Categories
мэдээ спорт

“Дэлхийн цом”-ын тэмцээнээс зургаан алтан медаль хүртжээ

Энэ сарын 6-7-ны өдрүүдэд тэшүүрийн мастеруудын “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Висконсин мужын Милуоки хотын “Pettit National Ice Center” ордонд болсон. Тэмцээнд есөн орны 80 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас ОУХМ Н.Эрдэнэтуяа, Б.Сансарбилэг, Ц.Батбаяр нар оролцсон юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500м-т уралдсан ОУХМ Н.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500м-т хурд сорьсон ОУХМ Б.Сансарбилэг нар уралдсан зай бүртээ аваргалж, хувийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо.Гүйлтийн тэшүүрийн тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчид өнөөдөр эх орондоо ирж байна.

Categories
гадаад мэдээ

“Их-20”-ийн төлөөлөл Шанхайд уулзана

Ирэх долоо хоногт Шанхай хотноо “Их-20”-ийн уулзалтыг зохион байгуулна. Шанхайд “Их 20”-ийн уулзалтыг зохион байгуулах шийдвэр нь БНХАУ-ын олон улсын тавцан дахь нөлөө нэмэгдэж буйг илтгэж байна хэмээн шинжээчид дүгнэж байгаа.

БНХАУ-ын эдийн засгийн тодорхойгүй байдал санхүүгийн зах зээлийг уналтад оруулсан. Улмаар Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью нар БНХАУ-аас харилцаа холбоогоо сайжруулахыг шаардахад хүргэсэн юм.

Харин “G-20”-ийн уулзалтын өмнө БНХАУ-ын Ардын банкны тэргүүн Жоу Сяочуань “Юанийн ханш үргэлжлэн унах бодит үндэслэл байхгүй” гэж мэдэгдэв. Түүнчлэн уян хатан бодлого баримталж, гадаад валютаас хамааралтай үйл ажиллагаа явуулдаг экспортлогч, импортлогч нарт харьцангуй тогтвортой орчин бүрдүүлж өгөх төлөвлөгөөтэй байгаа аж.

Categories
мэдээ спорт

Х.Мөнхбаатар арслан олон барилдаан өнжиж байгаадаа хүлцэл өчиж, ийн бичжээ

Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах тухай мэдээлэл тарж, энэ талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр болсон гэж байв. Гэвч тэрээр мэдээлэл хийгээгүй юм.

Түүнийг ямар учраас зодог тайлахаар болоод байгаа тухай бөх сонирхогчид дор бүрээ таамаг дэвшүүлж байв. Зарим нь түүнийг бэртэл гэмтлийн улмаас спортоо орхихоос аргагүй болсон гэж байсан бол нөгөө хэсэг нь кинонд тоглохоор бөхөө орхиж байна гэцгээсэн юм.

Харин Х.Мөнхбаатар арслан өөрийн цахим хуудсаараа олон нийтэд хандан мэдээлэл бичсэн байна. Тэрээр “Мөнхбаатар миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жил боллоо. Энэ хугацаанд санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан гэж боддог. Одоогоор улсын баяр наадамд 15 жил барилдахдаа 95 барилдаан хийснээс 81 давсан амжилт гаргасан. Мөн жижиг том олон ч бэртэл гэмтэл авчээ, энэ дундаа 2012 оны цагаан сараар үзүүр түрүүнд барилдаж байхдаа баруун мөр мултарсан нь миний амжилтанд том саад болж байна. 2015 оны 8 сард хагалгаанд орсон боловч бүрэн гүйцэд хараахан эдгээгүй байна.

Бие минь спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна. Бөхийн спортыг сонирхон дэмжигч та бүхнийхээ өмнө гарч барилдаж чадахгүй олон том барилдаан өнжиж байгаадаа хүлцэл өчье.” гэжээ.

2014 оны улсын баяр наадмын үеэр эрхэм арслан давчихаад тунчиг уран гоё, өвөрмөц дэвж, Төв цэнгэлдэхэд бөх үзэж суусан наадамчин олныг баясгаж байв. “Өдрийн сонин”-ы архиваас хүргэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх тогтоолыг баталлаа

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаан 16:00 цагт эхлэв. Чуулганы хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Цэцийн гишүүдийн асуудлаар хэд хэдэн баримт дэлгэж мэдээлэл хийсэн юм.

Үүний дараа чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 79 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх тогтоолын төслийг баталлаа.

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин: Ж.Амарсанаа ҮХЦ-ийн гишүүдийг хууль зөрчихөд хүргэсэн

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хууль зөрчсөн үйлдэл болон эргүүлэн татах хуулийн үндэслэлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татах асуудал дээр УИХ-д болон иргэдийн дунд маргаантай, зарим талаар ойлголтын зөрүүтэй, талцал байна. Энэ маргааныг тойроод гурван асуудал байна. Үүнээс бусад нь хийрхэл маягтай байна. Энэ гурван асуудал дээр тайлбар хийе” гэлээ.

УИХ-ын гишүүний тайлбарыг хүргэе.
Нэгдүгээрт нь нэр бүхий хуульчид, ҮХЦ-ийн гишүүд, МАН-ын зарим гишүүд Монгол Улсын ҮХ-ийн 65 дугаар зүйлийн 4-т заасан ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэрт анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно гэсэн энэ заалтын цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын санал зэрэгцээ байх ёстой гэсэн тайлбар хэлж байгаа. Цэцийн дарга болон цэцэд байгаа нэр бүхий хуульчид намайг оюутан байхад хичээл заахдаа энэ хоёр эсхүл гэдэг үгээр холбогдсон тусдаа зүйл гэж заадаг байсан. Гэхдээ өнөөдөр өөрсдийх нь эрх ашиг хөндөгдөхөд энэ хоёр зэрэгцээ байх ёстой гэж шаардаж байгаа юм билээ.
1992 оны 5 дугаар сарын 6-ны Улсын бага хурлын тэмдэглэл. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Батлагдсанаас хойш гурван сар хүрээгүй байхад Улсын бага хурал цэцийн тухай хуулийг батласан. Тэр үед гишүүд ямар байр суурьтай байсан бэ гэдгийг бичсэн тэмдэглэл байна. Энэ тэмдэглэлийн 22 дугаар хуудсанд “эсвэл цэц өөрөө шийдвэр гаргана. Эсвэл энэ талаар илгээсэн байгууллага нь санал болгосон бол гэсэн хоёр эх үүсвэрийг ойлгож байгаа шүү. Энэ хоёр бол нэг холбоосоор биш эсвэл гэдгээр холбогдож байгаа шүү” гэсэн байгаа юм. Иймд баримтад тулгуурлаж ярих бус өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан тайлбар хийх нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.
Хоёрдугаар асуудал. УИХ-д ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн. Энэ асуудлаар Улсын дээд шүүхээс саналтай эсэх асуудлыг УИХ-аас тавьсан. Тэр асуудал дээр дээд шүүхийн санал байдлаар Зориг ерөнхий шүүгч бичиж ирүүлсэн. Одоо үйлчилж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13.1.1 дээр тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх эрхийг УДШ-ийн Ерөнхий шүүгчид өгсөн байгаа. Харин Цэцийн дарга гишүүдийг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хууль, тогтоомж дээр зохицуулаагүй байгаа. 1993, 2002 онд Шүүхийн тухай хуулийг батласан байдаг. Энэ хоёр хуулийн 24 дүгээр зүйлийн 6.8-д, 15 дугаар зүйлийн 6.7-д Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох гэдэг ийм л зохицуулалттай. Тэгсэн мөртлөө ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах юм уу, тэр асуудлаар санал гаргах ямар ч зохицуулалт байхгүй. Ердийн хуулиар зохицуулаагүй бол Үндсэн хуулийн заалтыг барих ёстой. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эгүүлэн татна. Санал гаргах эрх нь одоо байгаа хуулиар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид байгаа. Тиймээс энд хууль зөрчсөн эсвэл Үндсэн хууль зөрчсөн ойлголт байхгүй.
Гуравт нь хууль зөрчсөнийг хэн тогтоох вэ. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татна. ҮХЦ-ийн тухай хуулийн гуравдугаар зүйл дээр Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдснийг шүүх тогтоосон эсвэл хууль зөрчснийг эрх бүхий байгууллага тогтоосон бол түүнийг цэцийн гишүүнээс эргүүлэн татах тухай ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татаж болно гэсэн хууль байсан. Энэ хуулийг сая Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээрээ эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллага тогтоосон гэдгийг түдгэлзүүлчихсэн. Цэц УИХ-д ирүүлсэн дүгнэлтдээ 2015 оны хоёрдугаар сарын 14-ны гуравдугаар дүгнэлт гэж бичсэн байна лээ. Хурал нь уг нь 2016 онд болсон юм билээ. Яагаад 2015 он гэж бичснийг мэдэхгүй байна. Тэр дүгнэлтийнхээ 7-д эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллагаас тогтоогдсон гэдгийг түдгэлзүүлж байна гэж бичсэн байна лээ. Тэгэхээр ердийн хуулин дээр байгаа эрх бүхий байгууллагыг хууль зөрчснийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэдэг хуулийн үйлчлэл байхгүй болсон. Тэгэхээр Үндсэн хуулийн шалдан заалт шууд үйлчилнэ.
ҮХ-ийн 65 дугаар зүйлийн 4-т зааснаар ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно гэж заасан байдаг. Иймд анх илгээсэн байгууллага буюу УДШ-ийн санал байна. УИХ одоо эгүүлэн татах асуудлыг шийднэ. Өөр хуулиар энэ асуудлыг зохицуулаагүй. Зохицуулж байсан ганц заалтыг ҮХЦ сая түдгэлзүүлчихсэн.
ҮХЦ энэ заалтыг түдгэлзүүлээгүй байсан бол УИХ-ын Тамгын газрын дарга эрх бүхий байгууллага гэдэгт багтах уу үгүй юу гэж маргаж болох байсан боловч ганц маргаж болох заалтаа өөрсдөө түдгэлзүүлчихсэн. Одоо ҮХ-ийн шалдан заалтаар УИХ өөрийнхөө бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. ҮХ-ийн энэ заалтыг ҮХЦ хууль бус, буруу гэж дүгнэх ямар ч боломж байхгүй. Тиймээс ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх эрх зүйн зохицуулалт одоо ямар нэгэн ҮХ зөрчсөн асуудал биш харин ҮХ-ийн өөрийнх нь заалтыг хэрэглэж УИХ ажиллах тухай асуудал юм.
Мөн тэрээр “ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа өөрийн гарын үсгээр ҮХ болон ҮХЦ-ийн тухай хуулиудад заасан хууль тогтоомжийг илт зөрчөөд зогсохгүй ҮХЦ-ийн гишүүдийг хууль зөрчихөд хүргэсэн. Нэг үгээр хэлбэл өөрт олгогдоогүй шийдвэрийн хэлбэрээр урьдчилан дүгнэлт хийж асуудалд хандсан нь ҮХ зөрчиж байна үзэж байгаа учраас та нар наад хуулиа хэрэгжүүлэхгүй шүү. Та нар энэ хуулиа хэрэглэхгүй шүү гэдэг байдлаар шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг дэмжиж ҮХЦ-ийн гишүүд гарын үсэг зурсан.
Хууль дүрмээр явах юм бол энэ албан бичиг гарын үсэг зурсан найман гишүүн уг маргаанд оролцох эрхгүй татгалзах эрхтэй байдаг. Сая ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан болсон. УИХ илт хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарсан. Уг нь энэ хуралд УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бол ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа болон нэр ҮХЦ-ийн найман гишүүн энэ маргааныг шийдвэрлэхээс татгалзах байсан. Энэ эрхийг эдлүүлээгүй. Урьдчилсан дүгнэлт гаргасан хүн нь тухайн маргааныг шийдэх эрхгүй гэж ҮХЦ-ийн тухай хуульд маш тодорхой заасан бөгөөд маргаанд оролцож байгаа талууд Цэцийн тэр гишүүнийг хуралдаанд оролцуулахаас татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл энэхүү ҮХ-д заасан зарчмыг зөрчсөн. Ийм асуудал үүсэн учраас Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг барьж УИХ хариуцлага тооцохоос өөр арга байхгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбын мэдээллээр П.Цогтбаатарыг шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Судалгаа шинжилгээний албаны дарга н.Дуламсүрэн, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар н.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр тэргүүтэй албаныхан оролцов. Тэд мэдээлэл хийх үеэрээ Г.Шийлэгдамба, П.Цогтбаатар, Г.Дэнзэн, Н.Энхбаяр нарын хэргийн талаар тайлбар өгсөн юм.

Г.ШИЙЛЭГДАМБЫН МЭДЭЭЛЛЭЭР П.ЦОГТБААТАРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

АТГ-ынхан “Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг манай байгууллага шалгаад прокурор руу шилжүүлсэн. Прокурорт очсоны дараа Г.Шийлэгдамбаас олон нийтэд хандсан сонордуулга гаргасан. Үүнд авлига авсан мөнгөө намын эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн тухай гарсан. Үүний үндсэн дээр өөрийнх нь гаргасан мэдээллийн дагуу АТГ-аас хэргийг дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж тайлбар хийв.

ЭХ ОРОНДОО ИРЖ, ХЭРГИЙНХЭЭ ТАЛААР ЯРЬСАН ЗҮЙЛГҮЙ

Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэрэгтэй холбоотой эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгааг дуулгаад, “Анх цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн Улсын ерөнхий прокуророос АТГ-т харьяалал тогтоогоод цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулаад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүс эх орондоо ирэх талаар мэдээлэл цацагдсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар эх орондоо ирж, хэргийнхээ талаар ярьсан зүйл байхгүй. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа хуулийн дагуу олон улсын хэмжээнд үргэлжилж байна. Тухайн этгээдүүдийн амьдарч буй улс оронтой Монгол Улс эрхзүйн харилцан туслах гэрээтэй тохиолдолд эргүүлэн авчрахад саадгүй. Ийм гэрээгүй тохиолдолд тухайн улсаас Монгол Улсад авчирч өгөхөөс өөрөөр бид очиж барих боломж тааруу” гэсэн юм.

Г.ДЭНЗЭНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОР РУУ ШИЛЖҮҮЛНЭ

Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт хийж Засгийн газарт хүргүүлсэн тухайгаа мэдээллийн үеэр хэллээ. Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 2017 он хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.
Мөн Г.Дэнзэнгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа бөгөөд удахгүй прокурорын байгууллага руу шийдвэрлүүлэх саналтайгаар шилжүүлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Д.Отгонцэцэг Азийн аваргын төлөө барилдана

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-д зодоглосон ”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт Д.Отгонцэцэг аваргын төлөө барилдахаар боллоо.

Тэрээр шигшээ наймд БНСУ-ын бөхөд 9:5-аар хожигдож яваад цэвэр ялж хагас шигшээд шалгарсан юм. Улмаар хагас шигшээд Японы Момока Кадояаг 6:5-аар хожиж, аваргын төлөө Энэтхэгийн бөх Прияанкатай барилдах аж.

Categories
мэдээ нийгэм

Татвар төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлээс хасна

Замын хөдөлгөөнд ороогүй удсан тээврийн хэрэгсэл буюу сүүлийн дөрвөн жил /2012-2015 онд/ техникийн хяналтын үзлэгт ороогүй автомашины улсын дугаарыг улсын бүртгэлээс хасахаар боллоо. Мөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэрэгсэл, улсын хилээр гараад эргэж ирээгүй тээврийн хэрэгслийг хасах юм байна.

Манай улсын хэмжээнд 105 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тооцоо гарчээ.

Categories
мэдээ спорт

ДАШТ-ий “Шилдэг хаалгач”-аар Д.Мөнгөнхуяг шалгарлаа

ОХУ-ын Ульяновск хотноо болсон бөмбөгтэй хоккейн ДАШТ-нд манай улсын баг тамирчид оролцож дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.

Манай улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг дэлхийд чансаагаа ахиулж, 12-т бичигдээд байгаа. Мөн энэ удаагийн ДАШТ-ий “Шилдэг хаалгач”-аар манай шигшээ багийн хаалгач Д.Мөнгөнхуяг шалгарсан байна. Тэрбээр шайбтай хоккейн спортоор 12 настайгаасаа эхлэн хичээллэсэн бөгөөд 2006 онд анхны бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс энэхүү шагналыг авч байжээ. Манай баг тамирчдын дараагийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 11-ний өдөр болох Азийн аварга шалгаруулах “Challenge cup”, долоодугаар сард БНАСАУ-д болох нөхөрсөг тоглолт, наймдугаар сард Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг юм. Мөн 2017 оны Саппорогийн өвлийн наадамд оролцох эрхээ авсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо. Мөн Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Таримал ургамлын үр сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Үүнээс гадна Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль, Терроризмтой тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монголбанкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн бэлгэ тэмдэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиудын эцсийн найруулгыг тус бүр сонссон юм.

Ингээд хуулиудын эцсийн найруулгуудыг сонсож дуусаад үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав. Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжлэнэ.