Categories
мэдээ спорт

ААШТ2016: О.Оюунтуяа, З. Болортунгалаг нар хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 60кг-д О. Оюунтуяа Вьетнамын бөх Ти Хуон Даотай барилдаж, 4:0-ээр, 69 кг-ийн жинд З.Болортунгалаг БНСУ-ын бөхийг 8:00-ээр ялж хүрэл медалийн эзэд боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулганыг хаалаа

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай зэрэг хууль, түүнээс гадна Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож, хэлэлцсэн. Мөн ҮХЦ-ийн дарга Ж. Амарсанааг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Харин үдээс хойших хуралдаанд байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэн “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, мөн Татварын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж ээлжит бус чуулганыг хаав.

Categories
мэдээ спорт

ААШТ2016: Д.Отгонцэцэг Азийн аварга боллоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ААШТ Тайланд улсын Бангкок хотноо үргэлжилж байна. Өчигдөр ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт О. Бурмаа жиндээ барилдаж Азийн аварга болсон билээ. Харин Өнөөдөр 55кг-ийн жинд зодоглосон Д. Отгонцэцэг аваргын төлөө Энэтхэгийн бөх Прияанкатай барилдан 2:2-оор ялж, Ази тивийн аварга боллоо.

Categories
мэдээ спорт

ДЮССЕЛДОРФ-2016: Г.Отгонцэцэг М.Уранцэцэгийг ялж, хэсгээсээ шалгарлаа

Дюсселдорф хотод болж буй Жүдо бөхийн гран прид манай улсаас 22 жүдоч оролцож байгаа. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48,52,57 кг-ийн медальтнууд тодорно. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг зодоглолоо. Эхний тойрогт тэрээр гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт АНУ-ын бөхийг өчих мэхээр цэвэр ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Хэсгийн аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г. Отгонцэцэгтэй барилдсан ч цэвэр ялагдлаа.

Categories
мэдээ улс-төр

Татварын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 16 цаг 14 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн татварын тухай дөрвөн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. 1990 оноос хойш татварын хуульд нийтдээ 232 удаа 668 төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулсны 53 хувь нь улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг өөрчилсөн өөрчлөлт, 22 хувь нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой өөрчлөлтүүд байгаа нь татварын тэгш, шударга, тогтвортой байх зарчмыг үндсэнд нь алдагдуулаад байна гэж үзсэн байна.

Мөн зарим салбарын хууль тогтоомжоор татварын харилцааг зохицуулж, агуулгын хувьд давхардал үүсгэж байгаа нь иргэд, аж ахуй нэгжийн төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бууруулан хүнд суртлыг бий болгож татвар төлөгчийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байгаа аж.

Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Ингэснээр дээрх Аж ахуйн болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, импортын цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 16 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Засгийн газраас энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төсөл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой юм. Техник туслалцааны төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий техник туслалцааны төслийг 0.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна. Төслийн нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх агаад харин үлдэх 12 хувьд оногдох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах аж

Харин Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ургамал, малын эрүү ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл нь мал, ургамлын эрүүл ахуйн хяналт шалгалтын тогтолцоог Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагын түвшинд хүргэх, улмаар мал, ургамлын гаралтай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа аж. Уг төслийг Азийн хөгжлийн банкны 15 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.

Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний хэм алдагдлын хагалгааг Монголдоо хийлгэх боломжтой боллоо

Монгол Улсад анх удаа зүрхний хэм судлалын электрофизиологийн лабораторийн нээлт боллоо.

Сүүлийн 10-15 жилд зүрхний хэм алдагдлын улмаас зүрх гэнэт зогсох, зүрхний дутагдалд орж хөдөлмөрийн чадвараа амьдралын туршид алдах тохиолдол манай оронд ихэсч байна. Харин улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор нэг тэрбум 50 сая төгрөгийн өртөг бүхий зүрхний хэм алдагдлын электрофизиологийн лабораторийн аппарат, тоног төхөөрөмжтэй боллоо.

Энэхүү оношилгоо эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлснээр манай Эрүүл мэндийн салбарт хөгжлийн нэгэн шинэ алхам нээгдэж байгаа юм. 2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор явсан монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улсыг зорьдог байна. Харин энэхүү эмчилгээ, тусламжийг үзүүлж эхэлснээр гадаад руу явах иргэдийн урсгалыг зогсоож чадах юм.

Зүрхний хэм алдагдлын хагалгаанд хоёр өвчтөн эх орондоо үнэ төлбөргүй орохоор болсон бөгөөд, цаашид өдөрт 2-5 хүнийг дээрх хагалгаанд оруулах боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

А.Сүхбат аварга намаасаа татгалзжээ

Дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат анх 2012 онд УИХ-ын гишүүн Х.Баттулгын урилгаар Ардчилсан нам, МоАХ-ны албан ёсны гишүүн болж байсан.

Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сард аварга А.Сүхбат намын гишүүнчлэлээсээ татгалзсан байна. Түүний хүсэлтийг Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороо шийдвэрлэсэн учир ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ.

Эх сурвалжид дурдсанаар Дархан-Уул, Төв аймаг эсвэл Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших сурагтай.

Categories
мэдээ нийгэм

Монгол улс БНХАУ руу мах экспортолж эхэллээ

Өнөөдөр Монгол улс албан ёсоор БНХАУ руу мах экспортолж эхэллээ. Тодруулбал, Говь-Алтайн “Мон-Тува” компани Бургастайн боомтоор хонь, ямааны мах экспортолж, эхний ээлжинд 1-2 машин мах гаргах бөгөөд цаашид замын нөхцөл байдлаас хамаарч экспортын хэмжээгээ тогтвортой нэмэх аж. Тус компани 10 гаруй жил ОХУ руу мах экспортолж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд БНХАУ-д 1200 орчим тонн адууны мах экспортолсон байна.

Энэ онд БНХАУ-д мах экспортлох зөвшөөрлийг мах боловсруулах гурван үйлдвэрт өгсөн ба 100 хоногт 4000 тонн мах бэлтгэх хүчин чадалтай эдгээр үйлдвэрүүд бүгд Говь-Алтайн Бургастайн боомтоор мах экспортлох аж. Харин махаа баруун бүсийн Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгуудаас нийлүүлэхээр болсон байна. Учир нь Хүнс, Хөдөө Аж Ахуйн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын шинжээчид хамтран эдгээр аймгуудыг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж тогтоосон юм. Монгол Улсын хувьд энэ оны эхний хагаст нийт 51 мянга 400 тонн мах экспортлохоор төлөвлөж байгаагаас 66 орчим хувийг хонь, ямааны мах, 22 орчим хувийг адууны мах эзэлж байна. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар зөвхөн адууны мах экспортод гаргасан нь мөнгөн дүнгээр тооцвол 539.7 мянган ам.доллар болсон байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Монгол залуус “USB” бүтээгдэхүүн гаргалаа

Монгол залуус “Apple” корпорацийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Nomadd гэх Монгол брэндийн Apple USB-г бүтээж эхэлсэн байна. Тэдний бүтээл аноджуулсан хөнгөн цагаан хамгаалалттай, ус, чийгний хамгаалалт бүхий резинэн бүрэлттэй, баталгаат чипээ хамгаалсан металл бүрэлттэйн дээр USB-ны гадаргууг бүхэлд нь хамгаалсан үхрийн ширэн бүрэлттэй аж. Тэд энэхүү бүтээгдэхүүндээ зургаан сарын баталгаа олгож байгаа юм байна.