Categories
мэдээ нийгэм

Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто зам, замын байгууламжийн байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/104 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг дараах байдлаар тогтоож, нийслэлийн Авто замын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгов. Үүнд:

  • Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Этүгэн” дээд сургууль, Улаанбаатар чуулга, Сэлбийн баруун эрэг орчимд шинээр барих авто замд 1,5 га
  • Баянгол дүүргийн 7,8,9,13,14,15,17,18,19,21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ахуйн үйлчилгээний ордноос Ард Аюушийн гудамж хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 10 га
  • Чингэлтэй дүүргийн 5,8,9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 3,5 га
  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын гармаас Хилийн цэргийн 0164 дүгээр анги хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 1,5 га
  • Баянзүрх дүүргийн 13,14,26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам болон Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурх явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарцын ажилд 0,75 га
  • Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13,16 дугаар гудамжны дунд хэсгийн авто зам, 15,16 дугаар гудамжны дунд хэсгийн хайрган авто замын ажилд 1,8 га
Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, кадастрын бүртгэлд бүртгэхийг Өмчийн харилцааны газарт, авто замын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газарт тус тус үүрэг болголоо. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав
Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганаар 24 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулганыг энэ сарын 15-26-ны өдөр хүртэл хуралдуулахаар болсон. Энэ хүрээнд өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон гурван байнгын хороо хуралдах тов гарчээ.

Тодруулбал, үдээс хойш УИХ-ын Төсвийн, Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүйн байнгын хороо хуралдах юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-ын албан татваруудаас чөлөөлөх тухай болон Татварын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх-ийг шийдэх аж.

Дашрамд, ээлжит бус чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2020 төгрөг хүрчээ

Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2019.42 төгрөгт хүрлээ. Харин арилжааны банкуудад нэг долларыг зарах ханш 2024 төгрөгтэй тэнцэж байна. Ноён долларын ханш оны сүүлээр 2000 төгрөгийг давсан. Тэгвэл он гарсаар сүүлийн нэг сар гаруй хугацаанд долларын ханш ийнхүү төгрөгийн эсрэг хүчээ авч байна. Тодруулбал, оны эхэнд 2003 төгрөгтэй тэнцэж байсан ханш өнөөдөр ийнхүү 16 төгрөгөөр өсчээ.

Манай улсын эдийн засаг улирлын мөчлөгтэй гэдгийг судлаачид онцолдог. Өөрөөр хэлбэл, жил бүрийн нэгээс дөрөвдүгээр сард эдийн засаг идэвхждэг. Энэ үед компаниуд ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу холбогдох хөрөнгө оруулалт, худалдан авалт болон зээлээ авч эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор жилийн энэ үед инфляци өсөх хандлагатай байдаг. Өнгөрсөн жилүүдэд нэг, хоёрдугаар сарын инфляци 3-5 хувьд хүрэх тохиолдол элбэг байлаа. Хоёрдугаар сард цагаан сарын баяр тохиодог нь иргэдийн эрэлтийг ч бас нэмэгдүүлснээр инфляцийн өсөлтийн багагүй хувийг бүрдүүлдэг.

Гэхдээ ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаашдаа харьцангуй тогтворжих нөхцөл бүрдсэн гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тодруулбал, Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдсэн. Үүнийг дагаад валютын нөөц өсч буй. Түүнчлэн төлбөрийн тэнцэл 2015 оны жилийн дүнгээрээ 150 орчим сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өмнө нь энэ алдагдал сард 300 сая ам.долларт хүрдэг байсан юм

Тэгвэл энэ удаад нөлөөлөл инфляциар бус ханшаар дамжин харагдаж байна. Төв банк он гарсаар бодлогын хүүг 13 хувиас 12 хувь болгож бууруулсан. Мөн орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах гэх зэрэг эрэлтийг дэмжсэн бодлогууд яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор ханшид түр зуурын дарамт ирж байх боломжтой гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Нөгөөтэйгүүр улсын төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөг байхаар тусгасан. Энэ нь нэг төрлийн хүлээлтийг бий болгосноор долларын ханшийг өсөхөөс нь өмнө худалдан авах хүмүүс нэмэгдсэн гэнэ. Мэдээж нийлүүлэлтээс давсан эрэлт үүсэх үед аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Доллар бас нэг төрлийн бүтээгдэхүүн учраас эрэлт нэмэгдэхтэй зэрэгцээд, үнэ нь өсч буй хэрэг.

Гэхдээ ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаашдаа харьцангуй тогтворжих нөхцөл бүрдсэн гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тодруулбал, Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдсэн. Үүнийг дагаад валютын нөөц өсч буй. Түүнчлэн төлбөрийн тэнцэл 2015 оны жилийн дүнгээрээ 150 орчим сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өмнө нь энэ алдагдал сард 300 сая ам.долларт хүрдэг байсан юм. Тэр хэрээр Монголын зах зээлээс доллар гадагшилж, дотоодод долларын хомсдол үүсдэг байсан гэсэн үг.

Төв банкныхны тайлбарлаж буйгаар төв банк өнгөрсөн хугацаанд ханшаар дамжуулан төлбөрийн тэнцлийн хүндрэлийг эерэг тал руу нь өөрчилж чаджээ. Тэр хэрээр цаашдаа ханш дээр огцом хүндрэл бий болох магадлал буурсан гэж байгаа юм.

Товчхондоо бол энэ удаагийн ханшийн өөрчлөлт эдийн засгийн улирлын мөчлөгтэй холбоотой эрэлтээс үүдсэн түр зуурын өсөлт аж.

Categories
мэдээ цаг-үе

Гангар шаазан урлаач монгол залуу

Монгол залуу гангар шаазан хийжээ. Х.Хадхүү хэмээх уран бүтээлч гангар шаазангаар аяга, таваг, ваар, айрагны ваар хийхээс гадна Өндөр гэгээн Занабазарын дүр бүхий шаазан баримал, Ногоон дарь эх бурхан, Чингис хааны хөрөг зурагтай ваар гээд олон нарийн ур хийц бүхий бүтээлийг урлаж, түүгээрээ өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ.

Гангар шаазанг монголчууд ховор нандин эд гэж ярьдаг билээ. Гангар шаазангаар хийсэн аягыг үлээх төдийд л хонх шиг цуурайтан сайхан дуугардаг гэлцдэг. Сүүлд нэг монгол эмэгтэй гангар шаазан хийх аргыг мэдсэн ч удалгүй амиа алдсан гэсэн цуу яриа хүртэл байдаг. Тэгвэл энэхүү гангар шаазанг монгол залуу хэрхэн бүтээж хийснийг сонирхохоор шаазан урлаач Х.Хадхүүгийнд өнжлөө. Түүний гэрт очихоосоо өмнө үзэсгэлэнг нь сонирхохоор “Улаанбаатар” музейг зорив. Биднийг очихтой зэрэгцээд нэлээд олон зочин орж таарлаа. “Алив гангар шаазанг чинь харъя. Хаана байна” хэмээн үзэсгэлэнг сонирхохоор ирсэн зочид асуулаа.

Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан 40 эргэм насны, үсээ ургуулсан эр өөдөөс угтан ирсэн нь уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж буй Х.Хадхүү байлаа. Тэрбээр “Ирсэн хүмүүс бүгд л тэгж асууж байна. Эхлээд бүтээлүүдээ танилцуулаад сүүлд нь хийх аргыг жичид нь хэлж өгнө дөө” гэж хошигноод авсан юм. Гангар шаазангаар хийсэн аяга, таваг, ваар, архины гүц, хөөрөг зэргийг хийснээс гадна, Өндөр гэгээн Занабазарын таван дүр бүхий бүтээлийг урлажээ. Түүхэнд одоогоор Өндөр гэгээний дүрийг таван янзаар уран баримлаар дүрсэлсэн нь үүнээс өөр байхгүй гэж тайлбарлав. Мөн 21 Дарь эх, Ногоон дарь эх бурхныг урласнаас гадна Монголын хаадуудын хөргийг шаазан вааран дээр дүрслэн бүтээжээ. Хамгийн сүүлд Ю.Цэдэнбал агсны хөрөг бүхий ваар хийсэн нь удахгүй болох 100 жилийн ойд нь зориулсан аж. Шаазан айрагны ваар түүний үзэсгэлэнгийн бас нэг чимэг байлаа. Ирсэн хүмүүс ч шаазан ваарыг их сонирхож байлаа. Тэрбээр “Манайхан Хятадаас оруулж ирсэн айрагны хулыг хэрэглэж байна. Хятад вааран дээрх зураг тийм ч тохиромжтой харагддаггүй л дээ. Тиймээс Монголын түүх соёл, ёс заншлыг харуулсан айрагны ваар бүтээх шаардлагатай юм байна гээд хийж эхэлсэн” гэв. Мөн ясны цагаан шаазангаар заан бүтээж. Энэ бүтээлийнхээ тухайд “Наймдугаар Богд хаан заан тэжээдэг байсан. Заандаа хувцас өмсүүлж, Богдын малгай хүртэл хийж өгсөн байдаг. Тиймээс богд малгай, хувцастай ясны цагаан шаазан зааныг бэлэг дурсгалын сувинер болгон бүтээсэн. Монголын түүх соёлын нэгээхэн хэсгийг өгүүлж байгаа учраас авчирлаа. Ер нь шаазан бол өөрөө дэлхийн олон улсад урлаг болтлоо хөгжсөн. Хүн төрөлхтний том соёлыг хадгалж, түгээж байдаг. Дэлхийн улс орнууд шаазангаар өөрийн түүх соёл, ёс заншлаа шингээсэн байдаг. Хятад шаазанг харсан хэн ч энэ бол хятад соёл мөн байна гэж мэддэг. Хятад хүний философи, аж амьдралын бүх зүйлийг шингээсэн байдаг шүү дээ. Оросын шаазан ч мөн адил. Орос соёл мөн байна гэж мэддэг. Үүнтэй адил Монгол Улс түүх, соёлоо, монгол хүний философийг, монгол гоо сайхныг дэлхий нийтэд шаазангаар дамжуулан таниулж, түгээх боломж байна гэж би хардаг” гэв. Харин гангар шаазангийн тухайд “Хийх технологи нь хэцүү биш, энгийн зүйл байгаа. Шил их орсон шаазанг л гангар шаазан гэж хэлж байгаа юм. Шилийг нь их хийгээд өгөхөөр шаазан гоё дуу гардаг, хөнгөн нимгэн, ялтгар цагаан өнгөтэй харагддаг. Манайхан ховор зүйлийг гоё гэж боддог шүү дээ” гэж тайлбарлаад шилэн хоргон дотроос цэнхэр хээтэй том цагаан аяга гаргаж ирснээ нэг хоёр зөөлөн тогшингуут ен ён гэж цуурайтан дуугарч байв. Үзэсгэлэнг сонирхож байгаа хүмүүс ч бүгд нэг нэгээрээ би барьж үзье гээд дамжуулан тогшиж үзэн дуугаргав.

Монголчууд шаазангийн үйлдвэртэй байсан. Одоо дахиад ийм үйлдвэр байгуулах боломжтой эсэхийг тэнд цугласан олон асуухад “Одоогоор манай улсад хятад шаазан ноёрхож байгаа. Дийлэнх зах зээлийг хятад шаазан эзэлж байна. Сүүлд Орос болон бусад орноос шаазан оруулж ирдэг болсон. Яг одоогийн байдлаар бол шаазангийн бизнес өрсөлдөөн ихтэй, зах зээлгүй байна. Харин шаазангаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргавал их амжилт олох магадлалтай гэж би хувьдаа боддог” гэсэн юм.

Хятад шаазанг хэрэглэхдээ бас анхаарах зүйл байгааг тэрбээр нэмж тайлбарлав. Манайд урдаас чанартай, чанаргүй олон шаазан эдлэл, аяга таваг орж ирж байгаа. Чанартайгаасаа илүү чанаргүй нь их байна. Гадуур хямд худалдаж байгаа хятад шаазан аягануудын хувьд хар тугалгын хольц их байдаг байна. Оросууд хятад шаазанг хэрэглэхээ больж, өөрсдөө шаазангийн үйлдвэртэй болсон шалтгаан нь ч үүнтэй холбоотой аж. Хар тугалгын хольцтой байдгийг мэдсэн учир дотоодын зах зээлээ өөрсдөө хангаж эхэлсэн. Хар тугалга нь хүний эрүүл мэндэнд сөрөг нөлөөтэй учир монгол хүн бүр чанартай саванд хоол хүнсээ хийж байвал сайхан байна” гэж тэрбээр ярьсан. Шаазан урлаг болтлоо хөгжсөн орны иргэд энэ ямар шавраар хийсэн, ямар найрлагатай шаазан болохыг нэг хараад мэддэг гэнэ лээ.

Манайд шаазангийн үйлдвэр байгуулахад шаазангийн шавар элбэг байна. Харин бусад түүхий эдээ гаднаас оруулж ирэх болно. Дэд бүтцээ сайжруулах, ажиллах хүчээ нэмэгдүүлж, сургаж, дадлагажуулах гээд олон зүйл шаардлагатайг сануулав.

Одоогоор Монголд шаазангаар дагнан уран бүтээл хийж байгаа хүн Х.Хадхүүгээс өөр байхгүй гэнэ. Тэрбээр 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1993 онд Дүрслэх урлагийн коллежийг бакалавр, 2012-2015 онд СУИС-ийн дүрслэх урлагийн магистрт суралцаж, мастер хамгаалсан байна. Хоёр дахь удаагаа өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй нь энэ аж. Тэрбээр “Шаазангаар бүтээл хийнэ гэдэг бол хүнд ажил шүү дээ. Зүрх сэтгэлээ өгөхгүй бол хийхэд амар биш” гэж ярилаа. Түүний уран бүтээлийг үзсэн гадны хүмүүс хамтарч ажиллах санал тавьж байж. Харин Х.Хадхүүгийн хувьд өмнөө том зорилго тавьжээ. Түүний мөрөөдөл ойрхон байгаа учраас уран бүтээлч хүн мөнгөнд худалдагдах ёсгүй гэж өөртөө хэлдэг байна. Тэрбээр “Монголдоо өөрийгөө таниулаад зогсохгүй дэлхийд Монголынхоо соёлыг түгээхэд өөрийгөө зориулна. Дэлхийн түвшний бүтээл хийнэ гэсэн том зорилго тавьчихаад байгаа шүү дээ. Энэ мөрөөдөл маань мэдээж биелнэ. Миний хувьд хамгийн дуртай, хийж чаддаг зүйл минь учраас илүү их хичээнэ” гэв.

Гэр бүлээрээ уран бүтээлчид

Үзэсгэлэнг тараад гэрт нь ирлээ. Тэднийх Жуковт байдаг аж. Жилийн өмнө шинэ байранд нүүж оржээ. Манай шал доороосоо халдаг учраас дулаахан гээд хойд өрөөндөө дагуулж орлоо. Хоёр саруулхан өрөөтэй. Бүх зүйл эмх цэгцтэй. Хойморт байрлах шүүгээний хажууд цахилгаан оёдлын машин байгаа нь нүдэнд тусав. дээр нь цамц, эсгэсэн дээл харагдаж байгаа нь гэрийн эзэгтэй уран хүн болохыг илтгэж байв. Гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн, охин Х.Гэгээндарьэх нар аавыгаа хүлээн, ширээгээ засаад хүлээж байсан юм. Гэрийн эзэгтэй зочдоо буузаар дайлав. Харин охин зурагтынхаа өмнө суугаад “Маша баавгай” хүүхэлдэйн кино үзээд ямар хүмүүс орж ирснийг ч харах сөхөөгүй байлаа. Гэгээндарьэх охин хоёр ойтой аж. “Яасан гоё нэртэй охин бэ. Уран бүтээлч хүн учраас охиндоо ийм нэр хайрласан юм уу” гэж асуухад “Манай эхнэр бид хоёр хоёулаа уран янз бүрийн юм оролддог. Манай эхнэр “Бөртэ чоно Гуа марал” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Аав, ээж хоёр нь уран бүтээлч юм чинь охин минь бас уран бүтээлч болбол их л сайхан байна даа” гэж хариуллаа. Энэ үед гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн “Манай нөхөр чинь миний багш байсан байхгүй юу” гэхэд “Нээрээ тийм бил үү, чамайг шавь байсныг чинь мартах шахаж” гээд эхнэр, нөхөр инээдэм болцгоолоо.

Гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн нь Монутментийн мэргэжил эзэмшжээ. Модерн стилиэр уран бүтээлээ тууривдаг гэж тайлбарлав. Түүний мэргэжлийг тодотгох бүтээлийн хамгийн тод жишээ бол Зайсангийн хөшөө аж. Уран баримал, уран зураг гээд олон төрлөөр модерн стилиэр бүтээл тууривдаг мэргэжил гэж лавшруулав. Эхнэр, нөхөр хоёр хамтарч уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаагаа энэ дашрамд дуулгасан. Гэрийн эзэгтэй одоо ШУТИС-д Архитектурын ангид сурч байгаа юм байна. Уран бүтээлийнхээ ажлыг хийхээс гадна сургуульд сурна гээд цаг зав муутай ч гэр орныхоо ажлыг орхигдуулахгүй авч явахыг хичээдэг гэв. Юм оёх дуртай. Өөрөө хувцсаа хийгээд өмсчихнө. Хамгийн сүүлд охиндоо биеийн тамирын хослол оёж өгчээ. Нөхөр нь түүнд цахилгаан машин авч өгсөнд их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлэв. Тэрбээр “Гадуур явахаар таалагдсан хувцсаа олж авч чадахгүй тийм байдал эмэгтэйчүүдэд тулгардаг даа. Хэрвээ хүссэн, таалагдсан хувцсаа олж авч чадахгүй бол өөрөө загвараа гаргаад оёод өмсчихдөг юм. Загвар зохиогоод хувцас оёх их дуртай. Үзэсгэлэнгээ гаргахдаа өмссөн даашинз,цүнхээ өөрөө оёсон” гэв. Хоёр уран бүтээлч хүн хамт амьдрахад давуу тал их байдаг байх даа гэхэд “Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог. Миний хань намайг бүх талаараа дэмждэг. Намайг юу хүсч, мөрөөднө тэр болгонд дэмжиж чадахаараа тусалж байдагт их баярлаж байна. Уран бүтээлч хүмүүс хамт амьдрахад сонирхолтой. Бие биенийхээ хийсэн бүтээл дээр санал дүгнэлт өгнө, шүүмжилнэ. Санал зөрөх тохиолдол гарвал ярилцаад илүү гоё шийдэлд хүрэх жишээтэй. Нэг нэгнийхээ ажлыг маш сайн ойлгоно. Манай нөхрийн ажлын байр нь ойр болсон учир амар байдаг болсон. Гэрийнхээ нэг давхарт байдаг болсон. Хэзээ ч дуудахад гүйгээд дээшээ гараад ирнэ шүү дээ. Намайг завгүй, эзгүй үед гэр орныхоо ажлыг нөхөр маань амжуулж өгдөг. Хэн түрүүлж ирсэн нь хоолоо хийчихнэ” гээд инээв. Харин гэрийн эзэн Х.Хадхүү “Ажил ойр байх нээрээ амар шүү. Хэрвээ шаардлагатай гэвэл шөнө гараад ч бүтээлээ хийнэ. Яаралтай захиалгатай ажил гарвал шөнө сууна. Автобус, унаанд зарцуулах цагаа ажилдаа зарцуулна. Мөнгө үрэхгүй. Хоолоо гэр рүүгээ ороод идчихнэ гээд давуу тал их байдаг” гэв. Ийн яриа өрнөж бид хооллож дуусаад гэртээ байгаа дурсгалтай зүйлсээ танилцуулав. “Хүмүүс манайхыг гэрээрээ дүүрэн шаазан эдлэлтэй байх гэж боддог юм шиг байна лээ. Яг үнэндээ уран бүтээлийг өөрөө хийнэ гэдэг их цаг зав шаарддаг учир цуглуулгатай хүмүүсийг гүйцэхгүй байж мэднэ. Хүний хийсэн бүтээлийг сонирхлоороо цуглуулдаг хоббитой хүмүүс байдаг даа. Шаазан эдлэл цуглуулдаг хүмүүсийн гэр орон үнэхээр үзэж харах юм их байдаг юм билээ шүү” гэв.

Гэрийн хойморт байрлах ханын шүүгээнд Х.Хадхүүгийн бүтээлүүд өрөөстэй. Гоё сайхан гэхээсээ илүү дурсгалтай, түүх өгүүлсэн учраас хадгалчихсан юм гэв. Тэрбээр 1991 онд сургуулиа төгсөөд дипломын ажлаараа Бямбын Ринченгийн зохиол “Шүхэрч Буниа”-гийн дүрийг шаазангаар хийжээ. Энэ бүтээлээ шүүгээний хамгийн дээд талд тавьжээ. Хажууд нь байгаа ноён гэмээр ууртай хүнийг дүрсэлсэн баримлыг “Юань гүрний үеийн нэгэн олдворыг орчин үеийн хэлбэрт оруулан урласан бүтээл. Юань гүрний сайдын хөргийн олдворыг сэргээж хийсэн юм. Миний хамгийн хүндтэй дурсгал” гэж тодотгов. Бас Ногоон дарь эхийн лааны тосон баримлыг сонирхуулсан. Мөн Дүрслэх урлагийн сургуульд элсэн ороод хамгийн анх хийж байсан шаазан аягаа хадгалжээ. Уг нь улаан өнгийн паалантай аяга хийх гэж байсан юм байна. Гэтэл шатааж хувиралд оруулахад хүрэн өнгөтэй болчихож. Анхны бүтээл бүтэл муутай болсон ч дурсган хадгалжээ. Мөн хуучин шаазангийн үйлдвэрт хийж байсан Цагаан дарь эх, Бурхан багшийн хөргийг дурсгал болгон олж авчээ. Бас “Амарбаясгалант” хийдийн дээвэр дээр байсан тогос шувууны олдвор эднийд байна. “Энэ олдвор музейд ч байхгүй шүү” гэж онцлов. Хөлбөмбөгийн спортыг их сонирхдог аж. Бразилий дэмждэг учраас “Бразил” гэсэн шар айрагны аягыг өөртөө зориулж хийсэн байна. Ер нь хэд хэдэн загварын шар айрагны аягыг сувинер болгон хийжээ. Үүн дотор домбо хэлбэртэй шар айрагны аяга онцгой аж. Х.Хадхүүг ийнхүү ярьж байх зуур түүний охин аавдаа тэврүүлэхээр дээшээ гараа өргөлөө. “Аавын охин чинь бас гоё зурдаг” гээд охиноо тэврэв. Ээж нь цаад өрөөнөөс орж ирээд “Миний охин чинь нэг настайгаасаа зурж эхэлсэн” гэлээ. Нэг настай хүүхэд зураг зурдаг гэж үү гэж биднийг лавлахад “Тийм ээ, үнэхээр гоё зурдаг ш дээ” гээд хар цүнхтэй зүйлийг гаргаад ирэв. Охиныхоо зурсан бүх зургийг хадгалчихсан байснаа үзүүлэв. Ээж нь “Энийг хар даа, морь зурсан байгаа биз дээ. Өөрөө зурчихаад “чүү, чүү” зурсан гээд ээждээ үзүүлсэн юм. Бас “Авгалдай” гээд хүүхэлдэйн киног үзэх дуртай юм. Тэгсэн хоёр авгалдайгаа зурчихсан байна. Цонхоор харах дуртай. Гэтэл гадаа байрны доор харагддаг модыг хүртэл их гоё дүрсэлж зурсан” гээд үзүүлэв. Хальт харсан хүнд охины зурсан зургийн дүрс тийм ч сайн анзаарагдахгүй байсан бол ээжийг нь тайлбарлаж өгөхөд охин үнэхээр сайн зурсан гэж дүгнэхээр байлаа. Өнгөний сонголт, дүрслэл энэ тэр сайхан болжээ гэж биднийг хэлэхэд охиноороо бахархсан ээжийн нүүрэнд баярын мишээл тодорч байв. Гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн нь хүүхдийнхээ авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх тал дээр их анхаардаг аж. Тэрбээр “Хүүхэд бүхэн төрөлхийн уран бүтээлч байдаг гэсэн. Харин түүнийг нь хөгжүүлэх нь чухал байдаг юм байна. Одоо манай хүүхэд цагаан толгойн бүх үсгээ мэднэ” гэж хэлээд “Миний охин өндөг гэхэд ордог “Ө” үсэг хаана байна, заагаарай” гэв. Охин ч гүйж ирээд ханан дээр байгаа цагаан толгойн үсэгнээс Ө үсгийг хуруугаараа заачихлаа. “Б” үсгийг заагаарай” гэхэд бас л заалаа.Миний охин ийм мундаг гээд хацар дээр үнсээд урамшуулав. “Хүүхдийг тоглодог тоглоомоор нь, дуртай зүйлийг нь ашиглаад юм заавал их амархан сурдаг юм билээ. Солонгос улсад таван настай охин долоон улсын хэлээр ярьж чаддаг гэж сонссон. Үнэхээр хүүхдээ хөгжүүлбэл, тийм чадвар байдаг юм байна” хэмээлээ. Залуу ээжүүд хүүхдийнхээ тухай ярих дуртай байдаг шиг Г.Дарьсүрэнгийн хувьд бас охиноороо бахархан энэ мэт олон зүйлийг ярьж өгсөн. Аав, ээж хоёр нь “Ганц охин минь бидний жинхэнэ урлагийн бүтээл шүү дээ” хэмээн ярьж буйгаас нь хараад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай сайхан айл болох нь мэдрэгдэж байв.

Будаатай аяга хийх технологи хэцүү биш

Х.Хадхүүгийн ажил тэдний гэрийн нэг давхарт байрладаг учраас цахилгаан шатаар буугаад ажил руу нь орлоо. Санаа нийлсэн, юм хийдэг хэсэг залуучууд түүнтэй хамт ажилладаг юм байна. Гутал хийдэг, монгол дээл, арьсан эдлэлээр юм хийдэг залуучууд нэг дор ийнхүү сууж ажиллаж байлаа. Тэрбээр, юун түрүүнд будаатай аяга хийх технологийг бидэнд сонирхуулав. “Хүмүүс будаатай аяга хийхэд их хэцүү гээд яриад байдаг. Хэцүү биш л дээ. Технологи нь их энгийн, амархан. Би энд хэдийг хийчихсэн” гээд үзүүллээ. Нүх гаргаад будаагаа хийж пааландаад л болоо шүү дээ. Монголчууд нэг юмыг цуурч ярихаараа их итгэдэг юм байна. “Хэрвээ чи будаатай аяга хийж сурсан бол тэрбумтан болох байсан юм” гэдэг. Энэ бол тийм биш гэдгийг сониноор дамжуулаад хэлмээр байна. Миний хувьд бүх бүтээлээ гараар хийдэг. Шаазангийн үйлдвэрт ажиллаж байсан ахмадуудтай хамтарч ажиллаж байлаа. Надад их зүйлийг зааж сургаж, зөвлөсөн” гэв.

Монголын шаазангийн түүхийн тухайд “Дэлхийн шаазангийн түүхийг 5000 жилийн өмнө Хятадаас гаралтай гэж ярьдаг. Тэр дундаа Тан улсын үед шаазан урлагийн хэмжээнд очсон гэж үздэг. Үүнээс хойш 1000-аад жилийн дараа буюу 1700 оны үед Европт анх шаазан хийсэн байдаг. Миний хийсэн ясны цагаан шаазан чинь анх Англид 1800-гаад онд үүссэн байдаг. Харин энэ үед Хятадууд ясны цагаан шаазан гэж мэддэггүй байсан байгаа юм. Хятадууд сүүлд 1990-гаад онд ясны цагаан шаазан гэж байдгийг мэдэж байсан гэдэг. Юм хөгжинө гэж сонин байгаа юм шүү. Харин монголчуудын шаазангийн түүх Юань гүрний үеэс эхлэлтэй гэдэг. Юань гүрний үеийн шаазан олдворууд дээр нүүдэлчин монголчуудын ахуйг дүрсэлсэн байдаг. Тиймээс монголчууд шаазангийн эртний соёлтой орон юм. Харин шаазангийн орчин цагийн түүх 1955 оноос эхэлсэн. Халиуны Дагвадорж гэж малчин гаралтай хүн анх шаазангийн артерль байгуулж байж. Ингээд монголчууд шаазан хийх арга ухаанд суралцахын тулд Хятад, Орос руу явдаг байж. Тэгээд 1972 онд Шаазангийн үйлдвэр байгуулагдан 1900-2000 он хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсан. Товчхондоо ийм байна” гэсэн юм.

Х.Хадхүүгийн хувьд шаазан урлалаар цаашдаа олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Шаазангаар бэлэг дурсгалын зүйлс хийхээр ажилдаа орсон байна. Шаазан өөрөө том соёл байдаг учраас гаднаас ирсэн зочид төлөөлөгчдөд шаазан сувинеруудыг бэлэглэхэд тохиромжтой гэв. Тиймээс монгол ахуйг харуулсан шаазан бэлэг дурсгалын зүйл хийхээр төлөвлөөд байгаа нь энэ аж. Түүний хувьд уран бүтээлээ хийхээс гадна захиалгаар олон зүйлийг хийнэ. Шаазан цуглуулдаг хүмүүс янз бүрийн захиалга өгдөг аж. Үүний хажуугаар ченжүүд түүний бүтээлийг хямд авч цааш нь дамлан үнэд хүргэн зарж байсан нь илэрчээ. “Шаазангийн үйлдвэрт хийж байсан сүүлчийн аяга” гэх мэтээр түүний бүтээлийг иргэдэд худал хэлж борлуулж байсан учир Х.Хадхүү захиалга авахдаа болгоомжтой ханддаг болсноо нуусангүй.

Х.ЦЭНД-АЮУШ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Тариалангийн салбарыг зах зээлийн горимд оруулж байна

УИХын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХын чуулганаар баталлаа. Уг хуульд орсон гол өөрчлөлтүүдээс дурдахгүй юу?

-Энэхүү хуулиар олон асуудлыг зохицуулж өгсөн. Тухайлбал, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч байгаа. Ингэснээр фермерийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй хүмүүс маань үл хөдлөх хөрөнгө, газраа барьцаалаад зээл авах боломжууд нээгдэж байна. Нөгөө талаар тариалан болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид бие биенээ дэмжиж, хоршиж ажиллах сайхан боломж бий боллоо. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд малын тэжээл нэн шаардлагатай байдаг. Тариалангийн бүс нутгийн нэг хэсэгт нь малын тэжээл тарихыг дэмжиж өгсөн. Мөн олон жил яригдсан маргаантай асуудлуудыг шийдсэн. Бэлчээрийн мал тариалангийн талбай руу орж ирлээ гэсэн гомдол байнга гарч байдаг. Энэ асуудлыг нутгийн малчид, орон нутгаас сонгогдсон гишүүд, фермерийн аж ахуйн нэгж гээд олон талын саналыг харгалзаад зохицуулсан байгаа. Түүнчлэн тариалангийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүс өмнө нь төрөөс хамааралтай. Төрөөс тонн тутамд нь тэдэн төгрөгийн урамшуулал өгнө. Яамнаас зээл авна. Зээлээ буцааж төлнө, төлөхгүй гээд байнгын маргаантай явж ирсэн бол одоо тариалангийн салбарыг энэ хуулиар зах зээлийн горимд оруулж өгч байгаа юм.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацааг 40 жил болгосон байсан. Энэ нь ямар учиртай вэ?

-Төр газрынхаа үржил шим дээр ихээхэн анхаарч байгаа. Тариалангийн газар бол төрийн өмч. Тариалан эрхлэгчдэд төр газар ашиглах, эзэмших эрхийг өгөхдөө маш ойлгомжтой шалгуур тавьсан. Энэ нь хөрсний чанарыг дордуулаагүй байх шалгуур юм. Хэрвээ дордуулаагүй байвал үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд яв гээд 40 жилээр эзэмших, ашиглах эрхийг нь нээж өгч байгаа. Өмнө нь 15 жил байсан л даа. Ийм хугацаатай байхад нэг атар газрыг авч ашиглаж дордуулчихаад дараачийнхаа шинэ газрыг аваад явах хандлага нэлээн байдаг. Одоо энэ газрыг 40-өөс доошгүй жил эзэмшүүлж, ашиглуулъя гэхээр тухайн тариаланч “Би энэ газрыг ашиглаад өөрийнхөө үр хүүхдэд өвлүүлж болох нь ээ. Тэгэхээр би хөрсийг дордуулахгүй байх хэрэгтэй юм байна” гэж өөриймсөг сэтгэлээр хандах хөшүүргийг бий болгож байна. Нөгөө талаар хөрсөнд таван жил тутам тогтмол шинжилгээнүүдийг хийнэ. Хэрвээ хөрсийг дордуулсан байвал 2-5 жилийн хугацаатай үүрэг даалгавар өгч сайжруулна. Хугацаатай даалгаврын хүрээнд хөрсний чанарыг сайжруулаагүй байвал төр газраа буцаагаад авах зохицуулалтууд орсон байгаа. Тариалангийн зориулалтаар газар авчихаад үйл ажиллагаа явуулахгүй бол зохицуулалт хийж өгсөн. Хоёроос дээш жил тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй хэмжээгээр газрыг нь хасна. Мөн тариалангийн газрыг атаршуулсан тохиолдолд хүчингүй болгох гэх мэтээр тодорхой зааж өгсөн.

Тариалан эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгүүдийн тухайд?

-Өмнө нь тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжихдээ тоонд илүүтэй тулгуурласан байсан. Тонн тутамд нь 70, 100 мянган төгрөг өгнө гэх мэт. Энэ нь эргээд чанарыг үл харгалзах байдлыг бий болгож байсан. Харин бид чанарт тулгуурлаж төрөөс үзүүлэх дэмжлэгийг илүү өргөн болгож байгаа. Тухайлбал, тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно гэж заасан. Үүн дээр эх үүсвэрүүдийг нь зааж өгч байгаа. Заавал улсын төсвөөс гэлгүйгээр орон нутгийн төсөв, тариалангийн салбарт олон улсын байгууллагаас олгосон зээл, буцалтгүй тусламж, гадаад дотоодын иргэн, хуулийн этгээдээс олгосон хандив, тусламж, хөрөнгө оруулалт байж болно. Үүнийгээ зарцуулахад ч учир бий. Тухайлбал, байгалийн хүчин зүйлээс ихээхэн хамааралтай, ганд өртөмтгий, тогтвортой хөгжилд хүрч чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд бид усалгаатай тариаланг дэмжье гэж байгаа. Тиймээс услалтын систем шинээр байгуулах, өргөтгөх, сэргээн засварлах, усан сан, цөөрөм байгуулах, усалгаатай тариалангийн талбайн хайгуул судалгаа хийх юм бол төрөөс дэмжинэ. Мөн тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах дээр ч дэмжлэг үзүүлнэ. Үр тариа, тэжээл, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн сортын үр суулгац үйлдвэрлэж үржүүлэхийг дэмжих юм. Үрийн аж ахуй дээр дэмжлэг үзүүлье гэж байгаа хэрэг. Техник технологийн шинэчлэлийг ялангуяа хөрсөнд ээлтэй тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд, засвар болон техник үйлчилгээний төв байгуулахад дэмжихээр болсон. Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн хадгалалт борлуулалтын тогтолцоог байгуулах, өвлийн хүлэмж байгуулах, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулахад дэмжье гэсэн ийм өргөн хүрээтэйгээр дэмжлэгийг үзүүлж байгаа. Үүний цаад агуулга нь хөрсөө хамгаалах, цаашилбал тариалангийн бүтээгдэхүүнийн чанарт анхаарч дэмжих юм.

Мөн НӨАТ-аас, Гаалийн татвараас чөлөөлөх асуудлаар дэмжье гэж байгаа. УИХ-ын даргад өнөөдөр (өчигдөр) Импортоор оруулж байгаа дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ комбайн, трактор, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны, ойн аж ахуйн техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгаалах бодисыг 2020 оныг дуустал НӨАТ-аас чөлөөлье гэсэн хуулийн төсөл өргөн бариад байна. 2012-2015 оныг дуустал дөрвөн жилийн хугацаанд трактор, комбайн, тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж байсан. Ингэсний үр дүнд нийт газар тариалангийн тоног төхөөрөмжийн 60 хувийг шинэчилсэн. Мөн дэвшилтэт технологиор үр тарианы үйлдвэрлэлийнхээ 30 хувийг боловсруулсан. Ингэж чадсанаар уриншийн нэг удаагийн боловсруулалт 12-14 хоног, ургац хураалтын ажлыг 30-35 хоногт гүйцэтгэх техникийн боломжийг бүрдүүлсэн. Газрын хөрсний доройтлыг бууруулах талаар ч эрхзүйн томоохон дэмжлэг болсон. Цаашид дараагийн таван жилд НӨАТ-аас чөлөөлж татвар авах мөнгөний бодлогоор дэмжье гэсэн зорилгоор хуулийг өргөн барьсан байгаа. Өмнө нь бордооны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаагүй. Мөн усалгааны тоног төхөөрөмжид их анхаарч байна. Бид ганд өртөмтгий байгаа нөхцөлд усалгаатай тариаланг бодлогоор дэмжиж өгч байгаа.

Тариалангийн салбарыг зах зээлийн горимд оруулж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?

-2015 оны ургацаас хурааж авсан улаанбуудайн тонн тутмыг хэдэн төгрөгөөр худалдан авах, худалдах уу гэдэг зохицуулалтыг тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэрүүд өөрсдөө хийсэн. Бид зах зээлийнх нь горимоор ажиллуулахын тулд дэмжлэг үзүүлж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, улаанбуудайгаа тариалан эрхлэгч, гурилын үйлдвэрүүд хадгалж болно. Тэгээд бид баталгаатай агуулахад хадгалсан гэсэн баталгааг гаргаад өгөхөөр улаанбуудайгаа барьцаалаад зээл авах боломжийг нээж өгч байгаа. Мөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан намар хурааж авах ургацаа барьцаалан зээл авах боломж нээлттэй. Энэ удаагийн тариалалтад зориулаад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг Хөгжлийн банкнаас гаргуулах шийдвэрийг УИХ, Засгийн газраар гаргуулаад байна. Ирэх гуравдугаар сард энэ ажлыг хийж эхэлнэ. Хөгжлийн банкнаас аль банкаар дамжуулах шийдвэрээ гаргана байх гэж бодож байна.

Урамшууллын хувьд?

-Өнгөрсөн жилүүдэд улсын төсвөөс олон зуун тэрбум төгрөг гаргаж үр тарианы аж ахуйг дэмжсэн байдаг. Өнөөдөр эдийн засгийн байдал хүнд байна. Жилдээ их наяд төгрөгийн төсвийн орлого тасарч байгаа бодит нөхцөлтэй байна шүү дээ. Нэгэнт орлого орж ирэхгүй байхад буцаагаад урамшууллын мөнгийг олон тэрбумаар өгөх боломжгүй. Ноднин 25 тэрбум төгрөг тариалан эрхлэгчдэд өгсөн. Энэ жил 5.6 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөө тонн тутамд нь тараагаад явах уу. Эсвэл 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тариаланчдад хаврын тариалалтад зориулж олгохдоо хүүг нь хөнгөлж өгөх үү гэдгийг ойрын үед шийднэ. Энэ талаар тариалан эрхлэгчдээс санал авна. Тэр тусмаа жижиг тариалан эрхлэгчдээс санал авна гэж бодож байна. Тонн тутамд нь урамшуулал өгөх нь гурилын үйлдвэрүүдэд улаанбуудайгаа тушаасан тариалан эрхлэгчдийг урамшуулдаг зүйл. Гэтэл ган гачгаас үүдээд ургац алдчихсан иргэн, аж ахуйн нэгж ямар ч дэмжлэггүй байгаа. Тэгэхээр харин ч цаашид байгалийн хүчин зүйлээс болж ургац алдсан тохиолдолд төрөөс нөхөн олговор өгч дэмждэг байх санал тариалангийн хуульд оруулсан. Цаашид тонн тутамд биш харин олон талт бодлогоор татварын хөнгөлөлт, зээл, хүүгийн хөнгөлөлт зэргээр цогц хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг болж байгаа.

Мөнгөн урамшууллын дэмжлэг үзүүлэх тухайд жишээлбэл, доройтуулсан газрыг тариалангийн эрхлэлтэд оруулахаар өөрийн хөрөнгөөр сайжруулахаар арга хэмжээ авч байгаа аж ахуйн нэгжид үзүүлж болно гэсэн байгаа. Мөн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, хөрсний үржил шимийг хэвийн хадгалсан, ургацын үр шимийг тогтвортой дээшлүүлсэн, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдлыг харгалзан үзье гэж байгаа. Төр нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал олгох гэж байгаа бол шаардлага тавьдаг байя гэсэн санаа. Түүнчлэн энэ жил ган болсонтой холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг тусгайлан холбогдох хуулиар нь зохицуулна гэсэн заалтыг оруулж ирсэн.

Органик хүнсний тухай хууль анхны хэлэлцүүлгээр орох гэж байна. Энэ хуулийн ач холбогдол нь юу вэ?

-Бид өөрсдөө бүтээгдэхүүнээ байгалийн цэвэр, органик гээд байдаг болохоос биш олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тэгэхээр бид энэ Органик хүнсний тухай хуулиараа дамжуулж бүтээгдэхүүнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажилтын сертипикаттай болгоно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсын түвшинд баталгаажуулснаараа орлого олох боломжтой. Сайхан боломжууд бүрдэж байна шүү дээ. Японд гэхэд хүнсний нэрийн бараануудыг татварын нэн тааламжтай нөхцөлөөр гаргах боломж бүрдэж байна. Европын орнуудад ч олон нэр төрлийн барааг гаргах тааламжтай нөхцөл байдаг. Гэтэл тэдний шаардлагыг хангасан байх ёстой. Органик хүнсний тухай хуулиараа аж ахуйн нэгжүүд өөрсдийгөө баталгаажуулаад явах боломжтой. Хэрэглэгчдийн хувьд ч сонголттой болж байгаа. Үйлдвэрлэгчийн хувьд ч илүү зах зээлд хүрэх боломжтой болж байгаа.

Тэгвэл Махны экспортын тухай хуулийн талаар?

-Махны экспорт нэмэгдэж байна. Монголын түүхэнд анх удаа салаа туурайтай малын буюу хонь, ямаа, үхрийн махыг түүхийгээр нь Хятадын зах зээл авахаар зөвшөөрлөө гаргалаа. Баруун таван аймгийн эрүүл бүсээс мах махан бүтээгдэхүүн гаргах боломжтой. Үүн дээр мөн ялгаагүй бид экспортод гаргасан махаа органик гэдгийг баталгаажуулж чадах юм бол үнэтэй болж болно. Монголын экспортлох махны нөөц ялангуяа хүн ам ихтэй Орос, Хятадын зах зээл дээр эзлэх жин бага. Тийм учраас бид махаа илүү органик, бэлчээрийн, чанартай гэдгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нөхцөлд илүү өндөр үнээр борлуулна.

Малын гаралтай гоц халдварт өвчнүүдээс шалтгаалаад манайхаас мах авдаггүй байсан. Эрүүл бүсээ хэрхэн тогтоосон бэ?

-Өдийг хүртэл махны экспорт тун чамлалттай явж ирсэн. Жилд 2000 тонн мах, махан бүтээгдэхүүн гаргадаг байдалтай байгаа. Хэд хэдэн бэрхшээл байснаас хамгийн том нь малын гоц халдварт өвчин. Малын гоц халдварт өвчнөөс болж Монголоос бүхэлд нь мах авдаггүй байлаа. Үүнийг бид 2015 онд олон удаагийн гэрээ хэлэлцээрийн дүнд шийдэж чадсан.

Бүхэлд нь биш бүсчилж эрүүл бүс бий болгоод хүлээн зөвшөөрүүлэхээр зорьсон. Ингээд Орост арван аймгийг малын эрүүл бүс гэж хүлээн зөвшөөрүүлсэн. Хятадад баруун таван аймаг тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан, Хөвсгөл аймгийг хүлээн зөвшөөрүүлсэн байгаа. Тэндээсээ бид мах махан бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон. Мөн гар аргаар төхөөрсөн биш үйлдвэрлэлийн аргаар төхөөрсөн малын махыг авна. Түүнчлэн мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу ажилласны дүнд 2014 онд ОХУ-ын ганцхан муж руу хоёрхон үйлдвэр мах, махан бүтээгдэхүүн гаргаж байсан бол 2015 оны эцсээр 26 үйлдвэр найман муж руу мах, махан бүтээгдэхүүн гаргах боломжтой боллоо. Буриад руу амьд мал гаргах боломж бүрдээд байна. БНХАУ руу ямар ч мах, махан бүтээгдэхүүн гаргаагүй байсан бол одоо түүхий мах гаргах гурван үйлдвэр, банш бууз гаргах эрх нээгдлээ. Веьтнам руу боловсруулснаар дөрөв, түүхийгээр дөрвөн үйлдвэр хонь, ямааны мах авах эрхийг авлаа. Мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэх, олон улсын сертификат авахыг ХХААЯ дэмжиж ажилласны үр дүн гарч байна.

Бид жилийн турш хэрэглэдэг махныхаа хэрэгцээний дөнгөж найман хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байдаг. Цаашид нийт хэрэглэгчдийнхээ хүнсний аюулгүй байдлыг бодсон ч махны үйлдвэрүүдийн тоо, хүчин чадлыг нэмэх зайлшгүй шаардлагатай. Дээрээс нь мах боловсруулах үйлдвэрүүд голдуу төвлөрсөн газруудад байна. Тэгэхээр хил орчмын газар нутагт байгаа малчдын мах махан бүтээгдэхүүнийг хил гаргаж орлогыг нэмэх үүднээс орон нутагт 12 махны үйлдвэр барихаар болсон. Үүнийг дагаад махны эрүүл бүсийг бий болгоё. Малын эрүүл бүсдээ бэлчээрийн малыг шахаж бордох, эрчимжсэн аж ахуйг бий болгох боломжуудыг бүрдүүлж өгөх юм. Хятадын хөнгөлөлттэй зээлээр 12 махны үйлдвэрийн зээлийг Засгийн газраас шийдвэр гаргуулаад байж байна.

Баахан үйлдвэр бариад байдаг. Гэтэл муугаар бодоход дахиад өвчин гарвал яах вэ?

-Малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд цаашид махны экспортоо хаалгахгүй байхын тулд энэ үйлдвэр дагасан 12 бүсээ тойруулаад байнгын хараа хяналттай, бүртгэлжүүлэлттэй байлгана. Мөн тэнд лабораторийг ажиллуулна. Мах импортлох гэж байгаа улс орнууд үе үе газар дээр нь ирээд үнэхээр олон улсын түвшинд ажиллаж чадаж байгаад хяналтаа тавьж байх юм бол бусад газар халдварт өвчин гарсан ч экспортод гаргаад байх боломжтой. Дээр нь зүүн бүс нутгуудад малын гоц халдварт өвчин гарч байна. Түүнтэй холбогдуулан Хятад, Оросоос ойрын хэдэн жилдээ танай зүүн бүсээс мах авах боломжгүй гэсэн хариулт өгсөн байгаа. Үүнээс болоод хязгаарлагдмал байна. Гэтэл яг Дорнод, Сүхбаатар аймгийн хил залгаа Өвөрмонгол гэхэд Монгол Улсаас жилдээ хоёр их наяд орчим төгрөгийн хэмжээний мах, махан бүтээгдэхүүнийг авъя гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Гэтэл зүүн бүсийн үхэр, хонины үүлдэр омог боломжтой байтлаа мах махан бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байдалтай байгаад байна. Тэнд боломж бололцоо бий болгохын тулд малын эрүүл бүс тухайлбал, Хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан малаа эрүүл гэдгийг баталгаажуулаад мах махан бүтээгдэхүүнийг гаргах боломжийг бүрдүүлье гэж ажиллаж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Энхбаяр: Төв Азийн нүүдэлчин соёл иргэншилтэй улс орнуудтай ойртон нягтрах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Улс төрийн намын санхүүжилт олны анхаарлын төвд байна. Намын санхүүжилтээс болоод хүнд байдалд ороод байгаа хүмүүс ч нүднээ илхэн байна л даа?

-Улс орон ийм хүнд байдалд орсны буруу нь улс төрийн намуудад байгаа юм. Улс төрийн нам намч чанараа алдсан. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намын нэрийн дор янз бүрийн хүмүүс эрх мэдэлд хүрдэг болсон. Төрийн албан тушаалыг наймаалцдаг болсон. Мэргэжлийн бус хүн намын хүн гэдгээрээ дулдуйдан томилогддог ямар ч мэргэжлээс илүү ийм нэг сонин мэргэжил гарчихлаа. Та намын л гишүүн бол маргааш мэс засал ч хийж болохоор байна. Та намын гишүүн бол эдийн засгийн чухал шийдвэрүүдийг гаргаж байна. Намын гишүүн л бол инженер ажиллах ёстой ажлын байранд ажиллаж эхэллээ. Үүнтэй агаар нэг зөндөө жишээ хэлж болно. Мэргэжилтэн шаарддаг салбар дээр намын нэрээр түрээ барьсан хүмүүс ирсэн тул төрийн шийдвэр гаргах байдал нуран унаж байна. Төрийн алба муудаад эхлэхээр эдийн засгаа ингэж хүнд байдалд оруулдаг юм. Иргэдийн амьдрал хүндэрсэн, туйлдсан нь эргээд л энэ улс төрийн намтай холбоотой.

-Тэгэхээр нам хэрэггүй гэсэн үг үү?

-Би улс төрийн намыг үгүйсгээгүй. Нам, нам шиг л байх нь чухал. Тиймээс нам өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй. Тэр нам хатуу, төрийн албыг шударга явуулдаг, мэргэжлийн хүнийг ажиллах бололцоог бүрдүүлдэг байх ёстой. Энэ нь эргээд улс төрийн намын санхүүжилттэй холбоотой. Үүнийгээ хуульдаа сайн зохицуулж өгч чадаагүйтэй холбоотойгоор улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулахын тулд янз бүрийн эх үүсвэрээс мөнгө татаж эхэлсэн. Улмаар мөнгөтэй хүмүүсийн нөлөөнд бага багаар автаж эхэлсэн. Анхан шатны үүр, хороодоосоо эхлээд аймаг, орон нутаг, улсын хэмжээнд автаж байгааг илэрсэн ганц Г.Шийлэгдамбаас харж болно. Энэ ганцхан Г.Шийлэгдамбын асуудал биш. МАХН-ын ч асуудал биш. Бүх улс төрийн намд тохиолдож байгаа зовлон байхгүй юу. Тэгэхээр үүнийг ил тод яриад шийдэх ёстой. Улс төрийг санхүү мөнгөний нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэг асуудлаа шийдэх нь чухал. Дахин хэлэхэд би улс төрийн намыг үгүйсгэж байгаа юм биш. -Намын санхүүжилтийг тэгээд яаж шийдэх ёстой гэж?

-Бид төрийн албан хаагчдын хөрөнгө оруулгын мэдүүлгийг гаргадаг болгоё гэж зүтгэсээр байгаад авдаг болсон. Үндсэндээ Монгол Улсын хөрөнгө мөнгөний гүйлгээ маш тод болж эхэлж байна. Төрийн албаны бүх гүйлгээ шилэн болсноор буруу мөнгөний гүйлгээг хянаж эхэллээ. Энэ бол дэвшилттэй зүйл.

УИХ, орон нутагт иргэдийг төлөөлж суудал авсан хэмжээгээр нь санхүүжилтэд нь тодорхой хэмжээгээр дэмжлэг өгөх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ хүмүүс улс орны төлөө ажиллах ёстой. Санхүү мөнгөний нөлөөллөөс ангид байх ёстой. Тэр боломжийг нэг талаас нь бүрдүүлэх нь чухал. Нөгөө талдаа улс төрийн нам иргэдийн дэмжлэг дээр тогтох ёстой. Энэ агуулгаараа гишүүд, дэмжигчдээсээ хандив авах нь зөв. Нийгмээс авах дэмжлэгээ алдаад эхлэхээр улс төрийн бүлэглэлийн захиалгыг биелүүлдэг болж байна. Цөөн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахын тулд улс төрийн намд ихээхэн хэмжээний мөнгө өгчихөж байгаа юм. Тэгснээр УИХ дээр хууль батлахдаа түүнийг нь харгалзахаас өөр замгүй болдог. Тэр нөлөөллөөс УИХ яаж гарах вэ гэдгийг сайтар бодож Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй.

-Чуулганы хуралдааны гол асуудал Гацууртын орд байлаа. Эдийн засаг хүнд байгаа болохоор Гацууртын ордыг ашиглуулах шийдвэрийг УИХ гаргалаа гэж байна. Түүнчлэн Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад ч авахаар боллоо?

-Монгол Улсын эдийн засаг туйлын хүнд байдалд орсныг Гацууртын ордыг шийдвэрлэж буй байдал, Оюу толгойн гэрээн дээр буулт хийж Дубайд гарын үсэг зурсан байдлаас харж болно. Манай орны хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг импортоор хангадаг. Ингэхдээ валютаар авдаг. Энэ бол бодит байдал. Үүнийгээ бид экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлтийн буянаар бүрэн хангадаг байлаа. Нөгөө талдаа улс төр нь тогтвортой байсан тул гадаадын хөрөнгө оруулалт асар их хэмжээнд орж ирдэг байсан юм. Жилдээ гэхэд 4-5 тэрбум ам.доллар орж ирдэг байсан гээд бод. Улс төр нь тогтвортой байснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байж, хамгийн ирээдүйтэй орны тоонд орж байсан тул хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтууд орж ирэх боломж нээгдсэн. Одоо бол энэ бүх боломж нуран унасан. Энэ дөрвөн жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт “0” болж, 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг нэг болтлоо буурлаа. Экспортод гаргаж байсан түүхий эдийн үнэ 2-6 дахин унасан. Гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого хаагдсан. Болсон болоогүй гадаадын зээл тусламжаа зарцуулаад дууслаа. Энэ гурван эх үүсвэр хаагдангуут бидэнд валют болох эх үүсвэр болсон алтны асуудал сөхөгдөж байна. Алт ухан валют олж, өргөн хэрэглээг хангахын тулд нэг талдаа Гацууртын орд дээр харамсалтай шийдвэрийг гаргалаа.

-Та чуулганы хуралдаан дээр манай улсын гадаад бодлогод шинэ чиглэл бий болгох санал дэвшүүлж байсан. Энэ талаараа нэмж тайлбар өгөөч?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улс ОХУ, БНХАУ болон АНУ, Японтой гурван талт харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, хөгжүүлэх талаар нэлээдгүй чармайлт гаргах болсон л доо. Энэ нь манай орны гадаад харилцааг шинэ хэлбэрт оруулах, үр дүнг нь оновчтой болгоход чиглэсэн чухал алхам.

Манай болон ОХУ, БНХАУ-ын гурван талт харилцааны үндэс нь хөрш залгаа орнуудын хамтын ажиллагаа өргөжих нь зөв. Түүний дотор Орос, Хятад хоёрын дунд бамбай улс болон орших хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд энэ хоёр улсын бараа, бүтээгдэхүүн бусад зүйл дамжин өнгөрөх гол түшиц, стратегийн ач холбогдол бүхий газар нутаг болно.

-Тэгвэл АНУ, Японтой яаж харилцах юм. Түрүүн энэ хоёр улсын тухай та хөндлөө?

-Монгол, АНУ, Японы гурван талт харилцааны гол утга нь төр, нийгмийн ардчилсан тогтолцоот орнуудын хамтын ажиллагааны хүрээнд явагддаг юм. Энэ хүрээндээ Азид шинээр бий болсон ардчиллын загвар улс болох Монголыг дэмжихэд энэ хоёр улс анхаарал хандуулдаг.

Мөн гурвалсан харилцааны хүрээнд гадаад бодлогын энэ шинэ хэлбэрийг гүнзгийрүүлэх шаардлага байна уу гэвэл тийм. Тэр утгаараа соёл иргэншлийн түүхэн уламжлалт харилцаатай, улс хоорондын харилцаандаа баримталж буй чиглэл, зарчим талаасаа төсөөтэй шинж чанартай орнуудтай харилцаагаа сэргээх хэрэгтэй. Хэрэв нягт хамтран ажиллаж чадвал Төв Ази, Зүүн Хойд Азийн улс хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэр утгаараа манай орон Казахстан, Киргиз гэсэн хоёр оронтой гурван талт харилцааг эхлүүлэх шаардлагатай гэж хараад байгаа юм. Цаашлаад хамтын ажиллагааны ямар нэгэн үр дүнтэй механизм бий болгох нь зүйтэй байж болох юм гэдэг үүднээс санал дэвшүүлсэн. Тэр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан хэрэг. Төв Азийн нүүдэлчин соёл иргэншилтэй улс орнуудтай ойртон нягтрах хэрэгтэй.

-Яг үнэндээ манайхан Казахстан, Киргиз гэхээр хэр хүлээж авах бол. Гурван талт харилцааг хөгжүүлэх боломж байгаа гэж та харсан юм уу?

-Тэгэлгүй яахав. Түүхийн хувьд авч үзэхээр нэгэн дээвэр доор багтаж явсан хүмүүс л дээ. Монгол, Казахстан, Киргиз гэсэн гурван орон Төв Азийн өргөн уудам тал нутагт өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй, ахуйн хэрэгцээний бага сага газар тариалан, гар урлал, төмрийн дарх эрхлэн чөлөөтэй нүүдэллэн амьдарч ирсэн соёл иргэншил, ахуй, хөтлөх арга ухаан, төрт ёс, зан заншлын хувьд ихээхэн төсөөтэй гэдгийг бүгд мэднэ. Өнгөрсөн зуунд Казахстан, Киргиз нь Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан. Харин Монгол Улс социалист хамтын нөхөрлөлийн орнуудын эгнээнд багтсанаар орос загварын европ маягийн буюу шинэ евразийн гэгддэг соёл иргэншил, эдийн засаг, нийгмийн нийтлэг зүйлс гээд цөөнгүй зүйл дээр ижилсэн, хамтын ажиллагааны багагүй туршлага хуримтлуулсан байдаг.

-Гадаад бодлогын хүрээнд харилцаа ойр байх боломж бий юу?

-Энэ хоёр орон болохоор олон улсын тавцанд энхийг эрхэмлэсэн, дайн, зэвсэгт мөргөлдөөн болон цөмийн зэвсгээс ангид байх тууштай байр суурийг эрхэмлэдэг. Манайх ч мөн адил.

Монгол Улс, Казахстан улс, Киргиз улс нь нэг талаасаа уламжлалт хамаарал бүхий ОХУ-тай аль болох ойр нягт хамтран ажиллах хүсэлтэй. Мөн дэлхийн өндөр хөгжил бүхий бусад орон болон тэр дундаа АНУ тэргүүтэй барууны улсуудтай найрамдалт харилцаатай байхыг эрмэлздэг.

Энэ гурван улс дэлхийн улс орнуудтай харилцахдаа өөрсдийн уламжлалт соёл иргэншлээ гадны аливаа нөлөөллөөс хамгаалах, нүүдэлчин ардын уламжлал бүхий төрт ёсныхоо зан заншлыг хадгалах чин хүсэлтэй байдаг. Түүнчлэн бусад улсын нутаг дэвсгэрт оршин сууж буй үндэстэн нэгт ард түмнүүдтэйгээ аль болохоор ойр дотно байх, тэднийг гадаад бодлогынхоо нэг чухал хүчин зүйл болгон ашиглахыг эрмэлздэг дээ.

-Казахстан, Киргизтэй гурван талд хэлэлцээр байгуулснаар ямар давуу талтай юм бэ?

-Казахстан, Киргиз улс нь өнгөрсөн зуунд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байж манай улстай адилаар социалист хамтын нөхөрлөлийн орнуудын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах нэгдсэн тогтолцоонд хамаарагдаж байсан юм. Монгол Улс олон тулгуурт бие даасан гадаад бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж буй өнөө үед гурван талт болгон гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь улс төр, нийгэм, эдийн засагт үр дүнтэй байж болох юм гэж хараад байна л даа. Мөн Казахстан, Киргиз улстай тогтоох шинэ маягийн гурван талт харилцаа, цаашлаад хамтын ажиллагаа нь манай орны хэрэгжүүлж буй “Гуравдагч хөршийн бодлого”-ын нэг тодорхой илэрхийлэл болж чадна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Хятад, Орос гэсэн хоёр хөршийнхөө хэт нөлөөллийг тодорхой хэмжээгээр хязгаарлахын тулд хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд энэ хоёр улстай аль болох ойр дотно харилцахыг эрмэлзэж ирсэн нь энэ гурван талт харилцааг амжилттай хөгжүүлж болохын нэг төрлийн баталгаа болох боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилга гаргасныг геополитикийн орон зайн хувьд Төв Азиар нэмэгдүүлэн өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой байж болох юм. Энэ нь манайх болон нөгөө хоёр оронтой гурван талт шинэ харилцааг бий болгохын нэг угтвар гэж харж байна л даа.

-Үүнийг хэрхэн зохион байгуулах ёстой юм бол?

-Зохион байгуулалтын хувьд эхлээд уг асуудлыг судлах тусгайлсан ажлын хэсгийг холбогдох байгууллагуудын албан тушаалтан болон мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын оролцоогоор байгуулах хэрэгтэй байх. Дараа нь аюулгүй байдал, стратегийн судалгааны чиглэлийн эрдэм шинжилгээний болон ТББ-уудын уулзалтыг зохион байгуулсны дараа гурван улсын гадаад хэргийн болон эдийн засгийн сайдуудын уулзалтыг зохион байгуулбал үр дүнтэй. Ингээд учраа олоод явчихвал гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх хэрэгтэй байх.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн хаана дэвших вэ? (II)

УИХын сонгуульд хэн аль намаас нэр дэвшихээр төлөвлөж, хэн аль тойргийг тордож байгаа талаар бид тоймлон хүргэж байгаа билээ.

ӨМНӨГОВЬ

Өмнөговь аймагт мандат нь нэг болсноор 2012 оны сонгуульд АН-ын Ц.Баярсайхан жагсаалтаар УИХ-д орох үүдээ нээж, Д.Бат-Эрдэнэ гишүүн тойрогтоо өрсөлдөж байлаа. Харин өнөө жил тэд байраа солих магадлалтай. Гэхдээ энд нэр нь яригдах бас нэгэн хүн бол Өмнөговийн Засаг дарга Б.Бадраа. Аймагтаа бас боломжийн ажил хийсэн гэдэг итгэлтэй тэрбээр УИХ-д хүч үзэх хүсэлтэй байгаа. Харин МАН-аас шинэ нэр дуулдаж байна. Өмнө нь энэ тойргоос МАН-даа нэг бус удаа суудал авчирч өгч байсан “Монросцветмет”-ийн Х.Бадамсүрэн нэр дэвших бодолгүй байгаа юм билээ. Тиймээс орон нутгийн бизнесмэн Б.Энхболд гэсэн залуу яригдаж эхэлжээ.

БАЯНХОНГОР

АН-ын хувьд тодорхой. Д.Ганбат, Х.Баттулга хоёулаа явна гэх. Тэдний рейтинг Баянхонгортоо урьдын адил байгаа гэлцэнэ. Шинэ сум байгуулах төсөл баянхонгорчуудад наалдаж очсон байж таарна. Бидон савны дуулиан ч нутаг орондоо нэмэх оноо болж таарах биз. Хэрэв Х.Баттулга жагсаалт руу орох хувилбар яригдвал АН-ын ҮЗХ-ны гишүүн, “Жип сервис”-ийн Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу явах болов уу. Гэхдээ намынхаа даргаа зоригтой шүүмжлээд байдаг гэх түүнд боломж олдох эсэх нь эргэлзээтэй. Харин МАН-ын хувьд Г.Занданшатар, “Спирт бал бурам”-ын Л.Элдэв-Очир нарын нэр зоогджээ.

АРХАНГАЙ

Архангайд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор нар дахиад тойрогтоо очно гэж байгаа. Учир нь тэнд рейтинг нь тун өндөр байгаа гэнэ. Архангай ч хэзээнээсээ цэнхэр газар, тэд ч өнгөрсөн дөрвөн жил гүйцэтгэх засаглалд ээлжлэн орж байсан хүмүүсийн хувьд хөрөнгө ихээхэн шийдүүлжээ. Гэхдээ Фортуна буюу Н.Батбаяр гишүүн жагсаалтад орно гэж үзэж магадгүй. Тэр тохиолдолд Р.Гончигдорж гишүүн улстөрчийн карьераа дуусгаж өөр тийш очно гэсэн шийдвэр гаргачихгүй бол очих биз ээ. МАН-аас НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн очно. Өмнөх сонгуульд аав нь очихоор сайтар бэлдсэн байсан ч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр нэр дэвшээгүй. Харин энэ удаад аавын бэлтгэсэн боломж хүүд нь ирнэ гэх хүмүүс байна. МАН-ынхан энэ сонгуульд дарга нараа жагсаалтад үлдээх бус халуун цэг рүү явуулна гэсэн тооцоотой байгаа. Үүний дагуу намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Архангайд ирж таарч байгаа ажээ. Хэрэв жагсаалтад бичигдэхээр болбол оронд нь Т.Бадамжунай эсвэл Ё.Баатарбилэг нар яригдана.

БАЯН-ӨЛГИЙ

Энэ тойрог бусдаас онцлогтой газар. Олон жил цөөн хэдэн нэр дэвшигч ээлжлэн нэр дэвшиж, ээлжлэн гарч ирсэн газар. Сураг дуулахнээ Баян-Өлгий МАН-ын нэр дэвшигчдийг тодруулах хэлэлцүүлэг сунгаа ид явагдаж байгаа ажээ. МАН-ын намын хорооны дарга Г.Солтан, дэд дарга А.Гыламхан мөн ХХАА-н дэд сайд асан Ж.Сауле нар тэргүүлж байгаа гэнэ. Гэхдээ өмнөх сонгуульд нэр дэвшиж байсан А.Тлейхан гишүүн, Ж.Баделхан нар нар дэвших эрхийн төлөө хүчтэй өрсөлдөнө. Одоогийн УИХ-ын гишүүн А.Тлейхан тойрогтоо яах аргагүй хүчтэй өрсөлдөгч болж таарна. Гэхдээ тэрбээр жагсаалт руу орж ч болох талтай. Баян-Өлгийчүүд жагсаалтад өөрсдийнхөө төлөөллийг оруулахыг нэлээд шахах бололтой. Тэгвэл эмэгтэй бас цөөнхийн төлөөлөл гээд давхар эрх ашгийг хангаж чадна гээд Ж.Саулегийн нэр ч яригдаж таарах байх. Бас Т.Аубакир хэмээх залуугийн нэр сонстож эхэлсэн бөгөөд орон нутгийн сонгуульд намаасаа нэгээр бичигдэж иргэдийн төлөөлөгч болсон мөртлөө хуралдаа нэг ч сууж байгаагүй, Казахстанд амьдардаг гэсэн хэл ам дагалдаж байгаа гэнэ. Ерөнхийдөө Баян-Өлгийгөөс УИХ-д нэр дэвших дээр МАН-ынхан ихээхэн өрсөлдөөнтэй байгаа бололтой. Гэхдээ орон нутгийн иргэд нэр дэвшигчдийн асуудал дээр өөрчлөлт хийж, салхи оруулах цаг болсон гэж ихээхэн ярьж байгаа юм байна. Казах түмний нэрээр төрийн түшээ болчихоод хэрэг түвэгт орооцолдож, улмаар гадагшаа зугатан гарч байгаа хүмүүсийг олон жилийн турш сонгон явуулж байсан нь алдаа болж, харин залуу шинэ хүнийг дэмжих бас эмэгтэй хүнд итгэл үзүүлэхэд болохгүй юуных вэ гэлцэх болжээ. Казахын уламжлалаар эмэгтэйчүүдэд эрх мэдэл өгөхөөс цааргалж ирсэн ч өөрчлөгдөж байгаа бололтой. Харин АН-ын хувьд нэр дэвшигчид нь тодорхой байна. УИХ-ын гишүүн А.Бакей, Зам тээврийн дэд сайд асан саяхан Ерөнхий сайдын зөвлөх болсон Х.Ержан нар нэр дэвших ажээ. Бас аймгийн Засаг дарга Х.Дармен боломжийг хүлээн суугаа байж таарна. Мөн сүүлийн үед сошиалаар сурталчилгаа нь харагдах болсон А.Алаубек хэмээх залуу МАХН-аас өрсөлдөхөөр бэлдэж байгаа юм байна. Түүнийг УИХ-ын гишүүн К.Сайраны хүргэн хэмээж байна.

ЗАВХАН

Энэ тойрог бас л тулаантай тойргийн нэг. Харин ч Завханы хүчтэй нэр дэвшигчийн нэг Д.Оюунхорол жагсаалтад орсноор бусдад нь бас ч боломж гарлаа. Мөн бас нэг хүчтэй нэр дэвшигч бол Я.Санжмятав. АН-аас УИХ-ын гишүүн Я.Санжмятав эндээ дахин үзэж таарна. Ер нь бол аль ч намын нэр дэвшигч түүнтэй л өрсөлдөх гэж түүртэх байх. Бас Төрийн банкны захирал Д.Батсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны З.Нарантуяа нарын нэр ч явж буй. З.Нарантуяа бол АН-ын нэр хүндтэй, чамбай эмэгтэйчүүдийн нэг. УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ирсэн. МАН-аас Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу явахаар яригдаж байна. Харин ах дүүг сэлгэх болсон шийдвэр нь төрсөн ах дүүсийг эвдрэлцүүлэх шалтгаан болжээ. Намын зүгээс ахыг нь болсон гэж үзээд дүүд нь боломж өгснөөр “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу нар таарамжгүй, хөрөнгө өмчийн асуудалдаа тулж байгаа гэдэг. Тиймээс гишүүн асан Ш.Сайхансамбуу МАХН-аас нэр дэвших боломжийг судалж, үгүй бол бие даах төлөвлөгөөтэй гэсэн. Мөн сүүлийн үед тойргоо тордож, Завхан руу завгүй жирийлгэх болсон хүн бол “Сонор трейд”-ийн Б.Энхболд. Тэрбээр Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга бөгөөд хүүхдүүдийн дунд математикийн уралдаан тэмцээнээс эхлээд олон зүйл зохион явуулсан гэсэн. УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир энэ удаад мөн нэр дэвшихээр бэлдэж байгаа бөгөөд боломж олдохгүй бол МАХН-ыг сонирхож байх талтай.

ӨВӨРХАНГАЙ

Өвөрхангай хэзээнээс нэр дэвшигчид олонтой, өрсөлдөөн тэмцэлдээн ихтэй тойрог. Энэ парламентад гэхэд Өвөрхангайн гаралтай УИХ-ын гишүүд хамгийн олон байгаа ч гэгддэг. МАН-аас гэхэд өмнөх сонгуульд жагсаалтаар орж ирсэн Я.Содбаатар гишүүн төрөлх тойрогтоо өрсөлдөж таарна. Бас өмнөх сонгуульд бараг ялсан ч парламентад сууж чадаагүй С.Чинзориг яах аргагүй өрсөлдөж таарна. Мөн МАН-ын намын хорооны дарга Д.Тогтохсүрэнг өнөө жил нэр дэвшүүлэхгүй үлдээхийн аргагүй гэгдэж байгаа. Бас өнгөрсөн сонгуульд анх удаа хүч үзсэн мөртлөө өндөр амжилт үзүүлсэн Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү бас ирэх талтай. АН дээр ч яригдаж байгаа хүмүүс олон. Хуучин Г.Батхүү, З.Энхболд, Д.Зоригт гээд хуучцуул жин дарж сонстдог байсан бол одоо залуус яригдах болжээ. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Даваацэрэн, МОАХ-ны Төмөрөө гэгддэг ТӨХ-ийн хорооны дэд даргаар ажиллаж байсан нэгэн бас намын хорооны дарга Мөнхжаргал нар гэсэн нэрс яригдаж байна. Тэднийг ахмадууд нь тус тусдаа дасгалжуулж байгаа бололтой. Ч.Даваабаярыг АН-ын дарга З.Энхболдоос дэмжлэгтэй гэх бол нөгөө талдаа ҮЗХ-ны хорооны гишүүн ч биш учраас орон нутгаасаа дэмжлэг авахгүй гэлцэнэ. Харин Б.Даваацэрэнг Г.Батхүү, С.Дэмчигийг Д.Зоригт дагуулж байгаа гэнэ. Б.Даваацэрэн нь Өвөрхангайгаас ҮЗХ-ны гишүүнээр арав шахам жил сонгогдсон “Crown”-ийн хүн ажээ. Ирэх сонгуульд Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Д.Зоригтын хувьд өрсөлдөхгүй гэсэн.

УВС

АН-ынхны хувьд Увс хатуу тойрог. Ерөөсөө улаан талын газар. Тиймээс тийш зүглэх хүмүүс ховор гэлцэнэ. АН-ын дарга байсан, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг сүүлийн үед нутгийн зүг хүлгийн жолоо ихээр татах болсон. Ерөнхий сайдын албаа өгчихөөд УИХ, Засгийн газрыг шүүмжлэх үедээ хатуухан үг хэлчихээд бусад үед нь нам гүм байх болсон түүний нэр хүнд өндөр байгаа. Тиймээс Увсад өрсөлдөөч гэж аймгийн намаас нь уриад байгаа дуулддаг. Гэхдээ 2012 оны сонгуульд намын жагсаалтаар орж ирэхээсээ өмнө удаа дараа сонгогдож байсан Сонгинохайрханаа орхихгүй байгаа гэхээр нийслэлд ч хүч үзэх юм болов уу гэмээр. Бас намаас нь нэр хүндтэй байгаа, шууд АН-ын лидерүүд гэж харагдах фигурүүдээр жагсаалтаа бүрдүүлнэ гэж үзвэл түүнийг жагсаалт руу дахиад урихаас аргагүй болж таарах байх. Мөн аймгийн АН-ын дарга, “Тесо” корпорацийн захирал О.Цогтгэрэл Увсад нэр дэвшинэ. Өнгөрсөн сонгуулиар энд үзэж байсан Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Д.Дорлигжав ч Увсад үзэхгүй бас Эрдэнэт рүү очихгүй гэж байгаа болохоор жагсаалтад найдаж байгаа бололтой. МАН-ын хувьд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хэвээрээ. Өмнө гурван суудал байхад Ц.Нямдорж гишүүн эд гурвалдаг байгаад 2012 онд мандат хоёр болоход Ц.Нямдорж гишүүн жагсаалтад орсон байдаг. Гэхдээ энэ удаад нийслэлд өрсөлдөх бөгөөд Ч.Хүрэлбаатар жагсаалтыг бодож байх талтай. Сүүлийн үед хэл ам болоод байгаа нийслэлийн мандатыг нэмэх асуудал нэлээд өөрчлөлтийг дагуулна.

ХОВД

Ховд хэзээнээсээ нэр дэвшигчид олонтой бас чанга гэгддэг. АН-ын хувьд хамгийн баталгаатай нэр дэвших хүн нь Д.Батцогт. Гэхдээ судалгаагаар рейтинг өндөртэйдөө биш зүгээр л АН-ын дарга түүнд амлачихсан учраас гэж намынхан нь ярина. АН-д байж байгаад МҮАН-д орж эргээд АН-даа ирэх үед нь тийм амыг өгсөн гэх. Харин үлдэх нэг суудал дээр нь АН-ынхан өрсөлдөгч олон. Өнгөрсөн сонгуульд бие дааж өрсөлдөөд хэдхэн саналын зөрүүгээр ард хоцорсон Ш.Адьшаа рейтингтэй байгаа дуулдана. Бас Засгийн газраас сайн аймгуудын жишээ татахад Сүхбаатар, Ховд гээд зуузай дарж зэрэгцдэг болохоор аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нэр хүндтэй байгаа нь ойлгомжтой. Харин өөрийнх нь дэвших амбиц хэр байгаа юм гэхээс. Бас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга асан Б.Пүрэвдорж улс төрийн сонголтоо хийж ажлаа өгсөн гэж мэдэгдсэн байгаа. Тэрбээр ажилтай нь холбоотой хэл ам гарахаас өмнө Ховдын тойргийг байнга торддог байсныг хүмүүс мэднэ. Кёкүшюзан Д.Батбаяр ч өмнөх сонгуульд унаад шороодсон тойрогтоо боломж олдвол үзээд алдах хүсэлтэй байгаа. МАН-ын хувьд нэр дэвшигчид нь жаахан сул сонстож байгаа. Хуучин Ц.Дамиран, Д.Дэмбэрэл, Ж.Бямбадорж, Д.Пүрэвдорж гээд ланжгарууд гарч байсан энэ тойрогт сүүлхнээс С.Бямбацогт гээд залуу лидер төрсөн. Харин одоо Н.Очбадрах, Батнасан гэсэн нэр дуулдах. ТӨХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгч Д.Пүрэвдоржийн хүү П.Хангал аавынхаа нутгаар нэлээд явж байгаа сурагтай. Уг нь МАН-аас нийслэлийн төлөөлөгч хоёр ч удаа болж байсан тэрбээр МАХН-д элссэн байдаг. Гэхдээ энэ удаад МАХН-аас эсвэл бие дааж нэр дэвших төлөвлөгөөтэй байгаа бололтой.

ХӨВСГӨЛ

МАН-аас нэр дэвших хүмүүс эртнээс тодорхой болж “ажиллаад” эхэлчихсэн газар. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өмнөх сонгуулийн адил эндээ өрсөлдөнө. Бас өмнөх сонгуулиар богино хугацаанд маш эрчимтэй ажиллаж гайхмаар өндөр үзүүлэлт, гаргасан гэгддэг Л.Мөнхбаатар дахин өрсөлдөх юм билээ. 2012 оны сонгуулиар Хөвсгөлд Л.Энх-Амгалан гишүүнтэй хамт АМГ-ын дарга Д.Батхуяг явах гэж байсан байдаг. Гэвч шүүх цагдаагаар асуудал өрнөөд явчихсан учраас МАН-ынхан хуучин Бүртгэлийн газраар ажиллаж байсан Л.Мөнхбаатарт хүндхэн үүрэг ногдуулсан. Харин сүүлийн мөчид орж ажилласан гэхэд сайн санал авсан ч Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нарт арай хүрсэнгүй гэж тухайн үедээ бичигдэж байсан санагдана. Ц.Даваасүрэн гишүүний хувьд улс төр дэх попуудын адилаар рейтинг өндөр байгаа. Түүнтэй хамт явж ирсэн бие даагчдын зөвлөлийн С.Ганбаатар ХҮН-д орж, Х.Болорчулуун МАН-тай дотночилж байгаа үед экс МАН-ын гишүүн юу бодож явааг хэн мэдэх билээ. Ямартай ч Хөвсгөлдөө нэр дэвшиж таарна. АН-аас аймгийн намын хорооны дарга Ч.Батцогт (Шонхор фракц), ШУТИС-ийн Эдийн засгийн хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун (Нэг ардчилал фракц), “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гишүүн н.Болдбаатар (МоАХ фракц) өрсөлдөхөөр нэрээ өгсөн байгаа талаар хэвлэлээр бичигдэж байгаа. Өмнө энд өрсөлдөж байсан Ц.Сэдванчиг явахгүй гэж байгаа бололтой. Л.Гүндалай гоё нэртэй нам байгуулаад Эрдэнэтэд өрсөлдөнө гээд тийшээ нүүгээд явчихсан байгаа.

ГОВЬ-АЛТАЙ

МАН-аас Ж.Энхбаяр явна гэж байгаа. Өмнөх сонгуулиар жагсаалтад орсон учраас Ц.Дашдоржтойгоо сэлгэх нь гэж харагдаж байгаа. Бас Говь-Алтайд МХЕГ-ын дарга асан Ш.Раднаасэд дэвшихэд чадамжтай кандидат. Ах нараасаа үл дутах. Гэхдээ мандат нь нэг, Ж.Энхбаяр нутгаасаа өөр газарт гарч чадахгүй гэж айгаад байвал түүнд боломж олдохгүй байж мэдэх. Харин АН-ын хувьд хэн очих нь бас л яригдаж байгаа сэдэв. Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан оны өмнө ажлаа өгсөн нь дэвших нь гэж харагдаж байгаа ч, өмнө нь ч бас ТЕГ-ын даргын албаа ч бас хэл амгүйхэн өгчихөж байсан хүн л дээ. Ер нь АН-аас Говь-Алтайд нэр дэвших хүмүүсээр Б.Ариунсан, ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Аймгийн засаг дарга Л.Амгаланбаатар нар яригддаг. Гэхдээ гурван ч удаа өрсөлдөж байсан Б.Ариунсан дэвших эсэх талаар одоохондоо ам нээгээгүй байна. АН-ын сайн генсекийн нэг гэгдэж байсан Ц.Оюундарь мэргэжлийнхээ байгууллагад очоод завгүй болсон тул дэвшихгүй байх. Тэрбээр дэвшихээр бол энэ сарын 30-наас өмнө ажлаа өгөх учиртай. Л.Пүрэвсүрэн сайдын хувьд нэлээд хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан ч ирэх долдугаар сард болох “АСЕМ”-ийн хурал түүнд нэр дэвших боломж өгөхгүй байх магадлалтай. Улс орныхоо нэр нүүрийг авч гарах том хэмжээний арга хэмжээг ГХЯ зангидаж байгаа болохоор Л.Пүрэвсүрэн сайд орхиж явж түвдэхгүй байж болох юм. Уг нь Говь-Алтай цэнхэртэж өгдөггүй бас цөөхөн хэдэн гишүүдээсээ уйдаж өгдөггүй газар. Ямар сайндаа сүүлийн хэдэн жил тэнд толгой суусан хоёр гишүүн нь ээлжлээд жагсаалт, тойрог гэж байхав. Гэхдээ сүүлийн үед орон нутгаа АН удирдах болсон зэрэг нь өөр сонголтыг авчирч болох юм.

АН-ЫН ЖАГСААЛТАД ХЭН БАГТАХ БОЛ?

Одоогоор АН-ын жагсаалтад хэн багтах вэ гэдэг нэлээд бүрхэг гэгдэж байна. Мэдээж орох хүсэлтэй хүмүүс маш их байгаа ч жагсаалтын 28 хүн түүнээс УИХ-ын гишүүн болох магадлалтай эхний аравт орох дээр л үзэж тарна гэсэн үг л дээ. АН-ын жагсаалтыг намын дарга З.Энхболд өнгөлж таарна. Түүнийг нэг хэсэг тойрог руу явах нь Дархан, Чингэлтэй, Сүхбаатарыг сонирхож байна гэж дуулдаж, сүүлхнээс Баянгол дүүрэгт С.Эрдэнэтэй хамт явах нь гэцгээж байгаа ч намаа базаж орох биз ээ. Мөн жагсаалтад намын генсек орж таарна. Гэхдээ ерөнхий нарийн бичгийн даргын алба одоогийн үүрэг гүйцэтгэгчээс өөр хүнд очиж мэдэх гэсэн яриа байгаа учраас нэр заахад хэцүү. Өмнөх сонгуульд генсек нь тавдугаарт бичигдэж байсан зарчмаараа явах болов уу.

АН-ынхан жагсаалтаа нэр цэвэр, шууд АН гэж харагдах хүмүүсээр бүрэлдүүлнэ гэж тооцоолж байгаа. Үүгээр Р.Амаржаргал жагсаалт руу орж ирж магад. Бас тэгж яривал түүнтэй хамт нэг тойрогт зүтгэдэг БСШУ-ны сайд Л.Гантөмөр ч байж болно. Тэд МҮДН, Нэг ардчилал фракцуудын толгойд байдаг учраас аль аль нь магадлалтай. Гэхдээ тойргоос суудал авч ирэх хүмүүс бас мөн учраас байдал хэрхэхийг таамаглахад хэцүү юм. Жагсаалт руу орж ирэх магадлалтай хүмүүст Лу.Болд, Ажнай Д.Бат-Эрдэнэ, Бриж Д.Ганхуяг, Г.Батхүү гээд нэрс явж байна. Мөн эмэгтэй нэр дэвшигчид орж ирж таарна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэр дэвшихгүй намаа дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн байгаа. Гэхдээ сонгууль дөхөөд ирэхэд намын даалгавар учраас гээд байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Саяхан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон С.Одонтуяа гишүүн Баянголдоо өрсөлдөнө, жагсаалтад орохгүй гээд ярилцлагадаа хэлсэн. Уг нь жагсаалтад нэр нь бичигдэх албан тушаал ч өөрөө тойрог руу явна гэж байгаа бол Ерөнхий сайдын Б.Ургамалцэцэгийн нэр зүй ёсоор орж ирэх болов уу. С.Одонтуяатай ана мана өрсөлдөж, ердөө ганцхан хүний саналаар ард үлдсэн нь түүнийг нам дотроо эмэгтэйчүүдийн дэмжлэг маш өндөртэй байгаа, нэр хүнд сайтайг байгааг баталлаа гэж нэлээд бичигдэж байсан. Энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна” гэж зааж өгсөн нь өмнөх сонгуулийн 20 хувиас нэмэгдсэн. Энэ заалтаар намын жагсаалтын 28 нэрсийн 9-10 нь, тойргийн 48 мандатын 15-16 нь эмэгтэй нэр дэвшигч байж таараад байгаа юм. Хэдийгээр хүйсийг хэрхэн эрэмбэлэх талаар яригдаж байсан нь уг хуульд тусгагдаагүй ч АН-ынхан өнгөрсөн 2012 оны сонгуульд эхний аравт хоёр эмэгтэй багтааж байсан амжилтаасаа ухрахгүй биз ээ. Зарим эх сурвалжууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг жагсаалт руу бичигдэж таарна гэж байгаа бол зарим нь өмнө жагсаалтад орсон болохоор энэ удаад тойрогт очиж таарна. Ингэхдээ төрсөн нутаг Дорнод руу явах болов уу гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм.

Гэхдээ орон нутаг дахь мандатын тоо цөөрөх эсэхээс бүх зүйл хамаарч, горилогчид энэ шийдвэрийг харгалзан хаана нэр дэвшихээ шийдэж ядаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 28-33 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 48-53 градус, өдөртөө 34-39 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бичин жилд монголчууд попуудаас болгоомжилж чадвал дээшилнэ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн Монгол орны өнцөг булан бүрт буй мянга мянган уншигчдадаа хүрч байна. Өнөөдрийн шинэ дугаарт гарсан онцлох нийтлэл, ярилцлага сурвалжлагаас тоймлон танилцуулж байна.

Даваа гаригийн дугаарт бүртээ хүргэдэг “Танайд өнжье” уламжлалт булангийн энэ удаагийн дугаараар Улсын заан Б.Батмөнхийнд өнжсөн тэмдэглэлийг нийтэллээ. Төвийн аймгийн харьяат тэрбээр бөхийн спорт хийгээд хувийн амьдралынхаа тухай эгэл сайхан үүх түүхийг бидэнтэй хуваалцсан юм. Сар шинийн баярын энэ л өдрүүдэд эрхэм зааны өргөө хойморт зочлон хууч дэлгэсэн “Танайд өнжье” буланг та бүхэн өнөөдрийн дугаарын нэг, 12 13 дугаар нүүрээс хүлээн авч уншина уу.

Мөн өнөөдрийн дугаарын бас нэгэн онцлох чухал ярилцлага бол Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын ярилцлага болж байна. Тэрбээр “Одоо бидэнд хийж, бүтээж, хүндтэй амьдрах л орон зай үлдсэн” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын ярилцлага өнөөдрийн дугаарт гарсан юм. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцсэн гол асуудлууд, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг гэхчилэн улс төрийн хүрээнд өрнөсөн олон сэдвээр эрхэм гишүүн ярилаа.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн гол бодлогыг тодорхойлж, уншигчдын дунд шуугиан дэгдээж байдаг гуравдугаар нүүрт энэ удаа нийтлэлч П.Хашчулууны “Бичин жилд монголчууд попуудаас болгоомжилж чадвал дээшилнэ” хэмээх нийтлэл гарч байна. Нийтлэлд ямар сэдэв хөндөгдөж буйг та дээрх гарчгаас анзаарч буй биз ээ. Манай нийтлэлч П.Хашчулуун гал бичин жилийн эхний нийтлэлээ “галтай” бичиж, уншигчдад нэгийг тунгаах шинэ санааг хүргэж байна. Та бүхэн алдарт гуравдугаар нүүрээс маань бүрэн эхээр нь уншаарай.

Мөн уламжлалт булан болох “Сав шимийн ертөнц”, “Дэлхийн улстөрч”, “Баримт, үйл явдал” зэрэг булангаас гадна Азийн загварын шоу нэвтрүүлэгт оролцсон загвар өмсөгч С.Төгстэй хийсэн ярилцагыг өнөөдрийн дугаартаа хүргэж байна. Та бүхэн эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг манай сониноос уншаарай.

Categories
мэдээ соёл-урлаг

“Фантастик” продакшны бүтээл “18 нас Би чамд хайртай” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх аж

Найруулагч Б.Тамирын ээлжит бүтээл тус киноны зохиолыг жүжигчин Э.Алдар болон өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлгэцнээ гарсан “Хүсэл” уран сайхны киноны найруулагч Б.Эрхэмбүрэн нар бичжээ. Киноны үйл явдлаас сонирхуулвал, UFC тулааны тамирчин залуу, хийлийн ангийн оюутан охинтой мөсөн гулгуурын талбай дээр санамсаргүй танилцана. Үүнээс л хоёр залуугийн хайр дурлал эхэлнэ. Уянгын төрөл жанрын тус киноны гол дүрд М.Баярбат, Ч.Сэлэнгэ, Э.Одбаяр, Г.Лхагвацэрэн нар тоглосон байна.