Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Сайдын зөвлөх Л.Цээсүрэн, Үл хөдлөх хөрөнгө, зах зээл, гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Бурмаа, ахлах мэргэжилтэн А.Лхамсэржид нар оролцжээ.

Уулзалтын үеэр Талууд хоёр орны түүхэн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэн барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд З.Баянсэлэнгэ барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлууд болох Барилгын тухай хуулийн шинчилсэн найруулгын төслийг батлуулсан, ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувь болгож бууруулах, малчдын өвөлжөөний газрын кадастрын зургийг хийлгэх, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж 1029 айлыг хамруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Элчин сайд Герхард Тийдеманн манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа Засгийн газрын болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа улам эрчимжиж байгааг тэмдэглэн, сайд З.Баянсэлэнгийн ХБНГУ-ын Заксон Анхальт муж улсад хийсэн айлчлал нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг онцлож, сайдын эхлүүлсэн ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Элчин сайдын зүгээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд дэмжлэг үзүүлж ирсэн цаашид ч дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийсэн талаар БХБ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

30 зүйлийн шумуул бүртгэгджээ

Өнгөрсөн оны тавдугаар сард бүртгэгдсэн Зика вируст халдвар дэлхийн 28 улсад эрчимтэй тархсаар байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хороо 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр хуралдан энэ талаар хэлэлцэж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн хэмээн үзэж, гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлжээ. Зика вирусийн халдвар жирэмсэн эхээс урагт хэрхэн халддаг талаар нарийн судлаагүй ч гол төлөв шумууланд хазуулж, мөн цус, бэлгийн замаар дамждаг байж болзошгүй гэж үзэж байна.

Манай улсад Aedes, Anopheles, Culex, Culiseta гэсэн дөрвөн төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдсэнээс Денгийн чичрэг, шар чичрэг, Чикингуния, Зика вируст халдвар дамжуулдаг Aedes төрөл нь ихэнх нутгаар тархсан байдаг.

Зика вирусийн халдвар авсан хүмүүсийн 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрдэг байна. Шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин, үе мөч өвдөх шинж 2-7 хоног үргэлжилдэг. Гол төлөв жирэмсэн эхээс амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй нярай төрж, өвчтөнүүдэд мэдрэлийн эмгэг үүсгэдэг байна. Иймээс Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнууддаа хандсан мэдэгдэл, энэ дагуу хийж хэрэгжүүлэх ажлын талаархи зөвлөмжийг Эрүүл мэнд, спортын яамнаас Зоонозын болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бусад холбогдох байгууллагад хүргүүлжээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Бор-Өндөр” 175 мянган тонн жоншны хүдэр боловсруулна

Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмэт” ХХК-ийн харьяа “Бор өндөр” баяжуулах үйлдвэр нь энэ онд далд уурхайгаас 130 мянган тонн жоншны хүдэр, ил уурхайгаас 45 мянган тонн хайлуур жоншны хүдэр олборлох зорилт тавьжээ.

Сүүлийн хоёр жил дараалан дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан нь тус үйлдвэрийн экспортын орлогод нөлөөлж буй аж. Гэхдээ уг үйлдвэр нь өнгөрсөн онд далд уурхайгаас 114.7 мянган тонн хайлуур жоншны хүдэр, ил уурхайгаас 33.6 мянган тонн хайлуур жоншны хүдэр олборлон үйлдвэрлэлд оруулж баяжуулан ОХУ, БНХАУ-руу тус бүр экспортолжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны төлбөрийн татварын баримтаа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс авна

УБЦТС ТӨХК нь Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон салбар кассуудаар төлбөрөө төлсөн хэрэглэгчдэдээ энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын удирдах систем /НӨАТУС/-ийн баримтыг хэвлэн өгч байгаагаас гадна цахилгаан эрчим хүчний цахим үйлчилгээ http://my.tog.mn-ээр төлбөрөө хийсэн тохиолдолд баримтыг илгээж байгаа билээ.

Харин арилжааны банкууд НӨАТУС-ийн баримт хэвлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор Төрийн банк цахилгааны төлбөрөө төлсөн харилцагчдадаа баримтыг хэвлэн өгч байна. Тиймээс бусад банкаар цахилгааны төлбөрөө төлсөн хэрэглэгчид УБЦТС ТӨХК-ийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөсөө НӨАТУС-ийн баримтаа авах боломжтой юм.

Энэхүү баримт нь зөвхөн тухайн сардаа л гарах ба өмнөх сарын баримтыг нөхөж олгохгүйг анхаарна уу.

Categories
мэдээ спорт

Хаврын уралдааны товыг зарлаж эхэллээ

Хаврын морин уралдааны тов эхнээсээ гарч байна. Албан ёсоор зарлаагүй зарим уралдаан шинийн гурванаас эхэлсэн. Одоогийн байдлаар энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд тус аймгийн баруун бүс, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд мөн өөрийн аймгийн баруун бүс, Биндэр суманд хойд бүс, Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах “Жавхлант шарга”-ын уралдаан, Орхон аймагт “Алдартнуудын баяр” наадам болно.

Түүнчлэн энэ сарын 22-нд Архангай аймгийн Өлзийт суманд “Алтан зуу”-гийн, 28-нд Цагаанхөтөлд “Дүнжингарав” хаврын бүс, Хэнтий аймгийн Галшар суманд тус аймгийн өмнөд бүс, гуравдугаар сарын 1-нд Хэнтий аймгийн “Сэцэнханы хурд”, 5-нд Өвөрхангайд хаврын бүс, 6-нд Орхон аймагт дээд гурван насны уралдаан тус бүр болно.

Categories
мэдээ нийгэм

Газрын үнэлгээг тогтоох журам гарчээ

Барилга, хот байгуулалтын яамаас газрын үнэлгээг тогтоох журмыг шинэчилжээ. Үүнд төв суурингийн нутаг дэвсгэрийг ерөнхий таван бүсэд хувааж, бүс өсөх тусмаа үнэ нь буурдаг байдлаар зохицуулсан байна. Хуучин бүсчилж үнэ тогтоодог байсан ч нэгдүгээр бүсийн төгсгөл, хоёдугаар бүсийн эхлэл газрын үнээс бага байсан аж. Түүнчлэн орон нутагт ч мөн адил хуваасан ч нэгдүгээр бүсийг дотор нь дэд бүсүүдэд хувааж газрын үнийг тогтоох юм байна.

Categories
гадаад мэдээ

Ухаалаг утаснаас нүдний хорт хавдар үүсдэг

БНХАУ-ын 40 настай нэгэн залуу хэдхэн хоногийн өмнө нүдний хорт хавдраар өвчилж, нас баржээ. Өвчний гол шалтгаан нь шөнийн цагаар ухаалаг утсыг удаан хэрэглэсэнтэй холбоотой гэсэн эмчийн дүгнэлт гарчээ. Сүүлийн үед дундад Азид нүдний хорт хавдраар өвчлөгсдийн нас залуужиж байгаа бөгөөд түүний гол шалтгаан нь ухаалаг утас, таблет, телевизийг харанхуйд хэт удаан үзсэнээс үүдэлтэй гэнэ. Манай улсын залчуучууд сүүлийн үед дээрх зүйлсийг байнга хэрэглэж байгаа болохоор нэгийг бодоход илүүдэхгүй болов уу. Эцэг, эхчүүд ч хүүхдүүддээ гар утас, таблетаа өгч тоглуулахгүй байхыг хичээгээрэй.

Categories
мэдээ нийгэм

Н.Айшолпан охиныг фэйсбүүкийн “Хүчирхэг охид” хуудсанд онцолжээ

Баян-Өлгий аймгийн “13 настай бүргэдчин” хэмээх Н.Айшолпан өнгөрөгч сард “The Eagle Huntress” киноныхоо нээлтэд оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүний тоглосон киног Холливудын одод сурталчилж, охины нэр хүнд дэлхий дахинаа хурдацтай өсч байна. Тэгвэл энэ удаад фэйсбүүкийн хамгийн олон хандалттай “Хүчирхэг охид” хуудсанд Н.Айшолпан охины талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарчээ. Энэхүү хуудсын хувьд өдөр бүр хүчирхэг эмэгтэйчүүд, амжилттай яваа охидын талаар өгүүлдэг юм. Охины өмнө Грэммийн наадмаас хэд хэдэн шагналыг хүртэж, шилдгийн шилдэг болсон Тэйлор Свифтийг онцолсон бол өнөөдөр Монгол охиныг магтан бичжээ.

Нийтлэлд “13-хан настай хэрнээ эрчүүдийн хийдэг зүйлийг хийж, бүргэд сургадаг Монголын цорын ганц алдартай охин” хэмээн онцлон бичээд бүргэдчин болсон талаарх сонирхолтой баримтыг дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гааль, татвараас 147 хүнийг цомхотгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэгдсэн ГЕГ болон ТЕГ нэгдэн ажиллахаар болсон. Түүнчлэн 3.6 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг Улсын их хурал хийсэн. Улмаар энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гааль, Татварын ерөнхий газрын даргаар Сангийн яамны дэд сайд асан С.Пүрэвийг албан ёсоор томилсон юм. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Гаалийнхан Монгол гуравдугаар сургуулийн байраа суллаж, хуучин Татварын ерөнхий газрын төв байрт шилжин ирсэн билээ. Хоёр байгууллага нэгдэж, нэг барилга, нэг бүтэц зохион байгуулалтад орж дууссан байна. Одоо зөвхөн Сангийн яамнаас баталсан орон тоогоор ажиллах ёстой болжээ. Энэ нь 147 хүнийг албан үүргээс нь чөлөөлөх эсвэл дотооддоо тохиролцож цалингийн хувиа бууруулж, дээрээс баталсан цалингийн фондод тохируулан ажиллах гэсэн хоёр сонголт тулгарчээ. Гааль, татварын ерөнхий газрын удирдлагууд аль болох төрийн албан хаагч, гааль, татварын байцаагчаа цомхотгохгүй зөвхөн аж ахуйн салбарт буюу арын албанд ажилладаг галч, жижүүр, сантехникч зэрэг нэг ажлыг давхардан хийх ажилчдаасаа явуулахаар тооцжээ.

Эрхзүйн шинэчлэлтийг дагаад улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө бүрдүүлдэг хоёр төрийн байгууллага нэгдсэнээр төрийн тогтолцооны шинэ хувилбар болж, татварын орлого нэг газарт төвлөрдөг болох гэнэ. Мөн татварын орлогын гүйцэтгэл, төлөвлөлт нэг хяналт дор ойлгомжтой болно зэрэг эерэг өөрчлөлт ихээр гарах боломж бүрдсэнийг гааль, татварынхан онцоллоо. Нэг бэрхшээлтэй зүйл нь хоёр байгууллага нэг барилгад нэгдсэн нь төрийн албан хаагч суух ажлын байрны стандартад зөрчигдөж, шахцалдах болжээ. Гаалийн байгууллагын Монгол гуравдугаар сургуулийн урд байрлах хуучин байр Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдэлд шилжиж, нийслэлийн Давж заалдах, Анхан шатны хоёр шүүх нүүн орсон байна. Өөр татвар, гаалийн барилгыг хувьчилж, түрээслэхгүй гэдгийг Гааль, Татварын ерөнхий газрын дэд дарга Даваасүрэн ярилаа. Нэгдээд хоёр орчим сарын хугацааг ардаа орхисон тус байгууллага нэгдүгээр сард төвлөрүүлэх орлогоо 400 сая төгрөгөөр давуулжээ. Хуучин гаалийн байгууллага гаалийн таван хувийн татвар , Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг өөртөө бүрдүүлж, улсын төсөвт төвлөрүүлдэг байсан юм. Одоо бол дээрх бүх татвар нэг гараар дамжиж, нэг газар төвлөрөхөөр болж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

39 мянган хүн ХОМ-ээ өгчээ

Авлигатай тэмцэх газар
албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг
бүртгэх, хүлээн авах хянах үйл ажилалгаа улсын хэмжээнд зохион байгуулсан. Нэгдүгээр
сарын 1-нээс энэ сарын 15-ны өдрийг хүртэл ХОМ-ийг авсан бөгөөд дүн нь гарсан
байна. Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас
мэдүүлэг ирүүлсэн бөгөөд 39940 мэдүүлэг гаргагч 2015 оны мэдүүлгээ
шинэчлэн бүртгүүлжээ. Энэ нь 99.7 хувьтай байна.

Харин Авлигатай тэмцэх
газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа
адилтгах 269 албан тушаалтан бүгд буюу 100 хувь
бүртгүүлжээ. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт
заасны дагуу холбогдох төрийн байгууллагууд энэ сарын 15-ны өдрөөс хойш 14
хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээг ирүүлэх үүрэгтэй байдаг.
Тиймээс ирэх сарын 1-ний өдөр улсын хэмжээнд албан ёсны дүн мэдээг гаргах аж.