Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гондоонтой муураа

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Аль ч үндэстэн шүлэг дууг шоолон гуйвуулдаг нигуртай. Одоо техникийн бололцоотой болсон учир бүр хөөрхөн клип үйлдвэрлэдэг болж. Youtube дээрх “Бооёо”, “Ерөнхийлөгчид нэр дэвшигчид” зэрэг бол их хөөрхөн бодсон, ур авьяас шаардсан бүтээл шүү. Миний багад “Хөх даалимбан бандааш”, “Аавын минь зулай” гээд гуйвуулж шоолсон дуугаар баялаг байв. “Гуантана мэра” хэмээх дэлхий даяар алдаршсан дууг “Гондоонтой муура-а (гондоонтой муура-а) Гүй-э ерөө-ө гондоонтой муураа” гэж монголчлон дуулдаг байв. Уг үг нь их гоё юм билээ, Кубын Гуантана аймагт нэн үзэсгэлэнтэй нэгэн залуу хүүхэн байгааг магтан шүтэж дурлаж буй залуу хархүү… Дэлхий даяараа мэддэг цөөн хэдэн дууны нэг дээ.

Намайг багад хар бор царайтай нэгнээ куба хүн гэж хочлох эсвэл зүйрлэдэг байлаа. Үнэндээ Кубын нийт иргэдийн ердөө арав орчим хувь нь нигеройд юм байна. Кубын тамирчид гэхээр алдарт Стивенсон, Эрнандос гээд дан хар арьстнууд байх болохоор тэднийг Кастрогоос бусад нь нигер юм байна гэж ойлгодог байсан юм болов уу.

Испанийн колони байсан Кубыг 1898 онд АНУ-Испанийн дайнаар америкчууд чөлөөлөн тусгаар тогтнолыг нь олж өгчээ. Ерөөсөө Ерөнхийлөгч Монрэгийн номлол ёсоор нийт Америк тивд европынхны эрх ашиг гэж байх учиргүй, АНУ-ын хувьд өөртөө колони оронтой байж болохгүй зарчимтай. Кубыг чөлөөлөх дайнд тухайн үедээ ихэд нэрд гарсан яруу найрагч Хосэ Марти алагджээ. Иймээс Марти бол нийт кубачуудын үндэсний баатар, бахархал нь. Мөнөөх дайны дараа ч, Батистын дэглэмийн хувьд ч, хувьсгалт Кубын хувьд ч, хувьсгалаас зугтаан Флоридад очсон дүрвэгсдийн хувьд ч Марти бол үндэсний шүтээн. Куба нь социалист лагерт хамаарч байхад ах дүү олон орон Хосэ Мартигийн нэрэмжит газар, хөшөө дурсгалыг зөндөө байгуулсан, босгосон. Улаанбаатарт гэхэд л Хосэ Мартигийн нэрэмжит 52 дугаар сургууль гэж бий шүү дээ. Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль гэх мэтийг ч одооны залуус мэдэхгүй, хууччуул нь мартсан байх аа даа.

Дэлхийн гуравдугаар дайн дэгдэхтэй шахсан “Карибын хямрал” гээч юм 1962 онд болсон юм. Зөвлөлтийн удирдагч Хрушёв АНУ-ын хөрш эрэг болох Кубад цөмийн пуужин байрлуулаад Америкийг онилжээ. Америкчууд үүнийг олж мэдээд цөмийн довтолгооны эсрэг дайнд бэлдэв. Хэд хоногтоо дэлхий сүйрлийн ирмэгт дэнжигнэж байгаад хоёр тал биендээ буулт хийн намжсан билээ. Хрушёв Америкийн Ерөнхийлөгч Кэннэдитэй ойлголцон пуужин харвахаа больсон явдалд залуу Кастро боож үхэх шахан уурссан гэдэг. Хэрэв цөмийн тулаан болсон бол юун түрүүн Кубын арал алга болох байлаа. Гүэ ерөө, гондоонтой муураа!

Хоёр том гүрэн дайтахаас татгалзсанаас хойш Куба арал коммунизмд дэвшин орох зорилго бүхийгээр социализм байгуулж гарлаа. Куба бол онцгой сайхан цаг агаартай арал. Иймээс америкчуудын хөрөнгө оруулалтыг их татсан, тэдний амралт зугаа цэнгэлийн гол газар, казино тоглох том төв болжээ. Харин хөршөө дэлхийн хувьсгалаар айлгах болсон учир нийт Америк тивийн зүгээс эдийн засгийн хоригт орлоо. Номхон далайн төвд орших Хаваи арал Кубыг орлох болсноор өнгөрсөн 60 жилд асар их хөгжив. Өөрөөр хэлбэл Хаваи нь Кубын бизнесийг булаагаад авчихсан гэсэн үг.

ЗХУ ба социалист хамтын нөхөрлөлийн буянаар Куба ч сайхан л байлаа. Өртөгт нь тэд ЗХУ-д 25 тэрбум долларын өртэйгөөр коммунист ертөнцийн төгсгөлийг угтав. Гэвч Хойд Солонгосын хамтаар коммунизмын сүүлчийн цайз болон үлдэж хоцордгийн. Гүэ ерөө, гондоонтой муураа! Дэлхий даяар коммунист систем нурчихаад байхад ямар нэг шилжилт хийхийн оронд ах дүү Кастрогийн дарангуйллаас салахгүй зууралдсаар үлдсэний золиос ч их гарсан даа. Кастрогийн дэглэмээс зугтааж Маяамид очсон дүрвэгсдийн тоо хэдэн сая болсон ба тэд хэрэв дэглэм нурвал Америкт буй болгосон өөрсдийн асар их хөрөнгөөр гуйлгачин болсон Кубыг дор нь босгоно гэж амлаж байлаа. Харин энэ үед хүнсний дутагдалд орсон Кубад зэрлэг өвс, нишингийн навчийг хэрхэн яаж буцалган хүнсэнд хэрэглэн өл залгаж болох тухай зурагтаар хичээл зааж байв.

1989 онд Ромын пап Кубад айлчилснаар тэдний эсрэг авсан олон улсын хориг ихээхэн зөөлөрсөн юм. Гэвч кастрочууд дэлхий дахиныг хамарсан социалист хувьсгал заавал ялна гэдэгт итгэсээр. Кубачууд Ангол дахь иргэний дайнд хутгалдан орж социалист баримжаатай гэгдэх МПЛА намын засгийг дэмжин алс Африкийн ширэнгэ рүү цэрэг арми илгээсэн. Үүнд ямар их өртөг гарна гэж санана. Анголын иргэний дайн ч дууслаа, мөнөөх социалист баримжаатай гэгчид нь нөгөө сөрөг хүчинтэйгээ алмааз, нефть л булаацалдаж байсан юм билээ, үхсэнийх нь социализм, коммунизм! Гүэ ерөө гондоонтой муур аа! Кубачууд дэлхийн хувьсгал хийх шохоорхолдоо хөтлөгдөн Этиопын иргэний дайнд ч оролцон тийш цэрэг илгээсэн. Харин тэндээс Гуантана аймгийнх шиг хөөрхөн хүүхэн ганцыг ч олж хараагүй.

Латин Америкийг тэр чигээр нь хувьсгалт болгох гэж их ч зүтгэсэн, асар их зоос үрсэн. Далан онд Чилид социалист-коммунист хамтарч сонгуульд ялаад Алендигийн Засгийн газар байгуулагдав. Мань Фидель улс орноо мартаад Чилид 50 хоног айлчлав. Айлчлав ч юу байхав дээ, мэргэжлийн хувьсгалч маань тэнд бараг тосгон болгоноор орж сайн дурын багш хийхгүй юу. Никарагуад сандинистууд төр булаасны дараа кубачууд хэсэг багшилсан. Грэнада хэмээх жижигхээн арал дээр дэлхийн анхны англи хэлт коммунист улс байгуулах гэж баахан пижигнүүлээд эцэст нь Ерөнхийлөгч Рэйгэнд нам даруулсан. Дэлхийн хувьсгалын бэлгэ тэмдэг Чэ Гэвари Болив улсад хувьсгал хийх гэж яваад “болив” болсон шүү дээ. Кубын хувьсгалын голлох толгойлогчийн нэг тэрээр Кастро нартай муудалцаад өөр оронд өөрийн шинэ хувьсгал хийхээр яваад алуулжээ. Андын нуруунд партизанчилж явсан түүний нуугдсан газрыг мань Фидель зааж өгсөн гэлцэх юм билээ. Гэхдээ өнөөдөртөө Чэ Гэваригийн зураг хөрөг, ном судар, хөшөө дурсгал бол Куба улсын нэг том имиж, ер нь орлогынх нь тодорхой хувийг ч эзэлдэг байх.

Коммунизмын тухай найдлага тасардгийн даваан дээр нефтиэр баялаг Вэнэсуэлд Чааваас нэртэй нэгэн индиан Ерөнхийлөгч болж “Латин Америкийн социализм” гэсэн шинэ идээ гарган хөгжүүлэв. Энэ үзэл нэг хэсэгтээ ихэд моод болж үүнд Болив, Никарагуа, Аргентин, Бразил бүтэн ба хагас маягаар хамрагдах нь тэр. Кубад тавьсан олон улсын хориг нь анагаах ухаан, боловсролыг нь хамаараагүй юм. Иймээс сүүлийн 60 жилд Кастрогийн олсон хамгийн том гавьяа нь боловсрол, эрүүл мэнд билээ. Хоцрогдсон орны жишгээр бол тэд анагаах ухааны салбарт бараг л сансарт гарсан гэсэн үг. Хавдар туссан Чааваас Гаваньд ирж л эмчлүүлж байлаа шүү дээ. Эмч болон эмнэлгийн үйлчилгээ бол Кубын гол экспортын нэг. Эмч нар нь Вэнэсуэлд олноороо очин ажиллаж хариуд нь Куба газрын тосоо тэндээс импортолно. Куба эмч нар Латин Америк, Африкийн олон оронд ажиллаж байгаа. Харин дэлхийн хувьсгалын тухай мөрөөдөл нь одоо л бөхөх тийшээ хандаж буй бололтой. Чааваас үхчихлээ, залгамжлагч нь сая сонгуульд ялагдчихлаа. Аргентинд латин америк социализмынхан будаа болсон, Бразилд найдваргүй болж байна.

Өнөө жил 90 насыг зооглож буй Фидель Кастро хүнд өвчний улмаас өөрийн төрсөн дүү Раулд хэдэн жилийн өмнө төрийн эрхийг шилжүүлсэн билээ. Ная гарсан Раул ахдаа загнуулан шүүмжлүүлэн байж улс төр эдийн засгийн шинэчлэл хийгээд эхэлсэн. Залуу хүн гэсэндээ өөр юм аа, гүэ ерөө гондоонтой муур аа!

Валютыг нь пэсо гэх ба ханш нь албан ёсоор америк доллараас хүчтэй юм. Гэхдээ энд гадаад валюттай харьцдаг, харьцдаггүй гээд хоёр өөр мөнгө зэрэгцэн үйлчилдэг. Хойд Солонгост бас тэгдгийн. Хүмүүсийн дундаж цалин сарын 30 орчим доллар байгаа нь сүүлийн 3-4 жилд гарсан том ахиц аж. Гэтэл бараа үйлчилгээний үнэ цалинтай нь харьцуулахад тэнгэрт тулсан. Кубыг зэргэлдээ Мексиктэй харьцуулахад цалин нь 3-4 дахин бага мөртөө бараа үйлчилгээний үнэ 2-3 дахин өндөр. Харин манайд хөдөлмөрийн доод хөлс сард 100 доллар байдаг бол Мексикт дундаж цалин ийм л дээ.

Ийм бага хөлстэй өндөр өртөгтэй газар 11 сая хүн яаж шүү болгож байна аа!? Нэг л нууц байгаа даа? Юун түрүүн энэ ард түмэн сүүлийн 60 шахам жил дан картын системээр явж ирсэн юм байна. Тэрүүгээрээ Хойд Солонгостой адил. Хоёрдугаарт, эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд дүү Кастро ноднин уржнангаас хувиараа ТҮЦ маягийн аж ахуй эрхлэхийг зөвшөөрчээ. Хувийн жижиг гуанз, үйлчилгээний газрууд энд тэнд нээгдэх болсон гэнэ. Гуравдугаарт, гадаадад байгаа ах дүүгээсээ валют оруулж ирэхийг саяхнаас зөвшөөрчээ. Сэм авгынд зугтан дүрвэсэн хэдэн сая кубачууд бий. Ингэхээр айл болгон Америкт “ахтай” гэсэн үг. Лав л Гаваньд энд тэндгүй АТМ тавьчиж. Америк дахь “ах” нь мөнгөтэй “виза”, “мастэр карт” явуулчихдаг гэнэ. Зах зээл, аан? Гүэ ерөө гондоонтой муураа?

Нийслэлийг нь Хабана гэнэ, англиар Хавана гэх, харин орос-монголоор Гавань болчиж байгаан. За тэр ч бага хэрэг. 1959 онд америкчуудыг хөөж гаргаснаас хойш энэ том хотод байшин барилгын хувьд ямар ч өөрчлөлт гараагүйг тэр үеийн фото гэрчилнэ. Өндөр барилга, өргөн гудамж байх ч хувьсгалын өмнөх л ололт. Хоёр сая хүнтэй энэ хот сүүлийн 60 шахам жилд эмнэлгийн нэг том байр, баахан хувьсгалчдын хөшөө дурсгалаас өөр юмаар баяжаагүй гэх. Харин ч хувьсгалын өмнөх үеийн фото илүү хөл хөдөлгөөнтэй хотыг харуулах аж. Энэ үзүүлэлтээр Хойд Солонгосоос илэрхий хоцрогдолтой. Харин урвайж харлан зовлон зүдгүүрээ нүүрэндээ тээсэн хойд солонгосчуудыг бодвол кубачууд баяр баясгалантай, инээд хөөртэй. Гуантана аймгийн хөөрхөн охид ч олон.

Куба дахь хамгийн сонирхолтой юмны нэг бол автомашины парк нь. Бөглөө үүсгэчихээр олон машин байхгүй л дээ. Ихэнх нь Зөвлөлтийн үеийн “лада”, “москвич”, “69”. Ямар ч гамтай юм гэмээр, учир нь ийм марк Орост ч ховор харагдах болсон. Гэтэл энэ юу ч биш. Тавиад оны үеийн америк машин маш олон. 60 жил эдэлчихсэн дөч тавиад оны нэн ховордсон тансаг машин гудамжаар жуулчид суулган сүнгэнэнэ. Ийм машин Америкт маш үнэтэй, сонирхох цуглуугч нар олон шүү дээ. Даанч Кастро энэ үнэт эрдэнээ гадагш гаргахыг цээрлэдэг аж. Ганц нэг сэргэлэн нь хөрөөдөж жижиглээд сэлбэг гээд гаргаж дөнгөдөг л гэнэ. Гүэ ерөө яадаг муу муур вэ! Манайхан Солонгосоос Эксэл хөрөөдөж сэлбэг болгон оруулж ирээд Амгаланд хашаанд эргүүлж гагнаад угсарч байсан шиг л юм даа. Жуулчид их цувах болжээ. Өнгөрсөн жил сая гаруй жуулчин ирсэн гэх. Гэнэт онгойсон энэ хаалттай орон өнөөдөртөө бөөн экзотик. Гавань болон далайн эрэг дэх тансаг амралтын газар Варадэро ачааллаа дийлэхгүй, дөрвөн сар өнгөртөл захиалга авч чадахгүй ч гэх шиг томроод л. Куба өвгөрсөн кастрочуудын дараа бүр нээгдэхээр энэ орныг сонирхох сонирхол буурна. Одоо харин сонин дээр нь ч соотгоноцгоож байна аа.

Эдийн засгийн зарим нааштай өөрчлөлт хийж байгаа ч үзэл суртлын хүлээс нь тавираагүй л байна. Өнгөрсөн жилээс интернэттэй болжээ. Харин үнэ хураамж нь куба иргэд байтугай баян америк жуулчин ч барахааргүй өндөр, тэгээд хурд нь ёстой нойл. Интернэт байна уу, байна. Хэн ч хэрэглэж болох уу, болно. Ингэхээр эрх чөлөө байна уу, байна. Гүйэ ерөө, гондоонтой муураа??? Гадаадаас цахилгаан бараа оруулж ирвэл 500 хувийн татвартай. Тэгсэн мөртөө л америк ахын явуулсан ухаалаг гар утсыг энд тэндгүй л барьчихаж. Утасны хураамж тамтаггүй өндөр, тэгсэн мөртөө л утасны карт худалдаж авахын тулд хэдэн цаг оочерлоно. Гүйээ ерөө… гэж гайхмаар байгаа биз? Сансрын антень тавихыг хориглоно, гэхдээ зурагт нь Хойд Солонгостой харьцуулахад овоо хэдэн сувагтай. Венэсуэлийн сувагтай, тэрүүгээр нь халтар царайтын дүү нар гарна. Оросын ганцхан инээдмийн суваг бий. Ах нарт итгэхээ больжээ. Харин сонирхолтой нь Хятадын хэд хэдэн суваг ажиллаж байна гээч. Англиар гардаг ганц суваг нь Хятадын “ССТV 9”. Ер нь энд хятадууд нэлээд идэвхжиж буй нь нүдэнд ил. Сүүлийн үеийн машин техник автобус зэрэг нь дан Хятадынх. Дэлгүүр нь ядуу, сонголт байхгүй, байгаа барааны дийлэнх нь хулхи, дуураймал, тэгээд ч дэндүү өндөр үнэтэй. Ерөнхийдөө л манай социализмын үеийн дүр зураг тэр чигээрээ л харагдана даа. Гэхдээ эд Хойд Солонгосыг бодвол шинэчлэл реформ хийгээд эхэлчихжээ. Өвгөрсөн удирдлагын ч өнгөрөх нь ойртчихож. Гарсиа Маркэсийн “Патриархын намар”! Өргөж аваад өөд нь татчих ах дүү нь ч Маяамагийн эргээс ширтэж байна. Болно доо болно, цаг хугацааны л асуудал. Манай мэдээллийн хэрэгслээр Кубыг социализмын үеийн хэллэгээр “Эрх чөлөөний арал” гэж хочилцгоох юм. Бусдыг эмзэг цэгээр нь дайруулан дооёолох нь үгүйдээ л муухай шүү дээ, боль л доо, еээ, гүээ ерөө гондоонтой муураа.

1959 онд америкчууд хөөгдөөд явсны дараа Элчин сайдын яамных нь арван хэдэн давхар байшин үлдэж. Өнгөрсөн жараад жилийн турш тэр том хоосон байшинд гагцхүү консулын хоёр ажилтан л байсан юм байна. Элчингийн хоосон байрыг тойруулаад арав гаруй метрийн өндөртэй зуугаад шон босгоод Кубын далбааг “сүргээр” нь намируулжээ. Түүгээр үл барам элчин рүү харуулан Vencermos гэсэн томоос том бичиг бүхий хөшөө босгосон байх юм. Өнгөрсөн зун Куба нь АНУ-тай дипломат харилцаагаа сэргээн Гаваньд хуучин байранд нь Элчин сайдын байрыг нээв. Кубачууд ч өнөө зуун том далбаагаа хураагаад ганцыг л үлдээж. Хөшөө нь одоохондоо байна. Удахгүй нураана биз дээ. Хэн нь вэнсэрмос болсон юм бэ дээ? Аан? Гүйээ ерөө гондоонтой муураа?!

2016.2.20

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 3 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2016 оны хоёрдугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн голын эх, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулах нь хамгийн бодитой байдаг” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы шинэ долоо хоногийн даваа гаригийн дугаар гарлаа. Өнөөдрийн дугаараас онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас тоймлон хүргэе.

“Танайд өнжье” уламжлалт булангаа даваа гариг бүрт уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголд гуравхан байдаг эвэр бүрээг урласан хөгжим урлаач П.Байгальжавын урланд өнжиж уран бүтээлчийн нэгэн өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжлан хүргэж байна. “Танайд өнжье” булангаа нэг, 12, 13 дугаар нүүрээс хүлээн авч уншаарай.

Улс төрийн мэдээллийн буланд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы ярилцлагыг хэвлэлээ. Тэрбээр “… Асуудлын гол нь бид өнөөдөр яаж ажилгүйдлийн түвшинг тодорхой хэмжээнд барьж чадах вэ гэдэгт байгаа юм” хэмээн салбарынхаа тухай онцлон ярьсан юм. Хоёрдугаар нүүрээс ярилцлагыг уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог, нийгмийн үзэл санааны томоохон талбар болох алдарт гуравдугаар нүүрт маань “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулах нь хамгийн бодитой байдаг” нийтлэл гарлаа. Харин “Баримт, үйл явдал”-ын долдугаар нүүрт Налайх дүүрэгт сургуулилт хийж байгаад осолдсон Ми-8 нисдэг тэрэгний ослын талаарх дүгнэлтийг нийтлэв. Уг дүгнэлтийг ОХУ-аас ирүүлсэн бөгөөд нисгэгчийн буруугаас болсон гэж үзсэн байна. Яагаад ийм дүгнэлт гаргасан тухай долдугаар нүүрээс дэлгэрүүлэн унших боломжтой юм.

Өчигдөр болсон “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг сурвалжлан нэг, арван наймдугаар нүүрт хүргэж байна. Энэхүү уралдаанд Б.Наранхүүгийн Монгол хээр азарга түрүүлсэн юм. Эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон насанд болсон уг уралдааны сонин сайхнаас сонирхох буй заа.

Сүрьеэтэй хүмүүст баталгаагүй үйлдвэрийн эм бэлдмэлийг “шахдаг” байсан тухай ноцтой материалыг 11 дүгээр нүүрт хэвлэлээ.

Харин “Уран бүтээлч” буланд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч Д.Батжаргалын ярилцлага гарав. Тэрбээр “Үзэг гээч зүйлийг амрааж болохгүй. Амраавал хөшчихнө” хэмээн ярилцлагадаа өгүүлсэн юм. Мөн “Өөрөөс нь” буланд “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ “Байгаль, лус, монгол хүнийг зөөлрүүлэх, аргадах үүднээс Этник момент тоглолтоо хийх гэж байгаа” хэмээн ярилаа. Түүний ярилцлагыг 17 дугаар нүүрээс уншаарай.

Эдгээрээс гадна цаг үеийн бусад мэдээлэл, хуваарьт нүүрүүд гарлаа. Та манай сониныг шуудангийн бүх салбар, сонин түгээх цэгээс худалдан авах боломжтой. Мөн 99112854, 99190570 дугаарт хандан захиалаарай.

Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган болно

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний нийгмийн оршин тогтнол” 11 дүгээр
чуулган ирэх долоо хоногт Чингис зочид буудалд болох гэж байна.

Энэ жилийн хувьд гол хэлэлцэх сэдэв нь иргэний нийгэм рүү чиглэж байгаа
аж. Оролцогч бүр иргэний нийгмийн нэг эс болохын хувьд улс орондоо ардчиллыг
бэхжүүлэхийн тулд иргэний нийгмийн үйл ажиллагааны таатай орчинг
бүрдүүлэх тухай ярилцах юм байна. Уг чуулганаар нийгмийн янз бүрийн
бүлэг, иргэний нийгмийн олон салбарын төлөөлөл болон төр, олон улсын
байгууллагуудаас оролцдог. Хүний эрх, жендэрийн тэгш эрх, бодит
ардчилал, нийгмийн шударга ёс, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал,
зарчим, үнэт зүйлст тулгуурлан хэлэлцдэг юм байна.

Categories
гадаад мэдээ

Оскарын шагнал гардуулах ёслол өнөөдөр үдэш болно

Оскарын шагнал гардуулах 88 дах удаагийн
ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын “Долби” театрт өнөөдөр үдэш болно.
Кино академийн дээд шагналд нэр дэвшигчдийн нэрсийг зарлажээ. Оскарын
хамгийн олон номинацид нэр дэвшсэнээрээ “The Revenant”, “The Martian”
болон “Mad Max: Fury Road” кинонууд тэргүүлж байна.

Холливудын алдарт жүжигчин Леонардо
ДиКаприо энэ жилийн Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид дахин
нэр дэвшив. Тэбрээр өмнө нь Академийн дээд шагналд таван удаа нэр
дэвшсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Оскараа гартаа атгаж амжаагүй л байгаа
билээ. Энэ жил түүнийг Оскарын эзэн болно гэдэгт олон шүтэн бишрэгчид нь
хүлээж суугаа.

Оскарын шагнал гардуулах ёслол анх 1929
онд 250 зочинтойгоор зохион байгуулагдаж байснаас хойш өнөөг хүртэл жил
болгон уламжлал болгон зохион байгуулагдсаар байна. Хэдийгээр “Оскар”
Америкийн кино урлагийн академийн дээд шагнал ч гэлээ дэлхий нийтээр
кино ертөнцийн хамгийн дээд шагнал хэмээн аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн
юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны тав дахь тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын Урамшууллын систем хэрэгжиж
эхэлсэнтэй холбоотой хонжворт сугалаа орон даяар явуулж байгаа билээ.
Тэгвэл НӨАТ-ын урамшууллын сугалааны тав дахь тохирол өнөөдөр орой
МҮОНТ-ээр 19:30 цагаас шууд явагдана. Энэ сарын сугалааны хонжворын сан
675900000 төгрөг болжээ. НӨАТ-ын нэгдүгээр сарын 31-ний өдрийн
сугалааны тохиролд нийт 3,316,091 гаруй баримт хэвлэгдэн гарснаас улсын
хэмжээнд 3316 азтан тодорсон байна.

Та баримтаа бүртгүүлээгүй ч сугалаанд
оролцох боломжтой. Харин бүртгүүлж амжаагүй баримтаараа сугалаанд азтан
болсон тохиолдолд 90 хоногийн хугацаанд бүртгүүлж шагналаа авах
боломжтой аж. Гэхдээ тухайн баримт нь хэвлэгдсэн өдрөөс хойш эхний
сугалааны тохирол хүртэлх хугацаанд хүчинтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Надад байгаа өвсийг малчдад хүргэхэд анхаарна уу

Хан-Уул дүүргийн III хорооны иргэн Б.Мөнхтөр

Энэ намар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас 11 трактор, тармууртай нь аваад Дорнод аймагт хадлангийн өвс бэлтгэхээр гарсан юм. Дорнод аймаг хадлан тэжээл бэлтгэх эх үүсвэрийн газар гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хадлан хадаж үзье, хадлангийн бизнес хийвэл ямар бол гэж бодсон л доо. Өмнө нь ерөөсөө хадлан хадаж байгаагүй. Тэгээд орон нутгаас нь зөвшөөрөл аваад, төлбөр мөнгийг нь төлөөд, ажлаа эхлүүлсэн. Арвин хадлан бэлтгэж, 50 мянган тонн өвсийг хот руу тээвэрлээд, үлдэгдэл 20-иод мянган тонн өвс маань Дорнодод байгаа. Бэлтгэсэн хадлангаа хараахан борлуулж амжаагүй л байна. Дорнодод бол 2500-гаар хүмүүс авъя гэж байсан ч бизнес л юм чинь хот руу татвал илүү үнэ хүрэх болов уу гэж бодоод бэлтгэсэн хадлангаа хот руу татаад авчирсан юм. Замын зардалд багагүй хэмжээний мөнгө орсон болохоор өртөг нь нэмэгдсэн. Зах зээл дээр боодол өвс 5000-7000 төгрөгийн үнэтэй байгаа. Одоо ингээд заръя гэхээр надад ачааны машин, зөөх хүн хэрэгтэй болж байгаа юм л даа. Тийм болохоор мөнгөний бололцоо бас жаахан муу байна. Хураасан өвсөө зээлээр малчдад өгмөөр байна. Ингэхийн тулд Засгийн газраас өвсийг маань зээлээр өгөх ажлыг зохион байгуулж, дараа нь малчдыг мөнгөө төлөх боломжтой болсон үед нь үнийг нь олгохоор зохицуулалт хийж өгөхийг хүсч байна. Ингэж чадвал надад болон малчдад ч хэрэгтэй. Яагаад гэвэл би өвсөө нэг дор бөөнөөр нь зарж чадахгүй, малчид маань ч байнга бэлэн мөнгөөр өвс худалдаж авах боломж нь байгаа шүү дээ.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
гадаад мэдээ

“Фифа”-гийн шинэ ерөнхийлөгч тодорчээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж, Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жианни Инфантино шинэ тэргүүнээр тодорчээ.

Өнгөрсөн онд мөн Швейцарийн Цюрих хотноо ОУХБХ-ий Ерөнхийлөгчийг сонгох ээлжит их хурал болж, Жозеф Блаттер сонгогдож байсан билээ. Гэвч түүнийг ерөнхийлөгч болсны дараа авлигын асуудал сөхөгдөж, хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд таван жилээр оролцох эрхийг нь хасах шийдвэрийг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ёс зүйн хорооноос гаргасан юм.

2015-2019 он хүртэлх хугацаанд хөлбөмбөгийн холбоо ерөнхийлөгчгүй болсноос үүдэж ОУХБХ-ны дүрмийн дагуу ээлжит бус Их хурлыг энэ сарын 26-ны өдөр сонгон зохион байгуулсан байна.

Ээлжит бус Их Хурлаар 5 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд Инфантино гол өрсөлдөгчөөсөө нэлээд илүү санал авснаар ялалт байгуулжээ.

Categories
мэдээ спорт

“Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан болж байна

Төвийн бүсийн “Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн хурдан морины уралдаан Хүй долоон худгийн Цагаан хөтөлд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн уралдаан эрлийз дээд насны морьдын уралдаанаар эхэллээ.

Энэ сарын эхээр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу 2016 оны хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт 3 дугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар шийдвэрлэсэн юм. Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болно. Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт 2016 оны 7 дугаар сарын 24-нд болно.

Categories
мэдээ цаг-үе

Сургуулийнхаа “од” 10б-гийнхэн

Нийслэлийн 67 дугаар сургуулийн 1998 оны О.Цэндсүрэн багштай 10б ангийн төгсөгч Ч.Гантулга, С.Отгонтуяа, Н.Пүрэвдорж, Б.Буянтогтох нар ангийнхныгаа дурсан дуу шуугиантай байхад нь уулзлаа. Тус сургууль Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрладаг бөгөөд бүгдээрээ тэр хавь ойрын л хүүхдүүд байсан аж. Ойролцоо гэртэй хэсэг хэсгээрээ нийлж ангиа цэвэрлэдэг байжээ. Дараа нь нэг нэгнээ хүргэж өгдөг ажилтай. Нэгийгээ хүргэж өгөхөөр өнөөх нь буцааж гаргаж өгч явсаар орой болчихдог талаар дурсан хөгжилдөж байлаа. О.Цэндсүрэн багш хэл уран зохиолын хичээл орно. Ангийн багшийн хичээл ангийн ажил болж өнгөрчих талтай байдаг. Харин тэдний багш яг л хичээлээ заадаг зарчимтай байж. Мөн бие даалгаж төрөл бүрийн ном уншуулж, хооронд нь санал бодлыг нь солилцуулдаг байсан гэнэ. Энэ талаар Н.Пүрэвдорж “Манай ангийнхан өдий зэрэгтэй яваа нь багшийн л нөлөө юм шүү дээ. Биднийг хурцлах үедээ хурцалж, зэмлэх үедээ зэмлэдэг байлаа” хэмээн дурссан юм. Харин С.Отгонтуяа “Багш зүгээр л сургууль дээр хичээлээ заагаад байгаад байхгүй. Ангийнхаа хүүхдүүдийн гэрээр явж ар гэрийнхэнтэй нь ч ярилцдаг байсан. Хүүхдийн төлөө сэтгэлтэй хүн дээ” хэмээв. Ангийнх нь багш үерхдэг хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг ч анхаардаг байжээ. Эдний анги нэг хостой. Тэр нь Н.Пүрэвдорж, Б.Цолмон нар юм. Гэр бүл болоод 19 жил өнгөрч хоёр хүүхдийн эцэг, эх болжээ. Н.Пүрэвдорж Бид хоёрын үерхдэгийг багш мэддэг байсан юм. Бид хоёр муудалцана. Нэг удаа багш өрөөндөө дуудаад бид хоёрт амьдрал ийм байдаг юм шүү гээд ярьж билээ. Хүүхдүүдийнхээ сэтгэл зүй ямар байгааг анддаггүй” гэж хуучлав. Мөн хүүхдүүддээ “Та нар Баянхошууны хэмжээнд битгий сэтгээрэй. Илүү томоор сэтгэж байгаарай. Баянхошууг муу гэж байгаа юм биш. Гэхдээ энэ хавийнхаа хүнтэй суугаад эндээ амьдраад, ажиллаад л насыг барчихаж болохгүй. Илүү хол явж том харж байгаарай гэж захидагсан” хэмээн шавь нар нь дурсаж байна.

Дашрамд сонирхуулахад өнөөдөр тус сургуулийн 40 жилийн ойн баяр болж байна. Тэд сургуулийнхаа үе үеийн төгсөгчдийг ойн үйл ажиллагаанд ирэхийг уриалж байна лээ. Тус сургууль 1976 оны есдүгээр сарын 1-нд Баянхошууны Сайрын ам хэмээх газар 30 орчим багш, 10 гаруй ажилчинтай байгуулагдаж байсан байна. 30 сургуулиас ирсэн 751 сурагч 22 бүлэгт хуваагдан хичээллэж эхэлжээ. Сургууль анх 120 хүүхдийн багтаамжтай нэг давхар хоёр дан барилгатай байсан аж. Анхны захирал нь П.Наваан гэдэг хүн байв. 1985 онд гурван давхар хичээлийн байртай болсон бол 2002 онд бага сургуулийнхаа шинэ барилгыг хүлээж авсан юм байна. Өдгөө энэ сургуулийн мянга мянган төгсөгч ажил амьдрал нь дэлгэр сайхан яваа. Тэднийгээ бүгдээрээ сургуулийнхаа ойд ирээрэй гэдгийг дахин дахин уламжилсныг дамжуулъя.

10б ангийн хувьд урлаг, спорт, соёл, сурлагаараа алгебр Хоролсүрэн, геометр Баатарсүх зэрэг багш нараа нэрлэж байлаа. Ихэнх нь онц сурдаг байсан болохоор хуулах явдал бага байж. Гэхдээ л сэргэлэн хуулаачид ч мэр сэр байсан гэнэ. Тухайлбал, охид шилэн триконы дотуур гуян дээрээ томьёоны хураангуй хавчуулдаг байсан талаар хэлэв. Хөвгүүд ч юугаар дутахав гутлын үдээсэн дотуур шипи хийчихдэг байсан аж. Өөр аргууд байсныг нь өнөө хүртэл хэн ч мэдээгүй байгаа гэнэ шүү. Бүгдийг нь дэлгэчихвэл залуус дүү нарт муу үлгэр дуурайл болох тул нууц хэвээр нь үлдээхээр тохиролцов.

Шилдэг тэргүүний хүүхдүүд байхаас ч аргагүй юм байна. Наймдугаар анги төгссөн жил нь найман өөр ангиас сонгож сонгоны анги байгуулжээ. Тиймээс хамгийн адтайчууд нь байсан аж. 10б ангийн Ч.Гантулга, Д.Амармэнд, Б.Чанцал-Орлом, Эрдэнэтуяа нар сургуулиа алтан медальтай төгсчээ. Б.Буянтогтох “Сургуулийн тэргүүний анги, Алтан намар спартикиадын аварга, сагсан бөмбөгийн цомын хоёр удаагийн аварга гээд одууд нь байлаа. Сургуулийн сагсан бөмбөгийн цомын аваргын тэмцээн спортын уралдаанууд дундаа хамгийн том нь байлаа шүү дээ. Наймдугаар ангиас хойш түүнд хоёр удаа түрүүлнэ гэхээр сургуульдаа аваргууд л байсан хэрэг” хэмээж байв. Сурлагын хувьд сонгоны хүүхдүүдтэй эгнэх анги байгаагүй бололтой.

Урлаг ялангуяа бүжигт авьяастай хүүхдүүд олон аж. С.Отгонтуяа “Монголжингоо” уралдаанд орж түрүүлж байж. Уралдаанд оролцохдоо Н.Пүрэвдоржтойгоо бүжгийн үзүүлбэр үзүүлсэн зураг нь байх юм. Ер нь эдний ангийн хамаг хөгтэй явдлууд Н.Пүрэвдоржтой нь холбоотой байдаг гэх. Ангийн дарга нь Ц.Тунгалаг бол хамгийн спортлог нь Ц.Гансүх, хамгийн авьяастай нь СТА, ТВ5 телевизийн нэвтрүүлэгч У.Мөнгөнцэцэгийг байсан гэцгээв. Тэдний ангийнхан сургуулиа төгсөөд бүгдээрээ их, дээд сургуульд элсчээ. Өдгөө ажиллаж буй салбартаа мундаг яваа аж. Барилгын салбарт Г.Баяржаргал, Б.Санчир, Т.Сайнболд, Ч.Кандайжав, эрүүл мэндийн салбарт Б.Сүхбаатар, Б.Буянтогтох, Б.Чанцал-Орлом нар ажиллаж байна. Тэгвэл уул уурхайн салбарт Д.Амармэнд, Б.Мөнхбат, худалдаа үйлчилгээний салбарт С.Отгонтуяа, Гантөгс, Дөлгөөн нар амжилттай явааг дурдацгаалаа. Мөн А.Алтантунгалаг ШУТИС-д багш, Н.Пүрэвдорж Жим интернэйшнлийн маркетингийн албаны дарга гээд эдний ангийнхан бүгд л ойр ойрхон уулзаж, алив мэргэжлийн чиглэлээрээ бие биедээ тус дэм болох дуртай гэнэ.

13 хөвгүүн, 22 охинтой тус ангийнхан бүгдээрээ л гэр хороололд өсчээ. Түлээ түлш бэлдэх, ус авах, хашаа хороо цэвэрлэх гээд ажил мундахгүй. Энэ бүхнийг найзуудтайгаа хамтраад хийчихдэг байсан талаар ч дурсацгааж байлаа. Хэдэн гудамжны зайтай л ангийнхан нь байдаг болохоор нэг нэгнийхээрээ их л орж гардаг байсан гэнэ. Ангийнх нь охидод хөвгүүд захиа их өгдөг байж. Түүнийг нь булааж уншаад уйлуулж ч явж, өөр ангийн хүүхдийн захиаг зөөгөөд ч гүйж л байсан аж. Хөвгүүдийг нь ч бусад ангийн охид сонирхоно. Тэр тоолонд охид нь бас харамладаг л байсан гэнэ. Тэр нь цонхны тавцан дээр өөр ангийнханд зориулж бичиж үлдээсэн зурвасанд их шингэсэн бололтой. Өнөөдөр шиг ухаалаг гар утас, фэйсбүүк, интернэт байгаагүй үед ширээ, цонхны тавцан л мэдээлэл харилцааг орлож байсан гэж хуучлав. Мөн ангидаа цаасан дээр юм бичээд дамжуулдаг байж. Хоёр хүн харилцан бичиж байхад гурав дахь нь дундуур нь ороод юм нэмээд биччихнэ. Өнөөгийнхөөр бол групп чат юм уу даа. Түүнчлэн хоёр нь аминчхан зүйлсээ цаасан дээр бичээд нэг нэг рүүгээ шидэж байхад дундуур нь өөр хүн шүүрч аваад уншчих аюул ч байж.

Арван жилийн зурагнуудыг нь үзэж байхад хөвгүүд нь цөмөөрөө л яг голоор нь хоёр хагалж самнасан үстэй байв. Ч.Гантулга “Сандаг үс л гэдэг байсан юм даа. Ид моод болж байлаа. Доороос шуугаад дээд талаа ургуулаад хоёр хуваана. Тухайн үед “Камертон”, “Номинталст” хамтлагууд ид гарч ирж байлаа. Тэдний дуунуудыг л сонсоно шүү дээ” хэмээн хуучилж байв. Түүнчлэн хип хопчдын өмсдөг том куртик өмсдөг байж. Дурсгалын дэвтэр аялуулж ангийнхныхаа нандин үгсийг бичүүлж авч байсан тэр л өдрүүдээ өнөөдөр дурсахаар сургууль руугаа явна гэснээр бидний уулзалт дууссан юм.

Ж.БАЯРСАЙХАН

Т.АРИУНТУНГАЛАГ