Categories
мэдээ нийгэм

Үхрийн мах 7000 төгрөгийн үнэтэй байна

“Шонхор” худалдааны төвд үхрийн цул мах кг нь 7000 төгрөг, ястай нь 6500-7000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Адууны цул мах-5500, ястай мах-4800 төгрөг бол хонины цул мах 5200, ястай мах – 5300 төгрөг, ямааны цул мах 4500, ястай мах 5000 төгрөгийн үнэтэй байна. Харин хонь, ямааны гулууз мах 70000 – 80000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Цагаан сарын баярын үнэтэй харьцуулахад 1000 төгрөгөөр буурчээ.

Categories
мэдээ спорт

О.Бурмаа Азийн аваргын төлөө барилдана

Бангкок хотноо чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63кг-д Б.Нямгэрэл, 75кг-д О.Бурмаа нар зодоглож байна. Тэгвэл О.Бурмаа Азийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болоод байна. Тэрээр эхний тойрогтоо Узбекстаны Лалахан Оринбаеваг, хагас шигшээд Казахстаны Гулмаралыг тус тус цэвэр яллаа.Харин аваргын төлөө 2013 оны залуучуудын дэлхийн аварга Рио Абетэй барилдах юм. О.Бурмаа азийн аваргын гурван мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтцийг шинэчлэв

Нийслэлийн Засаг дарга А/121 дүгээр захирамж гаргаж, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталжээ.

Бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, цалин хөлс, нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож ажиллахыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газарт үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгав

Categories
мэдээ нийгэм

Шар үнэмлэхтэй жолоочдод сануулга өгч байгаа

Сүүлийн шар жолооны үнэмлэхтэй жолооч нарыг замын цагдаа шалгаж, торгож байгаа гэх. Тэгвэл замын цагдаагийнхан жолооч нарыг торгож бус үнэмлэхээ шинэчилэхийг шаардсан сануулга өгч байгаа юм байна. Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх хугацааг зааж өгсөн байгаа. 17 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана гэж заасан байдаг. Тэгвэл хуучны шар үнэмлэх дээр хугацаа байдаггүй. Иймээс шар үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төв сольж байгаа аж. Ингэхдээ ямар ч торгууль шийтгэл ногдуулахгүй гэнэ.

ҮНЭМЛЭХ СОЛИУЛЖ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН АВАХ БОЛ

Жолоочийн үнэмлэх хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх солиулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа.
  2. Цээж зураг 1% /3х4см/
  3. Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон./
  4. Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк – Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын СХГазар/
  5. Хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх

Жич: Жолоодох эрхийн үнэмлэх солиулсан тохиолдолд ажлын 3 хоногт хэвлэж олгоно.

Categories
мэдээ спорт

“Хавар 2016 Опен” шатрын тэмцээн амралтын өдөр болно

Шатрын аварга шалгаруулах “Хавар 2016 Опен” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд МҮЭСТО-ны спорт танхимд болно.

Тус тэмцээнийг оюуны их спорт шатар сонирхогч хүүхдүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож, амжилт үзүүлэх нөхцөл бололцоог дэмжих зорилгоор зохион байгуулдаг.

Өсвөрийн буюу найман насны охид, хөвгүүд, 9-10 насны охид, хөвгүүд, 13 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тамирчид, 15 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тамирчид, насанд хүрэгчид эрэгтэй, эмэгтэй тамирчид, ахмадын буюу 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй тамирчид гэсэн ангиллаар явагдана. Тамирчдыг ангилал тус бүрт шалгаруулж, шагнаж урамшуулах юм.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” зах маргаашаас ажиллаж эхэлнэ

Сар шинийн баяр болсонтой холбоотой “Нарантуул” худалдааны төв 10-аад хоног амарсан.

Тэгвэл маргаашнаас энгийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх юм байна. Нийслэлийн хэмжээнд 38 зах үйл ажиллагаа явуулдгаас битүү зах 25, задгай дөрвөн захын нийт 9329 ажлын байр байдаг ажээ.

Categories
гадаад мэдээ

Туркийн халдлагад монгол залуу өртөх дөхжээ

Өчигдөр орой Туркийн Анкара хотод парламентын ордны ойролцоо автобусанд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 28 хүн амиа алдаж, 61 хүн шархадсан байна.

Уг халдлагад Анкара хотод суралцдаг монгол залуу өртөх дөхжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр дэлбэрэлт болсон газрын ойролцоо байсан бөгөөд тэсрэлтийн долгионд цохигдон газар унасан тухайгаа ярьжээ.

Халдлагын дараа Истамбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар олон нийтийн сүлжээнд анхааруулга нийтэлжээ. Уг анхааруулгад “2016 оны 2-р сарын 17-ны өдрийн 18:30 цагийн үед Анкара хотын төвд дараалсан 2 дэлбэрэлт болсон бөгөөд БНТУ-ын Тагнуулын Ерөнхий газрын мэдээлж байгаагаар 14 алан хядагч БНТУ-ын хилийг нэвтэрч олон улсын нислэг үйлддэг нисэх онгоцны буудлыг онилсон байгааг БНТУ-д амьдарч, суралцаж буй Монгол Улсын иргэдийн анхааралд хүргэж байна. Иргэд анхаарал болгоомжтой байна уу” гэсэн байна.

Гадаад хэргийн яамнаас гаргасан судалгаанаас үзвэл Турк улсад Монголын 2100 гаруй иргэн ажиллаж, амьдардаг байна.

Categories
мэдээ спорт

Футзалын идэрчүүдийн УАШТ болж байна

Футзалын идэрчүүдийн УАШТ-ий шигшээ тэмцээнд шалгарсан шилдэг багууд хэсгийн тоглолтоо хийсээр байна. Өчигдөр хуваарийн дагуу нийт есөн тоглолт футзалын ордонд явагдсан. 15 хүртэлх насанд өрсөлдөж байгаа “Хараацай” клуб хэсгийн хоёр дахь тоглолтоо “Солонго-Халиун Од” багтай хийж үндсэн цагт 4-1 харьцаатай ялсанаар 4 оноотой хэсгээ тэргүүлж эхлээд байна. Сэлэнгэ аймгийн баг өчигдрийн тоглолтонд “Говь-Алтай” аймгийн багийг 6-4 харьцаатай ялсанаар “Хараацай” багийн хамтаар ижил 4 оноотой хэсгээ тэргүүлж байна. 15 хүртэлх насны “D” хэсэгт багтсан “Зөгийнүүд” хэсгийн сүүлийн тоглолтоо “Дэрэн” клүбийн эсрэг хийж ялагдсанаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Учир нь энэ хэсэгт гурван баг өрсөлдөж байгаагаас тэд оноо авч чадалгүй тэмцээнийг орхихоор болжээ.

Тэмцээний 17 хүртэлх насны зарим багууд мөн хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Тэмцээний “А” хэсэгт багтсан “Говь-Сүмбэр” аймгийн баг ээлжит нэгэн ялалтаа “Хан-Уул” дүүргээс салгаж чадсанаар хэсгээ итгэл төгс хошуучилж байгаа бол “Говь-Алтай” аймгийн баг харамсалтай нь ялагдсанаар хэсгийн сүүл мушгиж байна. Тэдэнд тэмцээнийг үргэлжлүүлэх боломж ерөнхийдөө үгүй болсон гэж хэлж болно. Харин тэднийг ялсан “MAGICFOOT” 4 оноотой болсоноор өөрсдийн боломжоо ахиуллаа.

Хөдөө орон нутгийн багууд бүс тус бүрт хуваагдан урьдчилсан шатны тэмцээнд оролцож ийнхүү шигшээд оролцох эрхээ аваад байсан. Тэгвэл эдгээр багуудын төлөөлөл болсон “Сэлэнгэ” болон “Дархан-Уул” аймгийн багууд өнөөдөр өрсөлдөгч нартаа ялагдлаа. Дээрх аймгийн багууд тэмцээний В хэсэгт “Дэрэн” болон “Хараацай” гэсэн туршлагатай багуудтай өрсөлдөж байгаа билээ. Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын хувьд аль алинд нь боломж тун хүнд байна.

17 хүртэлх насны С хэсгийн тэргүүлэгчид болох “Эрчим”, “Улаанбаатарын Унаганууд” хоорондоо тааран тоглож Унаганууд ялалт байгуулсанаар хэсгээс гарах эрхээ нэгэнт баталгаажуулж чадлаа. Мөн Идэрчүүдийн лигийн тэмцээнд оролцох эрхээ ч давхар авсан гэж хэлж болно. Харин “Арвис” энэ тэмцээнд хамгийн холоос оролцож байгаа “Баян-Өлгий” аймгийн багийг буулгаж авсанаар “Эрчим” клүбтэй ижил 3 оноотой боллоо.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганыг үдээс хойш болгож хойшлуулав

Ээлжит бус чуулганы нээлтийг өнөөдөр 09.00 цагт
хийх байсан ч ирц бүрдэхгүйн улмаас хойшлуулж 14.00 цаг болгов. Чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан
намын бүлгээс 34, УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс хоёр,
ИЗНН-аас нэг, нийт 37 гишүүний ирцтэй
байлаа. Ээлжит бус чуулганыг нээхэд 76 гишүүнээс 39 нь оролцож байж ирц
50 хувьд хүрэх ёстой байдаг. УИХ
дахь МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирээгүй
юм.

Categories
мэдээ нийгэм

З.Оргил: Энэ бүхний цаана Номтойбаяр гишүүн байгаа

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт МАН-ынхан зодолдсон талаар ноцтой мэдээлэл нийтлэгдлээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын 6 дугаар үүрийн дарга З.Оргил энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр МАН-ын Хяналтын хороон дарга З.Түвшиндоржид цохиулж, баруун нүдэндээ гэмтэл авчээ. Хохирогч Улаанбаатар хотод ирж эмчүүлж байх үеэр нь ярилцжээ. Энэ тухай мэдээллийн дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Тус нийтлэлд З.Оргил “Энэ жил орон нутаг, Их хурлын сонгууль цуг болно. Үүнтэй холбогдуулан дээрээс үүрэг өгч, хурлаа хийх хуваарь гарсан. Хурлаар орон нутагт нэр дэвших боломжтой хүмүүсийн судалгааг авч байсан. Манай үүр 50 гишүүнтэй. Цагаан сар дөхчихсөн учраас хүндэтгэх шалтгаантай хэд, хэдэн хүн ирээгүй. Гэхдээ хурал хийх ирцтэй байсан. Тэгсэн З.Түвшиндорж хоёр, гурван одоо орж гарсан. Тэгээд “Танай хурал хүчингүй ээ” гэж байна. Би ийм учраас хуралдах ёстой гэсэн тайлбар хэлсэн ч хүлээж аваагүй. Аймгийн Иргэдийн хурлын дарга н.Зоригтбаатар “Хүчинтэй, хүчингүй юу гэдгээ дараа нь хэл. Бид хийх ажлаа ярилцаж байна” гэхэд З.Түвшиндорж хэлэх, хэлэхгүй муухай үгээр хэлсэн. Тэгэхээр нь би “Чи албан тушаалыг нь хүндлэхгүй байж болно. Насыг нь хүндлэх ёстой” гэсэн чинь над руу дайрч эхэлсэн. Хараалын муухай үгээр хэлсэн. Хурал дуусаад гарахад шатан дээр зогсоод “Чи ингэж болохгүй” гээд бид ярилцаж байсан. Гэтэл над руу үгийн муухайгаар дайрч эхэлснээ гэнэтхэн л цохиод авсан. Их хүчтэй цохисон. Нүдээ дараад, доошоо суусан чинь гарын салаагаар цус гоожиж байсан. Тэгээд Зоригтбаатар дарга цагдаа дуудсан” гэжээ. Түүнчлэн “Энэ бүхний цаана Номтойбаяр гишүүн байгаа. Засаг дарга Бадамсүрэн, аймгийн намын хорооны дэд дарга Ёл, Чойбалсан хотын дарга Мөнхтөр /Уулаа/ нар НАМЗХ-ын хүмүүс. Бууны нохой гэж хэлнэ. Аймгийн намын хорооны нэр хүнд тамга, тэмдгээ булцаалдсанаар навс унасан. Одоо бүр уналаа” хэмээн ярьсан байна.