Categories
мэдээ спорт

1000 тэмээ уралдуулна

Жил бүр уламжлал болгон зохиогддог
“Тэмээний баяр” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд
Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ
жил “Тэмээний баяр”-ыг “Монгол Тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж
Дэлхийн дээд амжилт гиннесийн номонд бүртгүүлэх зорилгоор мянган тэмээ
уралдуулахаар болжээ.

19 дахь жилдээ болох гэж буй “Монгол
тэмээ-999” өвлийн наадмыг Монголын Залуучуудын Холбоо хоёрдахь жилдээ
хамтран зохион байгуулахаар болсон аж.

Говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний
ач тус болоод нүүдэлчин Монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа
таниулах зорилгоор “Монгол тэмээ-999” наадмын сонирхолтой аяллыг
залуустаа бэлджээ. Энэхүү аялал нь Улаанбаатар – Мандалговь –
Даланзадгад гэсэн маршрутаар нийт 1000 орчим км аялах бөгөөд замдаа
аймаг бүрийн түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхох боломжтой юм
байна.

Аяллын хөтөлбөрт Торомны уралдаан,
Тэмээний музей үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, орон нутгийн
иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа үзэж
сонирхох гэхчилэн олон арга хэмжээ багтсан байгаа аж.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал
тэмцээний нэг болох ГРАН-ПРИ тэмцээн Германы Дюссельдорф хотноо эхэллээ.
Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга,
гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрээр ОХУ-ын бөх
Наталия Кондратюваг хожин медалийн тавцанд зогссон юм.

Гавьяатын хувьд хэсгийн аваргын барилдаанд Казахстаны нэрийн өмнөөс
барилдаж буй М.Отгонцэцэгт хожигдсон. Харин М.Отгонцэцэг финалд БНСУ-ын
жүдочид ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Энэ өдөр барилдсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд
М.Бундмаа шагналт V, эрчүүдээс 60 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт VII байр
эзэллээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ийн “Мэдээллийн төв”-ийг нээнэ

АСЕМ-ийн өдөр ирэх сарын 1-нд болох юм
байна. Энэ өдрийг тохиолдуулан “Монцамэ” агентлагийн байранд АСЕМ-ийн
“Мэдээллийн төв”-ийг албан ёсоор нээх аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатараар ахлуулсан АСЕМ-ийн Дээд
төвшний 11 дэх удаагийн уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа
хариуцсан ажлын хэсэг хуралдаж, “АСЕМ-ийн Мэдээллийн төв”-ийг нээх
өдрийг ийнхүү товлосон байна.

Тус ажлын хэсгийн хурлаар дээд төвшний
уулзалтын үеэр гадаадын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-ийг
“Шангри Ла” цогцолборт нээхээр болжээ. Уг төвд шаардлагатай тоног
төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, мэдээ мэдээлэл бэлтгэж дамжуулах
нөхцөлөөр хангах суваг, өндөр хурдны интернэтийн сүлжээ зэргийг дотоодын
компаниудын дэмжлэгтэйгээр шийдвэрлэхийг ажлын хэсгийн дарга холбогдох
хүмүүст үүрэг болгов. Түүнчлэн АСЕМ-ийн уулзалтыг угтаж аж ахуйн нэгж,
хөрөнгө оруулагчдын дунд хандивын үйл ажиллагаа зохиох тухай ярилцаж,
саналаа эцсийн байдлаар боловсруулан Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр
шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар цасан шуургатай

УЦУОШГ-аас энэ сарын 21-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулаа.

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе.

Хоёрдугаар сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун болон төвийн нутаг,
говийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн өмнөд
хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32
градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр
шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн.

Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав
газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27
градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав: Сүсэглэж буй зүйлийнхээ утга учир, мөн чанарыг сайн ойлгохын төлөө хичээх жил

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажавтай ярилцлаа.

-Монголчууд бид хонин жилийг ардаа үдэж гал бичин жилтэй золголоо.Гал бичин жилийн ерөнхий төлөвийг тодорхойлохгүй юу?

-Юуны өмнө танай сониноор дамжуулж ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан жил гарч байна. Монголчууд амны билэгтэй сайхан ард түмэн учраас цагаан сар ч өргөн дэлгэр, амар тайван сайхан боллоо. Энэ жил аливаа зүйлд сандарч зовох хэрэггүй. Хүн бүхэн дор бүрнээ хичээгээд өөрсдөө зүтгээд явбал сайхан жил байна. Зурхайчдын зурсан зураг зурлагаас харахад жилийн өнгө сайхан харагдаж байна.

-Цаг агаарын мэдээгээр сар шинийн өдрүүдэд цас шуурах төлөвтэй байсан. Зарим нутгаар шуурсныг эс тооцвол шинийн өдрүүд сайхан дулаахан байлаа. Тухайн жилийн өнгийг шинийн нэгний өдрөөр тодорхойлох ч бий. Ер нь үнэний ортой биз?

-Үнэн шүү дээ. Өнөө жил Шинийн нэгний өглөө цэлмэг тэнгэрт нар алтан цацрагаа түгээн мандаж, дулаараад ямар сайхан байсан бэ. Монгол хүн амны билгээр гэдэг. Аливаа зүйлийг ярихдаа дандаа бэлгэшээдэг. Бэлгэшээнэ гэдэг цаанаа уламжлалтай. Утга учиртай. Тэнгэрийн аясаар юмыг шинждэг. Олон мянган жил мал аж ахуй эрхэлж нүүдэллэж ирсэн монгол ард түмний уламжлал шүү дээ. Монголчууд бид шинийн нэгний өдөр тэнгэр хангай сайхан цэлмэж, урин дулаан тохиовол тэр жилдээ бүх зүйл сайн сайхан байна хэмээн үздэг. Хэрвээ шинийн нэгний өдрийг хур тунадастай, салхи шуургатай угтвал зуд турхан болох нь гэж дүгнэдэг. Энэ жил үнэхээр сайхан өнгөтэй эхэлж байна. Дулаахан цэлмэг сайхан өдөр болсон гэдэг чинь сайхан жил болохын дохио.

-Гэвч уур амьсгалын хувьд хуурайшилтай, гандуу байна хэмээн зурхайн ухаанд тодорхойлоод байгаа?

-Хавар, намар, зун, өвөл гээд дөрвөн улиралд цаг уурын янз бүрийн байгалийн давагдашгүй хүчин нөлөөлөхийг хэн ч үгүйсгэхгүй. Зарим газар гандуу байхад өөр нэг газар хур бороо ихтэй байж болно. Сайн байх муу байх гээд аливаа зүйл бүгд хүмүүн биднээс хамаарна шүү дээ. Хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж л гал гардаг. Бороо хур орохыг бол бид яалтай билээ. Ямар ч зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бороо ихтэй байна гээд ерөнхий төлөв бууж байгаа бол үерийн ус, бороо шорооноос хамгаалсан далан бэлтгэдэг ч юм уу эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ аль хэдийнэ авсан байх хэрэгтэй. Бид ер нь байгалийн хүчин зүйлийн өмнө сөхөрч шантарч болохгүй. Урьдаас хамгаалах, сэргийлэх зүйлээ бэлтгэчихвэл даваад л гарна. Гал ихтэй, ус бороо ихтэй байна гээд ямар ч сандрах зүйл байхгүй.

-Шинийн найман, шинийн арван тавны өдрүүдийг билэгт сайн өдөр гэдэг. Ер нь ямар утга агуулгатай өдөр вэ. Ялангуяа залуучуудад мэдэхэд илүүдэхгүй болов уу?

-Тэгэхээр арвантав хоногийг цагаан сарын ерөөл гэж хэлдэг шүү дээ. Энэ бол бурхан багшийн арвантаван хувилгаан үзүүлсэн бэлгэ дэмбэрэлтэй тусгай өдөр юм. Энэ өдрүүдэд онцолж буян хийвэл их арвиждаг. Буян хийснээрээ амьдрал ахуй нь сайжирдаг гэсэн уламжлалтай ламын заалттай юм. Үүний дагуу хийж байгаа юм. Тэгэхээр манайхан бол дүйчин өдөр хийвэл их сайн арвиждаг, сайн байдаг гэдэг утгаар бид ном уншуулдаг. Ер нь арвантаван хоногийн ерөөлд багтаж заслаа хийлгэх гэж зүтгэдэг нь ийм учиртай юм шүү дээ. Энэ бол онцгой сайн өдөр. Жилдээ ганц тохиодог учраас үүнд багтаж заслаа хийлгэх хэрэгтэй. Ялангуяа залуучуудад хандаж хэлмээр байна. Сар шинийн баяр бол амьтан ах, дүүсээрээ цуглардаг, хамаатан садан, ураг төрөл хүмүүс бие биетэйгээ танилцдаг ганц өдөр. Тиймээс залуучууд аав, ээж, ахмад буурлуудаа хүндэтгэн энэ сайхан өдрийг уламжлал болгон тэмдэглэх учиртай. Улмаар хурал номын өргөөнд авч явж засал ном хийлгэвэл бүр сайн. Өнөөдөр залуу байна. Мөдхөн хөгшин болно шүү дээ. Залуудаа сурч мэдэж авсан юм бүхэн хөгшин болоход их хэрэг болно. Одоо мэдэж авахгүй бол хөгшчүүд нь унаад өгөхөөр хэлэх хүнгүй, асуух хүнгүй болно. Энэ уламжлал гэдэг нь үеэс үед дамжигддаг сайхан зүйл учраас төвөгшөөлгүй хийж сураасай гэж хэлмээр байна.

-Танай хийд дээр засал ном хийлгэе гэсэн хүмүүс их байна уу?

-Их байна. Ер нь жилээс жилд их болж байна. Ялангуяа залуучууд их ирж байгаа нь бахархууштай сайхан байна. Энэ нь уламжлалт зан заншлаа мэдэж авч байна гэсэн үг. Ирээдүйд сайхан цаг ирж байгаагийн шинж.

-Энэ жил ямар жилтнүүдэд ивээлтэй, альд нь анхаарууштай байвал зохих бол?

-Тэр бол хувь хүмүүсийн засал. Нийт ерөнхий юман дээрээ бэлгэ дэмбэрэлтэй сайхан байх хэрэгтэй. Тэгээд өөрөө өөрийнхөө зурлагыг хараад ямар жилтэй хүн ямар байх нь вэ гэдэгтээ тааруулаад засал номоо хийлгэвэл бүгд сайхан болно. Тэрнээс ялгаад л тэр жилтэй, энэ жилтэй хүн муу, энэ жилтэй бол асуудалгүй сайн гэж хэлж болохгүй шүү дээ. Хүн бүрт өөр өөрийн гэсэн заяа төөрөг гэж байна. Түүнийхээ дагуу номоо уншаад сайхан явбал болно.

-Энэ жил улс төрийн хүрээнд нэлээд үйл явдал тохионо. Зарим хүмүүс зориуд гандан, хийд зорьж байгаа бол нөгөө хэсэг нь хүйтэн жилд төр самуурна гэж ч ярьж байна…

-Тэр яахав дээ. Улс төрийн ажлыг би мэдэхгүй шүү дээ. Сонгууль болдгоороо болно. Монгол түмэн уужуу сайхан сэтгэлтэй ард түмэн учраас өөрөө өөрийнхөө тааллаар дэмждэг хүнээ л дэмжинэ биз. Цагийн аясыг дагаж хямраад байж болохгүй шүү дээ.

-Зөвхөн энэ жилд гэлтгүй ер нь амар амгалан амьдрахын тулд хүмүүн бид яавал зохилтой вэ?

-Гол нь бид бүхэн дор бүрнээ хичээж зүтгэвэл бүх зүйлийг сайхан давж гарч чадна. Шинэ ондоо бүгдээрээ бизнесийн хүн нь бизнесээ, малчин хүн малаа арчлах гээд дор бүрнээ хичээж зүтгээрэй. Хамгийн гол нь монгол түмэн оюун сэтгэлээрээ сайхан байх хэрэгтэй. Элдэв зүйлд хямарч бие биеэ доош дээш нь ярих хэрэггүй. Тайван сайхан л байх хэрэгтэй. Монголчууд сүсэгтэй уламжлалтай сайхан ард түмэн юм. Тэгэхээр сүсэглэхийн зэрэгцээгээр сүсэглэж буй зүйлийнхээ утга учир, мөн чанарыг сайн ойлгохын төлөө хичээх жил. Номын утга учрыг ойлгохын төлөө жаахан анхаараач ээ гэж захих байна. Учир нь манайхан ямарваа юманд хэт туйлширдаг болж. Нэг сонссон, ганц үзсэн зүйлдээ бат итгээд түүнийхээ мөн чанарыг нарийн тунгаалгүй хандах сул талтай. Тиймээс олон дахин сонсоод, сайн бодож бясалгаад утга учрыг нь олоод дараагаар нь амьдрал ахуйдаа бясалгаж хэрэгжүүлбэл бүх юм сайхан болно гэж ерөөе. Та бүхэндээ шинэ ондоо улам их амжилттай, эрүүл саруул, амар амгалан, идээ будаа элбэг дэлбэг байхын ерөөл тавъя.

Э.АРИУНЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Базарсадын Баттулга: Ирэх жилийн наадамд гэгээн сайхан амьдрах тухай шүлэг уншина аа

Утга зохиолын хүрээнийхний дунд “Гэгээн хэсүүлчин” гэгдэх МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулгатай ярилцлаа. “Болор Цом-33” наадамд түүний уншсан шүлгүүд үзэгч олныг ихэд баясгаж, үзэгчдийн нэрэмжит “Тусгай байр”-ын шагнал хүртсэн билээ. Өнөө ч түүний шүлгүүд цахим ертөнцөд олны анхаарлыг татаж байгаа юм.

-“Болор цом” наадамдаа Архангайгаас зорьж ирсэн гэж сонслоо. Тэнд суурин байна уу. Хэдийдээ та Архангайд очоод суучихав аа?

-Өнгөрөгч оны есдүгээр сард манайх бууриа сэлгэсэн. Архангайн IV арван жилийн сургуульд багшилж байна. Тэгээд яахав жилийн жилд “Болор цом”-оо болохоор дэнсэлж догдолдог янзаараа хүрээд ирлээ. Би ч олон жил уралдаж байна. Дандаа 15-д үлдээд үсэрчихнэ. Энэ жил харин ядаж сүүлийн тавд үлдье гэж шүлгээ сойж байсан ч чадсангүй. Хоёрын даваанд шүлгээ уншаад тайзны ар руу ороход Ц.Хулан найрагч “Манай үеийнхэн ч одоо дандаа сургаалын шүлэг уншдаг болж дээ” гэсэн үг хаяж байна лээ. Тэгэнгүүт л би сэрхийн бодсон, Үхлийн сэрүүлэг хангинахаас өмнө үрдээ хэлэх хэдэн үг байна… гэдэг чинь яалт ч үгүй сургаалийн шүлэг байхгүй юу. Шүлэг, яруу найраг цэвэр мэдрэмж, илэрхийлэл болохоос сургаал номлол биш шүү дээ, тэр энэ шүлгээ унших минь яав гэж харамссан. Ер нь тэгээд жилийн жилд л алдана, гэхдээ алдсанаа мэдэж өөртөө дүгнэлт хийнэ гэдэг чинь амжилт шүү дээ.

-Тухайлбал, яаж алдаж байв даа?

-Хоёр жилийн өмнө Өвөрхангайд болсон “Болор Цом-31” наадмын тайзан дээр согтуу гарч хөглөсөн. Одоо бодохоор инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. “Болор цом” болно гээд бодчихоор хөөрчихдөг золиг л доо, би. Тэр жил Өвөрхангайн буудалд байрлаж, маргааш орой нь цомдоо орно гээд догдолчихсон үеийн хэдэн найрагчтайгаа доргиж байхгүй юу. Тэгтэл тэр орой нь хойноос шинэ үеийн төлөөлөл болсон яруу найрагч дүү нар ирж, дайлж цайлаад л. Нэг мэдэхнээ “Болор цом”-доо явъя, бушуул түргэл болдог юм байна. Би сэргэх санаатай хүйтэн усанд орчихоод явсан юм. Тэгсэн ч тус болоогүй дээ. Энэ мэт сургамжтай, санууштай наадам олон байна аа.

-“Болор цом” наадмыг хүмүүс сайн, муугаар хэлдэг. Харин таны хувьд энэхүү наадмыг юу гэж үнэлж дүгнэдэг вэ?

-Энэхүү наадамд би хүндэтгэлтэй ханддаг аа. “Болор цом” бол тухайн оны шилдэг шүлгийг шалгаруулдаг наадам гэж боддог. Эгэл жирийн ард иргэд, унших ч завгүй, уйдах ч завгүй хөдөлмөрлөж яваа залуус “Болор цом”-д уншигдаж байгаа шүлгийг харж, ялангуяа тэргүүн шүлэгчийн шүлгийг харж түүгээр өнөөгийн угта зохиол, яруу найргийн чиг баримжаагаа олж барагцаалдаг гэж ойлгодог. Бодоод үз л дээ. Зөвхөн үеэсээ төлөөлүүлэн хэлэхэд эрхэм найрагч нөхөр Арлааны Эрдэнэ-Очир гэхэд л “Зам” гэдэг шүлгээрээ цом хүртэж байлаа. Миний нутгийн хүндэтгэлт ах Цогдоржийн Бавуудорж “Монголын их амар амгалан” шүлгээрээ наадмын тэргүүн шагналтан болж байлаа. “Зам” гэхэд ямар өргөн утга агуулгатай шүлэг билээ. “Монголын их амар амгалан” гэдэг юу билээ. Амар амгалан чинь аз жаргал мөн шүү дээ гэх зэргээр ард олны сэтгэлд хүрч, тэднийг цэнгүүлдэг байх. Харин энэ жилийн тэргүүн шүлэг тэр зиндаанд хүрч чадав уу, үгүй юу, мэдэхгүй юм. Тэгэхээр “Болор цом” бол Монголын яруу найргийн өнөөгийн өнгө төрхийг эгэл жирийн иргэн хүний сэтгэл зүрхэнд ойртуулж өгөх боломж, ойлгуулж өгөх цонх гэж боддог юм.

-Энэ жилийн наадмыг үзэж байхад үзэгчид таны шүлгийг сайхан хүлээн авч, дэмжиж байгаа харагдсан. Сүүлийн даваанд ч таныг тунаад үлдчих байх гэж харж байсан хүн олон?

-Бүдэрдгээ мэдэхгүй, би ч бас өөрийгөө сүүлийн тавд үлдчихсэн байх гэж горьдож байсан. Тэгээд нэр дуудахад миний нэр байхгүй болохоор нь сэтгэлээр унасан. Хүмүүс бүгдээрээ тэргүүн шүлэгчээр хэн тодрохыг нь харж, ямар ямар шүлэг уншихыг нь чагнаж суухад би хажуугийн ресторанд ганцаараа сархад хүртэж суусан юм. Тэгтэл намайг дуудаж тусгай шагнал өгсөн. Гол нь шагналдаа ч биш яруу найргийн үнэнч үзэгчид миний шүлгийг таашааж, намайг яруу найрагч мөн гэж тоож байгаа нь сайхан юм даа. Ер нь тэгээд яруу найрагч бүр тийм эмзэг байдаг юм уу, эсвэл би л тийм юм уу, гомдож, гол гонсойгоод болдоггүй. Сүүлийн тавд үлдээгүй болохоор ч тэр биш л дээ. Хүмүүс өөр болчихсон, хэтэрхий хүйтэн болчихдог юм байна. Тухайлбал, миний нэг нутгийн ах бий л дээ. Намайг мундаг яруу найрагч гэж хөөргөдөг. Хамт суугаад нутаг усныхаа тухай халуун дотно яриа өрнүүлдэг байсан. Он цаг өнгөрч би тэр хүний хэлдгээр мундаг амьдарч, албан тушаал горилж чадсангүй л дээ. Харин тэр хүн их том албан тушаал хашиж яваа байх, би тэгж ойлгосон. Тэр ахтайгаа цомын тайзны ард таарч баярлан догдолсоор тосч очоод гараа сунгахад надтай гар барьсан мөртлөө өөр хүн хүнтэй мэндэлж, над руу нээг их өндөр дээрээс хялайж харах жишээтэй. Ийм ийм жижиг сажиг юм шиг хэрнээ хүний зүрх сэтгэлийг эрэмдэглэж орхидог тохиолдол амьдралд олон байдаг юм байна. Тэр бүхэнд бас гуньж гутарч ханахгүй юм даа.

-Сүүлийн жилүүдэд болор цом наадам үргэлж л хэл ам дагуулах болсон. Өөрөө дунд нь байсан хүний хувьд та юу хэлэх вэ, мөн энэ жилийн наадмаас юу бодож үлдэв дээ?

“Аливаа зүйл цаг цагтаа л

Алтан дэлхийд хүчин төгөлдөр” гэж Балбар ахын шүлгийн мөр бий. Би юу бодож гарсан бэ гэхээр, бүх юм ном ёсоороо л болж байна даа гэж бодсон. Шинэ залуу үе өсч өндийж байна шүү дээ. Ц.Эрдэнэбаатар гэж сайхан яруу найрагч дүү бий. Би энэ хүмүүс шиг янз бүрийн юм ярихгүй ээ. Тэр хүү цом авах ёстой болоод л авч байгаа юм. Эзлэх ёстой болоод эзэлж байгаа юм. Ер нь аливаа үйл бүрэлдэх ёстой болоод л бүрэлддэг. Тэр үйл бүрэлдэх ёстой болоод л бүрэлджээ гэж бодсон. Ер нь би харамсч халаглаад явдаггүй. Өөрийнхөө тарьсан үйлийн үр бүхэндээ хайртай. Таван хүүхдэдээ, эхнэртээ, энэ бор дүрхэн амьдралдаа ч хайртай. Тиймээс өөрийн үг, үйлдэл бүхний ард эзэн нь байх юмсан гэж үргэлж хичээдэг юм.

-Таван хүүхэдтэй гэхээр танайх ер нь өнөр өтгөн айл байна шүү. Дэрсхэн биз?

Том хүү маань холбооны 013 дугаар ангийн байлдагч болсон. Дараагийн хүү маань есдүгээр ангийн сурагч. Тэгээд хоёр охин маань миний багшилж буй сургуульд сурч байна. Том нь наймдугаар анги, бага нь нэгдүгээр анги. Харин отгон хүүхэд маань цэцэрлэгт явдаг юм. Би чинь муу ханьтайгаа ханилаад 17 жил болж байна. Арваа төгсөөгүй байхад нь авч суусан юм шүү дээ. Би МУИС-ийн хэл, уран зохиолын ангийг төгсөөд, Архангайд багш болж очоод л авч суусан юм даа. Тухайн үед хүмүүс намайг шавьтайгаа суусан ёс зүйгүй багш гэдэг байлаа.

-Баастын Золбаяр зохиолчийн “Гэгээн хэсүүлчин” гэж таны тухай бичсэн сайхан хөрөг нийтлэл бий. Та олон газраар нүүж сууж явж дээ, яагаад тэгдэг юм бэ?

-Би чинь уг нь Завхан аймгийн Их-Уул сумын уугуул шүү дээ. Хаа байсан тэндээс Өмнөговьд хүртэл очиж амьдарч байлаа. Тэр бүхэн минь амьдралын шаардлага л байсан гэх үү дээ. Түүнээс биш уйдсандаа нутаг сэлгэж, зугаацаж явдаг юм биш. Өнгөрсөн жил гэхэд л манайх хотод тохижих гэж их үзлээ. Уг нь соёл боловсролын үүр урхаг болсон нийслэл хотод амьдрах сонирхол надад их бий. Гэвч энэ “Алтан тэвшийн хөндий”-д ажил олдохгүй болохоор хог дээр үсэрчих гээд, хий шаналж явсаар архичин болж гудманд гарчих гээд болдоггүй юм. Бас тарчигхан Монголд баян амьдрах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийг би ер ойлгодогүй юм. Адилхан нэгэн цаг үед, нэгэн тэнгэрийн дор агаараа хувааж амьсгалаад явж байгаа хэрнээ, ядуу ядарсан нэгнийгээ дэвсэлж, дээгүүр туучиж, өөрсдийгөө тунхаглана гээч. Тэгээд л би, малчин хүн өвсний сорыг дагаж бэлчээр сэлгэдэг шиг бууриа сэлгэсэн дээ. Хөдөө гадааны улс зүрх сэтгэлээ машинд дайруулчихаагүй, эрүүл саруул байх шиг санагддаг юм.

-Таны энэ жилийн цомд уншсан шүлгүүд тань нээрээ нэг л захиас маягтай байсан шүү?

-Ёр билгийн шүлэг бичсээн. “Үхлийн сэрүүлэг хангинахаас өмнө үрдээ үлдээх үг” гэдэг бол тоглох сэдэв биш. Гэхдээ яагаад ч юм үхэл гээч зүйл надад ойрхон байгаа юм шиг санагдах болсон. Би чинь “Гүн ухаантан” энэ тэр гэсэн шүлэг уншдаг шүү дээ. Сүүлд бүр “Гүн ухааны сүлжээ бодлууд” гэдэг шүлэг хүртэл бичээд нөөчихсөн байсан юм. Тэгтэл энэ ёр билгийн сэдэв өөрийн эрхгүй намайг татаад байгаа юм.

“Мөнгөн шөнөөр би холын холыг зорино

Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна…” гэх мөрүүд миний сэтгэл дотрыг эзэмдэж, би үнэхээр тэр нэгэн мөнгөн шөнийг дуудаж байна. Заримдаа хорвоогоос яваад өгвөл хүүхдүүд минь эрт ухаан суух ч бил үү гэж бодно. Магадгүй би байгаа болохоор өөрсдийнхөө хүчийг дайчлахгүй хэтэрхий найдаад яваад байна уу ч гэж бодно. Би чинь их багадаа аавгүй болж хэрсүү өссөн юм. Заримдаа болохоор үхэх арай эрт байна, илүү сайхан амьдарч, сайн уран бүтээлүүд туурвина гэж бодох. Хүний сэтгэл гэдэг салхин зоргоор нүүх үүл шиг санаан зоргоор л хувирчихна.

Ирэх жилийн наадамд гэгээн сайхан амьдрах тухай шүлэг уншина аа.

-Таны аавдаа бичсэн шүлэг тань сэтгэлээс гардаггүй юм. 1992 онд бичсэн байх аа?

-Тийм. Тэр жил би оюутан, намрын ажил хийгээд нэг тариан талбай дээр зогсож байгаад аавыгаа дурсан санаж бичсэн юм. Тариан түрүү халиуран найгаад л салхи исгэрээд л уйтай өдөр байсан санагдана. Хүүхэд байхад, яг тийм намрын нэгэн уйтай өдөр аав минь бурхан болсон юм. Тэгээд, нэг амьсгаагаар суугаад биччихсэн шүлэг. Хүмүүс их таашаан хүлээж авдаг юм.

-Та бага насныхаа тухай дурсахгүй юу, хэдий үеэс шүлэг бичих болов?

-Муу ээж маань намайг шүлэгч болгосон юм. Тухайн үед би зүгээр хүний шүлгийг уран уншдаг дөрөвдүгээр ангийн хүү байлаа. 1980-аад оны эхээр гэсэн үг шүү дээ. Тэгсэн нэг удаа ээж маань “Үнэн” сонины тасархай барьчихсан “Миний хүү энэ уралдаанд оролцох юм биш үү” гэж байна. Үзсэн чинь багш нарын баярыг тохиолдуулж дунд сургуулийн сурагчдын дунд орон даяар зарласан шүлгийн уралдааны болзол байна. Би чинь уран уншигч болохоос шүлэг зохиож мэдэх биш тэгсгээд орхичихлоо. Тэгсэн хоёр, гурван хоногийн дараа бас нэг сонины тасархай барьчихсан орж ирээд “Энд багшийн тухай дөрвөн гоё мөр байна. Миний хүү хуулаад биччих. Хаа байсан 50,60-аад оных юм байна. Хэн мэддэг юм, энийг хуулаад бич” гэлээ. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Ядуухан ч гэлээ яруухан дөрвөн мөр л дөө, зайлуул.

Ачит багшийн минь алдар

Алтайн уулнаас өндөр дөө

Агуу түүний сургаал нь

Ариун тэнгисээс ч гүн дээ гэсэн Доржийн Гомбожав гэдэг том зохиолчийн дөрвөн мөрт байхгүй юу. Би бүр сүүлд нь мэдсэн юм.

-Тэгээд яасан бэ?

-Тэгээд нөгөө мөртөө хуулаад биччихлээ. Ээж “За одоо миний хүү наад дөрөв дээрээ дахиад нэг дөрвөн мөр нэмээд биччих. Тэгэхэд л шүлэг болчихдог юм” гэж байна. Дөрөвдүгээр ангийн сурагч дөрвөн мөр бичих гэж нэлээд суулаа. Нэг л болдоггүй ээ. Тэгсэн хэлж өгч байна:

А үсэг зааж өгсөн

Ачит багш таниараа

Багачууд хүүхдүүд бид нар

Бахархан дурсаж явдаг даа за ингээд явуулчих л гэж байна. Би ч нэг их сүрхий амьтан болж, хоёр хүний найман мөр шүлгээ уралдаанд явуулах гээд сургууль дээрээ аваад ирлээ. Манай сургуулийн Лхамсүрэн багш их гоё бичнэ. Багшаар нэр хаягаа дугтуйн дээр бичүүлсэн чинь миний нэрийг буруу биччихдэг юм байна. Би чинь уг нь Базарсадын Тулгаа юм шүү дээ. Багш Базарсадын Баттулга гээд биччихлээ. Дахиад бичүүлэх гэсэн дугтуй олдохгүй болохоор нь тэр чигээр нь явуулчихсан юм. Тэгсэн тэр шүлэг уралдаанд гуравдугаар байрт орж, хүний шүлгээр гангарсан намайг өөр нэрээр мандуулж өгсөн хэрэг л дээ. Тухайн үед өөрөөсөө их ичиж, түүнээс хойш зөвхөн өөрийнхөө мөнчгөрөөр шүлэг бичих болсон доо.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

З.Цолмончимэг: Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зургадугаар сард авна

2015-2016 оны хичээлийн жилийн Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 15-ны өдөр орон даяар эхэлсэн билээ. Энэ жил ЭЕШ-ын журмын зарим нэг заалтад өөрчлөлт орсон талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэлийн төлөөлөгч З.Цолмончимэгтэй ярилцлаа.

-ЭЕШ-ын бүртгэл эхэллээ. Ямар хугацаанд үргэлжлэх вэ. Шалгалтад орох сурагч ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

-Энэ сарын 15-ны өдөр орон даяар 09:00 цагт эхэлсэн. Нийт 70 гаруй хоног үргэлжилж ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт орон даяар бүртгэл дуусгавар болно. Шалгалтад орох суралцагчид онлайнаар www.eec.mn цахим хуудсаар бүртгүүлнэ. Өнгөрсөн жил монгол мэл бичгийн шалгалт, ЭЕШ гэж тусдаа бүртгэгдэж байсан. Харин энэ жил нэгдсэн журмаар хамтад нь бүртгэж байгаа. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноотой 400 хэвээрээ байгаа. ЭЕШ-тайгаа хамт зургадугаар сард авагдахаар төлөвлөж байна.

-ЭЕШ-аас хоцорсон тохиолдолд яах вэ?

-Энэ жил хугацаа, цагийг сунгаж нэмэлт бүртгэл хийхгүй.

-Өнгөрсөн жил монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй хүүхдийг ЭЕШ-д оруулахгүй байсан. Энэ жил ЭЕШ-тай хамт авна гэхээр яаж зохицуулж байгаа юм бэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зургадугаар сард авна. Босго оноо болох 400 оноо нь хүрээгүй байсан ч ЭЕШ-таа өгөх эрхтэй байх юм. Харин их, дээд сургуульд орох эрхгүй болно. ЭЕШ-д өндөр оноо авсан ч монгол хэл, бичгийнхээ шалгалтад унасан тохиолдолд дараа жил дахиж монгол хэл бичгийн шалгалт өгөх ёстой болж байна. Мөн энэ жилийн хувьд ЭЕШ-тай адилхан монгол хэл, бичгийн шалгалтад батламж тусад нь олгож эхэлнэ. Энэ батламж 2.5 жилийн баталгаат хугацаатай байна. Энэ жил сургуульд орохгүй өнжлөө гэхэд дараа жил ЭЕШ-тай адил монгол хэл, бичгийн шалгалтын оноо баталгаатай байна гэсэн үг.

-ЭЕШ-ын журамд ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Хариултын хуудсыг өмнө нь үзгэн буюу тосон балаар бөглөдөг байсан. Энэ жилээс машинаа шинэчилсэн учраас зөвхөн балын харандаагаар бөглөдөг болж байгаа. Давуу тал нь сурагчид буруу хийсэн бол түүнийгээ арилгаж бөглөх боломжтой болж байна. Монгол хэл, бичгийн шалгалтын хувьд өмнөх жилийнхтэй адил хувилбараар авах юм. Харин ЭЕШ-аар монгол хэлний шалгалтыг сонгосон бол 25 хувь нь монгол уйгаржин бичгийн даалгавар орно.

-ЭЕШ-ын бүртгэлийг сургуулиас нь автоматаар бүртгүүлчих үү?

-Үгүй. Багш нараараа дамжуулж бүртгүүлэхээр регистрийн дугаарыг зөрүүлэх, имэйл хаягийг буруу бичих зэргээр ямар нэг алдаа гаргаад байдаг. Тэгэхээр эцэг, эхтэйгээ нийлж байгаад онлайнаар бүртгүүлэх ёстой. Эцэг, эхчүүд ангийн багшид нь даатгаж үлдээхгүй байх нь зүйтэй.

-Бүртгүүлэхдээ голдуу гаргадаг алдаа юу байдаг вэ?

-Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлд ямар нэгэн төлбөрийн хураамж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай. Энэ хураамжийг интернэт виза картаар тушаахад алдаа гаргаад байдаг. Энэ тал дээр анхаарал хандуудлах нь зүйтэй. Цахимаар бүртгүүлж байхад банкны дансны дугаар бичигдсэн байгаа.

-Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 12 ангийг хэдэн сурагч төгсөж байгаа вэ. Өнгөрсөн жил хэдэн хүүхэд ЭЕШ өгч байсан бэ?

-Өнгөрсөн жил 20-иод мянган хүүхэд ЭЕШ өгч байсан. Энэ жил нэг дахин их хүүхэд шалгалт өгнө. Энэ жил 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсч байна. Мөн өнгөрсөн жил өнжсөн хүүхдүүд нэмэгдээд 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгнө.

-Шалгалтын тов тодорсон уу?

-Шалгалтын тов хараахан тодорхой болоогүй байна. Манайхаас товоо гаргаад өгчихсөн байгаа. Яамнаас хараахан хариу ирээгүй байна. ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх ба шалгалтын дүн, оноо, жагсаалтыг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Задралын өмнөх Орос орон

Шведийн парламентаас Оросыг өөрт нь хамгийн аюултай орноор зарлалаа. Хориг, нефтийн үнийн доошлолт, авлига, эдийн засгийн хямрал, Украин болон Сирийн асуудал энэ орныг одоо байгаа хэлбэрээр нь удаах нөхцөлгүй гэж үнэлээд энэ нь эсвэл гадагш нь түрэмгийлэл үйлдэх, эсвэл дотооддоо иргэний дайн үүсгэх бололцоотой боллоо гэж тэд дүгнэжээ. Иймээс хөрш оронд үүсч болох аюулаас өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэгт хүчиндээ илүү анхаарал тавих, боломжит аюулаас сэргийлэх арга хэмжээ авахаар боллоо.

Орос нь өнөөдөр хувь процентоор тооцоход цэрэгт өгч буй мөнгөөрөө дэлхийд тэргүүлж байна. ДНБ-ийхээ 4,5 хувийг батлан хамгаалах зардалд зарцуулж байгаагаар АНУ, Хятадыг хол хаяжээ. Ийм үзүүлэлтээр тэдний өмнө Хойд Солонгос л орж магадгүй. Энэ бол өнөөгийн жишгээр милитаржсан орны зэрэглэл юм.

Өнөөдрийн Оросын задрал аль хэдийнээс нэгэнтээ эхэлсэн. 1990-ээд он эхэлж байхад Оросын цэргийн нэг нэгтгэлийн удирдагч Афганистаны дайны баатар Дудаев Чеченьд батлан хамгаалах швейцарь тогтолцоог маш богино хугацаанд буй болгожээ. Швейцарь тогтолцоо бол өрх болгоныг, иргэн болгоныг батлан хамгаалах системд хамруулж гэр оронд нь зэр зэвсэг, өөрийгөө хамгаалах бусад төрлийн тоног төхөөрөмж байрлуулсан байдаг. Бүх нийтийг өөрийгөө хамгаалах, дайсанд цохилт өгөх сургалтад хамруулдаг. Өөртэй нь тэнцүү дайсанд хэзээ ч ялагдахгүйгээр, хэрэв өөрөөс нь хавьгүй хүчирхэг дайсанд ялагдлаа ч аймшигтай хохирол учруулж чадах хэмжээнд бэлтгэгдсэн болой. Гэвч энэ улс Аугсбэргийн гэрээгээр төрснөөс хойших 400 жилийн туршид швейцарь батлан хамгаалах тогтолцоо огт шалгагдаж байгаагүй. Дэлхийн хоёр дайн болоод өнгөрсөн хугацаанд Европт болсон олон дайн мөргөлдөөн үргэлж Швейцарийг тойрч байсан юм.

Огт шалгагдаж байгаагүй швейцарь тогтолцооны гайхамшгийг Чеченийн анхдугаар дайн батлан харуулав. Генерал Грачев ганц сая хүнтэй Чеченийг бүрэн дарахад дэлхийн хоёр дахь том арми Орост долоо хоног ихэднэ гэж бахдаж байсан ч фронтын дайны баатрууд ялагдаж Дудаевийн залгамжлагч террорист Яндебиевийг Москвад урин хэлэлцээ хийгээд бараг бүрэн тусгаарласан Чеченийн ерөнхийлөгч болохыг зөвшөөрөөд цэргээ татав. 13 настай хүүхэд подволоос минимотоор буудаж долоон танк устгаж байсан гэдэг.

Оросоос де-факто тусгаарлаж чадсан Яндербиев, Масхадовын дэглэм деюре тусгаар тогтнолыг алан хядлагаар олж авна гэж олон газар террор үйлдэж Орос орныг донсолгожээ. Үүний хариу ч чанга ирсэн. Чеченийн хоёрдугаар дайн хэрэг дээрээ геноцит болж хувирав. Фронтын дайн хийсэн учраас хүүхэд эмэгтэйчүүд, эмнэлэг сургууль хамаагүй болсон юм. Чухам үүний дүнд ч бараг хэний ч таньдаггүй байсан Путин Оросын шинэ царь болж чадсан. Гэвч чеченьчүүд номхорсонгүй. Дахиад л Орос орныг чичрүүллээ. Халдлага, террор тасарсангүй. Харин ч хүрээгээ тэлж хажуу Дагестан зэрэг газруудад халдварлах нь тэр.

Үнэндээ арга нь тасарсан Путинд өөр арга чарга олдсонгүй, тэрээр Чеченийн босогчдын нэг болох Кадыровыг өөртөө татаж Чеченийг тайван байлгасны шанд хэмжээлшгүй мөнгө, хязгааргүй эрх олгохоор тохирчээ. Аав нь алагдсаны дараа хүүд нь эрх мэдлийг шилжүүллээ. Мөнгө, цол хэргэм, эрх мэдлээр тасалсангүй. Орос улсын баатар Кадыров. Төрсөн өдрөө тэмдэглэхдээ сая долларын үнэтэй дуучин авчирч наргихад Путин зардлыг нь чимээгүй төлсөөр л. Эцэст нь Путин өөрөө Кадыровын барьцааны хүн болж хувирав.

Кадыров харж сонсоход тэнэг үйлдэл ар араас нь үйлдэн, скандал, шуугиан, үймээн байнга тарин, Оросыг дэлхий нийтийн өмнө шившиг болгож байгаа юм шиг боловч тэрээр маш ухаалаг зальжин нэгэн билээ. Тэрээр Орос оронд Путинаас илүү хайртай нэгэн, Путинд бол Оросын ард түмнээс ч илүү янаг нэгэн. Энэ шал худлаа. Чухам ийм лоозонгоор тэрээр Чеченийг үнэн хэрэгтээ тусгаар улс орон болгож дөнгөв. Тэнд Оросын хууль үйлчлэхгүй. Кадыров Оросын мөнгөөр юу дуртайгаа үйлдэх бүрэн эрхтэй. Дудаев ч, Масхадов ч ийм амжилтад хүрч чадаагүй юм.

Бараг зуун янзын хэлээр ярилцдаг Оросын холбоо нь 85 субъекттэйд 22 бүгд найрамдах улс, есөн хязгаар, дөрвөн автоном тойрог, нэг автоном муж багтана. 20 сая лал сүсэгтэнтэй. Путин хэдийгээр Халимагийн Үлэмжинов, Татарстаны Шаймнев, Якутын Николаев зэрэг орон нутгийн феодалуудыг зайлуулж чадсан ч тэд нь Кадыровтой харьцуулахад гэмгүй даврагчид. Чеченийн бүгд найрамдах улс шиг бие даасан, Оросын хууль үйлчилдэггүй субъект өөр бараг үгүй байх аа. Саяхан Төрийн Думаас төсөв хуваарилахдаа бүх субъектийн мөнгийг хассан мөртөө ганцхан Чеченийн төсвийг долоон хувиар нэмжээ.

Оросын булааж авсан Крымын бүгд найрамдах улсын толгойлогч Аксёнов хоёр жилийн өмнө Кремлийн амлаж байсан их мөнгөнөөс сохор зоос ч олж аваагүй гэж гомдоллох болов. Энэхүү зөөлөн хэлэхэд шударга бус хуваарилалт олон субъектийг гомдоож байна. Яагаад Татарстаны орон нутгийн зөвлөл татар хэлийг латин үсгээр бичиж байх шийдвэр гаргахад түүнийг Төрийн Дум хориглон зогсоож болдог мөртөө Чеченьд өөр мужаас хууль сахиулагчид гэмт хэрэг мөрдөн орж ирэхэд шууд буудчихаар юм хэлдэггүй юм бэ? Муу ч сайн ч казань татар үндэстэн чеченьчүүдээс тав дахин олуулаа шүү дээ. Яагаад Москвад аллага үйлдсэн террористыг Чеченийн засаг захиргаа өмөөрөх төдийгүй хуурамч бичиг баримт олгоод гадагш нь зугтаалгачихад Кремль чихээ бөглөөд өнгөрдөг мөртөө мөн Москвад буй украин номын санд Оросын эсрэг ном хадгалж байна гэх шалтгаанаар ажилтнуудыг нь баривчилдаг байна аа?

Эдийн засгийн ийм хүндрэлд орсон Орос орон хяналтаа улам бүр алдсаар байна. Дэлхийд тэрбум лалын шашинтан буйн 90 хувь нь сунитууд. Крымын цонхыг Сирийн хаалгаар солих гэсэн оролдлого нь Оросыг ийм аймаар том хүчний урдаас сөргүүлэн тавилаа. Өдгөө барууны хориг тавигдлаа ч гэсэн Орос нь таван жилийн өмнөх түвшиндээ эргэж очтол лавтай 10 жил хэрэгтэй болно. Учир нь гол экспорт болох байгалийн түүхий эдийн үнэ эргэж өсөх магадлал тун хэцүү. Авлигатай дайн зарласан Путины хөтөлбөр байдлыг улам дордуулсан болохоос нэмэр болоогүй. Английн шүүх Путиныг хүн амины хэрэгт холбож, АНУ-ын төр түүнийг олон тэрбумын хөрөнгөтэй авлигачаар зарлалаа. Хэдийгээр хатуу чанга арга хэмжээ авч байгаа ч гэсэн сөрөг хүчин улам хүчээ зузаатгаж хэзээ хэзээгүй дэлбэрэхэд алхам алхмаар ойртсоор. Сонгууль ойртсоор.

Орос улс задрах дээрээ тулбал энэ нь дэлхийн гамшиг болно. Хэдийгээр муу муухай ч Саддам Хусайн, Муамар Каддафи, Хосни Мубаракийн дэглэм юутай ч улс орондоо хяналт тогтоож байсан, харин дэглэм унасны дараа хаос үүсэн дэлхийг донсолгож гарсан. Путины дэглэм унавал үүнээс олон арав дахин гамшиг дагуулна. Орос улс Борис Годуновын дараахь самуурал, ХХ зууны хориод оны иргэний дайны байдалд ч орж болзошгүй. Хэрэв ингэвэл дэлхийн хамгийн олон хөрштэй орны хувьд дэлхийг донсолгосон 10 хоног болно. Жон Рид 10 хоногийг нь үзээд л үхчихсэн болохоос түүнээс хойш донсолгоо хэдэн жил үргэлжилсэн юм.

Хориод оны иргэний дайны үеэр Орост хориод бие даасан засаг оршиж биентэйгээ үхэх сэхэхээ үзэж байсан гэдэг. Нэг л бүлгийнх нь өчүүхэн хэсэг нь Монголд орж ирж түйвээж байсныг, араас нь тэднийгээ нэхэж ирснүүд нь нэмж баллаж байсныг түүх тодорхой санаж байгаа. Алив дайны амжилт хүнсний хангамжаас маш их хамаардаг. Цэрэг ч бай дээрэмчдийн бүлэг ч бай хүнсний хамгамжгүй болох аваас байлдахаасаа илүү удирдагчаа буудаж хаячихаад тонуулчин алуурчин болдог. 60-70 сая мал нь талаар нэг бэлчсэн, дайн байлдаан тонуул дээрэм хийхэд хүн амьтангүй эзгүй полигон бүхий газар ямар аятай оромж болох нь ойлгомжтой. Төрийн нэгдсэн хангамж үгүй жижиг бүлэглэлүүд хүнсний хангамжтай бол удаан хугацаагаар байлдах чадвартай. Түйвээх ч чадвартай.

Жич: Түүхэнд Төв Азийн нүүдэлчид 10 мянган км-ийн тэртээх алс газруудад довтлон түрэмгийлж байжээ. Түрэг, Хүн, Жужуань, Аваар, Монгол, Мажаар, Ногай, Алтан улс, Ильхан гээд олон жишээ татаж болно. Заримдаа хэдэн зуун мянган хүн хүрэх энэ том армиуд хүнсний хангамжаа маш сайн шийдсэн байсан нь тэдний амжилтын гол үндэс юм. Байгалийн ямар ч хүнд нөхцөлд өөрөө өвс тэжээлээ олоод идчихдэг хагас зэрлэг морьд (зөөвөрлөх) болон бусад мал (хоол хүнс) тэрхүү том армийн араас дагалдаж явдаг байжээ.

2016.1.31

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өгнө, өгөхгүй гэж маргалдахад хүртэл дагадаг соёл дэлгэрч байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас онцлох материалуудыг тоймлон хүргэж байна. Өчигдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний хэм алдагдлыг эмчлэх лаборатори нээгдлээ. Ингэсгээр монголчууд зүрхний хүнд хагалгааг гадаад улс руу явж хийлгэх шаардлагагүй болж байна. Гуравдугаар эмнэлгийн шинэ лабораторийн талаар сурвалжлан өнөөдрийн дугаарын нэг, долдугаар нүүрт нийтэллээ.

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталж, улмаар хаалтаа хийсэн юм. Баталсан асуудлаас онцолбол Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөв. Чуулганы хуралдааны дэлгэрэнгүй сурвалжлага нэг, хоёрдугаар нүүрт хэвлэгдлээ.

Бямба гариг бүрт хүргэдэг “Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн дугаат нийслэлийн 67 дугаар сургуулийн 1998 оны төгсөгчид уригдан оролцлоо. Тэд сургуулийнхаа “од” байсан гэх. 10 б ангийнхны дурсамжтай, сонирхолтой түүхийг нэг, зургадугаар нүүрээс уншаарай.

Улстөрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт чуулганы хуралдааны сурвалжлагаас гадна УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ярилцлага гарсан юм. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзаж, юун тухай ярьсныг сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт “Өгнө, өгөхгүй гэж маргалдахад хүртэл дагадаг соёл дэлгэрч байна” нийтлэл хэвлэгдэж гарав.

харин уламжлалт “Хэлэх эрхийн индэр” буланд бидний сайн мэдэх Dzman буюу Дашзэвэг, иргэн Т.Рэнцэн, доктор Т.Улаанбаатар, иргэн Л.Энхтүвшин нар оролцож өөр өөрсдийнхөө үзэл боллыг илэрхийллээ. Дөрөвдүгээр нүүрээс сонирхоорой.

Саяхан ОХУ-д улсад болсон хоккейн ДАШТ-д манай тамирчид оролцож түүхэн амжилт гаргаад ирсэн. Хаалгач Б.Мөнхболд шилдэг хаагчаар шалгарсан нь онцлох хэрэг болсон юм. Мөн тэд хоккейн тэмцээний үеэр Украйны хоккейчидтой зодолдож багагүй шуугиан тариад байгаа. Энэ талаар багийн дасгалжуулагч болон хаалгач Б.Мөнхболд нартай ярилцав. Долдугаарт нүүрт ярилцлагыг хэвлэлээ.

Тун удахгүй 4G технологи нэвтрэх гэж байна. Одоогийнхоос долоо дахин их хурдаар өгөгдөл дамжуулах боломжтой энэ технологийн талаар Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнгийн өгсөн ярилцлагыг наймдугаар нүүрт хэвлэв.

Түүнчлэн Бодисын дөрөв дэх төлөв буюу Устөрөгчийн пламзыг гаргаж авсан тухай сонирхолтой мэдээллийг “Амрах агшин” булангаас уншаарай. Эдгээр болон “Өдрийн зочин”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд”, “Өд бэх” зэрэг тогтмол булангууд өнөөдрийн дугаарт гарсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга З. Энхболдын хэлсэн үг

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж өнөөдөр хаалтаа хийлээ. Чуулганыг хааж УИХ-ын дарга З. Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ээлжит бус чуулганыг нээж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиуд зэрэг нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Эдгээр хуулиуд нь ард иргэдийн зүгээс хүлээлт үүсгээд байсан. Хуулиуд тус тусын хуульдаа бичигдсэн хүчинтэй болох хугацаагаараа буюу ердийн журмаар, Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэнээр гэх мэтээр хэрэгжиж эхлэх болно. Энэ хуулиудын хэрэгжүүлэхийн тулд 04 дүгээр сарын чуулганыг хүлээх шаардлагагүй боллоо.

Ээлжит бус чуулганы хуралдаанаар мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцье. Ажлын хэсгүүдээ ирэх долоо хоногоос байгуулан бэлтгэлээ хийх хэрэгтэй.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталж дууслаа.

Ээлжит бус чуулганы хуралдаанд идэвхтэй оролцсон УИХ-ын гишүүд та бүхэнд баярлалаа.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.