Categories
мэдээ спорт

Цагаан сарын барилдааны жил жилийн түүхээс (II)

“Өдрийн сонин”-д хэвлэгдэж байсан “Цагаан сарын барилдааны жил жилийн түүхээс” цувралын сүүлийн хэсгийг хүргэж байна.

Наян нэгэн он. Жигжидийн Мөнхбат аварга зургаа дахь удаагаа түрүүлж, Дашдоржийн Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт Х.Баянмөнх аварга, Говь-Алтайн Дугарын Нэмэхбаяр начин нар шалгарч байжээ. Тэр жилийн шуугианы эзэн мэдээж Говь-Алтайн Нэмэхбаяр. Тэрээр аймгийн арслан цолтой байхдаа сар шинийн барилдааны их шөвгийн дөрөвт гурван аваргатай тийнхүү тунаж байсан удаатай. Ж.Хайдав арслангаар гурав, Д.Долгорсүрэн заанаар дөрөв, Д.Галдандагва начингаар тав давсан байдаг. Бас л луугаруудыг л өвдөглүүлсэн байгаа юм. Түүнийг тэр жилийн наадмаар бас л хуйхлаад өгөх байх гэж үзэгч олон харж байсан ч улсын цолонд хүрч чадаагүй. Наян зургаан онд начин болсон байдаг шүү. Тухайн жилийн сар шинийн барилдааны үеэр залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон байдаг. Түүнд зодоглосон залуус цагаан сарын барилдаанд хүч үзсэний нэг нь Д.Нэмэхбаяр юм. Түүнээс гадна Өмнөговийн Дашдуламын Багахүү, Булганы Жамцын Бор нар л бас үймээн тарьсан байдаг. Д.Багахүү хоёрын даваанд Д.Лхагвасүрэн зааныг өвдөглүүлж, гуравт Ховдын Адуучийн Баатархүү начинтай тунаад унасан байна. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начинг Булганы Борыг, Ендонгийн Ишгэн Жанцангийн Чулууныг амлаж Баатархүү, Багахүү нар тунаж байжээ. Тэдний хооронд гал маналзсан барилдаанууд гарсан нь тодорхой. Адуучийн Баатархүү дөрөвт Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой байхад нь өвдөглүүлж Баянаа аваргад тахимаа өгсөн байна. Сонирхуулахад, Д.Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг магнайлан барилдаж байсан Ж.Мөнхбат аваргыг амлаж Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт “араажав”-аа чагнаад сууж байсан түмнийг алмайруулсан гэдэг. Данигай аваргын тэрхүү шийдвэрийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим нэг нь “Мөөеөгийн түрүүлэх замыг нь эртнээс зассан” гэдэг бол, зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барин тавин хэлдэг юм.

Наян хоёр он. Хорлоогийн Баянмөх аварга найм дахь удаагаа түрүүлж, Мядагийн Мөнгөн арслан үзүүрлэсэн. Их шөвөгт Д.Мягмар, З.Дүвчин нарын заанууд үлджээ. Д.Мягмар заан дөрөвт Данзандаржаагийн Сэрээтэрийг, тавд Чогдовын Амартүвшин зааныг хүч бярын илүүгээр өвдөглүүлсэн бол Зэвэгийн Дүвчин, Д.Дашжамц, О.Бахыт, А.Баатархүү нарын үе тэнгийн шилдэг хүчтэнүүдтэйгээ даваа бүрт тунаж, тунасан бүхнээ орхижээ. Дүвчин тухайн үед начин цолтой байсан билээ. Түүнийг хөлөөрөө олон сүлжээ мэх хийдэг уран барилдаанч бөх гэдгийг манайхан мэднэ. Дээрх хүчтэнүүдтэйгээ адуу шиг л тачигнасан гэдэг шүү. Адуу шиг гэснээс наяад оны эхээр боодогны чулуу шиг атгаж боломгүй нэгэн үеийн хүчтэнүүд гарч ирсэн нь Рэгжийбуугийн Давааням, Бандийн Ганбаатар, Дамдингийн Баяраа, Өлзийн Тулгаа, Зэвэгийн Дүвчин, Содномын Эрхэмбаяр, Однойн Бахыт, Довдонгийн Дашжамц, Жамцын Бор, Адуучийн Баатархүү, Дашдуламын Багахүү нар юм. Тэдний хооронд л бөхчүүдийн хэлдгээр гал авалцсан барилдаанууд болдог байж. Дэндэвийн Амгаа заан тухайн барилдааны гурвын даваанд Төмөрийн Артаг начинг амлаж барилдаад унасан байдаг. Заан цолыг аваад удаагүй, жинхэнэ торгон ирэн дээрээ байсан Амгааг тахимаа өгөхөд олон түмэн “Ясны сайн бөх гэдэг ямар ч үед эвгүй дээ. Артаг бол хэвээрээ л байна. Харих болоог үй юм байна” гэцгээж байсан дуулддаг юм.

Наян гурван он. Дашдоржийн Цэрэнтогтох аварга түрүүлж, Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн жил. Д.Амгаа заанаа түрүүлчихэж юуны магад хэмээн Булганыхан бараг л хамт барилдсан удаатай. Үндсэндээ Цэрэнтогтох аваргатай их олон хүн барилдсан байх. “Араажав”-аа сонсоод л байгаа. Давах бүрт нь бөөн дуу болж хотлоороо баярлаад л. Хамгийн их баярласан нь зургаагийн давааны шөвгийн дөрөвт Баянаа аваргыг хаяхад гэдэг юм билээ. Аргагүй л дээ, өнгөрөгч жил нь түрүүлсэн хүчтэнийг орхиж түрүү үзүүр булаалдах сайхан. Тэр жил их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, хүчит заан Сарангэрэлийн Хүрэлбаатар шалгарч мөн л хоймор нутгийнхаа олон түмнийг догдлуулаад авсан. Дамдин, Бээжин аваргуудаас хойш Хөвсгөлийн хүчтэнүүд сар шинийн барилдаанууд тэр бүр өнгөлөөгүй байв. Яг л тийм ахуй цагт Хүрлээ заан гараад ирсэн байгаа юм. Тэрээр алдарт бусгаа мэхээрээ хатуухан учраануудаа өвдөглүүлснийг мэдэх хүмүүс нь хэлдэг юм. Хүрлээ зааны бусгаанд тогтож үлдсэн бөх ховор гэх юм билээ. Наян гурван оны сар шинийн барилдаанд өнөө л “гайхал”-ууд бас л шуугиулжээ. Гайхлууд гэдэг маань миний дээр овог нэртэй нь цоллосон бөхчүүд дээ. Тэднээс “Алдар”-ын тамирчин Жамцын Бор ус нутгийн ах Сэрээтэрийн Цэрэн аваргаар гурав, Д.Долгорсүрэн заанаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад тахимаа өгсөн байдаг. Цэрэнтогтох аваргаас өөр хүн Булганы Борыг тогтоохооргүй байсан гэдэг. Мань хүн тэр жилээ шууд зургаа давж өсөх идэр чимэгтэй начин, одоогийнхоор харцага цолны болзол хангасан билээ. Санжжавын Сүхбаатар заан залуу бөх зодоглож хоёрын даваанд Ө.Эрдэнэ-Очир арсланг, гуравт Д.Дашжамц начныг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоос үрэн зааныг орхиж дунд шөвөгт шалгарч байж. Зааныг бөхийн хүрээнийхэн “нам Сүхбаатар” гэдэг байж билээ. Бие жижгэвтэр хэрнээ жин ихтэй, уран дайчин барилдаантай бөх байсан. Залуудаа жин багатай байсан ч баргийн хүнд бярдуулдаггүй, хатуу боорцог байж шүү. Ө.Эрдэнэ-Очир урьд өмнө үзээгүй залуу бөхөд уначихаад Сосорбарам нарын үе тэнгийнхэн дээрээ ирээд “Би чинь ямар хүнтэй учраа таарчихав даа” хэмээн толгой сэгсэрсэн гэдэг ээ. За тэгээд гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн С.Эрхэмбаяр, Д.Баяраа О.Бахыт, Д.Нэгдэл Бандийн Ганбаатар, Г.Пүрэв-Очир Р.Даваанямтай тус тус хүч үзэж тахимаа өгсөн байдаг. Сонирхуулахад, Увс аймгийн Тэс сумын харьяат Довчингийн Нэгдэл начин хөгжмийн зохиолч Цэцэрлэгийн төрсөн ах билээ.

Наян дөрвөн он. Олон түмний хайртай бөх Дагвацэрэнгийн Хадбаатар аваргын түрүүлдэг жил. Тэрээр эхний даваанаас үзэгчдийг шуугиулсан байдаг. Өөрөөс нь хамаагүй жижиг, өнөө тарваган Бадарч найз шиг нь бөх эхний даваанд таарч л дээ. Тугийн мандлын өмнө дэвээ шаваагаа гүйцэтгэчихээд өмнөө зогсоо учраагаа анзааралгүй дээгүүр харж олныг инээлгээд авчээ. Тэгээд зогсохгүй өнөөхөө дух руу нь хүчтэй алгадсан байгаа юм. Тэр том хүний гарын аяыг өнөө залуу яаж даахав дээ, уулын уруу хүч алдан арагшаагаа өнхрөх машин шиг хойшоо хэд харайлгаснаа тас гэдрэгээ саваад унажээ. Үзэгчид бас л бөөн инээдэм. Хадаа аварга түүнийг нь сайн мэдэж байгаа учир улам алиалж дэвээд л. Түүнийг хэдийн даваанд ч юм бэ учраа бөхтэйгээ хүч үзэж байхад үзэгчдийн суудлаас нэг нь “Хадаа дүүгүүрдээрэй” хэмээн орилжээ. Тэгж хэлэхийг нь л хүлээж байсан мэт тэр зүгт анхаарал нэгэнтээ хандуулснаа учраагаа сүнгэнэтэл дүүгүүрдээд хаячихаж. Бас л бөөн шуугиан. Залуус “Хадаа, Хадаа” хэмээн шүгэлдээд л. Олны тэрхүү дэмжлэг, сэтгэлийн хөөрлийг хөсөрдүүлэлгүй хүчит аварга их шөвөгт Д.Цэрэнтогтох аваргыг, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхин түрүүлсэн байна. Байнд ирсэн монгол гутлаа өөрт нь таарахгүй учир “Алдар” нийгэмлэгийн тамирчид, дүү нартаа өгснийг тэд зах дээр аваачиж зарснаа нэн бахархалтайгаар дурсдаг юм билээ. Наян дөрвөн он ийнхүү Хадаатай цагаан сар болжээ. Тэрхүү барилдааны өөр сонин хачнаас хүргэе. Д.Дамдин аварга гурвын даваанд Л.Сосорбарам арсланг амлаж барилдаад барал гүй унасан байдаг. Мөн нэг хачирхалтай зүйл нь дөрвийн даваанд хүч үзсэн арслан М.Мөнгөн, заан Ч.Гочоосүрэн нар удаан барилдсан учир хасагдаж тавын даваанд бөх сондгойрон Баянаа аварга гоц мөргөж байжээ. Бас сонин шүү. Гочоо заан хасагдчихаад уяа бөхөд амлагдсандаа харамссан болов уу. Тухайн цагаас Мөнгөн арсланг “Уяа Мөнгөн” гэж нэрийдэх болсон байж ч мэдэх юм. Хоёрын даваанд Уламбаярын Мижиддорж арслан үл таних нэгэн залууд дүүгүүрдүүлж унажээ. Тэр нь хожмоо улсын начин цол хүртсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат Мягмаржавын Болдбаатар начин байсан байна. Мөн хоёрын даваанд Сүхбаатарын Дахын Одсүрэн харцага Увсын залуу бөх Ж.Ганболд (улсын заан)-д, Төмөрийн Артаг начин залуу бөх Лу.Энхбаяр(улсын начин, гавьяат тамирчин нэрт бөх)-т тус тус унажээ. Бас тэмдэглэлгүй өнгөрч боломг үй нэг барилдаан байна аа. Тэр нь Увсын Ө.Тулгаа, Ховдын Р.Даваадалай нар. Гурвын давааны төгсгөлд хүч үзэж Равдангийн Даваадалай начин давсан байна.

Наян таван он. Дагвацэрэнгийн Хадбаатар аварга гурав дахиа түрүүлсэн жил. Ард түмэн бас л шавайгаа ханатал баярласан нь мэдээж. Үзүүрт Д.Цэрэнтогтох аварга үлдэж, С.Хүрэлбаатар заан, М.Мөнгөн арслан нар шөвгөрчээ. Тэр жилийн барилдаанд бас л сонин сайхан дурсамжууд бий. Тухайлбал, С.Цэрэн аварга гурвын даваанд Ө.Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Л.Сосорбарам арслан мөн л амлаж барилдаад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад “ЭрдэнэОчирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлээд олныг хөгжөөж байжээ. Олон түмнээ “дүүгүүр” хэмээн алдаршсан Дандарын Гомбосүрэн начин нас нэлээд ахисан хойноо зодоглож нэгийн даваанд хорьдугаар зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээд унажээ. Дүүгүүр Гомбосүрэн зодоглосон гэснээс тухайн үед хамгийн ахмад бөх нь ГовьАлтай аймгийн харьяат, аймгийн арслан Ядамжавын Мөнхөө. Олон түмнээ “цахилгаан Мөнхөө” хэмээн алдаршсан тэрээр жаран насандаа зодоглож байсан гэдэг шүү. Мөнхөө арслантай холбоотой нэгэн хуучийг Элчин сайд Дагвын Цахилгаан гуай хэлсэн юм. Түүнийг энд шигтгэе. Мөнхөө арслан амьдралынхаа сүүлийн жилүүдэд хотод аж төрдөг байжээ. Тэгээд л жилийн жилд цагаан сарын барилдаанд ёс юм шиг зодоглодог байж. Хүмүүс “Мөнхөө гуай энэ жилээс болих юм биш үү. Хөгширсөн хойноо шалны алчуур болж гүйцлээ” гэх утгатай үг цухуйлгахуйд хариуд нь ингэж хэлсэн байгаа юм. “Би хаа хол Говь Алтай аймгийн Халиун суманд суугаа хөгшин ижийдээ сар шинээр очиж золгож чадахгүй. Тийм болохоор амьд мэнд сайн яваагаа араажаваар дуулгах гэж л зодоглодог юм даа” гэж хэлээд олны амыг тагласан гэх. Мөн айхтар үг шүү.

Наян зургаан он. Д.Цэрэнтогтох аварга түрүүлж, М.Мөнгөн арслан үзүүрлэсэн юм. Их шөвгийн дөрөвт хөдөлмөрийн баатар, дархан аварга Бадмаанямбуугийн БатЭрдэнэ улсын начин цолтой үлдэж байж. Тэрээр Жамцын Бор, Зэвэгийнүвчин зэрэг аваргуудын зүрхэнд шар ус хуруулдаг хүчтэн үүдийг дөрөв, тавын даваануудад тунаж орхисон байдаг. Өнгөрөгч хоёр жил дараалан түрүүлсэн Хадаа аварга маань Ч.Гочоосүрэн заанд гурвын даваанд унаж олон түмнээ гомдоосон бол тэр жилийнхээ наадамд арван жилийн зайтай хоёр дахиа түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ. Дасрангийн Мягмар заанд Өвөрхангайн Эрдэнэбат хэмээх өндөр залууд хоёрын даваанд тахимаа өгсөн нь хожмын заан Дашзэвэгийн Эрдэнэбат байжээ. Жараад оны дунд үед цалгиатайхан барилдаж байсан “өмсдөг” хэмээх Цанлигийн Дамдиндорж заан тэр жил зодоглож нэгийн даваанд унасан байдаг. Сонин болгож өгүүлэхүйд, гурвын давааны төгсгөлд Р.Давааням заан начин цолтой байхдаа гурван бөхөөс ам сонсчээ. Тэд нь Б.БатЭрдэнэ (одоогийн аварга), Ж.Бор(харцага), С.Эрхэмбаяр нарын начингууд байсан гэнэ. Тэгээд Борыг амлаж барилдаад яалт ч үгүй тахимаа өгсөн дуулддаг.

Наян долоон он. Одвоогийн Балжинням аварга начин цолтойдоо түрүүлж шуугиан дэгдээсэн. Тэрээр С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байна. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Д.Цэрэнтогтох аваргыг давжээ. Ерэн нэгэн онд том Сүхбат гарьдыг давж түрүүлчихээд шидсэн чулуу шиг тугийн мандал руу гүйсэн шигээ Цэрэнтогтох аваргыг давчихаад ихэд баярлаж догдолжбайсан билээ. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн гэхэд болно. Ухаандаа, Дүгэржавын Хишигдорж заан залуу бөх зодоглож Дүвчин, Мягмар нарын хүчтэнүүдийг гурав, дөрвийн даваанд орхиж байлаа даа. Агвааны Тэгшээ агсан Ундрав Пүрэв заан, С.Цэрэн аварга хоёрыг нэг, хоёрын даваанд тэнгэр харуулчихсан байдаг шүү.

Наян найман он. Б.БатЭрдэнэ аваргын анх удаа түрүүлдэг жил. Өнөө арван гурав түрүүлсний эхнийх нь юм. Үндсэндээ монгол бөхийн түүхэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнийн үе эхэлж байгаа нь тэр ээ. Тухайн барилдааны үзүүрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул “Алдар” нийгэмлэгийн бөх Бандийн Ганбаатар шалгарсан байдаг. Дөрвөн аваргыг цувуулан орхиж төрийн наадам (1985 он)-д түрүүлж байсан түүнд бөх сонирхогч олон ихээхэн найдлага хүлээлгэж байсан ч нэг их дээшээ яваагүй. Харин тэр жилийн цагаан сараар анх удаа түрүү үзүүрт үлдсэн байдаг шүү. Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлэхдээ заан цолтой байсан. Гурвын даваанд Өвөрхангайн өндөр Д.Эрдэнэбат зааныг, дөрөвт Баян-Өлгийн Бахыт начинг, тавд Д.Мягмар зааныг, зургаад О.Балжинням аваргыг начин цолтойд нь тунаж орхисон байдаг. Д.Мягмар заан тавын даваанд таван бөхөөс ам сонсохдоо Бат-Эрдэнийг амласан. Бөхчүүд болоод олон түмний яриагаар бол тунаанаас гаргаж, ялангуяа Дамдингийн Баяраатай тунахаас нь урьтаж даваа ахиулсан гэх юм билээ. Тэр нь ч үнэн байх. Учир нь өнгөрсөн жилийнх нь цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ дөрвийн даваанд Д.Баярааг амлаж барилдаад унаж байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ аваргын хатуухан учраануудын нэг Баяраа гарьд байсан байгаа юм. Мягмар заан хэрвээ амлааг үй бол Баагий аварга Баяраа гарьдтай яалт ч үгүй л тунах байж. Баяраа гарьд, Ишгэн зааныг тунаж хаян шөвгөрсөн байдаг. Баяраа тэр жилийнхээ наадамд одтой сайхан барилдаж заанцол хүртсэн байдаг шүү. Наян найман оны барилдаанд хоёр бөх бусдаасаа жаахан онцгой байлаа. Нэг нь гавьяат тамирчин Жамцын Даваажав. Тэрээр Өвөрхангайн С.Дамдинбазар начин, Ч.Гочоосүрэн заан, П.Дагвасүрэн арслан нарыг өвдөглүүлж тавын даваанд Б.Ганбаатар арсланд унасан билээ. Даваажав ч аргагүй ясны бөх дөө. Ид үедээ улсын наадамд цөөхөн зодоглосон. Гадагшаа дотогшоо тэмцээн уралдаан гэж яваагүй бол ядаж л заантай шүү гэх яриа гарч байв. Нөгөө нэг нь Увсын Тэсийн Дэчингийн Жавзанжамьян начин. Арван найм, есөн настай залуу идэрчүүдийн улсын аваргад оролцож мөнгөн медаль хүртээд цагаан сарын барилдаанд Н.Бүрэнзэвсэг, Д.Баатаржав, Д.Амгаа нарын хүчтэй заан, начингуудыг дараалуулан орхиж бага шөвөгт шалгарч байлаа. Мань хүн улсын цолтнуудын аманд гарахаасаа л Амгаа зааныг ноёлдог байж. Сонирхуулахад, ерэн хоёр онд Амгаагаар тав давж начин болсон юм.

Наян есөн он. Б.Бат-Эрдэнэ аварга хоёр дахиа түрүүлж, Х.Баянмөнх аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт М.Мөнгөн арслан, С.Сүхбаатар заан нар үлдсэн. Баянаа аварга Сүхээ зааныг амлаад, Мөнгөн Бат-Эрдэнэ хоёр тунасан юм. Мөнгөн арслан ирэн дээрээ байгаа залуу хүчтэнд одоогийн хэллэгээр бааварласан гэдэг шүү. Бат-Эрдэнийг хүчээр түлхэж хананд аваачиж наагаад л, үзэгчдийн суудал руу хэд хэд аваачаад л. Мөнгөн арслан маань арай л харьчихаагүй, омогтой байж дээ. С.Сүхбаатар заан начин цолтойгоо их шөвөгт үлдсэн. Тэрээр ерэн оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Нууц товчооны ойгоор заан болсон билээ. Наян есөн онд хоёрт нэг нутгийн Ж.Ганболд зааныг, гуравт мөн л нэг нутгийн Г.Намсрайжавтай тунаж, дөрөв, тавд П.Дагвасүрэн, Б.Ганбаатар нарын арслангуудыг орхисон байна. Тэр жил шуугиулсан бөхчүүдийн нэг нь Сэлэнгэ аймгийн арслан Жүрмээгийн Ганзориг. Бие галбир, гараа дэвээ, уран хурц дайчин барилдаан, хэлбэр хийцээрээ А.Сүхбат аваргатай төстэй гэгддэг, бас чиг үймээний л эзэн байлаа даа. З.Дүвчин, Д.Мягмар нарын хүчтэй заануудыг хоёр, гурвын даваанд өвдөглүүлж Ц.Баярсайхан зааныг начин байхад нь тунаж унаж байсан. Ц.Баярсайхан заан гурвын даваанд Балжаа аваргаар давсан. Үндсэндээ Балжаа аварга заан цолтойдоо түүнийг амлаад унасан юм. Учир нь тухайн сар шинийн барилдааны өмнө үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж Бат-Эрдэнэ түрүүлэн, Балжаа хоёрт орж заан, Баярсайхан гуравт орж начин цол хүртсэн. Балжаа ердөө хоёрхон унаатай байв. Бат-Эрдэнэ, Баярсайхан хоёрт л унасан. Тиймийн учир даагаа нэхэж Баярсайханаа амласан байдаг. Тэр жилээс хойш улсын аваргад амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол өгөөгүй билээ.

Ерэн он. Б.Бат-Эрдэнэ аварга гурав дахиа түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Б.Ганбаатар арслан Ө.Тулгаа заан нар үлдсэн юм. Өлзийн Тулгаа зааны “Увсын Хархираагийн сангийн аж ахуйн бөх” хэмээн дуудуулан ид барилдаж байсан он жилүүд нь гарцаа байхгүй ерээд он юм. Тээврийн тэрэгтэйгээ Увсаас битүүний өдөр давхин ирж Спортын төв ордны өмнө зогсоод аяны тоосоо ч гөвж амжилгүй зодоглож байсан жилүүд нь. Тулгаа заанд ард түмэн ямар их хайртай байсан гэж санана. Ерэн оны цагаан морин жилийн сар шинийн барилдаанд идэрхэн заанаа шөвгөрөхөд Монгол даяараа л баярласан даа. Тэрээр Цэдэндамбын Баярсайхан зааныг гурвын даваанд амлаж унагасан байдаг. “Тулгаа ч хатуухан ам авч байна даа. Өнөө жил ч өнгөтэй байгаа юм байна” гэх яриа ихээ эрт чих дэлсэж байсан дуулддаг. Дөрөвт Мядагийн Мөнгөнийг, тавд Хорлоогийн Баянмөнх аваргыг өвдөг шороодуулсан.Өнгөрсөн жилийнх нь барилдаанд түрүү үзүүр булаалдсан Баянаа аварга “Тулгаагаа арай ч намайг туучихгүй байх гэжбодоод авсан чинь буруудлаа” хэмээн амаа барьсан удаатай. Тэрхүү барилдаанд Говь-Алтайн Энхжаргал, Завханы Нармандах, Дармаабазар, Хэнтийн Баяраа, Дорнодын Чимэддорж гээд аймаг, цэргийн дэрсхэн арслангууд туйлж өгсөн байгаа юм. Ухаандаа, хоёрын даваанд Энхжаргал нь С.Хүрэлбаатар зааныг, Чимэддорж нь Ишгэн зааныг, Нармандах нь Баяраа заан (одоогийн гарьд)- ыг, Баяраа нь Агвааны Норов начинг, Дармаабазар нь Гүсэмийн Жалаа начинг өвдөглүүлсэн байх жишээний. Бас болоогүй Тэрбишийн Нармандах Д.Амгаа, С.Сүхбаатар нарын заануудыг гурав, дөрвийн даваанд шороодуулж Б.Бат-Эрдэнэ аваргад унажээ. Мань хүн тэр жилийнхээ наадмаар зургаа давж өсөх идэр чимэгтэй начин, одоогийнхоор харцага цолны болзол хангасан бол Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Цанжидын Энхжаргал ерэн нэгэн онд Р.Давааням заанаар тав давж начин, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Монхорын Дармаабазар ерэн гурван онд Жамбалын Ганболдоор зургаа давж бөхийн шинэчилсэн дүрмээр харцага цолны, Дорнодын Мягмарын Чимэддорж ерэн дөрвөн онд Дамдингийн Баяраагаар тав давж начин цолны болзол тус тус хангасан байдаг аа. Тэр хэдээс улсын цолгүй үлдсэн нь Хэнтийн “дэгээ” Г.Баяраа юм. Дэгээгээ нэг л ороовол хэнийг ч гэсэн хэвтүүлж байж санаа нь амардаг аавын хүү байлаа.

Ерэн нэгэн он. Тэр жилээс сар шинийн барилдаанд 256 бөх зодоглож эхэлсэн түүхтэй. Монгол Улс ардчиллын замналаар замнасан он жил үүдийн эхлэл. Нэгдэлчдийн баярт зориулсан гэдэг ч юм уу, эс бөгөөс Монголын радио, телевизийн улсын хорооны нэрэмжит гэх албаны соц үг, ойлголтууд гээгдэж “Билгийн тооллын арвандолдугаар жарны цагаагчин хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан” хэмээн бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав, Агвааны Ганбаатар нар цээлхэн хоолойгоор ард түмний сэтгэлд нэг л дотнохон хүргэж эхэлсэн дээ. 256 бөхөөс Б.Бат-Эрдэнэ аварга найм даван манлайлж, Бандийн Ганбаатар арслан үзүүрлэсэн. Их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын заан С.Сүхбаатар үлдсэн байдаг. Улсын цолгүй хоёр бөх тав давж дунд шөвөгт шалгарсан нь Дуламжавын Мөнх-Эрдэнэ, Гунгаасамбуугийн Бат-Амгалан нар байлаа. Д.Мөнх-Эрдэнэ арслан тэр жилийн цагаан сараар цэргийн арслан цолтой зодоглож гуравт Нэргүйн Түмэннаст начинг, дөрөвт Болдын Жавхлантөгс харцагыг, тавд онжав Ч.Бямбадоржтойгоо тунаж орхисон юм. Мөнх-Эрдэнэ Бямбадорж хоёрын хооронд тухайн цагаас галтай барилдаанууд эхэлсэн түүхтэй. Улсын наадамд ч тэр, цагаан сарын барилдаанд ч тэр мань хоёр олон удаа тунасан. Ихэвчлэн Бямбадорж заан унаад шарандаа уйлдаг байлаа. Ерэн гурван оны наадам байна уу даа, өнөө усан бороотой жил мань хоёр бас л тунаад. Мөнх-Эрдэнэ Бямбадоржийгоо устай хонхор руу палхийтэл нь шидээгүй юу. Заан цолонд зүтгэж байсан Бямбадорж уйлчихсан монгол гутлаа тайлаад хөлийнхөө жийргийг мушгиж байсан даа. Их шөвөгт үлдсэн улсын цолгүй нөгөө нэг бөх нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалан. Тэрээр гурвын даваанд Сэлэнгийн Ж.Ганзоригтой тунаж, дөрөвт аварга О.Балжиннямыг, тавд Дамдингийн Баярааг өвдөглүүлсэн байна. Бас л хатуу учраанууд. Ж.Ганзориг тухайн үед хэрхэн шуугиулдаг байв, за тэгээд Балжаа аваргын төрийн наадамд түрүүлдэг жил, Баяраа гарьд ч ид байсан үе. Ийм л ланжгарууд Бат-Амгалан начин залуу бөх байхдаа цувуулж хаясан байгаа юм. Тухайн үеийн “Спортын мэдээ” зэрэг сонинуудад Г.БатАмгалан, Д.Жавзанжамьян нарын тухай их гардаг байв. Цаашаа хол явна гээд л. Харамсалтай нь, тэр хоёр начнаар л тогтсон доо.

Ерэн хоёр он. Б.Бат-Эрдэнэ аварга тав дахиа түрүүлж, О.Балжинням аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт Баянаа аварга, Баяраа гарьд нар үлдсэн байна. Тухайн барилдаанд том, жижиг хоёр бөх цойлчихсон байдаг. Том нь Жигмэдийн Оргилболд начин. Жижиг нь Агваансамдангийн Сүхбат аварга. Ж.Оргилболд начин залуу бөх зодоглож Пунцагийн Сүхбат гарьдыг заан цолтой ид байхад нь хоёрын даваанд, Булганы Равдангийн Лхагвасүрэн начинг гуравт, Дуламжавын Мөнх-Эрдэнээр тунаж дөрөв, Говь-Алтайн Содномын Эрхэмбаяр начингаар тав давж их шөвгийн наймд Дамдингийн Баяраатай тунаад унасан байна. Өндөр нам хоёр залуу үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж тэр жилийн яриа хөөрөөний эзэн болжээ. Оргилболд том Сүхбат хоёрын барилдаан их удаан үргэлжилсэн гэдэг. Дараагийн даваа нь эхэлчихээд байхад давалцаагүй байжээ. Гол нь Оргио байж байгаа нь өөрөө содон. Унасан ч, давсан ч инээж байдаг гарьд маань хоёр метр хол гаран өндөр товарищид яах аргагүй унаж тахимаа өгчих өөд инээж нэг, ярвайж нэг үзсэн сураг бий. Төрийн наадамд дөнгөж үзүүрлэчихсэн арслан, аварга цол л нүдэнд нь харагдаж байсан Пунцагийн Сүхбат заан (одоогийн гарьд)-ыг Оргилболд үнэндээ тамласан байгаа юм. Ёстой уйлах ч биш, инээх ч биш болгосон гэдэг. Даян аварга Агваансамдангийн Сүхбат мөн л залуу бөх зодоглож нэгийн даваанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, аймгийн арслан Бямбын Шаравдоржийг, хоёрт улсын заан Ж.Ганболдыг, гурав, дөрөв, тавд Тэрбишийн Нармандах, Лүндэгийн Бадарч, Гэлэгийн Намсрайжав нарын хүчтэй харцагуудыг дараалуулан орхижээ. Биеэр жижиг хэрнээ уран дайчин барилдаантай, шөрмөстэй залуу эхний даваанаас олны анхаарлыг татсан байна. Улсын цолонд хамгийн ойрхон бөх гэгддэг Шаравдорж арслангийн баруун хөлийг нь авч ард нь гараад хаяжээ. Ганболд заан, Нармандах, Бадарч нарын өндөр биетэй хүчтэнүүдийг ч хөлд нь ганцхан сууж бужигнуулаад л тэнгэр харуулчихаад байж. Тавын даваанд Намсрайжав харцагыг тийм жижиг биетэй хэрнээ нохой мордоод хаячихсан гэдэг. Үзэгч, сонсогч олон шавайгаа ханатал баярласан нь мэдээж. А.Сүхбат аварга Намсрайжавыг нохой мордож унагахдаа хөлөө эвгүй гишгэн доголчихсон байна. Ингээд түүнийг зургаагийн даваанд Баянаа аварга амласан түүхтэй. Тэрхүү барилдаанд монгол бөхийн нэгэн үеийн хүчтэнүүд анх зодоглож байжээ. Тухайлбал, Дамирангийн Бумбаяр заан Увсаас дөнгөж ирээд байсан залуу зодоглоод Б.Батхуяг начнаар хоёр, Очирын Одгэрэл заан Дүвчин заанаар хоёр давсан байх жишээний. Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд Р.Даваадалай начинд, Ишдоржийн Доржсамбуу гарьд аймгийн арслан П.Сумъяагаар нэг давж Р.Давааням заанд тус бүр хоёрын даваанд тахимаа өгчээ.

Ерэн гурван он. Тэр жилийн сар шинийн барилдааны нэг онцлог Хадаа аварга байлаа. Хүчит биетэй ч балчир хүүхэд адил гэнэн цайлган аваргаа зодоглосонд бөхөө дээдэлдэг ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байв. Шүтэн бишрэгчид нь бүр мэлмэр үүлж ч байсан нь тодорхой. Мань хүн тухайн үед алдаж онож л явсан билээ. Тиймийн учир олон түмэн Хадаагаа гэм хийсэн хүүхэд адил, буурал толгойгоо илсээр гарч ирэхэд Спортын төв ордныг доргитол алга нижигн үүлсэн юм даг. Үндсэндээ тэрхүү барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга зургаа дахь удаагаа түрүүлснээс илүү Хадаа аварга зодоглосон нь сонин сайхан байсаан. Эгэлгүй хүчит аварга тухайн жилийн наадмаар нутгийнхаа дэвжээн дээр, бөхийнхөө тоосон дунд л хальсан. Тэгэхээр ерэн гурван он бол Хад аваргын зодоглосон сүүлийн цагаан сар байв. Нэгийн даваанд залуу бөх С.Гүндсамбууд тахимаа өгснийг санаж байна. С.Гүндсамбуу нь Булган аймгийн Могод сумын харьяат Луузангийн Нямжав зааны ач хүү байж билээ. Б.Бат-Эрдэнэ аварга зургаа дахиа манлайлахад Х.Баянмөнх аварга дөчин есөн насандаа үзүүр булааж байсан. Д.Лхагвасүрэн, Д.Цэнд-Аюуш, Д.Эрдэнэбат гээд заануудыг цувуулж орхиод их шөвөгт О.Балжинням аваргыг амлан хаяж үзүүрлэсэн. Тавин насны босго алхах гэж буй аварга идэр залуухан Бат-Эрдэнэтэй бас чиг удаан барилдсан байх шүү. Хөдөөгийн хүүхэд, битүү- ний орой “араажав”-аа чагнаж байгаад бөхөө дуусгаж чадалгүй унтчихаад шинийн нэгний өглөө ааваасаа асууж байлаа. Бодоод байх нь ээ, бөх их орой дуусдаг байжээ. “Араажав” шуугиад явчихаар гэрт байгаа хүмүүс хэн нь давчихав аа гээд л зэрэг зэрэг асуудаг сан. Аглаг буйдхан хөдөөдөө “араажав”-аа чагнаад битүүний орой бөхөө “үзэж” байсан минь бас л кайфтай байж шүү. Ийм мэдрэмж бүх л хүнд төрдөг байх даа. Тэр жил хоёрын даваанд их олон заан годройтсон байдаг шүү. Тухайлбал, манлай заан Д.Долгорсүрэн залуу бөх Ц.Адъяахүүд, Д.Мягмар залуу бөх Д.Сумъяабазарт, З.Дүвчин залуу бөх Ц.Баянмөнхөд, Ж.Ганболд залуу бөх И.Доржсамбууд тахимаа өгч байв. Догоо заан (Д.Долгорсүрэн) Адъяахүү гэж Архангайн залууд элэг бүсээ тайлаад зогсож байхад арван естэй хүү нь Мягмар зааныг өвдөглүүлээд шуугиулж байж. Тэр хүү бол Монгол Улсын аварга Д.Сумъяабазар л даа. Дүвчинг өвдөглүүлсэн Увсын Хяргасын Цогт-Очирын Баянмөнх ерэн таван оны наадамд Чогсомын Батзоригтой тунаж начин болсныг манайхан мэднэ. Буур Жамьян аваргын зээ хүү Өсөхбаяр гэж гозойсон өндөр бор залуу тухайн жил анх зодоглож нэг даваад том Сүхбат гарьдад унасан бол Б.Гантогтох гарьд мөн л анх зодоглож Санжжавын Сүхбаатар заанд хоёрын даваанд унасан байна. Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд залуу бөх зодоглож Т.Нармандах харцагаар гурав, Ширмэнгийн Батхуяг начингаар тунаж дөрөв давсан байдаг. Их шөвөгт Дуламжавын Мөнх-Эрдэнэ арслан заан цолтойдоо шалгарсан юм. Тэрээр шөвгийн наймд том Сүхбаттай тунасан. Тэр хоёрын хооронд жаахан маргаантай барилдаан болсон санагдана. Мөнх-Эрдэнэ барьцгүй хавирдгаараа хавирч Сүхбатыгаа өвдөглөчихлөө гээд дэвээд явчихсан. Гэвч Сүхбатын өвдөг газар хүрсэн эсэх нь тодорхой биш. Үзэгчид “унасан, унаагүй, дахин барилд” гээд л. Мөнх-Эрдэнэ гүрийж, Сүхбат болохоор инээгээд л. Инээсээр байгаад л тахимаа өгчихөөд явчихсан даа. Ерэн гурван оны бас нэгэн онцлох зүйл нь Тувагийн хүчит бөх Аяс Мангуш зодоглосон явдал байв. Тэрээр сүүлд бас нэг ирж барилдсаныг манайхан мэдэж байгаа. Аяс Мангуш аймгийн заан цолтой зодоглоод хоёрын даваанд өнөөгийн тод манлай уяач, улсын начин Цэвээнжавын Дуламсүрэнг, гуравт Дамирангийн Бумбаяр зааныг аймгийн заан цолтой байхад нь тунаж даваад Б.Жавхлантөгс харцагад унаж байлаа.

Ерэн дөрвөн он. Б.Бат-Эрдэнэ аварга долоо дахиа түрүүлж, О.Балжинням аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Пунцагийн Сүхбат, Чадраабалын Бямбадорж нарын луужилтнүүд үлдсэн юм. Бямбаа зааны иртэйхэн барилдаануудыг хүмүүс одоо хэр нь дурсдаг. Өөрөөсөө хамаагүй өндөр Бумбаярыг тэр холоос давхар ачиж тонгороод гэдэг ч юм уу, эсвэл тухайн цагаан сараар өмнө нь олон унасан Мөнх-Эрдэнийгээ тавын даваанд хэрхэн уран мэхээр өвдөглүүлснийг мартдаггүй. Д.Мөнх-Эрдэнэ тэрхүү барилдааны тавын даваанд гурван бөхөөс ам сонссон байдаг. Ц.Баярсайхан, А.Сүхбат, Ч.Бямбадорж нараас. Тэгээд л Ховдын зааныг амлаж Төв аймгийн хоёрыг үлдээчихэж. А.Сүхбат аварга начин цолтой зодоглон гуравт залуу бөх Д.Сумъяабазарыг, дө- рөвт Ренчинхүүгийн Гансүх зааныг начин цолтой байхад нь тунаж орхин дараа нь Баярсайхан заантай тунаад өвдөг шороодсон. А.Сүхбат аварга гурвын давааны төгсгөлд бас л гурван бөхөөс ам сонсчээ. Тэд нь Д.Бумбаяр, Б.Гантогтох, Д.Сумъяабазар гурав. Сумъяагаа аваад Бумбаяр Гантогтох хоёроо тунагаж Бумбаяр нь давсан удаатай. Харин тухайн жилийнхээ наадмаар мань хоёр зургаагийн даваанд байна уу, бас л тунаж Гантогтох нь давж, долоод том Сүхбат гарьдыг өнөө олны сайн мэдэх уран барилдаанаараа орхиж заан цолны босго алхсан билээ. Ерэн гурван оны сар шинийн барилдааны зүүний магнайг Д.Дамдин аварга магнайлан зодоглосон байдаг. Гурвын даваанд цолоо дуудуулчихаад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бөхийн тайлбарлагч Агвааны Ганбаатарт элэг бүсээ тайлсан юм. Дамдин аварга А.Ганбаатарыг улсын цолонд хүргэж байсан. Тэрхүү ач буяныг бодож аварга Ганбаатарыг амлалаа, гар хөнгөн гуравдавах нь дээ гэж байтал Ганбаатар начин аваргыг өвдөгл үүлчихсэн юм.

Ерэн таван он. Б.БатЭрдэнэ аварга найм дахиа түрүүлж, О.Балжинням аварга үзүүрлэсэн жил. Ерэн дөрвөн оны цагаан сараар ч, улсын наадмаар ч тэр хоёр л үзүүр түрүү булаалдаж байв. Тэр жил мөн л үлджээ. Их шөвөгт Д.Мөнх-Эрдэнэ арслан, залуу заан Ц.Цэрэнпунцаг (одоогийн гарьд) нар үлдсэн байдаг. Пунцагаа гарьд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, улсын заан Ренчинхүүгийн Гансүхээр тунаж тав, том Сүхбат гарьдаар зургаа давж их шөвөгт Балжаа аваргатай тунасан. Тэрээр ерэн дөрвөн оны наадмын наймын даваанд Р.Гансүх заантай, есийн даваанд Балжаа аваргатай тунаж хүч үзсэн билээ. Цэрэнпунцаг гарьдын аархаж барилдсан он жилүүд эхэлж байгаа нь тэр. Ерэн дөрвөн оны наадмын өмнөхөн Пунцагаа гарьд Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн доктор Довдонгийн Данзан гуайтай автобусанд таарчээ. Тэгэхэд начин цолтой байж. Данзан доктор Цэрэнпунцагт хандан “Дүү хүү өнөө жил дор хаяж долоо давна шүү” гэхэд, би юу гээд толгойгоо илж байсан гэдэг. Үнэхээр ч тэр жил Пунцагаа хүү, төрийн наадамд хоёр жил дараалан үзүүрлээд байсан Дуламжавын Мөнх-Эрдэнийг долоогийн даваанд, Р.Гансүх зааныг наймын даваанд орхиж их шөвгийн гуравт Балжаа аваргатай тунаж байсан түүхтэй. Ерэн таван оны сар шинийн барилдааны өмнө нэг их өндөр бооцоотой бөхийн таавар явж байсныг санаж байна. Тэр нь 1994 онд шинээр улсын начин цол хүртсэн бөхчүүд хэд давах вэ гэсэн таавар байв. Долгорсүрэнгийн Сумъяабазар, Пүрэвсүрэнгийн Ганбаяр, Түвдэнжамбын Бат-Эрдэнэ, Цэндээгийн Анхбаяр, Ишдоржийн Ганбаатар, Хэнмэдэхийн Түвшинсанаа, С.Дангаасүрэн нарын арван начин тэр жил шинээр төрсөн. Тэднээс Дорнодын Мягмарын Чимэддорж л Жанчивравдангийн Намжилдорж харцагаар гурав давсан байдаг. Д.Амгаа, Д.Цэнд-Аюуш, С.Хүрэлбаатар, Ж.Ганболд, Д.Хишигдорж нарын заанууд хоёрын даваанд унасан. Хөвсгөлийн Элбэг хэмээх элбэгхэн залуу Хишигдорж зааныг өвдөглүүлсэн нь одоогийн харцага Гунгаагийн Элбэг л дээ. “Оны шилдэг найман бөх”-ийг бүтэн жилийнх нь амжилтаар шалгаруулж шагнал өгдөг уламжлалтай. Бүр төрийн тэргүүн шагналыг нь өгдөг байсан байх шүү. Д.Хишигдорж заанд Пунцалмаагийн Очирбат гуай шагнал өгөхдөө гишгэгдэл алдаад дор даваанд хэрхэн унасныг өөрөө биетээр үзүүлж олныг хөгж өөж байв. Цолгүй ганцхан бөх тав давж шуугиан тарьсан Ишдоржийн Доржсамбуу байсан. Тэрээр Чогсомын Батзоригоороо тунаж гурав, М.Мөнгөн арслангаар дөрөв, Д.Эрдэнэбат заанаар тав давж Бат-Эрдэнэ аваргад шороодож байв.

Ерэн зургаан он. Төрийн наадамд таван удаа түрүү үзүүрт шалгарсан “хоёр Эрдэнэ” буюу Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нар цагаан сарын барилдаанд анх удаа түрүү булаалдсан нь тэр жил юм. Мэдээж ноёлж сурснаараа Бат-Эрдэнэ нь давж ес дэх удаагаа түрүүлсэн түүхтэй. Их шөвөгт Балжаа аварга Б.Гантогтох гарьд нар үлдсэн байдаг. Баянаа аварга хүүгээ тавын даваанд амлан элэг бүсээ тайлсан. Хорьдугаар зууны манлай бөх, дэлхийн зуун жилийн бөх од хүчит аварга маань цагаан сарын барилдаанд тийнхүү хүүдээ тахимаа өгснөөр зодог тайлсныг манайхан санаж байгаа. Ааваараа тав давсан Гантогтох заан (гарьд) зургаагийн даваанд Д.Сумъяабазар заан(аварга)-тай тунаж хүч үзээд давсан билээ. Өнөө залуу зургаан зааны хоёр нь тийн хүч үзэж бөх сонирхогчдыг ёстой нэг өнд өлзүүлсэн дээ. Ерэн зургаан оны цагаан сараар сайн барилдсан бөхчүүдийн нэг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Жанцангийн Чулуун начин юм. “Ерөнхийлөгчийн бөх” гэгддэг тэрээр Р.Давааням заанаар дөрөв, Б.Ганбаатарарслангаар тав давж дунд шөвөгт шалгарсан. Басхүү тэмдэглэлгүй өнгөрч боломгүй нэгэн барилдаан бий. 1995 оны наадмаар шууд долоо даван заан цол хүртсэн Гэлэгжамцын Өсөхбаяр хоёрын даваанд өвдөглөсөн. Түүнийг Төв аймгийн Заамар сумын харьяат, Монгол Улсын начин Дуламсүрэнгийн Намдаг залуу бөх байхдаа шороодуулчихсан. Бас л бөөн шуугиан болж байлаа.

Ерэн долоон он. Зургаан залуу зааны үе эхэлж буйг дуулгаж Цэдэндамбын Цэрэнпунцаг Бат-Эрдэнэ аваргатай түрүү үзүүрт үлдсэн. Пунцагаад Бат-Эрдэнэ аваргыг хаях боломж бүрэн байсан гэдэг. Гэвч дотнын ахын хувьд Баагий аварга Пунцагаа дүүдээ учир байдлаа хэлж цагаан сарын баярт завсаргүй арав түрүүлсэн удаатай. Ер нь Баагий аварга Цэрэнпунцагийг ид үед нь олон буулгасан даа. Ерэн долоон оны наадмын их шөвөгт, 2001 оны есийн даваанд тус бүр амлаж унагаж байсан. 2001 онд наян жилийн ойгоор түрүүлчих бодолтой байна гээд бас л буулгуулсан гэх яриа бий. За тэр яахав, дотнын ах дүүгийн хоорондын явдал биз. Гэхдээ Пунцагаа гарьдын өмнөөс харамсдаг хүмүүс олон байдаг. Улсад дор хаяж нэг, хоёр түрүүтэй бөх байсан хэмээн одоо хэр нь ярьдаг, басхүү зодоглохыг нь хүлээдэг. Пунцагаа тэр жил зургаан залуу зааных нь нэг болох Гэлэгжамцын Өсөхбаяраар тунаж зургаа, Д.Мөнх-Эрдэнэ арслангаар тунаж долоо давж Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн. Олны хайртай Оргилболд начин тухайн цагаан сарын барилдаанд бас л шуугиан тарьсан. Залуу бөх зодоглоод тав давчихсан. Мань хүн тэр жилээ Зэвэгийн Дүвчингээр улсын цолонд хүрсэн байдаг. Мөн Хэнтийн Батжаргалын Одхүү гялалзсан цагаан залуу Ө.Тулгаа, Д.Цэнд-Аюуш нарын заануудыг гурав, дөрвийн даваанд орхиж олны хараанд өртсөн бол До.Ганхуяг арслан мөн л хорь орчим настай залуу зодоглож Г.БатАмгалан начингаар гурав давж байсан байна. Өлзийн Тулгаа заан дүү Сумъяа начны хамт тэр жилийн цагаан сараар Увсын хязгаараасаа ирж зодоглосон юм аа.

Ерэн найман он. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын заан Б.Ганбат аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж цагаан сарын бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн билээ. Улсын цолгүй бөх түрүү үзүүрт шалгарсан тохиолдол 1998 он хүртэлх хугацаанд байгаагүй юм. Хэрвээ Бат-Эрдэнэ аваргыг өвдөглүүлсэн бол дараалсан олон түрүүг нь зогсоох байлаа. Аварга тэр жил арван нэг дэхээ түрүүлсэн билээ. Б.Ганбатын хувьд өмнөх жилийнх нь сар шинийн барилдаанд хоёр давж, гуравт Ч.Батзориг начин (заан)-тай тунаад өвдөглөж байсан. Түүнийг ерэн долоон оны наадмаар улсын цолонд баталгаатай хүрнэ, начнаар тогтохгүй гэгдэж байв. Гэтэл яалаа, гурвын даваанд Ц.Цэрэнпунцаг заан (гарьд) амлаж аваад хаячихсан. Олны нүд орой дээрээ гарна гэдэг л болсон. Ямар сайндаа Баянаа аварга “Сайхан л наадам боллоо, Сүхбат маань заан цол хүртлээ. Ганбатыгаа бас л заантай даа гэж байтал гурвын даваанд Цэрэнпунцаг аваад хаячихлаа. Залуу байхад аатай омогтой, аль болох хатуу ам авъя л гэж боддог. Гэхдээ Цэрэнпунцаг арай л хатуу ам авлаа даа” гэж толгой сэгсэрч байсныг санаж байна. Аймгийн арслан Б.Ганбат үзүүрлэхдээ Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн, Гэлэгжамцын Өсөхбаяр нарын нэгэн үеийн шилдэг хүчтэнүүдийг дараалуулан орхиж, их шөвөгт Д.МөнхЭрдэнэ арсланг давсан юм. Тэр жил Ганбаттай адил бас л сайн барилдсан бөхийн нэг цэргийн начин Ц.Цэрэнчимид (одоогийн начин) байлаа. Улсын наадмын начны даваанд хэд хэд бүдэрсэн тэрээр И.Доржсамбуу, О.Одгэрэл нарын ид гарч ирж буй залуу хүчтэнүүдийг хаяж дунд шөвөгт шалгаран Балжаа аваргад тахимаа өгч байв.

Н.ГАНТУЛГА

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг буруутгаж байна.

НҮБ-ын Аюулгүй зөвлөл БНАСАУ баллистик пуужин хөөргөснийг эрс буруутган мэдэгдэл хийлээ. Тус зөвлөл өнгөрсөн ням гаригт БНАСАУ баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор яаралтай хуралдаан зарласан байна. Улмаар БНАСАУ өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн зэвсэг туршсаны хариуд ноцтой арга хэмжээ авна хэмээн дахин мэдэгджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ оны эхээр, Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан тухай мэдэгдэл гаргасны дараа хариу арга хэмжээ авахаар тогтоолын төсөл боловсруулж байгаа юм. Их Британи, Япон улс Аюулгүйн зөвлөлд хандан пуужин хөөргөсөнд нь хатуу хариулт өгөхийг шаарджээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын дарга Зандаахүүгийн Энхболдын сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлхийн бөмбөрцөг дээр монголоороо гоёсон элэг нэгт монголчуудаа!

Та бүхэндээ XVII дугаар жарны гал бичин жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улиран одож байгаа модон хонь жилдээ монголчууд бид 3 сая дахь иргэнээ өлгийдөн авч, малчин түмний минь нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо 56 саяд хүрлээ. Энэ нь нүүдэлчин монголчуудын өсөн үржих, өөдлөн дэвжихийн билэгдэл юм.

Монгол Улсын Их Хурал хүн амаа өсгөх бодлогыг тууштай дэмжиж, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор боллоо. Настан буурлуудаа тэтгэн дээдлэх төрийн бодлогыг тодорхойлж, Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа. Хүн ардынхаа эрүүл мэнд, боловсролд анхаарч, Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль, Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж эхэллээ.

Сүүлийн 25 жил дэлхийд байхгүй өндөр зээлийн хүү төлж ирсэн баялаг бүтээгчдэд тулгарч байсан зээлийн хүүгийн дарамтыг Ардчилсан намын Засгийн газар 2012 оноос хойш үе шаттай хөнгөлж ирсэн билээ. Цаашид ч зээлийн хүүг буулгана. Орон сууцны зээлийн хүү 15-20 хувь байсныг 8 хувь болгож бууруулснаар 76 мянган өрх шинэ байранд орлоо. Чингис бондын эх үүсвэрээр 6-8 хувийн хүүтэй үйлдвэрлэл эрхлэгчийн зээлийг шинээр бий болгож, 1 их наяд гаруй төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Сар шинийн өмнө малчны зээлийн хүү ч буурлаа.

Хатуу ширүүн цагийн аясыг даван туулдаг малчин түмнийхээ үйлдвэрлэл эрхэлж, аж ахуйгаа амжилттай эрхлэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн банкны малчны зээлийн хүүг жилийн 18 хувь, сарын 1,5 хувь болголоо. Цаашид малаа эрүүл байлгасан, нийгмийн даатгалаа төлдөг малчин дансаараа гүйлгээгээ хийдэг нөхцлийг хангасан бүх малчны зээлийн хүү 3 дахин буурч, жилийн 10 хувь буюу сарын 0,8 хувийн хүүтэй болно. Бид малчны зээлийг мал аж ахуйн үйлдвэрлэл, ХАА-н экспортыг дэмжих чухал хөшүүрэг болгон ашиглах ёстой гэж үздэг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр гацаанд орсон орон сууцны 8 хувийн зээлийг сэргээснээр сар шинийн өмнө олон зуун айл байрандаа орлоо. Ирээдүйн тэтгэвэрийн нөөц сангийн хуулийг баталснаар цаашид ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд барилгын салбар, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч мянга мянган монголчууд ажилтай орлоготой болж, олон зуун айл өрх орон сууцанд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм. НӨАТ-ын 10 саяын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр иргэд худалдан авалтандаа төлсөн татварынхаа 2 хүртэл хувийг буцаан олгох хууль бодит амьдралд хэрэгжиж эхэллээ.

Анхны Ардчилсан сонгууль болж, Байнгын ажиллагаатай парламент байгуулдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу олон мянган иргэн эрх чөлөөтөй болсон. Тэд төрийн хайр энэрлийг дааж, шинийн нэгний энэ сайхан өдөр аав, ээж, ахан дүүсийнхээ хамт золгож байгаа.

УИХ бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, Засгийн газар хэдэн арван жилд хийж чадаагүй авто замыг тавьж, эрчим хүчний, цементийн, барилгын, төмрийн, арьс ширний, ноос ноолуурын, мах махан бүтээгдэхүүний, үйлдвэрүүдийг сэргээн босгож, Монгол Улсад аж үйлдвэрийн бодлого эрч хүчээ авч байна. Үр дүнд нь монголчууд аймаг нийслэлийг холбосон авто замаар тав тухтай зорчиж, иргэд, аж ахуйн байгууллагууд үндэсний үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэж эхэллээ. Энэ жил дэлхийн 50 гаруй орны 5000 гаруй өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид АСЕМ-ын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулах нь Монгол Улсын төр засгийн төдийгүй нийт Монголчуудын нэр төрийн хэрэг болж байна.

Ардчилсан Монгол Улсын иргэдээ!

Та бид 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, УИХ-д болон аймаг, нийслэлийн иргэдийн хуралд өөрийгөө төлөөлөх түшээдийг сонгох гэж байна. Монголчууд ардчиллын буянаар айж ичилгүйгээр сар шинийн баяраа тэмдэглээд 26 жил боллоо. Ардчилсан нам “Монгол хүн-2020” урт хугацааны хөтөлбөрөө тууштай үргэлжлүүлж, эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө хүчин зүтгэнэ гэдгээ шинийн нэгний билэгт сайн энэ өдөр батлан илэрхийлж байна. Монголчууд Та бүхэн минь тусгаар улсынхаа гал голомтыг мөнхөд бадрааж, айл хотлоороо, ахан дүүсээрээ амар амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ БУЯН ЗАЯА ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ !

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч өндөр настнуудад зориулан гарын бэлэг бэлтгэлээ

Монголчуудын уламжлалт сар шинийн баярын ёс нь шинэ жил, шинэ сар, шинэ өдрийн өлзий бэлгийг даяар олноороо бэлгэшээн тэмдэглэж, өтгөсөө өргөж, нялхсаа баясгах, ураг төрөл, удам гарвалиа мэдэлцэх их баяр билээ.

Иймээс “Ахмад настны нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.

Тус бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, “Алтанговь” шоколад, цагаан идээний дээж ааруул, ёотон, цай, “Монгол нэхмэл” компанийн үйлдвэрлэсэн хонины ноосон дээлийн даавуу, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2016” гэсэн бичигтэй бэлгийн хайрцаг зэрэг зүйлийг багтаасан байна.

Categories
мэдээ нийгэм

Баяраар ажиллах эмнэлэгүүдийн цагийн хуваарь

Нийслэлийн хэмжээнд баярын өдрүүдээр ажиллах эмнэлгийн цагийн хуваарийг Эрүүл мэндийн газраас гаргасан байна. Улмаар болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах хүн хүч, техник хэрэгсэл бусад зүйлийн нөөцийг бүрдүүлж ажиллах аж.

Баярын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь:

Байгууллагын нэр

Утасны дугаар

II сарын 9-11-ний өдөр

Тайлбар

1

Нийслэлийн эрүүл мэндийн газар

320981, 1800-1893

24 цаг

Бүх эмнэлэгт хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.

2

Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд

СХНЭ631108
ХУНЭ379258
БЗНЭ454004
СБНЭ350790

24 цаг

3

Дүүргийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетууд

10-16 цагийн хооронд

4

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

www.ubhealth.mn ээс холбогдох дугаарыг авна уу

10-16 цагийн хооронд

5

Нийслэлийн түргэн тусламжийн төв

103, 7011-0103

24 цаг

6

Шүд эрүү нүүрний төв

325731

10-16 цагийн хооронд

7

Дүүргүүдийн хүүхдийн түргэн

БГДЭМТ 36-25-39
ЧДЭМТ7011-0279

БЗДЭМТ 103
СХДЭМТ103
ХУДЭМТ34-1003
СБДЭМТ35-07-93

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн шуурхай удирдлагын газраас анхааруулж байна

Сар шинийн баярын өдрүүдээр цасан шуурга шуурах төлөвтэй тул Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраас дараах анхааруулгыг хүргэж байна.

Энэ сарын 9-ний өдөр баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 12-14м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурч хүйтэрнэ. Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан сэрэмжлэх мэдээллүүдийг үндэслэн ажлаа зохицуулахыг анхааруулж байна. Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч, зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул иргэд та бүхэн холын замд гарахдаа цаг агаарын байдлыг ажиж гараарай.

Мөн Автотээврийн үндэсний төвөөс сар шинийн баяр болж хөдөө, орон нутгаас нийслэл хот хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн нэмэлт 243 тээврийн хэрэгслээр үйлчлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Нэмэлт тээврийн хэрэгслийн хуваариар энэ сарын 08-ны өдрөөс эхлэн 14-ний өдрийг дуустал үндсэн 932, нэмэлтээр 243, нийт 2412 тээврийн хэрэгслээр үйлчилнэ.

Categories
мэдээ цаг-үе

“Монголын андууд” цагаан сарыг тэмдэглэв

2016 оны I сар

“СИНГЛ ЛЭДИЕЗ–2” КИНО АНУ-Д

Оны эхэнд Монголын уран сайхны “Сингл лэдиез – 2” кино Вашингтон, Чикаго хотуудаар гарч, Америкийн монголчуудад шинэ оны бэлэг болон хүрэв. Вашингтон орчимд Ажжелика хэмээх театрт нэгдүгээр сарын 4-6 хүртэл гурван өдөр дараалж гарсан бөгөөд өдөр бүр сул суудалгүй, харин ч хоцорч ирсэн олон хүн орж чадалгүй буцсан тохиолдол гарсан болно. Кино монгол хэлээр, англи хадмалтай байсан тул Монголыг сонирхогч америкчууд мөн үзэж сонирхлоо. Жүжигчин Г.Ундармаа өөрийн биеэр киноны нээлтэд оролцон, үзэгчдийн асуултад хариулан, зургаа хамт даруулж байсанд хүмүүс талархаж байлаа.

НАРАНЧИМЭГ ОХИН БОСТОНД ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

2010 оны гуравдугаар сард Монголд тохиосон нэгэн явдлыг уншигчид санаж байгаа байх. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин Буянбатыг малдаа явсан хойно гэрт нь гал гарч, хэдхэн мөчийн дотор гэр нь юу ч үгүй шатан үгүй болсон билээ. Гэрт хоёр нас найман сартай Саранчимэг, 10 сартай Наранчимэг дүүгийнхээ хамт л үлдсэн байлаа. Гэрээ шатаж эхэлмэгц Саранчимэг охин дүүгээ чирсээр гарган, галаас зайлуулснаар барахгүй малынхаа хашааны дэргэд суулгаад, өмсөж байсан цамцаа нөмрүүлсэн байсан гэдэг. Ийнхүү дүүгээ эхлээд галаас, дараа нь осгож үхэх аюулаас аварсан Саранчимэг охинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударга журам” медаль олгож байв.

Галд түлэгдсэн дүү нь харамсалтай нь явж чадахааргүй болсон байжээ. Тэр үед монголчуудын дотнын нөхөр, Монголын тухай олон баримтат кино зохиол, ном бичсэн, алс хязгаарын сумдад эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлдэг хатагтай Сас Кари үүнд санаа тавин, сэтгэл гарган ажилласнаар Бостон хотын Шрайнерс эмнэлэгт авчран, мэс засалд оруулж өгсөн билээ. Сас Каригийн хичээнгүй хөөцөлдлөгөөр тухайн үед Наранчимэгийн Даланзадгадаас Улаанбаатар орох зардлыг нь Изинис компани, Бээжингээс Бостон хүрэх зардлыг Американ эйрлайнз дааж байлаа. Шоайнерс эмнэлэг харин мэс засал, эмчилгээг үнэгүй хийж өгсөн юм. Америкийн монголчууд ч энэ аянд нэгдэн, АНУ-д байх хугацааных нь зардалд хувь нэмрээ оруулсан билээ. Үүний дүнд Нараа алхаж гүйдэг болсон юм.

Тэгвэл зургаан нас хүрсэн Наранчимэг охин Шрайнерс эмнэлэгт ахин ирээд байна. Учир нь өсөж том болохын хэрээр хүүхдийн арьс сунан тэлдэг ч сорвитой хэсгүүд нь сунадаггүй ажээ. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн өвдгөө нугалж чадахгүй болж ирсэн байна. Сас Каригийн дэмжлэг, туслалцаагаар хагалгаа амжилттай болж, эмчилгээ үргэлжилж байна. Америкийн монголчууд урьдын адил энэ үйл хэрэгт сэтгэлийн хандиваа өргөсөөр байна.

ВАШИНГТОН ХОТ ОРЧМЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ НИЙГЭМЛЭГ

Вашингтон хот орчимд Бурханы Шашинтны Нийгэмлэг байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Нийгэмлэгээс долоо хоног тутамд Бурханы шашны хичээл, ярилцлага зохион байгуулдаг юм. Хурал, хичээл зэрэгт нь хүндэт зочид, эрдэмтэй лам нар урилгаар ирж оролцдог уламжлалтай. Тухайлбал энэ нэг сарын хичээлүүдийн хувьд, Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Жанчивдэчинлэн хийдийн хамба лам Ж.Шинэндэнцэл,Монголын Бэтүб хийдийн лам Д.Норовбадам, Улаан-Үд хотын Лаврин дацангийн хамба лам Дорж нар оролцсон бол нэгдүгээр сарын 31-ний цуглаанд Зоригт багш “Бодь мөрийн зэрэг”-ийн талаар айлтгалаа.

МОНГОЛЫН АНДУУД ЦАГААН САРЫГ ТЭМДЭГЛЭВ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Виржиниа мужийн Арлингтон хотноо “Монголын андууд” ТББ, Вашингтоны монгол сургуультай хамтран сар шинийн баяр зохион байгуулав. Монголын андууд нь Энх тайвны корпусын шугамаар Монголд ажиллаад буцаж ирсэн сайн дурынхны үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага юм. Сар шинийн баяртаа тэд монгол хоол, цай бэлдсэнээс гадна хүүхдүүдээр шагай тоглуулан, монгол караоке дуу дуулж, Монголын тухай асуулт хариултын тэмцээн зохион, хөгжилтэй сайхан тэмдэглэлээ.

“Өдрийн сонин”-ы АНУ дахь тусгай сурвалжлагч м.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

П.Орхон: Би түрүүлж оноо авсан нь давуу тал болсон. Оноо алдаад ирэнгүүтээ Каори хэт шатаад, хөл авалтууд нь хүртэл хүчгүй ирж байсан

Олон улсын хэмжээний мастер П.Орхон саяхан ОХУ-ын Красноярск хотноо болсон олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Гран-При”-гаас жиндээ алтан медаль хүртсэн билээ. Тэрээр аваргын төлөө Японы бөх Каори Ичотой барилдаж ялсан юм. Түүний өрсөлдөгч Каори Ичо 13 жил тасралтгүй амжилттай барилдаж барилдаан болгоноосоо алтан медаль хүртэж байсан бөгөөд ердөө хоёрхон мөнгөн медальтай. Үүний нэг нь Орхонд ялагдаж авсан мөнгөн медаль. Японы домогт бөхийг ялсан монгол охины талаар дэлхий нийт сонирхож байна. Ингээд “Алдар” спорт хорооны тамирчин, улсын залуучуудын шигшээ багийн тамирчин Пүрэвдоржийн Орхонтой эх орондоо ирээд байхад нь ярилцсан юм.

-Танд баяр хүргэе. Үнэхээр түүхэнд бичигдэх амжилтыг энэ удаа гаргалаа. Сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Баярлалаа.Сэтгэгдэл өндөр байна. Би шүтэж явдаг бөхтэйгөө анх удаа таарч барилдаад яллаа. Дэлхийн чөлөөт бөх сонирхогчдын анхаарлыг татсан гоё барилдаан гаргасанд баяртай байна.

-Энэ удаагийн тэмцээнд ямар бөхчүүдтэй барилдав. Нутаг нэг бөхтэй хүртэл барилдаж ялсан шүү дээ?

-Эхний тойрогт Шоовдор эгчтэй барилдсан. 10:1 харьцаагаар хожсон. Шоовдор эгчтэй энэ жилийн Улсын аваргаар барилдаагүй. Бараг хоёр жилийн өмнө барилдаж байсан юм байна. Дараагийн тойрогт Оросын бөхтэй барилдаад мөн хожсон. Аваргын төлөө Японы Каори Ичотой барилдсан. Ер нь өрсөлдөгчдөө 10:0 харьцаагаар л ялна гэсэн зорилготой дэвжээнд гарсан.

-Тэмцээний үеэр гадны хэвлэлийнхэнд Каори Ичог их судалсан. Түүнд зориулж тусгайлан бэлтгэл хүртэл хийсэн гэж ярьсан байсан, та?

-Каори Ичогийн барилдааныг судалдаггүй бөх байхгүй байх. Чөлөөт бөх сонирхдог эрэгтэй, эмэгтэй бүх бөх л түүний барилдааныг судалдаг. Үлгэр жишээ авдаг. Гэхдээ би Каори Ичогийн барилдаанд тулгуурлаж, тохируулж биш өөрийнхөө барилдаанд тулгуурлаж хэрхэн түүнтэй барилдах тал дээр түлхүү бэлтгэл хийсэн.

-Та хоёрын барилдааны өмнө Монголын бөхчүүд түүнтэй барилдаж ялагдсан байсан. Энэ байдал таны сэтгэл зүйд хэр нөлөөлөв?

-Өдөр завсарлагаанаар Гантуяа, Цэрэнчимэд бид гурав Каори Ичогийн талаар ярьсан. Манай хоёр түүнд ялагдсанаа яриад ядаж оноо салгах хэрэгтэй гэж хошигнож байсан. Гэвч миний хувьд дотроо заавал ялна гэсэн зорилго тавьсан байсан.

-Каори Ичо Японд очоод хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагаас харахад нэлээд хүнд цохилтод орсон юм шиг санагдсан?

-13 жил ялагдаагүй хүн харамсалгүй яахав. Ер нь Каори Ичо нэг оноо алдахаараа их шатаж барилдаж харагддаг. 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Соронзонболдын Батцэцэг эгчтэй барилдах үеэрээ нэг оноо алдаад нэлээд бухимдаж байсан. Ялагдал хүлээх юм бол хэзээ ч мартахгүй. Хэрвээ олимпод оролцох юм бол ингэж барилдана гээд надад аль хэдийнэ мэх бэлдчихсэн л байгаа. Сэтгэлзүйн хувьд ч их дарамттай ирнэ гэж би бодож байна.

-Каоригийн сэтгэл хөдлөлийг мэддэг учраас барилдах үедээ маш сайн ажиглаж байсан уу?

-Өглөөний барилдаануудыг нь харахад Чимэдээгийн хувьд Каори Ичо руу довтолсон барилдааныг их хийж байсан. Каоригийн хөлийн хамгаалалт хамгийн сайн. Би Японд нэг удаа хамтарсан бэлтгэл хийж байхад хөлийн жийлтийг нь бүр зориуд өөрөөс нь асууж заалгаж байсан удаатай. Тиймээс хөлд нь оръё, довтолсон барилдаан гаргая гэж бодоогүй. Эхлээд өөрийнх нь барилдааныг харсан. Түрүүлж оноо авсан нь давуу тал болсон. Их оноо алдаад ирэнгүүтээ Каори хэт шатаад, хөл авалтууд нь хүчгүй ирж байсан.

-Та хоёрын барилдааныг харахад Каорийг хөдлөх бүрт хариу мэх барьж дайрч барилдсан. Өрсөлдөгчөө суларч байгааг мэдсэн учраас тийм итгэлтэй барилджээ?

-Гарын барилт их задгай. Зай их гаргаж, дараалан алдаа гаргаж байсан. Миний хувьд тайван байсан. Есөн оноотой явж байгаад сүүлийн нэг оноог би алдчихлаа гэж бодоод босоод ирсэн чинь шүүгч надад нэг оноо өгөөд арван оноогоор илт давуу байдлаар хожсон. Бидний барилдааныг хүмүүс шимтэн үзэж байсан. Хоёр багшийн яриа тод сонсогдож байсан. Заалан дахь бүх үзэгч нам гүм. Яг арван оноогоор ялах мөчид монголчуудын хашгирах нь надад сайн сонсогдсон.

-Ер нь барилдааны үеэр ямар мэхийг түлхүү сайн гаргаж чаддаг вэ?

-Манай Хосоо багшийн заадаг хөл авалтуудыг сайн гүйцэтгэхийг хичээдэг. Мөн довтолгооны мэхүүдийг сайн гаргахыг хүсдэг.

-Гадны хэвлэл мэдээлэл барилдааны дараа чамаас ярилцлага авсан гэж сонссон?

-Каори Ичогийн талаар хэзээ анх сонссон, барилдааныг нь хэзээнээс мэддэг болсон гэж ирээд л Оросын телевиз ярилцлага авсан.

-Хосбаяр багштай хэзээнээс бэлтгэл хийж эхэлсэн юм бэ?

-2007 онд Хосбаяр багшид шавь орсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл багшийнхаа удирдлага дор хичээллэж байна.

-Сая багштайгаа уулзахад өөрийг тань үнсээд үг хэлж харагдсан. Юу гэж байна?

-Аваргын төлөө барилдахын өмнө багш Монголоос ээжээр дамжуулж надтай холбогдсон. Каори Ичо ингэж барилдаж байна шүү. Тэгж барилдаарай гээд зөвлөгөө өгсөн. “Башгийнхаа хэлснээр барилдаж алтан медаль авчирсанд баяр хүргэе” гэж хэлээд Хосоо багш намайг үнссэн.

-Олимпийн эрхээ аваагүй байгаа юу?

-Олимпийн эрхээ аваагүй. Удахгүй болох олимпийн эрхийн тэмцээнээс авна даа.

-Өнгөрсөн жил жиндээ дэлхийн аваргын тэмцээнд оролцож чадаагүй. Үүнд багагүй харамссан гэсэн?

-Өнгөрсөн жил намайг дэлхийн аваргад явуулаагүй. Тухайн үед гомдож л байсан.Одоо бол нэг их юм бодохгүй байна. Улсын аваргад 55 кг-д би хоёрт орсон байсан. Номио эгч түрүүлээд дэлхийн аваргад явах байсан ч тодорхой шалтгааны улмаас явж чадахааргүй болсон. Тэгээд намайг явуулах байх гэж бодож байтал өөр жингээс хүн явуулчихсан. Тэр үед намайг дэлхийн аваргын тэмцээнд явуулаагүй нь өнөөдрийн миний амжилт гаргах гол шалтгаан ч болсон байж магадгүй. Хүн юмнаас дутаж, хасагдахаараа хор шарандаа илүү их бэлтгэл сургуулилт хийдэг юм шиг санагддаг.

-Харин өнөө жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 58 кг-д барилдсан. Шийдвэрийг хэн гаргасан юм бэ?

-Өнөө жилийн улсын аваргын тэмцээнд жингээ хасч 58 кг руу орно гэдэг шийдвэрийг би өөрөө гаргасан. Улсын аваргын өмнө Хосоо багштай уулзаад би улсын аварга шалгаруулах тэмцээнд 58 кг-д орно, түрүүлнэ гэж хэлээд жин хасч орсон. Хэлсэндээ хүрч улсын аварга болж чадсандаа баяртай байгаа.

-Та насанд хүрэгчдийн улсын шигшээ багт багтаагүй байгаа юм уу?

-Залуучуудын шигшээ багт 2013 онд орсон. Одоо ч гэсэн байгаа.

-Францын Парис хотноо болсон “Гран при” тэмцээнээс алтан медаль хүртсэн Н.Лхамгармааг өөрийн тань найз залуу гэсэн үү?

-Тийм ээ. Бид хоёр үерхээд тав, зургаан жил болж байна. Хоёр биендээ зөвлөгөө өгнө. Миний хувийн цалингүй туслах шиг л байдаг ш дээ (инээв).

-Тэмцээний дараа та хоёр утсаар ярив уу?

-Парисаас ирээгүй байгаа. Би барилдаж дуусчихаад байрласан газартаа ирээд орой нь интернэтэд ороод харсан чинь аваргын төлөө гарчихсан байхыг нь мэдээд их баярласан. Одоо болтол холбогдоогүй л байна. Харин намайг домогт бөхийг ялсан гээд ээж, ах эгч нар гэр бүлийнхэн уйлалдаж бөөн юм болсон (инээв). Миний ойр дотнын хүмүүс ер нь бөхийн спортод сонирхолтой. Өвөө, нагац ах маань барилддаг байсан. Миний төрсөн ах бас барилдаж байгаад өнгөрсөн жил хөлөө хугалаад бөхөөс хөндийрсөн.

Categories
мэдээ цаг-үе

Э.Хосбаяр: Өөрийнхөө боломж, багшийнхаа заасныг харуулъя гэж зорьсон

My Voice” тэмцээний гран при шагналыг дуучин Э.Хосбаяр хүртсэн билээ. Тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтран ажиллах, БНСУ-д урлагийн сургуульд гурван жил суралцах эрхийг авч, 10 сая төгрөгөөр шагнуулсан юм. Мөн “Pepsi“ ундааг бүтэн жил үнэгүй хэрэглэх эрхтэй болсон гэнэ. Бид дуучин Э.Хосбаяртай гала концертондоо оролцсоных нь дараахан уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-Гран при шагнал хүртсэнд баяр хүргэе. Та Соёл урлагийн их сургуулийг төгссөн байх аа?

-Баярлалаа. Тийм ээ, 2015 онд Соёл урлагийн их сургуулийн эстрад дуулаачийн ангийг төгссөн. Одоо бол Соёл урлагийн их сургуулийн Хөгжим урлагийн сургуулийн орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхим гэдэг болсон.

-Урьд нь дууны тэмцээнд оролцож байсан уу?

-Телевиз радиогоор цацагдсан том тэмцээнд оролцож байгаагүй. Ер нь бол янз бүрийн уралдаанд оролцсон. Томоохон тэмцээнүүдээс гэвэл 2006 онд “Алтаргана” олон улсын наадамд орж “Хүрэн хээр”, “Өндөр бор” дуугаа дуулж хоёрдугаар байрт орж байлаа. Амьд хөгжмийн “Monsters reality show”-нд оролцож шилдэгт орсон. Өнгөрсөн жил “Баянмонгол” чуулгын дуучин агсан Л.Оюунчимэгийн нэрэмжит Олон улсын рок, поп дуучдын улсын уралдаанд оролцож гран при шагнал хүртсэн.

-Багаасаа дуулдаг байсан биз?

-Тийм ээ. Манайх ер нь урлагийн гэр бүл л дээ. Өвөө маань Ц.Базаргүр гэж хүн байсан. Төв аймгийнхаа театрт ажилладаг байсан гэсэн. Мөнгөнморьт суманд насаараа кино механикч хийсэн. Таван жилийн гавшгайч, улсын уран сайханчдын уралдаанд хоёрдугаар байрт орж байсан. Би өвөөгөө хараагүй л дээ. Аавын ээж Соёлын тэргүүний ажилтан уртын дууч хүн байдаг. Ээж маань хуучнаар Соёлын сургуулийг төгссөн. Төв аймгийн Мөнгөнморьт суманд насаараа Соёлын төвийн эрхлэгчээр ажилласан. Одоо ч ажлаа хийсээр байгаа. Ер нь урлагийн хүн.

-“My Voice”-д оролцсон П.Дагийсүрэн та хоёрыг сонсоход эстрад биш дуурийн дуучин баймаар хоолойтой санагдсан?

-Анх Соёр урлагийн их сургуульд шалгалт өгөхдөө дуурийн дуулаачийн ангид өгсөн. Эрүүл мэндийн байдлаас болоод дараа жил нь дахин шалгалтад орохдоо дуурийн дуулаачийн ангид өгөх гэж байгаад эстрад дуулаачийн ангид шалгуулсан. Яагаад дуурийн дуучин шиг сонсогдож байна гэхээр би ийм вокалтай л даа. Манай багш өөрөө ч ийм вокалтай .

-Хэний шавь билээ?

-Соёл урлагийн их сургуулийн эстрад дуулаачийн дуулах ур зүйн багш Н.Баасанбат гэж хүн бий.

-Их сургуулиа төгссөнөөс хойш ямар уран бүтээл туурвив?

-Одоохондоо уран бүтээл туурвиж амжаагүй байна. Янз бүрийн шинэ бүтээл хийх талаар нэлээд яригдаж байна. Сайн, чанартай бүтээл хийе гэсэн бодолтой байгаа. Үүний дараа шинэ бүтээлүүд ар араасаа ундрах байх. Ямар ч байсан нэлээд олон санал ирсэн. Хамгийн гол нь чанар гэж бодож байна.

-“My Voice”-д хамт оролцсон өрсөлдөгчид чинь ямар байв?

-Өрсөлдөгчид нэлээд ширүүн байсан шүү. Мэргэжлийн дуучид ч их байсан, урлагт хайртай, сонирхдог хүмүүс ч бас байсан. Ер нь оролцогчид их сайн дуулж байсан. Миний хувьд гэвэл өөрийнхөө боломжоор, багшийнхаа зааж сургасныг гаргая гэсэн бодлыг тээж оролцсон.

-Тэмцээний өмнө тамирч-дыг дасгалжуулагчид нь бэлтгэл сургууль хийлгэдэг. Дуучид ч ялгаагүй. Өөрийг тань хэн дасгалжуулав?

-Гардаж дасгалжуулж байсан хүн байхгүй. Зөвлөгөө, санаа өгч байсан хүн олон байгаа. Төв аймгийн Эрдэнэ сумийн А.Андрей багш маань байна. Үнэхээр ер бусын гайхамшигтай хүн. Багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоо нутагтаа хөгжмийн багшаар ажилладаг. Дээрээс нь Н.Баасанбат багш маань тусалж дэмжиж байсан.

-Тэмцээнд ороход дууны сонголт маш чухал байдаг. Үүнээс их зүйл хамаардаг. Дуугаа яаж сонгож байв?

-Нэгдүгээр шатанд “Гүрэн Монгол чинь хүлээнэ” гэдэг дууг дуулсан. Энэ дуу надад их ойр, зохих байх гэж бодоод сонгосон. Дуучны ур чадвар, чадал, хоолойн цар хүрээг харуулсан мундаг дуу.

-Дараагийн шатандаа та дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ариунаа нарын “Шөнө дундийн бүжиг” жүжгийн дууг дуулсан. Чамтай цуг дуулсан дуучин эмэгтэй та хоёрын хоолой үнэхээр сайхан зохицож байсан.

-Хоёрдугаар шатандаа энэ дууг дуулсан. Хамт дуулсан хүн маань манай эстрад дуулаачийн ангийг миний өмнөх жил төгссөн Б.Мягмарсүрэн гэж бүсгүй. Одоо Шанхайд сурч байгаа. Тэр дууг дуулахад жаахан учир дутагдалтай зүйл байсан. Бид хоёрын бэлтгэл тааруу байсан. Ердөө хоёр, гуравхан хоног бэлдээд л орсон. Хүмүүсийн сайн мэддэг энэ дууг жаахан өөрчилж дуулъя гэж бодсон.

-Гала концертонд ямар дуу дуулсан бэ. Дуугаа өөрөө сонгосон уу?

-Тийм ээ, дуугаа өөрөө сонгосон. Соёлын гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын шүлэг “Чамайгаа оллоо” дууг дуулсан.

-Яагаад энэ дууг сонгосон юм бэ?

-Нэгдүгээрт, монголчуудын сайн мэддэг дуу. Хоёрдугаарт, ур чадвар шалгасан дуу учир би өөрийнхөөрөө найруулж, өөр хэв маягт оруулж дуулсан.

-Гала концертонд оролцоод тайзан дээр гараад дуугаа дуулахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Үнэхээр гайхамшигтай. Үзэгчид маань гайхалтай байсан. Намайг дахиулсан нь бүр сайхан санагдаж, урам зориг орсон.

-Айлын хамгийн бага хүүхэд гэсэн. Танай гэрийнхэн ялангуяа ээж, аав хоёр тань ихэд баярласан байх даа?

-Тийм ээ. Гала тоглолтыг ээж, аав хоёр маань ирж үзсэн. Тайзан дээр шагналынхаа цомыг авчихаад аавдаа авчирч өгсөн. Цаашдаа сайхан уран бүтээл туурвиж өөрийгөө харуулна гэж бодож байгаа.

-Яваандаа цомог гаргана биз дээ?

-Тэгнэ. Энэ бол миний хүсэл мөрөөдлүүдийн нэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бич жилийн зүг, мөр гаргах зурхай

ЭНЭ ЖИЛИЙН ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГА

Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь бие эрхтэн махбодуудад дулдуйдан гал бич жилийн шороон үхрийг зураглавал:

-Цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл нь улаан, улаан ходоодтой, шар шийртэй, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсөж, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж явна.

Жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин авна. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Муу нүүрт хэмээх гал бичин жилд үр тариа чухаг болно.

Үр тариа чухаг гэдэг нь хур бороо багатай, гал махбод нь илүү зонхилсон жил гарна гэсэн санааг илтгэж байгаа юм. Үхрийн зүсэнд улаан өнгө их бол гантай байхыг илтгэдэг. Үхрийн биеийн зүс цагаан байгаа нь жилийн дундуур мөндөртэй. Дөрвөн шийр нь шар тул жилийн сүүлээр өвстэй байна. Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай. Өвгөд буюу өндөр суудалтанд ширүүн, залуус буюу дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Үхэр хариулаач үсээ овоолон боосон тул ард олноо дээд амгалантай.

ШИНИЙГ НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ ЧИГЭЭ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

Урвасан жилд хүнийг ямар хөлөлд суусныг тооцохдоо эрэгтэй хүнийг “Гал”-аас эхлэн нар зөв, эмэгтэй хүнийг “Ус”-аас эхлэн нар буруу тойруулан билгийн насаар тоолж ямар хүлэлд хүрнэ тэр нь хүний тухайн жилд суух суудал болно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа суусан хөллийн хийморийн зүгт гарч буян хишгийн зүгээс ирдэг. Энэхүү зурхайд огторгуйн жил, хаврын тэргүүн сар, шинийн нэгний өдөр болон луу цагуудын хар нохойн амыг гарган тооцсон тул та дараахь хүснэгтэд бичсэний дагуу мөрөө гаргаж, шинэ жилийнхээ ажил амьдралыг эхэлнэ үү.

Монголчууд зүг мөрөө гаргахдаа жилийн цээр гаргах дом засал хийдэг. Маань мэгзэм уншвал хэлээрээ сайн сайхан үйлийг бий болгож байна гэсэн үг.

Сайхан үг, ерөөл хэлж, сэтгэлээ ариусгаж байгаа юм. Энэ жил ямар нэг барцад саадгүй, санасан хэрэг сайхан бүтэж, өвчин зовлонгүй байлгаач хэмээн хүсч, зүг мөрөө гаргадаг.

Махбодын зурхай болон аг тарнийн ёсны уламжлалаар мөрөө гаргахдаа тухайн жилд харгалзах махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөллийн дайсан болох махбодтой зүйлсийг хорлол эсвэл зэтгэрийн зүг рүүгээ хаяж домнодог.

Бар жилтнүүд энэ жил их харш жилийн засал хийлгээрэй.

НАЙМАН ХӨЛӨЛ ТҮҮНИЙ ХҮСНЭГТИЙН УЧИР

Найман хөлөл (суудал) нь гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий, эдгээр болно. Суудал тус бүрт дөрвөн сайн, дөрвөн муу зүг байна.

Дөрвөн сайн зүг: Эмийн зүгээс эмч залах, эм тан залах, идээ ундаа авахад эрхэм сайн. Амины зүгт бэр авах, буулгах, аян замд гарваас зохистой. Балин, цацал өргөх, аян авд мордохыг цээрлэнэ. Цог учралын зүгт сан тавих,

хийморийн дарцаг хийсгэх, бэр авахад сайн. Хишгийн зүгт эд мал авах, тариа тарих зэрэгт сайн.

Дөрвөн муу зүг: Хорлолын өвчтөнийг эмчид үзүүлэх, эм ба эмч залах, холын аянд явахыг цээрлэнэ. Шуламсын зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэнэ. Дөрвөн муу зүгт хариулга балин гаргахад сайн.

НАЙМАН ХӨЛЛИЙН ХҮСНЭГТ

ТА ЭНЭ ЖИЛ ЯМАР СУУДАЛД СУУСАН БЭ?

ГАЛ СУУДАЛ

Хойд зүгт гарч, урд зүгээc ирнэ. «Ум базар пад дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина.

Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шүдэнз зурж, гал гарган тарнийг усанд урьж, зүүн хойш , баруун зүгт цацна. Гал хөлөл (суудал)-д суувал гал голомтоо ариун байлгаж, галаа тахиулж, галын сан тавиул.

ШОРОО СУУДАЛ

Баруун хойт зүгт гарч, баруун урд зүгээс ирнэ. «Ум бадма дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина.

Засал: Шороо чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд зүг рүү цацна.

ТӨМӨР СУУДАЛ

Баруун урд зүгт гарч, баруун зүгээс ирнэ. «Ум радна дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина.

Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт урд зүг рүү цацна. Төмөр хөлөлд сууваас зэмийн мах, хутга мэснээс болгоомжилж, “Сундуй” уншуулж зас.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруун хойд зүгээс ирнэ. «Ум пагма дагийни хум мама бизъяа сууха» тарнийг 7-21 удаа уншина.

Засал: Салхи шуурга, шороо чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.

УС СУУДАЛ

Урд зүгт гарч, хойт зүгээс ирнэ. «Ум гарма дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина.

Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж, цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд урьж, баруун зүүн хойт зүг рүү цацна. Усан хөлөлд сууваас газар лусаас болгоомжлон, усны үйлийг тэвчиж, “Лүмбүмгарав” уншуулж зас.

УУЛ СУУДАЛ

Баруун хойд зүгт гарч зүүн хойд зүгээс ирнэ. «Ум будда дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина.

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд хойд зүг рүү цацна.

МОД СУУДАЛ

Хойд зүгт гарч, зүүн зүгээс ирнэ. «Ум базар дагийни хум мама бизъяа суха»тарнийг 7-21 удаа уншина.

Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урагш баруун хойд зүг рүү цацна. Модон хөлөлд суувал мод хугалах, газар шороо хөндөхийг цээрлэ. “Нолсан”, “Нити” номуудын аль нэгийг уншуулж зас.

ХИЙ СУУДАЛ

Урд зүгт гарч, зүүн урд зүгээс ирнэ. «Ум базар пад дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина.

Засал: Салхи шуурга, шороо чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойд, баруун урд зүг рүү цацна.

Шороо, огторгуй, уул, хий хөлөлд суувал “Саейнинбын доо”, “Намхаанинбын доо” номуудын аль нэгийг уншуулж засаарай.

Төрсөн он

Тухайн жилийн шинийн нэгэн

Суудал

Эр

Эм

1913

1913.02.07

Хий

Уул

1914

1914.02.25

Мод

Мод

1915

1915.02.15

Уул

Хий

1916

1916.02.04

Ус

Гал

1917

1917.02.22

Огторгуй

Шороо

1918

1918.02.12

Төмөр

Төмөр

1919

1919.02.01

Шороо

Огторгуй

1920

1920.02.21

Гал

Ус

1921

1921.02.08

Хий

Уул

1922

1922.01.28

Мод

Мод

1923

1923.02.16

Уул

Хий

1924

1924.02.05

Ус

Гал

1925

1925.02.24

Огторгуй

Шороо

1926

1926.02.13

Төмөр

Төмөр

1927

1927.02.03

Шороо

Огторгуй

1928

1928.02.22

Гал

Ус

1929

1929.02.10

Хий

Уул

1930

1930.01.30

Мод

Мод

1931

1931.02.18

Уул

Хий

1932

1932.02.07

Ус

Гал

1933

1933.02.25

Огторгуй

Шороо

1934

1934.02.14

Төмөр

Төмөр

1935

1935.02.04

Шороо

Огторгуй

1936

1936.02.23

Гал

Ус

1937

1937.02.12

Хий

Уул

1938

1938.02.01

Мод

Мод

1939

1939.02.20

Уул

Хий

1940

1940.02.09

Ус

Гал

1941

1941.01.28

Огторгуй

Шороо

1942

1942.02.16

Төмөр

Төмөр

1943

1943.02.05

Шороо

Огторгуй

1944

1944.02.25

Гал

Ус

1945

1945.02.13

Хий

Уул

1946

1946.02.03

Мод

Мод

1947

1947.02.21

Уул

Хий

1948

1948.02.10

Ус

Гал

1949

1949.01.29

Огторгуй

Шороо

1950

1950.02.17

Төмөр

Төмөр

1951

1951.02.07

Шороо

Огторгуй

1952

1952.02.26

Гал

Ус

1953

1953.02.15

Хий

Уул

1954

1954.02.04

Мод

Мод

1955

1955.02.23

Уул

Хий

1956

1956.02.12

Ус

Гал

1957

1957.01.31

Огторгуй

Шороо

1958

1958.02.19

Төмөр

Төмөр

1959

1959.02.08

Шороо

Огторгуй

1960

1960.02.27

Гал

Ус

1961

1961.02.16

Хий

Уул

1962

1962.02.05

Мод

Мод

1963

1963.02.25

Уул

Хий

1964

1964.02.14

Ус

Гал

1965

1965.02.02

Огторгуй

Шороо

1966

1966.02.21

Төмөр

Төмөр

1967

1967.02.10

Шороо

Огторгуй

1968

1968.01.30

Гал

Ус

1969

1969.02.17

Хий

Уул

1970

1970.02.07

Мод

Мод

1971

1971.02.26

Уул

Хий

1972

1972.02.15

Ус

Гал

1973

1973.02.04.

Огторгуй

Шороо

1974

1974.02.23

Төмөр

Төмөр

1975

1975.02.12

Шороо

Огторгуй

1976

1976.02.01

Гал

Ус

1977

1977.02.19

Хий

Уул

1978

1978.02.08

Мод

Мод

1979

1979.02.27

Уул

Хий

1980

1980.02.17

Ус

Гал

1981

1981.02.05

Огторгуй

Шороо

1982

1982.02.24

Төмөр

Төмөр

1983

1983.02.13

Шороо

Огторгуй

1984

1984.02.02.

Гал

Ус

1985

1985.02.20

Хий

Уул

1986

1986.02.09

Мод

Мод

1987

1987.01.30

Уул

Хий

1988

1988.02.18

Ус

Гал

1989

1989.02.07

Огторгуй

Шороо

1990

1990.02.26

Төмөр

Төмөр

1991

1991.02.15

Шороо

Огторгуй

1992

1992.02.04.

Гал

Ус

1993

1993.02.22

Хий

Уул

1994

1994.02.11

Мод

Мод

1995

1995.01.31

Уул

Хий

1996

1996.02.19

Ус

Гал

1997

1997.02.08

Огторгуй

Шороо

1998

1998.02.27

Төмөр

Төмөр

1999

1999.02.17

Шороо

Огторгуй

2000

2000.02.05

Гал

Ус

2001

2001.02.24

Хий

Уул

2002

2002.02.13

Мод

Мод

2003

2003.02.02

Уул

Хий

2004

2004.02.21

Ус

Гал

2005

2005.02.09

Огторгуй

Шороо

2006

2006.01.30

Төмөр

Төмөр

2007

2007.02.18

Шороо

Огторгуй

2008

2008.02.08

Гал

Ус

2009

2009.02.25

Хий

Уул

2010

2010.02.14.

Мод

Мод

2011

2011.02.03

Уул

Хий

2012

2012.02.22

Ус

Гал

2013

2013.02.11

Огторгуй

Шороо

2014

2014.01.31

Төмөр

Төмөр

2015

2015.02.19

Шороо

Огторгуй

2016

2016.02.09

Гал

Ус