Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид XXI зууны эхэн үеийн шинжлэх ухааны гайхамшигтай нээлтүүдийн гэрч болон амьдарч байна

XXI зуун гарсаар ертөнцийн хөгжлийн уг сурвалж, амьд организм үүсэх нөхцөлийн мөн чанартай холбоотой зарчмын гайхамшигтай нээлтүүд ар араасаа гарч, нийт олны гайхшралыг төрүүлж байна. Өнгөрсөн зууны гол нээлтүүдийн нэг бол өнөөдрийн өдрийн ажиглалтын хүрээнд байгаа асар уудам хорвоо ертөнц 13,7 тэрбум жилийн өмнө нэгэн онцгой цэгээс хүний ой тойнд оромгүй асар их эрч хүчтэй гэрлийн туяа цацруулан үүсчээ гэсэн дүгнэлтийг хөдлөшгүй баримт, туршилтад тулгуурлан гаргасан юм. Тэгвэл жингүй буюу массгүй энэ их гэрлийн туяанаас орчлон хорвоогийн бүтцийг бий болгосон од эрхэс, нар сар, эх дэлхий түүгээр ч барахгүй бид бүгдийн араг яс, бие махбодыг бүрэлдүүлэгч эд эс, эгэл бөөм, цөм, молекулууд яагаад жин татдаг масстай болсон юм бэ гэсэн асуулт эрдэмтдийн шийдэх ёстой гол бодлого байсан. Хамгийн энгийн шийдэл бол “Бурхан биднийг бүтээх гэж гэрлийг масстай болгожээ” гэж хэлж болох юм. Гэвч яагаад масс үүссэн, ямар учир шалтгаан байсан юм бол гэдэг нь эрдэмтдийн санааг зовоож байв. Гэтэл цай идээших, тараг бүрэлдэх, газрын хөрсөн дээр халсан агаар дээшээ дэгдэж бороо хур, мөндөр болон буудагтай адил төстэй үйл явдал ертөнцийн үүслийн эхэн мөчид бий болжээ гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлж тавьсан. Энэ үзэгдэл орчлонгийн анхны тэгш хэмт чанар алдагдсантай холбоотой болохыг физикчид тогтоосон. Үүнтэй төстэй амьдралын жишээ бол залуу гэр бүл амьдралаа зохион цаашид амьдрахын тулд оосор бүчгүй ор цагаан гэрт тооно, хаалга гарган түүний анхны дээд тэгш хэмт чанарыг эвдсэнтэй адил бүлгээ.

Ертөнцийн үүслийн их тэсрэлтэнд бий болсон хэмжиж боломгүй тоон хэмжээтэй температурын утга яваа яваандаа буурах үед өөрийгөө тойруулан сэвсгэр хөвөн, цас шиг орчин үүсгэдэг онцгой бөөм буюу физикчдийн нэрлэснээр Хиггс бозон үүсч түүний ойр орчмоор гүйсэн гэрэл түүнд уургалагдан, хөдөлгөөн нь удаашран хурд нь багассан учраас анхдагч гэрэл масстай бөөм болох нөхцөлийг бүрэлдүүлсэн гэсэн таамаглалыг анх Шотландын физикч Хиггс дэвшүүлсэн.

Гэтэл 2012 оны зуны дэлгэр цаг буюу долдугаар сарын 4-ний шөнө Швейцарь улсын Женев хотод байдаг 27 км тойрог замаар эгэл бөөмсийг гэрлийн хурд хүртэл хурдасгадаг Европын Цөмийн Судалгааны Лабораторийн супер хурдасгуурын хяналтын өрөөний компьютерийн дэлгэц дээр нөгөө Хиггс бөөм байж магадгүй гэмээр бөөм үүсч байгааг бүртгэж авсан юм. Хожим нь олон удаа давтан хийсэн туршилтаар энэ шинэ бөөм яг Хиггс бөөм болохыг баталж, анх түүнийг төсөөлөн хэлсэн эрдэмтэд 2013 онд Нобелийн шагнал авсан билээ.

Материаллаг ертөнцийн бүтэц, түүний хөгжлийн нууцыг тайлсан энэ нээлтэд баясан хөөрсөн шотландчууд дунд сургуулийн сурагчдын дунд Хиггс эрдэмтнийхээ нэрэмжит шагналт уралдааныг жил бүр зохион явуулж, түрүүлсэн сурагчийг Женев хотын Европын Цөмийн Судалгааны Лабораторид илгээн суралцуулах болсон юм.

Одоо өөр нэг бүр онцгой чухал нээлтийн тухай ярья. Хүний оюун ухаан, тархины хийсвэр сэтгэлгээ, цэвэр математикийн бодлого яаж хорвоо ертөнцийн бодит үнэнийг зураглан бичиж болдог юм болоо гэсний тод жишээ нь 2016 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу бидний цагаан сарын шинийн гурванд таталцлын хүчний долгионыг нээсэн явдал боллоо. Альберт Эйнштейн 1915 онд харьцангуйн ерөнхий онолоо хийсвэр математик тооцоонд үндэслэн боловсруулсан бөгөөд энэ онолын гол мөрдлөгөөр бол цахилгаан цэнэгтэй биес бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон гар утас, телевизор, мэдээллийн бүхий л хэрэгцээг хангадаг цахилгаан соронзон долгион цацруулдагтай яг адил, масстай бие болгон таталцлын долгионыг цацруулах ёстой гэсэн дүгнэлт юм. Цахилгаан соронзон долгионыг бодвол таталцлын хүчний долгионы эрчим тэрбум тэрбум тэрбум дахин маш бага учир ийм долгионыг бүртгэн авах ямар ч боломжгүй гэж физикчид үзэж байв. Гэтэл 1,3 тэрбум жилийн өмнө сая сая одны масстай тэнцүү масстай хоёр хар нүх мөргөлдсөний улмаас үүссэн таталцлын долгионыг АНУ-д таталцлын интерферометр гэдэг багажийн тусламжтайгаар бүртгэн авснаа дэлхий нийтэд зарласан байна. Энэхүү долгионы тархалт усанд хаясан чулуунаас үүссэн усны гадаргуугаар тархах тойргон хэлбэртэй долгионтой адил төстэй. Асар их масстай хар нүх нь манай Галактик болох сүүн зам буюу Тэнгэрийн заадасны төвд орших бөгөөд түүний татах хүч асар их тул 100 тэрбум од түүнийг тойрон эргэлдэнэ. Ийм төрлийн хар нүхнүүд энэ орчлонд түм бумаараа байх ёстой гэж эрдэмтэд үздэг бөгөөд хар нүхний физик судалгааг Кембриджийн их сургуулийн Люксон профессорын орон тоон дээр ажилладаг С.Хоукинг тэргүүлдэг юм. Амьд сэрүүн байгаа физикчдийн дундаас А. Эйнштейний дараа орох физикч эрдэмтэн нь Хоукинг хэмээн үздэг. Түүний уураг тархины нейронуудын хөдөлгөөнийг залдаг мотор нь ажиллахгүй болсноор 40 гаруй жил болж байгаа ба үүний улмаас хөдөлгөөн нь саарч, юм ярих боломжгүй болсон юм. Люксон профессорын орон тоон дээр ажиллаж байсан өөр гарамгай эрдэмтэд нь Исаак Ньютон, Поль Дирак байв. П.Дирак нь цэвэр математик тооцоо, тэгшитгэлийн тусламжтайгаар орчлон ертөнцөд бидний ердийн бодисоос гадна түүний антибодис байдгийг нээсэн. Энэхүү антибодис бидний ертөнцийн бодистой нийлэх л юм бол гэрэл болон алга болно. Ертөнцийн хөгжлийн хувь заяагаар энэхүү антибодис вакум буюу бодисын хамгийн доод түвшинд шурган алга болжээ.

Харилцаа холбоо, мэдээлэл, компьютерийн хувьсгалын давалгаанд хөвсөн хүн төрөлхтний үсрэнгүй хөгжил, нөгөө талаас орчин үеийн шинжлэх ухааны нээлт ололтыг хүний амьдралын материаллаг тансаг хэрэгцээг хангахад зориулагдсан бизнесийн өнгө мөнгөний хязгааргүй өрсөлдөөн, тэмцэл эцсийн эцэст нийт хүн төрөлхтөнд ямар үр дагавар авчрах бол гэдэг нь эрдэмтдийн санааг зовоосон асуудал болж байна. Хоукингийн хэлснээр ингэж шинжлэх ухааны нээлт бүтээлийг тэмцэлдэн, өрсөлдөн ашиглах нь ирээдүйдээ, бүүр ойрын ирээдүйд ч магадгүй нийт хүн төрөлхтөнг сүйрэлд хүргэж болзошгүйг анхааруулжээ.

ЭХ БОЛСОН ЭХ ДЭЛХИЙГЭЭ БҮГДЭЭРЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ.

Академич Х.Намсрай

Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ

“Бид” цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор эдийн засагч, судлаач Ч.Отгочулууг урьж ярилцлаа.

-Сүүлийн үед Монгол Улсын гадаад өр хэрээс хэтэрч, монгол хүн бүр их хэмжээний мөнгөний өрөнд орсон гэх мэдээлэл гарах боллоо. Үүний шалтгаан нь бонд гэх. Тантай бондын тухай ярилцах гэсэн юм?

-Болно.

-Дэлхийн жишгээр бондын хувь хэмжээ эдийн засгийнхаа хэдэн хувьтай тэнцүү байдаг юм бэ. Манай улс дампуурахад ойрхон байгаа, өр зээлээ дийлэхээ байсан гэсэн мэдээллүүд сүүлийн үед их гарах болсон. Энэ үнэн үү?

-Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас олон улсын стандартаар байнга гаргадаг тайлангаас энэ талаар харж болно. Дэлхийн дунджаар бондын хувь хэмжээ тухайн улсын эдийн засагт ямар хувьтай байдаг талаар энэ тайланд тодорхой дурддаг. Ерөнхийдөө тухайн улсын эдийн засагт эзлэх Засгийн газрын өр 60-80 хувьтай байгаа.

-Манай улсын Засгийн газрын өр хэд байгаа вэ?

-55 хувьтай шүү дээ. Олон улсын дундаж түвшинд байна гэж ойлгож болно. Гадаад өр их боллоо гээд байгаа нь хувийн компаниудын гадаадаас авсан өр зээлийг оруулж тооцоод байгаа юм. Хувийн өр гэдэг нь Засгийн газар буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөхгүй, тухайн компани өөрөө эрсдэлээ даагаад авч байгаа өр зээлийг хэлдэг. Би нэг чухал статистик хэлье. Таван жилийн өмнө манай улсын гадаад өрийн бараг 90 хувь нь Засгийн газрын, тодруулбал татвар төлөгчдийн мөнгөөр баталгаажсан өр байсан. Одоо энэ байдал эрс өөрчлөгдсөн. Нийт гадаад өрийн бараг 60-70 хувь нь хувийн хэвшлийнхний авсан зээл. Манайх дунд орлоготой орны тоонд орсон учраас хөгжлийн албан ёсны зээл авах хугацаа нь дуусчихсан. Харин хувийн хэвшлийнхэн өөрсдөө эрсдэлээ үүрээд гаднаас зээл босговол тэр нь манай өрд бичигдээд байгаа юм. Бид хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөх Засгийн газрын өрөнд л санаа тавих хэрэгтэй юм.

-Монгол хүн бүр, бараг л шинээр төрөх хүүхэд хүртэл хэдэн зуун сая төгрөгийн өртэй боллоо гэсэн мэдээлэл гарч байсан. Хувийн хэвшлийнхний авсан өр зээлийг оруулж тооцоолсон гэсэн үг үү?

-Манай гадаад өр 10-15 жилийн хугацаанд төлөх дүнг нь харвал өндөр харагдаж байгаа. Яг хэсэгчлээд төлөх хуваарийг нь харвал манай улсын жилийн экспортын орлогын 20 хувьтай тэнцэж байгаа. Бид жилд экспортолж байгаа экспортынхоо 20 хувиар тухайн жилийнхээ өрийг төлнө. Энэ бол олон улсын дундаж хэмжээнд л байна гэсэн үг. Бүгд Найрамдах Казахстан Улсын гадаад өр гэхэд 30-40 хувьтай болсон байна л даа. Миний ойлгосноор УИХ-аас тогтоол гарч таван тэрбум ам.долларын эрхийг Засгийн газарт өгсөн юм билээ. Энэ бол манай улсын 1-2 жилийн экспортын л хэмжээ. Эндээс 1.5 тэрбум ам.доллар нь Чингис бонд хэлбэрээр орж ирсэн байгаа. Чингис бонд, Самурай бонд нийлээд 1.8 тэрбум орчим ам.доллар. Манайхан бонд гэхээр өр гэж ойлгоод байдаг. Хүн бүр цалингийн зээл, машин, байр зээлээр авдагтай л адилхан. Зээл авснаар надад ямар давуу тал бий болж байна гэхээр би цаг хугацааг агшааж байгаа. Товчхондоо, 30 жил ажиллаж байж байр авах биш, өнөөдөр байраа зээлээр авсан нь цаг хугацааны хувьд ашигтай. Чингис бондыг авснаар 60 мянган ажлын байр бий болгосон. Сүүлийн 20 жилд огт барьж чадаагүй замыг гуравхан жилийн дотор барьчихлаа. 800 мегаваттын цахилгаан станцыг ашиглалтад оруулсан байна. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр монголчуудад ажлын байр хэрэгтэй. Ажлын байрыг хамгийн их хойшоо чангааж байгаа зүйл бол өндөр хүүтэй зээл, хоёрдугаарт хөдөө орон нутагт цахилгаан байхгүй, гуравдугаарт зам байхгүй байсан. Одоо энэ байдал өөрчлөгдөж байна. Ажил хийе гэсэн хүмүүст Чингис бондоос хөнгөлөлттэй зээл олгож байна. Зам барьж, эрчим хүчнийх нь асуудлыг шийдээд өглөө. Ингэхээр хувийн хэвшил нь ажлын байр бий болгодог, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн замаар илүү тогтвортой, эрүүл ажлын байр бий болох нөхцөл бүрдэж байна.

-Дэлхий нийтээр эдийн засаг хямарсан таагүй жилүүд тохиож байна. Гэхдээ эдийн засгийн хямралтай учир өр тавиад амь аргацаая гэж болохгүй байх л даа. Яаж өрсөлдөх ёстой юм бэ. Өрсөлдөх чадвар, өр хоёр ер нь ямар хамааралтай вэ?

-Өр ихтэй байх нь тийм сайн үзүүлэлт биш. Гэхдээ нэг сонин хамаарал байдаг. Өрсөлдөх чадвараар хамгийн сайн үзүүлэлттэй орон бол Сингапур. Гэтэл Сингапурын гадаад өрийг эдийн засагтай нь харьцуулахад маш өндөр. Итгэл даах чадвар өндөр байгаа учир гадаадынхан зээл өгч байна. Улс орнуудын эдийн засгийг гадаад өртэй нь харьцуулахад өрсөлдөх чадвартай улс орон их хэмжээний зээлтэй байдаг. Үүний аль нь учир шалтгаан бэ гээд хөөгөөд үзвэл сонирхолтой зүйл гарна. Тэртэй тэргүй орж ирэх орлогоо түрүүлж аваад ирээдүйд олох нэг төгрөгөө гурван төгрөг болгох боломж юм. Тэгэхээр өр гэхээс илүү хөрөнгө оруулалт гэж ойлгож болно.

-Бонд босгоогүй бол эдийн засаг ямар байх байсан бол?

-Хэрвээ бид Чингис, Самурай бондуудыг босгоогүй, Оюу толгойг явуулаагүй байсан бол манай эдийн засаг өдийд 3-4 дахин жижиг, гудамжинд явж байгаа машины тоо бага, гадаадад сурч байгаа оюутны тоо 3-4 дахин бага, манай малчдын орлого 3-4 дахин,татварын оролого 3-4 дахин бага байх байсан. Хэтэрхий мэргэн жараахай шиг юу ч хийхгүй байгаад байх юм уу, эсвэл нэгэнт өрсөлдөөнтэй зах зээлд боломжоо өсгөж байх нь зөв үү. Манай эдийн засаг бол сүүлийн таван жилд дахин дахин томорлоо. Цаашаа ч өсөх боломжтой. Энгийн жишээ хэлье. Сая Ил тод байдлын хууль гарлаа. Үхмэл далд байсан хөрөнгийг ил гаргахад долоон их наяд гэж яриад л байна. Манай эдийн засаг 22 их наяд. Зарим хүн нь эдийн засгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө илэрч гарч ирлээ л гэж байна. Зээлийн тэлэлтийг харахад бас өөр тоо гарна. Бизнесийг зохицуулж байгаа хууль эрх зүй нь тийм ч таатай биш байна. Үүнээс үүдээд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө албан ёсны статистик бүртгэлд орохгүй байна. Манай улсын эдийн засаг сайн байх боломж уг нь харагдаж байгаа юм.

-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан гэх муу мэдээ сонсдоод удаж байна. Төмөр зам бариагүй нь ч дээр байж гэх мэт таагүй яриа дагадаг болжээ. Гэтэл бондын мөнгөөс төмөр замын төсөл рүү оруулсан байгаа. Нэг хэсэгтээ хойш тавих төсөл байсан уу, санхүүжүүлэх нь зөв байсан уу?

-Манай улс сайн чанарын коксжих нүүрсээрээ Хятадын зах зээл дээр өрсөлддөг. Сүүлийн үед өрсөлдөөн нэлээн ширүүсч байна л даа. Автрали, Индонези, ОХУ зэрэг нь хүчтэй өрсөлдөгч нар. Гэхдээ бидэнд нэг давуу тал байгаа нь чанартай сайн чанарын нүүрс. Гэвч яалт ч үгүй нүүрсний үнэ уначихсан. Түүнээс гадна манай улсын өрсөлдөх чадварыг хойш татаж байгаа зүйл бол тээврийн зардал. Манайх шиг ачааны машинаар нүүрсээ, зэсээ, газрын тосоо зөөж зардаг улс дэлхий дээр байхгүй. Энэ бол өндөр зардалтай байдаг. Хэрэв бид төмөр замтай болчихвол тээврийн зардал хоёр дахин буурах судалгаа байдаг. Нүүрсний хувьд шатаагаад дулаан гаргаад байдаг зүйл биш, ган үйлдвэрлэдэг учир нүүрсний эрэлт хэрэгцээ байсаар байна. Хятадын эдийн засаг бол дэлхийн эдийн засгийн 20 хувийг эзэлдэг, манай улсын эдийн засгаас 1000 дахин том. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байх. Их халалтыг зөөлөн газардуулах бодлого барьж, эдийн засгийн эрс өсөлтийг сааруулж байгаа юм билээ. Энэ байдал нөлөөлж байгаа.

Хятадууд нүүрс худалдаж авах үнээ бууруулчихаар нийлүүлж байгаа компаниуд нь өгч байгаа тоо хэмжээгээ нэмэгдүүлж байгаа юм. Компаниуд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд ижил стратеги баримталж, авч байгаа хятадууд үнээ бууруулсан нь ийм байдалд хүргээд байна л даа. Газрын тос ч гэсэн ийм л байдалд орсон. Энэ нэг их удаан үргэлжлэхгүй байх. Нийлүүлэгч компаниуд ч төслөө зогсоогоод дампуураад эхэлсэн. Өнөөдөр нийлүүлэлт нь эрэлтээсээ давчихаад байна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ даваад эхлэхээр нүүрсний үнэ эргээд өснө. Бид тэр болтол тэсч үлдэх бэлтгэлтэй байх ёстой. Нүүрсний үнэ унасан ч зэсийн эрэлт бас боломжийн хэмжээнд байна. Хятадад нэг байдал үүссэн нь зэсийг нөөцөлж болдог байсан. Тэрийгээ болиод хурдан зараад эхлэхээр зэх зээл дээр нийлүүлэлт их болсон байна. Гэхдээ энэ нийлүүлэлтийн илүүдэл удаан үргэлжлэхгүй буцаад хэвэндээ орно.

-Оюу толгой зогсчих вий, зэсийн үнэ унах вий, нийлүүлэлт илүүдээд эхлэх вий гэдэг бол бидний айдас болжээ. Оюу толгойтой адил төслүүд рүү хөрөнгө мөнгөө оруулдаг хүмүүс дэлхийд хэр их байдаг юм бэ?

-Түүхий эдээ экспортолдог улс дэлхий дээр байна. Мөн тэр төсөл рүү нь хөрөнгөө оруулаад ашиг олдог компаниуд, улсууд ч бий. Үүнийг судалж үзэхэд 2010, 2011 онд түүхий эдийн үнэ өндөр байхад баян орнуудаас манайх шиг хөгжиж буй орнууд руу жилд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг байж. Энэ нь манай улсын эдийн засгийг 50 дахин өсгөсөн хэмжээний мөнгө гэсэн үг л дээ. Энэ байдал 2012 онд нэлээд буурсан, 2013 онд буураад 2014 онд хасах 500 тэрбум (-500 тэрбум) болсон. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгөө эргүүлж татах үзэгдэл дэлхий даяар бий болжээ. Энэ онд ч буурах хандлага байна. Гэхдээ манайх үүний эсрэг сэлж чадсан. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтад зориулж дэлхийн хамгийн шилдэг 15 банкнаас 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадлаа. Товчхондоо, дэлхий даяараа хямарч байхад бид харин Оюу толгойгоор дамжуулаад хөрөнгө оруулалт татаж чадаж байгаа юм.

-Оюу толгойн хөрөнгө оруулалт бол яахын аргагүй эерэг мессэж болж чадсан. Манай улсын эдийн засаг ойрын хоёр, гурван жилдээ ямархуу байх бол?

-2016, 2017 онд хүнд байна. Тухайлбал, Чингис бондын эргэн төлөлтөд 700 сая ам.доллар төлөхөөс 500 сая нь бэлэн байгаа юм билээ. Үлдсэн 200 сая долларыг нэг жилд олчих байх. Нөхцөл байдал хүнд байгаа гэдэг нь манай гол худалдан авагч Хятадын эдийн засаг, дэлхийн зах зээл хүнд байгааг л хэлээд байгаа юм. Харин бидэнд боломж байгаа, айх шаардлага байхгүй. Манайд боломж байгаа гэдэг нь бидэнд итгэж зээл өгч байна шүү дээ. Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ.

Categories
мэдээ цаг-үе

С.Баттулга:Сар шинийн өмнө “Ерөөлтэй аялгуу” цомог гаргалаа

Улсын Филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулгатай ярилцлаа.

-Улсын филармони тоглолт ихтэй гэсэн. Ямар сонинтой вэ?

-Монгол Улсын филармони шинэ сар гарангуут дараалсан тоглолт хийж байна. Хайрын баярт зориулсан тоглолтод орлоо. Морин хуурын чуулгатай бэлтгэл хийж байна. Морин хуурын чуулгын уламжлалт ардын дуу хөгжмийн “Торгоны хээ” тоглолтод орж байна.

-Ардын дууны тоглолтод орж байгаа гэхээр сонирхолтой сонсогдож байна шүү. Өөрөө ардын дуу дуулж харагддаггүй?

-Уг нь би дуурийн дуулаачаар төгссөн, тавилттай хоолойтой дуучдын нэг. Гэхдээ манай урлагийн ахмад үеийнхэн, уран бүтээлчид, алдартнуудын урын санд бас ардын дуу байсан. Ардын дууг дуулах арга техник нь уртын дуучин, ардын дуучид шиг уламжлалт хэв маягаар биш сонгодог тавилттай, гэхдээ бүр ари романс шиг биш, монгол хүн учраас монголчууддаа ойр хэлбэрээр дуулдаг. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсны найруулгаар “Ёохор хатариш” гэдэг буриад дууг дуулна. Энэ дуу одоогоос хоёр жилийн өмнө “Миний эх орон” цуврал концертод маань дуулагдсан.

-“Миний эх орон” тоглолт жил бүр үргэлжилдэг гэхээр эх орны сэдэвтэй дуунууд урын санд тань олон байх нь ээ?

-2012 онд СТӨ-нд “Миний эх орон” гэж нэгдсэн том концерт тоглосон. Түүнээс хойш жил бүр “Миний эх орон” цуврал концерт хийж байгаа. Жил болгоны концертын хөтөлбөр шинэчлэгдэнэ, бүрэлдэхүүн нь өөрчлөгдөнө. 2012 оны тоглолтод Морин хуурын чуулга, симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй тоглож байсан бол уржнангийнх Морин хуурын чуулгатай, өнгөрсөн зургадугаар сард симфони найрал хөгжимтэй тоглосон. “Миний эх орон” гэдэг утгаараа голцуу ээж аав, нутаг ус, ард түмнээ магтан дуулсан байгаа. Урын сангаа баяжуулахад хүч хөдөлмөр шаардана л даа. Гэхдээ эх орны сэдэвтэй олон сайхан дуу байна. Миний шинэ уран бүтээлүүд ч бий. Тухайн бүрэлдэхүүнийхээ онцлогт тохируулаад дуугаа сонгодог.

-Таныг нийгмийн идэвхтэй, муугаар хэлбэл хэнхэг хүн гэдэг?

-Магадгүй. Аав маань урлагийн хүн байсан л даа. Манай ахмадууд ажлын хэнээтэй хүн гэж ярьдаг шүү дээ. Одоо бид чадах чинээгээрээ уран бүтээлээ хийгээд явж байна. Зүгээр суух эрхгүй. Аль болох цаг ашиглаад, уран бүтээлээ хийгээд зүтгэж л байхгүй бол зах зээлийн нийгэмд бизнес хийгээд явах цаг зав, авьяас ч алга. Зөвхөн филармониос гадна Морин хуурын чуулга, “Баян Монгол”-тойгоо дуулж байна. Давхар концерт хөтөлнө. Бие даасан уран бүтээл байна. “Voice” хамтлагийн гишүүний хувьд уран бүтээл хийнэ. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, гавьяат Б.Ганчимэгтэй хамтарсан уран бүтээл хийж байгаа. Сар шинийн өмнө “Ерөөлтэй аялгуу“ нэртэй 18 дуутай хамтарсан цомог гаргалаа. Таны хэлдгээр хэнхэг, хэнээтэй болчихоод байна даа.

-Таныг Ерөнхий сайдад хандаад, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах тухай шаардлага тавьсан гэж мэдээ харсан юм байна?

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах тухай би санаачлаад мэдэгдэл хүргүүлсэн юм байхгүй. Зүгээр л дуу хоолойгоо нэмэрлэж, үзэл бодлоо илэрхийлсэн. 1999 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн Сонгодог урлагийн академик театрт дуучнаар орж байлаа. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажилд оролцож ирсэн. Хорих байгууллага, асрамжийн төв, хогийн цэгээр явж, уран бүтээлээ өргөж байлаа. Сүүлийн жилүүдэд JCI байгууллагын олон улсын залуучуудын төрийн бус байгууллагад гишүүнээр явж байгаа.

-Хүмүүнлэгийн үйлс чинь хүмүүст нөлөөлсөн тохиолдол байсан уу?

-Олон сайхан дурсамж бий. Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт найз нөхөдтэйгөө хамтраад гурав, дөрвөн ч удаа тоглолт хийсэн юм. Тэнд байгаа хүмүүсийн сэтгэл зүйд жаахан ч гэсэн эерэгээр нөлөөлөх, нийгэмшихэд нь дэм болох үүднээс ажилладаг юм. Тэнд хүмүүжиж байсан эгчтэй хуурай эгч дүү болсон. Тэр эгч засан хүмүүжүүлэхэд байхдаа эчнээгээр сурч, мэргэжил эзэмшсэн. Тэр хүн надад хэлдэг юм. “Амьдралдаа алдаж оноод, ах дүү нар, анд найзууд үргэсэн, хүнд хэцүү үед миний дүү шиг хандаж байсан” гэдэг.

-Анх яагаад хүмүүнлэгийн үйлсэд орчихсон юм бэ?

-Аав ээжээс өгсөн хүмүүжил юм уу даа. Дээрээс нь би бас Христэд итгэгч. Хүмүүс янз бүрээр хүлээж авдаг юм. Би үнэхээр ажил амьдралаараа үлгэр дуурайл болсон мундаг хүн биш, энгийн нэг итгэгч. 1994 онд Христэд итгэгч болсон. Христэд итгэгчид зөвхөн Монголд биш дэлхий даяар дэлхийн хүн төрөлхтний төлөө асар их зүйл хийж байгаа. Христэд итгэгчид хэзээ ч алан хядах үйл ажиллагаа, улс орныг сүйрүүлэх, хагалан бутаргах үйл хийж байгаагүй.

-Таныг “Нандин цэнхэр тэнгэр” гэж дуун дээр нэлээд бодож удаан ажилласан гэж сонссон юм байна. Завханы гавьяат С.Батсүх, Эрдэнэзуу хийдийн Х.Баасансүрэн лам нарын дуулснаар энэ дууг хүмүүс хүлээж авсан, шинээр хүргэхэд амаргүй болов уу?

-“Нандин цэнхэр тэнгэр” гэдэг дуу сүүлд нь “Орчлонг хайрлаарай” нэртэй болсон л доо. Зохиогч нь “Нандин цэнхэр тэнгэр” гэж шүлэглэсэн юм билээ. Анх С.Батсүх гавьяат дуулсан. Түүнээс хойш хэдэн жилийн дараа манай Баянмонгол чуулгын ахмад хөгжимчин Д.Нармандах аялгууг нь бичсэн хүний хувьд өөрөө надад өгсөн юм. Би Америкт тоглолтоор явж байхдаа анх дуулсан. Нэлээд хожуу хоёр жилийн дараа С.Батсүх гавьяатад хэлээд “Зохиогч нь надад өгсөн юм, дүү нь энэ дууг дуулна шүү” гэсэн чинь “Тэгээрэй миний дүү, өөрийнхөөрөө дуулаарай” гэсэн юм. Яагаад хоёр жил болсон гэхээр С.Батсүх ах дуулчихсан. Тэрүүгээр нь дахиад фонограмм хийгээд дуулчихаар байдаг л нэг дуу болчихно. Дууны шүлэг, аялгууг сонсоход гүн ухааны уран бүтээл. Тэгээд бодож байгаад Морин хуурын чуулгын цохивор хөгжимчин Жавзаадаа хэлээд, цөөхүүл хөгжим найруулж бичээд дуулсан. Эрдэнэзуугийн хамба бас дуулсан, сошиалаар хүмүүст их хүрсэн шиг байгаа юм.

-И.С.Бах гэсэн чинь “Ямар муухай юм ярьдаг юм бэ” гэдэг онигоо шиг танд ч бас басс гэснээс болоод хөгжилтэй явдал тохиолдож байсан гэсэн?

-Хөгжмийн урлагийн нэр томъёог энгийн хүмүүс ойлгохгүй юм гарна л даа. Оюутан байхдаа тайлан концерт тоглохдоо эгчийнхээ найзын аавыг тоглолтдоо урьсан юм. Оюутан байхдаа тэдний өрөөг түрээсэлж амьдардаг байлаа. Бараг төрсөн ах дүүгээс дутахгүй болсон л доо. Тэр ах цэргийн хүн. Тоглолт үзээд сууж байхад нь би дуулахгүй юу. Тэгсэн манай нэг багш “Энэ чинь гайгүй басс гарах нь уу, үгүй юу” гэж л дээ. Басс, баритон гэдэг чинь уг нь эрэгтэй аргил баргил хоолой гэсэн үг. Тэгсэн чинь ах нөгөө багш руу айхавтар харсан гэсэн. Хэсэг дуугүй сууснаа “Чи ер нь хүнийг баас шээсээр нь дуудаад юу вэ, чи” гэж хуурай агсам тавьсан гэнэ лээ.

-Бичин жил гарч байна. Ажил уран бүтээлийн нийтэд хүртээлтэй хэсгээс нь сонирхуулбал?

-Филармонийн хамт олонтой төлөвлөсөн маш олон уран бүтээл байна. Бүгдийнх нь ард гарна даа. Ирэх намар “Ерөөлтэй аялгуу” цомгийнхоо баярыг хийх санаатай. Зун хамтарсан кино концерт хийхээр бодсон юм бас бий. “Voice” группийн хувьд нэг хэсэг завсарласан бол уран бүтээлдээ орчихсон яваа. Хамтлагийнхаа хоёр дахь цомгийг гаргахаар ажиллаж байна. Даахгүй нохой булуу хураана гэгчээр баахан юм төлөвлөөд байгаа. Энэ жил арван жилийн сургууль төгссөний 20 жилийн ой болно. Тэрийг тохиолдуулан цомог гаргахаар ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Япончуудад итгэлийн гал авчирлаа Котошёогикү

Сумо Японы үндэсний бөх мөн үү, үгүй юу гэж өөрийн эрхгүй эргэлзмээр байдалтай болж ирсэн нь нууц биш. Ялангуяа Монголоос 25 бөх барилдаж, дээд цолтон болсон ёкозуна нь гурвуулаа монгол төдийгүй орос, унгар, болгар, египет гээд гадаадын олон цолтой бөх ар араасаа төрөн гарснаар япон бөхчүүдийн хувьд сумо гэдэг оройд гарахад бэрхтэй оргил болсон гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа сумогийн нэгэн алдартай тайлбарлагч “Япон сумогийн хувьд өнөөдөр тас харанхуй хонгилын дундуур явж байна. Хэн гээч аавын хүү, хэзээ нэг итгэлийн дэнлүү барин гийгүүлэх бол” гэж шогширч байсан нь саяхан. 2005 онд озэки Точиазума түрүү авснаас хойш нэг ч япон бөх ёкозуна байтугай эзэн хааны цомыг тэврэх хувь дутсан бүхэл бүтэн арван жилийг “Садогатаке” дэвжээний озэки, 32 настай Котошёогикү зогсоолоо. Энэ л агшныг Японы ард түмэн хүсэн хүлээж олон жилийг үдсэн юм. Энэ оны анхны буюу нэгдүгээр сарын башёд манай гурван аваргыг дараалуулан унагаж, сүүлийн өдөр озэки Гоэдог давснаар 14 даваа, нэг унаатайгаар түрүүлж, сумогийн ордон дахь арван мянга гаруй бишрэн шүтэгч, үзэгч олны өмнө сүүлийн барилдаанд давсан агшнаа гайхсан шинжтэйгээр “Давах нөхцөл нь л ийнхүү таарсан байх, түрүүлсэндээ хязгааргүй их баяртай байна” хэмээн догдлонгуй ярьж зогсоно гэдэг япончуудын хувьд сайхан үйл явдал байлаа.

Тэрээр 1984 оны нэгдүгээр сарын 30-нд Фүкүока мужийн Янагава хотод гурван хүүтэй барилгын компанийн захирлынд отгон хүү нь болон төржээ. Өвөг эцэг нь жүдод их дуртай байсан бөгөөд гэрийнхээ гадна дэвжээ засч, ач хүүгээ бага сургуулийн гуравдугаар ангиас нь барилдуулж, өдөрт хоёр цагаас доошгүй кэйко хийлгэж, ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд зуун метрийн зайнд нэг цагийн турш 40 удаа дугуй чирүүлдэг байжээ. Хүү өдөрт нэг литр сүү ууж, сургуульдаа хатаасан загас авч явж явж иддэг. Нэг үгээр хэлбэл сумоч болох нарийн дэг жаяг, сургуулилтыг багаасаа эзэмшиж эхэлсэн байдаг. Тухайн үед нутагт нь болж байсан жүнгёо буюу тойргийн барилдааны үеэр их аварга ёкозуна Таканохана өвөр дээрээ спортод дуртай бяцхан хүүг суулган авахуулсан дурсгалын зураг түүнийг эргэлт буцалтгүй сумогийн ертөнцөд оруулахад нөлөөлсөн түүхтэй. Котошёогикү их аварга Асашёорюүгийн суралцсан Коичи мужын Мэйтокүгижюкү дунд сургуульд сумогийн сонгонд суралцан, дунд сургуулийн сумогийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ахлах сургуулиа дүүргээд багаасаа танилцаж байсан Садогатаке багшдаа шавь орон, дэвжээнд нь элсчээ.

Тэр 2002 оны нэгдүгээр сарын башёд Котокикүцүги нэрээр анх барилдаж, 2004 онд жүрёод дэвшихэд багш нь түмний хүндэтгэл хүлээсэн бөх болоосой хэмээн бэлгэдэж Котошёгикү хэмээх нэрийг хайрласан аж. Мань эрийн хувьд архи огт ууж чаддаггүй бөгөөд нэг аяга шар айраг уув уу, үгүй юу хөл дээрээ тогтож чадамгүй гуйваад эхэлдэг, тэр ч байтугай сакэ архи хундагалдаг халбагыг усанд дүрээд өгөхөд согтдог учир согтууруулах ундааны оронд аожирү буюу ногоо, буурцагны ундаа өдөр болгон уудаг гэж байгаа. Нэг ёсондоо архины харшилтай гэсэн үг л дээ. Түүх өгүүлэхэд тэрээр 2005 оны нэгдүгээр сарын башёд макүүчи зиндаанд дэвшин орж, нэгэн үед озэки болон ёкозуна Асашёорюү, Хакухо зэрэг хүчтэнүүдийг давж, уран барилдааны шагналыг дөрвөн удаа, онцгой барилдааны шагналыг гурвантаа хүртэж байсан шаггүй барилдаанч эр билээ. Түүний озэки болох зам тийм ч дардан байсангүй. Үе үе ширүүхэн тулааны улмаас хүнд бэртэл авсан нь олонтаа. Түүнийг 2011 оны долдугаар сарын башёд озэки болно хэмээн олон түмэн их итгэл хүлээлгэн харж байв. Гэвч 11 даваа дөрвөн унаатайгаар өндөрлөж цол ахих нь үлгэрийн далай болов.

Башё дууссаны дараа өглөө босохоос ч дургүй нь хүрч, сэтгэлээр унаж байсан үед телевизийн нэвтрүүлэгт орох болж, бэлтгэл, хоолны үед ер нь хаа явж байгаа газар болгон нь дагаж, зураг авах ёстой болов. Дурангийн өмнө дуртай, дургүй ч кейко хийх ёстой. Нэгэнт л иймээс хойш хамаг хүчээ дайчлаад бэлтгэлээ хийе гэж зүрхээ чангалан орсон гэдэг. Үүнээс ч болсон уу намрын башёд сэтгэл, санааны өндөр бэлтгэлтэй барилджээ. Хакухо аваргыг хоёр башё дараалан унагаж, унаа тэнцүү болсон учир сүүлийн өдрийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэж дахин барилдаж 12 даваа гурван унаагаар башёг дуусгаж байсан. Ийнхүү озэки Котомицүкигээс хойш дөрвөн жилийн дараа япон озэки мэндэлсэн байдаг. Цол ахиснаас хойш барилдахаасаа өмнө дэвжээн дээр биеэ гэдрэг хойш хотойлгон, гүнзгий амьсгаа авч үзүүлбэр үзүүлдгийг үзэгч олон уухайлан дэмждэг болсон юм. Гэвч зүүн өвдөгний шөрмөс болон цээжнийх нь булчин тасарч байн байн дахин сэдэрч, өвдөж, хөндүүрлэн зовоож байжээ.

Ялангуяа хоёр өвдөг нь маш их гэмтэж, үзүүр түрүү булаалдах нь байтугай барилдахад ч бэрхшээлтэй байдаг болов. Тавин хувиа л чүүтэй айтай хийнэ. Таван ч удаа булангийн озэки болж байсан. Сумогоо больдог ч юм бил үү гэж бодож байсан үедээ одоогийн хүч тамирын дасгалжуулагч Шиода Мүнэхиротой танилцсан нь түүний хувь заяаг өөрчилжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас энэ дасгалжуулагчийн удирдлага дор таван өдөрт нэг удаа маш энгийн гэж хэлж болохоор булчин чангаруулах дасгал сургуулилт хийж эхэлжээ. Дэвжээнийхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд хүнд төмөр хийсэн хаймран дугуйг овон товон чулуун зам дээр 30 метр түлхэж явах, хүнд жинтэй туухайг ээлжлэн өргөж түлхэж гүйх, шидэх, татах зэрэг сумогийн үндсэн техник, хөдөлгөөнийг дахин заалгаж, засч, сайжруулсаар байж. Биеийн хүч чадал нь улам сайжирч, барилдаандаа үр дүнтэйгээр ашиглах болжээ. Ояагата болох багш нь бэртлийг дэвжээн дээрээ эдгээ гэдэг захиасыг мөрдөн өдөр тутмын уламжлалт кейког ягштал хийлгэдэг байв. Түүний амжилт гаргахад томоохон нөлөө үзүүлсэн хүн гэвэл яах аргагүй гэргий нь аж. Тэр өнгөрсөн онд сэтгэлт бүсгүйдээ зурагтай ном гараараа урлаж, завсар нь очир алмазан бөгж хийгээд гэрлэх санал тавьсан байна. Саяхан төрсөн өдрөөрөө хуримаа хийж, залуу хосуудын хувьд давхар давхар баяр болов.

Арвантаван өдөр хүчтэй, арга мэхтэй өрсөлдөгч нартай барилдаж, харамсал цөхрөл, баяр гуниг ээлжлэн өнгөрөх өдөр бүрт сэтгэлийн хүч, тэнхээн тэнцвэрийг олж чадахгүй байсаар үргэлжлэн хожигдсоор башёг дуусгах явдал ч түүнд байдаг байв. Харин гэр бүлтэй болсноор гэргий Юми нь түүнд өдөр болгон гарын шим тэжээлтэй хоол унд хийж, түүний дуртай анхилуун үнэрийн заслаар тайвшруулж, сэтгэлийг нь сэргээж, стрессийг нь тайлж өгдөг байж. Тиймээс ч саяхан болж өнгөрсөн дэвжээнийхээ хүлээн авалтан дээр “Намайг хамгийн их дэмжиж, урам зориг өгсөн хүн гэргий минь билээ. Миний хүч чадлын ундарга чи минь шүү. Арвантаван өдрийн турш надтай хамт байж, дэмжсэнд маш их баярлалаа” гэж хуран цугласан олны өмнө бахархалтайгаар хэлж байсан. Ирэх гуравдугаар сарын башё түүний хувьд гурван их аварга, япончуудын их итгэл найдвар болоод буй Кисеносато мөн Терунофүжи озэкигоос эхлээд хүчтэй өрсөлдөгч нэлээдгүй байгаа ч ёкозуна болох хувь заяа шийдэгдэх бөгөөд болзол хангавал их аварга Ваканоханагаас хойших 18 жилийн дараахь япон ёкозуна төрөх эсэх нь олны анхаарлын төвд байсаар байна.

Японд суугаа манай тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг


Categories
мэдээ спорт

ЕБС-иудад хөлбөмбөгийн хичээл ордог болно

“Өсвөр
үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тушаалыг 2015 онд “Зөв
монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр
ЕБС-иудад гаргасан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбоо, БСШУЯ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийг байгуулснаар Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй дунд сургуулийн хичээлийн программд хөлбөмбөгийн спортыг оролцуулж, сурагчдыг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, дэлхийн агуу спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд системтэйгээр ажиллах бөгөөд сургуулийн
биеийн тамирын багш нарт албан ёсоор ур чадвар болоод хөлбөмбөгийн
спортыг цааш түгээн дэлгэрүүлэх мэдлэгийг эзэмшүүлэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чөлөөт хос” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

УДЭТ-ын уран
бүтээлчид удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
өдрийг угтан Дарио Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг энэ
сарын 27, 28-нд үзэгчиддээ өргөн барина.

Эл бүтээлийг
“Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд Ч.Найдандорж найруулан
өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болгосон нь үзэгчдийг байлдан дагуулсан
юм.

Жүжгийн гол
дүрд СТА Ц.Баясгалан, Мамбреттод Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш нар
тогложээ. Тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДЭТ-ын
билетийн кассаар худалдаалж байна.

Categories
гадаад мэдээ

Кристин Лагард улиран сонгогдов

Олон улсын
валютын сангийн захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж сангийнхаа
тэргүүнээр Францын иргэн Кристин Лагардыг дахин сонгосон байна. Тус
сангийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, түүний дараагийн таван жилийн
бүрэн эрхийн хугацаа энэ оны долдугаар сарын 5-наас эхэлнэ.

Харин Лагард
өөрөө АНУ-ын Вашингтон хот дахь ОУВС-гийн төв байранд хэвлэлийн бага
хурал зохион байгуулж, англи, франц хэлээр сэтгүүлчдийн асуултад
хариулжээ. Тэрбээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд өөрт нь итгэл
хүлээлгэсэнд талархаж буйгаа илэрхийлээд тус байгууллагын бүх гишүүний
ашиг тусын төлөө ажиллана гэдгээ хэлсэн байна.

Лагардад
өрсөлдөгч байгаагүй учраас ОУВС-гийн тэргүүний сонгууль санал
хураалтгүйгээр болжээ. ОХУ, АНУ болон зарим орон түүнийг дэмжинэ гэдгээ
өмнө нь мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

2,7 тоогоор төгссөн бол энэ сард татвар төлнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор
“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог
шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто
тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын
сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараах байдлаар зохицуулалт хийсэн юм.
Үүнд:

1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,

3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,

5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард
албан татвар, төлбөр хураамжаа төлөхөөр журамлагдсан. Тиймээс таны
автомашин 2,7 тоогоор төгссөн бол энэ сард татвараа төлөх юм.

Categories
гадаад мэдээ

Европын холбоо Их Британи хоёр гэрээ байгууллаа

Нэгдсэн вант улсыг Европын холбоонд үлдээх нөхцөлийн тухай тохиролцоог
Европын холбоо Их Британитай хийсэн тухай Европын зөвлөлийн дарга
Дональд Туск Twitter дэх өөрийн хуудаснаа мэдээлэв.

Их Британийг Европын холбооны гишүүнээр үлдээх шинэ нөхцөлийн талаар
санал нэгтэйгээр тохиролцлоо гэж Туск мэдээлжээ. Еврокомиссийн дарга
Жан-Клод Юнкер мэдэгдэхдээ, “Европын зөвлөлийн даргатай хийсэн хүнд
ажлын сарууд мөн Европарламенттай хамран ажилласан нь үр дүнд хүрлээ”
гэв. “Их Британид юу шударга, тэр нь Европын холбоонд бас л шударга
болно” гэж тэр бас Twitter-тээ нэмэн бичсэн байлаа.

Өөрийн оронд тусгай статусыг Европын холбоо олгохоор боллоо хэмээн уг тохиролцоог Их Британийн ерөнхий сайд тайлбарлав.

Олон улсын TNS группын санал асуулгаар Европын холбооноос гарахын төлөө
британичуудын 36 хувь байгаа бол эсрэгээр 34 хувь нь саналаа өгчээ. Энэ
удаагийн тохиролцоогоор, нэгдүгээрт “европын супер гүрэн” байгуулах
ажилдаа Их Британийг оролцуулахгүй гэдгээ Европын холбоо “тодорхой”
мэдэгдэх ёстой гэнэ. Хоёрдугаарт нь евро мөнгө нь тус холбооны албан
ёсны мөнгөн тэмдэгт биш гэдгийг Европын холбоо зарлахаар боллоо. Ийм
маягаар Их Британи үндэсний валютаа хадгалан үлдэж байна.

Гуравдугаарт нь, үндэсний парламентууд нь Брюсселийн шийдвэрийг
үгүйсгэх эрхтэй болох гэнэ. Үүгээр евро бүсэд багтдаггүй 9 орон үлдсэн
19 оны дарамтаас салах ёстой. Мөн Лондоны Сити гэх хөрөнгө, санхүүгийн
талбай онцгой баталгааг ЕХ-ноос авахаар болов.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр болох үзвэрүүд

17 цагт

Дуурь бүжгийн эрдмийн театр Ж.верди ” риголетто дуурь

11 цагт

Юби паласт Алтангэрлийн даллага. Билетийг юби паласын кассаар худалдаалж байгаа.

19 цагаас

Улаанбаатар чуулга Монгол Улсын урлагийн
гавъяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулганы бүтээл “Ай нан аа” түүхэн
дуулалт жүжиг тоглогдоно.

19 цагаас

СТӨ соёлын төв өргөөнд Икс түц хошин шог ” шилдэгийн шилдэг тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно.