Categories
мэдээ цаг-үе

“Одод түгсэн шөнө”

Нидерландын алдарт зураач Винсент Ван Гогийн “Одод түгсэн шөнө” зураг нь дэлхийн шилдэг 33 бүтээлд багтдаг. Өдгөө Нью-Йоркийн Орчин үеийн уран зургийн музейд тавигдсан байдаг билээ. Ван Гог энэ бүтээлээ 1889 онд зурсан. Тухайн үед нэрд гараагүй, хэн ч мэддэггүй зураач Сен-Реми хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байхдаа энэ бүтээлээ туурвижээ. Урлаг судлаачид түүнийг Ван Гогийн сор болсон бүтээлүүдийн нэг гэдэг.

“Одод түгсэн шөнө”-ийг алдарт зураач эмчилгээ хийлгэж байхдаа зурсныг дахин дурдъя. Сэтгэл санаа нь тогтворгүй болж, үе үе ухаан алдаж, ааш зан нь нэлээд хувирсан байжээ. Нэрт зураачид эмчилгээ хийлгэж байхдаа зураг зурахыг эмч нар хориглосон гэдэг. Бие нь сайжирсан нөхцөлд уран бүтээлээ туурви хэмээн анхааруулж байжээ.

Ван Гог тэр үед итгэж, биширч явсан Христосын шашнаасаа татгалзсан байлаа. Залуудаа шашны номлогч болж, ядарч зүдэрсэн хүмүүст тусална хэмээн боддог байсан тэрээр ийнхүү огт өөр шийдвэр гаргасан байна. Шашнаас татгалзсныхаа дараахан бичсэн нэгэн захидалдаа “Надад шашин ихэд дутагдаж байна гэж хэлэхийг өөртөө зөвшөөрлөө. Яагаад гэхээр би шөнө гадаа гарч оддыг зурж эхэлсэн” гэжээ. Энэ бүтээлээ шөнийн тэнгэрийг харж байгаад бус сэтгэл санаанд нь хадгалагдан үлдсэн дурсамжаараа туурвисан гэдэг. Урлаг судлаачид “Одод түгсэн шөнө”-ийг нэрт зураачийн “Арвайн тал дахь хэрээнүүд” бүтээлтэй холбон тайлбарладаг. Эдгээр нь Ван Гогийн бүтээлийн онцлогийг хамгийн тод илэрхийлсэн зургууд.

Ер нь бол сарны туяанд гэрэлтэн харагдаж буй зүйлсийг дүрслэх нь Голландын уран зургийн нэгэн уламжлалт онцлог юм. Энэ бүтээлийг ойроос бус зайнаас анхааралтайгаар ажиглахад ер бусын гайхамшиг нь юундаа байгаа нь мэдрэгддэг аж. Түүнийг зурсан арга барил, техник зэргээр нь Ван Гогийн бүтээл болох нь шууд танигддаг. Өөр ямар ч зураачтай андуурахын аргагүй гэнэ.

Тэнгэр, одод, сарыг нэгэн хэмнэлээр дүрсэлсэн энэ бүтээлийг сэтгэлийн хөдлөлөөр бус нэлээд тунгааж бодсоны эцэст зурсан болохыг гэрчилнэ хэмээн судлаачид үздэг. “Одод түгсэн шөнө”-ийн амин сүнс нь алсад харагдах уулан дээгүүр, тэнгэрт түгсэн алтан шаргал өнгөтэй одод болон сар юм. Одод, сар хоёр нь хамгийн түрүүн үзэгчийн нүдэнд тусна. Харин уулын бэлд орших тосгон бараг анзаарагдахгүй. Үүгээрээ байгаль дэлхий юунаас ч илүү хүчирхэг гэдгийг нэрт уран бүтээлч харуулахыг хичээжээ.

Оддыг бөөрөнхий хэлбэртэйгээр дүрсэлж, тэдний эргэн тойронд салхи шиг юм хуйлран эргэлдэж байгаа нь тэнгэрийн заадас, сансар, огторгуй мөнхийн хөдөлгөөнд байгааг харуулсан байна. Цэнхэр өнгөөр дэвсгэр хийсэн нь бүх юм тайван тогтуун, ертөнцийн жамын дагуу амьдрал үргэлжилсээр байгааг илтгэсэн. Ван Гог энэ бүтээлдээ арваннэгэн одыг томоор зурж хажууд нь хавирган хэлбэртэй сарыг дүрсэлсэн байгааг та бид харна. Үүгээр Библид гардаг Христосын 12 үнэнч шавийг төлөөлүүлсэн хэмээн урлаг судлаачид тайлбарласан байдаг. Оддыг ер бусын томоор зурсан нь үүнтэй холбоотой. Тэдгээрийг шар өнгийн дугуй дотор байгаагаар зурсан нь мөнхийн хөдөлгөөнд байгаагийн илэрхийлэл болжээ.

Энэ зургийн бас нэгэн гайхамшиг нь эрс тэс өнгүүдийг хэрэглэсэн явдал. Гүн цэнхэр, алтан шар, ногоон, саарал өнгүүдийг гайхамшигтайгаар хослуулснаар Ван Гог өөрийн авьяас чадвараа харуулжээ. Зургийн урд хэсэгт дүрсэлсэн модыг санагдуулахуйц ургамал нь нэг талаас эрс тэс өнгөний хоршлыг илтгэж, нөгөө талаас тэнгэр, одод, хотын харьцааг тэнцвэржүүлж өгчээ. Мөн энэ мод, газар, тэнгэр зэрэг нь хоорондоо холбоотой гэдгийг илэрхийлсэн. Ван Гогийн хувьд мод маш чухал байсан гэдэг. Дээшээ тэмүүлэн ургаж буй нь нэг л мэдэхэд газраас салахын дохио аж.

Уулын бэлд орших тосгоны байшингийн цонхыг харагдахуйц тодоор дүрсэлснээр зураач сэтгэлийнхээ бас нэгэн гунигийг илэрхийлсэн гэдэг. Хүүхэд ахуй насандаа амьдарч байсан гэрээ санагалзжээ. Сүмийн оройг бусад байшингуудаас онцгойлон тэнгэр өөд шовойлгон зурснаар нэг хэсэг өөрийгөө шашинд зориулах хүсэлтэй байснаа илэрхийлсэн байна.

Зургийн баруун захад хэсэгхэн газар хар өнгийг хэрэглэсэн нь өөрөө нийгмээс тусгаарлагдсан байдлаа харуулсан хэмээн судлаачид үздэг. Харин тэнгэрт буй оддыг тойрсон зураасууд бүгдээрээ доошоо бөхийж буй мэтээр дүрсэлсэн нь эмнэлгээс гарах хүсэл эрмэлзэл дүүрэн байсантай холбоотой аж. Сэтгэл санааны хувьд тун гундуу байсан тул “Одод түгсэн шөнө” бүтээлд шөнийг дүрсэлсэн аж. Ийнхүү нэрт зураач Ван Гог уг бүтээлээрээ өөрийн сэтгэл санааны байдлаа илэрхийлж, амьдарч буй ертөнцийн талаар сэтгэлд нь хоногшин үлдсэн дүр зургийг буулгажээ. Хэдийгээр энэ бүтээл нь энгийн мэт санагдах боловч нэрт зураач түгээрээ дамжуулан ертөнцийг үзэх үзлээ илэрхийлсэн гэдэг. Судлаачид энэ бүтээлийн талаар ярихдаа Ван Гогийн голланд гаралтайг үргэлж дурддаг аж.

Ер нь Ван Гог нэг бус удаа тэнгэрийг дүрсэлсэн бүтээл туурвисан бөгөөд тэдний нэг нь “Ронын шөнийн тэнгэр” нэртэй зураг.

Дашрамд дурдахад түүний энэ бүтээлийг олон зураач хуулбарлан зурсныг хүмүүс гэртээ тавьсан байдаг. Ер нь зураачдаас Ван Гог шиг тэнгэрийг ийнхүү ер бусынаар дүрсэлсэн бүтээл байхгүй гэж болно. Алдарт зураач маань 1888 онд “Оддыг хараад би үргэлж мөрөөдөлд автдаг. Тэнгэрт буй тод цэгүүдэд яагаад бид Францын газрын зураг дээр байдаг хар цэгүүд дээр очдог шиг хүрч чаддаггүй юм бол” хэмээн бичсэн байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүнийг танивч өөрийгөө таньдаггүй

Манай уншигчдын хамгийн сайн танил уран бүтээлчийн “Б.Цэнддоо. Иргэншлийн замд: Монголын соёлын альманах” бүтээл хэвлэгдээд удаагүй байна. Номын зохиолчтой хийсэн ярилцлагыг танд толилуулж байна.

Сайн байна уу. Таныг хэн гэж бичих вэ?

-Цэнддоо л гэж бичих байлгүй дээ.

Үгүй ээ. Албан тушаал, алдар цол гэдэг утгаар асуусан юм.

-Миний нэр бол наддаа л цол, наддаа л албан тушаал.

Бас сэтгүүл зүйн ертөнцийн брэнд.

-Асуултыг алгасъя.

Яагаад?

-Тийм гэхээр онгирсон болох, үгүй гэхээр өөрийгөө үгүйсгэсэн болох…

За тэгвэл цаашаа явъя

-Эндээ суугаад ярьсан нь дээр биш үү?

За за, ярилцлагаа цааш явуулъя. Та улс үндэстнийхээ зан араншингийн тухай их бичих болж?

-Үндэстний араншин улс төр дээр их илэрдэг. Дээр нь хамгийн их улстөржсөн үндэстэн гэвэл монголчууд бид. Энэ утгаараа монголчууд шиг араншингаа тод харуулж байгаа хүмүүс ховор. Гэтэл тодорч байгаа мэт санагдах тэр зан, авир, сонирхол хуурмаг бөгөөд жинхэнэ эрмэлзэл хүсэл цаанаа машид далдлагддаг онцлогтой. Заримдаа гадныхан бүү хэл өөрсдөө өөрсдийгөө ойлгоход ч хэцүү болчихдог.

Бидний онцлог юун дээр онцгойрч байна?

-Монголчууд их сонин үндэстэн. Өөрөөсөө хол юмыг маш сайн мэддэг. Мэдлэг нь хувь хүний амьдралаас алс, хамаарал бага байхын хэрээр их болдог. Жишээлэхэд, марс дээрээс усны ул мөр олдсон, тэр нь ямар учиртай болохыг ихэнх нь мэдэж байгаа. Сирийн босогчид, лалын улс энээ тэрээгийн талаар ч чамгүй ойлголттой байгаа. Монгол орны эдийн засгийн бодит чадавхийн тухай бодит мэдээлэл рүү орохоор бүр багасна. Хямралын үеийн хувийн менежмэнт, зохистой хэрэглээний талаархи мэдлэг туршлага яривал “нойль” руугаа бууна. Амьдралын зөв хэвшил, эрүүл хооллолт энээ тэрээг бол ярих хэрэг юун.

Их шүүмжлэлтэй хандаж байна.

-Үгүй. Харин эсрэгээрээ. Яагаад, юунаас болоод ийм байгаагийн учрыг хайж, нийгэмдээ бухимдлын оронд тайтгарал, мухардлын оронд итгэл найдвар өгөх гэж их боддог.

ТаИргэншлийн замд: Монголын соёлын альманахномынхоо гол санааг ярьж байна, тийм үү?

-Яг тийм, чи асуугаасай гэсэн юмыг маань асууж байна.

Баярлалаа. Одоо тэгэхээр миний хариулаасай гэсэн хариултыг өгөх нь таны үүрэг, тийм үү?

-Хичээгээд үзье. Өнөөдөр нийгэм даяараа урам хугарсан, итгэл алдсан шинжтэй байна. Зөвхөн эрх баригч намд итгэл алдаад, улстөрчдөд сэтгэл дундуур болоод байгаа юм биш. Үндэстэн өөртөө сэтгэл дундуур болоод ирж байгаа юм. Дэлхий дахины хөгжил дэвшил, нийтлэг сонирхлоо хамгаалан урагшилж яваа улс үндэстнүүдийг бид өдөр тутам харж байна. Гэтэл өөрснийгөө жишээд хар л даа.

…Энэ бүхнийг иргэншил суурьшилд хэт оройтон шилжиж байгаа, нүүдэлчний сэтгэхүйгээсээ салж ядан буйн жишээ юм болов уу гэж боддог. Суурин амьдралын тулгамдсан асуудал, бэрхшээлийг нүүдэлчний туршлага, уламжлалаар шийдэх боломжгүйгээс үүдсэн хямрал ч юм уу?

Урам өгье гэх мөртлөө хямрал яриад эхэллээ дээ, та.

-Урам өгнө, өгнө. Гэхдээ хугарсан урмын тухай эхлээд ярихгүй бол болохгүй.

Нүүдэлчинд тулгардаг бэрхшээл буюу ган, зудыг эсэргүүцэх боломж муу, угаасаа бүрэн арилгах аргагүй учраас түрхэн зуур тэсээд гарах арга хайсаар ирсэн зэргээс улбаатай байж магад. Ийм учраас нүүдэлчний шийдлүүд нь түр зуурын, богино хугацаанд үр дүнгээ өгөөд хэрэггүй болдог онцлогтой. Өвөл гэрээ дулаалан, хаяагаа манан байж хүйтнийг аргацаан даваад хавар зунд нь давхаргаа хуулан хаяж, хаяаны манаасаа зайлуулах хэрэгтэй болдог шиг.

Суурин иргэншил нь бэрхшээлийг чадахаасаа чадахгүйгээ хүртэл ялаад шийдээд ирсэн. Энгүүн жишээ ярихад, хүн хоёр хөлтэй учраас хурдан явж чаддаггүй байснаа морь гэршүүлээд “хөл дутуу” асуудлаа үүрд шийдсэн. Гэтэл адуу маллах нь түүнийгээ тэжээх, чоно нохойноос хамгаалах гээд түмэн ажилтай, байнгын арчилгаа нэхдэг зүйл. Машин хэмээх илүү хурдан, хэрэглээгүй үедээ “авдрандаа хийчихдэг” төмөр морь бүтээн мал тэжээх арчлах бэрхшээлийг шийдэж. Далавчгүй учраас нисдэггүй байж, гэтэл онгоц бүтээгээд “ургаагүй жигүүр”-ээ шийдсэн. За тэгээд мухар олгойгоо үрэвсэхээр үхдэг байснаа мэс заслаар авдаг болж, цагаан бурхнаар хиардаг байснаа анагаах ухааны хүчээр үүрд ялсан хэмээн зарлаж. Хатгаагаар үхдэг байснаа болиод пенициллинээр эдгээж сурч. Ердөө саяхан элэгний “С” вирусийг анагаах гайхамшигт эм бүтээгдсэнийг манайд хэрэглэж эхлэх гэж байна. Удахгүй ДОХ-ыг ялснаа зарлах нь магад.

Суурьшин хөгжсөн хүн төрөлхтөн улам иргэншээд л, улам улам ялаад л явсан. Харин нүүдэлчид “дөрвөн хөлтэй” болоод л, тэгс гээд зогссон. Монголчууд бид Арабын бидуинууд шиг тэгж бэлчээрт хаягдаагүй ч сэтгэлгээ нь бэлчээртээ идээшсэн хэвээрээ.

Ямар нэгэн асуудлыг мөнхөд шийдсэн, үүрд ялсан нүүдэлчид байдаггүй. Байдаггүй ч юу байх вэ нэг арга бий л дээ. Энэ бол мөнх бусыг бясалгах замаар бол “би” гэх үзлийг үүрд дарах тухай Буддын номыг дагах. Тэгээд ч Бурханы шашин дэлгэрсэн байх. Чадахгүйдээ гутарсан мухардсан нүүдэлчдэд хэрэгтэй урам зоригийг ч өгсөн байх.

ХХ зуунд монголчууд суурьшиж, нийгэм журам байгуулан, нүүдэлчний амиа аргацаасан аж төрлийг ялсан гэдэг. Хэдийгээр энэ нь хувьсгалжсан түүхийн хэллэг боловч үнэн болсон явдал. Соёлын довтолгооны үрээр иргэншин суусныг та бахдан бахдан бичсэн байдагсан.

-Ер нь хувьсгалт хүчирхийллийг зөвтгөж байгаа юм биш, гэхдээ л иргэншлийн утгаар нь харвал, социализм байгуулсан нь нүүдэлчний амьдралыг урагш нь гуд татсан процесс юм. Социализм хүртэл дэвшил болсон газарт ардчилал, зах зээлийн хишиг буяныг ярих юун.

Гэтэл өнгөн талын дэвшил, зөвхөн ахуйд гарсан хувьсгалд нэгэн онцлог харагдаж байгаа. Түрүүн ярьсан түр зуурын шийдэл, богино хугацаанд үр дүнгээ өгдөг аргачлал, дадал нь арилж өгөхгүй байна. Бид гонжоомтой, зангиатай, жийптэй, эплтэй, твиттертэй, орон сууцтай, хаустай XXI зууныхан болсон хэрнээ сэтгэлгээ оюунаараа нүүдэлчин хэвээр.

Хөгжсөн гадартай, хоцорсон дотортой хүний тухай яриа болоод явчихлаа.

-Нүүдэлчид морь унахаас цаашид олон асуудлыг шийдээгүй орхисон бөгөөд тулгардаг бэрхшээл нь хүний идэвх санаачилгаас хамаарах нь бага. Харин байгалийн араншингаас хамаардаг учраас тэгдэг байх гэж дээр ярьсан. Ийм тохиолдолд тулгамдсан асуудын сэдэв хүнээсээ холдож одно. Яриад шийдэхгүй, шийдье гэвч боломжгүй асуудлыг мартсан нь дээр биз дээ, угаасаа.

Яг л тийм учраас өөрийн амьдралаа өөд татах тухай ярихаасаа өмнө, улс орны геополитикийн ирээдүйд санаа зовж, хашаандаа ганц мод ургуулж сурахын оронд Халхын голд тариа тарихын төлөө ба эсрэг үзэж тарж байгаа юм. Нэгэн үе Анжела Девис хэмээх хар арьстан эмэгтэйг л Америкийн шоронгоос суллуулчихвал хэрэг бүтэх гээд явсан үеэ бодоход асуудал наашилж л байна.

Тэгэхээр бид жаахан асуудалтай үндэстэн гэсэн үг үү?

-Үгүй. Ер нь бол муу үндэстэн гэж байдаггүй. Харин янз бүрийн араншинтай, тодорхой асуудлаа шийдэх туршлага суугаагүй үндэстэн бол байна. Бидний энэ бэрхшээл юунд байна гэхээр иргэншин суурьших явц, хотшил, социализм байгуулалт, улмаар ардчилал зах зээл нь үндэстнийхээ хөгжлийн явцаас урган гараагүйгээс болж байна. Өөрөөр хэлбэл том гүрнүүд нөлөөний бүсээ шинэчлэн хуваасан байдал, дэлхийн дайнуудын дүнд шинэчлэгдсэн улс төрийн газрын зураг, социалист системийн задрал зэрэг үйл явц манай нийгмийн тогтцод шийдвэрлэх нөлөөтэй байсантай холбогдоно.

Мэдээж энд уламжлалт төрийн зүтгэлтнүүд, язгууртнууд, үндэсний сэхээтнүүдийн сортоо, самбаа, зүтгэл байлгүй л яах вэ. Гэхдээ л Чин гүрний задрал, Зөвлөлт улс бий болсон, даян дэлхийд коммунизм байгуулах үзэл санаа хүчээ авсан, дэлхийн II дайнд Зөвлөлт ялсан, социалист систем бүрэлдэж капитализмтай дайсагнахын хажуугаар боломжоороо уралдсан зэрэг нь Монголын хувь заяаг голлон шийдэж ирсэн.

Хүүхдээр бол, мөлхөж эхлэхээс нь өмнө хөлд оруулаад, хэлд орж гүйцээгүй явахад нь үсэг заагаад л, үсгээ нүдэлж дуусаагүй үед нь томъёо цээжлүүлэх маягтай огцом дэвшил, гэнэтийн хувьсгал болсон байна. Нийгмийн хөгжлийн эрэмбүүдэд албадан оруулсан гэсэн үг. ХХ зуунд монголчууд боолын нийгмийг болон капитализмыг алгассан гээд их бахархдаг байв даа. Боол моол нь ч хаашаа юм гэхэд хөгжлийн эрэмбэ алгассан нь үнэн юм.

Нэг л тиймэрхүү, ухарвал л дээр гэсэн аятай, арагш чангаасан санаа биш үү?

-Түүхийн хүрд арагшаа эргэнэ гэж байх биш. Урагшаа л явж байна. Урагшлах замдаа алгассан болгоноо арай өөр маягаар туулаад явах шиг. Товчлоод л, сургамж аваад л явж байгаа гэсэн үг. Аз болоход, нүүдэлчин удамт монголчууд шинэ юм үзэгдлийг хүлээж авах чадвар гойд сайн, юм юмыг өөриймшүүлэмтгэй үндэстэн аж. Тийм учраас дорхноо хувьсгальч, сүм хийд нураагчаас таван жилийн гавшгайч, тоосго өрөх төлөвлөгөөгөө давуулагч, социализм байгуулагч, тэгснээ социализмыг нураагч, ардчилагч болоод явчихаж байгаа. Улмаар уул уурхай, гадны хөрөнгө оруулалтыг нураах, засаг төрөө гацаах болохоор сүм хийд түйвээж явсан улаан хувьсгалч араншин нь сэргээд ирэх жишээний.

Шинэчлэхдээ амархан, шинээсээ хагацаад хуучнаа сэргээхдээ ч амархан байх нь

-Тийм. Иргэншин хөгжихтэй зэрэгцэн төлөвших нигууртай ёс суртахууны үнэт зүйлс, эрх ашгийн нийтлэгийг тодорхойлох чадвар үгүйлэгдэж байна.

Малчин хүн мал нь өсөхийн хэрээр бусдаасаа холдох хэрэгтэй. Энэ нь баяжиж хөлжөөд ирэхээрээ зан нь хувиран бусдыгаа тоохоо больж буй хэрэг биш. Бэлчээр хүрэлцэхгүй болоод айлаасаа салж нүүхдээ тулж байгаа юм. Харин хот суурин газрын хүний бизнес цэцэглэхийн хэрээр улам олон хамтрагч, илүү олон үйлчлүүлэгчтэй болохыг хүсч масс руу татагдана. Тал нутагт хүчирхэгжихийн хэрээр бусдаас хамааралгүй болж толгой даана. Харин иргэншсэн, эрүүл ертөнцөд хүчирхэгжихийн хэрээр хувь заяа нь олон түмнээс, массаас хамааралтай болоод ирнэ.

Эсрэг чиглэл байгаа биз. Нэг нь дэвжихийн хэрээр хүнээс зугтааж, нөгөөх нь хүн рүү улам бүр татагдаж, айн. Бидний аж амьдралд энэ хоёр чиглэл л зөрчилдөөд байгаа юм.

Бидний энэ араншинг гадныхан мэдэхгүй учраас харилцаанд бэрхшээл гарч байна гэсэн үг үү?

-Гадныхан цөмөөрөө ч мэдэхгүй гэж болохгүй. Хоёр хөрш сайн мэднэ. Тэд өөр өөрийн аргаар хандана. Хятадууд болохоор аяыг нь дагуулж бэлэг сэлтээр аргалж ирж. Гэвч бидэнд авсан бэлэг сэлтээ үржүүлэх олон болгох боломж менежмэнт байсангүй. Торгоо өмсөөд, чихэр еэвэнгээ идээд дуусахаар мөр нүцгэн гэдэс хоосон болно. Энэ нь бэлгээр тохиролцсон зөвшилцөөгөө идээд дууслаа гэсэн үг. Дахиад нэхэж, айлгаж эхэлнэ. Энх-Амгалан хаан өөрийн гол холбоотон халхуудаа тодорхойлохдоо “Ханахыг мэддэггүй, ямар ч юм өглөө гэхэд сэтгэл ханахгүй” хэмээн тодотгохдоо тулсны учир энэ. Хятад арга тодорхой утгаар үр дүнтэй ч алдагдалтай.

Харин оросууд бол айлгаж ирсэн. Ер нь их аймхай, нэг айчихвал тэгээд бөмбөрөөд өгдөг улс, нүүдэлчид. Айлгачихаар жигтэйхэн үнэнч царайлна. Гэхдээ үнэнч царай нь ч худлаа. Орос арга ч бас төгс биш. Айсан, хулчийсан, эхийгээ ч бариад очихоос буцахгүй үнэнч дүр үзүүлэвч цаг нь ирэхээр өөр хүнтэй нийлээд мурьж хаях эгзэгтэй мөчийг хүлээгээстэй.

Аливаа санал, нөхцөл байдлыг бүхлээр нь биш ч тодорхой хэмжээнд эсэргүүцэх, эсвэл тодорхой хэсэг дээр таагүй байгаагаа ойлгуулах замаар зөвшилцөх, харилцаагаа бүрмөсөн нураачихалгүй зохих түвшинд байлгах зэрэг нь иргэншсэн, суурьшсан ертөнцийн харилцааны дүрэм болохоос нүүдэлчдийнх биш.

Харин бидний энэ араншинг барууны хөрөнгө оруулагчид мэдэхгүй. Мэдэхгүй учраас ойлголцож чаддаггүй. Яагаад, дэмжээд байгаа юмаа эсэргүүцээд явдаг. Эсэргүүцээд байна уу гэхээр бас тийм биш байгаагийн нууцыг харахгүй байгаа юм.

Тэгэхээр монгол хүнийг таниулах, ойлгуулах гэж бичсэн байх нь.

-Тийм, монгол хүн юманд учир холбогдол өгдөг дарааллыг ойлгохоос эхлэх ёстой. Дэлхийн дулаарал чухал уу гэвэл чухал аа. Түүнээс чухал юм байгаа нь улсаараа малын хорогдол багатай онд тарган орох асуудал байна. Мал тарган орохоос ч чухал асуудал байгаа нь гэр орноо дулаан өвөлжүүлэх, хүүхэд шуухдаа осгоочихгүйн төлөөх ажил байна. Гэр орноо дулаан байлгахаас ч амин чухал хэрэг байгаа нь өөрөө хөл гараа хөлдөөчихгүй, ханиад шуухинаагаар мажийчихгүй тэсч гараад “хойтон жилийн наадам” үзэх хэрэгцээ байна. Тулгамдсан асуудлын бодит дараалал ийм.

Гэтэл эхний асуудал шийдэгдэх найдвар багасахын хэрээр хоёр дахь гурав дахь проблемийг шүүрч авдаг нь бидний зан юм уу даа. Ингээд эхнэртээ уурлахаараа Засгийн газрыг огцруулах ажилд зүтгээд, гэрийн бүрээсээ давхарлаж хүчрэхгүй болохын хэрээр хүн төрөлхтнийг нөмөрч болох цөмийн гамшгийг цээжээрээ хаахаар зориглон босох жишээний.

Ийм учраас монгол хүний шийдэх гээд байгаа “проблем”, тулгамдсан асуудал, зовлон нь маш далд, нууцлаг байдаг. Эрхбиш хэн хэнээ мэддэгийн хувьд, өөрөө бухимдлаа яаж тайлдгаа анзаардгийн хувьд л бид биенийхээ дотоод зовлонг гадарлах төдий. Гадаадынханд бол бүр ч хэцүү.

Барууныхан биднийг мэдээлэл дутмагаас болоод “уран, цөмийн хаягдлыг эсэргүүцээд байна” гэж бодоод сэнхрүүлэх, технологи, тайлбарлах гээд байдаг. Гэтэл цаад хүн нь зүгээр л оюутан хүүхдийнхээ төлбөрийг бүрдүүлж чадаагүй нэгэн байх жишээний. Яалт ч үгүй унаган байгалийн төлөө амиа өргөх зүтгэлтнүүд гээд л хүндлээд учирлаад, нөхөн сэргээлт, орчинд халгүй технологийн нууцыг мэдээгүйдээ ингэж байна гэж харна. Гэтэл юун байгаль, юун нөхөн сэргээлт, зүгээр л бусадтайгаа адилхан хуучин япон жийп авч унахыг хүссэн эгэл хүмүүн байх жишээний.

Миний сүүлийн бүтээл бол НЭПКО хэвлэлийн газраас National geographic хамтран хийсэн “Баабар. Монголын түүхийн альманах”, “Монголын эдийн засгийн альманах” цувралын гурав дахь нь юм. Үндэстний зан төрхийн зураглал, дэлхийг донсолгосон баатарлаг дайнч, нүүдэлчний удам судар болох социализм байгуулж, улмаар ардчилалд хүрэхдээ хэрхэн хувьсч байгаа зураглал гэж хэлж болно.

Үндэстнийхээ мөн чанар, зан араншингийн учир шалтгааныг олж харснаар урагшлах хүч нэмнэ. Биднийг гадаад ертөнцийнхөн ч зөвөөр ойлгоно. Монголчууд муу үндэстэн биш, төрөлхийн худалч хуурамч амьтад ч бас биш. Харин олон зууны амьдралын дадал, хүнд бэрхийг туулан амь гарч, биеэ авч явсан дадал нь арилж дуусаагүй, түүнээсээ салахыг эрмэлзэж яваа бадрангуй үндэстэн гэдгийг ойлгох учиртай.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Ярилцлага авсандаа баярлаж байгаад тань баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Төр барих чуулган төрийн тухай ярих зөвлөгөөн болох шахав” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы шинэ дугаар өглөөний ургах нартай зэрэгцэн уншигчдынхаа гарт хүрч байна. Шинэ долоо хоногийн тэргүүн нүүрэндээ Монгол Улсын гавьяат жүжигчин Нанзадын Чулуунхүүг гэр бүлийнх нь хамт залсан “Танайд өнжье” булангаа онцоллоо. Хэвлэл мэдээллээр тэр бүр гараад байдаггүй нэрт дуучны гэр бүл, түүний ажил амьдралын тухай нийтлэлийг та бүхэн 12, 13 дугаар нүүрнээс таалан соёрхоорой.
Хууль зүйн салбарт хийгдэж буй шинэчлэл, эрхзүйн шинэчлэлийн тухай Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай хийсэн ярилцлагыг хоёрдугаар нүүрнээс уншаарай. Сонины бодлогыг тодорхойлогч “Баримт, үзэл бодол” булангаас “Төр барих чуулган төрийн тухай ярих зөвлөгөөн болох шахав” нийтлэл хэвлэгдлээ.
ХҮН-ын нийслэлийн намын хорооны дэд дарга Ц.Түвшинтөртэй хийсэн ярилцлагыг тавдугаар нүүрнээс уншаарай. Тэрбээр намаасаа гарах саналыг хүргүүлээд байгаа юм. Шинээр байгуулагдаад удаагүй ч элдэв маргаантай байгаа ХҮН-ын тухай дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг энэхүү ярилцлагаас сонирхоорой.
“Дэмий шүү Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү. Хохь чинь шүү хогийн саванд чихнэ шүү” гэдэг үгийг мэдэхгүй хүн ховор. Домог болтлоо нэр нь дуурсагдаж, замын цагдаад насаар ажилласан Г.Дэмбэрэл гуайтай ярилцжээ. Түүнтэй хөөрөлдсөн сонирхолтой ярилцлагыг долоо болон 11 дүгээр нүүрнээс хүлээн авч уншаарай.
Олон улсын эргэн тойронд өрнөсөн цаг үеийн мэдээ мэдээллийг есдүгээр нүүрнээс унших боломжтой.
Монгол Улсын өнгөрсөн оны эдийн засгийн байдал, 2016 онд эдийн засгийн амьдрал ямархуу байх талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд профессор эдийн засгийн ухааны дэд доктор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. Ярилцлагыг 17 дугаар нүүрнээс уншаарай.
Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Э.Одгэрэлтэй хийсэн ярилцлагыг 19 дүгээр нүүрнээс тольдоорой.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн шинэхэн дугаараас хүлээн авч унших боломжтой.
Categories
мэдээ нийгэм

Явган алхах нь хөхний хорт хавдраас сэргийлдэг

Долоо хоногт гурван удаа хамгийн багадаа гучин минут явган алхах нь эмэгтэйчvvдийн хєхний хорт хавдар тусах магадлалыг 50 хувь багасгадаг гэнэ. Хөхний хорт хавдар нь сүүлийн жилүүдэд охид эмэгтэйчүүдийн дунд нэлээд түгээмэл өвчин болоод байгаа.

Энэ өвчнөөр Европт найман эмэгтэй тутмын нэг нь євчилж байна. Судалгаачдын зєвлєж байгаагаар гучаас дээш насны эмэгтэйчvvд илvv євчлєх хандлагатай тул явган алхах нь тустай аж. Учир нь энэ vед тэдний жин огцом нэмэгддэг. Тиймээс илvvдэл жин хєхний хавдар тусах магадлалыг ихэсгэдэг байна.

Ихэнхдээ хожуу тєрєлтийн дараа эмэгтэйчvvдэд зvрх судасны хатуурал, элэгний vрэвсэл болон хєхний хавдар vvсэх хандлага ажиглагддаг. Анхны хvvхдээ тєрvvлсэн эмэгтэйчvvдэд хєхний хавдар тусах магадлал хорин наснаас ємнє тєрvvлсэн эмэгтэйчvvдийнхээс хоёр дахин илvv байдаг гэнэ. Учир нь хєхний vйл ажиллагаа эрт орой эхэлснээс шалтгаална. Тийм ч учраас эрт тєрсєн эмэгтэйчvvдийн хєхний эд эс хорт хавдраас єєрийгєє хамгаалсан байдаг байна. Ажил ихтэй эмэгтэйчvvд хvvхдээ эрт хєхнєєс нь гаргадаг. Тэгвэл хєхний хавдар vvсэх гол хvчин зvйл нь эмэгтэйн vр хєврєлийн эд эс хэт ихээр агуулагддагтай холбоотой аж. Хvvхдээ хєхvvлэх нь цусанд байрлах уг эд эсийн хэмжээг бууруулдаг байна. Ийм ч учраас хvvхдийг зєвхєн эхийн сvvгээр хооллож, ер нь хоёр нас хvртэл хєхvvлэх нь зохистой ажээ.

Тvvнчлэн тамхи хєхний хавдраар зогсохгvй бvхий л тєрлийн хорт хавдар vvсгэдэг. Хєхний хавдраас сэргийлэх энгийн арга нь долоо хоногт хоёр удаа бага хэмжээгээр тvvхий мах залгих аж. Тvvхий маханд тємрийн бодис ихээр агуулагддаг тул хєхний хавдрын эд эсийг багасгадаг байна.

Categories
мэдээ нийгэм

Зика вирусээс ингэж сэргийлэх хэрэгтэй

Эрүүл мэнд, Спортын яамнаас “Зика” вирусын эсрэг зөвлөмж гаргалаа. Учир нь дэлхий дахинаа “Зика” вирусын халдвар нүүрлээд байна. Манай урд хөршид энэ вирусын хоёр дахь тээгч илэрч, хойд хөршид нэг хүн вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна. Энэ нь манай улсын хилээр вирус дамжин орж ирэх магадлал нэмэгдэж байна гэсэн үг.

Ялангуяа дулааны улирал хаяанд ирсэн энэ үед иргэд урьдчилан сэргийлэх хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байна. Ингэхдээ шумуулнаас хамгаалах биеийн тос, цацлага хэрэглэж, цонх хаалгандаа тор татах хэрэгтэй. Вирусын халдвар авсан хүний үе мөч өвдөж, нүдний үрэвсэл хурцаар илэрдэг байна. Мөн өвчний шинж тэмдэг 3-12 хоногийн хугацаанд нуугдмал байдлаар илэрдэг гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Баатарсүх мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Судалгаанд хамрагдаагүй бол өргөдөл гаргаж хүүхдийн мөнгөө нөхөж аваарай

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй иргэдийн хүүхдийн мөнгө олгогдоогүй. Тэгвэл ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө эцэг, эхчүүд өрхийн судалгаанд хамрагдах өргөдлөө өгвөл хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэж Халамж үйлчилгээний Ерөнхий газраас мэдээлжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард нийт 900 мянга гаруй хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон байна. 2013 онд орон даяар явуулсан өрхийн мэдээллийн сангийн судалгаанд хамрагдсан айлуудад хүүхдийн мөнгө автоматаар шилжжээ.

Тиймээс таны хүүхдийн мөнгө энэ сарын 5-6-нд таны данс руу шилжээгүй бол та харьяа хороо дүүрэгтээ хандаж, судалгаанд хамрагдах хэрэгтэй гэнэ.

Өргөдлөө энэ сарын 29-нөөс өмнө гаргавал нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө нөхөж олгогдохоор болжээ.

Categories
мэдээ спорт

Э.Гантуяа, Д.Хүдэрбулга нар хүрэл медаль хүртжээ

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ дэх, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотод үргэлжилж байна. Бямба гаригт /02.20/ эмэгтэй 58, эрэгтэй 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

57 кг-ын жинд 16 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер С.Батболд нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Сандееп Томарт 3:5 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд Тайваны бөх Чин Фуг 10:0 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө Ираны бөх Жонес Фируз Сармастидажалийг 16:8 онооны харьцаагаар дийлжээ.

65 кг-ын жинд 19 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай нэгдүгээр тойрогт Киргизийн бөх Улукмен Маматовыг 12:2, хоёрдугаар тойрогт Сирийн бөх Чамара Миландаг 10:0 онооны харьцаагаар хожиж, гуравдугаар тойрогт Ираны бөх Мейсам Аболфазл Насирид 2:13 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Узбекийн бөх Мариф Кириллоевийг 7:6 онооны харьцаагаар өвдөг сөхрүүлж хүрэл медалийн төлөө барилдаанд Японы бөх Масаказу Камойг цэвэр даран тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх болов.

74 кг-ын жинд 15 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нэгдүгээр тойрогт Хятадын бөх Чунфу Фэнгийг 10:0, хоёрдугаар тойрогт Арабын Эмират улсын бөх Мохамед Насериййг 11:0, хагас шигшээ барилдаанд Ираны бөх Мостафа Мохаббали Хоссеханид 0:7 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө Киргизийн бөх Саякбай Юсуповтой өрсөлдөж 1:2 онооны харьцаагаар хожигджээ. Манай бөх Ираны бөхийг ялсан бол шувтаргын барилдаанд Казахстаны бөх Зибер Закиров бэртлийн улмаас дэвжээнд гараагүй учир азийн аварга болох боломж байлаа.

97 кг-ын жинд 14 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Хятадын бөх Цагаанзааныг 2:0, хоёрдугаар тойрогт Туркмений бөх Юсуп Мележаевыг цэвэр ялж, хагас шигшээ барилдаанд Ираны бөх Реза Мохаммед Али Резданид 0:7 онооны харьцаагаар дийлдэн хүрэл медалийн төлөө Узбекийн бөх Сукробжан Мукаромовтой өрсөлдөж 10:0 онооны харьцаагаар ялж, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх медалиа авчээ.

Эмэгтэй 58 кг-ын жинд 11 бөх барилдсанаас спортын мастер Э.Гантуяа нэгдүгээр тойрогт Тайландын бөх Канитка Хомсунгийг 10:0, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Юн Сум Рийг 6:4 онооны харьцаагаар ялж, хагас шигшээ барилдаанд Киргизийн бөх Айсулуу Тунебековад 4:5 онооны харьцаагаар ялагдан хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн бөх Саритаг 10:0 онооны харьцаагаар буулган авчээ.

Categories
мэдээ нийгэм

Наранцэцгийн тосоор байнга амаа зайлах ходоодонд сайн

Германы нэг эмч эрдэмтэн олон жил өвддөг байсан үе мөчний болон сахарын өвчнөөсөө салсан байна. Эмчийн өөрийнх нь судалгаагаар хорт хавдарын болон өвчин үүсгэгч нян бактерууд нь хүний хэлэн дээр тогтож, цагаан өнгөр болж харагддаг байна. Энэ өнгөрийг өглөө бүр гүйцэт цэвэрлэх арга бол наранцэцгийн тосоор зайлах арга гэнэ.

Толгой өвдөх, архаг бронхит, сүрьеэ, шүд өвдөх, цусны архаг өвчин, үе мөчний үрэвсэл, саа, хорт хавдар, ходоодны шархлаа, гэдэс, бөөр, зүрх болоод тархины хальсны эмгэг үрэвсэл, эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчний үед ургамлын тос нэн ялангуяа наранцэцгийн тос сайн нөлөөтэй гэнэ. Наранцэцгийн тос нь саа өвчин, ходоод, бөөр, уушиг, элэгний өвчин эмгэгээс ч найдвартай сэргийлдэг аж. Эмчилгээг өлөн элгэн дээрээ хийх нь тохиромжтой. Эмчилгээний эхний үед халуурах, бие эвгүйдэх зэрэг сөрөг нөлөө байх тул түүнээс шантрах хэрэггүй. Ийм байдал ажиглагдаж байгаа нь өвчнөөс ангижирч бие махбодь амарч байгаагийн шинж юм. Тосны эмчилгээ нь архагшсан элдэв өвчин эмгэгийг жилийн дотор эдгээх увидастай.

Үүний тулд өглөө өлөн элгэн дээрээ цайны халбага наранцэцгийн тосыг шүднийхээ завсар сорж /шууд балгахгуй!/15-20 минут байлгаад амаа зайлж, тургиж асгана. Дээд тун 1 том амны халбага, доод тун нь амны жижиг халбага байна.

Ийнхүү зайлагдсан тос эхлээд өтгөн байснаа аажмаар шингэрнэ. Тосыг шингэрсний дараа тургиж гаргах бөгөөд, тэр шингэн нь сүү шиг цагаан өнгөтэй болох ёстой. Хэрвээ шар өнгөөрөө байвал дахин зайлна. Дараа нь амаа сайтар зайлж цэвэрлээрэй. Зайлж гаргасан шингэнд элдэв нян, янз бүрийн өвчин үүсгэгчүүд болон элдэв хорт бодис агуулагддаг. дараа нь шүдний оо-р амаа сайн угааж цэвэрлэнэ. Микроскопоор 1 дусал сүүн шингэнийг харахад 600 гаруй нян тоологдсон байдаг. Дараа нь тосгуур, сойз зэргийг бүрэн сайтар цэвэрлэж халдваргүйжүүлнэ. Эмчилгээний үед сойзыг сард 3-4 удаа солино. Танд байгаа өвчин хууч 1 л өдөр бүрэлдээгүй олон жилийн буруу дадал зуршилын үр дүнд үүссэн , эрүүлжихэд мөн тэрнээс ч дутахгүй зөв дадлыг хэвшүүлэх шаардлагатай тул шантралгүй хэвшүүлж гэмээн өвчнөөсөө сална.

Categories
гадаад мэдээ

Цахимаар луйвардуулах гэмт хэрэг ихэсчээ

Дэлхий дахинд онлайн луйврын гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд хамгийн ихээр нэмэгдэж байна. Манай Улсын томоохон худалдааны компаниуд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж их хэмжээний мөнгийг гэмт этгээдүүдийн хуурамч дансанд шилжүүлэх байдлаар залилуулжээ.

Тиймээс аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдийн захидал харилцааны аюулгүй байдлыг хангах, төлбөр шилжүүлэх дансны мэдээллийг зайлшгүй утсаар тодруулах зэрэг хамгаалалтын арга хэмжээ авч ажиллахыг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

“Хавар 2016 Опен” тэмцээн болж байна

Шатар сонирхогчдод зориулсан “Хавар 2016 Опен” шатрын тэмцээн МҮЭСТО-д зохион байгуулагдаж байна.

Нээлттэй тэмцээнд өсвөрийн буюу найман насны охид, хөвгүүд, 9-10 насны охид, хөвгүүд, 13 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тамирчид, 15 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тамирчид, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй тамирчид, ахмадын буюу 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй тамирчдыг дээрх ангилал тус бүрт шалгаруулж шагнаж урамшуулна.