Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдлээс 39 хүний амийг аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газар сар шинийн баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд үүрэг гүйцэтгэв.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гал түймэр болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 73 дуудлага ирсэн байна. Үүнээс хэмжээнд объектын гал түймрийн 61 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 12 удаагийн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч үүрэг гүйцэтгэжээ.

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 39 хүний амь биеийг аварч, 8 хүнд анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Дээрх хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Баяр амралтын өдрүүдэд орон нутгийг зорьсон иргэдээс Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багын нутаг Адуунчулууны уурхайн баруун талд автомашины цасанд суусан дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 02:50 цагт өгчээ. Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг очиход “Тоёото прус” маркийн автомашин цасанд суусан байсныг татаж гаргаж, 3 иргэнийг хөлдөхөөс аварч аюулгүй болгосон байна.

Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, Хүрзэд уурхайн дэргэд автомашин цасанд суусан дуудлагыг 14:13 цагт өгснөөр Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай бүрэлдэхүүнийг гаргахад “Landcruiser-200” загварын автомашин цасанд суусан байсныг татаж, гарган дотор нь сууж явсан 12 иргэнийг авран хамгааллаа.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Батлан хамгаалах яамны сургалтын төвийн урд автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай бүлгийн гарч очиход “Тоёото истима” загварын автомашин цасан суусан байсныг аюулгүй газар гаргасан. Уг автомашинд зорчиж явсан 8 иргэнийг аварч, аюулгүй байдлыг нь хангасан байна.

Өнгөрсөн ням гаригт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул Зайсангийн зүүн аманд ганцаараа аялаж явсан эмэгтэй төөрсөн, буцах замаа мэдэхгүй байна гэсэн дуудлагыг 16:19 цагт өгчээ. Аврах ангийн бүлгийг гаргаж төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад 48 настай эмэгтэй Дугуй цагаан хэмээх овооны баруун талд ойн модон дотор төөрсөн байсныг 18:42 цагт эсэн мэнд аварч, ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ спорт

Тэмээн поло тэмцээн Өмнөговьд болно

Ирэх гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Тэмээн поло-2016” Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн 20 орчим багийн 100 гаруй баг тамирчид оролцоно.

Тэмцээнийг Монголын тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоо болон Эрүүл мэнд спортын яам, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион явуулах юм. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын баг тамирчид урилгаар оролцох бөгөөд Улаанбаатар хотоос гадаадын аялагч нар, ЭМСЯ-ны төлөөлөгчид, улс төр, спортын алдартнууд үзэж сонирхож ажээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл явагдана

Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг Боловсролын үнэлгээний төв өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм. Тодруулбал, их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор 2014 оноос эхлэн төгсөх ангийн бүх хүүхдүүдээс монгол хэл бичгийн шалгалт авч байхаар шийдвэрлэсэн. Тус шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорисон сонгох болон задгай хэлбэрийн даалгавруудаас бүрдэх ба шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмэгдсэн аж.

Мөн ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулна. Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл /овог нэр, регистрийн дугаар, цээж зураг/-ийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн 70119498, и-мэйл, онлайн чат үйлчилгээгээр but@eec.mn хаягаар хүлээн авна. Мөн холбоотой бичиг баримтаа бүрдүүлж, өргөдлөө бичгээр гарган, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Оюуны Ундраа группийн байр гэсэн хаягаар БҮТ-д ирүүлэх боломжтой юм байна.

Бүртгүүлэхдээ бусдын данс, гүйлгээний картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн, мөн заасан хугацаанаас хоцорсон болон мөн журмын дагуу баталгаажилт хийгдээгүй, өөрийн хувийн мэдээлэл, зургийг буруу оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, бусдад тусалсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгох ба холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ.

Шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж дүн, оноог гаргах ба даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх аж.

2016 оны 2 дугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна.

Categories
мэдээ нийгэм

ХҮН-ын дарга С.Ганбаатарт худал хуурмаг зан их байна гэжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн Үндэсний намын дарга болоод удаагүй байгаа. Гэвч шинэхэн намын дарга намын гишүүд дундаа нэр хүнд муу байгаа бололтой. Намын гишүүд нь эхнээсээ түүнд хандан захидал бичиж эхэлжээ. Тухайлбал, ХҮН-ын гишүүн Ө.Мөнхбат намын даргынхаа худал хуурмаг занг тэвчихгүй байгаагаа илэрхийлж захидал бичсэн байна. Түүний захидалд “Та ХҮН-д орж ирснээр худал хуурмаг илрэв. Намын гишүүдийг хоёр хувааж, хууль бусаар ЕНБД-ыг баталгаажуулах гэж оролдсон. Та бусдыг тэмцэлдүүлэх дуртай бололтой” гэж намын даргын тухай бичсэн байна. Мөн намынхаа залуучуудын эв нэгдлийг хангаж чадахгүй байгаа хүн лидер мөн үү, бие даагаад өөрийнхөө арга барилаар явсан дээргүй юу. Бидний байгуулсан намыг битгий эвдээч хэмээн гуйжээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын зорчигч үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж нэрлэхээр болов

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар төмөр замын даргын хамтарсан захирамж, тушаалаар Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж тодорхойлж дотоод гадаадад зарлаж, газрын зураглалд тусган байршлыг тэмдэглэхээр боллоо. Монгол Улс Евро-Азийн хамтын ажиллагааны Зүүн хойд Ази дахь түшиц газар, тээврийн коридор, эдийн засгийн бүс, олон улсын аялал жуулчлалын төв болон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний буудлыг ийнхүү нэрлэхээр болжээ.

Мөн тус захирамж, тушаалд нийслэлийн зорчигч үйлчилгээний буудлын үйл ажиллаагаа, зохион байгуулалтыг сайжруулан олон улсын галт тэрэг, хот, дүүргийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, аялах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төвийн дарга Д.Пүрэвсүрэн нарт тус тус үүрэг болгосон байна. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн стратеги төлөвлөгөөний дагуу Нийслэлийн зорчигч үйлчилгээний буудлын газар, барилга, өргөтгөл, авто зогсоол, гарцуудыг төмөр замын нисэх буудал болон тойруу, тойрог шугамын төслүүдтэй уялдуулан төлөвлөж зураг, төсөв боловсруулан гаргахыг холбогдох албаныханд даалгасан байна.

Categories
гадаад мэдээ

Хятадад цагаан сарын үеэр 300 сая гаруй жуулчин зочилжээ

Энэ сарын 14-ний өдөр Хятадын үндэсний аялал жуулчлалын газрын мэдээлснээр, энэ оны цагаан сарын амралтын хугацаанд Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 300 сая гаруй жуулчин хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар өсч, аялал жуулчлалын орлого нь 365 тэрбум 100 сая юаньд хүрсэн байна.

Бээжин, Тяньжин, Шанхай, Ханжөү зэрэг аялал жуулчлалын 39 гол хот давхардсан тоогоор нийт 112 сая жуулчин хүлээн авч, үүнд хоноглосон жуулчин давхардсан тоогоор 21 сая 720 мянгад хүрч, өдөртөө буцсан жуулчид давхардсан тоогоор 90 саяд хүрсэн аж.

Categories
гадаад мэдээ

Зика вирусаар 5000 жирэмсэн эмэгтэй өвчилжээ

ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээгээр шумуулаар болон бэлгийн замаар дамжин тархах зика вирусын халдвар 34 оронд тархсан талаар мэдээлж буй.

Тус байгууллагаас уг вирус нь дэлхийн хэмжээнд тахалд хүргээд буйг анхааруулсаар байгаа.

Тэгвэл Колумбид 5000 жирэмсэн эмэгтэй зика вирусын халдвар авсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Тус улсад одоогийн байдлаар 31.5 мянган тохиолдол бүтгэгдээд байна. Нийт халдварласан жирэмсэн эмэгтэйн 29.4 хувь нь Венесуэл улстай хил залгаа орших Норте-де-Сантадер мужид амьдарч буй аж.

Уг өвчин газар авах болсонтой холбогдуулан тус улсад үр хөндөлтийг хязгаарлаад байсан ч цуцалсан байна. Мөн үүний зэрэгцээ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро зика вирусын халдвар авсан гурван хүн амиа алдсан талаар мэдээлжээ. Тус улсад одоогийн байдлаар уг өвчний 319 тохиолдол бүтгэгдээд байна.

Дашрамд дурдахад, уг өвчний эсрэг эм бэлдмэл урьдчилан сэргийлэх тарилга өнөөг хүртэл байхгүй хэвээр байна.

Categories
мэдээ нийгэм

ХОМ-ын бүртгэл өнөөдөр дуусна

Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн хугацаа өнөөдөр дуусна. Энэ жилийн хувьд сар шинийн баярын амралт болон долоо хоногийн амралтын өдөртэй үргэлжлэн олон хоногоор амарсан. Тиймээс Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүд болон амралтын өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн, хүлээж авч байгаа юм. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар 70112468, 70112469, 70112499 дугаарын утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч болох юм. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулах аж.

Categories
мэдээ спорт

Хоккейчид IV байр эзэллээ

ОХУ-ын Ульянрвск хотод бөмбөгтэй хоккейн (bandy) ДАШТ-ий “В” ангиллын тэмцээн эдгээр өдрүүдэд боллоо. Тус тэмцээний хүрэл медалийн төлөө Монгол-Украины багууд шалгаран үлдээд байсан. Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 5-5 онооны харьцаагаар өндөрлөсөн. Ингээд нэмэлт цагт шийдвэрлэх гоолыг Украины багаас түрүүлж оруулснаар тоглолт тэдний хожлоо өндөрлөв. Манай хоккейчид хэсгийн тоглолтод Украиныг 2-1 хожсон ч медалийн төлөө шийдвэрлэх тоглолтод ялалт байгуулж чадсангүй.

Тэмцээний алтын төлөө Герман-Унгарын багууд шалгаран үлдээд байна.

ДҮН: (ДАШТ-ий В ангилал)

02.10 Монгол -Япон 0:4

Монгол – БНХАУ 7:1

02.11 Монгол– Самоли 9:1

02.12 Монгол – Чех 7:1

Монгол -Украин 2-1

Шөвгийн наймд:

  • Монгол – Нидерланд 4-0

Хагас шигшээ:

  • Унгар – Монгол 5-4

Хүрлийн төлөө:

  • Украин – Монгол 6-5 /нэмэлт цагт/

Алтын төлөө:

  • Герман – Унгар тус тус тоглоно.

Дашрамд дуулгахад, Манай хоккейчид өнгөрсөн оны ДАШТ-ий “В” ангилалд гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол авснаар VII байрт орж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хүйтний эрч чангарна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. Ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, хүйтний эрч чангарна.

алхи 15-нд зүүн зүгийн нутгаар, 18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эхээр шөнөдөө 49-54, өдөртөө 34-39 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр тэсийн хөндийгөөр шөнөдөө 36-41, өдөртөө 22-27 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32, өдөртөө 13-18, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.