Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гар утас, интернэт хүний биед сөрөг нөлөөтэй

Орчин үед аж төрж буй хэнд ч гар утас, компьютер, интернэтээс ангид байх боломж бараг үгүй. Өдөрт дунджаар 16 цаг сэрүүн байдаг гэж тооцоолбол баараггүй арван цагийг нь гар утас, интернэтээс хамааралтай өнгөрөөж байгаа даа.

Энэ бүхэн хүн төрөлхтний хувьд дэвшилтэт технологи мөн ч гэлээ эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлэхгүй байгаа. Гар утаснаас ялгарах тодорхой давтамжтай долгион хүний биед ялангуяа тархи, зүрх хоёрт муу гэнэ. Тиймээс шаардлагагүй үед гар утсыг биеэсээ хол байлгаж сураарай. Ялангуяа интернэтэд холбогдсон гар утас биедээ байнга авч явбал нойргүйдэх, хоолны шингэц муудах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг аажмаар нэмэгддэг юм байна. Ялангуяа эрчүүд энгэрийнхээ болон өмднийхөө халаасанд гар утсаа авч яваад хэрэггүй. Энгэрийнхээ халаасанд гар утсаа байнга хийдэг бол зүрхний үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлал тун өндөр гэсэн. Харин бүсэлхийнээс доош буюу өмднийхөө халаасанд гар утсаа байлгадаг бол түрүү булчирхайд өөрчлөлт оруулдаг ажээ. Тиймээс гар утсаа цүнхэндээ хийж авч явж байгаарай. Мөн унтахдаа гар утсаа унтрааж байх, эсхүл орноосоо аль болох хол зайд тавьж хэвшээрэй. Унтаж байх үедээ гар утсаа өөртэйгөө хэр ойрхон зайд байлгана тэр хэрээр нойргүйддэг гэж мэдрэлийн эмч нар ярьдаг юм билээ.

Тиймээс гар утсаа ашиглаагүй үед аль болох өөрөөсөө холхон тавьж байгаарай.

Мөн интернэтэд холбогдсон гар утас жирийн үеийнхээсээ хэд дахин их долгион дамжуулдаг болохоор шаардлагагүй үед утасныхаа интернэтийг салгаж хэвшээрэй.

Ер нь та онцын шалтгаангүй байхад сэтгэлээр унаж, нойргүйдэж, бухимдаад байгаа бол гар утас, интернэтийн ертөнцөөс багахан ч болтугай хугацаанд холдохыг зөвлөж байна. Гар утсаараа интернэтэд холбогдон ертөнцийн элдэв хачныг сонирхохын оронд цаасан хэвлэл уншдаг болбол таны биед ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг дуулгая.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь

2016 оны 02 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг хүргэж байна.

02 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт 09.00 цагаас:

  • Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт;
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал /үргэлжилнэ/.

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 19-ний Баасан гарагт 09.00 цагаас:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/;
  • “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Categories
мэдээ нийгэм

Б.Насанбаярыг шалгуулна гэв

БСШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын
дарга Б.Насанбаярыг ТЕГ, АТГ, УМБГ-т шалгуулах хүсэлт гаргахаа иргэн
Э.Цэрэндолгор цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр Б.Насанбаярыг шалгуулах болсон
үндэслэлдээ “Солонгос улсаас гаралтай Мүүн буюу Эв Нэглийн сүмийн мөнгийг
Боловсролын Яамаар дамжуулан давталттай угааж буй гэсэн миний хардалтыг шалгаж
Монгол үндэстний оюун санааг төөрөгдүүлэх ажлыг зогсоож өгнө үү хэмээн энэ
хүсэлтийг гаргаж байна.

Б.Насанбаярыг Монгол үндэстэнд аюул дагуулсан дараахь
үйлдлүүдийг шалгаж өгнө үү хэмээн Монгол улсын иргэн Э. Цэрэндолгор миний бие
хүсэлт гаргаж байна. 20 гаруй жилийн өмнөөс гадаадын хориотой гаж урсгалыг
Монгол улсад тухайлбал Эрдэнэт хотод түгээхдээ насанд хүрээгүй хүүхдүүдийн
сэтгэл санааг урвуулан сайхан лекц сонсгон хөлс төлбөргүй буяны нэртэй ажил
хийлгэж Солонгосын Мүүний гэр бүлийн сан хөмрөгийг арвижуулж өөрийн албан
тушаал ахих боломжийг нээсэн. Эрдэнэт хотоос олон тооны Монгол бүсгүйчүүдийг
зургаар ханьтай болгох нэрээр харьд худалдсан. Боловсрол шинэчлэх нэрээр Монголын
Боловсролын бүх шатны нэгжийг задалсан.

Одоо их сургуулиуд хувьчлагдах тухай
хуулийн төсөл явж байна. Үүнийг би их хэмжээний авилгал авсан гэж хардаж байна.
Эрх мэдлээ давуулан ашиглаж Монголын бүх аймаг нэгжийн Боловсролын Газарт
Мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Б.Насанбаярын шууд
удирлага дор ажиллаж байна. Монголын хамгийн чухал эрдмийг түгээх салбарт
харийн шашны гаж урсгалынхан ажиллаж байна. Гурван цагийн хэлхээс ажиллах ёстой
Боловсролын Салбарыг боловсорч гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар
өргөтгөн тэлсээр байна.Яагаад Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох
болсон зэрэг асуудлуудын уг үндсээр нь шалгаж Монгол үндэстний эрх ашгийг
хамгаалж өгнө үү” гэх зэргээр дурджээ. Тэрбээр уг хүсэлтээ өнөөдөр дээрх
байгууллагуудад хүргүүлэх аж.

Categories
мэдээ спорт

Гүйлтийн цанын өсвөрийн УАШТ болно

Монголын цанын
холбооны нэрэмжит гүйлтийн цанын өсвөрийн УАШТ энэ сарын 19-23-нд Булган
аймгийн Тэшиг суманд болно. Тэмцээнд одоогоор 12 аймгийн баг тамирчид
оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

Categories
мэдээ спорт

Лего роботын тэмцээн боллоо

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын арваад сургуулийн 100 гаруй сурагчийн дунд Лего роботын тэмцээн өчигдөр боллоо. Тус дүүрэгт төрийн өмчийн 16 сургууль байдгаас 10 нь Лего роботын танхимтай болоод байгаа юм. Сурагчдын хувьд өөрсдөө программаа зохиож байгаа ажээ. Лего роботын тэмцээнд 20 баг өрсөлдсөн бөгөөд тэд зургаан төрлийн даалгаврыг 9 минутад гүйцэтгэсэн юм. Лего роботын энэ тэмцээн ХУД-ийн сургуулиудын дунд анх удаа болж байгаа. Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн техник сэтгэлгээнд чухал ач холбогдолтойг Монголын роботын боловсролын нийгэмлэгийн тэргүүн хэлж байна. Улсын хэмжээнд лего роботын тусгай танхимтай 30 сургууль байдаг. Үүнээс 10 нь ХУД-ийн сургуулиудад байгаа юм. Цаашид бүх сургуулиа ийм танхимтай болгоно гэдгийг тус дүүргийн засаг дарга хэллээ. Энэ удаагийн тэмцээнд эхний 2 байр эзэлсэн сургуулийг лего роботын иж бүрдэл, зориулалтын талбайгаар шагнана. Мөн ирэх сард болох үндэсний хэмжээний лего роботын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Б.Батмөнхийнд шинийн дөрвөнд зочиллоо

“Танайд өнжье” нийтлэлийн гал бичин жилийн тэргүүн дугаарыг Монгол Улсын заан Б.Батмөнхийнхөөс бэлтгэлээ. Тэгш дүүрний бэлгэдэлтэй шинийн дөрвөний ерөөлтэй өдөр тэднийд зочлов. Хонхыг нь дарвал зааны гэргий А.Ундармаа үүдээ тайлж, дээшээ суухыг урилаа. Хүүхдүүд бужигналдаж, ахан дүүс нь хотлоороо ирж шинэлж байхтай нь таарчээ. Заан зочны өрөөнөөсөө гарч ирж угтлаа. Том өрөө нь зочдоор, унтлагын өрөө нь хүүхдүүдээр дүүрчээ. А.Ундармаагийн эгч, нагац нар нь үр хүүхдүүдтэйгээ иржээ. Сонины сурвалжлагч ирсэнд тэд ихэд бэлгэшээж “Бид ч азтай л яваа юм байна” гэж баярлан хөөрөг зөрүүлэв. Мөнгөн аяганаас цай ууж, тавагтай идээнээс амсаад заан Б.Батмөнхтэй яриа дэлгэв. Цагаан сарын барилдаан хэр болов, бөхчүүдийг суурин дээрээ тавь, жаран бууз иддэг гэсэн, өнөө жилийн цагаан сарын барилдаанд Баасанхүү ч бужигнууллаа даа хэмээн ойр зуурын юм ярилцаж эхлэв. Тэгтэл ирсэн зочид нам гүм болж хүргэнийхээ яриаг шимтэн сонсч суулаа. Чимээ шуугиан гаргасан хүүхдүүдэд “Чимээгүй. Гоё юм ярьж байна, ах чинь. Сонс” гэнэ.

Заан “Өнөө жилийн Цагаан сарын барилдаан их онцлогтой боллоо. Тааварт байсан бөхчүүд доогуур унах нь унаад, шинэ бөхчүүд ч их гарч ирлээ. Миний бэлтгэл уг нь их сайн байсан юм. “Дүнжингарав” дэвжээнийхэнтэйгээ баярын өмнө хэд хоног Угтаалд сэргэлтийн бэлтгэл хийгээд ирсэн” гэснээ “Би Цагаан сарын барилдаанд жаахан одгүй байна уу даа. Ноднин нэгийн даваанд унасан, энэ жил хоёрын даваанд уначихлаа” хэмээн инээмсэглэж “Цагаан сарын барилдаан хоёр дахь наадам, бага наадам гэдэг утгаараа шударга, тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог болохоор их хариуцлагатай байдаг юм” гэлээ.

Шинийн нэгэнд Баянхангайд очиж эмээтэйгээ золгож, нутгийнхаа уулс шүтээндээ мөргөчихөөд орой нь гэртээ ирж, маргааш нь Баян сум руу явж хадмуудтайгаа золгосон байна. Залуу гэр бүл болохоор сар шинээр мянга гаруй бууз хийдэг аж. Ахан дүүс, найз нөхдөө дайлахад төдий хэмжээний бууз чимхэхэд болчихдог гэнэ. Бөхчүүдийн тухай элдэв янзын онигоо, болсон явдлуудыг бөх сонирхогчид ярьж “Тэр аварга төдөн буузыг суурин дээрээ идчихжээ”, “Бөхчүүд гучин буузыг шууд идчихдэг” хэмээн хачир болгон ярьдаг. Зааны хувьд нэг дор их хэмжээгээр хоол иддэггүй гэнэ. Бага багаар ойр ойрхон идээд сурчихсан болохоор суурин дээрээ олон бууз идэж үзээгүй аж. Зааны яриаг сонирхоод гэрт байсан хүмүүс бүгд нам гүм болчихсон байлаа. Б.Батмөнх “Та нар минь идээ будаа, буузнаас идэж, айраг цагаа уу л даа. Бүгд амьсгал дараад яриаг минь чагнаж сууна уу” хэмээгээд зочдодоо айраг барилаа.

Эднийх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл юм байна. Нэг хүү, гурван охинтой. Ууган нь хүү. Хүү нь “Хуйрнан шуугигч” гэж хөвгүүдийн дунд зохиогддог үндэсний бөхийн барилдаанд барилддаг гэнэ. Хоёр удаа барилдаад хоёуланд нь хоёрын даваанд өвдөг шорооджээ. Эхний барилдаанд ухасхийж давхар хамаад учраа нь дөрвөн хөллөнгүүт буцаж гарах гэж байгаад халтирч унаад бөөн уйлаан майлаан болж “Би ахиж барилдана” гэж зүтгэжээ. Урьд өдөр нь Бөхийн өргөөнд ном хурж лам нар будаа цацчихсан байж л дээ. Тэрэн дээр нь халтирч унаснаас л бүх юм болж. Тэр тухай нь ярихаар хүү нь жигтэйхэн ичих аж.

Бөхчүүд битүүн хүртэл бэлтгэлтэй байж байгаад баяраар хэд хоног завсарлаад шинийн тавнаас бэлтгэлдээ гарна. Бусад хүмүүстэй адил айлч хэсч бууз идэж, айраг уугаад байвал өнөө сайхан бэлтгэл, сургуулилт нь хэцүүднэ. “Дүнжингарав” дэвжээнийхэн шинийн таванд бэлтгэлдээ гарна гэж зар тараажээ. Битүүнд эрчүүл цагаан сарын барилдаанаа ихэвчлэн зурагтаар үзчихдэг. Харин бөх сонирхогч, бөхийн хорхойтнууд хонон өнжин байж дугаарлаж тасалбарыг нь аваад барилдааныг заалнаас нь харна. Бөхчүүдийн хувьд нэг, хоёрын даваанд өвдөг шороодлоо гээд заалаа орхиод явчихгүй. Үзүүр, түрүүний гал гарсан барилдааныг дуусгачихаад гардаг уламжлалтай. Заан Б.Батмөнх ч тэгжээ. Барилдаанаа дуусгаад 22 цаг өнгөрч гэртээ ирж битүүрчээ.

Б.Батмөнх заан гэргий А.Ундармаатайгаа оюутан байхдаа л танилцаж нэг гэрт орж, байшин барьж ахан дүүсээ цайлж тусдаа гарч байжээ. 2011 онд начин цол хүртэж ИНЕГ-аас байраар шагнуулж XIII хороололд байранд орж. Дараа нь заан цол хүртэж одоогийн Нарны хорооллын энэ байранд нүүж иржээ.

Орцныхон нь зааныг хүндэтгэж тааралдах болгондоо “Заан сайн байна уу” хэмээн хүндэтгэнэ. Харин хөршийн хүүхдүүдтэй хүүхдүүд нь орж гарч тоглож нааддаг болохоор ерөнхийдөө ямархуу айлууд байдгийг нь гадарладаг аж. Түүнээс биш албан ёсоор сайн танилцаж амжаагүй л байгаа гэнэ.

Бөх сонирхогчдын хувьд заан Б.Батмөнхийг ирээдүйтэй бөхөөс гадна дууны клипэнд тоглодог, жүжиглэх авьяастай залуу гэдгийг нь андахгүй байх. Дуучин А.Хосбаярын “Адуутай намар” дууны клипэнд А.Сүхбат аварга тэргүүтэй нутгийнхаа бөхчүүлтэй тоглосон бол дуучин Н.Мөнгөншагайгийн “Гангараа” дууны клипэнд сайхан монгол эрийн гангараа, монгол ахуйг аятай гаргаж олны нүдийг хужирласан билээ. Түүнээс “Та “Гангараа”-гийн клипэнд тоглосон тухайгаа ярихгүй юу. Клипэнд тоглоход ямархуу санагдав” гэж асуувал ирсэн зочид бүгд л “Тийм, тийм дүү минь ярь. Их сайхан дуу шүү дээ. 2015 оны шилдэг дуу болсон. Клип нь ганган болсон шүү” гэж ам амандаа уралдан хэлж, заан руу анхаарлаа хандуулав. Б.Батмөнх “Мөнгөншагай чинь манай Төв аймгийнх ш дээ. Уг нь “Гангараа” клипэнд Санжаадамбыг тоглуулах гэж байсан юм билээ. Тэгээд болоогүй болохоор нь надад санал тавьж “Чамайг л тоглуулмаар байна” гэхээр нь нэг нутаг усны хүмүүс юм чинь нэг нэгэндээ тусалж дэмжилгүй яахав гээд зөвшөөрсөн л дөө. Тэгээд Нөхөрлөлийн сангийн аж ахуй руу явж хоёр хоносон юм. Тэгээд л тоглосон” гэхээр нь “Тэгээд клипэнд тоглох ямар байв” гэлээ. Заан инээснээ “Анх тоглож байгаа болохоор эвгүй л юм билээ” хэмээв. “Гангараа” дууны клипэнд тоглосноос нь хойш аймгийнх нь дуучдаас клипэндээ тоглуулах санал мэр сэр ирүүлэх болсон гэнэ.

А.Ундармаагийн нагац ах Л.Батбилэг “Ёстой гоё клип болсон ш дээ. Батмөнх маань клипэн дээр өөр хүүхэн үнсээд байсан шүү гэж Ундармаад хэлсэн” гэтэл бүгд нэрхийтэл инээлдлээ. А.Ундармаа нөхөртэйгөө хамт клипний зураг авалтад явсан юм байна. Тэгтэл хүүхдүүд нь клипийг дараа нь үзчихээд ээждээ “Ээж ээ, аав өөр хүн үнсээд байна шүү” гэж чихэнд нь хэлсэн гэнэ.

А.Ундармаа Төв аймгийн Баян сумын бүсгүй. Заан гэргийтэйгээ нэг гэрт ороод арван жил болжээ. Бөхчүүдийн хувьд наадам, цагаан сар гэх томоохон хариуцлагатай барилдааны өмнө бэлтгэлд гарчихдаг, харин бусад үед нь гэрээсээ бэлтгэлдээ явдаг болохоор спортын шигшээгийн тамирчдаас ялгаатай. Гэхдээ зургадугаар сарын арвадаар галд гараад наадмаар ирж барилдчихаад хэд хоног гэр орондоо байж, гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч амарна. Тэгчихээд аймаг, сумдын наадмаар явсаар байтал есдүгээр сар гаргачихдаг. Тэр үе л бөхчүүдийн хувьд нэлээд ачаалалтай.

Заан Б.Батмөнхийн баз Г.Базаржав А.Ундармаагийн эгч, нагац нарыг нэг бүрчлэн танилцуулж, хэн нь хэдэн хүүхэдтэй ямар айл байдаг тухай танилцуулж байлаа. А.Ундармаа монгол ахуй, монгол ёс жаягаа их дээдэлнэ. Бурхан тахил, хоймрын шүүгээндээ нарийн нандин бүхнээ залжээ. Нөхрөө барилдаад орж ирэхэд авчирсан хадгийг нь эвхэж, цэгцлэн хоймортоо хураадаг аж. Хадаг буян хураадаг эдийн дээд учир нандигнахаас аргагүй. Анх танилцаад нэг гэрт орсон цагаас л хураасан хадаг нь эвхээстэй. Хадагнуудын доод талын тавиурт зааны өмсч байсан монгол гутал байлаа. Б.Батмөнх уг гутлаа амжилт дуудсан, аз түшсэн хэмээн бэлгэшээж хадгалдаг аж. Хөдөөнөөс оюутан болж орж ирээд л Завханаас ирсэн ангийнхаа Батсүх гэдэг найзынхаа аав, ээжээр урлуулсан анхны гутал нь. Энэ гутлаа аймгийн арслан болтлоо өмсчээ.

Тамирчид хамгийн хэцүү олддог, үнэтэй медаль бол хүрэл медаль гэж ярилцдаг. Харин бөхийн хорхойтнууд гэлтгүй бөхийн гараагаа эхэлж байгаа бөх хүнд аймгийн арслан гэх цол маш их амжилтын бат суурь нь болдог гэлтэй. Заан Б.Батмөнхийн аймгийн арслан болж байсан мөч ч дурсгалтай. Сумынх нь ой, аймгийн наадамтай нь давхцаад сумандаа барилдчихаад Архангайд очиж зодогложээ. Эндээс заан маань эхнэрээ, эхнэрийнхээ ах, эгч хоёрыг дагуулаад очжээ. Өөр таних мэдэх хүн байхгүй, жаахан ганцаардмар болоод эвгүй л санагдаж. Архангайнхан тэр чигээрээ нөгөө тал, Б.Батмөнх ахтайгаа хоёулхнаа. Ах нь дээлнийх нь захыг мушгиастай. Эхнэр нь эгчтэйгээ наадмын талбайн үзэгчдийн дунд далдхан өндөлзөөстэй. Тавын даваанд Ганзоригтой тунаад, зургаагийн даваанд Завханы аймгийн арслан Батжаргалыг давж, долоогийн даваанд улсын начин Адъяабаттай үзүүр түрүүнд үлдэж тахимдах мэхээр давж аймгийн арслан болж байжээ.

2013 оны наадмаар Б.Батмөнх заан Ч.Санжаадамбыг хаяж тэр жилийн наадмын тааврыг эвдэж байлаа. Тэр тухай нь сонирхож “Санжаадамбыг та ямар мэхээр хаяж байлаа” гэж асуулаа. Заан “Зайлаад хавирчихсан. Тэр мэхийг би зааланд хэд хэдэн удаа хийгээд үзчихсэн байсан юм. Гэхдээ тухайн жилийн од гэж байдаг юм уу даа. Тэгэхэд би гурвын даваанд Чулуунбатыг амлаж аваад дөрвийн даваанд Говь-Алтайн Амартүвшин харцагатай, тавын даваанд Содномдорж, зургаагийн даваанд Санжаадамба, долоогийн даваанд улсын арслан Батсуурьтай тунаж байсан ш дээ. Тэгээд л заан болж байлаа” хэмээлээ. Заантай наадам, бөх, мэх ярьж суутал бууз болчихож. Заан чимхэлттэй заан буузнууд. Бөхчүүдийн хувьд өөрийнх нь нэрнээс илүүтэй цолоор нь дууддаг болохоор түүндээ бүр дасчихсан байдаг. Б.Батмөнх одооноос л заан цолондоо дасч, заан гэж дуудахаар эргэж хардаг болсон гэнэ. Өөрөөс нь ганц, хоёр дүү хүмүүс “Заан аа” гэж хүндэтгэнэ. Ах хүмүүс ч ялгаагүй.

А.Ундармаагийн нагац ах, эгч нар бидний яриаг шимтэн сонсонгоо айраг цагаа ууж, зааны яриаг дэмжиж толгой дохино. Хүүхдүүд ч чимээгүй орж ирж яриа чагнах аж. Хүргэн нь заан цол авсан тэр мөчийг хадмууд нь ярина. А.Ундармаагийн нагац эгч Л.Адъяасүрэн “Миний дүү чинь манайхны ганц бахархал байхгүй юу. Заан цол хүртсэн тэр жилийн наадмын нар одоо ч сэтгэлд минь гийдэг юм. Миний дүү ийм сайхан хань ижилтэй болж, өнөр өтгөн айлын гэргий болсонд баярладаг юм. Бид чинь хүргэнээ л харах гэж барилдаан үзнэ шүү дээ. Барилдахыг нь харахаар хийморь сэргээд өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Дүү минь дахиад ахиж дэвшиж, цолоо ахиулна гэдэгт огт эргэлздэггүй юм” гэж сэтгэгдлээ илэрхийллээ. А.Ундармаагийн нагац ах Л.Батбилэгийг ахан дүүс нь Бамбарууш гэдэг багын нэрээр нь дууддаг аж. Бамбарууш ах нь “Заан болдог жил би хөдөө явж байсан юм. Нэг айлд ороод бөх үзлээ. Заан цол хүртсэн тэр жил ч хийморьтой байсан шүү. Тааварт явж байсан, иртэй бяртай бөхчүүдийг дараалан хаяж шуугиулсан даа. Би цол авахыг нь хараад орилж босч ирээд хашгираад сэтгэлээ барьж дийлэхгүй байж билээ” хэмээгээд хүргэндээ хүрэх, авах ёстой цол цаана чинь хүлээж байгаа шүү гэж захилаа.

Нэг хэсэг монгол бөхчүүдийн жудаг алдагдлаа, жудагтай бөх алга боллоо гэж хэн хүнгүй халагладаг байсан. Харин сүүлийн үед тэр байдал бага багаар засагдаж, залуу бөхчүүд жудгаа эрхэмлэж, уламжлалаа илүүтэй дагадаг болсон. Энэ тухай өгүүлсэн “Гарьд магнай” киног баяр наадам, цагаан сараар телевизүүд гаргадаг. Заан ч энэ кинонд дуртай аж. Очир заан Далайцэрэнд хандаж “Одоо болоо юм биш үү” гэхэд нь Далайцэрэн “Би худлаа барилдаж чадахгүй” гэдэг. Мөн өвдөг шороодсон ах аварга нь майханд орж ирээд Далайцэрэнд зодог шуудгаа өгч “Нутгийн чинь уулс чамайг дагаж байгаа шүү” гэж хэлдэг хэсэг нь заанд их таалагддаг гэнэ.

Заан “Үндэсний бөх бол дээр үеэсээ уламжлагдан ирсэн Монголын том өв соёл. Барилдаж байгаа бөхчүүдийг харахад онцгүй зан гаргаж, жудаг алдагдаж байгаа нь харагддаг. Учраа хоёр бөх барилдаад яг зэрэг уналаа гэхэд хэнийх нь хөл гар түрүүлж хүрсэн бэ гэдгийг хоёр бөх мэддэг л байхгүй юу. Тэгтэл тэрийг нь мэдсээр байж улайм цайм уначихаад босч ирээд хэл ам хийдэг. Энэ нь хувь хүний л зан чанар, ухамсартай холбоотой асуудал л даа. Улайм цайм уначихаад янз бүрийн авир гаргах шаардлага байдаг ч юм уу даа. Ер нь тэгээд сайхан бодол, сайн санаатай, зөв юм бодож сайхан барилдчихаад явж байхад бүх юм болно ш дээ” гэж өөрийнхөө бодлоо хэлээд бөх байна гэдэг том хариуцлага, том хүндэтгэл байдаг юм. Түүнийг нь дааж явна гэдэг бүр том зүйл л дээ гэлээ.

Манайхан хөдөө гадаа явж байхад бөх хүн харвал хамаг юмаа барьж гүйж, хамт зураг авахуулж, болбол гэртээ урьж, дайлж цайлах дуртай ард түмэн. Б.Батмөнх зааныг хөдөөгүүр явахад иймэрхүү зүйл их тохиолдоно. Заан заримдаа тэр бүхнээс жаахан санаа зовонгуй байдаг аж. Олуулаа, хамаатан садан, найз нөхөдтэйгөө явж байгаад айлд ороход тэр чигээрээ л зааны тухай, зааны барилдааных нь тухай ярьсаар байгаад л гарна. Бусад хүнийг огт тоохгүй ч байгаа юм шиг. Л.Адъяасүрэн эгч “Бидний хувьд жил жилийн наадмыг тэсэн ядан хүлээдэг гол утга учир нь миний хүргэн байхгүй юу. Манай хүргэн чинь бас их сайхан дуулна аа. “Гангараа” дууг гоё дуулдаг юм. Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэдэг чинь миний дүү байхгүй юу” гэтэл Б.Батмөнх заан “Эгч худлаа хэлж байна. Би сайн чадахгүй ээ” хэмээснээ Хосоогийн “Адуутай намар” дуу чинь миний тоглосон анхны клип байхгүй юу, тэгж байгаад тоглосон клипүүдээрээ цомог гаргана аа гэчихсэн чинь гэрт байсан хүмүүс том багагүй инээлдэж хөгжилдлөө.

Заан маань Ө.Даваабаатар харцагатай гэр бүлийн сайн найзууд, байнга л орж гарна. Батчулуун гээд л ер нь Төв аймгийн бөхчүүдтэйгээ найзалж нөхөрлөнө. Б.Батмөнх “Төв аймгийн бөхчүүлтэйгээ их найзална. Манай аймгийн бөхчүүд чинь коллектив сайтай ш дээ” гэлээ.

Б.Батмөнх зааны аав Ш.Батзориг нь одоо хотод амьдардаг юм. Аав, ээжийнх нь аль нэг талд бөх, барилддаг хүн төдийлөн байгаагүй гэнэ. Ээжийнх нь талын улсууд бахимдуу, чацтай биерхүү хүмүүс байдаг аж. Албан ёсоор барилдаж, улсын цол авсан анхны хүн нь Б.Батмөнх учир үүгээрээ удмынхаа түүхэнд шинэ хуудас нээжээ. Бөхөд хорхойсуулж, бөх болох замыг нь гаргаж өгсөн хүн нь сумынх нь биеийн тамирын багш Т.Алтанхуяг юм байна. Дараа нь Ю.Алтансүх начинд шавь орж Даваабаатар, Батмөнх хоёр УАШТ-д оролцож байжээ. Тэгээд “Шонхор” дээд сургуульд оюутан болж ирээд Баянхонгор аймгийн арслан Р.Дамдин багшийн гар дээр очиж бэлтгэл гээчийг жинхэнэ утгаар нь умалзуулж байжээ. Одоо бол Д.Сэрээтэр багш дээр Төв аймгийн бөхчүүд бэлтгэлээ базаадаг.

Зааных Цагаан сарын баяр, шинэ жилийн баяртаа маш их ач холбогдол өгч, гэр бүл найз нөхдийнхөө хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэхийг зорьдог. Наадмаар өөрөө ачаалал ихтэй байдаг ч гэр бүлтэйгээ хамт байхыг хичээнэ. Наадмаар 11-ний өглөө галаас ирээд барилдчихаад орой нь буцаад явчихна. Тэгээд 12-ны өглөө нь буцаад ирчихнэ. Чимээгүй газарт бэлтгэл хийж төвлөрчихсөн байдаг болохоор гэртээ ирвэл хүүхдүүдийн дуу чимээнд сайн амарч чаддаггүй аж. Тийм болохоор барилдаанаа дуусгаж байж гэртээ ирж гэрийнхэнтэйгээ амарна.

Улсын наадам дуусгав уу үгүй юу бөхчүүд хөдөөгүүр яваад тэгш ойтой сумдын наадмаар хэсчихдэг. Өнгөрсөн зун аймгийн арслан О.Хангай Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 90 жилийн түрүүг авчихаад нөгөөдөр нь байх аа, бас нэг наадмын түрүүг аваад мотоцикль хөлөглөчихсөн шүү дээ гэвэл “Жинхэнэ сизон нь байхгүй юу. Жинхэнэ үндсэн ажлаа хийнэ ш дээ, бид чинь тэр үеэр” гэвэл дахиад бүгд нирхийтэл инээлдлээ.

Зодог шуудаг, дээл гутлаа тусгай оёдолчноор оёулдаг гэнэ. Одоогоор заан маань зургаа, долоон дээлтэй юм байна. Зарим жил ямар өнгийн дээл өмсөх вэ гэдгээ ламаар үзүүлнэ. Эсвэл өөртөө таалагдсан, ээлтэй санагдсан өнгөөрөө дээлээ оёулдаг аж. Зодог шуудгийг тухай бүрт нь хөлсийг нь сайн хатааж эврээж байхгүй бол хурдан элэгдчихдэг гэнэ. Хөлстэй нь удаахгүй, дор нь хатаагаад байвал нэг зодог шуудгийг гурав орчим жил өмсчихнө.

Л.Адъяасүрэн эгч “Манай Ундармаа чинь мисс байхгүй юу. Ээж нь Дарханы Драмын театрт дуучнаар ажиллаж байсан Л.Адъяа гэж сайхан бүсгүй байсан юм. Тэр үед Монголын урлагийн нүүр царай болсон сайхан бүсгүйчүүлтэй сугадалцаад л урлагийг сурталчлаад явдаг байсан бүсгүй байлаа. 1970-аад онд шуугиулж л явсан хүн л дээ, миний эгч. Манай эгч чинь кинонд хүртэл дүрээ мөнхлөөд байсан юм шүү дээ” гэлээ. А.Ундармаа цай чанаж, зочдын гарыг цайлгах том ажлын хажуугаар отгон охиноо хөхүүлнэ. Наагуур цаагуур орж ирсэн хүмүүсийг ая тухтай байлгах гэж эзэгтэйнхээ үүргийг биелүүлнэ. Түүнтэй нөгөө өрөөнд нь орж жаал зугаа хөөрөлдөв. Гэрт бужигнах хүүхдүүдийг тоолбол 16, 17 хүргээд алдчихав. Гүйж харайж, бужигнаад тавтай тоолох ч боломжгүй.

А.Ундармаа гоо сайханч мэргэжилтэй юм байна. Наадам дөхөхөөр өглөө эрт босч цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа, ханийнхаа нутгийн уул хайрхдын зүгт өргөж, ар гэртээ санаа зовохгүй байх тал дээр нь хамаг анхаарлаа хандуулна. Тэгээд 11-нд барилдаан эхлэхийг хараад хоолойд нь юм тээглэчихсэн юм шиг нэг л хэцүү санагдана. 12-нд хариуцлагатай даваанууд эхлэхээр бүр хэцүүдэж гэртээ сууж чадахгүй, зурагтаар барилдааныг нь үзэж төвдөлгүй орж гарч хүүхдүүдээсээ “Аав нь яаж байна” гэж асууж зул барьж, хүрд эргүүлнэ. Зүрх сэтгэл нь тогтохгүй, давах тоолонд нь балкон дээрээ гарч сүү, дээжээ өргөнө. Түүний хувьд наадмын барилдааны хоёр өдөр иймэрхүү л өнгөтэй, төрхтэй өнгөрнө.

А.Ундармаа “Миний хань чинь заан болдог жилдээ их өнгөтэй, одтой байсан юм. Бөхийн өргөөний барилдаануудад ч сайн байсан. Тэр жил би хөл хүнд байсан. Охиноо заан цол дагуулсан охин гэж их бэлгэшээдэг юм. Миний хань одтой байсан юм, тэр жил. Тав л давчих юм бол миний хань цааш явна даа гэж дотроо бодож байсан. Тэгтэл яг хүссэнээр болсон шүү. Цолоо ахиулчихаад гэрийнхээ хаалгаар гэгээ татуулаад л инээмсэглээд орж ирэхэд өөрийн эрхгүй нүднээс нулимс гараад өнөө зангираад байсан юм алга болчихсон. Их гоё ш дээ. Монгол бөх хүний гэргий байна гэдэг чинь их сайхан. Ханьдаа маш их хайртай шүү. Монгол ёс жудгаа хадгалж, монгол гэсэн бүхнээ дээдэлдэг бөх хүний гэргий болсондоо баярладаг” гэж сэтгэлийн үгээ хэлсэн юм.

А.Ундармаа аймгийн төвд өсчээ. Эхээс гурвуулаа, эгч нь гадаадад олон жил болж байгаад өнөө жил эх орондоо ирсэн байна. Харин ах нь нутагтаа гэр бүл зохиож, ээжтэйгээ хамт амьдардаг аж. Багаасаа л ах дүүсийнхээ хүүхдүүдтэй тоглож, бужигнаж өссөн болохоор өнөр өтгөн олуулаа байхыг хүсдэг аж. Б.Батмөнх ч эхээс хоёул учир олон хүүхэд бужигнаж байхад дуртай гэнэ. Ирэх зургадугаар сард Алдарт эхийн хоёрдугаар одонгоо аваад цаашдаа нэгдүгээр одонг нь авна гэж бодож байгаагаа нуусангүй. “Бүсгүй хүн бүр хань ижлээ хайрлаж дээдэлж, хүндэлж явбал айл гэрийн ноён нуруу, өнгө төрх түүгээр тодорхойлогддог гэж боддог. Хань ижлээ хайрлаж, үр хүүхдээ сайхан өсгөөд явахад айл гэрийн ноён нуруу дээш өөдөө байдаг юм болов уу гэж боддог юм” гэж хэллээ.

Заан Б.Батмөнх хүн өөрийг нь гэсэн сэтгэлтэй, өөрт нь тусалж байсан хүмүүсийг ерөөсөө мартаж болохгүй. Сайхан сэтгэлтэй, зөв бодолтой явахад аяндаа бүх юм бүтээд эхэлдэг юм. Би энэ дашрамд надад бөхийн эрдэм заасан Алтанхуяг, Дамдин, Алтансүх, Сэрээтэр багш нартаа баярлаж явдгаа хэлье. Мөн намайг үргэлж дэмждэг ахан дүүс, нутгийн зон олон, найз нөхөд бүх хүмүүстээ мөн “Голден хаммер” компани болон “Аврагч” спорт хорооныхондоо Сар шинийн мэнд дэвшүүлье гэв. Зааны гар утас тасралтгүй дуугарч, утасны цаанаас найз нөхөд нь хүүхдүүдтэйгээ манайд хүрээд ир гэж урьж байгаа дуулдав.

Ийнхүү монголчуудын ёс бэлгэдлийн аугаа баяр сар шинийн дөрвөний ерөөл, бэлгэ дэмбэрэлтэй өдөр Монгол Улсын заан Б.Батмөнхийн өнөр өтгөн гэр бүлээс бэлтгэсэн нийтлэлээ энд хүргээд жаргааж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Х.Клинтоны гол өрсөлдөгч Берни Сандерс

АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал аль хэдийнэ орчихоод байна. Одоогийн байдлаар Ардчилсан намаас Хиллари Клинтон, Берни Сандерс хоёр урьдчилсан санал асуулгын дүнгээр тэргүүлж явна.

Өнгөрсөн пүрэв гаригийн орой тэдний халз мэтгэлцээн олны анхаарлыг татсан билээ. Үүний өмнө Айова мужид болсон урьдчилсан санал асуулгаар экс тэргүүн хатагтай Берни Сандерсийг арай гэж ялсан гэдэг. Харин Нью-Хэмпширт болсон халз мэтгэлцээний дараахь урьдчилсан санал асуулгаар Сенатын гишүүн Б.Сандерс 60 хувийн саналаар тэргүүлсэн. Харин түүний өрсөлдөгч Хиллари ердөө 39 хувийн санал авсан. Ийнхүү тэрээр экс Төрийн нарийн бичгийн даргын хамгийн гол өрсөлдөгч нь болоод байна.

Берни Сандерс 2007 онд Вермонт мужаас анх удаа Сенатын гишүүнээр сонгогдсон. Найман жил уг албанд улиран сонгогдож, дараа нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн болжээ. Улс төр судлаачид түүнийг зүүний үзлийг баримтлагч гэдэг. Харин Сенатын гишүүн өөрийгөө ардчилсан социалист үзэлтэн гэж тодорхойлдог. Бие даагч Сенатын гишүүдээс түүн шиг олон удаа улиран сонгогдсон улстөрч үгүй.

Берни Сандерс 2014 онд “The Nation” сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Өнгөрсөн оны тавдугаар сард сонгуульд өрсөлдөхөөр болсноо албан ёсоор мэдэгдсэн билээ. “Occu­py Wall Street” хөдөлгөөн түүнийг нэлээд дэмжиж тэрээр Америкийн улс төрд хувьсгал хийнэ гэсэн уриаг дэвшүүлчихээд байгаа. Ингэхдээ томоохон компани, корпорациудаас сурталчилгаандаа зориулах хандив авахаас татгалзсан. Зөвхөн хувь хүмүүсээс санхүүгийн дэмжлэг авах гэнэ.

Берни Сандерс 1941 онд Нью-Йоркийн Бруклинд төрсөн. Ээж, аав хоёр нь Польшийн Слопнице хэмээх тосгонд амьдарч байсан еврейчүүд. Берниг төрөхөөс өмнө тэднийх Америк руу цагаачилжээ. Германд Гитлер засгийн эрхэнд гарч еврейчүүдийн эсрэг хөдөлгөөн өрнүүлэх тэр үед Сандерсийн хамаатнуудын дийлэнх нь амь үрэгдсэн гэдэг. Берни сургуулиа дүүргээд сэтгэл судлаач болохоор Бруклиний их сургуульд суралцаж байгаад Чикагогийн их сургууль руу шилжжээ. Улс төр судлаач мэргэжлийг сонгосон тул энэ салбарыг сонирхохоос өөр аргагүй болсон. Ингээд иргэний эрхийг хамгаалах хөдөлгөөнд элсэж нийгмийн амьдралд идэвхтэй оролцож эхэлжээ. Оюутан байхдаа Хүчирхийллийн бус арга хэмжээг зохицуулах оюутны хорооны гишүүн болж эсэргүүцлийн маршид оролцохоор хэдэн мянган залуусын хамт автобусаар Вашингтонд ирж байсан гэдэг. 1964 онд их сургуулиа дүүргэснийхээ дараа нэг хэсэг Израилийн кибуцид амьдарсан. Хүний хэрэглээг хөдөлмөрлөснийх нь хэрээр олгодог зарчимтай энэ газар еврейчүүдийн дунд амьдарч маш ихийг мэдэж авчээ. Ингээд Вермонтод эргэж очоод 1971 оноос улс төрд идэвхтэй оролцох болсон. Берни Сандерс Вермонт мужийн “Эрх чөлөөний холбоо” намын гишүүн болж социалист үзлийг баримтлагч улс төрийн хүчнээс зохион байгуулсан Вьетнамын эсрэг дайныг эсэргүүцэх хөдөлгөөнд идэвхтэй оролцжээ. Намаасаа Сенат болон мужийн захирагчийн сонгуульд хэд хэдэн удаа нэр дэвшсэн боловч ялагдсан. Сэтгэлээр унаж улс төрийг орхихоор шийдэж намаасаа гарсан байна. Уран зохиолд өөрийгөө зориулахаар шийдсэн боловч түүний найз, профессор Р.Шугармений ятгалгаар Берлингтоны захирагчийн сонгуульд өрсөлджээ. Энэ сонгуульд зургаан удаа улиран сонгогдсон Ардчилсан намын гишүүн Г.Пакеттийг ердөө 14 саналаар ялсан нь улс төрд эргэн орох урам зоригийг хайрласан гэдэг. Мужийн захирагчаар ажиллаж байхдаа тухайн үед АНУ-тай харилцаа нэлээд ээдрээтэй байсан Никарагуад айлчилсан. Түүнийг тус улсын Ерөнхийлөгч алдарт Даниэль Ортега хүлээн авсан нь 1970-аад онд нэлээд шуугиан тарьсан үйл явдал байлаа. 1988 онд тэрээр Жейн О’Мира Дрисколл хэмээх бүсгүйтэй хуримлаж, бал сараа Зөвлөлтийн Ярославь хотод өнгөрүүлсэн. Хүйтэн дайн ид өрнөж байсан үед энэ нь бас л ер бусын алхам байсан.

Берни Сандерсийг Америкийн зүүний үзлийг баримтлагч хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг гэдэг. Тэрээр ажилчин болоод нийгмийн дундаж давхаргынхны ашиг сонирхлыг тууштай хамгаалагч. Томоохон корпорациудын нөлөөг багасгах, ядуус, баячуудын ялгаа ихсэх, арьсны өнгөөр ялгаварлан үзэх зэргийг тууштай эсэргүүцэгч. Тиймээс ч жирийн иргэд түүнийг хамгийн ихээр дэмждэг.

Берни Сандерс бол Ардчилсан намын гишүүн биш боловч тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон. Өөрийгөө бие даасан нэр дэвшигч гэдэг. Зарим судлаачид түүнийг ялалт байгуулж болзошгүй, ер бусын өрсөлдөгч хэмээн тодорхойлжээ. Жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалах болсон нь Нью-Йорк хотын Бруклинд умгар байранд өсөхдөө ядуу зүдүү амьдралыг үзсэнтэй холбоотой гэдэг. Тэрээр 1990 онд Төлөөлөгчдийн танхимын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлж ялсан. Тус танхимын түүхэнд сүүлийн 40 жилд нэр дэвшигч ялсан түүх байгаагүй. Тиймээс ч улсынхаа түүхэнд нэрээ бичүүлсэн улстөрч. Ингээд Капитолид ажилласан өдрөөсөө эхлэн Ардчилсан, Бүгд Найрамдах намуудыг шүүмжилсэн. Тэдний сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлсэн баячуудад өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө л явдаг хэмээн буруутгадаг. Ингэснийхээ төлөө эрх баригчидтай тэрсэлдэгч Овод гэдэг хочтой болжээ.

74 настай нэр дэвшигчийг саяхнаас АНУ-ын Тусгай албаныхан тусгай хамгаалалтдаа авч Intrep­id буюу юунаас ч айдаггүй гэсэн код буюу нууц нэр өгсөн байна. Энэ сарын гуравны өдрөөс эхлэн нэр дэвшигчийг тусгай хамгаалалтдаа авсан нь үнэн болохыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яам баталжээ. Берни Сандерс нь Уолл-Стритэд буй мөнгөтэй хүмүүсийн нөлөөллийг зогсоох гэсэн нь амь насанд нь аюул учруулж болзошгүй болов. Түүний сонгуулийн сурталчилгааны штабаас ийм хүсэлт гаргасныг үндэслэлтэй хэмээн хамгаалалтдаа авчээ. Ийнхүү тусгай хамгаалалтад орсон дөрөв дэх нэр дэвшигч болсон. АНУ-ын хуулиар бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хэнийг нь тусгай хамгаалалтад авахыг тус улсын дэд Ерөнхийлөгч шийддэг.

Берни Сандерс экс тэргүүн хатагтайтай халз мэтгэлцэхдээ төрийн тэргүүнээр сонгогдох юм бол ОХУ-ын талаар явуулж буй Б.Обамагийн бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн. Мөн “Лалын улс” бүлэгтэй хийх тэмцлээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэжээ. Сандерс Нью-Гэмпширт ялалт байгуулсныхаа дараа АНУ-д улс төрийн хувьсгал эхэллээ хэмээн мэдэгдсэн.

Нью-Гэмпшир мужид олны дэмжлэгийг хүртэнэ гэдэг маш чухал. Тэр тусмаа Айовад өрсөлдөгчдөдөө ердөө хэдхэн саналаар ялагдсан тул бүр ч чухал байжээ. Тиймээс Берни Сандерс Нью-Гэмпширт нэлээд анхаарал хандуулж сурталчилгаандаа чамгүй хөрөнгө зарцуулсан.

Ардчилсан намд Хиллари Клинтоноос өөр олныг байлдан дагуулах улстөрч байхгүй тухай ажиглагчид байнга ярьж байгаа. Гэтэл бие даагч гэсэн нэрээр олны танил болсон Берни Сандерс гарч ирлээ. Түүний онцлог нь гэвэл нөлөө бүхий хүмүүсийг аялдан дагалддаггүй, хоосон юм амладаггүй. Хамгийн гол нь улстөрчидтэй хэт хутгалдаагүй. Б.Сандерс олныг татаад байх онцгой гойд төрхгүй ч гэсэн улс төрийн үзэл баримтлалдаа үнэнч. Тэрээр “Бид Америкт ардчилсан социализмыг байгуулна” хэмээн хэлсэн. 20 жилийн өмнө ийм юм хэлсэн бол түүнийг сонгуульд оруулах битгий хэл солиотой гэх байсан. Түүнийг залуучууд нэлээд дэмждэг аж. Сонгогчдийн идэвх суларсан үед энэ нь юунаас ч илүү чухал юм.

Берни Сандерс нь Скандинавын орнуудад хэрэгжүүлдэг нийгмийн халамжийн бодлогыг дэмждэг. Түүнээс гадна их, дээд сургуульд үнэгүй суралцуулах нь зүйтэй хэмээн үздэг. Галт зэвсгийг хянах хуулийг чангатгахыг дэмждэг түүний бодлогыг америкчуудын зарим нь дэмждэггүй байж магадгүй.

Тэрээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон халз мэтгэлцээний дараа үг хэлэхдээ “Одоогоос долоо хоногийн өмнө Айовад явуулсан санал асуулгын дүнг өнөөдөр Нью-Гэмпширийн сонгогчид баталлаа. Энэ бол улс төрийн хувьсгал эхэлсний баталгаа” гэсэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл нэлээд хугацаа байна. Нэг биш удаа санал асуулга явуулж, мэтгэлцээн зохиох болно. Берни Сандерс эцсийн шат хүртэл явж чадах эсэхийг цаг хугацаа харуулна.


Categories
мэдээ цаг-үе

С.Төгс: Гаднах төрхөө өөрчлөх бол миний байнга хийдэг зүйл

Загварын ертөнцөд төгс нүүр царайтайд тооцогддог загвар өмсөгч С.Төгстэй ярилцлаа. Тэрээр “Asia’s next top model” шоунд оролцож буй анхны монгол загвар өмсөгч болсон юм.

-”Asia’s next top model” шоунд оролцохоор болсонд баяр хүргэе. Яаж сонгон шалгаруулалтад орсон бэ. Хэдэн орноос ямар орны загвар өмсөгчид сонгогдсон бэ?

-Баярлалаа. Тэмцээний зохион байгуулагчдын нэг нь Mongol Models гэсэн instagram хуудаснаас намайг олсон юм байна лээ. Тэгээд надад санал тавьсан. Намайг онлайнаар бүртгүүлчих гэхэд нь би анкет бөглөсөн. Дараа нь Skype-аар ярилцлага өгч, таван сэтгэлзүйн тестийг давж орох болсон. Одоо найман орны охид оролцож байгаа.

-Ямар дүрмээр явах вэ. Хэзээнээс телевизээр цацагдаж эхлэх юм бол. Шүүгч нарын хувьд ямар байх вэ?

-Гуравдугаар сараас “Star tv” гэдэг сувгаар гарч эхэлнэ. Монголд гардаггүй суваг байсан.

-Зураг авалт нь аль улсад болж байгаа вэ. Хэр удаан үргэлжилдэг шоу юм бол. Та нарт хориглосон зүйл байдаг уу?

-Зураг авалт Сингапур улсад болсон. Яг нэвтрүүлэг нь цацагдаж эхлээгүй болохоор одоо болтол ярьж болохгүй зүйл олон байна. Анх мэдээлэл дотроосоо алдагдаж том асуудал гарсан. Олон сэтгүүлчээс асуулт ирээд их хэцүү байлаа. Их хатуу гэрээ байгуулсан байгаа.

-Шоуныхан ямар хэлээр ярилцаж байна. Та ер нь хэдэн хэлтэй вэ?

-Англи хэлээр ярилцаж байгаа. Ууган герман хэлтэй. Солонгосоор бас жаахан ярьчихдаг.

-Багадаа Германд байсан байх аа. Арван жилээ хаана төгссөн бэ?

-Бага насаа Германд өнгөрүүлсэн. Харин Монголд дунд сургуулиа төгссөн л дөө. Нэгдүгээр сургуульд сурч байсан юм. Дунд сургуулиа төгсөөд Герман явна гэж шийдсэн учраас герман хэлний “Гёте” сургууль руу шилжиж DSD буюу герман хэлний шалгалтад бэлтгэж эхэлсэн юм л даа. Тэндээ сургуулиа төгссөн.

-Их сургууль хаана төгссөн бэ. Ямар мэргэжил эзэмшив?

-Их сургуулиа Берлин хотын Maggie.B сургуулийг makeup artist stylist мэргэжлээр дүүргэсэн.

-Загвар өмсөгч болно гэхэд гэрийнхэн тань дэмжсэн үү. Өөр мэргэжилтэй болохсон гэж боддог байв уу?

-Манай гэрийнхэн бүгд номын улс байдаг юм. Эхэндээ ч дэмжээгүй л дээ. Берлин хотод очоод загвар өмсөж эхэлсэн юм. Берлиний загварын долоо хоногт оролцох үеэс дэмжиж эхэлсэн. Намайг зан ааш эвдэрч, замаа алдана гэж бодсон юм шиг байна лээ. Ажил амьдралаа ялгаж салгаад яг л байдгаараа үлдэж чадсан болохоор одоо ямар ч асуудалгүй. Харин ч намайг дэмждэг болсон.

-Тайзан дээр гарсан анхны сэтгэгдэл ямар байв. Сандрал их байсан байх даа?

-Анх “Торго 2009”-д тайзан дээр гарч үзсэн. Тийм болоод ч тэр үү одоо хүртэл торгын тайзан дээр маш их сандардаг. Хэн нэгэн намайг шүүж байна гэж бодохоор хамгийн анхны тайз юм шиг их сандардаг. Хүн бүр өөр байх л даа. Яалт ч үгүй миний сул талуудын нэг юм даа.

-Нийгмийн идэвх сайтай юм шиг санагдсан. Баллет, хийл хөгжмөөр хичээллээд зогсохгүй усанд чадварлаг сэлдэг гэж сонсож байлаа?

-Баллетаар Германд байхдаа хичээллэж байсан. Хийл хөгжмөөр Монголд буцаж ирээд хичээллэж байсан. Дөрвөн настайгаасаа өдөр бүр бассейнд явдаг байлаа. Одоо энэ хэдээс тодорхой чадвар үлдсэн болохоос тийм ч мундаг байхаа больсон.

-Өөрийнхөө үсийг хэсэг байж байгаад л өөрчилсөн харагдах юм. Саяхан цагаан үстэй болчихсон байсан?

-Гаднах төрхөө өөрчлөх бол миний байнга хийдэг зүйл. Нэг хэвийн байхаар бухимдаад байдаг юм. Нэг хэвэндээ удах тусам хуучраад байгаа юм шиг сэтгэгдэл төрж дотроосоо гундаад байдаг. Би ямар нэг юмаа өөрчлөхдөө гэр бүл, найз нөхдөөсөө ч асуудаггүй мөртлөө агентлагтайгаа бол заавал ярилцдаг. Би уг нь үсээ нэг талыг нь хусаад, бүр халимаг болгож тайрахыг хүссэн юм. Харин агентлаг маань зөвшөөрөөгүй. Тэгвэл цагаан саарал болгоно шүү гэхэд зөвшөөрч, шууд л үсчин орсон.

-Шивээс сонирхдог гэсэн. Өөрт чинь хийлгэсэн шивээс бий юу?

-Байгаа. Би дөрвөн шивээстэй. Шивээс бол миний хувьд урлаг. Бусад хүмүүс юу гэж хардгийг мэдэхгүй байна.

-Загвар өмсөгчийн хувьд төгс нүүр царайтайд тооцогддог. Загвар өмсөж байхдаа мөн зураг авахуулж байхдаа түүнийгээ харцаараа илэрхийлж гаргах уу. Арай ялгаатай байдаг уу?

-Харцаараа, хөдөлгөөнөөрөө. Ер нь тухайн үеэсээ шалтгаална даа.

-Герман, Сингапурт загварын агентлагт ажилладаг гэсэн. Хэдэн жилийн гэрээтэй вэ?

-Гэрээ маань хязгааргүй. Намайг яаж ажилладгийг мэддэг болохоор миний хувьд гэрээ маань хязгааргүй. Агентлагийнхантайгаа бүгдтэй нь дотно найзууд болохоор очно гэдгээ мэдэгдэхэд л болдог юм.

-Загвар өмсөгч Сүбээдэйтэй дотно байсан ч ажлынхаа шаардлагаар салсан байдаг. Салсан ч найз хэвээрээ байсан. Түүнд харамсалтай хэрэг тохиоход хэр эмзгээр хүлээж авсан бэ?

-Үнэндээ хүмүүс бүх амьдралыг фэйсбүүк, инстаграммаар төсөөлдгийг мэдээд гунигтай санагдсан. Хүмүүс намайг өөрийнхөө цахим ертөнцөд их нээлттэй байдаг гэж боддог юм шиг байна лээ. Үнэндээ би амьдралынхаа таваас илүү хувийг тавьдаггүй.Тухайн үед нэг инээсэн зураг тавьчихсан чинь их жаргалтай байна аа гээд дайрсан. Одоо хүртэл их хэцүү байдаг. Хааяа зүүдэнд орж ирдэг. Тэр таагүй мэдээг сонсоод маргааш нь гэрт нь ах, хамаатан садан, найз бүсгүй дээр нь очсон. Гаргахад нь ч хамт байлцсан. Зөндөө уйлсан. Сэтгэлээ засах гэж улам завгүй байж, тэр талаар огт бодохгүйг хичээж байсан. Үнэндээ хүмүүс харамссанаа илэрхийлж над руу юм бичих болгонд үнэхээр уур хүрч больчихоосой гэж бодсон шүү. Би тэр талаар бодохыг ч, ярихыг ч хүсээгүй. Цаг хугацаа сэтгэл зүрхийг заавал эдгээдэг гэдэгт итгэдэг. Нэгэнт өөрчлөх аргагүй зүйлийг аль болох бодохгүй, ярихгүй байхад цаг хугацаа илүү хурдан өнгөрдгийг ойлгосон. Ер нь би одоо ч энэ талаар ярих дургуй. Гэхдээ цахим ертөнцөөр бүх амьдралыг төсөөлдөг хүмүүст хариулт өгөх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа.

-Тухайн үедээ хоёулаа ажил, мэргэжилдээ үнэнч юм шиг санагдаж байлаа?

-Тийм ээ, их үнэнч байсан. Залуу хүмүүст маш том боломж байгаа гэдгийг мэддэг байсан.

-Эрдэнэцогттой гэр бүл болж загварын “Төгс хос” гэгддэг байсан. Сүйн бөгжөө онгоцонд солилцож байсан гэдэг. Тухайн үеэ дурсан яриач. Одоо аав нь охинтойгоо уулздаг уу?

-Эрдэнэцогттой холбоотой ямар ч асуултад хариулахгүй. Бид хоёр хоорондох асуудлаа ахиж олонд ил болгохгүй гэсэн шийдвэрт хүрч ярилцсан. Хүмүүс яагаад тэгж их мэдэх гээд сонирхоод байдгийг ойлгодоггүй.

-Охин нь хэр том болж байна. Ээж шигээ загвар өмсөгч болно гэх байх даа. Охиныг нь хэн хардаг вэ?

-Охиныг маань ээж, эмээ, өвөө, дүү нар маань хардаг. Сая намраас цэцэрлэгт явж эхэлсэн. Том болоод мундаг биеэ дааж байгаа. Том болоод өөрөө ямар мэргэжилтэй болохоо шийдэх байх. Охиныхоо өмнөөс амьдралд нь оролцож шийдвэр гаргахгүй. Манай гэрийнхэн намайг эрс хориглосон бол би өдийд хийх дуртай зүйлээ олоогүй, өөртөө итгэлгүй, жаргалгүй хүн байх байсан шүү дээ. Тийм болохоор охиныхоо хүслийг сонгоно доо. Мэдээж хүмүүжлийн тал дээр хатуу анхаарна.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Ээж, эмээ, өвөө, дүү, миний охин болоод Лили гээд нохойтойгоо амьдардаг. Лили маань 13 жил хамт байсан болохоор гэр бүлийн маань нэг гишүүн. Ээж маань улс төрийн хүн. Эмээ маань насаараа багшилсан. Өвөө маань насаа гуравдугаар цахилгаан станцын дарга явсан. Дүү одоо Солонгост суралцаж байгаа.

-Амьдралдаа том зорилго тавьдаг байх. Зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач. Мөн ямар үзэл бодолтой хүн бэ?

-Мэдээж зорилго тавилгүй яахав. Ер нь амьдралын зорилгыг амьдралын утга учир гэж боддог. Гэхдээ би ярих дургүй. Би урдах амьдралаа харж хүний хэрэгт хошуу дүрэхгүй амьдардаг хүн. Гэр бүлээ дээдэлж, ажлаа хүндэлнэ. Санаа зөв бол заяа зөв гэдэг үгэнд дуртай.

-Цахим ертөнцөд хэр идэвхтэй вэ?

-Хүмүүс ер нь мэддэггүй байх. Модел хүний хувьд цахим ертөнцөд идэвхтэй байх нь мэргэжлийнх нэг хэсэг. Агентлагаас маань идэвхтэй байхыг даалгадаг. Олон дагагчтай байх нь чухал. Олон дагагчтай байвал хамтарч ажиллаж байгаа брэндүүд зургаа цахим ертөнцөд тавиулах гэж цалингаа нэмдэг. Саяхан Gigi Hadid гэдэг моделийн талаар харлаа. Хамтарч ажилладаг брэндүүдийн хагасаас илүү нь зөвхөн цахим ертөнцөөр идэвхтэй олон дагагчтай учраас хамтарч ажилладаг талаар ярьж байна лээ. Kendall Jenner-ийн хувьд ч мөн адил. Тийм болохоор тодорхой хэмжээгээр идэвхтэй байж цахим ертөнц дээрээ бүх зүйлээ гэгээлэг байлгах нь миний ажлын нэг хэсэг. Kendall Jenner, Gigi Hadid гэх моделууд цахим ертөнцөд брэндийн зураг авалтад орохгүй ямар нэг бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа нэг зурвасыг 125000 доллараар оруулдаг юм байна лээ.

-Ер нь та хэдэн загварын агентлагт ажиллаж байсан бэ?

-Гэрээтэй байсан нь тав юм байна.

-Загвар өмсөгч Сэлэнгэтэй таарамжгүй харьцаатай юм шиг харагддаг. Нэг нэвтрүүлгээр өөр рүү чинь их дайрсан байдаг. Яагаад тэгсэн юм бол?

-Би тэр хүнийг ойлгодоггүй юм. Сингапурт нэг л ажил дээр хамт ажилласан. Тэр үед мэндийн зөрүүтэй, нэг их ч юм ярьдаггүй байсан. Дараа нь яасан юм бүү мэд, янз бүрийн юм хэлж байсан. Найзтай маань дайралдаад “Төгсөө нээрээ сайн уу, нэг уулзах юмсан. Би нэг хүнтэй танилцуулдаг юм уу гэж бодож байгаа” гээд л ярьсан байна лээ. Тэр хүний толгойд яг юу эргэлддэгийг мэдэхгүй юм.

-Загварынхан өрсөлдөөн ихтэй гэдэг. Монголдоо карьер хөөх хэцүү юу. Гадаадад арай өөр байдаг байх даа. Тогтолцооны хувьд ямар байдаг талаар сонирхуулаач?

-Монголдоо ажиллахад гэртээ байгаа юм чинь их гоё байдаг. Гэхдээ моделийн ажил нэг улсаас нөгөө улс руу аялах дээр тогтдог. Парист өсөж төрсөн модел хүртэл бусад Европын орон болоод Ази, Америк гээд л явж өгдөг. Ажлын маань хэцүү мөртлөө гоё хэсгүүдийн нэг.

-”Asia’s next top model” шоунд тань амжилт хүсье. Амжилттай оролцоорой.

-Маш их баярлалаа. Бүх уншигчид маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Баабарын “Задралын өмнөх Орос орон” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн шинэ дугаараас тоймлон, онцлох ярилцлага, нийтлэл, мэдээллээс хүргэж байна.

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-ны өдөр эхлэн хуралдах ёстой байсан билээ. Тэгвэл ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар нээлтээ хийж чадаагүй байна. МАН-ын бүлгийнхнийг бойкот хийж ирц бүрдүүлэхгүй байна гэсэн асуудал гараад байгаа юм. Энэ асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нараас ярилцлага авч хоёр намын байр суурийг өнөөдрийн дугаартаа хүргэж байна. Тэдний ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай

Манай улсын нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаар статистик мэдээллийнг Улсын бүртгэл, статистикийн газраас өчигдөр танилцуулсан билээ. Өнгөрсөн сарын байлаар эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай байсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэг, 11 дүгээр нүүрээс унших боломтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Задралын өмнөх Орос орон” нийтлэл хэвлэгдэн гарлаа.

Харин дөрөвдүгээр нүүрт МУИС-ийн багш, доктор Мөнхцэцэгтэй хийсэн ярилцлага гарч байна. “Одоогийн их хурлын гишүүд, дээр нь аймгийн засаг дарга нар л дахин сонгогдох магадлалтай хэмээн тэрээр рилцлагадаа онцолсон байна.

Өнгөрсөн оны өмнө Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүү эмнэлэгт ухаангүй хүргэгдэн улмаар амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэгт түүний аавыг сэжигтнээр татан цагдан хориод байгаа юм. Эх сурвалжууд хэрэгт цагдаа нар буруутай тухай өгүүлж буй. Тэгвэл Өвөрхангай амйгийн цагдаагийн дарга Б.Батзаяа манай сонины өнөөдрийн дугаарт ярилцлага өгч, “Сурагчийг цагдаагийн албан хаагч зодож цохиогүй болох нь баримтуудаар тогтоогдож байгаа” хэмээв. Энэ тухай зургадугаар нүүрээс дэлгэрэнгүй уншина уу.

Нийгэмд гарсан ноцтой хэргүүдийг дэлгэж байдаг Баримт, үйл явдал булан буюу долдугаар нүүрт Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зодсон тухай мэдээлэл гарлаа. Зодуулсан эмэгтэйн биеийн байдал тааруу байгаа аж. Юуны учир ийм хэрэг болсныг долдугаар нүүрээ уншаарай.

“Өөрөөс нь …” буланд Зүү хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажавын “Сүсэглэж буй зүйлийнхээ утга чанарыг сайн ойлгохын төлөө хичээх жил” хэмээх ярилцлага хэвлэгдлээ. Ярилцлагыг 13 дугаар нүүрт гаргалаа.

Эдгээр болон “Эдийн засаг”, “Шинжлэх ухаан”, “Хүмүүс, хувь тавилан, “Цаг үе, үйл явдал”, “Сонгодог урлаг” зэрэг олон сонирхолтой мэдээлэл ярилцлага бүхий булангууд өннөөдрийн дугаарт гарав.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

АТГ Н.Энхбаярын ашиг сонирхлын мэдүүлгийг хянаж, хариуг хүргүүлжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилоход хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулахаар Засгийн газар Авлигатай тэмцэх газарт албан тоот хүргүүлсэн. Өнөөдөр АТГ-аас Засгийн газарт хариу мэдээллийг хүргүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Н.Энхбаярыг Шадар сайдын албанд томилоход ашиг сонирхлын зөрчилтэй тул тохирохгүй гэж дүгнэсэн байна.

АТГ өөрийн цахим хуудастаа мэдээлэхдээ “Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд, хариуг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв” гэжээ.