Categories
мэдээ нийгэм

Сар шинээр Гандантэгчэнлин хийдэд эдгээр номыг хурна

Шинийн нэгнээс 15 хоногийн турш ерөөл хурж, өвлийн сүүл сарын 25-нд “Хажид” ном хурна. Өвлийн сүүл сарын 26-нд “Балин адислах ёслол” болох ба өвлийн сүүл сарын 27-ноос “Хуучин ном” хурна. Мөн 27, 28, 29-нд “Арван Хамбал”-ыг дэлгэр тахиж 29-нд сор зална.

Харин битүүний шөнө үүр цайтал “Цэдэрлхан” унших юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогоос сэргийлээрэй

Сар шинийн үеэр хоолны хордлогоос сэргийлэхэд тустай дараахь зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгснийг хүргэж байна.

Юуны өмнө хоол хүнсийг худалдаж авахдаа зөв сонголт хийх хэрэгтэй.

Үүний тулд:

-Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах

-Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөлийг харж, мэддэг байх

-Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх

-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах

Мөн хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах шаардлагатайг санах хэрэгтэй.

Үүний тулд:

-Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах

-Мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх

-Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх

-Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмшээрэй.

Үүний тулд:

-Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах

-Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх

-Усыг буцалгаж хэрэглэх

-Махны модыг бусад хүнсбэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах

-Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө болон дараа нь угааж, цэвэрлэж хэвших.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баяраар 1000 автобус үйлчилгээнд гарна

Сар шинийн өдрүүд буюу хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 1000 орчим автобус үйлчилгээнд гаргахаар болжээ.

Энгийн үед 900 орчим автобус үйлчилгээнд гардаг бол ийнхүү нэмэгдүүлэхээр болсон байна.

Нэмэлтээр гаргах автобусуудыг хотын зах болох Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаанхуаран, Санзай гэсэн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргах болсон гэдгийг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна

-ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 11 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА-

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар үүлшиж, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 28-32 градус, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

-ШИНИЙН 3-НД ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ-

Маргааш буюу энэ сарын 8-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 8-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 11-нд буюу Шинийн 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
булангууд мэдээ

Дуучин Б.Амархүү: Манай хүн загварын ертөнцөд амжилт гаргасан болохоор дуучин болох амбиц байхгүй

Дуучин Б.Амархүү, гэргий загвар өмсөгч О.Ариунзулын хамт “Cool love“ концерт хийхээр бэлтгэж байна. “Crocus event hall”-д хоёрдугаар сарын 12-ны баасан гаригт болох уг тоглолтын үеэр хосуудаас гадна ганц бие залууст ч сюрприз барих гэнэ. “Валентины баяр хосуудын баяр гэдэг ч түүнээс өмнө синглүүдийн баяр болох учраас манай тоглолтод ирж хосоо олох боломж байгаа. Цагаан сарын төгсгөл, синглүүдийн цугларах газар, хосуудын баяр давхацсан өдөр байх болно” хэмээн Б.Амархүү ярьж байна. Залуу хосуудтай ярилцлаа.

-Б.Амархүү тоглолтын үеэр юу үзүүлж харуулах нь хүмүүст сонин байх болов уу?

-О.Ариунзул бид хоёр анхныхаа дууны нэрээр концертоо “Cool love” гэж нэрлэчихье гэж ярилцсан юм. Энэ үеэр хайрын дуунууд дуулагдана. О.Ариунзул бид хоёр “Cool love” дуугаа шинэлэг байдлаар дуулах болно. Тоглолтын ихэнх дуунуудыг О.Ариунзул бид хоёр хамтдаа дуулна. Би ганцаараа дуулсан сайхан хайрын дуунууд ч бий. Тэр дуугаа сонсох дуртай үнэнч фэнүүддээ зориулах юм. О.Ариунзул бид хоёрын зүгээс маш олон шинэ уур амьсгалтай, нандин уран бүтээлүүд гарна.

-О.Ариунзулын хувьд загвар өмсөгч гэдгээр нь олон хүн мэддэг. Дуулна гэхээр өвөрмөц хүлээж авах байх. Эхнэрээ дуучны хувьд тодорхойлооч?

-Миний мэргэжил дууны багш хүн л дээ. Тэр зүгээс харж үзэх юм бол манай эхнэр гоё дуулдаг. Манай хүн загварын ертөнцөд олон амжилт гаргасан болохоор дуучин болно гэсэн амбиц одоохондоо байхгүй. Гэхдээ бид хоёрыг Монголын сайхан хосуудын нэг гэж олон хүн ярьдаг, бичдэг болохоор Валентины баяраар залуустаа сюрприз хүргэх нь зүйтэй гэж бодсон юм. Олон том шоу зохион байгуулсан “MNG Event” компанийн А.Даваажаргал бидэнд санал тавиад, хамтарч ажиллахаар болсон л доо. Цагаан сар ээж аав, өвөө эмээ ахмадуудаа хүндэтгэдэг баяр болохоор сар шинэ хуучрахаар залуус маань “Юу хийх вэ” гэцгээдэг. Энэ үеэр бид “Cool love” тоглолтоо хүргэх юм.

-Цагаан сар гэснээс энэ цагаан сарыг та хоёр яаж тэмдэглэх вэ?

О.Ариунзул: Өмнө нь бид хоёр аав ээж нар дээрээ очдог байсан. Энэ жил хөөрхөн хүүтэй болсон болохоор илүү гэр бүлийн уур амьсгалтай гоё цагаан сар болох байх гэж найдаж байна.

-Та хоёр дээр ирж золгодог хүн байдаг уу?

Б.Амархүү: Байлгүй яах вэ.

О.Ариунзул:-Дүү нар байна.

Б.Амархүү:-Би аав, ээжийн талаас олуулаа. Манай О.Ариунзул ч олуулаа. Дүү нарын хүүхдүүд гээд ерөнхийдөө өргөн баяр болдог л доо.

-Та хоёр тоглолтын бэлтгэл хийхээр хүүхдийг чинь хэн хардаг вэ?

О.Ариунзул: Өвөө, эмээ нь хүүд маань хайлж урсдаг. Манай аав, ээж ч Дорнодод байдаг. Аль аль талынх нь анхны ач, зээ нь болохоор булаацалдах нь холгүй бөөн юм болдог. Одоогоор Б.Амархүүгийн маань ээж харж өгч байгаа.

-Аав болсон эхний долоо хоногоос аавуудын тархинд өөрчлөлт ордог гэсэн судалгааны дүгнэлт байдаг юм билээ. Б.Амархүүгийн хувьд хэр өөрчлөгдсөн бэ?

Б.Амархүү:-Одоо бол бүхэлдээ өөрчлөгдсөн байх. Эхлээд шоконд ордог юм билээ. Анх эхнэртэй болоод шинэ байранд орж, гал голомтоо асаахдаа ч заримдаа итгэж ядах үе гардаг байсан. Одоо бол аав дүрдээ орчихсон л доо.

-Та хоёрыг “Big fish” киноны зураг авалтын үеэр танилцсан гэж сонссон. Анхны харцаар дурласан уу, юу болсон бэ?

Б.Амархүү:-Нууц. Ерөнхийдөө татагдана шүү дээ. Татагддаг л юм билээ. (Тэр ингэж хэлээд инээснээ “Чи” гэж эхнэр рүүгээ хандсан тул гэргий нь ч бас энэ асуултад хариулахаар болов)

О.Ариунзул:-Ер нь бол бид хоёр кинон дээр анх танилцсан. Би тэр үед дөнгөж оюутан болоод ирсэн байлаа. Эмэгтэй хүн анхны харцаар дурлах гэхээсээ дасч дурладаг гэдэг шүү дээ. Халамжтай байдалд нь татагдсан юм болов уу. Түүнээс биш надад бол олны танил гэдэг нь хамаагүй. Дотоод мөн чанарт нь дурласан.

– Б.Амархүү цэцэг бариад сөхөрч, сэтгэлээ илчилж байгаа зураг фэйсбүүкт явахыг харсан. Олон эмэгтэйн хувьд романтик санагдсан байх. Харин таны хувьд яаж хүлээж авсан бэ?

-Тэр чинь 2012 оны шинэ жилээр хамт амьдарч эхэлж байсан үе л дээ. Тэр үед миний хайр “Надтай гэрлээч” гээд сүй тавьж байсан юм. Миний амьдралын хамгийн мартагдашгүй, романтик, сэтгэлд хоногшсон мөч. Нөхөр маань намайг байнга баярлуулдаг, гэнэтийн бэлэг барьдаг.

-Төрсөн өдрөөрөө хүүтэй болсон гэсэн. Хамгийн том гэнэтийн бэлэг байсан болов уу?

Б.Амархүү:-Гайхалтай шүү. Хүмүүс та нар төлөвлөж байсан уу гэж асуудаг. Ерөөсөө тийм юм байхгүй. Гурван сартай байхад нь жирэмсэн гэж мэдсэн. Манай хүн Хонгконг руу “Miss model of the World” гээд миссийн тэмцээнд явсан байсан. Цагаан чемоданаа бариад, хүнд том даашинзаа үүрээд явчихаад ирсэн. Жирэмсний хордлоготой, ачаалалтай болохоор турсан байсан. Эмнэлэгт үзүүлсэн чинь мэдэгдсэн дээ. Аав, ээж болох нь гэдгээ гэнэт мэдсэн. ЭХО-д харуулсан чинь долдугаар сарын хоёронд төрнө гэсэн. Долдугаар сарын нэгэнд төрсөн. Би бас долдугаар сарын 1-нд төрсөн болохоор гэнэтийн бэлэг болсон. Заяаны хань гэдэг чинь л жинхэнэ энэ байх даа гэж бодогдсон.

-Хамтарч хийхээр төлөвлөсөн уран бүтээл, гэр бүлийн бизнес байгаа юу?

Б.Амархүү:-Зөндөө юм бодсон. Болоогүй юмыг түрүүлж ярих нь зөв биш байх. Наад зах нь хоёрдугаар сарын 12-нд концертоо хүмүүст сайхан хүргэх сэн гэж хамгийн их хичээж байна.

-О.Ариунзулыг Москвад загвар өмсч эхлэхэд Б.Амархүү нөлөөлсөн үү, эсвэл ерөөсөө л тэнд зам, жимтэй байв уу?

О.Ариунзул:-Миний загварын гараа “Шилмэл загвар” агентлагаас 2007 онд эхэлсэн. Анх “Азийн супер модель” тэмцээнд оролцож байлаа. Орост моделиор хагас жил ажилласан. Ажиллаж байх үед миний хайр орчуулга хийж, тусалж хамт явдаг байсан. Гадагшаа моделиор ажиллах саналууд ирдэг.

Б.Амархүү: –Манай хүн “Шилмэл загвар”-аас гараагаа эхэлсэн. Би карьер хийхэд нь нэг их продюсерлосон юм байхгүй. Бүх юмыг нь зохион байгуулаад, хувцсан дээр суух зав надад байдаггүй. Хоёрдугаарт, манай хүн өөрийн карьертай. Бид хоёр танилцахад л кинонд тоглоод явж байсан. Олон улсын том том тэмцээнүүдэд оччихсон. Олон гэрээнүүд байсан. Яг аль гэрээн дээр ажиллахыг мэдээж би хайртдаа зөвлөсөн л дөө. Яг тэр үед Америк, Азийн бас нэг агентлагаас санал ирж байлаа. Бид хамт байхыг хүссэн болохоор Москваг сонгосон. Москвагийн шилдэг агентлагт зургаан сар гаруй ажилласан.

-Олон уран бүтээлч дэлхийн зах зээлийн тухай ярьдаг, мөрөөддөг. Та хоёрын хувьд илүү боломж байсан байх?

Б.Амархүү:-Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг. Тэгээд л дайрчихна шүү дээ. Хийнэ гэвэл хичээл зүтгэл гарах ёстой.

О.Ариунзул:-Залуу хүн айхгүй, хүссэн зүйлээ зоригтой хийх нь зөв юм болов уу гэж боддог.

Б.Амархүү:-Бид хоёр нэг их аймаар баян айлын хүүхдүүд биш. Энгийн л айлын хүүхдүүд. Мөнгөний боломж бол байгаагүй. Гол нь хичээл зүтгэл. Залуу хүмүүст хийх зүйл зөндөө байгаа. Итгэж байгаа хүмүүс, сонсогчдынхоо, Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй байхыг хичээдэг.

-Олны танил хосууд учраас рекламанд их тоглож харагддаг. Хамтдаа зураг авахуулах үе ч их байх. Гэртээ хэр их цаг өнгөрөөдөг вэ?

Б.Амархүү:-Амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөдөг. Москвад байхдаа гэртээ суугаад байвал ажил ч бүтэхгүй, карьер ч өсөхгүй. Залуу байгаа дээрээ хөдлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

О.Ариунзул:-Нялх хүүхэдтэй учраас байнга ажиллаад байж чадахгүй. Ямар ч байсан ажлын гурав, дөрвөн өдөр ээждээ хүүгээ орхиод ажиллахыг хичээдэг. Манай ээж бид хоёрыг ажилтай үед их тусалдаг. Ээж маань цэцэг тарьдаг, эмэгтэй хүний хувьд надад үлгэр дуурайл болсон сайхан хүн.

-Б.Амархүү Монголд суурин байдаг уу, ирж очдог уу?

-Суурин байхыг хүсдэггүй, гаднаас санал ирвэл дуртай хүлээж авдаг. Сая Өвөрмонголд Шилийн голд очоод, Цагаан сарын концертод оролцчихоод ирлээ. Хүмүүс уран бүтээлээр маань сайхан хүлээж авч, таньж мэдэж байна. Энэ том зах зээлийг алдвал тэнэг хэрэг. Миний уран бүтээлийг сонсохыг хүссэн хүмүүст уран бүтээлээ хүргэдэг. О.Ариунзулын хувьд ч Москвагаас ажлын санал ирвэл болж өгвөл явах тал руугаа байдаг даа. Нэг их суурин суудаггүй, маш хөдөлгөөнтэй байдаг.

-Орост дуулдаг байсан хөвгүүдийн хамтлагтай хэр холбоотой байдаг вэ?

-Мэдээж хамтарч уран бүтээл хийнэ. Залуусын хамтлагт найм, есөн жил зүтгэлээ. Одоо хувийнхаа уран бүтээлийг хийнэ. Хамтарсан уран бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлнэ. Шоуны ертөнц рүү бодож санаж байгаа юмнууд бий.

-Шоуны шүүгч хийж байхад чинь ч багш мэргэжлийн онцлог их харагддаг л даа. Зааж зурахдаа ч нэлээд өгөөжтэй зөвлөгөө өгдөг. Багшлах бодол байдаг уу?

-Байдаг. Гэхдээ дууны багш хийх нас болоогүй. Бид Монголын шоу бизнест дөнгөж эхэлж байна. Сурах юм их байна. Зөвхөн дууны багш биш продюсер, энтертайнмент тал руугаа ажиллах бодол бий.

-О.Ариунзул их намуухан хүн юм аа?

-Би гэхдээ бүр даруухан, дуугүй хүн биш. Хүмүүс намайг тэгж бодоод байдаг. Байгаагаараа шулуун шударга зантай.

-Нөхрөөс чинь өөр хүн гэрлэх санал тавьж байсан уу?

-(Б.Амархүү “Яая” хэмээн дуу алдсанаа “Чадахгүй ээ” хэмээн хашгирах шахам хэлээд инээж байна)

-Надад өмнө нь албан ёсоор үерхэж байсан найз залуу байгаагүй. Би 19-тэй байсан. Б.Амархүү маань 24-тэй байсан.

Б.Амархүү: Яг үнэнээ хэлэхэд энэ ширээний ард, энэ буланд бид танилцаж байсан. (“Central tower”-ийн “Sky lounge”-ийн нэгэн буланд бидний яриа өрнөсөн юм).

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Сүүл хөхдөг хүүхэд диатез, шар усны харшил гэх мэт өвчнөөр бага өвчилдөг

Дээр үеэс нярай хүүхдэд сүүл хөхүүлдэг байсан.
Хонины сүүлэнд ханаагүй хүчлийн хэмжээ холестерин их байдаг. Иймд сүүл хөхсөн хүүхдийн
өсөлт хурдасдаг, витамин Д-гийн хэрэгцээг хангана. Хүүхэд өөх тосонд эрт дасдаг
сайн талтай. Сүүлэнд эсийн мембраныг бэхжүүлдэг витамин С элбэг учир диатез, шар
усны харшлын өвчин бага байдаг. Мөн А витамин их учир хараанд сайнаар нөлөөлнө.
Хүүхэд сүүл хөхөх үед тархи нь тайван амарч, тархины даралтаас сэргийлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэстэй холбоотой бүх хэрэг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ

-ЦООХОР ИРВЭСНИЙ АРЬС, ЭД ЭРХТЭНИЙГ ХУДАЛДАХ ЗОРИЛГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН БОЛ ГЭМТ ХЭРЭГ БИШ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Дэлхий дахинд тоо толгой нь эрс буурч байгаа нэн ховор амьтдын нэг нь цоохор ирвэс. Манай улсын уулархаг нутаг буюу Алтайн нурууг дамнан цоохор ирвэс олон тоогоор нутаглан аж төрж байна. Гэвч цоохор ирвэсийг хууль бусаар агнах, арьсыг нь хил давуулж өндөр үнээр худалдаалах сүлжээ гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж байна. Дэлхийн амьтан хамгаалах сан болон төрийн бус байгууллага, хууль хяналтынхан хамтарч цоохор ирвэс агнаж байгаа гэмт хэрэгтнүүдтэй чадах чинээгээрээ тэмцэж байгаа ч хэрэгтнүүдийн нэг нь ч хуулийн хариуцлага хүлээхгүй, үйлдсэн хэргээ “сэгсэрдэг” болжээ.

Тухайлбал, Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2013 оны арванхоёрдугаар сард Н.Түмэннасан, Э.Балт, М.Алтангэрэл нар цоохор ирвэс агнасан хэрэг гарсныг хууль, хяналтынхан илрүүлсэн байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Бугат халиун” зоогийн газарт Хулдбаатар гэгч цоохор ирвэсийн арьс бусдад худалдаалах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор 2014 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн харьяат Чулуунбаатар ирвэсийн хоёр ширхэг арьс хууль бусаар хилээр гаргах гэж байгаад хил гаалийнханд баригдсан байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих ангийн ойролцоо Б.Лувсанчүлтэм гэгч цоохор ирвэсийн арьс худалдаалахаар авч явах үед нь Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн. Говь-Алтай аймгаас мөн ирвэсийн арьс, эд эрхтнийг машинаар тээвэрлэн Улаанбаатарт авчирсэн бүлэг залуусыг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Энэ мэт сүүлийн гурван жилийн дотор цоохор ирвэс хууль бусаар агнасан, эд эрхтнийг нь өндөр үнээр худалдаалах гэж байсан, хил давуулан цоохор ирвэсийн арьс өндөр үнээр худалдаж авдаг БНХАУ-ын сүлжээ гэмт этгээдүүдтэй холбоотой арав гаруй хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байх юм. Гэвч цагдаагийн байгууллагынхны илрүүлсэн цоохор ирвэс агнасан, эд эрхтнийг нь худалдан борлуулахаар тээвэрлэж явсан, хилээр нэвтрүүлэх гэж оролдсон арав гаруй хэрэг бүгд прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ.Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс агнасан, худалдан борлуулах гэж байсан гэмт хэрэгтнүүдийн нэг нь ч ял зэм хүртээгүй байна.

Албаны эх сурвалж “Цоохор ирвэсийг хууль бусаар агнадаг анчид хөдөө орон нутагт цөөнгүй байдаг. Цоохор ирвэсийг агнаад арьсыг нь хуулж аваад нийслэл рүү авчирдаг. Амьтны гаралтай түүхий эд худалдан авдаг ченжүүдэд арьсаа тодорхой хэмжээний үнээр өгдөг. Ченжүүд цааш нь хятадуудад хил давуулан өндөр үнээр зардаг сүлжээ бий болоод байгаа. Манай оронд мянга хүрэхгүй цоохор ирвэс байгаа гэж судлаачид тогтоогоод байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн гурван жилд цөөнгүй гарлаа” гэв.

Юуны учир гэмт хэрэгтнүүд хариуцлагаас мултарч, хэргээ хэрэг биш болгодог нь дараахь учиртай юм байна. Ан агнуурын тухай хуульд цоорхой байгааг цоохор ирвэсийн хууль бус наймаачид овжин ашиглах болжээ. Мөн прокурор, шүүгч нарт ч гэсэн хуулийн “цоорхой” гэмт хэрэгтнүүдтэй үгсэн тохиролцож, хэргийг нь хэрэг биш болгоход тус нэмэр болдог байна. Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл анги буюу Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэх заалтын 203.1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг.

Гэтэл ан агнуурын тухай хуулийн 203.2-т буюу нэн ховор амьтан хууль бусаар агнасан хэрэгт хариуцлага хүлээх хуулийн заалтад “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ажээ. Дээрх хоёр хуулийг өнгөцхөн харахад 203.1 дүгээр зүйл ангиас 203.2 дахь зүйл ангийн ял оногдуулсан байдал, мөнгөн торгууль өндөр харагдаж байгаа. Гэвч 203.1 дүгээр зүйл анги буюу ховор амьтныг хамгаалах хуулийн заалт, 203.2 гэх нэн ховор амьтныг хамгаалах хуулийн заалтад ялаас мултарч гарах “цоорхой” байгаа гэнэ. 203.1 дүгээр заалтад “Ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан тээвэрлэсэн” бол ял шийтгэл амсаж байгаа гэнэ. Гэтэл 203.2 гэх нэн ховор амьтныг хамгаалах хуулийн заалтад зөвхөн “Нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол” хуулийн хариуцлага хүлээлгэхээр заачихсан аж. Өөрөөр хэлбэл, нэн ховор амьтны эд эрхтэн хадгалсан, худалдан авсан, тээвэрлэж явсан бол огт хариуцлага хүлээхгүй өнгөрөх боломжтой аж. Энэ нь хууль бус ангийн эд, эрхтний наймаачдад хэргээс гэмгүй мултрах боломж олгож байгаа гэнэ. Цоохор ирвэсийн эд эрхтэн өндөр үнээр худалдаалж байгаа гэмт хэрэгтнүүд дээрх хуулийн “цоорхой”-г чадварлаг ашиглаж ирсний үр дүн нь дээр дурдсан хэргүүдийн эзэд хариуцлага хүлээгээгүй үлдсэнээс харагдаж байгаа юм.

Харин цоохор ирвэсийн арьс худалдахаар авч явсан этгээдүүд “Хөдөөний бололтой хүн цоохор ирвэсийн арьс авах уу гэхээр нь худалдаад авчихсан юм. Хэн гэдгийг нь мэдэхгүй. Зүс царайг нь санахгүй байна. Хаанаас цоохор ирвэс агнасан юм бэ гэдгийг нь асуугаагүй” гээд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгчихдөг байна. Ингээд хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нар цоохор ирвэсийн арьс авч явсан этгээдийг биш үл таних анчинг эрж хайх хэрэгтэй болдог байна. Мэдээж нөгөө анчинг олж чадахгүй нь тодорхой. Ингээд цоохор ирвэсийн хэргийг прокурорт шилжүүлдэг байна. Прокурор хэргийг хянаж үзээд “203.2-т нэн ховор амьтны эд эрхтэн хадгалсан, худалдан авсан, тээвэрлэж явсан бол хариуцлага хүлээнэ гэсэн зүйл алга байна. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна” гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгочихдог аж. Улмаар шүүгч нар прокурортой адил хуулиа “дагаад” л шийдвэр гаргачихдаг байна. Хуулийн энэ мэт цоорхой заалтаас болж нэн ховор амьтад хууль бус анчдын гарт хядуулж байна. Нэн ховор амьтныг агначихсан, буутайгаа явж байхад нь тааралдаж барьж авахгүй л юм бол энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэд хэзээ ч хариуцлага хүлээхгүй, хууль бус ан зогсохгүй гэсэн үг юм.

Э.Баатар

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Хүргээд өгье, наашаа суу”

Өнөөдөр өглөө сонссон хамгийн сайхан үг энэ байлаа. Хэдийгээр надад зориулагдсан үг биш боловч ингэж хэлсэн залууд чин сэтгэлээсээ баярлаж, өдөржингөө сэтгэл тэнэгэр явав. Учир юу гэвээс өглөө эрт автобусны буудал дээр ийм явдал болов. Унаа хүлээн жиндэн зогсох хүмүүсийн дунд саяхан төрсөн болов уу гэмээр өлгийтэй хүүхэд тэвэрсэн эмэгтэй зогсож харагдлаа. Ажил, сургууль цуглах цаг давхацсан учир зам түгжрэл ихтэй, машины урсгал зайгүй хөвөрнө. Гэтэл нэг машины жолооч автобусны буудал тийш зориуд эргэн ирж зогсоод өнөө хүүхэд тэвэрсэн бүсгүйг дуудав. “Хүргээд өгье. Наашаа ирээд суучих” гэсэн үгэнд тэнд зогсоо хүмүүс дор бүртээ бүсгүйн өмнөөс баярласан харагдсан. Нэг нь бүсгүйг машин руу дөхүүлж, нөгөө нь гүйж очин хаалгыг нь нээж суулгаж өгөв. Үүнийг харсан хүмүүс бүгд л жолоочид талархаж байгаа нь илт. Жолоочийн гэргий саяхан төрсөн гэмээр толгойгоо цагаан алчуураар боосон харагдсан. Хэдийгээр унаа ирэхгүй бухимдаж, даарч зогссон ч сэтгэл нэг л баяртай болоод явчихсан. Дулаахан ч болчих шиг.

Аз жаргалтай, сэтгэл тэнэгэр явахад тийм ч их өртөг шаарддаггүй бололтой. Хүмүүс бид бие биедээ жаахан ч гэсэн сэтгэл гаргахад л бусдад халуун дулаан илч, баяр хөөр бэлэглэж байдаг юм байна гэдгийг тэрхүү бяцхан үйл явдал бэлхнээ батлаад өгөв.

Хорвоод ирээд хэдхэн хонож байгаа тэрхүү нялх үрийг өөрийн мэт санаж, сэтгэл төвдөхгүй хүргэж өгөхөөр зогссон жолооч залуугийн ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ. Хэдийгээр машины дугаарыг тогтоож амжаагүй ч түүнийг энд зарлах нь илүүц биз ээ. Жолооч залуу ч үүнийг ач санаж, бусдад гайхуулах гэж хийгээгүй нь тодорхой юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Зүгээр л самуун цагийн Их хурлын гишүүд

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-Чуулганы хуралдаан дээр Ж.Энхбаяр гишүүн таныг “Ноён урваач,

нохой шарваач” хэмээн хэлж байсан нь тун эвгүй харагдана лээ. Та үзэл бодлоороо Ардчилсан намд орсон хэдий ч танд хаягласан иймэрхүү дайралт үргэлжилсээр байх юм. Уг нь Улс төрийн намын тухай хуулиар энэ бүхнийг зохицуулсан ч буцаачихсан. Их хурлын гишүүд нэг рүүгээ ёс бус байдлаар дайрах нь улс төр мөн үү?

-Энэ парламентын гол батлах ёстой хуулийн нэг нь улс төрийн намын тухай хуулийг батлан гаргах ёстой байсан.Гэсэн хэдий ч парламентад суудалтай намуудаас аль нь ч хуулийн төсөл санаачлаагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барьсан ч МАН эсэргүүцээд унагасан. Хэрэв Улс төрийн намын тухай хуулийг баталчихсан байсан бол намуудын дотор үндсэн хууль зөрчдөг, хуулийн эсрэг ч үйл ажиллагаа явуулдаг, хүн хэлмэгдүүлдэг, улсын хөрөнгөөр сонгууль хийдэг, улсын өмчийг намын өмч болгодог, ашиг сонирхлын эдийн засгийн бүлэглэл энэ бүх ялзрал байхгүй болох байсан юм. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Хэлмэгдүүлэлт өнгөрсөн зуунаараа дуусах ёстой. Шинэ ардчилсан нийгэмд ийм ёс бус зүйлс гарах ёсгүй. Гаргуулахгүйн төлөө энэ үеийнхэн бид хатуу тэмцэл хийх ёстой. Намууд дотроо бүлэглэл болж хүмүүсээ хэлмэгдүүлж байна. Намын дотор гарч байгаа энэ хууль бус ажиллагаа, хэлмэгдүүлэлт өнөөдөр Монгол Улсын ямар ч хуулиар шийдэгдэхгүй байгаа. Энэ бүгдийг намуудын дотоод асуудал, улс төрийн асуудал гэж үздэг. Парламентын засаглалтай манай оронд намуудад ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь Монгол Улсын хөгжилд чөдөр болж, иргэдийн оюун санааг боомилж байна.

-Намууд дотор байгаа гишүүд нь хэлмэгдлээ гэж өөр хоорондоо ярьдгаас биш ил гаргаж хэлж байгаа нь тун цөөхөн үү?

-Ер нь хэлмэгдэж, үзэл бодол нийлэхгүй байгаа гишүүд намаасаа гарч байгаа. Тухайлбал, Д.Арвин гэдэг гишүүн би АН-д ороод суучихлаа. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар гээд төрийн нүүр царай болсон чадалтай хүмүүс МАХН-ыг сонгоод МАН-аас явчихсан. Тэд нэгэнт үзэл бодол нь нийлэхээ байсан тэр намын удирдлагын үйл ажиллагааны эсрэг байр суурьтай болсон учраас намаас гарсан. Намаас гарахыг хүсээгүй байхад нь хөөж хэлмэгдүүлдэг, өөрсдөө хэлмэгдүүлчихээд намаас нь гарсан хүмүүсийг “урвагч” хэмээн цоллож, нийгмийн өмнө доромжилдог. Ц.Нямдорж гэхэд л чуулганы хуралдаан дээр “урвагчид” гээд л МАХН руу явсан бүх хүнийг нэрлэж байсан. Нам дотор нь байя гэхээр эрүүл саруул хүн байх нөхцөл орчин тэнд байхгүй. Ардчилсан нийгэмд хүний эрх нэгдүгээрт тавигддаг. Бид өмнөх хэлмэгдүүлэлтийн цаг үед амьдраагүй хүний эрх болоод сонголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Намаас гарчихаад байхад л ерөөсөө зүгээр байлгахгүй юм. Намайг Ардчилсан намд орчихсон чинь МАН-ынхан араас ирж АН дотор яс хаяад байна.

-Яс хаях аа…?

-Арвиныг дахиж дэвшүүлэхгүй байх талаар яс хаяж байгаа. Чуулганы танхимд сууж байхад “Арвин гишүүн чи МАН-д байхдаа АН-ыг шүүмжилдэг байсан. Одоо АН-д орчихоод МАН-ыг шүүмжилж байна” хэмээн дайрдаг. Намайг Ардчилсан намд байр суурьгүй болгох гэж МАН-ынхан хичээж байгаа. Би МАН-д байхдаа эдэн шиг хүүхэлдэй яваагүй юм. Миний хувьд МАН-д байхдаа бүх удирдлагаа л шүүмжилдэг байсан.

Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад нь тухайн үеийн намын гишүүд огцруулж байсан.Ц.Нямдорж Монгол Улсын хуулийг маш их засдаг байсан гэдгийг тухайн үеийн парламентын гишүүд, намын дарга нь мэддэг байсан.Сүүлдээ энэ хүний бүхий л ноцтой үйлдлүүд илэрч УИХ-ын даргаас нь огцруулж байсан. Одоо энэ хүн их шударга болж тоглоод олон хүмнийг доромжилж байна.Мөн тухайн үед МАН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдыг МАН-ын 13 гишүүн МАН-ын Их хурлыг хуралдуулж огцруулж байсан. Үүний үр дүнд тухайн сонгуулиар Их хуралд МАН олонхи болж бүрдсэн. Тухайн үеийн МАН-ын Их хурал нь М.Энхболдыг хариуцлагагүй Ерөнхий сайд гэж дүгнэж огцруулж байсан. Одоо энэ хүмүүс хариуцлагатай хүн болж дээ. Би Монгол Улсын хөгжлийн төлөө, Монгол Улсыг зөв сайхан яваасай гэдэг үүднээс аль ч намд байсан үгээ хэлэх болно.

-МАХН-ыг МАН болгож нэрээ өөрчлөхөөс эхлээд та эсэргүүцэж байсан бил үү?

-МАН гэдэг нэрийг авахуулахгүйн төлөө би удирдах зөвлөл дээр ганцаараа л ярьдаг байсан.Сүүлдээ намын дарга Сү.Батболд намайг дуудаад “Чи дуугүй л байгаад өг” гэсэн. Тиймээс намын нэр сольдог намын Их хуралд очоогүй. МАН гэдэг нэрийг аваад хэрэггүй байсан юм. Монголын ард түмний хувьсгалыг ганцхан МАН хийгээгүй. Богд хаант Монгол Улсын цэрэг, Засгийн газрын сайдууд, тэр үеийн сэхээтэн байсан лам нар хийсэн. Энэ нэрнээс болж энэ нам хуваагдсан.

-МАН үзэл бодол таараагүй тул өөр намыг сонгосон хүмүүсийнхээ араас чулуу шидэж байгаа нь ёс зүйн талаасаа тийм ч зөв үйлдэл биш санагдах юм. Та улстөрч гэхээсээ илүүтэй эмэгтэй хүн гэдэг талаас нь бодоод үзэхээр их л эмзэглэдэг болов уу гэж бодогдох юм?

-Би Монгол Улсын иргэн. Төрж, өссөн нутаг орондоо тайван амьдармаар байна. Үзэл бодлоороо би хэнд ч дийлдэхгүй, хэнд ч бууж өгөхгүй. Хэлье гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлнэ. Хэн ч намайг айлгаж, гутаан доромжилж чадахгүй. Миний үгэнд хэн ч цэг тавихгүй. Араас минь мөрдөж намайг дээрэлхэх ийм байдалтай би хэзээ ч эвлэрэхгүй.

Дахин чуулганы танхимд ч юм уу хаа нэг газар урвагч гэх мэтээр ярих юм бол МАН намайг яаж байсан талаар кино хийлгэнэ гэж бодож байгаа. Учир нь би энэ намаас урваагүй. “МАН-ын удирдлагын нөхдүүд надаас урвасан” гэж чуулганы хурал дээр хэлсэн.

-Яагаад тэгж хэлэх болов?

-Баянзүрх дүүргийн намын хороо, Удирдах зөвлөл дүүргийн намын хороон

дээр хурал хийгээд намайг дэмжихгүй гэдэг шийдвэр гарч байхад тэнд байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаасаа эхлээд хэн нь ч намайг өмөөрч дуугараагүй. Сүүлдээ аргаа бараад өөрийгөө өмөөрч дуугаръя гэтэл микрофон хаасан.

Гэхдээ ганц энэ үйлдлээс болсон юм биш. 2012 оны долдугаар сарын 10-ны өдөр Тусгаар тогтонолын ордонд намынхаа 10 гаруй гишүүнтэй уулзаад сууж байхад биднийг бүгдийг нь хөөж гаргасан. Анх удаа намынхаа байрнаас хөөгдөж гарчихаад “Энэ намын байрнаас хөөгдөж гарсан юм чинь дахиж орохгүй юм байна даа” гэж хэлээд явсан. Тухайн үед хамгаалалтын албаны ард намын удирдлагууд л байсан.

Мөн манай гэрт ирж надтай уулзсан, юм асуух гэж ирсэн хүмүүсийн зургийг нь авч баримтжуулж албан байгууллага дээр нь очоод энэ хүмүүсийг надтай уулзуулахгүй байхыг байгууллагын дарга нарт нь үүрэг болгож байсан. Дүүргийн МАН-ын хороодын дарга нар нь миний эсрэг зарим нь “Арвин гишүүнтэй уулзсан хүмүүсийг шоронд хийнэ” гэж айлган сүрдүүлдэг байсан.

Мөн дүүргийн намын хороон дарга нь намын идэвхтэн сонгуультны өмнө Арвин гишүүнийг тэтгэвэрт гаргана гэж ярьж байсан. Би энэ намд гурван удаагийн сонгуулийн суудлыг авч өгч байсан, энэ намын хүнд үеүдэд би хөрөнгө мөнгө, сэтгэл хүчээ зориулж байсан. Би МАН-ын удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүн байсан хүн шүү дээ. Аргаа барж ганцаардах, тэвчээр алдах үеүд байсан. Би УИХ-д МАН-тай тэмцэлдэж гарч ирсэн.Энэ бүх хүнд үеийг надтай хамт туулж ирсэн нөхдүүд маань байгаа.

-Таны хувьд дөрвөн удаа Их хуралд сонгогдсон. Тань шиг олон сонгогдсон гишүүд тийм ч их биш. Энэ бүхнээ бодоод үзсэн ч улс төрийн ёс зүй гээч зүйл алга болчихоо юу гэж бодогдлоо?

-Боловсролын тухай хуулийг хэлэлцэн оюутнуудын стипентийн асуудлыг ярихад “Оюутнуудыг стипенттэй болгоё. Харин бүх сургуульд сургалтын төлбөрөө багасга” гэдэг шаардлагыг тавьсан. Нэг хурал дээр мөн зарчмын зүйл ярьсны төлөө “Чамайг шоронд хийх ёстой байсан юм.

Харин чи гишүүн болоод гараад ирчихлээ. Чи урвагч” гээд МАН-ын гишүүд занаад доромжлоод эхэлдэг. Зарчмын зүйл ярихаар л өөдөөс ингэж авирладаг.

-УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд хуульчилсан юм билээ. Гэсэн хэдий ч хүн чанар, жудаг талаасаа хэтрээд байгаа зүйлс харагдах юм. Ер нь тань руу дайрч давшлаад байгаа хүмүүстэй уулзаж үзэв үү. Яагаад тэгж дайрдаг юм бол?

-УИХ дээр үзэл бодлоосоо болж муудалцах зүйл гардаг. Муудалцсан ч гэсэн гараад л мартчихдаг. Гэхдээ бид хувь хүний гэр бүл, үр хүүхэд гээд эмзэг зүйл рүү нь орж болохгүй. Өөрийнхөө үзэл бодлоор өөр намыг сонгочихсоны төлөө доромжилж болохгүй. Хүний гэр бүл, дотоод амьдрал уруу орж хүний эмзэг зүйл рүү орж ярьдаг хүмүүс улстөрчид биш ээ.

Зүгээр л самуун цагийн зарим нэг Их хурлын гишүүд байна. Тийм хүмүүстэй тоож харьцахгүй. Улстөрчид үзэл бодлоосоо болж муудалцлаа гэхэд ёс зүйн нандин зүйл дээрээ хүн чанартай байх ёстой. Дахин над руу ингэж давшлах юм бол би илүү хариу өгөх болно. Энэ намаас ганцхан би гараагүй. Чадвартай, чадалтай эх оронч хүмүүс нь гараад явчихсан.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Батдорж: Монополь импортлогчдод хамаг лангуугаа өгөөд, үйлдвэрлэгчдээ цөөхөн лангуун дээр зодолдуулаад байж болохгүй

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батдоржтой ярилцлаа.

-Танай холбоо байгуулагдсанаасаа хойш баялаг бүтээгчид рүү чиглэсэн яг ямар бодитой ажил хийсэн бэ?

-Манай холбоо өнгөрсөн оны зургадугаар сард байгуулагдсанаасаа хойш баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллаж байна. Гишүүдийн маань тоо 30 мянга давчихсан. Холбооны хувьд иргэдэд үндэсний бүтээгдэхүүнээ дэмжсэн сэтгэлгээг суулгах зорилготой. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг төр засгаас бодлого шийдвэрээр дэмжиж ажиллана гэдэг. Энэ амлалт, уриаг ажил болгоход анхаарлаа хандуулаад эхэлчихсэн. Он солигдох мөчид Засгийн газар нэг тогтоол гаргасан. Сум хөгжүүлэх санд орон нутгийн долоон гишүүн бий. Түүнд нь засаг захиргаанаас гадна иргэдийн төлөөлөл гэж гурван хүн байдаг юм билээ. Тухайн орон нутгийн захиргаанд голлох нөлөөтэй улс төрийн намын бодлогоор л асуудал шийдэгдээд явдаг байсан бол Засгийн газрын тогтоол гарснаар байдал эрс өөрчлөгдсөн. Баялаг бүтээгчдийг сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхэд квотоор оруулж өгөхөөр болсон. Энэ бол маш том бодлого. Баялаг бүтээгчид сум хөгжүүлэх санд орчихоор жинхэнэ юм хийдэг хүмүүс нь төрийн бодлогоор дэмжиж байгаа хүү багатай зээлд хамрагдах боломжтой болсон гэсэн үг. Хяналтын зөвлөлд нь ч баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан. Тухайн жилд төсөвлөсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгаад баялаг бүтээгчид хяналт тавьдаг болсон нь олзуурхмаар тал. Баялаг бүтээгчдээ ингэж бодитоор дэмжээд явбал импортын барааны урсгал аажимдаа багасна.

-“Мишээл экспо”-той холбоотой гомдол танд байгаа гэл үү?

-Би “Элгэн сэтгэл” гэдэг компанийн захирал, “Коко десерт” хүнсний үйлдвэрийн гадаад худалдааа, харилцааг нь хариуцдаг хүн. “Мишээл экспо”-д болж байгаа цагаан сарын үзэсгэлэнд оролцож байгаа юм. Метр квадрат нь 50-55 мянган төгрөг байгаа нь өндөр үнэ. “Мишээл экспо”-гийн хувьд төр засаг, бизнес эрхлэгчдийн дэмжлэгээр хэрэглэгч олонтой болсон. Тэгээд эцэст нь талбайнхаа үнийг өндрөөр тогтоож, талбай түрээслэхээр гэрээ хийсэн хүмүүстээ шударга бусаар хандаж байна.

-Үзэсгэлэн худалдаанд орж байгаа компаниудын хувьд бүтээгдэхүүнээ зараад ашиг олж байгаа. “Мишээл экспо” ч хөрөнгө зарж барьсан барилгынхаа талбайг дажгүй үнээр түрээслэх нь зүйн хэрэг биш үү?

-Шууд түрээс үйлчилгээний хөлс ярилаа гэж ойлгож болохгүй л дээ. Цаана нь бодлогын шинжтэй зүйл бий учраас яриад байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуйн яам өнгөрсөн жил “Монголд үйлдвэрлэв, миний хэрэглээ” гэсэн цагаан сарын үзэсгэлэн яармагийг “Мишээл экспо” дээр зохион байгуулсан юм. Тэр арга хэмжээний түрээсийн мөнгийг “Мишээл экспо”-д төрөөс зуун хувь өгсөн. “Мишээл экспо” төрөөс мөнгө авчихаад буцаагаад том компанид давхар түрээсэлсэн баримт, нотолгоо нь надад байгаа. Төрөөс ийм дэм авчихаад том компаниудад зай талбайгаа харамгүй өгдөг хэрнээ яг баялаг бүтээж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ойшоохгүй тал анзаарагддаг. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гээч л болоод байна. Ямар байхад нь хэн дэмжлэг үзүүлж, үйлчлүүлэгч олонтой болголоо гэдгийг бодолцох учиртай. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ онд гадаад, дотоодод зохиогдох үзэсгэлэн яармаг худалдаанд оролцох, зохион байгуулах ажлын хэсэг гэж байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч нь би. Тийм учраас энэ сэдвийг хөндөхөөс өөр арга байсангүй. Миний хувьд ажлынхаа үүргийн дагуу “Хүннү молл”, “Дүнжингарав” гэх мэт худалдааны төвүүдэд нийтдээ 67 павильон ажиллуулж байна. Гэтэл “Мишээл экспо” дээр өнөөдөр (өчигдөр) том маргаан гарлаа. “Мишээл экспо” дээр “Коко десерт” компани гэхэд л лангуугаа аваад түрээсээ төлчихсөн. Өглөө яваад очтол компанийн хаягийг хуулаад хаячихсан, хойд хөршөөс “Алейка” гурилыг импортоор оруулж ирдэг компанид өгчихсөн байх жишээтэй. Өөр компанитай давхар гэрээ байгуулсан гэсэн үг. Мэдээж лангуу түрээслэх өчнөөн хүсэлт ирэх нь тодорхой. Уг нь үзэсгэлэнд байнга оролцсоор ирсэн компаниуд давуу эрхтэй гэсэн зарлал “Мишээл экспо”-гийн хаалганы гадна байна лээ. Тэр дагуу нь “Коко десерт” талбай түрээсэлсэн хэрэг л дээ. Азаар өөр нэг компани лангуугаа ашиглахааргүй болж асуудал эерэгээр шийдэгдсэн. Гэхдээ нэгэнт гэрээгээ хийчихсэн үндэсний үйлдвэрлэгчтэйгээ ингэж харилцана гэдэг таагүй хандлага. Ганц “Коко десерт” ч биш хэд хэдэн компани дээр ийм асуудал гарсан.

-Монголд үйлдвэрлэсэн зарим бүтээгдэхүүний чанар ярих юмгүй сайн. Гэхдээ ааруул нь чихэр орлуулагч, гурилтай, эсгий углааш, оймс төдийгөөс хэтрэхгүй байна гээд сул тал ч ихтэй. Энэ тал дээр танай холбооноос анхаарч ажиллаж байгаа юу?

-Ийм шүүмжлэл байгааг үгүйсгэхгүй. Манай холбооноос “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг чанартай болгох тал дээр анхаараад эхэлсэн. Наад захын жишээ гэхэд л ETV телевизээр тусгай нэвтрүүлгүүд бэлтгэн цацаж байгаа. Үйлдвэрлэл явуулдаг хүмүүсийн ажлыг газар дээрээс нь сурвалжилж байна.

-Сурталчлах бол нэг хэрэг. Чанарыг нь сайжруулахын тулд яг ямар ажил хийж байна?

-Өрсөлдөөн ихэсч байж чанар сайжирна. Ааруулыг гурилтай, чихэр оруулагчтай хийж байгаа жишээ бий. Арваад жилийн өмнө бол ааруул дан гурил байсан. Харин одоо бол ихэнх ааруул гурилгүй болсон. Учир нь ааруул хийдэг хүмүүс олширсон. Өрсөлдөгчид нь олшроод ирэхээр хэн ч гэсэн зах зээлээ алдахгүйг бодоод бүтээгдэхүүнээ чанаржуулна. Манай холбооны хувьд өрсөлдөөнийг ихэсгэх, шинээр бизнес эрхлэх сонирхолтой, чанартай төсөлтэй хүмүүсийг дэмжих бодлого барьж байна. Бодлого хэрэгжээд эхлэхээр бүтээгдэхүүний чанар, нэр төрлийн хувьд аажимдаа сайжраад ирнэ. Төр, холбоодын зүгээс бодитой ажлууд хийгээд тодорхой хугацаа өнгөрөхөд шийдэгдэх асуудал. Жишээ нь томоохон худалдааны төвүүдэд ирэх жил болох үзэсгэлэн худалдааг манай холбооны зүгээс бүтэн жилээр нь авах төлөвлөгөөтай ажиллаж байна. Тэгж байж сонголт, өрсөлдөөн гэдэг юм гарч ирнэ. Хулхи, чанаргүй бараа бүтээгдэхүүн хийдэг нь аяндаа шахагдана. Холбооны зүгээс ч гэсэн үзэсгэлэн худалдааныхаа нэр хүндийг унагахгүйн тулд оролцож байгаа компаниудынхаа бүтээгдэхүүнд тавих хяналт босгоо өндөрсгөх нь ойлгомжтой. Ер нь хүнсний салбарын хувьд харьцангуй сайн хөгжсөн. Нарийн боовны нэг жижиг компани гэхэд л 47 төрлийн бүтээгдэхүүн хийж байна шүү дээ. Санхүүжилт талаас нь бага хүүтэй зээлээр төрөөс дэмжээд өгвөл экспорт хийх боломж ч байна.

-Гурилаар бүтээгдэхүүн хийдэг компаниуд экспортод бүтээгдэхүүн гаргана гэхээр нарийн боов, жигнэмэг лав биш байх. Монголын гэсэн онцлогтой, брэнд болчихоор шинэ бүтээгдэхүүн гаргах боломжтой гэсэн үг үү?

-Боломж бий. Жишээ нь арвайн гурил байна. Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг байсан юм билээ. Нацагдорж хамба гэхэд л уламжлалт анагаахын эмч нартай хамтарч ажиллаад бүтээгдэхүүн гаргаж ирэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Арвайн гурилаар бүтээгдэхүүн хийж экспортлох санаа нь бол гарсан, судалгаа нь үргэлжилж байгаа. Брэнд гэж яригдахаар бүтээгдэхүүн байж чадна. Гэтэл арвайн гурилыг өнөөдөр бор еэвэнд л хэрэглэж байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн өмнө тулгараад байгаа хамгийн хэцүү асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Бизнес эрхлэгчид зээлээр амьдардаг. Зээлийн хүү хорин хувь аль хэдийнэ давчихсан. Юм хийж бүтээхээр зориглосон хүмүүсийг сөхрөөж байгаа гол зовлон энэ. Хөнгөлөлттэй зээл гэж алга.

-Жижиг дунд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олдох боломж харин ч өндөр биш үү?

-Харин ч хэцүү гэдгийг “Коко десерт”-ээр жишээлье. Хоёр жил дараалан материалаа өгсөн. Хоёр жил дараалан хасагдаад байна.

-Ямар шалтгаанаар…?

-Хамгийн доод талдаа тавин сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, тавин хүнийг ажлын байраар хангасан, өр зээлгүй, ажлын байр нь заавал өөрийн байх, экспортод бүтээгдэхүүн гаргадаг гэх мэт шалгууртай. Ихэнх компанийн хувьд өр, зээлтэй байдгаас эхлээд бүдрэх босго олон л доо. Гэхдээ “Коко десерт”-ын хувьд бүх шаардлагыг нь хангачихаж байгаа юм. Танайх түрээсийн байранд байгаа юм байна гэсэн шалтаг хэлээд хасах жишээний. Гэтэл манай компани шинэ байр бариулж байгаа. Хөнгөлөлттэй зээл ийм үл ялиг шалтгаануудаас болж үйлдвэрлэгчдэд хүрдэггүй зовлон бий.

-Танай холбооны гишүүдийн гол зовлон зээлийн өндөр хүү юү?

-Тийм ээ, гол асуудал нь өндөр хүүтэй зээл болоод байна. Үйлдвэрлэгчдийн хэн нь ч засгаас зүгээр мөнгө авъя гэж ярьдаггүй. Хөнгөлөлттэй зээлээр дэмжээд өгөөч л гэж хүсдэг. Зээлийн баталгаан дээр бас дэмжлэг хүсдэг. Танил талтай, хөрөнгө мөнгөтэй нь дажгүй нөхцөлтэй зээл аваад явчихдаг. Танил талгүй нь хэцүүхэн дээ. Өрхийнхөө хүрээнд л эргэлдээд байна. Энэ хэсгийг дэмжихийн тулд холбооныхоо дэргэд бизнес эрхлэгчдийг дэмжих сан байгуулахаар ажиллаж байгаа. Үзэсгэлэн худалдаануудыг сайн зохион байгуулбал энэ сангийн санхүүжилтийн том эх үүсвэр болох юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ “Мишээл экспо” гэх мэт хувийн хэвшлийнхэн ч дэмжих ёстой. Цөөн хэдэн томоохон монополь импортлогчид хамаг лангуугаа өгөөд, бусдыг нь цөөхөн лангуун дээр зодолдуулаад байж болохгүй л дээ. Хэнд ч мөнгө хэрэгтэй. Гэхдээ улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө хийж бүтээж байгаа бизнесүүдээ дэмжих л учиртай. Боловсролын яам гэхэд л “Коко десерт”-эд “Танайх туршлагатай газар. Бид Үдийн цай хөтөлбөрөө Үдийн хоол болголоо. Сонгон шалгаруулалтад оролцоорой” гэсэн урилга ирүүлэх жишээний. Иймэрхүү хандлагын дэмжлэг л үндэсний үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байна.