Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аавынхаа тухай бодох сайхан

Аймгийнхаа 80 жилээр би аавынхаа тамхины үнэр шингэсэн саарал бүрхийг дамбийтал тавиад, оодон улаан тэрлэгийг нь өмсөж, сэмэрсэн улаан дурданг нь бүсэлж очсон юм. Аав сэрүүн тунгалаг байсан бол “Яаж байгаа хүүхэд вэ, нэрээ бодоход яанав” гэх байсан. Аавыгаа аваачиж байгаа нь тэр л гэж дотроо сүсэглэсэн юм. “Пүрэвийн бага хүү муухан явна даа” гэж зарим нь дээл хувцсыг минь хараад ярьсан л биз. Яахав дээ, тэгж явсан нь наддаа үнэ цэнтэй, утга учиртай байсан юм. Тогос шиг гоёсон наадамчин олон хөлх өлдөөд, дунд нь аавынхаа дээлээр гоёчихсон амьтан тэнд ч очиж морь үзээд, энд ч ирж бөх хараад, хуушуурдаад л … аавынхаа дээлийн энгэр рүү тос гоожуулчихлаа гэж харамсаад… сайхаан, сайхан наадсан. Миний аав юм л бол тэр улаан тэрлэгээрээ гоёдог байсан юм. Нутгийнхаа ойд очиж буй би эхлээд бага хүргэн ахындаа очилгүй дээ. Хаалгыг нь татлаа, босгыг нь давлаа. Бага эгч минь шууд л “Хүүш аавын малгай” гэж үгийн солиог үй миний малгай руу дайрлаа, шүүрч авсан даруйдаа малгайны дотрыг үнэрлэн уйллаа. Аавын үнэр гэхээс өөр үггүй. Тэгснээ “Хонгороо, миний хүү нааш ир өвөөгийн чинь үнэр ханхалж байна” гээд л уйлах. Дөчин нас гарсан охин нь аавыгаа ингэтлээ санадаг юм байна. Хүн ер нь аавыгаа насан туршаа санаж бэтгэрч явдаг юм байна гэж тэр үед бодогдсон шүү. Аав намайг таягддаг байсан юм. Гэр дотроо тулга тойруулж элдээд, гарч зугтаасан намайг араас хөөж гэр тойруулж таягдаад. “Амьтан ах дүүсээс санаа зовооч ээ, та. Эхнэр хүүхэдтэй том болсон хүүгээ түмний өмнө зодоод. Таныг буруу зөнөчихөж гэж муу хэлнэ ш дээ” гэхчлэн би тойрч зугтангаа үглэж яваа. Аав нээрэн ч ойлгож байгаа бололтой номхроод явчих шиг санагдав. Тэрүүхэн тэндээ мухагнаад, гэмших шиг болохоор нь дэргэд нь хүрч очоод “Та одоо нас намбаа бодож баймаар юм…” гэтэл нуруун дундуур тас буугаад явчихав. Би зугтахаар муу хазгар аав минь яаж гүйцэхэв дээ. Тэгээд сэтгэсэн нь тэр. Үгийг нь сонсож үнэхээр гэмшсэн царайлж өөртөө ойртуулж байгаад авч байхгүй юу. Би төрхгүйтсэн, аав шанг нь хүртээсэн түүх юм л даа. Сайхан түүх, аавдаа таягдуулж явсан үе сайхан байжээ. Эр хүний эцэг төрөөсөө хүртэж буй шан.

Миний аавыг Түдэвгончигийн Пүрэв гэдэг байсан юм. Өвөрхангай аймгийн Богд сумын хүн дээ. Айлын ганц хүү. Бага балчраасаа ном эрдмийн мөр л хөөсөн хүн. 19-хөн настайдаа Богд сумын даргаар ажилласан хүн дээ. Сумын түүхэнд дурайтал бичээстэй байдаг болохоор нь би хэлж байна. Тэрнээс өнөөдрийн хүмүүс үнэмшихгүй байж магад. Ажигмөнх гэж төв халхад эрдэмтэйд тооцогдох нэгэн бээр байсны гал шавь нь миний аав. Ажигмөнх гэж хүнийг яагаад төв халхын томд тооцов гэвэл Онхуудай Жамьян гуай анхны Судар бичгийн хүрээлэнг байгуулж ном судар эмхэлж цэгцлэх эрдэмт хүмүүсийг цуглуулахад манай нутгийн тэр буурай уригдан заларч хуучны бичиг судраас өгсүүлээд ихийг эмхэлж өгсөн түүх байна. Бүр цагаан дээр хараар байна. Ийм хүний галын шавь гэхээр миний аав хуучин монголоос эхлээд гаргуун байлгүй яахав. Манай нутгийнхан ч гэрчилнэ. Бичиг номд эрт цагааширсан аавыг 19 настайд нь сумын даргаар тавьжээ. Аав нялх дарга явсан үеийнхээ сонин хачнаас хааяа ярина (ер нь үгэндээ харам хүн байсан юм). Ноосны төлөвлөгөө гэж тэр үед нэг их юм болдог байж. Хумбан гэдэг жолоочтой гэж байгаа. Зис5 гэдэг машин нь юм болов уу даа, ноос ачаад хөдөлсөн шуурга нүдээд явуулдаггүй гэнэ. Хумбан, аав хоёр машиндаа унтжээ, нэг мэдсэн пид хийгээд явчихаж. Сэрсэн машин нь хажуугаараа уначихсан байсан гэсэн. Салхинд алгадуулаад ойчихгүй юу. “Та хоёр тэгээд машинаа яаж босгов” гэхээр “Хүн үнэмшихг үй дээ, ноосныхоо олсыг тас тас огтлоод хаятал пид хийгээд буцаад босчихсон шүү дээ” гэж ирээд хуучилдагсан.

Аав Гучин-Ус сумын бага сургуулийн төгсөгч. Аавын ангийнхаас одоо алдарт эмч, Хөдөлмөрийн баатар Нямхүү, Ерөнхийлөгч нарын эмч явсан Гайтав нарын цөөн хүн үлдсэн байх юм. Аавын аав буюу миний өвөө бол лам байгаад хэлмэгдлийн үеэр шар шувталсан хар хүн. Нутгийнхан “Данхар унзад” гэж дууддаг байсан юм. Өвөөгийн ганц хоёр найзууд гэвэл өнөө цагийн бөхийн томчууд Ч.Насантогтох, Ч.Дамдиншарав нарын аав С.Чимэдбазар амбагайтан. Аав энэ хоёр бөхийг нусхайнууд байхад нь нэг бус удаа тэмээнд дүүрээд сургуульд нь хүргэж өгч байсан гэдэг. Томчууд одоо санадаг эсэхийг мэдэхгүй. Инээдтэй түүхээ л аав ярина. Бага сургуулиа дүүргэжээ. Аймгийн сургуульд суралцахаар хэдэн хүүхэд шуудангийн машинд ачигдан хөдөлж. Замд нь албаны бололтой машинтай хүмүүс таарсан байгаа юм. Тэд хүүхдүүдийг найрч гарчээ. “Сэлэнгийн Алтанбулаг гэдэг гоё газар малын эмчийн мундаг сургууль нээгдсэн. Очиж суралцвал том болоод та нар хар машин унадаг лут хүмүүс болно” энэ тэр гээд. Тэр найраанд нь аав тэргүүтэй хэдэн нөхөр ороод ард нь суугаад Алтанбулаг руу ганийчихсан байгаа юм даа. Араас нь өвөө эмээ хоёр жил хагасын дараа малын туувар хийж ганц хүүгээ олж очсон байдаг юм. Аавыг Алтанбулагт сурахаар очтол ээж тэнд сурахаар бас оччихсон байж. Ингээд л амьдрал зохиосон хоёр нялх “юм”-наас анхны охин төрсөн нь бидний том эгч П.Энхтуяа гэж эмэгтэй энүүхэн 10 дугаар хороололд атаманаа хийгээд амьдарч байна.

Аав ээж хоёр тэр үеийн дурлалын түүхээ бичсэн үнэн гоё үг яриатай, за бараг роман болох шахуу нэгэн жижиг хар дэвтэр бидэнд байна. Бичих ч гэж мөн зурайлгадаг байжээ… За энэ яахав, аав цааш яасан гэхээр юм юм болсон. Бугын Дэжид гэж Улс төрийн товчооны гишүүн байсан биз дээ. За түүний чинь төө зайгүй төрсөн дүү Бугын Насанжаргал гээчтэй үерхэж нөхөрл өдөг болжээ. Аав бол хичээлдээ мэдээж ок. Нэг удаа тэр хоёр үймүүлж яваад Насаа нь хөлөө хугалчихаж. Өнөөхөө аав үүрээд гүйцэгдэлг үй зугтаажээ… гэхчлэн Алтанбулагийн түүх нь үргэлжилдэг юм. Өнөөх Б.Насанжаргал нь сүүлд аавыг намын шийтгэл гээч айхавтар юм аваад Богд сумандаа нутаг заагдаад сууж байхад нь аймгийн даргаар очжээ. Аав нэг ч удаа уулзаагүй гэдэг. Аав намын шийтгэлээсээ өмнө овоо явсан юм билээ. Малын эмчээр аймагтаа очиж ажилдаа дөр сууж байтал нь Баруунбаян-Улаан сум нэгдлийн даргаар тавьчихаж. Түүндээ овоо дадаж байтал Намын дээд сургууль гэдэг рүү нь явуулж. Тэр цагаас хойш аав Москва, Киев, АлмаАта… гээд ёстой нэг манаргах шиг болж, нүд тайлах шиг болсон нь өнөөдөр үлдсэн диплом, бичиг баримтуудаас нь тод харагдах юм даа. Ингэж их явсных үнэндээ аав шиг минь орос хэлтэй хүн ховор байсан санагддаг. Сурч боловсорч дуусахад нь Намын төв хорооноос өгсөн анхны томилолт нь Хөвсгөл аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга юм билээ. Аав ухаан алдчихсан гэдэг. Нутаг руугаа явахын бөөн хүслэн. Ингэтэл бүр сонин томилолт тууж иржээ. Радио телевизийн улсын хороонд нэвтрүүлэгчээр оч гэж. Ухаандаа өнөөдрийн Монголын радиогийн нэвтрүүлэгч. Өнөөдрийн хүмүүс “Өө нэг нэвтрүүлэгч…” гэж магадгүй. Аа бүр даргаар явна гэж ярих байх. Гэвч тухайн үедээ радиогийн нэвтрүүлэгч гэдэг бол том нэр төр, үүрэг хариуцлага байсан юм билээ. Төв хорооны тийм үүрэг даалгаварт үгүй гэх эрх байдаггүй байж. Тэгэх л юм бол бүх ажил амьдрал дуусна. Радиодоо очих бэлтгэлээ базаагаад байж байтал гэнэт Төв хорооны шийдвэр өөрчлөгдөн Намын төв хорооны ямар юмны хэлтсийг ч билээ төлөөлөн урлаг соёлын баахан алдартан дуучдыг дагуулан 18 аймгаар ард түмнийг соён гэгээрүүлэх багийг ахлан явах ажлыг хариуцуулж, гүйцэтгүүлсэн гэдэг. Тэгж явахдаа уртын дуучин, гавьяат жүжигчин Долгоржав гуайн хоолойг гайхан биширснээ ярьдагсан. Энэ мэтээр миний аавын намтар цадиг дуусашг үй. Тэр үед нэгдэлжих хөдөлгөөний хоёр дахь үе эхэлж хотын сэхээтнүүдийн дунд нэгдлийн даргаар явах илгээлт моод болсноор аав нэг л өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум нэгдлийн даргаар очсон байдаг юм. Энэ нэгдэлд миний аав ажилласан шиг ажилласан. Энэ нэгдлийг удирдаж байхдаа намын 16 их хурлын индэр дээрээс аймгаа төлөөлөн ганцаараа илтгэл тавьсан нь өнөөдрийн би мэт ач холбогдлыг нь мэдэхгүй байгаагаас тэр үедээ гайхамшиг, ховор аз тохиол байсан юм биш үү. Дараа нь аав Вьетнамын дайнд монголчуудын бэлэглэсэн мянган үхрийг вагоноор хүргэх Монголын комиссын орлогч даргаар явсан. Бас зүгээр явж чадахгүй Бээжингээр дамжих үедээ олгой ургаж Мао Зэдунд үйлчилдэг том эмнэлэгт нь хагалгаанд орсон байдаг юм. Монгол-Хятадын харилцаа сайн байсан үе юм байлгүй дээ. Тэгээд сүүлдээ Материал техник хангамжийн удирдах газрын хэлтсийн дарга гэгч болж дампуурсан байдаг юм. Энд аавынхаа дарга л хийгээд явсныг ярих гэсэн юм биш. Мөн ч ихийг үзэж туулсан хүн дээ гэдгийг л илэрхийлэх гэсэн хэрэг.

За харин энэхүү Материал техник хангамжид байхдаа түрүүн хэлсэн намын шийтгэл гээч айхавтар юмаа хүртэж сум руугаа уруудан шунгинасан хүн дээ. Тэнд ч ёстой гандаж гундаж гүйцсэн дээ. Аавтай маань зэрэгцээд шахуу Чойсүрэн гэж хөгжмийн багш бас нутаг заалган ганцаараа очлоо. Аавын хар багын найз. Тэр хоёр ууна, оросоор ярина, оросоор дуулна, борцтой шөл хийж идэцгээнэ. Би тэр Чойсүрэн багшийг морь болгон унаж мөн ч олон тоглосон доо. Тэгсэн базарваань хумпад өнөөдөр мэдэх нь ээ тэрх үү Чойсүрэн гэдэг чинь хойно хөгжмийн сургууль төгссөн Монголын том хөгжмийн зохиолч байж. Ямар олон гоё дуу зохиосон байдаг юм бэ. “Аяны шувуу”, “Алтан тэрэлж цэцэг”… гээд өнөө ч дуулагдаж байна. Нэг өвөл багш нарын баярын цайллаган дээр Чойсүрэн багш нэгмөсөн ойчсон юм. Аав “Чойсүрэнгээ би энд биш их газарт нь, ядаж аймагт олны хүндлэл дор оршуулна” гэж хэлсэн гэдэг юм. Ингээд нэгдлээс унаа гаргуулж аваад Чойгийнхоо шарилыг ачаад аймаг руу аваад явчихсан даа. 200 гаруй км газар өвлөөр. Эргэж ирэхдээ аав “Эцсийн замд нь сайхан үдлээ, олон хүн ирлээ, хотоос Бадраа эд нар иржээ” гэхчлэн ярьж байсан нь өнөө их соён гэгээрүүлэгч Ж.Бадраа юм билээ. Миний аав ийм л сэтгэлтэй хүн байсан.

Ээж минь 48 насан дээрээ хүнд өвчин туслаа. Аав хот руу аваад л явна. Цацраг туяаны билүү нэг эмнэлэгт л эмчлүүлдэг. Эргээд ирнэ. Ирсэн хойноо “Муу Цэнд маань их тус боллоо” гэж ярих. Бас өөр сонин хачинтай ирдэг байсан шиг байна лээ. Жанжигаа гэж Халх голын дайчин өвгөн ах маань байлаа. Түүнд их итгэж нарийн ширийнээ аав минь ярина. Нэг удаа ээжийг хот авч явж ирснийхээ дараахан шөнө орой Жанжигаагийнд тэр хоёр буу халахад нь би хажууд нь унтсан дүр эсгэн үг чагнаж билээ. Зууханд хөрзөн түлчихсэн халуу дүүгээд л, хоёулаа данх ёроолдох маягтай ярьж байсан санагдана. Аав “Бал даргыг өнөө Филатова чинь цус нөжийг нь гартал зодсон байсан гэнэ шүү…” гэж. Хот явахдаа аав найз нөхдийнхөө хүрээнээс энэ хэрийн мэдээллийг авдаг л байсан шиг байна лээ. Ээж минь хоног хоногоор доройтсоор аав минь 49 насан дээрээ ханиасаа хагацлаа.Улаан цурав хэдэн хүүхэдтэйгээ үлдлээ, миний аав. Миний дээд талын ах дөрөвд үгээр анги, түүний дээд талын эгч зургадугаар анги гээд дээш явна. Би гэж бээлийн чинээ амьтан ааваас ээжийгээ нэхэж уйлаад л… тэр үеийн тэнгэр баргар өдрүү- дийг тод санадаг юмаа. Ийм амьдрал дунд үлдсэн эр дунд насны хүнд юу бодогддог байсан бол. Үүнд ганцхан миний аав л хариулж чадна. Зүтгэсэн дээ, миний аав. Бидэнд хойд урд эхийн бараа харуулаагүй. Долоон өнчин хүүхдээ хэний ч дор оруулалг үй хүний зэрэгт хүргэсэн юм. Дээлийнхээ ханцуйд уйлж, дотогшоо өмөрч байж энэ л гайхамшигт амьдралыг бидэнд үлдээсэн, миний аав. Тандаа гүн хүндэтгэлтэй мэхийж байна, аав аа. Сар шинийн босгон дээр аавыгаа ийн дурслаа.

Шинийн нэгний өглөө хүмүүс аав ээждээ очиж золгоод сайхан харагддаг юм. Цагаахан атаархах юмаа, би. Надад очих эжий аав алга л даа. Гэхдээ сэтгэлийн энэ л гунигаа тайлж үүнийг бичив. Дандаа эжий аавтайгаа хамт сар шинийн өглөөг угтаарай, хүмүүс ээ. Чин сэтгэлээсээ та бүхэндээ хүсэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сарын барилдааны жил жилийн түүхээс

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэгэн мянга есөн зуун жаран гурван оноос эхэлсэн түүхтэй. Нэгдэлч малчдын баярт зориулсан гэх тодотголтой анхны барилдаанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол Улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар Жигжидийн Мөнхбат хорин хоёр насандаа зургаа давж түрүүлсэн байдаг.

Мөөеө аварга тухайн үед улсын заан цолтой байв. Ёстой л нөгөө ааг омог нь багтаж ядан байсан нь мэдээж. Аварга тэр жилийнхээ наадамд Лувсанчимэдийн Сосорбарам, Уламбаярын Мижиддорж нарын хүчит арслангуудыг заан цолтой ид жагсаж байхад нь найм, есийн даваанд дараалуулан орхиж түрүүлсэн юм. Анх түрүүлсэн наадмынхаа тухай “Хаях би яараагүй байхад” номондоо тодорхой өгүүлсэн байдаг. Сосорбарам арслангаас хэрхэн айж хоёр өвдөг нь дагжин чичирч байсныг, Мижиддорж арслан баруун хөлөө өгөхөд зүүн хөлийг нь авч хаяснаа хуучилсан удаатай. Мөөеө аварга ийнхүү сар шинийн баярт анх түрүүлэхдээ улсын наадамд давхар түрүүлсэн нь уг барилдааны өнгийг тодорхойлсон хэрэг. Дараа жил нь уламжлалт хоёр баярт мөн л торолгүй түрүүлснээр өнгө тодорхойлсон барилдаанаа улам тодотгосон түүхтэй. Бөхчүүд болоод бөхөө дээдэлдэг ард түмний дунд цагаан сарын барилдаан тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гэх бичигдээгүй хууль бий. Энэ нь Мөөеө аваргатай холбоотой буюу. Мань хүний гаргасан амжилтыг дараа дараагийн наадмуудад олон хүчтэнүүд давтсан учир сар шинийн барилдааныг бөх сонирхогч олон төрийн наадмаас дутахааргүй шимтэн үздэг болсон билээ. Харин ерээд оноос хоёр мянган оны эхэн үе хүртэлх Б.Бат-Эрдэнэ аваргын хаанчлалын үед уг барилдаанд үнэндээ уйтгартай болж эхэлсэн. Гал маналзсан сайхан барилдаанууд гарахаа байж жилийн жилд л ёс адил нэг хүн түрүүлж ард түмнийг залхаадаг байлаа.

Тэрхүү “бул хар чулуу”-г булга татан ерэн есөн оны цагаан сарын барилдаанд Агваансамдангийн Сүхбат аварга манлайлж арваннэгэн жил завсаргүй босоо байсан амжилтыг нь зогсоосныг манайхан мэдэж байгаа. Тэгж л монгол бөх нэгэн хэвийн уйтгарт байдлаасаа гарч зургаан залуу зааны үед шилжсэн шүү дээ. Бас болоогүй ээ, Баагий аварга маань хоёр мянга тав билүү зургаан оны сар шинийн баярт Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар нарын идэр аваргуудыг хүчээр буулган түрүүлж ард түмний дургүйцлийг дээд цэгт нь хүргэж байсан гунигт түүх бий. 13 дахиа түрүүлсэн нь тэр байх шүү. Хорьдугаар зууны манлай аваргадаа ард түмэн тэгэхэд үнэн голоосоо гомдож Бөхийн өргөөнд ундааны лаазаар булж байсныг санаж байна. Гол нь Их хурлын танхимаас ирээд идэрхэн аваргуудыг илт буулгуулсан нь олны зэвүүг хүргэсэн хэрэг л дээ. Үүнийг өгүүлсний учир цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга одоогоор хамгийн олон түрүүлээд буй гэдгийг нь тодотгож байгаа ухаантай. Ингээд жаран гурван оны наадам руугаа эргэн оръё. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн алдарт гурван аваргын нэг болох уран гараа дэвээгээрээ улс даяараа цуутай Чойжилын Бээжин тэр жил мөн л заан цолтой Мөөеөтэй үзүүр түрүүнд үлдсэн байна. Их шөвгийн дөрөвт Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам нарын Төв аймгийн хүчит хоёр арслан шалгарчээ. Алдарт “Хоёр Мөнх” жаран гурван оны сар шинийн баярт анх удаа учраа таарсан гэдэг. Баянаа аварга тэгэхэд аймгийн начин цолтой зодоглож дунд шөвөгт шалгаран Мөнхбат заантай багагүй удаан ноцолдсоны эцэст унасан байна. Уг барилдааныг үзэж суусан ахмад цолтой бөхчүүд, олон жил бөхөө зассан хүндэт засуулууд “Увсын энэ туранхай бор цаашид их юм дуулгана даа” хэмээн Хорлоогийн Баянмөнх аваргыг хэлж байжээ. Үнэхээр ч тэр жилийн наадмаар Баянмөнх хүү арван есөн настайдаа Монгол Улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын начин цолны босго алхсан билээ. Х.Баянмөнх аварга, П.Дагвасүрэн арслан хоёрыг 19-тэй банди нар байхад Өвөрхангайн хоёр ахмад арслан (Г.Цоодол, дэрэн бор С.Самданжигмэд) тавын тадаанд амлан улсын цолонд хүргэсэн түүхтэй билээ. Жаран дөрвөн он. Жигжидийн Мөнхбат аварга арслан цолтойгоор хоёр дахиа түрүүлэв. Сүхбаатар аймгийн харьяат улсын начин Лувсандоржийн Дашдаваа үлдсэн. Зарим нэг сонин хэвлэл, ном бүтээлд Л.Сосорбарам арсланг үзүүрлэсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Дашдаваа начин үзүүрлэсэн гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бямбадоржийн Цогтбаатар баримттайгаар нотолдог юм. Л.Дашдаваа начин уг барилдаанд улсын заан Т.Зундуй, уран гараат Г.Баттогтох начин, том хэмээх Далайн Жамц арслан, Ч.Бээжин аварга нарыг дараалуулан орхиж Мөөеө аваргатай түрүү үзүүр булаалдсан байдаг аа. “Гарлаа, давлаа” хэмээн хоёрхон үгээр зарлуулж байсан Дарийн Дамдин аварга их шөвөгт шалгарсан гурван бөхөөс Жигжидийн Мөнхбат аваргыг амласан нь сонирхол төрүүлдэг. Хашир аваргад хаячихаж болмоор санагдсан биз ээ.

Жаран таван он. Төв амгийн Баянбараат /хуучнаар/ сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарам Д.Дамдин аварга үлдэж түрүүлсэн байна. Өвгөн арслангаас тэр тухай сонирхоход, жараад оны дунд үеийн цагаан сарын барилдаан бол арван хэдэн хүний дунд л эргэлддэг байсан даа. Дамдин аварга, хоёр Мөнх, за тэгээд Бээжин, Цэрэн аваргууд, Чойжилсүрэн, Мижиддорж, Эрдэнэ-Очир, Дагвас үрэн нарын хүчтэй арслангууд, Зундуй, Өвгөнхүү, Дашдаваа нарын заан, начингуудын дунд л болдог байлаа. Өмнөговиос Дэмүүл, Булганаас тэмээ өргөдөг (Жамьяндорж арсланг хэлж байна) Дорнодоос Түвшин энэ хэд ирнэ. Тэгээд хоорондоо үзнэ шүү дээ. Хоёр Мөнх сүүл рүүгээ дийлдэхээ байсныг эс тооцвол бүгд л өгөө аваатай байсан даа хэмээн хуучилсан юм. Со арслан их шөвөгт Ч.Бээжин аваргыг тунаж давсан бол Дамдин аварга ир бяр нь ид жагсаж яваа залуу заан Х.Баянмөнхийг амлан авч давсан байна. Сосорбарам арсланг түрүүлэхэд олон түмэн, өнөө жилийн наадамд нэг юм дуулгах нь ч дуулгана аа, Төв аймгаас нэг аварга төрөх нь хэмээн хүлээж байтал У.Мижиддорж арсланд зургаагийн даваанд унасан байдаг.

Жаран зургаан он. Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга манлайлж боссон барилдаанд залуу заан Х.Баянмөнх анх удаагаа түрүүлсэн түүхтэй. Тэрээр их шөвгийн дөрөвт Д.Дамдин аваргыг, үзүүр түрүүнд тухайн жилүүдэд төрийн наадамд босоо байсан Ж.Мөнхбат аваргыг орхиж түрүүлсэн байдаг. Харин тэр жилийнхээ наадмын их шөвгийн дөрөвт Мөнхбат аваргадаа унасан удаатай. Мөөеө аварга Баянааг ааглаж давдаг маань өнгөрч байх байна, одоо бол ухаанаар давна шүү хэмээн наадмын өмнө бэлтгэлээ хэрхэн базааж байгааг нь дурандаж байсан гэдэг. Жараад оны сүүл үе бол яалт ч үгүй л хоёр Мөнхийн үе байсан даа. Хэн нэгнээ яаж хаях тухайгаа бүтэн жил л боддог байсан гэх. Баянаа аваргын анх түрүүлдэг цагаан сарын барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын заан Түзэлийн Зундуй их шөвөгт шалгарсан удаатай. Өмсөх мэхийг Цанлигийн Дамдиндорж заанаас дутахаахгүй хийдэг тэрээр Монгол Улсын анхны шигшээ багийн тамирчдын нэгэн билээ. Таван аварга манлайлж боссон наадамд хүчит арслангуудын нэг Пагмын Аюуш Баянхонгор аймгийн Богд сумаасаа ирж барилдсан нь бас нэгэн онцлог байсан гэлтэй. П.Аюуш арслан дөчин есөн оны улсын наадамд Ш.Батсуурь аваргатай үлдэж түрүүлсэн ч түүнд арслан цолыг өгөлгүй, хэзээ хойно жараад оны эхээр өгч байлаа. Үзүүр түрүүнд Батсуурь аваргыг хүчээр буулгасан хэмээн наадмын комисс тийм гаргаж байсан нь монгол бөхийн түүхэнд сонин үзэгдлийн нэг. Түүнээс улбаалж Аюуш арслан Хонгор нутгаасаа тэр бүр ирдэггүй байлаа. Жаран зургаан оны сар шинээр ирсэн нь олон хүнийг баярлуулсан гэдэг шүү.

Жаран долоон он. Хорлоогийн Баянмөнх аварга хоёр дахь удаагаа түрүүлсэн баяр. Үзүүрт нь Чойжилын Бээжин аварга үлдсэн байдаг. Их шөвөгт Бээжин аварга Мижээ /У.Мижиддорж/ арсланг амлаж Х.Баянмөнх, П.Дагвасүрэн нарын онжавуудыг тунаасан байдаг. Баянаа аваргыг тэр жилийн цагаан сараар үнэхээр гойд байсныг хүн бүр шагшдаг юм. Ихэвчлэн тунаж барилджээ.

Тунасан бүхнээ тун төвөггүй давж байсан байгаа юм. Тэр жилийн наадамд Мөнхбат, Баянмөнх нар улсын наадамд мөн л түрүү үзүүрт шалгаран хоёр цаг дөчин найман минут барилдаж Ж.Мөнхбат нь тав дахь удаагаа завсаргүй түрүүлсэн түүхтэй. Наадмын комисс удаан барилдан ард түмнийг залхаасан учир хэн хэнд нь цол чимэг өгөөгүй гэдэг шүү. Энэ зуур нэг зүйлийг шигтгэхэд Жараад оны дунд үеийн сар шинийн барилдаанд хэд хэдэн бөх өнгө нэмдэг байжээ. Тэдний нэгэн Говь-Алтай аймгийн харьяат олон түмнээ “цахилгаан” хэмээн алдаршсан аймгийн арслан Я.Мөнхөө. Мөнхөө арслан хавирга нь хэрзийгээд дэвэн дэвсээрх гараад ирэхүйд Спортын төв ордонд цугласан олон элгээ хөштөл хөхөрч кайф авдаг байж. Я.Мөнхөө арслан хоёр юм уу, гурвын даваанд л годройтоод өгдөг байсан байна. Цагаан сарын барилдаан далаад оноос 128 бөх барилдаж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас бөхийн оноолт бүрэн олдсон байдаг. Түүнээс нарийвчлан харж байхуйд, Я.Мөнхөө арслан баруун Алтайгаасаа ирж барилдсан байна. Хоёрын даваанд улсын начин Гомбын Цэрэнчимэдийг залуу бөх байхад нь өвдөг шорооджээ. Өөр нэг цалгиатай бөх нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Сэнгэдовдонгийн Лхагваа. Уншигч олондоо сонин болгож хэлэхэд, эл эрхэм энэ цагийн нэртэй жүжигчин, урлагийн мастеруудын нэг Дэмидбаатарын аав юм. Мань хүнийг үеийнхэн нь “Азарга Лхагваа” л гэнэ. Чухам яагаад тэгж нэршсэнийг мэдэхгүй юм. Тэрээр халхын их аваргуудын зүрхэнд шар ус хуруулж явсан алдарт бөх. Бадамдоригийн Түвдэндорж аваргаар улсын цолонд хүрсэн байдаг. Далан оны цагаан сараар хоёрын даваанд Ховдын Мягмар хэмээх жаахан бор хүүд уначихаад ихэд уурсаж байсан гэдэг. С.Лхагваа начинг өвдөглүүлсэн Дансрангийн Мягмар Монгол Улсын манлай заануудын нэгэн болсон билээ.

Жаран найман он. Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ч.Бээжин, Х.Баянмөнх нарын идэрхэн дөрвөн аварга их шөвөгт шалгарсан жил. Ж.Мөнхбат аварга С.Цэрэн, Х.Баянмөнх нараа өвдөглүүлснээр гурав дахиа түрүүлсэн байдаг шүү. Харин тэр жилийнхээ наадмын түрүү үзүүрт Х.Баянмөнхдөө өвдөглөснөөр төрийн наадамд анх удаа үзүүр булаан, завсаргүй тав түрүүлсэн амжилтаа Баянаа аваргад зогсоолгуулсан удаатай. Дараа жилийнх нь наадам тэр хоёрын хүч бяр яах аргагүй тэнцэж байсан гэдэг. Яагаав нөгөө удаан барилдаж хасагддаг жил шүү дээ. Сонин болгож өгүүлэхэд, жаран есөн оны наадмын өмнө Мөөеө аварга нэгэн мэргэн хүн дээр очжээ. Түүнээс “өнөө жилийн наадамд Баянмөнх бид хоёрын хэн нь түрүүлэх вэ” гэж асуусан байна. Мэргэн эр Мөөеөд хандан “Энэ жил Баянмөнх түрүүлэхгүй юм байна” гэжээ. Тэгвэл би түрүүлэх нь дээ гэхэд, хэд хэдэн удаа шоо орхиж үзсэнээ та бас түрүүлэхгүй юм байна гэжээ. Эл үгэнд Мөөеө ихэд уурлаж, Баянм өнх бид хоёроос түрүүлэх хүн байхгүй, чи ер нь юугаа мэддэг амьтан бэ гэж золтой л шаагаад унагачихаагүй дуулддаг. Үнэхээр ч тэр жил мэргэн төлөгчийн хэлснээр Баянаа, Мөөеө хоёрын хэн ч түрүүлээгүй хасагдсан ажгуу.

Жаран есөн он. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, улсын начин /одоогийн харцага/ Чойдорын Өвгөнхүү түрүүлж шуугиан дэгдээсэн жил. Өвөө харцага Д.Долгорсүрэн заанаар дөрөв, С.Цэрэн аваргаар тав, Ч.Бээжин аваргаар зургаа давж түрүүлсэн байдаг. Уг барилдаанд хоёр Мөнх зодоглоогүй юм билээ. Бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнд оролцоод эзгүй байжээ. Хоёр Мөнх эзгүй байгаа юм байна. Өнөө жил Цэрэн аварга л түрүүлэх магадлал өндөр. Цаад чинь сар шинийн барилдаанд ер нь түрүүлээгүй шүү. Д.Дамдин аварга ч түрүүлээгүй. Бас л юм дуулгах вий гэцгээж байтал хэний ч санаанд ороогүй Ч.Өвгөнхүү начин бүгдийг нь цувуулж орхиод түрүүлсэн удаатай. “Тэр жилийн цагаан сарын барилдааны өмнө өсгийгөө гэмтээчихсэн юм. Барилдааны урьд орой Долгорсүрэн бид хоёр манайд очиж хонолоо. Би түүнд маргааш хоёулаа тунаж магадгүй. Тэгвэл чи давна шүү. Би бэртэл сайн эдгээгүй байна гэж хэлсэн юм. Хэлсэн ёсоор ч хоёулаа туналаа. Тэгтэл өнөөх чинь намайг дүүгүүрдэж хаях гэж байгаад өөрөө уначихаж билээ” хэмээн Ч.Өвгөнхүү харцага түрүүлдэг жилийнхээ барилдааныг дурссан байдаг аа.

Далан он. Дарийн Дамдин аварга Мөнхбатаас өөр хүнд тахимаа өгөхийг мартсан идэр залуухан Баянмөнхийг үзүүр түрүүнд шороодуулж олны цөсийг хөөрг өсөн жил. Данигай аварга үнэхээр хашир бөх гэдгээ тэгэхэд харуулсан байдаг. Мань хүн У.Мижиддорж, Ч.Бээжин зэрэг хүчтэй бөхчүүдээр даваа ахисан байдаг.

Тэр жилийн барилдаанд онцгойрч цоорсон бөхчүүдийн нэг улсын начин Биндэръяагийн Батхуяг байлаа. Идэрчүүдийн аваргад түрүүлээд удаагүй байсан залуу далан оны цагаан сарын барилдааны хоёрын даваанд Булганы Цавирын Волоожийг, гуравт Хэнтий аймгийн харьяат улсын заан Жаргалын Барамсайг, дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын арслан Далайн Жамцыг давж шөвгийн наймд шалгараад Ж.Мөнхбат аваргад тахимаа өгсөн байдаг шүү. Увсын Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг, Булганы Чимэдийн Лундаа, Дамдингийн Галдандагва, “задгай шар” хэмээх Найдангийн Лхагвадорж нарын нэгэн үеийн хүчтэнүүд ид гарч ирж байжээ. Оноо данснаас харахад гурвын даваанаас аваад бүгд л хоорондоо тунадаг байсан байна. Далан оноос хойших цагаан сарын барилдаан хэрхэн өрнөснийг амьд хууч, яриа хөөрөө, өнгө жавхаатай нь дараагийн дугаартаа өгүүлэх бөлгөө.

Далан нэгэн он. Ардын хувьсгалын түүхт тавин жилийн ойн наадмын өнгийг тодорхойлсон барилдаан. Тухайн жилийн цагаан сарын гол шуугиан тавин жилийн ойд хэн түрүүлэх бол, тэр бөх өнгөлнө дөө гэсэн таамаг байсан нь мэдээж. “Ойн одтой бөх л түрүүлдэг юм даа” гэх олны яриа ч амнаас ам дамжсан нь тодорхой. Түүнийг нь бататгах гэсэн мэт Сэрээтэрийн Цэрэн аварга тэр жилийн цагаан сарын барилдаанд түрүүлж олон түмнийг шуугиулаад авсан. Цэрэн аварга дөчин жилийн ойгоор буюу 1961 онд төрийн их наадамд Дарийн Дамдин аваргыг орхин түрүүлж, таван жил босоо явсан амжилтыг нь зогсоож байсан түүхтэй билээ. Тэгээд начин цолноос аварга цолыг шууд хүртсэн байдаг. Цэрэн аварга түрүү үзүүрт Дамдин аваргатай үлдчихээд байхуйд Спортын төв ордонд цугласан олон, эх орныхоо өнцөг булан бүрт “араажав”-аа чагнан суусан бүхэн “ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ дээ” гэцгээж байжээ. Үнэхээр монгол бөхийн гучин хоёр шинжийн гучин нэгийг нь хадгалж төрсөн, даншгийн ах дүү алдарт аваргууд болох Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа нарын уугуул нутаг Булганы Сайханаас тодорсон даян аварга гарцаа байхгүй түрүүлсэн байдаг. Харин тэр жилийнхээ өндөр ойд түрүүлж чадалгүй Хорлоогийн Баянмөнх аваргад унаснаар үзүүр булаасан билээ. Гэхдээ л ойн одтой бөх гэдгээ баталсан түүхтэй. Далан нэгэн оны сар шинийн барилдааны их шөвөгт Монгол Улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам, Жамбалын Хайдав нар шалгарсан удаатай. Хайдав арслан тэгэхэд начин цолтой байсан бөгөөд тэр жилийнхээ наадамд долоо давж шөвгөрснөөр улсын арслан цол хүртсэн юм. Тус барилдаанаас зарим нэгийг нь онцолъё л доо. Тухайлбал, Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын заан Ч.Адъяа хоёрын даваанд залуу бөх Должингийн Адъяатөмөртэй оноолт таарч унасан байдаг. Д.Адъяатөмөр начинг бөх сонирхогч олон сайн мэднэ. Өндрөөрөө Оргилболдтой ойрхон очих тэрээр дал, наяад онд хоёр Мөнхийн бэлтгэл хангагч байсан. Мань хүн далан оны цагаан сарын барилдаанд улсын зааныг хоёрын даваанд өвдөглүүлэн шуугиулж байсан бол бүр наян есөн онд тавь шахсан насандаа начин цолны босго алхаж байв шүү. Жамбалын Хайдав арслан, Донровын Долгорсүрэн заан нар начин цолтой, Дамдингийн Галдандагва, Дамирангийн Баатаржав нартай гурвын давааны төгсгөлд тунацгааж жинхэнэ гал авалцсан барилдаанууд үзүүлсэн байдаг. Дөрвийн даваанд Хайдав, Долгорсүрэн хоёр мөн л тунаж байх жишээний.

Далан хоёр он. Х.Баянмөнх аварга түрүүлж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат улсын заан Ундрахын Пүрэв үзүүрлэсэн жил. У.Пүрэв заан ирээдүйн алдарт аварга Дашдоржийн Цэрэнтогтохыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн нарын хүчит арслангуудыг дөрөв, тавын даваанд, Д.Дамдин аваргыг зургаагийн даваанд давж ир, бяраар илүүрхэн үзүүрт шалгарсан юм. Идэрхэн заан Пүрэвийгээ тийнхүү шуугиулахад Алтайнхан мөн чиг их баярласан даа. Ялангуяа Соёлын гавьяат зүтгэлтэн Рэгжийбуугийн Нямдорж, утга зохиолын доктор, цаст Алтайн оргилууд шигээ л дүнхийж байдаг Үржингийн Хүрэлбаатар нарын бөхийнхөө төлөө нэгэн үзүүрт сэтгэлтэй явдаг эрхмүүд ихэд хөөрсөн биз. Мэдээж тэр хоёр их л залуу байсан даа. Тэднээс дутахааргүй баярласан нэгэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Элчин сайд Дагвын Цахилгаан гуай. Хөхморьт гэхээр л хоёр нүднийх нь нулимс сул асгаад ирдэг алдар суу, авьяас билгийн тэнгэр болсон хийморьтой эр дөрвөн уулын дунд багтахааргүй л баярласан байж таараа. Тэрээр гурван жилийн өмнө манай сонины “Эх орон сумаас эхэлнэ” буланд “Элст манхан нутгаа ингэтлээ юундаа санана вэ” хэмээн Хөхморьтынхоо тухай бичихдээ Пүрэв заанаа хэрхэн тодотгож өгснийг тодхон санаж байна. Тэрхүү барилдааны гурвын даваанд Дасрангийн Мягмар заан начин цолтойдоо, Төмөрийн Артаг начинг залуу бөх байхад нь тунасан байдаг шүү. Хоёулаа л ирлэсэн тонгорог шиг байж дээ. Одоогийнхоор бол Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар нар шиг л байж. Үй зайгүй найзууд болох Д.Долгорсүрэн, Ч.Лундаа нар дөрвийн даваанд тунасан байдаг. Энэхэн зуурт шигтгээ болгохуйд, Чимэдийн Лундаа начинг үе тэнгийн бөхчүүд нь заанаар тогтохоорг үй хүчтэн байсан даа хэмээн харамсан өгүүлдэг юм. Тэрээр бие галбир, хувь хүний зан ааш, зүс царай, хүч тэнхээгээрээ үнэндээ гойд нэгэн байжээ. Даанч залуугаараа өнгөрсөн байдаг. Түүнийг анх гарч ирэхэд, хоёр Мөнхийн залгамж халаа ч гэж яригдаж байсан удаатай.

Далан гурван он. Жигжидийн Мөнхбат аварга дөрөв дэхээ түрүүлж, Жамбалын Хайдав арслан үзүүрлэсэн жил. С.Цэрэн аварга, Далайн Жамц арслан нар их шөвөгт шалгарсан байдаг. Тус барилдааны хоёрын даваанд Хэнтий аймгийн харьяат улсын заан Дамдинсүрэнгийн Барамсай Архангайн Х.Галиндэвт, Биндэръяагийн Батхуяг начин, Чимэдийн Гочоос үрэн зааныг залуу бөх байхад нь тус тус тахимаа өгсөн. Сонирхуулахад, Барамсай зааныг Б.Бат-Эрдэнэ аваргын хадам аав гэдэг байх шүү. Өмнөх жилийнх нь үзүүр бөх У.Пүрэв заан гурвын даваанд аймгийн арслан Дондовын Нансалд тахимаа өгсөн байдаг. Жараад оны дунд үе далаад оны эхээр хэдэн “галзуу амьтад” хөдөөнөөс очиж хүч үздэг байсан гэх. Булганы Д.Нансал, “задгай шар” Лхагвадорж, Ц.Волоож, Завханы С.Юнрэн, Мөөеө аваргыг ид байх үед өвдөглүүлж байсан Өмнөговийн Манлайжав, Төв аймгийн Жанчивравдан нар. Дэндүү ааг омогтойгоосоо болж тэд улсын цолгүй үлдсэнийг үеийнх нь бөхчүүд дурсдаг юм аа.

Далан дөрвөн он. Хоёр Мөнх аанай л үлдэж Хорлоогийн хөвүүн дөрөв дэхээ түрүүлсэн түүхтэй. Мядагийн Мөнгөн, Пүрэвийн Дагвас үрэн нарын арслангууд их шөвөгт шалгарсан юм. Тэрхүү наадмын шуугианы нэгэн эзэн нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, халхын алдарт бөх Дагвацэрэнгийн Хадбаатар байлаа. Тэрээр гурвын даваанд Увсын Төмөрийн Артаг начинтай тунаж, барагтай л бөхөд тахимаа өгөх дургүй ааг омогтой хүдэр эрийг бяр хүчний илүүгээр давсныг санах нэг нь санаж байгаа даа. Тэр цагаас хойших цагаан сарын барилдаан Хадаатай эхэлсэн дээ. Т.Артаг начныг өвдөглүүлсэн Хадаа хүү дараагийн даваанд Өлзийсайханы Эрдэнэ-Очир арсланд яалт ч үгүй унасан гэдэг шүү. Д.Баатаржав М.Мөнгөн, Д.Галдандагва Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Д.Долгорсүрэн, Баянхонгорын Гандолгорын Батсүх нар гурвын давааны сүүл рүү хоорондоо үзэж бөх сонирхогч олныг суудлаас нь өндөлзүүлж байжээ.

Далан таван он. Хоёр Мөнх мөн л үлддэгээрээ үлдэж Хорлоогийн хөвүүн тав дахиа түрүүлсэн байна. Харин их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох начин цолтойдоо, Ө.Эрдэнэ-Очир арслангийн хамт шалгарчээ. Д.Цэрэнтогтох аварга Увсын Баатаржав начин, Говь-Алтайн Д.Цэрэндаш начин, Булганы Д.Лхагвасүрэн заан нартай дараалан тунаж барилдан давсан байна. Ийнхүү монгол бөхийн түүхэнд Дашдоржийн Цэрэнтогтох, Дагвацэрэнгийн Хадбаатар нарын аваргуудын үе эхэлсэн нь тэр ээ. Дорнод нутгаасаа үе үе ирж барилддаг байсан Д.Түвшин заан тэр жилийн цагаан сараар зодоглож гурвын даваанд Архангайн Дамбын Шижээ начинд унасан бол, ард олны хүсэн хүлээдэг бөх “цахилгаан” Мөнхөө арслан Алтайгаас ирж барилдан хоёрын даваанд Хөвсгөлийн Базарраднаа гэдэг залууд тахимаа өгсөн байдаг.

Далан зургаан он. Ж.Мөнхбат аварга тав дахиа түрүүлж, Л.Сосорбарам арслан үзүүрлэсэн. Үндсэндээ Төв аймгийн хоёр хүчтэн тэр жилийн цагаан сараар үлдсэн байгаа юм. 160 бөх зодоглосон учир зургаа, долоогийн даваанд бөх сондгойрсон байна. Цолныхоо эрэмбээр Мөөеө аварга зургаад, Со арслан долоогийн даваанд гоц мөргөжээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж их шөвгийн гуравт Мөөеө аваргатай хүч үзсэн байдаг. Төв аймгийн бөхчүүд түрүү зүүр булаалдсан наадамд тус нутгийн хүчтэнүүд доогуур даваанд ч сайн барилдсан байна. Тухайлбал, олноо “Бүрэнгийн бүдүүн гуят” хэмээн алдаршсан Мөнхийн Загдсүрэн начин Д.Барамсай заан, С.Цэрэн аварга нарыг гурав, дөрвийн даваанд өвдөглүүлж Мөөеө аваргад тавын даваанд унасан байдаг. Тэрээр наян хоёр онд Д.Дамдин аваргаар тав давж улсын цолны босго алхсан билээ.

Далан долоон он. Хорлоогийн Баянмөнх аварга түрүүлж, Пүрэвийн Дагвасүрэн арслан үзүүрлэсэн. Тэр хоёр улсын наадмын үзүүр түрүүнд хоёр ч удаа үлдсэн байдаг шүү. “Баянаа бид хоёр залуудаа нэг гэрт амьдардаг байв. Түүнтэй төрийн наадамд хоёр ч удаа үлд сэн юм. Сүүлийн удаад нь өгчих болов уу гэж горьдож байлаа. Гэвч Баянаа яс үзсэн. Аварга гэдэг үнэхээр аваргаараа л төрдөг юм билээ. Би бол арслан болохоор заяагдсан хүн дээ” гэж Дагвасүрэн гуай хуучилдаг юм. Далан долоон оны баярын их шөвөгт Ж.Мөнхбат, Д.Хадбаатар нарын аваргууд үлджээ. Баянаа Хадаа хоёр тунаж барилдсан байна. Хатуухан учраа Хадааг давчихаад Баянаа аварга “Энэ хүнийг ч барахааргүй болж байгаа юм байна даа” хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж байсан гэдэг шүү. Улсын наадамд тоотой ирж барилдсан Дундговийн “харлаг” хэмээх Дамдиндоржийн Жавзмаа начин тэр жилийн сар шинийн барилдаанд зодоглон Увсын Баатаржаваа гурав давсан байдаг. Олон түмнээ “Чапаев” хэмээн алдаршсан Нэмэхийн Дашзэвэг начин нас ахисан хойноо зодоглож улаан нөмрөгтэй гарч байсныг мэдэх хүмүүс нь хэлдэг юм.

Далан найман он. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох аварга анх удаагаа түрүүлсэн жил. Үзүүрт нь Ж.Мөнхбат аварга үлдэж, их шөвөгт Х.Баянмөнх аварга, Д.Долгорсүрэн заан нар шалгарсан байна. Д.Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд мөн л анх удаагаа түрүү магнай болж улсын арслан цол хүртэж байсан билээ. Тухайн барилдааны зарим нэг онцлогоос дурдъя л даа. Өмнийн говийн О.Пүрэв начин гурвын даваанд Жамцын Даваажав гавьяатад унасан байдаг. Олимпийн мөнгөн медальт нэрт бөх Даваажав улсын цолонд хүрээгүй байсан үе л дээ. Гурвын давааны сүүлд Ё.Ишгэн Д.Жавзмаатай, Д.Цэнд-Аюуш Г.Жалаатай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэнтэй тус тус хүч үзсэн байна. Тэдний хооронд ямархан барилдаанууд өрнөсөн нь тодорхой. Цэнд-Аюуш, Ишгэн, Дүвчин нарын заанууд дөнгөж начин цолтой байв. Манайхны хэлдгээр ирлэсэн тонгорог шиг л байсан болов уу.

Далан есөн он. Хорлоогийн Баянмөнх аварга түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга үзүүрлэв. Л.Сосорбарам, П.Дагвасүрэн нарын арслангууд шөвгөрчээ. Тэр жилийн цагаан сарын өнгө нь Ховд аймгийн Алтай сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Адуучийн Баатархүү байв. Тэрээр уран гараат начин Завханы Г.Баттогтохоор гурав, Гандолгорын Батсүх начингаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад унасан байдаг. Мөн тэр жилээ улсын цолонд хүрсэн байх шүү. Дэндэвийн Амгаа заан Зэвэгийн Дүвчинтэй, Дамбажавын Цэнд-Аюуш заан Рэгжийбуугийн Даваанямтай гурвын давааны төгсгөлд хүч үзсэн байна. Үндсэндээ дөрвөн заан хоорондоо тулсан байгаа юм. Наяад оны эхэн бол яалт ч үгүй л тэдний үе. Дээр нь Дамдингийн Баяраа гарьд, Шагдарын Чанрав, Однойн Бахыт, Содномын Эрхэмбаяр, Жанцангийн Чулуун хүчтэй начингууд шуугиулж явсан он жилүүд билээ.

Наян он. Дагвацэрэнгийн Хадбаатар аварга манлайлж айл хотол, улс даяараа магнайгаа тэнийтэл баярласан жил. Хадаа аваргыг түрүүлнэ хэмээн өмнөх жилүүдийн сар шинээр олон түмэн хүлээж байсан. Тэрээр үзүүр түрүүнд Донровын Долгорсүрэн заантай үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэж хаячихаад яваад өгсөн гэдэг. Идэр залуу хүчтэний бяр тэнхээг хүн бүр шагшиж байсан гэх. “Угтаалын зон олны сэтгэл, Хүүлэй хаан уул нь түшлээ дээ” хэмээн Хадаа аваргыг мэдэх ойр дотнынхон нь хэлж байсан дуулддаг. Мөн “Алдар”-ын тамирчид Хадаагийнхаа түрүүг дүүрэн баяртайгаар тэмдэглэж байсныг мөн л мэдэх нэг нь хэлдэг юм. Тэр жил хоёр Мөнх шөвгөрсөн байна. Бөхчүүд, бөх сонирхогчдын хэлдгээр цоорч барилдсан хүчтэнүүдийн нэгэн Баян Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат Однойн Бахыт харцага. Казах түмний төлөөлөл болсон тэрхүү хүчтэн Ч.Амарт үвшин, Д.Амгаа, Ё.Ишгэн нарын заануудыг дараалуулан орхин дунд шөвөгт шалгарч Баянаа аваргад унасан байдаг аа. Увсын Довчингийн Нэгдэл начин тэр жил мөн л сайн барилдан бага шөвөгт үлдэж байжээ.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр манай есөн жудоч “Их дуулга”-д барилдана

Олимпийн эрхийн оноо олгох Парисын “Их дуулга” жудо бөхийн тэмцээн болж буй билээ. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдрийн эрэгтэй 81, 90, 100, +100 кг, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаанууд эхэлж байна.

Энэ өдрийн барилдаанд манай шигшээ багийн тамирчдаас есөн жудоч татамид гарч барилдана.

Эрэгтэй

  • 81 кг: Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар
  • 90 кг: Л. Отгонбаатар
  • -100 кг: Н.Түвшинбаяр
  • +100 кг: Б.Тэмүүлэн

Эмэгтэй

  • -70 кг: Ц.Наранжаргал
  • -78 кг: П.Лхамдэгд
  • +78 кг: О.Жавжмаа нар тус тус барилдах юм.
Categories
мэдээ нийгэм

Улс орнууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Азийн оронд өргөнөөр тэмдэглэдэг “Цагаан сар” тохиох гэж байна. Уг баяр нь билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 1-нд болдог уламжлалтай. Элгэн саднаараа цугларч, идээ ундаагаа дэлгэн, хотол түмнээрээ баярладаг тус баярыг Монголоос гадна Түвд, Хятад, Солонгос, Япон, Вьетнам зэрэг Азийн уламжлалт цаг тооллыг өнөөг хүртэл хэрэглэсээр ирсэн улс орнуудад өөр өөрийн өвөрмөц ёс заншлаараа өргөн тэмдэглэж ирсэн. Ингээд орон орны цагаан сарын онцлогоос товчлон хүргэе.

ХЯТАД

Цагаан сар нь “Чунзие” буюу хаврын баяраар эхлэн 15 хоног үргэлжилж, дэнлүүний баяраар дуусгавар болдог. Амьдрал дахин цэцэглэж эхэлсний баяр хэмээн үздэг тус баярыг мөн Еэвэн сарын баяр хэмээн нэрийдэх нь бий. Энэ нь тус улсын хамгийн хөл хөөртэй, нөсөр баярт тооцогддог байна. Сар шинийг угтан хятадууд гэр орондоо их цэвэрлэгээ хийдэг. Улмаар шинэ он эхлэхээс өмнө хамаг муу муухайгаа зайлуулж буй нь энэ аж. Харин шалаа угаадаггүй нь хамаг сайн сайхан, аз хийморь шаланд байдаг гэж үздэгтэй нь холбоотой юм. Цагаан сарын өмнө хаалганы тотго дээр таван ширхэг урт цаасан тууз бэхэлдэг нь аз жаргал, амжилт, урт нас, эд баялаг, баяр баясгаланг бэлгэддэг аж. Сарны тооллоор сар шинийн эхний болон 15 дахь өдөр үсээ угааж, засуулдаггүй байна.

Энэ нь мөн л аз хийморь, эд баялгаа угааж, арилгахгүй гэсэн сүсэг бишрэлтэй нь холбоотой ажээ. Тус баярын үеэр уламжлалт ёсоор улаан дугтуйд мөнгө хийж бие биедээ бэлэглэдэг байна. Учир нь улаан өнгө нь аз хийморийг бэлгэддэг гэж үзсэнийх. Энэ баярын бас нэг чухал хэсэг бол тансаг хоол, идээ ундаа. Баярын ширээнд ногоогоор хийсэн хоол зонхилдог нь өөрийгөө цэвэршүүлж, шинээр төрж, ирэх жилдээ шинэ соргог байхыг бэлгэддэг аж. Гэхдээ баярын ширээний гол хоол нь банш, гурилтай шөл байдаг байна. Битүүний орой гэр бүлээрээ цугларч зоог барих бөгөөд шөнө дунд гудамжинд гарахдаа улаан өнгийн хувцас өмсч, галаар буудан наадаж, муу сүнсийг хөөн зайлуулдаг байна. Цагаан сарын баяраар хятадууд хэн нэгэнд үргэлж хос зүйл бэлэглэдэг. Жил бүрийн цагаан сарын шинийн 3-ны өдрөөс хамаатан садан, найз нөхөд, танилындаа зочилдог уламжлалтай. Бас нэг заншил нь цаасан буу буудуулж, бурхдад мөргөл үйлдэх.

Сар шинийн баяраар хятадууд янз бүрийн салют ихээр буудуулдаг. Мөн уг баяраар шинэ гутал өмсдөг заншилтай. Энэ жил могой жил тохиож байгаа учир могой болон лууны багтай бүжигчид гудамжаар бүжиглэж буй дүр зургийг Хятадын аль ч хороололд сар шинийн баяраар харж болох юм.

ЯПОН

Япончууд цагаан сараа О-Шогац ү хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь гурав хоног үргэлжилдэг байна. Битүүний өдөр тэд сусухарай хэмээх их цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн омочи, озоны нэртэй цагаан будаагаар боов хийж, идээ будаагаа засдаг. Гэхдээ баярын ширээний үндсэн идээ, ундаа нь эхдээ дугтуйнд мөнгө хийж өгдөг.

Баярын үеэр япончууд мөн сүм хийддээ очин мөргөл үйлддэг уламжлалтай. Сүүлийн үед япончуудын 70-80 хувь нь христийн шашинтан болсон тул цагаан сарын баярыг ахмадууд нь өргөнөөр тэмдэглэдэг болжээ. Харин залуучууд ёс төдий, наадам маягаар өнгөрөөх нь элбэг байдаг байна.

СОЛОНГОС

Солонгост Цагаан сарыг Солнал хэмээн нэрлэдэг бөгөөд энэ сарын 10-нд тохиож байна. Солонгос бүсгүйчүүд сарны тооллын шинэ жилийг сайтар бэлтгэх бөгөөд “тток”, “гаретток” хэмээх шарсан махыг заавал хийдэг уламжлалтай. Мөн жимс, загасаар ширээгээ чимдэг ч банш болон “токкук” хэмээх нэртэй шөлөөр зочдоо заавал дайлдаг байна. “Токкук”-ийг ууснаар амьдралд нь бас илүү нэг нас хайрладаг хэмээн үздэг. Битүүний өдөр хоол хийж бурхан, шүтээндээ өргөдөг бол шинийн 1-нд гэр бүлээрээ цуглардаг уламжлалтай.

Шинэ жилийн үдэш хаалган дээрээ сүрэл өлгөж, муу муухайг зайлуулахыг бэлгэднэ. Баярын өдөр бүгд шинэ хувцас өмсч, бүхнийг шинээр эхлэхийг зөгнөдөг бөгөөд хамаатныхаа хамгийн баяраа гурван хоног тэмдэглэдэг байна. Энэ үеэр тэд аав, ээж, хамаатан садангийнхаараа зочлон,үнэтэй бэлэг солилцдог аж. Харин хүүхдүүд, ач гуч нь гэр бүлийнхээ хамгийн ахмад эрэгтэй хүнд саебае буюу хүндэтгэл үзүүлэх ёслол үйлддэг байна. Хэрвээ энэ ёслол гэрийн эзэнд ихэд таалагдвал хүүхдүүдийг дугтуйтай мөнгөөр шагнадаг аж. Солонгосын цагаан сарын баярын бас нэг онцлог бол шинийн 1-нд усанд орж, ханбок хувцсаар гангарах явдал. Мөн сар шинээр гэр бүлээрээ эцэг, өвөгдийнхөө булшийг эргэж, хоол өргөдөг нь сүнс нь тайтгардаг хэмээн үздэгтэй нь холбоотой. Эхэндээ зөвхөн өрхийн тэргүүн ганцаараа явдаг байсан бол эдүгээ гэр бүлээрээ эцэг өвгөдийнхөө булшийг эргэх болсон байна. Булшинд өргөх өргөлийн хоолыг эмэгтэйч үүд нь бэлтгэдэг байна.

Мөн солонгосчууд битүүний орой чөтгөрийг хөөж, аз жаргалыг хүлээн авах ёслол хэмээн бэлгэдэн хонх, хөгжим дуугаргаж их чимээ гарган шинийн 1-ний өглөөг угтдаг заншилтай юм байна.

ВЬЕТНАМ

Вьетнамчуудын цагаан сарын баярыг “Тэт” хэмээн нэрийддэг. Албан ёсоор гурван хоног болдог гэх авч долоон хоног үргэлжлэх нь бий. Хятадын соёл иргэншлийн нөлөөгөөр вьетнамчууд цагаан сарыг тэмдэглэх болсон гэж судлаачид үздэг байна. Вьетнамчууд сар шинэдээ эртнээс бэлтгэдэг. Тодруулбал, шинэ жилийн баяраа өнгөрөөсний маргааш өдрөө л “Тэт” баярт бэлдэж эхэлдэг байна. Гэр орон болон албан газраа даль зэрэг олон янзын цэцгээр чимэглэдэг. Мөн “аз жаргал, баяр жаргал” гэсэн утга бүхий бийрийн уран бичлэг үйлддэг байна. Энэ нь тэдний хувьд хамгийн үнэтэйд тооцогддог аж. Хятадуудын адил вьетнамчууд мөн нэг нас нэмсний ёслол хэмээхийг үйлддэг ажээ. Битүүний урьд өдөр гэр орноо чимэглэж, хуучин муу зүйлээ гарган хаяж, ирж буй оноо амжилт бүтээлээр угтдаг заншилтай. Бүгд дэлг үүр захаар явж, хоол ундаа цуглуулан, үндэснийхээ амтат зоогийг бэлдэж базаана. Шинэ сар гарахаас өмнө өртэй өглөгтэй хүмүүс өрөө дарж, тооцоогоо дуусгадаг ёстой. Тэд цагаан сараар худалдаа арилжаа их хийж, тэр хэрээр үнийн хямдрал үзүүлдэг байна. Битүүний шөнө хүмүүс бараг унтахгүй бөгөөд хөгшин залуугүй тоглож наадан шинэ өглөөг угтдаг. Харин шинийн 1-ний өдөр бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг. Үүнийгээ гал тогооны бурхан ирж шалгаад диваажингийн хаанд илтгэдэг хэмээн ярьцгаадаг байна. Сар шинээр залуу охид бүсгүйчүүд үндэсний хувцсаараа гангардаг аж. Вьетнамчууд шинийн 1-ний өглөө ирсэн анхны зочиндоо гүн хүндэтгэлтэй ханддаг нь тэднийг аз жаргалыг авчрагч хэмээн үздэгтэй нь холбоотой. Учир нь энэ өдөр ямар зочин ирснээс тухайн айлын тэр жилийн өнгийг тодорхойлдог гэсэн заншил ч байдаг байна.

ТҮВД

Түвдүүд билгийн тооллын шинийн 1-нд Лосар гэдэг баярыг тэмдэглэдэг аж. “Ло” гэдэг нь жил, “Сар” гэдэг нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тиймээс “Лосар” хэмээх нэр нь үндсэндээ шинэ жил гарч, хавар болж байна гэсэн утгыг агуулдаг аж. Сар шинэдээ түвдүүд шинэ дээл хувцсаа өмсөж, настан буурлууддаа золгодог уламжлалтай. Энэхүү баярын хамгийн чухал идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хүргэе.

БУРИАД

Буриад улсад албан ёсоор 1991 оноос Сагаалган буюу цагаан сарын баярыг тэмдэглэж эхэлжээ. Чингис хааны ач Хубилай хааны зарлигаар 13 дугаар зуунаас эхлэн өвөл хаврыг зааг болох хоёрдугаар сард тэмдэглэх болсон гэж буриад түмэн үздэг байна. Оросын буддын хамгийн том сүм болох Иволгийн дацанд шашны хурал болдог бол Цагаан сарын өмнөхөн “Дугжууба” хэмээх түүдэг галыг дацангийн өмнө асааж, хуучин эд зүйлсээ шатаадаг байна. Энэ нь хуучин онтой хамт муу муухай бүхэн үлдэг гэсэн утгыг илэрхийлдэг аж. Бүтэн сар үргэлжлэх уг баярыг буриадууд гэр бүлээрээ тэмдэглэхээс гадна дацанд заавал очин мөргөл үйлддэг байна. Цагаан сар нь тэдний хувьд зөвхөн шашны баяр төдийгүй гэр бүлийн, ардын уламжлалт ёс заншлын, эв нэгдэл сайн сайхны баяр хэмээн тооцогддог.

Categories
мэдээ нийгэм

“ӨДРИЙН СОНИН”-Ы АРХИВ: Амталж үзээгүй шоколад

Тэр жилийн цагаан сар санаанаас огт гардаггүй юм. Битүүний өдөр хашааны хэдэн айлын дунд нас бага гэж гологдохгүй баахан зарагдсан хүн чинь маргааш шинийн нэгэн болно гэж л хөл хөөр болж наснаасаа ахадсан ажлын хүндийг барахдаа түүртээгүй. Нөгөө муу оодгор дээлний ханцуй нь богинодоод гар хайрч байсан ч данх өнгөлөх ажил өмнөхөөс хялбар санагдаж байлаа. Хэд хоногийн өмнө бууз хийх үеэр надад эгнүүлж тавих үүрэг л оногдсон юм. Хотны хэдэн айлын эмэгтэйчүүд л бие биенийхээ гэрт ороод буузыг нь элбээд чимхэлцдэг юм. Миний мэдэх мэдэхгүй зүйлийг ам хуурайгүй ярина. Тэр болгонд хөрш айлын Алтаа эгч том цагаан шүдээ яралзуулаад нуруугаа хотойлгож ирээд л чанга чанга инээнэ. Бууз хийж өндөрлөх үед лхов жив шиг, хол ойрын сонин шигэмх цэгцгүй яриа дуусна. Хааяа нэг эмээгхоолой засах үед тэд жолоогоо татна уу гэхээс бууз хэрхэн гоё сайхан чимхэх тухай яриа эхлээд л Монхоон гуайн охин гэрлэх гэж байгаа талаар яриад явчихна.Тэгснээхаа байсан хадам ээж болох хүнийх нь талаар ярьж байснаа нэг л мэдэхэд үнээ тугал, хувцас гутал, сувдан даруулга болчихсон явж байна. Тэд бүтэн жил хураасан зүйлээ бууз хийх үеэр л ингэж нэгмөсөн гадагшлуулдаг байх. Бууз чимхэх гарын хөдөлгөөн ярианы өнгө аястай яг давхцаад байх шиг санагдана. Мань мэтэд харин ганц үг дуугарах боломж олдохгүй. Хэрэв илүү үглэж элдэв юм шалгаавал, томчуудын ярианд орлоо гээд баахан загнуулах учир тэдний элдэв яриа нэгэнт сонирхлыг минь татаж байгаа болохоор чимээгүйхэн шиг сонсох л таатай байлаа.

Ажилд зарагдахах, эгч хашааны айлуудаар олон л доо. Тэдэнд ч өөр өөрийн оногдсон ажил их. Гэхдээ нохой сүүлээ, сүүл сангарцагаа гэгчээр байс хийгээд л ийш тийш зараалаар явуулах болохоор хөнгөн хөлтэйгээр нь намайг сонгоно. Хэдэн айлын дунд шууданч маягийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хувин сав нааш цааш нь болгохоос эхлээд, жигнүүр байна уу, хивс гөвөгчөө өгөөч гэнээ, аяганы алчуур илүү байна уу гэж зарлага хий жайл хооронд явах ажил мундахгүй. Ингэж гүйхдээ би залхаагүй, харин жигтэйхэн хөл хөнгөн, сэтгэлд айсуй баярын амт амтагдаад л жирийгээд байсан. Айл хооронд олон удаа ингээд гүйгээд байхаар заримдаа мартаад өөр зүйл авч очих юм уу, эсвэл дахиж очиж асуух хэрэг гарна. Ханжаагийнхаас жижиг сандал аваад ир гэхээр нь тэднийх хүртэл дэгдэх зуураа “жижиг сандлаа өгөөч, жижиг сандлаа өгөөч” гэж амандаа бувтнасаар очихдоо үүдэнд нь ирээд л мартчихна. Дахиад л очиж асууна. Мэдээж зэмлүүлнэ. Буцаад л “Жижиг сандлаа өгөөч, жижиг сандлаа өгөөч” гээд гүйсээр очдогсон.

Маргааш цагаан сар. Үнэн хэрэгтээ хамгийн сайхан нь бэлэг. Айл болгон бууз банштай болохоор хүүхэд бидэнд нэг их сонин биш. Яг л ойрын ах дүү биш бол хамаагүй айлаар орвол олигтой юм өгөхгүй. Зарим хүүхдүүд танихгүй ч хамаагүй айлаар орно. Тэр олон хүүхдэд бүгдэд таалагдах бэлэг өгнө гэж байхгүй л дээ. Миний мэдэхийн ээжийн ээжийнд баахан танихгүй хүүхдүүд ороод ирэхээр нь эмээ маань дэвтэр, нэг төгрөгтэй өгөөд л гаргаад байсан. Дараа нь нөгөө жаалууд дэвтрийг нь гэрийнх нь гадаа хаяад явчихсан байхыг би олоод эмээгээс нуугаад түүж авч байтал эмээ харчихдаг юм байна. Уг нь бэлэг голсон айлын хүүхдүүдийн хийсэн гэмийг л би эмээгээ харчих вий гэж түүж авч байсан хэрэг. Харин эмээ гараад ирлээ. Тэгэхэд эмээ ихэд гомдонгуй “Хөгшин надаас юу авна гэж бодсон золигнууд вэ. Дараа нь хичээл сургуульдаа явахаар хэрэг болдоггүй юм байх даа” гэж байж билээ. Тэгэхэд эмээгээ нэг их өрөвдөж билээ.

Шинийн нэгний өглөө боллоо. Шөнө нойр хүрэхгүй өглөө болтол унтахгүй дээ гэж бодож байтал нам унтаж орхиж. Томчууд аль хэдийнээ босчихож. Бүх юм нэг л сайхан болчихсон. Өнгөлөг. Хүн бүхэн сайхан ааштай. Хатуу чанга, сургамжтай үгтэй эмээ дандаа ч сайхан ааштай байдаггүй юм. Цагаан сараар эмээ огт загнахгүй. Эмээ “За миний хүүхдүүд босоорой, нар мандахаас өмнө босдог юм шүү, сар шинэдээр билэггүй муу үг хэлдэггүй юм, дандаа сайн сайхан үг хэлдэг юм” гээд л байн байн сануулна. Өвөө, эмээ хоёр жил бүрийн цагаан сараар тэгж хэлдэг юм. Тэдний хувьд ёс дэгийг ягштал барих бөгөөд тэд үйлдэл болгоноо тайлбарлах нь хожмоо бидэнд хэрэгтэй гэснийх биз. Бид ахмадууддаа золгоод байж байтал төд удалгүй ах дүү айл саахалтынхан жигтэйхэн гоё болоод орж ирнэ. Бүгд л сайхан зантай. Битүүний орой бэлэг хуваарилж айл болгоны хүн тус бүрээр бэлдчихнэ. Миний санаанд шар гялгар цаастай дугуй шоколад өгөхөөр бэлдсэн бэр эгчийн бэлэг л гоё санагдаад байлаа.

Бэр эгч өмнө нь надад өртэй юм л даа. Учир юу гэвэл нэг удаа зургаахан настай надаар зөндөө ус зөөлгөөд тэр нь 40 литрийн сав дүүрсэн гэхээр наддаа бол их ажил. Эгч шагнана гэсэн ч шагнахаа мартчихсан юм. Би хэдэн өдөр л хүүхдүүдтэй нь хамт ажил тарахыг хүлээж” өнөөдөр л нөгөө шагналаа авчрах байх гэж хүлээдэг байсан. Гэвч эгч огт санаагүй. Эхэндээ тойруугаар хэлдэг байлаа. Маргааш нөгөөдөр гэсээр хоног өдөр ч өнгөрлөө. Эгч бүүр мартсан. Харин би одоо ч мартаагүйг бодоход их л хүлээсэн юм шиг байгаа юм. Мэдээж намайг гомдоож хууръя гэж бодоогүй байх л даа. Зүгээр л мартаж орхисон байх. Тийм болоод ч тэр үү цагаан сараар тэднийхээр орж, бэлгэнд бэлдсэн тэр гоё шоколадыг авчихвал би өр цайрчихаар байлаа. Шинийн нэгний өдөр ч боллоо. Нэг хашаанд байдаг болохоор ядах юмгүй л аавын дүүгийнх рүү гүйгээд орчихлоо. Эгч айлын хүүхдүүдэд бэлэг өгч байна. Нөгөө шар цаастай дугуй шоколадаа бэлгэн дээрээ тавиад өгч байна. Би ч бэлгээ авах гээд л зогсоод байлаа. Олон хүн бужигнаад яаран сандран бэлэг өгч зогссон бэр эгч “Мөнгөө миний дүү дараа бэлгээ авчих, хажууханд юм чинь” гэлээ. Би ч яахав урамгүйхэн гарлаа. Гэхдээ горьдлого тасраагүй. Тэр орой нь, маргааш нь ч эгчийг бэлгээ өгөхийг хүлээсээр л. Хэд ч хоночихов. Би тэднийхээр эргэлддэг ажилтай боллоо. Эгч намайг анзаарах сөхөөгүй, орсон гарсанд үйлчлээд л. Шинэ хуучрах ч дөхөв. Тэссэнгүй. “Эгчээ би цагаан сарын бэлгээ аваагүй, та дараа аваарай гэсэн” гээд л зориглож байгаад хэлчихлээ. Юунд ч юм гомдоод хоолой зангираад байв. Бэр эгч “Өө тэгсэн билүү, алив Мөнгөөдөө цагаан сарын бэлэг өгөлгүй яахав” гээд л ухасхийлээ. Бээлий, нэг төгрөгтэй өглөө. Өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирлээ. Надад ямар ч гоё бэлэг байсан сонин биш байсан юм. Яагаад ч юм тэр дугуй шоколадыг л авчихвал сэтгэл амрах гээд байсан хэрэг. Тэр үед юм ховор болоод ч тэр үү, тэгтэл их авах хүсэл төрсөн биз. Өөрийн эрхгүй дүүрээд ирсэн нулимсаа нууж чадсангүй. Эгч аргадлаа. Үнэн хэрэгтээ нөгөө шоколад нь аль хэдийнээ дуусчихсан хэрэг. “Эгч нь дараа авч өгнөө” л гэж байна. Өмнө нь намайг шагнана гээд мартчихсан болохоор энэ удаа би найдсангүй. Ингээд л манайх ч хот руу нүүж, би ч дахиж хөдөө цагаан сар тэмдэглээгүй. Гэхдээ өдий болтол бэр эгчийн өгөх байсан тэр шоколадны амт л амсаж үзээгүй болоод ч тэр үү, өнгөрсөн он жилүүдтэй хамт сэтгэлд үлдчихэж.Түүнээс хойш түмэн янзын амттан идсэн л дээ.Харин амсаж үзээгүй тэр нэгэн шоколадны амт надад хожим хүүхдэд худал амлаж болохгүйг ойлгуулсан тийм л амт байсан юм. Одооболж өгвөл хүүхэд баярлуулах, хүүхдэд амлавал заавал өгөх гэдэг болсон. Мөн настай хүний өгсөн бэлэг юу юунаас үнэтэй санагдаж,эмээгийн гараас авсан мэт сайхан санагддаг болсон доо.Том болж тусдаа цагаан сар тэмдэглэх болсноос хойш хүүхдийн бэлгэн дээр заавал дугуй шоколад тавьж өгдөг болсон. Амталж үзээгүй тэр нэгэн шоколадны амтыг айлын хүүхдүүд амсаг дээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 47 гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлээд байна

Авлигатай тэмцэх газар хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах ёстой. Тиймээс тус байгууллага энэ амралтын өдрүүд болон 13, 14-ний амралтын өдрөөр ажиллахаа мэдээлээд байгаа. Мөн цахим бүрдүүлэлтийн www.meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулж байгаа юм.

Одоогоор УИХ-ын 76 гишүүнээс 47 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ (ХОМ) АТГ-т өгөөд байгаа юм байна. Ерөнхийдөө ХОМ-ийн бүрдүүлэлт 91.2 хувьтай байгаа аж. Нийт 40 мянган хүн АТГ-т мэдүүлэг өгөх ёстойгоос 270 нь төрийн өндөр албан тушаалтан буюу түүнтэй адилтгах зиндааны алба хаагчид юм.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос пуужин харвалаа

Хойд Солонгосын “Kwangmyongsong-4” хиймэл дагуул амжилттай хөөрч сансрын тойрог замд орсныг Пхеньяны төв телевиз мэдээлсэн байна. Пуужин Японы өмнөд хэсгийн Окинава арлын дээгүүр нисч өнгөрсөн аж. Пхеньян холын тусгалын пуужин харвасны дараа Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавьжээ. Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн нь энэ хоёрдугаар сарын 16-нд болох удирдагч Ким Чен Ирийн төрсөн өдөртэй холбоотой гэж БНСУ-ын ажиглагчид мэдээлж байна.

Хойд Солонгос нь сансрын хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр нь цэвэр шинжлэх ухааны зориулалттай гэж мэдээлсэн боловч олон улс үүнийг баллистик пуужин турших халхавч хэмээн хардаж байна. НҮБ нь Хойд Солонгосыг баллистик пуужин туршихын эсрэг хориг тавьсан байдаг хэмээн ВВС мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Байнга төвийг сахих гэдэг нь Монголын уламжлалт бодлогоос урган гарч байгаа зөв бодлого юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Еagle” телевизийн “Онцлох сэдэв” хэмээх шинэ нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор оролцож Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын талаар ярилцлаа.

Уг нэвтрүүлэгт УИХ, Засгийн газрын зарим гишүүд, ГХЯ, Гадаад хэргийн үе үеийн сайд нар, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их засаг их сургууль, Үндэсний тагнуулын академи, Стратеги судалгааны хүрээлэн, Геополитикийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг батлан хамгаалах, гадаад харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, олон улс, стратеги судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид уригдан оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын асуудлаар тайлбарлан ярихын зэрэгцээ нэвтрүүлгийн хөтлөгчид болон оролцогчдын асуултад хариулсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Та бүхний түмэн амгаланг айлтгая. УИХ-д Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын тухай хуулийн төсөл өргөн бариад байна. Хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй. Гурван хуудсанд багтсан маш товчхон хуулийн төсөл байгаа юм. Үүнийг www.president.mn сайтын “Хуулийн төсөл” гэсэн хэсгээс харж, судлаачид, оюутнууд, мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс, иргэд үзэх боломжтой.

Энэ хуулийн төслөөр тодорхой хүрээнүүдийг зохицуулж үзсэн. Эндээс гуравхан зүйлийг гаргаж хэлье. “Энэ хуулийн үндсэн зохицуулалт бол байнга төвийг сахих гэж аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ” гэсэн үндсэн томъёололтой. Нэг үгээр хэлбэл, дайн мөргөлдөөн болох юм бол газар нутгаа дайн мөргөлдөөний талбар болгохгүй, түүнд ашиглуулахгүй. Энхийн цагт энх тайвны бодлогоо явуулна. Тууштай үргэлжлүүлнэ. Ямар нэг дайн, тулаанд бэлтгэсэн цэргийн эвсэл, холбоо, үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн ийм л гол санаа байгаа юм.

Хуулийн төслийн эхэнд нэг чухал санааг зааж өгсөн. Энэ бол зөвхөн энэ хүрээнд л яригдах сэдэв. Монгол Улс байнга төвийг сахих харилцаа нь тус улсаас бусад улстай улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бусад салбаруудын үйл ажиллагаанд хамаарахгүй.

Гадаад улс орон, бусад газраас сонирхдог өөр нэг зүйл бол хэрэв бид олон улсын гэрээгээр харилцаагаа зохицуулсан байх юм бол олон улсын гэрээгээ баримтална. Манай Үндсэн хуульд ч тийм заалт бий. Хоёр орны хооронд байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээгээ л баримтална. Олон улсын гэрээгээ баримтална гэсэн тодорхой зохицуулалттай, Монголын үндэсний эрх ашигт нийцсэн, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлоготой нийцсэн ийм хууль байх юм. Тогтсон стандарт байдаг. Үүнийг л оруулж хэлэлцүүлэх гэж байгаа юм.

Хөтлөгч Н.Баасандамба: –Хууль батлуулах шалтгаанаа та сая тайлбарлалаа. Ийм статустай болох гэж байна гэдгээ бид дэлхий дахинд нээлттэй зарлах гэж байгаагийн ач холбогдол юу вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Одоо заавал зарлах хэрэгтэй юү, ямар шаардлага байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг. Түүнд энгийн тайлбар өгье. Өнөөдөр Монгол Улсын олон улсын нэр хүнд, бидний явуулж байгаа бодлого олон талын дэмжлэг хүлээж байгаа. Хоёр хөрш, бүс нутагтаа явуулж байгаа харилцаагаа авч үзэх юм бол хамгийн сайн түвшиндээ байгаа. Монгол Улс ямар нэг олон улсын шинж чанартай маргаан, хэлэлцүүлэг, мөргөлдөөнд татагдан ороогүй байна. Тэгэхээр энэ боломж дээр тулгуурлаж энэ бодлогыг зарлах хамгийн сайн цаг үе нь энэ цаг үе юм гэж дүгнэсэн. Энэ бол нэг хүний санаачилга биш.

Бүр түүхийн үеэс авч үзэх юм бол монголчууд ийм бодлого баримтлахыг хичээдэг байсан. Дүн ноён нуруутай, тогтвортой бодлого л гэсэн үг шүү дээ. Шинэ нөхцөл байдалд ч гэсэн бид энэ бодлогоо авч явж байгаа. Манай олон талт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын бодит үргэлжлэл юм гэж авч үзэх ёстой.

Хөтлөгч Г.Ганбаяр: -Монгол Улс байнга төвийг сахих статусыг зарлахдаа цаг хугацаанаас гадна нэлээд өргөн хүрээнд тайлбарладаг нь харагдаж байна. Жишээ нь, нийгмийн сүлжээнд, академик хүрээнд ч гэсэн хэт өргөн асуудлуудтай хамааруулж ойлгох байдал харагдаж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тийм. Байнга төвийг сахих бодлогын бас нэг сайн тал нь тухайн бодлогыг зарлаж байгаа улс орон тэр бодлогоо тайлбарладаг. Ямар нэг байдал дээр ямар нэг асуудал үүсэхэд Монгол Улс буюу эзэн улсын тайлбараар л явдаг. Олон улсын харилцаанд төвийг сахина гэж яг үүнийг хэлнэ гэж хатуу тулгасан юм уу, журамласан зүйл байхгүй. Тэнгис, далайд байлдаан явуулахад төвийг сахисан орон ямар зарчим баримтлах вэ. Хуурай газрын дайн, байлдаан, мөргөлдөөний үед ямар зарчим баримтлах вэ гэсэн Гаагийн конвенц гэж 1907 онд гарсан олон улсын барим бичиг бий. Тэнд тодорхой зарчмуудыг зааж өгсөн байдаг.

Өмнөх зуунд төвийг сахих бодлогыг хэрэгжүүлж байсан орнууд тодорхой хэмжээгээр бодлогоо хэрэгжүүлж, тайлбарлаж явсан. Орчин үед Монгол Улс үүнийг яаж баяжуулж, өөрийнхөө эрх ашигт хэрхэн нийцүүлж авч явах гэсэн асуудал байгаа. Үүнийг эзэн орон тайлбарладаг. Тухайлбал, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа нь манай энэ бодлоготой нийцэж байна уу гэвэл “Нийцэж байгаа. Энхтайвныг сахиулах үйл ажиллагаанд бид оролцоно. Энэ бодлоготой шууд уялдаж байгаа. Энэ бодлого бол энэ дотор багтаж байгаа” гээд л тайлбарлахад бусад нь гарч ирээд “Энэ буруу, энэ тийм бодлого биш” гэж хэлээд манай бодлогыг зогсоох ямар ч шаардлага байхгүй. Хоёр талын уламжлалт батлан хамгаалах бодлогод энэ бодлого нийцэж байна уу гэхэд бидний УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл дээр “Хоёр талын уламжлалт батлан хамгаалах харилцаанд энэ бодлого нөлөөлөхгүй” гээд байж байгаа. Бид аль нэг улстай дайн өдүүлэх зорилгоор батлан хамгаалах салбараа хөгжүүлж байгаа биш, хэрэв гаднаас ямар нэг зэвсэгт халдлага болбол бид өөрсдийгөө хамгаална гэсэн ийм л хуулийн томъёолол байдаг. Бусадтай дайсагналцахгүй, бүхэнтэй энх тайванч, найрамдалт харилцаагаа хөгжүүлнэ гэдэг зарчмаа л олон улстай тогтоогоод яваад ирсэн сайн үйл ажиллагаа, үлгэр жишээ, сургамжтайгаа Монгол Улс уялдуулж өгч байгаа юм. Энэ талаараа Монгол Улсын эрх ашигнай их нийцсэн бодлого гэж харж байгаа.

Хөтлөгч Г.Ганбаяр: -Энэ бол эдийн засаг, худалдаа зэрэг харилцаатай хамаарахгүй юм байна. Тэгвэл цаг хугацааны ямар нэг хязгаарлалт, хүчин зүйл байх уу. Жишээлбэл, зөвхөн дайн, зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэнэ ч гэдэг юм уу. Байнга гэдэг үгийн агуулгыг юу гэж тодорхойлох вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Төвийг сахих бодлого гэдгийн өмнө байнга гэж хэлээд байгаа. Тэр нь байнга, тууштай, хувиршгүй гэсэн утгатай. Монгол Улс байнга гэдгийг яаж харж байна вэ гэвэл бидний бодлого тогтвортой байх юм. Биднийг шүүмжилдэг улс байдаг. Танай бодлого тогтворгүй байна. Савлаж байна гэдэг. Тэгэхээр энгийн хэллэгээр бол улааныг харж урвахгүй, шарыг харж шарвахгүй. Бид энэ бодлого дээрээ тогтвортой байна л гэсэн үг. Байнга гэдгийн цаана тууштай байна. Байнга гэдгийн цаана энэ бодлогоо бид өргөжүүлж, идэвхтэй ажиллана гэсэн санаа бий.

Магадгүй, зарим хүмүүсийн хэлдгээр байнга гэдэг үг төвийг сахих гэдэг үгийн өмнө байхгүй ч байж болно. Байнга, идэвхтэй гэдэг зарчим хуулин дотроо тусчихсан байхад болох юм гэж манай зарим гишүүд, судлаачид хэлж байгаа. Үүнийг хүлээж авахад бэлэн. Тиймээс бүгдээрээ ярилцаад, аль болох монголчуудын эрх ашигт нийцэж байгаа, олуулаа санаа бодол нь нэгдэж байгаа тэр томъёоллоор ярилцаж, бодлогоо томъёолж, хуульчлах нь чөлөөтэй. Ийм боломжтой.

Хөтлөгч Н.Баасандамба: -Тухайн нөхцөл байдалдаа нийцүүлээд Монгол Улс өөрөө тайлбарлах боломжийг энэ статус олгож байгаа гэж та сая хэллээ. Өөрөөр хэлбэл, энэ статусаа яаж ашиглах нь биднээс шалтгаална гэсэн үг үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тийм. Өнгөрсөн зуунд хүйтэн дайн гэж 1990-ээд он хүртэл үргэлжилсэн хоёр системийн өрсөлдөөн байлаа. Тэр үед явуулах бодлого нь тэр хоёр системийнхээ аль талд ойрхон байна. Алинд нь орж байна гэдгээрээ их тодорхой байсан. Хүйтэн дайн дуусаад тодорхой харилцаанууд явж эхэлсэн. Одоо бол хүйтэн дайны дараачийн нөхцөл байдал үүсч байгаа. Дэлхийн олон улс, биднийг тойрсон манай бүс нутгийн улсууд ч гэсэн гадаад бодлого, стратеги, аюулгүй байдлынхаа бодлогыг шинээр томъёолж байна. Манай хөршүүд ч тэгж томъёолж байна, бүс нутгийн улс орнууд ч тэгж томъёолж байна. Болзошгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд бид ямар байр суурьтай байх вэ гэдгээ урьдчилж томъёолж байгаа юм. Үүнээс Монгол Улс хоцорч болохгүй. Энэ дотроос хамгийн барьж авах боломжтой, тэгээд уламжлалт олон тулгуурт энхийг сахисан бодлогын бодит үргэлжлэл болж гарч ирж байгаа бодого бол энэ төвийг сахих бодлого байгаа юм.

Нөхцөл байдал ер нь өөрчлөгдөж байна. Цаашдаа ч өөрчлөгдөнө. Бас нэг айхтар зүйл бол зөвхөн улс орнууд олон улсын бодлогын үйл ажиллагааг, олон улсын дэг журмыг өөрчлөх, эвдэх нөхцөлд ордоггүй юм байна. Бүр улсын биш, төрийн биш тоглогчид гарч ирж байна. Ойрхи дорнодод байна. Бусад газруудад байгаа халуун цэгүүд байна. Тэгэхээр энэ бодлогоо урьдчилаад, тодорхойлоод, олон нийтээрээ хүлээн зөвшөөрөөд, ийм бодлоготой байж байх нь аливаа улс оронд хэрэгтэй юм байна.

Зарим хүмүүс шаарддаг юм. Үүнийг гэнэт гаргаж ирсэн. Ямар тайлбар, ямар тулгалт ирсэн юм бэ гэдэг. Ямар ч тулгалт ирээгүй. Ямар ч тайлбарлах шаардлага гараагүй. Гэхдээ бас тайлбарлах үе гарч ирдэг. Өмнө нь Ойрхи дорнод зэрэгт дайн гарахад та нар аль талд нь байгаа юм ч гэдэг юм уу. Танайх ямар байр суурьтай юм бэ гэдэг ч юм уу. Ийм асуудал гардаг. Эндээс нэг дүгнэлт хийх гээд байгаа юм.

Манай хүмүүс, судлаачид, шүүмжлэгчдийн зүгээс гарч байгаа нэг санал бол “За бусад орон юу гэж үзэх бол. Манай хөрш орнууд юу гэж үзэх вэ” гэсэн ийм асуулт их гаргаж ирдэг. Тэгэхээр эхлээд Монголыг бодож ярь. Энэ Монголд хэрэгтэй бодлого уу, үгүй юү. Монгол гэдэг талаасаа асуудлыг хар. Үнэхээр Монголд хэрэгтэй, Монголын уламжлалт бодлогоос урган гарч байгаа зөв бодлого, Монголын эрх ашигт нийцэж байгаа бол энэ бодлогоо хэрэгжүүлье.

Төвийг сахих бодлоготой болно гэдэг бол тэр зарчмыг тунхаглахыг хэлж байгаа юм. Бодлоготой болно гэдэг бол өөрийн толгойтой болохыг хэлж байгаа юм. Хүнийг дагаад намираад байхгүй л гэсэн үг шүү дээ. Монгол Улсын эзэн бол Монголын ард түмэн. Монгол хүмүүс өөрсдөө байгаа юм. Энэ бодлогыг томъёолж гаргаж ирдэг хүмүүс нь Монголын төр байгаа юм. Тийм учраас Монгол Улс бодлоготой байгаа юм байна. Монгол Улс өөрийн гэсэн толгойтой байгаа юм байна. Монгол Улс энэ бодлогоо тууштай, тогтвортой хэрэгжүүлэх юм байна гэдэг бол олон улс оронд, бусад улсуудад өгч байгаа маш сайн томъёолол, мессеж гэж ойлгож болно. Нөгөө талаасаа энэ бол манай хоёр хөршийн эрх ашигт асар их сайн нийцэж байгаа юм. Хөрш орнууд нь найрсаг харилцаатай, ойлгомжтой, тогвортой, энхтайван байвал аливаа улс орон дуртай байдаг. Ийм л улс байя гэж бид үзэж байна.

Мөн хоёр хөрштэйгээ бидний байгуулсан, бидний харилцааны үндэс суурь болсон баримт бичгүүд бий. ОХУ-тай бид 1993 онд Найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хүйтэн дайны дараа дэлхийд шинэ дэг журам бий болох үеэр хойд хөрштэйгээ бид уг баримт бичигт гарын үсэг зурж, харилцаагаа тодорхойлсон. Тэрхүү баримт бичигт уг үзэл санаа байдаг. Гадаадын цэргийн баазыг Монголд байгуулахгүй, нөгөө талаас Монголын хил хязгаарын дархан байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ, Монгол Улсын сонгож авсан замыг хүндэтгэнэ гэж заасан байдаг. Мөн 1994 онд БНХАУ-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээнд дээрх заалт үг үсгээрээ байгаа юм. Тэгэхээр эдгээр заалтуудын үг үсэг, үзэл санаанд яв цав нийцсэн бодлого юм.

Олон хүнтэй уулзаж байхад зарим нь “Энэ их ойлгомжтой бодлого байна. Танай энэхүү бодлого бүс нутгийн энхтайван, аюулгүй байдал, зөвшилцөлд хувь нэмрээ оруулах юм байна” гэж хэлдэг. Тухайлбал, бүс нутаг, олон улсын түвшинд ингэж дүгнэх хандлага илүүтэй байна.

Хөтлөгч Н.Баасандамба: -За ингээд нээлттэй микрофоныг та бүхний дунд ажиллуулна. Та бүхэн хоёр минутын хугацаанд сонирхсон асуултаа тавина уу?

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн профессор Н.Алтанцэцэг: -Би Шинжлэх ухааны академид 20-иод жил ажиллан, гадаад харилцааны бодлого судлалын чиглэлээр багшилж ирсэн хүн байна. Та бүхэнтэй санал нэг байна. Монголын гадаад бодлого нь тодорхой томъёлол, нэршилгүй яваад байдаг юм гэсэн бодол төрдөг. Гадаад бодлогод дүн шинжилгээ, анализ хийх, гадаад бодлогын талаар шийдвэр гаргах механизм, зарчим гэж ойлголтууд байдаг. Тэгэхээр Монгол Улсад гадаад бодлогын шийдвэр гаргах механизм чухам ямар үе шаттайгаар, хэрхэн явагддаг юм бэ? Бид оюутнуудад энэ чиглэлээр хичээл заадаг учраас мэдэх гэсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Гадаад харицааны чиглэлээр тодорхой тогтвортой бодлоготой байх нь зөв гэсэн санааг би дэмждэг. Манайхан ярьдаг шүү дээ “Өөх ч биш, булчирхай ч биш байснаас тодорхой, тогтвортой бодлоготой байсан нь дээр” гэж.

Гадаад бодлогыг тодорхойлж гаргадаг үйл явц ямар журмаар явдгийг бид бүгд мэднэ. Үүний хамгийн гол суурь нь бидний уламжлал юм. Бид ямар ч үед уламжлалт гадаад бодлогынхоо зарчмыг хадгалж явдаг. Ямар ч Засгийн газрын үед манай уламжлалт гадаад бодлогын зарчим хадгалагдана гэсэн мэдэгдлийг бид үргэлж хийж харилцах талуудад ойлгуулдаг. Нөгөө талаас энэхүү бодлогыг ямар журмаар хэрэгжүүлэх тухай суурь баримт бичгүүд бий. Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд маш тодорхой заасан байдаг. Эдгээр суурь баримт бичгүүдээс гадаад бодлого урган гардаг. Аливаа бодлого хэлэлцүүлэхэд эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр оролцуулж, тэдний санаа бодлоор баяжуулах нь чухал. Ийм гурван хүрээгээр авч үзвэл илүү ойлгомжтой болох байх.

Хөтлөгч Г.Ганбаяр: -Та энэхүү бодлогыг анх танилцуулж байхдаа төвийг сахих статус нь Монголын тусгаар тогтнолын нэгэн баталгаа болно хэмээн хэлж байсан. Үүний итгэл, үндэслэлүүд нь юу вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улсын иргэн бүхэн улс орныхоо аюулгүй байдлын тал дээр санаа зовдог. Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хэрхэн улам баталгаажуулан бэхжүүлэх вэ хэмээн бид бүгд бодож явдаг. Тэгэхээр миний итгэл үнэмшлийн дагуу, улс төр, шийдвэр гаргах түвшинд чамгүй удаан хугацаанд ажилласан хүний хувьд энэ төвийг сахих бодлого нь төдийлөн шинэ зүйл биш юм. Өмнө нь Ерөнхий сайдаар болон бусад хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан хүмүүстэй би олонтаа ярилцаж байсан. Тэдгээр хүмүүс “Энэ статусыг бүр 1990-ээд оны үед л зарлачих байсан юм. Тэр үеэс л эхлэх байсан юм. Одоо харин ч зөв шийдвэр гарлаа” хэмээдэг.

Хөтлөгч Баасандамба: -Монголчууд бид бүс нутагтаа идэвхитэй тоглогч болох амбиц, зорилготой байдаг. Энэ статус бидний зорилгод түлхэц өгч чадах уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төвийг сахих статустай улс орнууд тийм ч олон биш. Тийм бодлого явуулж буй улс орнуудын бодлогыг манай судлаачид шинжлэн энэ бодлогыг гаргаж ирсэн. Энэ бодлого Монгол Улсад нийцтэй гэж би хувьдаа харж байгаа. Гадаад бодлого нь Монголын нэр төрийн жин юм. Энэ хэмжүүрийг олон улсад нэмэх боломж бий. Монгол нээлттэй гадаад бодлого баримталдаг, нээлттэй нийгэм байгуулж байгаа. Төвийг сахиж буй улс орнуудыг аваад үзэхэд нэгдмэл, захиргаадалтын ч гэх юм уу улс орон ч байна. Тийм бодлогтой байж тухайн улс орондоо 20 гаруй олон улсын байгууллагыг байгуулаад ирж очоод байж байгаа улс ч байна.

Харин манай улсыг аваад үзвэл Далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг ярьж байгаагаас өөрцгүй. Өөр Улаанбаатарт төвтэй олон улсын байгууллага байхгүй. Тэгэхээр Монгол нь бүс нутагтаа энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоороо, энэ бодлогоо тууштай баримтална гэсэн үзэл санаагаараа бүс нутагтаа идэвхитэй сайн оролцогч болох боломжтой.

Бельгийн нийслэл Брюссель хотыг бид мэднэ. Энд НҮБ, НАТО гэх мэт байгууллагын ажилтнууд болох гадаадын 100-аад мянган хүн амьдардаг шүү дээ. Үүн дээрээс гэр бүлийн гишүүдийг оролцуулбал 300 мянга гардаг. Дээрээс нь тус байгууллагуудын үйл ажиллагаанд оролцохын тулд гадаадын зочид төлөөлөгчид олноороо ирнэ шүү дээ. Энэ нь нэг ёсны сайн хөрөнгө оруулалт болж хувирдаг. Газраа ухна ухахгүй гэж хэрэлдэхийн оронд энэ аргаар улс орныхоо нэр хүндийг өргөж, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээд явбал сайн. Мөн НҮБ-ын салбар орших Женев хотыг жишээ татаж болно. Тайланд нь мөн олон улсын байгууллагуудын Ази дахь төв нь болдог. Мөн Африк тивд Кенийн Найроби хот байна. Вена хотод НҮБ, цөмийн чиглэлийн байгууллагууд, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гэх мэт оршдог.

Тэгэхээр Монгол нь бүс нутагтаа олон улсын харилцаа, зуучлалын төв болох бүрэн боломжтой. Байгаль орчин, ус гэх мэт олон чухал асуудлууд дэлхий нийтийн өмнө тулгамдаж байна. Монголчууд энэ статусыг зарлаад сайн үйлс болгон авч үлдэх боломж байна. Энэ боломж манай ард түмэнд, судлаач эрдэмтэд, төрийн бодлого тодорхойлдог хүмүүст бий. Бид зөвхөн энэ боломжийг өгөх үүд хаалгыг нь нээх хэрэгтэй байна.

Хөтлөгч Г.Ганбаяр: -Олон улсын гадаад харилцаа нь болгоомжтой хандахгүй бол их эмзэг асуудал. Япон, Умард Солонгосын хооронд асуудал бий. Энэ асуудлыг хэлэлцэхээр Улаанбаатар хотод уулзалт зохион байгуулж байсан. Хэрэв төвийг сахих статусыг батлаад, мөрдөөд явах юм бол олон улсын байгууллагаас гадна бүс нутгийн ээдрээтэй харилцаатай улс орнуудад байнга уулзах боломжийг нь нээнэ гэж ойлгож болох уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -“Зан сайтай айлд хүн олон, замаг сайтай усанд загас олон” гэж бид ярьдаг. Тэгэхээр бид төвийг сахих бодлоготой болно гэдэг нь хамгийн энгийн ойлголтоор найрсаг улс болж байгаа юм. Аливаа ээдрээтэй асуудал, улс хоорондын маргаанаа Монголд ирж ярилцдаг болно. Энэ бодлогыг зөв юм байна гэж харуулах нэгэн томоохон үйл явдал бол удахгүй болох АСЕМ-ийн чуулган байна. Европ, Ази хэмээх энэ хоёр том тивийн удирдагчид ирэх долдугаар сард Улаанбаатарт чуулах гэж байна. Энэ уулзалтыг зохион байгуулж байгаа улсын хувьд Монголд гишүүн орнуудаас гадна чухам ямар улс орныг урих вэ, ямар яриа хэлэлцээр өрнүүлэх вэ гэж яригдаж байна. Юуны түрүүнд энэ уулзалтыг зохион байгуулах дэд бүтцээ бий болгох хэрэгтэй.

Умард Солонгосын талаарх зургаан талт хэлэлцээр гээд л ярьдаг. Энэ асуудлыг Монголд ярилцаад шийдэж гэнэ гээд л ярилцдаг. Энэ бол зөвхөн эхлэл, бидний хүрэх зүйлийн захын жишээ юм. Манай УИХ, Засгийн газарт ч гэсэн энэ жил Монголд олон улсын ямар хурал зохион байгуулах вэ, олон улсын ямар маргааныг зуучлах вэ гэх мэт асуудлыг ярилцаж болох юм. Иймэрхүү сонирхлууд гарч ирнэ. Энэ байгууллагуудад бид хандаж, хүсэлт тавибал яасан юм. Мал аж ахуйн байгууллага, хорио цээрийн байгууллагын салбарыг Монголд үүсгэн байгуулбал яасан юм гэх мэт санаачилга гарч болно. Сонгуулийн ажиглагч бэлддэг төвийг Монголд байгуулбал яасан юм, авлигатай тэмцдэг олон улсын сүлжээний төвийг Монголд байгуулбал яасан юм гэх мэт санаа гарна. Энэ боломжийг бид сайн ашиглаж чадна.

Төвийг сахих бодлого нь янз бүрээр ойлгогдож ирсэн. Энэ шинэ зуунд монголчууд бид өөрийн хэрэгцээнд энэ бодлогоо ашиглаж чадах уу үгүй юу гэх мэт зүйлд эргэлзээд байгаа хүмүүст чадна гэдгээ л бид харуулах хэрэгтэй. Төвийг сахих бодлогын хамгийн гол нь бид өөртөө итгэх хэрэгтэй. Монгол Улсыг бидний өмнөөс хэн ч хөгжүүлэхгүй. Тийм учраас бид өөртөө итгээд энэ эдийн засгийн чадавхийг бий болгож чадна. Зарим хүмүүс “Энэ төвийг сахих бодлогод чинь эдийн засгийн чадавхи хэрэгтэй шүү дээ” гэж хэлдэг. Төвийг сахих статустай олон орнууд тэр эдийн засгийн чадавхиа олон зуун жилийн турш бий болгосон.

Тэгэхээр бид нар өөрсдөдөө итгэхгүй, хүнээс хараат юм шиг суугаад байж болохгүй. Бид өөрсдөдөө итгээд энэ бүхнийг босгож чадна. Энэ статусыг зарласнаар эдийн засгийн чадавхиа босгож ирэх боломжтой болж байгаа юм. Ийм өргөн хүрээнд харж болно.

Хөтлөгч Н.Баасандамба: –Энэхүү бодлогын давуу талыг та сая түлхүү ярилаа. За тэгэхээр энэ бодлогод итгэж үзье. Гэхдээ энэ бодлогын улмаас Монголд учирч болзошгүй эрсдлийг тооцож үзсэн үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид төвийг сахих бодлогын талаар ярилцаж, судалгаа хийж байхад эрсдэл гээд 20, 30-аад зүйл жагсааж байсан. Нийт дүнгээ харахад 90 гаруй хувь нь эрсдэлгүй гэж дүгнэсэн. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Эрсдэл гэхээсээ илүү болгоомжлох ёстой зүйлүүд байж болох талтай. Тиймээс бид энэхүү бодлогоо улам бүр чамбай томъёолох, энэ бодлого дээрээ тууштай байх, дотроо харилцан ойлголцох хэрэгтэй юм. Ардчиллыг зарим хүн буруу талаас нь ойлгодог. Заавал хагаралдаж, хэдэн талаас нь шийддэг биш, зарим асуудлыг бид нэгдэж шийдэх ёстой. “Монголчууд нэг ийм бодлого ярилцаж байгаад дотроо шийдэж чадахгүй хагараад зогссон юм гэнэ лээ” гэж хүнээр тавлуулаад сууж байх хэрэггүй шүү дээ. Энэ бодлого үнэхээр Монголын эрх ашигт нийцтэй юм байна, энэ нь уламжлалт бодлогоос урган гарч байгаа, бид энэ бодлогыг нэр төртэй аваад явж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил та бүхэнд байгаа л бол хэрэгжүүлээд явах хэрэгтэй.

Монголын бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийн хамгийн гол хамгаалагч, хэрэгсэл нь энэхүү бодлоготой уялдах байх гэж боддог. Энэ бодлого нь өөрөө өөртөө итгэхийг л хэлж байгаа юм.

Хөтлөгч Г.Ганбаяр: –Энд олон улсын харилцааны судлаачид хүрэлцэн ирсэн. Эдгээр хүмүүсийн асуултуудыг багцлаад асууя. Юуны түрүүнд батлан хамгаалах салбарын асуултууд байна. Монголоос Ирак, Афганистанд энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцдог. ОХУ-аас саяхан манайд зэр зэвсгийн тусламж үзүүлсэн. Энэ салбарын харилцаанд төвийг сахих статус ямар нөлөө үзүүлэх вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Бидний хууль гаргах гээд байгаа санаа энд байгаа. Энэ бодлогоо хуулиар томъёлчихъё. Жишээлбэл, энэ хуульд “Уламжлалт батлан хамгаалах харилцаанд нөлөөлөхгүй” гэж тусгаж өгч байгаа. Мөн бид НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Төвийг сахих энэ бодлогын талаар гадаад харилцааг төлөөлөх байгууллагын хувьд Гадаад харилцааны яам тайлбар өгнө. Цаашилбал Засгийн газраас, бүр Үндэсний аюулгүйн зөвлөлөөс тайлбар өгнө. Эдгээр механизмуудыг тогтоож өгч байгаагаараа хамгийн чухал юм. Тэгээд бид нар авч үзээд энэ нь манай бодлогод нийцэж байна гэдгийг тодорхойлно.

Европт нэг ийм нөхцөл байдал үүсч байсан. АНУ-аас Европын нэг улсад цэргийн ажиллагаа явуулах хэрэгтэй болоод төвийг сахих бодлоготой нэг улсаас “Танай нутаг дээгүүр цэргийн онгоц нисгэе. Цэргийн ажиллагаа явуулах шаардлагатай байна” хэмээн асуусан байдаг. Гэтэл “үгүй” гэж хариулсан. Тэгээд өөр нэг улсаас мөн хүсэлтийг тавьтал зөвшөөрсөн байдаг. Энэ бол тухайн орны шийдвэрийн асуудал. Учир нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрсөн учраас нутаг дэвсгэр дээрээ цэргийн нисэх онгоц явуулахыг зөвшөөрсөн. Үүнийг зөвшөөрөөгүй улсын хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс татгалзсан гэсэн үг. Ийм энгийн ойлголт байгаа. Тэгэхээр тухайн улс орны зүгээс хэлж байгаа үндэслэл маш чухал.

Өөр нэг чухал зүйл байна. Энэ хуулийн төсөл дээр маш тодорхой заасан. Монгол Улсын хүрээнд Монголын хуулийг барина. Бид гэртээ гэрийнхээ хуулийн дагуу амьдарна. Гэрээсээ гарвал НҮБ-ын дүрмээр явна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс шийдвэр гаргаж байгаа бол Монгол дэмжинэ. Дээрээс нь нэг зүйлийг маш тодорхой заасан. Манай байгуулсан олон улсын гэрээг энэ хуулиас илүүтэй дагаж мөрдөнө. Ингэж тайлбарласан. Тэгэхээр энд болохгүй зүйл огт байхгүй. Төвийг сахина гэдэг бол батлан хамгаалах салбар нь сул биш, хүчтэй байхыг хэлж байгаа. Монгол Улс өөрийгөө хамгаалах сайн чадавхитай болохыг хэлж байгаа. Ийм чадавхи хэрэгтэй байна уу, үгүй юү, хэн нэгнээс тусламж дэмжлэг авах ёстой. Энэ хэрэгтэй шүү дээ гэж учирладаг улсууд бий. Монгол Улсын хувьд өөрийгөө батлан хамгаалах үйл ажиллагаандаа зохицуулж тусламж дэмжлэг авах нь бол чөлөөтэй. Харин ч энэ боломжийг улам бүр өргөжүүлэх боломж байгаа. Бид энэ талаас нь харж байгаа. Тийм учраас тухайн улс орныг төлөөлсөн байгууллагуудын тайлбар, Монголын өөрийн гаргасан хууль тогтоомж чухал юм. Мөн хоёр талын байгуулсан олон улсын гэрээ маш чухал. Түүнийг дагаж мөрдөх хэрэгтэй.

ОУХ-ийн захирал, доктор Ж. Баясах: -Би энэ бодлогыг дэмжиж байгаа. Бигуч гаруй жил их дээд сургуульд багшилж, эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан олон мянган шавьтай хүн. Түрүүч нь элчин сайд болсон байх жишээтэй. Үе үеийн оюутнууд Монгол шиг улс ямар гадаад бодлоготой байх хэрэгтэй вэ гэж асуудаг. Жижиг улс бол либераль бодлоготой байх ёстой гэж би нэг хэсэг ярьдаг, номлодог байлаа. Дараа нь прагматик байх ёстой гэж үзээд бодоод байтал арай биш юм. Гадаад яамныхан үүнд тодорхой хариу өгч чаддаггүй байсан. Гадаад яамныхныг муу гэж байгаа юм биш, Монголд ганц тогтвортой явж байгаа бодлого бол гадаад бодлого байдаг. Дандаа амжилтаас амжилт руу явж байдаг.

Манай өвөг дээдэс их ухаантай байж, ХХ зууны том том сэхээтнүүдээс Швейцарь лугаа хөгжинө гээд хэлсэн улс байдаг. Тэр 1993,1994 онд ОХУ, БНХАУ-тай байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээ бол дандаа л тогтвортой байя, найрамдалтай байя гэж хийгдсэн байдаг, түүний үргэлжлэл юм. Энэ бодлого зөв гэдэг ярилцлага Ройтерсээр гарсан байгаа. Хятадын хэвлэлд харагдаж байна. Youtube.com сайтад тавигдсан байгаа. Одоо нэг зүйл хийх гэж байна. Бараг миний байгуулсан Олон улсын харилцааны сургууль дээр энэ төвийг сахих бодлогын талаар хурал хийж ярилцах гэж байна. Дараа нь 6 дугаар сард КАС-тай хамтарч олон улсын хурал хийхээр ярьж байна. Сургууль, олон улс судлалын хүрээлэн төсөл боловсруулаад өгсөн одоо танд хүрч байгаа байх, замдаа явж байгаа гэж сонссон. Осакогийн их сургууль намайг Иран болон Монгол Улсын талаар болон Монголын аюулгүй байдлын талаар олон улсын гэрээ, хэлэлцээ хэрхэн хийх вэ гэсэн номын зохиогчоор оролцоно уу гэж урьсан, би “За” гэсэн.

Биднийг Евро-Азийн гол тоглогчдын нэг гэж үзэж байгаа. Солонгосын хойгийн асуудлаар гаргасан Улаанбаатарын санаачилгыг хамгийн сайн болсон санаачилга гэж үзэж байгаа. Зургаан талт уулзалт хэлэлцээ зогссон. Энэ уулзалтыг Монгол Улсад хийвэл тэдгээр улсууд бүгд зөвшөөрнө. Үүнийгээ үргэлжлүүлээч ээ. Хоёр Солонгос нэгдлээ гэхэд Германы загвар дээр биш, харин Монголын туршлага дээр суурилаад хийгээч гэдэг ийм яриа өрнөж байна. Монголын дуу хоолой дэлхийд хүрдэг болсон. Хуучин Москвагийн үгээр явдаг байсан, больсон. Хүйтэн дайнаас хойш тусгаар улс гэдгээ мэдрүүлээд их идэвхтэй сайн гадаад бодлоготой болсон. Бүс нутгийн 18 их сургууль, академ нийлсэн хамтын ажиллагааны их том хурал болно. Тус хурлыг та ивээл дороо авч дэмжлэг үзүүлэхийг хүсч байна, баярлалаа.

УИХын гишүүн С.Оюун: -Баярлалаа сонирхолтой ярилцлага өрнүүлж “Онцлох сэдэв” гэдэг шинэ нэвтрүүлэг эхэлж байгаад баяр хүргэе. Тодорхой жишээнүүд дээр ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Сая сэтгүүлч хэлсэн. Монгол Улс Ирак, Афганистанд цэрэг илгээсэн, бас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагч. Эдгээр жишээн дээр байнга төвийг сахих гэдэг байр суурь их ойлгомжтой болох болов уу гэж бодож байна. Монгол Улс 1990-ээд оноос хойш хорь гаруй жилийн хугацаанд ерөнхийдөө төвийг сахих бодлого баримталж ирсэн боловч Ирак, Афганистаны жишээн дээр төвийг сахиагүй. НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Монголын цэрэг, батлан хамгаалах салбар оролцох нь зөв гэж ихэнх нь үздэг байх. 2003 онд Иракийн эвсэлд оролцоход тухайн үед УИХ-аар ч хэлэлцээгүй шууд шийдээд явсан. Сүүлд нь УИХ-аар хууль тогтоолуудад өөрчлөлт оруулж шийдээд явдаг болъё гээд УИХ дээр ярилцаж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Иракийн хувьд АНУ-ын санаачилсан эвсэл байсан байх, Афганистаны хувьд НАТО санаачилсан эвсэл байх. Иймд одоо бол НАТО болон АНУ-ын санаачилсан эвсэл хандахад “бид байнга төвийг сахих бодлоготой болсон, уучлаарай” гэх нь байна шүү дээ. Би тухайн үедээ Гадаад хэргийн сайд байхдаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагааны хүрээнд цэнхэр дуулга дор нэгдэхэд тухайн үед хувь хүний байр суурин дээрээ болох юм байна гэж боддог байсан.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол бидний хөрш ОХУ, БНХАУ үндсэн гишүүн нь, Монгол Улс бол ажиглагч статустай байгаа. Харин хоёр хөрш маань тус байгууллагын гишүүн болох уу гэж санал тавьдаг. Болоосой ч гэж хүсдэг байх. Тэгэхээр бид “Уучлаарай, бид одоо болтол ажиглагч байр суурьтай байна” гэж үздэг байх. Үүн дээр ч гэсэн бид байнга төвийг сахих бодлогын хүрээнд ажиглагч байр суурьтай байх болов уу гэж бодоод байгаа юм. Тухайн үед нь Гадаад яамныхан тодорхой байр сууриа хэлнэ биз. Энэ хуулийн төсөл дээр Гадаад яам, Засгийн газар саналаа хэлнэ биз. Иймэрхүү жишээн дээр байр сууриа илэрхийлнэ үү, эрхэм Ерөнхийлөгч өө. Манай гол хөрш орнууд ОХУ, БНХАУ, гуравдагч хөрш АНУ гэх мэтчилэн орнууд хэрхэн хүлээн авах бол? Бид энэ бодлого дээр тууштай байна гэвэл гол гол улс, хөрш орнуудад зөв тайлбарлаад явах ёстой болов уу. Мөн гадаад бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлал дотор энэ бодлогоо шигтгээд, батлуулаад явах боломж байгаа гэж харж байна. Зарчмын хувьд бол бипэнэ байр суурийг баримтлаад ирсэн нь үнэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Саяын хэлсэн зүйлүүд дээр товчхон хэлэхэд энхийг сахиулах ажиллагаа гэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр заавал энэ асуудлыг ярилцдаг, тэр шийдвэрийг Ерөнхий нарийн бичгийн дарга нь хэрэгжүүлдэг. Энхийг сахиулах ажиллагаанд бид нар маш идэвхитэй оролцоно, бүр өргөжүүлнэ. Энэ нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нэг хэлбэр. Үүнийг хамтарч ярилцаад Ерөнхийлөгч нь тайлбарлаад олон улсын түвшинд гаргахад энэ бол Монгол Улсын байр суурь болоод явчихна. Нөгөө талаас энэ бол анхны санаачилга уу, өмнө нь гарч байсан уу гэвэл өмнө нь үүнтэй төстэй санаачилга гарч байсныг энд хэлэх хэрэгтэй. Жишээлбэл, 1992 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын санаачилга гаргаж байсан. Түүнийг тэр ондоо Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр очиж зарлаж байсан. Дараа нь 1998 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей Монгол Улсын санаачилгыг дэмжсэн байдаг. 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль гэж Монгол Улсын УИХ гаргасан. 2011 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон энэ санаачилгыг дэмжиж баталгаажуулж гарын үсгээ зурсан. Тэгэхээр яг ийм байдлаар бид явах бүрэн боломжтой. Өмнө нь ийм санаачилга гаргаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Зарим улс ийм бодлого гаргахад дургуйцэх болов уу гэж асууж байна Монгол Улс өөрийн бодлоготой болж байгаа юм. Монгол Улс наад захын тодорхой зүйл дээр тодорхой байр суурь илэрхийлж хэлэх зүйлтэй болж байгаа юм. Зарим нэг тал, зарим нэг улсууд “Монгол Улс бидний хэлснээр байх ёстой” гэсэн бодолтой, жаахан дургүй ч байж магадгүй. Тийм учраас энэ бодлого Монгол Улсад хэрэгтэй байна уу гэдгийг харж үзэж, асуудалд хандвал зөв болно гэж бодож байна. Өөрийн бодлоготой, тодорхой асуудлууд дээр тогтвортой, дээр нь бидний хамгийн эрхэмлэж явдаг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал энэ бүхэн бас нэг уяа, гадастай болж байгаа юм. Тэр бодлогоо тууштай баримтлах нь Монголын эрх ашигт нийцнэ. Яг энэ талаар Монгол хүн бүхэн бодож байгаа. Өргөжүүлээд ярих юм бол олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн төв болох боломжтой, дэд бүтэц, агаарын харилцаа, шинэ онгоцны буудал гэх мэт олон зүйлийг ярьдаг. Энэ бүхэнд нөгөө талаараа дэмжлэг болох ийм л бодлого байгаа юм.

МУИСийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш С.Баясгалан: –Ерөнхийлөгчийн Цөмийн зэвсэггүй бүс гэсэн санаачилгатай ижил байгаа юм. Миний хамгийн их сонирхож буй зүйл бол Байнга төвийг сахих статусын талаар хоёр хөршөөсөө асуусан гэж олон нийтийн мэдээллээр гарч байсан, түүнээс цааш мэдээлэлгүй байна ОХУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн болов уу. Мөн БНХАУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн болов уу?

Хэрэв өгсөн бол, эсвэл өгөөгүй бол ямар асуудал гарсан бэ. Жишээлбэл, дипломат харилцааны хувьд жест маягийн зүйл байдаг шүү дээ. Нэг бол дэмжиж байна, эсвэл дэмжихгүй байна. Эсвэл инээмсэглэсэн маягаар, дараа ярилцъя гэдэг байдлаар орхидог ч юм уу, эсвэл дуугүй орхих ч юм уу, ийм зүйл гарсан уу?

Нөгөө талаас Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн асуудал дээр цөмийн зэвсгийн талаар, хашилтанд хэлбэл төвийг сахих маягтай зүйл яриад одоо болтол гэрээ болж хэрэгжихгүй статусын хэмжээнд явж байгаа зүйл бий. Тэр статус зогсоод байгаа. Энэ үүднээс харвал ОХУ, БНХАУ байна. Бусад улсууд бол Монголоос харьцангуй хол, ашиг сонирхол нь төдийлөн хөндөгдөөд байдаггүй. Энэ үүднээс ашиг сонирхол нь хамгийн их хөндөгддөг хоёр хөршийн хувьд ямар байр суурьтай байгаа юм бол. Тэр талаар тодруулж өгнө үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хоёр хөршийн хувьд бид нар энэ бодлогыг судлаад, Аюулгүйн зөвлөл дээр ярилцахын өмнө Гадаад яамаараа дамжуулан хоёр хөршийн Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд тодорхой мэдэгдсэн. Монгол Улс энэ төвийг сахих бодлогоо олон нийтэд зарлая гэж бодож байна. Энэ чиглэлээр ойрын үед тодорхой алхам хийнэ гэдгээ хоёр талдаа мэдээлсэн. Манай хоёр талын хэлсэн зүйл бол “Үнэхээр хөрш орнууд гэдэг ийм л байх хэрэгтэй. Ийм чухал бодлого зарлах гэж байгаагаа бидэнд та бүхэн түрүүлж мэдэгдлээ. Их баяртай байна” гэдгээ илэрхийлж хүлээж авсан. Нөгөө талаар албан ёсны айлчлалын үеэр хоёр хөршийнхөө удирдлагуудтай уулзаж, олон асуудлаар санаа оноогоо хуваалцаж явдаг. Тэр түвшинд бид нар ийм бодлого ярилцаж байгаа, энэ тухай бодлого гарна гэж ярилцдаг. Манай хоёр хөршийн зүгээс бидний харилцааны үндсэн баримт бичигт туссан үндсэн нэг асуудал бол Монгол Улсын гаргаж байгаа шийдвэр, сонгож авч буй замд хүндэтгэлтэй хандана гэж заагдсан байдаг. Ерөнхийдөө энэ байр сууриа хэлдэг. Сүүлд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар энэ бодлогоо дэмжүүлэх нь зүйтэй юм гэж бид Гадаад харилцааны чиглэлээр яриад Ерөнхий ассамблейн энэ намрын чуулганд оруулах чиглэлээр ажиллаж байгаа. Тогтоолын төсөл явж байгаа. Түүнд нууж хаагаад байх олон зүйл байхгүй. Гуравхан санаа байдаг юм шүү дээ

Нэгдүгээрт, НҮБ-ын ерөнхий ассамблей Монгол Улсын төвийг сахих бодлогыг дэмжиж байна. Дээрээс нь дэмжиж хамтарч ажиллахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалж байна. Мөн Монгол Улсын төвийг сахих бодлого бол бүс нутгийн болон даян дэлхийн аюулгүй байдал, энх тайван, найрамдалт хамтын ажиллагаанд тус нэмэр болно гэж найдаж байна гэсэн ийм л байр суурь байдаг. Тэгээд энэ бодлого гарангуут бусад улс орнуудтай дипломат шугамаар ярилцах боломжийг бидэнд олгож байгаа юм. Тэгээд үүнийг дэмжиж оролцъё гээд арваад орон, Их Хуралд хууль санаачлахад гишүүд нэрээ бичээд явдаг шиг зохиогчоор оролцоод явж байгаа. Энэ асуудал НҮБ дээр ороод ирэхэд бид нар дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талаас тайлбар хүсч байгаа энэ асуудал дээр бас бид тайлбар сонсохыг хүсч байна. Бас материалууд дутуу байна гэж хаана ч асуудал хэлэлцсэн тэгж ярьдаг газрууд бий. Хамгийн гол юм бол танай Их Хурал дээр хууль өргөн барьсан байгаа. Танай парламент шийдэх гэж байгаа юм байна. Танай парламентаас ер нь ямар бодлого шийдвэр, ямар зарчим гарах юм бэ. Түүнийг харъя гэсэн иймэрхүү л байр суурьтай байгаа. Тэгэхээр энд бол айхтар харшилсан зүйл байхгүй. Тийм учраас би Их Хуралд түрүүн үгээ хэлэхдээ хэлсэн. Энэ гуравхан уулзалтаар маш тодорхой стандарттай, маш тодорхой зохицуулалттай, хоёр талтайгаа байгуулсан олон улсын гэрээ, Монгол Улсын гэрээнүүдэд үндэслэсэн, Аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад зүйл, гадаад бодлогын уламжлалт бодлогод суурилсан байдлаар оруулсан хуулийг УИХ дээр яриад баталчихад цаашаагаа явах үйл ажиллагаанууд нь бүрэн явах боломжтой байгаа юм гэдгийг энд бас хэлье гэж бодож байна.

Геополитикийн хүрээлэнгийн захирал, доктор Ж.Чойнхор: -За баярлалаа Улсын Ерөнхийлөгчтэй онцлох сэдвээр ярилцаж байгаа нь сонирхолтой байна. Би хоёр асуудал ярих санаатай байна. Нэгд, бид нар төвийг сахих бодлогоо тодорхойлох үе шатанд явж байгаа. Хоёр дахь үе шат нь бол хууль батлаад, зарлах тухай асуудал. Тэгэхээрээ энэ бол бодлого болно. Гурав дахь нь тэр бодлогоо баталгаажуулна. Энэ бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол болно. Түүнийг баталгаажуулдаг өөр бас олон улсын хэм хэмжээ, гэрээ хэлэлцээрүүд зөндөө байна. Ерөнхийлөгч түрүүн тодорхой сайхан ярьсан.

Энэ асуудал харин хоёр дахь үе шатандаа буюу УИХ-ын хаврын чуулганд ороход хэрхэн яаж яригдах юм бол гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Зарим намын бүлгүүд асуудлаа тодорхойлж чадахгүй байгаа юмуу, тийм байр суурьтай хандаад байгаа нь мэдэгдэж байгаа. Энэ асуудал дээр хүн, иргэн буцаад байхааргүй л юм шиг. Ганцхан энэ дээр тухайн цаг үеийн улс төрийн сүүдэр тусах бий дээ гэж болгоомжилж байгаа юм. Хоёр дахь хэлье гэсэн санаа бол гадаад бодлогод залгамж шинж чанар гэж байдаг. Та түрүүн хэллээ, ямар ч засгийн үед гадаад бодлогын зарчмаас хэвийж байсангүй, нэгдмэл байдлаар илэрхийлж байсан. Ингэж гэмээнэ Монгол Улс цэгцтэй, бат нэгдэлтэй байж аюулгүй байдлаа хангах учиртай юм. Тэгэхээр нь энэ зарчмыг л алдагдуулахгүй, залгамж чанараа үргэлжлүүлээд л энэ хуульд хандаасай гэж улс төрийн хүчнүүд, намууд, судлаач нөхдөд үүнийг хүсмээр байдаг юм. За баярлалаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Их Хурлын хүрээнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал хийж, би хаалттай хуралдаанд орж танилцуулга хийж байсан. Манай УИХ-ын гишүүд бол ярилцъя. Энэ дээр ойлголцоод, энэ хуулийг баталж гаргах боломжтой. Гэхдээ энэ зүйлийг яръя. Үнэхээр олон талаас нь судлаач эрдэмтдээс сонсъё гэсэн ийм л хандлага байгаа юм. Нэг зүйлээс бид нар бүгдээрээ хол байгаа юм. Дээр нь улс төржсөн намын байр суурь байна. Би түрүүн тал талаасаа Монголчууд ойлголцоод баталчих боломжтой хууль гэж хэллээ.

Сая Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар М.Сономпил гишүүн сонгогдсон. Н.Энхболд дарга байна. С.Оюун гишүүн байна. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан бусад хүмүүс энд байна. Тэгэхээр бид нар энэ асуудлаар зөвхөн УИХ-ын хүрээнд ч ойлгох биш, улмаар цаашаа нийт ард иргэдийнхээ хүрээнд, судлаачдынхаа хүрээнд зарчмын асуудлууд дээр ойролцоо байр суурьтай болох нь зүйтэй гэсэн ийм л байдалтай байгаа юм шүү. Би хувьдаа үүнийг дэмжиж байгаа.

Тэгээд байр суурь нэгдээд ойртоод ирвэл бид энэ бодлогоо баталчих боломжтой. Миний харж байгаагаар УИХ-ын ээлжит бус чуулган ч гэдэг юмуу, хаврын чуулганаар хийвэл энэ парламентын үлдээх бас нэг сайн өв болоосой л гэж би боддог юм. 1990-ээд онд сонгогдсон Ардын Их Хурал Үндсэн хуулийг баталсан гэж байнга бахархаж, гишүүд нь цуглахаараа ярьдаг. Энэ Их Хуралд баталсан, хийсэн маш сайн хуулиуд байгаа. Яг гадаад бодлого, аюулгүй байдлын хувьд төвийг сахих гэдэг энэ олон жил явсан, олон зуунаар гэж хэлж болохоор олон үе дамжсан энэ асуудлыг баталсан тийм Их Хурал шүү гэж ярих хэмжээнд, тийм өвтэй үлдэх боломж манай УИХ-д байгаа гэж бодож байгаа. Дээрээс энэ төвийг сахих бодлогыг УИХ-аар хууль болгон баталсан тэр өдрийг тэмдэглэлт өдөр болгож оруулья. Амралтын өдөр биш шүү дээ, тэмдэглэлт өдөр.

Наад зах нь жилдээ тэр өдрөөр эргээд хэдүүлээ уулздаг, бас нэг ярьдаг байх хэрэгтэй. Тэр үед бид ийм ийм юм бодож үүнийг баталсан. Өнөөдөр бид ямар ажилтад хүрэв, ямар нөхцөл байдал шинээр үүсэв гэж ярилцдаг. Жилд нэг удаа энэ тухай наад зах нь судлаач, эрдэмтэд, олон нийтийн хүрээнд ярьдаг, ийм боломжтой байя гэж хүртэ бодож байгаа шүү гэдгийг хэлэх нь зөв байх.

Энэ дээр өмнө ярьсан зүйлээс ганцхан зүйл хэлье. Улс орон том багагүй эрх ашигтай байдаг. Яг өөрийнх нь эрх ашиг тулаад ирэхээр том бага ч бай, ямар ч улс орон өөрийнхөө эрх ашгийг л боддог. Амиа л боддог. Энэ бол олон улсын харилцаан дээр харагдаж байгаа зүйл. Ямар ч эвсэл тэгдэг. Тэгэхээр Монгол Улс гэдэг бол эрх ашигтай. Төвийг сахих бодлого гээд зарлана гэдэг бол сая уламжлалт чанарын тухай ярилаа. Яг ингээд хуульчлаад зарлачихаар гадаад бодлогын уламжлалт чанар тууштай, тогтвортой үргэлжилнэ гэдгийг хэлж байгаа юм. Бид нар үзэл баримтлалын хүрээнд ингээд зарлачихсан, бодлогын хүрээнд уламжлал болгон авч явж байгаа.

Одоо хуулийн хүрээнд хэдэн үедээ Монголын төр ийм бодлоготой байх юм гэж зарлаж байгаа нь харин ч бүр залгамж чанарыг хуульчилж өгч байгаа их сайн зүйл болж байгаа юм. Зарим хүмүүс Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийх хэрэгтэй болох юм шиг байна гэж асуудаг. Манайхны тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхгүй байх арга нь энэ. Үндсэн хуульд өөрчлөлт хийх ямар ч шаардлага байхгүй. Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэсэн гол заалт тэнд байгаа. Тийм учраас “Энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулж байгаа олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн” гэсэн үг бас байгаа. Тэр бодлогын үргэлжлэл болгоод хуульчлаад гаргачихад болж байгаа юм. Зарим газар бол Засгийн газар нь төвийг сахих статустай орон гээд зарлаад явчихсан ч улс орнууд байдаг. Ерөнхийлөгч нь зарлаад явчихсан ч улс орнууд байдаг. Монголын хувьд бид нарын байгаа байршил, бид нарын хэрэгжүүлж байгаа бодлого нь өөрөө бас өвөрмөц нөхцөлтэй, онцлогтой учраас УИХ-ын хүрээнд яриад хуульчлаад гаргах нь зүйтэй юм гэсэн энэ замыг л сонгосон. Тэгээд хууль нь ийм байх ёстой гэж энэ төслийг оруулж байгаа юм.

Стратегийн судалаааны хүрээлэнгийн захирал доктор Д.Ганбат: -Өнгөрсөн намраас, энэ бодлогын тухай асуудал яригдаж эхэлснээс хойш нэг ч их Хэлбэл зохих ёстой хүмүүс нь төвийг сахиад дуугарч өгөхгүй байгаа. Хоёрдугаарт, энэ нэвтрүүлэг олон нийтэд чиглэж байгаа учраас хэлье гэж бодож байна. Энэ асуудал тэр болгон хүмүүс мэдээд байдаг сэдэв биш, ардчилсан улс учраас мэдэж байх учиртай гэдэг утгаар хэлэлцэгдэж байгаа гэж бодож байна. Миний хэлэх гэсэн санаа юу вэ гэхээр энэ бол улсын бодлогын асуудал. Тэр хэмжээнд харах нь зүйтэй гэж хэлэх гээд байгаа юм л даа. Цар хүрээг нь жаахан томруулж харах ёстой.

Өнөө маргаашийн асуудалтай холбоод ярих юм бол бодлогын асуудал биш болчих байх. Тэгэхээр бид нар юу харах юм бэ гэхээр өнгөрсөн 200 жилийн түүх биш юм гэхэд өнгөрсөн 100 жилийн түүхээ харах ёстой. Урагшаа 100 жил хардаггүй юм гэхэд 50 жил харах ёстой. Энэ том орон зайд тавиад үзэхэд их олон асуултад хариулт нь гараад ирэх байх гэж боддог.

Монгол Улс бол ардчилсан улс, XIX зуунаас хойш дэлхийн түүхэнд төвийг сахих статустай холбогдсон 30 гаруй жишээ байна л даа. Түүний дотроос болсон болоогүй, татгалзсан, буцаан сэргээсэн гээд хараад байхад ардчилсан улсууд нь асуудалдаа арай дөхөм байр суурьтай хандсан. Тэр нь үр дүнгээ өгсөн нь харагдаад байгаа. Европын улсуудын жишээг энд хэлээд байна л даа. Азид бол Лаос, Вьетнамаас эхлээд зөндөө зүйл байсан байх. Тэгэхээр бид бол ардчилсан улс, энэ бол бидний бодлогын асуудлын тулгуур байх ёстой санаа. 1990-ээд оноос өмнө бид өөрийн бодлогоос илүү хүний бодлогоор явж байсан. 1990-ээд оны дараа бол өөрийн бодлогоор явах ардчиллын шаардлага гарч ирсэн. Ардчилсан биш байсан бол бид нар энэ тухай ярих ч үндэс байхгүй.

Хоёрдугаар шаардлага нь өмнөх түүхээ эргээд харах юм бол бид нар идэвхгүй байсан. Өнөөдөр 1990-ээд оноос хойш идэвхтэй байх нь бидний оршин тогтнох, тусгаар тогтнолын нэг том шаардлага болоод байна. Идэвхгүй суугаад л байх юм бол дэлхийн түүхнээ чимээгүй л алга болно. Бид ядаж бүс нутгийн хэмжээнд тоглогч болж чадахгүй юм гэхэд идэвхтэй байх нь бидний шаардлага болчихоод байна. Юуны түрүүнд Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал гэж боддог.

Гуравдугаарт, маш энгийн нэг зүйл хэлмээр байгаа юм. Дэлхий ерөнтөнцөд дайн мөргөлдөөн гараад байгаа хэдий ч дэлхий нийтийн хөгжил иргэншил рүү явж байгаа. Тэр утгаараа Жон Ленноны “Imagine” гэдэг дуун дээр гардаг философи алсдаа явна гэж би боддог. Жишээлэхэд, ийм нөхцөлд Монгол Улсын 1990-ээд оноос хойшхи хөгжлийн яг өнөө үед энэ асуудлыг тавьж байгаа нь алхам урагшилж байна гэж хэлэх ёстой. Эргээд л бид жаахан урагшаа харж байгаа, ойрын 50 жилээ харах ёстой гэсэн санаа. Эсрэгээр нь бодъё л доо. Яг энэ үед Монгол Улс ойр хавьд хаана ч хэн ч байлдаж дайтаж байсан, тэр бүгдэд оролцоод яваад байна гэж зарлавал яах вэ? Ямар ч логикгүй. Дэлхий нийт их ойртож байна. Нэгнээсээ хамааралтай болж байгаа тохиолдолд аль болохоор эерэг тал руу нь явах ёстой. Тэрнээс биш жижиг том гэлтггүй юу байна, бүгдэд нь бид байлдаад байна гэвэл энэ нь логикгүй юм. Эндээс харахад мэтгэлцээнийг хүмүүс ойрхон зайд хараад байгаа юм болов уу гэсэн юм бодогдсон. Жаахан өргөн тавих юм бол энэ асуудлын санаа тодорхой харагдах ёстой гэж бодож байна. Баярлалаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Уучлаарай ярьсан бүхний дараа нэг тайлбар хэлээд байгаа нь зохимжгүй байж магадгүй. Түрүүн асуусан хоёр хөршийн асуудал дээр нэмээд нэг зүйл хэлэхэд бид нар байнга сайн хөрш байна гэж өөрийнхөө стратегийн бодлого дээрээ тодорхойлсон. Найрсаг харилцаатай байна гэж тодорхойлсон. Тэгээд стратегийн түншлэл гэж хоёр хөрштэйгээ харилцах харилцаагаа тодорхойлж байгаа юм. Энэ стратегийн түншлэл гэдгийн цаана Монгол Улс юу гэж ойлгодог вэ гэхээр гурван юм ойлгоод байгаа юм.

Манай хоёр орны харилцаа бол урт удаан хугацаанд бүх салбарт явсан тогтвортой хамтын ажиллагаа байх юм. Дээрээс нь бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэдэг юм. Бүр нөгөө талаас урт хугацааны гэдэг дээр байнгын гэж хэлж болно. Жишээлбэл, байнгын төвийг сахих бодлоготой болно гэдэг бол яг энэ эрх ашигт нийцэж байгаа юм. Урт хугацааны стратегийн харилцаатай орнууд байнгын бодлоготой байх явдал бол хоёр хөрштэйгээ Монгол Улсын харилцаж байгаа харилцаатай шууд яв цав нийцэж байгаа бодлого юм. Ингэж харах юм бол бид нар ойлголцоод явах боломжтой байгаа. Уламжлал гэж өмнө ярьж байсан. Манай Их Эзэн Чингис хааны үед ч байсан бодлого байдаг. Түүнийг судалдаг улсууд энд харагдаж байна. Төвийг сахисан улсыг найртайгаар үзэх зарчим гэж тэр үед тунхагласан байдаг юм шүү дээ. Дайн байлдаан хийгээд явж байхад бидний өөдөөс босч тэмцэхгүй, төвийг сахиж та бүхэнтэй харилцаатай байна гэсэн улс орнуудыг дайны хөлд үрэгдүүлэхгүй үлдээдэг байсан ийм жишээ бол бий л дээ. Тэр үед Монгол Улс бол том, дэлхийн бодлогыг тодорхойлоход оролцож явсан Их гүрэн байсан. Одоо бол бид нар ийм их гүрнүүдийн дунд амьдарч байгаа. Ийм учраас энэ улсууд ч гэсэн Монгол Улсын төвийг сахисан улстайгаа найрсаг харилцах бодлогыг дэмжиж, “Бид нартай найртайгаар харилцаач, бид хэнийг ч дайсан гэж хэлэхгүй. Бид бүгдийг өөрсдийнхөө найрсаг найз нөхөд, хамтран ажилладаг улсууд гэж харж байна” гэж хэлж байгаа нь Монголын хувьд их ач холбогдолтой гэж бодож байна.

ШУА-ийн ОУХ-гийн ажилтан доктор Л.Хайсандай: –Би Ганбат захирлын санааг дэмжиж байна. Манайх урьд өмнө ч гэсэн ийм бодлого явуулж байсан. Сая Ерөнхийлөгч ярилаа. Чингисийн “Билэг” гэдэг зохиол байдаг. Түүн дээр Монголын төрийн гадаад бодлого ямар байх вэ гэдгийг тодорхойлоод өгчихсөн байдаг. Тэнд нэг толгойтой 1000 сүүлтэй могой гэж үлгэрээр Монголын бодлогыг тодорхойлсон байдаг. Энэ үзэл санааг дэмжиж байгаа. Хамгийн анх үүнийг гаргаж ирэхэд Чойнхор сайд бид хоёр телевизээр дэмжиж ярьсан. Энд тэнд лекц уншин хүмүүстэй ярьж явахад нэг юм асуугаад байдаг юм.

Сая Ерөнхийлөгч хэллээ, хоёрхон зүйл дээр энэ бол анхаарагдаж байгаа. Газар нутгаа ашиглуулахгүй, дайн тулаан болох юм бол ямар нэгэн эвсэлд орохгүй гэсэн. Гаднын сурвалжлагч хүртэл асууж байгаа юм л даа. Аливаа бодлого бол геополитикийн үүднээс тодорхойлогддог. Монгол газар зүйн ямар геополитикийн байршилтай орон бэ гэхээр хоёр их гүрний дунд байдаг. Энэ их газар нутагтай хоёр их гүрнийг дамжаад Монголд ямар аюул учирдаг юм бэ гэсэн асуудлууд их гардаг юм. Энэ гаргасан үзэл санаа, томъёоллыг тайлбарлахдаа гадныхан бол эдний төвийг байнга сахих бодлого нь хоёр их гүрэндээ зориулагдаж байна. Энэ хоёр их гүрний ямар нэг цэрэг дайны гэх зэрэг янз бүрийн юманд оролцохгүй байя гэсэн санаа байна гэсэн үүднээс гадныхан бол дэмжих гээд байдаг. Нөгөө тал болох нөгөө хоёр орон маань бас сэжиглэнгүй хандаж байгаа байдал бас ажиглагдаад байна. Үүнийг аятайхан хэлбэрээр яаж тайлбарлах вэ? Хоёрдугаарт, энэ үзэл санаа хэрэв УИХ-аар батлагдвал Аюулгүй байдлын үзэл баримтлал, цэргийн үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Манай Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, цэргийн үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн зарчмууудтай энэ бодлого нийцэж байгаа. УИХ-аас хууль гараад батлагдвал нөгөө баримт бичгүүд үзэл баримтлалаар явна. Нэмэх шаардлагатай зүйл байвал бид нэмэлтийг хийж өгнө. Энд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Н.Энхболд байна С.Оюун байна. УИХ-ын АБГБ-ын байнгын хороон дарга М.Сономпил гишүүн байна, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалыг гаргахад ажиллаж байсан М.Батчимэг гишүүн байна. Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон байна.

Судлаач, эрдэмтэд анхаарч асуудалд ингэж орж ярьж байгаад би их баяртай байна. Хайсандай гуайн асуултад хариулахад Монгол Улс бол хөрш, энэ бүс нутагтаа энх тайван байгаасай, улс орнууд асуудлаа энх тайвны замаар шийдээсэй гэж боддог. Хэрвээ хүндрэлтэй зүйл гарах юм бол бид нар дэмжлэг үзүүлж, зуучилж хамтран ажиллахад бэлэн байдаг. Тэгэхээр манай хоёр хөршийн харилцааг харах юм бол ер нь хамгийн сайн харилцаатай үедээ явж байгаа, цаашдаа улам сайн байгаасай гэж үзэж байгаа. Хоёр хөршөөс ийм аюул занал ирэх гэж байна гэх мэт ийм байр суурь, үзэж байгаа зүйл бидэнд байхгүй. Бид баталсан, явуулж байгаа бодлогоо л тууштай явуулья, улам найрсаг, нээлттэй байя. Үнэхээр Монгол Улс нээлттэй байгаад, олон улс, бүс нутгийн хувьд хувь нэмрээ оруулдаг болоод ирвэл манай хоёр хөршид ч хэрэгтэй. Хоёр хөршийнхөө эрдэмтэн судлаачид бодлого тодорхойлдог хүмүүсийг бид байнга үйл ажиллагаандаа урьж, хамтарч оролцохын төлөө явна. Гадаад бодлогын асуудал дээр ч бид бодлогын зөвлөл дээрээ ярилцаад, тохиролцоод явдаг.

Мэдээж Монгол Улсын зүгээс тайлбарлах, хэлэх байр суурь байх хэрэгтэй. Төвийг сахих гэдэг дээр тайлбар нь маш тодорхой юм. Нэг юм байдаг. Олон улсын харилцааны зарим нэг гал авалцсан ширүүн зүйл гэнэт гараад ирдэг. Түрүүн Ойрхи дорнодод болсон зүйлийг ярьж байна. УИХ-аар бараг шийдэхийн завгүй гарч ирнэ. Энэ дээр Монгол Улс ямар байр суурьтай байна вэ гэж. Тэгэхээр бид төвийг сахих бодлогоо зарласан байхад энэ байр суурь л байж байна. Энэ бол маш ойлгомжтой байр суурь. Одоогоор хэрэглэхгүй боловч гэнэт хэрэг болоход хэрэглэдэг тийм багаж хэрэгсэл хүнд байдаг шүү дээ. Тэгвэл яг үүн шиг хэрэгцээ болсон үед, тайлбар хийх шаардлага гарч ирэхэд энэ бодлого хаа хаанаа их тодорхой байж байх ёстой. Энэ үүднээс Монгол Улсын хувьд их зөв чухал байр суурь гэж үзэж байна.

Олон улсын харилцааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан И.Энхболд: -Монгол Улсын эргэн тойронд эдийн засгийн олон мега төслүүд байна. Жишээ нь, нэг зам нэг бүс нутаг, Солонгосын Евро-Азийн санаачилга байна. Мөн гурван улсын коридор гэж яригдаж байгаа. Энэ мэт олон улсын мега төслүүдээс манай улс шахагдаад гарчих юм биш байгаа гэсэн болгоомжлол судлаач нарын дунд байдаг. Ер нь эдийн засгийн хувьд энэ бодлогоос ямар эерэг сөрөг нөлөө гарах юм бэ? Монгол Улсыг төвийг сахисан улс гэдэг утгаар нь янз бүрийн ашигтай төслүүдээс шахаад гаргачих юм биш байгаа гэсэн эмзэглэл бодол байна л даа. Энэ тал дээр ямар бодол байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Монгол Улс эдийн засгийн хувьд өөрийгөө тэтгэх, өөрийгөө аваад явах ийм эдийн засгийн бүтэцтэй чадавхитай болох нь хамгийн чухал. Тэгэхээр бид өөртөө итгэж хэрэгтэй үйлдвэрлэлээ дэмжие, бүтээгчдээ дэмжие гэдэг бодлого чинь тэр шүү дээ. Гаднаас авч байгаа зарим зүйлээ дотроо хийдэг болъё гээд байгаа энэ бүх зүйл үүнтэй уялдаатай. Нөгөө талаас дэд бүтцийн шинжтэй, улс орнуудын шинжтэй байнгын үйл ажиллагаанд хамгийн их оролцож байгаа. Ялангуяа манай хоёр хөршийн зүгээс маш их дэмжлэгтэй байдаг. Бид нар гурван улсын Төрийн тэргүүнүүдийн хувьд анхны уулзалтаа хийе гэсэн санаачилга гаргаж байх тэр үед “Наадах чинь ерөөсөө боломжгүй, түүхэндээ байгаагүй ийм уулзалт болорхгүй шүү дээ, ийм санаачилга хэрэггүй” гэж тэр үед ярьж байсан улсууд байдаг л юм. Тэгээд тэр санаачилга ажил болоод, бид нар хамтарсан эдийн засгийн коридор, гааль, хилийн дэглэм, харилцааг жигд болгоё. Өмнөд хил дээр байдаг шиг харилцааг хойд хил дээр аваачъя гэх зэрэг харилцаан дээр тохиролцоод явж байгаа.

Одоо Шанхайн хамтын ажиллагааны байгуулагуудын дээд хэмжээний дараагийн уулзалт дээр бас ингэж ярилцах боломж гарч ирэх байх гэж үзэж байна. Нөгөө талаас энэ үйл ажиллагаанд Хятад Улсын зүгээс гаргаж байгаа Торгоны зам, нэг бүс гэсэн санаачилга бий. Азийн хөгжлийн дэд бүтцийг хөгжүүлэх банкны үйл ажиллагаа байна. Монгол Улс идэвхтэй санаачилагч нь болоод явж байна. Оросын Холбооны Улсын Төрийн Дум, Холбооны зөвлөл ярилцаад, Засгийн газар саналаа оруулаад үлдэгдэл өртэй холбоотой асуудлыг шийдээд өчигдөрхөн В.Путин ерөнхийлөгч гарын үсэг зурлаа. Үүнд бид үнэхээр баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Дахиад л бид Оросын Холбооны Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалтын хувьд, банк санхүүгийн хувьд шинэ өргөн хүрээнд харилцах үүд хаалгыг нээж байгаа юм. Тэнд өрийн асуудал яригдаад байвал өртэй улсууд зээл, санхүү, банкны харилцаанд орохгүй байх ийм л зүйл байсан шүү дээ.

Тэгэхээр манай хоёр хөршийн зүгээс ч гэсэн Монгол Улстай харилцах боломжийг улам нэмэгдүүлье, Монгол Улс өөрөө нээлттэй, найрсаг бодлоготой бидэн рүү хандсан ийм санал санаачилга гаргаж байгаа. Энэ санаачилгуудыг хамтарч дэмжье гэсэн ийм ойлголт бидний хүрээнд байдаг юм. Үүнд бид их талархалтай ханддаг шүү. Түүнээс биш аль нэг санаачилгаас болж Монголыг шахаж гаргая, энд хэрэггүй, энд бай гэсэн ийм зүйл байхгүй. Ер нь бол төрийн харилцаа гэж байна. Хувь хүмүүсийн харилцаа гэж байна. Удирдагч хоорондын харилцаа гэж байна. Улс орнуудын харилцах үндсэн зарчмууд гэж байна. Ингээд авч үзэх юм бол асар баялаг харилцаатай, уламжлалтай улсууд бидэнд байгаа гэдгийг энд хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор О.Батсайхан: -Настай олон эрдэмтэд Монгол Улс төвийг сахих хэрэгтэй гэж ярьж хэлж байсныг өмнө нь сонсож байсан. 1926 онд Цэвээн Жамсранов хэлсэн байдаг. “Монгол Улс СССР, Хятад хоёр улсаас баталсан бөгөөд бусад олон улсаас зөвшөөрөн хүлээсэн, үлгэрлэвээс Швейцарь улс лугаа адил төвийг сахисан улс болох хэрэгтэй” гэсэн. Үүний дараа монголчууд, нэлээд олон эрдэмтэй хүмүүс ч Монгол Улс нь Швейцарь шиг төвийг сахисан улс болоосой гэж хүсч байсан байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай яг энэ санаачилгыг гаргаад зарлах үед жаахан эргэлзээ төрсөн. Надад ч гэсэн жижигхэн эргэлзээ төрсөн. Түүнийг асууя гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, ГХЯ гурав дахь хөршийн бодлогын хүрээнд гадаад үйл ажиллагааг маш идэвхтэй явуулдаг. Үүнийг би маш зөв гэж бодож байгаа. Жижигхэн Монгол Улсын Төрийн тэргүүн, ГХЯ маш идэвхтэй гадаад бодлого явуулж байгаа. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болж байна гэж хардаг. Үүнийг гурав дахь хөршийн бодлогоос өөр төвийг сахисан бодлого гаргаж байна гэж бодож болох уу.

Мөн төвийг сахисан бодлого зарласны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, ГХЯ-ны идэвхтэй үйл ажиллагаа арай багасах уу. Бас Хойд Солонгосын талаарх бодлого гэдэг ч юм уу, энд тэнд бөмбөг дэлбэрлээ гэхэд байр сууриа илэрхийлэхээ болих уу. Энэ эргэлзээг тайлж өгнө үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Манай энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлогын зарчимтай нийцэж байгаа. Хэрэв эрс нийцэхгүй байгаа бол бид аль аль талд нь байр сууриа илэрхийлээд, тайлбарлаад л явна. Сая бид хоёр хөршийнхөө талаар нэлээд ярилаа. Гурав дахь хөршийн асуудал бас яригддаг. Бид хоёр хөрштэйгээ ч адилхан, гурав дахь хөрштэйгээ ч адилхан идэвхтэй, тогтвортой гадаад бодлоготой байна. Аль нэг тал руу нь савлахгүй. Бидэнд өөрийн гэсэн үндэсний уламжлал байна. Түүх байна. Өөрийн бүтээсэн үнэт зүйл байна. Энэ дээрээ, үүнийг баримтлаад бүх улс оронтой нээлттэй, сайн харилцаатай байя гэсэн ийм бодлого байгаа юм. Цаашаа Байнга төвийг сахих тухай хууль батлагдвал хоёр хөрштэйгээ яаж ярих вэ, ямар зүйл байх вэ гэдгийг бид нар одооноос ерөнхийдөө яриад эхэлж байгаа. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл байх уу, эсвэл төвийг сахих тухай Монголын бодлогыг дэмжих үү, ийм гэрээ, хэлэлцээр байх уу, айлчлалын үеэр хамтарсан мэдэгдэлд оруулаад зарлах уу гэдэг ч юм уу. Иймэрхүү хоёр тал, гурван талдаа яаж ярилцах вэ гэсэн боломжтой, аль аль тал нь хүлээж авч байгаа харилцааны хэлбэрийг бид ярилцаад явахад бэлэн байгаа. Энэ тухайгаа ч тодорхой түвшинд яриад явж байгаа. Зарим орны удирдагч надад хэлж байсан. “1990-ээд оны үед үүнийг зарлая гэж байсан. Тэгээд орчин нөхцөл өөрчлөгдөөд, дэлхийн улс төр, дэг журмаас болоод бид зарлаж чадаагүй. Бид хоцорчихлоо. Харин та нарын хувьд энэ маш чухал боллоо. Цаг үеэ олж байна” гэж хэлдэг ч улсууд бий.

Манай төрийн бодлого тодорхойлоход оролцож байсан ахмадууд, тэнд явж байсан хүмүүс үүнийг үнэхээр зарлах ёстой, хийх ёстой ажил байсан шүү гэж хэлдэг. Өнөөдөр тэдэнд нэмж бас талархал илэрхийлье. Түрүүн УИХ, Засгийн газрын гишүүд ирснийг хэлсэн. Их сургуулиуд, судалгааны байгууллагын төлөөлөл ирсэн. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль байна. Энэ асуудлаар бид энэ сургууль дээр очиж ярилцлага өрнүүье гэж ярьж байгаад энэ ярилцлагын хэлбэр рүү оруулсан юм.

Энэ асуудлыг санаачилсан тус сургуулийн удирдлага, хамт олонд их баярлалаа. Өнөөдөр энд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа судалдаг эрдэмтэн багш нар, Их засаг их сургууль, Үндэсний тагнуулын академи, Стратеги судалгааны хүрээлэн, Геополитикийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ГХЯ зэрэг газрын өргөн бүрэлдэхүүн ирээд байна.

Би асуулт асуугаагүй, байр сууриа илэрхийлээгүй хүмүүсийн ихэнхийг сая ярьсан зүйлүүдтэй үзэл санаа ойрхон байна гэж үзэж байгаа. Түүнээс биш төвийг сахиад юм уу, аль эсвэл ойлгоогүй, таг эсрэг дуугүй суугаад байна гэж үзэхгүй байгаа шүү. Үнэхээр энэ бодлогоо хэрэгжүүлээд явах юм бол энэ монголчуудын л ололт болно. Монголчуудын л үнэт зүйл болно. Манай хүмүүсийн хэлээд байгаа шинэ зуунд монгол маягаар төвийг сахина гэдгийг энэ бүс нутагтаа харуулъя л даа. Бусадтайгаа найрамдалт харилцаагаа улам өргөжүүлж харуулъя. Монголынхоо эдийн засаг, боломжийг нээж харуулъя. Монголоо хөгжүүлж, олон улсын тавцанд идэвхтэй тоглогч болгож харуулъя. Хоёр хөрштэйгээ хамгийн сайн, идэвхтэй, аль аль талдаа ашигтай харицааг хөгжүүлж харуулъя. Ингэж энэ бодлогынхоо зөвийг нотолъё. Үүн дээр хамтарч санал бодлоо солилцох урилгыг хүлээж авч ирсэн хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.

Хөтлөгч Н.Баасандамба: -Үүгээр нэвтрүүлгийн цаг дуусч байна. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочдод баярлалаа. Нээлттэй байдлаар санаа бодлоо илэрхийлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Энэ бол “Онцлох сэдэв” нэвтрүүлгийн анхны дугаар байлаа. Анхаарал хандуулсан үзэгчдэдээ баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Улсын сайн малчны шагналыг хотонд нь очиж гардуулав

Энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлсэн юм.

Төв аймгаас энэ жил найман сайн малчин тодорсны нэг нь тус аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын сайн малчны болзлыг хангасан Р.Баяндүүрэнгийнд өнөөдөр зочилж “Улсын сайн малчин”- үнэмлэх, тэмдгийг дурсгалын зүйлтэй гардууллаа.

Монгол Улсын гавьяат малчин Р.Ренчиндорж 12 хүүхэдтэй, тав нь малчин бөгөөд тавуулаа сум, аймгийнхаа шилдэг малчид. Ес дэх хүү Баяндүүрэн нь “Улсын сайн малчин”-аар шалгарлаа. Удам залгасан малчны хотонд ирж шагнал гардуулж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайд хэлээд Р.Баяндүүрэнг аав шигээ гавьяат малчин цол хүртэхийг хүсэн ерөөлөө.

“Мал аж ахуйн үйлдвэрлэлийг зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгох, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрлэлийг чанартай түүхий эдээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх үйлсэд амжилт гаргасан таны нөр их хөдөлмөр, малч ухаан, хуримтлуулсан туршлагыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас арвандолдугаар жарны модон хонин жилийн “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар шалгаруулан өргөмжлөл олгов. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Хүнс хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаа гэсэн гарын үсэг бүхий өргөмжлөл олголоо. Мөн “Улсын сайн малчин” үнэмлэх, тэмдгийг Р.Баяндүүрэн болон түүний гэргий Б.Цэнд-Аюуш нарт гардууллаа.

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас малчны зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасан. Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны захирал Б.Баттүвшин нар өчигдөр буюу энэ сарын 5-нд гарын үсэг зурсан. Ингэснээр жилийн 29,5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүү 18 хувь болж байна. Төрийн банкны 17550 гаруй зээлийг өчигдөр 18 хувьд шилжүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Р.Баяндүүрэнгийнх Төрийн банкны зээлдэгч бөгөөд зээлийн хүүг бууруулсанд талархаж байгаагаа илэрхийллээ.

Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгох зохион байгуулалтыг ирэх гуравдугаар сарын 15-наас хийхээр төлөвлөж буйг Ерөнхий сайд танилцууллаа.

Малаа эрүүлжүүлэх, улмаар экспортод чиглэсэн мал, мах бэлтгэлийн тогтолцоог дэмжин ажиллах, малчид өөрсдөө эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байх, Төрийн банкинд “Малчин” данстай байх, үндэсний үйлдвэрлэлд түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлдэг байх зэрэг нөхцөлийг хангасан малчин өрхөд 10 хувийн хүүтэй зээл олгох боломжийг бүрдүүлнэ гэдгийг Улсын сайн малчныд цугласан нутгийн иргэд, малчдад Ерөнхий сайд хэлээд малчин бол үйлдвэрлэгч, малчны зээл бол хэрэглээнийх биш үйлдвэрлэлийн зээл юм гэдгийг тодотголоо.

Р.Баяндүүрэн Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт амьдардаг.1992 оноос эхлэн 22 жил тасралтгүй мал маллахдаа сүүлийн 10 жилд малаа 5 төрлөөр нь өсгөж, малын үүлдэр угсаа, чанарт анхаарч малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн 9 жил дараалан мянгат малчнаа хадгалан, сүүлийн гурван жилд амьдралын түвшин доогуур 15 иргэнд 450 гаруй мал хандивлан малжуулжээ. Тэрээр 2015 онд 1385 төл бойжуулж, 2429 толгой мал тоолуулж зах зээлд сүүлийн гурван жилд 1300 гаруй мал борлуулжээ. Мөн үржилд зориулж мал худалдсан, ноос, ноолуур, мах сүүгээ зах зээлд борлуулан орлого ашгаа нэмэгдүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Жудочид гурван мөнгөн медаль хүртээд байна

Парис хотноо жудо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ өдрүүдэд болж байгаа билээ. Өчигдөр тэмцээний эхний өдөр манай 12 жудоч татамид гарч барилдсан юм. Тэднээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртээд байна.

Ийн эхний өдөр манай шигшээ багийнхан гурван мөнгөн медаль хүртэж, жагсаалтын зургадугаар байрт бичигдэж явна. Энэ удаагийн тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөж байгаа юм. Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхэлж, финалын барилдаан үдшийн 00:00 цагаас явагдах юм. Монголын жудочид өнөөдөр долоон жинд гарч барилдана.