Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын заан Дасрангийн Мягмар: Цагаан сарын барилдаанд анх зодоглосон жилээ Дамдин аваргатай таарч байлаа

Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмартай ярилцлаа. Тэрээр улсын наадамд арваннэгэн удаа шөвгөрсөн манлай заануудын нэг юм.

-Сар шинийн босгон дээр уулзаж буйн хувьд цагаан сарын бөхийн талаар яриагаа эхлэх гэсэн юм. Та сар шинийн барилдаанд хэдэн онд анх зодоглож байсан бол?

-Цагаан сарын бөхийг багадаа хөдөө радиогоор сонсоно. Тэр үед зурагт гэж ямар байсан биш. Хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай бөхчүүдийг овог нэр аймагтай сумтай нь гайхалтай гоё тайлбарладаг байлаа. Бөх болох юмсан гэх хүсэлдээ хөтлөгдөж явсан надад хэзээ нэг Улаанбаатар хотод очиж, нутаг усаа дуудуулан барилдах бол гэж бодогддог байлаа. Ингээд аравдугаар анги төгссөн жилээ Улаанбаатар хотод оюутан болж ирээд анх цагаан сарын барилдаанд зодоглож байсан юм. Тэр чинь жаран найман он. Би тэгэхэд аймгийн заан цолтой байлаа. Би чинь есдүгээр ангийн хүүхэд байхдаа аймгийнхаа наадамд үзүүрлэж байсан. Хөдөө гэртээ үргэлж радиогоор сонсч, аваргуудын цолыг дуудахад ёстой л нөгөө өөрийгөө цоллуулсан юм шиг дэвж шавж, тэр мундгуудтай барилдах юмсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан хүн чинь хотод ирээд цагаан сарын барилдаандаа зодоглоход урьд орой нь нойр хүрээгүй. Сэтгэл догдлоод тэр л дээ. Янз бүрийн л юм бодогдож байлаа. Нутаг усныхаа нэрийг дуудуулж гарчихаад нэг даваад чимээгүй болчих вий гэдэг ч юм уу. Харин аз болоход гурав давчихсан шүү.

-Ямар бөхчүүдийг хаяад гурав давчихав?

-Хоёрын даваанд Өвөрхангайн С.Цэдэвсүрэн начинг, гурвын даваанд Архангайн Хотонтын “Том” хэмээх улсын арслан Д.Жамц гуайг унагачихдаг юм. Дөрвийн даваанд Д.Дамдин аваргад амлуулж барилдаад өвдөг шороодсон. Их л сэтгэл өндөр байсан санагдана. Мөн улсын аварга, арслангуудыг хараад жигтэйхэн сүрдэж байгаа хэрэг. Ховд нутагтаа баруун таван аймгийн бөхчүүдтэй барилдаж явснаас тэр бүр улсын цолтой бөхтэй барилдаж байсангүй. Ингэхэд Улаанбаатар хотыг зорьж ус нутгаасаа мордохдоо нутгийнхандаа хоёр зүйлийг захиж байлаа. “Та нар радио сайн сонсч байгаарай. Би хотод очоод шууд улсын начин болно. Мөн спартакиадын аварга болно” гээд ам гарчихлаа. Тэр жил “Пионер сурагчдын анхдугаар спартакиад” болсон. Баруун таван аймгийн бүсчилсэн наадам манай аймагт зохиогдож, би чөлөөт бөхийн 75 кг-ын жинд алтан медаль хүртээд байв. Спартакиадын улсын аварга долдугаар сарын тавнаас наймныг дуустал болно. Энэ барилдаанд жиндээ түрүүлнэ, залгуулаад болох наадамд улсын цол хүртэнэ гэж санаад тийн ам гарчихгүй юу. Спартакиадын барилдаанд өөрийнхөө жинд түрүүлж алтан медаль энгэртээ зүүлээ. “Та нар сонссон биз. Би сая алтан медаль авчихлаа. Одоо наадмаар начин цол хүртэнэ. Радиогоо сайн сонсоно шүү” гээд дахиад хөдөө рүү ярихдаа хэлээд авлаа.

-Тэгээд тэр жилээ начин болж чадав уу?

-Яаж чадах вэ дээ (инээв). Хоёр давчихаад байж байтал гурвын даваанд Баянхонгорын улсын начин Ч.Баасанхүү амлалаа гэж дуулдав. Би аравдугаар ангид байхдаа улсын цолтой бөх хаяж үзэж байсан хүн л дээ. Увсын Тэсийн “Улаан гуталт” хэмээх Миеэгийн Цэрэндорж начинг Баян-Өлгий аймагт болсон барилдаанд тохиолдлоор хаячихсан. Ингээд гурвын даваанд Ч.Баасанхүү начинд өвдөг шороодлоо. Бараг л би яагаад уначихав гэж бодсон байлгүй. Өнөө начин цол байдаггүй. Маргааш нь морин тойруулгад болсон уяачдын баярт зодоглолоо. Эхний даваанд нэг их айхтар дэгээ ороодог цэрэгтэй таарчихдаг юм. Өнөө нөхөр салдаггүй дээ. Арайхийж хаяад байтал хоёрын даваанд Булганы “Задгай шар” хэмээх аймгийн арслан Н.Лхагвадоржтой таараад унасан. Энэ бөх улсын наадамд олон удаа дөрөв давсан байдаг. Начин байтугай зааны эрэмбэтэй бөх байлаа. Орой нь таван цагт Спортын төв ордонд барилдаан болоход уяачдын баярт таарсан цэрэгтэйгээ дахиад таарчихдаг юм. Бас л арайхийж хаяад сууж байтал улсын засуулч Ш.Лхүгдэв гуай ирээд “Чи нөгөө Ховдоос ирсэн хүү юү. Сайн бөхтэй нэг өдөр хоёр таарч барилдаад орхилоо доо. Наад чинь Булганы “дэгээ” Батчулуун гэдэг хүн шүү дээ” гэдэг юм. Ингээд энэ барилдааны хоёрын даваанд С.Цэрэн аваргатай таарсан. Аварга золгуутаа л ганц гараараа салтаадаж өргөөд шалан дээр тас гэдрэгээ харуулаад хаячихдаг юм. Урьд өмнө нь тийм бяртай хүнтэй барилдаж байсангүй. Бараг тийм бяртай бөх байдаг эсэхийг ч мэддэггүй явсан биз. “Улсын аварга цолтой бөх ийм л аугаа байдаг юм байна. Намайг чинь ганц гараараа тавагтай идээ хүнд өгч байгаа юм шиг өргөөд явчихлаа” гэж бодоод хоцорч билээ. Дараахан нь болсон заалны барилдаанд Х.Баянмөнх аваргатай таарч суугаад хөл авахаар нь зөрүүлж хутгаад ууцаар нь тэвэрч гараа чагтлаад барьчихлаа. Нэг сэртэл Ш.Лхүгдэв гуай Баянаа аварга хоёр намайг сэгсэрч байдаг юм. Би ухаан алдчихгүй юу. Тэр их бяртай хүн намайг бүтэн эргүүлээд нугасаар минь хаячихсан байгаа юм. “Улсын цолтой бөхчүүд гэдэг чинь хүн алах амьтад байна. Бид эд нартай эн зэрэгцэж барилдана гэдэг худлаа юм байна. Мөрөөрөө сургууль соёлоо дүүргээд аав ээжийнхээ дэргэд амьд мэнд очъё” гэж бодоод бүтэн хоёр сар барилдаагүй юмдаг.

-Таныг анх зодоглосон 1968 оны сар шинийн барилдаанд ямар бөх түрүүлсэн бол?

-Яг хэн түрүүлснийг сайн санахгүй байна. Д.Дамдин аварга, хоёр Мөнх яг ид гарч ирж байсан үе. Магадгүй Х.Баянмөнх аварга түрүүлсэн байх. Яагаад гэвэл тэр жилийнх нь наадамд Баянаа анх удаагаа түрүүлж, аварга цол хүртэж байсан. 1963-1967 оны улсын наадамд Ж.Мөнхбат тав дараалан түрүүлж Д.Дамдин аваргын амжилтыг давтаж байлаа. Тухайн цагт Баянаа, Мөөеө хоёр ижилгүй байсан даа. Хоорондоо яаж барилдах вэ гэдгээ л бодож явахаас бусад бөхчүүдийг огт авч хэлэлцэхгүй. Ер нь жараад оны сүүл үеэс наяад он хүртэлх энэ зурвасхан үед монгол бөхийн нэгэн үеийн алдар цуутнууд хоорондоо ид барилдаж байлаа. Д.Дамдин аварга хариагүй, хоёр Мөнх ид, С.Цэрэн, Ч.Бээжин аваргууд лут байсан үе л дээ. Г.Дэмүүл, Ө.Эрдэнэ-Очир, У.Мижиддорж, Л.Сосорбарам, “Тэмээ өргөдөг” Б.Жамьяандорж, Ж.Хайдав, П.Дагвасүрэн гэх аваргын дайны арслангууд энэ хэдийг залгаад Цэрэнтогтох, Д.Хадбаатар, М.Мөнгөн нар гарч ирсэн дээ. Үргэлж хоорондоо тунана. Үнэхээр халгамаар байсан. Намайг хүмүүс заан болно гэж ярьдаг байлаа. Зарим үед бараг итгэмээргүй л санагддаг байсан. Энэ хэдийгээ бүгдийг нь хаяж байж долоо даван дөрөвт үлдэнэ. Би чинь таван удаа зургаа давж их шөвгийн наймд үлдсэн хүн. Энэ үед надад “Шөвгийн наймд бол үлдэж болох юм байна. Харин дөрөвт үлдэх боломжгүй юм байна” гэх бодол төрж байв. Харин 1978 онд аз таарч долоо даван заан хэмээх эрхэм цолд хүрсэн дээ.

-Та чинь 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор начин болсон байх аа?

-Тэгсэн. Өмнөх жил нь тавын даваанд Д.Долгорсүрэн зааныг начин цолтой байхад нь тунаж барилдаад өвдөг шороодсон. Уул нь тэр жил намайг Ш.Батсуурь аварга начин болгоно гэж хэлсэн юм. Би аваргыг зүс мэдэхээс танихгүй. Гурав давчихаад байж байтал “Би танай аймгаас цол хүртэж бөхийн гараагаа эхэлсэн. Танай нутгаас сайн бөх төрөхгүй удаж байна. Харин цаашдаа сайн барилдах нэг залуу гарч ирлээ гэж баярлаж байна. Ах нь чамайг начин болгоно. Харин чи дөрөв давахаа л бодоорой” гэдэг юм.

Өмнөговийн морьт О.Пүрэвээр дөрөв даваад явж байхдаа ингээд нэг начин цолны үзүүр дээрээс атгаж авдаг байж дээ гэж бодон учиргүй баярлаад. Тэгтэл тавын давааны өмнө Ш.Батсуурь аварга ирээд “За миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь чамайг авъя гэж бодсон боловч манай Говь-Алтайн Ч.Амартүвшин гэж хүү дөрөв давчихаж. Чи начин байтуйгай барилдах хүн шүү” гэж хэлээд явчив. Ингэж Д.Долгорсүрэнтэй тунаж барилдаад унасан. Харин 1971 онд Архангайн Ж.Чойжилсүрэн арслангаар тав давж начин цолд хүрсэн. Чойжоо арслан намайг амлах тухайгаа мэдээж хэлэхгүй шүү дээ. Дараа нь бөхчүүдийн амнаас сонсоход Ж.Чойжилсүрэн гуай тэр жил өөрийнхөө нутгийн Л.Ринчендоржийг начин болгох бодолтой байсан юм билээ. Дөрвийн даваанд би өнөө Ринчендоржтой нь тунаж барилдаад хаячихсан. Тэгээд л намайг авсан байх.

-Тавын даваанд Д.Долгорсүрэн зааныг үнэхээр бараагүй юу?

-Бараагүй болоод л унасан хэрэг. Д.Долгорсүрэн ч лут амьтан байсан шүү дээ. Мөн Булганы Ч.Лундаа, Д.Галдандагва гээд аварга болчихсон байхад гайхахааргүй мөн ч сайхан амьтад байж дээ.

-Та есдүгээр ангидаа аймгийнхаа наадамд үзүүрлэж байсан гэж байна. Тэгэхээр багын их биерхүү, бяртай байж?

-Ангидаа бие хаагаар хамгийн том нь байлаа. Манай аав их бяртай хүн байсан. Ангийн банди нар надтай цувж барилдаад бүгд унана. Би чинь хүнтэй ноцолдохын бөөн хүслэн. Манай ах халаасанд багтдаг жижиг шатар авчирч өглөө. Ангийнхаа хүүхдүүдэд надтай барилдаад зөвхөн гарыг минь газарт хүргэсэн хүнд би энэ шатрыг өгнө гэж хэлээд хүртэл барилдаж байлаа.

-Шатар авах хүн гарав уу?

-Яаж байх вэ. Тэднийг би үзэхгүй хаяна. Наймдугаар ангиасаа аймгийнхаа бөхчүүдтэй барилдаад эхэлчихсэн хүнд чинь арван жилийн хүүхдүүд юу болох вэ. Арван жилд байхдаа “танк” гэсэн хочтой. Тухайн үеийн дурсамжийн дэвтэр дээр маань “тааяа”-даа гэж бичээд манай ангийнхан сэтгэгдлээ үлдээсэн. Хожим хүүхдүүд маань үзчихээд “Тааяа гэж юү гэсэн үг юм” хэмээн асууж байлаа. Тэр нь “танк”-даа л гэсэн үг байхгүй юу (инээв).

Би 1991 онд аварга Д.Хадбаатараар тав, шинэ начин Х.Амраагаар зургаа давж 43 насандаа их шөвөгт үлдэж байлаа. Түүнээс хойш дөрөв, таван жил барилдаад болчихсон. Гурвын давааны ам угтуулд уналгүй байгаа дээрээ больё гэж бодоод. Түүнээс гарч барилдаад байвал барилдаад л байна. Гарах нэг өөр, барилдах нэг өөр.

-Та олон бөх цолонд хүргэсэн үү?

-Ч.Бямбадорж, Р.Даваадалай, Т.Бат-Эрдэнэ зэрэг нутгийнхаа хэдэн бөхчүүдийг дэмжиж улсын цолонд хүргэсэн. Түүнээс найраанд орж одоогийн энэ дуулдаад байгаа үнэн худал яриа шиг мөнгө төгрөгтэй холбоотой зүйл байсангүй дээ.

-Цагаан сарын барилдаанд цол олгодоггүй болохоор буулт ч юм уу, ямар нэгэн байдлаар найраа ордоггүй гэдэг. Та ч энэ тухай хэлдэг. Гэтэл тэр жил Б.Бат-Эрдэнэ аварга, тухайн үед ид барилдаж байсан Өсөхөө, Сумъяабазар нарын залуу аваргуудыг дараалуулан хаяж түрүүлж байсан. Энэ тухай танаас асуумаар санагдлаа?

-Б.Бат-Эрдэнэ аварга өөрийнхөө үеийнхнээс хамгийн удаан, хамгийн дээгүүр амжилттай барилдсан энгүй хүчит бөх. Тэр жилийн сар шинийн барилдаанд нэг зүйл болсон юм. Юу вэ гэвэл, Г.Өсөхбаяр аваргын хуруу гэмтэлтэй байсан. Тийм болохоор цаашид барилдах боломжгүй. Ингээд аваргаас “Та намайг дөрөвт авчих. Би элдэв бусын хүнд унамааргүй байна” гэж хэлсэн байдаг. Энэ үгийнх нь дагуу аварга авчихсан. Үзүүр түрүүнд Д.Сумъяабазартай үлдсэн. Сумъяаг өмнө нь аварга улсын наадмаар шөвгийн дөрөвт хоёр ч удаа аван тунаанаас гаргаж, давааг нь ахиулж байсан. Тэгэхээр Сумъяа “Энэ хүн бөхийнхөө хувьд ахмад. Тэгэхээр би нэг их өмнөөс нь дайраад яахав. Тэртэй тэргүй цол авах биш” гээд унаад өгөхгүй юу. Үндсэндээ өмнө нь наадмаар авч давааг нь ахиулж байсан ачийг нь ч бодоод барилдаан гаргалгүй уначихсан. Ингээд ард түмэнд буруу ойлголт төрчихсөн. Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ аваргатай үнэн хүчээрээ барилдчих хэрэгтэй байсан юм. Тэр талаар би өмнө нь хэвлэлд ярьж байсан. Тухайн цагт бөхийн хэллэгээр бол аварга хариагүй байсан. Түүнээ тэр жилийнх нь наадмаар шилдэг залуу бөхчүүдээр найм давж их шөвөгт шалгаран баталж байсан.

-Энэ жилийн сар шинийн бөхийн барилдаан ямар болох бол, Та хэнийг түрүүлнэ гэж бодож байна?

-Мөөеө, Баянаа, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нар шиг тасраад гараад ирэх бөх одоогоор харагдахгүй байна. Гэхдээ залуучууд ширүүн байгаа. Саяхан “Оны шилдэг найман бөх” тодорсон. Мэдээж тэр хэдээс дээшээ гарч ирж барилдах байх. Мөн аймаг, цэргийн цолтой бөхчүүд шуугиулахыг үгүй гэх газаргүй. Энэ жилийн цагаан сарын бөхийн барилдаан үзэж харах зүйлтэй сайхан болох нь мэдээж.

Categories
мэдээ цаг-үе

Намдавын Дагвадорж: Дамдинсүрэн, Ринчен гээд Монголын сор болсон эрдэмтдээр хичээл заалгаж явжээ

Зураг дээр зүүн гараас Ц.Чинбат,
Н.Дагвадорж, Б.Цэрэнжамц нар

Он он жилээр Булган хангайнхаа тэнгэр дор сууж, бүтээлээ туурвиж буй буурал багш Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Намдавын Дагвадоржтой хөөрөлдсөнөө хүргэе.

-Булган нутгаас авьяас билигт олон хүн төрсөн. Тэр бүгдэд та шүлэг найраг, элгэн халуун сэтгэлээрээ нөлөөлж, ихэнх найрагчдын номыг өлгийдөн, өврөөсөө шувуу шиг нисгэсэн байх юм. Та бол Явуу, Эрдэнэ, Гайтаваас цөөхөн дүү, Түдэв, Дашдооров, Нямдорж, Чойном нартай үе чацуутан. Тэгэхээр эртний хүн болж таарах нь?

-Миний бие 1936 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хужиртбулангийн Сондуул гэдэг газар төрсөн юм. Байгалийн үзэмж төгөлдөр, хүмүүс аж төрөн амьдрахад зориулагдсан юм шиг тийм сайхан хангай. Ус нутгийнхан маань Дугариг, Сондуул, Хадлан жирээ гэдэг газруудад өвөлжөөд, Сэлэнгэ мөрнийхөө хойно Хайлааст, Аяган жирээ, Өрөлт, Мухар булгаар зусна даа. “Өрөлт Сэлэнгэ-миний нутаг” гэж Ширчинсүрэн найрагчийн шүлэг байдаг. Хөвсгөлийн Тариалан, Хутаг-Өндөр хоёр залгаа юм. Дунд нь Намнан гэж сайхан уул бий. Ширчинсүрэн бид бол Сэлэнгийн хөвөө салаануудад төрж өссөн хүмүүс. 1945 онд Хутаг-Өндөрийн бага сургуульд орсон. Би чинь хүний ганц хүү шүү дээ. Манай аав монгол бичиг мэддэг хүн байв. Айл саахалтынхан манайд цуглаад Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг оройдоо сонсдог байлаа. Аавын ярьдаг үлгэр домог сэтгэлд их тод үлджээ. Дөчин есөн онд Хутаг-Өндөрийн бага сургуулийг төгссөн. Сургуулийн захирал Ширнэн одоо сэрүүн тунгалаг Орхон суманд амьдарч байна. Дөрөвдүгээр анги төгсөөд Булганы төвийн арван жилийн дунд сургуульд ирсэн.

-Булганы төвийн сургууль арван жилийн сургалттай байв уу?

-1949-1950 оны хичээлийн жил Булганы төвийн долоон жилийн сургууль арван жилийн сургууль болж байсан түүхтэй. Ёндонгийн Бадам, философийн Дорж, Жамбаажамц, хэл уран зохиолын Долгорын Чойжил гээд сайхан багш нар байлаа. Чойжил багш маань намайг шүлэг зохиолд анх дурлуулсан хүн. Харин наймдугаар ангид орох жил Улсын их сургууль төгссөн хоёр багш Булганд ирсэн. Гомбонэрэнгийн Мэндсайхан сүүлд Гэгээрлийн яамны орлогч сайд болсон. Их сургуулийн математикийн анги төгссөн, Дорнодын Тамсагбулагийн хүн. Ерөнхий сайд байсан Энхсайханы аав шүү дээ. Нөгөө нэг нь А.Самдан гэж физикийн багш бас ирсэн юм. Тэр хоёр багш Булган хангайд соёл гээчийг түгээсэн буянтнууд. Ухаандаа, тэдний тэшүүр нь жигтэйхэн гоё. Одоогийн ботинктой тэшүүр байхгүй юу. Бид бол хөрөөний төмрийг хугалж эсгий гуталд хүлээд гулгадаг байсан үе. Наймдугаар ангиас Мэндсайхан багш манай ангийг дааж аваад хоёр жил багшилж байтал хотоос дуудсан. Тэгээд Политехникийн сургуулийн захирал болж байлаа. Самдан багш бас л дуудагдаж, хотын гэгээрлийн хэлтсийн дарга болсон юм даг.

-Их сургуулийн босго алхсан үеэ дурсахгүй юу. Таныг агуу их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн гарын шавь нарын нэг явсан гэдэг дээ?

-Намайг аравдугаар анги төгсөхөд Москва руу сургуульд хуваариллаа. Гэвч тэр үед аав минь хэрэгт холбогдож, хоригдоод ижий минь ганцаараа үлдсэн хэцүү үе тохиосон юм. Ингээд би Москвагийн сургуулийн хуваариас татгалзаж, Улсын их сургуулийн хэл, уран зохиолын ангийг сонгосон. Тус ангийг сонгож, зохиолч болно хэмээн тэмүүлэхэд гол нөлөө үзүүлсэн хүн бол Содовын Жамсранжав багш. Тэрээр уран зохиол судлаач төрийн шагналт Дамдинсүрэнгийн Цэнд, доктор Сономын Лувсанвандан нартай их сургуулийн нэг анги байсан юм билээ.

Тавин таван онд их сургуулийн босго алхахад маш баяртай нэг зүйл тохиосон. Тэр нь юу вэ гэхээр төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн Монголын зохиолчдын хорооны дарга байж байгаад Төв хорооны тогтоол эсэргүүцсэн хэргээр ажлаасаа халагдаж, их сургуулийн багшаар ирсэн байв.

-Ингээд та Дамдинсүрэн гуайн шавь болсон хэрэг үү?

-Тийм л аз тохиосон юм. Их сургуульд багш болонгуутаа бүр манай ангийн багш болдог юм. Да багш Их сургуульд ердөө дөрвөн жил л багшилсан. Биднийг нэгдүгээр ангид ороход дааж аваад, дөрөвдүгээр анги төгсөхөд Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар томилогдоод явчихсан. Багш биднийг хариуцан ажиллаж байхдаа Ардын их хурлын тэргүүлэгч болж, Сүхбаатарын одонгоор шагнуулж байсан түүхтэй. Энх тайвны их хуралд байнга явна. Гэвч биднээс хараа салгана гэж үгүй. Эртний уран зохиолын хичээл голдуухан заадаг байв. Амьдралд хэрэг болохоор сургамжтай зүйлийн талаар хэлж, аминчхан ханддаг байсан сан. Одоо эргээд санах нь ээ, үнэхээр эрдэм оюунд нэвтэрсэн хүн байжээ. Би багшийгаа дагаад гэрт нь их очно. Их сургуулийн хажууханд. Гэргий нь орос хүн. Зан ааш их сайхантай хүн байсан. Анна Цендина гэж охин нь төрөөд удаагүй байсан. Багш гадаад явах бүртээ өөртөө шляп малгай авч ирнэ. Дэгжирхэж байгаа нь тэр байх. Их сургуулийн өлгүүрээс хоёр ч малгайгаа алдсан гэж өөрөө хэлдэг сэн. Да багштай тухайн үед их ойр Шанжмятавын Гаадамба багш байсан. Ёстой амь насаараа дэнчин тавьж багшийг минь хамгаалж байсан хүн. Га багш утга зохиолын онол, Бямбын Ринчен багш харшуулсан хэлний зүйн хичээл ордог байлаа. Монголын хэл шинжлэлд тэнгэр хурмастаас заяагдсан гэж хэлж болохоор нэрт эрдэмтэн Шадавын Лувсанвандан багшаар мөн хичээл заалгаж явжээ. Ингээд бодохоор би гэдэг молхи амьтан Монголын сор болсон эрдэмтдийн ном, лекцийг сонсож явжээ. Даваасамбуугийн Дашдорж гэж Багшийн сургуулийн хэл уран зохиолын багш мундаг хүн байлаа. Бид нэг ангийн хүүхдүүд юм. Дашдорждоо “Монголын аугаа их эрдэмтдээр хичээл заалгасан, бид азтай хүмүүс шүү” гэж хэлдэг байлаа. Шинжлэх ухааны доктор Жавзангийн Цолоо, зохиолч Гүрренчин, Монголын радиогийн сурвалжлагч байсан Архангайн Батсуурийн Халтар гээд ангийн нөхөд байна. Биднийг дөрөвдүгээр курсэд байхад нэгдүгээр ангид хэдэн авьяастай хүүхэд орж ирсэн нь Шаравын Сүрэнжав, Дожоогийн Цэдэв, Жамбын Дашдондог энэ хэд. Дугуйланг хариуцдаг хүн нь Га багш. Дамдинсүрэн багш, Ринчен гуай нартай уулзуулна. Дугуйланд авьяасаараа гайхагдаж байсан нь Галсангийн Жамъян, Тангадын Галсан хоёр юм. Жамьян “Халхын талд” хэмээх шүлэглэсэн роман бичнэ гэж хүртэл гайхуулдаг байлаа. Мөн хэлний авьяас билигтэй эрдэмтэй айхтар хэдэн оюутан байсны нэг нь академич, төрийн шагналт нэрт эрдэмтэн Далантайн Цэрэнсодном. Домийн Төмөртогоо гэх нэртэй академич ч тэр үед оюутан байсан.

-Хэдэн онд их сургууль дүүргэсэн бэ. Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлсэн бол?

-Төгсөх үеэр их сургуульдаа үлдээд багшил гэсэн санал ирлээ. Би болохоор хөдөө явна гээд Булган руугаа зүтгээд байдаг. Тэгтэл Гэгээрлийн яамны Энхийн Бадарч гэж хүн “Их сургуульд багшил гэхэд үгүй гэж хэлдэг хүн чамаас өөр байна уу. За яахав, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарина гэдэг чинь зөв байх. Гэхдээ чамайг Булган руу явуулахгүй. Хөвсгөл явуулна” гэдэг юм. Тэгээд ижий ааваа дагуулаад Хөвсгөлийн Мөрөнд очсон. Тэндээсээ Хатгал руу явлаа. Хоёр жил болж байтал хөдөлмөрийн баатар Дашцэдэн багшийн гарын үсэгтэй “Хотод яаралтай ир” гэсэн захидал дээд боловсролын хорооны Санжмятаваар очдог юм. Гэвч би хотын хүн болоогүй ээ. Хатгалд байхдаа Бадамын Базарханд гэж насны ханьтайгаа учирсан. Хөгшин маань Их сургуулийн орос хэлний ангийг төгсөөд 42 жил орос хэл заасан хүн.

-Зохиолчдын тухай дурсамжаасаа ярихгүй юу. Та утгын их мэргэдийг бүгдийг нь таньж мэдэх хүн?

-Одоогоос жаран жилийн өмнө буюу 1955 оны хавар Дэндэвийн Пүрэвдоржтой анх уулзаж байлаа. Хөвсгөл, Булганаар явж байхад нь таарсан хэрэг. Пүрэвдорж тэр үед 22 настай Дуурийн театрт зохиолч, редактороор ажиллаж байсан үе. Эргэлдсэн алаг нүдтэй гоё залуу, мөн ч хийморьтой харагдаж билээ. Цэцэлж хэлэхийн гайхамшгийг мэдрүүлсэн, Цоодолын хэлснээр Монголын яруу найргийн дархан цэц юм даа. Оюутан ахуй цагтаа Дашзэвэгийн Сэнгээ гуайг харж байлаа. Зохиолчдын хорооны дарга байсан. Монголын утга зохиолын нэгэн хүчирхэг үе гарч ирэхэд гол нөлөө болсон хүн юм. Дондогдоржийн Дашдондог гэж Хишиг-Өндөрийн авьяас билигт нэгэн байлаа. Төрийн шагналт Зундуйн Хангалын хөгжим “Аяны шувууд” гэж алдартай дууны шүлгийг бичсэн найрагч. “Гооёо” Дашдондог гэдэг байсан юм. Их гоё залуу байсан учир тэгж хэлдэг байж. Их сургуулийн математикийн ангийн дөрөвдүгээр курсээс Сандагдорж тэр хоёрыг хөөж байсан түүх бий. “Тууврын замд”, “Депутатын зоог” гэсэн хоёр өгүүллэг бичээд буруудсан нөхдүүд. “Тууврын замд” гэдэг өгүүллэгийг нь сайн санаж байна. Монголчууд малаа орос руу туугаад мал хуй нь майлалдаад хил давж байхад зөрөөд оросоос вагон дүүрэн резинэн тоглоомнууд ирж байгаа тухай зохиол. Үүнийг улс төрийн утга агуулгатай, Монгол Зөвлөлтийн найрамдлыг шүүмжиллээ гэж үзжээ. Түүнийг Сандагдорж бичсэн юм. Д.Дашдондог болохоор “Би Монголын том зохиолч” гэж архи дарс уугаад буруудсан. Мөн л оюутан ахуй үед минь Лодонгийн Түдэв, Сормууниршийн Дашдооров, Доржийн Гомбожав, Мишигийн Ширчинсүрэн гээд авьяас билиг нь гайхагдсан нэг үеийн суутнууд Их сургуулийн босго алхаж байлаа. Тэр тухай бодоход сайхан байдаг. Их утга зохиолын гол түүчээ болсон идэр нөхөдтэй нэгэн цагт хамт суралцаж, шүлэг зохиолыг нь сонсч явна гэдэг үсэн буурал болсон хойноо эргээд бодоход үгээр өгүүлшгүй сайхан юм даа. Дашдооров гэж духандаа сорвитой монгол зохиолчийг би залуугаас нь сайн танина. Багшийн институт гэдэгт Түдэв, Маам хоёртой хамт орж байсан санагдана. Маам ахаараа овоглосон, бокс тоглодог жижигхэн хөдөлгөөнтэй нөхөр байлаа. “Ард Аюуш”-ийн дүрээр мөнхөрсөн Лхамсүрэнгийн Чойжилсүрэн гэж өндөр нөхөр багшийн сургуульд байсан. Бид бас л нэг үеийн оюутнууд. Тэр цагт Сэнгийн Эрдэнийн “Тал нутгаар явахад” гэсэн шүлгийн түүвэр хэвлэгдэж байв. Эрдэнэ чинь шүлгээр эхэлсэн хүн шүү дээ. Их сургуулийн анагаахын ангийн оюутан байсан байх.

-Дашзэвэгийн Сэнгээгийн тухай дахиад тодруулах гэсэн юм?

-Сэнгээг дарга байхад Зохиолчдын хороо Засгийн газрын зүүн үзүүрт байлаа. Сэлэнгийн Хушаатын хүн шүү дээ. Сэнгээ гуайтай уулзаж, үг яриаг нь сонсч явах тэр цагт “Аюуш” тууж нь хэвлэгдчихсэн байв. 1954 онд шиг санагдана. Ч.Лодойдамба, Д.Сэнгээ хоёр хамт төрийн шагнал хүртсэн. Сэнгээ “Тагтаа”, шүлэг, “Өвгөн партизаны яриа”-гаар, Лодойдамба гуай “Алтайд” роман, “Манай сургуулийнхан” туужаар авсан юм. Бид хоёр хамт төрийн шагнал хүртлээ. Их бэлгэшээлтэй санагдлаа. Хамтарч уран бүтээл хийнэ гээд удаа ч үгүй “Үүрийн замаар” жүжиг хамтарч бичсэн. Сэнгээ гуайгаас гадна Намдаг гуайтай уулзаж, яриаг нь сонсч явсан минь бас л эргэн санахад гайхалтай. Намдаг гуай тамхи татаад л яриад байна. Яг л жүжгийг нь үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр ярьдаг сан. Маш дэврүүн сэтгэлтэй хүн байжээ. Бидний хэсэг нөхөд Намдаг гуайгаас Нацагдоржийн тухай, “Учиртай гурван толгой” дуурийг хэрхэн бичсэн талаар асууна. “Амьдралын замд” гэж роман бичиж буйгаа ярьж байсан. Тэр нь “Цаг төрийн үймээн” байжээ. Уг романы Оюундарийн дүрийг Пагмадуламаас санаа авсан гэж хэлж билээ. Пагмадулам орос, герман, манж хэлтэй, дээд боловсролтой Амгалангийн гоё хүүхнүүдийн нэг байсан тухай сүүрс алдан ярьдаг сан.

-Таны дотны нөхөд гэвэл утга зохиолоос хэн хэн байна?

-Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан энэ хэдийгээ нэрлэнэ. Лхагвасүрэн миний анхны “Ухаарлын чагтага”-д өмнөтгөл бичиж байв. Бид хоёр дотнын найзууд. 1963 онд Лхагвасүрэнг Лениний ботийг Улсын хэвлэх үйлдвэрт хэвлэж байхад нь танилцаж байлаа. Тэрээр

“Олон олон он жилд

Ойрхон байжээ, бидэн хоёр

Олон олон тохиолд

Цуг байжээ, бидэн хоёр

Анд би чамтайгаа

Алтан хором олныг өнгөрөөв

Авсанд хоёр хүн багтдаггүй болохоор

Арга буюу салах л байх даа

Согоо чичрүүлсэн буга шиг

Сортолзож явлаа бидэн хоёр

Согтуу хорвоод эрүүл байж

Солгой заяаг тэгшилж явлаа” гэж тэмдэглэлийн дэвтэрт минь бичиж үлдээсэн байдаг. Бид хоёрт ижил нэг зүйл байдаг юм, тэр нь архи уугаагүй явдал. Лхагвасүрэн Хүүхэлдэйн театрын дарга байхдаа хэдэн “хүүхэлдэйнүүд”-тэйгээ Булганд хүрээд ирнэ. Би тосч аваад зусландаа аваачиж амраана даа. Намайг хүмүүс “Та огт хөгшрөхгүй юм” гэдэг. Мэдээж би хөгширч байгаа. Харин залуу харагдаад байгаагийн нууц энэ шүлэг найраг, ном зохиолтой холбоотой болов уу гэж боддог.

-Дамдинсүрэнгийн Баянтунгалаг, Нанзадын Хишигдорж, Цэрэндоржийн Чинбат, Банзрагчийн Цэрэнжамц гээд таны шавь нар их утга зохиолд өөр өөрийн орон зайг бий болгосон. Мандахсан багш та хоёрын “школ” гэж нэг том юм бий?

-Баянтунгалаг, Хишигдорж, Цэрэнжамц, Чинбат энэ хэд намайг багшаа гэж хүндэтгэдэг. Манайхаар үргэлж ирнэ, шүлэг найргаа уншина. Нэгийгээ энэ хорвоогоос явчихаар жигтэйхэн үгүйлэн гансарч, өнчирч хоцордог. Баянтунгалаг бол байгалиасаа заяасан авьяас билигт найрагч юм. Би түүнийг сэрэл мэдрэмжийн маш том найрагч хэмээн хайрладаг. Саяхан их зохиолч Д.Нацагдоржийн шагналыг хүртэж, буурал намайг болоод уншигч олноо баярлууллаа.

“Таныг ирэхэд би бүтэн болдог

Тавилан болоод заяа минь тэнгис мэт давалгаалдаг” гэж надад зориулж шүлэг бичсэн. Түүнийг нь уншаад “Монголын нэгэн авьяас билигт найрагчийн дутаж байгаа юмыг нөхөх нэг юм надад байна. Тиймээс би хэдэн жил амьд мэнд явахсан” гэж боддог юм. Манай Чинбат хүүхдүүдийнхээ төлөө амиа тавьдаг хүн байлаа. Тиймдээ ч хүүхдийн зохиолын гол төлөөлөгч нь болсон биз ээ. Хөдөөгийн амьдрал, аж байдлын нарийн чухал анзаарагдамгүй зүйлүүдийг маш сайн тусгаж чадсанаараа түүний шүлгүүдийн агуулга санаа нь хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд их ойрхон байдаг. Түүний илэрхийлэл нь “Аарцны чулуу” шүлэг юм. Хишигдорж маань Монголын хүүхэд багачуудын төлөө бас л сэтгэл зүрхээ үнэнээсээ зориулсан, утгын их өглөгч байлаа. Харахад нүд дүүрэн дэлхийг донсолгом ханагар эр. Гэвч цээжин цаанаа жигтэйхэн өр ниймгэн, маш зөөлөн элгэмсүү, тийм л хүний хайлан байлаа. Хишигдоржоо, Чинбатаа бодоод буурал багш нь хааяа сэтгэлдээ чимээгүй мэлмэрдэг. Гэхдээ надад нэг сайхан бодол бий. Би бол Булганыхаа уул хангайн дунд дандаа хүний дээдтэй учирч, хэдэн шавь нарынхаа халуун сэтгэлд бүүвэйлэгдэн өдий хүрсэн хүн. Тэд нарын шүлэг найргийн онгод намайг ямагт залуу болгож, шүлэг зохиол бичихийн гэгээн хүсэлд хөтөлдөг билээ. “Уул усны шивнээ” зэрэг олон туурвилууд минь тийм л нандин яруу сэтгэлээс ундарсан байж таарна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Ө.Даваабаатарын АНГИЙНХАН

“Шонхор” дээд сургуулийн Үндэсний бөхийн багш дасгалжуулагчийн
ангид 2004 оны намар 52 шижигнэсэн залуу нэг анги болон орж ирсэн байдаг. Бие бялдар
илтэд хөгжиж, бөхийн эрдэм хар бага наснаасаа заалгачихсан, аймаг, сумынхаа зааланд
бэлтгэл хийж, хөлс гаргаад үзчихсэн, ширмэл зодогны сэнжигнээс атгаж, даваа унааг
үзсэн “аймаар” хүүхдүүд нэг анги болсон байна. Сум сумынхаа өсвөрийн барилдаанд
түрүүлчихсэн. Аймаг, улсад үндэсний болоод бусад төрлийн бөхөөр амжилт гаргачихсан.
Дээд сургуулиа амжилттай төгсөж, нэрд гарах хүсэл тэмүүлэлтэй 52 хүүхэдтэй ангийн
багш нь аймгийн начин Баасанхүүгийн Батбаатар.

Төв, Сэлэнгэ, Дарханд нэр алдар
нь түгчихсэн. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа түрүүлчихсэн Ө.Даваабаатар
гэх улаан хацартай хүү байх. Баянхонгор аймгийн Баянговь сумын аймгийн арслан Баяраагийн
хоёр хүү болох Баянмөнх, Буянмөнх нар ороод ирчихсэн. Бүр Тувагаас Хурак Александр,
К.Эрес нар бөхийн эрдэмд суралцахаар ирчихсэн байсан гэнэ. Б.Батбаатар багш ангийнхаа
хүүхдүүдийн талаар “Манай ангийн хүүхдүүд бөх болно гэдгээ бүгд мэдэрчихсэн. Үүрэг
хариуцлагатай болчихсон, бэлтгэл сургуулилт тасална гэсэн зүйл огт байхгүй. Бэлтгэл
дээр бие биенийхээ дээр гарах гээд үзэж тарна. Тэр тийм мэх сурчихсан байна лээ.
Би сурна. Тэр мэхийг тэгж хамгаална гэнэ. Эхний жилүүдэд бие биенийхээ барилдааны
онцлогийг мэдчихэж байгаа юм. Дараа нь тэрийг тийм мэхээр давах боломжтой гээд тус
тусдаа мэх боловсруулчихсан байдаг. Тийм ч болохоороо оюутан байхдаа аймгийнхаа
наадамд түрүүлчихдэг болсон. Бүгд цолонд хүрцгээсэн” гэж ярьж байна лээ. Монгол
Улсын харцага Ө.Даваабаатар ангийнхаа хүүхдүүдийн талаар “Манай ангийнхан хоорондоо
өрсөлдөөд бэлтгэл дээр үзэж тарна. Хэн хэнтэйгээ даваа өгөөтэй болохоор аль их бэлтгэл
сургуулилт хийсэн нь ангийн аварга болно гэдгийг мэдэрчихсэн. Өдөржин хөлсөө асгаруулаад
л барилдаад байна. Тэгээд орой цүнхээ дааж ядсан амьтад гэр гэртээ харьдаг байсан.
Бэлтгэл хийлгүй цалгардах юм бол бусдаасаа хоцорчих гээд мөн аймаар байсан шүү”
гэж ярив.

“Шонхор” дээд сургуульд ийм идэвхтэй
оюутнууд нэг анги болж ирж байсан нь ховор гэнэ. 50 гаруй хүүхэд нэг ангид орсон
ч өвлийн эхний амралтын үеэс зарим нь сургуулиасаа гарч эхэлсэн байна. Сайн барилддаг
хүүхдүүд тунаж үлдээд байсан гэнэ. Өдөржин бэлтгэл сургуулилт хийгээд хөлсөө гаргачихаар
хамаг хоол унд нь шингэчихдэг. Өглөө хичээлдээ ирэхдээ цайгаа уулгүй ирдэг болохоор
их өлсдөг. Тэр болгондоо сургуулийнхаа ойр хавийн цайны газруудад очно. Мөнгөтэй
хүүхдүүдээс мөнгөгүй нь олон. Тиймээс цайны газрын эгч нарыг панаалдаж хоол идэх
гэж янз бүрийн арга чарга хэрэглэж байсан гэнэ. Нэгдүгээр курсийн намар ангийнх
нь Бадамбаяр гэх нөхөр оюутны нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр зорчдог виза карт
аваагүй байсан гэнэ. Тэгсэн автобусны мөнгө хэдэн төгрөг байдгийг мэдэхгүй кондукторт
нь мянган төгрөг өгчихдөг. Автобусны кондуктор ч хариулт мөнгийг нь өгөлгүй сар
орчим явчихсан байжээ. Тэгж байгаад автобусны тасалбарын үнэ 200 төгрөг гэдгийг
мэдэж байсан гэнэ. Мөн ангийнх нь нэг хүү виза карт авчихсан байжээ. Тэгсэн ангийнх
нь хүүхдүүд хоорондоо “За ингээд нийтийн унаанд үнэгүй явдаг болж байгаа юм даа”
гэж хэлжээ. Тэгсэн нөхөр таксинд үнэгүй явж болох юм байна гэж ойлгоод таксинд суугаад
гэр рүүгээ явчихсан гэнэ. Таксины жолооч гэрийнх нь гадаа ирээд “За 4500 төгрөг”
гэхэд өөдөөс нь виза картаа үзүүлсэн гэнэ. Картаа яагаад үзүүлж байгаа юм гэсэн
үнэгүй явдаг гэсэн биз дээ” гээд таксины жолоочтой хэрэлдэж гарсан гэнэ.

Ангид нь нэг ч охин байхгүй болохоор
ойр хавийнхаа сургуулийн охид дээр очдог гэнэ. Сургуулийнх нь үүдэнд бөөнөөрөө зогсчихоод
таалагдсан охидоо эргүүлэх гэдэг. Том цүнх үүрсэн, хулгар чихтэй нөхдүүдээс сургуулийнх
нь хөвгүүд айж зугтаад охид нь тоохгүй зовоодог байжээ. Нэгдүгээр дамжаагаа төгссөн
зунаа сумынхаа наадамд очиж барилдаад ихэнх нь түрүүлжээ. Намар нь сумынхаа наадамд
түрүүлж, сумын заан цол хүртсэн гэнэ. Хоёрдугаар дамжаа төгссөн зунаасаа эхэлж аймгийнхаа
наадмын түрүү, үзүүр болж шөвгөрч эхэлжээ. Тэд өндөр хэмжээний бэлтгэл сургуулилтыг
оюутан байхдаа хийж, бие биенийгээ ирлэж байсны үр шимийг хүртсэн байна. Ясныхаа
хөлсийг гартал ширмэл зодогныхоо сэнжигнээс атгалцаж явсан нэг ангийнхан одоо аймаг,
улсын нэртэй бөхчүүд болцгоожээ. Оюутны дөрвөн жилийг ардаа орхиж сургуулиа төгссөн
2008 он энэ ангийнхны хувьд амжилт дагуулсан жил байсан гэнэ.

2008 оны хавар үндэсний бөхийн дуулианы
эзэн болж явсан улсын харцага Өлзийбаатарын Даваабаатар энэ ангийн манлай хүчтэн
гэнэ. 2008 оны хавар аймаг, цэргийн болон улсын цолтнуудын дөрвөн барилдаанд түрүүлж,
улсын наадмаар шууд харцага цолонд хүрсэн хүчит бөх юм. Б.Ганзориг. Тэсийн тэнхээт
эрсийн нэг цэргийн арслан Б.Ганзориг даян аваргын “Ирээдүйн бөхийн аварга” шагналыг
залуу бөх байхдаа хүртэж, уран сайхан барилдаанаар үзэгч олноо баясгаж байна. Сонирхолтой
нь Б.Ганзоригийн урьд жил Ө.Даваабаатар тус шагналыг гардаж байсан гэнэ. Баян-Өлгий
аймгийн шилдэг хүчтэн Б.Баатарцол аймагтаа 2008 онд түрүүлж, түүний урьд болоод
дараа жил нь үзүүрлэж байсан. Хэнтий аймгийн арслан Загдсүрэнгийн Наранбаатар Хэнтий
аймгийн ойд түрүүлсэн билээ. Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат аймгийн арслан
Баяраагийн Баянмөнх. Энэ ангид ах дүү хоёр суралцаж төгссөн бөгөөд дүү нь аймгийн
шилдэг заан Б.Буянмөнх юм. Төрийн их баяр наадамд гурав давж явсан бөгөөд Пауэрлифтингийн
улсын аварга цолтой гэнэ. Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат аймгийн заан
Жамъяангийн Батчимэг. 2007 онд аймгийнхаа баяр наадамд их шөвөгт үлдэж аймгийн начин
цол хүртсэн байна. Төв аймгийн Баянхангай сумын харьяат Ц.Отгонбаатар аймгийн начин
цол хүртсэн юм. Өдгөө Төв аймгийн Эрдэнэсант суманд аж төрж байгаа билээ. Тува улсын
бөх Хурак Александр. 2013 оны монгол туургатны наадамд гаднаас ирж барилдаад хамгийн
өндөр амжилтыг үзүүлж явсан бөх.Тува улсын бөх К.Эрес. Карасалын Эрес 2011 оны намар
Увс аймгийн аваргуудын нэрэмжит тойргийн барилдаанд Баатарын Бадарч 40 даваатай
түрүүлэхэд 39 даваагаар хоёрдугаар байр эзэлсэн, Тува улсдаа том цолтой бөх юм.

Ө.Даваабаатар харцагын ангийнхан
хоорондоо байнга холбоотой байдаг гэсэн. Хэнтий аймгийн ойд түрүүлсэн З.Наранбаатар
Баянмөнх сумандаа наадам хийхэд ангийнхан нь очиж хүндэтгэл үзүүлжээ. Аймгийн арслангийн
наадамд ангийн анд Ө.Даваабатар түрүүлж, Б.Баатарцол үзүүрлэсэн гэнэ. Хэдхэн хоногийн
өмнө болсон харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд урамтай сайхан барилдсан
Ө.Даваабаатар найздаа ангийнхан нь сар шинийн барилдаанд сайн барилдахыг хүсэн ерөөж
амжилт хүсч байна лээ.

Э.БААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд хулгай дээр хүртэл жудаг заадаг

Хулгайн хэрэг ихэслээ гэж цагдаагийнхан мэдээлэх болов. Халаасны, орон, байрны гээд хаа сайгүй хулгай. Төрийнхөн ч бас улсын мөнгөнөөс хулгай хийлээ, авлига авлаа гэдгийг ч бид сонсч л байдаг. Аль ч талаасаа хулгай хийх муухай л даа. Хулгайч нарт юмаа алдсан хүн тэднийг элдвээр л харааж зүхдэг. Угаасаа ямар сайн байх билээ. Муу муухай л хэрэг шүү дээ. Гэхдээ тэр хулгайч нарт бас өөрсдийн гэсэн “хууль” байна. Хэд гурваараа хулгай хийгээд баригдсан нэг нь хэргээ өөрөө л хүлээдэг. Тэрэнтэй хамт хийсэн гэж матаад байдаггүй. Нэг талаас бүлэг гэмт хэрэг нь бүр хүнд ялтай учраас хэргээ ганцаараа үүрсэн нь дээр гэж үздэгийнх байх. Мөн тэд муу үйл хийсэн ч өөрсдийнх нь баримталдаг “хууль”-ийг ямар ч үед дагадаг. Нэг үгээр хэлбэл хулгайч нарт хүртэл өөрийн гэсэн жудаг үйлчлээд байдаг аж. Нэг нь хэрэг хүлээгээд шоронд явлаа гэхэд нөгөөхийнхөө арыг дааж, эхнэр хүүхэд, эцэг эхэд нь туслах ч гэдэг юм уу. Хэргээ ганцаараа хүлээгээд орсон эр бол хулгайч дээрэмчдийнхээ дунд нэр хүнд сайтай, “хоншоортой овоо эр дээ, жинхэнэ эрийн хуйх даа” гэх мэтээр хэлэгдэж, нөгөөдүүл нь хүндлэх маягтай. Харин баригдаад нөгөөдүүлээ матчихвал тэр хүн хулгайч нартаа ч нэр хүндгүй, ад шоо болно. Төр ч өршөөхгүй ялаа өгнө, дээр нь гэмт хэрэг хамтарч хийсэн хүмүүс нь ч “бууны нохой, матаач, ховч, хамт явамгүй ханилгаа, муухай амьтан, араас чинь хутгалж мэдэх хүн” гээд үзэхгүй. Тэгэхээр нөгөө хулгайч байх газаргүй хэцүүддэг. Ирээдүйд өнөөх матаач нөхөрт итгэх хэн ч байхгүй болчихож байгаа юм. Энгийн иргэд, төр мэдээж түүнийг нийгмийн хог шавхруу гээд үзэхгүй. Адилхан хулгайч нь хуншгүй, матаач, эрийн шинжгүй гээд үзэхгүй. Тиймээс амьдрахын тулд дуртай, дургүй ч хулгайч нарын “хуулиа” л дагах нь гарцаагүй.

Ямар ч төр хулгайг үздэггүй. Бүр аль ч нийгэмд үүнийг “Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй, нийгмийн өмчийн эс ширхэг бүрийг арвилан хамгаалах ёстой, төрөөс хулгай хийх нь ард түмний татварын мөнгийг хулгай хийж байна” гэдэг. Гэвч өнөөгийн төрд хэн нэгэн очоод хулгай хийдэг. Албан ёсоор баригдаж, их хэмжээний мөнгө авсан нь л баригдаад байгаа болохоос их, бага хэмжээгээр хулгайлж хумсалж байдаг. Шударга үнэнийг яаж ч ярьдаг байлаа гэсэн эрх мэдэл хүнийг хулгай хийх боломжийг бүрдүүлдэг аж. Ялангуяа ядуу улсад энэ байдал илт. Гэвч төр, хууль хэзээ ч хулгайг зөв гэж байгаагүй. Төр барьж буй эрх мэдэлтэн өөрөө мөнгө завшдаг байлаа ч хулгай хийх нь зөв гэж хэзээ ч ярихгүй. Төр хулгайчийг матаж байх ёстой гэдэг ч амьдрал дээр өгүүлсэнчлэн хулгайч хүртэл биесээ матдаггүй. Төрийн сургаал, бодит байдал хоёрын нийцдэггүй юмны нэг энэ.

Саяхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг өрөөндөө их хэмжээний мөнгө хүнээс аваад байхад нь Авлигатай тэмцэхийнхэн барьсан гэдэг. Нэлээдгүй хугацаанд үүнээсээ болж хоригдсон. Эрхэм сайд намын санхүү хэцүү байсан учир таньдаг хүнээсээ мөнгө зээлж авсан гэж тайлбарлаж байгаа. Ямартай ч Г.Шийлэгдамба Цагдан хорих төвөөс батлан даалтаар гарч ирснийхээ дараа телевизэд яриа өгөхдөө шуугиан тарив. “Намын санхүүжилт хий, шийд гэдэг байсан. Тиймээс тэр мөнгийг танилаасаа гуйж авсан. Н.Энхбаяр даргад 50 мянган ам.доллар аваачиж өгсөн” гэж ирээд л ярилаа. Тийм юм болсон ч байж болох юм. Н.Энхбаярын үгээр бол үгүй ч байж болох. Үүнийг шүүх л шийдэх биз.

Хүмүүс Г.Шийлэгдамбын яриаг сонсоод Н.Энхбаярыг нь муулж, сайдыг шударга үнэнийг хэллээ гэлцэж байна. Нөгөө талаас Г.Шийлэгдамбын хувьд маш харамсалтай зүйл болж байгаа юм. Одоо түүнд хэн итгэх билээ. Н.Энхбаяр нь муу, муухай авлигачин хүн байж болно. Тэртэй тэргүй Г.Шийлэгдамбын хэлсэн хэлээгүй Н.Энхбаярыг авлигын хэргээр шалгагдаж, асуудал нь одоо ч ямар шатандаа явж байгааг хүмүүс мэднэ. Авлига авсан гэсэн ч гайхахааргүй болсон. Аваагүй гэсэн ч авлигачин гээд нийтээрээ ойлгодог болчихсон. Харин Г.Шийлэгдамба залуу хүн, дараа дараагийн бүх карьер нь ингээд дуусгавар болж байгаа юм. Бүүр эртнээс л Н.Энхбаярын хүн, эхнэр Цолмонгийнх нь хүн гэлцдэг. Тэр нь ч оргүй биш. Яалт ч үгүй улс төрийн карьер нь өнөөдрийг хүртэл энэ хүнтэй л холбоотой явж ирсэн. Тэр бүр залуу хүн түүн шиг өндөр албан тушаалуудыг хорин хэдтэйгээсээ хашаад байдаггүй. Тэгж амжилттай яваа хүн Монголын улс төрд цөөхөн. Сайн сайхан явахдаа өөрийгөө өдий зэрэгт хүргэсэн хүнд баярлаж л явсан байлгүй. Гэхдээ нэг өдөр баригдлаа гээд нөгөө хүнээ бариад өгч байгаа нь муухай юм. Дагах ёстой хууль журмаас гадна хүн ёсны жудаг гэж юм бий. Халаасны хулгайч нарт хүртэл байдаг гэж дээр хэлсэн шүү дээ. Гэтэл өөрийгөө хамгаалахын тулд өнөөх Н.Энхбаяраа бариад өглөө. Дарга нь даалгавар өгсөн ч өөрөө гүйцэтгэсэн нь үнэн л болж таарлаа. Тэгэхээр хулгайч нарынхаар бол хам хэрэгтнүүд болж байгаа биз дээ. Ингэхээр одоо Н.Энхбаяр урууддаг ч бай, өгсдөг ч бай цаашид Г.Шийлэгдамбад итгэхгүй. Итгэл алдарсан энэ явдал ганц Н.Энхбаяраар дуусвал одоо яая гэхэв. Улс төр байтугай жирийн хүмүүс ч энэ хүнд итгэхгүй болчихож байгаа юм. Цаашид улс төрөөр явах боломжгүй, хэн нэгэн түүнтэй мөнгө төгрөгний асуудал ярихад бүр ч хэцүү. Нөхөрлөж явсан хүн нь муу хүн байж болно. Харин түүнийгээ матаж, бүр олны өмнө гарч байгаад хов хүргэсэн нь өнөөдөр өөрт нь хэрэгтэй байсан ч ирээдүйд өөрийнхөө замыг баллаад хаячихлаа. Цаашид түүнтэй хэн нэгэн улс төр, бизнес ярих гэж ширээний хоёр талд суух нь юу л бол. Суулаа ч гэсэн итгэх үү. Улс төр, бизнесийг угаас далд л ярьдаг. Бас аль аль нь итгэлцэл дээр тогтдог. Одоо Г.Шийлэгдамба дэлхийг аварч баатар гавьяа байгуулдаггүй л юм бол Н.Энхбаяраасаа дээрдэхгүй болж харагдаад эхэлчихлээ. Ядаж байхад Н.Энхбаяр “Шийлэгдамба миний хайртай дүү нарын нэг. Арай ч тэгж хэлэх хүн биш” энэ тэр гээд хэлчихсэн. Энэ залууг ашиглаад, Авлигатай тэмцэх газрынханд баригдахад нь нүүр буруулсан ч, “Намын санхүүг босго” гэж дарамтлаад мөнгө авчруулсан байлаа ч дээрх хайрлаж байгаа мэт, “Шийлэгдамбын өөрийнх нь үг биш” гэж эргэлзэж байгаа зэрэг нь ч Шийлэгдамбад энэ хүн итгэж байхад цаадах нь арай ч дээ гэсэн ойлголтыг төрүүлж байгаа юм.

Г.Шийлэгдамба тэр хүнийг матах хэрэггүй байсан юм. Угтаа хүмүүс Г.Шийлэгдамбыг дуугарахаас өмнө “Н.Энхбаяр намын санхүүжилт олж ир гээд энэ залууг их мөнгөний асуудалд унагаад баллачихлаа” гэлцэж байлаа. Яг энэ үед хэрэг өөрөө хүлээгээд суудаггүй юм гэхэд, ядаж дуугүй байх эрх нь байсан шүү дээ.

Б.Дарам

Categories
мэдээ улс-төр

Ипотекийн зээлийг тасралтгүй явуулахыг үүрэгджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 8-нд буюу битүүний өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна.

рээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, бусад холбогдох хууль тогтоомжийг энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр баталсан.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Ипотекийн зээл, санхүүжилтын ерөнхий журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн саналыг тусган албажуулахаар тогтлоо. Тус сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, сангийн 2016 оны төсвийг батлах хүртлэх хугацаанд хууль болон журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд заасны дагуу Монгол банктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгалаа.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн эх үүсвэрийг Монгол банкнаас шилжүүлэн авах, хуульд заасны дагуу сангийн хөрөнгийн удирдлагыг Монгол банкаар хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой гэрээг Монгол банктай байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2016 онд шинжлэх ухаанд ямар дэвшил гарах вэ

2016 онд шинжлэх ухаан, технологийн салбарт ерөнхийдөө ямар ахиц дэвшил гарахыг тоймлон харуулж байна.

“CO2” нүүрстөрөгчийн хийг агаараас ялгаж авна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох агаар мандал дахь хүлэмжийн хийн гол төлөөлөл нь нүүрсхүчлийн хий буюу нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) юм. Гэвч нийгэм хөгжиж, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр агаар дахь хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 200 гаруй жилийн турш эрс нэмэгдэж, улмаар энэ нь дэлхийн уур амьсгал огцом өөрчлөгдөхөд хүргээд байгаа билээ. Тэгвэл, Шведийн нэгэн компани анх удаа агаараас нүүрстөрөгчийн давхар исэл гаргаж авч, түүнийгээ зах зээл дээр борлуулж эхэлжээ. Энэ нь нэг талаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулахад томоохон ахиц дэвшил болсны зэрэгцээ дэлхий нийтээрээ дулаарлын эсрэг тэмцэх том алхам болжээ.“Climeworks” хэмээх нэртэй тус компани өнгөрсөн оны долдугаар сарын үеэс Цюрихийн үйлдвэрийн ойролцоо сар бүр 75 тонн СО2 олборлож, ойролцоо байрлах газар тариалангийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой хүлэмжүүдэд нийлүүлжээ.

Өмнө нь дэлхий даяар үйлдвэрлэлийн яндангаас хий авдаг байсан юм. Харин 2015 оноос цөөн тооны жижиг компаниуд агаараас хий татаж эхэлсэн бөгөөд 2016 онд агаараас СО2-ыг ялган авч үйлдвэрлэх нь илүү өргөжнө хэмээн үзэж байна.

Удамшлын генийг өөрчлөхийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрнө

Генийн инженерчлэл ургамлын генетик кодыг өөрчлөөд зогсохгүй хүний ДНК-г засварлах хэмжээнд хүртлээ хөгжсөн. ДНК дахь удамшлын өвчин, хорт хавдар, согогийг генетикийн аргаар засварлах боломжтой юм. Тухайлбал, хараа, сонсголын согогийг хадгалж байсан генийг илрүүлж засварлахаас гадна өндөр нам зэрэг удамшлын шинжтэй мэдээллийг ч засварлах боломжтой ажээ. Гэхдээ хүн амьтны генийг цаанаас заяагдсан төрөлх байдлыг нь өөрчлөх нь байгалийн хуулийг зөрчсөн, ёс зүйгүй асуудал хэмээн үздэг. Тэгвэл 2016 он гэхэд ёс зүй судлаачид болон эрдэмтэд хүний генийг засварлан өөрчлөх асуудал дээр харилцан ойлголцож чадна хэмээн найдаж байгаа аж. Мөн энэ жил ургийн үед генийг нь засварласан анхны сармагчин төрөх юм. Энэхүү сармагчны монш зарим эсэргүүцэгчдийн итгэлийг бага ч гэсэн олж авахад ихээхэн түлхэц болно хэмээн үзэж байна.

Хиймэл элгийг анх удаа хүнд суулгасан

2016 он гараад удаагүй байхад БНХАУ-ын эрдэмтэд нэгэн шинэ дэвшилтэт нээлт, мэс заслыг хийжээ. Тодруулбал, тус улсын эрдэмтэд хиймлээр био элэг гарган авч хүнд суулгасан нь амжилттай болсон байна. Хиймэл био элэг суулгуулсан анхны хүн нь Хятад улсын иргэн 40 настай эрэгтэй аж. Тэрээр элэгний өвчнөөр олон жил шаналсан бөгөөд эцсийн найдвар тээн анхны хэрэглэгч болохоор шийджээ. Харин туршилт амжилттай болж, элэг жирийн элэгний адил бүрэн ажиллаж байгаа аж. Био элгийг Хятадын эрдэмтэд хүний биеийн эсэд тулгуурлан бүтээжээ. Энэ шинэ технологи нь анагаах ухааны хөгжилд том дэвшил авчрахын сацуу элэгний үйл ажиллагааны дутагдалтай тэмцэхэд өндөр амжилт авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа төслийн багийнхан мэдэгдсэн байна. Энэхүү дэвшил хүн төрөлхтнийг элэгний хорт хавдраас аврах гарц хэмээн үзжээ.

Эрсдэлтэй судалгаа

Анагаахын шинжлэх ухаан хөгжин дэвшихийн хэрээр өмнө нь гарч байгаагүй вирус, өвчин эмгэг дэлгэрэх болсон. Тэгвэл цаашид ч хүн төрөлхтний харж байгаагүй аюулт, үхлийн вирусууд шинээр гарч ирсээр байна хэмээн олон улсын эрдэмтэд үзэж байна. Гэхдээ нэг ноцтой зүйл нь элдэв туршилт, судалгаа, эрэл хайгуул нь аюулт вирусийг дэлгэрүүлэгч нэг шалтгаан болж болзошгүй гэдгийг анхааруулж байгаа юм. Элдэв туршилт судалгааны үр дүнд өвчин үүсгэгч вирусийг устгах аргыг нээхийн зэрэгцээ шинэ вирусуудыг гарч ирэх боломжийг нээж өгдөг аж. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны зөвлөл 2015 оны арванхоёрдугаар сард “Эрсдэл үр ашгийн шинжилгээ” гэдгийг хийж дуусгасан бөгөөд санхүүжилтийг дахин сэргээх талаар ойрын хэдэн сарын дотор хэлэлцэж, зөвлөмж гаргах юм. Мөн зарим эрсдэлтэй судалгаа явуулахыг хязгаарлах ажээ.

Ангараг гаригтай холбоотой шинэ нээлтүүд хүлээж байна

Энэ онд дэлхий болон ангараг гаригийн хооронд илүү нээлттэй харилцаа бий болно хэмээн эрдэмтэд болон сансар судлаачид хүлээж байгаа. Учир нь энэ жил дэлхий болон ангараг гаригуудын тойрог замууд тун ойрхон дөхөж очих юм. Энэ бол Улаан нүдэн гаригийг судлах хамгийн сайхан боломж ирж байна гэсэн үг.

Европын сансрын агентлаг болон Роскосмос хоорондын эрхэм зорилго нь тэрхүү боломжийг барьж авах гэнэ. Мөн НАСА агентлаг ч энэ жил Марс гаригийг судлахыг эрхэм зорилгынхоо нэгээр тодорхойлон ажиллах юм байна. Олон орны сансар судлаачид 2020 он гэхэд тус гариг руу 50 мянга гаруй хүнийг оршин суухаар илгээхээр ажиллаж байгаа бөгөөд тууштай туршилт судалгаа хийж байгаа билээ. Энэ судалгаанд 2016 онд Марс гариг дэлхийд дөхөж ирэх болсон нь томоохон боломжийг олгож байгаа нь дамжиггүй.

Роботехникийн дэвшил

Роботыг эсэргүүцэгчдийн тоо олон ч роботехник хурдацтай хөгжиж буй салбарын нэг юм. Төмөр биетүүд хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон бөгөөд 2016 онд энэ салбар байгальд ээлтэй роботуудаар бүл нэмэх нь. Тэр ч байтугай “ухаантай” роботыг зохион бүтээх төслийг томсгож, хиймэл оюун ухаант роботуудыг үйлдвэрлэх ажээ. Тэдгээр робот нь шатар тоглох, бодлого бодох зэрэг оюуны үйлдэл хийх чадвартай гэнэ. Японд роботууд сувилагчийн үүрэг гүйцэтгэж өвчтөнд тусалж, асрах үйлчилгээ үзүүлж байна. Цаг хугацаа шаардсан эсвэл нарийн ажлуудыг хийж гүйцэтгэх тусгай программ бүхий роботуудыг “Dexter Bot”, “Baxter” бас “LBR iiwa” зэрэг компани бүтээх болжээ.

Хиймэл оюун ухааны хөгжил

Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж чаддаг программ хангамжийн төгс шийдэл юм. Бид хиймэл оюуныг роботоор төсөөлдөг. Гэхдээ орчин цагийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ.

Мөн өнөөгийн компьютер тоглоомууд нь хиймэл оюун ухааны тод жишээ юм. Хиймэл оюунд байвал зохих дараахь чадварыг бий болгохоор эрдэмтэд хичээн ажиллаж байна. Үүнд, өөртөө дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөрөө илэрхийлдэг байх. Өөрийн алдааг олж засварладаг болох. Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх болно. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай гэж олон хүн үздэг. “Компьютер бидний ажлыг хөнгөвчилдөг боловч супер-оюун ухааныг эзэмшиж чадахгүй. Хэрэв бид зөв удирдаж чадвал бүх зүйл хэвийн байх болно. Харин хэдэн арван жилийн дараа хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сэтгэл түгшээх гол асуудал болтлоо хөгжинө” гэж хиймэл оюун ухааны хөгжлийг эсэргүүцэгчид үздэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Болор цом”-ын шилдэг шүлгүүдээс хүргэж байна

“Болор цом” наадам 33 дахь удаагаа болсон. Уг наадмын тэргүүн шагнал хүртсэн Ц.Эрдэнэбаатарын шүлгийг манай сонин өмнө нь нийтэлсэн юм. Энэ удаа шагналт байрт шалгарсан найрагчдын шүлгүүдээс хүргэж байна.

Хөөдөөгийн Эрдэнэбаатар

(2010 оныБолор цом”-ын эзэн. “Болор цом-33” наадмын хоёрдугаар байрын шагналт)

УУЛЫН ХОТЫН ӨГЛӨӨ

Цөцгийн тулга мэт зүмбэр ууланд

Зүүн суганаас наран цухуйж байнам

Голын эрэг дамнуулан гүүр мэт нисэх хараацайс

Холын шуудангийн сурагтэрэг тэм хөлсөлнө

Дэлгэцэнд өрсөн ааруул мэт харагдах

Гэр байшин, гэрлийн шон шоволзоно.

Дарга, даамал, их сургуулийн профессорууд нь ч

Дулаан хөнжилдөө гүн шигдэн зүүдэлнэм.

Сэрсэн цэцэгсийн дээгүүр

Дүйнгэдүү шумуул нисэлдэж

Дэрсэн хошуугаараа

Зөрсөн амьтсыг хатгана.

Нарны үнэрт хагас мансууран морьд

Ширэгний захын хулс мэт дохилзоно

Шэрлийн халуурал уулын хотыг бүрхэж

Гэрүүд , хөлөрсөн малгай мэт зураасална.

Хаяавчийн сэлгээнд өвгөд тамхилж

Хажуу айл руу утаа нь нүүнэм

Албаны цүнх сугавчилсан хархүү

Алдаж харайгаад шуудуунд ойчлоо.

Гэргий нь бололтой ялдам бүсгүй

Гэмшсэн янзтай банзлаа шуунам

Өчигдрийн наранд цохиулсан толгой бөхийсөн

Өвсний найрчидсалхин дуу аялна.

Морьдын тууринд амьсгаа битүүрэх цэцэгс

Мөд сэрэхээргүй голын эрэгт налсана.

Жин үдийн тэнгэр бин битүү хүлэмж

Жигнэгдсэн хот, хөлөрсөн толь мэт

Ирж яваа хүмүүс шилдээ даган урсаж

Инээмсэглэлдээ шингэж шингэрмүй.

Өдрийн сарны хагалбар хөх усанд хөвж

Өглөөний будан айлуудын үүдэнд сэмэрнэ.

Эвэр бүрээний гуншаадуу аялгуу

Их голын хуучин гүүрийг тэгнэж

Эртний хотынСийлэн бөөрийгурлана.

Хагалж шидчихсэн тарвасны үнэр

Хажуугаар зөрөх үнээдээс сэнхийлнэ.

Шидэрхэн танилцсан бэсүд охины

Шинээлтсэн үгс сэтгэлд урсана.

Хомоол хараад адуу хэмээн санах

Хоосон чанарын дэгтэй ертөнцөд

Гэрийн тооноор тэнгэр ширтвэл гэгээн зууны зүүний сүвэгчээр

Гэтсэн түүхийн алдаа сүвлэгдэнэ…

Мулцангийн Уянсүх

(“Болор цом-33” наадмын гуравдугаар байрын шагналт)

МОНГОЛ

Хөсөг тэрэгний дугуй эртний харгуйн чанадаас

Нааш эргэсэнМОНГОЛ

Хөвчилж татсан нумнаас өдлүүлж тавьсан сумаар

Хил зурсанМОНГОЛ

Их хаадын сэнтийгээс сунгаж чичсэн хуруу

Дэлхийн түүхийг томъёолсон

Эрин үеМОНГОЛ

Илдийн үзүүрээр бичсэн хаттай шүлгийн мөрүүд

Судрын хуудаснаа

Ялж төгссөнМОНГОЛ

Жингийн торгон цуваагаар өрнө, дорныг холбож

Тэнгэрийн доор

Туг тахисанМОНГОЛ

Жижигхэн морьдын туурайгаар

Дэлхийн бөмбөрцгийг тамгалж

Газрын дээр

Сүлд өргөсөнМОНГОЛ

Сансрын зууны босгон дээр

Хураангуй нууцыг тайлж

Энэ ертөнцийн

Төвийг сахисанМОНГОЛ

Сарны гэрэлтэй уудамд хүнчулууны нулимс

Хүй алсын

Оддыг тоолсонМОНГОЛ

Хязгааргүйг багтааж, яс сарьдагт ульсан чоно

Мэдрэхүйн үзүүрт тэмтрэгдсэн

Ургийн бичээстэйМОНГОЛ

Хий үзэгдэл шиг манан дунд

Марал бугын зогсоол

Намрын зүүдийг тэмдэглэсэн

Он цагтайМОНГОЛ

Ус мөрний чанадаас сэмэрч гандсан алчуур

Охидын сэтгэл шиг

Намайг үймүүлсэнМОНГОЛ

Улс гэрийн хойморт мөлхөө хүүхэд

Нар, сарны гортигийг

Зөв эргэсэнМОНГОЛ

Хэзээ ямагт хөх тэнгэрийн зарлигтай

Өнө хязгааргүйМОНГОЛ

Хэтийн заяа нь

Арилсан бурхдын орноос

Нааш эргэхМОНГОЛ

Оюунцэцэгийн Цэнд-Аюуш

(“Болор цом-33” наадмын дөрөвдүгээр байрын шагналт)

УЙТГАРТ ЭХ НУТГИЙН ДУУ

Уйтгартай даа, манай нутаг уйтгартай

Уртын урт үдэштэй

Үхэр тэрэг гадаа бөгтийн зогсож

Үүлс эцсээ хүртэл нүүсээр байдаг

Үлгэрч эмгэд эрт урьдын цагийг

Үзэж туулсан юм шиг ярьсаар байдаг

Уйтгартай даа, манай нутаг уйтгартай

Уртын урт үдэштэй

Гадаа бөгтийн зогсох үхэр тэрэгнүүд

Газар дээгүүр өнхөрсөөр жижигхэн болсон байдаг

Сар жаргахад тэд цэнхэртэж үзэгдээд

Сайхан өвгөдөө зөөсөөр хуучирсан байдаг

Саруулхан талаа хэмжиж ханаад

Сансрын уудмыг мөрөөдөж байдаг

Уйтгартай даа, манай нутаг уйтгартай

Уртын урт үдэштэй

Хөв хөх тэрэгнүүд бөхийн зогсох нь

Хөсөг нүүдэл дууссан юм шиг гунигтай байдаг

Урагшаа л өнхрөх мөнхийн тавилантай үхэр тэрэгнүүдийг

Уулын буга чирэхэд бэлэн байдаг

Гэнэн согоо хүртэл тайга дотор

Гэрэлтэн зогсохдоо бэл рүү хардаг

Уйтгартай даа, манай нутаг уйтгартай

Уртын урт үдэштэй

Шугуй дотроос халиун буга ширтэж

Шувууд тэнгэрээс буусан байдаг

Маргааш өглөө нүүх айлуудын хөсөг тэргийг

Марал буганууд манаж хонодог

Нүүдэлчний хөх тэрэгнүүдийг өмгөөлсөн буганууд

Нүгэлтэй мөргөлдөхөд бэлэн байдаг

Уйтгартай даа, манай нутаг уйтгартай

Уртын урт үдэштэй

Хөвч дундаас ширтсэн буганууд

Хөлөө цэцгэн дээгүүр агаар шиг зөөж

Бөгтийн зогсох үхэр тэрэгнүүдийг

Бөглүү алс руу хөтөлж явдаг

Агаар дээр гишгэх бугануудын араас

Аяархан үхэр тэрэгнүүд хөөрч эхэлдэг

Уйтгартай даа, манай нутаг уйтгартай

Уртын урт үдэштэй

Буцах эрхгүй үхэр тэрэгнүүд гэвч заримдаа

Бууралтаж гүйцээд нугачаанд үлдсэн байдаг

Буга гэтэл уулнаас уруудаж буугаад

Бутарсан тэрэг рүү зөөлөн, зөөлөн очдог

Өвс ногоонд хучигдсан хөх тэрэгний дэргэд

Өвдөж шаналсан буга чичирч зогсдог

Уйтгартай даа, манай нутаг уйтгартай

Уртын урт үдэштэй

Эртний тийм модон тэрэг рүү мэхийсэн буга

Эврээрээ хугархай арлыг өргөхөд

Зовлонт тэрэг зорголын тэргүүн дээр

Зорогдсон юм шиг харагддаг

Шаналант буга хөөрхий тэргийг тээсээр уул өгсөхдөө

Шархадсан юм шиг доголсоор явдаг

Уйтгартай даа, манай нутаг уйтгартай

Уртын урт үдэштэй

Үхэр тэрэг гадаа бөгтийн зогсож

Үүлс эцсээ хүртэл нүүсээр байдаг

Үлгэрч эмгэд эрт урьдын цагийг

Үзэж туулсан юм шиг ярьсаар байдаг

Лхамсүрэнжавын Ганзул

(“Болор цом-33” наадмын тавдугаар байрын шагналт)

БӨРТЭ ЧОНЫН ӨЧИЛ

Тэнгэрийг гэтэлж ирсэн

Азарган хөх чоно юм би

Тэндээс заяат Монголын

Алтан өвөг хүн юм би

Манан дунд бүдгэрсэн

Эрт урьд юм би

Манан дундаас үзэгдсэн

Үлгэр домог юм би

Мэлхийний нуруунд оршсон

Өрнө намайг хилэнт болгож

Дэлхийг түлхэн бөмбөрүүлэгч

Дорнын уулс тэвчээр өгөв

Тортогтой хөх тооноор

Нарыг хэсэглэн хувааж

Хүн хүнд түгээсэн

Тэнгэрийн элч юм би

Тогоотой сүүнд багтаан

Сарыг загсааж

Шөнийг гэрэлтүүлсэн

Дэлхийн гэгээрэл юм би

Хүн төрөлхтний нүүдлээс

Үлдэж хоцорсон

Өнчин дугуй мэт нарыг

Өнхрүүлж яваа юм би

Өргөн дэлхийг алдалсан

Эвэр саарал нум юм би

Өстнийхөө зүрх рүү ниссэн

Дуут хүрэл зэв юм би

Газар шороо миний алтан амь юм

Алдвал би үхнэ

Гол мөрөн миний улаан гол юм

Гогодвол би үхнэ

Хилийн хөх уулсаа нуруулданхан шогшиж

Эрэлхэгээр амьдарч яваа юм би

Хэрчигдэж алдагдсан газар нутгаа үгүйлэнхэн гансарч

Элэгнээсээ эмтэрч яваа юм би

Сүүдрээ дуслуулан гүйсэн

Шархтай хөх чоно юм би

Сүүдрээ дуусвал үхэх

Шаналант хөх Монгол юм би

Базарсадын Баттулга

(“Болор цом-33” наадмын тусгай байрын шагналт)

МӨНГӨН ШӨНӨӨР

Мөнгөн шөнөөр би холын холыг зорино

Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна

Ийм аяллаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд

Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно

Тэнгэрийн гэрэлт хаалгыг аяархан татахаар зорино

Тэрлэгээ тайлах шиг тавиланг аргадаж тайтгаруулсаар одно

Надтай зөрж ирэх нялх энхрийхэн бүхэнд

Нарны галтай бийрээр хайр тэрлэж үлдээнэ

Эхлэл нь замхравч төгсгөл нь эхэлдэг орчлон юм

Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм

Дуу нь намдавч цуурай нь шуранхайлдаг ертөнц юм

Дурдатгалын шидэт гүүрээр ирээдүйд зорчих тавилан юм

Охины минь нууцлаг инээмсэглэл болор одны дохио мөнийг

Оньсого таах хүү минь өндөр заяаны оньсого мөнийг

Одож байхдаа мэдрэх ямархан бол гэж санахаар

Онцын сонин тэр аялал зүрхэн дотор нүргэлнэ

Зүсэрч буй бороон дундуур одоохондоо би зүсэрч л явна

Зөнгийн бүрээ хангинан дуурсахаар аяллын цаг дохиолсныг мэдэрнэ

Бударч буй цасан дундуур одоохондоо би бударч л явна

Бурханы мэлмий ирмээд гэрэлтэхээр жингийн сүйх ирчихсэнийг ойлгоно

Өөрийн биеийг тэрлэг шигээ тайлж орхиод

Өнгө бүхнийг багтаасан цагаан зурвасыг дагаад

Холын хол аялалд одохын тэр цагт минь

Хорвоо дээр нэг л оньсого нууц хэвээрээ үлдэнэ дээ

Алтан ишийг нь ороогоод хортой могой ургачихсан ч

Арааны шүлс асгармаар амтат тошлой ургаж байна

Амьд явна аа гэдэг юутай нандин агуулга мөнийг

Амжиж мэдрэхээр би одоохондоо алхаж л явна

Нүднээсээ дотогш харах гээд лааны гэрэлд сүүмийж суулаа

Нүцгэрч буй модны дотор цагариг эргүүлээд жиндэж суулаа

Хайртай гээд хэлж зүрхлэлгүй харамласхийгээд ганхаж суулаа

Халуун бодлынхоо цөмд өөрийгөө аргамжаад бөртийж суулаа

Мөнгөн шөнөөр би холын холыг зорино

Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна

Ийм аяллаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд

Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар чиг бодогдоно доо

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, үргэлжилсэн үгийн нэрт төлөөлөгч Сономын Лочингийн шүлгүүдээс хүргэе.

Нэргүй холбоц-1

Нуурын цэнхэр бидэр

Нулимс адил бөмбөрнө

Нутгийн жаахан бүсгүй

Хөгжим адил гэгэлзүүлнэ

Аргалын цэнхэр утаа

Аргамжаа адил сунана.

Айлын жаахан бүсгүй

Хөөмий адил чичирхийлүүлнэ

Хээрийн цагаан манан

Хээ адил эвхэрнэ

Хэнд ч тогтоогүй сэтгэл

Хийсэх адил дэвхэрнэ

Тэнгэрийн цагаан үүл

Тэнүүлч адил нүүнэ.

Тээглэж тороогүй сэтгэл

Тээрэмдүүлэх адил шанална

”Монголын зохиолч” хэмээгчдэд

Бэлчээр сүйтгэдэг ямаа

Бичиж эрээчдэг зохиолч

Энэ Монголд олширч дээ

Энгэрийн тэмдгэнд хошуурч дээ

Усан хавантай хүүрнэлээ

Учир авцалдаагүй цэцэрхлээ

Маргаашизмын сонгодгууд маань

Магтаж хөөрөгдөж дэврүүлсээр

Төө алсыг хардаггүй

Төр засгаа залилна.

Төмөр зүүж эхэлнэ.

Төдөлгүй гавьяатыг нэмнэ.

Төсөр нэгийг санаад

Төрийн шагналаа чамлаад

Авсан нь багадаад

Ардын зохиолч болно.

Шунал нь тэгээд ханахгүй

Шууд баатрыг нэхнэ.

Чингисийн одонд санаархана

Чи л биш бол гээд жөтөөрхөнө.

Сахал үсэндээ ч дарагдана

Савсаглаж харцаа ч чулуудна

Хэхэрсэн үмхийгээр утна

Хэлхгэр дээлээр моодолно

Тамхи тасралтгүй баагиулна

Тагштайг тавихгүй хоосолно

Хойч үе нь тэднийхээ

Хошногыг төнхөхөө мартахгүй

Бяруу болоогүй тугал

Бухын баадлаар баана

Хяруу унаагүй цагаар

Буурын ороогоор шавина

Одой сонгодгууд оодорно

Олны харцыг горьдоно

Монгол хоцрогдсон л гэнэ

Модернизм хосгүй л гэнэ

Шагайт чөмгөөр биш

Шад шүлгээрээ тэд

Өвгөсөө аниулах гэнэ

Өөрсдөө алдарших гэнэ

Бэлчээр сүйтгэдэг ямаа

Бичиж эрээчдэг зохиолч

Энэ Монголд олширч дээ

Энгэрийн тэмдгэнд хошуурч дээ

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Өөрийн үйлдвэргүй, эдийн засгийн бодлогогүй улс хямралаас гарахад хэцүү

Жалханз хутагт Дамдинбазар сангийн тэргүүн Ц.Эрдэнэбат

Бид 1990 онд ардчилал гэж орилж үймж байхдаа улмаар өмч хувьчлаад олон арван үйлдвэрийг байхгүй болгосноор өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээ өсч, хямралд өртөж байна. Хэрэв 1990-ээд оноос өмнөх шиг Шевретийн үйлдвэр нь арьс ширээ боловсруулж байсан бол энэ жилийнх шиг арьс ширний үнэ унахгүй. Гутлын болон савхин жижиг эдлэлийн үйлдвэрээр дамжаад бүтээгдэхүүн болж, бүр ашигтай байх байлаа. Үйлдвэрийн олон мянган ажилчин ажилгүй болж, Монгол Улсыг эдийн засгийн талаар бусдаас хараат болгоход дэмжлэг үзүүлчихээд, эцэст нь улс орон хөгжлийн гарцгүй суухад хүрлээ.

Хүн болгон уул уурхайд л найдвар тавьдаг болжээ. Газрын баялаг бол дахин нөхөгддөггүй, шинээр бий болдоггүй тул ухаад л хоосон шороо үлддэг. Дээр нь ус, бэлчээр сүйтгэж, орхидог ч ард түмэнд юу ч нялздаггүй. Тийм учраас баялгийн хараал гэсэн үг гараа биз ээ. Ашигт малтмал хөгжлийг авчрахгүй. Яагаад гэхээр манайд боловсруулах үйлдвэр байхгүй.

Улс орнуудыг ажиглаад байхад өөрийн хийж чаддаг нэг зүйлээрээ дэлхийд тэргүүлж чадсанаар амжилтад хүрч байх юм. Герман гэхэд Бенз машин, техникийн үйлдвэрлэл, Япон гэхэд электроник, Орос гэхэд цэргийн техник зэвсэг, сүүлийн үед Энэтхэг компьютерийн салбарт толгойлж байх жишээтэй. Харин Монголд дэлхийд танигдсан брэнд байна уу гэхээр хариулахад хэцүү.

Эрх баригчдын амин хувиа бодсон, буруу бодлого эдийн засгийг сөхрүүлэхэд хамгийн их нөлөөлж ирэв. Би Хөвсгөл аймгийн хүн. Манай аймгаас УИХ-д бие даан нэр дэвшигч гишүүн 2014 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазарын 140 жилийн ойгоор 120 сая төгрөгийг хөшөө босгуулах талбай засуулахад зарцуулж байгаа юм. Гэтэл Жалханз хутагтын хөшөө Цагаан-Уул сумын нутагт орших өөрийн хийдийн туурин дээр байдаг. Тэгээд ч зогсохгүй хөшөөгөө Мөрөнгийн төвд нээчихээд, хэд хоноод буулгачихсан. Яасан бэ гэхээр “Хөшөөний дээл сольж байгаа гэнэ” гэсэн яриа сонсогдсон. Энэ мэтээр төсвийн хөрөнгийг үргүй зарах нь хэрээс хэтэрсэн тул Монгол Улс хөгжихгүй байгаа юм. Хувийн эрх ашгаа улсынхаас дээгүүр тавьдаг, хуйвалдсан талцсан улстөрчдийг ахин төрөөр тоглуулмааргүй байна.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цасан шуурга шуурна

-МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД-

Өнөөдөр Увс, Завханы нутгаар, баруун
зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, маргааш буюу шинийн
3-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг
онцгойлон анхааруулж байна.

-ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 2 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА-

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар
үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас
орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс
хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун
зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон
говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан
голын эхээр 24-29 градус, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгороор,
Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг
нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дарьгангын тал
нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус
дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 0-2 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав-2016” уралдаан энэ сарын 28-нд болно

Өнгөрсөн даваа гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу 2016 оны 2 дугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт 3 дугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар шийдвэрлэжээ. Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болно. Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт 2016 оны 7 дугаар сарын 24-нд болно.

Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгажээ.