Categories
мэдээ цаг-үе

Хятадын мөрөөдлийг тодорхойлогч Си жиньпин

Ард байгаа эмэгтэй Си Жиньпиний охин Си Минзе бололтой

Хятадын тав дахь үеийн удирдагч, дэлхийн хамгийн олон гишүүнтэй намын дарга Си Жиньпин өдгөө 63 настай. Түүний удирдаж буй ХКН нь 87 сая гишүүнтэй гэх. Хятадыг баян, хүчирхэг гүрэн болгох, хятад үндэстнийг эрчимтэй хөгжүүлэх, ард түмнээ элбэг хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх “Хятад мөрөөдөл”-ийг тодорхойлогч юм. Түүнийг эх оронч үзэл, өөрчлөн шинэчлэлт, инноваци дээр тулгуурласан Хятад маягийн сэтгэлгээ, онцлогийг хөгжүүлэхэд өөрийн том зам мөрийг үлдээсэн удирдагч гэдгийг ард иргэд нь эргэлздэггүй. Авлига, хүнд суртлын эсрэг тууштай тэмцлийг Хятад оронд эхлүүлсэн Си Жиньпиний нөлөө дэлхий дахинд хүчирхэг хэвээр байгаа билээ.

Зүүн талынх нь Си Жиньпин

СИ ЖИНЬПИН ГЭГЧ ХЭН БЭ?

Си Жиньпиний эцэг Си Жунсүн нь 1930-аад онд Мао Зэдүний ойрын хүрээлэлд багтдаг байв. 1949 онд БНХАУ-ыг тунхагласны дараа Төрийн зөвлөлийн дэд сайд хүртэл өндөр албан тушаал хашиж байсан нөлөө бүхий хүмүүсийн нэг байжээ. Си Жиньпинийг арван настай байхад эцгийг нь албан тушаалаас нь огцруулж, үйлдвэрийн ажилчин болгож байв. Харин 1968 онд Соёлын хувьсгал эхэлж эцгийг нь шоронд хийсэн гэдэг. Эцгээс нь салгасан жилүүд амьдралынх нь хамгийн хүнд үе байсан гэж Си хожмоо дурссан байдаг. Гэхдээ энэ бүхэн түүнийг хал үзүүлж, амьдралд тэвчээртэй байж, асуудлыг шийдэж чадах чадварт сургасан гэдэг. Си Жиньпин химийн инженерийн мэргэжлээр Цинхуагийн Их сургуульд сурч төгсчээ. Улс төрийн карьераа 1971 онд Коммунист залуучуудын холбоонд элссэнээр эхлүүлжээ. Тус холбоонд элсэхийн тулд тэрээр долоон ч удаа өргөдөл өгч байсан гэх. Чухам энэ мөчөөс эхлэн Си Жиньпин залуучуудын улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Хятадын олон муж улсад албан тушаал дэвшин ажиллаж байжээ. Улс төрд хүчтэй байр суурьтай болоход түүний хожим хамгаалсан эрдмийн зэрэг чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. “Sunday Times” сонинд Си Жиньпинийг химийн инженер мэргэжилтэй байхад нь бараг хэн ч таньдаггүй байсан. Харин дахин суралцаж хуулийн мэргэжилтэй болсноор түүний улстөрчийн ирээдүй гэрэл гэгээтэй болсон юм хэмээн дүгнэн бичсэн байдаг. БНХАУ-ын дарга Си Жиньпин авлигын эсрэг тууштай тэмцэгч юм. Түүнийг удирдагч болсноос хойш Хятадын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын тоо, албан байгууллагад гардаг байсан авлигын асуудал эрс буурсан гэдэг. Мөн Засгийн газраа нээлттэй болгох, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, шинэчлэх талаар олон ажил хийжээ. Энэ бүхнийгээ тэрээр “Хятад мөрөөдөл” хэмээн нэрлэсэн байдаг.

Сурагч Си Жиньпин

АВЛИГАТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ

Си Жиньпин 2012 онд Коммунист намын XVIII их хурлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон билээ. Түүнээс нэг жилийн дараа БНХАУ-ын даргаар томилогдох үед Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Бриус Диксон “Хятадын удирдагчид хэзээ ч амлалт өгч оргилд хүрдэггүй. Албан тушаалдаа хэр үнэнч, хэр удаан зүтгэсэн нь оргилд хүрдэг” гэж онцолж байв. Жөзян мужийн амбан захирагчаар ажиллаж байхдаа авлигатай хатуу тэмцэгч хэмээн алдаршиж байжээ. Тухайлбал, Си Жиньпин орон нутагт дээд удирдлагад байх хугацаандаа Хятад даяар шуугиан дуулиан тарьсан хоёр хэрэгтэй тун ойрхон байсан гэдэг. Нэг нь Лай Чансиний контрабандын хэрэг, нөгөө нь Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэн Лянюйгийн хэрэг. 2000 онд Си Жиньпинийг Юаньхуагийн дуулиант хэргээр дуудсан байдаг. Юаньхуа гэдэг нь Лай Чансиний 1994 онд үүсгэн байгуулсан групп компани аж. Тус групп нь авто машин, тамхи, газрын тосыг хууль бусаар импортлох бизнес эрхэлж байжээ. Тусгай эдийн засгийн бүс болох Фузяний Сямэнь хот нь тэдний хувьд бизнесээ явуулах төв нь болж байв. Тухайн үед Лай Чансинь хотын засаг захиргааны зарим түшмэл, гааль, цагдаа, ХКН, мөн армийг хахуульдсан байжээ. Фузян мужийн зөвлөлийн конференцийн гишүүн, Сямэний хүндэт иргэн гэгдэх түүний хөрөнгө оруулалтын ачаар Си Жинпинь тухайн үед Сямэньд нисэх онгоцны буудал, 88 давхар Юаньхуа цамхаг, зөвхөн өндөр зэрэглэлийн албан тушаалтнуудад үйлчлэх долоон давхар барилга бариулсан байдаг. 1998 онд Лай Чансинь хоёр сая юаниар Фонаш хөлбөмбөгийн клубийг худалдан авчээ. Харин 1999 оноос хойш Хятадын цагдаа нар Лай Чансинийг мөрдөж мушгих болж, тэрээр Канад руу гэр бүлийнхээ хамт цагаачилсан байдаг. Түүнийг улсад 3.6 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж үздэг. Хятадад болсон авлигын томоохон хэргийн дуулианд 300 гаруй мужийн түшмэд татагдсан бөгөөд олонхи нь албан тушаалаасаа огцорч, 100 гаруй нь хоригдож, 14 нь цаазын ял авсан юм. Харин Канадад амьдарч байсан Лай Чансинийг 2011 онд эх оронд нь авчирсан байдаг. Тэр үед тус мужид хариуцлагатай алба хашиж байсан Си Жиньпин авлигалд автаагүйгээрээ алдартай юм.

Өөр нэг нь Шанхайн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Ляньюйгийн хэрэг. Хятадын шүүх түүнийг тэтгэмжийн мөнгийг зорилгогүй үрсэн, дэд бүтцийн төслүүдэд ашигласан гэж буруутган 18 жилийн хорих ял оноосон байдаг. Чэнь Ляньюйг огцорсны дараа Шанхай хотын ХКН-ын Хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон нь түүнд томоохон итгэл хүлээлгэжээ.

Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань

ХУВИЙН АМЬРАЛ

1980-аад оны эхээр тэрбээр Их Британи дахь Хятадын Элчин сайд Ке Хуагийн охин Ке Линлинтэй гэрлэсэн байдаг. Гэвч эхнэр нь гадаадад сурч амьдрах хүсэлтэй байсан бол Си Жиньпин нутагтаа ажиллах зэрэг үзэл бодлын зөрчилдөөнөөс тэд салцгаасан гэдэг. Үүний дараа буюу 1987 онд тэрээр Хятадын алдарт дуучин Пэн Лиюаньтай гэр бүл болжээ. Тухайн үед Пэн Лиюань маш нэртэй байсан бөгөөд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн гоцлол дуучин, хошууч генерал цолтой байжээ. Тэрээр жил бүр шинэ жилийн баярын гала концертод дуулдаг байсан байна. Пэн Лиюань нь 1962 онд мэндэлжээ. Тэд Си Минзе хэмээх нэг охинтой бөгөөд 2010 онд Харвардын их сургуулийн нэгдүгээр курст нууц нэрээр элссэн гэх мэдээлэл байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Цагаан гаа хэрэглэж дархлаагаа сайжруулаарай

Байс гээд л ханиад хүрээд байгаа бол биеийнхээ дархлаанд анхаарал хандуулаарай. Ихэнх өвчний суурь нь дархлаа муудсантай холбоотой байдаг гэнэ. Харин дархлаагаа дэмжихийн тулд янз бүрийн витаминыг урьтал болголгүй аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөе.

Тухайлбал, цагаан гаа хүний биед тун ашигтай. Цагаан гааг төрөл бүрийн хоолонд хийж идвэл дархлаа сайжирдаг ажээ. Мөн ажлын ачаалал ихтэй, ядарч сульдаад байвал битүү хоол буюу бууз, баншинд цагаан гаа хийж идэхийг уламжлалт эмнэлгийн эмч нар зөвлөдөг юм билээ. Хоолонд хэрэглэхдээ хальслах хэрэггүй бөгөөд хальс нь наршихаас сэргийлэх, элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн. Удахгүй хаврын эхэн сар гарна.

Өдөр уртсаж цаг уярахын хэрээр ихэнх хүмүүс ядрах гээд байдаг. Тэр үед хоол хүнсэндээ аль болох цагаан гаа өргөн хэрэглэвэл эрч хүчээ сэлбээд авна. Цагаан гааг дан ганц хоолондоо хийж хэрэглэхийн зэрэгцээ ууж болно. Цагаан гааны орцтой цай, цэвэр нунтаг гаа ч худалдааны төвүүдээр зөндөө байдаг. Янз бүрийн амин дэмтэй хольж дархлаа дэмжих зориулалттай цагаан гааны орц бүхий цайг өдөр бүр ууж хэвшээрэй. Ингэж чадвал ирэх хаврын урт өдрүүдийг эрч хүчтэй, ядарч сульдахын зовлонгүй давж чадах нь байна шүү.

Цагаан гааны ашиг тусыг эмч нар “Цусны эргэлт сайжруулдаг, цус шингэлдэг, дотор муухайралт, бөөлжилтийг намдаадаг, хордлого тайлдаг, хавдрын эсийг бууруулдаг, жирэмсний эрт үеийн хордлого тайлдаг, шар хөөрөлтийг зогсоодог, сарын тэмдэг ирэх үеийн өвдөлтийг намжаадаг, толгойн хүчтэй өвдөлтийг намдаадаг” гэж байна лээ шүү.

Categories
гадаад мэдээ

Венесуэлд эдийн засгийн онц байдал тогтоожээ

Өчигдөр Венесуэлийн дээд шүүх тус улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн гаргасан эдийн засгийн онц байдал тогтоох зарлигийг баталжээ. Ингэснээр Мадурогийн засаг захиргаа 60 хоногийн турш улсын төсөв, компаниудын үйл ажиллагаа болон үндэсний мөнгөн тэмдэгтэд илүү өргөн хүрээтэй хяналт тогтоох эрхтэй болж байна.

Венесуэлийн сөрөг хүчин олонхтой шинэ парламент өнгөрсөн сард тус зарлигийг хэлэлцээд, улсад нь нүүрлэсэн хямралыг намжаах, хүнсний хомсдол, инфляцийг бууруулах дорвитой шийдэл санал болгоогүй гэж шүүмжлэн, буцаасан юм. Харин Венесуэлийн дээд шүүх парламентынхаа дээрх шийдвэрийн эсрэг Мадурогийн гүйцэтгэх эрх мэдлийг өргөжүүлэх тухай зарлигийг баталсан байна. Үүнтэй холбогдуулан Мадуро төрийн мэдлийн төв телевизээрээ ард түмэндээ хандан үг хэлж, төлөвлөсөн хэд хэдэн арга алхмаа ойрын хоногуудад хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ зарлалаа.

Харин Венесуэлийн парламент хууль тогтоогчдын эрх мэдлийг боогдуулсан гэж дээд шүүхээ зэмлээд, энэ оны дундуур Николас Мадурог огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Венесуэлд зикагийн улмаас гурван хүн амиа алджээ

Венесуэлд зика вирусийн халдвар авсны улмаас гурван хүн амиа алдсан тухай тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав.

Ерөнхийлөгч “Венесуэлд уг вирусийн халдвар авсан 319 тохиолдол бүртгэгдсэний 68-ынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд харамсалтай нь гурван хүн нас барлаа” гэж мэдэгджээ.

Тэрбээр халдвар авсан хүмүүсийг эмчлэх эм, тариаг нийлүүлэхийг ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чанаас хүсчээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-наас энэ оны хоёрдугаар сарын 8-ны хооронд тус улсад “Зика” вирусийн халдвар авсан байж магадлалтай 5200 тохиолдлыг илрүүлж, тусгаарлажээ.

Вирусын улмаас жижигхэн толгойтой ураг мэндэлж буйтай холбогдуулан Мадуро 2018 оныг хүртэл эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хатуу хориглосон билээ.

Categories
гадаад мэдээ

Мянган жилийн дараахь найрамдалт уулзалт

Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн патриах Кирилл, Ромын католик сүм хийдийн тэргүүн Ромын пап Францис нар түүхэнд анх удаа Гавана дахь олон улсын нисэх онгоцны буудалд уулзалдлаа. Патриарх болон Ромын пап нарын хэлэлцээ Хосе Мартийн нэрэмжит Гаванагийн онгоцны буудлын нэгэн танхимд эхэлжээ. Тэртээ 1054 онд тухайн үеийн Москвагийн патриарх болон Ромын католик сүмийн тэргүүн нар уулзаж байсан түүхтэй аж

Categories
мэдээ спорт

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Цэвэрбал сонгогдлоо

Монголын сагсан бөмбөгийн холбоо бүх гишүүдийн хурлаа хийлээ. Сагсан бөмбөгийн ахмад болон дунд үеийн эрэгтэй, эмэгтэй тамирчдаас 35 хүн, мөн одоо ид тоглож байгаа дээд лигийн тамирчид, дасгалжуулагчид, багийн эздээс 57 хүн, эмэгтэй тамирчдаас 23 хүн, сонирхогчдын лигийн төлөөлөл 51 хүн, шүүгчид 15 хүн, дунд сургуулийн багш, дасгалжуулагчид 10 хүн ирсэнээс гадна хөдөө орон нутгаас Сүхбаатар, Баян-Өлгий, Архангай, Дундговь, Баянхонгор, Багахангай, Налайх, Увс аймгуудаас 23 хүн хүрэлцэн ирж, нийт 220 гаруй сагсан бөмбөгчдийн бүрэлдэхүүнтэй өргөн хүрээтэй хурал боллоо. Хурлаар хэлэлцсэн гол асуудал нь сүүлийн жилүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулах чадамжаа алдаж, Азийн Аварга шалгаруулах тэмцээнд хүртэл эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаа оролцуулах боломжоо алдаад Монголын Сагсан Бөмбөгийн Холбоог шинэчилсэн зохион байгуулалтанд оруулах, мөн хууль бус гэдэг нь шүүхээр батлагдсан ерөнхийлөгч, удирдлагыг шинээр сонгох ёстой байсан юм.

Ингээд хуралд оролцогчид хэлэлцсэний эцэст Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны тэргүүлэгчдийг ахмад тамирчид, багийн эзэд, одоо тоглож байгаа тоглогчид, эмэгтэйчүүдийн төлөөлөл, хөдөө орон нутгийн төлөөллөөс бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр олонхийн саналаар баталлаа. Ийнхүү Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал сонгогдон ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн дуудлага цөөн байжээ

Нийслэлийн хэмжээнд сар шинийн баярын өдрүүдэд гамшгийн нөхцөл байдал харьцангуй тайван байжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын зүгээс сар шинийн өмнө гэр хорооллыг галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсны үр дүн эхнээсээ мэдэгдэж буйтай холбон тайлбарлав.

Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн өдрүүдэд 70 гаруй гал түймрийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Харин энэ жилийн хувьд 30 гаруй дуудлага ирсэн байна. Мөн нийслэлийн ойр орчимд цасанд суусан, саатсан дуудлага багагүй иржээ. Налайх, Сонгинохайрханы Баруун туруун зэрэг газруудад цасанд боогдсон дуудлага ирснээс өөрөөр тайван байсан хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Төгсгөлгүй” балет тоглогдоно

Монголын өнөөгийн нийгэм, уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв үнэнч хайр дурлалын тухай өгүүлэх “Төгсгөлгүй” сонгодог балет тоглогдох гэж байна. Тус бүтээлийг 2014 оны арванхоёрдугаар сарын 6-нд анхлан үзэгчдийн хүртээл болгосон. Харин энэ удаад Гэгээн хайрын баярт зориулан хоёрдугаар сарын 13,14-ны өдрийн 17.00 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглохоор төлөвлөжээ.

Балетийн бүжгийг, танго бүжигтэй хослуулсан өвөрмөц тавилттай уг бүтээлийг ДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан юм. Харин хөгжмийн зохиолыг Х.Алтангэрэл бичсэн.

Categories
мэдээ нийгэм

“Хархорин”, “Барс” зах ажиллаж эхэллээ

Сар шинийн баяртай холбогдуулан томоохон захууд хуваарийн дагуу амарсан. Тэгвэл өнөөдрөөс “Хархорин”, “Барс” зах ажиллаж эхэллээ. Харин техникийн “Да хүрээ” зах 15-ны өдрөөс ажиллаж эхлэх хуваарьтай. “Хүчит шонхор” зах, 17-ноос, “Нарантуул” зах 18-наас, “Өгөөмөр” зах 15-ний өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Харин “Номиин, “Боса”, “Оргил”, “Сансар” зэрэг худалдааны сүлжээ дэлгүүр цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд ослоор гурван иргэн амиа алдав

Энэ жилийн сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол, зөрчил өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан дүн мэдээтэй байна. Тухайлбал, энэ жил нийслэлийн хэмжээнд шинийн 1-3-ны өдрүүдэд Замын цагдаагийн газарт 869 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн ослын 686 дуудлага ирснээс 24 хүн гэмтснээс 10 нь хүүхэд байна.

Харин орон нутгийн замд ослын улмаас гурван хүн нас баржээ. Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн баярын өдрүүдэд долоон хүн зам тээврийн ослоор амиа алдсан юм. Харин жолооч нарын гаргаж буй нийтлэг зөрчил нь согтуугаар автомашин жолоодох байжээ. Нийслэлд согтуугаар автомашин жолоодсон 68 жолоочийг журамласан байна. Энэ нь ч мөн өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлт гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлжээ.