Categories
мэдээ нийгэм

Ноолуур 40-45 мянган төгрөгийн үнэтэй байна

Түүхий эдийн Эмээлт захад өчигдрийн байдлаар ченжүүд нэг кг ямааны ноолуурыг 40-45 мянган төгрөгөөр авч байна. Өнгөрсөн жил тус түүхий эдийн дээд ханш 60 гаруй мянган төгрөгт хүрч байжээ. 2014 онд 80-85 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Үнэ буурсан шалтгааныг ченжүүд ноолуурын татвар өссөнтэй холбон тайлбарлаж байсан. Тодруулбал, өнгөрсөн жил нэг кг ноолууранд ногдох татварыг тодорхой хэмжээгээр нэмсэн. Үүнтэй холбоотойгоор ноолуурын үнийг хиймлээр өсгөж, худалдан авалт хийдэг хятадуудын худалдан авалт эрс багассан байна. Энэ жилийн хувьд ч өнгөрсөн жилийн ханшаас давахгүй гэсэн таамаглал байгаа тухай Монголын ноос, ноолуурын бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны тэргүүн Б.Мөнх-Алдар хэлжээ.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг зохион байгуулж, төлбөр тооцоог гүйцэтгэдэг байгууллага болох Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн онд 480 шахам арилжаа хийж нэг их наяд гаруй төгрөг олжээ. Тус байгууллагын өнгөрсөн оны дэлгэрэнгүй тайлан гараагүй байгаа юм. Харин 2014 онд зургаан мянга гаруй тонн ямааны ноолуур, 12 мянга гаруй тонн тосны ургамал, мянган тонн тэмээний ноос, долоон мянга гаруй тонн хонины ноос, 24 тонн тэмээний ноос, 878 тонн хонины завод ноос, 12 толгой хонь тус тус арилжсан байна.

2016 оны нэгдүгээр сард Хөдөө аж ахуйн бирж 20 тонн ноолуур арилжжээ. Үүнд боловсруулаагүй бараан болон цайвар ноолуур 65 мянган төгрөгөөр арилжаалагдсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Киноны хөгжмийн тоглолт болно

Монголын Урлагийн Зөвлөл, Улсын Филармонийн Морин хуурын чуулга хамтран дэлхийн болон үндэсний хөгжмийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Playing love” тоглолтыг дөрөв дэх жилдээ шинэчлэн найруулж толилуулах гэж байна.

Энэ удаагийн тоглолтоор дэлхийн киноны хөгжмөөс гадна Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн, сэтгэлд хоногшсон Монгол киноны сонгомол баян урын сангаас дээжлэн хүргэх аж.

“Playing Love” киноны хөгжмийн тоглолт ирэх сарын 4, 5-ны өдөр 19.00 цагт Corporate Hotel & Convention Center-т болно. Тоглолтын тасалбар 20-30 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд тасалбарыг Монголын Урлагийн Зөвлөл болон Улсын филармонийн кассаар захиалах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулжээ

ОБЕГ-аас улсын хэмжээнд гарсан гал түймрийн мэдээг ирүүллээ. Хот, хөдөөгүй гал түймрийн дуудлага буурахгүй байгаа юм. Тиймээс гал түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Cүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслан зэрэг газруудад байшин шатсан бол Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бүсийн оношлогоо эмчилгээний төв”-ийн амбулторийн ариун цэврийн өрөө шатжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сантехникийн өрөө болон Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах Монгол банкны байранд гарсан галыг Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн албан хаагчид дор бүр нь шуурхай ажиллан унтраажээ.

Нийслэлд ч мөн олон нийтийн хөлийн гзаар байрласан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Таван-Эрдэнэ” хүнсний захын урд чингэлэг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Чингэлтэйн шинэ эцэст авто замын хажууд автомашин шатсан дуудлагаар дээрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах ангийн албан хаагчид шуурхай ажилласан байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төвийн хажууд цагдаагийн байр шатаж байна гэх дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч очиж унтраасан зэрэг мэдээллийг ОБЕГ-аас өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Mongolia Mining” дөрөвдүгээр сарын 6-8-нд болно

Монголын уул уурхайн хамгийн том, бас хамгийн чухалд тооцогддог “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнг ирэх дөрөвдүгээр сарын 6-8- нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэ жил уг үзэсгэлэнд БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Нидерланд, Швед, Казахстан, Чех, Австрали, Беларусь, Герман, Их Британи, Турк, Солонгос, Фращ зэрэг орны уул уур- хайн шилдэг 120 гаруй компани оролцох юм байна.

Уул уурхайн ханган нийлүүлэгчид, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, ложистик, кэйтэринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид гээд олон улсын шилдгүүд бүтээгдэхүүнээ сурталчлахаараа энэ удаагийнх илүү онцлогтой аж.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд дулаарна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

2016 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд Хөвсгөлийн уулсаар, 26-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 28-33 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Categories
гадаад мэдээ

Зика вирус бэлгийн замаар дамжсан 14 тохиолдол бүртгэгджээ

АНУ-д Зика вирусын халдвар бэлгийн замаар дамжсан 14 шинэ тохиолдол бүргэгджээ. Эдгээрийн дунд жирэмсэн эмэгтэйд бэлгийн замаар халдвар дамжсан тохиолдол байгаа аж. Зика вирус бэлгийн замаар халдсан тохиолдол анх АНУ-ын Техас муж улсад бүртгэгдсэний дараа халдвар гарсан орнуудад аялаад ирсэн хүмүүсийг бэлгэвч хэрэглэхийг уриалж байсан юм. Зика вирус халдвартай хүний үрийн шингэнээр эрүүл хүнд халдсан тохиолдлыг эрдэмтэд судалж байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Зика вирусын халдварын эсрэг тэмцэлд 1.8 тэрбум ам.долларыг төсөвлөх саналыг гаргажээ.

үүнчлэн Бразилийн эрдэмтэд Зика вирус жижиг тархитай хүүхэд төрөх эмгэгт хэрхэн нөлөөлж байгааг нарийн судалж эхэлсэн байна. Эрдэмтэд халдвар илэрсэн хоёр жирэмсэн эмэгтэйн ургийн уснаас Зика вирусыг илрүүлсэн аж. Жижиг тархитай төрсөн хүүхдүүд оюун ухааны хомсдолтой, хараа, сонсгол муутай байдгаас насан туршийн асаргаанд байх болдог юм.

Зика вирусын халдвар шумуулын хатгалтаар дамжин тархдаг нь батлагдсан бол бэлгийн замаар дамжсан тохиолдол бүртгэгдэж эхлээд байна. Зика виурсын халдвар өнгөрсөн аравдугаар сард Бразилд бүртгэгдсэнээс хойш Латин Америк, Карибын 20 гаруй оронд 1.5 сая хүнд халджээ. Түүнчлэн Колумб улсад 4000 гаруй жирэмсэн эмэгтэйд Зика вирусын халдвар илэрсэн байна. Харин Мексикт халдвартай эхээс эрүүл хүүхэд төрсөн тохиолдол бүртгэгдсэн юм.

Categories
гадаад мэдээ

Ассад парламентын сонгууль зарлажээ

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад ирэх дөрөвдүгээр сарын 13-ны өдөр парламентын сонгууль явуулахаар болсноо зарлажээ. Энэ удаагийн парламентын сонгуульд бүх нам оролцох боломжтой гэнэ. Сирийн парламент 250 суудалтай бөгөөд “Бат” нам олонхийг бүрдүүлдэг юм. Ойролцоогоор 20 гаруй нам сонгуульд өрсөлдөх гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сирийн сонгуульд ихээхэн найдвар тавьж буйгаа мэдэгджээ. 2012 оны тавдугаар сард Сирид парламентын сонгууль явагдаж, “Бат” нам ялалт байгуулсан юм. Сонгуулийн дүнтэй санал нэгдээгүй сөрөг хүчин 2011 онд дэгдээд байсан иргэний дайныг улам хурцатгасан билээ.

Ассад, сөрөг хүчний тэргүүн Риад Хижабыг Ерөнхий сайдаар томилсон ч эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байсан юм. Иргэний дайн, жагсаалын улмаас 250 мянган хүн амиа алдаж, дөрвөн сая иргэн дүрвэжээ.

Categories
мэдээ спорт

Олимпийн аварга Б.Сумъяа эх орондоо ирлээ

Өвлийн олимпийн аварга Б.Сумъяа өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимпод гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцож, алтан медаль хүртсэн юм. Б.Сумъяа гүйлтийн тэшүүрийн төрөлд Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон, залуучуудын олимпийн аварга болсон юм. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцож, эх орондоо өвлийн олимпийн анхны алтан медалийг авчирсан нь энэ.

Categories
мэдээ нийгэм

Б.Ханбаатар нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн оны 9-р сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж дуусаад харьяалалын дагуу прокурорт шилжүүлсэн.

Прокуророос Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд энэ хэрэгт хамаагүй, гэрчээр оролцож байгаа. Харин Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч энэ хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн үзжээ. Улмаар энэ хэрэгт Б.Ханбаатарыг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангид заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Одоогоор хурлын тов гараагүй байгаа аж.

Прокурорын байгууллагаас Б.Ханбаатарыг Эрүүгийн хуулийн 125.1, 126.2.1, 126.2.2, 126.2.5-д заасны дагуу яллах саналтай байгаа. Яллах саналд дурдсан зүйл ангиудыг тодруулбал: 125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах 125.1.Хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 126 дугаар зүйл. Хүчиндэх 126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж; 126.2.2.хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж; 126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ.

Categories
мэдээ спорт

Бүх оддын тоглолт болно

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт өндөрлөх дөхөж байна. Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн ихээр хүлээдэг Бүх оддын тоглолтын тов гарчээ.

Лигийн найман багийн шилдэг тоглогчдоос бүрдсэн “Бүх оддын тоглолт” УБ Хандгайт дахь “Олимп” цогцолбор болон Орхон аймагт болох аж. Тодруулбал, энэ сарын 26-д Орхон аймагт “Хангарьд” спортын ордонд залуучуудын шигшээ баг, легионеруудын эсрэг тоглоно. Харин 27-нд Монголын лигийн Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн болно. Мөн Монгол Улсын шигшээ баг легионер тоглогчидтой талбай дээрээ өрсөлдөнө.

“Бүх оддын тоглолт-2016”

02.26 – “Залуучуудын шигшээ баг” – “Легионеруудын баг” (Орхон аймаг “Хангарьд” спортын ордон)

02.27 – 12.00 – Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн (УБ, Хандгайт “Олимп” цогцолбор)

02.28 – 12.00 – Монгол Улсын үндэсний шигшээ баг – АНУ Легионеруудын баг (УБ, Хандгайт “Олимп” цогцолбор)