүч өгч байдаг. Сөрөг бодол, үг хэллэгийг өөрөөсөө зайлуулж залбирахдаа хүртэл үр хүүхдийг минь өвчин эмгэгүй байлгаж өгөөч гэхийн оронд үр хүүхдийг минь үргэлж эрүүл саруул, цэцэн цэлмэг байлгаж хайрла хэмээн залбираарай.

СЭМҮТ-ийн ахлах Ц.Гэрэлмаа, Т.Цолмон

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр 1000 автобус үйлчилнэ

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өгч буй мэдээллээр сар шинийн өдрүүд буюу хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд 1000 орчим автобус үйлчилгээнд гаргахаар болжээ. Энгийн үед 900 орчим автобус үйлчилгээнд гардаг бол үүнийгээ нэмэгдүүлэхээр болсон байна. Нэмэлтээр гаргах автобусуудыг хотын зах болох Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаанхуаран, Санзай гэсэн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргах аж.