Categories
мэдээ нийгэм

Иргэдийн гадаад паспортыг шинэчлэхээр болжээ

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны сүүлээр иргэдийн гадаад паспортыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор шинэчлэхээр төлөвлөжээ. Эдүгээ Монгол Улсын иргэд 2002, 2006 оны загвар бүхий гадаад паспорт ашигладаг. Түүнд чип байдаггүй, хугацааг нь сунгахдаа улсын бүртгэгчид гараар бичилт хийдэг зэргээр цаг үе, дэлхийн стандартаас хоцрогдсон гэж үзжээ. (Чип гэдэг нь тухайн иргэний тухай мэдээллийг аливаа улсын хил дээр эрх бүхий байгууллага тайлж уншиж болох нууцлал бүхий гялтганасан наалт юм).

Чиптэй паспорт нэвтрүүлснээр Монгол Улсын иргэд хилээр гарах, олон улсын виз мэдүүлэхэд хялбар болох аж. Шинэ паспортын тендерт Унгар Улсын Үнэт цаас, мөнгөн тэмдэгт үйлдвэрлэлийн компани ялжээ. Унгарын ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд эдүгээ паспортын бэлдэц хүлээн авах ажлаа эхлүүлсэн байна.

Шинэ гадаад паспортыг энэ оны сүүлийн хагасаас хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Өндөр нууцлалтай, чиптэй паспорт авах уу, эсвэл хуучин хувилбараа хэрэглэх үү гэдгээ иргэд өөрсдөө шийдэх боломжтойг эх сурвалж мэдээлэв. Гэхдээ 2017 оны сүүлч гэхэд Монгол улсын насанд хүрсэн бүх иргэн шинэчилсэн гадаад паспорттой болсон байх ёстой аж. Шинэчилсэн паспортын хувьд чиптэй гэдэг утгаараа өндөр нууцлалтай, сунгалт хийлгэх шаардлагагүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Албан татвараа төлөөгүй 97770 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна

Авто тээврийн хэрэгслийн албан татвар,
төлбөр хураах ажлыг автомашиных нь улсын дугаарын сүүлийн тооноос
хамаарч төлөх журам өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Журмын дагуу
тээврийн хэрэгслийн сүүлийн тоо нь 2, 7-гоор төгссөн жолооч нар энэ
сардаа багтаан татвараа төлөхийг албаныхан анхааруулж байна.

Мөн энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд 105
мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тооцоо гарчээ.
Эхний ээлжинд дөрвөн жил буюу 2012-2015 онд техникийн хяналтын үзлэгт
ороогүй, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа
төлөөгүй 97770 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах юм байна. Мөн
ашиглахгүй байгаа болон улсын хилээр гараад эргэж орж ирээгүй тээврийн
хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн дэгдэлт буурчээ

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 79625
үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 6531 тохиолдол оношилогдсон
буюу нийт үзлэгийн 8.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн
дунджаас 3.3 хувиар буурсныг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Гэвч энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.6
хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Нийт өвчлөгчийн 84.0 хувийг
0-9 насны хүүхдүүд эзэлжээ. Хүүхдийн түргэн тусламжийн 2466 дуудлага
ирүүлсний 1245 тохиолдол буюу 50.5хувь нь томуу, томуу төст өвчин гэж
оношлогдсон байна. Томуу томуу төст өвчин нь амбулаторийн үзлэгийн
Налайх дүүрэгт 11.3 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Багануур дүүрэгт
9.7 хувийг тус тус эзэлж буй нь хамгийн өндөр байна.

Categories
мэдээ спорт

Өвлийн морин уралдаан хүүхдийн эрхийг зөрчиж байна гэлээ

Өнөөдөр Монголын хүүхдийн төлөө
байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос “Дүнжингарав” өвлийн
уралдаан нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр тус холбооны тэргүүн Д.Авирмэд “Өвлийн морин
уралдаан нь уламжлал гэхээсээ илүүтэй зугаа цэнгэлийн хэлбэртэй болсон.
Энэ уралдаанд хүүхдүүд хохирч байна. Өвлийн хүйтний жавар арилаагүй
хатуу хахир цаг үед хүүхдээр хоёр цаг морь унуулж байгаа нь хүүхдийн
эрхийг ноцтой зөрчиж байгааа хэрэг. Баяр наадмийн тухай хуулиар
долоодугаар сарын уралдааныг зохицуулсан хэдий ч өвлийн уралдааныг
зохицуулсан тодорхой заалт байхгүй. Тиймээс энэ асуудалд яаралтай арга
хэмжээ авах хэрэгтэй. Бүр шаардлагатай гэж үзвэл насанд хүрэгчид өөрсдөө
морио унах хэрэгтэй. Тиймээс “Дүнжингарав-2016- морин уралдааныг зохион
байгуулахгүй байх нь зүйтэй” гэлээ.

Энэ оны эхээр Төв болон Өвөрхангай
амйгийн засаг дарга нар өвлийн морин уралдааныг аймгийн нутаг дэвсгэрт
зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргаж байсан. Харин өнгөрөгч
долоо хоногт “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ
сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулахаар
төлөвлөж, уг хуваарийг хоёрдугаар сарын наймны өдрийн Засгийн газрын
ээлжит хуралдаанаар баталжээ. Харин хангайн бүсийн хаврын уралдааныг
Өвөрхангай аймагт 3 дугаар сарын 6-нд зохион байгуулах юм. Хурдан морины
уралдааны үеэр хүүхэд хохирч байсан тоо баримтуудаас дурьдвал, 2013 онд
нийт 8148 хүүхэд морь унаснаас 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж,
916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан
хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болж байв. Мөн 2014 онд 7477 хүүхэд
хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн
гэмтэж, 25 хүүхэд хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байжээ.
Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан судалгаагаар хурдан морины
унаач хүүхдүүдийн дийлэнх нь 6-12 насны хүүхэд байдаг гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Барилгын тусгай зөвшөөрлийг 35 өдрийн дотор олгоно гэв

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үүнтэй
холбоотойгоор салбарын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Шинээр
батлагдсан хууль есөн бүлэг, 50 зүйлтэй бөгөөд барилгын эрх зүйн орчныг
олон улсын стандартад нийцүүлсэн гэдгийг салбарын яамны холбогдох
албаныхан онцоллоо.

Тухайлбал, өмнөх хуулиар барилга барих зөвшөөрөл авахад нийтдээ 124 гарын үсэг зуруулах шаардлагатай байсан бөгөөд үүнд 504 өдөр зарцуулдаг байсан байна. Харин хууль шинэчлэгдсэнээр нийт 56 гарын үсгийг 35 өдрийн дотор цуглуулах боломжтой болсон гэнэ. Түүнчлэн барилгын салбарт даатгал, хариуцлагын тогтолцоог бүрэн нэвтрүүлснээрээ онцлогтой гэлээ.

Categories
энтертаймент-ертөнц

Б.Баатар “Херо”-г орхиж, Ийгл телевизийн ерөнхий найруулагчаар томилогджээ

“Херо энтертаймэнт” студийн захирал, найруулагч Б.Баатар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хөндийрөхийг хүсч байна. Энэ нэвтрүүлгийг хийх дараагийн боломж найруулагчдад бий” хэмээн мэдэгдээд байв. Тэгвэл түүний эл мэдэгдэл биелэлээ олж, Б.Баатар “Херо энтертайнмэнт”-ийг орхиж, Ийгл телевизийн Ерөнхий найруулагчаар томилогдсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хадгаламж 85.8 тэрбум төгрөгөөр буурчээ

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 7297.3 тэрбум төгрөгийн хадгаламж банкуудад байршиж байна. Энэ нь өмнөх сараас 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 6.1
хувь буюу 63.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 37.5 хувь буюу 587.1
тэрбум төгрөгөөр буурч 980.5 тэрбум төгрөг болжээ. Харин иргэдийн
төгрөгийн хадгаламж өмнөх сараас 1.3 хувь буюу 57.7 тэрбум төгрөгөөр
буурч, өмнөх оны мөн үеэс 14.1 хувь буюу 535.0 тэрбум төгрөгөөр өсч
4332.0 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Нийт хадгаламжийн 72.8 хувь нь төгрөгийн, 27.2 хувь нь валютын хадгаламж байна.

Categories
мэдээ нийгэм

Хил дамжин тархах халдварт өвчнөөс сэргийлэх цахим сургалт хийв

МХЕГ-аас шинэ
болон дахин сэргэж буй халдварын тохиолдол, нас баралт дэлхий дахинд
буурахгүй байгаатай холбогдуулан Монгол Улсын хилээр дамжин тархах
эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгож, сэжиг илэрсэн үед авах
хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх зорилгоор цахим сургалт зохион
байгууллаа.

Цахим
сургалтад хилийн боомт дахь алба, хэлтсийн удирдлага, эрүүл ахуй,
халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамрагдаж, халдварт өвчний
цаг үеийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх талаар суралцав.

Сүүлийн
жилүүдэд эбола вируст халдвар, коронавирусийн халдвар болон шувууны
томуугийн халдвар дэгдэж байсан бол хамгийн сүүлд зика вирусийн халдвар
дэлхийн 30 гаруй оронд тархаад байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголчууд” III түүхэн цувралын нээлт боллоо

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Монголчууд” түүхэн цувралын гуравдугаар ботийн нээлт өнөөдөр “Интерном” номын их дэлгүүрт боллоо.

Уг даацтай бүтээлийн ерөнхий редактороор түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан ажилласан байна. Мөн түүхчдээс Түүхийн шинжлэх ухааны доктор, зөвлөх профессор З.Лонжид, доктор, профессор Г.Мягмарсамбуу, Түүхийн шинжлэх ухааны магистр П.Лхам нар ажиллажээ. Харин бусад салбараас Боловсрол судлалын ухааны доктор Б.Батсайхан, М.Дэлгэржав, Соёл судлалын ухааны доктор Ж.Баатарцогт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Раднаабазар, Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Эрдэнэтунгалаг, Л.Энхбаатар нар ажилласан юм байна.

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Раднаабазар нээлтийн үеэр хэлэхдээ “Цуврал гарч байгаа нь Монголын ард түмнийг соён гэгээрүүлэхэд их үнэтэй хандив болж байгаа юм. Сүүлийн цувралын “Анагаах ухаан” гэсэн хэсгийг миний бие бичсэн. Тэгэхээр тус хэсэгт 1960 он хүртэл анагаах ухаан Монголд хөгжихөд ямар бэрхшээл байсан, ололттой тал нь юу байсан гэдгийг харуулах гэж зорьсон. Жишээлбэл, Монголд хамгийн анх хэн гэдэг хүн, ямар мэс засал хийсэн нь доторхойгүй байдаг. Мөн анх тарилга хийсэн хүн гэхэд л мэдэгддэггүй. Тиймээс янз бүрийн судалгаа хийн, түүхэн баримт цуглуулж мөн гадаадын орнуудад хэвлэгдсэн манай анагаах ухаантай холбоотой зүйлсүүдийг оруулсан нь энэхүү ботийн онцлог болсон. 1937 он хүртэл манайд анагаах ухааны эрдэм шинжилгээний өгүүлэл 10 гаруй гарсан байдаг. Тэдгээрийг бас жагсаан оруулсан нь энэхүү номын бас нэг онцлог зүйл болсон” гэсэн юм.

Уг цувралын эхний боть нь “Монголчууд ХХ зууны эхэнд” гэсэн нэртэйгээр гарч байсан бөгөөд тус ботьдоо Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос 1921 оны хоорондох түүхийг голчлон харуулсан. Харин “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” гэх хоёр дахь ботьдоо Манжийн эрхшээлд байсан 300 орчим жилийн түүхийг холбогдох гэрэл зураг, архивын баримт материалын хамт дэлгэн харуулсан байдаг.

Харин энэ удаагийн цуврал буюу гуравдугаар ботьдоо 1924-1959 оны үеийн Монголын түүхийг багтаасан бөгөөд энэхүү хугацааг сонгосны учрыг Бүгд найрамдах улс байгуулсан үеэс нэгдэлжих хөдөлгөөн ялсан үеийг түүхийн нэгэн үе болгон авсан хэмээн тайлбарлаж байна. Энэхүү 1924-1959 оны түүхийг өгүүлэх гуравдугаар боть нь “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” гэсэн нэртэйгээр гарч байгаа бөгөөд нүүдэлчид хэрхэн суурьшмал амьдралын хэв маягийг хүлээн авсан хийгээд улс орны бүтээн байгуулалт, улс төрийн үйл явдлууд хэрхэн өрнөснийг сонирхолтойгоор өгүүлэх ажээ.

Тус цувралын эхний хоёр ботийг https://www.internom.mn/ сайтаас онлайнаар худалдан авах боломжтой ба 2016 ондоо багтаан Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн үеэс 13-р зуун хүртэл, 13-16-р зууны үеийг харуулсан хоёр ботийг уншигчдын хүртээл болгон гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Харвардад монголын хөгжлийн форум зохиогдлоо

Өнгөрөгч Лхагва гаригт АНУ-ын Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд “Монголын хөгжлийн форум” амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын хөгжлийн асуудлаар зохиогдсон тус арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд Б.Алтангэрэл, мөн Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, тус улсад суугаа манай улсын Ерөнхий консул Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын газрын дарга Жавхланбаатар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Энхболд нарын Монголын төлөөлөгчид оролцсон юм.

Харвардын их сургуулийн нэр хүндтэй, нөлөө бүхий профессорууд болох Рикардо Хаусмэн, Дэвид Кинг, Стив Жардин нарын зочид, Мянганы сорилтын сангийн төлөөлөгчид оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэг хийх юм. Профессор Хаусмэний хувьд Монгол Улсын хөгжлийн асуудлаар сонирхолтой судалгаа хийснээ танилцуулсан нь арга хэмжээний үнэ цэнийг илтгээд зогсохгүй, жил бүр ийм форум зохион байгуулах шаардлагатайг нотолж байв.

Хөгжлийн форумд Харвард, MIT болон Бостон орчмын сургуулиудад багшилж байгаа болон сурч байгаа Монгол судлаач, оюутнууд өргөнөөр оролцох бөгөөд дэлхийн олон орноос Харвардад суралцагч оюутан, судлаачид оролцсон юм.

Монгол орноо олон улсад илүү ихээр сурталчилах, улмаар хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд Монголын сайн нэрийг бататгах зорилгоор энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар санаачилж буй бөгөөд Харвардын их сургуулийн судалгааны хүрээлэнгүүд санхүүжүүлсэн болно.