Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрийн үзвэр үйлчилгээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт:

Хоёрдугаар сарын 20, 21-нд 17.00 цагаас-Ж.Вердийн “Риголетто” дуурь тоглогдоно.

Улсын драмын эрдмийн театрт:

Хоёрдугаар сарын 20-нд 14.00, 18.00 цагт-Софоклын “Эдип хаан” эмгэнэлт драмын жүжиг

Хоёрдугаар сарын 21-нд 18.00 цагт-Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг

“Тэнгис” кино театрт

Хоёрдугаар сарын 20, 21-нд

12.30, 14.30, 16.30, 20.35, 22.00 цагт – “Дэопүл” адал явдалт кино, “Эхнэрийн эзгүйд” уран сайхны кино гарч байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа” уралдаан Лхагва гаригт эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг дөрөв дэх жилдээ хоёрдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалд үзлийг бий болгох зорилготой юм.

Уралдааны нэгдүгээр шат хоёрдугаар сарын 24 өдрөөс дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хооронд болж, дараагийн шатанд оролцох есөн ангийг шалгаруулах юм. Хоёрдугаар шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 29-нээс тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл болж, нэгдүгээр шатанд шалгарсан есөн ангийг дүгнэнэ. Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархлын өдрийг тавдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар өнөөдөр “Кармен” дуурьт дуулна

Санкт-Петербург хотын дуурийн театрын тайзнаа Ж.Бизегийн “Кармен” дуурь өнөөдөр эгшиглэх юм. Халуун цуст Кармен бүсгүйн амьдрал, хайр сэтгэлийн тухай өгүүлэх тус бүтээлд ОХУ-ын Марийнский театрт гоцлол дуучнаар ажиллах болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуулах аж. Тэрээр Эскамильогийн дүрийг бүтээхээр болсон байна.

Тэрээр өмнө нь “Хүний шунал зогсдоггүй шиг байна. Дэлхийн алдартай олон тайзан дээр гараад нэг ари дуулчихсан бол цаашид бүр том дуурьт дуулахсан гэж хүснэ. Одоо энэ боломжууд олгогдож эхэлж байгаа. Монгол гэдэг нэрийг урлагаар ялангуяа, сонгодог урлагаар дамжуулан дэлхийн чихэнд сонсгохсон. Монгол хүний чансааг, хоолойны цар хүрээ хаана хүрэх вэ гэдгийг мэдрүүлэхсэн гэж зорьж байна” хэмээн ярьж байсан билээ.

“Марийнский” театрын уран бүтээлчид дэлхийн сонгодог бүтээлүүдээс дээжлэн хүргэж байгаа бөгөөд удахгүй Монголын үзэгчидтэй уран бүтээлээрээ уулзах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэл 60 хувиар өсчээ

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 60 хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь хүүхдүүд байна. Хүний хэрэгт хошуу дүрэхгүй гэсэн сэтгэлгээнд өөрчлөлт орж иргэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад өгдөг болсноор энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өсжээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт гэнэт нэмэгдээгүй. Хөрш айлд нь гарсан хэрүүл тэмцэл, хүүхдийн уйлах дууг сонссон ч тоолгүй өнгөрдөг байсан иргэд хуулийн байгууллагад ханддаг болсноор цагдаагийн байгууллагад бүртгэлтэй гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ийнхүү 60 хувиар өссөн дүн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Төлбөртэй зогсоолын тарифыг хянадаггүй

Дулаан болон задгай зогсоолд авто машин зогсоож буй аж ахуй нэгж болон хувь хүмүүс нь хуулийн дагуу зөвшөөрөл авч тарифын зохицуулалтаа өөрсдөө хийдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа объектын аюулгүй байдалд хяналт шалгалт хийх үүрэгтэй. Харин тогтоож байгаа үнэнд нь хяналт хийдэг байгууллга байдаггүй аж. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар нь өрсөлдөөний хуулийн зургаадугаар заалтын дагуу зөвхөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд зохицуулалт хийдэг. Тодруулбал, бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянах мөн ус, гэрэл, дулаан гэх зэрэг үйлчилгээ ордог аж. Дулаан болон задгай зогсоолын бизнес эрхлэгчид хуулийн дагуу тухайн байршилд үйл ажиллагаа явуулж үнийн тарифыг өөрсдөө тогтоодог тул ямар нэг хяналтын байгууллага үнэнд хяналт шалгалт хийж түүнийг тогтоох боломжгүй байдаг.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн баярыг ирэх сарын 16-нд тэмдэглэнэ

Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 16-ны өдрийн 13.00–18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулах болжээ.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 95 жилийн ойн сурталчилгааны ажилд оролцогч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, үйл ажиллагаа зохион байгуулахад байраар хангаж, үзэсгэлэн гаргах, зочид хүлээн авахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг нийслэлийн Соёлын төв өргөөнд үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

ДОХ-ын хоёр шинэ тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж, онош нь албан ёсоор батлагджээ. ХӨСҮТ-өөс “Халдварыг 30-45 насны хоёр эрэгтэй авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байна. Тохиолдлуудыг идэвхитэй тандалт судалгаагаар илрүүлэн, эмчийн хяналтад оруулсан. Тандалт судалгаа үргэлжилж байна” гэж мэдээллээ. Дээрх тохиолдлууд нь Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 201 дахь тохиолдол болж байна. Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь зургаан сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовуурь илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг ажээ. Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор гурван сар өнгөрдөг. Энэ гурван сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогддоггүй учир “Цонх үе” гэж нэрлэдэг. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол гурван сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй аж. ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байдаг юм.

Categories
мэдээ нийгэм

“Олон улсын эх хэлний” өдөр тохиож байна

Жил бүрийн хоёрдугаар сарын 21-ныг дэлхий дахинаа “Олон улсын эх хэлний” өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотноо “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн сүүлээр хүйтний эрч суларна

Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 32-37 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

Маргааш буюу энэ сарын 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь талын нутгаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 33-38 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхзаяа хүрэл медаль хүртлээ

Олимпийн эрхийн оноо олгох Германы Дюссельдорфийн гран при тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг жинд зодоглосон Ц.Мөнхзаяа эхний тойрогт Францын бөхийг юүкогоор ялсан бөгөөд дараагийн даваанд Хорватын Марианаг торгуулиар ялсан юм. Улмаар хэсгийн аваргын төлөө ОХУ-ы Валковатай хүч үзлээ. Барилдааны эхэнд манай бөх вазари алдсан ч буцаан юүкогоор оноогоо нөхөж, үргэлжлүүлэн дараалсан оноо авснаар шигшээд үлдсэн байна. Тэрбээр их шөвгийн барилдаанд Тина Трстениактай оноолт таарч цэвэр ялагдал хүлээсэн. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Шведийн бөх Аннатай гар зөрүүлж торгуулиар буулган авлаа.