Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар “Кармен” дуурьт тоглоно

ОХУ-ын Марийнский театрын гоцлооч, МУГЖ Г.Ариунбаатар алдарт Ж.Бизегийн “Кармен” дуурьт Эскамилогийн дүрийг бүтээхээр болжээ. Тус дуурь энэ сарын 20-нд Санктпетрбург хотын дуурийн театрт тоглогдох юм байна.

Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучнаас ОХУ-ын Марийнский театрын гоцлооч дуучин болсон Г.Ариунбаатар нь Чайковскийн нэрэмжит XV удаагийн олон улсын хөгжмийн наадмын тэргүүн шагналт, гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин юм.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх нарын хэргийг Дээд шүүх хянаж байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн прокуророос Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн хорих ял оноох санал гаргасан байдаг. Улмаар Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.5 жилийн хорих ял оноогоод байгаа. Тиймээс тэрбээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хянуулахаар гомдол гаргаад байгаа. Одоогоор түүний хэргийг хянаж байгаа бөгөөд хурлын товыг гаргаагүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа – 2016” уралдааны нэгдүгээр шат энэ сарын 24-нд болно

Нийслэлээс “Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ сарын 24-нөөс ттус уралдаан эхлдэх юм байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтаас есөн ангийг тодруулж өрсөлдүүлэх юм. Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт тавдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд болно.

Categories
мэдээ нийгэм

Зөвхөн баруун бүсийн аймгуудаас мах экспортлоно

БНХАУ руу мах экспортлох зөвшөөрлийг баруун аймгийн гурван боловсруулах үйлдвэрт өгчээ. Дээрх гурван үйлдвэрийн хувьд 100 хоногт 4000 тонн мах бэлтгэх хүчин чадалтай юм байна. Үйлдвэрүүдийн махыг Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор тээвэрлэхээр тохиролцжээ.

Гэхдээ БНХАУ-аас зөвхөн баруун аймгаас мах авах хатуу шаардлагыг тавьж байгаа юм. Учир нь, зүүн аймгуудад шүлхий тэргүүтэй малын өвчин гардаг учраас ийнхүү шаардлага тавьжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бичин жилд монголчууд попуудаас болгоомжилж чадвал дээшилнэ

Гал бичин жил гарлаа. Хүн бүр л бичин жилдээ улс орноороо, айл хотлоороо, албан байгууллага, хамт олноороо ашиг орлоготой, өөдрөг сайхан байхыг дүгнэн цэгнэж суугаа. Мэдээж том зургаараа Монгол Улсын эдийн засаг ямар байна түүнээс энэ бүхэн шалтгаална. Тэрнээс улс нь урагшлахгүй байхад компани нь өөдрөг өнгөлөг байна гэж байхгүй шүү дээ. Иймд Монгол Улсын эдийн засаг ирж байгаа бичин жилд ямар төлөвтэй байхыг харъя. Эдийн засагчид, шинжээчдийн үзэж байгаагаар Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн олон улсын банкуудтай хийх хэлэлцээр эцэслэгдэж, эдийн засагт бодит үр нөлөө мэдрэгдэж эхлэх үйл явц хамгийн том хүлээлт байх нь. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг Монголын Засгийн газар болон Рио Тинто компани байгуулаад байгаа юм. Энэхүү зээлийг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагаас авна. Нийтдээ 5-7 жил үргэлжлэх далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл 3000 гаруй хүн ажлын байраар хангагдана. Жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүтээж өгөх энэхүү уурхайн бүтээн байгуулалтын мэдээ бүхэн монголчуудад дефолтын айдас, долларын ханшийн хурдтай өсөлт, засаглалын хямралын тухай бодлоос нь салгаж өгч байгаа. Тэгэхээр энэхүү Оюу толгойн төсөл өнөөдөр монголчуудад ямар аминд тулсан ач холбогдолтой, үнэ цэнтэй зүйл болж байгаа нь тодорхой юм. Рио Тинтогоос олон улсад цацаж буй албан мэдээллүүдийн гол утга нь “Монгол дахь Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтын хөгжүүлэлт болон санхүүжилтийн төлөвлөгөөнд Монголын Засгийн газар болон Рио Тинто, Түркүоз Хилл Ресурс гарын үсэг зурснаар томоохон ахиц гарлаа. Төлөвлөгөө хувь эзэмшигчдийн хоорондох хамгийн том маргаантай асуудлуудыг анхааралдаа авч, төслийн санхүүжилтийн талаар нэгдсэн суурь ойлголтуудыг гаргалаа. Далд уурхайг ахиулах шинэ замд талууд санал нэгдсэнээр дараагийн төслийн санхүүжилтийг эцэслэх, боломжит байдлын судалгаа хийх, далд уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бүх зөвшөөрлийг баталгаажуулах зэрэгт фокус шилжиж байна” гэж байгаа юм. Хоёр талын үл ойлголцол, маргаантай асуудлуудаар санал нэгдсэн нь томоохон ахиц мөн гэж ийнхүү дэлхийд зарласан нь монголчууд бичин жилдээ энэхүү аварга төслийнхөө эхний үр шимийг үзэх боломжтой боллоо гэсэн үг.

Үүний дараахь эдийн засгийн ойрын эерэг нөлөөллийг эдийн засагчид УИХ-ын сонгуультай холбон харж байгаа юм. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны зарцуулалт хэрэглээг нэмэгдүүлэх, богино хугацаанд эдийн засгийн идэвхжлийг сэргээнэ гэжээ. Дээр нь бичин жилийн эдийн засгийн төлөв байдалд дараахь хүчин зүйлүүд голлох нөлөө үзүүлнэ хэмээн онцолжээ. Үүнд УИХ-ын сонгууль, Мега төслүүд буюу Оюу толгойн далд уурхайн санхүүжилт, Санхүүгийн салбарын нөхцөл байдал, Барилгын салбар, Гадаад орчин гэжээ. Барилгын салбарт сар шинийн өмнө УИХ-аас найман хувийн зээлийг сэргээснээр мэдэгдэхүйц сэргэлт авчирсан. Үүнийг дагаад банк санхүүгийн салбарт эерэг өөрчлөлт гарч тус салбарын цусны эргэлт сайжрах төлөв рүү оржээ. Банк санхүү-барилгын салбар хоёр нь өнөөдөр нэг зоосны хоёр тал болчихоод байгааг хүмүүс харж байгаа.

Гадаад орчин гэдэгт олон хүчин зүйлс нөлөөлж байна. Чингис бонд бол Монголыг харах гадныхны нэг баримжаа байсаар байна. Ер нь бол гадна ертөнц Монголоос Оюу толгой, Чингис бонд хоёрыг харж байгаа. Бичин жилийн тухайд энэ хоёр тун дажгүй байх нь. Оюу толгой хөдөлсөн, Чингис бондоор манай улс дэд бүтцийн салбартаа мэдэгдэхүйц ахиц гаргасан. Бичин жилдээ Монголын бүх аймаг засмал замаар холбогдох нь Чингис бондоо “юм” болгож чадсанаа гадныханд харуулна гэсэн үг. Тэдний итгэлийг сэргээнэ гэсэн үг. Гадны шууд хөрөнгө оруулалт буурч мөнгөний урсгал татарсан өнгөрсөн жилүүдэд Чингис болон Хөгжлийн бондын мөнгөөр тодорхой хугацаанд нөхөж ирлээ. Аливаа улсын эдийн засгийн өсөлт хөгжил гадны хөрөнгө оруулалтаас их шалтгаалдаг. Хөрөнгө оруулалт их байх тусам эдийн засгийн өсөлт өндөр болно. Өөрөөр хэлбэл аж үйлдвэр, соёл боловсрол гээд бүхий л салбар хөгжих үндэс тавигддаг. Манай улсын хөрөнгө оруулалт, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 2011 онд 60 хувьтай байсан. Өнөөдрийн байдлаар энэ харьцаа 30 хүрэхгүй хувьтай боллоо. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нь эдийн засгийн хөдөлгүүр ажиллахгүй байгаа хэрэг. Тэгэхээр хөрөнгө оруулалт татах бодлого нэн тэргүүний асуудал юм. Эдийн засагт олон салбар бий. Аль салбарт ямар хөрөнгө оруулалт татах гэдэг нь тус тусдаа өөрт тохирсон бодлого шаарддаг. Нийтлэг нэг зүйл бий. Энэ нь бизнесийн орчин буюу татварын бодлого тогтвортой байх явдал. Монгол бол дэлхийд ганцхан хөрөнгө оруулалт татдаг газар биш. Сүүлийн үед Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг улс хөрөнгө оруулалт татах нь ихэссэн. Тухайлбал, Вьетнамд “Самсунг” корпораци гар утасны үйлдвэрээ нээлээ. Тус улс энэ үйлдвэрийг нээхэд төрөл бүрийн татварын хөнгөлөлт үзүүлсэн. Манайх ч ялгаагүй олон улсын ийм л жишгийг дагаж хөрөнгө оруулалтын таатай орчныг ирэх бичин жилд бүрдүүлэх ёстой. Төрөөс авах хамгийн түрүүний арга хэмжээ энэ ч байж магадгүй. Дээр нь манай улсын эдийн засаг дэлхийн эдийн засаг, гадны орнуудын үндэсний мөнгөн дэвсгэртийн ханшийн өөрчлөлтөөс болж савладаг байдлаас гарах шаардлагатай. Энэ жилээс эхлэн Монгол Улс эдийн засгийн бүтцээ өөрчлөх ёстой гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Оны өмнө үйлдвэржилтийг дэмжихээр болсныг олон улсад сайнаар хүлээж авчээ. Гэхдээ манайх шиг бэлэн мөнгөгүй улс аль салбарт түрүүлж үйлдвэрээ хөгжүүлэх, хэнд дэмжлэг үзүүлэхээ оновчтой төлөвлөх нь чухал гэдгийг тэд бас хэлж байна. Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа түшиглээд үйлдвэрлэл хөгжүүлбэл эдийн засагт нааштай дүр зураг гарна. Үүнийг Монголын эдийн засгийн хөгжлийн давуу тал гэж харж болно хэмээн дэлхийн эдийн засгийн форумаас үзсэн байна лээ. Эдийн засагчдын дүгнэж байгаагаар манай улс өнгөрсөн жилийнхтэй адил инфляцид нийлүүлэлтийн гаралтай, эрэлтийн талын хүчин зүйлс аль аль нь төдийлөн хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэнэ. Инфляци Монголбанкны зорилтот түвшинд буюу 7-8 хувьд очих магадлал өндөр. Оюу толгойн далд уурхайн тоног төхөөрөмжийг эс тооцвол, импортын хэмжээ өсөхгүй тул долларын эрэлт тогтвортой байна гэжээ. Зэсийн экспорт өснө, мөн далд уурхайн санхүүжилтийн валютын урсгал нэмэгдсэнээр ханшийн огцом савлагаа явагдахгүй, харьцангуй тогтвортой байх боломжтой аж.

Ирэх бичин жилийн энэ бүх эерэг хүчин зүйлсэд ганцхан зүйл л “гай” болж магадгүй хэмээн шинжээчид үзэж, ярьж, сануулж, сэрэмжлүүлж байгаа юм билээ. Энэ нь өнөөх л улс төрийн орчин дахь попууд буюу популистууд. Үнэхээр улс оронд хямрал нүүрлэж байгаа нь бодитой юм бол тухайн улс орон ийм цаг үед популистуудаас л болгоомжилж, сэрэмжилдэг дэлхийн практик байна. Тэд л улс орныг, ард түмнийг муу дээр муу нэмэр, муухай дээр улцан болгож сүйрлийн ирмэг дээр аваачдаг ажээ. Тийм болохоор Монголын ард түмэн хямралын ийм цаг үед поп улстөрчдийн үнэн нүүр царайг таньж, тэдний худал хуурмаг үгнээс хол байж, улс орны хөгжил, өөрсдийн амьдралын сайн сайхан, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхныг бодитой харах хэрэгтэй болдог. Хямралын үед массын сэтгэл зүй хүчтэй удирдагч, сод хүн, стандарт зан үйлийг хүсэмжлэх хандлагатай болдгоос популистууд ихээхэн газар авдаг нь манай улс төрийн практикаас харагдаж байгааг улс төр судлаачид бичих болжээ. Ийм үед популистууд улс төрийн үйл ажиллагаанд суурилахын оронд олны сэтгэлийг хөөргөж, сэтгэл хөдлөлд тулгуурлан нэр хүндээ олж авдаг тухай бичиж байна. Популистуудын стратегийн онцлог нь засгийн эрх авах өөрийн боломжит үйлдэл, түүнээс гарах үр дагаврын талаар ерөөс боддоггүй. Түүний хувьд хамгийн олон саналыг авах явдал л чухал аж. Олон түмний сэтгэл зүй тогтворгүй тул түүнд тохируулан популист улстөрч ухамсар, зорилгогүйгээр нэгээс нөгөөд үсчих нь түгээмэл. Иймээс популизм ялахад тоталитар дарангуйлал тогтох нь олонтаа гэсэн зэвүүн тодорхойлолтыг тулхтай улстөрчид ярьж бичиж, болгоомжлуулах боллоо. Улс оронд хямрал нүүрлэж болно, үүнээс болж монголчууд тоталитар дэглэм рүү, коммунизм руу л ухарч болохгүй. Ялангуяа хямралыг ашиглах гэсэн популистуудаас болж ухрах гэвэл шившиг.

Тэгэхээр Монголын эдийн засаг, гадны хөрөнгө оруулалт бичин жилдээ таатай сайхнаар үргэлжлэх нь тодорхой байна. Айл өрх, ард иргэдэд асуудал байгаа бол жаахан л тэвччих. Тэвчээртэй байгаа ард түмэн, улс орноос дэлхий нүүр буруулж байгаагүйг наад зах нь япон, солонгосчуудын түүхээс бид харж байна. Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил саарсан байж болох ч Америк, Европын эдийн засгийн өсөлт тогтвортойгоор нэмэгдэх хандлагатай болсныг мэдээлэх боллоо. Дэлхийн том эдийн засгийг дагаж бусад улс орнууд том жижиг гэхгүй өсөж, дэвжиж байдаг. Монгол ч ялгаагүй тэднээс хамаарна. Гэхдээ монголчууд биднээс хамгийн их шалтгаална.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Отгонбаяр: Харанхуй муушигдаж байгаа юм шиг асуудлыг шийдэж болохгүй

УИХын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

Намрын чуулган өндөрлөлөө. Та чуулганы болон байнгын хорооны хуралдааныг тасалдаггүй цөөн гишүүдийн нэг. Уг чуулганы хугацааг юу гэж дүгнэж байна вэ?

-Намрын ээлжит чуулганы хугацаанд олон хуульд баталлаа. Үүний дотроос ипотекийн зээлтэй холбоотой хууль, ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хууль, малчдын тэтгэврийн насны тухай хууль, хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хууль, эрүүгийн хууль, зөрчлийн хууль гээд олон хуульд батлагдан гарлаа. Хэдийгээр цаг наргүй шахуу ажилласан боловч улс орны эдийн засагт нөлөө бүхий томоохон төслүүдийг хөдөлгөж чадсангүй. Таван толгойн төсөл Засгийн газарт буцаагдсанаас хойш эргэж орж ирэхгүй л байна. Гацууртын ордыг мөн л эргэлзээтэй нөхцөлөөр баталчихлаа. Гол нь энэ эдийн засгийн хямралт байдлаас гарахад нэмэр болох арга хэмжээ олигтой авагдаж чадсангүйд харамсаж байна. Удаан хугацаанд шийдэгдэхгүй байсан Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлогын тухай хууль гээд олон хууль ч бас шийдэгдлээ. Хувь гишүүнийхээ хувьд Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын хууль, Эрүүл ахуйн тухай хууль зэрэг хуулиуд дээр онцгойлон анхаарч ажиллалаа. Ялангуяа малын хулгайн гэмт хэргийг эрүүгийн хуульд тусгуулж чадсан, малчдын тэтгэврийн насыг урагшлуулах асуудалд ахиц гарсанд баяртай байгаа.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАНын бүлэг дэмжсэн нь тулхтай улс төрийн хүчин сонгууль дөхсөн үед болчимгүй алхам хийлээ гэсэн яриа гаргасан. Ер нь огцруулах шаардлагууд нь юу байсан юм бэ?

-Би бол Үндсэн хуулийн Цэцэд Лексус 570-аар хахууль өгсөн хэрэгтэй холбогдуулан гарын үсэг зурсан. Монголд төсвийн мөнгөөр төрийн байгууллагыг авлигадсан анхны тохиолдол энэ болсон. Нэгэнт Цэцийн шийдвэрээр С.Баярцогт сайдыг огцруулах асуудал боломжгүй гэсэн тул Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурах нь зөв гэж үзсэн юм. Намын бүлгээс нэгэнт өргөн баригдсан асуудлыг хэлэлцэх болсонтой холбогдуулж огцруулах нь зүйтэй гэж үзсэн шийдвэр гаргасан. Огцрох эсэхдээ гэхээсээ энэ асуудлыг хөндөн тавьж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, олон түмний амьжиргаа хүнд байгааг эрх баригчдад ойлгуулан сануулсан алхам болсон гэж бодож байна. Байдал их хүнд байгаа шүү дээ. Эдийн засаг үнэн хэрэгтээ тэг зогсолт хийчихээд байна. Өр зээл төлөх хугацаа дөхчихөөд байхад эдийн засгийн хуримтлал үүсгэх бүү хэл, өдөр тутмын хэрэгцээгээ хангаж дийлэхгүй болчихоод байна. Энэ чиглэлд юу хийж байгаа нь харагдахгүй байхад сандал суудлаа хоохойлж төсвийн мөнгөөр төрийн нөгөө байгууллагаа авлигадаад сууж байгаа хүнийг хатуухан сануулах нь зөв алхам байсан байх аа.

Сонгууль дөхсөн, эдийн засгийн байдал хүнд байхад дэмий зүйл байсан юм биш үү?

-Засгийн газрын хариуцлага сонгуультай, сонгуульгүй яригдаж байх ёстой. Р.Амаржаргал гишүүн хэлж байсан шүү дээ. “Шийдвэртэй ажиллаж чадахгүй бол нэг өдрийн өмнө ч гэсэн огцруулах ёстой” гэж. Асуудалд ингэж хандах ёстой. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж гарч ирсэн шүү дээ. Эдийн засгийн байдал улам л хүндрээд байна. Цаашид улам л хүндрэх өнгө аяс харагдаж байна. Сар шинийн дараахан ийм зүйл ярихад хүрч байгаадаа харамсаж л байна. Гэхдээ байгаа юмыг байгаагаар нь хэлэхээс өөр арга алга.

Та энэ чуулганы хугацаанд ямар хуулийн төслүүд дээр ажиллаж хэд нь батлагдсан бэ?

-Эрүүл ахуй, номын сангийн гээд анхдагч хуулиуд дээр идэвхтэй оролцлоо. Хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын тухай хуулиудын ажлын хэсэгт ажиллалаа. Эдгээр хуулиуд нь тухайн салбарынхаа хэм хэмжээг тогтоож буй хуулиуд тул нэлээд анхаарал тавьсан юм. Малын хулгайг эрүүгийн хэргийн зүйл ангийн зүйлчлэлэээс хассан байснаас болж ял завших хандлагатай болсон байсан. Энэ хэргийг Эрүүгийн хуульд тусгасан нь цаашид энэ хэрэгтэй тэмцэхэд их нэмэртэй болох байх. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санд хамруулдаг болгочихвол малчдад ихээхэн амар болно. Малчдын тэтгэврийн насыг 1.2 жилээр тооцуулах боллоо. Хамтын тэтгэврийн хуулийг ч батлууллаа. Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны идэвхтэй гишүүний хувьд энэ чиглэлээр нилээдгүй ажил амжуулсан шүү. Мөн Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байсны хувьд эрүүгийн хуулийн өөрчлөлтөд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаар ихээр анхаарч ажилласан.

Эрүүл ахуйн тухай хууль батлагдлаа. Та хэлэлцүүлгийн явцад нь нэлээд анхаарч байсан. Ялангуяа зам дагуу ариун цэврийн газар байгуулахыг хэн нэгний бизнес болно гэсэн байр суурь илэрхийлж байсныг санаж байна?

-Ажлын дэд хэсгийн зүгээс 30 км тутамд модон жорлон бариад байх юм шиг тайлбар өгөөд байсан юм л даа. Тэртэй тэргүй улсын чанартай замд оновчтой газар нь үйлчилгээний цэгүүд иргэд гаргачихсан байгаа. Тэр цэгүүдэд жорлонтой байх шаардлага тавиад шийдчих асуудал дээр тийм дэмий зүйл ярихаар нь дургүйцсэн юм аа. Тэгээд жорлонгүй байхад 5000 төгрөгөөр торгох заалт оруулсан байгааг нь шүүмжилсэн юм. Бараг айл болгоны модон жорлонг шалгах юм биччихсэн байсан. Эдгээр утгагүй заалтуудыг шүүмжилж засуулсан. Ер нь иргэдийн ухамсартай ажиллаж шийдэх асуудлыг хуулиар түрж, дарж, торгуулиар сүрдүүлэх хандлага сүүлийн үед их илэрч байна. Засгийн эрх барьж сураагүй улсад гэнэт их бяр амтагдаад хуулиар хүчирхийлэх гээд байгаа юм болов уу даа. Энэ чинь амьдрал дээрээ иргэдийн амьдралыг торгож хүндрүүлэх л зүйл болдог гэдгийг тэр болгон ойлгохгүй юм. Хотын гудамжинд бие засч болохгүйг хэн ч ойлгоно. Харин тэрийг хорих гэж байгаад хэт хавтгайруулж, хөдөө бие засч болохгүй гээд заачихаар нугалаа л болно шүү дээ.

Үндсэн хуулийн Цэцийн асуудлаар МАНын бүлэг хоёр ч удаа завсарлага аваад цагаан сарын дараа шийдэхээр болсон. Энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Би ойлгохдоо асуудлыг хууль зөрчиж оруулж ирсэн гэж ойлгосон. Дээд шүхийн бичиг дээр нь тусгайлан өгөх саналгүй гээд биччихсэн байна лээ. Гэтэл тэр саналын дагуу огцруулна гэж оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн хэрэг гэж л ойлгож байна. Ер нь таалагдахгүй шийдвэр гаргасан байгууллагыг ингэж дарамталж, хяналтадаа байлгах гэж далайлгах нь цаашид ардчиллыг устгаж, дарангуйлал тогтоох нэг алхам л болох болно гэж харж байна даа.

Гацууртын ордыг нэлээд хугацаанд хэлэлцэж ашиглахаар боллоо. Ашиглах талаар нэлээд маргаантай байгаад хоёр намын бүлэг байр суурь нэгдэх шиг болсон?

-Гацууртын ордын талаар манай гишүүд итгэл үнэмшлээрээ өгсөн байх. Би энэ ордыг ашиглах нь зөв гэж үздэг боловч энэ удаа эсрэг санал өгсөн. Тэр хүнцэл гэдэг хортой бодисыг саармагжуулах боломжгүй тухай, энэ ордын ашгийн түвшин хэт бага байгаа талаар эргэлзээтэй мэдээллүүд байсан. Энэ талаар асуугаад олигтой хариу авч чадаагүй. Тийм учраас эсрэг байр суурь илэрхийлсэн юм. Эдгээр эргэлзээг тайлчихсан байсан бол би дэмжих л байсан. Харанхуй муушигдаж байгаа юм шиг асуудлыг шийдэж болохгүй л дээ.

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох гэж байгаад болилоо. Гэтэл төсвийн тодотгол хийж 110 тэрбум төгрөг нэмж чадахгүй бол наймдугаар сард зогсоно гээд байгаа. Үүнийг сонгуулийн мөнгөний марафон эхэлсэнтэй холбон ярих ч хүмүүс гарсан. Таны хувьд одонгийн мөнгө, оюутны мөнгийг ч ялгаваргүй олгочих хэрэгтэй гэж байр суурь илэрхийлж байсан. Энэ талаар?

-Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох хэрэгтэй гэж манай намын бүлэг шаардаж байсан. Гэтэл Засгийн газар өөрөө ялгавартай олгоё гэж оруулж ирсэн шүү дээ. Тэр байтугай амьжиргааны түвшин тогтоох олон тэрбум төгрөгийн судалгааны ажил хийгээд танай гэрээр телевизтэй юу, угаалгын машинтай юу гээд хүмүүс яваад байсан биз дээ. Би шүүмжлэхдээ ялгаваргүй олгох нь зөв боловч шаардагдах эх үүсвэрээ төсөвт суулгаж тодотгол хийхгүйгээр ингэж олгох нь буруу гэсэн. Ер нь наймдугаар сараас цааш юу болох нь бидэнд ямар хамаатай юм гээд хоноцын сэтгэхүйгээр олон түмэндээ ханддаг Засгийн газар байна гэдэг бидний эмгэнэл. Сонгуулийн дараа ч амьдрал үргэлжилнэ. Энэ улсын сан хөмрөгт бусад улсыг байлдан эзэлсэн булаан эзлэгчид шиг хандаж болохгүй юм байгаа биз дээ.

Сонгуулийн дараа эдийн засгийн байдал бүр муудна гэх хүмүүс бий. Оюу толгойн хөрөнгө оруулалт ороод ирвэл гайгүй гэх нь ч байна. Танд ямар төсөөлөл байна вэ?

-Оюу толгой эхэлбэл байдал дээрдэх байх л даа. Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалт цаг шаардана. Таван толгойгоо хөдөлгөчихсөн бол байдал дээрдэнэ гэж харж байсан. Одоо бүр найдлага тасарлаа. Гол айж байгаа юм сонгуулийн өмнө үлдсэн жаахан хөрөнгөө гөвж дуусгаад алга болох байх л гэж бодох юм. Энэ бол сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг төсвөөс ямар их хараат болсныг харуулж байгаа хэрэг юм. Гүйлгээнд байгаа М-2 мөнгөний бараг тал нь барилгын салбарт царцчихсан байна. Иймээс одоогийнх шиг ингээд бодлогогүй салганаад явбал байдал улам л хүндэрнэ.

Тариалангийн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль гэх мэт олон хуулийг баталлаа. Олон хуулийг шахаж богино хугацаанд батлаад байгаа мэт харагдаж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Угаасаа чуулган хаахаас өмнө шуурдаг нь гэм биш зан болчихсон шүү дээ. Зарим хуулиуд нь удаан яригдсан ч хуулиуд. Заримыг нь ч шуураад хаячихлаа. Гэхдээ битүүнээр эвгүй хууль шахаад батлуулчихдаг гэм энэ удаа болсонгүй. Хаврын чуулганд нэлээд олон асуудал үлдсэнийг хэлэх ёстой. Сонгуулийн өмнөх чуулган их л хүндрэлтэй явдаг. Тэгэхээр нэлээд зөвшилцөж байж, товлосон асуудлаа шийдэх шаардлагатай болно.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Австралийн бэлгэ тэмдэг Коала

Хулсны панда баавгай Хятад улсын бэлгэ тэмдэг болдог бол коала буюу уутат баавгай нь Австрали улсын бэлгэ тэмдэг болдог. Эгдүү хүргэм төрхтэй коала (Phasco­larctos cinereus) нь Австрали тивийн далайн эргийн дагуух бүс нутгуудаар тархсан байх бөгөөд уутат баавгайн багийн одоо оршин буй цорын ганц төлөөлөгч юм.

Аделаидаас Кэйп Йорк хойгийн өмнөд хэсэг хүртэл, зүүн болон өмнөд Австралийн далайн эргийн дагуух бүс нутгуудаар тааралдана. Мөн хангалттай чийг бүхий эх газрын ойд ч амьдрах нь бий. Тус тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд эхэндээ янз бүрийн нэр өгч байжээ. Тухайлбал, “залхуу”, “сармагчин”, “баавгай”, тэр ч бүү хэл “баавгайн-сармагчин” гэсэн нэртэй байж. Өөрсдийн өмнө харсан амьтадтайгаа жишин ингэж нэрлэж байсан аж. Гэвч Австралийн эртний уугуул нутгийнхнаас өвлөсөн “koala” нэр нь л үлджээ. Коала гэдэг нэрийг монголчилбол “уутат саарал баавгай”, “ус уудаггүй амьтан” гэх зэргээр нэрлэж болох юм.

Анх 210 гаруй жилийн өмнө буюу 1803 оны наймдугаар сарын 21–нд Австралийн “Sydney Gazette” сонинд уутат баавгайн тухай тодорхой тайланг хэвлэсэн байна. Тэр үеэс хойш энэхүү хөгжилтэй амьтны тухай эрдэмтэд илүү сонирхон судлах болжээ.

Дэлхийн хамгийн залхуу амьтнаар коалаг нэрлэж болно. Тэрбээр Австралийн эквалипт гэх модны навчаар хооллох бөгөөд хоногийн бараг 20 цагийг унтаж өнгөрүүлдэг байна. Хичнээн залхуу ч энэ амьтан хүн бүхний хайрыг татна. Өтгөн үс, том чих, бүлтгэр нүд, майга хөл гар нь түүнийг амьтан бус ямар нэгэн чихмэл тоглоом мэт харагдуулна.

Тэрбээр гоёмсог арьснаасаа болж хулгайн анчдын гарт ихээр өртөх болжээ. Энэ нь тус амьтныг нэн ховордоход хүргэсэн юм. Өмнөд Австралийн коалаг 20 дугаар зууны эхээр олноор нь хядсан бөгөөд 1927 онд гэхэд австраличууд 600 мянга орчим коала агнаж, АНУ-руу экспортолж байжээ. Гэхдээ тус бүс нутагт Викториа мужаас коала авч сэргээн нутагшуулсан түүхтэй. Коалагийн гол нутаг нь Австралийн Күйнслэнд болон Викториа мужууд юм. Өдгөө Австралид 50 мянга орчим коала амьдардаг аж. Австралид “Коала” хэмээх сайн дурын сан ажиллаж энэхүү амьтныг авран хамгаалахын төлөө ажилладаг байна.

БИЕИЙН БОЛООД АМЬДРАЛЫН ОНЦЛОГ

Коалаг намхан тагжгар бие, өтгөн саарал үс, том толгой, далбагар дугуй чих, бүлтгэр нүд, халбага хэлбэрийн бөөрөнхий хамраар нь таньж болно. Нас биед хүрсэн уутат баавгайны биеийн урт 60-85 сантиметр хүрэх бөгөөд 4-15 килограмм жинтэй байдаг ажээ. Ихэнхдээ мөнгөлөг саарал өнгөтэй байх боловч бор өнгөтэй коала ч байдаг аж. Эр коала эмэгчнээсээ харьцангуй биерхүү байна. Харин эм коала нь илүү үсэрхэг байх бөгөөд чихнээсээ аваад цээж хүртлээ сахал гэмээр өтгөн цагаан үстэй байдаг бол эрэгчинд нь байдаггүй. Мөн сайн ажиглавал эрэгчин нь илүү муруй хамартай байдаг. Харин дөнгөж төрсөн зулзага нь маш жижигхэн, 3-5 грамм хүрэхтэй үгүйтэй жинтэй байдаг. Уутат амьтан учраас төрөнгүүт эхийнхээ уутанд бойжих бөгөөд хэдэн долоо хоногийн дараа л хүний хурууны дайтай болдог байна. Тэд зургаан сар хүртлээ гол төлөв уутандаа унтаж өнгөрүүлдэг ажээ. Уутнаас гараад дахин зургаан сар эхийнхээ нуруунд наалдаж, үүрүүлж амьдарна.

Түүнчлэн коала баавгай хос эрхтэнтэй гэдгээрээ онцлогтой. Эрэгчин нь жижиг том хос шодойтой байдаг бол, эм нь ч хос, эрхтэн болон савтай аж. Мөн биетэйгээ харьцуулахад харьцангуй жижигхэн тархитай байдаг байна. Коалаг авч гэршүүлэхэд хүнд амархан дасдаг.

Түүний сайн бэхэжсэн хатуу нуруу, бөгс нь модон дээр хэдэн цагаар ч хамаагүй уналгүй суухад тусалдаг, харин сарвуу нь модны мөчир болон бусад зүйл дээгүүр хөнгөн шаламгай аюулгүй явах гол зэвсэг болдог юм. Энэ баавгайн савар, хумс маш сайн хөгжсөн бахим хатуу байдаг.

Гэхдээ коалаг яг ч баавгайн бүлэгт оруулдаггүй аж. Гаднах байдлаараа л баавгайтай төстэй болохоос “баавгайн” төрөлд ямар ч холбоогүй юм. Тэр ч үүднээс бусад баавгайнаас эрс ялгаран гэр бүлээрээ, олуулаа амьдардаг. Хоорондоо харьцахдаа нас биед хүрсэн эрэгчин коаланууд үлээх мэт чанга дуу авиагаар бие биенээ айлган сүрдүүлэх юм уу, урин дууддаг байна.

Коала нь хоол тэжээл хайж идэхээс бусад үед унтаж байдаг бөгөөд эквалит модны мөчир, навчаар хооллоно. Түүнийг ус уудаггүй, модныхоо мөчир навчнаас шим шүүсээ авдаг гэж ярьдаг, гантай жил болон түймрийн үеэр хот тосгод руу орж ирдэг аж. Тэд шөнийн цагаар хоол тэжээлээ хайн хооллодог шөнийн амьдралтай амьтад юм. Ус тийм ч их уугаад байдаггүй ч биеэ хамгаалах үүднээс усанд сайн сэлдэг байна.

Энэхүү амьтан ойролцоогоор 14-20 орчим жил насалдаг байна. Гурваас дөрвөн нас хүрээд нас бие гүйцнэ. Тэр хүртэл эцэг эхийнхээ хамт амьдардаг аж. Нас биед хүрсэн эрэгчин коаланууд хосоо олж өөрийн замаа хөөхөөр явдаг. Тэд хосоо олохдоо өвөрмөц дуу гарган нэгнийгээ урин дууддаг байна. Эмэгчин нь жилдээ нэг төрөх бөгөөд нэгээс хоёр зулзага гаргана.

Эр коала бусад эрчүүдтэйгээ уулзах маш дургүй, өрсөлдөгчөө ямар нэгэн байдлаар айлгахыг оролддог бөгөөд өөрсдийн эзэмшил газраасаа болж хааяа зодолддог байна.

Өдгөө эл баавгайн нутаг улам хумигдсаар байгаа юм. Нийт нутаглах газар нутгийн хэмжээ нэг сая км ам дөрвөлжин хавтгай талбай ажээ. Нийтдээ 30 аймаг, мужид тархсан байдаг. Австралийн баячууд ховордсоор байгаа коала баавгайн амьдрах нутгийг улам бүр багасгасаар байна. Иймээс Күйнсландын эрх баригчдад хандан нүүрсний олборлолтоо зогсоохыг шаардсан утгатай нийтлэл “Күйнсланд таймс” сонинд гарчээ. Тус сонины байгаль орчныг хамгаалсан утгатай хэд хэдэн томоохон нийтлэлээс шалтгаалж орон нутгийн эрх баригчид байгальд ээлтэй шийдвэр гаргасан аж.

Categories
мэдээ цаг-үе

Эрдэмтэд унгасны үнэр хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг тогтоожээ

Та хэзээ нэгэн цагт хэн нэгнийг хажууд чинь унгах үед нүүрэн дээр чинь гарч сууж байгаад унгачихсан юм шиг бухимдаж зэвүүрхэж байсан уу? Тэгвэл уурлахаа түр азнаарай. Тэр таныг хорт хавдраар өвчлөхөөс сэргийлж өөрөөр хэлбэл танд тус хүргэж байгаа юм байна шүү.

Их Британийн Эксетер их сургуулийн эрдэмтэд эвгүй үнэр үнэртэх нь хорт хавдар болоод бусад төрлийн өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлдэг гэсэн шинэ судалгаа гаргажээ. Устөрөгчийн сульфид нь ходоодны бактер хоол хүнсийг задалж байгаагаас үүсдэг өмхийрсөн өндөг шиг энэ үнэрийг хүний бие махбод өөрөө байгалийн жамаараа үйлдвэрлэдэг. Хэдий ийм муухай үнэртэй ч энэ хий эрүүл мэндэд үнэлж баршгүй тустай, ирээдүйд олон өвчний эмчилгээнд тус болно гэдгийг их сургуулийн доктор Mark Wood судлан тогтоожээ. Мөн хэхрэх нь маш таагүй байж болох ч энэ ердийн нэг хий нь хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, үе мөчний өвчин болон сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэлийг бууруулдаг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа гэнэ.

Мэдээж иймэрхүү өмхий үнэрийг их хэмжээгээр үнэрлэвэл хордох магадлалтай ч шинжээчид гэдэсний хий нь хорт хавдар, зүрхний шигдээс, цус харвалт, сэтгэцийн олдмол өвчнийг анагаахад тус болж, эрүүл мэндийн ашиг тустай байдаг гэдгийг тогтоожээ. Энэ нь гэдсэнд задарсан хоолноос гарч буй бактериудаар гарч буй хүчтэй үнэртэй хийн нэг төрөл нь юм. Эксетер их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар энэ нь биеийн эсийг хамгаалж, өвчинтэй тэмцэхэд тус дэм үзүүлдэг гэнэ. Эс өвчлөх үед эдгээр ферментүүд нь устөрөгчийн сульфид үүсгэж өвчнийг эсэргүүцэхийг оролддог ажээ.

Түүнчлэн тус их сургуулийн судлаачид AP39 гэх биед шаардагдах хэмжээний устөрөгчийн сульфид гарган аваад байгаа аж. Эксетер их сургуулийн профессор Matt Whiteman “Физиологийн үйл явцыг ашиглан гаргаж авсан АР39 нь эсийг эмчлэхээс гадна митохондрийг хамгаалж өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм” гэжээ.

Мөн судлаач Dr. Mark Wood хэлэхдээ “Гэдсэнд хий дүүрэн гадагш муухай үнэртэй хий гарахыг хүхэрт устөрөгч гэдгийг бид сайн мэднэ. Харин энэ байгалийн хий нь ирээдүйд эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдол үзүүлж, янз бүрийн өвчнийг анагаахад тус болно” хэмээв.

Энэ талаар шинжлэх ухаанд дөнгөж яригдаж эхэлж байгаа бөгөөд хараахан хэрэгжүүлж эхлээгүй байгаа юм. Хүмүүс гэдэсний хийгээ гаргахдаа гэмт хэрэг үйлдэж буй мэтээр хүлээж авч, хийгээ гаргахгүй удаан барих нь бас нэг асуудал дагуулдаг талтай ажээ. Энэ талаар дуучин Дэлгэрмөрөн хайртай гэргийгээ алдсаны дараа бүсгүйчүүдэд зориулан зөвлөгөө өгч байсан билээ. Тэрээр “Эмэгтэйчүүд ээ, та бүхэнд нэгэн чухаг зүйлийн утгыг өчье. Энэ бол миний нүдэнд харагдаж гарт баригдсан бодит зүйл учраас үүнийг хэрхэн оршоох нь таны тэнгэр мэдэх хэрэг биз ээ. Нэг ч гэсэн өдрийг алгасаад би тэвчиж дийлэхгүй учраас үүнийг өчлөө. Манай сайхан бүсгүйчүүд, ер нь энэ дэлхийн эм хүйстэй бодь гал биет хүмүүс эрчүүд бидэн шиг эрээ цээрээ алдах тохиолдол үнэндээ өдрийн од мэт билээ. Тэд эрчүүд бидэн шиг дотоод шүүрлийн хийг ил задгай дэлгэлгүй ихэнх тохиолдолд дотогш буцаах болон магадгүй удаан тэсэж барьдаг. Энэ тохиолдлыг өдөр сар жилд нь үржүүлэн бодохоор хэдий хэр хэмжээний тоот энэ хувислыг гадагшлуулахгүй дотогш буцааж хэвлий болон нарийн бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд саад учруулсан байна гэж бодно. Хамгийн харамсалтай нь яг энэ үйлдлээс болж тэр дундаа зөвхөн эмэгтэйчүүдэд дотоод бие эрхтний үрэвсэл үүсэж байдаг байна. Үүнийгээ мэдэхгүй явснаар ужиг хүндэрч, өвчин болохыг мэдэрдэг аж. Энэ нь эцэстээ булчирхайн эд эсийг цочроож хавдар болох үүсвэрийг эхлүүлдэг байх нь шүү дээ. Би яруу тод монгол хэлнийхээ төгс ухагдахуунаар тод бичиж сийрүүллээ. Орчин цагийн охид бүсгүйчүүд ойлгох тогтоох ухаан заяа нь цусанд нь байгаад бат итгэнэм зээ. Та бүхэн миний ээж, эхнэр хоёроос минь нэгээхэн ч зөрөхгүй нь лавтайяа, эрүүл энхийг хүсэн ерөөж энэ бүхнээ хэрхэн зохицуулж тааруулах ухаанаа олцгоохыг уриалан сэрэмжлүүлье” хэмээж байлаа.

Тиймээс таны өмнө хэн нэгэн унгавал өмхий гэж бодолгүй түүнд талархах хэрэгтэй гэж эрдэмтэд баталж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хүнийг танивч өөрийгөө таньдаггүй” ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Догмидын Сосорбарамтай хийсэн ярилцлагыг онцоллоо. Ярилцлагын үргэлжлэлийг 13 дугаар нүүрнээс сонирхоорой. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой хийсэн ярилцлагыг нийтэлжээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх юм. Ээлжит бус чуулганыг МАН-ын зүгээс дэмжихгүй байгаа. Энэ талаар болон бусад асуудлын талаар дэлэгрэнгүй ярилцжээ. Хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын ярилцлагын үргэлжлэлийг хүлээн авч уншаарай.

Гуравдугаар нүүрний Баримт, үзэл бодол булангаас нэрт нийтлэлч Б.Цэнддоотой өөртэй нь хийсэн “Хүнийг танивч өөрийгөө таньдаггүй” ярилцлагыг унших боломжтой. Улс төрийн эргэн тойронд өрнөж буй мэдээ, мэдээллийг голчлон хүргэдэг тавдугаар нүүрнээс ҮХЦ-ийн гишүүн асан, хууль зүйн доктор, гавьяат хуульч Ц.Сарантуяа болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нартай хийсэн ярилцлага, тодруулгыг сонирхоно уу.

Дорнод аймаг дахь МАН-ын бүлгийнхэн хоорондоо зодолдож нэгийгээ хараагүй болгох шахсан тухай үйл явдлын мэдээлэл тодруулгыг зургадугаар нүүрт нийтэлжээ. Тэд юунаас болж нэгнийгээ бэртээсэн юм бол.

Олон улсын эргэн тойронд өчигдөр өрнөсөн үйл явдлын онцлох мэдээллүүдийг есдүгээр нүүрнээс тольдоорой.

Хэнтий аймгийн Батноров суманд болсон адууны баярын үеэр Ч.Батзаяагийн авсан шарга азарганы зураг Их Британийн төдийгүй барууны томоохон хэвлэлүүдэд нийтлэгдсэн юм. Сошиал ертөнцөд шуугиан тарьсан энэ зургийн эзэн мэргэжлийн гэрэл зурагчин биш ажээ. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг 12 дугаар нүүрнээс уншаарай.

Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас хүлээн авч, унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Сумъяа залуучуудын өвлийн олимпийн аварга боллоо

Норвегийн Лиллехаммер хотноо эдгээр өдрүүдэд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцож байна.

Өнөөдөр болсон гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртлээ. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцсон юм. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай боллоо.

Энэ төрлийн мөнгө, хүрэл медалийг БАГ-9 (Нидерланд, Польш, АНУ, Казахстан), БАГ-10(Итали, Румын, Герман, Норвеги)-ийн тамирчид хүртлээ.