Categories
мэдээ цаг-үе

Л.Цэрэнлхам: Энэ цагаан толгой чинь Маршал Чойбалсанд үнсүүлсэн дух шүү

МУСГЗ Г.ЖАМЪЯН

Ардын Засгийн анхны долоогийн нэг Д.Догсом хурцын төрсөн дүү Д.Цэрмаагийн охин Л.Цэрэнлхам гуайтай ярилцлаа. Тэрбээр одоо Багануурт ач зээ нартайгаа хамт амьдардаг юм.

-Таныг Догсом хурцынхаас гал голомтоо сахиж үлдсэн хүн гэх юм билээ. Удам судраа хэр сайн мэдэж байна?

-Тааруухан даа. Догсом, Жинжийбадам гэгч хүмүүсийг бол сургаар мэднэ. Ээж минь л ярьдаг байсан. Догсом хурц гэж хүний аав Дансранбилэг гэдэг чинь Хэнтий аймгийн, одоогийн Баян-Овоо сумын уугуул, хэргэм зэрэгтэй хүн байсан юм билээ. Дөрвөн хүүхэдтэй байсны ганц эмэгтэй нь миний ээж Цэрмаа. Эднийхэн бүгдээрээ эсэргүүнийхэн гээд үе удмаараа хохирсон хүмүүс. Ээжийн дүү Шарав, Шагдар гэж хоёр эрэгтэй хүн байсан. Ээжид жил болгон ирж золгодог хүмүүс л дээ. Одоо бол хүүхдүүд нь байгаа байх.

-Таны ээж Цэрмаа гэдэг чинь Догсом гуайн ганц эмэгтэй дүү юм байна шүү дээ. Ээжийнхээ тухай хуучлах уу?

-Миний ээж Цэрмаа бол хөдөөгийн жирийн нэг малчин хүн байсан. Эсэргүүний дүү гээд их гадуурхагдаж, ядарч зүдэрч явсан даа. Миний ээж “Би ч эсэргүүнийхэн, хүндийнхэн гээд дууссан хүн дээ. Муу охиноо л гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх юмсан” гэж зүтгэсээр дууссан.

-Хүндийнхэн гэдэг чинь юу билээ?

-Догсом гэж хүний аав Дансранбилэгийг “хүндийнхэн” гэдэг байсан юм билээ. Хүндтэй хүмүүс байсан гэдэг утгаар л тэгж нэрлэсэн байх. Тэгээд л үр удмыг нь бүгдийг “хүндийнхэн” гээд эсэргүү нэр зүүчихсэн юм билээ. Ээж минь бол ахынхаа тухай, ер нь урд үеийнхнийхээ тухай ярих дургүй, даан ялангуяа гадны хүнд “эсэргүүний” удам угсаа гэдгээ мэдэгдэхгүйн тулд их л нууцалдаг байсан. Намайг бол их л далд, нууц байдлаар өсгөж өндийлгөсөн дөө.

-Та ч сургууль соёлоор дамжаад л явчихаа биз дээ?

-Юун сургууль байхав дээ. Би ч бас далдуур “эсэргүүний хүүхэд” гэсэн хаягтай л байсан юм билээ. Анх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын бага сургуульд орж үзсэн. Нэгдүгээр ангид сууж овоо бичиг үсэгтэй болоод байтал хоёрдугаар ангид суулгалгүй “Ар гэрийн гачигдлаар” гээд гаргачихсан. Сүүлд сураг сонсвол “хүндийнхний хүүхэд” гээд хасчихсан юм билээ. Миний эцэг гуйж гувшиж байгаад Норовлинд сургуульд оруулсан. Хоёр жил сурч байтал “эсэргүүний хүүхэд” гээд хасчихсан юм билээ. Ингээд л дөчин насандаа оройгоор дөрөвдүгээр анги төгссөн юм шүү дээ.

-Сургуулиас хасагдчихаад юу хийж байв?

-Хөдөө мал малласан шиг, ээж аавынхаа ажилд тусалж явлаа. 18 настайдаа нутгийн З.Санжаадамба гэж хүнтэй сууж, амьдралын замаа хөөдөг байгаа. Нөхөр маань Бэрхэд хайгуулын ажилтай хүн байсан. Дагаад л геологи хайгуулын ангид юухан хээхэн хийгээд явж байлаа. Нөхөр маань цэргийн алба хааж, 1945 оны дайнд оролцон, гавьяа байгуулж ирэгсдийн нэг. Бэрхдээ ажиллаж байгаад, 1983 онд таалал төгссөн. Тэгээд л би энэ хэдэн хүүхэдтэй үлдэж байгаа юм даа.

-Дөчин насандаа дөрөвдүгээр анги төгслөө гэсэн. Тэгээд ямар ажил хийв?

-Би угаасаа тоонд гайгүй. Дөрвөн үйлдлийн тоог бол хэнээс ч дутахгүй бодчихно. Энэ минь л намайг хоолонд залгуулна гэж бодоод дэлгүүрийн худалдагч болсон. Өдрийн орлогоо ганц мөнгөний зөрөөгүй тушаадаг сайн худалдагч хэмээн магтуулж явлаа.

-Тэгээд л худалдагч хийгээд байв уу?

-Үгүй дээ. Тогоочийн курст сууж хоёрдугаар зэргийн тогооч болж, нэг хэсэгтээ гуанзанд ажиллалаа. Токарь хүртэл хийж үзсэн. Ингэж ажльн дөртэй болж байснаа 1958 онд нэгдэлжих хөдөлгөөн ялахад Дэлгэр-Хаанд ирж малчин боллоо. Нэгдлийн мал арав гаруй жил маллахдаа гайгүй сайн ажилласан юм болов уу сум нэгдэл маань намайг гурван удаа “Энх сүрэгтэн”, хэд хэдэн удаа “Тарга хүчний”, “Төл бойжуулалтын аварга” болгон урамшуулж, аймаг, сумын ардын хурлын депутатаар сонгож байлаа.

-Та чинь тэгвэл төр нийгмийн зүтгэлтэн болоо шив дээ?

-Би чинь даалгасан ажилд нойр хоолоо мартан зүтгэдэг хүн шүү дээ. Зарим нь “хэнхэг” л гэдэг байх. Би, нам, төрийн ажилд насаараа зүтгэснээр муу юм болоогүй. Төр түмний хайр хүндэтгэлийг бишгүй л хүлээж явлаа даа.

-Нэгдэлдээ мал маллаад байв уу?

-Би арван хэдэн жил мал маллаад, сумын төв рүү орж ирсэн. Энэ хүүхдүүдийн чинь сургууль, номыг дагана биз дээ. Тэгээд Дэлгэрхангайнхаа төвд орж ирээд, ногоочин болсон. Аймаг сумын гурван удаагийн “аварга ногоочин” болж, тухайн үеийн ЗХУ-д аялах амралтаар шагнуулж хүртэл үзсэн. Орос орны тэр их хөгжил, байгалийн сайхныг биширч, улс орноо ийм болгох юмсан, ингэтлээ хөгжихийг нь үзэх юмсан гэдэг сайхан хүсэл тэмүүлэл өвөртлөн эргэж ирж байсансан.

-Та эх орныхоо бүтээн байгуулалтын бараг бүх салбарт ажиллажээ дээ. Тэр болгонд та амжилт гаргаж, нэр хүндтэй ажиллаж байсан байх юм. Таны хөдөлмөр зүтгэлийг тухайн үеийн нам төрийн байгууллага, удирдлагын зүгээс хэр зэрэг үнэлж байв?

-Үнэлж байсаан. “Эсэргүүний удам угсаа” гэдэг муу нэр салснаас хойш бишгүй л сайн сайхан явлаа. Өвгөн таалал төгсч, амьдрал бүхлээрээ толгой дээр ирэх үед энэ хэдэн хүүхдээ л сургууль номтой, хүний зэрэгтэй явуулахсан гэж зүтгэсээр өдий хүрлээ. Хүүхдүүд өсч өндийгөөд, ач зээ нарынхаа зулай үнэрлэн бишгүй л сайхан байна. (Цэрэнлхам гуай шагналаа үзүүллээ. Депутатынх нь тэмдэг зэвэрч элэгдсэн байна билээ)

-Та наян хэдэн сүүдэр зооглохдоо бишгүй л сонин хачин тохиолдолтой таараа биз. Сэтгэлд шингэсэн зарим сонин дурсамжаасаа хуваалцах уу?

-Байлгүй яахав дээ. Эмээ нь мартчих юм. Баян-Овоод сургуульд ороод байсан чинь нэг өдөр Маршал Чойбалсан ирнэ гээд хөл хөгжөөн болдог юм байна. Манай сургуулийн хүүхдүүдийг гадаа гаргаад жагсаачихсан. Бүрээ бөмбөр дуугарган Маршалыгаа цог золбоотой хүлээж авлаа. Маршал Чойбалсан, эхний хар тэрэгнээс буугаад наашаа алхаж байна. Хүрэн савхин дээлтэй, тун сайхан хүн байж билээ. Бидэнтэй мэндлээд хүүхдүүдийг бүгдийг үнссэн. Миний энэ муу цагаан толгойтой дух чинь Маршалд үнсүүлсэн дух шүү. Ийм дурсамжууд зөндөө бий.

-Догсом гуайн хилс хэрэг цагаатгагдсан. Гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүд нь нөхөн олговор, төрийн хайр хүндэтгэлийг нь хүртээ биз. Танд мэдэгдсэн, дуулсан зүйл юу байна?

-Одоо цаг сайхан болж, улс төрийн хэлмэгдэл гэж юмыг цагаатгаж цайруулдаг болсонд баярлаж байгаа. Намайг Догсом гэж хүний зээ дүү гэж сонсоод сүүлийн үед анхаарч үзэх болсоон. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 90 жилийн ойд уригдан оролцоод, Догсом ахынхаа хөшөөнд цэцэг өргөсөн. Дүү нарынх нь хүүхдүүд ч мэр сэр байдаг юм. Тэдэнтэй уулзаж жаргал зовлонгоо хуваалцаж байлаа. Ер нь сүүлийн үед их л анхаарал тавих болсон.

-Жил бүрийн есдүгээр сард улс төрийн хэлмэгдгсдийн өдрийг орон даяар тэмдэглэн тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлдэг, аймаг хот, сум дүүргүүд нь хүлээн авдаг уламжлал тогтоод байгаа. Танай Багануур дүүргийнхэн таныг хүлээж авдаг уу?

-Над л мэдэгдсэн зүйл байхгүй. 1965 онд МАХН-д элссэн. Энэ намын үйлст тавин жил зүтгэлээ. Чадал тэнхээтэй байх үедээ сонгуулийн сурталчилгаа нам, төрийн ажил гээд мөн ч их явсан даа. Одоо чадал тэнхээ тасарсан. МАН-ын нөхөд л байнга эргэж тойрч “Цэрэнлхам гуай яаж байна? Юу хэрэгтэй байна?” гэж асууж ирцгээдэг. Саяхан хүртэл дүүргийн (хотын) намын хорооны нарийн бичгийн дарга хэдүүл ирж хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ гэж тэвэр дүүрэн идээ будаа, 200 мянган төгрөгтэй өгөөд явлаа. Эмээ нь баярлаж л суух юм даа.

-Одоо та хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Хүүхдийн хүүхдүүдтэй амьдарч байна яахав ээ, төрийн буян болж байна аа гэснээр бид хоёрын яриа өндөрлөлөө.

Л.Цэрэнлхам гуайнх Багануур дүүргийн (хотын) гэр хороололд гэрт амьдрах юм. Тэднийхээс гарч явахдаа: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар гээд цөөн хэдэн ийм буурай амьд сэрүүн байгаа. Өнгөрсөн хугацаанд “эсэргүүний гэр бүл, үр хүүхэд” хэмээн хамгийн их зовлон амссан хүмүүс эд нар байдаг. Монголын төр эднийг таалал төгсөхөөс нь өмнө ганц ч болов баярлуулаасай” хэмээн бодож явлаа. Ийм тогтоолын төсөл хэдэн жилийн өмнө УИХ-д өргөн баригдсан боловч Улсын их хурлын дэд дарга бөгөөд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга нарын сейфэнд цоожлогдон шарлаж сэмэрч байгаад, Монголын төр эрх биш салхи үзүүлээсэй дээ хэмээн эрхгүй бодогдоно билээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 11 хэм хүйтэн

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эхээр 31-36 градус, Их нууруудын хотгор , Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Дархадын хотгороор 20-25 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 02 дугаар сарын 24-нөөс 02 дугаар сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 26-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи 24, 25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Буян хийхдээ ч булхайцаж, бусдаасаа булаах юм даа” нийтлэлийг уншаарай

Өдрийн сонины тэргүүн нүүрт бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуу их дэгдэж байгаа талаар бэлтгэсэн сурвалжлага гарлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг томуугийн дэгдэлтээс болж хөл хорио тогтоогоод байгаа аж. Энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг та бүхэн XI нүүрээс унших боломжтой.

Түүнчлэн Улс төрийн мэдээллийн II нүүрт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн ярилцлага гарлаа. Тэрбээр өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн томоохон асуудлууд, улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлэв.

Мөн IV, V нүүрт өчигдөр болсон улс төрд өрнөсөн үйл явдлын мэдээ мэдээллүүд орлоо. Нийгмийн үзэл санааны томоохон талбар, чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа сэтгүүлч Э.Энэрэлийн “Буян хийхдээ ч булхайцаж, бусдаасаа булаах юм даа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Харин өнөөдрийн дугаарын XII, XIII нүүрт урлаг соёлын сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн юм. Тодруулбал, залуу жүжигчин Д.Хосбаярын ярилцлага XII нүүрт гарлаа. Түүнийг цагдаагийн дүрийг амжилттай бүтээснээр нь үзэгчид андахгүй. Кинонд хэрхэн тоглосноо уншигчдад хуваалцав.

Сүүлийн үед аймгийн цолтой бөхчүүдээс улсын цолонд магадлалтай гэгдэх болсон аймгийн арслан М.Еркебулангийн ярилцлага мөн гараад байна.

Эдгээрээс гадна есдүгээр нүүрт дэлхий дахинаа өрнөсөн үйл явдлын мэдээлэл орсон байна. Харин арын нүүрт валютын ханш, цаг агаарын мэдээлэл зэрэг хэрэгцээт мэдээ мэдээлэл гарлаа.

Та бүхэн манай сониныг шуудангийн салбар, сонин худалдаалах цэгээс аваарай. Мөн 99112954 дугаарт захиалга өгөх боломжтой.

Categories
мэдээ спорт

А.Очирсүх ОУХМ цолны болзол хангалаа

Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимп өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд манай улсаас цаначин А.Очирсүх, эмэгтэй тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа оролцсон.

Цаначин А.Очирсүх 10 км-ын тэших техникээр 28:07.5 хугацаанд замаа туулж, Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлжээ. Энэ зайнд нийт 50 тамирчин уралдсанаас манай тамирчин 41 дүгээр байрт орж, хувийн амжилтаа ахиулсан байна. Мөн Залуучуудын өвлийн II олимпоос манай улсын тамирчин, ОУХМ Б.Сумьяа анхны аварга цолыг хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Сочигийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Тэтгэлэгт сургалтад хамрагдах тухай

ОХУ-ын Сочи хотноо байрлах олимпийн их сургуульд 2016-2017 онд Спортын менежментийн нэг жилийн магистрын сургалтад хамрагдах боломжийг Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC) олгож байна.

Үндэсний олимпийн хороодын холбоо нь нислэгийн зардал, хүлээн авагч тал сургалттай холбоотой бусад зардлыг тус тус хариуцах ба ОУОХ-ны 206 ҮОХ-доос зөвхөн 3 хүнийг сонгон шалгаруулна. Тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхогч хавсралт мэдээлэлтэй танилцан, шаардлага хангасан нэр дэвшигчийн материалыг бүрдүүлж, 4 дүгээр сарын 10-ны дотор МҮОХ-ны хороонд ирүүлэх юм. Анкет болон бусад мэдээллийг http://olympic.mn/more/234 хуудсаас татаж авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийг “Говийн чоно-2016” уулзалт болж байна

“Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын хамтарсан сургалт, дадлагын бэлтгэл ажлын хүрээнд “Орчны шинжилгээний уулзалт”-ыг ОБЕГ болон Орхон аймагт энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, АНУ-ын цэргийн атташше, дэд хурандаа МаттевКент нарын албаны хүмүүс оролцож байгаа юм. “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын хамтарсан сургалт дадлага сургууль нь Монгол Улсад 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн сургалт, дадлага сургууль нь орон нутагт үүссэн гамшиг, онцгой байдлын үед Засгийн газрын түвшинд, Зэвсэгт хүчний оролцоог хэрхэн хангах, бодит нөхцөл байдалд үүсэх хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замыг шийдвэрлэх гарцыг тодорхойлохоороо онцлог юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн чиглэлд дөрөвдүгээр сараас газар олгоно

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс зуслангийн бүсэд иргэдэд газар өмчлүүлэх ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Зуслангийн газрыг ирэх дөрөвдүгээр сараас өмчлүүлж эхлэх ба Сүхбаатар дүүргийн Шарга морьтын ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлүүлэхээр суурин болон хээрийн судалгаа хийж эхэлжээ. Энэ онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 72, он дамжин хэрэгжихээр төлөвлөсөн 27, нийт 99 ажлын жагсаалт гаргаснаас 40 ажлын зураг төслийг боловсруулан хянаж, суурин судалгааг хийгээд байна.

Categories
гадаад мэдээ

Япончууд АНУ-ын цэргийн бааз барихыг эсэргүүцэж жагсав

Окинава аралд шинээр АНУ-ын цэргийн бааз байгуулахыг эсэргүүцсэн олон мянган хүн Токио дахь парламентын ордныг бүсэлжээ. Жагсаалд 28 мянга орчим хүн оролцсон байна. АНУ-ын цэргийн баазын бүтээн байгуулалтын ажил нь өмнөд хэсгийн Окинава арал болон Токиогийн засгийн газрын хооронд маргаан үүсгэжээ.

Японы газар нутгийн нэг хувьд ч хүрэхгүй Окинава аралд Япон дахь АНУ-ын цэргийн байгууламжийн 75 хувь нь оршдог аж. Гэтэл Японы засгийн газраас Окинава аралд шинээр АНУ-ын тэнгисийн цэргийн агаарын бааз байрлуулахаар төлөвлөж байгаа нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулжээ. Шинэ баазыг “Футенма” агаарын баазын оронд байгуулахаар төлөвлөсөн аж. Харин Окинавагийн оршин суугчид “Футенма” агаарын баазыг арлаас гаргах хүсэлтэй байна. Оршин суугчид АНУ-ын цэргийн баазууд дахь дуу чимээ, осол аваар, заримдаа гардаг гэмт хэргийг цаашид тэвчихгүй хэмээн эсэргүүцжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батзандан: Бид “шоронжсон” нийгмийг халж, хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчын эрхийг хамгаалах чиглэлд шинэчлэл хийсэн

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад чухал үүрэг гүйцэтгэн ажилласан хэмээн мэдэгдэв. Мөн хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж гарган өнгөрсөн хугацаанд АН бусад голлох хуулиудад идэвхийлэн ажиллаж, хуульзүй, нийгмийн салбарын томоохон хуулиудыг батлан гаргаж, малчдыг үйлдвэрлэгчдийн хэмжээнд тавьсан болохоо хэлэв. Түүнчлэн ҮХЦ-ийн даргыг огцруулсан асуудлыг хууль бус гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Үүнийг АН-ын бүлэг “ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хууль бус үйлдэл биш. Хуулийн дагуу явагдсан. ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах эрх анх нэрийг нь дэвшүүлэн оруулж ирсэн байгууллага болон УИХ-д хадгалагддаг. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга З.Энхболд УДШ-ээс саналыг нь авсан. Хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар хийлээ. Үүний дараа С.Одонтуяа гишүүн нийгмийн салбарт хийсэн хууль эрх зүйн талаар мэдээлэл хийсэн бол АН-ын бүлгийн дарга С.Одонтуяа нийгмийн салбарт хийсэн хууль зүйн шинэчлэлийн талаар мэдээлсэн юм. Харин Ж.Батзандан гишүүн эрүүгийн эрх зүйн чиглэлд хийсэн шинэчлэлийн талаар тайлбар хийв. Тэрээр “Намрын чуулганаар Эрүүгийн тухай хуулийг баталсан. Ингэснээр “шоронжсон” нийгмийг халж, хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчын эрхийг хамгаалах чиглэлд шинэчлэл хийгдсэн гэж хэлж болно. Энэ нь Ромын эрүүгийн эрх зүйн дүрэм, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц гэсэн гурван үндсэн дүрэм журамд нийцэж байгаа юм” хэмээгээд социалист хэв маягийг халсан, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн тогтолцоог бий болгож чадсан” гэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Хууль бус асуудлыг хэлэлцэхдээ семинар нэрийн дор хийж тавилттай жүжиг тоглосон

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээцанцан нар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд санаачилж, батлуулсан хууль болон ирэх хаврын чуулганаар хийж, хэрэгжүүлэх гэж буй ажлуудынхаа талаар танилцуулав.

Энэ үеэр тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “УИХ үйл ажиллагаа явуулснаас хойш нийтдээ гурван удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан. Эхний ээлжит бус чуулганаар авлига албан тушаалтныг өршөөх тухай хуулийг хэлэлцээд тарсан. Харин дараагийн удаад урьж залж, гуйж оруулсан МАН-ыг Засгаас хөөх шийдвэр гаргахын тулд хуралдсан. Харин гурав дахь ээлжит бус чуулганыг дөнгөж сая хуралдаад дууслаа. Энэ үеэр чухам юу хэлэлцсэнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүнээс дүгнэхэд зөвхөн өчүүхэн сандал ширээ, эрх ашгийн төлөө АН-ынхан аливаа асуудалд хандаж байгаа нь илт юм. Энэхүү хууль бус үйл ажиллагаанд МАН оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хуулийн хүрээнд найм хоногийн завсарлага авч хуулиар олгогдсон эсэргүүцлийн эрх хэмжээг ашиглаж эцэст нь хууль зөрчсөн хуралд оролцохгүй байхаар шийдсэн. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлаар МАН, МАХН-ынхан “бойкот” хийж байгаа мэтээр нийгмийн зорилтот бүлгийн багийг өмсч хууль бус үйл ажмллагаа хийж байна. Мөн хууль бус асуудлыг хэлэлцэхдээ семинар нэрийн дор хийж тавилттай жүжиг тавьж улмаар МАН, МАХН-ын гишүүдрүү байж боломгүйгээр дайрч доромжилсон. Үүнд бид туйлын бухимдалтай байна. Холбогдох ёс зүйн хороо, хууль шүүхийн байгууллагад хандана” гэжээ.