Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

Энэ сарын 15-наас хойш нээлтээ хийх гээд ирц бүрдэхгүй байсан УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр албан ёстоор нээлтээ хийлээ. МАН-ынхан эрх баригчид ирцээ бүрдүүлбэл чуулганы хуралдаандаа орно гэсэн ч өнөөдөр ирсэнгүй. Харин АН-ын гишүүд, Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар ирснээр 52.6 хувийн ирцтэйгээр чуулганыг нээлээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эхний асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Categories
гадаад мэдээ

Анкарад гэмтсэн Монгол хүн байхгүй

Туркийн Анкара хотод энэ сарын 17-ны өдрийн 20:30 цагийн орчимд тус улсын парламентын ордны ойролцоо автобусанд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 28 хүн амиа алдаж, 61 хүн шархадсан. Уг халдлагад Анкара хотод суралцдаг Монгол залуу өртөх дөхсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр дэлбэрэлт болсон газрын ойролцоо байсан бөгөөд тэсрэлтийн долгионд цохигдон газар унасан тухайгаа ярьжээ.

Энэ тухай Элчин сайдын яамнаас мэдээлэхдээ “Тус улсын эрх баригчид уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг аль нэг террорист бүлэглэл хүлээгээгүй байна. Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан, гэмтсэн хүмүүсийн дунд Монгол улсын иргэд байхгүй” гэсэн байна.

Categories
мэдээ спорт

Д.Төмөрхүлэг Дюссельдорфын Гранприд өнжинө

Герман улсад зохиогдох Дюссельдорфын Гранпри өнөөдөр эхэлнэ. Харин 66 кг-д барилдахаар товлогдоод байсан Даваадоржийн Төмөрхүлэг бэртэл авсан учир уг тэмцээнд өнжихөөр болсон бөгөөд 66 кг-ын жинд А.Батсуурь барилдах юм байна .

Тус тэмцээнд манай улсаас 22 жүдоч өрсөлдөх ба шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Ш.Цэвэлмаа нар ажиллана.

Дюссельдорфын Гранприд зодоглох Монгол улсын шигшээ баг:

Эрэгтэй

60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ц.Цогтбаатар

66 кг-д ОУХМ А.Батсуурь

73 кг-д МУГТ С.Ням-Очир, ОУХМ Н.Хадбаатар

81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Н.Даваасүрэн

90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Г.Алтанбаган

-100 кг-д МУГТ, ХБ Н.Түвшинбаяр, ОУХМ Х.Цогтгэрэл

+100 кг-д ОУХМ М.Тэмүүлэн,

Эмэгтэй

48 кг-д МУГТ М.Уранцэцэг

52 кг-д МУГТ М.Бундмаа, ОУХМ А.Цолмон

57 кг-д МУГТ Д.Сумьяа

63 кг-д МУГТ Ц.Мөнхзаяа, ОУХМ Б.Мөнгөнчимэг

70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал

-78 кг-д ОУХМ П.Лхамдэгд

+78 кг-д ОУХМ О.Жавзмаа

Categories
мэдээ улс-төр

Их суудлын хуралдааныг хойшлууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 22-ны өдөр хийхээр товлоод байсан Их суудлын хуралдааныг хойшлууллаа.

Уг хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт өмнө нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр товлоод байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 95 жилийн ойг 03 сарын 16-нд тэмдэглэнэ

Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх тухай” А/117 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” үйл ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13.00–18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулна.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 95 жилийн ойн сурталчилгааны ажилд оролцогч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, үйл ажиллагаа зохион байгуулахад байраар хангаж, үзэсгэлэн гаргах, зочид хүлээн авахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг нийслэлийн Соёлын төв өргөөнд үүрэг болгов. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг дүүрэгтээ тэмдэглэж, үйл ажиллагаануудад иргэдийг оролцуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулган эхлээгүй байна

02 дугаар сарын 19-ний Баасан гарагт 09.00 цагаас:

  • Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт;
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал /үргэлжилнэ/.

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 19-ний Баасан гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын харцага Ц.Содномдорж: Зургаан залуу зааны барилдааныг шимтэн үздэг байсан хүүхэд хожим өөрийгөө түрүүлнэ гэж төсөөлсөн ч үгүй

XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж нар үзүүр түрүү булаалдсан юм.Улмаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж учраа бөхөө өвдөг шороодуулж түрүүлсэн билээ. Улсын харцага Ц.Содномдоржтой ярилцсанаа хүргэе. Ц.Содномдорж 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн бөгөөд түүнийг бөх сонирхогчид уран барилдаантай, биеийн галбир сайхантай бөхчүүдийн нэг хэмээн ихэд хүндэлдэг билээ.

-Таны хувьд сар шинийн барилдаанд түрүүлж, гал бичин жилийг үнэхээр өнгөтэй угтаж байна шүү?

-Тэглээ. Гал бичин жилийн босгон дээрх сар шинийн барилдаанд түрүүлсэндээ бэлгэшээж байна. Монголын ард түмэндээ ирж буй гал бичин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан амгалан байхын ерөөл дэвшүүлье.

-Та Цагаан сарын барилдаанд хэд дэх жилдээ зодоглож байна вэ?

-Ес дэх удаагаа сар шинийн барилдаанд зодоглож байна.

-Өмнөх жилүүдэд хэр амжилттай барилдаж байв?

-2012 оны Цагаан сарын барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж байсан юм байна.

-Монголчууд Цагаан сарын барилдааны өнгөөр үндэсний их баяр наадмын өнгийг шинждэг. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх наадамд өнгөлөх магадлалтай хэмээн бэлгэшээдэг. Таны бэлтгэл ч их сайн байгаа харагдсан?

-Гал бичин жилийн барилдаанд Сэлэнгэ аймгийн харьяат Г.Эрхэмбаяр аваргатай үзүүр түрүүнд үлдэж сайхан барилдлаа. Аваргыг давж түрүүлсэндээ их бэлгэшээж байна. Энэ жилдээ өнгөтэй сайхан байх болов уу гэж бодож байна. Цаашдаа ч энэ өнгөө алдахгүй барилдаануудад зодоглоод явна даа. Тэрнээс би Цагаан сарын барилдаанд түрүүлсэн юм чинь наадмын барилдаанд түрүүлнэ гэж эрт цээжээ дэлдэж болохгүй. Төрийн их баяр наадмаар хэн бэлтгэл сайтай, хэн одтой байна тэр аавын хүү л түрүүлнэ шүү дээ.

-Г.Эрхэмбаяр аваргатай сар шинийн барилдаанд таарч байсан удаа бий юу?

-Г.Эрхэмбаяр аваргатай олон удаа таарч барилдаж байсан. Яг цагаан сарын барилдаанд таарч байгаагүй.

-Бөхчүүд сар шинийн барилдаанд ач холбогдол өгч хөдөө тусгайлан бэлтгэлд гардаг. Таны хувьд бэлтгэлээ хаана базаав?

-Энэ жил хөдөө бэлтгэлд гарч чадсангүй. Хотод л бэлтгэлээ базаалаа.

-Шөвгийн дөрөвт улсын начин Т.Баасанхүүтэй нэлээд ширүүн барилдаан хийсэн. Т.Баасанхүү начин таны хөл рүү хавсарч, бараг л өшиглөөд авна лээ. Та уурласан бололтой их дайрсан, шийдэмгий барилдаан гаргаж харагдсан?

-Яахав дээ. Барилдааны үеэр бөхчүүд бидний хооронд тиймэрхүү юм байж л байдаг. Т.Баасанхүү санаатай тэгсэн үйлдэл бол биш байх. Барилдааны явцад тиймэрхүү шатаж барилдах тохиолдол бишгүй л бий. Барилдааны дараа, эсвэл дараа дараачийн барилдаан болоход мартагдчихдаг л зүйл.

-Таныг хүүхэд байхад танайх сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байв уу. Дурсамжаасаа хуваалцаач?

-Эрт дээр үеэс өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ сайхан баярыг монголчууд их дээдэлж тэмдэглэдэг. Манай гэр бүлийнхэн өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг байсан. Хүүхэд байхдаа айл хөршийн багачуудтай нийлж суугаад шагай тоглоно. Морь уралдана. Миний бага нас Тосонцэнгэлд л үлдсэн дээ. Хөдөө нутаг ямар билээ бусад хүүхдийн л адил мал хуй хариулж өссөн. Анх 2002 оноос бөхийн спортоор хичээллэсэн. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Мөнхсүх гэж хүнтэй багш шавийн барилдлагатай болж байлаа.

-Хүүхэд байхдаа сар шинийн барилдааныг шимтэн үздэг байсан биз?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд байхдаа цагаан сар, наадмын барилдааныг их үзнэ.

-Аль бөхийг дэмждэг байв?

-Намайг хүүхэд байхад зургаан залуу заан ид гарч ирж байсан үе. Шижигнэсэн сайхан зургаан зааны барилдааныг тэсч ядан хүлээж үздэг байлаа ш дээ. Хүүхэд л болсон хойно энэ ах нар шиг ийм сайхан бөх болохсон гэж дотроо битүүхэн мөрөөснө. Харин өнөөдөр шимтэн үздэг барилдаандаа өөрөө зодоглож түрүүлэн, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээгээд явж байна. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхав. Зургаан залуу зааны барилдааныг шимтэн үздэг байсан хүүхэд хожим өөрийгөө түрүүлнэ гэж төсөөлсөн ч үгүй.

-Та сар шинийг хэрхэн тэмдэглэв?

-Би өглөө зүг чигээ гаргаж, нар харчихаад аав, ээждээ очиж золгодог. Болж өгвөл Хөвсгөл нутаг, тэр дундаа төрсөн нутагтаа очиж уул, усандаа залбирч мөргөөд, тайгаар явж сайхан амраад ирэхийг боддог.

-Аав, ээж тань хотод өвөлжиж байна уу?

-Миний аав Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Харин манай ээж Төв аймгийн Алтанбулаг сумынх. Одоо хоёр буурал маань хотод амьдарч байгаа. Энэ жил сар шинийн барилдааны түрүү хүртэж, эцэг эх, гэр бүлийнхнээ баярлууллаа.

-Та аймгийнхаа наадамд хоёр жил дараалан түрүүлсэн байх аа?

-Тэгсэн. 2006 онд төрсөн нутаг Хөвсгөл аймгийнхаа наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн. Хойтон жил нь Хөвсгөл аймгийнхаа наадамд дахин түрүүлж Хурц чимэг хүртсэн.

-Аймгийн цолноос улсын цол хүртэнэ гэдэг залуу бөхчүүдийн хувьд амаргүй даваа. Харин таны хувьд ердөө хоёр жилийн дараа Монгол Улсын начин цолыг хүртсэн байдаг. Ер нь амжилтыг тань хараад байхад хоёр, хоёр жилийн үечлэлтэй харагддаг шүү?

-Төрүүлж өсгөсөн эцэг эх, нутаг ус, бөхөд хөтөлсөн ах дүү нарын л буян. 2009 онд Үндэсний их баяр наадмын тавын даваанд Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй улсын начин байх үед тунан барилдаад давж, Монгол Улсын начин хэмээх эрхэм цолонд хүрч байлаа. Улсын цолонд хүрнэ гэдэг залуу бөхчүүдийн туйлын хүсэл мөрөөдөл байдаг. Их ч баярлаж билээ. Харин хоёр жилийн дараа 2011 онд улсын наадамд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн. Монгол Улсын заан Б.Батмөнхөөр зургаа давж, харцага цолны болзол хангасан юм.Үүнээс хойш наадам бүрт л цолоо ахиулах зорилго тавьж, бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Өнгөрч буй хонь жилд цол ахиулах боломжоо атгаад алдсан шүү. Бөх сонирхогчид ялангуяа Ц.Содномдоржийн уран барилдааныг үзэх дуртай үзэгчдийн хувьд шүүрс алдаад өнгөрсөн дөө?

-Миний хувьд төрийн их баяр наадамд гурван удаа шөвгөрсөн. Өнгөрсөн наадамд зургаа давж цолоо баталлаа. Сайхан л амжилт.

-Өнгөрч буй хонин жилд чамгүй сайхан амжилт гаргалаа. Сар шинийн өмнөхөн чансаа өндөртэй найман бөхийн дөрөвт бичигдсэн?

-Ер нь нэг их барилдаан алгасаагүй шүү. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд болсон “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд би түрүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат “Алдар” спорт хорооны тамирчин, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэсэн. Миний хувьд өнгөрсөн жилийн барилдаан болгонд зодоглоод явсан. Ирж буй гал бичин жилд ч гэсэн амжилтаар дүүрэн сайхан жил байх болов уу.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Мөнхбат: Олон хүний итгэлийг хэн нэгэн хүн хагалан бутаргаж болохгүй

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар өөрийг нь Ерөнхийлөгч болгохгүйн төлөө зүтгэж байгаа бүлэглэлүүд намыг нь оролдож байгаа тухай олон нийтэд мэдээлсэн. Тэрээр ХҮН-д ямар нэг хагарал гараагүй гэж мэдээлсэн ч ажиглагчид намын жагсаалтаар улс төрд орж ирэх сонирхолтой залуу гишүүд нь өөрсдөө дотроосоо хагарал гаргаж байгаа ч гэж үзэж байгаа юм.Түүнийг мэдээлэл хийсний дараа тус намын гишүүдийн төлөөлөл Хэвлэлийн хүрээлэнд хурал зарлаж, хууль бус тушаал гаргасан намын дарга С.Ганбаатарыг огцрох ёстой гэсэн юм. Энэ үеэр ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга Ө.Мөнхбаттай ярилцлаа.

-Танай намын дарга мэдээлэл хийхдээ нам дотроо хагарал гараагүй, бүх зүйл хэвийн байгаа гэж хэлсэн. Гэтэл та бүхэн арай өөр зүйл яриад байх юм?

-ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлөх, ХҮН-ын Хариуцлагын ерөнхий хороог түдгэлзүүлэх тушаалд С.Ганбаатар дарга гарын үсэг зурсан, энэ сарын 8-ны өдөр. Тэгэхээр үүнийг “Манай нам дажгүй байгаа” гэх нь ташаа мэдээлэл болов уу гэж харж байна.

-Ерөнхий нарийн бичгийн даргаа чөлөөлж, дээр дурдсан хороог түдгэлзүүлэх болсон шалтгаан нь юу байсан юм бол?

-Нэгдүгээрт, намын дарга Хариуцлагын ерөнхий хороог татан буулгах эрхгүй. Ямар ч үндэслэлгүй тушаал гаргасан. Уг тушаалд нь ямар ч тамга байхгүй. Аливаа албан байгууллага албан ёсны бланк дээр гарын үсэг, тамгатай баримт үйлддэг биз дээ. Гэтэл үүнийг хар. Ямар ч тамгагүй, зүгээр л цаас. Энэ нь манай намын дүрмийг зөрчөөд байгаа байхгүй юу.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар намынхаа дүрмийг бүрэн гүйцэд уншиж танилцаагүйгээс ийм тушаал гаргачихлаа гэж үү?

-Дүрмээ уншмаар л юм. Энэ чинь 01 дугаартай тушаал нь шүү дээ. Би хэрвээ намын даргын оронд байсан бол битүүний бэлгэшээлтэй өдөр, эрхэм хүндэт гишүүд, ахмадуудтайгаа хэрхэн хэзээ яаж золгох вэ, золголтоо яаж зохион байгуулах вэ гэж төлөвлөгөөгөө ярилцаад суух байсан. Гэтэл С.Ганбаатар даргын гаргасан уг тушаал нь шууд л хүнийг ажлаас нь халж, бүхэл бүтэн намын хамгийн том байгууллагыг түдгэлзүүлсэн. Үүнийг байж болохгүй зүйл гэж үзээд байна л даа.

-ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Доржхандыг улс төрийн талаасаа нэлээд төлөвшсөн, цаашаа явах залуу гэж харж байсан ч түүнийг зориуд унагачихлаа гэж үзэх хүмүүс байна?

-Манай намд сайн сайн залуус зөндөө байлгүй яахав. Гэхдээ би У.Доржханд ийм тийм гэж яримааргүй байна. Бид дүрэмтэй, зарчимтай. Зөвхөн дүрэм, зарчмынхаа дагуу л үйлдэл хийх ёстой.

-Та намын даргадаа нээлттэй захидал илгээсэн?

-Хариу ирээгүй байгаа. Хариуцлагын ерөнхий хороондоо үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд маань асуулга тавих байх аа. Болж байгаа үйл явдлыг хүмүүс өөр өөрсдийнхөө өнцгөөс харах байх. Тэгэхдээ бид дүрэм, журамтай нам юм чинь түүнийхээ дагуу асуудлаа шийдэж чадна. Маш олон хүний итгэлийг хэн нэгэн хүн хагалан бутаргаж болохгүй. Манай дарга намын хурал дээр “Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж хэлсэн. Энэ нь зөв. Гэхдээ Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн бэлгэдэл. Айлаар бол аав нь шүү дээ. Цагаан сарын урд өдөр, битүүнд энэ асуудлыг эвлэрүүлж, гишүүдээ уулзуулж, ойлголцохгүй байгаа асуудлыг нь шийдүүлэх нь намын даргын үүрэг байсан. Гэтэл үүний эсрэг явж байгаад маш их харамсч байна. Ерөнхийдөө бол С.Ганбаатар дарга ч тэр, бид ч тэр дүрмийнхээ дагуу зохих хороондоо асуудлаа шийдүүлээд явах болно.

-ХҮН-ын залуу гишүүд болж байгаа үйл явдалтай холбогдуулж үзэл бодлоо янз бүрээр илэрхийлж байна л даа. Тэр дундаа таныг хүмүүс онцолж “УИХ-ын гишүүн асан Ц.Өөлдийн хүү Мөнхбат ч чигтэй юм ярих залуу” гэж харж байх шиг байна?

-Бид хариуцлагатай байх ёстой. Намын гишүүн болохоороо хариуцлагатай байгаад гишүүн биш болчихвол хариуцлагагүй байна гэж болохгүй шүү дээ. Бид бүгд сайхан ээж, аавууд. Бид хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай, зарчимч байхын тулд л энэ алхмыг хийгээд явж байна, миний хувьд. Тийм болохоор зарчмаасаа хазайчихгүй юмсан. Ноён нуруугаа алдчихгүй юмсан. Энэ олон хүний итгэлийг буруу тийш нь залчихгүй юмсан гэдэг хатуу байр суурин дээрээ л байна. Түүнээс биш хувь хүн рүү чиглэсэн байдлаар хандахгүй. Ерөөсөө л зарчим ярина. Дүрмээ л ярина.

-С.Ганбаатар гишүүн өөрийг нь Ерөнхийлөгч болгохгүй гэж зүтгэж байгаа бүлэглэлүүд байгаа тухай ярьсан?

-Аливаа асуудал баримттай л байх ёстой. Хэн тэгээд байгаа юм, яачихсан юм гэдгийг мэдэхгүй байна. Тэр бүлэглэлээ олох нь С.Ганбаатар даргад гэрийн даалгавар болоод л үлдэх шиг боллоо. Ер нь баримттай байх ёстой.

-Цагаан сараас хойш та бүхэн намынхаа даргатай уулзаагүй байгаа хэрэг үү?

-Уулзаж амжаагүй байна. Ажлаас чөлөөлөгдсөн гээд байгаа У.Доржханд, уг нь чөлөөлөгдөөгүй л дээ. Генсек маань хамт олонтойгоо золгох гээд очтол намын байр руу оруулаагүй байх жишээтэй. Монгол хүн байна даа, сайхан золгоцгоож болох л байсан. Үүнийг харахаар бас л жаахан зарчимгүй юм уу даа л гэж бодогдож байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Төрийн хэргийг түвшин сайхан баривал…

Хүүхэд байхдаа уншиж байсан “Чойжид дагинын
тууж”-ийг саяхан нэг эргүүлэн уншлаа. “Болор судар” хэвлэлийн газраас эртний алдарт
зохиолууд болох “Оюунтүлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч “Цаасан шувуу” хэмээх сургаал”,
“Тоть шувууны сургаал”, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”, “Орчлонгийн сав, шимийн
дууллаас”, “Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг”, “Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх
шастир оршвой”, “Чойжид дагинын тууж”, “Молон тойны эхдээ тус хүргэсэн нэрт судар
оршивай” хэмээх есөн бүтээлийг “Эртний сургаалын зохиолууд” болгон эмхэтгэсэн нь
хүүхэд залууст нэг дорын бүтээл болгон хүргэх гэснийх ажээ. Хүний энэ насандаа хураасан
буян, бүтээсэн бүхэн ирэх насны амар амгаланг бэлгэдэж, хийсэн нүгэл, муу үйл бүхэн
бас туулан өнгөрөх зовлон болдог гэдгийг эртний зохиол бүтээлд нягт нарийн өгүүлжээ.
36 насандаа нэр, нас андуурагдан эрлэгийн үүдийг татсан Чойжид бүсгүй 18 тамыг нэг
бүрчлэн үзэж, 18 тохиол учралыг нүдээр харж байгааг өгүүлдэг. Харин энэ дундаас
өнөөгийн төрийн түшмэдэд хэрэг болуужин хэмээн нэгийг нь ишилье. Хөх торгон дээлтэй
залуухан түшмэл Хятадын Сүн хааны дотоод яамнаа алба хашиж байгаад тэнд очжээ. Эрлэгийн
түшмэд түүний хийснийг толь данснаа үзээд хууль ёсыг сайн чандлан сахиж, муу нүглийг
хийсэнгүй. Хэрэг буруу шүүсэнгүй, ямагт зөв шийдэж ирсэн тул тэнгэрийн арван долоон
төрлийн дотроос зөв онолтой ариун тэнгэрийн орны хөвгүүнээр дахин төрүүлэхээр болдог.
Харин тэрхүү түшмэл цааш баярлан одохдоо “Ноёд түшмэдүүдэд төрийн хэргийг түвшин
сайхан барьж, үнэнч шударга шийдвэл жаргалыг эдлэх юм байна шүү хэмээн захиарай”
гэж байгааг өгүүлдэг. Тэгэхээр энэ насандаа чадаад байгаа, болоод байгаа юм шиг
бодож өөрийг илүүд бодож, өрөөлийг хохироогоод байхад дэнс нь цаанаа эргэж л байдаг
байх нь шүү. Бас төрийн хэргийг түвшин сайхан барихад ач тус нь энэ насанд үгүй
юм гэхэд ирэх насанд ирдэг ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвөл морь уралдуулахгүй бол үхлээ юу, М.Энхболд дарга аа

Монголчуудын эрийн гурван наадмын нэг, хэдэн зуун жилийн турш дамнан бидэнд уламжлагдан ирсэн их цэнгэлийн нэг бол морин уралдаан. Газар холыг туулан шандас заан ирэх хурдан морьдын уралдааныг үзсэн хэнбугай ч болов хоолой зангиран, өөрийн эрхгүй гарах нулимсаа арчин уухайлан суудаг билээ. Энэ бол ажнай хурдан хүлгүүдээрээ, уяа сойлгыг тохируулагч тод манлай уяачдаараа, гийнгоо хадаан дэрвэх унаач хүүхдүүдээрээ, ер нь бол монгол уламжлал, монгол хүн болж төрснөөрөө бахархах нэгэн их давхцал, сэтгэлийн цэнгэл. Харин сүүлийн жилүүдэд морин уралдаан уламжлалт гэдэг утгаа алдан, өнгө мөнгөтэй хэдхэн хүний зугаа болсны нэгэн жишээ нь өвлийн уралдаан юм. Хасах 30 градусын хүйтэнд чөмгөө царцтал даарах хүүхэд, хөлс нь хөлдөж цасан бүрхүүлтэй ирэх олон морины зовлонгоор наадах эрхмүүд харин чонон дах нөмөрч, дулаан жийпэндээ тухалж баярладаг. Тиймээс “Өдрийн сонин” өвлийн морин уралдааныг хамгийн их шүүмжилж, эсэргүүцсэн нийтлэл бичиж байсны үр дүнд өдгөө хасах гуч, дөчин градусын хүйтэнд морь уралдуулахаа бараг болиод байлаа.

Өнөө жилийн хувьд өвөл нь их цас орж, онцгой хүйтэрсэн, нөгөө талаар малын халдварт өвчин гарч байгаатай холбоотойгоор Хөвсгөл, Төв зэрэг зарим аймгийн Засаг дарга нар тавдугаар сар хүртэл нутаг дэвсгэртээ морин уралдаан зохион байгуулахгүй байх захирамж гаргасанд нь олон хүн талархал илэрхийлж байв. Гэтэл МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны санаачилгаар Хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт гуравдугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Мэдээж, дээд шатных нь байгууллага ийм шийдвэр гаргасан болохоор Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат өөрийн гаргасан захирамжаа өөрчилж, хугацааг нь цуцалсан байна. Тэрбээр энэ тухайгаа “Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах болсон гол шалтгаан бол малын гоц халдварт өвчин зарим сумын нутагт гарсантай холбоотой. Нийслэл Улаанбаатар хот болон Багануур дүүрэгтэй хил залгаа орших Эрдэнэ, Баяндэлгэр, Баянчандмань, Мөнгөнморьт суманд малын цэцэг өвчин гараад байгаа. Тиймээс хурдан морь уралдуулахгүй байхаар тогтсон юм. Гэвч Засгийн газар Дүнжингарав уралдааныг хийхээр шийджээ. Энэ бол буруу үйлдэл биш. Хуульдаа дээд шатны засаг захиргааны байгууллага нь доод шатны байгууллагын шийдвэрийг цуцлах эрхтэйгээр заасан байдаг. Тиймээс би захирамжаа цуцалж болно.

Гэхдээ орон нутгийн хэмжээнд гаргасан захирамжаа эргэн хэлэлцэх болно. Малын өвчний тархалт, цаг агаарын байдал ямар байхыг нягтална. Мөн Морин спорт, уяачдын холбоо болон Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхантай гурвалсан гэрээ хэлцэл хийнэ. Унаач хүүхдийн хамгаалалт, даатгалыг онцгой анхаарч ажиллахыг чухалчилна. Цаг агаарын байдлыг мөн харгалзана. Цасан шуургатай, салхи ихтэй зэрэг таагүй нөхцөл байдал үүсэхгүй тохиолдолд хурдан морь уралдуулахад татгалзах зүйлгүй” гэж тайлбарлажээ.

Хэдийгээр монгол тооллоор хаврын тэргүүн сар хэмээн бид Цагаан сараа тэмдэглэдэг ч яг жинхэнэ утгаараа дөрөв, тавдугаар сараас л монгол нутагт хавар эхэлдэг. Цас хайлж, ногоо цухуйж, энэ үеэс л хүн малын нуруу тэнийдэг. Тэгтэл М.Энхболд дарга тэргүүтнүүд Цагаан сар болов уу, үгүй юу төвийн бүсийг хамарсан том уралдаан зохион байгуулахаар яаравчиллаа. Өдийд дулаарлаа дулаарлаа гэхэд малгайгүй явахад чих тас хөлдөм хүйтэн хэвээрээ л байна. Хөндийн жаварт чөмөг царцмаар жавар хургасан янзаараа л байна. Юундаа яарна вэ, өвөл морь уралдуулахгүй бол үхлээ юу, М.Энхболд дарга аа. Үнэхээр тэгж их дурлаад, өвөл морь уралдуулах гээд байгаа бол морин тойруулгаа бариад, зориулалтын зам дээр, зохих заавар журмынх нь дагуу уралдаанаа хийх эрх нь нээлттэй байна. Дэлхий даяар яаж морь уралдуулж байна, тэр зарчмаар л явах хэрэгтэй.

Одоогийн нөхцөлд ядаж нэг сарын дараа морин уралдаан зохион байгуулсан бол цас ханзарч, цаг наашлах байлаа. Унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд ч эрсдэл багасна. Ядаж уралдаж буй морьдод ч халгаа бага гарна. Нөгөөтэйгүүр морин уралдааныг үзэж сонирхох, хийморь юугаа сэргээх гэсэн үзэгч түмэнд тав тухтай байхсан. “Дүнжингарав” төвийн бүсийн наадамд оролцох уяачдын тоо ч нэмэгдэж, жинхэнэ утгаараа наадам болох байв.

Ирэх зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Морь уралдуулж, монгол ёс мэддэгээ гайхуулж санал авах сонирхолтой нэр дэвшигчдийн цуваа ингэж эхэллээ. Ер нь тэгээд морь уралдуулж улс төр хийж сонгуульд ялдаг цаг өнгөрсөн шүү дээ.

Г.Дарамсүрэн