Categories
гадаад мэдээ

Делид 10 сая хүн ундны усгүй болжээ

Олон өдөр үргэлжилж буй жагсаал тэмцлийн улмаас Дели хотын 10 сая хүн ундны усгүй болсон байна. Жагсагчид хотын ундны усны гол сувгийг хаан боогдуулж улмаар ундны усны сувгийг жагсагчдаас чөлөөлөхөөр цэргийнхнийг дайчиллаа. Хэвийн үйл ажиллагааг нь дахин сэргээхэд 3-4 өдөр шаардагдах аж. Дели хотын олон сая хүнийг ундны усаар хангадаг суваг нь Харьяна мужаар дайран өнгөрдөг.

Энэтхэгийн хойд хэсгийн Харьяна мужид цагдаа, цэргийнхэн болон жагсагчдын хоорондох мөргөлдөөнд таван хүн амь үрэгдсэн аж. Тус мужийн Рохтак, Жинд хотод жагсагчид цагдаагийн автомашин, нийтийн тээврийн автобус, дэлгүүр хоршоодыг галдан шатаасан байна.

Энэтхэгийн кастын системийг эсэргүүцсэн жат нийгмийн давхаргынхан өнгөрсөн долоо хоногоос хойш олон хотод жагсаал тэмцэл өрнүүлж байна. Тэд төрийн албанд ажиллах болон төрийн их дээд сургуульд элсэн суралцах квотыг нэмэгдүүлэхийг шаардан жагсчээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн яам “Малчдад туслах аян” өрнүүлжээ

Хөдөлмөрийн яам, харьяа байгууллагынхан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах аяныг салбарын хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Аяны эхний ээлжинд цугласан хандивын мөнгө, эд материалын зүйлсийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнөөдөр МУЗН-ийн Гамшгийн менежментийн багт өглөө.

Хөдөлмөрийн яамны хамт олон “Малчдад туслах аян”-ы хүрээнд нэг өдрийнхөө цалинг хандивласан бол яамны харьяа 37 МСҮТ, Политехник коллежийн багш ажиллагсад, оюутан сурагчид малын нэмнээ, элгэвч, төлийн уут 1379, бээлий 1316 ширхгийг оёж, хивэг тэжээл 155 шуудай, өвс 509 боодол, хужир 200 кг, саван 686 ширхэг зэрэг 21,5 сая төгрөгийн 29 нэр төрлийн ахуйн болон хүнсний зүйлсээс гадна бэлнээр 9,9 сая төгрөг цуглуулсан нь нийтдээ 31,5 сая төгрөгийн хандив болжээ. Тус аяныг нийслэл, дүүрэг, аймгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээс гадна харьяа хоёр агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд өрнүүлж буй бөгөөд аймаг орон нутгийнхаа Онцгой байдлын албаар дамжуулан тусламжаа малчдад илгээх ажлыг ойрын өдрүүдэд хийх аж.

Мөн Хөдөлмөрийн яамны зүгээс малчдад нэн хэрэгцээтэй эсгий гутал 100 хосыг худалдан авснаа энэ өдөр МУЗН-т хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр хандивыг өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байгаа МУЗН-ийн Гамшгийн менежментийн багийнхнаар дамжуулан малчдад хүргэх юм байна.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй боксчид Болгарыг зорилоо

Монголын боксын эмэгтэй шигшээ багийн гурван тамирчин Болгарын Софид болж буй “Странжа 2016” тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Багийн бүрэлдэхүүнд ирэх гуравдугаар сард БНХАУ-д болох олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг Э.Эрдэнэтуяа нар Б.Энхтайван дасгалжуулагчийн хамтаар Болгарт очоод байна. 67 дахь удаагийн “Странжа 2016” тэмцээн хоёрдугаар сарын 22-ноос 28-нд Болгарын Софи хотод болно. Эрэгтэй боксчдын хувьд энэ жил тус тэмцээнийг өнжиж, Германы Химийн цомд оролцохоор болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд урьжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд урьж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр Ерөнхий сайдад явуулсан албан бичигтээ, Улсын Их хурлын гишүүн О.Баасанхүү миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төслүүд санаачлан Засгийн газраас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/10048, 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 7/10619 тоот албан бичгээр тус тус хүргүүлж байсан билээ. Гэвч Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2415, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭГ/62 тоот албан бичиг болон хуралдааны тэмдэглэлээр миний санаачилсан хуулиудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай мэдэгджээ. Улсын Их Хурлын гишүүний хувьд хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд тодорхой тооны хуулиудыг санаачлан хуулийн дагуу Засгийн газраас санал авахад урьд өмнө нь ч, одоо ч үргэлж татгалзсан хариу ирүүлсээр байна. Аливаа хуулийг УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж байгаа хэдий ч энэхүү хуулиудыг боловсруулахад тооцоо судалгааг нь мэргэжлийн хүмүүс, төрийн бус байгууллагууд болон ард иргэд хамтран оролцож боловсруулдаг бөгөөд дан ганц Улсын Их Хурлын гишүүний санаа бодол байдаггүй гэдгийг та болон танай Засгийн газрын яам агентлагууд ойлгож байгаа гэж найдаж байна.

Иймд олон нийтийн өмнө Засгийн газрын албан ёсны байр суурийг няцаах зорилгоор нөгөө талаасаа ард түмэнд бодит мэдээллийг өгч Засгийн газрын зүгээс санал өгөхдөө хэт хөнгөмсгөөр ханддагийг нотлох үүднээс таныг 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 19:00 цагт халз мэтгэлцээнд урьж байна хэмээн дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортыг шинэчилнэ

Бүртгэл статистикийн ерөнхий газар иргэдийн гадаад паспортыг шинэчлэх ажлыг энэ оноос эхлүүлэхээр боллоо. Ингэснээр монгол иргэдийн гадаад паспорт олон улсын стандартыг хангах аж. Монголд 2002 болон 2006 оны загвар бүхийг гадаад паспортыг хилээр давахдаа ашигладаг. Гэтэл эдгээр загваруудад чип байдаггүй, мөн хугацааг нь сунгахдаа улсын бүртгэгчид гараар бичилт хийдэг зэргээр цаг үе, дэлхийн стандартаас хоцрогдсон. Тиймээс Монгол Улс энэ оны сүүлээр иргэдийнхээ гадаад пасспортыг чиптэй хувилбараар шинэчлэхээр төлөвлөөд байна.

Олон улсын иргэний нисэхийн газрын зөвлөмжийн дагуу 2015 онд Гадаад хэргийн сайд чиптэй гадаад паспортын загварыг баталсан. Улмаар чиптэй гадаад паспортын тендерт Унгар Улсын Үнэт цаас, мөнгөн тэмдэгт үйлдвэрлэлийн компани ялсан байна. Унгарын ерөнхий сайдын өнгөрөгч айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны гэрээгээ байгуулсан ба одоогоор хоёр тал паспортын бэлдэц хүлээн авах ажлаа эхлүүлээд байгаа юм байна.

Шинэ гадаад паспортыг энэ оны сүүлийн хагасаас хэрэглээнд оруулахаар төлөвлөжээ. Гэхдээ иргэн бүр заавал чиптэй гадаад паспорт авахыг шаардахгүй юм. Өндөр нууцлалтай, чиптэй паспорт авах уу, эсвэл хуучин хувилбараа хэрэглэх үү гэдгээ иргэд өөрсдөө шийдэх боломжтой.

Шинэчилсэн паспортын хувьд чиптэй гэдэг утгаараа өндөр нууцлалтай. Хоёрдугаарт, сунгалт хийлгэх шаардлагагүй бөгөөд шинэ гадаад паспортын үнэ хэдэн төгрөгөөр тогтоогдох асуудал тодорхой бус байна.

Categories
мэдээ нийгэм

“Гааль, татварын мэдээллийн төв” байгуулагдлаа

Гааль, татварын ерөнхий газрын дэргэд гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа. Мөн тус газрын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоон, үйл ажиллагаанд нь шаардагдах хөрөнгийг 2016 оны төсвийн багцаас хуваарилах, цаашид зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

“Гааль, татварын мэдээллийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь:

– гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, нэгдсэн сангийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах

– нэгдсэн сангийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэн гааль, татварын албанд тайлагнах

– гааль, татварын мэдээллийн технологийн нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн ажиллагааг хангах

– НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид олгох урамшууллын системийн хэвийн, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах ажлыг хариуцах аж.

Categories
мэдээ улс-төр

“Сайн малчин” хөтөлбөр батлагдлаа

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр нь мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулахаар төлөвлөжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Хөгжлийн банк, Төрийн банкны ТУЗ-д тус тус даалгасан байна.

Хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд

– мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх

– анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах

– мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлэн экспортыг дэмжих

– малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилтуудыг дэвшүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ толгойт” төслийн 280 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Японы Стандарт хөрөнгө оруулалтын банкны эзэмшигч ноён Күбо Такаакитэйг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар санал солилцов. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хөрөнгө оруулагчид маш ихээр сонирхож байгаа бөгөөд “Стандарт проперти групп” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлээд жил болж байгаа. Энэ хугацаанд бага зэрэг асуудал тулгарч байгаа ч бэрхшээлүүдийг тухай бүрт нь шийдэж чадвал төслийг цогцоор нь үргэжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой аж.

“Стандарт проперти групп” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 28.2 га талбайд “Шинэ толгойт” орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэгчээр албан ёсоор шалгарсан. Төслийн хүрээнд 2015-2019 онд нийт 2,860 айлын орон сууц, 1,920 хүүхдийн сургууль, 560 автомашины дулаан зогсоол, 540 хүүхдийн цэцэрлэг, соёл урлаг, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Нэгдүгээр ээлжийн 280 айлын орон сууцны хоёр блок барилгыг 2016 оны нэгдүгээр улиралд ажиглалтад оруулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулна

Өнөөдрийн байдлаар 120 мянга гаруй малчин өрх Хаан болон Төрийн банкинд 222 тэрбум төгрөгийн 30 гаруй хувийн хүүтэй зээлтэй гэх тооцоо бий. Тиймээс төр өөрийн банкаар дамжуулан малчны зээлийн хүүг энэ сарын эхээр 18 хувь болгон бууруулсан.

Харин Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан байна. Зээлийн хүүг бууруулснаар малчдын зээлийн хүүгийн ачаалал багасч, ахуй амьдрал болон үйлдвэрлэл эрхлэхэд нь ихээхэн дэм болох ба малчдын орлого тогтворжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшлэх юм.

Малчин өрхийн хувьд 10 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд дараах гурван шалгуурыг хангасан байх ёстой. Үүнд:

-Малаа тогтмол хугацаандаа вакцин, туулга, ариутгалд хамруулдаг

-Нийгмийн даатгал тогтмол төлдөг

-Малчин дансаараа гүйлгээ хийдэг гэсэн шаардлагуудыг тавиад байгаа аж. Эдгээр шаардлагыг хангасан малчныг үйлдвэрлэгч хэмээн үзэж 10 хувийн хүүтэй зээлд хамруулах бүрэн боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний дугаар ангид улаанбурхан өвчин гарчээ

Зэвсэгт хүчний дугаар ангид гурван цэрэг улаанбурханаар өвчилсөн байна. Эмнэлзүйн шинж тэмдэг бүхий зургаан хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлж, зургаан цэргийг анги дээр нь тусгаарлажээ. Түүнчлэн 80 цэргийг улаанбурханы эсрэг вакцинаар дархлаажуулсан байна.