Categories
мэдээ нийгэм

Хавдрын эсрэг үндэсний аян эхэллээ

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ. Аяны нээлт өнөөдөр ХСҮТ-ийн Эрдмийн өргөөнд болж, нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нар оролцож, үг хэллээ.

Дэлхий нийтийн хэмжээнд жилд 14,2 сая хүн хавдраар өвчилж, 8,1 сая хүн хавдрын улмаас хорвоог орхидог байна. Манай улсын хувьд ч хавдар өвчин нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хавдраар өвчлөгсдийн тоо ойрын хэдэн жилд буурахгүй гэдгийг ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар тодотгож байлаа. Хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын талаар үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, хүмүүсийг өвдөхөөс нь урьтаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь хаюдрын эрсдлийг бууруулах хамгийн зөв арга ажээ. Тиймээс Хаан банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хавдрын эсрэг үндэсний аяныг жил бүр зохион байгуулж санхүүжүүлж иржээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хаан банкнаас 720 сая гаруй төгрөгийг уг аянд зориулсан байна. Аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нар Монгол орныг бүхэлд нь тойрч, 90 мянга гаруй иргэнийг хавдрын цогц оношилгоонд хамруулжээ. Энэ хэрээр хавдрыг эрт үед нь илрүүлж, 403 яаралтай мэс заслыг орон нутагт нь хийжээ. Улсдаа ганцхан байдаг Хавдар судлалын төвийг зорин ирж онош тогтоолгох нь бүү хэл хавдартай нь тогтоогдсон ч ирж үзүүлж, эмчлүүлэх санхүүгийн чадваргүй иргэд хөдөөд олон бий. Эмзэг бүлгийн болоод өндөр настнуудын хувьд хот явж эмчлүүлэх боломж бүр ч хомс. Иймд мэргэжлийн эмч нар хөдөөд очиж, үзлэг шинжилгээ хийнэ гэдэг зүгээр мөнгө өгснөөс хэд дахин үр дүнтэй тусламж байдгийг иргэд хэлж байлаа. Ийн эгэл иргэдэд туслахаас гадна хавдрын эмч нарыг мэргэжшүүлэн чадваржуулахад Хаан банкны санхүүжилт ихээхэн дөхөм болдог. Өнгөрсөн таван жилд 5400 гаруй эмч мэргэжилтэнг ур чадварын сургалтад хамруулсан байна.

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэлэхдээ “Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан хавдрыг бүрэн эмчлэх боломжийг хэдийнээ тогтоосон. Тиймээс хавдар гэх авултай өвчнийг ялах боломж хүн бүрт бий. Гагцхүү эрт илрүүлэх, хувь хүн биеэ зөв авч явах дадал зуршлыг сурах хэрэгтэй байгаа юм. Иргэдийг үүнд чиглүүлэх, хавдраас сэргийлэх аянд мэргэжлийн эмнэлэг, эмч нараас гадна хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй оролцож байгаа нь сайн хэрэг” гэсэн юм. Харин МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа “Аливаа аян тогтмол өрнөснөөр үр дүн авчирдагийг Хавдрын эсрэг үндэсний аянаас харж болно. МҮОНТ-ийн уран бүтээлч бидний хувьд энэхүү аянд таван жил дараалан оролцсоноороо үзэгч олондоо хавдрын талаарх төг ойлголтыг өгч, эрүүл аж төрөх дадал зрушлыг таниулж байгаа. Хэвлэлийнхэн маань эрүүл энхийн төлөөх аянд эмч нартай хамт оролцож байгаагаараа бахархдаг” гэлээ.

Хавдар өвчний дийлэнх олонх хувь нь хөгжиж байгаа орнуудад тохиож байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо. 2030 он хүртэлх прогнозоор хавдар төдийлөн буурахааргүй дүр зураг гарчээ. Дэлхий нийтийн хэмжээнд харанга дэлдээд байгаа хавдар өвчин манай улсад өнгөрсөн онд өмнөх оноосоо таван хувиар өсчээ. Гэвч хавдрыг эрт илрүүлж, оношлуулбал бүрэн эдгэрдэг өвчин юм байна. Тиймээс л урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах дадлыг амьдралдаа хэвшүүлэх учиртайг ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар хэллээ.

Энэ жилийн хувьд Хавдрын эсрэг үндэсний аяныг санхүүжүүлэхэд Хаан банкнаас 100 сая төгрөг гаргахаар төлөвлөжээ. Энэхүү хөрөнгөөр, хавар, намрын саруудад Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Өмнөговь, Завхан, Ховд гэсэн хавдрын өвчлөл өндөртэй найман аймагт очиж ажиллах ажээ. Мөн сэтгүүлчдийн дунд хавдрын эсрэг бичлэгийн уралдаан зарлахын сацуу хэвлэл мэдээллийн салбарынхныг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэдгээ илэрхийлж байлаа.

Хавдрын эсрэг үндэсний аяны нээлтийн ёслолын дараа шадар сайд Ц.Оюунбаатар ХСҮТ-ийн үзлэг эмчилгээтэй танилцаж, иргэдийн санаа бодлыг сонслоо. ХСҮТ-ийн одоогийн барилга нь 1982 онд баригдсан бөгөөд өнөөг хүртэл шинэ байр бариагүйгээс эмчилгээ, үйлчилгээний хүрэлцээ муу байдаг гэнэ. Тус эмнэлэг өргөтгөлөө барьж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч хараахан ашиглалтад орж амжаагүй байгаа юм. Хэрвээ шинэ барилга ашиглалтад орвол тус эмнэлгийн үйлчилгээний хүртээмж 30 хувиар нэмэгдэх боломжтой юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

10 мянган дууг кодолж, оюуны өмчийг баталгаажуулна

Монгол Улс дуу, хөгжим, зохиолч, нийтлэлчдийн эрх ашиг, оюуны өмчийг хамгаалахад нэг шат ахижээ. Учир нь, олон улсын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн холбоо буюу “CISAC”-д гишүүнээр элссэн байна. Улмаар Япон, Өмнөд Солонгос, Австрали, Англи тэргүүтэй 10 гаруй оронтой энэ чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд нэн тэргүүнд 10 мянган дууг кодолж, оюуны өмч болон зохиогчийн эрхийг баталгаажуулахаар болсон байна.

CISAC гэх байгууллага нь 120 орны 230 гаруй гишүүн нийгэмлэгтэй бөгөөд гурван сая гаруй дуу, шүлэг, дуурь, уран зохиол, дүрслэх урлагийн бүтээлчдийг төлөөлдөг. Цаашлаад зохиогчийн эрхийг хамгаалж ажилладаг юм. Энэ удаад Монгол Улстай хамтарч ажиллахаар болжээ. Нэн тэргүүнд Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, дуучдын 10 мянган дууг кодлуулж, олон улсад бүртгэлжүүлэхээр ажиллаж байгаа юм. Цаашдаа 60 мянган дууг бүртгэлжүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Ингэхийн тулд нэн тэргүүнд уран бүтээлчид өөрсдөө Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгтэй гэрээ байгуулах хэрэгтэй. Улмаар өөрийн дуугаа коджуулах учиртай. кодлох уран бүтээлд шаардлага шалгуур тавихгүй. Дууны чанарын асуудлыг ч хөндөхгүй. Гагцхүү тухайн уран бүтээлч Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгтэй гэрээ байгуулсан л бол шинэ дуу, хөгжмийг нь коджуулах юм байна.

Мөн 1992 оноос өмнөх Алтан үеийн хэмээн нэрлэгддэг уран бүтээл тодорхой эзэнгүй, хүссэн хүн бүр зохиогчийн эрхгүйгээр дуулдаг. Чухам энэ асуудлаас эхлэн шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзжээ. Тиймээс эдгээр Алтан үеийн уран бүтээлүүдийг Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгт бүртгэлжүүлж, эзэнтэй болгосон байна.

Монголд зохиогчийн эрх, оюуны өмчийг хангаж ажиллахад нийтлэг хэдэн асуудал тулгардаг хэмээн Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар хэлсэн юм. Тухайлбал, зохиогчийн эрх гэж юуг хэлэх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголт байхгүй, хоёрдугаарт, дуу, хөгжмийг хэн хамаагүй аваад дуулдаг, түүнийг телевизороор зөвшөөрөлгүй нэвтрүүлсээр ирсэн буруу жишиг, ойлголтыг залруулах гэсэн хүндрэлүүд гардаг байна.

Ямартай ч эхний ээлжид олон улсын байгууллагын гишүүн болсноор уран бүтээлийг коджуулах ажлаас эхлэн цэгцэнд нь оруулна хэмээн тэд үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны нээлт боллоо

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Хил хамгаалах Ерөнхий газрын штабын дарга, хурандаа Ц.Гансүх, Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, нийслэлийн ЗДТГ-ын дарга, “Монгол цэргийн жавхаа – 2016” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуун, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын удирдлага, албан хаагчид, иргэд оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. “Монгол цэргийн жавхаа” уралдаан жилээс жилд өргөжин тэлж, эх оронч үзэлтэй, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, хувийн зохион байгуулалттай, үйл ажиллагааныхаа чиг баримжааг мэдрэх чадвартай, дайчин иргэдийг бэлтгэж байгаад баяртай байна. Энэхүү уралдаан зорилгодоо хүрч, үр дүнтэй үргэлжилж байгаад урамшиж, нийслэлээс Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран цэргийн байгууллагуудыг шинэчлэх ажлынг эхлүүлэхээр зураг төслийг нь боловсруулж байгаа юм. Цаашид бид Монгол Улсын Зэвсэгт хүчин, монгол цэргийнхээ чадавхийг дээшлүүлж, нэр төрийг өргөх, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийх болно гэдгийг хэлмээр байна.” гэлээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.

Уралдааны нэгдүгээр шат 02 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулна. Хоёрдугаар шатны шалгаруулалт 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл болж, нэгдүгээр шатанд шалгарсан 9 ангийг дүгнэнэ. Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг 05 сарын 28-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно.

Өнгөрсөн жилийн уралдаануудад цэргийн анги, байгууллагууд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилтийн ажлыг хийжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

101 грамм сэтгэцэд нөлөөлөхүйц хар тамхийг хураажээ

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэгэн рестораны гадна автомашины зогсоолоос Э, Э, О, М, А гэх этгээдүүд машин дотор мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг илрүүлж, тэднээс 1.1 грамм ICE буюу мөс гэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан байв. Мөн тухайн өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо “Peace bridge” зочид буудлын автомашины зогсоол дээрээс Б, Г нарыг баривчилж шалгахад 19.2 грамм ICE буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Дээрх хэргийг 1988 онд төрсөн эмэгтэй З, 1988 онд төрсөн эрэгтэй А нар үйлдсэн бөгөөд тэднийг өнгөрсөн бямба гаригт БНХАУ-ын Эрээнээс Улаанбаатар хотод ирэх үед нь баривчилж шалгахад дээрх их хэмжээний ICE буюу мөс гэх сэтгэцэд бодис илэрчээ. Уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа эмэгтэй З нь улсын хилээр хууль бусаар удаа дараа сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Уг хэрэгт холбогдоод байгаа 1988 онд төрсөн эрэгтэй А гэгч нь төрийн алба хаагч бөгөөд ИХШХЕГ-т (Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар) ажилладаг юм байна. Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрсөн ням гаригт ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид баривчлан хорьжээ.

Categories
мэдээ нийгэм

Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг томилогдлоо

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн зээлийн нэгдүгээр шатанд хэрэгжүүлэх Сэлбэ, Баянхошуунд баригдах барилга байгууламж, зам болон инженерийн дэд бүтцийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах хороог томиллоо. Мөн Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрт газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Дээрх ажлын хэсгүүдийг томилсноор тухайн бүсэд заашдсан газрыг чөлөөлөх, айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил албан ёсоор эхэлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгт “Монголын өдөрүүд” тохиож байна

Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэгийн Аялал жуулчлалын корпорацийн “Maurya” зочид буудалтай хамтран Шинэ Дели хотноо Монголын өдрүүдийг зохион байгуулж байна. Монголын өдрүүдэд элчин сайдын яамны “Модерн Номадс”, ардын урлагийн “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид оролцож урлагын тоглолтоо сонирхуулж байна. Монголын өдрүүд арга хэмжээ энэ сарын 28-ны өдөр дуусах ба тус улсын хэвлэл мэдээллүүд Монгол улсын талаар сонирхон бичиж эхэлжээ. Нээлтийн ёслолд Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад хэргийн яам, Гадаад орнуудтай соёлоор харилцах зөвлөлийн болон Монгол Улстай ажил хэргийн өргөн харилцаатай боловсрол,шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн байгууллагууд, Шинэ Дели хотоос хавсран хамаардаг Өмнөд Азийн улсуудын Элчин сайдууд, ДТГ-ын ажилтнууд, Мумбай, Чиннай, Колькутта хотод суугаа Өргөмжит консулууд, Энэтхэгт оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хүн ам өнгөрөгч онд 2.2 хувиар өсчээ

Үндэсний Статистикийн Хорооны 2015 оны жилийн эцсийн тайлангаас харахад Монгол Улсын хүн ам 2015 оны эцэст урьдчилсан дүнгээр 3061.6 мянга болж, өмнөх оныхоос 65.6 мянган хүн буюу 2.2 хувиар өсчээ.

Улсын хэмжээнд 2015 онд 82 мянга 130 хүүхэд төрсний 1255 буюу 1.5 хувь нь гадаадад мэндэлсэн байна. Энэ хугацаанд 80 мянга 434 эх амаржиж, төрсөн хүүхдийн тоо 80 мянга 875 болж, өмнөх оныхоос амаржсан эх 794 буюу 1 хувиар, хүүхдийн тоо 840 буюу 1 хувиар буурсан байна.

Харин 2015 оны арванхоёрдугаар сард 6704 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6738 болж, амаржсан эх өмнөх сарынхаас 23 буюу 0.3 хувиар, хүүхэд 37 буюу 0.5 хувиар буурчээ.

Улсын хэмжээгээр 2015 онд нялхсын эндэгдэл 1234 болж, өмнөх оныхоос 17 хүүхэд буюу 1.4 хувиар, 5 хүртэлх насандаа 1476 хүүхэд эндэж, өмнөх оныхоос 29 хүүхэд буюу 1.9 хувиар буурсан байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд 2015 оны 12 дугаар сарын эцэст 32.8 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4.2 мян.хүн буюу 11. хувиар буурч, өмнөх сарынхаас 1.5 мян.хүн буюу 4.7 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54 хувь буюу 17.7 мянга нь эмэгтэйчүүд байна.

Categories
мэдээ улс-төр

АН дотор фракц үүссэн үү

Ан дотор МоАН гэх нэгдэл бий боллоо гэж яригдах болсон. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болдтой хийсэн ярилцлага “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт хэвлэгдлээ.

Тэрээр хэлэхдээ “Энэ бол нийгэмд үйлчлэх байгууллага юм. Үүсгэн байгуулах хуралд оролцсон, санаачилгад нэгдсэн хүмүүсийн дийлэнх нь улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө санаа зовнидог, нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог хүмүүс байгаа учраас улс төрийн байгууллага, эсвэл Ардчилсан намын гишүүдийн бүлэг, фракц гэж ойлгогдож байхыг үгүйсгэхгүй. Хэнийг ч хүчилж албадаагүй энэхүү санаачилга өөрийн энерциэрээ томорч явсаар өнөөдөр хэлбэрээ оллоо гэж ойлгож болно. МоАН нэгдэл ийм зарчмаар үүсч нэгтгэгдсэн төрийн бус байгууллага гэж ойлгох нь зүйтэй” гэсэн юм.

Дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы http://admin.dnn.mn/ цахим хаягаар өнөөдрийн дугаарыг захиалан уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажилд 146 тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан өчигдөр болж энэ онд хийгдэх автозамын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Нийт 33.3 км авто зам 745 у/м гүүр шинээр барьж, 61.3 км авто зам 84 у/м гүүр өргөтгөн шинэчлэхээр болжээ. Энэ онд хийгдэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг танилцуулж байна.

Нэг: АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 6 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  • Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
  • Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
  • Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
  • Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт
  • Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил
  • Яармагийн гүүрнээс “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын 1130 гэрэлтүүлгийг шинээр тавих ажлыг хийхээр төлөвлөжээ.

Хоёр: Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх 6 төсөл арга хэмжээ

  • Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхор тосгон хүртэлх 1.79 км авто зам
  • Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг Орбитын уулзварааас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл
  • Улаанбаатар Налайх дүүрэг, Төв замаас Городок хүртэлх 1 км хатуу хучилттай авто зам
  • Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо Дарь Эх цогцолборын авто замын ажил
  • БЗД, Фм-104.5 радиогийн хажуугийн 250 км замыг асфальтан зам болгох, сансарын колонкийн арыон төв зам хүртэл

Гурав: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх 1 төсөл, арга хэмжээ

  • ХУД, 7 дугаар хороо 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1,2 км авто зам

Дөрөв: Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр он дамжсан болон шинээр хэрэгжүүлэх 4 төсөл, арга хэмжээ

  • Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр, Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • ХУД, 5 дугаар хороо Хаан банкны салбараас хойшхи 0,5 км авто зам
  • Баянзүрх дүүрэг Монел орчмын 0.8 км авто зам

Тав: Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ

  1. Он дамжин хэрэгжиж байгаа 3 төсөл, арга хэмжээ
  • Багануур дүүргийн 2.4.5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6.44 км авто зам
  • Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам барих ажил
  • Өвөр гүнтийн 11 км авто зам барих ажил
  1. 2015 онд батлагдсан гүйцэтгэгч нь шалгараагүй 5 төсөл, арга хэмжээ
  • Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам
  • Хуурай мухарын амны шинээр барих 2.0 км авто зам
  • Шадивлангийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил
  • Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэлт
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр
  1. НИТХ-ын тогтоолоор батлагдсан 2016 онд Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтаар шинээр хэрэгжүүлэх 38 төсөл, арга хэмжээ
  • Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц
  • Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310 у/м гүүрийн хамт
  • Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлт
  • Авто худалдааны цогцолбороос Тахилтын авто замтай холбогдох 3.6 км авто зам

Зургаа: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэнх 4 төсөл, арга хэмжээ

  • Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцын төслийн “тусгайлан зээлийн гэрээ” 2015 оны арваннэгдүгээр сарын 10-нд байгуулагдсан
  • Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн “тусгайлан зээлийн гэрээ” 2015 оны 11 сарын 10-ны өдөр байгуулагдсан.
  • Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м гүүр, Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендерийг 2016.02.26-нд нээнэ.
  • Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэлтийн төслийн санхүүжилтийг Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор баталсан. Сангийн яам Хятадын ЭСЯ-аас ажил гүйцэтгэх компаниудын нэрсийг яаралтай ирүүлэх хүсэлтээ хүргүүлээд байна. Төслийн ажлыг 2016 оны зургаадугаар сард багтаан эхлүүлэх зорилт тавьж байна.

2016 онд улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессын гэрээгээр 146 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр зам, гүүрийн ажил хийж гүйцэтгэх юм байна. Зам засвар, шинэчлэлтийн ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлж долоодугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Марс, Сникерс, Милки вей шоколадыг эргүүлэн татахаар болжээ

Дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгчдийн нэг гэгддэг Марс компани сникерс, милки вей, марс зэрэг бидний амтархан иддэг шоколадуудыг Их Британи болон Европын хэд хэдэн орноос захиалгаа эргүүлэн татахаар болжээ. Тус компаниас хэрэглэгчиддээ эдгээр шоколадыг идэхгүй байхыг анхааруулж байна. Учир нь өнгөрсөн сард Германд сникерс шоколаднаас улаан өнгийн хуванцар гарч иржээ.

Уг шоколадыг Марс компанийн Недерланд дахь салбар үйлдвэр нийлүүлсэн байна. Хэдийгээр эдгээр шоколадны хугацаа 2016 оны зургаадугаар сараас 2017 оны нэгдүгээр сарын хооронд дуусахаар байгаа ч тус салбараас Их Британи, Герман, Испани, Франц зэрэг 55 орон руу нийлүүлсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Түүнчлэн марс, твикс, сникерс, боунти, милки вей зэрэг шоколадуудын цуглуулга болох “Celebrations”-ийг ч зах зээлээс буцаан татах юм байна.

Эдгээр шоколадыг үйлдвэрлэгч Недерланд дахь салбарын удирдлагууд “Зөвхөн сникерс шоколаднаас л хуванцар гарч ирсэн ч бусад шоколаданд байхгүй гэсэн баталгаа өгч чадахгүй. Иймд зах зээлд нийлүүлсэн бүх шоколадыг эргүүлэн татахаар шийдсэн” гэж мэдэгджээ.

Дашрамд дурьдахад, тус компани М&M, Твикс, Галакси, Баунти зэрэг 29 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд өнгөрсөн жил 33 тэрбум ам.долларын борлуулалттай байжээ.