Categories
мэдээ цаг-үе

Л.Гүнсэн: Цагаан сарын бөхийн барилдааныг Монголын радио анх удаа шууд дамжуулж байлаа

Анх 1934 онд орон даяар цацагдаж
байсан Монголын радио буюу Монголын үндэсний олон нийтийн радиогийнхон сар шинийн
баярыг тохиолдуулан өчигдөр үе үеийн ахмадуудаа хүлээн авсан юм. Монголын радиог
өнөөгийн сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагч хэвлэл мэдээллийн
байгууллага гэж хэлэхэд болно. Энэ утгаараа үе үеийн ахмадууд олон сайхан хууч яриаг
эл өдөр хуучилж байлаа. Энэ үеэр Монголын радиогийн “Хурд” агентлагийн даргаар ажиллаж
байсан Монголын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Гүнсэнтэй цагаан сарын баярын
тухай хөөрөлдсөнөө хүргэе.

-Юуны өмнө удахгүй тохиох сар шинийн
баярын мэнд хүргэе. Цагаан сардаа хэр бэлтгэж байна?

-“Өдрийн сонин”-ы уншигч түмэндээ
сар шинийн мэнд дэвшүүлье. Сар шинийн баяр дөхөөд ирэхээр хийж байсан ажлаа л их
үгүйлж, хөгшин сэтгүүлч миний сэтгэл гэгэлзээд ирдэг. За тэгээд Битүүний өдөр болоод
ирвэл бөхийн барилдаан үзээд суучихна даа.

-Цагаан сарын барилдааныг радиогоор
сонсогчддодоо дамжуулахаас эхлээд ёстой нэг ажил буцалдаг байв уу?

-Цагаан сарын бөхийг манай Монголын
радио анх шууд нэвтрүүлж эхэлсэн юм шүү дээ. Радиогийн редакцид суугаад бөхчүүдийн
хэн нь яаж барилдахыг ямар мэдэх биш, ямар тааж дамжуулалтай нь биш. Бөхийн өргөөнд
барилдаан үзэж сууж байж л дамжуулна шүү дээ. Манай радиогийн газар дээрээс нь шууд
нэвтрүүлж эхэлсэн сурвалжлага бол цагаан сарын бөхийн барилдаан. Цагаан сарын барилдаан
Монголын радиогоор явж эхлэхэд малчид аль хэдийнэ малаа хотлуулчихсан, манай радиогийнхон
цай уух ч завгүй энэ унасан, тэр давсан гээд л дамжуулдаг байсан.

-Тухайн үед радиогийн бөхийн тайлбарлагчаар
хэн ажилладаг байв?

-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын
харьяат Монгол Улсын хурц арслан Цэрэннадмидын Бадамсэрээжид гуай цагаан сарын бөхийн
барилдааныг тайлбарладаг байлаа. Бадамсэрээжид гуай өөрөө бөх хүн учраас бөхөө мэднэ,
танина гэж жигтэйхэн. Барилдаан дуусч Бадамсэрээжид гуайг тайлбарлаж гүйцтэл хүмүүс
радиогоос холдож чаддаггүй тийм л үе. Арслан Дамдин, Бээжин аваргын нутгийн хүн
шүү дээ. Бөхөөрөө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн авсан хүн шүү дээ. Тийм
сайхан тайлбарладаг.

-Та бас Бадамсэрээжид арслангийн
тайлбарлахыг сонсох дуртай нэгэн байсан биз?

-Тэгэлгүй яахав. Би гэдэг хүн амьдралдаа
нэг ч барилдаж үзээгүй мөртлөө ганц шимтэн үздэг зүйл нь бөхийн барилдаан. Одоо
хэр барилдаантай өдөр зурагтынхаа өмнөөс хором ч холдохгүй шүү дээ.

-Тухайн үед ямар бөх дэмждэг байв?

-Би оюутан байхаасаа л бөхөд их
хорхойсдог байлаа. Их ч хичээл тасалсан даа. Тэр үед хоршоо, нийгэмлэгийн заал гээд
олон газар өдөрт хоёр, гурван барилдаан болно. Олон ч барилдаан болно. Хаана барилдаан
болно би тэнд явна. Хичээлээ таслаад л. Би Мөнхбат аваргыг их дэмжинэ. Нэг их урт
хүзүүтэй, айхтар олигоносон эцэнхий хүү. Яах ийхийн зуургүй л өрсөлдөгчийнхөө хөлд
орчихно. Энэ туранхай хүү одоо яаж барилдах бол гээд л их шимтэж барилдаан болгоныг
нь алгасахгүй үзнэ. За тэгээд Баянмөнх аварга бас гарч ирсэн. Мөнхбатыг бодвол нэлээд
хүдэр биетэй, өндөр бор хархүү. Гарбөмбөг чамгүй сайхан тоглочихдог бөх гараад ирлээ.
Би бас гарбөмбөг их сонирхдог болоод ч тэр үү Баянмөнхийг дэмжинэ. Хоёр Мөнх аваргын
ид гарч ирсэн үе байлаа шүү дээ.

-Бөхийн хорхойтнууд их таавар дэвшүүлж
бооцоо тавьдаг. Найз, нөхдөөс эхлээд хамт ажилладаг сэтгүүлчид хоорондоо бөхийн
таавар явуулж, бооцоо тавьдаг байв уу?

-Бөхийн таавар хожуу дэлгэрсэн.
Миний үед албан ёсны таавар бол байлгүй яахав. Би зориггүй эр учраас бооцоо тавьж
байсан удаагүй.(инээв)

-Одоо та хэнийг дэмжиж байна. Ер
нь аль бөхчүүдийг ирээдүйтэй гэж харж байна?

-Би Хэнтий аймгийн хүн юм чинь Оргилболдыгоо
л дэмжинэ шүү дээ. Бас адилхан зүүн зүгийн хүн гэж боддог юм уу цаад өдөр Монгол
Улсын начин Д.Жанчивдоржийн нэрэмжит барилдааныг гэртээ үзэж суугаад Сүхбаатарын
Мөнгөнбаатарыг түрүүлэхэд сайхан омогшиж, хашгирч л суулаа. Монгол Улсын харцага
Ө.Даваабаатар, Б.Пүрэвсайхан гэсэн сайхан залуу бөхчүүд байна. Жижигхэн биетэй мөртлөө
ямар сайхан хөдөлгөөнтэй барилдаж байна. Яаж барилдаж байна вэ. Жинхэнэ барилдаан
гэж л энэ байх. Энэ бөхчүүд их юм дуулгах болов уу.

-Монголын радиогийн дийлэнх сонсогч
малчид. Энэ утгаараа Цагаан сар, Үндэсний их баяр наадамд их ач холбогдол өгч ажилладаг
байсан байх. Ер нь баярын үеэр хэрхэн ажилладаг байв?

-Ер нь сэтгүүлчийн ажил тийм ш дээ.
Та ч гэсэн айлын эзэгтэй хүн цагаан сар болох гэж байхад буузаа хийхээс эхлээд ажил
ихтэй л байгаа байх. Гэтэл өвгөн намайг байцаагаад сууж байна. Сэтгүүлч гэдэг чинь
ард түмний төлөө ар амьдралаа хүртэл мартаж орхидог золигийн мэргэжил. Миний үед
та нар шиг ийм сайхан аппарат, дуу хураагч зэрэг байсан биш. Ярилцлага хийсэн хүнийхээ
яриаг шууд дэвтэр дээр тэмдэглэж авна. Тэмдэглэснийгээ ажил дээрээ очоод дахиад
буулгаж бичнэ. Хальс хайчлахаас эхлээд ажил их шүү дээ. Өч дөчнөөн хуудас юм бичнэ.
Ямар сайндаа би 1997 онд тэтгэвэрт гараад МҮОНРТ-ийн сургуульд нэг хэсэг оюутнуудад
хичээл зааж байхдаа хальс ингэж тасддаг гэж зааж байхав дээ. Технологийн дэвшил
өнөөдрийн түвшинд хүрнэ гэдгийг хэн мэдэхэв. Одоо бодохоор бүр ичээд байдаг юм.
Наадмын морины уралдааныг дамжууллаа гэхэд өнөөдрийнх шиг машинаар дагаад яваад
байх боломж ч байсан биш. Ямар ч байсан түрүүлж текст бичиж хэний морь түрүүлэхийг
тааж болохгүйгээс хойш өртөөчилсөн хэлбэрээр сурвалжлагаа бэлтгэдэг байлаа. Айдсын
даваанаас нэг нь дамжуулж, Яармагийн дэнж хүрэхэд нь өөр нэг сэтгүүлч дамжуулж байх
жишээтэй. Тийм зүсмийн морь орж ирлээ гэж нэгэндээ дамжуулж урьдчилж хэл хүргэнэ.
Тэрнээс өнөөдрийнх шиг морины уралдаан юм уу, машины уралдаан нь мэдэгдэхгүй юм
болж амьтанд адлагддаггүй байсан юмдаг.

-Таны хувьд “Хурд” агентлагийн даргаар
ажиллаж байсан. Ер нь Монголын радиотой хэрхэн амьдралаа холбож байсан юм бэ?

-Би химич, багш мэргэжилтэй хүн
л дээ. 1957 онд химийн багш мэргэжлээр их сургуульд элсч 1961 онд төгссөн. Гэхдээ
аль эрт намд орсон хүн. Намын төв хорооноос Монголын радиогийн хэрэг эрхлэх газарт
боловсон хүчнээр томилсон. Уг нь багшаар ажиллах санаатай. Томилолтоо авахгүй жаахан
гүрийчихлээ. Тэгсэн нэг өдөр Төв хорооны боловсон хүчний газрын дарга Машлай гэдэг
мундаг сурган хүмүүжүүлэгч намайг дуудаад “Чи сайн залуу байна. Мэргэжилдээ дуртай.
Багшаа хийнэ гээд байдаг. Бид хоёр адилхан багш юм байна. Багш хүн жилдээ
200-300 хүүхдэд хичээл заадаг юм байгаа биз дээ. Тэгэхээр Монголын радиод оч. Монголын
ард түмэнд өдөр болгон хичээл заана даа, за амжилт хүсье” гээд гар барихаар томилолтоо
авахгүй гээд яахав.

-Аль албанд томилогдсон бэ, анх?

-Үзэл суртлын редакцид редактороор
ажилласан. Химич учраас шинжлэх ухааны чиглэлийн нэвтрүүлэг, “Шинжлэх ухаан Энхтайваны
үйлст” зэрэг цуврал орчуулгын нэвтрүүлэг бэлтгэж нэг хэсэг ажилласан. Сүүлдээ парламентын
сэтгүүлч хийж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Би хамгийн анхны сурвалжлагаа одоо
хэр мартдаггүй юм.

-Ямар сэдвээр бэлтгэсэн сурвалжлага
юм бол. Манай уншигчидтай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Намайг дөнгөж ажилд ороод уудаагүй
байтал хуучин Өндөр хоршоо буюу одоогийн Дүрслэх урлагийн музейгээс Улсын их дэлгүүр
нүүж, мэдээнд нь би явсан юм. Улсын их дэлгүүр өнөөдрийн шинэ байрандаа орсон хэрэг.
Оператортойгоо хамт очлоо.Хүмүүс ч бөөн бужигнаан болж байна. Сурвалжлагаа аваад
шөнөжин бичсэн чинь арав гаруй хуудас болчихсон. Тухайн үед олон давхар байранд
Улсын их дэлгүүр орно гэдэг сонирхолтой мэдээлэл байхгүй юу. Хүмүүс ч бужигнаад
сүрхий ч үйл явдал болсон. Шөнөжин бичээд арван хуудас сурвалжлага бариад өглөө
дарга дээрээ орлоо. “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч байсан Т.Галдан манай хэлтсийн
дарга. Дарга “Чи чинь зохиолч юм байна ш дээ” гэж намайгаа бас хөөргөөд авлаа. Дарга
нар ч дэмжээд тэр чигээр нь орууллаа. Залгаад улсын наадам болсон. Наадмын үеэр
Польшийн нам засгийн удирдагчид ирдэг юм байна. Тэгсэн намайг нисэх онгоцноос тосохоос
эхлээд дагалдаж шууд сурвалжлага хий гэлээ. Ингэж л химич нөхөр сэтгүүлч болсон
түүхтэй. Түүнээс хойш олон ч сурвалжлагад явсан даа. Пунсалмаагийн Очирбат, Нацагийн
Багабанди гээд үе үеийн төрийн тэргүүнүүдтэй олон ч удаа гадагшаа, дотогшоо айлчлалаар
явж, Монголын радиогоос сонсогчидтой учирч явсан сайхан дурсамж өвгөн сэтгүүлч надад
олон бий. “Хурд” агентлагийн даргаар ажиллаж байх үеийнхээ тухай “Хурд хуучлах цагаар”
гээд ном хүртэл гаргасан байдаг. Энэ ном ёстой л тухайн үеийнхээ түүхийг өгүүлнэ
дээ.

-Таныг радиод ороход мундагчуудаас
хэн хэн ажилладаг байв?

-Манай радио чухал баяр наадмаар
хэрхэн ажиллахаа эртнээс төлөвлөдөг байсан. Ихэнх сурвалжлагыг хоёр сайн нэвтрүүлэгч
л уншдаг байсан. Цэеэнханд, Гунгаа хоёр нэвтрүүлэгч ихэнхдээ уншина. Чухал үйл явдал
бүхий нэвтрүүлгийн сурвалжлагын дундуур нь хааяа өөрөө текстээ уншиж мэдээлдэг байдал
явсаар одоо телевизийн сэтгүүлчид шууд сурвалжлагаа хүргэдэг хэлбэрт хүрсэн. Эхлэлийг
бас л Монголын радио тавьсан. Тухайн үеийн радиогийн мундгууд олон байлаа. Нэрт
нэвтрүүлэгч Сандагийн Гунгаа бид хоёр нэг өдөр нэг тушаалаар ажилд орсон. Гунгаа
уншина гэж ярьж байгаа юм шиг л уншдаг хүн байлаа. Текст нь алдаатай байсан ч өөрөө
засаад л уншчихдаг мундаг хүн байлаа. 1974 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн
болж байсан. Их залуудаа. Би түүний тухай, андынхаа тухай “Радиогийн амьд шүтээн”
хөрөг нийтлэл бичсэн удаатай. Зан ааш гэж хүний хайлан. Ямар ч хүнтэй их сайхан
харилцана. Дөрөвдүгээр сургуульд багшилж байхад нь бодлогоор Монголын радиод татаж
авсан юм шиг байгаа юм. Шатрын хэдэн нүүдлийг давж хардаг шиг бэлдсэн текстийг эхнээс
уншиж байхдаа дараагийн өгүүлбэрүүдийг аль хэдийнэ харчихсан байдаг л авьяастай
хүн. Юм ярьж байхад нь хажууд нь сууж байгаа хүн босоод явдаггүй л ярьдаг хүн байсан.
Гунгаад сонсогч фэнүүдээс нь захиа ч их ирнэ.

Гунгаагаас өмнө биднийг радиод хөл
тавихад алдарт нэвтрүүлэгч Жигжидсүрэнгийн Цэвээндорж ид ажиллаж байлаа шүү дээ.
Студийн хаан. Гутлаа тайлаад тавьчихна. Бид хүүхдүүдийг загнахдаа загнаад л урам
өгөхдөө өгөөд сууж байна. Нэг удаа надаас баярын нэвтрүүлэг уншиж чадах уу “Биеэ
тоочихгүй бол чи цаашид нэлээд юм хийх хүн” гэж байсан. Дараа нь Гончигжавын Чулуунбат
залгамж халааг нь авсан даа. Чулуунбат чинь хөдөө аж ахуйн чиглэлийн хүн. Ямар сайхан
уншдагийг нь надаар хэлүүлэлтгүй Монголын ард түмэн мэдэж байгаа байх. Эмэгтэйчүүдээс
агуу Амбасэлмаа гуай байна. Цэеэнханд хүүхдийн нэвтрүүлгийг сайхан уншина. Балжир
гээд сайхан хүн байлаа. Цэвэгийн Рагчаа гээд мундаг найруулагч байлаа. Анх удаа
найруулагчдын гайхамшгаар сэтгүүлч бидний бичсэн мэдээлэл сонсогчдод хэрхэн сайхан
хүрдэг болохыг Рагчаа найруулагчаас харж авч байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ахмад нь удирдаж, залуус нь гүйцэлдүүлнэ​

Монголын парламент бол төлөөллийн парламент. Энэ нь та, би, манай хорооныхон, дүүргийнхэн, бүр сонгуулийн тойргоороо нэг хүнийг төрд төлөөлөл болгож түмэн олны өмнөөс шийдвэр гаргаарай гэж явуулж байгаа хэрэг. Харин хэнийгээ явуулахаа бид УИХ-ын сонгуулиар шийддэг. Түмэн олны нэрийн өмнөөс ажиллаж, төр улсын хэмжээнд хууль баталж бодлого боловсруулж явдаг хүмүүсээ бид мөн ч их шүүмжлэх юм даа. Мэдээж, өөрсдийгөө төлөөлүүлж явуулсан юм чинь тэр хэрийн шүүмжлэл байж таарах л байх. Гэхдээ парламентад буг болтлоо суулаа, УИХ-ын гишүүнээр өчнөөн жил сонгож өглөө гээд загнах нь их.

Үнэндээ парламентад удаан суух нь муу юм биш юм аа. Харин ч аль болох урт удаан сууж, туршлагажсан хүмүүст бид өөрсдийнхөө өмнөөс шийдвэр гаргах эрхээ өгдөг байх нь чухал юм. Үдлээд өнгөрөхийн дайтай төрийн хэргийг шийдэж, тохиолдол, хувийн эрх ашгийн үүднээс сонгогдоод нүүдлийн шувууд шиг хаяад явах хүмүүсээр төрийн алтан аргамжааг зангидуулж боломгүй.

Шинэхэн сонгогдсон гишүүд хүүхэд шиг “хөөрхөн” байдаг. Хаашаа явахаа мэдэхгүй, эхний, эцсийн хэлэлцүүлгээ ч ялгаж мэдэхгүй. Тийм байхаас ч яах билээ. Бүгд л тийм замыг туулж боловсорсон. Зарим нэг сүрхий нь дорхноо учраа олоод асуудлыг гартаа аваад явчихдаг бол зарим нь дөрвөн жил дуугүй сууж байгаад элдэв нэр хоч авах нь ч бий. Үнэндээ учрыг нь олохыг хүлээж, олоод хэсэгтээ хөөрч бас дээш доош хөвсөлзөж явдаг үеийг ч тэд туулдаг. Юмныхаа учрыг олоод ирэхээр гэнэт дуу орж, сүүлдээ энд тэндхийн юмыг хамж яриад ам авч давхидаг адуу шиг дүүхэлзэх нь ч бий. Гэхдээ төрийн ачааг даах шалгаралд бүхий л талаар үл тэнцэх зарим нэг хүмүүсийг сонгуулийн хөөрөлд автаж сонгочихоод дөрвөн жил сургаж, дөрвөн жил татварын мөнгөөр цалинжуулж, хооллож ундалчихаад хортой хөнөөлтэй, бодлогогүй үйлдлийн нь илдэнд сүлбүүлэх мэт хорлогдоод байх л хэцүү дээ. Тиймээс бид хэнийг яаж сонгохоо зөв тунгааж, сонголтоо хийх нь чухал юм. УИХ-д сонгогдож, төлөөлж ирсэн хүмүүсийнхээ өмнөөс шийдвэр гаргах гэж байгаа тэр хүмүүс баян байх, нэр алдартай байх эсвэл залуу сайхан байх тийм чухал биш. Харин зөв байж, ямагт эх орон, үндэстнийхээ эрх ашгийг хамгаалж, хайрлаж, ухаалаг шийдвэр, бодлогыг тодорхойлж чаддаг байх нь гол зарчим юм даа. Өөрөөр хэлбэл, цагийн шалгуурыг давж чадсан, ончтой, цэцэн бодлогыг тодорхойлж ирсэн, ямар ч үед ноён нуруугаа алддаггүй, хат ширээгдсэн тийм л хүмүүсээр Монголын парламент бүрдэх ёстой. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг хэн одоо болно гэж хэлэх юм бэ. Тэрбээр 1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, 1992-2000 онд УИХ-ын гишүүн, 1996-2000 онд УИХ-ын дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2013 оноос Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж ирсэн байдаг. Д.Лүндээжанцан гишүүн бол 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн болсноос хойш тасралтгүй Монголын хууль тогтоох байгууллагад ажиллаж ирлээ. Энэ хугацаанд байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан. Д.Дэмбэрэл гишүүн байна. 1992 оноос хойш тасралтгүй хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж ирсэн хүн. УИХ-д бүлгийн дарга, байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, УИХ-ын даргын албыг хашиж ирсэн. Ц.Нямдорж гишүүн мөн адил. 1992 оноос хойш сайдыг хэдэнтээ, УИХ-ын даргын албыг ч хашиж ирсэн нэгэн. Ийм хүмүүсийн хэлж байгаа үг, чиглүүлж байгаа зам мөрийг сонсохгүй, дагахгүй гээд яах ч билээ. Угаасаа тэдний хэлж байгаа нь яах аргагүй жин дарж, бодож хэлэх нь илүү цараатай байдаг. Улс төрийн ашиг сонирхол, бүлэглэл фракцийн нүдээр харвал тэднийг үл тоомоор мэт санагдавч үнэндээ монгол төрийн бодлогыг тодорхойлоход тэдний л хараа илүү уужим байж чаддаг. Тэдний хэн ч Үндсэн хуулийн Цэцэд очоод, эцэг хуульд зааснаас гажиж зөрвөл засан тохинуулж чадах хүмүүс. Сүүлийн үед аливаад насаар нь ялгаварлах чиг хандлага нэлээд ажиглагдах боллоо. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг сонгоход насны хязгаар тавьж, 65 болгов. Х.Тэмүүжин гишүүн хуульч хүн. Хуулийн мэргэжлийн сургуульд багшилж байгаад хууль тогтоох байгууллагад хоёр ч удаа сонгогдсон, дахиад олон ч жил Монголын төрд зүтгэх нэгэн гэж харагддаг. Бас улс төрийн хатуу хүтүүг ч туулж, усаар бол жавар нь гарч, галаар сан бол хоруу чанар нь хоцорч үлдсэн нэгэн байх. Үндсэн хуулийн Цэцэд сайн хуульч, сайн мэргэжилтэн ажиллах ёстой бол Х.Тэмүүжин шиг хүн ирээдүйд хэрэг болж ч болох юм. Гэтэл түүний санаачилсан төслөөр хууль өөрчлөгдсөнөөр түүн шиг анзааны төрийн хар хүн Цэцэд ирэхээргүй болсон нь харамсмаар л санагдана.

Оюун ухаант хүн нас явах тусам, алив бүхий л алдаанаас нэгэнт ангижирдгийг бид угтаа мэдэх л. Дэлхийн түүхэнд нас дээр гарч ирээд парламентын гишүүнээр ажилласаар байх байтугай анх шинээр болж байсан түүх арвин. Сонгодог парламентат Их Британид гэхэд Самуэл Янг 1892 онд 70 настайдаа парламентын гишүүн болж, 97 нас хүртлээ буюу насан эцэслэтлээ төрийн албыг залгуулж байсан байдаг. Тэгэхээр тэр 26 жил парламентын гишүүнээр ажиллаж байсан байх нь. Одоо ч гэсэн Их Британийн парламентад 1930 онд төрсөн Жеральд Кауфман гишүүнээр сонгогдоод ажиллаж л байна. 1970 онд 40 настайдаа анх парламентын гишүүн болж байсан тэрбээр Сүүдрийн Засгийн газарт орж ажиллаж, сөрөг хүчний байр сууринаас хандаж, улс төрийн үй түмэн үйл явдлыг үзсээр 2015 онд 85 настайдаа дахиад гишүүн болж байх жишээтэй.

Ер нь дэлхий дээр 46552 парламентын гишүүн байдгийн хамгийн олон нь буюу 3000 нь Хятадынх гэсэн статистик бий. Бас дэлхийн бүх парламентын гишүүдийн дундаж наслалт нь 53 гэж байгаа. Дундаж нь шүү дээ. Гэтэл манайд 50 хүрээд ирэхээр нь хавчаад, 60-65 хүрэнгүүт нь хуулиар л “зохицуулчих” гээд байх шиг.

Дорнын орнуудад улстөрчдийн нас бүр ч өндөр байдгийг бид юу эс андахав. Хятадад ахмад улстөрчдийн үг үнэ цэнтэй хэвээр. Энэтхэг бол нас дээр гарсан, өндөр настай туршлагатай улстөрчдөөрөө төрөө захируулж ирсэн гэдгээрээ алдартай бас өөрсдөө үүгээрээ бахархаж омогшдог үндэстэн. Бас л дэлхийн олон хүн амтай том гүрэн. Сүүлийн үед ардчилсан тогтолцоо, эдийн засгийн өсөлт, дэлхийн том тоглогчдын эгнээнд баттай зогсох болсон зэрэг нь эдний имиж болсон. Гэтэл үнэндээ Энэтхэг 1947 онд л тусгаар тогтносон. Саяхныг болтол Энэтхэгт “Манай Ерөнхий сайдууд дотор тусгаар тогтносон Энэтхэг улсад мэндэлсэн Ерөнхий сайд байхгүй” гэж яригддаг байлаа. Ердөө жил гаруйхны өмнө 1950 онд төрсөн Нарендра Моди Ерөнхий сайд болсноор тэд энэ яриагаа эцэслэсэн билээ. Нөгөө талаас энэ баримтаас аугаа их Энэтхэгийг үеийн үед дандаа ахмадууд нь удирдаж иржээ гэж уншигдахаар байгаа юм. Модигийн өмнөх Ерөнхий сайд 1932 онд төрсөн Манмохан Сингх байлаа. Тэрбээр 72 настайдаа Ерөнхий сайд болж, арван жил энэ албыг хашсан. Өөрөөр хэлбэл 82 нас хүртлээ шүү дээ. Түүний өмнөх Атал Важпай байна. Бүр 1924 оны хүн. Бас л 74 настайдаа энэ албыг авч 80 нас хүртлээ ажилласан. Тэднээс ч өмнө 77, 81 насандаа ч энэ албанд очиж байсан хүмүүс бий. Энэтхэгчүүд тэднээрээ бахархдаг. Олсон амжилтынх нь үндэс тэд ч байсан гэдэг юм билээ.

Энэтхэгт дундаж наслалт манайхаас доогуурхан буюу 65 гэгддэг. Төрийн алба хаагчид 60 насандаа тэтгэвэрт гардаг орон гэдгийг санаарай. Тэгэхээр тэд төр улсаа ахмадуудаараа удирдуулахын чухлыг эртнээс мэддэг үндэстэн ажээ.

Их сэтгэгч Плато “The Rebublic”-даа “Ахмад нь удирдаж, залуус нь гүйцэлдүүлнэ” хэмээн бичиж үлдээсэн нь нэгийг хэлнэ. Эртнээс ингэж сургаж, шалгаруулж ирсэн байхад бид буг болтлоо суусан, буурал болтлоо ажилласан гэж хоорондоо толхилцож муудалцаж суух зөвгүй. УИХ нь ч, Үндсэн хуулийн Цэц нь ч ингэх завгүй баймаар. Эвийг эрхэмлэн хууль тогтоох дээд байгууллага нь дээд байгууллага шигээ, Үндсэн хуулийг сахин манах улсууд нь бас сахин манагчид баймаар байна. Төр улсад туулсан туршлагатай, хатуужиж тунгаагдсан шилмэл хүмүүс хэрэгтэй. Төрд чадалтай, цагийн шалгуурыг давсан хашрууд засаглах болохоос хэт идэр залуу, үйлс, сэтгэл хатаагдаагүй, шалгагдаагүй хүмүүс тэнцэхгүй, ачааг нь даахгүй юм.

Categories
гадаад мэдээ

Дэлхийтэй маш ойрхон солир зөрнө

Одоогоос хоёр жилийн өмнө дэлхийгээс хоёр сая километрийн зайтай өнгөрч байсан жижиг солир хэдэн долоо хоногийн дараа манай гаригтай илүү ойрхон зөрөх гэж байна.

Тодруулбал, 30 орчим метрийн диаметртэй “2013 ТХ68” гэх солир гуравдугаар сарын 5-ны өдөр дэлхийгээс 17 мянгаас 14 сая километрийн зайтай нисч өнгөрөх аж. Калифорни муж дахь НАСА-ийн эрдэмтдийн мэдээлснээр уг солир дэлхийтэй мөргөлдөх магадлал бараг байхгүй гэдгийг мэдэгдээд байна.

Түүнчлэн 2013 оны аравдугаар сард буюу хоёр жилийн өмнө уг солир дэлхийтэй ойр зайтай нисч өнгөрснөөс хойш гурван өдрийн дараа уг солирыг ажиглах боломжгүй болжээ. Харин хоёр жилийн дараа уг солир дахин дэлхийтэй илүү ойрхон зөрөх гэж байна. Үүнтэй холбоотойгоор солирын нисч өнгөрөх замыг тодорхойлоход одон орончид тасралтгүй ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ бага зэргийн өсөлттэй байна

Нийслэлийн статистикийн газрын гаргасан судалгаагаар хоёрдугаар өнгөрсөн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4975 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6595 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 65 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байгаа аж. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6200 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 25 төгрөг, хонины цул мах 1.4 хувиар буюу 85 төгрөгөөр тус тус өсчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 3900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Categories
гадаад мэдээ

Сансрын нисгэгч Эдгар Митчелл өөд болжээ

Флорида мужийн Уэст-Палм-Бич хотноо 1971 онд саран дээр буусан Эдгар Митчелл гэдэг астронавт нас барсан тухай охин нь Palm Beach Post сонинд мэдээлсэн байна. Охиных нь хэлснээр, 85 настай Митчелл орон нутгийн хоспис эмнэлэгт хоёрдугаар сарын 4-нд нас баржээ.

Митчелл дэлхийн дагуул дээр хөл тавьсан зургаа дахь хүн бөгөөд тэрээр«Аполлон-14» сансрын хөлгийн багт Алан Шепард, Стюарт Руснарын хамт багтаж байв.

Түүний нислэг нь Аполлон хөтөлбөрийн найм дахь болсон бөгөөд уг хөлөг 1971 оны нэгдүгээр сарын 6-нд хөөрч ес хоногийн дараа Номхон далайн өмнөд хэсэгт газардсан байлаа.

«Аполлон» хөтөлбөрийг АНУ 1961 оноос хэрэгжүүлэн саран дээр зургаан багийг буулгажээ. Хамгийн сүүлд 1972 онд зургаа дахь баг саранд бууснаас хойш 1975 онд хөтөлбөрийг хаажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан эхэллээ.

“Бөхийн баяр”-т зориулсан цуврал барилдаан өчигдөр өсвөр бөх, нийтийн монгол шандастны барилдаанаар эхэлсэн. Өсвөр бөхийн барилдаанд 112 бөх зодоглосноос “Таванхан” дэвжээний бөх Ц.Лхагва-Очир түрүүлж, “Аварга” дунд сургуулийн Н.Даваажамц үзүүрлэжээ. Их шөвөгт Говь-Алтайн Тонхил сумын начин Ц.Дамдинсүрэн, “Аварга” дунд сургуулийн бөх Б.Баянсүх нар үлдсэн байна. Мөн энэ өдөр үндэсний бөхөөр хичээллэдэггүй, барилдааны бэлтгэл хийдэггүй 304 залуу хүчтэн барилдсанаас Төв аймгийн Баян сумын харьяат Б.Батцэнгэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Б.Ганболд үзүүрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад туслах аян эхэллээ

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах тусламжийн аяныг Нийслэлийн Монгол ардын намын хорооноос санаачлан оюутан залуучууд дэмжин тодорхой хөдөлгөөнүүдийг үүсгээд байна. Тухайлбал оюутан залуусын төлөөлөл Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг иргэдийг энэ аянд нэгдэхийг уриалж, тусламжийн бараа материал цуглуулах аяныг өрнүүлжээ.

Улсын хэмжээнд 18 аймгийн 97 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум зудархуу байдалтай байгаа талаар холбогдох газруудаас олон нийтэд мэдээлж байгаа. Мөн малчдад туслах сайн санааны хандивын үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд өрнүүлж эхэлсэн. Мөн Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад дэмжлэг үзүүлэхээр сайн үйлсийн аяныг ч зарлаад байна.

Энэ хүрээнд аймаг сумдын Улаанбаатар хот дах нутгийн зөвлөлүүд, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтэд хандан боломжтой зүйлээрээ туслах уриалга гаргасан юм. Энэ аяныг оюутан залуус дэмжиж, сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа өрнүүлж эхэлсэн байна.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос ОБЕГ, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтэд хандаж гаргасан уриалга иргэдийн дэмжлэгийг хүлээж байгаа юм. Өвөлжилт хүндэрсэн энэ нөхцөлд малчдад туслахыг тэд ард түмэндээ хандан уриалж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хүн гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй гэв

Тайваньд өнөөдөр өглөө газар хөдөлсний улмаас хоёр хүн амиа алдаж, 31 иргэн эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг хүргэсэн билээ.

Тайванийн арлын өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн магнитут нь 6,4 байсан юм. Энэ үеэр Монгол хүн гэмтсэн тухай мэдээлэл байхгүй, одоогоор аврах үйл ажиллагаа үргэлжилж байна гэсэн тайлбарыг Гадаад хэргийн яам өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн Баянтэс суманд 1000 гаруй мал хорогджээ

Завхан аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч мал хорогдож байна. Аймгийн хэмжээнд намар орой бороо орсны улмаас хөрсөн дээр нь мөсөн бүрхүүл тогтжээ. Энэ өвөл Баянтэс сумын хэмжээнд нийт 20 гаруй удаагийн давтамжтай цас орж, цасны зузаан зарим газраа 40-50 см хүрчээ. Тус сумын малчдын мянга гаруй мал хорогдоод байна.

өрсөн дээр тогтсон цасан бүрхүүлийн улмаас малчид өөрсдийн гараар уулын энгэрийн цасыг ховхолж малаа бэлчээж байгаа юм. Цаашид энэ байдлаараа хүйтэрвэл Баянтэс сумд өвөлжилт улам хүндрэх төлөвтэй байгаа гэж Баянтэс сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Х.Шархүү ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Сар шинийн баяртай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд дараахь зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааны худалдаа, борлуулалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл ахуйн шаардлага хангаагүй, стандартын бус, хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах, худалдаалах хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллага анхааран ажиллана.

-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд архи, согтууруулах ундаа, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тухай дүгнэлт, шинжилгээний бичгийг үзэж худалдан авах.

-Хуурамч, баталгаагүй хямд архийг хүн ам олноор төвлөрсөн захад /Нарантуул, Хархорин, Баянзүрх гэх мэт/ зарлал мэдээллийг нууцаар тарааж, нийслэл хотын захын дүүрэгт байрлах агуулах, сав, контейнерээс шөнө оройн цагаар их хэмжээгээр ачиж хөдөө, орон нутагт аваачин зарж борлуулах хэрэг гарч байсныг анхаарах хэрэгтэй.

-Сар шинийн баяр ойртоход орон байр, халаасны хулгайн гэмт хэрэг гарах нь нэмэгдэх хандлагатай байдгийг анхаарч өмч, хөрөнгөндөө тавих хяналтаа сайжруулж, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд нийслэлийн томоохон худалдааны зах, дэлгүүрээр явахдаа халаасны хулгайн болон залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах.

-Мал хулгайлах гэмт хэрэг хөдөө орон нутагт өсөх төлөвтэй байгааг анхаарч малыг байнгын хариулга, маллагаатай байлгах,

-Нийслэлээс болон орон нутгаас гарч явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах

-Галын аюулаас урьдчилан сэргийлэхэд цахилгааны шугам, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, гал алдахаас сэргийлэхийг зөвлөж, сэрэмжлүүлж байна.

Хэрэв дээрх хэрэг зөрчил гарвал мэдээллийг Нийслэлийн цагдаагийн шуурхай утас 102 дугаарт хандана уу.