Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдыг Батлан хамгаалахын одонгоор шагнана

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн бүрэлдэхүүн энэ сарын эхээр “НАТО-гийн медаль”-иар шагнагдсан. Харин өнөөдөр дээрх алба хаагчдыг Монгол улсын төрийн одон медаль, Батлан хамгаалахын одонгоор шагнана.

“НАТО”-гийн шагналыг Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас гардуулж “Монгол цэргүүдтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаадаа туйлын их баяртай байна. Баазын аюулгүй байдлыг хангах гол чухал үүрэг болсон шалган нэвтрүүлэх байр, нисдэг тэрэгний талбайн хамгаалалт гэх мэт олон үүргийг нэр төртэй, чадварлагаар гүйцэтгэж байгаа та бүхнээр баазын удирдлага болон нийт бүрэлдэхүүн бахархаж байгаа бөгөөд дараагийн цэргийн баг мөн танай багтай адил үүргээ сайн гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сардаа багтааж 2,7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвараа төлөх ёстой

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараах байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд:

1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөхөөр журамлагдсан.

Цэргийн баярыг ирэх 16-нд тэмдэглэхээр болжээ

Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх тухай” захирамж гаргажээ. Уг захирамжинд цэргийн баярыг гуравдугаар сарын 16-нд тэмдэглэнэ гэж заасан байна. Тодруулбал, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” зэрэг үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 16-ны өдрийн 13.00–18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Их сургуулиудын босго оноог тогтоов

2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн долоо хоногт улс орон даяар эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах юм.Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байдаг. Тухайлбал МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620 гэх мэтчилэн босго оноогоо тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Хээлтэй хандгай агнасан хэрэг гарчээ

Улаан номонд орсон нэн ховор амьтан болох хандгай алсан хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 19-20-нд шилжих шөнө үйлдэгдсэн байна. Тодруулбал, Асралт хайрхан явах замд Заан тэрэлжийн голын орчим юм байна. Ийнхүү хоёр амьтны халуун амийг тасалж мах, уруул, эврийг нь аваад явсан байна. Уг хэргийг УМБГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэргийн талаарх мэдээллийг худалдаж авна, эх сурвалжийг чандлан нууцлана гэдгийг эх сурвалж хэлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хунт нуур” балет тоглогдоно

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 27, 28-ны 17.00 цагт тоглогдоно. Тус балет 41 дэх жилдээ 142, 143 дахь удаагаа УДБЭТ-ын тайзнаа ийн тоглох гэж байна. Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай улсын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглогдож байсан. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ.П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хэвлэлийн хурал зарлалаа

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12.30 цагаас Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурлаар ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэх аж.

Categories
мэдээ спорт

Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ

Германы Дюссельдорф хотноо болсон жүдо бөхийн гранпри тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Алтанбаганыг ялав.

Л.Отгонбаатар “D” хэсгийг тэргүүлэн Ливан, Испани, БНСУ-ын бөхчүүдийг хожин хагас шигшээд үлдсэн ч Унгарын Кристиан Тотод хожигдсон. Г.Алтанбагана Тунис, Бразилын бөхчүүдийг хожин хэсгийн аваргын барилдаанд 2015 оны дэлхийн аварга БНСУ-ын Гваг Дун Ханд дийлдсэн. Манай бөх дагах барилдаанд олимпийн нэг, дэлхийн гурван удаагийн аварга Грекийн Илиадес Илиасыг торгуулиар ялсн юм.

Энэ удаагийн тэмцээнээс манай жүдочид гурван хүрэл, шагналт V байрт дөрөв, VII байрт хоёр жүдоч орлоо.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр V байр эзлэв

Энэ сарын 18-21-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд манай эмэгтэй тамирчдаас найман бөх барилдсанаас хоёр алт, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр V байр эзлэжээ.

АЛТАН МЕДАЛЬ:

75 кг: О.Бурмаа (Дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл, Азийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл, “Хүч” спорт хороо)

55 кг: Д.Отгонцэцэг (ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ”Хасу-Мегастарс” клуб)

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

58 кг: Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо, МҮИС)

60 кг: О.Оюунтуяа (“Аврагч” спорт хороо)

69 кг: З.Болортунгалаг (“Хилчин” спорт хороо) тус тус хүртлээ.

Багийн дүнгээр БНХАУ 65 оноогоор тэргүүлсэн бол Япон /59/, Казахстан/53/, Энэтхэг/52/, Монгол/46/, БНСУ /43/ II-VI байр эзлэв.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Одоогийн Их хурлын гишүүд, дээр нь аймгуудын Засаг дарга нар л дахин сонгогдох магадлалтай

МУБИСийн Нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

Шинээр баталсан сонгуулийн тухай нэгдсэн хуулийг нэлээн сайн болсон гэж байгаа. Судлаач хүний хувьд уг хуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн гэсэн гурван сонгуулийн хуулийг нэгтгэсэн нь зөв алхам болсон. Сонгууль гэдэг бол нам, нэр дэвшигчдийн нэгдмэл цогц үйл ажиллагаа. Зохицуулах бүх асуудал нь ижил төстэй, сонгуульд нэр дэвшигчдийн үйл ажиллагааг сурталчлах, намуудын данс, санхүүжилт зэрэг асуудал нэг учраас нэгдсэн хуультай болсон нь зөв алхам байсан. Гэхдээ хуулийг бүхэлд нь харахаар сонгуулийн сурталчилгааны тал дээр нэлээн хязгаарлагдмал болсон байгаа. Одоо байгаа УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтан байгаа тохиолдолд хууль маань тэгш бус үйлчлэх агуулга бий. Сонгуулийн хуулийн төсөл хэлэлцэх үед судлаачид төдийгүй парламентад суудалгүй жижиг намуудын төлөөлөл ч тэр санал, шүүмжлэлээ нэлээн хэлсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаа боломжийн тавигдах ёстой гэж. Тэр хэмжээгээр их хуралд суудалгүй жижиг намууд болон шинээр нэр дэвшигчдэд боломж олгох ёстой байсан. Ер нь манай Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа 2008 оныг дуустал 45 хоногийн турш үргэлжилдэг байлаа. Сурталчилгааны хугацаа урт байхын хэрээр маш их сурталчилгаа явагдаж сонгогч олныг залхаах хандлага ажиглагдаж байсан. Гэхдээ шинээр нэр дэвшиж байгаа болон өргөн уудам газар нутагтай тойрогт сонгуулийн сурталчилгааны хугацаа урт байх ёстой. Дээрээс нь сүүлийн жилүүдэд сонгогчдын ирц буурч байгаа. Сонгуулиас сонгуулийн хооронд ирц буурч байгааг судалгаанаас харж болно. 2012 оны ирцийг 2008 оныхтой харьцуулахаар 7-8 хувиар буурсан байдаг. Харин энэ жилийн тухайд улсын хэмжээнд сонгогчдын ирц 60 орчим хувьтай байх болов уу гэсэн таамаг бий. Ялангуяа нийслэлийнхэн сонгуульд идэвхтэй хамрагддаггүй. Нэр дэвшигчдийн уулзалт, сурталчилгааны арга хэмжээнд төдийлөн оролцдоггүй болохоор шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст танигдах боломж хязгаарлагдмал байдаг. Учир нь сонгуулийн жил эхлэх үед бүх төрлийн сурталчилгааны арга хэмжээг хориглодог. Тэр байтугай нэр дэвшигчийн оролцсон нэвтрүүлэг гэж байх ёсгүй гээд заачихсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр далд хэлбэрийн сурталчилгаа хэдийнэ эхэлчихлээ. Шуудхан хэлэхэд хууль бус сурталчилгаа түгээмэл байгаа. Ингэхээс ч өөр арга алга. Хуулийн дагуу сонгуулиас 18 хоногийн өмнө сурталчилгаа хийвэл одоогийн Их хурлын гишүүд, дээр нь аймгуудын Засаг дарга нар л дахин сонгогдох магадлалтай. Учир нь төрийн алба хашиж буй хүмүүс ажлынхаа тайлан маягаар сурталчилгаа хийх боломжтой. Гэтэл Их хурлын гадна байгаа шинэ нэр дэвшигч, шинэ намуудын хувьд энэ боломж хаалттай. Тиймээс 2008, 2012 онд явагдаж байсан далд хэлбэрийн сурталчилгаа байсаар байгаа. Дээрх зүйлийг сонгуулийн тухай нэгдсэн хуулиар цэгцэлж чадаагүй. Тиймээс хуулийн заалт хэдий чинээ хязгаарлалттай, хатуу байхын хэрээр хууль бус сурталчилгааг нэмэгдүүлж байгаа учраас энэ удаагийн сурталчилгааны хязгаарлалтыг их буруу заалт болсон гэж үзэж байгаа.

Сонгогчдын идэвх буурч байгаа нь сурталчилгааны хоног бага байгаатай холбоотой юм уу?

-Сонгогчдын идэвх унаж байгаа нь тэднийг татах арга хэмжээ бага байгаатай холбоотой. Нэг ёсондоо сурталчилгаа бага байна гэсэн үг. Уг нь сонгогчид аль болох өргөн хүрээтэй мэдээлэл авч байх ёстой. Гэтэл энэ удаагийн сонгуулийн тухай хуулиар сонгогчдын мэдээлэл авах эрхийг маш их хязгаарласан. Тэр байтугай сурталчилгааны зарим нэг заалт дээр нэр дэвшигчийн штабын ухуулагчаас бусад хүн сонгуулийн тухай яриа хөөрөө хийхийг хориглочихсон байгаа. Уг хуулийн 70.3 дээр “Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслах, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэсэн заалттай. Хуулийн заалтыг энэ утгаар нь үзвэл таньдаг хүн, найз нөхөд, гэр бүлдээ сонгуулийн талаар ярихыг тас хориглочихсон байна. Монголын соёл иргэншлийн онцлог бол хүмүүс хоорондын аман яриа шүү дээ. Ялангуяа хөдөөгийн тойргуудад хотоос ирсэн хүний үгийг сонсоно гэх хандлага ажиглагддаг. Гэтэл ямар нэгэн байдлаар сонгуулийн тухай юу ч ярьж болохооргүй болж байна. Шинэ хуулиар хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан маш олон заалт бий. Нарийвчлан тоолоод үзэхээр сонгуулийн сурталчилгааг хязгаарласан, хэрэв зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэсэн 60 гаруй үйлдлийг заагаад өгчихсөн байгаа. Эдгээр заалтуудын нэлээд хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн улс төрийн эрхэд халдсан заалт байна.

Тухайлбал ямар заалт байгаа вэ?

-“Бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах үйлдэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхийн шийдвэргүйгээр зургаан сар хүртэлх хугацаагаар зөвшөөрлийг нь хаана” гэсэн байгаа. Мөн 70.1.6, 70.7-г зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гаргасан өдрөөс эхлэн зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн байгаа. Цахим хуудас мөн ижил. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зургаан сар хүртэлх хугацаагаар хаана гэдэг бол Монгол Улсын шилжилтийн 25 жилийн түүхэнд байгаагүй хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ухралт болсон заалт юм. Судлаачдын хувьд иймэрхүү жишгээр үйл ажиллагааг нь хаах арга хэмжээ цаашид хэвшил болоод үйлчилчих вий гэдэг айдастай байгаа. Өөр бусад хуулиуд ийм жишгээр явах вий гэсэн сэрэмж үүссэн. Хэрэв ингэсэн тохиолдолд Монголын хэвлэлийн эрх чөлөө боогдоно. Төр засгийн болон аль нэг улс төрийн намын эсрэг дуугарах хэвлэл байхгүй болно гэсэн үг. “Танай сайт хүнийг ингэж гүтгэсэн учраас танай байгууллагын үйл ажиллагааг зургаан сараар хаалаа” гэсэн шийдвэр гаргадаг болчихож магадгүй. Холбогдох байгууллагууд үзэмжээр ч уг асуудалд хандаж болох магадлалтай. Яаж гүтгэсэн, хуурамч мэдээлэл тараасан гэдгийг хэн нотлох вэ. Шүүхийн процесс орж ирэхгүй учраас лиценз олгодог байгууллага болон Шударга өрсөлдөөний газрын тухайн үеийн дарга, эрх барьж буй намын эрх ашиг шууд нөлөөлж магадгүй. Хэрэв энэ асуудлыг оруулах байсан бол шүүхийн дүгнэлтийг оруулах ёстой байсан. Ямар ч шүүхийн дүгнэлтгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хаах болчихоод байгаа юм. Орос, Беларус, Казахстан зэрэг улс хэвлэлийн эрх чөлөөгөө боогдуулж эхэлснийхээ дараа дарангуйлагч дэглэм тогтоодог. Яваандаа ийм зүйл рүү орчих вий гэх айдас байна.

Барууны улсад сонгуулийн сурталчилгаа хэрхэн явагддаг юм бэ?

-Барууны жишгийг харахаар сонгуулийн сурталчилгаа зарим улс оронд ямар ч хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг. АНУ-ын сонгуулийн практикийг харахаар нам ба нэр дэвшигч хугацааны хязгаарлалтгүйгээр бүтэн жилийн турш ч юм уу болдог. Германд телевизийн сурталчилгаан дээр тодорхой хэмжээний хязгаарлалт тавьдаг. Тэндхийн олон нийтийн телевизээр сонгуулийн сурталчилгаа үнэ төлбөргүй явагддаг. Сурталчилгааны цагийг намуудад тэгш хуваагаад өгчихдөг. Арилжааны телевизүүдийн хувьд төлбөртэй хэрнээ аль ч намд мөн л ижил тэгш үйлчилдэг. Бусад сонин, сэтгүүл, сайтын сурталчилгаа чөлөөтэй явагддаг. Харин азиуд сонгуулийн сурталчилгааг нэлээн хатуу чанга хязгаарлалт дор явуулдаг онцлогтой. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны өнгө аясад ази маягийн хатуу заалт орчихож гэж харж байгаа.

Сонгуулийн тухай хуулиар санхүүжилтийн асуудлыг ил тод болгосон гээд байгаа. Үнэхээр ил тод байж чадах болов уу?

-Сонгуулийн санхүүжилт, зарцуулалт, мөнгөн дүнг ил тод байлгана, нэг дансаар шилжүүлнэ гэх заалт бий. Хэрэв үнэхээр хэрэгжүүлж чадвал боломжийн заалт. Гэхдээ Монголын сонгуулийн түүхэнд намууд болон нэр дэвшигчид зарцуулалтын тооцоогоо хэзээ ч үнэн зөвөөр тайлагнаж байсан тохиолдол байхгүй. Зарцуулалт, санхүүжилтийн мөрөөр аудитын шалгалт оруулаад ямар нэгэн байдлаар хууль бус байгаа тохиолдолд нэр дэвшигчийг эргүүлэн татна гэх заалт байхгүй. Тиймээс тунхаглалын шинжтэй заалтууд олон байна гэж харж байгаа.

Өмнөх хуульд байгаагүй шинэ заалтууд хэр олон байгаа вэ?

-Сонгуулийн үеийн зурагт самбарууд болон гудамжны самбарыг нэр дэвшигчид үнэ төлбөргүй ашиглахаар заасан байгаа. Мөн сонгуулийн санал хураалт болох өдрөөс 24 цагийн өмнө бүх сурталчилгааны хуудас, самбарыг буулгадаг байсан бол энэ удаагийн сонгуулиар үлдээхийг зөвшөөрсөн.

Сонгуулийн өдөр сурталчилгааны хуудас гудамжаар дүүрэн байх нь сонгогчдод ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Сонгуулийн өдөр бүх сурталчилгааг буулгах ёстой гэх зохицуулалт байхгүй. Сурталчилгааны самбар, зурагт хуудас байж байхад нэг их буруудахгүй. Учир нь манай улсын сонгогчдын 30 орчим хувь нь сонгуулийн өдөр юм уу сүүлийн долоо хоногт хэнд санал өгөхөө шийддэг. Бүр санал өгөх кабинд орж байж хэнд санал өгөхөө шийддэг хүмүүс ч бий. Тэдэнд зориулсан мэдээлэл байнга харагдаж байх ёстой. Мөн шинэ хуульд интернэтийн сурталчилгааг нэлээн хязгаарласан. Хэрэв тухайн нэр дэвшигч, эсвэл иргэн хүн хэн нэгэн улстөрчийг гүтгэсэн, эсвэл бодит бус мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Хэрэв өөрийн цахим хуудсаар дамжуулан хэн нэгнийг гүтгэвэл “Хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хаана, иргэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн дүнгээр торгоно” гэсэн байгаа. Нэг нөхөр сонгуулийн тухай мэдээлэл тавьсныг та шэйрлэж олон нийтэд түгээхдээ тухайн сурталчилгааны эх сурвалжийг дурдахгүй бол торгуулна. Тэгэхээр фэйсбүүк хэрэглэгчид болон жиргээчид маань маш болгоомжтой хандахгүй бол торгуулийн арга хэмжээ авахуулж магадгүй. Сонгуулийн тухай хуулийн 83 дугаар зүйл бүхэлдээ интернэтийн сурталчилгааг зохицуулах гэж байгаа боловч үндсэндээ интернэтээр сурталчилгаа явуулахыг хориглосон заалт байгаа.

Шинэ хуулиар улс төрийн намууд нэгдэхээс аргагүй байдалд хүрч байгаа гэж ярьж байна. Нэг ёсондоо жижиг намуудыг парламентын гадна талд үлдээх хууль болсон гэж байгаа. Энэ тухайд?

-2012 оноос эхлэн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж байгаа. Энэ тохиолдолд намуудад улсын хэмжээнд авсан нийт саналын дүн дээр үндэслэж суудал хуваарилагдана. 2012 онд таван хувийн босго гэж байлаа. Тухайн үеийн сонгуулиар ИЗНН 5.51 хувийн санал авснаар хоёр суудалтай болсон. Харин энэ удаагийн сонгуулиар таван хувийн босго дээр нэмээд тухайн намын нэр дэвшигчид мажоритар тойрог дээрээ хамгийн багадаа нэг суудал авсан байх ёстой гэж давхар босго тогтоосон. Энэ бол нэг талаасаа өндөр босго мэт боловч нөгөө талаасаа жижиг намуудад бас нэгэн боломж гэж харж байгаа.

Ямар боломж вэ?

-2012 оны сонгуульд ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл хоёр намынхнаа жагсаалтаар их хуралд суудалтай болсон. Тэгвэл одоогийн сонгуульд намын гол лидерүүд тойрогт өрсөлдөж суудал авч чадвал дараагийн хүмүүсээ жагсаалтаар Их хуралд оруулж ирэх боломжтой.

Хэрвээ таван хувийн санал авсан мөртлөө тойргоос сонгогдож чадахгүй бол яах вэ?

-Тойрог дээр суудал авч чадахгүй байгаа тохиолдолд таван хувийн санал нь автоматаар бусад намд хуваагдах ёстой. Энэ заалт хуучин байгаагүй.

Эмэгтэйчүүдийн квотын тоог 30 болгосон ч гэлээ жагсаалтад эмэгтэйчүүдийг нэлээн хойгуур бичдэг. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Уг нь эмэгтэйчүүдийн квотын тоог 30 болгосон нь өмнөх сонгуульд байгаагүй дэвшил. Гэхдээ намын жагсаалтад эмэгтэйчүүдээ хойгуур эрэмбэлээд байдаг. Жишээлбэл, 30 квот байгаа тохиолдолд гурван хүн тутмын нэг нь эмэгтэй байхаар эрэмбэлэх ёстой. Гэтэл манайд эрэмбэлэх зохицуулалтыг нарийн тусгаагүй болохоор эмэгтэйчүүдийн 30 квот хоосон зүйл болж байгаа юм. 2012 оны намуудын жагсаалтын жишгээс харахаар эмэгтэйчүүд наймаас хойш эрэмбэлэгдэж байгаа. МАН-ын жагсаалтад 10 эмэгтэй багтсан мөртлөө эхний аравт ганцхан Д.Сарангэрэл багтсан. АН-д есөн эмэгтэй жагсаалтад багтсанаас долоод Р.Бурмаа, есдүгээрт М.Батчимэг нар эрэмбэлэгдсэн. Хэрвээ эмэгтэйчүүд есөөс хойш бичигдэж байгаа бол их хуралд орж ирэхгүй байх магадлал өндөр.

Бие даагч нарын хувьд ямар нэгэн хязгаарлалт, эсвэл давуу тал харагдаж байгаа юу?

-Бие даан нэр дэвшихийг учиргүй хязгаарласан заалт байхгүй. 2012 оны жишгээр л явна. Тухайн тойргийн сонгогчдын гарын үсгийг авсан, ямар нэгэн хууль шүүхийн болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хууль бус үйлдэлгүй бол бие даан нэр дэвшинэ. Бас нэг асуудал байгаа нь сонгуулийн тойрогтой холбоотой. Улсын их хурал иргэдийг төлөөлөх үү, газар нутгийг төлөөлөх үү. Энэ утгаараа нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх ёстой байсан.

Categories
мэдээ цаг-үе

Сурагчийг цагдаагийн алба хаагч зодож цохиогүй болох нь баримтуудаар тогтоогдож байгаа

-ТАЛИЙГААЧ АНГИЙНХАНДАА ЦАГДААД ЗОДУУЛЛАА ГЭЖ ХЭЛСЭН НЬ ТУХАЙН ХҮНИЙ Л ҮГ ЮМ. ТЭР ХЭЛСЭН ҮГ НЬ БОДИТ БАЙДАЛТАЙ НИЙЦЭХГҮЙ БАЙГАА-

Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяатай ярилцлаа.

Өвөрхангай аймагт оны өмнө Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүү эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Хүүг иргэн Б цагдаагийн газар хүргэж өгсөн гэдэг. Хэргийн талаар бодитой мэдээлэл өгөөч?

-Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Ерөнхий боловсролын сургуулийн сурагч биедээ гэмтэл авсан байж болох байдалтайгаар бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ухаангүй хүргэгдэн очин эмчлүүлж байгаад нас барсан хэрэг оны өмнөхөн буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр гарсан. Энэ хэргийг одоо Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шалгаж байна. Болсон явдлын талаар товч дурдахад, жолооч ажилтай иргэн Б гэдэг хүн 23-ны өдөр Цагдаагийн газарт нэг сурагчийг дагуулан ирж, “Энэ хүүхэд манай хүүхдийн утсыг дээрэмдсэн байна” гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг гаргасан байдаг. Энэ мэдээллийн дагуу шалгаад дээрэмдсэн гэх утсыг гэрээс нь авчруулан Цагдаагийн газар дээр тэр хохирогч хүүхдийг нэг цаг орчим байлган холбогдох ажиллагааг явуулсан байсан. Сурагчийг цагдаагийн газарт хүргэгдэн ирснээс хойш гарч явах хүртэлх хугацаанд байсан бүхий л нөхцөл байдал нь манай байгууллагын камерын бичлэгт үлдсэн. Энэ хугацаанд тухайн сурагчийг цагдаагийн алба хаагчийн зүгээс зодож цохиогүй болох нь камерын бичлэг болон бусад байдлуудаар тогтоогдож байгаа. Харин утсаа дээрэмдүүлсэн гэх хүний аав болох иргэн Б нь тухайн хүүхдийг цагдаагийн газар авчрахаас өмнө микро автобусаар хөөж, улмаар сурагчийг цохисон нь тухайн үед эргэн тойронд нь байж, болсон явдлыг харсан хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа.

Цагдаагийн газар орохдоо эрүүл саруул алхаад орсон, харин гарахдаа хөл нь доголоод явж чадахгүй болсон нь камерын бичлэгээс харагдсан гэж хохирогчийн ар гэрийнхэн ярьж байна?

-Талийгаач Цагдаагийн газарт ирснээс хойш нэг цаг гаруй хугацаанд эрүүгийн төлөөлөгч нарын суудаг өрөөнд байсан. Хохирогчийг өрөөнд юу хийж байгаа нь бүгд өрөөний камерт бичигдэн үлдсэн. Тэнд байж байгаад шууд гарсан бичлэг нь байгаа. Тэр өрөөнөөс манай ажилтантай хамт гараад коридороор яваад цагдаагийн газраас гарч хашааны үүднээс манай ажилтан салаад эргээд ирсэн байсан. Тэр үеийн бичлэгийг харж байхад хохирогч хүүхэд гуйвж, дайвсан, доголсон, ямар нэгэн байдлаар юм түшсэн байдал ажиглагдаагүй. Манай газрын хашаанаас гарах үед залгуулаад бусад байгууллагын буюу Шүүхийн байрны гадаа байдаг камер, Шуурхай удирдлагын төвийн гудамж талбайн камер зэрэгт сурагчийн явж байгаа дүрс бичигдэн үлдсэн байсан.

Талийгаач хүүхэд цагдаагийн газраас гараад сургууль дээрээ очсон байдаг. Ангийнхаа хүүхдүүдэд болон дэлгүүрийн худалдагч эрэгтэйЦагдаад толгой руугаа баахан балбуулчихсангэж хэлсэн гэсэн. Хэрвээ гэрчийн мэдүүлэг ийм байхад яагаад цагдаагийн албан хаагчийг шалгахгүй байгаа юм бэ?

-Тийм ээ, талийгаач цагдаагийн газраас гараад сургууль руугаа очсон байсан. Ангидаа ороход нь ангийн хэдэн хүүхэд байсан. Тэд нарт цагдаад зодууллаа гэж хэлсэн байсан. Талийгаач ангийнхандаа цагдаад зодууллаа гэж хэлсэн нь тухайн хүний л үг юм. Тэр хэлсэн үг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа. Манай ажилтнуудын зүгээс тухайн сурагчийг ямар нэгэн байдлаар зодсон цохисон зүйл Цагдаагийн газар дээр байх хугацаанд тогтоогдоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдэл, хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл одоогоор тогтоогдохгүй байгаа учраас Прокурорын газраас хэргийн шалгах харьяаллыг манай Цагдаагийн газарт тогтоосон байгаа.

Энэ хэрэгт цагдаагийн ажилтан Бямбасүрэнг холбогдуулан шалгахгүй байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байдаг?

-Хохирогчийн зүгээс Прокурорын байгууллагад хүсэлтээ гаргаад цагдаагийн албан хаагчийг холбогдуулаад шалгуулах хууль зүйн эрх, боломж нь байгаа шүү дээ. Ар гэрийн зүгээс Прокурорын байгууллагад цагдаагийн ажилтныг холбогдуулан шалгуулах, хэргийн мөрдөн байцаалтын харьяаллыг өөрчлүүлэх чиглэлээр хүсэлт гаргаагүй байгаа юм байна гэж миний хувьд бодож байна.

Хүүг цагдаагийн газар орсноос гарах хүртэлх бүтэн камерын бичлэгийг ар гэрийнхэнд нь үзүүлэхгүй байна гэсэн. Тасдаж, янзалсан дутуу бичлэг үзүүлсэн гэж ярьж байсан. Энэ ямар учиртай юм бол?

-Цагдаагийн газрын доторх болон гаднах камерын бичлэгийг ямар нэгэн байдлаар тасдаж янзалсан, үзүүлэхгүй байгаа талаар хохирогчид ярьсан байсан л даа. Бичлэгүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хураан авч, хэрэгт хавсаргасан байгаа. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс бичлэгийг хэдийд ч ирээд үзэх боломж нь нээлттэй. Ар гэрийнхэн нь өмгөөлөгчийнхөө хамт бичлэгтэй нь нэг бүрчлэн үзэж танилцсан шүү дээ. Мөн бид камерын бичлэгийг засварлаж, тасалсан, бичигдээгүй үлдсэн хугацаа байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон. Хэрвээ бичлэгийн талаар буруу дүгнэлт гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тодорхой эрх, үүрэгтэйгээр оролцож байгаа шинжээчид холбогдох дүгнэлтээ гаргаж хохирогчийн эргэлзээг гаргах байх гэж бодож байна. Ер нь гэмт хэрэг үйлдсэн хүн хэн байхаас үл шалтгаалж бид хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй шүү дээ. Иймд цагдаагийн алба хаагч энэ хэргийг хэрвээ үйлдсэн бол хуульд заасан хариуцлагаа хүлээх л ёстой. Бид хууль бус үйлдлийг өөгшүүлэх, нууж далдлах, хуйвалдах ямар ч боломж байхгүйг талийгаачийн ар гэрийнхэн зөв ойлгоосой гэж хүсч байна. Хэрэв талийгаачийн ар гэрийнхний яриад байгаа шиг камерын бичлэгийг бодит байдлаас гуйвуулах, өөрчлөх ямар нэгэн оролдлого гаргавал энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдэл болно.

Энэ хэрэгт холбогдуулан иргэн Бг шалгаж байгаа. Сэжигтнийг талийгаач хүүг зодож, хөөж байсныг харсан хүн, гэрч байгаа юу. Энэ хүн хэргээ хүлээсэн үү. Сэжигтний ар гэрийнхэн манай хүнд хийгээгүй хэргийг тохоод өнгөрөх гэж байна гэж хардаж байна?

-Энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б нь хохирогч хүүг айлган микро автобусаар араас нь хөөсөн, барьж авсан хойноо цохисон зэрэг үйлдлүүд нь хамт байсан хүмүүсийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Сэжигтний зүгээс үйлдсэн хэргээ өөрөө хүлээхдээ гол нь биш. Харин тухайн хүний үйлдэл бусад баримтуудаар тогтоогдоход л хамгийн гол учир, холбогдол нь оршиж байгаа шүү дээ. Хэргийг гэм буруугүй хүнд тохно гэсэн ойлголт байхгүй ээ. Мөрдөн байцаалтын бүхий л ажиллагаа хуулийн дагуу явж байгаа эсэхэд прокурор хяналт тавьж байна. Хүний гэм буруутай эсэх, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүхээс эцэслэн тогтоож, ял шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалттай шүү дээ.

Насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эх, харгалзах хүнгүйгээр байцаасанд ар гэрийнхэн нь гомдолтой байна гэж буй. Ар гэрийнхэнд нь яагаад мэдэгдээгүй вэ?

-Сурагч хүүг Цагдаагийн газарт авчирснаас хойш ямар нэгэн байдлаар байцаалт аваагүй. Хамт амьдардаг төрсөн эгчийнх нь утас руу залгахад холбогдохгүй байсан. Холбогдсон тохиолдолд дуудаж ирүүлэх гээд манай алба хаагчид хэсэг хугацаанд хүлээсэн байна лээ. Насанд хүрээгүй хүнээс байцаалт, мэдүүлэг авахад ар гэрийн хүмүүс, сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгчийг байлцуулдаг журамтай.

Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын камерын бичлэгт хэд хэдэн сэжигтэй зүйлүүд байна гэж ар гэрийнхэн нь яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Цагдаагийн газрын дотор, гаднах хэсгүүд бүгд камержсан. Тийм учраас энэ бичлэг болон хүүгийн байсан өрөөнд ажиллаж байсан бусад ажилтнуудын мэдүүлгийг үндэслээд цагдаагийн алба хаагч энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоогүй гэдэг нь тогтоогдож байгаа. Ямар нэгэн сэжигтэй, шалгуулмаар зүйл байгаа бол ар гэрийнхэн нь тухайн асуудлаараа хуулийн хүрээнд хандах хэрэгтэй. Одоогоор ар гэрийнхэн нь ийм албан ёсны санал, хүсэлт, гомдол ирүүлээгүй байна. Цагдаагийн алба хаагчийг энэ хэрэгт сэрдэх, буруутгах үндэслэл байгаа бол хуульд заасан эрхийнхээ хүрээнд хүсэлтээ гаргаж тавих хэрэгтэй. Хүсэлтийг хүлээж авдаг, шийдвэрлэдэг журам нь хуулиараа зохицуулагдсан байгаа.