Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын уулзалтад зориулж тохижуулах 13 гудамжийг танилцуулж байна

Захирамжаар АСЕМ-ын уулзалтын “Нэгдсэн төлөвлөгөө”-г боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасан юм.

“Нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилго бүхий “Шуурхай үйл ажиллагааны түр журам”-ыг баталж, Шуурхай удирдлагын штабын зохион байгуулалт бүтэц, хяналтын хэсгийн болон захиалагч болон гүйцэтгэгчийн эрх үүрэг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг болон харьяа байгууллагуудын үүрэг оролцоо, тохижилтын ажилд хяналтыг хэрхэн тавихыг тодорхой тусгав.
“Нэгдсэн төлөвлөгөө”-нд тусгагдаагүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын мэдээллийг тухай бүр “Шуурхай удирдлага зохицуулалтын төв”-д мэдэгдэж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, зөвшөөрөлгүй, дур мэдэн үйл ажиллагаа явуулсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, хариуцлага тооцож ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгосон юм.
“Нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх “Шуурхай үйл ажиллагааны түр журам”, “Шуурхай удирдлагын штаб”-ын үүрэг даалгаврыг мөрдөн ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгав.
Мөн АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд дараах 13 гудамжийг тохижуулахаар төлөвлөөд байна. Тохижилтын ажлын явц гүйцэтгэлд Шуурхай удирдлагын штаб, холбогдох томоохон байгууллагуудыг оролцуулсан хяналтын 22 ажлын хэсгээс хяналт тавин ажиллана.
Тохижилт хийх 13 гудамжны нэрс:

Энхтайваны өргөн чөлөө
Их тойруугийн гудамж
Чингисийн өргөн чөлөө
Нийслэл хүрээ өргөн чөлөө
Зайсангийн гудамж
Наадамчдын зам
Их сургуулийн гудамж
Сүхбаатарын гудамж
Олимпийн гудамж
Их Монгол Улсын гудамж
Гэндэнгийн гудамж
Жамьян гүний гудамж
Намяньжугийн гудамж-ийг иж бүрэн тохижуулахаар тохижилтын эскиз зургийг боловсруулж байна. Тохижилтын эскиз зургийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Гудамж төсөл хамтран боловсруулж дуусаад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Зохион бүтээгч” дугуйлан ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байна

“Тэнгис кино” театрын ард байрлах 12 дугаар байранд “Зохион бүтээгч” дугуйлан хичээллэдэг юм байна. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уг дугуйланг ихэд сонирхох болжээ. Тус дугуйлангаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Дугуйлангийн сурагчид хичээлийн цагаасаа хамаарч цагийн сонголтоо хийдэг юм байна. 12:00 цагийн үед дугуйлангийн өрөөнд арав гаруй хүүхэд хичээллэж байв. Өрөөг сурагчдын бүтээлээр тохижуулжээ. Дугуйлангийн захирал С.Батгэрэл сурагчдад гарын доорх материал ашиглан хэрхэн усан онгоц хийж болохыг зааж байна. Т.Буянбат хүү өмнөө загвар хийх материалууд, багаж хэрэгсэл тавьсан харагдана. Тэрээр өөрийн хийсэн усан онгоцоо эргүүлж тойруулж харна. Мөн бусад сурагчдын хийж буй бүтээл рүү ихэд сонжин харж байв.

Би том болоод онгоцны нисгэгЧ болно. ӨӨрийнхӨӨ хийсэн онгоцыг унаж хҮмҮҮсийг гадаадын олон оронд аюулгҮй хҮргэж ӨгӨх болно

Зохион бүтээгчдугуйлангийн сурагч Т.Буянбатын сэтгэгдлийг хуваалцлаа.

Дугуйланд суралцаад хэр удаж байна?

-Хэдэн сар болж байна.

Анх хэн дугуйланд оруулсан бэ?

-Аав дугуйланд явах уу гэж асуугаад бүртгүүлсэн.

Энэ дугуйлангийн юу нь их таалагддаг вэ?

-Өөрөө өөрийнхөө хүссэн тоглоомыг хийх нь надад таалагддаг. Би онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг. Онгоцны нисгэгчийн тухай гардаг кино, хүүхэлдэй үзэх их дуртай. Би том болоод онгоцны нисгэгч болно.Тэгээд өөрийнхөө хийсэн онгоцыг унах болно. Бас хүмүүсийг гадаадын олон оронд аюулгүй хүргэж өгөх болно.

Аав, ээж нь ямар ажил эрхэлдэг вэ?

-Манай аав, ээж хоёр савхин бээлий оёдог.

Чи тэдэндээ тусалдаг уу?

-Би аавынхаа оёсон бээлийнүүдийг хооронд нь холбож өгч тусалдаг.

Дугуйланд явснаар юу хийж сурсан бэ?

-Онгоц, машин хийж сурсан. Бас усан онгоц. Манай гэрт миний хийсэн зөндөө онгоц байгаа.

50 дугаар сургуулийн 3д ангийн сурагч Ж.Баасандорж:

Дугуйланд танай сургуулиас явдаг хүүхэд бий юу?

-Би энэ дугуйланд ангийнхаа найзтай хамт сурдаг.

Анх дугуйланд эмээ нь оруулсан гэсэн үү?

-Тэгсэн. Эмээ намайг дугуйланд оруулсан. Манай эмээ усны инженер мэргэжилтэй.

Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсч байна?

-Барилгын инженер.

Яагаад заавал барилгын инженер болно гэж?

-Манай аав, ээж барилгын инженер. Барилгын компанийн захирал байхгүй юу. Намайг том болохоор их сургуульд сургаж, барилгын инженер болгоно гэж хэлдэг юм.

Дугуйлангийн багш нар юу зааж байна?

-Манай багш цаасаар машин, усан онгоц яаж хийхийг зааж өгсөн.

Танай ангийнхан адилхан дугуйланд явж өөрөө гоё юм хийж сурахсан гэж ярьж байна уу?

-Үгүй. Би ангийнхандаа хэлдэггүй.

Яагаад. Сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцах чинь сайн хүүхдийн шинж шүү дээ?

-Эхлээд өөрөө хийж сураад дараа нь хэлнэ ээ. Одоохондоо надтай адилхан машин, усан онгоц хийгээд сурчихна гэж бодоод хэлдэггүй. Манай эмээ миний хийсэн зүйлийг бүгдийг нь цуглуулж байгаад ангид үзэсгэлэн гаргана гэсэн гэв.

Бага ангийн сурагчид үдээс хойш хичээлтэй учир эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр ирсэн юм. Ингээд дунд ангийнхны ээлж эхлэв. Дунд ангийнхны хувьд ашиглаж буй материал нь арай өөр. Учир нь сургалт дөрвөн шаттай бөгөөд анхан шатанд цаасаар техник бүтээхэд оршдог байна. Хоёрдугаар шатанд ундааны сав, элдэв гар доорх материал ашигладаг бол дараагийн шатнаас дуураймал материал, эцсийн шатанд зориулалтын материал ашигладгаараа онцлогтой аж. Мөн нас насны онцлогоос хамаарч ашиглах материал, хийх загварууд нь ялгаатайгаар сургалтыг явуулдаг байна.

23 дугаар сургуулийн 6в ангийн сурагч Т.Улсболд зураг, технологийн хичээлд илүү сонирхолтой гэнэ. Тиймээс хүүгийнхээ авьяасыг хөгжүүлэхийн тулд ээж нь уг сургалтад бүртгүүлжээ. Дугуйланд яваад сар гаруйхан хугацаа болж байгаа ч олон төрлийн техникийн загвар хийж сурчээ. Тэрээр ярихдаа “Би энэ дугуйланд явсандаа их олзуурхаж байгаа. Надад PС тоглосноос машин, онгоц хийх нь илүү сонирхолтой санагддаг” гэж байв.

ИнгээдЗохион бүтээгчдугуйлангийн захирал С.Батгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

Дугуйлангийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Дугуйланг сонирхож буй хүмүүс их байдаг уу?

-Манай гол зорилго техникт сонирхолтой ирээдүйд инженер юм уу техник спортын мундаг тамирчин болох хүсэлтэй хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх улмаар энэ хүүхдүүдийн бүтээлийг сурталчлах юм. Цаашлаад олон улсын уралдаан тэмцээнд оролцуулж авьяас чадварыг нь сорих зорилготойгоор байгуулагдсан. Анх 2012 онд дугуйлан нээгдсэн ч үйл ажиллагаа түр завсарлаад өнгөрсөн намраас эргэн жигдэрсэн.

Танай дугуйланд явах сонирхолтой маш олон хүүхэд байхад үйл ажиллагаагаа яагаад зогсоосон юм бэ?

-Та бүхэн харж байна. Манай дугуйлан хүүхдүүдэд сургалт явуулахын тулд төрөл бүрийн зориулалтын материал, мотор, акумлятор, алсын удирдлага болон багаж хэрэгсэл, цахилгаан тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Эдгээр нь өртөг өндөртэй байдаг. Эхний шатны сургалтууд энгийн гар доорх материалаар явагдана. Шат ахих тусам хийж байгаа материалууд нь нарийвчлалтай болдог.Хөдлөх, явах ангиудаас эхлээд үнэтэй болоод ирдэг. Нэг ёсондоо эдийн засгийн хүндрэлээс болж нэг хэсэг үйл ажиллагаагаа зогссон гэсэн үг.

Сургалтын төлбөр хэд вэ?

-Манай дугуйлангийн нэг сарын төлбөр 60 мянган төгрөг. Манай нийт хичээл орж байгаа цагийг бодоод үзэхээр нэг цаг нь 2500 төгрөг гэсэн үг. Бусад багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглан материал зарцуулж бүтээл гаргадаггүй сургалтын төв ямар ч материаллаг бааз шаардлагагүйгээр зөвхөн сургалтын төлбөр нь цагийн 5000 төгрөгийн үнэтэй байдаг. Үүнтэй харьцуулахад төлбөрийн хувьд хямд. Одоогийн байдлаар бид сурагчдынхаа төлбөрөөр материалынхаа зардлыг л нөхөж байгаа. Багш нарын цалин, байрны түрээс, урсах зардлыг өөрсдөө дааж явдаг.

Хичнээн хүүхэд танай дугуйланд суралцаад байна вэ?

-Анх байгуулагдсанаас хойш 120 гаруй сурагч манай сургалтын төвийг төгссөн.

Олон улсын эсвэл дотоодын уралдаан тэмцээнд дугуйлангийн сурагчид оролцдог уу?

-Хараахан оролцоогүй байна. Манайд яг ийм чиглэлээр болдог Техник технологийн олимпиад гэж ганц тэмцээн болдог. Түүнд тухайн сургуулийнх нь технологийн багш нар нь ихэвчлэн ахлах ангийн сурагчдаа бэлдэж оролцуулдаг ба шагналт байранд шалгарсан сурагчид нь их дээд сургуульд суралцах эрхээр шагнуулдаг. Манайд одоогоор дээд тал нь есдүгээр ангийн хүүхэд суралцдаг. Тэгэхээр манай хүүхдүүдийн нас нь арай хүрээгүй байгаа юм. Тиймээс хүүхдүүдээ гадаадын уралдаан тэмцээнүүдэд оролцуулах төлөвлөгөөтэй байгаа ба монгол хүүхдүүд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дуурсгана гэдэгт итгэлтэй байна.

Сургалтаар хүүхдүүд чухам ямар мэдлэгийг олж авах бол?

-Одоогийн байдлаар сургалтаа дөрвөн шатанд хуваагаад байна. Гарын ур дүй, ямар материал боловсруулж чадах вэ гэдгээс хамаарч сургалтыг насны ангилал, шатлалд хувааж байгаа юм.

Эхний хоёр шат нь нэг нэг сарын хугацаатай явагддаг. Эхний шатанд энгийн хийцтэй буюу үзүүлэнгийн загварууд хийдэг. Анхан шатанд усан онгоц, нисэх онгоц, машин нь бүтэц, зохион байгуулалтын хувьд хоорондоо ийм ялгаатай байдаг юм байна гэдгийг мэдэж авахаас гадна яаж хийх технологийн дарааллыг мэдэж авдаг. Хоёрдугаар шатанд хөдөлдөг загварууд хийнэ. Усан онгоц, нисэх онгоц, машинаас гадна танк, галт тэрэг, пуужин гээд өөр өөр хийж болохуйц зүйлийг хийнэ.

Тэгэхээр танай дугуйланг төгсөхөд техникийн бүтэн загварыг хийдэг болж төгсөх нь ээ?

-Дөрөвдүгээр шатанд суралцсан хүүхдүүд хагас дуураймал загварыг хийж сураад төгсөнө. Бүтэн дуураймал гэхээрээ яг адилхан хөдөлнө, эх загвартайгаа мотор, шил, зангуу гэх мэт бүх зүйлээрээ адилхан. Жижигрүүлсэн загвар гэж хэлж болно. Одоохондоо манай сургалтад бүх үе шатыг бүрэн эзэмшиж төгссөн сурагч байхгүй.

Яагаад?

-Яагаад гэвэл бүтэн дуураймал загварыг хийхэд дор хаяж нэг жилийн уйгагүй ажиллагаа шаардлагатай болдог. Гэтэл манайх сүүлийн хоёр жил л эрчимтэй сургалт явуулж байна. Би хүүхэд байхдаа бүтэн дуураймал загварыг гурван жилийн турш хийж байсан.

Хүүхэд байхаасаа энэ дугуйлангаар суралцах нь тухайн хүүхдийн цаашдын амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Маш сайн нөлөөлдөг. Жишээ нь манай сургалтад явж байгаа хүүхдүүд ажлын байранд сурах ёстой зүйлүүдийг, тэрнээс ч нарийн зүйлүүдийг дугуйланд сурж байхдаа мэдэж авдгаараа давуу талтай. Онолыг нь сайн мэдэхгүй юм гэхэд дадлагыг маш сайн мэддэг болдог. Дээр нь гарын ур дүй, зохион бүтээх, сэтгэх, засах энэ бүх зүйл нь түрүүлээд суучихдаг. Их сургуульд ороод багшийн заасан хичээл шууд толгойнд нь буудаг. Нөгөө хүмүүс нь хажуугаар нь онолтойгоо зууралдсаар байж байгаад төгсөх жишээний. Энэ хүмүүсийн хооронд газар тэнгэр шиг ялгаа бий. Ийм л чадварлаг хүмүүс ирээдүйд дэлхийд эх орноо таниулна. Адаглаад л манай дугуйланд суралцсан хүүхэд гэрийнхээ тавилгыг хэний ч гарыг харахгүйгээр хийчихнэ. Наад зах нь машиныхаа оношийг тодруулчихна, эвдэрсэн хэрэгслээ өөрсдөө засчих, монголчлоод өөрчилж шинэчлэх тийм л чадварыг бид суулгана шүү дээ гэв.

С.Батгэрэл физикийн багш, электроникч мэргэжилтэй бөгөөд өмнө нь Улаанбаатар, “Энх-Орчлон” зэрэг их, дээд сургуулиудад физик электроникийн чиглэлээр хичээл заадаг байжээ. Тэрээр өөрөө удирдан санаачилж Монгол Улсад мэдээллийн технологийн таван мэргэжлээр лаборатори нээн тохижуулж, хичээлийн төлөвлөгөөг нь боловсруулж байсан юм байна. С.Батгэрэл багш сургалтаа явуулахын зэрэгцээ мэргэжлийн ажлаа гүйцэтгэдэг байна. Өдгөө түүний шавь нар 1000 орчим болж хүрээгээ тэлсэн бөгөөд мэдээллийн технологийн компьютер сүлжээ, электроникийн мэргэжилтнүүдийн ихэнх нь түүний шавь гэнэ. Тэрээр энэхүү дугуйлангаа нийслэлийн бүх дүүргүүдэд хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Мөн ирэх дөрөвдүгээр сараас электроникийн анги хичээллүүлэхээр болжээ. Тус дугуйлангийнхан өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан машины удирдлага, телевизийн удирдлага зэргийг бүтээж байгаа юм байна. Түүнчлэн ирэх зургадугаар сард жижигрүүлсэн загвар бүхий хүүхэд унах зориулалттай машин хийхээр зэхэж байгаа бөгөөд жижигрүүлсэн хэлбэр бүхий роботыг ч бүтээх гэж байгаа аж. Энэ хүүхэлдэйн робот нь бусад роботтой харьцуулахад хүнтэй адилхан үйлдэл хийж чадахаараа давуу талтай аж.

Б.АРИУНЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Нанзаддорж: Замын цагдаагийн газрын урагшаа төмөр зам давуулж шинэ гүүр барина

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржтой ярилцлаа.

Ажил авсанаас хойш гурван жилийн хугацаанд юу амжуулав?

-2012 оны наймдугаар сард ихэнх төв зам асар их түгжрэлтэй байсныг нийслэлчүүд мэдэж байгаа байх. Үүнээс хойших хугацаанд нийслэлд 200 гаруй км замыг өргөтгөн шинэчилж, 80 км шинээр баригдсан. Хэдийгээр сүүлийн жилүүдэд машин ихээр нэмэгдсэн ч өнөөдөр өмнөх үетэй харьцуулахад төв замуудын түгжрэл харьцангуй буурсан. Хаана ч тэг зогсолт байхгүй болсон. Хамгийн удаандаа 10-20 км/цаг л байгаа. Гэхдээ дэлхийн жишгээр зам нэмэгдэх, нэвтрэх чадвар сайжрахын хэрээр машин улам л нэмэгддэг юм байна. Гүүр, гарцыг шинээр нээх тусам хөдөлгөөнд оролцох машины тоо нэмэгддэг. Нийслэлд байнгын 200 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Түүн дээр хөдөө орон нутгийн дамжин өнгөрөгч машинууд нэмэгдэнэ. Ачаалал гурван жилийн өмнөхөөс маш их нэмэгдсэн ч түгжрэл маш их буурсан.

Зам засагдаж, баригдаж байгааг нийслэлчүүд харж байна. Чанар ямар байгаа бол?

-Би замчнаас ажлын гараагаа эхлээд Нийслэлийн авто замын газрын дарга болтлоо 36 жил энэ салбарт зүтгэж байна. Замын чанар юунаас хамаардгийг мэднэ гэж боддог. Миний ажлын туршлага чанартай зам барихад хангалттай гэж үзэж байна.

Өмнө нь баригдсан зам жил хүрэхгүй хугацаанд эвдэрч байна гэсэн мэдээ байнга явдаг байсан?

-Намайг ажил авснаас хойш баригдсан нэг ч зам дээр ийм гомдол ирээгүй байна. Манай зам барилгын компаниудын технологи, боловсон хүчин, техник тоног төхөөрөмж сайжирсан, захиалагчийн зүгээс хангалттай хяналт тавьж байгаа. Энэ тохиолдолд чанаргүй зам тавигдахгүй. Замыг эвддэг бас нэг зүйл бол борооны ус. Хуучин замуудад ус зайлуулах суваг байхгүйгээс зам ихээр эвдэрч байсан. Одоо ихэнх замд ус зайлуулагч хийсэн. Их хэмжээний борооны ус тогтсон ч 15 минутын дараа зайлуулагдаж байна. Иймээс замын чанар сайжирсан гэж хэлж болно. Замын чанарт нөлөөлдөг бас нэг зүйл нь үнэ. Зам барих зардал дотор доор нь байгаа инженерийн байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам барих зардлыг суулгадаг байсан. Тэр нь зам барих хөрөнгө хорогдох шалтгаан болдог. Хөрөнгө хасагдахаар зам чанаргүй баригдана. Одоо харин бид бодит төсөв зохиодог болсон. Жишээлбэл дөрвөн урсгалтай машины зам гэхэд нэг км нь дунджаар 1.5 тэрбум төгрөгөөр баригдана. Гэхдээ тендерт ороод жаахан буурах боломжтой. Хэт их бууруулбал худлаа болоод явчихаж байгаа юм.

Зам барих хөрөнгө өмнөхөөс их болсон уу?

-Зарим хүмүүс ярьдаг. Хөрөнгөтэй бол одоогийнхоос их зам тавих байсан гэж. Харин хөрөнгө гэхээсээ илүү байгаа боломжоо ашиглах сэтгэлтэй байх хэрэгтэй. Жишээлбэл Нийслэлийн авто зам ашиглалтын төлбөр 2014 оноос авч эхэлсэн.

Урьд нь авч байгаагүй юм уу?

-Төлбөр авах 1999 оны хуультай. Авахгүй өнөөг хүрсэн. Элдэв сонгууль, бусад шалтгаанаар хойшилсоор ирсэн. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ хуулийг хэрэгжүүлсэн. Хэн ч гомдол ирүүлээгүй. Харин энэ сангийн мөнгөөр ихээхэн хэмжээний замын ажил хийсэн.

Шарга морьтын замыг барьсан компаниуд мөнгөө авч чадаагүй биз дээ?

-Энэ өөрөө томоохон асуудал болчихоод байна. Шарга морьтын 16 км замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр урьдчилгаа 30 хувийг өгч бариулсан. Манай компаниуд үүргээ гэрээний дагуу биелүүлсэн. Мөнгийг энэ жилийн замын хураамж, өөрөө явагч хэрэгслийн татвараас өгөх гээд төсөвт суулгасан.

Мөнгө байхгүй байж компаниудаар ажил хийлгэх нь хулхидсан хэрэг биш үү?

-Таван компани, тэдэнд ханган нийлүүлэгч гээд илүү олон компани маш хүнд байдалд орсон. Бид уучлал гуйгаад сууж байна. Бид компаниудыг хулхидаагүй. Бид төлөвлөсөн мөнгөө босгосон. Гэтэл Засгийн газар бүх шатны төсвийг атгачихаад эхний ээлжинд цалин тэтгэвэр тавина гээд суугаад байгаа юм.

Шаргаморьтын замыг яагаад өдий хүртэл засаагүй юм бол. Социализмын үеийн ачаалалтай, шаардлагатай замд тооцогддог байсан биз дээ?

-Үнэхээр үе үеийн дарга нарын асуудал байсан юм билээ. Энд хоёр том асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрсэн. Эхний ээлжинд мөнгө. Дараагийн ээлжинд газар чөлөөлөлт. Манайд замыг дулааны богино улиралд тавьдаг, засдаг. Гэтэл энэ замын хэрэглээ, ачаалал яг тэр үеэр оргилдоо хүрдэг. Өнгөрсөн зун бид зам хаахгүй чадсан л байхгүй юу. Манай иргэд газар чөлөөлөхөд үнэхээр сэтгэл гаргаж оролцсон.

Налайхын замыг зургаан эгнээ болгох тухай ярьж байна.

-Замын засварт ч, шинээр барихад ч асар их хөрөнгө шаардагдана. Олон эх үүсвэрийг ашиглаж мөнгө босгох гээд л зүтгэж байна. ШУТИС-ийн уулзвараас Сансар явдаг замыг Сэлбийн гүүртэй хамт Хятадын буцалтгүй тусламжаар шинэчилсэн. Гэтэл гүүрнээс цааш туннель хүртэл зам гологдоод эхэлж байгаа юм. Тэгэхээр бид тэр бага хэсгийг ноохойлгоод яахав гээд Замын сангаас хөрөнгө гаргаад янзлах жишээтэй. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Налайхын замыг зургаан эгнээтэй болгоно. Зам хаахгүй. Одоо байгаа замын хажуугаар гурван урсгалтай зам тавьчихаад, хуучныгаа хаагаад шинэ замаа ашиглаж, хуучин замаа гурван эгнээ болгоно. Энэ ажлыг 18 сарын дотор багтааж гүйцэтгэнэ. Дээр нь Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүрийг хос болгоно. Замын цагдаагийн газрын урагшаа төмөр зам давуулж шинэ гүүр барина. Энэ бүхнийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийх болохоор Хятадын компаниуд барих нөхцөлтэй.

Бондын, арилжааны зээлийг замд зарцуулах нь буруу гэж үздэг эдийн засагчид байна.

-Намайг ганц бухимдуулдаг яриа наадах чинь. Монгол шиг уудам газар нутагтай улсад аймаг, сум руу төмөр зам татах уу, агаарын шугам нээж онгоцны буудлууд барих уу. Хүн ам цөөтөй болохоор төмөр зам болон агаарын тээврийг нийтээр хамрах ямар ч боломж байхгүй. Авто зам л өнөөдөр ч, ирээдүйд ч гол сүлжээ байхаас өөр замгүй. Зам сайн байх тусам л хүний аюулгүй байдал бизнесийн орчин сайжирна. Энэ хэрээр эдийн засаг тэлж байгаа биз дээ. Эдийн засаг тэлнэ гэдэг чинь хувь хүн, төр аль алинд нь хөрөнгө босно.

Замын арчлалт гэдэг том асуудал байдаг байх.

-Улаанбаатар нэгтгэл 250 км замыг арчлах ёстой. Түүнийгээ барахгүй байна. Энэ нүсэр ажлыг 20-иод компанид хариуцуулах төлөвлөгөөтэй байна.

Баахан төрийн компани байгуулах уу?

-Хувийн компаниудын дунд тендер зарлана. Замын компаниуд түлхүү орж ирэх байх. Тэд чинь өвөл ажилгүй болчихдог. Төрөөс нэг ч мөнгө гарахгүй. Үйлчилгээний зардал тооцох маягаар замын сангаас арчлалтын компаниудыг санхүүжүүлнэ.

АСЕМын үеэр ашиглах зургаан замд их засвар хийнэ гэсэн хөрөнгө нь шийдэгдсэн үү?

-Шийдэгдсэн

Хугацаандаа амжих уу?

-Амжина.

Дараа нь Шаргаморьтын зам шиг юм болохгүй юу?

-За гайгүй дээ.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Нойргүйдлээс л сэргийлэх хэрэгтэй

Нойр. Энэ бол хүний бие организмд хамгийн чухал, нэн хэрэгтэй зүйл. Нойрыг цөөн үгээр хэлбэл хүний бие махбодын хамгаалагч гэхэд болно. Ер нь одоогоор хүн хэдэн цаг унтаж байх ёстойг шинжлэх ухаан яг таг тогтоочихсон юм байхгүй. Тухайн хүний биеийн онцлогоос л хэдэн цаг унтаж амрах нь хамаарна. Нийтлэгээрээ бол насанд хүрсэн хүн дунджаар 6-8 цаг унтах ёстой л гээд байгаа юм. Хүний нас ахих тусам унтах хугацаа богино болсоор 65-70 нас орчимд хүрэхэд таван цаг орчим л унтдаг болдог гэж байгаа. Нойргүйдэл нь маш олон өвчний эх сурвалж болдог гэдгийг харин аль эрт тогтоочихсон юм. Нэн түрүүнд маш мартамхай болж эхэлнэ. Нойргүйдэх нь бие махбодын тэнцвэрт байдал алдагдсаны илрэл учир аль болох идэвхтэй байж ажил албаа, амралтаа ухаалгаар зохицуулж сурах хэрэгтэй.

Хүүхдийнхээ нэрийг сольж дуудах, их сайн мэддэг байсан хүнийхээ утасны дугаарыг санахгүй байх зэргээр энэ эмгэг эхэлдэг. Огцом цочмог уцаарлангуй болно. Крантнаас ус гоожих чимээнд хүртэл уур унтуу хүрдэг болбол нойргүйдлээс үүдэлтэй эмгэгт өртөж эхэлж байж болзошгүй гэж ойлгоход болно. За тэгээд гол аюул нь сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчинд нэрвэгдэх. Сэтгэл санаагаар унамтгай, тогтворгүй, ажил хийх сонирхолгүй, эрч хүчгүй болохоос эхлээд цаашдаа бүүр хүндэрчих магадлал өндөр. Ийм байдлаар удаан явж л болохгүй. Шууд утгаараа бол сэтгэцийн өвчин болон нойргүйдэх нь хоорондоо нягт холбоотой. Тэр бүү хэл нойргүйдэл нь таргалалт, үс уналтын эх сурвалж хүртэл болно. Хэн ч гэсэн залуугаараа мулзан толгойтой, хэт тарган байхыг хүсэхгүй нь лав.

Тиймээс аль болох маш сайн гүн нойрсож байхыг хичээх хэрэгтэй. Сайн унтахын тулд тайван, амгалан байх нь нэн чухал. Байгальд тогтмол алхах, дуртай зүйлдээ цаг гаргах, муу хийдэг ч хамаагүй хоол хийх, ямар ч хамаагүй ая амандаа аялах зэрэг нь нойргүйдлийн эмгэгээс тун сайн хамгаалдаг гэдэг нь бат нот болсон зүйл. Нэмж хэлэхэд технологийн хэт хөгжил буюу гар утас, компьютер, хотын хэт дуу чимээ нь нойргүйдэхэд багагүй нэмэр оруулдаг гэдгийг давхар санууштай шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн өндөр алба хаших хүмүүст дээд боловсролтой байх ганцхан шалгуур тавих хэрэгтэй

Өнөө жил Их хурлын ээлжит сонгуультай. Хорин таван нас хүрсэн Монгол Улсын иргэн ял шийтгэлгүй л бол сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй бий. Тодруулбал, Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд “Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Хуулийнхаа дагуу хэн дуртай нь нэр дэвшиж таарна. Аливаа жагсаал цуглааны үнэр анддаггүй эх оронч хийрхэгчид, нийгэмд тодрохыг хүсэгч попуудаас аваад олон нөхөд болсон, болоогүй намаас дэвшинэ.

Тэгэхээр төрийн дээд албан тушаалтнуудад манай улс ганцхан чухал шаардлага тавих хэрэгтэй байна. Үндсэндээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Их хурал, Засгийн газрын гишүүд, төрийн удирдах албан тушаалтнуудаас дээд боловсролыг системтэйгээр эзэмшсэн байхыг шаардаж, хууль журмын зохицуулалт хийх цаг нь болжээ. Монголын төрд өдгөө алба хашиж байгаа, ажиллахаар сэтгэл шулуудан зүтгэж байгаа нөхдөөс 1940-өөд онд төрсөн хүн гэж бараг байхгүй. Ихэвчлэн тавь, жар, далаад оныхон байгаа. Тавиад оноос хойш төрсөн хүмүүс ерөнхий боловсролын сургуульд бүтэн арван жил суралцаж, улмаар дотоод гадаадын их, дээд сургуульд суралцан боловсролыг системтэйгээр эзэмшсэн байдаг. Тухайн цаг үеэс Монгол Улсын боловсролын салбар өндөр дээд боловсон хүчин бэлдэх, гадагшаа сургуульд явуулж салбар бүрийн шилдэг лидерүүдийг бэлтгэх боломж бүрдсэн нь тэр. Дал, наяад оноос хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн нь бүр чиг тодорхой.

Сүүлийн 25 жилийн улс төрийн туршлагаас харахад улс орны хамгийн үнэт капитал, хөгжил дэвшлийн гол амин судас нь дээд боловсрол гэдэг нь батлагдаж нотлогдоод байна. Улс орны хөгжил дэвшлийг системтэй боловсрол эзэмшсэн, манайхны хэлдгээр боловсролтой толгой түүчээлэн авч явдаг нь жам аж. Үүнийг монголчууд бүтэн хорин таван жилийн алдаа оноо, гашуун туршлагаасаа амсаж байгаа нь үнэн. Иймийн учир Их хурлын гишүүд болон төрийн өндөр дээд алба хашиж буй, мөн нам бүлэглэл даган улс төрд орж, дарга сайд болох сонирхолтой нөхдөд арван жилээ онц дүнтэй төгссөн, дотоод гадаадын их дээд сургуульд өдрөөр үргэлжлүүлэн тасралтгүй сурсан байх гэдэг зарчмыг хатуу баримтлах нь зүйд нийцнэ.

Боловсролтой хүн гэдэг дээхнэ үеийн хэллэгээр улаан шугаманд багтаж конкурс өгсөн, цаашлаад дээд сургуулийн хуваарь авч түүндээ итгэл үнэмшилтэйгээр, чин зүрхнээсээ ном ёсоор нь сурсан тийм л хүнийг хэлнэ. Түүнээс тив, дэлхийд нэр цуутай сургуулийн үнэн худал нь эс мэдэгдэх диплом өвөртөлж, өнөөхөө олон түмэнд гайхуулан намтар юугаа тодотгосон товарищууд нэг л сэжигтэй. Ачир дээрээ огтоос худлаа байдаг болохоор арван жилээ онц дүнтэй, гадаад дотоодын их, дээд сургуулийг өдрөөр сурсан байх гэдэг гол шалгуур үзүүлэлтийг тавиад байгаа хэрэг шүү дээ. Уг шалгуурыг хангасан бол Их хурлын сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй байдаг тийм л дүрэм журмыг боловсруулж, дээр доргүй сайтар ягштал баримталмаар байна. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан “үндэс, угсаа, шашин шүтлэг” энээ тэрээ бол дараагийн асуудал. Гэмт хэрэгт холбогдсон эсэх, ял шийтгэл эдэлж байгаагүй гэдэг бүр тусдаа асуудал. Боловсролыг ёс горимынх нь дагуу эзэмшсэн, сэхээтэн оюунлаг хүмүүс хэрэг төвөгт тэр бүр орооцолдоод байдаггүйг эргэн тойронд байгаа эрхмүүдийн туулж ирсэн зам мөр нотолдог юм. Мөн арван жилийн туршид онц сайн суралцсан хүүхэд гэр бүлийн боловсролыг ухаарч ойлгон, ижий аавынх нь өгсөн суурь хүмүүжил бусдыг энэрэн хайрлах, дээдлэн хүндэтгэх ёс зүйн кодыг сайтар суулгаж өгсөн байдаг.

Мэдлэг боловсролыг системтэйгээр эзэмшиж, улс орны үнэт баялаг, хөгжил дэвшлийнх нь гол тулгуур багана болсон хүмүүсийг ард түмэн төрдөө дэвшүүлнэ гэдэг ирээдүй хойчдоо барьж буй хөрөнгө оруулалт юм. Яалт ч үгүй шилдэг лидер, оюун санааны түрхрэгч хүч болсон нөхдөдөө улс гүрэн, ард түмнийхээ хувь заяаг атгуулна гэдэг ирээдүйд нүүр бардам байхын илэрхийлэл мөн. Бага балчир, идэр залуу наснаасаа ухаант амьдралынхаа шинэ өдөр бүрийг сурч боловсрохын төлөө зориулсан хүн наад зах нь үр хойч, олон түмэнд хэлэх үгтэй байж нүүр бардам амьдардаг. Харин өнөөдөр боловсрол мэдлэгийг нэгдүгээр ангиасаа аваад суурь цогцоор нь эзэмшиж, ном журмаар нь сурч, өөрийнхөө оюуны хүч, эрдэм авьяас чадлаараа бусдыгаа хошуучлан яваа хүн Монголын төрд тун ховор болсон байна.

Улс төрд орж, улстөрч нэр зүүж Их хурлын гишүүн болж, төр түшилцэж яваа зарим нөхдийг хараад “Хөөрхий минь, үр хүүхдэдээ, доод албан тушаалтнууддаа юу гэж хэлж сургадаг бол” гэхээс яс хавталзаж, өөрийн эрхгүй өрөвдөөд байх юм. Өмнөөс нь ичиж үхмээр хүмүүс энэ төрд яасан олон байна вэ.

“Хүнд боловсрол мэдлэг ямар хамаатай юм. Худлаа ярьж, олон түмнийг сэнхрүүлж байгаад төрийн түшээ болсон юм чинь. Одоо төрийн тэргүүн болноо хө” гэж ярьж байгаа хүмүүс ч байна, цаагуур чинь. Боловсролыг ингэж үгүйсгэнэ гэдэг шинжлэх ухааныг үгүйсгэж байна гэсэн үг. Шинжлэх ухааныг үгүйсгэхээр юу болох билээ. Тухайн улс орон харанхуй бүдүүлэг, мухар сүсгийн балайралд автан мунхарч гүйцэх нь дамжиггүй. Олон нийтийн итгэл хүлээсэн, улс төрөөр амжилт гаргаад зогсохгүй төрийн тэргүүний сэнтий мөрөөдөгч нэгэн шинжлэх ухааныг үгүйсгэн, боловсрол мэдлэг хэрэггүй гэх нь юу болж таарах уу. Нийгэмд ингэж уриалан буруу жишиг тогтоож байгаа нь аймшигтай. Зарим нөхдийн үзэж буйгаар мэдлэг чадвар, эзэмшсэн суурь боловсролоос илүү аман фигур сайтай байхад тухайн хүн юунд ч хүрч болдог, төрийн тэргүүн ч болж болно гэсэн тэнэглэл арай хэтэрч байна. Ингэж Монголын төрийг басамжилж, дорд үзэж, ард түмнийг доромжилж болохгүй.

Аль нэг нам бүлэглэлийн шахаа, улс төрийн томилгоогоор орж ирсэн нөхдийн балгийг ханатлаа амсаж байгаа. Боловсролгүй хүмүүс төрд гарахын хор уршиг барагддаггүй. Тэд өөрөөсөө илүү боловсролтой, сэхээтэн, оюунлаг хүмүүсээ эхлээд шахдаг, дарамталдаг. Элдвээр гоочилж, амийг нь чангаадаг. Ингээд эргэн тойронд яг өөр шигээ бүдүүлэг, зэрлэг, “хүн сүрэг”-үүдээр хүрээлүүлж эхлэх нь бий.

“Монголын төр бохирдлоо” гэж эрдэмтэд, сэхээтнүүд аргаа барж цөхөрч байгаа нь үүнтэй холбоотой юм.

Дэлхийн улс орнууд боловсрол мэдлэг, туршлагад тулгуурлан, тухайн хүний туулж ирсэн замнал түүхийг нь авч үзээд улс орныхоо хувь заяаг атгуулдаг бол монголчууд бид бөх тэх, уяач, худалч, хулгайч, хар ажилчид, аман фигур буюу популизмыг шүтсэн нөхдөд төрийнхөө жолоог атгуулах боллоо. Тэр хүн хичнээн мөнгөтэй төгрөгтэй, цол хэргэмтэй байлаа ч хамгийн гол шалгуур бол боловсрол. Үүнийгээ л ягштал баримталж, реформ хийхгүй бол популизмыг шүтсэн, мухар сүсгийг дээдлэн, улс орны хөгжил дэвшлийн эсрэг нийгмээ турхиран боссон зэрлэгүүдээс сална гэдэг юу л бол. Бүр сүүлдээ нэгэн твиттер хуудсанд бичсэнчлэн “Зарим оронд аягаа л тоож угаалгадаг хүнээр бид тархиа угаалгах нь” гэдэг шиг юм болох нь ээ.

Б.Батболд

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээжийн ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн шинэ дугаар хэвлэгдэн уншигч, захиалагчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаараас онцлох нийтлэл, ярилцлага сурвалжлагыг тоймлон хүргэе.

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрч байна. “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа Б.Булганы ээжийн ярилцлагыг нийтэллээ. Охиныхоо төлөө сэтгэл зовж суугаа нас өндөр ээж нь энэ болсон явдлын тухай юу гэж ярьсныг уншаарай.

Мөн өнөөдрийн шинэ дугаартаа УИХ-ын гишүүн Лу.Болдын ярилцлагыг онцоллоо. Тэрбээр АН-д шинэ фракц бий боллоо гэх мэдээллийн тухайд юу гэж ярьсныг сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог, алдарт гуравдугаар нүүрт Төрийн шагналт, нэрт нийтлэлч Баабарын “Гондоонтой муураа” нийтлэл хэвлэгдлээ.

Харин Улс төрийн мэдээллийн буланд ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Доржхандын ярилцлага гарлаа. Намын дотоод зөрчлөөс үүдэн нэлээдгүй бужигнаж буй ХҮН-ын нийгмийн анхаарал татсан асуудлыг тэр хэрхэн тайлбарлаж буйг унших боломжтой юм.

Мөн өнөөдрийн дугаарын нэгэн сонирхолтой ярилцлага бол дуучин Нарагийн ярилцлага. УИХ-д нэр дэвшихээ зарлаад буй залуу дуучин цахим орчинд олны дэмжлэгийг багагүй хүлээж буй. Бас шүүмжлэлийг ч хүртэж буй. Тэр нийгэмд шуугиан дэгдээсэн энэ шийдвэрийнхээ тухай юу гэж ярьсныг манай дугаарын 12 дугаар нүүрээс хүлээн авч уншаарай.

Яруу найрагч Ц.Хулангийн ярилцлага ч өнөөдрийн дугаарын анхаарал татах нүүр мөн. Аливаа үзэл бодлоо гал цогтой илэрхийлж, хатуу хурц үгээр чимхээд авдаг Ц.Хулан найрагч энэ удаад юу гэв? 13 дугаар нүүрээс уншина уу.

Цагдаагийн алба хаагч гэр оронгүй хүмүүст тусалсан тухай болон Мүүний шашны талаарх судлаачийн ярилцлагыг шинэ дугаартаа гаргаад байна.

Сүүлийн үед сошиал сүлжээнд томоохон маргаан дэгдэж буй Мүүний шашны талаар МУИС-ийн багш, шашин судлаач С.Дэмбэрэл “Хүний шүтэх эрхийг бүдүүлгээр зөрчдөг” гэсэн юм.

Эдгээр гадна “Дэлхийн хүмүүс” буланд алдарт сагсан бөмбөгч Коби Брайнтын тухай нийтэллээ. Тэрбээр зодог тайлж байгаа бөгөөд шүтэн бишрэгчдийнх нь хувьд Коби дахин тоглохгүй гэхээс харуусалтай байгаа. Цагийг эзэгнэсэн, алдарт Коби Брайнтын тухай өнөөдрийн дугаараас уншаарай.

Энэ мэтчилэн манай сонины өнөөдрийн дугаар нийгмийн анхаарал татсан олон сэдвийг хөндөж, хуваарьт булангууд уламжлалын дагуу гарлаа.

Та манай сониныг шуудангийн салбарууд, сонин түгээх цэгээс худалдан аваарай. Захиалга өгөхийг хүсвэл 99112954 дугаарт холбогдоорой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчид “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” III ботийг танилцууллаа

Таван жилийн турш бүтээсэн “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” 3 боть бүтээлийг шинээр туурвисан төслийн удирдагч, санаачлагч, Сэлэнгэпресс ХХК-ийн ерөнхий захирал М.Болд, толийн ерөнхий редактор, Монгол Улсын Ардын багш, академич, доктор /Sc.D/ Ч.Авдай тэргүүтэй редакцийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бүтээлээ танилцуулж, дээжийг гардуулан өглөө.

“Монгол эх орон”, “Монголын түүхэн уламжлал, соёл, шинжлэх ухаан”, “Дэлхий, улс, хүмүүс” гэсэн 3 боть нэвтэрхий толийн эхний ботид Монгол нутагт хүн бий болсноос эхлэн Монголын анхны төрт улс болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хиргис болон Юань, Алтан орд, Хөх орд зэрэг Чингис хааны үе удмынхны захирч ирсэн улсууд, манжинй эрхшээлд байсан үе, 1921 оны хувьсгалын дараах үеийн Монгол орны ахуй амьдрал, Монгол орны байгаль, газар зүй, цаг уурын онцлог, уламжлал, боловсрол, соёл зэрэг 2015 оны төгсгөл хүртэлх он дарааллын бичиг, хүүхэд залуусын зайлшгүй мэдвэл зохих танин мэдэхүйн ойлголтуудыг тусгажээ.

Хоёр дахь ботид монголчуудын гэр, орон сууцны түүхэн уламжлал, гэр, сууцны хийц маяг, үйл урлал, хувцас хэрэглэлийн уламжлал, монгол хувцасны төрөл, монгол гэр бүл, овог, ураг, садан төрөл, угийн бичиг хөтлөх арга, үндэстэн ястнуудын байршил, ахуй, зан заншил, шашин, уламжлалт идээ, ундаа, монголчуудын тэнгэр хангай шинжих уламжлал, газар тариалан эрхэлж ирсэн уламжлал, орчин үеийн шинжлэх ухааны хөгжил зэргийг багтаажээ.

Гуравдугаар ботид дэлхийн тухай эртний хүмүүсийн төсөөлөл, дэлхийн хэлбэр, хэмжээ, дотоод бүтэц, хөдөлгөөн, дэлхийн далайнууд, дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн түүх, тархалт, өсөлт, угсааны бүтэц, олон улсын байгууллагууд, дэлхийн алдартай их сургуулиуд, номын сан, театр, музей, барилга, байгууламж, хотууд, ертөнцийн ба дэлхийн долоон гайхамшиг, алдар цуутай хүмүүс зэргийг багтаасан байна.

Одоогоос 30 гаруй жилийн тэртээ “Монголын хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” хэмээх 3 боть номыг “Миний эх орон Монгол”, “Аугаа их найрамдал”, “Дэлхийн хүн төрөлхтөн” гэсэн нэртэйгээр тухайн үеийн ЗХУ-д хэвлүүлж байсныг редакцийн зөвлөлийн гишүүд дурдаж, өнгөрсөн хугацаанд гарсан нийгэм, танин мэдэхүйн өөрчлөлтүүдийг шинэ ботид тусгасныг хэллээ. Ботийг бүтээхэд шилдэг олон эрдэмтэд, зураачид, зохиолчид хүч хөдөлмөрөө зориулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ботийг бүтээгчдэд баяр хүргээд уг бүтээлийг бүх шатны сургуулиудын номын санд хүргэх нь зүйтэй гэлээ. Мөн нийгмийн өөрчлөлтүүдийг тусгах зорилгоор гучин жил тутамд нэвтэрхий толийг шинэчилж байх нь зөв гэсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарчээ

Эдийн засгийн бодит өсөлт 2015 онд урьдчилсан гүйцэтгэлээр 2.3 хувьтай гарчээ. Энэ өсөлтөд уул уурхайн салбар 13.0 хувь, хөдөө аж ахуй 10.7 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа 5.7 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 2.9 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

Харин бөөний болон жижиглэн худалдаа 3.6 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 21.1 хувь, барилга 1.4 хувиар буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

МАХН-ын залуучууд АТГ-т шаардлага хүргүүллээ

МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбооноос АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс аврах хөдөлгөөн эхлүүлж байгаагаа мэдээллээ. АТГ нь бие даасан хараат бус, соён гэгээрүүлэгч байх үндсэн үүрэгтэй байгууллага юм. Гэтэл бие даасан байдлаа алдаж, улс төрийн нөлөөнд автсан нь сүүлийн үеийн үйл явдлуудаас харагдаж байна. Мөн тус намын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын хүмүүсийг барьж хорих шалгаж дарамтлах болсон нь үүнийг нотолж байна гэж үзэн АТГ-т шаардлага хүргүүлсэн аж.

Тэдний шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй тохиолдолд тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН эрх баригчдын ажлыг дүгнэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганаар хийсэн ажлынхаа үр дүнг өчигдөр тайлагнаж, хаврын чуулганаар хийх ажлуудаа танилцуулсан. МАН-ын бүлгийнхэн Монгол Улсын өрийг дарах, эдийн засгийн хямралыг даван туулах, улс орноо засаглалын хямралаас гаргах бодлогоо ирэх хавар танилцуулах юм байна. Мөн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлого, санаачилгууд гарган ажиллахын зэрэгцээ авлигыг таслан зогсоох, шударга ёсыг тогтоох бодлого дэвшүүлэх аж. Мөн эрх баригч Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 2012 оны сонгуулийн амлалтууд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийхэд сөрөг хүчин анхаарлаа төвлөрүүлж ажиллах юм.