Categories
мэдээ нийгэм

Энэ онд дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд байрандаа орно

Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайг баталсан. Одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршилд, 57 хэсэгчилсэн талбайд 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд “Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, “Бэрэн групп” ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж байгуулснаар нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Харин 2015 онд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК 144 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” ХХК 432 айлын орон сууц, “Бэрэн групп” ХХК 1080 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2000 гаруй иргэн тохилог сууцаар хангагдсан юм. Харин 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулбал,
Баянзүрх дүүрэгт:
Зургаан талт ХХК – 150 айлын орон сууц
Гангар инвест ХХК – 168 айлын орон сууц
Баганат өргөө ХХК – 144 айлын орон сууц

1.Сонгинохайрхан дүүрэгт:
Стандарт проперти групп ХК – 262 айлын орон сууц
Хера пропертийз ХХК – 320 айлын орон сууц

2.Сүхбаатар дүүрэгт:
Пример инвестмент групп ХХК – 60 айлын орон сууц ашиглалтад орно.

Categories
мэдээ спорт

Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртжээ

Туркийн алдарт бөх Ясир Догугийн нэрэмжит 44 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээний 57 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртжээ.

Турк улсын Истанбул хотноо “Ahmet Cцmert Sports Hall” спортын ордонд эхэлсэн уг тэмцээний эхний өдөр буюу баасан гаригт эмэгтэй 48, 58, 69 кг, эрэгтэй 57, 70 кг жингийн барилдаан болов.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 2.4 тэрбум төгрөг зарцуулна

2016 он дөнгөж гараад 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, аймгуудад эхний ээлжинд хуваарилжээ. Ингэснээр 6500 тонн өвс үнэгүй хүргэх, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүргэх ажлыг зохион байгуулсан байна. Увс болон өвөлжилт хүндэрсэн бусад аймгуудад 1.2 тэрбум төгрөг шилжүүлэн, 4500 тонн өвсний хуваарилалт хийлээ. Мөн 20 гаруй машин олгосон. Дахин машин хуваарилах ажлыг зохион байгуулж байна гэж Ерөнхий сайд өчигдөр УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Мөн олон улсын зарим байгууллага Засгийн газарт хандан, тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их дайны өмнөх дэлхий

Дэлхийн өнөөгийн байдал дэлхийн хоёрдугаар дайны өмнөхтэй улам төстэй болж байх шиг. Хоёрдугаар дайнд хүргэсэн шалтгаан 1929 онд Нью Йоркт болсон биржийн дэлбэрэлтээс эхэлсэн юм. Энэ нь АНУ-ын эдийн засгийг сүйрүүлж Их хямрал буй болгон энэ нь даруй 10 жил үргэлжилсэн. Их хямрал тэр дороо дэлхийг бүрхэж Ази, Европын ихэнх орны эдийн засгийг, үргэлжлээд улс төрийг тогтворгүй болголоо. Чухам үүнээс болж Германд Гитлер, Италид Муссолини, Японд Араки, Испанид Франко гарч ирсэн төдийгүй Хятадад нийгмийг тогтворгүйжүүлсэн Маогийн бүлэглэл толгойгоо өндийлгөж, Орост Сталин дотоодын терророо гааруулж, Унгарт Хорти чангарлаа. Салан тусгаарлал эргэн амь орж Версалийн гэрээний шийдвэрийг дахин хянах оролдлого энд тэндгүй хүчээ авав. Чехословакаас Словак, Югославаас Хорват бие даахыг илээр тунхаглах болов.

Энэ үеэс түрэмгийлэгч улсууд хөрш зэргэлдээ орон руугаа халдах, газар нутгийг нь аннекс хийн булаан авах, дэлхийн нэгдүгээр дайны хонзонгоо сэргээх, олон улсын өмнө хүлээсэн үүргээ санаатайгаар хөсөрдүүлэх, дотооддоо цэргийн дэглэм тогтоох зэрэг балмад ажиллагаа өргөжив. Герман, СССР, Итали, Япон гэсэн дөрвөн улс дэлхийн байдлыг тогтворгүйжүүлэх гол хүчин боллоо. Италийн Муссолиний дэглэм өнгөрсөн түүхийн сурвалжийг гул барин Этиопыг эзэлж, Албанид халдлаа. Япон Хятадад түрэмгийлж дайн эхлүүллээ. Гитлер Австрийг аннексаар өөртөө нэгтгэв. СССР Балтын гурван улсыг аннексаар өөртөө нэгтгэж, Гитлертэй хуйвалдан Румынаас Бессарабийг, Польшоос ихээхэн газар нутгийг булаан авсан төдийгүй жижигхэн хөрш Финландаас Кареллийг булаан авахдаа хилийн зурвас Ленинградтай хэтэрхий ойрхон байна гэсэн ичгүүргүй зөвтгөлөөр дайн өдөөлөө. Испанийн иргэний дайн нь дэлхийн дайны сургуулилт болж Европын ихэнх орон хөндлөнгөөс оролцон цэрэг техникийнхээ чадавхийг сорив. ЗХУ, Японы хоорон дахь хэд хэдэн удаагийн хилийн будлиан даамжирсаар сүүлдээ Монголын эзэнгүй уудам талд нэг мөсөн чадал тэнхээгээ шалгахаар бараг дайны хэмжээний том мөргөлдөөн зохион байгуулжээ.

Өрнөдийн ардчилал арчаагүй байдалд орлоо. Дэлхийн дараагийн дайныг гаргахгүйн тулд хамтран ойлголцох байгууллага болох Лиги Нацийг Версалийн гэрээний үндсэн дээр байгуулсан юм. Гэтэл ердөө арав гаруйхан жилийн дараанаас энэ байгууллагыг үл тоох хандлага газар авч, зарим нь эндээс түрэмгийлэл үйлдсэн шалтгаанаар хөөгдөж, зарим нь ерөөсөө л нулимаад өөрснөө хаяж одох нь тэр. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ мөнөөх л хувиа бодсон бодлогоороо Ази, Европт болж буй эдгээр самууныг далайн чанадаас ажиглан сууж байв. Тэд дайны өмнө зэвсэгт хүчний чадавхиар Румыны дараа 16 дугаар байрт орж байлаа. Ерөнхийлөгч Вильсоны зоригтой санаачилгын ачаар дэлхийн нэгдүгээр дайн дуусч байхад шахам энэ дайнд татагдан орсон ба хэрэвзээ япончууд унтаж буй арсланг өшиглөж сэрээгээгүй бол магадгүй дэлхийн хоёрдугаар дайныг хөндлөнгийн ажиглагчаараа үдэх байсан ч юм бил үү?

Өрнөдийн доройтсон ардчилал эцэст нь дарангуйлалт дайны хэнээтнүүдэд бууж өгөн 1938 онд Гитлертэй хэлэлцээрт орж тэдний нэхээд байгаа Чехословакийн Сүдэтийг Германд бэлэглэв. Бууж өгсөн шившигт гэрээ Гитлерийг зоригжуулж ердөө хойтон жил нь тэд Польшид гэнэт халдсанаар дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн юм. 1939.9.1-нээс 1945.9.2 хүртэл үргэлжилсэн энэ дайнд дэлхийн ихэнх орон татагдан орсон ба 60 сая хүний амь насаар тоглож, үй олон хот тосгон, хүн төрөлхтний иргэншлийн зургаан мянган жилд бүтээсэн асар их баялгийг үнсэн товрог болгосон билээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 70 жилийн турш хүн төрөлхтөн дайн дажингүй, амар амгалан амьдарсаар өдий хүрлээ. Мэдээж орон нутгийн болон бүс нутгийг хамарсан дайн байлдаан, тулалдаан, мөргөлдөөн тасраагүй ч гэлээ. Юутай ч дэлхийн улс орнууд Каир, Тегеран, Ялт, Подстамын гэрээний үндсэн зарчмыг өдий хүртэл ямар нэг хэмжээгээр сахисаар ирсэн юм. Энэ хооронд колонийн систем задарч Ази Африкийн олон орон тусгаар тогтнолоо зарлалаа. Мөн коммунизм нурснаар цөөнгүй улс орон тусгаар боллоо. Маш олон оронд төрийн эргэлт, иргэний дайн, дарангуйлалт тогтолцоо, бүс нутгийн маргаан болон байлдаан гарч, заримдаа бүс нутаг болон үндэстэн дамнасан талбайг эзэлсэн терроризм байнга гарч байсан боловч ерөнхий утгаараа хүн төрөлхтөн улам бүр нэг зарчим дээр тулгуурласан ёс суртахуунд ойртсоор ирсэн. Өдгөө дэлхийд 200 орчим тусгаар улс орон буй бөгөөд түүний тал нь ардчилсан тогтолцоотой, гуравны хоёр нь ядахнаа л сонгуульт ардчилсан зарчмыг баримталдаг.

Коммунизм мөхсөнөөр Хантингтоны “иргэншил хоорондын мөргөлдөөн” гаарлаа. Яг иргэншил хоорондын мөргөлдөөн мөн үү? Лал иргэншлийнхэн бусадтай гэхээсээ хоорондоо сунит, шийт болон үхэх сэхэхээ үзэж байна. Христосын үнэн алдарт мөргөлт Орос Европтой дайсагналцах төдийгүй ах дүү украинчуудтайгаа байлдаад уналаа. Иргэншлийн хувьд яг таг нэг ангид хамаарах хятадууд, вьетнамчуудын зөрчил юунд ч хүргэж болох юм. Нарийн ярих юм бол хүн төрөлхтний түүхийг харахад нэг гарал үүсэлтэй соёл иргэншлүүд бусадтай гэхээсээ хоорондоо илүү дайсагналцдаг. Ингэхээр иргэншил хоорондын мөргөлдөөн гэхээсээ дэлхийн дайны дараахь хуваагдлыг хянан үзэх, болбол өөрчлөх сонирхол энд тэндгүй буй болсонтой холбоотой мэт. Дайны дараа шийдвэрлэгдээгүй, эсвэл бүрхэг үлдсэн, эсвэл маргаантай асуудлууд хүйтэн дайны дараа эргэж сэдрэн гомдол санал төдийгүй дайсагналцал энд тэндгүй үүсэх боллоо.

Номхон далайн олон аралд Хятад гомдол гаргах болов. Курылын арлууд Япон, Орос хоёрын олон жилийн маргаан. Югослав задарснаар газар нутгийн маргаан тасрахаа болив. Латин Америкийн орнуудын газар нутгийн маргаан ч шинэ зуун гарснаар идэвхжив. Колонийн задралын дараахь Африкийн асуудлыг яриад ч хэрэг алга. Колони орнуудын дураараа буй болгосон Африк дахь шинэ улс орнуудын хуваарилалт 100 жил үргэлжилсэн Балканы хойгийн асуудлаас ч хурц, заавал тайллаа хүлээж буй уурхай мөн. Далим л хүлээж байгаа. Энэтхэг ба Пакистаны, Камбож ба Тайландын гээд цааш үргэлжлүүлбэл дуусашгүй. Үүнээс гадна далим гарвал хүчээ авах салан тусгаарлалтын өмнө Энэтхэг, Хятад, Индонез, Шри Ланка, Пакистан, Афганистан, Испани, Орос, Их Британи, Канад гээд олон орон байна. Ойрхи Дорнодыг тоочоод ч хэрэггүй. Дээр нь овог овгоороо тусгаарлах сонирхолтой Африкийг нэмбэл тооцоолж байгаагаар 600 орчим шинэ улс гүрэн буй болох аж. Энэ бүх асуудал зөвхөн дэлхийг хамарсан шинэ дайнаар л шийдэгдэх боломжтой.

Дэлхийн хоёр дайныг өдөөгч нь Герман байсан бол өдгөө дэлхийн III дайн болдог юм гэхэд өдөөгч нь Орос болох магадлал илүү байна. Хүйтэн дайн төгссөнөөр эзэнт гүрэн нь нуран унасанд туйлаас харамсан гашуудаж, эзэнт гүрнийг дахин сэргээх хэнээрхэлд нийт ард түмнээрээ автчихаад буй нь Вэрсалийн гэрээнд туйлаас хорсож Ариун Ромын эзэнт гүрнийг дахин сэргээж өшөөгөө авах хийрхэлд автсан Гитлерийн Германтай тун төстэй болжээ. Иймээс тэд дэлхийн дайны дараа тогтсон дэг журмыг дураар зөрчиж, урьд нь харьяалалд нь байсан тусгаар орнуудыг дарамтлан, газар нутгаас нь булаах буюу тусгаарлах ажиллагааг идэвхтэй явуулах боллоо.

Путины дайснаар зарлаад байгаа нөгөө тал болох ЕХ болон НАТО нь Оросоос хүн амаараа дөрөв дахин олон, үндэсний баялгаараа арвантав дахин их, батлан хамгаалах зардал нь мөн арвантав дахин их, технологийн хувьд бүтэн үе түрүүлчихсэн, соёл, шинжлэх ухаан, зэвсэглэл, баялгаар бүх дэлхийг тэргүүлчихээд байгаа этгээд юм. Нэг үгэндээ соёл иргэншлийн түвшин, сэтгэлгээний өндөрлөгийн хувьд XIX зууны Орос, XXI зууны Европ, Америктай тулчихаад байна. Путин хүч тэнцвэргүй энэ дайсныхаа өрөөсөн нүдийг үүрд юм харахгүйгээр таг сохолж болох ч хариу нь энэ хүчирхэг түүхэн орныг мөч мөчөөр нь хэсэглэн хуваах аюултай. СССР-ийн үед улс орон нь дэлхийн хоёр дахь хүчирхэг зэвсэгт гүрэн, дэлхийн хоёр дахь том эдийн засаг байсаан. Одоо бол эдийн засгийн хувьд гаргаж зарж буй юмных нь 80 хувь нь байгалийн түүхий эд учир томсгосон Саудийн Арави. Хүйтэн дайны үеэс үлдсэн цөмийн нөөц нэлээдтэй учир үүгээрээ бусдыг айлгадаг томсгосон Хойд Солонгос. Биенийхээ үүдэн дээр зэвсэг хангинуулан шавж дэвэн, өрж зогсох нь хөндлөнгөөс харахад ч аймаар. Магадгүй өнөөдөр хүн төрөлхтөн Карибийн хямралын томсгосон бодит хувилбарын өмнө ирчихээд ч байж болох. Түүх давтагдах дуртай. Гэхдээ спираль хэлбэрээр давтагддаг гэж зарим нь нотлох. Маркс бичихдээ “Түүх давтагдах дуртай. Эхнийх нь эмгэнэл болдог, дараагийнх нь фарс болдог”. Уг нь гамшиг талаас нь бодвол трагедиас фарс нь дээр л дээ.

Аль Их Пётрийн үеэс л оросууд Газар дундын тэнгист гарцтай болох гэж үзэлцсэн боловч одоо болтол бүтээгүй. Үүний тулд Түрэгтэй 300 жилд 13 удаа байлджээ. Газар дундын тэнгист ноёрхож чадвал Европыг байтугай дэлхийг ноёрхож болно гэсэн тэдний ойлголт байдаг учир Их Пётр, Их Екатрина, I Николай, II Александр, Сталин, Хрущёв гээд Путин хүртэл үүнийг гол зорилгоо болгож байна.

Путин шууд НАТО-той зэвсэг хангинуулан тулалдах магадлал тун бага. Иймээс өнөөдөр гүн хямралд ороод буй Ойрхи Дорнодоос дайныг эхлүүлэх нь дээр. Америкийн гар хөл болсон Ираны Шахын дараа гарч ирсэн шийтийн тулгар үзэлтнүүдтэй оросууд хэл амаа ололцож чадахгүй байсан бол Путины үеэс тэд тун ойртсон. Арабын хувьсгал гэгчээс хойш Ойрхи Дорнод үндсэндээ хоёр фронтод хуваагдсан. Чухам энэ бужигнаанд оролцсоноор Өрнөдтэй асуудлаа нэг тийш болгож болно гэж Путин шийджээ. Магадгүй эндээс Молотов-Риббонтропын гэрээ маягийн шинэ хувилбар гарч ирж болох. Өөрөөр хэлбэл Өрнөдтэй түр зуурын холбоо тогтоож болох. Сталин Ваймарын бүгд найрамдах улстай маш дотно байсан, Гитлерийг засагт гарч ирэнгүүт үзэл суртлын дайсан болсон, Европыг хуваах болохоор эргээд сайн түнш нь болсон, гээд дараа нь байлдсан, дайнд харин ялсан.

СССР бутарсныг ХХ зууны хамгийн том эмгэнэл гэж Мюнхэнд Путин мэдэгдсэн. Их Орос улсыг холбооны улс болгож өөрчилснөөр ирээдүйн задралынх нь үндэс суурийг тавьсан хэмээн тэрээр ил тодоор Ленинийг буруутгах боллоо. Хүний түүхэнд хамгийн том хуурай газар захирч байсан нь Чингис хаан, хоёрдугаарт нь 1913 оны II Николай хаан ордог. Ингэхээр Их Оросыг эргэж босгоно гэсэн үг. Бололцоотой юу? Зөвхөн дайнаар. Явц өдгөө хэтэрхий явчихсан учраас үүнээсээ гэнэт татгалзвал түүнийг Оросын ард түмэн өршөөхгүй. Иймээс тэрээр Гамлетийн “оршиж ч болдоггүй, оршихгүй байж ч болдоггүй” гацаанд ороод сонголтгүй болжээ. Бууж өгөх үү, амиа хорлох уу?

Асуудал даамжирсаар дэлхийн дайнд хүрвэл яах вэ? Цөмийн дайнд ч хүрч болох, учир нь Путинд өөр сөргүүлэх зэвсэг байхгүй. Юу юугүй хоёр талаас Москва, Парисыг газрын хөрстэй тэгшлэх нь юу л бол! Их бодоход Екатринбург, Канзас гэсэн хоёр хотод цөмийн сүйрэл болж болох юм. Өнөөгийн XXI зууны нөхцөлд юутай ч фронтын дайн болохгүй. Сансар болон агаарт хэн ноёлохоос хамаарна. Хариу нь тодорхой. Дайн болбол Орос ялагдана. Хэрэв үүнд хүрвэл Их Оросын гурав дахь задрал эхлэх болно.

Большевикууд засгийн эрх авснаар Оросын анхдугаар задрал болж Польш, Финланд тусаарлаж, Украин, Кавказ бие дааж, Манжуурт хяналтаа алдаж байсан ч сүүлд нь Сталин түр зуур үүнээс ч ихийг эргүүлж олж байсан. Харин хүйтэн дайны дараахь СССР-ийн задралаар хүн ам нь хоёр дахин, газар нутаг нь таван сая ам км-ээр хорогдсон билээ. Хэрэв одоо дайн болбол тэд юун түрүүн Кавказыг тэр чигээр нь алдах болно. Үүн дээр Татарстан, Башкир гэсэн нефтиэр баялаг газар салан тусгаарлана. Энэ нь ялагдсаны гор болж ялсан талын шахалтаар гүйцэтгэгдэх эд. Үүнээс гадна хөгжингүй орнуудтай хил залгадаг Приморье, Калининград мужууд салах магадлалтай. Яг л англосаксоны англи хэлт Шинэ Зеланд, Австрали, Канад маягийн тусгаар улсууд шиг. 1998 оны гэнэтийн хямралаар эдгээр мужууд эдийн засгийн тусгаарлалаа зарлана гэж сүрдүүлж байсан. Гэхдээ гуравдугаар задралаар Баруун, Зүүн Сибирь алдагдах магадлал бага, учир нь хэтэрхий хоцрогдсоноос гадна хүн амын нягтаршил дэлхийд хамгийн сийргийн нэгд тооцогддог. Тува салж магадгүй ч хүн амын дөнгөж хорь гаруй хувийг нутгийн уугуул иргэд эзэлдэг Буриадын хувьд салан тусгаарлал болохгүй. Гэвч Сибирийн цөөнх уугуул иргэд өнөөгийн Кавказ болж дараагийн дөрөв дэх задралыг хүлээн бужигналдах магадлалтай. Өдгөө жилд 400 мянган слав үндэстэн Сибирь, Алс Дорнодоос нүүн Уралын чанад руу шинэ амьдралаа сонгож байна гэсэн статистик бий.

Дэлхийн шинэ дайн болдог юм гэхэд гол полигон нь Ойрхи Дорнод, тулалдагч талууд нь НАТО болон түүний холбоотнууд, нөгөө талд нь Орос. Харин Хятад, Энэтхэг, Бразил гэх мэтийн том орнууд уулын оройгоос барын зодоон үзэж суудаг ухаант сармагчингийн дүрд орон, дайнаа зогсоохыг уриалж, “сэтгэл санаагаар” Оросыг хий л өмөөрнө. Ийм дайнд гар бие оролцох нь эдний хувьд дэндүү аз туршсан явдал болно, харин ч дайнаас ашиг гаргахыг илүүтэй сонирхох болов уу. Эдгээр орнууд дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгийн статус квогоо хадгалахыг л бодно.

Түүхээс харахул алив дарангуйлагч төр голдуу нэг хүнээс бүрэн хамаарсан байдаг ба дарангуйлагчийн дараа ард түмэн түүнийг огт байгаагүй юм шиг бодлогоо шулуухан эрс өөрчилдөг. Наполеоны дараахь Франц, Хабсбургийн дараахь Австри, Гитлерийн дараахь Герман, Тожогийн дараахь Япон, Сталины дараахь Орос, Маогийн дараахь Хятад, Франкогийн дараахь Испани, Иди Амины дараахь Уганд…

Categories
мэдээ цаг-үе

Ц.Анандбазар: Орос, Хятадад хувь санал болгож байж нефть боловсруулах үйлдвэр барих боломж нээгдэнэ

Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргаад удаагүй байна. Хэнтийн БорӨндөрт барихаар төлөвлөж буй үйлдвэрийн хүчин чадал нь жилийн 2.5 сая тонн байх юм. Үйлдвэр барих шийдвэр гараад удаагүй энэ үедГазрын тос ба Монгол Улсын эдийн засаголон улсын хурал Блю скайд болов. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, МҮХАҮТын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн, “Сод Монголгруппийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Аргус медиакомпанийн ахлах шинжээч Анастас Гатунок гээд үгийг нь анхаарч сонсохоор хүмүүс хурлын гол оролцогчид байлаа. “Сод Монголгруппийн ерөнхийлөгч Ц.АнандбазарынГазрын тос ба эдийн засгийн аюулгүй байдалилтгэлийг тоймлон хүргэж байна.

Монголд нефть боловсруулах үйлдвэр барих гэхээр нефть импортлогчид монопольдож байгаад зогсоочихдог гэсэн яриа байдаг. Нэг талаас нь харвал үнэн л дээ. Монголын импортлогч компаниуд үйлдвэр барихын эсрэг зуун хувь зогсдог. Нефтийн үйлдвэрийн тухайд импортлогчид яагаад нефть боловсруулах үйлдвэрийн эсрэг зогсох ёстой вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Манайд нэг сонин хандлага бий. Америкт бизнесмэнүүдээс юу хийснийг нь асуудаг. Монголд болохоор ямар хүн бэ гэдгийг нь сонирхдог. Боловсруулах үйлдвэрийг барихын тулд эхлээд ойлголтын зөрүүгээ арилгах учиртай. Нефть импортлогчид нефть боловсруулах үйлдвэр барихын төлөө зогсдог. Энэ үйлдвэрийг барьснаар импортлогч компаниудын сонирхол хөндөгдөхгүй. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүд импортлогч компаниудын шатахуун түгээх станцын сүлжээгээр дамжиж л хэрэглэгчдэд хүрнэ. Ингэвэл бидэнд хэрэгтэй. Бензинийг төгрөгөөр авдаг болно. Монгол банк, арилжааны банкуудын гадна зогсоод олдоц нь муудсан ам.долларын хүсэлт тавиад, гадаад төлбөрөө хожигдуулаад, ханш нь өсч буй долларын эрэлд мордохын оронд хэрэглэгчдээс цуглуулсан төгрөгөөрөө бүтээгдэхүүнээ худалдаж авна гэдэг том давуу тал. Долларын ханшийн зөрүүгээр ашгаа алдахгүй болно гэсэн үг. Тэгэхээр үйлдвэр барих нь импортлогчдын нэн тэргүүний ашиг сонирхолд нийцэх юм.

Монголд яагаад үйлдвэр баригдахгүй байна вэ гэсэн асуулт бий. Манай хятад хэлний орчуулагч “Хямрал гэдгийг хятад ханзаар бичихдээ хямрал, боломж гэх хоёр үсгийг нийлүүлж бичдэг” гэж хэлж байсан. Хямарч байгаа үед боломж гардгийг олж харсан ухаантай ард түмэн. Өнөөдөр түүхий нефтийн үнэ хамгийн хямд байна гэдэг нефтийг тойрсон бүх зүйл хямдарсан гэсэн үг. Д.Содном гуай нефть боловсруулах үйлдвэрийн тухай орчин үеийн түвшинд үнэхээр сайхан мэдлэгтэй байна. Түүхий нефтийн 25 бүлэг ордын ихэнх нь гадны компаниуд байгаа. Сая би “Аргус интернэшнл” компанийн захиралтай ярилцлаа. Казахстан маш хүнд байдалд орсон гэнэ. Боловсруулах үйлдвэрээ бариад эргээд харсан чинь бүх орд нь гадныхны мэдэлд орчихсон байж. Назарбаев ордуудаа яаж буцааж авах вэ гэсэн бодлого руу анхаарлаа хандуулаад эхэлжээ. Ийм алдаа Монголд давтагдах магадлал өндөр байна. Үйлдвэр барихад газрын доорх баялгаа яаж зөв зарцуулах талаар Д.Содном гуай маш гайхамшигтай үг хэллээ. Газрын тосны газар хятад компанитай гэрээ хийхдээ 70, 30 буюу гадны компанид давуу эрхтэйгээр ашиг хуваарилдаг. Харин монгол компаниудыг хайгуул хийе гээд тендерт орохоор дотоодын компанид хохиролтой байдлаар гэрээ хийх хууль үйлчилж байгааг онцоллоо.

“Аргус интернэшнл” бол нефтийн ирээдүйн ханшийг дүгнэж цэгнэдэг дэлхийн цөөхөн байгууллагын нэг. Хамгийн сүүлийн үеийн, хамгийн том экспертүүдийн дүгнэлтийг гаргадаг. Нефть бол тааж ярьж болдоггүй бодитой салбар. Бүх хүн боловсруулах үйлдвэрийг мэддэг юм шиг ярьдаг нь үйлдвэр барьж чадахгүй удсаны нэг шалтгаан. Түүхий нефтийг боловсруулах талаар мэдлэгтэй хүн хуруу дарам цөөн. Өнгөрсөн хугацаанд энэ талын бодлогын боловсон хүчин бэлдэж чадаагүй.

Дэлхий даяар геополитик гэж улс орнуудын эдийн засаг болон газар зүйн бодлогын тухай их ярьж байгаа. Тэгвэл сүүлийн үед петрополитик гэдэг нэр томъёо хүчтэй яригдаж эхэлсэн. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл дэлхийн хоёр дайныг үзээд, гурав дахь дайнд орох нь гэж ярьж байна. Дайн бүрийн шалтгаан нь нефтийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн байсан. Нефтийн өрсөлдөөн яагаад болдог вэ. Дэлхийн нийт эдийн засгийн суурь тулгуур үнэд нөлөөлдөг хамгийн чухал бүтээгдэхүүн учраас тэр. Нефтийн дийлэнх бодлогыг авсан газар тухайн цаг үеийн эдийн засгийн болоод улс төр нийгмийн голлох рольд тоглодог. ЗСБНХУ гэж байгаад задрах үед түүхий нефтийн үнэ баррель нь есөн ам.доллар хүрч уруудсан түүхтэй. ЗХУ-ыг задалж, нийгэм эдийн засгийг нь суллахын тулд нефтийн үнийг унагаасан гэсэн тайлбар бий. Экспортын гол бүтээгдэхүүнийх нь үнийг унагаачихаар эдийн засгийн хувьд оршин тогтнох аргагүй болсон хэрэг. Ийм дүн шинжилгээг барууны орнууд хийсэн байдаг. АНУ тэргүүлээд улс төрийн бодлоготойгоор түүхий нефтийн үнийг зориудаар унагасан юм. Сири, Иракийн дайн ч ялгаагүй түүхий нефтьтэй хамаатай. Түүхий нефтийн бодлого нь зөв бол дажгүй, буруу бол дайнд ч хүргэдэг уршигтай. Магадгүй бид түүхий нефтийн зах зээлд үүрэг роль, хэмжээ зэргээрээ бага учраас бидэнд энэ бодлого мэдэгдэхгүй байж болно. Гэхдээ петрополитикийн нэгдсэн бодлого байхгүй учраас үйлдвэргүй өнөөдрийг хүрсэн болов уу гэж боддог.

Түүхий нефтийг боловсруулдаг, экспортолдог, импортолдог долоон том улсыг ОХУ, АНУ, Саудын Арави толгойлж дэлхийн бодлогыг тодорхойлж байдаг. 2015 оны байдлаар ОХУ нефтийн түүхэндээ анх удаа түүхий нефтийн экспортоор анх удаа Саудын Аравийн урд орж, хамгийн их түүхий нефть экспортолсон улсаар шалгарсан. Саудын Аравийн дараа АНУ орсон. Энэ нь эргээд америкчуудыг оросуудтай тооцоо бодох хэмжээнд очсон байх. Түүхий нефтийн бизнес эрхэлдэг том компаниудын гол өрсөлдөөн бол шинэ технологи. Занарын, нүүрс шингэрүүлэх гэх мэтийн технологийн үйлдвэрүүд гарч ирэхэд хөгжүүлэх үү, байх уу гэдэг бодлого петрополитик дотор явж байдаг. Занарын үйлдвэр хэт хөгжөөд ирэхээр нефтийн үйлдвэрлэлийн үнийг буулгаж занарын хөгжлийг бууруулах бодлого барьдаг. Нефтийн үнэ буугаад ирэхээр эрчим хүчний эх үүсвэрийг бий болгодог бүх л түүхий эдийн үнэ унадаг. Тухайлбал нүүрс. Хятадын эдийн засаг муудсан учраас унасан хэрэг биш. Нефтийн үнэ унасан үед нүүрсний үнэ босно гэж байхгүй. Баррель нефть 30 ам.доллараас уруудсан өнөөгийн нөхцөлд харвал нүүрсний үнэ ойрын таван жилд босох хандлага алга. Хямралыг ашиглаад түүхий нефтийг боловсруулах санаа засгаас гарсан гэж харж байгаа.

Боловсруулах үйлдвэрийг олон жилийн өмнөөс барья гэж ярьсан. Үйлдвэр барьж чадахгүй байгаа хамгийн том саад бол төслийн эзэн. Нефть боловсруулах үйлдвэр барья гэхээр ард нь нэг нэр гараад ирдэг. Дарханы газрын тосны үйлдвэр явахгүй байгаагийн шалтгаан нь Намжим гуай. Намжим гуайд дуртай хүмүүс бий, дургүй улс ч байгаа. Тэгээд л бие биедээ саад тавиад эхэлдэг. Төрийн ямар нэг сайд, улс төрийн ямар нэг намаас хамаарч байгаа юм биш. Нефть боловсруулах үйлдвэр нэг эзэнтэй байдаггүй гэсэн дэлхийн жишгийг бид анзаардаггүй. Би Дубайд олон улсын нефтийн томчуудтай уулзлаа. Япон, Австрид очлоо. Нефть боловсруулах үйлдвэрүүдийг нь анхааралтай ажиглаж судаллаа. Нефть боловсруулах үйлдвэрийн эзэмшил нь улсын болоод нэг компанийн мэдэлд хэзээ ч байдаггүй юм байна. Хятад, Орос зэрэг цөөхөн орны хувьд л дийлэнх хувьцаа нь улсад байдаг. Нефтийн үйлдвэр хөгждөг арга нь хувьцаагаа задлаад хүмүүст хуваарилах юм билээ. Австрид 10 сая тоннын үйлдвэр байна. Есөн сая тонн түүхий нефтийг гаднаас аваад, дотоодоосоо нэгхэн сая тонн нефтийг үйлдвэртээ нийлүүлдэг. Нийт хувьцааных нь аравхан хувийг Австрийн иргэд,12 хувийг Саудын Аравийн нефтийн нэг фонд эзэмшдэг. Герман улс бас эзэмшилтэй. Олон хувьцаа эзэмшигчид тараагаад өгчихөөр тэр үйлдвэрийн аюулгүй байдал ганц улс биш дэлхийн аюулгүй байдал болчихдог. Нефть боловсруулах үйлдвэр хэн нэгний өмч биш гэдгийг улстөрчдөд ойлгуулах ёстой. Монголын ард түмнээс гадна хоёр том хөршдөө хувь өгөх хэрэгтэй. “Роснефть”-тэй тохирохгүйгээр үйлдвэр баригдахгүй. Ямар ч нефтийн компани зах зээлээ хамгаалдаг. “Роснефть”-тэй маш өндөр түвшинд эвийн гэрээ байгуулах учиртай. Уламжлалт зах зээл чинь эзэмших хувьцаагаар чинь дамжиж хадгалагдаж үлдэнэ гэсэн хэлэлцээрийг төрийн түвшинд хийх ёстой. Манай нефтийн 25 блокийн хорь гаруйд нь Хятадын компаниуд хувьцаа эзэмшдэг учраас хятадуудтай ярилцах хэрэгтэй. Үйлдвэр дампуурах эрсдэл бий. Үүнээс сэргийлэхийн тулд том сангуудад хувьцаа эзэмшүүлэх хэрэгтэй. Монголын компаниуд бас хувьцаа эзэмшиж болно. Төрийн хувьцааг тодорхой болгох нь чухал. Улстөрчдийн эрх мэдлийн төлөө тэмцлийг үйлдвэрийн эрх мэдлийн төлөө тэмцэл рүү оруулбал Монголд нефть боловсруулах үйлдвэр хэзээ ч баригдахгүй.

Дэлхийн нефтийн бүх үйлдвэрийг судалдаг “Аргус”-ын төлөөлөгчийн хэлсэн шиг маркетингийн том судалгааг хийх хэрэгтэй. Үйлдвэр барьсан олон улсын зөвлөх компанийг урих ёстой. Бүтээгдэхүүн, түүхий нефть, үйлдвэрлэл, технологи гээд бүх талын олон дүн шинжилгээтэй маркетингийн ажил хийчихээд хаана, ямар түүхий эдийг хаанаас авч, хэр хүчин чадалтай үйлдвэр барихаа шийдэж таарна.

Долларын ханшийг барихын тулд, банкны системийг эрүүлжүүлэхийн тулд эдийн засгийн хөшүүрэг болгож энэ үйлдвэрийг барих ёстой гэж Б.Лхагважав дарга хэллээ. Энэ үйлдвэрийг дагаад эдийн засгийн тогтвортой хөшүүрэг бий болно гэж харах хэрэгтэй. Монголын тухайд 80 хувийн импортоос хамааралтай. Импортын барааны шүдний өвчин долларын ханшийн савлагаа байдаг. Долларын ханш савлаад байхаар худалдаачид ашиг олдоггүй. Долларын ханш савлаад байхаар жилд 1.2 тэрбум ам.доллараар нефтийн бүтээгдэхүүн авч байна. Тэр хэрээр долларын нөөц багасдаг. Долларын нөөц багасахаар ханш нь өгсдөг. Ийм асуудлаас гарвал нэг ам.доллар 400 төгрөг ч болж уруудах боломжтой.

2.5 сая гэдэг тоог Засгийн газар зоригтой тавьж чадсанд олзуурхаж байна. Хэрэглээнээсээ илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг. Экспорт хийх нь. Импортыг орлох том үйлдвэр барих нь, экспортод нэмүү өртөг шингэсэн нефтийн бүтээгдэхүүн асар их хэмжээгээр гаргах нь гэсэн олзуурхал төрж байгаа. Нефтийн бүтээгдэхүүн экспортолдог бүтээгдэхүүн асар их доллартай болдог. Ингэснээр Монгол Улс импортын улсаас шууд импортлогч, экспортлогч, үйлдвэрлэгч болно. Эдийн засгийн тогтвортой байдал ч хадгалагдаад ирнэ.

Үйлдвэрийг хаана барих вэ гэдэг том асуудал бий. Дарханд үйлдвэр барихаар дотоодын түүхий эдээ ашиглах боломжгүй болчихож байгаа юм. Надад нэг сонирхолтой зураг байдаг. Дэлхийн бүх нефтийн үйлдвэрүүдийн газар зүйн зураг. Нефтийн үйлдвэр хоёрхон газар л байдаг юм байна. Далайн эрэг дээр байна. Хоёрдугаарт трубаны аман дээр барьжээ. Манайх шиг зөвхөн төмөр замаас хамааралтай газар үйлдвэр барьсан нь алга. Түүхий эддээ ойр байж, тээврийн зардлыг нь хямд байлгаж байж үйлдвэрийн өртөг нь хямдардаг. Далайн тээвэр, труба бол дэлхийн хямд тээврүүд… Төмөр замаа хоёр дахин өргөтгөхгүй бол үйлдвэр баригдахад бэрх. Нэг бол түүхий нефтьдээ ойр, эсвэл трубандаа ойрхон байх ёстой. Технологи нь аль хэдийнэ гарчихсан. Хуулах хэрэгтэй. Хятадын хөгжлийн нууц нь энэ.

Хэвлэл мэдээлэл зөв төлөвших учиртай. Засгийн газар нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргалаа гэнгүүт маргааш нь уг асуудал бүх дэлхий мэдэхээр хэмжээнд яригддаг. Дэлхийд дипломат байгууллагууд тагнуулын түвшинд оччихож. Нефть боловсруулах үйлдвэр барих нь оросуудаа зах зээлээ хамгаалаарай гэж ярих хэмжээнд хүртэл хамаа намаагүй мэдээлэл цацагддаг.

Би үйлдвэрлэлийн бодлогыг дэмждэг. Гэхдээ Монгол шиг гуравхан сая хүнтэй улсад жижиг үйлдвэрийг бусад том үйлдвэрээс салгаж барьж болдоггүйг ойлгосон. Японы хөгжсөн нууц нь их энгийн. Хүнд үйлдвэрээ дагаж жижиг үйлдвэр нь хөгждөг. “Тоёота”-г дагаад гэрлийг нь, бүрээсийг нь хийдэг үйлдвэр бий болдог. Түүнээс биш машины бариул хийдэг үйлдвэрийг бондын мөнгөөр санхүүжүүлээд өгөөж гарахгүй. Нефть боловсруулах үйлдвэр бол жижиг, дунд үйлдвэрийг чирч явдаг асар том үйлдвэрүүдийн нэг. Нефть боловсруулах үйлдвэрийг дагаад наад зах нь 40 үйлдвэр бий болдог гэсэн судалгаа бий. Эмийн үйлдвэр хүртэл нефтийн үйлдвэр дээр түшиглэдэг. Таны өмсч байгаа хувцас, суудаг сандал, зүүдэг шил, унадаг машины чинь дугуй гээд нефтийн оролцоогүй нэг ч зүйл дэлхийд байхгүй. Хүний амьдралд аймшигтай гүнзгий орсон цорын ганц бүтээгдэхүүн бол нефть. Нисч байгаа онгоц тэр чигтээ нефть. Тэгэхээр дагаж босох 40 үйлдвэрийг ярих ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Дал наяад оны сар шинийн барилдааны түүхийг эргэн сөхөхөд

Цагаан сарын бөхийн барилдаан жаран гурван оноос эхэлсэн түүхтэй. Нэгдэлч малчдын баяр гэх тодотголтой анхны барилдаанд жаран дөрвөн бөх хүч үзсэнээс дархан аварга Мөнхбат зургаа даван түрүүлжээ. Үзүүрт нь Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг уран барилдаант Чойжилын Бээжин аварга үлдсэн байна. Их шөвөгт Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам нарын хүчит арслангууд үлдсэн байна. Сонирхолтой нь цагаан сарын анхны барилдаанд “хоёр Мөнх” анх удаа учраа таарч байжээ. Баянаа аварга тэгэхэд аймгийн начин цолтой залуу зодоглон дунд шөвөгт шалгарч Мөөеө аваргыг заан цолтой байхад нь тахимаа өгч байж. Жаран гурван оны улсын наадамд Мөнхбат аварга Сосорбарам, Мижиддорж нарын арслангуудыг найм, есийн даваанд цувуулан орхиж түрүүлсэн юм. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилийнхээ наадмаар өнгөлж барилддагийн жишгийг тийнхүү Мөөеө аварга тогтоож байсан.

Залуу бөх Баянмөнх мөн л тэр жилийн наадмаар улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын цолны босго алхаж байв. Жараад оны дунд үеийн цагаан сарын барилдаан арван хэдэн бөхийн хооронд өрнөдөг байсныг ахмад бөхчүүд болоод бөх судлаачид хэлдэг юм. Арван хэдэн бөх гэдэг нь Дамдин аварга, хоёр Мөнх, Бээжин, Цэрэн аваргууд, Чойжилсүрэн, Мижиддорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангууд, Зундуй, Өвгөнхүү, Дашдаваа нарын начингуудыг хэлж байгаа хэрэг. Эдгээр бөхчүүдтэй Өмнөговийн Дэмүүл, Булганы тэмээ өргөдөг Жамьяандорж, Дорнодын Түвшин нарын бөхчүүд хөдөөнөөс ирж хүч сорино. Энэ хэд дундаа мэдээж хоёр Мөнх нь онцгой байж таарна. Мөөеө, Баянаа аваргууд цагаан сарын барилдаанд тус тусдаа долоо,найман удаа түрүүлсэн түүхтэй. Жаран зургаан онд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга манлайлж боссон барилдаанд залуу заан Х.Баянмөнх анх удаа түрүүлжээ. Тэрээр их шөвөгт Дамдин аваргыг, үзүүр түрүүнд тухайн он жилүүдэд төрийн наадамд босоо байсан Мөнхбат аваргыг орхиж түрүүлсэн байна. Тэр жилийн сар шинийн барилдаанд Архангайн Чулуутын Түзэлийн Зундуй заан их шөвөгт шалгарсан удаатай. Таван аварга зүүн баруун жигүүрийг манлайлсан баярт Пагмын Аюуш арслан Баянхонгор аймгийн Богд сумаасаа ирж барилдсан нь бөх сонирхогч олныг баярлуулжээ. Аюуш арслан дөчин есөн оны улсын наадамд Батсуурь аваргатай үлдэж түрүүлсэн. Гэвч түүнд арслан цолыг нь өгөлгүй, худлаа барилдаж нам засгаа доромжилсон хэмээн наадмын комиссоос шийтгэл хүлээлгэж байсан удаа бий. Далаад оны цагаан сарын барилдаанд Мөөеө, Баянаа аваргууд болон Жамбалын Хайдав, Пүрэвийн Дагвасүрэн, Мядагийн Мөнгөн нарын арслангууд, Дасрангийн Мягмар, Доноровын Долгорсүрэн нарын заанууд, Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Увсын Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг, Булганы Чимэдийн Лундаа, Дамдингийн Галдандагва нарын хүчтэй начингууд шуугиулж байжээ. Далан нэгэн онд өндөр ойн одтой бөх гэдгээрээ зартай Сэрээтэрийн Цэрэн аварга, Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан.

Спортын ордонд цугласан олон “Ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ биз” гэцгээж байсан гэнэ. Үнэхээр ч монгол бөхийн гучин хоёр шинжийг хадгалж төрсөн гэгддэг Цэрэн аварга түрүүлсэн байна. Далан хоёр оны сар шинээр Говь-Алтайн Хөх морьтын Ундрахын Пүрэв заан Дашдоржийн Цэрэнтогтох аваргыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангуудыг дөрөв, тавын даваанд дараалуулан өвдөг шороодуулж их шөвөгт Дамдин аваргыг давснаар Баянаатай үзүүр түрүүнд үлдэж байжээ. Тэр жилийн цагаан сарын шуугианы эзэн нь Пүрвээ заан байсан байна. Далан зургаан онд Мөнхбат аварга тав дахиа түрүүлж Сосорбарам арслан үзүүрлэж байсан. Төв аймгийн хоёр хүчтэнтэй их шөвгийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар начин цолтой үлдэж байлаа. Мягмар заан Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж шөвгөрөөд Мөөеө аваргад тахимаа өгч байсан. Төв аймгийн хүчтэнүүд түрүү үзүүр булаалдсан наадамд “Бүрэнгийн бүдүүн гуят” гэгддэг Мөнхийн Загдсүрэн начин Хэнтийн Барамсай заанаар гурав, Сэрээтэрийн Цэрэн аваргаар дөрөв давж байсан удаатай. Далаад оны сүүл үеэс хоёр Мөнхийн халааг “Алдар”-ын тамирчид болох Цэрэнтогтох, Хадаа нар залгаж авсан байна. Тухайлбал, далан найман оны сар шинээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Дашдоржийн Цэрэнтогтох аварга заан цолтойдоо хоёр Мөнхийг дараалуулж өвдөглүүлээд түрүүлж байсан түүхтэй.

Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд Дамдин, Баянмөнх, Мөнхбат аваргуудыг 7-9 даваанд дараалуулж орхин түрүүлж Улсын арслан цол хүртэж байсан юм. Тэр жилийн гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн Дундговийн “харлаг” хэмээх Жавзмаа начинтай, Д.Цэнд-Аюуш Архангайн Гүсэмийн Жалаа начинтай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэн начинтай тус тус хүч үзсэн байна. Ишгэн, Цэнд-Аюуш, Дүвчин нарын заанууд начин цолтой байсан үе юм. Далаад оны төгсгөл наяад оны эхээр Булганы Дэндэвийн Амгаа, Говь-Алтайн Ригжийбуугийн Давааням, Өвөрхангайн Ёндонгийн Ишгэн, Зэвэгийн Дүвчин, Увсын Өлзийн Тулгаа нарын хүчтэй заануудтай Баян-Өлгийн Однойн Бахыт, Ховдын Адуучийн Баатархүү, Булганы Жамцын Бор, Дундговийн Цэгмидийн Улаанхүү, Өмнөговийн Дашдуламын Багахүү, Өвөрхангайн Довдонгийн Дашжамц, Сүхбаатарын Жанцангийн Чулуун нарын хүчтэй начингууд (одоогийн харцага) ихэвчлэн тунадаг байсан. Дээр нь Бандийн Ганбаатар арслан, Дамдингийн Баяраа гарьд нар нэмэгдэх нь мэдээж.

Наян онд Дагвасүрэнгийн Хадбаатар аварга сар шинийн барилдаанд түрүүлж бөхөд хайртай олон түмнээ баярлуулсан удаатай. Тэрээр түрүү үзүүрт Доноровын Долгорсүрэн заантай тунаж үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэн хүч бяраар илүүрхэж түрүүлсэн байдаг. Хадаа аваргын тэрхүү барилдааныг “араажив”-аар бөх сонсож суусан олон өөрсдөө түрүүлсэн мэт баярлаж байсныг хүмүүс дурсдаг юм. Наян нэгэн оны Мөнхбат аварга зургаа дахиа түрүүлж, Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн тэр жилийн барилдааны шуугиан нь Говь-Алтайн Нэмэхбаяр гэдэг залуу байжээ. Сүүлд буюу наян зургаан онд улсын цолонд хүрсэн тэрээр Хайдав арслангаар гурав, Долгорсүрэн заанаар дөрөв, Галдандагва начингаар тав давж шуугиулжээ. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начин Булганы Жамцын Борыг, Ёндонгийн Ишгэн Сүхбаатарын Жанцангийн Чулууныг амлаж, Ховдын Баатархүү, Өмнөговийн Багахүү нар тунаж байсан удаатай. Адуучийн Баатархүү начин Багахүүгээр гурав даваад Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой эд байхад нь дөрвийн даваанд өвдөглүүлж бас л дуулиан дэгдээсэн. Сонирхуулахад, Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг манлайлан барилдаж байсан Мөнхбат аваргыг амласан байна. Энэ нь Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт арааживаа чагнаж суугаа сонсогч түмэнд бас л нэг ярианы сэдэв болох нь мэдээж. Данигаа аваргын уг шийдвэрийг зарим нь Мөөеөгийнхөө түрүүлэх замыг эртнээс зассан гэдэг бол зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барим тавим хэлдэг юм.

Цэрэнтогтох аваргыг түрүүлэх (1983 он) жил Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн. Амгаа заан шөвгийн дөрөвт Баянаа аваргыг өвдөглүүлсэн нь олон түмнийг оргилон баярлахад хүргэсэн байна. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Санжжавын Сүхбаатар заан тэр жил залуу бөх байхдаа хоёрын даваанд Эрдэнэ-Очир арсланг, гуравт Дашжамц начинг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоосүрэн зааныг орхиод дунд шөвөгт үлдэж байжээ. Наян дөрөв, наян таван оны сар шинийн барилдаанд Хадаа аварга дараалан түрүүлсэн юм. Эхний жил нь өөрийн гол өрсөлдөгч Цэрэнтогтох аваргыг их шөвөгт өвдөглүүлж, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхисон бол дараа жил нь мөн л мөнхийн өрсөлдөгч “онжав” Цэрэнтогтохтойгоо үлдэж түрүүлсэн юм. Наян таван оны сар шинээр Цэрэн аварга гурвын даваанд Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Сосорбарам арслан мөн л амлаж аваад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад “Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлэн олныг хөгжөөж байжээ.

Наян долоон оны сар шинийн барилдаанд Одвогийн Балжинням аварга начин цолтой түрүүлж шуугиан дэгдээсэн удаатай. Өмнө нь буюу жараад оны сүүлээр Сүхбаатарын Чойдорын Өвгөнхүү начин цолтой түрүүлснээс хойш сар шинийн барилдаанд начин цолтой бөх түрүүлээгүй байсан юм. Балжаа аварга тэр жил С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байдаг. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Цэрэнтогтох аваргыг өвдөглүүлсэн юм. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн байдаг. Дүгэржавын Хишигдорж хэмээх Архангайн өндөр залуу Дүвчин, Мягмар нарын хүчтэй заануудыг гурав, дөрвийн даваанд унагаж олны хараанд өртсөн нь “Батцэнгэлийн динозавр”-уудын нэг Хишигдорж заан билээ. Ингээд наян найман оноос Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлсэн түүхтэй.

Categories
мэдээ цаг-үе

Э.Анхбаяр: Багшийнхаа бүтээлийг ард түмэндээ сурталчилна гэж боддог

Саяхан болж өнгөрсөн “Морин хуур-2015” наадамд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая, Өмнөд Монголын яруу найрагч Г.Баярын үг “Бурхан халдун” дуу шилдгээр шалгарсан билээ. Энэ дууг дуулсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин СТА Э.Анхбаяртай уулзаж ярилцлаа.

-Та багшийнхаа дууг дуулж энэ жилийн “Морин хуур” наадамд оролцлоо.

-Тийм ээ, багш маань өнгөрсөн зун утасдаж ийм дуу хийчихлээ, ирээд сонс гэсэн. Дуулж үзлээ, их сайхан бүтээл болсон байсан. Бидэнд “Морин хуур” наадамд орно гэсэн төлөвлөгөө байгаагүй л дээ. Наадмын бүртгэл дуусахаас хоёр гурван хоногийн өмнө багш над руу залгаад “Хоёулаа энэ жил “Бурхан халдун”-аараа орох уу яах уу, тэр жил би “Арвайн тал”-аар ороод хусуулчихсан шүү дээ” гэсэн. “Би яаж мэдэхэв, багш аа” гэхэд намайг “Чи л мэд” гэсэн. Тэгэхээр нь оръё гэж хэлсэн. Би очиж бүртгүүлээд багшийн өмнөөс гарын үсэг зурчихсан. Ингэж л энэ уралдаанд оролцлоо. Энэ уралдааны сүүлчийн шатанд орсон дуунуудыг, дуучдыг анхааралтай сонссон л доо. Ямар нэгэн будлиан гарахгүй бол манай дуу дээгүүр давхих магадлалтай юм байна гэдгийг мэдэрсэн.

-Н.Жанцанноров гуай дуугаа өгөхдөө яаж дуулаарай гэсэн бэ?

-Яаж дуулах талаасаа биш хөгжмийн утга санааг хэрхэн гаргах талаас нь хэлж байсан.

-Оролцогчийн хувьд энэ жилийн наадамд ямар нэгэн шинэ зүйл мэдрэгдсэн үү?

-Би энэ наадамд гурав дахиа орж байна. Тиймээс ер нь ханатай болдог гэдгийг мэддэг. Энэ жил Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч солигдсон байсан. Шинэлэг зүйлүүд нэлээд байсан болохоор дотроо их итгэж хүлээж байсан. Ямар ч байсан наадам сайхан болсон, ямар нэгэн ийм тийм юм ороогүй, бодитой шүүсэн. Шударга шүүнэ гэж бодож ч байсан. Миний дуулсан дуу түрүүлсэн учир ингэж байгаа юм биш. Бүтээлүүдийг сонссон хөгжмийн зохиолчид ч хоорондоо ярьж байсан.

Н.Жанцанноров багш аргагүй л даацтай бүтээл хийжээ гэж. “Морин хуур” наадмын тоглолтын хамгийн эхэнд бөгөөд хамгийн сүүлд мундаг оркестровка сонслоо гэж хүмүүс хоорондоо ярьж байхыг сонссон.

-Эхэнд нь хэний бүтээлийг тоглосон бэ?

-Эхэнд нь Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Хөх тэнгэрийн орон”, хамгийн сүүлд нь Н.Жанцанноров гуайн бүтээл эгшиглэсэн.

-Та түрүүн “Морин хуур”-д орсон дуунууд болон дуучдыг сонссон гэж хэлсэн. Уран бүтээлч хүний хувьд тэдгээрээс ямар дуу таалагдав?

-Хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Тавилангийн харгуй” гээд дуу байсан. Б.Бямбабаярын “Цэцэн хааны нутаг” гэж дуу их сайхан бүтээл байсан. Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэлийн “Дарьгангын хээр тал”-ыг дуучин Н.Отгонбаатар их сайхан дуулсан. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Ш.Лхамноржмаагийн шүлэг “Уйдашгүй эх орон” нь сор болсон бүтээл. Би энэ дууг байнга сонсож байгаа.

-Та Дуурь бүжгийн эрдмийн театрт хэдэн оноос ажиллаж байгаа билээ?

-Би 2011 онд сургуулиа төгсөөд 2012 оны хавраас Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байна.

-Дуурийн дуучин хүн зохиолын дуу дуулж болох уу?

-Тэрийг зохицуулж болно л доо. Гэхдээ дуурийн дуучин хүн монгол дуу их дуулах юм бол хоолой эвдэрнэ гэж ярьдаг л даа.

-Н.Жанцанноров багшийнхаа зохиосон өөр ямар дуунуудыг нь дуулав?

-“Отгонтэнгэр минь” дуу байна. “Сүндэрьяа гэж дууг нь дуулсан. Хамгийн сүүлд сая “Морин хуур”-т орсон “Бурхан халдун”-ыг дууллаа.

-Та хоёр хэдийнээс хамтран ажиллаж байгаа вэ?

-Удаагүй. Би сургуулиа төгссөнийхөө дараа уралдаан тэмцээнд явж багагүй амжилт үзүүлсэн. Хасагдахдаа хасагдаж ч явлаа. Багш намайг ерөнхийд нь мэддэг байсан. Бид хоёр нэг нутаг л даа. Хааяа хажуугаар өнгөрөхдөө “Чи чинь Өвөрхангайнх бил үү” гэдэг байсан. Нэг удаа надаас “Өвөрхангайн Хонгор нутгаар юу байна? Би чамд дуу өгөөд энд тэнд дуулуулж ашиглавал болж байна уу?” гэж тоглоом шоглоомоор хэлэхэд нь “Бололгүй яахав, багш аа” гэсэн. Нэг удаа над руу залгаад “22 жилийн дараа” гэдэг концерт болох гэж байна. Би 22 жилийн дараа концерт хийж байгаа юм байна. Дүү тэрэн дээр “Отгонтэнгэр”, “Сүндэрьяа” хоёрыг дуулаач” гэсэн. Ер нь бид хоёр хамтарч ажиллаад удаагүй байгаа. Энэ их агуу хүнээс хөгжмийн ертөнцийн болоод амьдралын суралцах зүйл залуус бидэнд маш их байна. Зөвхөн хөгжмийн зохиолч, багш гэсэн үүднээсээ амьдралын ухааныг суралцах ёстой. Энэ хүн хүнтэй харилцаж байгаа соёл бүх юмаараа мундаг. Тиймээс багшийнхаа бүтээлийг ард түмэндээ сурталчилна гэж боддог.

-Таныг Италид хөгжмийн сургуульд явах гэж байгааг сонссон. Энэ талаараа сонирхуулаач?

-Тиймээс Цагаан сар гараад шинийн дөрвөнд явна. Гурван сарын хугацаатай Миланы хөгжмийн их сургуульд мэргэжил дээшлүүлнэ. Тэрнээсээ цаашаа дамжаад Европын театруудад сонсгох, уралдаан тэмцээнд оролцох, мэргэжилтэн багш нартай ажиллана. Цаашлаад Миланы хөгжмийн их сургуульд дэвшиж магистрт суралцах гэсэн олон зорилготой явж байгаа. Манай театрын гоцлол дуучин Гомбо-Очир бид хоёр явж байгаа. Сонгодог урлагийг дэмждэг “Серж меценат” сангаас биднийг ивээн тэтгэсэн бөгөөд тус сангийнхаа хамт олон талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймаг шинэ дулааны станцтай болно

Архангай аймгийн төвөөс найман км-ийн зайд шинэ дулааны станц барихаар төлөвлөж байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Н.Мөнхбат ярилаа.Тус аймагт одоогоор найман уурын зуух ажилладаг бөгөөд дулааны эх үүсвэр болох нүүрсээ 500 километрийн цаанаас татдаг учраас тээвэрлэлтийн зардал өндөр гардаг аж. Энэ нь эргээд хэрэглэгчдийн эдийн засагт хүндээр нөлөөлж байна. Нэг өрх дунджаар нэг метр куб тутамд 500 төгрөг төлдөг. Тиймээс дулааны станцтай болох зайлшгүй шаардлага тулгасан бөгөөд газрын гүний халуун рашааныг дулааны станцдаа ашиглах судалгаа, шинжилгээг хийж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш хил нээгдэнэ

Монголд цагаан сар, Хятадад хаврын баяр тохиож байгаатай холбогдуулан хоёр улс хилийн боомтуудаа түр хаасан билээ. Тодруулбал, Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монголын уламжлал цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Алтанбулаг, Эрээнцавын боомтоос бусад Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарч байна.Харин маргааш буюу энэ сарын 12-ноос бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах юм.


Categories
мэдээ нийгэм

ГХЯ-аас мэдэгдэл гаргажээ

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ сарын 7-ны өдөр мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж,2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр баллистик пуужин хөөргөсөнд Монгол Улс гүнээ харамсаж байна. Энэхүү үйлдэл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна.

Монгол Улс Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, эл чиглэлээрх олон улсын яриа хэлэлцээг урагшуулахын төлөөх тууштай байр сууриа дахин нотолж байна” гэжээ.