Categories
гадаад мэдээ

Австри дүрвэгсдийн өдөр тутмын квотыг тогтоожээ

Итали, Словени, Унгарын хил дээр Австри дүрвэгсдийн өдөр тутмын квотыг тогтоожээ. Энэ тухай тус орны ДХЯ-ны сайтад өгүүлэв.

“Европын холбооны гадаад хил хязгаарыг хамгаалах арга хэмжээг авах хүртэл бид бие даан ажиллахаас өөр аргагүй” гэж Австрийн Дотоод хэргийн сайд Йоханна Микль-Ляйтнер тайлбарлав. Мөн тэрээр тодорхой тоог Словенийн засаг захиргаатай тохиролцон тогтооно гэв.

Өнгөрсөн онд Австрийн нутгаар 700 мянган дүрвэгч дайран өнгөрснөөс 90 мянга нь тус орноос орогнол гуйжээ. Энэ оны эхээр 37,5 мянган хүнд орогнол олгохоор Вена шийдсэн байв.

Одоо үндэсний хилийн хамгаалалт, хяналтыг Норвеги, Швед, Дани, Герман, Франц, Мальта, Австри хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ цонхоор шидэхийг завдсан эцгийн хэргийг прокурорт шилжүүллээ

Өнгөрөгч онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхэддээ хутга тулгаж, цонхоор шидэхийг завдсан хэргийн мөрдөн байцаалт дуусч хавтаст хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Хэргийг сануулбал, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны тоот байрны 280 тоотод суух 27 настай эрэгтэй Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжин хоёр болон зургаан насны хүүхдээ есөн давхрын цонхоор шидэхийг завсан юм. Үүнийг харсан хөршүүд нь мэдэээлэл өгч ОБЕГ болон цагдаагийн алба хаагчид хэргийн газар ажиллаж цонхыг хагалан орж хүүхдүүдийн амь насыг аварсан. Харин сэжигтэн Б алба хаагчдыг эсэргүүцэн өөрийн төрсөн хүү хоёр настай Б-д хутга тулгаж сүрдүүлсэн байдаг. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан юм. Шүүхээс дээрх этгээдийн гэм буруутайг тогтоовол Эрүүгийн хуулийн 181.2 үндэслэлээр гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болно

Оюуны их спорт шатрыг спорт сонирхогч хүүхдүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцох нөхцөл бололцоог дэмжих зорилгоор өсвөрийн шатрын аварга шалгаруулах “Хавар 2016 Опен” уралдаан зарлалаа.

Тус тэмцээн нь 8, 9-10, 11 дээш гэсэн гурван насны ангиллаар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-ны спорт зааланд зохион байгуулагдах бөгөөд тэмцээний бүртгэл хоёр дугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Уран нүүдэл” шатрын клубт явагдаж эхлээд байна. Эхний найман байрыг шалгаруулж, шагнаж урамшуулах юм байна. Өсвөрийн тамирчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Шагналын сан:

1-р байр алтан медаль, өргөмжлөл – 250,000 төгрөг

2-р байр мөнгөн медаль, өргөмжлөл – 230,000 төгрөг

3-р байр хүрэл медаль, өргөмжлөл – 200,000 төгрөг

4-р байр тусгай, өргөмжлөл – 150,000 төгрөг

5-р байр тусгай, өргөмжлөл – 120,000 төгрөг

6-р байр тусгай, өргөмжлөл – 100,000 төгрөг

7-р байр тусгай, өргөмжлөл – 80,000 төгрөг

4-р байр тусгай, өргөмжлөл – 60,000 төгрөг байх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Амарсанааг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ

Маргааш УИХ-ын ээлжит бус чуулганыг нээнэ. Чуулганы нээлтийн дараа ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэхээр төлөвлөжээ.

ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа дуусгавар болж байгаа юм. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д болно. Хурлаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэргийг хэлэлцэх юм.

Мөн Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулганыг хуралдуулахыг шаардав

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав, Монголын Дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-ын ээлжит бус чуулган цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай байна гэлээ. Учир нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах тухай хуулийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх аж. Гэвч МАН-ын гишүүд хуралдаа суугаагүйгээс УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт энэ сарын 18-нд болж хойшлогдсон. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд дээрх хууль нэг хоногийн өмнө ч болов хэрэгжих нь чухал байгаагаа илэрхийллээ.

“Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулиа хурдан хэрэгжээсэй гэж хүсч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нэг өдрийн өмнө ч болсон эрхээ хамгаалуулах нь чухал. Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадсангүй. Ийм чухал асуудлуудыг хойш нь тавиад хуралдаа суухгүй байгаа гишүүдэд харамсаж байна. УИХ-ын гишүүдээ та бүхэн хуралдаа суугаач ээ” хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ-д хөдөлмөрийн өдөрлөг ирэх сард зохиогдоно

Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн монголчуудыг Монголдоо ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангах чиглэлээр Залуучуудын хөдөлмөрийн төв бирж тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Тус байгууллага энэ удаа АНУ-д суралцаж буй монгол оюутан залуусын санаачилгаар жил бүр зохиодог Хөдөлмөрийн яармагт оролцох аж. Уг өдөрлөгийг энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. АНУ-ын Сан-Франциско хотод ирэх сарын 18-20-ны хооронд болох энэ үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг 10, Монгол улс дахь 20 аж ахуйн нэгж оролцох юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ХОМ-ийн тайланг гуравдугаар сард зарлана

Улсын хэмжээнд Хөрөнгө, орлогын мэдүүлэг хүлээн авах ажлыг энэ сарын 15-ны өдөр албан ёсоор дуусгасан. Урьдчилсан дүнгээр төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн дүнгээр 39940 мэдүүлэг гаргагч 2015 оны мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлсэн бөгөөд энэ нь нийт бүртгүүлэх ёстой албан хаагчдын 99.7 хувь юм.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 269 албан тушаалтан бүгд буюу 100 хувь бүртгүүлжээ. Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан зарим төрийн байгууллагад халаа сэлгээ ихээхэн хийгдсэн. Авлигын эсрэг хуулийн дагуу холбогдох төрийн байгууллагууд хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээг ирүүлэх үүрэгтэй бөгөөд албан ёсны дүн мэдээг ирэх гуравдугаар сарын нэгний өдөр улсын хэмжээнд гаргана.

Categories
мэдээ нийгэм

Жолооны “шар” үнэмлэхийг зайлшгүй солих шаардлагатай

2006 оноос өмнө жолооч болсон иргэдэд жолоодох эрхийн шар үнэмлэхийг олгож байсан. Тэгвэл тус үнэмлэхийг зайлшгүй солих хэрэгтэй аж. Гэхдээ зарим иргэдийн дунд “шар” үнэмлэхтэй жолоочдыг торгож байна гэх яриа худал хэмээн ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга П.Эрдэнэбат хэллээ.

Түүнчлэн тэрбээр “Жолооч нартаа анхааруулж хэлэхэд хуучин шар үнэмлэхээ зайлшгүй солих хэрэгтэй. Хэдийгээр хуучин үнэмлэхтэй жолоочийг торгох эрх ЗЦГ-т байхгүй ч, торгохгүй гээд хуучин үнэмлэхтэйгээ яваад байж болохгүй. Тиймээс Лицензийн төвд өөрийн биеэр ирж, аль эсвэл банкны дансанд гүйлгээ хийнэ захиалгаа өгөх ёстой. Өөрийн биеэр ирэх бол иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгал, шар үнэмлэхийг хуулбар, мөнгө тушаасан баримтаа авчирна. Харин дансаар харьцах бол Төрийн сан банкны 900012408 дансанд 12500 төгрөг тушаах ёстой. Ингэхдээ гүйлгээний утганд үнэмлэхний мөнгө хэмээн бичээд баримтаа авна” гэсэн юм.

Хуучин үнэмлэхээ солих жолоочдын шинэ үнэмлэх ажлын долоо хоногт багтан гарах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Энхбат өршөөлийн хуульд хамрагдан суллагджээ

Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат өршөөлийн хуулиар суллагдсан байна.

Тэрээр Хяналт шалгалт, аргазүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарын дуулиант хэргийн нэг холбогдогч хэмээн ял эдэлж байсан юм. Д.Энхбатыг хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, татварын байгууллагад хохирол учруулсан хэрэгт хамжигчаар оролцсон, татвар ногдох орлого, эд хөрөнгөө нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутайд тооцож, 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял шийтгэсэн байсан.

Түүний хэргийн зарим үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан учир ийнхүү суллагдсан аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2028 төгрөг хүрэв

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад нэг ам.долларыг зарах ханш 2028 төгрөг байна. Сүүлийн нэг сарын хугацаанд долларын ханш огцом өссөөр ийн 2028 төгрөгт хүрлээ.

“Өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотой. Цаашид ч мөнгөний бодлогоо алгуур хатууруулж болзошгүй байгаа. Энэ нь ам.долларын ханшийг дэлхийн бусад валютын эсрэг чангарахад хамгийн их нөлөөлж буй. Мөн дэлхийн томоохон худалдан авагч Хятад улсын эдийн засгийн өсөлт саарсан нь түүхий эдийн үнийн уналтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын зүг чигийг өөрчилсөн” гэж Төв банк тайлбарласан юм.

Эдийн засагчдын зүгээс Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаагүй учир ам.долларын ханш ийнхүү өссөн хэвээр байх болно гэж үзэж байгаа. Энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөг байхаар тооцсон билээ.