Categories
мэдээ нийгэм

IX Богдын “Лагшин эрдэнэ”-ийг төв дуганд хүндэтгэн заллаа

Монголын Бурхны шашинтны Төв Гандантэгчэнлин хийд өнөөдөр сүсэгтэн олны хөлд дарагджээ. Цагаан сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслол Гандантэгчилэн хийдэд боллоо. Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар гүн дэлгэр зарлиг сургаалаараа хөтлөн зохиож байгаад XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цагт мөнх бусын дүрийг үзүүлэн, дүрст лагшинг номын агаарт хураасан билээ. Түүнээс хойш дөрвөн жилийн турш Богд гэгээнтний шавь нар Багшийнхаа лагшин шүтээнийг дээдэс лам нарын адил уламжлал ёсоор бурханчлан шүтээн болгон бүтээсэн билээ.

Шүтээнчлэн бүтээсэн лагшин эрдэнийг Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд өнөөдөр 13:00 цагт залж, равнай мандал өргөлөө. Гандантэгчинлэн хийдэд V, VII, VIII дугаар Богдын шарилын сүм байдаг аж. Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд эдгээр Богдын шарилыг бүрэн бүтэн авч үлдсэн бөгөөд өдгөө ийнхүү IX Богдын “Лагшин Эрдэнэ” нэмэгдэж байгаа юм байна. Сүсэгтэн олон IX Богдын “Лагшин Эрдэнэ”-д мөргөх үйл ажиллагаа нээлттэй бөгөөд IX Богд Жэвзүндамба хутагтын “Лагшин Эрдэнэ” Гандантэгчинлэн хийдийн төв дуганд байх юм.

Categories
мэдээ нийгэм

Гандан орчмыг жуулчдын дүүрэг болгоно

Энэ жил Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог 10 хувиар буюу 40 мянгаар нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг тавин аялал жуулчлалын салбарт 3.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Өнгөрсөн жил 3.4 тэрбум төгрөгийг жуулчдыг татах ажилд зориулж, эргээд аялал жуулчлалын салбараас 20 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон аж. Харин энэ онд дээрх мөнгөн урсгалыг өсгөх зорилготойгоор Монголын үндэсний түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчилан таниулах 25 багц ажил хийхээр нийслэлийн Аялал жуулчлалын газар төлөвлөсөн тухайгаа өнөөдөр мэдээллээ.

Уг ажилд Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулах урлаг, соёлын арга хэмжээ, “Даншиг наадам-Хүрээ цам-2016″, Сонгодог урлагийн үдэш, төв талбайд зохиогддог цуврал фестивалиуд багтжээ. Жуулчдын тоог нэмэхийн тулд Зочид буудал, дэн буудлын стандартыг шинэчлэх, төрийн байгууллагуудаас зохион байгуулдаг олон улсын хурал, зөвлөгөөнийг аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулах зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Мөн үүнтэй холбоотойгоор НЗДТГ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жуулчдын мэдээлэл шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, хот орчмын явган аялалын гол чиглэлийг олон улсын стандартын дагуу үлгэр жишээ тохижуулах, Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг гаргах зэрэг багц ажлыг хийхээр болжээ.Тодруулбал, Гандантэгчинлэн хийд орчмыг жуулчдад зориулан тохижуулж, соёл, аялал жуулчлалын дүүрэг болгон шинэчлэх төлөвлөгөөг гаргасан байна. Мөн үндэсний ёс заншил, уламжлалт зан үйлийг хадгалсан Хуримын ордон, түүхт хөшөө дурсгалыг жуулчдад очдог газар болгон нэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцсон байна. Энэ жилийн тухайд “Хүрэл тогоот” одон орон судлалын төвийг аялал жуулчлалын эргэлтэд оруулж, цэлмэг тэнгэр, од эрхсийг жуулчдад харуулж, цаашид байнга энэ газрыг жуулчид заавал зорьж очдог, сонирхдог газар болгох арга хэмжээнүүдийг нийслэлээс зохион байгуулахаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэц их суудлаар хуралдана

Нэр бүхий иргэд 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр батлан гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн 2010 оны хоёрдугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн их суудлын хуралдаан 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН, МАН-ын бүлгийн дарга нар уулзаж байна

УИХ-ын
дарга захирамж гарган ээлжит бус чуулган хуралдуулахаар болж, өнөөдөр өглөө
09.00 цагт нээлтийг нь хийх ёстой байв. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс ээлжит
бус чуулганыг нээх боломжгүй болж хойшилсоор байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ
ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй байсан гэсэн байр суурь илэрхийлсэн.
Тэгвэл одоо тэрээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай
уулзаж буй юм. Уулзалтаар ээлжит бус чуулгантай
холбоотой асуудал хэлэлцэгдэж байж мэдэх аж. Ээлжит
бус чуулганы нээлтийг хийсэн нөхцөлд хамгийн эхэнд Үндсэн хуулийн цэцийн
гишүүнийг чөлөөлөх асуудлыг эцэслэнэ. Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг нам,
эвслийн бүлгүүд зөвшилцөх ёстой гэсэн байр суурийг намрын чуулганыг хаахын өмнө
хэлж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар “Манай нам дотроо эв нэгдэлтэй байгаа” гэжээ

ХҮН-ын дотоод дахь зөрчлийн талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн Үндэсний намын дарга С.Ганбаатар ингэж хэлжээ.

“Манай нам бол итгэл үнэмшлээрээ нэгдсэн олон хүний нэгдэл болсон нам. Бид олон дэмжигчийн итгэлийг хүлээж байгаа. Аливаа хүчтэй шинэ нам гарч ирэхэд бүлэглэлүүд хутган үймүүлж, бодлогоор унагаах зүйл явагддаг. Түүнээс биш манай нам дотроо эв нэгдэлтэй байгаа. Зарим нэг бүтэц зохион байгуулалтын асуудлаа удирдах зөвлөлөөрөө шийднэ. Манай нам дотоод асуудлаа дүрмээрээ шийддэг. Хууль зөрчсөн байвал тогтоогоод, ном журмаар нь шийднэ. Түүнээс хэн нэгэн гомдож гарч ирээд янз бүрийн мэдэгдэл хийгээд байвал аль нэг бүлэглэлээс орж ирсэн бууны нохой юм уу гэж хардахыг хүсэхгүй байна. Дүрмээс гадуур зүйл ярьж байгаа хүмүүс бол Ганбаатарыг ерөнхийлөгч болгохгүйн төлөө зүтгэж байгаа бүлэглэлүүдийн захиалга гэж үзэхэд бэлэн байгаа. Гэхдээ ингэж бодоход эрт байна” хэмээсэн байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзэв

Өнөөдөр 09.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлогдсоор байгаа юм. Эрх баригч намын гишүүд ирвэл сөрөг хүчин чуулганы танхимд орж, ирц бүрдүүлэн хуралдаанд оролцохоо мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын 26 гишүүнээс 22 нь Төрийн ордонд албан өрөөндөө ажлаа явуулж байгаа аж. АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ

Намрын чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг нь хэлэлцсэн байна. Намрын чуулган дөрвөн сар 120 хоног үргэлжилдэг. Харин ээлжит бус чуулганы 10 хоногийн хугацаанд 20 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн нь халтуурдсан зүйл болж, улс орны хийгээд ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж МАН-ын бүлэг үзэж байгаа аж.

С.Бямбацогт хэлэхдээ “УИХ-ын дарга ёс зүйн биш хууль зөрчсөн олон удаагийн үйлдэл гаргасан. Тийм ч учраас УИХ-ын даргын асуудал яригдаж байна. ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар чөлөөлөх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Ээлжит бус чуулганаар ч ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар огцруулах асуудал орсон. Асуудлыг олонхоороо хүч түрж шийдэж болохгүй. Мөн Засгийн газрын томилгооны асуудалд МАН-ын бүлэг хөндлөнгөөс оролцох боломжгүй. Эрх баригч АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрлэх асуудал. Бид Засгийн газрын гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг дэмжээд явна. Харин ажлаа сайн хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хариуцлага тооцно. ЭМС-ын сайдыг томилоогүй байна. Хэрвээ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл дэмжээд явна” гэв.

Categories
энтертаймент-ертөнц

“The Revenant” кино Их Британийн кино академид тэргүүлжээ

Өнгөрсөн ням гаригт Их Британийн 69 дэх удаагийн “BAFTA” кино академийн шагнал гардуулах ёслол Лондонгийн Рояал Опера танхимд болж өндөрлөлөө.

Томоохон шагнал гардуулах ёслолын шилдэг гуравт багтдаг “BAFTA” наадмын гол сонин нь “The Revenant” буюу “Амилсан чөтгөр” кино байв. Тус кино найман номинацид нэр дэвшсэнээс шилдэг кино, шилдэг кино найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг дуу оруулалт, шилдэг кино зураг авалт гэсэн шагналуудыг авсан байна.

1947 оноос хойш зохиогдож буй оны шилдгүүдийг нэрлэдэг уг ёслолоос шалтгаалж “Амилсан чөтгөр” кино Оскарт найдлага төрүүлээд байгаа аж.

“BAFTA” кино наадамд шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна

Шилдэг кино- The Revenant

Шилдэг эрэгтэй жүжигчин- Leonardo DiCaprio /The Revenant/

Шилдэг эмэгтэй жүжигчин- Brie Larson /Room/

Шилдэг кино найруулагч- Alejandro G. Inarritu /The Revenant/

Шилдэг туслах эрэгтэй жүжигчин- Mark Rylance /Bridge of Spies/

Шилдэг туслах эмэгтэй жүжигчин- Kate Winslet /Steve Jobs/

Шилдэг гадаад кино- Wild Tales (Аргентин-Испани)

Шилдэг баримтат кино- Аmy

Шилдэг хүүхэлдэйн кино- Inside Out

Шилдэг кино зураг авалт- Emmanuel Lubezki /The Revenant/

Шилдэг хувцасны дизайн- Jenny Beavan /Mad Max: Fury Road/

Шилдэг хөдөлгөөний эффект- Chris Corbould, Roger Guyett, Paul Kavanagh, Neal Scanlan /Star Wars: The Force Awakens/

Шилдэг дуу оруулалт- Lon Bender, Chris Duesterdiek, Martin Hernandez, Frank A. Montaсo, Jon Taylor and Randy Thom /The Revenant/

Шилдэг эвлүүлэг- Margaret Sixel /Mad Max: Fury Road/

Шилдэг нүүр будалт- Lesley Vanderwalt, Damian Martin /Mad Max: Fury Road/

Их Британийн телевизийн шилдэг кино- Brooklyn

Шилдэг өсөх ирээдүйтэй жүжигчин- John Boyega /Star Wars: The Force Awakens/

Их Британийн шилдэг зохиолч, найруулагч, продюсерийн дебют- Naji Abu Nowar(зохиолч/найруулагч), Rupert Lloyd (продюсер) /Theeb/

Categories
энтертаймент-ертөнц

Ж.Мөнхбат аварга алтан хуримаа Хавайд хийв

Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат, түүний гэргий Ө.Тамир нар алтан хуримаа хийжээ.

Хүүхдүүд нь 50 жилийг хамтдаа туулсан аав, ээжийнхээ алтан хуримыг энэ сарын 11 буюу шинийн гурванд Хавай аралд хийсэн байна. Хуримын гол зохион байгуулагчаар Их аварга Хакүхо М.Даваажаргал ажилласан аж.

Мөн бал сараа Зүүн Азийн орнуудаар аялан тэмдэглэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эксель”-тэй иргэд жагсаал хийлээ

Өнөөдөр өглөө иргэд Цэцийн дарга, гишүүдийг огцрохыг шаардаж, жагслаа. Цэцийг улстөржсөн шийдвэр гаргаж, эрх зүйн чадамжгүй болсон учраас ийнхүү тэмцэж байгаа аж.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа сар шинийн өмнө хийсэн мэдээлэлдээ “Би Монгол Улсын дөрөвдүгээр хүн. Дөрөвдүгээр хүн эксель унах юм уу. Туулах чадвар сайтай машин унах ёстой” гэсэн нь иргэдийн бухимдлыг хүргэсэн учир жагсагчдын зарим нь эксель унаж очсон байна.

Тэд “Иргэдийг талцуулж, ялгаварлан гадуурхахаа боль”, “Үндсэн хуулийг зарж идэхээ боль”, “Лексус-570” бэлгэнд авч, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаснаа тайлбарла”, “Үндсэн хууль зөрчихөө боль”, “Ипотекийн зээлийг зогсоосон хариуцлагаа хүлээ”, “Албан тушаалаа өг”, “Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр биш ард түмэн байдаг юм” зэрэг бичигтэй лоозон барьсан байв.

Үндсэн хуулийн Цэцийн хамгаалалтынхан, цагдаа нар жагсагчдыг хүчээр тараасан учир шаардах бичгээ Цэций даргад өгч чадаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ 10,4 хувиар буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 01-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 01-р сард 5.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 18.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.0 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -1.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -14.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

5.7%

18.2%

-1.8%

Өмнөх сартай харьцуулахад

0.16%

-0.7%

-0.4%

Оны эхэнтэй харьцуулахад

0.16%

-0.7%

-0.4%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.4%

-7.0%

-14.2%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5062 орон сууцны мэдээллийг хамрууллаа.