Categories
мэдээ нийгэм

Хүүхэд газ үнэрлэн мансуурсан хэрэг дахин гарчээ

Саяхан 17 настай хүүхэд газ үнэрлэн амь насаа алдсан хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны 50-р сургуулийн урд талын тоот байрны орцонд тус дүүргийн 12-р хороонд суух 13 настай эрэгтэй Г, 16 настай эрэгтэй А нар ахуйн хэрэглээний хий үнэрлэж мансуурсан хэрэг гарсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Өсвөр насныхан газ үнэрлэж мансуурах явдал буурахгүй байгаа тул эцэх эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

АТГ-аас Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хариу ирүүлжээ

Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авахаар Засгийн газраас АТГ-т албан бичиг хүргүүлсэн билээ. Уг бичгийн хариуг ажлын 10 хоногт багтаан буцаан хүрогүүлэх учиртай бөгөөд АТГ-ын дарга Н.Ганболд 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 01/1043 дугаартай албан тоот бичгийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгод хаяглан ирүүлжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагын үйлчилгээг цахим гарын үсгээр авна

Манай улс цахим гарын үсгийн хэрэглээг ирэх гуравдугаар сарын нэгний өдрөөс нэвтрүүлэхээр болсон. Энэ нь хувь иргэн, аж ахуйн нэгж аль алинд нь давуу боломж олгоно гэж албаныхан үзэж байгаа. Цахим гарын үсэгтэй болсноор иргэд өөрийн биеэр очилгүй гарын үсгээ шуудангаар илгээж төрийн үйлчилгээг авах боломжтой болно. Ингэхдээ иргэн бүрийг гарын үсэгтэй болохыг шаардахгүй бөгөөд иргэд сайн дураараа гарын үсэг авна. Харин цахим гарын үсэг авахдаа өөрийн иргэний үнэмлэхтэйгээ Бүртгэл статистикийн ерөнхий газрын салбар нэгжүүдэд ирж бичилт хийлгэж, цахим гарын үсэгтэй болсон иргэд Нийгмийн халамж үйлчилгээний газар, Худалдан авах ажиллагааны газар, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гааль татварын ерөнхий газрын үйлчилгээг авахдаа цахим гарын үсгээ ашиглана.

Гарын үсгийг иргэд нэг жилийн хугацаатай 5000 төгрөгөөр авна. Харин албан байгууллагууд явуулж буй үйл ажиллагааны төрлөөс хамаарч цахим гарын үсгийг 40-230 мянган төгрөгөөр авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 150 гаруй оронд хэрэгжиж байна.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь Монголд 1994 оноос хэрэгжиж эхэлсэн ба жилд 4-5 оюутан хамрагддаг байсан. Харин 2011 оноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарсан хоёр дахь Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийг эхлүүлснээс хойш АНУ-ын ЭСЯ-аас тус хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулж, жилд дунджаар 13-15 оюутан хамруулж байна. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нэг жилийн хугацаанд үргэлжилж, шалгарсан оролцогчид өргөдөл гаргасны дараа жилийн зун нь хөтөлбөрөө эхлүүлдэг ба АНУ дахь мастерын хөтөлбөрүүдийн дийлэнх нь 1-2 жил үргэлжилдэг. Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой судлаач оюутнуудыг Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас шалгаруулах бөгөөд өргөдөл гаргагчдыг сонгохдоо Америк, Монгол хоёр орны харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд тэдний хийх судалгааны ач холбогдол, Америкийн сургалтын орчинд амжилттай сурах бололцоо зэргийг харгалзан үнэлэх юм байна.

Дор дурдсан бүх зардал нь зөвхөн тэтгэлэгт хамрагдагчид зориулагдсан болно.

Тээврийн бүх зардал:Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);

Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид сар болгон байр сууц, хоолны болон бусад холбогдох зардлын тэтгэмж авна;

Сургалтын төлбөр:Фулбрайтын тэтгэлэг нь бүх зардлыг даана;

– Хөтөлбөрийн удиртгал уулзалт:Уулзалтад оролцох буудлын, хоолны, эрүүл мэндийн, сургалтын зэрэг бүх зардлыг Фулбрайт даана;

Эрүүл мэндийн даатгал:Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;

Визний зардал:АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;

Аяллын тэтгэмж:Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.

Суурьших зардал: Оролцогчид хөтөлбөрийн эхний сард нэг удаагийн ном, лаптоп зэрэг худалдан авах тэтгэмж авна.

Дараахь гурван сонгон шалгаруулалтад тэнцэгчид хөтөлбөрт хамрагдана.

1. Тухайн улс дахь шалгаруулалт:

Эхний шат нь тухайн улсын буюу Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны шалгаруулалтад тэнцэх.

2. Фулбрайтын сонгон шалгаруулах зөвлөлийн (FSB) шалгаруулалт:

Элчин сайдын яамнаас нэр дэвшсэн бүх оролцогчид FSB-аар зөвшөөрөгдөх шаардлагатай. FSB-ын гишүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч томилдог ба зөвлөл нь Фулбрайт хөтөлбөрт нэр дэвшигдсэн дэлхийн бүх оролцогчдыг зөвшөөрөх эсвэл татгалзуулах эрхтэй.

3. АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах шат:

Эцсийн шалгаруулалт нь АНУ-ын ид дээд сургуульд амжилттай элсэх. Фулбрайтын хөтөлбөрт хүсэлт гаргагч нь өргөдөл гаргах шатанд АНУ-ын их дээд сургууль тэнцсэн байх шаардлагагүй болохыг анхаарна уу. Фулбрайт хөтөлбөрийн бүх оролцогчдын их дээд сургуулийн өргөдлийг явцыг АНУ-ын Засгийг газартай гэрээлэгч байгууллага буюу Олон улсын боловсролын институтээс (IIE) хариуцан явуулдаг. Олон жилийн туршлагатай тус мэргэжлийн байгууллага нь оролцогчийн сурлагын үзүүлэлт, сургалтын төлөвлөгөө, зорилт зэрэгт тулгуурлан оролцогч бүрд тохирсон хөтөлбөр бүхий их дээд сургуулиудыг тодорхойлж, өргөдөл гаргадаг. Хөтөлбөрт өргөдөл гаргагчид өргөдлийн маягт дээр өөрсдийн сонирхсон сургуулийг заах боломжтой.

Фулбрайтын хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгаа чиглэлээр зарлагддаг.

Монгол Улсын Засгийн газраас судалгааны тэргүүлэх чиглэлийг жил бүр харилцан адилгүй шинэчлэн тогтоодог ч хоёр хөтөлбөр хоёулаа нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны дийлэнх салбарыг хамардаг. Тэдгээрийн заримаас нь дурдвал:

  • Америкийн уран зохиол
  • Бизнес (бүх салбарын)
  • Харилцаа
  • Хот төлөвлөлт
  • Эдийн засгийн хөгжлийн ухаан
  • Эдийн засгийн ухаан
  • Сурган хүмүүжүүлэх
  • Хүрээлэн буй орчны судалгаа
  • Дүрслэх урлаг, тайзны урлаг
  • Олон улсын харилцаа » сэтгүүл зүй
  • Хууль зүй
  • Номын сан судлал
  • Мэдээллийн технологи, мэдээллийн системийн менежмент
  • Олон нийтийн удирдлага
  • Эрүүл мэнд
  • Нийтийн бодлого, төлөвлөлт
  • Нийгмийн ажил
  • Англи хэлийг гадаад хүнд заах арга зүй (TESOL)
  • Эмэгтэйчүүдийн судалгаа/ Жендер болон хөгжлийн асуудлууд/ зэрэг багтдаг.

Хөтөлбөрт хамрагдагчдад дараахь үндсэн шалгуурууд хамрагдана. Үүнд:

1. Монгол Улсын иргэн бөгөөд Монголд оршин сууж байх;

2. Доод тал нь 1.5 жилийн ажлын туршлагатай байх;

3. Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэгтэй байх);

4. Англи хэлний чадвар сайтай байх (IBT-ын 90, Institutional TOEFL-ын 575 болон түүнээс дээш оноотой байх);

5. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай (АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу).

Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны вэбсайт, “Өдрийн сонин” зэргээс харах боломжтой ба 7007-6001, pasexchanges@usembassy.mn -ээс авна уу.

Жич: Визтэй холбоотой аливаа асуудлаар UlaanbaatarNIV@state.gov-д илгээнэ үү.

Categories
мэдээ спорт

Боксчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Бразил улсын Рио-Де-Жанейро хотноо зохиогдох XXXI удаагийн олимпийн наадмын эрх авах эхний тэмцээн ирэх сарын 23-нд урд хөршийн Тян Шанд болно. Тус тэмцээнд манай орноос улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид оролцож байгаа юм. Тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 3 жинд нийт 12 тамирчин өрсөлдөнө. Тодруулбал,

Эрэгтэй:

49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ

52 кг-д ОУХМ Х.Энх-Амар

56 кг-д ОУХМ Э.Цэндбаатар

60 кг-д Ази тив болон Азийн наадмийн аварга ОУХМ Д.Отгондалай

64 кг-д ОУХМ Б.Чинзориг

69 кг-д ОУХМ Б.Түвшинбат

75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр

81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр

91 кг-д Д.Ерболот

Эмэгтэй

51 кг-д ОУХМ М.Нандинцэцэг

60 кг-д ОУХМ О.Сувд-Эрдэнэ

75 кг-д Э.Эрдэнэтуяа нар улсаа төлөөлөн оролцоно.

Тус тэмцээний эрэгтэй алт мөнгөн медальтан эрхээ шууд авах бол хүрэл медаль хүртсэн хоёр тамирчин хоорондоо өрсөлдөж ялсан нь олимпод оролцох эрхээ авна. Харин эмэгтэй жин тус бүрээс алт мөнгөн медаль хүртсэн тамирчид Риог зорих аж. Эмэгтэйчүүдийн хоёр дах эрхийн тэмцээн Казахстаны нийслэл Астанад болох ДАШТ юм. Уг тэмцээнд эхний гурван байрт шалгарсан тамирчид олимпод оролцоно.

Сүүлийн эрх авах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо зургаан сарын 14-26 болох бөгөөд дэлхийн бүх эрх аваагүй улсууд оролцож эхний таван байрт шалгарсан тамирчид олимпийн эрхээ авснаар Рио-Де-Жанейро хотод болох олимпийн наадмийн боксийн төрөлд оролцох тамирчид тодрох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт хамрагдаж байгаагүй хүүхдүүдийг 219 дүгээр цэцэрлэгт бүртгэнэ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны 219 дүгээр цэцэрлэгт өнөөдрөөс 2-5 настай хүүхдийг бүртгэж эхэллээ. Энэ удаад өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байгаагүй хүүхдүүдийг бүртгэх аж. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ эх хувь /хуулбартайгаа/, эцэг эхийн иргэний үнэмлэхний эх хувь /хуулбартайгаа/, 2 хувь цээж зурагтайгаа ирэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж тарган тавтай хаваржиж байна уу?
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 26 хүртэлх хугацаанд хуралдуулахаар миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, хэлэлцэх асуудлуудыг баталсан.
Энэхүү ээлжит бус чуулган нь татварын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно. Тухайлбал, бид Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлж, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгоход Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын зорилго оршиж байна.
2006 онд батлагдан өнөө хүртэл мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар аж ахуйн нэгжүүд нь 3 тэрбум төгрөг хүртэлх татвар төлөх орлогоос 10 хувь, 3 тэрбум төгрөгнөөс дээш давсан татвар төлөх орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар төлдөг. Уг хуулийн шинэчилсэн найруулгад, орлогын татварын дээд шатлал буюу 25хувиар татвар ногдуулах босгыг 10.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, эдгээр татвар төлөгчийн татварын тайлан тооцоо хийх давтамжийг бууруулж, хялбаршуулахтай холбогдсон заалтуудыг төсөлд тусгасан нь баялаг бүтээгчдийг дэмжин урамшуулах чухал ач холбогдолтой юм. Мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах зохицуулалтыг 2018 он хүртэл хойшлуулахаар заажээ. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлд иргэдийн мөнгөн хуримтлалыг үргэлжлүүлэн урамшуулах, банкны салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн илүү тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм.
Өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад түүхэн чухал ач холбогдолтой Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг баталсан бол эдгээр хуулийн бодитой хэрэгжих нөхцлийг хангахад зайлшгүй шаардлагатай хуулиудыг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөлөө. Эдгээр нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, эдгээртэй холбогдох бусад хуулиудын төслүүд юм.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь хууль, шүүхийн өмнөх тэгш байдлын зарчим, хүний халдашгүй эрхийг хангах, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтооход чухал ач холбогдолтой.
Хууль сахиулах тухай хуулийн төслийг шүүх эрх мэдлийн болон эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах ажиллагаатай холбоотой хуулиудын давхардал, хийдлийг арилган, олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн, зөвхөн хуульд заасан үндэслэл, арга хэрэгсэл, журмын дагуу хэрэгжүүлэх, хүний эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалтыг хуульчлан тогтоох шаардлагын дагуу боловсруулан, өргөн мэдүүлжээ. Уг хуулийг хэлэлцэн батлах нь эрх зүйт төр, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бэхжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр болох юм.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах шаардлага нь цаг хугацааны хүчин зүйлээс улбаатай нөхцөл байдлын өөрчлөлт, мөн Эрүүгийн хуулийг шинээр баталсантай холбогдон үүсэж байна.
Эдгээр хуулийг хууль санаачлагчийн зүгээс өмнө өргөн мэдүүлж байсан боловч үзэл баримтлалын шинжтэй болон зарчмын зөрүүтэй санал ажлын хэсэг дээр олон зуугаараа гарсан учраас Засгийн газраас хуулийн төслүүдийг буцаан татаж, эдгээр саналуудыг тусган дахин боловсруулж өргөн мэдүүлсэн байна. Эдгээр төслийг боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажил, хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгийн материал, үндэсний хэмжээний зөвлөгөөн, чуулганаас гарсан зөвлөмжүүд, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ, конвенци, бусад орны холбогдох хуулиудыг харьцуулан судалж олон арван байгууллагаас ирүүлсэн саналыг тусгасан тул эдгээр төслүүдийг энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломж үүссэн гэж үзэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нааштай алхмууд гарсан ч энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Өмнө дурдсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадвал жил гаруй хүлээгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгыг цаг алдалгүй батлах бүрэн боломжтой.
Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Засгийн газар хоёр хөршөөс цахилгаан авдаг хязгаар нутгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдний ахуйн хэрэглээнд зориулж хөрш орнуудаас авдаг цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 он хүртэл чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг энэхүү чуулганаар хэлэлцэнэ.
Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн гарын үсгийг харгалзах хоёр талууд зурсан тул эдгээр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэн баталья.
Эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаандаа оролцож, дээрх хуулиудыг хэлэлцэн батлахыг хүсье.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт олгоно

Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногоос олгохоор боллоо. Монгол банк руу мэдээллийн файлыг энэ сарын 15-нд явуулсан байна. Харин УИХ-аас гаргасан тогтоолд Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн тохиолдолд хүүхдийн мөнгийг олгоно гэж заасан. Тиймээс заавал хүүхэдтэй хүн бүр тус мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой аж. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд өрхийн мэдээллийн санд бүртгүүлэгүйн улмаас 1.030 сая хүүхдээс 40 мянга нь хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдлагын зөвлөл даваа гараг бүр хуралдана

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Удирдлагын зөвлөлийн хуралдааны журамд өөрчлөлт орууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нэгдүгээр салбарыг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан. Тус төв нь нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 350 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 2000-2500 иргэн үйлчлүүлж байна. Үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх өргөдөл, гомдлыг өдөрт нь шийдвэрлэж байгаа бол тодорхой хугацаа шаардлагатай асуудлыг дараагийн шатанд шилжүүлэх зарчмаар ажиллаж байна.

Тус төвийн ачаалал, иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхийн тулд Нийслэлийн удирдлагын зөвлөл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тогтмол хуралдахаар боллоо. Ингэснээр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, Засаг даргын Тамгын газрын дарга, Хотын Ерөнхий менежер, Ерөнхий архитектор нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан долоо хоногийн даваа гарагт 14 цагаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд, пүрэв гарагт 14 цагаас Нийслэлийн Төрийн захиргааны Хангарди ордонд болно. Даваа гарагийн хуралдаанаар зөвхөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх бол пүрэв гарагийн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын хөнгөлөлтийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг авах хугацаа өнөөдөр дуусна. Хуулийн дагуу энэ сарын 15-нд дуусах байсан ч ГТЕГ-аас материал хүлээн авах хугацааг энэ сарын 20-ны өдөр хүртэл сунгасан юм. Тиймээс хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтээ өнөөдөр 17:00 цагаас өмнө өгөхийг татварын албанаас сануулж байна.