Categories
мэдээ нийгэм

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд 30 км дугуйн зам тавина

“МЗХ”-ны байранд “Унадаг дугуйтай Улаанбаатар” хэлэлцүүлэг өнөөдөр болж өнгөрлөө. Хөгжингүй орнууд унадаг дугуйн хэрэглээг зах замбараагүй өсөн нэмэгдэж буй шигүү хотжилт, төвлөрлийн толгойн өвчин болсон замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх шийдэл гэж үздэг. Тиймээс Улаанбаатарчуудын унадаг дугуйгаараа ажил руугаа явж, гэртээ ирэхдээ түгжрэлгүй харих тал дээр анхаарч Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар, Монголын авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо зэрэг олон байгууллагууд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд унадаг дугуйн зам барихаар болжээ.

Манай улсын хувьд унадаг дугуйн хэрэглээ 30 мянгад хүрсэн ч унадаг дугуйн зам, зогсоол байхгүй мөн дугуйн хулгайих гардаг гэх мэт асуудлууд олон байна. Хэлэлцүүлэгт оролцсон дугуйчдын хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал нь дугуйн зам бөгөөд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын харьцаа хандлага ч чухал болохыг онцоллоо. Түүнчлэн хөдөлгөөнд оролцож буй дугуйчид зориулалтын малгай өмсөж хэвшихийг уриалсан юм.

Энэ үеэр хөндөгдсөн томоохон асуудлын нэг нь унадаг дугуйн замын асуудал байсан бөгөөд уг төслийн хүрээнд 2013-2015 онд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19-р хорооллын арын зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг есөн газар 45.9 км дугуйн замтай болсон бол Концессийн гэрээгээр 2016 онд баригдах долоон замын хоёр нь дугуйн замтай баригдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэрвээ уг төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл энэ онд 30 орчим км дугуйн зам нэмэгдэх нь. Мөн Авто замчин залуучуудын холбоо явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар ашиглах талаар судалгаа хийсэн байна. Уг судалгаанаас баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх урд талын явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар хэрэглэх боломжтой гэсэн дүн гарчээ.

Уулзалтын үр дүнд залуучууд нэгдэж өөрсдийн боломж бололцоогоор дугуйн жишиг замтай болох, унадаг дугуйг Гаалийн татвараас чөлөөлөх мөн банкны лизинг бууруулах гэх мэт саналууд гарсан бөгөөд саналуудын нэгтгэн 2016 онд хэрэгжүүлэх “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгах юм байна. Мөн зам тээврийн хөгжлийн төвөөс стандарт шинэчлэн боловсруулах ажлын гэрээг байгуулж “Унадаг дугуйн зам барих, Техникийн ерөнхий шаардлага’’ MNS 5683:2006 стандартын төслийг МАЗЗХолбооны гишүүдээс ажлын хэсэг гарган энэхүү стандартыг шинэчлэн боловсруулж байгаа ба энэ онд хоёр га газар, 14,3 км зам барих юм.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Та засуулсан уу?

Б.Дашзэвэг-DZman

-Таны жил орж байна шүү дээ. Засуулсан уу гэж нэг хүн асуув. Тэгэхээр нь би тоглоом тохуу болгож,

-Арай ч үгүй дээ, энэ муу эрхтэн одоохондоо надад байж байг. Хурга, ишгийг л засдаг, хөнгөлдөг биз дээ гэж хүмүүсийг инээлгэсэн.

Хүмүүс ээ, Монгол нутагт хүний сэтгэлээр тоглох, адуугаар наадах хоёр арай дэндлээ. Ялангуяа Цагаан сар мэтийн баяраар мэргэ төлөг, тавилан заяа гээд л хүний сэтгэлээр мөн ч их тоглох юм даа.

Хүн гэдэг сэтгэн боддог, ирээдүй хойчийг төсөөлдгөөрөө бүх амьтай амьтны дээдийн дээд нь. Сэтгэлээр өвдөж зовох бүү хэл, үхэж ч болно. “Та маргааш өөд болно”, “Танд муу юм тохиолдоно” гэж хүнд хэлбэл заавал бодож шанална. Би бол бүр мажийж ч магадгүй. “Засуул”, “Ном уншуул, тэгэхгүй бол болохгүй” гээд байгаа нь өрөвдөлт биш, өрлөлт гэж бодогдмоор …

Бас жилийн дөрвөн улирлын алинд ч “морин уралдаан” хэмээх малаар наадах явдал хэрээс хэтэрлээ. Энэ морин уралдаанд бяцхан хүүхдүүд айж зовох байтугай, амь үрэгдэж байгааг юу гэж үзэх вэ? Уяач, унаач хүүхдүүд гэж сүртэй нэртэй. Бүр морь зовоогч “баатар” байх нь яана гээч.

Өвлийн хатуу цагийг даван туулах бэлтгэл хангах ёстой зун намрын налгар өдрүүдэд эцэж зовсон морьдоо уралдуулсаар нэг мэдэхэд өвлийн хүйтэн, цас мөс бүрхээд ирнэ. Тэр үед төв суурингийнханд хандаж, туслаач, тусламж хайрлаач хэмээн уйлагнаж эхэлнэ. Малчид хотынхныг тэжээж буй бус, харин тэднээр тэтгүүлж байгаа бус уу.

Хүмүүс минь, малчид минь амьдрах ухаанд суралцах их л хэрэгтэй байна даа. Юмханаар юм хийдэг хүн баян чинээлэг байдаг. Зовлонг жаргал болгон хувиргаж чаддаг хүн аз жаргалтай байдгийг санагтун.

Categories
мэдээ нийгэм

Бургастайн боомтыг байнгын ажиллагаанд оруулна

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Бургастайн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр боллоо. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 19-нд Бургастай боомтод болсон БНХАУ-д мах экспортлох үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд оролцсон. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд мал сүрэг, түүний үр шимийг эргэлтэд оруулахаар идэвхтэй ажилласны дүнд БНХАУ-ын зах зээлд үхэр, хонь, ямааны түүхий мах экспортлох боломжтой болсон. Энэ хүрээнд Увс аймгийн “Грийн Грасланд” компанийн “Мон Тува” үйлдвэрт бэлтгэсэн 17 тонн хонины мах хилээр гаргаснаар үхэр, хонь, ямааны мах БНХАУ-д экспортолж эхэлсэн байна. Уг үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд зөвхөн тэгш тоотой саруудад ажилладаг Бургастайн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх шаардлага бий болж байна хэмээн үзжээ.

Бургастайн боомтоор өмнө нь “Алтайн хүдэр” компани төмрийн хүдэр экспортолдог байсан бөгөөд тус боомтын хил хяналтын байгууллагын 40 гаруй ажилчдыг орон сууц, цахилгаан, дулаанаар хангадаг байжээ. Гэвч олон улсын зах зээлд төмрийн хүдрийн үнэ буурсантай холбогдуулан уг компани олборлолт болон экспортлох үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Тиймээс Бургастайн боомтын ажилчид орон сууц болон цахилгаан, дулаангүй болж, хэвийн ажиллах боломжгүй болжээ. Гадаад хэргийн сайд дээрх асуудлыг Боомтын үндэсний зөвлөлд танилцуулж, боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх чиглэлээр ажиллахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр зарлажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр зохицуулсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Dream Corner” төслийн нээлт боллоо

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулж эмчилгээний өрөө, тоглоомын өрөө зэрэг тухтай орчинг бүрдүүлсэн “Dream Corner” төсөл өнөөдөр Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт нээлтээ хийлээ.

Энэхүү төсөлд хандив цуглуулахаар “Найрамдал Ротаракт” клуб 2014 онд санаачилжээ. 2015 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын долоон дүүргийн эмнэлэг, хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр зэрэг найман газарт хэрэгжсэн аж.

Уг төслийн нээлтэнд нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Б. Ганбат, Швейцарын хөгжлийн агентлагын төлөөлөгчид оролцсон юм.

Э. АРИУНЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Монголын телевизийнхэн энэ сарын 25-нд чуулна

“Монгол ТВ”-ээс санаачлан явуулдаг “Монголын телевизүүдийн чуулган” гурав дахь жилдээ зохион байгуулагдахаар боллоо. Чуулган хоёрдугаар сарын 25-26-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох бөгөөд энэ жил “Контентын үнэлэмж – Монголд” гэх сэдвийн дор , телевиз, дүрсний уран бүтээлчдийг цуглуулж, бүтээж буй контентийн үнэ цэнэ, агуулга, түгээлт, бэрхшээл зэргийг хэлэлцэх юм байна.

Өдгөө гурван сая гаруй монголчууд 280 гаруй телевиз үзэж, нэг хүнд ногдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. 16 216 хүн тутамд нэг телевиз ногдож байгаа нь контентийн өрсөлдөөнийг бий болгодог ч үзэгчдэд хүргэж байгаа контент /агуулга/-ыг улам чанартай болгохыг шаардаж байгаа юм. “Максима Медиа” компанийн 2015 онд гаргасан судалгааны нэгдсэн тайланд Улаанбаатар хотын дундаж үзэгч өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулж байгаа гэсэн тоо гарчээ. Энэ нь өмнөх 2014 онтой харьцуулахад 10 минутаар (3%)-р буурсан үзүүлэлт юм байна. Эндээс үзэгч олон чанаргүй мэдээллээс чанартай бүтээлийг илүүд үзэх болсон гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс ч “Монголын телевизүүдийн чуулган”-аар энэ удаа “Контентын үнэлэмж Монголд” сэдвийг сонгон хэлэлцэхээр шийджээ. Чуулганы үеэр “Контент бүтээгчдийн өдөрлөг” танилцуулга, үзэсгэлэн зохион байгуулах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“TheMongolz.CS“ багийн визэнд хоёр удаа татгалзсан хариу өгчээ

Монголын Э-спортын CS.GO төрлийн мэргэжлийн баг TheMongolz.CS энэ сарын 1-нд IEM Taipei тэмцээнд түрүүлж, 30 мянган ам.долларын эзэд болсон билээ. Азийн шилдгүүдийг тодруулах зорилготой энэхүү тэмцээнд TheMongolz.CS баг түрүүлснээр Польшийн Катовиц хотод болох 250 мянган ам.долларын шагналын сантай IEM Katowice, мөн “Valve Major” буюу АНУ-ын Колумбус хотод болох 250 мянган ам.долларын шагналын сантай MLG Columbus тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр шалгарсан.

Тэд АНУ-д болох 250.000 ам долларын шагналын сантай тэмцээнд оролцохоор Монгол улсдаа бэлтгэлээ хийж байгаа.

Гэвч энэ сарын 26-28-ны хооронд АНУ-ын Колумбус хотноо болох “MLG Columbus” тэмцээнд манай тамирчид орж чадахгүйд хүрээд байна. Учир нь тэд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яаманд цагаачлалын бус визэнд хоёр удаа орж, татгалзсан хариу авлаа. Тодруулбал, тэднийг эх орондоо буцаж ирэх шалтгаантай гэдгээ баталж чадаагүй гэх үндэслэлээр татгалзсан хариуг хоёр удаа өгчээ.

TheMongolZ багийн гишүүдэд одоо хоёрхон хоногийн хугацаа үлдээд байгаа бөгөөд гурав дахь удаагаа визний ярилцлагад орохын тулд цаг авахаар хүлээж байгаа. Мөн тэд “Биднийг батлан даах ямар нэгэн том компани болон төлөөлөх холбоо байсан бол ийм асуудал гарахгүй байсан байх” гэжээ.

Яг одоо цахим сүлжээнд “TheMongolz.CS“ багийнхныг дэмжиж буй залуус #AskUSAmbMN гэсэн хаштаг ашиглан “TheMongolZ багийн визийг гаргаж өгнө үү” гэх утга бүхий зүйлсийг бичиж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажил ирэх сарын 15-нд эхэлнэ

Өнөөдөр Нийслэлийн удирдлагууд 2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто зам, байгууламжийн төсөл, арга хэмжээг хэлэлцэн, энэ онд зам засвар, шинэчлэлтийн ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлж долоодугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.

АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт, Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил, Яармагийн гүүрнээс “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын 1130 гэрэлтүүлгийг шинээр тавих ажлыг хийх аж. Тус ажлуудыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээ болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Каллиграфи бол засварлах боломжгүй нэгхэн агшны бүтээл юм

Зураач, каллиграфийн мастер Онолт Т.Жамьянсүрэнтэй үсгийн урлагийн талаар цөөн хором хөөрөлдлөө.

-Та каллиграфийг хэзээнээс эхэлж сонгон, бүтээл туурвих болов?

-1995 оноос тууштай оролдож эхэлсэн дээ. Анх 1994 онд Чой Лувсанжав багштайгаа учран золгож Ж.Нямбуу багшаар бийрийн говийн халхын тигийг заалгаж чиг баримжаатай болоод бийрийн бичлэгээр уйгагүй ажиллах болсон доо. Тэгэхэд Лу багш намайг үсгийн урлагаар тусгайлан оролдвол сайн сан. Монгол бичгийн үсгийн тиг гэж арвин баялаг сан бий түүнийг судлаад Монголынхоо соёлыг түмэнд таниулж мандуулан бадруулбал ямар вэ. Чи тэгж чадах уу гэж чиг мөрийг минь гаргаж, тал талаар тусалж дэмждэг байсан. Олны нүдэнд монгол бичгийн уран сайхныг ил харуулах, сайхан дээр нь улам сайхан урлаг болгож дэлгэрүүлэх юм бол монгол бичгийг сэргээхэд тустай нэмэртэй гэдэг нэг жигүүрийг нь бариад л каллиграфиар оролдож эхэлсэн. Монгол бичиг, урлагийн буянаар эрдэнэ мэт хайрлах олон багштай золгосон.

-Улс орон бүр өөр өөрийн гэсэн каллиграфитай. Харин монгол каллиграф юугаараа ялгардаг вэ?

Уран бичлэг гэдэг бол агшин. Гэрэл зурагтай адилхан яг нэг агшин юм. Жудо бөхийн цэвэр ялалт шиг бүтээл дээрээ яг түүнийгээ л үзүүлж байгаа хэрэг. Тухайн үеийн агшин, мэдрэмжийг уран бүтээлчид өөр өөрийн хэмжээндээ илэрхийлж, харуулж буй юм. Энэ бол бийрийн уран бичлэг юм.

Каллиграфийг хүн бүр янз янзаар тодорхойлдог. Монгол каллиграфи гэж байхын үндэс нь монгол бичиг өөрөө юм. Монгол бичиг маань цаашлуулж хэлбэл мянга илүү жилийн түүхтэй цор ганц босоо бичиг. Олон ч тигтэй. Жишээлбэл, судрын бичлэг үзгийн бичлэгээсээ нэн эртний, ихээ хэв намбатай онцгой төрөл юм. Түүхэндээ олон хувилбар тиг гарсан нь хожмын ном хэвлэлийн үсгийн эх болсон байдаг.

Өрнө дахинд үзгийн бичлэг дээр суурилаад үсгийн урлаг нь хөгжсөн байдаг бол дорно дахинд бийрийн бичлэгээ дагнан үсгийн урлаг нь хөгжсөн. Харин Монголд бийрийн, үзгийн хоёр төрөл нэг дор, зэрэг хөгжсөн байдаг. Үүгээрээ онцлог болов уу.

-Өнөө үеийн монгол каллиграфийн хөгжил ямар ахицтай явж байгаа вэ?

Өнөөдөр үсэг бичгийн оролцоогүй зүйл гэж байхгүй болсон. Наад зах нь хувцасны товчин дээр хүртэл бичиг байдаг. Эдэлж хэрэглэж бүй бүх зүйлд бичиг үсэг орсон чимэглэл байна. Энэ цаг үеийг үсгийн урлагийн эрэн гэж зарим хүн нэрлэж байна. Токиогийн гудамжны гэрлэн чимэглэлийг л хар л даа. Гэтэл манайд зүгээр л гудамжинд гараад харахад дээлийн нөхөөс шиг тийм хаягуудаар шаваастай барилга байшин байж л байдаг. Янз янзын хэлбэртэй. Энэ нь үсгийн урлаг тааруухан явааг илэрхийлээд байна. Ийм зүйлсээс болж өнөөгийн Улаанбаатарын өнгө төрх хэтэрхий муухай байна. Энэ нь үсгийн урлагийн хөгжил хамгийн ёроолдоо явж байгааг харуулж байгаа юм.

– Тэгвэл хөгжүүлэхийн тулд яавал зохистой вэ?

Үсгийн урлагийн агуу мэдлэгтэй ганц хүн байлаа гээд өндөр хөгжсөн гэхгүй. Тэр хүн нас барах ч юмуу яваад өгвөл тэр хүнтэйгээ дуусна гэсэн үг. Тиймээс хөгжил гэдэг нэг хоёр хүн дээр гарч ирдэг бус, олноороо үр шимийг нь хүртээд хэн нэгэн хувь хүнээс хамааралгүй байж л хөгжил болно.

Нэн тэргүүнд урьд цагийн хэвлэлийн нэгдсэн редакцийн уран сайхны редакторын ур чадварыг олон нийт эзэмшээсэй л гэж боддог. Тэгээд олон фонтыг хэрхэн зохистой ашиглахыг сурчихвал аятайхан болоод л ирнэ. Хүн зах зухаас нь мэдэхийн чинээгээрээ таньж, тэгээд оролдож эхэлдэг юм. Тэгэхгүйгээр хэлбэр төдийхэн дуурайж аргацаагаад байвал хэзээ ч хөгжихгүй л дээ.

-Та өөрийн үзэсгэлэнгээ гадны орнуудад олон удаа гаргаж байсан. Тэр бүрт монгол каллиграфийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Саяхан 11 сард Францад гарсан үзэсгэлэн маань амжилттай болсон. Гэвч гадаад оронд үзэсгэлэн гарна гэдэг хувь уран бүтээлчийн чанарыг тодорхойлдог гол хүчин зүйл биш байх. Харин мэргэжлийн хүмүүсийн үнэлэлт дүгнэлт их чухал гэж боддог. Саяын үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж үзүүлээгүй ээ. Найз нөхөд болон мэргэжлийн хүмүүсийн хүрээнд хаалттай болсон. Гадныхны өмнө миний каллиграфи ямар ч тайлбаргүйгээр зогсоод нэвт шувт жинхэнэ үнэнээрээ дүгнэгддэг дээ. /инээв/.

Бидний урлаг бол нэг зураас татсан л бол засахгүй бас чимээгүй. Сонсогдохгүй, дуу хөгжим, уран үг хэлж сэтгэл хөдөлгөхгүй. Яг л бүжиг шиг эсвэл симфони найрлын удирдаач шиг. Тийм болохоор тухайн харж буй хүн өөрийн мэдлэг, мэдрэмжээрээ л хүлээн авдаг. Хичнээн сайхан юм хийсэн тэгээд түүндээ баясаж бахдаад байхад “Заа хө, чиний л хийдэг ажил” гээд тоодоггүй хүмүүс байж л байдаг. Энэ хэрэггүй дээ дэмий гээд бараг цаасныхаа хог руу хийх гэж байсан бүтээлийг “Ямар гоё юм бэ?” ч гэх хүн гардаг. Тэгэхээр би хэрхэн яаж илэрхийлэхээс үл хамаарч хүн бүрийн өөрийнхөөрөө л хүлээж авах болов уу.

-Сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна?

Хичээнгүй бичгийн сурах бичиг, толь бичиг гээд олон зүйл байгаа ч монгол үсгийн фонт дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Би 1999 оноос хойш оролдож байгаа ажил маань энэ. Тиймээс ч зарим нэг нь яасан дуусдаггүй ажил вэ гэж бодож магад. Гэхдээ зайлшгүй анхаарал тавих ёстой зүйл нь монгол бичгийн “юникод”-ын ажил юм. Өөрөөр хэлбэл дэлхийн аль ч өнцгөөс монгол бичгээр бичсэн текстийг алдаагүй, тэр чигээр нь харуулах боломжийг энэхүү юникод олгодог юм. Одоо манайд хэрэглэж байгаа ихэнх фонт юникодын бус фонт юм. Тиймээс бид цахим сүлжээнд монгол бичгээр нийтэлж, текстээр нь тавьж болдоггүй шүү дээ. Зургаар л тавихаас өөр аргагүй байдаг. Монгол бичгээр бичигдсэн текстийг дэлгэц дээр яг тэр хэвээр нь, алдаа мадаггүй гаргахыг бид зорьж байна. Юникодыг эхнээсээ л орон орны хүмүүс хамтран боловсруулсаар ирсэн. Тус тусдаа хэд хэдэн баг бий.

Манай талаас үүнийг оролдож байгаа залуус ажлынхаа хажуугаар л ажилладаг. Ар гэрийн амьдрал, санхүүгийн бололцооноос хамаарч хэсэг хэсэг завсарлаж, боломжтой үедээ л ажиллацгаадаг. Гэвч бидний ажиллах боломж жил ирэх тусам багасч байгаа. Учир нь манай юникодод анх оруулахдаа алдаатай оруулсан зүйлс бусад улс орны юникодод яг тэр чигээр нь хэрэглэгдчихсэн. Жишээ нь, энэ зай биш байсан байна. Үүнийг засварлах хэрэгтэй гэхэд “Уучлаарай өөр бичигт зай гэдгээр нь хэрэглэсэн учир засах боломжгүй” гэх хариу өгдөг.

Энэ мэт олон гадаад шалтгааны улмаас хугацаа маань хумигдаж байгаа. Аль болох л хурдан дүүргэж үндэснийхээ стандартыг батлуулах нь аль аль талдаа хэрэгтэй байгаа юм.

Ж.Хулан

Categories
мэдээ нийгэм

Гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх ажил ирэх сараас эхэлнэ

Өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хот дахь гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх үүргийг холбогдох байгууллагад өгсөн. Ажлыг ирэх гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулах ба гэр оронгүй иргэдийг цуглуулж эрүүл мэндийн үзлэг хийн мэдээллийн нэгдсэн сантай тулгах юм байна. Ингэснээр дээрх иргэдэд сургалт мэдээлэл хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, элдэв төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой юм.

Өнгөрөгч онд Нийгмийн халамж үйлчилгээний газраас явуулсан бүртгэлээр 2789 иргэн гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдарч байна гэсэн тоо гарчээ. Харин тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах зорилгоор НЗДТГ-аас “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталж 2020 он хүртэл шат дараалалтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр оронгүй тэнэмэл иргэдийн тоог 30 хувь хүртэл бууруулна гэж албаныхан үзэж байна.