Categories
мэдээ соёл-урлаг

“Playing Love” тоглолт болно

Монголын Урлагийн Зөвлөл, Улсын Филармоний Морин хуурын чуулга хамтран дэлхийн болон үндэсний хөгжмийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Playing love” тоглолтыг дөрөв дэх жилдээ шинэчлэн найруулж толилуулах болжээ.

Энэ удаагийн тоглолтоор дэлхийн киноны хөгжмөөс гадна Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн, сэтгэлд хоногшсон Монгол киноны сонгомол баян урын сангаас дээжлэн хүргэх аж.

“Playing Love” киноны хөгжмийн тоглолт ирэх сарын 4, 5-ний өдөр 19.00 цагт Corporate Hotel & Convention Center-т болно6 Тоглолтын тасалбар 20-30мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд тасалбарыг Монголын Урлагийн Зөвлөл болон Улсын филармонийн касс, www.ticket.mn сайтаар урьдчилан захиалах боломжтой.

Categories
гадаад мэдээ

“2013 TX68” солир дэлхийтэй маш ойрхон зөрнө

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн цахим хуудаст Челябинскийн солироос 10 метрээр том, 30 орчим метр голчтой “2013 TX68” солир гуравдугаар сарын 5-нд дэлхийн хажуугаар маш ойрхон зайтай нисч өнгөрнө гэж мэдээлжээ.

Оросын Шинжлэх ухааны академийн Сансар судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Натан Эйсмонт мэдээлснээр, дэлхий тэрхүү солиртой мөргөлдөх магадлал бараг тэг хувьтай аж. 2013 оны 10 дугаар сард уг солирыг илрүүлсний дараа эрдэмтдэд судалгаа хийхэд ердөө гурван өдөр байсан бөгөөд үүний дараа солирыг ажиглах боломжгүй болжээ. Одон орончид солирын нисч өнгөрөх замыг тодорхойлохоор ажиллаж буй юм байна. Тэнгэрийн биет болон манай гарагийн хоорондох зай 17 мянгаас 14 сая км байх аж.

“Челябинск” солир дэлхийн агаар мандалд 2013 оны хоёрдугаар сарын 15-нд орж, агаар мандалд 30-50 км-ын өндөрт хүчтэй дэлбэрч, солирын хэлтэрхийнүүд Оросын Челябинск мужийн томоохон газар нутагт унажээ. Солирын дэлбэрэлт Урал болон Казахстаны хойд нутагт хэдэн зуун мянган хүнд харагдсан аж. Солирын хамгийн том хэлтэрхий Чебаркуль нуур орчимд унасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд хаврын уралдааныг хоригложээ

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар аймгийнхаа хэмжээнд 2016 оны тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон захирамж гаргажээ. 2016 он гарсаар олон жилийн дундажтай харьцуулахад эрс хүйтрэлттэй, цас ихтэй байгаа нь хүүхэд осгох, гар, хацар, хөл нь хайрагдах, хөлдөх зэрэг эрсдэл нэмэгдэх нөхцөл үүсч байгааг харгалзан уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилгоор урин дулаан ортол хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хоригложээ.

Тус аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс мэдээлснээр, Хөвсгөлд 2013-2015 онуудад 112 морины уралдаан явагдаж, 7-18 насны 1300 гаруй уралдаанч хүүхэд оролцсон ба уралдаануудын 18 нь хуулийн хугацааг зөрчин явагдсан байна. Уралдаануудын үеэр 59 хүүхэд мориноос унаж, 17 хүүхэд хүнд, хөнгөн гэмтэл авсан, 21 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамрагдаж, даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авчээ. Уралдаанд зөвшөөрөгдсөнөөс бусад насны буюу 6 настай 2 хүүхэд оролцсон, уралдааны явцад хүнд гэмтэл авч 2 хүүхдийн амь нас эрсэдсэн нь уралдаанч хүүхдийн эрх зөрчигдөх явдал тасрахгүй байгааг харуулж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

“Зика” вирусийн шумуулыг устгахаар цэргүүдийг дайчилжээ

Бразил улсын Засгийн газар тус улсын нутаг дэвсгэрт тархсан “Зика” вирусийг устгахаар 50 мянган цэрэг дайчилж байгаа аж. Цэргүүд нийт 350 хот суурин дахь гурван сая гаруй айл өрх, албан газар болон гудамж талбайгаар явж, “Зика” вирус тараагч шумуулыг устгах зориулалт бүхий ариутгалын бодис цацах юм байна. Мөн цэргүүдийг “Зика” вирусээс урьдчилан сэргийлэх заавар бүхий мэдээллийн зурагт хуудсыг айл бүрт тараах ажилд дайчилж байгаа аж.

Бразил улсын Засгийн газар “Ирэх долдугаар сард Рио Де Жанейро хотод нээгдэх зуны олимп гэхэд “Зика” вирусийн тархалтыг бүрэн зогсоож, тус олимпийг зорин ирэх дэлхийн олон орны тамирчин, төлөөлөгчдийг халдвар авахаас урьдчилан сэргийлж чадна” хэмээн мэдээллэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

“Шивээ-Овоо”-гийн цахилгаан станцын төслийн зөвлөхүүд тодорчээ

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа БНХАУ-тай хамтран “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл үүний дагуу “Эрдэнэс Монгол” компанийн дэргэд төслийн нэгж байгуулан холбогдох судалгааг хийж байгаа.

Сүүлийн үеийн мэдээллээр энэ оны зургаадугаар сар гэхэд төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулан Эрчим хүчний яаманд хүргүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хэмээн мэдээлсэн. Мөн төслийг хамтран хэрэгжүүлэгч БНХАУ-ын “State Grid” корпораци төслийн зөвлөх үйлчилгээний тендерүүдийг зарлаж, зөвлөхүүдээ сонгосон байна.

Урьдчилсан тооцоогоор “Шивээ-Овоо”-гийн ордыг түшиглэн 9240 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, түүнийг дагасан дэд бүтцийг байгуулахаар болжээ. Энэ нь одоогоор суурилагдсан хүчин чадлаас найм дахин өндөр хүчин чадалтай болох бөгөөд дэлхийд хамгийн том нүүрсээр ажиллах цахилгаан станц болохоор тооцоолоод байгаа тухай www.mongolianminingjournal.com сайтад нийтэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Валентины баяраа хэрхэн тэмдэглэх вэ

Жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг хайрын баяр буюу Валентины баяр хэмээн тэмдэглэж ирсэн билээ. Манай улсад ч залуу хосууд сүүлийн жилүүдэд хайрын баярыг өргөн тэмдэглэж, хайртай хүндээ сэтгэлээ илчлэх болжээ.

Мөн хоёрдугаар сарын 13-ны өдрийг ганц бие залуусын өдөр болгон тэмдэглэж элдэв үдэшлэг, танилцах уулзалт зохион байгуулж хайртай хосоо олох болсон байна. Тэгвэл энэ жилийн Валентины баяраар хайртай хостойгоо хаана, хэрхэн өнгөрүүлэхэд тань тус болох үүднээс дараахь үзвэр үйлчилгээний хувиарыг танилцуулж байна.

  • Улсын драмын эрдмийн театрт – “Ромео Жулетта” жүжиг 02.13, 14-ний 18.00 цагт эхэлнэ.
  • “Corporate” зочид буудлын урлагийн танхимд- “Valentine-s night” нэртэй “Люмино”, “3 охин” тэргүүтэй хамтлаг дуучид, поп оддын нэгдсэн тоглолт 02.14-нд, 20.00 цагт эхэлнэ.
  • ҮЭСТО-нд- “Шинэ үе” продакшны “Шилдэгийн шилдэг” тоглолт 02.13,14-ний 19.00 цагт
  • СТӨ- “Х-түц” хамтлаг 02.13,14-ний 19.00 цагт
  • “Сүнжин” гранд зочид буудалд- “Хайрлах хүсэл” тоглолт 02.13,14-ний 19.00 цагаас
  • “UB palace”зочид буудалд- “Хайртай юу” шоу тоглолт 02.14-ний 18.00 цагаас
  • “Corporate-3”зочид буудалд – “Шоколад парти” 02.13-ний 19.00 цагаас
  • “Corcus event hall” танхимд- “А sound” хамтлагийн “Forever 247” тоглолт 02.14-ний 19.00 цагаас
  • Улсын филармонийн эрдмийн театр- “Би чамд хайртай” тоголт 02.13,14-ний 19.00 цагаас
  • “Castle club”-т- дуучин П.Баярцэнгэл, Г.Улаанцэцэг тэргүүтэй хос дуучдын хамтарсан “Хайрын дуу” тоглолт 02.14-ний 20.00 цагаас
  • Чингис зочид буудал “Тэмжүүжин” ресторанд- Хайрын Шоколад” эвент парти 02.14-нд 20.00 цагт
  • “Их бүрд” цогцолборт – Салхи хамтлаг “Мартагдашгүй хайр” тоглолт 02.14-нд 20.00 цагт
Categories
мэдээ улс-төр

МАХН Монголын ногоон намтай хамтрах гэрээ байгуулжээ

Шинийн нэгний өдөр МАХН Монголын Ногоон намтай хамтрах гэрээг байгуулжээ. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар УИХ-ын сонгуульд оролцох намуудыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар нь эрэмбэлж, саналын хуудаст бичихээр болсон. МАХН 18-д эрэмбэлэгдэж байсан бол Монголын Ногоон намтай хамтрах шийдвэр гаргаснаар гуравт бичигдэх боломжтой болжээ.

Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн эрэмбээр нэгд МАН, хоёрт Ардчилсан нам, гуравт Монголын ногоон нам жагсдаг. УИХ-ын сонгуульд МАХН, МАН-тай эвсэж оролцож магадгүй байсан ч эхний ээлжинд Монголын ногоон намтай хамтрахаар болж, гэрээгээ байгуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэнийг олжээ

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 10-нд Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн Урт булаг гэдэг газарт 28 настай эрэгтэй автомашинаа орхиод цахилгааны шугамаа засварлахаар явган яваад сураггүй болсон байжээ.

Аймгийн Онцгой байдлын газарт энэ тухай дуудлага тухайн өдрийн 19.50 цагийн орчимд ирж, Эрэн хайх, аврах ангийн 11 албан хаагчид эрлийн ажиллагаа зохион байгуулсан байна. Эрлийн дүнд маргааш өдөр нь буюу хоёрдугаар сарын 11-ний 11.50 цагийн орчимд иргэн Э-г Хилэнцэгийн ам нэртэй газраас эсэн мэнд болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Амралтын өдрүүдэд ХОМ-ээ өгөөрэй

Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор авдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд сар шинийн баярын амралт болон долоо хоногийн амралтын өдөртэй үргэлжлэн олон хоногоор амарч байгаа. Тиймээс Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүд болон амралтын өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн, хүлээж авч байгаа ажээ.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 15-ныг хүртэл авна. Амралтын өдрүүдэд та Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд тусгай хуваарийн дагуу ажиллах бөгөөд тэдэнтэй 70112468, 70112469, 70112499 дугаарын утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч болох юм. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулна.

Мэдүүлэг гаргагчид хоёрдугаар сарын 13, 14-ний бямба, ням гарагт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх боломжтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт дулаарна

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан
урьдчилсан мэдээгээр хоёрдугаар сарын 16-наас өдөртөө хүйтний эрч сулрах
төлөвтэй байна. Тэр болтол хүйтний эрч сулрахгүй. Зарим газар шөнөдөө 50-55
градус хүрч хүйтрэх урьдчилсан мэдээ гарчээ. Тодруулбал, маргааш зүүн зүгийн
нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэрэг цас орно. Салхи 14,
15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга
шуурах аж. Завхан голын эхээр шөнөдөө 50-55 градус, өдөртөө 36-41 градус, Увс
нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус,
өдөртөө 25-30 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус,
өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө
17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө
12-17 градус хүйтэн байна. Харин 16-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага
зэрэг суларна.