Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд 20 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж, 60 хувиар хэтрээд байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу 57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 98.3 хувийг бага насны хүүхдүүд, хүнд өвчтэй хүмүүсийн 64 буюу 60.4 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Томуу, томуу төст өвчний гарал нэмэгдэж буйтай холбогдуулан Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа холбогдох мэргэжлийн байгууллагынхантай уулзаж үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болгосон. Мөн ХУД, БЗД-ийн эмнэлгүүдэд илүү их ачаалалтай байгааг харгалзан тухайн эмнэлгүүдийн том хүний бүх орыг хүүхдийн оронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлээд байгаа аж.

Categories
мэдээ спорт

Б.Марал-Эрдэнэ олон улсын дугуйн тэмцээнд гуравт оржээ

Филиппинд зохион байгуулагдсан олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын олон өдрийн “Le tour de Filipinas” уралдаанд манай улсын тамирчин Б.Марал-Эрдэнэ нийлбэр дүнгээрээ гуравдугаар байрт шалгарчээ.

Харин “Under 23” буюу залуучуудын ангилалд хоёрдугаар байрт орсон бол нэг, хоёрдугаар байрын нийлбэр дүнгээр Казахстаны тамирчид тэргүүлсэн байна. Тэмцээнд мэргэжлийн 15 багийн 90 гаруй дугуйчин оролцсон аж. Б.Марал-Эрдэнэ нь Малайзын шигшээ “Terengganu cvcling team” багтай өнгөрсөн оны аравдугаар сард гэрээ байгуулж, тус багийн нэрийн өмнөөс оролцож буй юм.

Дашрамд сонирхуулахад, ирэх сарын 10-нд Финландад оюутны ДАШТ болох бөгөөд манай улсаас гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихын шавь нар болох “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан А.Алтансүх, Э.Мөнхтулга, Б.Гантөмөр, Э.Молор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нар оролцох юм байна. Тэдэн дээр Б.Марал-Эрдэнэ мөн нэмэгдэж, хурд, авхаалж самбаагаа сорин уралдах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпилтэй уулзаж санал солилцон, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцсан юм.

Өнөөдөр /2016.02.23/ УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжид шаардлагатай 8.1 тэрбумыг шийдвэрлэв

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж судалгаагаар гаргасан шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр тогтсон.

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 11 дугаар сараас хойш ажилласан бөгөөд тус ажлын хэсэг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид үүсэд байгаа нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, цаашид яаралтай авах арга хэмжээнүүдийг тодорхой болгосон байна.

Одоогоор Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөл хийгдэж байгаа бол. Концессын гэрээгээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар хариуцан ажиллаж байна. II тунгаагуур 2ш, Биоцөөрөм ашиглалтад оруулах ажил Барилга хот байгуулалтын яамны удирдлага дор барилга угсралт 50 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн дөрвөн саналыг ирүүлж, Канад, ОХУ, Япон, Монгол Улсын долоон удаагийн туршилтыг хийсэн. Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагаас ялгарч буй үнэр тухайн цэгээс 14 километрийн бүсд үнэртэж байгааг тогтоосон байна. Тус ажлын хэсгээс Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах технологи нэмэх, үнэр арилгах ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, технологийн судалгааг гаргасны дагуу шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/135 дугаар захирамжийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргалаа.
Захирамжаар дараах үүргийг өглөө.
  • Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтанд оруулах” 8.1 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулах
  • Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт
  • Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.
Эдгээр ажлыг 2016 оны 03-06 дугаар сард багтаан хийж гүйцэтгэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ спорт

“Сурагчдийн лиг”-ээс “Алтан-Од” баг алтан медаль хүртлээ

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная Баскетбольная Лига “КЭС-БАСКЕТ” Төрийн Бус Байгууллага, нийслэлийн Боловсролын Газар, Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо хамтран “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Гурван насны ангиллаар зохион байгуулагдсан уг тэмцээний эмэгтэй ахлах насанд Б.Дэлэг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Алтан од” багийн тамирчид Багануур дүүргийн багийг 40:38 харьцаатай хожиж алтан медалийн эзэд болов. Нийслэлийн есөн дүүргийн 112 сургуулийн давхардсан тоогоор 6413 багийн 81158 сурагч хамрагдсан энэ тэмцээний “Шилдгийн Шилдэг Дасгалжуулагч”-аар “АЛТАН ОД” багийн дасгалжуулагч багш Б.Дэлэг шалгарч, мөн багийн тоглогч 11г ангийн сурагч Ч. Намуунаа “Шилдгийн Шилдэг Тоглогч” болж багаараа ирэх гуравдугаар сард ОХУ-ын САНКТ-ПЕТЕРБУРГ хотод болох сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцохоор боллоо.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн иргэнийг хутгаар гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ

Өнгөрөгч ням гаригийн шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 50 км-т орших Шанх Баян-Өлзийт овоо гэдэг газар дөрвөн хүнийг хүйтэн мэсээр гэмтээж, хутгалсан онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус нутаг дэвсгэрт хүн шархдсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгахад 32 настай эрэгтэй Э толгойндоо зургаа, цээжиндээ дөрвөн удаа мэсний шарх авсан байдалтай маш хүнд гэмтсэн байжээ.

Дээрх мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас уг этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж эхэлжээ. Гэтэл уг гэмт этгээд иргэн Э-г мэсээр хүнд гэмтээгээд зогссонгүй. Зугтаж явахдаа 34 настай эмэгтэй А гэгчийнд очиж, түүнийг гэрээс нь чирч гарган хүчирхийлэхийг завдсан бөгөөд эсэргүүцэлтэй тулгарахдаа иргэн А-г болон түүний ээж болох 57 настай эмэгтэй Ц-г мөн л хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалаад зугтсан байна. Хохирогч А-ийн биеийн байдал маш тааруу, аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийн газрын анхны үзлэгээр хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэж тогтоогджээ.

Гэмт этгээд зугтаж байхдаа 45 настай эмэгтэй С-ийнд очиж, гуя, гаранд нь хүйтэн мэсээр хүнд гэмтэл учруулжээ. Дөрвөн хүнийг мэсээр хүнд гэмтээсэн сэжигтэн этгээд морьтой зугтааж, хэрэг болсон газар нутгаас 20-иод км-ын зайтай газар нуугдаж байсныг тус аймгийн цагдаагийн газрын дэд хурандаа н.Очирдоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн цаг агаарын хүнд нөхцөл байдалтай, цасан шуургатай үеэр шөнийн 02:00 цагийн үед баривчилжээ. Түүнээс эд мөрийн баримтаар хоёр мэсний зүйл хураан авсан байна.

Гэмт хэргийг Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн 46 настай, боловсрол мэргэжилгүй, оршин суух тодорхой хаяггүй Б гэгч үйлджээ. Тэрбээр өмнө нь онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байгаад шоронгоос суллагдсан аж. Тодруулбал, 1995 онд чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ял эдэлсэн бөгөөд энэ хугацаандаа мөн л хоёр хүнийг зэвсгийн чанартай зүйл ашиглан гэмтээж, ялаа нэмүүлж байсан рецедив гэмт хэрэгтэн байжээ. Тэрбээр 2009 онд суллагдаад гарсан даруйдаа мөн л Эрүүгийн хуулийн 145.2-т заасан хулгайн гэмт хэрэгт холбогдож 2015 оны сүүлээр суллагджээ.

Уг хэргийг үйлдэгч этгээд нь эхний хохирогч болох Э-ийнд туслах малчин хийдэг байсан бөгөөд хамт архидан согтуурч, улмаар маргалдсаны улмаас ийнхүү биед нь халдаж, хүнд гэмтээгээд зугтсан байна. Сэжигтэн этгээд анхны мэдүүлгээрээ архины харгайгаар энэхүү хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлсэн бөгөөд Э-г олон удаа мэсээр шархдуулсан ч үхээгүй тул толгой руу нь сүхээр дахин хоёр удаа цохисон гэдгээ хүлээжээ. Хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Багшлах эрхийн шалгалт ирэх сард болно

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багшаар ажиллах эрх олгох шалгалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар болжээ. Шалгалтын бүртгэл энэ сарын 3-нд эхэлсэн бөгөөд 29-ныг хүртэл үргэлжлэх юм байна. ЕБС болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөн анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд, гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд тус шалгалтанд хамрагдана.

Шалгалтыг нийслэлийн найман дүүрэг /Багахангай дүүргээс бусад/, 21 аймгийн төвд зохион байгуулах учир оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байх шалгалтын төвийг сонгон бүртгүүлж, шалгалт өгөх боломжтой юм байна.

Багшлах эрхийн шалгалтад бүртгүүлэхдээ цээж зураг /файлаар/, Багш мэргэжлийн бакалаврын дипломын нүүр, хавсралт /зурган файлаар/, шалгалтын хураамж төлсөн баримт /зурган файлаар/-ыг бүрдүүлнэ. Шалгалтын хураамж болох 35000 төгрөгийг Төрийн сангийн 900015010 дугаарт дансанд аль ч банкны салбараас тушааж болно.

Бүртгэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн бүртгэлийн цахим хуудас http://shalgalt.itpd.mn хаягаар онлайнаар явагдаж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Догмидын Сосорбарам: Үгийн сайхан шид, урлагийн гайхам увдисаар миний Монгол мандан бадрах нь гарцаагүй

Монгол Улсын гавьяат жүжигчин, төрийн соёрхолт Догмидын Сосорбарамтай уулзаж хөөрөлдлөө.

-Та сар шинэдээ сайхан шинэлэв үү. Шинэлгээний үзүүр хаа хүрэв дээ?

-Сайхан шинэллээ. Хөдөө явсангүй. Улаанбаатар хотоо тойроод л, ээж, ах дүүстэйгээ золголоо. Ээж маань далан зургаатай хөгшин хотод аж төрж байна. Ная хүрч байгаа аав маань Баянхонгорт байна. Миний үеэл ах, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, яруу найрагч Дожоогийн Цэдэв гэж хүн бий. Монголын зохиолчдын эвлэлийн даргаар олон жил ажилласан энэ ахтайгаа ээжтэй золгосны дараа очиж золгоно. Миний эмэг ээж Цэдэв ахын ээжийн эгч юм.

-Таны төрөлх нутаг Баян-Овоо сумаас Цэдэв гуай, Данзангийн Нямаа гээд үгийн урлагийнхан төрсөн. Та ч бас шүлэг бичдэг хүн дээ?

-Би ч тэдний дэргэд зохиолч, шүлэгч гэж хэлж болохгүй л дээ. Миний хувьд зүгээр л сонирхогч. Тайзны уран бүтээлийн зохиомж, жүжгийн найруулгын эрэмбэ дараалал, цэгц голдрилыг өөрөө бичдэг л хүн.

-Монгол үндэстнийхээ язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолтыг та энэ жил мөн ч сайхан дэглэв ээ?

-Үндэсний урлагийн хамтлагуудын этник тоглолтыг анх 2012 онд зохион байгуулсан. Тав дахь жилдээ тоглож байна. Авьяас чадвар, мэддэг бүхнээрээ нэгдэж чадваас Монгол шиг хүчтэй, Монгол шиг цолгиун, Монгол шиг дэврүүн, ариун гэгээн бодолтой хүмүүн ертөнцөд ховор юм аа л гэж бодож анх энэ тоглолтыг санаачилж хийсэн. Энэ санаачилгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэр үеийн дарга Д.Баттулгад өргөн бариад, Ерөнхийлөгчид уламжилсан. Ерөнхийлөгч “Миний үед монгол үндэсний урлаг, хэл, соёлоо дээдлэхийн дээдээр дээдлэх учиртай” гээд ивээлдээ авсан түүхтэй. Этник хамтлагуудын энэ жилийн тоглолт урагшаа их ахисан. Миний хувийн үнэлгээнээс гадна миний япон анд, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимүзи “Танай үндэсний урлаг алхам алхмаар урагшилж байгаа” гэж утсаар ч хэлсэн, уулзаад ч илэрхийлсэн.

Энэ бол өндөр үнэлгээ. Эхний тоглолт “Монгол”, дараагийнх нь “Монгол Төгсөшгүй”, удаахь нь “Монгол Мөхөшгүй”, тэгээд “Монгол Мохошгүй” гэсэн нэртэй. Энэ жил “Тэнгэр тамгатай Монгол” нэртэй байлаа. Ирэх жил “Өрнөн бадрах Монгол” нэртэй тоглолт хийнэ. Үгийн сайхан шид, урлагийн гайхам увдисаар миний Монгол өөдөө мандан бадрах нь гарцаагүй. Би “Үг шидтэй, хөдөлгөөн увдистай” гэдэгт итгэдэг.

-Ай, сайхан даа…

-Энэ нэр бол тоглолтод орж буй бүх бүтээлтэй бодол, сэдэл, миний найруулгын дэгтэй салшгүй уялдаа холбоотой. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дэлхийд нэртэй эрдэмтэн Сэндэнжавын Дуламын цомнол “Хаданд амилсан тамга”, “Хурмастын уялга” хэмээх хоёр том бүжиг тоглолтод орлоо. “Хаданд амилсан тамга” бүжгийг С.Лувсанвандангийн нэрэмжит Гоо зүйн дээд шагналт бүжиг дэглээч Энхгэрэл найруулж, “Хурмастын уялга”-ыг манай Баярбаатар дэглэсэн. Энэ хоёр маань миний бодол сэдлийг харцаар мэдэрдэг найруулагч-бүжиг дэглээчид. Дулам ах цомнолыг бичихдээ монголчуудын өнө эртний байгаль дэлхийтэйгээ харьцдаг хаялга хандлагыг голчилж, тэнгэрийн увдисыг мэдэрдэг мэдрэмжийг хадан дээр тамга болгон сийлж үлдээсэн байна гэх өргөн агуулгыг багтаасан. Хадан дээр сийлсэн тамга бүхнийг татаад уншихаар асар их өрнүүн гэгээлэг мэдрэмжүүд төрдөг юм байна. Хүмүүний араншин, энэ дэлхий дээр хүмүүн яаж хөгжиж аж төрдөг юм бэ гэдгийг хадан дээр сийлсэн байна гэж Дулам зохиолч тайлсан байгаа юм. Тэр тайлсан оньсогыг хөдөлгөөний увдисаар, авьяасын цар хүрээгээр дэглэн тавьсан нь энэ хоёр бүтээл.

-Тоглолтод өөр ямар бүтээл багтав?

-Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” бүтээл том орон зай эзэлж байгаа. “Үлэмжийн чанар” бол жирийн нэг дуу биш. Энэ бол шидэт тарни, шившлэгт уншлага, мэдрэхүйн хамгийн дээд цар хүрээ, гоо сайхны хамгийн дээд цар хүрээ Цагаан дара эх юм байна. Цагаан дара эхийг дуунаас гадна галбир төрхөөр яаж амилуулах вэ гэж нэлээд зоримог алхмыг хийсэн. Улам цааш нь бяджуулж, бодижуулж Хутагтын дээд оюун сэтгэлгээнд хэрхэн хүргэх гэж ажиллаж байгаа. Эл тоглолтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Корпрэйт конвейншн” театр, Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар хамтран дэмжиж толилууллаа. Олон хүний зөв чиг рүү харсан хараа нэгдсэн учраас хоёр цаг 45 минут үргэлжлэх маш сайн бүтээл болсон. Монголд АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалт энэ жил болно.

-Гадаадын зочид төлөөлөгчдөд энэ тоглолтоо толилуулах юм уу?

-Тэр олон орны өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд “Тэнгэр тамгатай Монгол” бүтээлийг гурав, дөрвөн хэсэгт хуваагаад толилуулахад давтагдахгүй, мартагдахгүй тоглолт болсон. Тийм учраас УИХ-ын дарга З.Энхболд урилгаар ирж үздэг орой “АСЕМ-д үзүүлэх бүтээл чинь бэлэн шүү” гэж ам бардам хэлсэн.

-Анх эхэлж зохиогдож байснаасаа хамтлаг, дуучдын хүрээ аль хэр нэмэгдэв?

-Анх таван хамтлагийн тоглолтоор эхлүүлсэн. Долоо, ес гэж өсгөөд буцаад тоог буулгая гэж бодож байсан чинь улам л нэмэгдлээ. Хөгжим бүжгийн сургуулийн төгсөх курсийн “Вива” хамтлагийн бүжигч охид, Германаас авьяаслаг монгол залуучуудаас бүрдсэн “Сида” хамтлаг ирж оролцсон. “Сида” гэдэг нь монголоор дуу хоолой гэсэн үг юм байна. Энэ хамтлагийн гишүүн иран гаралтай герман залуу их содон байсан. Манай “Домог”, “Хөсөгтөн”, “Их Монгол”, “Тэнгэр аялгуу” хамтлагууд уран бүтээлээ толилуулсан. Манай Баянхонгорын гурван сайхан уртын дууч гишүүнтэй “Язгуур” хамтлаг ч сайхан тоглосон. Уртын дуунуудын сэдэл энэ тоглолтод гайхалтай илэрч гарч ирсэн. Боржигон аялгаар дуулсан Дундговийн Мөнхжаргал гэж охины дуу гайхалтай сайхан болсон. “Хэрлэнгийн баръяа”-г эрэгтэй, эмэгтэй дөрвөл дууллаа. Уртын дуунд боржигоноос гадна Баянбараат, айзам, айдам гээд зөндөө аялга байдаг юм байна. “Язгуур” хамтлагийн дуулсан “Цомбон туурайтай хүрэн” дууг зориуд хаднаас хаданд цуурайлж байгаа мэт шижмээр дамжуулж найруулга хийсэн.

-Тоглолтын хамгийн шилдэг бүтээл нь юу байв?

-Хамтлагууд бүгд л шедеевэр байсан. “Домог” хамтлаг хөгжмийн зохиолчийн шинэ бүтээлүүд тоглосон. Хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр, Төвшинтөр нарын бүтээлүүд гайхалтай. “Их Монгол” хамтлагийн залуучууд “Аргадал”, “Сэтгэмж” гэсэн хоёр шинэ бүтээлээ тоглолоо. “Хөсөгтөн” хамтлагийн “Таван Тэсийн магтаал” гэдэг Азийн авьяастнуудын наадамд гайхуулсан бүтээлийг нь оруулсан. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Соронзонболдын судалгааны бүтээлд гардаг Хүннүгийн цуур, Юань гүрний хаан Хубилайгийн үед тоглодог байсан босоо ятга, Өлзийт хааны үед морин дээр тоглодог байсан босоо ятга зэрэг хөгжмийн зэмсгүүдийг шинэчилж “Хурмастын уялга” бүжгийн аялгууг тоглуулсан. “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Ариунболд маань хөөмийн нэг ангит концертыг тоглолоо. “Хавар” хэмээх хөөмийн энэ концертыг ноён Баабар маш ихэд таалан биширсэн. Хүмүүсийн бишрэлийг төрүүлсэн олон бүтээл орсноороо онцлогтой. Германд гэрээгээр ажиллаж байгаа Шинэцэцэгийн дэглэсэн бүжиг сайн болсон. Би энэ тоглолтод оюутнуудыг чөлөөтэй оруулсан. Зарим хүн “Оюутнууд их орууллаа” гэж л байна лээ. Тэд маань Монголын урлагийн ирээдүй шүү дээ. Адарсүрэнэрхүү хоолойтой, магадгүй сайн ажиллаад өөрийгөө хөгжүүлбэл Адарсүрэнгээс ч тослог дуугарахаар Сайнтөмөр гэж залуу гарч ирсэн. СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Манай сургуулийн нэрийг мандуулж өглөө” гэж утсаар ярьж байна лээ. “Өвгөн, шувуу хоёр”-ыг арван хоёр дуучин дууллаа. Тайзнаа дэлгэцэн дээр уртын дуунуудыг монгол бичгээрээ урсган толилууллаа. Уртын дууны аялгуунаас илүү яруу найраг нь яндашгүй баян юм аа. Ардын дууны яруу найраг шиг шүлэг найраг өнөөдөр Монголд байна уу, үгүй юу. Яруу найргийн үгийг нь хараад зогсохгүй уртын дууны юу нь агшиж, эгшиж, юу нь огшиж, мэгшиж байна вэ гэдэг угшлыг гаргахыг л зорьсон.

-Ардын урлагийн юу нь гайхамшигтай байна вэ?

-Би урлаг судлаач Жамцын Бадраа гуайгаар их бахархдаг юм. Тэр хүнд хэцүү нийгэмд Монгол ардын урлагаа авч үлдэх гэж ямар сүрхий тэмцэж байваа гэж. Үнэхээр Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй хүн байсан. Намын төв хорооны хурал болж байх үед “Цагаан сараа хүртэл бид тэмдэглэх ч эрхгүй боллоо. Монголын дээдэлж хүндлүүштэй ганц нандин баяраа буруу номд алдсан” гэж шууд хэлж байсныг би сайн санадаг юм. Ардын урлагаа тэр үед өмгөөлж хамгаалж авч үлдсэн хүн бол Бадраа гуай. Хөөмий, цуур, уртын дуу, ардын урлаг чинь үнэ цэнтэй юм шүү гэдгийг Бадраа гуай л монголчуудад ойлгуулсан. Энэ бүхнийг дэлхийн хэмжээнд хөгжүүлэх ёстой юм байна гэж би бодож зүтгэж яваа хүн. Энэ жил Бадраа гуайн мэндэлсний 90, бүжиг дэглээч Сэвжид гуайн 100 жилийн ой юм байна лээ.

-Хөөмийлж, цуурдахыг сонссон зарим хүмүүс, тэр дундаа урлагийн зарим зүтгэлтнүүд “Үхэр мал мөөрч байгаа юм шиг балар эртний балай юм. Дэлхийд монголчуудын бүдүүлгийг л гайхуулж байгаа зүйл” гэхийг сонсч л байлаа. Та тэдний үзэл бодолтой санал нийлэх үү?

-Би тэдэнд “Хамгийн бүдүүлгээрээ битгий гайхуул” л гэж хэлнэ. Хамгийн бүдүүлэг араншин бол тэр. Аав, ээжийгээ “Миний аав, ээж биш” гэж байгаатай адилхан. Ийм бүдүүлэг амьтадтай үг солихын ч хэрэггүй. Саяхан гавьяат авсан нэг нөхөр бас тиймэрхүү юм ярьж л байсан. Хэрвээ ардын урлагаа эрт балрын юм гээд жигшээд байгаа бол “Энэ газар шороо хуучны юм” гээд гишгэхээ больчихгүй юу. Ийм бүдүүлэг араншинтай амьтадтай би яавч эвлэрэхгүй. Удах тусмаа үнэ цэнтэй болдог зүйлийг мөнхөд шинэ гэж үздэг. Арвангуравдугаар зууны үеийн “Эртний сайхан” дууны үг удах тусмаа л улам үнэ цэнтэй гайхамшигтай сонсогдож байгаа биз дээ.

-Та бол их яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Од” ганц хүний театрын уран бүтээлч. Энэ жил Чойном гуайн наян насны ой тохиож байна. Хувь уран бүтээл юу туурвиж, олондоо толилуулах гэж байна?

-Ардын үндэсний урлаг маань зөвхөн Монголд биш дэлхийн урлагийн зах зээлд гараад явчихлаа. Япон улсын хорин хоёр том хотод тоглолт хийх гэрээг Японд Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд Содовжамцын Хүрэлбаатарын багийнхан, Осака хотноо суугаа Монголын Ерөнхий консул Ч.Куландагийн багийнхан маань хийсэн. Бүх төлөвлөгөө нь батлагдсан. Хувийн уран бүтээл гэвэл ирэх гуравдугаар сард “Миний шүтээн” гэж Чойном найрагчийнхаа найраглалаар нэрлэсэн томоохон тоглолтоо маш бага орон зайд өөрийнхөө “Ард” кинотеатрт толилуулна. Чойномын хаа ч хэвлэгдээгүй гар бичмэл шүлгээс энд уншина. Энэ шүлгүүдийг их найрагчийн “Жаргал зовлон” найраглалтай нийлүүлэн “Эрх чөлөө” цомог гаргахад бэлэн болсон. Мөн өөрийнхөө шүлгүүдээс бүтсэн “Жамаас” дуу, найргийн цомог удахгүй гаргах гэж байна. Жараад оны дуунуудаас бүтсэн цомгоо гаргана. Бичлэгийн ажлууд хийгдэж байгаа. “Үлэмжийн чанар” цомог дээрээ бас ажиллаж байна.

-Ойрдоо Хонгор нутгаа зорих уу?

-Дөрөвдүгээр сард явна. Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ширмэний урилгаар нутгийнхаа зон олонтой золгож, сэнхрүүлэг сэхээрлийн яриа хөөрөө хийх юм.


Categories
мэдээ цаг-үе

О.Содбилэг: Бид том зорилт дэвшүүлсэн бол түүн рүүгээ тууштай, нэгдсэн зохион байгуулалттай явах нь зүйтэй

УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2016-2030” баталсан. Та энэ баримт бичгийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан хүний нэг. Манай Монгол Улсын хөгжил сайнгүй байгаа нь урт хугацааны хөгжлийн бодлого байхгүйтэй холбоотой гэж улстөрчид болон эрдэмтэн судлаачид ярьдаг болсон. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Тийм ээ. С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, Н.Батцэрэг нарын гурван бүлгийн даргын ахалсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Өөрөөр хэлбэл зөвшилцөж хамтран гаргаж буй баримт бичиг гэж хэлж болно. УИХ-аас уг баримт бичгийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэж нэрлэсэн нь өнгөрөгч оны намар батлагдсан НҮБ-ын “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” баримт бичигтэй уялдаа холбоотой юм.

Энд нэг зүйлийг цохон тэмдэглэе. УИХ 2015 оны сүүлээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль”-ийг баталсан. Энэ хуулийг бас бидний хамтын бүтээл гэж ойлгож болно. Учир нь хуулийн төслийн анхны эхийг С.Баярын Засгийн газрын үед боловсруулсан юм билээ. Уг Төлөвлөлтийн хууль, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хоёр нь хоорондоо харилцан уялдаатай.

Монгол Улс цаашид урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөний үндсэн дээр хөгжих болж байна. Тийм учраас сая баталсан УИХ-ын тогтоолд: намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбаруудын дунд болон богино хугацааны зорилт, хөтөлбөрүүд энэ үзэл баримтлалд нийцсэн байх ёстой гэж заасан. Товчхондоо Монгол Улс 15, тав, нэг жилийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжих бөгөөд цаашид УИХ-ын гишүүд улсын төсвийн төслийг хэлэлцэх үед дур зоргоороо ярих нь үүгээр хязгаарлагдаж байгаа гэж ойлгож болно.

-Та “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийн үндсэн гол агуулга, зарчмыг дэлгэрүүлж ярихгүй юу?

-Таны асуултад товчхон хариулахыг хичээе. Нэгдүгээрт, Хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг тоогоор илэрхийлэх боломжтой байлгахыг хичээсэн. Яахав зарим нэг чанарын үзүүлэлтүүд бий л дээ. Хөгжлийн үзэл баримтлалын хамгийн эхэнд бичигдсэн 10 зорилт, түүний дараагийн хуудсанд байгаа 18 үзүүлэлтийг сайн тогтож харах хэрэгтэй. Хоёрдугаарт, Хөгжлийн үзэл баримтлалд эдийн засгаа дунджаар 6.6 хувийн өсөлттэй авч явах, нийгэмд орлогын тэгш бус байдлыг арилгаж, чинээлэг дундаж болон дундаж давхарга хүн амын 80 хувийг эзэлж, ядууралгүй орон болох, байгаль орчны үзүүлэлтүүдээр дэлхийн шилдэг 30 орны нэг болох гэх мэт зорилтуудыг дэвшүүлсэн.

-Та энэ удаа хөгжлийн бодлогоо илүү тодорхой томьёолсон гэж хэлэх гээд байна уу?

-Тийм ээ. Би илүү тодорхой, хэмжих бололцоотой болсон гэж бодож байна. Манай ажлын хэсгээс гадна дэд ажлын хэсэг, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн хамт олон хоёр жилийн турш уг баримт бичгийн төсөл дээр ажилласан. Түүнээс гадна хөгжлийн үзэл баримтлалын төслийг нэлээн олон удаа эрдэмтэн мэргэд, салбар бүрийн мэргэжилтнүүд, Засгийн газрын холбогдох яам, агентлагууд, төрийн бус болон боловсролын байгууллагуудаар хэлэлцүүлсэн. Улс төрийн бүх нам оролцсон хэлэлцүүлэг бас зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн шалгуураар оруулахыг хичээсэн.

-Энэ удаа бодлогын уламжлал хадгалагдаж байгаа юм уу, эсвэл цоо шинээр томьёологдож байгаа юм уу?

-Мэдээж бодлогын уламжлал ямар нэг байдлаар хадгалагдана. Түүнээс өөр арга ч байхгүй. Яагаад гэвэл эдийн засгийн салбарууд маань байдгаараа л байгаа, хөгжлийн гол түүчээ болсон хувийн хэвшил маань ч мөн адил байдгаараа л байна.

-Тэгвэл 2030 он хүртэл Монгол Улс яг ямар салбарт, ямар чиглэлээр хөгжих боломжтой гэж үзсэн юм бэ?

-Монгол Улс буурай хөгжилтэй, хөгжлийн гараан дээрээ байгаа орон болохоор таны асуултад шууд хариулахад бэрх. Яагаад гэвэл эдийн засаг, нийгэм, байгаль орчин, хүмүүнлэгийн бүх салбарт хөгжлийн том том зорилтууд дэвшүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл бид бүх талаар хөгжих зорилттой байх хэрэгтэй. Гэвч аливаа асуудлыг шийдэхэд “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдэг зарчим үйлчилдэг болохоор хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд тохирсон зорилтуудыг дэвшүүлэх шаардлагатай болсон.

Бид эдийн засгийн салбаруудаа эрэмбэлэхийг хичээсэн. Одоогийн байдлаар хөгжлийн хуримтлал бий болгох гол салбар нь уул уурхайн салбар болохоор түүнд илүү анхаарал хандуулах нь ойлгомжтой. Гэхдээ энд би хоёр зүйлийг тэмдэглэе. Нэгдүгээрт, манай эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай болсныг 2030 он гэхэд өөрчилсөн байх зорилт дэвшүүлсэн. Хоёрдугаарт, уул уурхайн олборлох салбараа уул уурхайн боловсруулах салбар болгож хувиргах зорилт дэвшүүлсэн.

Ер нь манайд эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтод харьцангуй нийцэх хоёр салбар байгаа нь хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар юм. Энэ хоёр салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгсөн.

Би бас нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Улс орны өмнө 1990-ээд оны үед тохиолдсон хүндрэл бэрхшээлийг мал аж ахуйн салбар, малчид, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн хамт олон нуруун дээрээ үүрч гарсан гэж манай ахмадууд ярьдаг. Өнөөдөр ч гэсэн үүнтэй бараг ижил төстэй нөхцөл байдал үүсээд байна гэж би боддог. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бол уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын шилдэг жишиг гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга гэх мэт уул уурхайн салбар дахь том төслүүд өнөөдөр ч гэсэн Эрдэнэт үйлдвэртэй адилхан ачааны хүндийг үүрнэ.

-Та энэ төслүүдэд нэлээн шүүмжлэлтэй ханддаг байсан. Ялангуяа Оюу толгойн төсөл, Дубайн гэрээтэй холбогдсон асуудлаар чуулганы хуралдаан дээр шүүмжилдэг байх аа…

-Үгүй. Би бүгдэд нь шүүмжлэлтэй ханддаггүй. Эдгээр төслүүд манай эдийн засгийг сэргээх, хөгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэдгийг би УИХ-ын чуулган, байнгын хороод дээр тэмдэглэн хэлж байсан. Манайхан заримдаа сайныг нь сонсохоосоо илүү мууг нь шүүрч авч өчүүхэн шуугиан үүсгэх юм байна шүү дээ. Одоо яая гэхэв. Тийм цаг үе юм байлгүй. Би С.Баяр даргын Засгийн газрын үед Оюу толгойн гэрээг хийсэн явдлыг эхний чухал алхам болсон гэж үздэг. Харин Оюу толгойн гэрээг сайжруулах, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг уг гэрээнд сайн суулгаж өгөх асуудал бол Монгол хүн бүрийн санааг зовоосон асуудал. Би УИХ-ын гишүүний хувьд сонгогч олон түмнийхээ сэтгэлийн зовиурыг УИХ-ын танхимд илэрхийлэх үүрэгтэй. Би түүний дагуу ажилласан.

Оюу толгойг Эрдэнэттэй харьцуулж их ярьдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн гэрээ, хэлэлцээрийг хэд хэдэн удаа өөрчилж шинэчлэхдээ Монгол Улсын эрх ашгийг байнга сайжруулж ирснийг манай ард түмэн сайн санаж байгаа гэж би бодож байна. Гэтэл Оюу толгойн төсөлтэй холбогдсон “Дубайн төлөвлөгөө” нь Монголын талын ашиг сонирхлыг муутгасан. Энэ талаар УИХ дээр хангалттай үндэслэл гаргаж ярьсан.

-Аль ч цаг үед, аль ч улс оронд хөгжлийн хөдөлгөгч хүч нь хүн гэсэн ойлголт байдаг. Энэ талаар үзэл баримтлалд хэрхэн авч үзсэн бол?

-Би танд гол төлөв эдийн засгийн салбарын үзүүлэлтүүдийг ярилаа. Гэтэл дэлхийн улс орнууд хөгжлийн зорилтоо тодорхойлохдоо хүний хөгжлийг шалгуур болгодог болсон. Бид ч уг шалгуурыг баримталсан. Товчхондоо Монгол Улсаа 2030 он гэхэд Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болгоно гэж томьёолсон.

-Хүний хөгжлийн зорилт гэснээс УИХ-ын чуулган болон байнгын хороод дээр жирийн коэффициент, боловсролын олон улсын стандартын талаар асуултууд гарч байсан. Та энэ тал дээр нэмж тайлбар өгөхгүй юу?

-Жирийн коэффициент бол орлогын тэгш, тэгш бус байдлыг илэрхийлдэг үзүүлэлт. Бид нэгэнт 2030 онд орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувийг дундаж болон чинээлэг дундаж ангилалд багтсан байх зорилт дэвшүүлж байгаа болохоор энэ үзүүлэлт чухал ач холбогдолтой болж байгаа юм. Хүний хөгжлийн хэдэн зорилтуудыг хэлье. Хөгжлийн үзэл баримтлалд тусгахдаа 2030 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний нийт орлогыг 17.500 ам.долларт, монгол хүний дундаж наслалтыг 78-д, суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэх, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан. Мөн нийт хүүхдийн 90 хувийг цэцэрлэгт хамруулах, ЕБС-ийн бүх сургуулийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхийн тулд олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамруулах, тогтвортой хөгжлийн зорилтод шууд чиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь хүний хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавьсныг илэрхийлж байгаа юм.

-Манай орны хувьд хууль, эрхзүйн орчин тогтвортой биш. 2030 оныг хүртэлх урт хугацааны хөтөлбөрөө баталлаа гэхэд дараа дараагийн Засгийн газрууд гарч ирээд өөрчлөлт хийгээд явчих юм биш биз гэсэн болгоомжлол байна. Ямар нэг хууль гаргачихаад араас нь үгүйсгэдэг жишиг тогтчихсон мэт санагддаг…

-Дээр би хэлсэн. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль гарсан. Мөн “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан УИХ-ын тогтоол гарсан. Эдгээр хууль, тогтоомжийн дагуу үе үеийн Засгийн газрууд ажиллах ёстой. Зах зээлийн нөхцөл байдал, зарим цаг хугацааны хүчин зүйлүүдээс болоод урт хугацааны бодлогод өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д алс хэтийн зорилтуудыг ерөнхий байдлаар, аль болох базсан үзүүлэлтүүдээр илэрхийлсэн болохоор зарчмын том өөрчлөлт орохгүй гэж бодож байна. Түүнчлэн УИХ-ын энэ тогтоолд Монгол Улсад хөгжлийн стратегийг тодорхойлдог, авч явдаг институци бий болгохыг Засгийн газарт даалгасан. Энэ бол маш чухал заалт.

-2030 он гэхэд Монгол Улс ядуу иргэнгүй болно гэсэн заалт байнгын хороод дээр нэлээн анхаарал татаж байсан. Сонсоход сайхан ч нэг л итгэл үнэмшил төрөхгүй байна гэдгийг гишүүд хэлж байсан шүү дээ?

-Тийм ээ. Олон хэлэлцүүлэг дээр зарим хүн энэ зорилтод эргэлзэж байгаагаа хэлж байсан. Ажлын хэсэг, дэд хэсэг энэ асуудлыг олон удаа авч хэлэлцсэн. Тэгээд НҮБ-аас тавьсан зорилтыг шууд авч томьёолохоор шийдсэн. Дэлхийн бүх орон 2030 онд ядуурлын бүх төрлийг эцэс болгох зорилт байсан. Тэгэхээр Монгол Улс ганцаараа бид чадахгүй, манайд бүтэхгүй, болохгүй гэж ярих нь зохисгүй л дээ. Гэхдээ энэ нь бодитой юу гэсэн асуулт зайлшгүй гарна. Бодитой болгох нь бидний үүрэг. Богино хугацаанд хурдацтай хөгжиж, ядуурлаас ангижирсан орон дэлхий дээр олон байна. Жишээлбэл, Катар улс. Би нэг зүйлийг дандаа боддог. Тэр нь юу вэ гэвэл бид том зорилт дэвшүүлсэн бол түүн рүүгээ тууштай, нэгдсэн зохион байгуулалттай, чанга дэг журамтай, сахилга баттай явах нь зүйтэй. Манай улстөрчид, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид Норвеги, Чили, Катар, Ботсван гэх мэт олон орны хөгжлийн жишээг дурдах дуртай. Гэхдээ тэд хамгийн чухал нэг зүйлийг орхиод байна уу даа гэж би боддог. Тэр нь урт хугацаанд дэвшүүлсэн зорилт руугаа тууштай, хатуу чанд дэг журам, сахилга баттай явах явдал. Ер нь хөгжлийн төлөөх хариуцлага бол намуудын төлөвшлийн шалгуур юм л даа.

-Монгол Улсын хувьд алтан дундаж нийгмийг бий болгоход боломж нөхцөл хэр байгаа юм бол. МАН-аас зарласан илтгэлийн уралдаанд хөгжлийн бодлого судлаач М.Найданхүү Норвегийн жишээн дээр “Алтан дундаж нийгмийг цогцлоон байгуулах” сэдвээр илтгэл бичиж оролцсон нь олны анхаарлыг татаж байсан. Энэ мэтчилэн гадны жишээ Монголын хөрсөнд буух уу?

-Би боломжтойгоор барахгүй, шаардлагатай гэж үздэг. Норвеги бол амьд, гайхамшигтай жишээ. М.Найданхүү ах үүнийг гоё тайлбарладаг. Би түүнтэй санал нэг байдаг. Норвегийн эдийн засаг өнөөдөр бас хүндхэн байгаа. Тэд олон жил хичээж бий болгосон баялгийн сангаасаа мөнгөө авч хүндрэлийг давж байна. Норвеги 40 жилийн өмнө баялгийн сан, төсвийн сахилга бат, хөгжлийн зорилт зарчмуудаа тодорхойлсон. Хамгийн гол нь улс төрийн намууд, улс төрийн зүтгэлтнүүд нь энэ зорилго, зарчмыг үйл ажиллагаандаа тууштай баримталсан. Бид ч бас энэ хариуцлагын жишгийг туршлагатай нь хамт авах ёстой гэж би боддог.

-Энэ үзэл баримтлалд хөгжлийн зорилтоо 2016-2020, 2020-2025, 2025-2030 он гэж ангилсан байна. 2016-2020 он бол нэг сонгуулийн жил. Хэрвээ энэ хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентын хугацааг таван жил болговол энэ хөгжлийн хөтөлбөр бас өөрчлөгдөх үү?

-Би бол үгүй, тэгэх ёсгүй гэж хариулна. Учир нь Үндсэн хууль бол төрийн болон нийгмийн тогтолцоог бүрдүүлэхэд баримталдаг зарчмуудыг заадаг. Харин үзэл баримтлал бол хөгжлийн алс хэтийн зорилтыг тодорхойлж байна. Тийм учраас Үндсэн хуулийн институциуд хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ойлгож болно. Салбаруудын хөгжлийн зорилтыг илүү тодорхой болгох үүднээс тав, таван жилээр зорилтуудыг ангилсан юм. Энэ нь бас хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай холбоотой.

-2007 онд хөгжлийн бодлого бас гарч байсан юм билээ. Энэ бодлогыг баримтлаад явах боломжгүй байсан юм уу?

-УИХ 2007 оны эцсээр “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг баталсан байдаг. Энэ бодлогыг цаашид мөрдөх боломжгүй болсон. Яагаад гэвэл нэгдүгээрт, НҮБ-ын гишүүн орнууд 2016-2030 оны хөгжлийн зорилтуудаа шинээр томьёолсон. Түүнийгээ “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” гэж нэрлэсэн. Хоёрдугаарт, Үндэсний хөгжлийн цогц бодлогын эхний үе шат 2015 оноор дууссан. Гуравдугаарт, ҮХЦБ-д дурдсан зарим зорилт биелэгдэх, хэмжих боломжгүй болсон учир хөгжлийн шинэ хөтөлбөр гаргаж байгаа юм.

-“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д зарим асуудал тусгагдаагүй орхигдсон байх магадлалтай юу. Жишээлбэл, Парис хотноо гарын үсэг зурсан “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх баримтлал” тусгалаа олж чадсан уу гэдэг асуулт гарч байсан?

-Чадсан. Нью-Йорк болон Парис хотноо болсон дээд хэмжээний уулзалтуудын үр дүн, мөн түүнчлэн УИХ 2014 онд баталсан Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийн гол зорилтууд манай үзэл баримтлалд тусгалаа олсон. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бол урт хугацааны бодлогын баримт бичиг. Үүнд урт хугацааны зорилтуудыг л тодорхойлсон. Харин хөгжлийн илүү тодорхой зорилтууд дунд хугацааны хөтөлбөрүүдэд тусгагдах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Өөртөө цаг гаргаж ном унш

“Ном унших дадал гэдэг нь Харвардын дипломоос ч чухал” хэмээн Билл Гейтс хэлжээ. Манай сонин ч ном унших дадал суулгах, номонд шимтэхийг залууст уриалдаг. Хүмүүс мөнгөөр гачигдаж байгаа тухайгаа л байнга улиглаж санаа зовдог ч ухаанаар гачигдаж байгаагаа ярьдаггүй. Угтаа ухаанаар гачигдаж байгаадаа анхаарал хандуулбал мөнгөөр гачигдахгүй болох юм. Залуус бид алдаа гаргадаг. Гэвч алдаа гаргахаас үргэлж айж явдаг хүмүүс амжилт ололтын тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Ахмад хүмүүс өөрсдийгөө туршлагатай гэж бидэнд хэлдэг ч тэр хүмүүсийн гаргасан алдаа л байдаг шүү дээ. Нэг үгээр хэлбэл хүмүүс өөрийн гаргаж байсан алдаагаа туршлага гэж нэрлэдэг. Алдахаас бүү ай. Дэлхийд нэрээ гаргасан хүмүүс алдахаас айсан бол мөн олонтаа алдаа гаргаагүй бол амжилтад хүрэхгүй байсан. Гэвч амжилтад хүрсэн хүн болгон олон диплом цуглуулсандаа биш олон зүйл мэдэж, ихийг уншсан байдаг.

Тиймээс унш, бас дахиад унш. Өдөр бүр өөртөө цаг гаргаж унших дадалд суралц. Ном унших нь кино үзэх, хөгжим сонсох, дасгал хийхээс ч илүү тайвшруулдаг гэсэн судалгаа бас гарсан байсан. Сошиалд олон цагийг дэмий шахуу чатлан өнгөрөөж буй залуус ном унших завгүй байгаагаа бичсэнийг олж харлаа. Сошиалд гаргаж байгаа цагаа багасгаад ном уншихад зориул. Нэг л мэдэхэд та энэ дадалдаа дуртай болно. Номонд чи автаж, номоос чи олон зүйл мэдэх болно. Ном унших бүрт чинь эрдмийн мод толгойд чинь цэцэглэж байна гээд бод доо. Ухаантай гэж боддог хүн болгон чинь чамаас илүү уншсан байгаа. Ном уншина гэдэг өөрийгөө хөгжүүлэх хамгийн оновчтой арга. “Сайн ном унших нь ухаантай хүнтэй ярилцах мэт. Уншигч түүнээс мэдлэг, юмсын учир шалтгаан, амьдралын сургамжийг олж авдаг” гэж Л.Н.Толстой хэлсэн байна лээ шүү.