Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш ирц бүрдвэл УИХ-ын ээлжит бус чуулган 09.00 цагт эхэлнэ

Ирц бүрдэхгүй тул өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсангүй. Үүнтэй холбоотойгоор зарим гишүүд үг хэлсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд ажилдаа ирээгүй гишүүдийн нэрсийг тойргоор нь дуудлаа. Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, мөн бие даагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нарын нэрийг дуудаж, ажилдаа шалтгаангүйгээр ирэхгүй байгааг сануулсан юм.

Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны хоёрдугаар сарын 15-26-нийг хүртэл зарлан хуралдуулах захирамж гаргасан. Тэр үеэс УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүрэн сууж байна, МАН, МАХН-аас тавьсан шаардлагын дагуу. Ардчилсан намын бүлгийн 35 гишүүн сууж байна” гэж хэлээд бусад гишүүдийг чуулганд суухыг уриалсан.

Мөн гишүүд ээлж дараалан үг хэлсэн бөгөөд маргааш ирц бүрдвэл ээлжит бус чуулганаа хийхээр болов. Түүнчлэн зарим гишүүд өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулган ирц хүрээгүйн улмаас гишүүдийн үг хэлэх индэр бүхий сименар болон хувирсанг ч УИХ-ын дарга З.Энхболд онцлов. Маргааш ирц бүрдвэл УИХ-ын ээлжит бус чуулган 09.00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн өнгөт чулуу олборлохыг хориглов

Хэнтий аймгийн удирдлагууд байгалийн өнгөт чулууг олборлох, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Тус аймгийн хэмжээнд Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумдын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар өнгөт чулуу олборлож эхэлсэн байна. Өнгөт чулуу нь байгальд хөрсөн дээр өөрийнхөө тогтоцоор байдаг үнэт эдлэлийг хийхэд хэрэглэдэг чулуу ч үүнийг эх орондоо хэрэглэх биш нууцаар хил давуулан худалдаалж байгаа нь хууль хяналтын байгууллагаар тогтоогджээ. Мөн өнгөт чулууг хууль бусаар олборлож, худалдаж, худалдан авч, хадгалж, тээвэрлэж байгаа иргэдийг мэдээлсэн иргэнийг ГХУСАЗСЗ-өөс гаргасан журмын дагуу урамшуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Гемодиализын эмчилгээг өргөжүүлэхээр болжээ

Нийслэлд УНТЭ, ХСҮТ гурван ээлжээр, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ хоногт хоёр ээлжээр гемодиализын эмчилгээг үзүүлж байна. Тэгвэл энэ удаа Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа НЭМГ, Дүүргийн ЭМБ-уудыг гемодиализын тусламж, үзүүлдэг болох бэлтгэл ажлыг хангах, ГССҮТ гемодиализын тусламж үйлчилгээг эхлүүлэхэд чиглэсэн холбогдох арга хэмжээг шуурхай авч харьяалалын дүүргийн иргэдэд үйлчилж эхлэх шийдвэрийг гаргажээ. Мөн Улсын нэгдүгээр эмнэлгийг мэргэжил удирдлагаар хангаж ажиллах, тус төв эмнэлгээр үйлчлүүлж байгаа ХУД-ийн иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй хэвээр үлдээх зэрэг саналыг тусган Эрүүл мэндийн байгууллагуудад албан ёсоор хуваарийг хүргүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

Үйлдвэрийн реклам

Categories
мэдээ нийгэм

Иргэд дамжин суултын хугацааг сунгахыг хүсчээ

Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр
зорчдог гэсэн тооцоо бий. Тэгвэл эдгээр иргэний 573 мянга гаруй нь
нийтийн тээврийн карт худалдан авчээ. Үүнээс тооцоолж үзвэл автобусаар
зорчдог иргэдийн 80 хувь нь карттай болсон гэж үзэхээр байна. Тэгвэл
“Улаанбаатар смарт карт” компаниас судалгааны байгууллагын
тусламжтайгаар зорчигчдын дунд тандалт хийжээ. Нийтдээ 800 хүнээс
судалгаа авсан байна. Карттай 400 иргэн, картгүй 400 иргэнийг хамруулан
судалжээ.

Эхний ээлжид карт ашигладаг 400 хүнээс судалгаа авахад нийт иргэдийн 56
хувь нь тогтмол дамждаг, 44 хувь нь ихэнхдээ дамжин суудаггүй гэжээ.
Харин карттай боловч тогтмол ашигладаггүй иргэдийн 51 хувь нь тогтмол
цэнэглэж чаддаггүй гэх хариулт өгсөн байна.

Харин зарим иргэний хувьд карт авснаар эдийн засгийн хувьд ямар нэг
хэмнэлт байхгүй, урамшууллын систем тааруу хэмээн шүүмжилжээ. Мөн
иргэдийн зүгээс карт авахгүй шалтгаанаа борлуулах цэгүүд хэт хол, ховор
гэдэгтэй холбон тайлбарласан байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн
хэмжээнд 380 цэгт карт борлуулж байна. Энэ цэгийг цаашид 500 болгохоор
ажиллаж байгаа гэлээ.

Харин зарим иргэний зүгээс дамжин суух хугацааг уртасгах хүсэлтийг ихээр тавьсан байна.

Автобусны цахим картын асуудал нэг хэсэг маргаан дагуулж байсан ч хэсэг
намжсан. Гэхдээ “Улаанбаатар смарт карт” компанид ирэх иргэдийн гомдол
тасрахгүй байгаа аж. Ялангуяа иргэдийн зүгээс “Дамжин суултын талаар
мэдээлэл сайн өгөөгүйгээс эдэлж чадаагүй. Дамжин суултын талаар мэдээлэл
хомс байна” гэх гомдлыг тавьсаар байгаа гэлээ.

Иргэдийн хувьд эхний автобуснаас бууснаас хойш 30 минутын дотор дамжин
суух ёстой. Ингэхдээ буух карт уншигчид картаа заавал уншуулах учиртай.

Энэ удаад иргэдээс ирсэн “Дамжин суух хугацааг уртасгах”, “Урамшууллын
системтэй болох” зэрэг асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй. “Улаанбаатар
смарт карт” компанийн зүгээс иргэдээс ирж буй эдгээр асуудлыг багцлан
зохих байгууллагад уламжилжээ. Тодорхой хугацаанд хэлэлцсэний дүнд
шийдвэр гаргана, одоогоор урамшуулал, сугалааны асуудлыг ч ярьж байгаа
хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Байнгын
хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Нийгмийн бодлого, боловсрол, соёл,
шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Улсын Их Хурлын 2015 оны
намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж
хэрэгжүүлсэн ажлын талаар өнөөдөр /2016.02.18/ сэтгүүлчдэд мэдээлэл
хийлээ.

Тус Байнгын хороо 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа, 60
хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 38 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 хууль, /хамт өргөн
мэдүүлсэн 28 хууль/ 4 тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы
нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж батлуулжээ. Мөн тус Байнгын
хорооны бүрэлдэхүүнд байдаг “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг
бууруулах асуудлын дэд хороо” 1 удаа хуралдаж, “Тогтвортой хөгжлийн
зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонссон байна. Байнгын хороо
2015 оны намрын чуулганы хугацаанд 15 хуулийн төсөл, 4 Улсын Их Хурлын
тогтоолын төсөл хэлэлцсэнээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд
10 хууль /хамт өргөн мэдүүлсэн 28 хууль/, 4 Улсын Их Хурлын тогтоолын
төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.

Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд 10 хуулийн төсөл /хамт өргөн
мэдүүлсэн 28 хууль/, 4 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцсэнээс 6
хууль, 3 Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар
хэлэлцүүлж батлуулжээ. Ингэснээр Хамтын тэтгэврийн тухай, Нийгмийн
даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн өв сангийн тухай, Мэргэжлийн
боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд
хамгааллын тухай, Улаан загалмайн эрх зүйн байдлын тухай, Эрүүл ахуйн
тухай, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах
тухай болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг
чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус батлуулсан
гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулав. Мөн тэрээр Хяналт шалгалтын
ажлын талаар болон бусад ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний
эрхийн тухай хуулийн талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Хүүхдийн
эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар, Улсын Их Хурлын
гишүүн А.Бакей Хамтын тэтгэврийн тухай болон Эрүүл ахуйн тухай
хуулиудын талаар, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Улаан загалмайн эрх
зүйн байдлын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,
тэтгэмжийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын
талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Categories
мэдээ улс-төр

ШШГГ-ын харьяа эмнэлэг ирэх сард ашиглалтад орно

Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр 2015 он болон 2016 оны эхний сард эрх зүйн шинэчлэлийн гол хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан нь Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсныг онцолсон юм. Өнгөрсөн онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, Хууль тогтоомжийн, Зөрчлийн, Өршөөл үзүүлэх тухай хуулиуд болон Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 12 хууль батлагдсан бол УИХ-ын ээлжит бус чуулганаарЭрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай, Арбитрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр болжээ.

Эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хууль сахиулахын их сургууль болон хуулийн бусад сургуулиудын сургалтын хөтөлбөр, агуулга, арга барилыг шинэчилж байна.

Бүтээн байгуулалтын хүрээнд Монгол Улсын архив түүхэндээ анх удаа олон улсын жишигт нийцсэн, зориулалтын байртай болсон, тус газрын хуучин байранд Тахарын ерөнхий газрыг нүүлгэн оруулж, байрны асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 120 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил дуусч, 3 дугаар сард ашиглалтад орохоор болсон гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-д зориулсан тохижилтын ажил ирэх сараас эхэлнэ

АСЕМ-ийн өндөр дээд түвшний уулзалтууд долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Иймээс гадаадын зочид, жуулчид ихээр зорчдог Чингисийн өргөн чөлөө буюу 120-ийн уулзвар, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж буюу Хуримын ордны урд тал, Үндэсний соёл амралтын хүрээлэнг тойрсон зам зэрэг 13 гудамж талбайд ногоон байгууламж түлхүү тавьж, тохижуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг нь гарган баталжээ. Гудамж талбайн зам талбайг засах, шинэчлэх, ногоон байгууламжаар хүрээлэх ажилд 21 тэрбум төгрөг зарцуулах ба тохижилтын ажлыг Улаанбаатар нэгтгэл, Захирагчийн ажлын албаныхан ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Гудамж талбайд тусгай савлагаатай мод цэцгийг ихээр тарьж, ургуулах бөгөөд урьдчилсан байдлаар ойролцоогоор 4000 орчим модыг авч, суулган гэсэн тооцоог нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан гаргаад байна. Мөн ирэх гуравдугаар сараас хотын төв гудамж дагуу байрлалтай үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд орчноо цэвэрлэж, тохижуул, халцарч, өнгөө алдсан байшин барилгаа будаж, шинэчил гэсэн шаардлагыг нийслэлээс тавьж, тохижилтын ажилд Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар нэгтгэл, Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллана.

Зөвхөн зочдод зориулж гудамж талбайгаа засаж, тохижуулахаас гадна төсөвт суусан хөрөнгөө үр дүнтэй, бодитой ажилд зориулж, тохижилт хийгдэх бүх зам талбайдаа тал талын судалгаа хийж, тусгай зураг төсөлтэйгөөр бүтээн байгуулалтыг хийнэ гэлээ. Жишээлбэл, эртний нүүдэлчин монголчуудыг илтгэх хагас дугуйрсан тэмээн цуваан хөшөөн жижиг макетийг боловсруулж, хөшөөг барихад бэлэн болсон байна.

2016 онд нийслэл нийт 909 авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтыг хийх жагсаалтыг баталсан. Дээрх зам талбайн ажлын ихэнх нь АСЕМ-ийн уулзалтаас өмнө дуусах шаардлагатай учир тохижилт бүтээн байгуулалтын ажлыг шахуу хөтөлбөртэйгөөр хийж, дуусгах зорилттой ажиллаж байгаа аж. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэн дундуур зам гаргаж, “Шангри-ла” зочид буудалтай холбох зэрэг газартай холбоотой асуудал шийдэгдээгүй хүлээгдэж байна.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Ерөнхий сайдыг огцруулдаг шиг намайг огцруулна гэж байхгүй

МоАХ-ны 26 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбоотойгоор АН-ын дарга З.Энхболд, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Х.Баттулга нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Энэ УИХ-ын үед УИХ-ын гишүүдийн хариуцлага улам дордсон. Өглөө УИХ цагтаа эхэлдэггүй. 26 жилд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 500-4000 ам.доллар болж ес дахин өслөө. Төр засагт ажилладаг улсууд цалингаа авч байгаа бол ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж байгаа боловч энэ УИХ дотор таван намын гишүүд байна. Гурван намын гишүүд ажилдаа ирж, хоёр нь ирэхгүй байна. Өнгөрсөн 26 жилд АН-д дангаар нь засгийн эрх барих боломжийг монголын ард түмэн өгөөгүй байна. Өнөөдөр АН-ын гадаадад томилолттой байгаа нэг гишүүнээс бусад нь бүгд оролцсон. Гэтэл МАХН, МАН-ынхан хуралдаа суусангүй”гэв. Энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдааанаар Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Хүүхэдтэй холбоотой хоёр хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн эцсийн найруулгыг унших ёстой байж. Хэрэв ирц бүрдсэн бол дээрх хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Ирц бүрдэхгүйд хүрвэл эдгээр хууль ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болоод байна. Мөн Татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль гээд маш олон дэвшилттэй хуулийг гаргах гэхээр хуралдаа сууцгаахгүй байгаа талаар шүүмжлэв.

Түүнчлэн “Ерөнхий сайдыг огцруулдаг шиг намайг огцруулна гэж байхгүй. Би угаасаа ийм ааштай хүн. Ааш зангаа өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Цагтаа ирдэггүй хүмүүстэй хариуцлага ярихаар урдаас өрвөлзөөд байх юм” гэв. Одоогийн байдлаар үдээс хойш хэмээн зарласан чуулган эхлээгүй байна.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрхийн тэмцээн Дюселдорфт үргэлжилнэ

Рио де Жанейрогийн зуны 31 дүгээр олимп эхлэхэд таван сар гаруйн хугацаа үлдээд байна. Энэ олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүд төрөл тус бүрт явагдаж, тамирчдын хувьд чухал өдрүүд болж байгаа. Тухайлбал жудо, чөлөөтийн төрөлд гол гол тэмцээнүүд үргэлжилсээр байна.

ПАРИСААС ГУРВАН МӨНГӨ АВЧ, ЕВРОПЫН ЦУВРАЛД ӨНГӨЛӨВ

Саяхан хоёрдугаар сарын эхээр жудо бөхийн Парисын “Их дуулга” болж өнгөрсөн. Энэ удаагийн Их дуулгад 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх барилдлаа. Манай улсаас үндэсний шигшээгийн 20 бөх оролцож, Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг, Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртсэн амжилт гаргаад буй. Тэдний хувьд өөрсдийн жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа. Тодруулбал, Мөнхбатын Уранцэцэг гавьяат -48 кг-ын бөхчүүдийг 3214 оноогоор, Д.Төмөрхүлэг -66 кг-ыг 2285 оноогоор, Д.Сумъяа гавьяат -57 кг-ыг 2600 оноогоор тэргүүлж яваа юм.

Бага дэлхийн аварга гэгддэг Парисын гранд сламын дараа Европын нээлттэй тэмцээн болов. Ингэхдээ эрчүүд Австрийн Оберварт хотод, эмэгтэйчүүд Италийн Ром хотод өрсөлдлөө. Тэрхүү тэмцээнүүдэд манай шигшээгийн эрэгтэй тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг долдугаар байр эзэлж, оролцсон орнуудаас багаараа тэргүүлсэн юм. Харин бүсгүйчүүд Ромын нээлттэй тэмцээнээс нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртэж, гуравдугаар байр эзэлсэн.

ДЮСЕЛДОРФИЙН ГРАН ПРИД МАНАЙ 22 ЖУДОЧ ЗОДОГЛОНО

Тэгвэл маргааш Германы Дюселдорф хотноо дараагийн гран при тэмцээн үргэлжлэх гэж байна. Германд нийт 90 орны эрэгтэй 378, эмэгтэй 234, нийт 612 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд манайхаас 22 жудоч зодоглоно. Тэднийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням болон гавьяат тамирчин Д.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар удирдаж яваа.

Ингээд Дюселдорфийн гран прид оролцох Монголын шигшээгийн тамирчдыг дор танилцуулъя.

Эрэгтэй

60 кг:

  • ОУХМ Ганболдын Хэрлэн
  • ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар

66 кг:

  • ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг
  • ОУХМ Адьяагийн Батсуурь

73 кг:

  • Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир
  • ОУХМ Наранхүүгийн Хадбаатар

81 кг:

  • ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн
  • ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар

90 кг:

  • ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар
  • ОУХМ Гантулгын Алтанбагана

-100 кг:

  • Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр
  • ОУХМ Хутагийн Цогтгэрэл

+100 кг:

  • ОУХМ Баттулгын Тэмүүлэн
  • Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг
  • Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа
  • ОУХМ Адьяасамбуугийн Цолмон

Эмэгтэй

48 кг: Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг

52 кг: Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

ОУХМ Адьяасамбуугийн Цолмон

57 кг: Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумьяа

63 кг: Монгол Улсын гавьяат тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа

ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг

70 кг: ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал

-78 кг: ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд

+78 кг: ОУХМ Одхүүгийн Жавжмаа

УЛААНБААТАРТ ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

“Рио-2016” олимпийн эрхийг авах буухиа чөлөөт бөхчүүдийн хувьд мөн л ид явж байна. Олон улсын олимпийн хороо, Дэлхийн бөхийн нэгдэл, “Рио-2016” олимпийн зохион байгуулах хорооноос баталснаар Риогийн дэвжээнд чөлөөтийн бөхчүүд сонгомол 6, эрэгтэй чөлөөт бөхийн 6, эмэгтэй чөлөөт бөхийн 6 жинд барилдана. Эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, харин бүсгүйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-д олимпийн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Хуваарийн дагуу олимпийн эрх олгох дараахь тэмцээнүүд тамирчдыг хүлээж байна.

1. 3 сарын 4-6-ны хооронд Пан Америк /Америк/
2. 3 сарын 18-20-ны хооронд Ази тивд /Казакстан/
3. 4 сарын 1-3-ны хооронд Африк тивд /Алжир/
4. 4 сарын 15-17-ны хооронд Европ тивд /SRB/
5. 4 сарын 22-24-ний хооронд Эхний буюу сүүлчийн боломж 1 /Монгол/
6. 5 сарын 6-8 хооронд Сүүлчийн боломж 2 /Турк/

Эдгээр сорилгоос “Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн-1“ манай нийслэл Улаанбаатар хотод ирэх дөрөвдүгээр сарын 22-24-нд болно. Улаанбаатарын дэвжээнд сонгомол, чөлөөтийн эхний 3, эмэгтэй чөлөөтөөр эхний 2 бөхөд Риогийн эрх олгох юм.

ААШ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

Харин яг энэ өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотод гурван төрлөөр зохиогдож байна. Манай улсаас 16 тамирчин оролцож буй.

Энэ тэмцээнд оролцож байгаа тамирчдыг дор танилцууъя.

Эрэгтэй

57 кг Содномдашийн Батболд
61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга
65 кг Батчулууны Батмагнай
70 кг Буянжавын Батзориг
74 кг Доржваанчигийн Гомбодорж
86 кг Оргодолын Үйтүмэн
97 кг Доржхандын Хүдэрбулга
125 кг Нацагсүрэнгийн Золбоо
Дасгалжуулагчид
Цэрэнбаатарын Цогтбаяр
Оюунбилэгийн Пүрэвбаатар

Эмэгтэй

48 кг Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг Даваасүхийн Отгонцэцэг
55 кг Ганбаатарын Отгонжаргал
58 кг Энхбатын Гантуяа
60 кг Отгонбатын Оюунтуяа
63 кг Бүрнээбаатарын Нямгэрэл
69 кг Зоригтын Болортунгалаг
75 кг Очирбатын Бурмаа
Дасгалжуулагчид
Буяндэлгэрийн Батбаяр
Түмэндэмбэрэлийн Сүхбаатар

О.БУРМАА АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Азийн аваргын эмэгтэйчүүдийн 63кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Нямгэрэл эхний тойрогтоо гоц мөргөж наймд үлдсэн. Хагас шигшээд үлдэх барилдаанаа Энэтхэгийн тамирчин Анитатай барилдаж 10-0-ээр ялагдлаа. Эмэгтэйчүүдийн 75кг-д зодоглосон О.Бурмаа аваргын төлөө барилдахаар шалгарч үлдлээ. О.Бурмаагийн хувьд ААШТ-ээс гурван мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртсэн. Тэрбээр тивийн аваргын шигшээд ийнхүү дөрөв дэх удаагаа шалгарч үлдлээ. Эхний тойрогтоо Узбекстаны Лалахан Оринбаеваг, хагас шигшээд Казахстаны Гулмаралыг тус тус цэвэр яллаа.

О.Бурмаа аваргын төлөө 2013 оны залуучуудын дэлхийн аварга Рио Абетэй барилдана.