Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Гал бичин жилийн мэндчилгээ хүргэе

Сүхбаатар дүүргийн ахмад настан Б.Чогсом

Байгалийн шүтэлцээг танин мэдэхүйд түшиглэсэн монгол зурхайн билгийн тооллын хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгний монгол түмний үндэсний уламжлалт баярыг жаран жарнаар өртөөчлөн дээдэлж, тэмдэглэдэг үйл ажиллагаа буурал түүхийн нугачаан дунд бурангуйчуудын бусармаг явуулгаар “малчдын” гэсэн явцуухан нэртэй болж, тухайн баяраар нас, буян нэмэх бэлгэдэлт гоёлын дээл хувцас тэдгээрийн эмжээр, товч, өлзий хатгамлын солонгоролт дэлхийд ганцхан бөгөөд давтагдашгүй өв соёл арилж, үр хүүхэд нь ажил тарсны дараа харанхуй шөнөөр эцэг эхдээ золгодог байсныг өнөөдрийн 30 хүртэл насныхан яаж мэдэх вэ дээ. 2005 оноос хойших хугацаанд манай улсын хүн амын тоо 16,1 хувиар өссөн байхад, ахмад настны тоо 21,9 хувиар нэмэгджээ. 2010 онд хөдөлмөрийн насны 10 хүнд тэтгэврийн нэг хувь ноогдож байсан бол 24 жилийн дараа хөдөлмөрийн насны дөрвөн хүнд нэг ахмад настан ноогдож, ахмад настны тоо хоёр дахин өсөх нь тогтоогджээ. Ер нь 21 дүгээр зуунд ахмад настны тоо давамгайлах таамгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлжээ. Манай орны настнуудын 80 хувь нь ямар нэг өвчтэй. Зарим нь 3-4 төрлийн өвчтэй байдагт зүрх судасны, бөөр шээсний замын эмгэг, нүд, амьсгалын замын өвчлөл зонхилдог нь барихаар олон жил яригдсаар байгаа ахмад настны эмнэлэг онцгой шаардлагатайг гэрчилнэ. Настнуудын нийгмийн асуудалд чиглэгдсэн хууль, тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэлтэд нь хяналт тавьж, тулгамдсан асуудлуудыг шийвдэрлэхтэй холбогдох санал, санаачилгыг шинээр гаргах хууль тогтоолд тусгуулах, зөв хооллолт, аялал жуулчлал алхалт, нөхөн сэргээлт, эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамаарагдан эрүүл насжилтын нөхцөл бүрдүүлэхэд идэвхтэн сонгуультнуудын анхаарлыг төвлөрүүлэх хэлбэрээр ахмадын байгууллагын ажлыг шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа Сүхбаатар дүүргийн С.Тогоохүү даргатай ахмадын хорооны хамт олон болон дүүргийн нийт ахмад настнуудад 17 дугаар жарны морилон ирж байгаа гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний халуун баяр хүргэе. Та бүхний ухамсарт хөдөлмөрөөр бүтээгдэх эрүүл насжилтдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн Ерөнхий сайдын сар шинийн мэндчилгээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн Твиттер хаягаараа дамжуулан монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр “Монгол Улсын хүндэт иргэд ээ, Цагаан сарын мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх, хөгжил дэвшлийг та нартаа хүсэн ерөөе” хэмээсэн байна.

Өнгөрсөн оны хавар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад айлчлал хийж байсан тэрбээр сошиал сувгийг идэвхтэй ашиглан өөрийн твиттер хаягаараа дамжуулан тухай улсынх нь хэлээр жиргээ бичдэг юм.

Categories
мэдээ спорт

Шатрын бодлого бодолтын аварга С.Билгүүнийг шагнав

Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр шатрын бодлого бодолтын дэлхийн залуучуудын аварга С.Билгүүнийг хүлээн авч уулзжээ. Шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны алтан медалийг эх орондоо авчирсанд нь мөн баяр хүргэсэн байна.

Мөн Монголын үндэсний олимпийн хорооноос С.Билгүүнд “Алтан медаль” хүртээснийг уулзалтын үеэр гардуулан өгсөн байна. Түүнчлэн Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн дасгалжуулагчийн зөвлөлийн дарга Ц.Лхагвасүрэн нарт шатрын олон улсын дасгалжуулагчийн сертификат, тэмдгийг гардуулжээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д зика вирусийн тохиолдол бүртгэгджээ

Дэлхийн 55 оронд бүртгэгдээд буй зика вирус
Хятад улсад бүртгэгджээ. Уг мэдээллийг БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас
мэдээлснийг “Синьхуа” агентлаг иш татан мэдээлсэн байна. Хятадын
Зянси мужийн оршин суугч зикагийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тус
мужийн эрүүл мэндийн төв өвчтөнг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлжээ. Өвчтөн
өнгөрсөн сард Венесуэл улсад жуучлалаар очсон гэнэ. Тэрбээр тус улсад байхдаа
өндөр халуурсан бөгөөд энэ сарын 5-нд шинжилгээ авахад халдвар авсан нь
тогтоогдсон байна. Халдвар авсан өвчтөн эрэгтэй бөгөөд 34 настай гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутаг руу нэмэлт автобус үйлчилж байна

Цагаан сарын баярыг тохиолдуулан иргэд орон нутгийг зорих
хөдөлгөөн ихэсчээ. Үүнтэй холбогдуулан Драгон төв үндсэн үйлчилгээ үзүүлдэг
аймаг, сумын зорчих тээвэрт иргэдийн ачааллыг харгалзан үзэж хоёр талд нь
нэмэлт автобусаар үйлчилж байгаа аж. Драгон төвөөс өдөрт орон нутгийн 31
чиглэлд автобусаар үйлчилдэг бөгөөд сар шинийн өдрүүдэд Дархан-Уул, Орхон
аймгийн чиглэлд иргэдийн эрэлт их байгаа учраас нэмэлт автобусаар үйлчилж
байгааг дуулгалаа. Мөн бусад чиглэлд ч гэсэн иргэдийн зорчих хөдөлгөөнийг
харгалзан орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэг хувийн компаниудтай
хамтран нэмэлтээр автобусаар үйлчилж байгаа гэв.


Түүнчлэн, иргэд хөдөө орон нутаг руу хот хоорондын зорчигч тээврийн автобусаар
явахдаа заавал “Драгон” төвд очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй юм.
Учир нь орон нутгийн автобусны тасалбарын захиалгыг онлайнаар буюу Автотээврийн
үндэсний төвийн www.teever.gov.mn сайтын “Тасалбар захиалах” цэс рүү орж явах
өдөр болон суудлаа сонгоод захиалах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр ажиллах худалдаа үйлчилгээ, цагдаа, эмнэлэг, хилийн боомтуудын цагийн хуваарийг танилцуулж байна

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-нд 09:00-24:00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11-нд амарч, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК -ийн салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-нд 09:00-22:00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08:30-22:30 цагт ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 9-нд амарна. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10:00-20:00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 11-нээс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу хоёрдугаар сарын 08–нд 08:00-23:00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09:00-21:00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 9-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.:00 -21:00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10:00-21:00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу хоёрдугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу хоёрдугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09:00-22:00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. хоёрдугаар сарын 13-наас эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08-нд 09:00-22:00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-нд 12:00-20:00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сонгинохангай ХХК-ийн “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08-нд 08:30-22:00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд 10:00-18:00 цагт ажиллаж, шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11-нээс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр битүүн буюу хоёрдугаар сарын 8-нд 09:00-22:00 цагт ажиллана. Хоёрдугаар сарын 9, 10, 11-нд амраад, 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 08-нд 10:00-19:00 цагт ажиллаж, хоёр дугаар сарын 9-нөөс эхлэн 18-ныг дуустал амарна. Энэ сарын 19-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 1-8-ныг дуустал 09:00-19:00 цагт бүтэн ажиллаж, 9-12-ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 8-нд 09:00-19:00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 9-12-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд буюу хоёрдугаар сарын 8-ны өглөө 06:00-18:00 цагт ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-16-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 08-нд 09:00-15:00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-14-нийг дуустал амраад, хоёрдугаар сарын 15-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08-нд 10:00-21:00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11-нд амраад, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллах гэнэ.

Шуурхай үйлчилгээний алба гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч, шуурхай үйлчилнэ.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба 343048, 343004,

Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -345909 (БГД, СХД, ХУД), Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба-353570 (СБД, ЧД, БЗД) дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

“УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

“Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09:00-15:00 цагийн хооронд амралтгүй ажиллана.

ХИЛИЙН БООМТУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН хуваарь

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 7-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 9-11-ний өдрүүдэд амарна. Агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, Төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллана.

БАНК, ЭМНЭЛГҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРь

Сар шинийн өдрүүдэд Замын цагдаагийн газрын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Мөн зарим эмнэлэг, банкууд сар шинийн өдрүүдэд богино цагаар ажиллахаар хуваарь гарчээ.

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД АМРАХГҮЙ

Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, өрхийн эмнэлгүүд амрахгүй ажиллах юм байна. Дээрх эмнэлгүүд сар шинийн өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллана.

БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУД АМАРНА

Сар шинийн өдрүүдэд баар, шөнийн цэнгээний газрууд амрах аж. Мөн нийтийн хоолны газрууд ч шинийн 1, 2, 3-нд ажиллахгүй. Харин хоёрдугаар сарын 3-ны өдөр буюу шинийн 4-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харьяа салбар компанийн ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарын ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана. “Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын утасны жагсаалт:


Жич: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны диспетчер 24 цагаар ажиллана.

Холбогдох утас: Диспетчер-343047, 343030, -75759047 -255

Шуурхай ажиллагааны утас: 1800 -1290

Бэлтгэсэн Х.ЦЭНД


Categories
мэдээ нийгэм

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн сар шинийн мэндчилгээ


Categories
мэдээ цаг-үе

Г.Очирбат: Дээгүүрээ эв эеэ хичээн, биенээ хүндэтгэж, улс орныхоо төлөө хамтран хүчин зүтгэх хэрэгтэй

Сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өчигдөр ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын Тамгын газар Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 65 ахмадтай юм байна. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ, түүний Тамгын газарт ажиллан, төр түмнийхээ төлөө олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууддаа талархаж явдгаа илэрхийлээд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлсэн юм.

Энэ үеэр МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Очирбатаас цөөн асуултад хариулт авлаа. Тэрээр 1993-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм. Түүний улс эх орныхоо, хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн шинэтгэлд оруулсан онцгой хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол хүртээж байсан юм.

Ирж буй жилийн өнгийг та хэр байна гэж бодож байна?

-Гарч байгаа бичин жилийг сайхан жил болно гэж бодож байна. Зурхайч нарын сонин хэвлэлд өгч байгаа ярилцлагуудыг үзэж байхад муугүй жил болох нь бололтой. Улирч байгаа жил сайхан болж өнгөрлөө. Цаг агаарын хувьд жаахан цастай, зарим аймаг зудархуу байгаа юм байна. Гэлээ ч гэсэн өдөр уртасчихсан, дулаарах цаг ирээд байна. Цаг агаарын хувьд өнгөрсөн жил сайхан байлаа, ирж байгаа жил ч муугүй болно гэж бодож байна.

Та төр түшилцэж явсан хүний хувьд өнөөдрийн манай улс төрийн байдлыг хэрхэн харж явдаг вэ?

-Улс нийгмийн хувьд яахав явж л байна, хөдөлцгөөж л байна. Манай энэ төр засаг, дээгүүрээ эв эеэ хичээсэн, харилцан ярилцаж ойлголцсон, зөвшилцсөн, бие биенээ хүндэтгэсэн ийм маягаар улс орныхоо хувь заяаны асуудлын төлөө хамтран хүчин зүтгэх хэрэгтэй юм гэж бодож байна. Тэгэх юм бол Монголын бүх юм бүтнэ, үйлс нь бүтнэ. Манайхан ч бас хувь заяатай ард түмэн шүү дээ.

-2016 онд манай улс төрийн амьдрал нэлээд өрнүүн, олон үйл явдалтай байх нь. Хүмүүс сонгууль ямар болж өнгөрөх бол гэж одооноос анхаарал хандуулж байна?

-Сонгуулийн хууль нь батлагдчихлаа. Сонгуульд оролцох улс төрийн бүх нам тэр хуулиа баримтлаад, сонгогч олон түмэн маань шударга, шулуун, хамгийн шилдэг сайн, үнэнч, зарчимч, үг ажил хоёр нь зөрдөггүй ийм улсуудыг төрийнхөө эрх барих дээд байгууллагад сонгоосой гэж бодож байна. Засаг төр маань тэгээд тогтох байлгүй дээ.

Сүүлийн үед манай улс төрийн амьдрал нэлээд бужигнаантай байлаа. Хамгийн сүүлд л гэхэд МАХНын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбатай холбоотой асуудал шуугиан тарилаа?

-Өнөөдөртөө тийм нарийн юм руу орж яриад хэрэггүй байх. Сар шинэ болж байна. Монгол хүн амны бэлгээр шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Нэрт уяач “дулаан” Дамдинжавын алдарт хонгорууд

Хардэл жанжин бэйсийн хошууны унаган хүү, нэрт уяач олонд “дулаан” гэж нэршсэн Жанцангийн Дамдинжав 1895 оны хонь жилд мэндэлжээ. Бага залуудаа 1920-иод оны дундуур ардын хувьсгалт цэргийн албанд татагдан нутгаасаа анх холдсон байна. Тайж удамтай, бичгийн өндөр чадвартай, Өвгөн ноёны бичээч, хошуу тамгын газарт алба хашиж байсан, сайн барилддаг, адуунд эртэй сайхан залуу цэрэгт мордсон хэрэг.

Журамт цэрэг Ж.Дамдинжавыг тэр үеийн дотоод яам татан авч бичиг хэрэг хөтлүүлэхээс эхлэн элдэв ажилд томилон ажиллуулж улмаар хилийн гадна, дотно тусгай даалгавар гүйцэтгүүлж, баруун хязгаарт Дамбийжаагийн цэрэгт хүртэл явуулж байсан гэх мэт адармаатай нууц түүхтэй хүн.

Энэ эрсдэлтэй албанаас 1930-аад оны сүүлчээр холдож, Төв аймгийн Баянцагаан суманд монгол үсгийн багш болж, тэндээ эхнэр авч Баянцагааны хүргэн болон суурьшжээ. Хэдэн жил болоод байтал төр засгийн томилгоо ирж нутаг залгаа Баян, Баянжаргалан сумдад шилжин сургуулийн захирал гэх мэт албан ажил хашсаар гавьяаныхаа амралттай золгожээ.

Үүний зэрэгцээ хамгийн чухал нь унаган төрмөл хурдны өлгий төрсөн нутгаасаа өвлөсөн адуун соёл, морин эрдэнийг шинжих, заяа, заслын эрдмээрээ захиргаадалтын нийгмийн монгол төрийн наадмын дөрвөн түрүү, 14 айргийг авсан том уяач хүн. Тэрээр ажиллаж амьдарч байсан сумддаа хурдны буяныг түгээн үлдээсэн нь уяачдын дунд өдий хүртэл дурсагдсан буянтай үйл болжээ.

Уяачид өнөөг хүртэл “дулаан” адууны угшилтай, дулааны хонгорууд хурдан гэж үе дамжин дурсан ярьсаар нэрт уяач “дулаан” Дамдинжав хэмээн Монголын хурдан морины түүхэнд мөнхрөн алдаршсан хүн.

Нэрт уяач “дулаан” Дамдинжав гуайг улсын наадамд таван хонгор адуу түрүүлгэсэн хүн гэж уяачид бахдан ярьцгаасаар ирсэн. Хурдан морины цуваанд лав дөрвөн хонгор адуу түрүүлгэсэн нь бий. Тодруулбал, 1950 онд хонгор хязаалан, 1953 онд хонгор азарга, 1962 онд хонгор хязаалан, хонгор шүдлэн тус тус түрүүлгэж 14 адуу айрагдуулж байсан нь бичигдэн үлджээ. Их уяач “дулаан” Дамдинжав гуайн хувьд бол хурдан адуу, уяачийн эрдмийг гаднаас хайх зовлон байсангүй. Аль ч насны морийг уяж чаддаг нь өөрийн нь унаган эрдэм, авьяас байсан хэрэг. Харин малчин биш төрийн албан хаагч байсан учраас морь уях нь олон янзаар хоригдож, бусдаас илүү хавчигдаж байсан нь үнэн. Тиймээс цаг үеийн байдлаас хамаарч тохироо бүрдсэн үеийг нь тааруулж улсын наадамд ирж уралддаг байсан нь цөөхөн удаа ирсний нэг шалтгаан нь юм. Ихэнхдээ хөдөө сумдаар, тэгэхдээ бүр хадам ах Гомбодоржынхоо нэрээр цоллуулж байсан нь ч олон байжээ.

Эрдэмтэн О.Намнандорж номондоо “дулааны хонгор” гэдэг алдарт хурдан хүлэг том, бага уралдаанд 19 түрүүлсэн гэж ишлэн онцолж бичсэн нь бий. Энэ хонгор морийг “дулаан” Дамдинжав гуай Галшар нутгаасаа авчирчээ. Гайхамшигт энэ хүлэг улсын наадамд хоёрхон удаа уралдсан байдаг юм.

Хоёр удаа ирж уралдсаны нэг нь улсын наадмын цуваанд бичигдээгүй, нэг будлиантай уралдааны тухай уяачид ингэж ярьдаг юм. Улсын наадмын тэр уралдаанд хонгор морь “хүүхэн шүүлэнгийн хээр” гэдэг морьтой холбоотой ирээд аман хүзүүджээ. Гэтэл уралдаан будлиантай болж, дахин уралдах шийдвэр гарахад “дулаан” Дамдинжав гуай “хонгор морь хойшоо доголсон” гэж хэлээд уралдаагүй гэдэг. Харин түрүүлсэн хээр морь дахин уралдаад долоод оржээ. Алдар цуут “дулааны хонгор” морь улсад ирж уралдсаны нэг нь энэ юм.

Бас нэг нь 1945 онд “дулааны хонгор” морь улсын наадамд ирж уралдаад Баян сумын “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морьтой холбоотой ирээд аман хүзүүджээ. Энэ уралдаан улсын наадмын цуваанд бичигдсэн байгаа. баянцагааныхан “дулааны хонгор” түрүүлсэнгүй гэж ярьсаар их л гонсгор буцсан гэдэг. Учир нь “дулаан” Дамдинжав гуайтай Баянцагааныхан нутгархаж “дулааны хонгорыг түрүүлчихээсэй” гэж л санаа тавин харцгаадаг байж. Түүнээс хойш “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морь улсын наадамд дахин нэг түрүүлсэн байдаг юм. Тэр наадмын ар дээр Төв аймгийн Баянцагаан сумын наадам болох тов зарлагдаад байж. Зар тарснаас хойш удалгүй энэ наадамд “хөндлөн” Дугарсүрэн улсад хоёр түрүүлсэн хар морио уралдуулах гэнэ гэсэн яриа олны дунд таржээ. “Дулаан”-ы хонгор морь ч уралдах нь тодорхой. Төрийн наадмын довон дээр зуузай холбон ирж хойно урдаа оролцсон хоёр ийнхүү дахин учрах болсон нь чихтэй бүхний чихийг сортойлгох нь тэр. Наадамчдын тэсэн ядан хүлээсэн тэр уралдааныг нүд салгалгүй харсан олны нүдэнд хоёр морь холбоотой явсаар барианы зурхай харагдахад “дулааны хонгор” морь “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морийг гээн хаяж, бахархалтай сайхан түрүүлсэн нь түүх болон яригдсаар иржээ. Үүнийг харсан, сонссон Баянцагааныхан ёстой нэг дайснаа дарсан мэт хөгшин, залуу, хөрөв нялхгүй хөөр баяр болсон гэдэг. Тэр наадамд баянцагааны урдаа барьдаг нэрт уяач Нэрэнжимээгийн хээр морь гуравт, Мөнхийн улаан морь дөрөвт, “бүдүүн” Жамцын “Баянцагаанд дөрөв түрүүлж, улсад 7, 8-д орсон” хурдан хээр морь тавд тус тус айрагджээ. Энэ уралдаан бол үнэхээр ир шандас шалгасан их морьдын уралдаан болсон байлаа. Хожим хойно Мөнхийн Данзанням гуайн хурдан хээр морийг “дулааны хонгор” морьтой төстэй туурайн чимээ ихтэй морь байна” гэж уяачид жишиж ярьдаг байсан нь аргагүй л онцгой морь байсан хэрэг.

Нэг удаа Дундговийн Цагаандэлгэрийн наадам оройхон зарлагджээ. Тэр наадамд улсад хоёр түрүүлсэн “шорон хуруу” Хайнзангийн хонгор морь, “дулааны хонгор” морь хоёр ирж уралдана гэсэн олны яриа оч үсрэх мэт дорхноо таржээ. Үүнийг сонссон Баянцагааны нэрт уяач Батбуянгийн төрсөн дүү уяач Арвижих “хоёр сайн морины эзэд, уяачид морьддоо чухам ямар ажил хийдэг улс юм бол” гэж бодоод ажиглахаар шийдэж. Наадмын урьд өдөр нь ойролцоохь Хараатын овоон дээр үдээр гараад дурандаад суугаад байж. Тэгсэн үдээс хойхно “шорон хуруу” Хайнзан майхныхаа гаднаас нэмнээ авч очоод хонгор морио нэмнээд хөдөлгөж байгаа харагдаж. Удалгүй “дулаан” Дамдинжав гуай бас хонгор морио хөлс татаж байхыг харж. Энэ улсууд тулсан моринд ингэж л ажил хийдэг юм билээ гэж тэрээр хожим ярьж байжээ.

Зарлагдсан наадам товлосон өдрөө болж. Их насны морь удаж удаж их орой морджээ. Оройтож мордсон морьд явсаар түрүүчийн хоёр морь үдэш барианд орж ирэв. Харуй бүрийд үзэгчдийн захад холбоотой ирээд “шорон хуруу” Хайнзангийн хонгор морь түрүүлж, “дулааны хонгор” морь аман хүзүүний пайз авчээ. “Дулааны хонгор” ингэж хоёр дахь удаа аман хүзүүдсэн гэдэг. Төв аймагт “дулаан” Дамдинжав гуайг байх үед тод манлай уяач Д.Даваахүү уулзангаа яриан дундаа “Та яагаад хонгор морио Цагаан дэлгэрт аман хүзүүдүүлчихсэн юм бэ?” гэхэд “Их морь орой мордоод харуй бүрий болчихоод ганцааранг нь салгаад явуулчих гэхээр бага, нялх хүүхэд унаж байсан болохоор төөрчих байх гэж бодогдоод. Салгаж явуулалгүй татуулж байгаад ойрхон ирээд хумсны хурдтай, годгор юманд дайруулчихгүй юу золиг чинь” гэж байсан гэдэг.

Ер нь Дундговийн Цагаандэлгэрийнхэн гаднаас морь очихоор ч зориуд тэгдэг байсан юм уу, угаасаа ажил нь амжихгүй байсаар морио орой мордуулдаг байсан ч юм уу янз янзаар ярьдаг ч орой мордуулж, үдэш харанхуйгаар уралдсан морьд ирж будлиантай л юм болдог байж. Хэнтийн Дэлгэрхааны Мөнгөний Лувсандорж хурдан хар морио улсад түрүүлгэхийн өмнө Цагаандэлгэрт есөн настай очиж уралдаж байхад бас л оройхон мордуулж, үдэш харуй бүрийгээр түрүүлж байсан аж. Мөнгөний Лувсандоржоос “Хар морь чинь яаж түрүүлэв” гэхэд “Сайхан түрүүллээ. Орой мордож, бүрэнхийд ирээд олон түмэнд гүйцэд харуулж чадсангүй дээ хө” гэж байсан гэдэг юм. Энэ нь олон түмний оюун сэтгэлд үлдсэн яриа түүх л болон мөнхөрчээ.

1980-аад оны үед өнөөгийн зууны манлай, Хөдөлмөрийн баатар, уяач Д.Даваахүү бага залуухан, бас ч морин тойруулгын уяач хийж, алдаж онож явсан үе. “Дулаан” Дамдинжав гуайтай ойр дотно танилцаж үгийг нь сонсож явсан хувьтай хүү болохоор түүнд өвгөний буян ямар нэг хэмжээгээр наалдсан л байж таарна. Залуу уяач Д.Даваахүү өвгөнийг гэртээ авчирч, өөхтэй буузаар дайлж, үг өдөж байгаад л яриулдаг байж. Дамдинжав гуай түүнд “Улсад хоёр азарга айрагдуулчихаад байж байхад зүгээр ч юм шиг л байлаа шүү” гээд л урлагтай ярьдаг. (Хашир өвгөн 1953 оны улсын наадамд хонгор, саарал хоёр унаган азаргаа түрүү, аман хүзүүнд оруулчихаад байхад ямар байсныгаа ингэж ярьж байжээ) Барагтай юмыг тоодоггүй мөртлөө “Даваахүү хүүтэй морь ярихад зүгээр байдаг юм, уяа нийлдэг юм” гэж намайг онгироогоод л аштайхан ярина даа. “Би даан ч багадаад байсан юм. Надад адуу өгсөн. Тийм хүн юм өгч байхад аваагүй нь би их буянаа хаасан даа” гэж их уяач Д.Даваахүү гуай дурсч байлаа.

Өвгөн уяач “дулаан” Дамдинжав гуай нутгийн “өвгөн ноён”-оо, тайж, уяач бэйлийн Сүрэнхорол нарын тухай сонирхолтой, гайхалтай зүйл ярьдаг байж. Харин Дагмид-Очир мээрэнг бол их магтаж ярихгүй. “Яахав, манай Дагмид” гэж хааяа л ярина. Донойн Цэгмэд гуайг тоож ярьдаггүй хүн байж.

Их уяач тэрээр 1962 онд 66 настайдаа улсын наадамд бага дөрвөн насанд дөрвөн хонгор адуу уяж ирээд хязаалан, шүдлэн түрүүлгэн, соёолон, даагаа айрагдуулж өөрөөр хэлбэл хоёр түрүү, хоёр айраг авчээ. Тэгэхэд хонгор даага нь түрүүлж ирээд бариан дээр таварцаглаж унаад гуравт баригдсан байна. Үүнийг харсан олон түмэн “ингэж аз дутаагүй бол төрийн наадмын доод гурван насны түрүүг авах байсан юм” гэж шогшрон ярьсаар тэр жилийн наадам өндөрлөж байсан удаатай ажээ.

“Дулаан” Дамдинжав гуай үүнээс аль эрт 1950 оны улсын наадамд хязаалан түрүүлгэж, азарга, соёолон, даага айрагдуулж дөрвөн адуу цоллуулж байсан түүх бий. Тэр үед нь уяач Мөнхийн Данзанням гуай нэг үрээг нь авъя гэж хоёр ч удаа хэлэхэд “дулаан” Дамдинжав гуай юу ч хэлээгүй, тоож дуугараагүй гэдэг.

Баянцагааныхан Гомбодоржыг сайн уяач гэж хүндэлдэг. Тэр нь ч аргагүй. Улсын наадамд айраг түрүү олныг авсан данстай уяач хүн. “Дулаан” Дамдинжав гуайн эхнэрийнх нь төрсөн ах буюу хадам ах нь байж. Түүгээр уяулж, түүний нэр дээр ч цоллуулж байсныг дээр өгүүлсөн. Залуу уяач Д.Даваахүү өвгөнтэй хуучилж байхдаа “Гомбодорж гуай ер нь ямаршуу уяач байсан юм бэ дээ” гэж магтах л байх гэж бодоод асуухад “дулаан” Дамдинжав гуай “Яах вэ, зөвдсөн морийг ч буруутуулдаггүй хүн байсан юм шүү” гэж хэлж гайхшруулжээ. Монгол уяачийг үнэлэх үнэлэмжийн хэмжээс ямар өвөрмөц ,өндөр агууламжтай байсныг эндээс ойлгож болно.

1941 онд Дэрэнгийн “шодон” Навааны халиун гэдэг морийг улсад түрүүлэхийг үзэж л дээ. Тэгээд “Саяын морины түрүүг харлаа, хөдлөхгүй л юм шиг харагдлаа” гэж байсан гэдэг. Ирж буй адууны давхилыг хараад хэлчих хэмжээний нүдний хялаа арилсан хүн байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Нэрт уяач “дулаан” Дамдинжав гуайн хурдан хонгор азарга өвгөртлөө төл өгчээ. Азарга гүүг яаж нийлүүлдэг юм бол гэж хүнээс асуухгүй нь ойлгомжтой. Тэдний адууны эр болгон нь хурдалж, охин болгоноос нь хурд төрсөн ч гэж хэлж болно. Өнөөг хүртэл “дулаан” адууны угшилтай гэцгээдэг нь удам тасраагүйг илтгэж байгаа хэрэг.

Олны мэдэх Баянцагааны их уяач Нэрэнжимээгийн хүргэн Дундговийн Дашдоо гэж байж. Тэр дулаан адууны хонгор азарга тавиад “толин” гэж сайн хурдан азаргатай болжээ. “Анааш” гэж Нэрэнжимээгийн хээр азаргатай “толин” хоёулаа завсаргүй л ордог байж. Тэднийд өөр олон хурд төрж. Нэг жил Дашдоо Дэрэнгийн наадмын таван түрүү, дөрвөн айргийг авч олныг шуугиулж байж. Мөн хойтон жил нь Говьсүмбэрт бас таван түрүү, дөрвөн айраг авч байсан нь тэднийд гарсан “дулаан адуу”-ны эр болгон нь хурдалж байжээ. Гэтэл цагаан хэл амаа дийлэлгүй намар нь мотоцикльтэй явж байгаад осолдож эндсэн гэсэн яриа гарсан байдаг юм.

Дулаан адуу баруун тийш гараагүй. Баянцагааны зүүн тал, Баян, Баянжаргалан түүнээс урагшаагаа их тарсан гэдэг. Баян сумын Дүнгээ, Баянцагааны “шаваа”-гийн Базар, Махбалын хурдан хонгор адуунууд гээд “дулаан” адуутай айлууд олон. Сэргэлэн сумынхан ч “манайд бий” гээд ярьж л байдаг юм. Мөнгөн морьтын хорихын жолооч Дагвацэрэн “дулаан” Дамдинжав гуайн морийг хар багаас олон жил унаж, зарагдаж өссөн хүн. Өвгөн Дагвацэрэнд өгсөн адууны угшил Мөнгөнморьт, Баяндэлгэр сумдаар нэлээд бий ажээ.

Төв аймгийн Алтанбулаг сумын мал баазын дарга Тогмид зорьж ирж танилцаад хэдэн адуу аваад явжээ. Тэр аваачсан адуунууд их хурдалж 1968 онд Тогмидын хоёр азарга дараагаараа орж байсны дээр тэдний удам угшил их хурдалсан гэдэг юм.

“Дулаан” Дамдинжав гуайн ганц охиныг Цэгмэд гэдэг. Хурдан адууг унаж уралдаж өссөн монгол бүсгүй. Хүргэнийг нь Дашдэмбэрэл гэнэ. Өөрийнх нь хэлснээр адууг адуу л гэж танихаас цаашихыг мэддэггүй гэнэ. 1967 оны үед хүргэнийх Хэнтийн Жаргалтхаан суманд шилжин суурьшжээ. “Дулаан” Дамдинжав гуай охиноо дагаж Жаргалтхаан суманд өөрийн цөөн хэдэн адуутайгаа ирж найман жил амьдарчээ. Дамдинжав гуай гартаа, хүзүүндээ хоёр эрхитэй явдгаас Жаргалтхаан сумынхан “эрхит өвгөн” гэцгээдэг байв.

Энд ирээд өөрийн адуунаасаа олон хүнд өгсний нэг нь Жаргалтхаан сумын орлогч “год” Гомбосүрэнд хонгор байдас өгчээ. “Год” Гомбосүрэн хонгор байдсыг сумандаа хоёр аман хүзүүдсэн жижиг майлуу халзан азарганд хураалгачихаад Жаргалтхаан сумын хойхно өртөө адуу цуглуулаад байж байтал “дулаан” Дамдинжав гуай хоёр эрхиэ бариад даг даг шогшиж ирснээ “год” Гомбосүрэнгээс “Чи хонгор байдсаа ямар азарганд тавьсан бэ” гэж асуухад “Энэ майлуу халзан алагтаа тавьсан” гэхээр нь “Чи хонгор байдсыг Дагвабүслүүрийн шар хээрд хураалгасангүй” гэж зэмлэн хэлжээ. Загнуулсан “год” Гомбосүрэн Дагвабүслүүрийн шар хээрд хонгор байдсаа хураалган салгаад явуулжээ. Хойтон хавар нь эр хээр унага гарсан нь эхлээд “год” Гомбосүрэнгийн сүүлдээ Ар-Үрийн хээр гэж нэрлэгдсэн насны хурдан азарга гарсан байдаг. Аймгийн алдарт уяач Ар-Үр гуай хээр азаргыг ч, түүний үр төлүүдийг ч их хурдлуулсан юм. Ар-Үр гуайн хээр азарга сүүлдээ Бага нуурын уяачдын холбооны тэргүүн Элбэгсайханд очиж хурдалж байлаа. Элбэгсайхан хээр азаргаа өвгөрөхөөр нь нутагт нь авчирч наадам хийж хүндлэн жаргаасан даа.

Жаргалтхаанд “дулаан” Дамдинжав гуайг очиход хамт цэрэгт байсан цэргийн найз Дашзэвгэ байж таарчээ. Цэргийн найздаа хонгор гүү бэлэглэсэн нь түүний дүү уяач Зундуйд очсон байна. Жаргалтхааныхан уяач Зундуй гуайн олон хурд энэ хонгор гүүнээс гарсан гэдгийг бүгд л мэднэ. Зундуй гуай “аймгийн алдарт уяач” цолоор шагнагдсанд сумынхан их л баяртай байсан. “Дулаан” Дамдинжав гуайн хурдан хонгоруудын угшлаар Валя, Дагвабүслүүр, Долгордагва гээд Жаргалтхаан суманд олон айлын адуу сайжирсныг бүгд л мэддэг. Энэ тухай Жаргалтхаан сумын өндөр настан, аймгийн алдарт уяач Сандагдорж гуай тодорхой ярьдаг юм.

Ийнхүү Жаргалтхаан сумын нэгэн үеийн хурд “дулаан” Дамдинжав гуайн хурдны буянтай холбогддог учир ийм ажээ. Эрхит өвгөнөө Жаргалтхааны уяачид одоо ч санаж дурссаар л байдаг юм даа.

Халх нутгийн нэрт уяач “дулаан” Дамдинжав гуай маань шагай харваж, наадаж, сайхан үгээ хайрлаж, үлгэрийн далай уншсаар ер шахам насандаа бурханы оронд одсон доо.

Сэцэнхан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошууны эрдэмт уяачдын нэгд зүй ёсоор эрэмбэлэгдэх “дулаан” хэмээх Жанцангийн Дамдинжав гуай төрийн наадмын дэнж, адуун соёлын дэвжээн дээр арилшгүй мөрөө үлдээн, ийнхүү халхын том уяачдын эгнээнд алтан үсгээр бичигджээ.

Монгол уяачийн хөгжлийн оргил зан үйл, морин эрдэнийн заяа, заслын далд эрдмийг өндөр ёс суртахуунд шингээн цэнгэдэг, үнэт өв соёлыг уламжлан тээж өнөө үеийнхэнд хүргэж ирсэн өвгөн уяачийн ариун үйлс цаг улирах тусам дурсагдан гэрэлтсээр байх ажгуу.

Манай сонины орон нутаг дахь тусгай сурвалжлагч Н.САНЖААДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аз жаргал ардчилагдаж байгаа нь

(эсээ)

НЭГ. АЗ ЖАРГАЛЫГ НИЙГЭМЧЛЭХ ОРОЛДЛОГО

Хорвоогийн амьтад тэгш бус. Тэрнээсээ болоод амьдрал ч тэгш бус. Шувууд огторгуйн хээлэнд дураараа дүүлж байхад могойд “гэдсээрээ” гулгахад хүрнэ. Загас усны гүнд дураараа умбахад эх газрын зарим амьтанд энэ нь үхэл болж үзэгдэнэ. Ингээд зогсдог бол ч яая гэхэв. Гэтэл нэг төрлийн амьтад бие бялдар, амны хишгээрээ ялгарна.

Энэ ялгааг оюун ухаант хүн л анх түрүүн анзаарсан байж таарна. Хүн энэ ялгааг ухамсарлах чадвартайгаас гадна сүрэг доторхи байр суурь, чадамжийн зөрөө нь амьтныхтай харьцуулшгүй их. Эхлээд ялгааг анзаарч, дараа нь учир шалтгааныг нь ойлгохыг оролдож, улмаар шударга бус зөрөөг арилгах арга зам эрэлхийлэх болжээ.

Нэг талаас нь харвал амьдрал бүр цаанаасаа дэндүү шударга бусаар цогцолсон мэт. Чоно хонийг идэж байхад хонь эргүүлээд түүнийг идэх замаар тооцоо тэгшитгэж чадахгүй. Хонинд идүүлсэн өвс ч бас л амьдралын нэг хэлбэрийн хувьд өшөөгөө авч ядаж, нялх хургаар ч болов гүнцэг барих боломжгүй. Гэтэл эн тэнцэх өрсөлдөгчгүй аварга амьтдыг өчүүхэн шумуул хорлож, нүдэнд үл үзэгдэх нянгууд алаад хаяна. Хэн нэгнийгээ идэхгүй, нөгөөгийнхөө зууш болохгүй амьдралын хэлбэр алга мэт. Дунд сургуульд үздэг “байгаль дахь усны эргэлтийн зураглал” мэт бие биенээ залгисан орчил. Бие биенээ залгих мөртлөө бие биенээ амьдруулан эргэсэн орчил. Амьдрал бол амьдралыг байлгаж байхын тулд бүтээгдсэн зүйл. Хэрвээ хонь чоно хоёр бие биеэ идэж, өвс ямаа хоёр харилцан хөнөөлцвөл шударга ёс тогтох байтугай амьдрал өөрөө зогсох бололтой гэдгийг харсан хүмүүс арай өөр тэгшитгэл хайсан нь лав.

Хүн төрөлхтнийг тэгшитгэх хамгийн анхны санаа Дорноос, Бурхан багшийн сургаалаас эхтэй бололтой. Дорнын мэргэд “хүний оршихуйн эцсийн мөрөөдөл нь аз жаргалтай байх явдал юм бол тэр нь хаана орших вэ” гэдгийг хайсан ажгуу.

Одоо ч ойлгомжтой байгаа нэг зүйл бол аз жаргал өөрөө үүдэх тийм гадаад орчныг эргэн тойрондоо бүрдүүлэх замаар түүнийг бий болгох менежмэнт юм. Хэдийгээр “эд агуурс, эрх мэдэл аз жаргалын жинхэнэ үндэс биш” гэж мянганы тэртээгээс сургасаар ирсэн боловч энэ менежмэнт мянга мянган жил оршсоор ирсэн. Оршсоор ч байгааг бодвоос амьдралын сайн сайхан орчин нь аз жаргалыг ургуулдаггүй юм аа гэхэд унтраадаггүй бололтой.

Гэтэл аз жаргал нь эцсийн дүндээ хүний сэтгэлд бий болдог. Бадран асахын цагтаа ядуу урц, хоосон овоохойд ч дүрэлзэн эзнээ баясгадаг. Балран унтрахын цагтаа бол алт эрдэнэс, эрх мэдэлд бялхавч нэмэргүй үзэгдэл болохыг тэд ажиглажээ. Ингээд аз жаргал ургах гадаад орчин бий болгох гэж зүдрэх нь утгагүй юм байна. Түүний оронд сэтгэлд ургадаг юмыг сэтгэлдээ л ургуулах гэж оролдох нь дээр болохыг сургажээ. Чи хөрөнгө мөнгө, царай зүс, эрх мэдлээр бусадтай тэгшрэх боломж байхгүй. Харин аз жаргалаараа тэгширч болно гэсэн үг. Харамсалтай нь “Эд баялаг аз жаргал авчирдаггүй” гэдэг сургаалыг хүн төрөлхтөн маш буруу ойлгосон юм. Зөвхөн хөрөнгө зоорь цуглуулснаар аз жаргалтай болчихгүй гэсэн санаа нь яван явсаар “хөрөнгө зоорь аз жаргалын дайсан” мэт баримтлал болон хувирчээ. Яг л “Суутнуудын зарим нь шизофренитэй байдаг” гэсэн судалгааны дүн “Шизоотой л байвал суутан мөн” гэсэн төөрөгдөл болоод явчихдаг шиг л юм болж.

Энэ төөрөгдөл дээр дэвэрсэн сэтгэхүй нь “аз жаргалыг хүчээр бусдад бий болгох аргагүй” гэдэг санааг огтхон ч авч үзээгүй юм. Ер нь “Аз жаргалыг бэлэглэх” хэмээх сэтгэл татам үг сонсоход сайхан ч бусдыг өөрөө хүчээр дурлуулахтай агаар нэг, ихээхэн бодож үзүүштэй санаа байдаг.

Чухам энэ санаан дээр ХХ зууны коммунист ертөнц бүрэлдэн тогтсон билээ. Тэгш бус амьдарч байгаа хүн төрөлхтний амьдралын түвшинг жигдлэн, нийтээр нь аз жаргалтай болгох аугаа санаанаас коммунизмын үзэл суртал эхтэй. Хэрвээ уншиж үзсэн бол К.Маркс, Ф.Энгельс нарын “Коммунист намын тунхаг” (1848) бол сэтгэл татам яруу нийтлэл билээ.

Нэгэнт бүх нийтийг баян болгох боломж одоохондоо байхгүйгээс хойш эхний ээлжинд баячуудын хөрөнгийг ядуу зүдүү хэсэгт хуваан жигдэлнэ. Ерөөсөө ч дэлхий дээр байгаа хэмжээ хязгаартай жаахан хөрөнгийн ихэнх нь капиталистуудад ногдож байгаа учраас үлдсэн хэсэг нь ядуу байгаа юм. Тэр хөрөнгийг хурааж аваад тараах биш юмаа, нийтийн өмч болгочихоор л асуудал шийдэгдэнэ.

Харин хөрөнгөтнүүд өмчөө зүгээр өгөхгүй учраас хүчээр булаахаас өөр аргагүй. Иймд хувьсгалт хүчирхийлэл зайлшгүй. Өмчийг бүх нийтэд өгөхгүй, өгүүлэхгүй гэсэн санаа бодол бол хүн төрөлхтнийг жигд жаргаахын эсрэг үзэл мөн болж таарна. Иймээс хөрөнгөтнүүд болон тэдэнтэй санаа нэгтнүүд бол хүн төрөлхтний аз жаргалын тэгшитгэлийн дайсан ажгуу. Үүнийг манайд “ардын дайсан” гэж тодорхойлж байсан. Аз жаргалыг хүчээр тулган нийгэмчилсэн коммунист туршилтын үр дүнд бүх нийтээрээ цэнгэлд умбаад зогсохгүй, өглөө үйлдвэрийн суурь машин дээр боолт зорчихоод, орой нь гэртээ сууж театрын шүүмж бичдэг супер хүнээс бүрдсэн ертөнц бүтээнэ хэмээн уг сургаалыг үндэслэгчид найдаж байсан юм.

Нийгэм улс төрийн үзэл санааны хувьд өнөөгийнхөөс балчир явсан хүн төрөлхтөнд энэ үзэл санаа маш их таалагдсан. Гэвч төлбөр нь 200-гаад сая хүний амиар хийгдсэн ба “аз жаргалыг нийгэмчилж бас хүчээр тулгаж болохгүй” гэсэн сургамж үлдээжээ. Дашрамд сонирхуулахад аз жаргалыг өмч хөрөнгө, мал сүргийн нэгэн адил нийгэмчилсэн энэ тогтцод “Бусдаасаа илүү жаргахыг зөвшөөрөхгүй бусдаасаа дутуу жаргалтай байхыг ч бас хориглоно” гэсэн зарчимтай байлаа.

Харин нийгмийн хөгжлийн жам ёсны тогтоц хэмээгдэх капитализмаар замнагсад “аз жаргалаар тэгшитгэхийн оронд аз жаргалдаа хүрэх боломжоор тэгшитгэх нь дээр юм байна” гэсэн ойлголтод хүрчээ.

Ер нь Дорнын мэргэдийн санаа бол аз жаргалыг нь бусдаас хүчээр булааж болохгүй бас бусдад хүчээр тулгаж болохгүй. Аз жаргалд хүрэхийн тулд хөрөнгө зоорь цуглуулах, эрх мэдэл өөд тэмүүлэх нь зөв зам биш. Бас аз жаргалтай байхын тулд зориуд ядуурах, нийгмийн ёроолд очих шаардлага байхгүй. Харин аз жаргалаа эдгээрээс хамааралгүй болго. Ингэхийн тулд аз жаргалын хөрс болсон сэтгэл санаагаа төгс сайхан байлга гэсэн утгыг агуулдаг бололтой.

ХОЁР. ӨӨРӨӨ АРДЧИЛАГДАХ АЗ ЖАРГАЛ

Хүн төрөлхтөн эд хөрөнгө, эрх чөлөөгөөр, боломжоор тэгшрэхийн төлөө, асар их өртөгтэй, урт замналтай хичээлүүдийг даван туулж явахдаа нэг зүйлийг бараг анзаарсангүй. Анзаараагүй ч юу байхав, хожуухан олж анзаарсан хэрэг.

Энэ нь амьдрал өөрөө, хөгжлийнхөө явцад, хүний билиг чадамжийг хэзээ ч байгаагүйгээр жигдрүүлж байгаа явдал юм. Орчин цагийн технологийн түвшин хүн төрөлхтний мэдээлэл авах боломжийг эхлээд ардчиллаа. Мэдээлэл ардчилагдсанаар санах сэдэх боломж тэгширлээ. Чухам үүнийг илтгэсэн “дижитал ардчилал” гэхчилэнгийн үгс гарсан юм.

Дээр нь хүн төрөлхтний өөрийгөө илэрхийлэх, түүнээсээ таашаал авах арга замууд нийгэмчлэгдсээр байна. Наад захын жишээ гэрэл зургийн урлаг байна. Мэдээж энэ бол урлаг учраас авьяас хэрэгтэй. Гэтэл авьяастай эсэхээ шалгах боломж тэр бүрий гардаггүй байсан. Зургийн сайн аппаратын оосорт энэ чиглэлээр мэргэшсэн, эсвэл хөрөнгө мөнгөтэй хүн л хүрч чаддаг байв. Гэтэл өнөөдөр зөвхөн гар утастай сая сая хүн фотогоор өөрийгөө сорих боломж олж байх жишээний.

Дээр нь зураг зурах авьяас билгийг нээх, арга техникийг хөнгөвчлөх өчнөөн “апп”-ууд гар утас, комьпютерээр дүүрэн. Зураач найзын маань хэлж байгаагаар “Хүн төрөлхтөн нийтдээ гарын дүйтэй болж байгаа” гэнэ. Нэгэн үе гоц авьяасын тоонд ордог асан юмыг яг дуурайлган хийх, зурах нь захын хүний хэрэг болж харин юмс үзэгдлийг ер бусын өнцгөөс нь харж, мэдрэмжээ илэрхийлэх нь уран чадварын асуудал болжээ.

Зөвхөн техник хэрэглэлийн хувьд ч биш. Жишээлэхэд бүжиглэх, дуулах нь хөдөлгөөний эвсэл, уран хоолой нэхсэн цэнгэл байхаа нэгэнт больж, манайд “манго” хэмээх нэрээр анх дэлгэрсэн чөлөөт бүжиг, хип хоп хэмээх ярьдаг дуу хүртэл гарчээ. Дуу, бүжиг ардчилагдан нийтийн хүртээл болж байгаа явдал биш гэж хэн мэтгэх билээ?

Хэл яриа, бичиг үсэг нь харилцааны хэрэгсэл төдийгүй хувь хүн өөрийгөө илэрхийлэх арга ардчилагдаж эхэлсний гэрч байсан юм. Энэ ардчилал улам гүнзгийрсээр. Олон түмэнд санаа бодлоо таниулах, төрсөн сэтгэгдлээ хуваалцах боломж улстөрч, сэтгүүлчдэд л түлхүү олдож байсан бол фэйсбүүк, твиттерээр дамжаад ардчилагдав. Ажил дээрээ дуугарч чаддаггүй, гэрийнхэн нь тоож үгийг нь сонсдоггүй нэгэн ч гэсэн энэ сүлжээгээр дуртайгаа ярьж, хүссэнээ зад загнан сэтгэлийн таашаал эдэлж болж байна.

Төрийн эрх баригчид олдсон эрх мэдлээрээ дамжуулан ард түмнийг удирдана, харин сонгуулийн системээр дамжуулан олон түмэн тэднийг удирдана. Энэ тогтоц газар газар янз бүр, үр дүн ондоо ондоо байгаа ч хандлага нь ийм л юм. Яг ийм дүр зураг хэрэглэгч, үйлдвэрлэгч нар дээр ч харагдана. Жишээлэхэд, Самсунг корпорациас гар утас барьдаг хүмүүсийн хувь заяа хамаардаг уу, гар утас барьдаг хүмүүсээс Самсунгийн хувь заяа хамаардаг уу гэсэн асуулт шиг.

Ингээд нэг л мэдэхэд “аз жаргалыг нийгэмчлэх үзэлтэн”-үүдийн зүүдэнд ч ороогүй тийм байдлаар аз жаргал өөрөө ардчилагдан бүх нийтийн үйл хэрэг болсоор байна.

Аз жаргалын ардчиллыг илүү ойлгомжтой болгохын тулд бяцхан тайлбар бодож олцгооё. Аз жаргалыг үүсгэгчийг тодорхойлох хэцүү. Ингэхийн оронд “юу биднийг аз жаргалгүй болгодог вэ” гэсэн асуултын хариуг эрэлхийлэх арай хялбар. Гэхдээ үхэл, хагацал зэрэг амьдралын зайлшгүй талыг энд хөндөх нь утгагүй. Ингээд “сэтгэл дундуур байдал” буюу бусдаасаа ямар нэгэн юмаар хоцорч байгаа тухай сэтгэгдэл л хүнийг аз жаргалгүй болгодог гэж томъёолж болно. Хүн төрөлхтний өнөөгийн хөгжлийн түвшин, боломжоороо тэгширч, хавтгай болж байгаа орчлон хувь хүнийг “ямар нэгэн юмаар бусдаас хоцрох” зовлонг үлэмж нимгэлж байгаа юм.

Анагаах ухаан хөгжихийн хэрээр аз жаргалыг дийлдэшгүй бөхөөгч нь өвчин эмгэг байхаа улам бүр больж байна. Өвөг дээдэс “Сайн явах санааных, сайхан төрөх заяаных” хэмээн сургасан. Гэтэл “сайхан төрөх заяаных биш” болохыг косметик хагалгаа нотолж эхлэв. Харин сайн явах буюу аз жаргалтай байх нь санаа сэтгэлтэй үнэхээр холбоотой хэвээр ажгуу.

Магадгүй ийм гайхамшгийн хөдөлгүүр нь хүмүүний амьдралын төгс бус шинжүүд өөрөө байж ч болох юм. Амьдралыг оршин тогтнуулахын тулд амьдрал өөрөө тэгш бус зохилдлогоотой байдаг шиг аз жаргалыг тэгш дүүрэн болгохын төлөөнөө хүмүүний амьдрал тэгш бус болсон ч юм бил үү?