Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Доржпалам: Бичин жилдээ энх тунх, эв найрамдалтай, урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье, хүүхдүүд минь

Сүхбаатар дүүргийн VII хорооны өндөр настан У.Доржпаламтай ярилцлаа. Эдүгээ 95 насыг зооглож яваа яриа хөөрөө цэлмэг, ануухан, хөнгөн шингэн буянтай буурай биднийг зочны өрөөндөө хүндэтгэн угтсан юм.

-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу, та?

-Сайн байна аа. Хүү минь сайн байна уу. Сайхан өвөлжиж байна. Энэ жил их сайхан өвөл болж байна. Хөдөө талдаа зарим газраа жаахан цаг хатуурах янзтай. Гэхдээ яахав манай баатарлаг малчид маань олон жилийнхээ баялаг туршлагаар малаа 60 сая хүртэл өсгөж үржүүлсэн, эртнээс хөдөлмөрч ард түмэн юм. Төр засаг маань ч халуун зун, намраас эхэлж зудтай тэмцэн шуурхай арга хэмжээнүүдийг авсны үндсэнд мал сүргийн хорогдол гайгүй байх шиг байна. Бичин жилдээ манай хөдөлмөрч ард түмэн минь төр засгийнхаа удирдлага дэмжлэгтэйгээр, албан газрууд ч гэсэн байгалийнхаа хатуу ширүүн үед ард түмэн, ялангуяа малчдадаа туслах дэмжлэг, олон түмний хөдөлгөөн өрнүүлбэл энэ жилдээ, ирэх жилдээ онд мэнд сайн орно доо.

-Та нас сүүдэр хэдийг зооглож байна. Аль аймгийн уугуул хүн бэ?

-Би чинь ардын хувьсгалтай эн чацуу, 1921 онд төрсөн хүн. Одоо 95 нас хүрчихээд явж байна. Билгийн тооллоор 96 нас зооглож байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн хүн. Аав маань Н.Ундрах, ижий маань З.Бүтэд гэж насаараа мал дагасан малчин ардын хүүхэд. Ижийнхээ гар дээр мал аж ахуй дээр эрхэлж энхрийлүүлж өсч бойжсон. Тэр үед сургууль соёл ч байсангүй. Манай аав босоо хуучин монгол бичиг, түвд ном мэддэг хүн байсан. Надад хуучин монгол бичиг зааж сургасан. Сумынхаа төв дээр тэр үед бүлгэм гэж байхад бичиг үсэг суралцсан даа. Бага насныхаа талаар яривал их юм бий.

-Залуу насныхаа талаар дурсахгүй юу?

-18 нас хүрээд гэрээсээ Хөдөө аж ахуйн техникумд Халх голын байлдаан болдог жил ирж байсан. Би 1939-1942 он хүртэл Хөдөө аж ахуйн техникумд малын бага эмчийн мэргэжлээр суралцсан. Тэндээсээ шууд хилийн болоод дотоодын цэрэгт алба хаших сургуульд очиж суралцсан. Тэр сургуулиа төгсгөөд хил хамгаалах Замын-Үүдийн 12 дугаар отръяд, мөн Сүхбаатар аймгийн нутаг Эрдэнэцагааны 20 дугаар отръяд, Дорнод аймгийн нутаг Индэр шандын 31 дүгээр хил хамгаалах отръядуудад хил хамгаалах алба, сүүлдээ хилийн цэрэг татан буугдахад дотоодын цэрэгт нийтдээ 17 жил офицерийн албыг хашсан даа. Энх тайван цагийн үед 40 настай цэл залуухнаараа гавьяаны амралтандаа суусан. Намайг алба хашиж байх 17 жилд дэлхийн хоёрдугаар дайн ид болж байсан үе. Улмаар Замын-Үүдийн 12 дугаар отръядоос чөлөөлөх дайнд оролцож, Японы түрэмгийлэлд зовж зүдэрцгээсэн Өвөр Монголын ард түмнийг харийн түрэмгийллээс чөлөөлөх үйл хэрэгт явж үүргээ амжилттай биелүүлсэн.

-Ид залуу насныхаа ихэнх үеийг хил дээр, армид өнгөрүүлж дээ?

– Тэгсэн. Ер нь 18 наснаас эхлээд л 1943 он хүртэл хилийн цэрэгт яг хил дээр байгаад, дайн төгссөний дараа хилийн ажил алба маань үргэлжлээд бүх хязгаарын отръятуудаар алба хаасан. Хилийн цэрэг хаасны дараа 1950-иад оны дундуур хотод ирж суусан. Хотоос дотоодын цэрэгт алба хашиж байгаад хамгийн сүүлд цэргийн хувцасны үйлдвэрт гурван жил ажилласан. Тэр үед үйлдвэрт гурван офицер, бусад нь дан энгийн хүн ажилладаг байлаа. Тэнд нам, улс төрийн ажил хариуцсан улс төрийн орлогч хийсэн.

-Гэр бүл, үр хүүхдийнхээ тухай яриач. Ханьтайгаа хэдэн онд хаана танилцаж байсан бэ?

-Хорь гаруй насандаа 1942 онд ханьтайгаа танилцаж байлаа. Бид 60 гаруй жил ханилсан. Миний хань Архангай аймгийн Хашаат сумын хүн. Саяхан 80 нэлээд гараад тэнгэрт халилаа. Одоо би үр хүүхдийнхээ дэмжлэгээр өргүүлээд болж л байна. Бид хоёр таван хүүхэд гаргасан. Хүүхдийн хүүхэд ач зээ, хүргэн, гуч, зээнцэр гээд ер нь тамтаггүй олон болсон. Зуу нэлээд гарсан байх аа. Тоогоо алдаад байгаа. Хүүхдүүдийнхээ зээ зээнцэр, гучанцараа танихаа болиод байна. Жил болгон л нэг хөөрхөн амьтан нэмэгдчихсэн өвөөд үнсүүлнэ гээд аваад ирэх юм. Би ч хүүхэд үнсэх дуртай юм. Манайх чинь одоо Сэлбэ голын хөвөөн дээр аж төрж байна. Цэргийн ажлын үйлдвэр гэж Сэлбэ голын зүүн хөвөөн дээр байсан юм. Тэндээс би тухайн үеийн намын тов хорооны уриалгаар Хөдөө аж ахуйн нэгдэл эхэлж байгуулагдах үеэс л сум нэгдлийн даргаар ажилласан. Хожим 1990 он дөхөж байхад Төв аймгийн ахмадын хороонд очиж аймгийн ахмадын хорооны зохион байгуулагч бөгөөд Зуунмод хотын ахмадын хорооны даргаар арав гаруй жил ажилласан. Нийтдээ 60 жил хөдөлмөрлөсөн байна. 2004 онд Улаанбаатар хотод бүр суурьшиж, улмаар Сэлбийн хөвөөндөө хуучин нутагтаа амьдарч байгаа нь их сайхан тохиол юм даа. Төр засгаас дайнд оролцсон гавьяа байгуулсан гэж орон сууц өгөөд, насны буянаа эдлээд сууж байна. Хөгширсөн хойноо ч зүгээр байхгүй хороо дүүрэг, нийслэлийн удирдлагууд элдэв ажил санаачлаад явж байна. Эд нар маань ч намайг их дэмждэг.

-Та их ануухан харагдаж байна. Биеэ ийм сайхан эрүүл саруул авч явж байгаа амьдралын туршлага тань юу вэ?

-Хатуу чанга дэглэмтэй цэргийн алба хашиж, 17 жил офицерийн албанаас олсон хүмүүжил, тогтмол дасгал сургуул хийдэг зэрэг нь их тус болсон. Одоо ч тогтмол дасгалаа хийж байгаа. Босоод дасгал хийхэд хөл жаахан хүнд болсон. Орон дээрээ суугаад өдөртөө хоёр, гурван удаа дасгал хийж байна. Хүн ер нь өтөлж үхэхээсээ хөшиж үхэх нь түрүүлдэг гэдэг сургаал байдаг. Тийм учраас өтлөөд үхэхээсээ урьдаар хөшөөд үхчихгүй юмсан гээд л дасгалаа хийж байна. Хоёрт, би ижийнхээ сүүг зургаан нас хүртэл хөхсөн. Ижийн сүү надад асар их шим тэжээл өгсөн байх. Суурь өвчин ч алга. Хөл л жаахан өвдөх юм. Төр засаг маань ч дэмжиж тэтгээд хөгшин хүнийхээ харааг нь үнэгүй эмчлээд өгчихдөг, янз бүрийн арга хэмжээ авч өгдөг болсон байна. Бид нар л түүнийг нь зөв эдэлж чадвал. Ер нь амьдрал ахуй сайхан болж, бүтэж байна. Муу амлаад байх юм алга. Одоо би төрсөн охиноороо өргүүлээд хүргэнтэйгээ, нэг ачтайгаа, зээ нартайгаа сайхан, өнөр өтгөн амьдарч байна.

-Таныг өмнө найман ихэр хүүхэдтэй нэгэн залуу гэр бүлд байр өгөх санаачилгыг гарган хотын удирдлагуудад захидал бичсэнээр энэ ажил хэрэгжсэн гэж сонссон. Энэ тухайгаа та хуучлахгүй юу?

-Би ер нь зурагт, радиогоос салдаггүй юм. Мэдээ сонсч байтал дөрвөн удаа хоёр ихэрлэж төрсөн найман ихэр хүүхэдтэй айл байна гэсэн мэдээ сонсоод тус болохсон гэж бодсон. Би хүнд буянтай үйл бүтээхсэн, тус болохсон гэж багын бодож явдаг юм. Түүнийхээ дагуу тэр айлаа судалж, мэдэж аваад хороо, дүүргийнхээ захиргаанд СБД-ийн 11 дүгээр хороонд амьдардаг ийм гэр бүл, хүндхэн байна, үүнд туслаач гэж өргөдөл бичсэн. Нийслэлийн Засаг даргаас авахуулаад, НЗДТГ, дүүргийн халамжийн хэлтэст орсон. Энэ хүмүүс ч сайхан тусалсан. Тэгээд Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн хөрөнгөөр гурван өрөө байр олгосон. Тэрнийгээ би буянтай үйлс боллоо л гэж боддог. Аливаа юм хөөцөлдөж яваад бусдын тусын тулд ажил бүтэхээр их урам авч баярлаж, сэтгэл сэргэдэг. Өөрт их сайхан, сэтгэл өөдрөг болдог. Ерөөсөө тэгээд болгоё, бүтээе гэвэл бүтэхгүй ажил хувьд ч, албанд ч ховор шүү дээ, хүү минь.

-Удахгүй гал бичин жил гарлаа. Үр хүүхдүүд нь сар шинийн баяртаа хэр их бэлдэж байх шиг байна?

-Хүүхдүүд гал бичин жилийнхээ цагаан сарын шинийн нэгнийг угтсан бэлтгэл ажлыг үндсэндээ базааж дууссан. Жил бүр үр хүүхдүүдтэйгээ өргөн тэмдэглэж ирсэн заншилтай айл. Ард түмний минь буян, төр засгийн дэмжлэг халамж энэ бүгдийнхээ ач буянаар сандарч тэвдсэн юмгүй жилийн жилд тэмдэглэж ирсэн хэмжээндээ өргөн дэлгэр сайхан тэмдэглэнэ.

-Цагаан сарын баяраар тань дээр их олон хүн ирнэ биз?

-Манайх цагаа будаа, идээ шүүсээ яг уламжлалынхаа дагуу бэлдэж ирсэн айл. Нэлээд олон хүн ирнэ дээ. Ах дүү ч олон бий, нутгийн хүмүүс ч байна. Зуу нэлээд гаруй хүн ирнэ шүү дээ.

-Сар шинийн бэлтгэл ажил, олон хүн амьтан ирэхэд түүртэх юм уу.

-Цагаан сарын бэлтгэлийг ч хүүхдүүд янгинатал бэлдчихнэ. Би хүүхдүүдээ хүлээж аваад золгох үүрэг л гүйцэтгэнэ. Ядарч түүртээд байх юм юу байх вэ.

-Таныг бага залуу байхад сар шинийн баярыг яаж тэмдэглэдэг байсан бэ. Одоо үед тэрнээс өөрчлөгдсөн юм байна уу?

-Тэр уламжлал одоо ер нь хэвээрээ явж байна. Би чинь малчны хүүхэд юм. Манай Монголын малчид цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Монголын нийт иргэдийн олон зуун жилийн түүхтэй хамгийн том баяр юм л даа. Боломжийнхоо, тухайн үеийн нийгмийн, эдийн засгийн хэр чинээндээ тааруулаад л тэмдэглэж ирсэн. Одоо бол илүү өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Харин зарим талдаа жаахан хэтрүүлчих гээд байдаг тал байх юм. Сархад хэтрүүлэх зэргээр буруу зөрүү зүйл бага зэрэг ажиглагддаг.

-Багадаа та хэр их айл хэсч, бэлэг цуглуулдаг байв?

-Шинийн нэгний өглөө хамгийн өндөр настай айлдаа очиж золгодог байсан. Хөдөөний айлууд хоорондоо их зайтай шүү дээ. Тэгэхээр ойр хавийнхаа айлуудаар л ордог байсан. Атгын чинээ том мөсөн чихэр өгвөл магнай тэнийтэл баярлана. Амттай гэж жигтэйхэн.

-Та нэлээд олон төрийн одонгоор шагнагджээ. Гурван ч Алтан гадастай юм байна. Одон медалийнхаа үүх түүхийн талаар ярьж өгөхгүй юу?

-Нийт 17 жил цэргийн албанд байхдаа байлдааны хүндэт медалиас эхлээд л Алтан гадас, Цэргийн гавьяаны улаан тугийн одон. Сая чөлөөлөх дайны 70 жилийн ойгоор Сүхбаатарын одонгоор цэргийн албыг хашсантай холбогдуулж шагнуулсан. Хоёр дахь алтан гадас одонгоо намын төв хорооны уриалгаар 1959 онд Хөдөө аж ахуйн нэгдэл үүсгэн байгуулж бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг маань үнэлж олгосон. Тухайлбал, би Төв аймгийн Бүрэн сумын нэгдлийн даргаар найман жил ажилласан хүн. Энд найман жил ажиллах хугацаанд Бүрэн сумын хөдөлмөрч хамт олны ач буянаар Лениний мэндэлсний 100 жилийн социалист уралдаан зэрэг тухайн үеийн орон даяар өрнүүлсэн социалист уралдаануудад 1967-1970 онуудад улсад гурван жил дараалж түрүүлж байсан. Тэр үед улсын хэмжээний ийм том уралдаанд түрүүлнэ гэдэг чинь их том ажил шүү дээ. Түүнийг үнэлж Алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медаль олгож байсан даа. Гурав дахь Алтан гадасыг Төв аймгийн гүйцэтгэх захиргаанд аж ахуйн хэлтэс дотоод лаборатори санхүү хариуцсан даргаар үр бүтээлтэй ажилласан гэж олгосон. Бас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ч шагнагдсан.

-Энд байгаа номнуудыг харахад та нэлээд ном сонин уншдаг бололтой юм?

-Ер нь хараа гайгүй шүү. Засгийн буянаар нүдээ сайжруулаад болор суулгуулчихсан. Хэвлэлээс салдаггүй. Хуучин монгол, шинэ крилл үсгээр уншина, бичнэ. Хуучин монголыг солгой гараараа сурсан. Шинэ крилл үсгийг зөв гараараа бичиж сурсан. Ааваараа мөн сумын бүлгэмд босоо бичиг заалгаж сурсан.

-Яагаад хоёр гараараа бичиж сурсан юм бэ?

-Угаасаа би солгой гартай хүн. Солгой гараараа л анх юм хийж, бичиж сурсан. Солгой гараар бичихэд бичгийн хэв жаахан тааруухан юм уу даа гээд крилл бичиг сурахдаа хичээсээр байгаад зөв гараараа бичиж сурсан.

-Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан та нийт ард түмэн, залуустаа ерөөл хайрлахгүй юу?

-Монголын ард түмэн нэлээд хөдөлмөрч хүмүүс. Хүнийг хөдөлмөр л дээдэд хүргэж, хүнийг хүмүүжүүлж, хатуужуулж, бойжуулж, ур чадвар, өндөр эрдэм боловсролтой болгоно. Тийм учраас хүн бүгд хөдөлмөрч хичээнгүй, ажилтай, гэхдээ ажил голохгүй бүхий л салбарт тодорхой мэргэжил эзэмшиж, эрхэлдэг байгаасай. Ирэх бичин жилдээ ажил их өрнөсөн, үйлс бүтээл нь дэлгэрсэн жил болоосой. Цаашлаад эрүүл энх байх хэрэгтэй. Хүн эрүүл байвал ажил бүтнэ. Эрүүл чийрэг явна гэдэг өөрийн хичээл зүтгэлээс шалтгаална. Эв нэгдэлтэй, эрч хүчтэй, хуулиа дээдэлж, төр засгаа дээдэлдэг байгаасай. Гал бичин жилдээ цөмөөрөө энх тунх, эв найрамдалтай байж, урт насалж, удаан жаргаж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна даа, хүүхдүүд минь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын ёс бэлгэдлийн аугаа их баяр Цагаан сар морилон ирлээ

Монголчууд бид аливаа зүйлийг үргэлж сайнаар ерөөн, ирж буй бүхнийг сайхан, дулаан сэтгэлээр угтаж, нөмөр нөөлөгтэй үгсээр мэхийн хүндэтгэн авдаг ёс билгэдлийн ард түмэн билээ. Ямар нэг юмны сайн, муу болохын бэлгэ тэмдгийг ёр гэцгээдэг. Энэ үүднээс манай ард түмэн алив зүйлийг эртнээс сайнаар ёрловол тухайн үйл хэргийнх, нь хойшдын бүтэл зөв зам руугаа ордог гэж үзэж, өдөр тутмын амьдрал ахуйдаа үргэлжид сайныг ёрлон ярьж, бэлгэддэг. Тэр бүх бэлгэдлийнх нь охь манлай нь Цагаан сарын баяр юм.

Монголчууд эрт дээр үеэс Цагаан сарын баяраа элбэг, дэлбэг, өнгөтэй өөдрөг, сайн сайхан бүхнийг бэлгэшээн, муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж, намрын цагт цагаан идээний баяр хэмээн тэмдэглэж ирсэн гэдэг. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад Цагаан сарын баярыг хаврын эхэн сард, мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч эхлэх үеэр тэмдэглэвэл зохино хэмээн зарлиг буулгасан талаар түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Тухайн үед Монгол орноор аялсан алдарт аялагч Марко Поло монголчуудыг Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар бичиж үлдээсэн нь сонин. Монголчууд тэр цагт цагаан сарын баяраар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг барьж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл нь байсныг алдарт аялагч анзаарсан байдаг. Ингэхээр бид энэ ёс, ёр, бэлгэдэл гэдэг зүйлийг бүр эрт үеэсээ, өвөг дээдсээсээ уламжлан ирсэн гэдэг нь тодорхой.

Шинийн нэгний өглөө эртлэн босч, шинэ дээл хувцсаа өмсчихөөд аав, ижийдээ золгохоор гэрээсээ гарахад өчигдөрхөн хацар хайрч байсан жавар үгүй болсон мэт, салхины үзүүр цаанаа л нэг уярчихсан, цээж дүүрэн амьсгалахад урин цагийн агаар салхи мэдрэгддэг билээ. Ямар ч зудтай жилийн шинийн нэгний өглөө тийм л байдаг. Уулсын цаанаас мандаж байгаа нарны элч улам ч хурц, туяа нь бүр л тод болсон мэт санагдаж, алсын барааг хараа гүйлгэн сараавчилж, айсуй цаг сайхан шүү хэмээн сэтгэлээ чагнадаг. Дэлгэсэн хадаг мэт цэлмэг тэнгэр бахдал төрүүлж, ер нь бүх юм сэрж, сэргэж байгаа нь анзаарагддаг. Гэрт ороход өвөө, эмээгийн нүднээс жаргал харагдаж, аядуу үгс бүхэн нь сургаал, бэлгэ дэмбэрэлтэй ерөөл болон ирж, гэрт гадаагүй бүгд баяр хөөртэй байдаг сан.

Золгосон бүхэн нүүрэндээ баяр тодруулж, уулзсан хүн бүрийн царайд жаргал, инээмсэглэл оршиж, хаашаа л харна инээд алдсан хүмүүс л болчихдог. Урин цаг ирж, онд мэнд орлоо гэдэг нь энэ л дээ.

Цагаан сарын баярын өмнө монголчууд эд агуурс, гэр орон, хашаа хороогоо цэмцийлгэн цэвэрлэж, шинэ дээл, хувцас зэхдэг. Шинийн нэгний өглөө цэвэрхэн, шинэ дээлээрээ гангарч, авдрын буландаа хадгалдаг сайхан өмсгөл зүүсгэлээ гаргаж ирж гоёдог. Энэ өдөр муу муухай үг хэлэх нь бүү хэл хүн рүү муухай харж болохгүй хэмээн ахан дүүс, үр хүүхэдтэйгээ найрсаг харилцаж, орж гарсан болгоныг дайлж, цайлан гарахад нь бэлэг өгдөг.

Энэ өдөр архи сархад хэтрүүлэн хэрэглэж, нар жаргасан хойно айл хэсч, энгэр заамаа задгайлж, хайш яйш хувцаслан хэдэр ядар гэж байгаа хүнийг ахмад настнууд зэмлэдэг учир залуус нь ийм явахыг цээрлэж, ахмадуудынхаа сургаалыг тогтон сууж ухаарч, дуулсан бүхнээ багачуулдаа дамжуулж сургамжилдаг заншилтай. Шинийн нэгний өглөө, Цагаан сарын баяраар элдэв бэлгэгүй үг яриа дэлгэж, хэн нэгэнтэй ам мурийвал тэр жилдээ ажил үйлс нь бүтэлгүйтнэ гэж үздэг учир хэрэлдэх, муудалцах шалтаг гарсан ч түүнийг эс тоон тэвчих нь олон жаргалын үүд хэмээдэг билээ.

Радиогоор энх сайхан цаг ирж байгаа тухай, мөн Монгол орны байгалийн сайхныг бахадсан дуу хуур эгшиглэж, телевизээр дууны концертууд, хуучны уран сайхны кинонууд тасралтгүй гарч яагаад ч юм хүн бүхэн яарч тэвдэхээ больж, ахан дүүсээрээ хөөр баяртай, хөгжилтэй зүйлс ярьцгаадаг. Хүүхдүүд томчуулын энэ өег гоё харилцааг гайхан тэдэн шиг байхыг эрмэлзэж, энгийн үед гүйж харайдаг зангаа энэ өдрүүдэд өөрийн мэдэлгүй гээчихдэг. Монголчууд бид Цагаан сарын цагаахан өдрүүдээр ийм л байж, тэр өдрүүдийн өнгө төрхийг бүтэн жилийн турш үргэлжилнэ гэдэгт итгэдэг билээ.

Монголчуудын ёс бэлгэдлийн аугаа их баяр Цагаан сар морилон ирж байна. Цагаан сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд монгол хүн бүр баяртаа бэлдэж, хот хөдөөгүй л хөл хөдөлгөөнтэй байна. Битүүний урд өдрүүдэд амралтын өдөр таарсан учир залуус хөдөө амьдран суугаа аав, ээжийгээ зорьж, хүлгийн жолоо татаж байна. Гар утасныхаа дуудлаган дээр цагаан сарын сэдэвтэй ардын дуу эгшиглүүлж, ганган төмөр хүлгүүдээ арчиж зүлгэж, хаана ч очсон нийтийн дууны хитүүд эгшиглээд сайхан л байна.

Жилийн дөрвөн улирал, 365 хоногийн турш манай сониныг шимтэн уншиж, бидний бэлдсэн мэдээ мэдээлэл, олон сонирхолтой нийтлэл, сурвалжлагуудыг алгасалгүй хүлээж суудаг уншигч та бүхэн минь,

Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр

Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр

XVII жарны Гал бичин жилдээ

Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлж,

Юу санасан

Есөн цагаан хүсэл тань

Сэтгэлчлэн бvтэж

Хамаг бурхад авран нигүүлсч

Хотол тvмнээрээ амгалан жаргаж

Даага далантай

Бяруу булчинтай

Тором бөхтэй

Хурган хонь хуруу өөхтэй

Төлгөн хонь төө өөхтэй

Хүү хүчтэй

Хүүхэн зүстэй

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Categories
мэдээ цаг-үе

АРХИВ: Харүмафүжи Д.Бямбадорж: Шилийн Богдын орой дээр аавынхаа бичиж өгсөн тангаргийн шүлгийг тарни мэт уншдаг

Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи буюу Даваанямын Бямбадоржтой 2012 онд хийж байсан ярилцлагыг сар шинийн баярын энэ өдөр уншигчдадаа архиваа нээн хүргэж байна.

ЦАГААН САРААР ХАМГИЙН ИХ АЙЛ ХЭСДЭГ ХҮҮХЭД НЬ БИ БАЙЛАА

-2013 оны анхны башё болох Хацу
башёд нэг ч уналгүй түрүүллээ. Энэ удаа таныг тааруухан барилдвал цолыг
тань хураана хэмээн сумо бөхийн аваргуудын зөвлөл мэдэгдсэн. Энэ
барилдаанд нөлөөлсөн болов уу?

-Хацу башёд уналгүй түрүүлсэндээ баяртай
байна. Их аварга болчихсон хүний цолыг хурааж авна гэсэн дүрэм байхгүй.
Сумогийн аваргуудын зөвлөл гэж байдаг юм. Тэр зөвлөл нь Японы жирийн
иргэдээс бүрдсэн. Аваргуудын зөвлөлөөс их аварга цолтой бөх арваас дээш
даваа авч үзүүр, түрүүнд үлдэх ёстой гэдэг юм.

-Мэдээж зодог тайлуулна гэж байсан болохоор сэтгэл санааны хувьд хүндхэн башё болж өнгөрөв үү?

-Хүн чадлынхаа хэрээр байдаг гэж боддог.
Надад их аварга хэмээх цолыг хүртээсэн болохоор боломжийнхоо хэрээр
сайн барилдах юмсан гэж бодож байлаа. Намайг дэмждэг хүмүүсийнхээ итгэл
найдвар, хүсэл зоригийг алдалгүй түрүүллээ. Тэдний минь сүлд хийморь,
ивээл намайг ирлэж ямартай ч 15 давлаа.

-Башё өндөрлөчихсөн болохоор амралтын байдалтай байна уу?

-Японы үндэсний баярууд эхэлсэн болохоор
амарч амжихгүй л байна. Баярын хүлээн авалтуудад оролцоод амрах цаг зав
багатай л байна даа.

-Хацу башёгийн хамгийн хэцүү барилдаан гэвэл ямар барилдааныг хэлэх вэ?

-Энэ барилдаан, тэр барилдаан гэж
хэлэхэд хэцүү. Башёгийн бүх барилдаануудад анхаарлаа төвлөрүүлж, хүч
тэнхээгээ гаргаж барилдахгүй бол бүгд л хүчтэй өрсөлдөгчид байдаг. Миний
хувьд өндөр цолтой бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр доод бөхчүүддээ
уначихаад байдаг гэмтэй болохоор эхний 10 өдрийн барилдаанд маш хянуур
барилдсан.

-Башёгийн эхний хоёр өдрийн барилдаанд биеэ бариад байна уу даа гэж харагдсан шүү?

-Барилдаан бүр дээрээ анхаарлаа
төвлөрүүлж барилддаг болохоор биеэ барина гэж байдаггүй. Хэрэв биеэ
барих юм бол барилдаан гарахгүй шүү дээ.

-Сумочид барилдааныхаа өмнө анхаарлаа төвлөрүүлж байгаа харагддаг. Таны хувьд хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг вэ?

-Манай аавын Шилийн Богд дээр бидэнд
бичиж өгсөн шүлэг байдаг юм. Тангаргийн шүлэг гэсэн үг. Миний хувьд
тэрхүү тангаргийн шүлгийг тарни мэт уншиж барилдааныхаа өмнө анхаарлаа
төвлөрүүлдэг.

-Тангаргийн шүлгээ уншиж болох уу?

-Бололгүй яахав.

“Эрийн хийморь сэргээсэн

Шилийн Богд дуулж бай

Ид хаваа гайхуулсан

Халхын сайн эрс сонсож бай

Сайн бөх болохоор сэтгэл шулуудан зүтгэе

Саар муу бүхнээс суралцах завгүй зүтгэе

Хатан зориг тэвчээрийг амжилтын үндэс болгоё

Халирч, бэргэж, айхыг алдааны дээд болгоё

Төр төвшин байхыг шүтье

Өр нимгэн ухааныг дээдэлье

Өтгөс нялхаст халамжтай явъя

Өнөр бүлээ эвлэн дагуулъя” гэсэн тангараг байдаг аа.

-Удахгүй усан могой жил гарах гэж байна. Эх орондоо ирж шинэлнэ биз дээ?

-Эх орондоо очиж шинэлэх хүсэл байвч
амждаггүй юм аа. Учир нь бидний бэлтгэл эхэлчихсэн байдаг. Тийм болохоор
бэлтгэлээ хийхгүй бол болохгүй. Бэлтгэлийн дундуур бидэнд чөлөө өгөөд
байдаггүй. Их аварга цол хүртээд удаагүй байгаа болохоор бие сэтгэлээ
өмнөхөөсөө илүү бэлдэхгүй бол болохгүй. Учир нь бидний шилийг даран олон
хүчтэй бөхчүүд сумогийн дээд зиндаанд гарч ирж байна.

-Их аварга цолыг олон жил хүссэн болохоор аргагүй ч юм аа даа?

-Их аварга болно гэдэг цолондоо ханахын
нэр биш юм шиг байгаа юм. Өмнө нь би нэг өдрийн бэлтгэл дээрээ 50
барилддаг байсан бол бэлтгэлийнхээ чанарыг сайжруулахын тулд өдөрт 100
барилдах, хүчний бэлтгэлийг бүр олон цагаар хийх хэрэгтэй болж байна.
Бэлтгэлээ сайн хийж аварга цолыг хамгаалах ёстой юм байна гэдгийг
сүүлийн хоёр башёд мэдэрлээ. Сумод нэг өдрийн бэлтгэл таслахад л гурван
өдрийн бэлтгэл алдсантай адилхан гэж үздэг. Миний хувьд биеэ болон
сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна даа.

-Одоо тэгвэл хүлээн авалтын хажуугаар бэлтгэлээ хийх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Хамгийн гол зүйл бэлтгэл шүү дээ.

-Шинэ оны өмнө Монголд ирээд буцсан сураг байсан?

-Би Кюүшюү башёг өндөрлүүлээд
арваннэгдүгээр сарын сүүлээр Монголдоо очсон. Эх орондоо ирчихээд
аавынхаа газар дээр очоод буцсан даа.

-Та хамгийн сүүлд хэзээ эх орондоо цагаан сар тэмдэглэсэн бэ?

-Би Монголд бараг цагаан сар тэмдэглэж
үзээгүй. Хамгийн сүүлд хэзээ ах, дүүсийнхээрээ орсон юм бол доо. Аавыг
сэрүүн тунгалаг байхад л ээж, ах дүүсээрээ тэмдэглэсэн.

-Японд Монголынхоо цагаан сарыг тэмдэглэдэг үү. Хэрэв тийм бол хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Тэгэлгүй яахав. Японд ч гэсэн
Монголынхоо цагаан сарыг тэмдэглэдэг. Ээж маань надтай хамт энд байдаг
учраас манайхан цолныхоо эрэмбээр ирж золгоцгоодог.

-Цагаан сарын бууз, ууцаа бэлддэг үү?

-Монголоос ирчихдэг юм. Японы Элчин
сайдын яаман дээрээ очиж золгодог. Японд цагаан сараар монголчууд
хоорондоо уулзан золгоцгоодог. Миний хувьд энэ жил мөн л Японд шинэлнэ.

-Монголдоо сар шинийг угтахыг хүсдэг биз дээ?

-Мэдээж шүү дээ. Гадаадад байгаа монголчууд бүгд л тэгж хүсдэг байх.

-Багадаа хэрхэн сар шинийг өнгөрүүлдэг байсан бэ. Айл их хэсдэг байв уу?

-Би айлын бага хүүхэд болохоор аав,
ээжийгээ дагаад айлаар их орно. Гэрийнхээсээ хамгийн их айл хэсдэг
хүүхэд нь би байсан юм. Би аавын хүүхэд байсан болохоор аав хөдөө гадаа
явсан ч хамт л явдаг байлаа. Тэр үед би жаахан байсан ч гэсэн байнга
аавынхаа өвөр дээр эрхэлж, энгэрт нь асаж явсан сайхан цагаа мартдаггүй.

-Талын Монголынхоо жавартай өвлийг санадаг уу?

-Би өвөл Монголд их очдог. Харин цагаан сараар л амждаггүй юм. Эх орондоо өвөл очих дуртай.

-Их аварга цолны болзол хангах
үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Хэцүү бэрх олон даваа нугачааг
давж уг цолонд хүрч байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд юу бодогдож байсан
бэ?

-Үнэхээр их баярласан. Ийм их хувь
тавилангаар, тийм сайхан өвгөдийнхөө удам болж төрснөөрөө бахархаж
байсан. Өндөр их хувь тохиолдлоор энэ сайхан дэлгэр Монголын хүү болон
мэндэлнэ гэдэг сайхан. Олон сайхан монгол түмний минь буян хишиг над
дээр иржээ гэж бодогдсон.

ААВ ЭЭЖИЙНХЭЭ ИТГЭЛ, ӨӨРИЙН МӨРӨӨДЛӨӨ ТЭЭЖ АНХ ЯПОНД ОЧСОН

-Таны өндөр хэд вэ?

-Одоогоор 185 см байна.

-Жижиг биетэй, жин багатай бөхийн тоонд орсоор байгаа юу?

-Мэргэжлийн сумод барилдаж байгаа
хүмүүсийн дундаж жин 155 кг байдаг. Миний хувьд 133 кг болохоор хамгийн
бага жинтэй бөхийн нэг хэвээрээ л байна.

-Бага жингээ хурдаараа нөхөж байна уу?

-Миний барилдааны онцлог хурд гаргаж
барилддагт байдаг. Гэхдээ ганцхан хурд байхад барилдаан болчихно гэж
ойлгож болохгүй. Миний барилдаан гэвэл мөргөж, цуппаридаад залгуулж
мавашины барьц аваад түрж гаргадаг шүү дээ.

-Энэ барилдааныг сонгомол сумо гээд байгаа биз дээ?

-Яг ч сонгомол гэхгүй л дээ. Япончууд
жижиг биетэй, жин багатай бөхчүүд зайлсан, татсан барилдаан хийлгүй
урагшаа явж барилдсан барилдаанд ам сайтай байдаг. Үнэн хүчийг үзэж
барилдлаа гэсэн утгаар тэгдэг байх.

-Анх сумод ороход таны өндөр, жин хэд байсан бэ?

-Монголоос анх явахад жин 73 кг, өндөр 177 см байсан.

-Анх сумогийн ертөнцөд хөл тавьсан үеийнхээ талаар ярихгүй юу. Хэцүү л байсан байх?

-Мэдээж тийм амар байгаагүй. Япон хэл ч
мэдэхгүй талын Монголоос нэг нөхөр далай гатлаад оччихсон юм. Тийм
болохоор ёс журмаас нь эхлээд мэдэхгүй, чадахгүй зүйлс байсан шүү.
Намайг Япон явахад “Амжилт гаргаарай” гэсэн аав, ээжийн итгэл, өөрийн
мөрөөдлөө тээж ирж байлаа. Тэгэхэд би 16 настай байсан юм.

-Эх орондоо ирээд хамгийн түрүүн юу хиймээр санагддаг вэ?

-Миний хамгийн ихээр эмзэглэж байгаа
зүйл бол утаа юм даа. Хүн сайхан амьдрахын тулд эрүүл биетэй байх
хэрэгтэй. Улаанбаатарт амьдарч буй хүмүүсийнхээ эрүүл мэндэд л санаа
зовж байна. Хүн эрүүл байж л ихийг бүтээж, аз жаргалтай байж, зорьсон
зорилгодоо хүрдэг. Утаа эрүүл мэндэд нь муу гэдгийг манайхан мэддэг
хэрнээ аргагүйн эрхэнд амьдарч байгаа.

-Таныг Улаанбаатарт амьдардаг байхад ийм утаа байдаггүй байсан биз?

-Ёстой байгаагүй. Намайг 12 жилийн өмнө
сумод явахад манай гэр нэгдүгээр хороололд байдаг байлаа. Хорооллын
маань хойд талын уулан дээр ч гэсэн айлууд байсангүй. Уулан дээр гараад
жаахан хүүхдүүд яахав дээ хоорондоо чулуугаар байлдана. Мөн тэндээ
барилдана шүү дээ.

-Их аварга болчихоод зогсож байхдаа аавыгаа их санасан байх. Таны барилдааны дотнын зөвлөгч нарын нэг байсан шүү дээ?

-Ямар ч эрэгтэй хүүхэд аавынхаа нурууг
харж өсдөг. Ганцхан би ч гэлтгүй монгол хүүхэд бүр л аавынхаа юунд
тэмүүлж, юу хүсч байсныг нь зорилго болгож, түүнийг нь биелүүлэхийн
төлөө амьдардаг болов уу. Аав минь цагийн жамыг дагаж, хорвоогийн
хуулиар бурхан болсон. Миний барилдааны хамгийн дотнын зөвлөгч нь яах
аргагүй аав минь байсан. Хүн аав, ээжийнхээ буянаар зөв амьдарч явдаг.
Тэд үр хүүхэд биднийхээ замыг дардан шулуун болгодог байх. Харин
аавынхаа газар дээр очихдоо нүүр бардам, нуруу цэх, харц өндөр очихсон
гэж хүсдэг. Энэ бол тэр хүний хүү нь болж төрсний үүрэг юм.

-Аавыгаа тэнгэр болсныг сонссон тэрхүү башёд зодоглох амаргүй байсан байх даа?

-Хүний хамгийн том уй гашуу бол гэр
бүлийн хүнээ алдах байдаг. Үүнийг хүн өөрийн бие дээрээ л илүү мэдэрдэг
юм билээ. Тэр үед аавыгаа ч хөдөөлүүлж чадалгүй Япон руу буцаж байсан.
“Аавыгаа хөдөөлүүлэхэд нь оролцож чадахгүй бол би сумо бөхөөр барилдаж
яадаг юм. Сумо миний амьдрал юм уу” гэж хэлж байсан юм. Тэр үед залуу
омголон ч байж дээ. Энэ талаар ээж, хоёр ах бид дөрөв тойрч суугаад ярьж
байхад хоёр ах “Аав чамайг ингээд сумогоо орхиход баярлах уу. Эсвэл
цолоо ахиулаад сайн барилдвал баярлах уу” гэж асууж байлаа. Тэгэхээр нь
би “Намайг цолоо ахиулаад сайн барилдвал баярлах байх аа” гэхэд “Миний
дүү аавыг баярлуулж чадах хамгийн гол зүйлээ л хийх хэрэгтэй. Тийм
болохоор барилдсан нь дээр” гэсэн. Тэгэхэд сэтгэл арай дээр болж
“Аавынхаа төлөө би барилдах ёстой” гэж өөртөө хэлсэн. Тэгээд ганцаараа
онгоцонд суугаад Япон руу буцаж байсан даа.

-Аавыгаа алдсан хүнд ч чөлөө өгдөггүй сумогийн дүрэм үнэхээр тийм хатуу байдаг уу?

-Дүрэм бол дүрэм шүү дээ. Амьдрал хэцүү
гэдгийг тэр үед л ойлгодог юм билээ. “Аавынхаа төлөө би барилдах ёстой”
гэж өөртөө хэлээд Япон руу явахад аав минь тэнгэрээс хараад баярлаж
байсан байх гэж боддог. Түүнээс хойш арслан, аварга цолонд хүрлээ. Эх
орныхоо нэрийг ч гэсэн өндөрт өргөж явааг хараад бахархаж байгаа болов
уу гэж боддог шүү. Миний хувьд өөрийн барилдаанаараа олон хүнд урам,
зориг, сэтгэлийн тэвчээр бэлэглэж байгаа гэдэгтээ итгэдэг. Тэр үед
аавыгаа хөдөөлүүлж чадаагүй ч сайн барилдах хүсэл тээн Япон руу буцсан
минь зөв байжээ гэж бодогддог.

-Анх яагаад сумод явах болсон юм
бэ. Үндэсний бөхөөрөө барилдах бодол байгаагүй хэрэг үү. Хэрэв үндэсний
бөхөөр барилдаж байсан бол ямар цолонд хүрсэн байгаа бол?

-Би анх Япон руу сумод барилдана гэж
яваагүй. Уг нь би чинь жүдогийн сургуульд суралцахаар очсон. Тэгэхэд би
жүдо бөхөөр хичээллэдэг байсан юм. Кёкүшюзан сангаас гэр рүү яриад
“Жүдогийн сургуульд хүүхдүүд авах гэж байх шиг байна. Очоод шалгуулаач”
гэхээр нь аав бид хоёр яваад очтол тэр нь жүдо биш сумо бөх байж
таарсан. Дараа нь аав “Нэгэнт л миний хүү ирчихсэн юм чинь шалгуулаад
үзчих” гэсэн юм. Тэнцэх үгүйгээ ч мэдэхгүй 70 гаруй хүүхдийн хамт
шалгаруулалтад орж тэнцээд Японд үлдсэн. Ингээд бодохоор хүний хувьд
тавилан, заяа төөрөг анхнаасаа зурагдчихсан байдаг юм болов уу гэж
боддог.

Хэрэв би үндэсний бөхөөр барилдсан бол
яах байсан бол гэж бодогддоггүй. Хувь төөргөөрөө л энэ сайхан оронд ирж
үндэснийх нь бөхөөр барилдаж эх орныхоо нэрийг гаргаж, ард түмнээ
баярлуулаад явна гэдэг сайхан үйл юм.

Өөрийн чадлынхаа хэрээр эх орондоо сайн
сайхан зүйл хийж бүтээхсэн гэж хүсдэг. Энэ сайхан Монгол орныг үр хүүхэд
бидэндээ өвлөн үлдээсэн өвөг дээдэстээ баярладаг. Тэдний суу алдар
үеийн үед дуурсагдах байх.

-Сумод та “Ама” нэрээр барилддаг байсан. Яагаад нэрээ солих болсон бэ. Монголчууд одоо хүртэл “Манай Ама” л гэж ярьцгаадаг шүү?

-Манай анх сумогийн дэвжээнд ирсэн өдөр
манай багш ояката буюу багш гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг тайлбарлаж
өгч байлаа. Тэгэхэд багш гартаа гадил жимс буюу банана барьчихсан энэ юу
вэ гэж орчуулагчаар дамжуулан асуулгаж байсан. Би банана гээд хэлэхгүй
юу. Тэгсэн багш хүн үүнийг алим гэж хэлсэн бол би алим гэж хэлэх ёстой
гэсэн. Багш намайг Ама гэдэг нэрээ соль гэхэд нь би эхэндээ дургүй
байлаа. Багшийн өрөөнд орж болохгүй багшаа болохгүй гээд гардаг байсан
юм. Нэг өдөр намайг гурав дахь удаагаа өрөөндөө намайг дуудлаа даа.
Яваад ортол нэрээ соль оо л гэж байна. Би ч үгүй гэдгээ хэлсэн. Гэтэл
багш “Чамайг анх ирж байхад би чамд юу гэж хэлж байлаа. Санаж байна уу”
гэдэг юм. Санаж байна багш аа гэтэл өнөө бананын тухай яриад “Би чиний
төлөө чамайг нэрээ соль гэж байхад. Чи солих хэрэгтэй” гэсэн. Тэгж л би
Ама нэрийг Харумафүжи болгож байсан юм. Нэрээ сольсноос хойш сайхан
барилдаж сумогийн аварга цолонд хүрлээ.

-Нэрээ солиод л таны амжилт дээшилсэн гэж үү?

-Нэрээ сольсныхоо дараа жаахан тааруу
барилдах гэх мэт зүйлс байсан. Яахав унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг
л тэр байсан биз. Хүн жаахан тааруу барилдаад ирвэл олон зүйлд бурууг
тохож, хүмүүст бурууг нялзааж эхэлнэ шүү дээ. Одоо аварга болсны дараа
эргээд санахад багш минь зөв хэлж байж дээ гэж бодогддог юм.

-Таныг цаг цуглуулах хоббитой гэж дуулсан. Цуглуулга тань хэд хүрээд байна вэ?

-Миний хувьд цаг, машин хоёрт сонирхолтой.

-Хичнээн цаг, машинтай болсон бэ?

-Хүний сонирхол болохоор заавал тэд гэж
хэлэх нь илүүц болов уу. Яахав өөрийнхөө дуртай цагийг зүүж, дуртай
машинаа унаж л байгаа бол болж байгаа нь тэр гэж санадаг.

ХӨЛСӨӨ УРСГААД ГАРААД ИРСЭН ХҮНИЙГ ХҮЧЭЭР ДАРЖ ЧАДАХГҮЙ

-Хацу башёгийн макүүчи, жүрюү,
макүүшита гээд дээд гурван зиндаанд монгол бөхчүүд түрүүллээ. Үнэхээр
бахархам амжилт гэж санагдаж байна. Үүн дээр өөрийн бодлоо хэлэхгүй юу?

-Өөрийн барилдаж буй зиндаанд
түрүүлчихлээ гэхэд тэр ямар хүн байх нь хамаагүй. Тухайн хүний од, хувь
төөрөг, хийморь нь бүрдчихсэн байдаг болов уу. Монгол, япон ямар ч хүн
түрүүлсэн нэг их чухал биш юм. Хувь төөрөг, хийморь дээр нэмээд бэлтгэл
сайн байх хэрэгтэй. Авьяас, ур чадвараараа түрүүлээд гараад ирсэн ямар ч
бөхөд би “Аварга болоорой” гэж ерөөгөөд баяр хүргэдэг. Надтай
тааралдвал би тодорхой хэмжээгээр шагнадаг. Башё өндөрлөсний дараа
шагнал гардуулахад баяраа хуваалцах ч гэдэг юм уу түрүүлсэн бөхчүүд
уулздаг. Өөрсдийн зорилгодоо нэг алхмаар ойртож байгаа болохоор “Илүү
сайн барилдаарай” гэсэн урмыг үгийг нөгөө хоёртоо хэлсэн. Хүн эрэлхэг
байхаас гадна өөрийн зүтгэл хэрэгтэй. Зүтгэл хүнийг амжилтад хүрдэг.

-Дээд гурван зиндаанд нь гадны бөхчүүд түрүүлчихсэн болохоор япончууд хэр хүлээж авч байна вэ?

-Япончууд монголчууд түрүүлчихлээ гээд
гадуурхаад байдаггүй. Гэхдээ үндэсний спорт болохоор аар саархан зүйл
байдаг л юм. Хүн хөдөлмөрлөөд хөлсөө урсгаад гараад ирэхэд тэр хүнийг
хүчээр дарж чадахгүй шүү дээ. Спортод хэн хүчтэй нь амжилт үзүүлдэг.
Тийм болохоор хүн юу гэх нь хамаагүй. Тэгж хэлүүлсэн ч гэсэн зовлого
зовохоос зориг мохохгүй гээд бүр илүү эрч хүчтэйгээр урагшаа давшиж,
бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бяртай, хүчтэй, ухаантай нь ялж гарч ирдэг
спорт учраас дотроо зорилготой, өөрийн бодолтой байх нь чухал.

-Усыг нь уувал ёсыг нь дага гэж монголчууд ярьцгаадаг. Сумод анх очоод ёс жаягийг нь сурах гэж, дагах гэж хэцүү байсан уу?

-Монголчууд олон оронд сайхан амьдарч
байна. Монгол хүн гэдэг нүүдэлчин удамтай болохоор хаана ч очсон тухайн
соёл, дэг жаягт нь амархан дасан суралцаж тэр бүү хэл дээшээ гарч ирдэг
болохоор тэнгэр заяатай хүмүүс юм уу даа гэж боддог.

-Та хэд хүртлээ сумо барилдъя гэж бодож байна вэ?

-Бяр хүч гэдэг тэнгэр бурхан хүнд тодорхой хугацаанд өгдөг буян бөгөөд хэсэг хугацааны дараа эргүүлээд авдаг буян байх.

-Бяр гэдэг тэгвэл буян байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Тийм болохоор тэнгэр
бурхнаас илгээсэн энэ буянг зөв ашиглахын тулд бэлтгэлээ сайн хийж
барилдах хэрэгтэй. Өөрийн бяр хүчийг бүрэн дүүрэн ашиглаж барилдах юмсан
гэж хичээдэг. Цаг нь болохоор тэнгэр бурхандаа “баярлалаа” гээд бяр
хүчээ өгөх тэр мөч хүртэл барилдана. Хүч чадал минь харьсан цагт зодгоо
тайлна.

-Зодог тайлсныхаа дараа юу хийе гэсэн бодолтой байдаг вэ?

-Анх би сайхан барилдъя гэж л сэтгэл
шулуудаж ирсэн. Өөрийнхөө үнэн хүчийг үзэж аав, ээжийнхээ буян хишгийг
хариулъя, эх орныхоо нэрийг гаргая, өөрөө сайхан амьдаръя гэж боддог
байлаа. Зодог тайлсан цагтаа л юу хийхээ төлөвлөнө. Миний хувьд ид
барилдаж гарч ирж байгаа болохоор энэ тухай хараахан бодож амжаагүй
байна. Би чинь шинэ аварга болохоор цаашид бэлтгэлээ сайн хийж
барилдана. Тийм болохоор үүний тухай бодох эрт байна л даа. Сайхан
барилдаад явж байтал ирээдүйн зам дардан шулуунаар угтаад авах байлгүй.

-Таны бодлоор дараагийн их
аварга цолтон ямар бөх байх бол. Манайхан Какүрюү Анандыгаа болчих болов
уу гэж харж байгаа. Япончууд ч мөн тэгж ярьдаг гэж дуулсан?

-Миний бодлоор арслан цолыг хүн хүч
хөдөлмөр, хөлс, нусаа гоожуулж, бусад бөхчүүдээсээ хэд дахин илүү
бэлтгэл хийж байж авдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Харин аварга цолыг
дээрх дээр нэмээд хүнд зөв санаж, буян хишгээ зөв хайрлаж, тэнгэр,
газар, лусдаа сайн шүтсэний дүнд хувь тавилангаар ирдэг гэж ойлгодог.
Одоо сумод олон сайхан арслан цолтонгууд барилдаж байна. Тийм болохоор
одооны бэлтгэлээсээ хэд дахин илүү бэлтгэл хийж, өвөг дээдсээ хүндэлсний
үр дүнд буян хишиг, хийморь, цог заль нь нэг цэгт хүрч байж аварга
цолыг хүртэнэ байх.

“happy” КИНО ҮЗЭХ ДУРТАЙ

-Одоо барилдааныхаа тухай хэнтэй зөвлөдөг вэ. Д.Дагвадорж аваргатай таныг ойр байдаг гэж дуулсан?

-Спортод надтай хамгийн ойр хүн аав минь
байсан. Харин одоо ээж, хоёр ах, их аварга Д.Дагвадорж ах, хамаатан
садан, байнга миний дэргэд байж намайг хайрлаж, халамжилдаг хань минь
байна даа. Хань минь миний харцнаас л намайг яах гэж буйг, юу хийх гэж
байгааг хараад л мэддэг. Спортын хүнд гэр бүлийнхэн гэж ямар байх ёстойг
ээжээсээ болон ханиасаа илүүтэйгээр ойлгож байна.

-Ээж тань таны дэргэд хамт
байгаа болохоор сэтгэл өег байдаг уу. Ядаж л бэлтгэл болон барилдааныхаа
өглөө гарахдаа үнсүүлээд л…

-Үнэхээр сайхан байдаг. Өндөр хувь
тохиол, буян хишгээр ээжийнхээ хүү нь болон мэндэлсэндээ баярладаг. Ээж
минь надад бүх л зүйл дээр тусална шүү дээ. Ханийг минь сонгоход хүртэл
хэлж л байлаа. Сайхан гэр бүлтэйгээ хамт байна гэдэг чинь бидэнд маш том
бэлэг юм. Ямар ч хүний хамгийн том түшиг, бахархал нь ээж гэдэг хүн
байдаг биз ээ.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Мөнхжаргалын Баттуул
гэдэг. Миний хань чинь айлын том охин дороо хоёр дүүтэй. Японд дээд
сургууль төгссөн бүсгүй байдаг.

-Аваргынх ам бүл хэдүүлээ болоод байгаа вэ?

-Ам бүл дөрвүүлээ болсон. Бидний дундаас хоёр сайхан гүнж төрсөн.

-Бөх хүний хувьд хүүтэй болохсон гэж мөрөөдөж байна уу?

-Бурхан багшаас заяасан энэ сайхан
хишгийг бид голж шилж, сонгох эрх байхгүй. Хоёр сайхан охинтой болсондоо
баярладаг юм. Аав, ээж бидний үүрэг үр хүүхдээ сайхан хүмүүжүүлэх
байдаг. Тэр дагуу л явна байна.

-Анх аав болж байсан тухайгаа ярихгүй юу. Яг юу бодогдож байсан бол?

-Эхнэр төрөх гээд эмнэлэгт байхад би
маани л их уншиж байлаа. Эхнэр хүүхдийг минь эсэн мэнд амаржуулж өгнө үү
гэж бодож байгаад л уншина шүү дээ. Дэргэд ээж байсан болохоор сэтгэл
харьцангуй тайван байсан. Бурхан багш минь таныг бие сэтгэл, үйл
хөдлөлөөрөө гомдоож явсан бол уучлаарай. Үр хүүхдийг минь л хүндрэлгүй
төрүүлж өгөөч гэж бурхан тэнгэрээсээ гуйсан.

-Танд чөлөөт цаг хэр гардаг вэ. Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Чөлөөт цаг гарвал гэртээ кино үзэх
дуртай. Төгсгөл нь “happy” кино үзэх сайхан шүү дээ. Аз жаргалаар төгсөж
байгаа кино гоё шүү дээ. Харин солонгос кино үздэггүй.

-Яагаад. Монголчууд солонгос кинонд дуртай шүү дээ?

-Биед муу юм шиг байна лээ.

-Монголын залуу сумочидтойгоо хэр уулзаж зөвлөгөө өгдөг вэ?

-Бид цагаан сар, шинэ жил гээд баяраар л
ихэвчлэн уулздаг. Уулзах үедээ зөвлөгөө өгч өөрийнхөө тусалж чадах зүйл
дээрээ туслахыг хичээдэг. Энэ уламжлал болсон зүйл байгаа юм. Их аварга
Д.Дагвадорж ах байхдаа залуучууддаа тусалдаг байлаа. Дагваа аваргын
дараа Даваа аварга маань (Их аварга Хакухо М.Даваажаргал) их аваргын
Монголчуудаа гэсэн тэр сайхан сэтгэлийг авч үлдсэн. Тийм болохоор
монголчуудтайгаа уулзаж, зөвлөлдөж, эвтэй байхыг хичээж явдаг.

-Японд байгаа жирийн иргэдтэйгээ уулзах боломж байдаг уу?

-Японд монгол хоолны газрууд байдаг.
Хааяа тэнд очиж хоол идэхдээ монголчуудтайгаа уулздаг. Мэдээж монгол
хүмүүс байна даа хоорондоо мэнд устай байж зураг хөргөө татуулж, юм
ярилгүй яахав.

-Та монгол хоолноос ямар хоолонд дуртай вэ?

-Би багадаа лавшаа буюу гурилтай шөлөнд үнэн дургүй байлаа. Харин одоо миний хамгийн дуртай хоол лавшаа болчихоод байна.

-Сумочдыг хараад хэр их иддэг бол гэсэн сэтгэгдэл төрдөг. Таны хувьд хоолонд хэр вэ?

-Их иддэг байсан бол сумочид дундаа
хамгийн бага жинтэйд орохгүй л байсан байх. Миний биеийг хараад л энэ
нөхөр хэр их иддэг вэ гэдэг нь харагддаг байлгүй.

-Таныг ном бичсэн гэсэн. Ямар учиртай ном бэ?

-Японы түүх судлаач хүн “Монголын мандал
буурал” гэсэн сэдэвтэй ном бичсэн юм. Тэр номыг нь би түүхчээс нь
зөвшөөрөл аваад монгол хэл дээр хэвлүүлэн “Шинэ монгол” сургуульд
тараалгасан. Дэлхийн олон улс орнууд Монголын түүхийг судалж олон
өнцгөөс нь бичдэг юм билээ. Японы судлаач, эрдэмтний харсан өнцөг нь
монголчуудад ямар санагдах бол гэдэг үүднээс л хөрвүүлсэн. Агуу түүхтэй
хүмүүс түүгээрээ бахархдаг. Түүнээс өвөг дээдсийнхээ алдаж, оносон тэр
бүхнийг харж болдог. Түүхийг хараад байхад ямар ч улс гүрнүүдийн алдаа,
ялгуусан ялалт нь хүртэл нэг юм шиг санагддаг. Тийм болохоор тэр алдааг
ахин давтахгүй байгаасай гэдэг үүднээс орчуулж хэвлүүлсэн.

ТӨР МИНЬ ТӨВШИН АМГАЛАН, АРД ОЛОН МИНЬ ЭЛЭГ БҮТЭН БАЙГ

-Та өөрийнхөө нэрэмжит “Абаазан” сангийн үйл ажиллагааны тухай ярихгүй юу?

-Аав минь сэрүүн тунгалаг байхдаа
“Абаазан” санг үүсгэн байгуулсан. “Абаазан” сан гэдэг нь “Авьяас билгийг
дэмжих ама заан, арслан, начин” сан гэсэн утгатай. Аав маань сангийн
үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байхдаа өөд болсон болохоор би тэр
шугамаар өөрийн чадах чинээгээрээ буяны ажил хийж байна. Нийгмийн сайн
сайхны төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан үйл ажиллагаа явуулж
байна. Зүрхний согогтой хүүхдүүдэд туслах зорилготой Японы “MBO” төвийн
гишүүн нь болоод тэрхүү үйл ажиллагаанд жаахан ч гэсэн нэмэр болох
үүднээс арга хэмжээнд нь оролцдог. Ноднин Монголд сангийнхаа шугамаар
Японы эмнэлгийн бүрэн тоног төхөөрөмжтэй хоёр түргэний машин оруулж ирэн
нэгийг нь Эх нялхаст нөгөөг нь түргэн тусламжийн төвд өгсөн. Энэ жил
хоёр түргэний, нэг гал командын машин өгөхөөр бичиг баримтыг нь
хөөцөлдөж байна. Гэх мэтчилэн өөрийн чадах хэмжээгээрээ бага багаар
буяны ажил хийж байгаа юм.

-Д.Дагвадорж аварга Холливудын
кино жүжигчид, алдартай дуучидтай найзууд байсан. Таны хувьд тийм
найзууд бий юу. Тэднийгээ нэрлэхгүй юу?

-Дагваа ах дэлхийд танигдсан их аварга
шүү дээ. Би аварга болоод удаагүй байна. Тийм болохоор Япондоо танигдсан
сайхан сайхан хүмүүстэй дотно холбоотой. Би Дагваа ахын туслах хийж
явдаг байсан болохоор олон газраар явсан. Брэд Питт, Селин Дион, Жет Ли,
Жеки Чан гээд олон одуудтай ахын буянаар уулзаж байсан. Надад Дагваа ах
шиг Холливудад найз нөхөд байдаггүй юм.

-Их аварга болсон юм чинь удахгүй олон найзтай болно доо?

-Сайхан барилдаад явж байхад болох байх.

-Та барилдааныхаа өмнө үндэсний бөхийн дэвээ шавааг хийдэг. Барилдаанд өөрийгөө хурцалж байна гэж ойлгож болох уу?

-Хүн болгон гарахдаа өөрийн стилийг
харуулсан төвлөрөх аргууд байдаг. Миний хувьд гуяа гурав алгадаад
гарахад бодол санаа төвлөрөөд “Болно, чадна, дийлнэ” гээд гардаг. Би
өөрийгөө бэлтгэлээр ирлэдэг. Хүнээс илүү бэлтгэл хийх үед өөртөө итгэх
итгэл хүртэл дээшилдэг. Бяр сууж, зориг орж байгаа нь мэдэгддэг юм.

-Сумогоор хичээллэж эхлэхдээ шантарч байв уу?

-Хүн өөрийн мэргэжлийг сонгоод түүндээ
хүрэхийн тулд явж байхад шантрах, бэргэх, гутрах, баярлах зүйл
тохиолддог байх. Би бусдын л адил зорилгодоо хүрэхийн тулд явдаг
болохоор анхандаа тийм үе байсан. Гэхдээ дараа нь баярлах мөч ч олон шүү
дээ. Хүн тэр үедээ л юм бодно уу гэхээс байнга бодогдоно гэж байдаггүй.

-Дагваа аварга Японд очоод
хамгийн түрүүн уншсан ном нь Тайхо аваргын тухай ном байсан гэдэг. Таны
анхны уншсан ном ямар ном байсан бэ?

-Би япон ном гэхээсээ илүүтэйгээр крилл
бичигт хөрвүүлэгдсэн номыг их уншдаг. Хамгийн сүүлд “Карма”-г уншлаа.
Үйлийн үр гэж юу вэ. Хүн хэрхэн амжилтад хүрэх вэ гээд уншихад сайхан
санагдсан. “Карма” гурван боть ном л доо. Нэгдүгээр сарын башёгийн дараа
уншиж дууссан юм.

-Удахгүй сар шинэ болох гэж байна. Монголчууддаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Сумогийнхны бэлтгэл өглөө эрт эхэлдэг.
Би бэлтгэлдээ явахдаа алтан нар, хөх мөнх тэнгэр рүүгээ харж байгаад
“Төр минь төвшин амгалан байг. Ард олон минь элэг бүтэн, инээд хөөр
дүүрэн байх болтугай” хэмээн хүсдэг. Энэ ерөөлөө Монголын ард түмэндээ
илгээе дээ. Удахгүй гарах усан могой жил монголчуудын хувьд ивээлээ
хайрласан сайхан жил болох байх аа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гал бичин жилийн сар шинийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ

Арван долдугаар жарны гал бичин жилийн сар
шинийн барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын
харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр
үзүүрлэлээ. Түрүүлсэн, үзүүрлэсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж бахархал, мөнгөн шагнал гардуулав. Энэ жилийн барилдаанд улсын
дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь,
улсын арслан Э.Оюунболд нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүд
үзэгч түмнээ баясгаж барилдлаа. Харин улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан
М.Өсөхбаяр нарын зарим бөхчүүд бэртлийн улмаас энэ удаагийн сар шинийн
барилдааныг өнжив. Өнөө жилийн үзүүр түрүүнд баараггүй гэгдэж бөхийн тааварт
тун дээгүүр яригдаж байсан Ч.Санжаадамба, Б.Пүрэвсайхан, Б.Гончигдамба нарын ид
яваа бөхчүүд учраа бөхдөө унаж, үзэгчдийг шуугиулаад авав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг
үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны гал бичин
жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго
тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий
уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

Монгол Улсын Тод манлай уяач цолоор Булган аймгийн
Гурванбулаг сумын уугуул П.Мэндбаяр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын
уугуул С.Төмөр-Очир, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул
Н.Даш-Өлзий, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Д.Хишигжаргал, Төв
аймгийн Баянцогт сумын уугуул Д.Одгэрэл нарыг,

Монгол Улсын Манлай уяач цолоор Төв
аймгийн Батсүмбэр сумын уугуул С.Лувсанбалдан, Увс аймгийн Өндөрхангай
сумын уугуул Д.Цэнд-Аюуш, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул
Д.Баяраа, Ховд аймгийн Дарви сумын уугуул Т.Батцоож, Төв аймгийн Баян
сумын уугуул Х.Цогтсайхан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул
Г.Доржпүрэв, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Б.Энхболд, Завхан
аймгийн Сантмаргаз сумын уугуул Б.Баасанжав нарыг,

Монгол Улсын Алдарт уяач цолоор Төв аймгийн
Өндөрширээт сумын уугуул А.Отгонбаяр, Хэнтий аймгийн Баянхутаг сумын
уугуул Ц.Амарсайхан, Ховд аймгийн Дарви сумын уугуул Ү.Атарсайхан,
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Х.Бадамсүрэн, Увс аймгийн
Зүүнхангай сумын уугуул Х.Барсүрэн, Ховд аймгийн Дөргөн сумын уугуул
Н.Батбаяр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатар, Баянхонгор
аймгийн Баян-Овоо сумын уугуул Б.Бүрэнтөр, Төв аймгийн Баянцагаан сумын
уугуул Б.Ганбат, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Н.Дарамренчин, Төв
аймгийн Сэргэлэн сумын уугуул Т.Ихбаяр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын
уугуул Р.Мягмардорж, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул С.Эрдэнэбат,
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатар, Дундговь аймгийн
Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатар нарыг тус тус шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачдад цол гардуулсны дараа
хэлсэн үгэндээ “Буян хишгээ хайрласан хонин жилээ үдэж, ээл ивээлээ
дэлгэх гал бичин жилээ угтах өлзийтэй сайн цаг дор өвгөдөөс өвлөсөн
монгол уяачийн эрдэм, молор эрдэнэ адууны хиймориор түмэн олноо
баясгасан хүндэт уяачид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж,
хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.

Монголчуудын бүтээсэн нүүдлийн соёлын цөмд монгол морь цагийн цагт
оршиж, золбоо хийморийн бэлгэдэл болон мөнхөрсөн билээ. Монгол эрчүүдийн
эрдэм ухаан, ирт сэлмийн дохил, Монгол морьдын эр шандас, эрэмгий
давхил алдар суу, бахархах түүх, бүтээх хүчийг бий болгосон. Гурван
цагийн хэлхээнд үл алдрах их түүхийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ
өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол уяачид, манай малчин
түмэн билээ.

Та бүхний аргамаг хүлгийн уяа тэгширч, өнгө гийсэн наадам наадмын
амжилтыг үнэлж, Улсын цол хүртээлээ. Ажнай хүлгийг тань унаж хурдлуулсан
хүүхдүүд, гэр бүлийнхэнд тань баяр хүргэе.

Уяачийн эрдэм төгс, морины хүүхдийн золбоо төгөлдөр байж, монгол
түмнээ түм буман жил баясган, адууны хийморь үргэлж өөдөө байг ээ.
Монгол газар шороонд морины туурайн мөр үүрд оршиг ээ.

Морины соёлыг ертөнцөд гайхуулсан Монгол уяачдын алдар суу мөнхөд мандаг ээ.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

Categories
мэдээ спорт

Яшар Догугийн тэмцээнээс багаараа мөнгөн цом хүртжээ

Чөлөөт бөхийн Яшар Догугийн тэмцээнээс Б.Батмагнай алтан медаль авч багаараа мөнгөн цом хүртжээ

Туркийн
алдарт бөх Я.Догугийн нэрэмжит 44 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын
уламжлалт тэмцээн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Турк улсын
Стамбул хотын Бакыркей дүүрэгт байрладаг Ахмет Жомертийн нэрэмжит Спорт
цогцолборт болж Азербайжан, АНУ, Румын, Казахстан, Монгол, Румын, Турк,
Франц зэрэг 15 орны 460 бөх өрсөлджээ.

Сүүлийн хоёр өдөр эрэгтэй 61, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингүүдийн барилдаан болжээ.
65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай хагас шигшээ
барилдаанд азербайжаны бөх Агагусейн Мустафаев, алтан медалийн төлөө
барилдаанд туркийн бөх Мустафа Каяг хожиж түрүүлжээ.

61 кг-ын жинд барилдсан “Гацуурт-Олимп”
клубын бөх, оюутны дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер
Т.Түвшинтулга алтан медалийн төлөө туркийн бөх Мехмет Сёлертэй өрсөлдөж
оноо тэнцсэн ч онооны чанараар ялагдаж мөнгөн медаль дээр буужээ.

Гавьяат тамирчин П.Өнөрбат жин өгсөж 86
кг-ын жинд зодоглож гуравдугаар тойрогт Б.Бат-Эрдэнийг ялж хагас шигшээ
барилдаанд азербайжаны бөх А.Гостиевт хожигдож хүрэл медалийн төлөө
барилдаанд мөн улсын бөхийг ялжээ.

97 кг-ын жинд олон улсын хэмжээний
мастер Д.Хүдэрбулга хагас шигшээ барилдаанд туркийн бөх Мурён Мутлыг ялж
алтан медалийн төлөө барилдаанд туркийн бөх Фатих Яшарлид дийлджээ.
Манай баг 52 оноогоор Хоёрдугаар байр эзэлж Мөнгөн цомоор шагнуулжээ.

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг:

1. Сулейман Атли /Турк/
2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
3. Георги Эдишерашвили /Азербайжан/
3. Манис Амирасланов /Азербайжан/

61 кг:

1. Мехмет Сёлер /Турк/
2. Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга/
3. Мустафа Картал /Турк/
3. Ресер Топал /Турк/

65 кг:

1. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/
2. Мустафа Кая /Турк/
3. Агагусейн Мустафаев /Азербайжан/
3. Георге Бусур /Румын/

70 кг:

1. Михаммет Илкан /Турк/
2. Гажимурад Омаров /Азербайжан/
3. Магомед Гитинов /Азербайжан/
3. Омуржанов Азамат /Казахстан/

74 кг:

1. Жордан Барроус /АНУ, олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга/
2. Зелимхан Хажиев /Франц/
3. Ислам Килик /Турк/
3. Сонер Демирташ /Турк/

86 кг:

1. Александр Гостиев /Азербайжан/
2. Селим Яшар /Турк/
3. Пүрэвжавын Өнөрбат /“Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт, Гавьяат тамирчин/
3. Гамзат Османов /Азербайжан /

97 кг:

1. Фатих Яшарли /Турк/
2. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, азийн аварга/
3. Ибрагми Болукваси /Турк/
4. Мурён Мутлы /Турк/

125 кг:

1. Таха Акгюль /Турк, Дэлхийн хошой аврага/
2. Тони Нельсон /АНУ/
3. Жамаладдин Магомедов /Азербайжан, ДАШТ-ний хошой хүрэл медальт/
3. Ясин Килик /Турк/


Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Монгол түмний сар шинийн баярын өдрүүдэд
Онцгой байдлын албаны албан хаагчид улс эх орон, ард иргэдийн аюулгүй
байдлыг ханган ажиллахаар болсон. Тодруулбал, ОБЕГ-ын даргын тушаалаар
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2016 оны 02 дугаар сарын
08-ны өдрийн 08:00 цагаас 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00
цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт
шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм
хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон
нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгожээ.

Categories
мэдээ спорт

Бөхийн барилдаан эхэллээ

XYII жарны “Нүүр муут” хэмээх Гал бичин
жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн
барилдаан эхэллээ. Сар шинийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын
харьяат Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаяр, Увс аймгийн Баруунтүрүүн сумын
харьяат, Монгол улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат,
Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр нарын тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглож байна.
Мөн Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол улсын арслан Н.Батсуурь, Архангай
аймгийн Булган сумын харьяат Монгол улсын гарьд Рагчаа, Улсын гарьд
Гончигдамба, Улсын гарьд Жаргалсайхан, Улсын гарьд, Бат-Эрдэнэ, Улсын заан
Санжаадамба, Улсын заан Баасандорж, Улсын заан Санчир, Улсын заан
Амгаланбаатар, Улсын заан Батмөнх, Улсын харцага Өсөх-Ирээдүй, Улсын харцага
Батболд, Улсын харцага Б.Пүрэвсайхан, Улсын харцага Батзаяа, Улсын харцага
Чулуунбаатар, Улсын харцага Ө.Даваабаатар, Улсын харцага Алтангэрэл нарын
бөхчүүд барилдаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн гэрэгэ” шагналын эзэн тодорлоо

Сар шинийн өмнө жил бүр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Тус шагналыг шагналыг нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж гардуулдаг аж.

Харин уг нэр хүндтэй шагналыг өнөөдөр Дархан төмөрлөгийн үйлдвэр, МАК-ийн удирдлагууд гардаж авлаа.

2015 онд тус үйлдвэр ХБНГУ-ын технологиор барилгын хийт бетонын дүүргэгч материалын үйлдвэрийг ашиглалтад оруулсан бөгөөд жилдээ 270 мянган куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болсноор барилгын өөрийн өртгийг багасгах, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай гэж үзсэн юм.

Дархан төмөрлөгийн үйлдвэрийн захирал Д.Батжавхлан: “Монгол Улсын хөрсөн доор байгаа төмрийн хүдрээ боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсаа ган үйлдвэрлэгч улс болгохоор ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилийн турш энэ төсөл дээр ажиллаж байгаа. Төслийн маань дэд бүтцийн нэгээхэн хэсэг болсон төмөр замын бүтээн байгуулалт маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал хүртэж байгаад бид бүхэн баяртай байна. Төмөр зам барих ажлын зураг төслөөс эхлээд газар шороо, далангийн ажил, хөрс, усны шинжилгээ, дохиолол хамгаалал, гүүр хоолой энэ бүхнийг монгол инженерүүд Монголын үндэсний компаниуд бүтээснээрээ онцлог. Энэ бол монголчууд том бүтээн байгуулалтыг хийж чадна, мөн төмөр замаа барьж чадна гэдгийг нотолсон үйл явдал. Монголчууд энэхүү бүтээн байгуулалтыг Ерөнхийлөгч үнэлж, шагнал хүртээсэнд маш их баяртай байна.” гэжээ.

Уг шагналыг 2011 онд “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Британника нэвтэрхий толь, 2012 онд Үндэсний “Энержи Ресурс” компанийн Өмнөговь аймаг дахь Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалт, 2014 онд “Гацуурт” компанийн газар тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, Хөтөлийн “Цемент-шохой” компанийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлд тус тус хүртээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдээр банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна

Нэр

02.08 /Битүүний өдөр/

02.09 /Шинийн 1/

02.10 /Шинийн 2/

02.11 /Шинийн 3/

02.12 /Шинийн 4/

Лавлах утас

1

Голомт банк

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Амарна

Амарна

Солонго салбар /Хуучнаар хүүхдийн-100/, Сансар бизнес төв /Зүүн 4 зам/, Цамбагарав бизнес төв /1-р хороолол/, Москва салбар /3-р хороолол/

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

1800-1646

2

Төрийн банк

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Амарна

Занабазар, Бөхийн өргөө, Хархорин төвүүд 11-16 цагийн хооронд ажиллана.

Ялалт, Сансар, Тавинмянгат, Өргөө, Хан-Уул тооцооны төвүүд 11-16 цагийн хооронд ажиллана

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

1800-1881

3

Хаан банк

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Амарна

Амарна

Амарна

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

1800-1917

4

Худалдаа хөгжлийн банк

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Амарна

Амарна

Амарна

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

1900-1977

5

Хас банк

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Амарна

Амарна

Амарна

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

1800-1888

6

Капитал банк

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Нисэх тооцооны төв 24 цаг ажиллана. Бусад бүх салбар амарна.

Нисэх тооцооны төв 24 цаг ажиллана. Бусад бүх салбар амарна.

Нисэх тооцооны төв 24 цаг ажиллана. Хороолол болон Тавинмянгат бизнес төв 11-16 цагийн хооронд ажиллана.

Бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

1800-1912