Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанаас нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, автобусны зогсоолд бүрэн орж зогсох байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэхүү үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж, байгууллагад “Жолооч нарт үйлчилгээний заавар зөвлөмжийг тогтмол өгч, автобусны зогсоолд бүрэн орж зогсох, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах тухай” албан бичгийг нийслэлийн Тээврийн газраас хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Мөн нийслэлийн өнгө төрх, үйлчилгээний соёл, чанарыг сайжруулах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага” стандартуудыг мөрдөхөд анхаарч ажиллаж байна. Нийтийн тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалган гадна, дотор цэвэрлэгээг хийлгэж, шугам замд унтарч эвдэрсэн тээврийн хэрэгслийг замаас чөлөөлөх чирэгчийг хуваарийн дагуу ажиллуулж хэвшлээ.

Categories
мэдээ нийгэм

Дээврийнхээ цас, мөсийг арилгахыг даалгалаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа “Үүрэг өгөх тухай” албан даалгавар гаргалаа. Албан даалгаврын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж байгууллагууд дээврийнхээ цас мөсийг арилгах үүрэгтэй бөгөөд биелэлтийг ирэх гуравдугаар сарын 15-ны дотор фото зургаар баримтжуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтсийн холбогдох мэргэжилтэнд ирүүлэх ажээ. Хэрэв дээвэр дээрх цас мөсөө арилгаагүйн улмаас хүн гэмтсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн байгууллага хохирлыг хариуцна гэдгийг мөн анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“АСЕМ вилла” хотхоны барилгын ажил дуусчээ

Улаанбаатар хотод ирэх долдугаар сард АСЕМ-ын уулзалт болно. Манай улс Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн 51 улс, олон улсын хоёр байгууллагын удирдагч, тэднийг дагалдан манай улсад ирэх улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 5000 орчим зочид төлөөлөгч ирэх урьдчилсан тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлах том боломж, мөн том хариуцлага бидний өмнө бий тулгараад байгаа билээ.

АСЕМ-ийн Үндэсний зөвлөл байгуулагдаж, олон дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж бэлтгэлээ базааж байна. Нийтдээ 44 зочид буудалд зээл олгож, тохижуулснаар дээд хэмжээний чуулга уулзалтын зочдыг хүлээн авна. Зочид буудлуудын ихэнх нь өдгөө үйл ажиллагаа явуулж буй томоохон газрууд юм. Тухайлбал, “Shangri-La”, “Blue Sky”, “Best Western Premier Tuushin”, “Улаанбаатар”, “Баянгол”, “Corporate”, “Continental”, “Puma Imperial” зэрэг болно. Мөн ирэх онд ашиглалтад орох хэд хэдэн зочид буудал байгаа юм.

Өнгөрөгч оны наймдугаар сард “АСЕМ вилла” хотхоны бүтээн байгуулалт зогссон гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Тэгвэл албаныхны мэдээлснээр тус хотхоны бүтээн байгуулалтын ажил дуусчээ. Одоо дотор тохижолт, гэрэлтүүлгийн ажлыг хийж байгаа аж. Уг ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд тавдугаар сарын 01-нд бүх ажлаа дуусган хүлээлгэн өгнө хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өгнө, өгөхгүй гэж маргалдахад хүртэл дагадаг соёл дэлгэрч байна

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр АНУ-ын Калифорни мужийн Сан-Бернардинод алан хядах ажиллагааны үеэр 14 хүн амиа алдаж, 21 хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн үед гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрсэн террористуудын үйлдлийг АНУ-ын Засгийн газар буруушааж, галт зэвсгийн хэрэглээний талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, террорист ажиллагаанд сэжиглэгдэж буй иргэдэд галт зэвсэг худалдахгүй байхыг тусгаж өгөхийг Конгрессийн гишүүдээс хүсч байсан.

Тус улс үндэсний аюулгүй байдалдаа ихээхэн анхаарал хандуулж, бүхий л салбартаа хамгаалалтаа сайжруулаад байгаа. “Аш-Шабаб”, “Лалын улс” зэрэг бүлэглэл өөрсдийн сургаж, бэлтгэсэн хүмүүсээ аль нэг улсад илгээдэг уламжлалт арга барилаа өөрчилж, бусад улс орны иргэдийг халдлагад оролцохыг уриалах болсон. Америкийн сомали гаралтай иргэд шашны туйлширсан үзэлтнүүдтэй нэгдэхээр хилийн чанадыг зорих болсон нь түгшүүр төрүүлж байгаа юм.

Тус улсын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг хатуу зогсохоо илэрхийлж “АНУ алан хядагчидтай дэлхийн булан бүрт тэмцэх болно” гэсэн билээ.

Сан Бернардино хотод болсон террорист халдлагын дараа гэмт хэрэгтний ip­hone маркийн гар утас хэргийн газраас олдсоноор нь олон нийт “Уг гар утсан дахь мэдээллээр дамжуулж террористуудын сүлжээг илрүүлж, зангилааг нь тайлах боломжтой” гэж үзэж, үүнд “Аpple” компанийг тусална хэмээцгээж байсан юм. Ийм мэдээ олон нийтийн сүлжээгээр эрчээ авах үеэс л тус компани үүнд туслах боломжгүй гэдгээ илэрхийлсээр байсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд авсан.

Дэлхийн сая сая хэрэглэгчийнхээ хувийн нууц, эрх ашгийг чандлан хадгалдаг “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук “Цагдаагийн ажилтнууд болон Холбооны мөрдөх товчооноос удаа дараа ирүүлсэн хүсэлтийг хүлээж авах боломжгүй. Биднийг “арын хаалгадаж” байгаад мэдээлэл авах гэж улайрч байгаа нь аль аль талдаа эрсдэлтэй. Тиймээс уг хүсэлтийг биелүүлэхгүй. Бид хэзээ ч гар утасны мэдээллийг задалж өөр бусдад өгч байгаагүй. Хүчний байгууллагууд бидэнд хандаж тухайн гар утасны мэдээллийг авах сонирхолтой байгаа нь эргээд “Apple”-ийн олон сая хэрэглэгчийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг болно” гэж нээлттэй захидлаар олон нийтэд мэдэгдсэн юм.

Сан-Бернардинод болсон аймшигт халдлагыг Сиед Фаруук, Ташфен Малик гэх “Исламын улс” бүлэглэлийг дэмждэг хос үйлдсэн. Тэд 14 хүн рүү гал нээж эцэст нь цагдаа нарт буудуулж амиа алдсан юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо тэдний хамсаатнуудыг илрүүлэхийн тулд утаснаас нь мэдээлэл авах зөвшөөрлийг Калифорни мужийн шүүхээс аваад байсан юм. Шүүхээс гэмт хэрэгтний утасны кодыг тайлж өгөхийг “Apple” компаниас шаардсан ч тус компани үүнийг эрс эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсээр буй. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудаас Засгийн газрын энэ түрэмгийлсэн үйлдлийг ухаалаг бус, хууль бус явдал гэдгийг ч онцолж “Хүний эрхийг зөрчиж байна” гэжээ.

Энэ бүхнийг тоймлоод харвал улс орныхоо аюулгүй байдлын төлөө алан хядагчдын талаарх мэдээллийг гэмт этгээдийн гар утсаар дамжуулж олохыг хүсч байгаа нь АНУ-ын Засгийн газрын зөв. Нөгөө талд нь байгаа “Apple” компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэнд ч өгөхгүй, хэрэглэгчийнхээ эрх ашгийг чандлах нь бидний ёс зүй хэмээн гүрийж байгаа нь ч бас зөв л дөө. Энэ хоёрын аль нэг талд нь орж нөгөөг нь буруушаахыг хүссэнгүй. “Apple” компанийн хувьд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд маш том зүйлийн эсрэг зогсч, хувь хүний мэдээллийг хадгалах гэдэг бизнесийн гол зарчмаасаа ухрахгүй байна. Хэрэвзээ манайд иймэрхүү зүйл тохиолдвол захын нэг цагдаа “Мобиком” дээр очоод хүний гар утасны дугаараар дамжуулаад мэдээллийг нь олж авах гэж хичээх болно. Эсвэл хэн нэг том даргынхаа гарын үсэгтэй бичиг харуулж, үүрэн телефоны ажилтнуудыг сандаргана.

Хэдэн жилийн өмнө хүн амины ноцтой нэгэн хэрэг гарахад цагдаагийнхан “Мобиком”-оос “Утасны эзний бичсэн мессэж, ярьсан дуудлага зэргийг шалгах шаардлагатай, хэрэгтэй мэдээллийг өг” гэхэд хөдөө орон нутгийнх нь салбарын ажилтнууд тэрийг нь биелүүлэхээс татгалзаж байсан удаатай. Ингэснийх нь төлөө тус үүрэн телефоны операторыг хэн хүнгүй л хэл амаар доромжилж байсан даг. Гэтэл “Мобиком”-ын зөв байжээ гэдгийг “Apple”-ийн жишээ харуулж байна. “Apple” компани хэрэглэгчийнхээ мэдээллийг задруулахгүй гэж гүрийж байгаа нь дэлхий нийтийн бүхий л бизнесийн байгууллагуудын хувьд том үлгэр дуурайл болов. АНУ-ын Засгийн газар болон “Apple” компанийн хооронд болоод байгаа энэ үйл явдлыг сайн анзаарвал нэгэн шинэ соёл үүсч гарч ирж байна уу даа гэхээр байна. Хэрвээ ямар нэг байгууллагаас шаардлагатай мэдээлэл авахыг хүсвэл цагдаа сэргийлэх болж сүр үзүүлэхгүй, шүүхийн тогтоол гаргуулж, албан ёсоор ханддаг юм байна. Нөгөө бизнесийн байгууллага нь хэрэглэгчийнхээ итгэлийг алдахгүй, бизнесийн нэр хүндээ аварч үлдэхийн тулд нэлээд хүчтэй эсэргүүцэн тэмцэж, байр сууриа соёлтойгоор бат хамгаалдаг юм байна гэдгийг олон улсад харууллаа.

Улс эх орных нь хувь заяа, ард иргэдийнх нь аюулгүй байдалтай холбоотой том асуудал тулгарчихаад байхад түүнээс хамгаалж, таслан зогсоохын тулд хувь компаниас хэрэгтэй мэдээлэл авах гэж хичээж байгаа нь АНУ-ын Засгийн газрын хийх ёстой ажил ч түүнийг нь зөвшөөрч гэмт хэрэгтний утасны жагсаалт, мессэж сэлтийн үүх түүхийг дарайтал гаргаад өгнө гэдэг “Apple”-д хэцүү, өгөхгүй гэхээр улс эх орноосоо урваад ч байгаа юм шиг бүр ч хэцүү. Ингэхээр аль нэгийнх нь зөв гэж үнэндээ хэлж мэдэхгүй нь. Хэн нэгнийх нь зөв, буруу гэхээс илүүтэй энэ процессийг нарийн анзаарч шинэ соёлоос суралцах хэрэгтэй болж байна.

Энэ соёлыг хуулж, улс төр, бизнес, эдийн засаг гээд нийгмийн бүхий л харилцаандаа хэвшүүлж, чи, би-дээ тулахгүй өгнө, өгөхгүй гэж маргалдахдаа хүртэл соёлтой байя.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Батзаяа: Гэрэл зургаараа Монголоо сурталчлахыг зорьсон

Хэнтий аймгийн Батноров суманд болсон адууны баярын үеэр Ч.Батзаяагийн авсан шарга азарганы зураг Их Британийн төдийгүй барууны томоохон хэвлэлүүдэд нийтлэгдсэн юм. Сошиал ертөнцөд нэлээд шуугиан тарьсан энэ зургийн эзэн мэргэжлийн гэрэл зурагчин биш. Тэрээр арав гаруй жил аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа нэгэн. Зураг авах нь түүний хобби. Ингээд “Аян трэйвел” компанийн захирал Ч.Батзаяатай уулзаж баруунд шуугиан тарьсан зургийнх нь талаар ярилцсаныг сонирхуулъя.

-Хэдхэн хоногийн өмнө таны авсан шарга азарганы зураг Их Британийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдэж нэлээд шуугиан тарилаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Хэнтий аймгийн Батноров суманд адууны баяр болсон. Гэрэл зурагчдад зориулсан аялалд оролцож байхдаа авсан шарга азарганы зураг маань Их Британийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Хэнтий аймгийн Батноров суманд өнгөрсөн өвөл анх удаагаа адууны фестиваль зохион байгуулсан юм билээ. Батноров нь манай улсын хамгийн олон адуутай сумдын нэг. Адууны соёлыг харуулсан уг арга хэмжээг цаашдаа жил бүр хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ жил Хэнтийд нэлээд хүйтэрсэн тул тийм ч өргөн дэлгэр болж чадаагүй ч уургалах, морин дээрээс юм шүүрэх зэргийг харуулсан. Би энэ үеэр авсан зургуудаа Их Британийн хэвлэлийн агентлаг руу явуулсан юм. Шарга азарганы зургийг сонгон авч хэвлэлд нийтэлсэн байсан. Их Британийн “Telegraph” гэж сонин байдаг. Түүний өдрийн онцлох зургаар сонгогдсон. Дэлхийн 19 орны зургуудаас шилж авдаг юм билээ. Миний авсан зургийг интернэтэд тавигдсаны маргааш нь буюу шинийн гурванд Английн “Telegraph” ,“The Sun”, “Guard­ian”, “Daily News” гээд бүх том сонинууд нийтэлсэн.

-Зураг дээрх шарга азаргыг Английн поп од Элли Голдингтэй адилхан хэмээн Их Британийн сонинд бичсэн байсан?

-Тийм ээ. Поп од Элли Голдингтэй зүйрлэсэн нь онлайнаар бүр ч их шуугиан тарьсан. Инстаграм, твиттер, фэйсбүүкээр маш олон хүн шэйрлэсэн байна лээ. Шарга азарга алдартай дуучинтай адилхан байх нь чухал биш л дээ. Хамгийн гол нь Монгол, манай уламжлалт ёс заншил зэрэг нь дэлхий нийтийн хүртээл болсон явдал. Тэр өдөр Англиас Монголын вэб сайтуудад хандах хандлагын тоо эрс нэмэгдсэн гэж би бодож байгаа.

-Нэрт дуучин Элли Голдингэд энэ зүйрлэл таалагдсан болов уу. Түүний PR-ыг хийдэг баг нь үүнд ач холбогдол өгч, сурталчилсан байж магадгүй шүү дээ?

-Тийм байх аа. Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрөөд шэйрлэсэн нь бүр их олон хүнд хүрсэн байна лээ.

-Шарга азарга хэн гэдэг малчных вэ?

-Би өөрөө ч анхандаа хэнийх гэдгийг нь мэдээгүй. Сүүлд зохион байгуулагчдаас нь асуухад Хэнтий аймгийн Батноров сумын дөрөвдүгээр багийн мянгат малчин О.Төмөрбаатарынх гэсэн.

-Өмнө нь өөрийн тань авсан хэд хэдэн зураг барууны хэвлэлүүдэд гарсан гэж сонссон?

-Тийм ээ, зургууд маань барууны төдийгүй олон орны хэвлэл болон сайтуудад тавигдсан. Анх бүргэдийн баяраар авсан зураг маань дэлхий нийтийн хүртээл болсон түүхтэй. Үүний дараа өвөл монголчууд адуугаа хэрхэн малладаг мөн монголын намар гээд хэдэн хэдэн зураг хэвлэлүүдэд нийтлэгдсэн.

-Та мэргэжлийн гэрэл зурагчин биш. Яаж яваад зураг сонирхох болов?

-Ер нь би аялал жуулчлалын салбарт ажилладаг. Энэ салбарын хүн гэрэл зураг сонирхох шалтаг, шалтгаан хангалттай олон бий. Нэгдүгээрт, аялал жуулчлалын компаниа сурталчилж вэб сайт, танилцуулга хийхэд Монголын тухай зураг их хэрэгтэй болдог. Эхэндээ би найзуудаасаа, ирсэн жуулчдаас зураг гуйж авдаг байлаа. Тэдгээр нь чанар, агуулгын хувьд сэтгэлд хүрдэггүй байсан гэх үү дээ. Яалт ч үгүй өөрөө зураг авах шаардлагатай болсон. Хоёрдугаарт, би арван жилийн өмнө баруун Африкийн Сахарын цөлөөр аялсан. Үзэж харсан сонин зүйлсээ гэрийнхэндээ харуулахын тулд тухайн үедээ нэлээд дэвшилтэт, нягтрал сайтай, жижигхэн камер авч байлаа. Тэгээд Францад очихдоо авсан зургуудаа найзууддаа үзүүлэхэд мэдрэмж сайтай байна хэмээн ихэд урам хайрлаж билээ. Франц найзууд маань намайг хурцалж өгсөн гэх үү дээ. Түүнд нь маш их баярлаж зураг авбал зүгээр юм байна гэсэн бодол төрсөн. Аяллын зураг гэдэг өдөр тутмынхаас өөр л дөө. Ингэж л бага багаар зураг авч эхэлснээс хойш түүнийгээ онлайнаар бусдад үзүүлж санал сэтгэгдлээ хуваалцдаг болсон. Ажлын шаардлагаар хийж байсан зүйл маань яваандаа хобби болж өнөөдөр нэлээд идэвхтэй зураг авдаг болчихоод байгаа. Гэрэл зурагт дурласан хүн ч гэж хэлж болно. Үүгээрээ дамжуулан мэргэжлийн олон гэрэл зурагчинтай найз болсон.

-Английн хэвлэлийн агентлагтай хамтран ажилладаг гэсэн. Энэ талаараа манай уншигчдад ярьж өгвөл сонин байх болов уу?

-Авсан зургуудаа фэйсбүүк, твиттерт тавьчихдаг байсан. Уржнан жил хүртэл шүү дээ. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн гэрэл зурагчдын вэб сайтуудад ганц нэг зураг байрлуулсан. Түүнийхээ талаар мэргэжлийн хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцаж, өнгөрсөн жил фото нийтлэл буюу нэг сэдвийн хүрээнд нэлээд хэдэн зураг болгож гадаадын сайтуудад байршуулсан. 2015 онд болсон бүргэдийн баярын үеэр авсан зургийг сайтад тавьсныг Английн нэг мэдээллийн агентлаг олж үзээд надтай хамтран ажиллах гэрээ байгуулах санал дэвшүүлсэн юм. Энэ нь өнөөдөр яригдаад буй азарганы зураг олон түмэнд хүрч, барууны төдийгүй дэлхийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдэх эхлэл нь болсон.

-Зургийн тайлбараа та өөрөө хийдэг үү?

-Миний зураг, миний тайлбартайгаар гарвал барууныханд хүрэхгүй л дээ. Би бол ерөнхий мессэжийг өгнө. Миний хэлэх гээд байгаа гол санаа энэ, Монголыг ингэж гаргахыг хүсч байна гэдгээ бичнэ. Тэд заримдаа бараг бүгдийг нь өөрчилнө, заримдаа санааг маань оруулна. Миний хамгийн гол зорилго бол Их Британид төдийгүй дэлхийд Монголоо сурталчлах явдал. Би өөрөө аялал жуулчлалын салбарт ажилладаг хүн болохоор маш их хөрөнгөөр хийдэг ажлыг өөрийнхөө боломжийг ашиглан амжуулж байгаа. Сэтгэл зүрхээрээ л эх орноо сурталчлах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байна.

-Шарга азарганы зураг дээр та ямар тайлбар бичиж өгсөн бэ?

-Чингис хаан яг л энэ морийг унаж дэлхийн талыг эзэлсэн юм шүү. Тэр соёл одоо ч хүртэл байгаа гэсэн. Чингис хаанаа ч магтаад, эх орноо ч гоё сайхнаар гаргахыг хичээсэн. Үүнийг сонин дээр гарсан зургийн тайлбар дээр ч бичсэн байгаа.

-Нэг хэсэг баруунд нэлээд шуугиан тарьсан казах бүргэдчин охины зургийг ч та авсан гэл үү?

-Тийм ээ, хоёр жилийн өмнө анх бүргэдчин охины зургийг авсан.

-Та гадныхантай нэлээд олон жил хамтран ажиллаж. Монголын ямар зураг тэдний сонирхлыг хамгийн их татдаг вэ?

-Би жуулчидтай нэлээд явсан. Сүүлийн арваад жилд энэ талаар нэлээд туршлага хуримтлуулсан. Миний мэдэрдэг зүйл гэвэл бид өөр соёлтой, өөр ахуйд амьдардаг тул тэдний сонирхлыг татдаг. Монгол ахуй, монгол соёл, монгол хүн тэдний хувьд их сонин. Зүгээр хажуугаар нь өнгөрөхгүй заавал эргэж харна.

Ерөөсөө Монголын байгаль. Манай нүүдлийн соёл, уламжлал, байгаль нь цогцоороо ямар ч гадны хүний анхаарлыг татдаг.

Categories
мэдээ цаг-үе

Д.Солонго: Ерөнхийлөгч манай хамтлагийг сонгож аваад явсан юм шиг хүмүүс ойлгосон байна лээ

“Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонготой ярилцлаа.

-Гурван охин хамтлагийн хувьд өнгөрсөн он ямар жил байв, шинэ ондоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы мянга мянган уншигчдадаа ирж буй бичин жилийн мэндийг хүргэе. Өнгөрөгч жил манай хамтлаг уран бүтээлийн хувьд урьд жилүүдтэй адил байсан гэж хэлж болно. Гадаад, дотоодын нэлээд хэдэн арга хэмжээнд тоглосон. “Хурдлах тусам” цомгоо гаргаж, мөн амьд шоу тоглолтоо зохион байгууллаа. Үүнийхээ үргэлжлэл болгож, “Хурдлах тусам” клипээ үзэгчдийн хүртээл болгосон. Манай хамтлаг ухаалаг гар утасны апп хийсэн хоёр дахь уран бүтээлч боллоо. “Three girls band” хэмээх апп-ийг маань одоо ч сонсогч, фэнүүд маань ашигладгийг харахад сайхан байдаг. Бид бас тус тусдаа уран бүтээл туурвиж, цомог гаргахаар төлөвлөөд байгаа. Үүний эхлэл болгож Х.Ану маань “A sound” хамтлагийн ахлагч Ц.Тэмүүлэнтэй “Maroon 5” хамтлагийн дууг ковер хийж дуулсан. Энэ уран бүтээл хэд хоногийн өмнө болж өнгөрсөн Валентиний тоглолтон дээр дуулагдсан. Анхны сонсогчдоос өндөр үнэлгээ авсан байгаа. Түүнчлэн Давос руу явсан. Үүний өмнө БНХАУ-ын Соёлын солилцооны хүрээнд болсон тоглолтод оролцоод ирлээ.

-“Гурван охин” хамтлаг Ерөнхийлөгчийн багт орж, Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр болсон Монголын үдшийг чимсэн, бут авсан гэцгээж байна. Давост та бүхэн юу үзүүлж харуулав?

-Ерөнхийлөгч манай хамтлагийг сонгож аваад л явсан юм шиг хүмүүс ойлгосон шиг байна лээ. Нарийн учрыг нь мэдэхгүй учир харснаараа дүгнээд байх шиг байгаа юм. Тоглолтыг “On’n Off” продакшн хариуцаж ажилласан. Тэд Давосын арга хэмжээний урлаг соёлын хэсгийг хоёр дахь жилдээ найруулж байгаа юм билээ.

С.Наран эгч, “A sound” хамтлаг, “Түмэн эх” чуулгын бүжигчид, морин хуурч, мөн манай хамтлаг гээд бид нийт гурван цагийн хөтөлбөртэй очсон. Уянгын дууны хэсгийг дуучин С.Наран, орчин үеийн хөгжмийн хэсгийг “Гурван охин” ч гэдэг ч юм уу, ийм байдлаар найруулагч С.Ононбат найруулсан байсан. Бид найруулга, хөтөлбөрийн дагуу л очиж дуулсан.

-Хувцасны сонголт дээр анхаарах ёстой байсан. Нүцгэн шалдан байсан гэсэн шүүмжлэл сошиалаар нэлээд түглээ. Хувцсаа сонгохдоо юу анхаарсан бэ, хэн нэгэн зөвлөсөн үү?

-Эдийн засгийн чуулга уулзалт болж, олон орны төрийн тэргүүн, улстөрчид ирсэн байхад “Гурван охин” нүцгэн шахуу гарч ирээд дууллаа гэж сошиалаар яриа гарсан байна лээ.

Одоо цагт алгаараа харж, арваараа барихгүй бол аливаа зүйлд итгэхэд бэрх болсон шүү дээ. Үүн шиг л бидний тайзнаа байгаа фото зургаар яаран буруу дүгнэлт хийж жаахан шуугиа юу даа гэж бодогдсон. Баахан албаны хувцастай хүмүүсийн өмнө гараад дуулсан зүйл бол мэдээж байхгүй. Албан ёсны арга хэмжээнүүд дуусаад, орой нь чөлөөт арга хэмжээ болох “Монголыг сурталчлах өдөрлөг” болсон. Энэ өдөрлөг дээр Монголоос очсон уран бүтээлчид өөр өөрсдийн бэлдсэн үзүүлбэрээ үзүүлсэн. Хувцаслалтын хувьд найруулагч маань ингэж хувцасла гэж хэлсэн. Мэдээж дуулж байгаа дуу, тайз, гэрэлтүүлэг, орчин нөхцөлд нь тохируулж хувцсыг сонгоно шүү дээ. Бид өөрсдийн цөөхөн уран бүтээлээс гадна гадны зочид төлөөлөгчдөд зориулж, гадаадын хамтлаг дуучдын дууг ковер хийж дуулсан.

-Юутай ч “Гурван охин” Монголын шинэ үеийн урлаг соёлын нүүр царай боллоо. Юу үзүүлэх вэ гэдэг дээрээ мэдээж их анхаарсан болов уу?

-Найруулагчтайгаа зөвлөөд, бас найруулагчийнхаа заавраар нэг цагийн хөтөлбөрийг эндээс бэлдэж очсон. Гадаадын зочид төлөөлөгчдийн өмнө дан ганц монголоороо дуулаад байх нь учир дутагдалтай шүү дээ. Монгол хэл мэддэг хүн бараг байхгүйтэй адил орчинд. Тэдэнд эх орноо, мөн орчин үеийн урлаг ямар түвшинд хүрсэн бэ гэдгээ харуулахын тулд дэлхийн нийтлэг хэлээр л дуулж байж сэтгэлийн утсыг нь хөндөнө.

-Үзэгчид монгол охидыг яаж хүлээж авсан бэ?

-Биднийг нижигнэсэн алга ташилт дор маш сайхан хүлээн авсан. Алга ташилт гэдэг уран бүтээлч хүнд их онгод хийморь өгдөг. Дуу хоорондын алга ташилт гэдэг дараа дараагийн дуунд улам хүчтэй түрлэг болдог. Харамсалтай нь аливаа фото зураг, видео шиг тэр их алга ташилтыг дамжуулж чадахгүй юм даа. Иймээс сошиалаар жаахан яриа гарсан байна лээ. Гэхдээ эмзэглээгүй.

-Тоглолтын дараа та бүхэнд ямар нэг санал ирсэн үү?

-Үгүй ээ. Бидний алинд ч ирээгүй. Бид хийх ёстой, эндээс зорьж очсон ажлаа л хийсэн.

-Тоглолтын дараа та бүхнийг урьсан гэгдээд байгаа Ерөнхийлөгч ямар сэтгэгдэлтэй үлдсэн бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч ч тэр, Гадаад хэргийн сайд ч тэр маш өндөр сэтгэгдэлтэй байсан. Ялангуяа Л.Пүрэвсүрэн сайд уран бүтээлчдэд сайхан үг хэлсэн. Ямар ч байсан бид ажлаа хийсэн шиг хийж дээ гэж л бодогдсон.

-“Гурван охин” нэг хэсэг нэрээ солих талаар яриа хөөрөө өрнөсөн санагдаж байна. Энэ бодол чинь хэвээрээ юу?

-Хамтлагийн маань фэйсбүүк хуудас дээр нэг удаа ийм хэлэлцүүлэг маягийн юм болсон. Дийлэнх нь нэрээ солиод хэрэггүй гэж зөвлөсөн л дөө. “Spice girls” гэдэг шиг “Three girls” гэж нэрээ англиар болгож хэвшүүлж болох л юм. Ер нь сайн уран бүтээл туурвих нь чухал болохоос нэр солих чухал биш ээ.

-Хамтлагийн гишүүд бүл нэмсэн байх, хэр өнөр өтгөн болж байна?

-Гурвуулаа л байгаа шүү дээ (инээв). Г.Анхмаагийн маань охин том болж байгаа. Бусдаар бол бүл нэмсэн зүйлгүй.

-Гурван охин тайзан дээр хэр удаан үлдэх бол?

-Ардын жүжигчин Г.Хайдав гуай энэ жил 92 хүрч байгаа юм билээ. Урлаг гэдэг ийм л мөнхийн ид шидтэй. Тэгэхээр бид үхэн үхтлээ л тайзан дээрээ үлдэх болов уу.

-Хэв маягаа өөрчлөх тухай боддог уу?

-Бодолгүй яахав. Уран бүтээлч хүн ер нь байнга хэв маяг, дууны стиль жанраа өөрчилж байх хэрэгтэй гэж боддог. Өөрийгөө давтахгүйгээр л хийж чадвал уран бүтээл нь мөнхөд оршино шүү дээ. Бид үүний л төлөө явж байгаа.

-Хамтлагийн гишүүд дуулахаас өөрөөр аль нэг салбарт хүч сорьж байгаа юу?

-Одоогоор өөр салбарт хүч үзсэн зүйл алга. Аливаа хүн чаддаг зүйлээ л хийх ёстой болов уу. Бидэнд урлагийн жаахан авьяас байгаа бол урлагтаа л зориулъя гэж боддог. Гэхдээ амьдрал таашгүй шүү дээ. Ам гарахын аргагүй.

Categories
мэдээ цаг-үе

А.Мэргэн: Хүрэл медалийн оосроос атгаад алдлаа

ОХУ-ын Ульяновск хотод энэ сарын 10-14-нд болж өнгөрсөн бөмбөгтэй хоккейн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан түүхэн амжилт үзүүллээ. Монголын шигшээ баг Украин, Хятад, Япон, Сомали, Чех улсуудтай нэг хэсэгт хуваарилагдаж Японы шигшээ багт хожигдсон ч, Хятад, Сомали, Чехийн шигшээ багийг буулган авсан байна. Хүрэл медалийн төлөөх тоглолтод хэсэгтээ өмнө нь хожиж байсан Украины багтай таарч 6:5-ын харьцаагаар хожигдож дөрөвдүгээрт шалгарчээ. Шигшээ багийн тамир-чид эх орондоо ирээд хэвлэлийн бага хурал хийх үеэр Монголын хоккейн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн, тус ДАШТ-ий “Шилдэг хаалгач”-ийн шагнал хүртсэн Б.Мөнхболд нартай ярилцлаа.

-Сайн явж ирэв үү. Юуны өмнө ДаШТ-д амжилттай оролцоод ирсэн танай багийнханд баяр хүргэе. Энэ удаагийн ДаШТ-ий онцлог нь юу байв. Тэмцээний сэтгэгдлээс хуваалцана уу?

-Тэмцээн их сайхан болж өнгөрлөө. Хүрэл медалийн оосроос атгаад алдсанд хүүхдүүдийнхээ өмнөөс харамсч байна. Энэ удаагийн ДАШТ-д 10 орны 10 баг оролцсон. Бидний хамгийн эхний учраа Японы баг байлаа. Өглөө 7 цаг 30 минутад вагоноос буугаад л шууд тоглолтоо эхлэхэд хүрсэн. Өглөөний тоглолт хэцүү юм билээ. Гэхдээ биднийг гуравхан сар бэлтгэл хийсэн гэхэд бусад орны дасгалжуулагчид гайхаж байсан шүү.

-Бөмбөгтэй хоккей Монголд хэзээнээс хөгжиж эхэлсэн бол?

-Бөмбөгтэй хоккейн олон улсын тэмцээнүүдэд монголчууд 2003 оноос оролцож эхэлсэн. Сүүлийн хоёр жил бид нэлээн амжилттай ажиллаж, хоккей сонирхдог хүүхдүүдийн тоог 500 гаруй болголоо. Өнгөрсөн жил нийт дөрвөн мөсөн талбай барьсан. Энэ жил нэмж дөрвийг барьчихаад байж байна.

-Манай улс цас, мөсний орон. Гэхдээ өвлийн спорт сайн хөгжөөгүй. Манай баг тамирчид бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ?

-Хотод байгаа мөсөн талбайнууд дээрээ л гарч байгаа. Энэ нь бөмбөгтэй хоккей тоглоход хамаагүй бага хэмжээтэй л дээ. Мөс хөлдөх тусмаа хатуу болдог. Хатуу мөсөн дээр гулгахад тамирчдын хувьд зарим дасгал тохирдоггүй. Зогсохоос эхлээд хүн тойрч гүйх зэрэг дасгалууд нь хэцүү болчихдог юм. Харин заалны мөс нь тавхан градус байдаг болохоор маш зөөлөн, дасгал хийхэд тохиромжтой байдаг. Тийм заал Монголд байхгүй нь харамсалтай. Зундаа бол ямар ч бэлтгэл хийх боломжгүй. Бэлтгэл хийх мөс нь байхгүй. өвөлдөө шаланкаар ус асгасан болоод гурав, дөрвөн сар л бэлтгэлд гардаг. Ийм бэлтгэлтэй мөртлөө ингэж сайн тоглосонд тамирчдаараа маш их бахархаж байна.

-Энэ жилийн ДАШТ-д Мон-голын баг хүрэл медалийн төлөөх тоглолтдоо Украины багтай зодоон хийсэн тухай цахим ертөнцөөр шуугиж, олны анхаарлыг их татаж байна. Яг юу болсон юм бэ?

-Талбайн хажуугаас тоглолтыг үзэх, 50-60 метрийн өндрөөс авсан бичлэгийг үзэхэд өөр байдаг юм байна лээ. Талбайн хажуугаас юу болсон нь сайн харагдаагүй. Тэмцээний бичлэгийг харахад Украины тамирчныг гоол хийхээр цохиход нь манай хаалгач Б.Мөнхболд хаасан. Украины тоглогч тэр бөмбөгийг ахиж цохих гээд Б.Мөнхболдыг мөргөж байгаа харагдсан. Тэрнээс болоод манай хамгаалагч хаалгачаа өмөөрөөд зодоон болсон юм уу л гэж бодож байна. Мэдээж хүрэл медаль зүүх боломжоо алдсан болохоор хор шар хөдөлсөн байх л даа. Хүүхдүүд маань өөрсдөө жаахан шар хөдөлчихлөө гэж хэлсэн л дээ. Ер нь хаалгачид ямар ч тохиолдолд хүрэх эрх байдаггүй.

-Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ тамирчдаас гадаадын багт орж тоглох боломж байгаа юу?

-Энэ ДАШТ-ээр Б.Мөнхболд шилдэг хаалгачаар шалгарсан. Оросын клубуудээс Ж.Баярсайхан, Б.Мөнхболд нарыг багтаа тоглуулах санал ирсэн. Бид тамирчдаа хөгжих боломж гарч л байвал дэмжинэ гэж бодож байгаа.

Б.МөнхБолд: ЗОДОЛДЛОО ГЭЭД НАДАД УЛААН КАРТ ӨГСӨН ГЭСЭН

-Юуны өмнө “Шилдэг хаалгач”-аар шалгарсанд тань баяр хүргэе. Тэмцээн ямар болж өнгөрөв?

-ДАШТ бидний хувьд ур чадвар шаардсан, чухал тэмцээн байлаа. Энэ удаад медаль авах бүрэн боломжтой байсан ч жаахан аз дутлаа. Бусад багийг бодвол бэлтгэл дутуу байсныг хэлэх хэрэгтэй.

-Та хоккейгоор хэдэн жил хичээллэж байна. Өөрийгөө товч танилцуулаач?

-2002 оноос хойш хичээллэж байна. Шайбтай хоккейн “Хасын хүлгүүд” багийн хаалгач. Улаанбаатар хотод 1988 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Хоккей тоглохын хажуугаар өөр ажил эрхэлдэг үү?

-Манай тамирчид бүгд л хоккей тоглохын хажуугаар ажил эрхэлдэг, сурдаг ч хүн бий.

-Шигшээ багийн дасгалжуулагч тань таныг энэ тэмцээнээр маш сайн тоглосон. Бөмбөг хаахын тулд мөсөн дээр байгаагаа тоолгүй өндөр үсэрч хаадаг, биеэ хайрладаггүй тоглодог хүн дээ гэж байсан?

-Би хөлбөмбөг бас тоглодог л доо. Хөлбөмбөгийн “Хоромхон” клубт хаалгач хийдэг. Биеэ хайрлахгүй тоглодог гэдэг бол хүмүүсийн л яриа. Гэмтэл бэртэл авчих вий гэсэндээ л тэгж ярьдаг байх. Хүн хэдий өндөрт үсэрсэн ч яаж буух вэ гэдэг нь бэлтгэлийн үр дүн байдаг. Эвээр буух арга гэж бий. Тэр аргыг сайн мэддэг байхад эвтэйхэн буучихна.

-Хүрэл медалийн төлөөх тоглолт дээр Украины багтай зодоон болсон. Украины тамирчин хаалгачийг мөргөсөн учраас хамгаалагч нь өмөөрч зодоон болсон гэж ярьж байна. Олон нийтийн сүлжээгээр дэмжих хандлага ч ажиглагдаж байна. Энэ талаар?

-Бөмбөгтэй хоккейд хурц контакт буюу мөргөх, шүргэх зүйл байдаггүй. Хоёр хүн өөд өөдөөсөө цээжээрээ мөргөлдөх тохиолдол л байдаг. Тэр тоглолт маш хүнд болсон. Үндсэн цагтаа тэнцээд, нэмэлт цаг сунгасан. Аль аль багийн тамирчид сэтгэл хөдлөл ихтэй, “шатчихсан” байсан болохоор мөргөх, шүргэх тохиолдол байсан.

-Таныг мөргөсөн нь үнэн юм уу?

-Гоол хийх үедээ мөргөх нь мөргөсөн л дөө. Гэхдээ түүнээс улбаатай зодоон болсон гэж бодохгүй байна.

-Хаалгачид хүрэх хориотой байдаг болохоор хамгаалагч таныг өмөөрсөн гэж дасгалжуулагч хэлж байсан.

-Багийн спортод хаалгачид хүрэх хориотой байдаг. Хаалгачид аль болох хүргэхгүй, гэмтээхгүй гэж хамгаалагч нар нь хамгаалж тоглодог. Түүний үндсэн дээр үл ойлголцол үүссэн болов уу.

-Хамгаалагч Б.Батгэрэл та хоёрт шийтгэл ирнэ гэж байсан. Шийтгэлийн тухай танд ямар нэг мэдэгдэл ирсэн үү?

-Шийтгэлийн тухай яриа гарсан. Надад улаан карт өгсөн гэсэн. Ирэх жилийн ДАШТ-д эхний тоглолтод орох эрхийг хассан гэсэн яриа байна. Баттай үгүйг нь сайн мэдэхгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн “Диваажинд төрөх эрхийн бичиг” фельетон хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

МХАҮТ-ын дарга Б.Лхагважавын “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 24 их наяд төгрөгийн орлого ил болчихлоо ярилцлага” хэвлэгдлээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг V нүүрнээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаартаа С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээжийн ярилцлагыг хүргэсэн. Өнөөдөр үргэлжлэлийг нь хүргэж байна. С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээж Д.Байгаль “Охины минь нэр хүнд, сэтгэл зүйгээр тоглож байсан бол одоо бие махбодиор нь тамлах гээд шоронд хийчихлээ” хэмээн ярьжээ. Түүний ярилцлагыг та VII нүүрнээс уншина уу.
“Улс төр” буланд Д.Ганбатын “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад ялын бодлогыг шинээр авч үзсэн”, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Хууль зөрчсөн алхам хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй” гэсэн ярилцлагууд нийтлэгдлээ. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг “Индонез руу визгүй зорчих боломж нээгдэнэ” хэмээн ярьжээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг IV нүүрнээс хүлээн авна уу.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт манай сонины орлогч эрхлэгч Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Диваажинд төрөх эрхийн бичиг” фельетон хэвлэгдлээ. Тэрээр “Бид бодит хорвоод хэцүүдэдд ирвэл “Ямар ганцхан хорвоо биш. Дарга нарын маань төсөөлүүлж өгсөн амлалтын хорвоо байж л байгаа юм чинь” гэж тайтгардаг” хэмээн бичжээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг III нүүрнээс уншаарай.
Өнөөдрийн дугаарын “Өдрийн сурвалжлага”-аа Залуу эрдэмтдийн шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлаас бэлтгэсэн байна. Тэд Биотехнолги, Мал эмнэлгийн судалгаанд үр дүн гардаг боловч, үйлдвэрлэлд нэвтэрч амьдралд хэрэгжих нь хол байна хэмээн ярьжээ. Эрдэмтэд ямар шинэ судалгаа хийсэн талаар сурвалжлагыг XI нүүрт хэвлэлээ.
“Нийгэм” нүүрнээс Ч.Батцэнгэлийн “Утаа хөөх сэнс Улаанбаатарын утааг 50-60 хувь бууруулах бүрэн боломжтой” ярилцлага хэвлэгджээ. “Спорт” буланд Залуучуудын өвлийн олимпийн алтан медальт Б.Сумъяагийн “Эхний гарааг би гүйцээх учраас багийн амжилт надаас шалтгаалж байсан” хэмээн ярьжээ. Та энэ ярилцлагыг XIII нүүрнээс уншаарай.
Харин “Уран бүтээлч” нүүрнээс Д.Оюунтүлхүүрийн “Миний амьдралыг “Ээжийн бүүвэй” гэдэг ганц дуу л эрс өөрчилчихсөн” ярилцлага хэвлэгдлээ. Та энэ ярилцлагыг XII нүүрнээс унших боломжтой.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл зүрх” өдөрлөг боллоо

“Эрүүл зүрх” төслийн хүрээнд “Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс
сэргийлье” өдөрлөг өнөөдөр боллоо. “Эрүүл зүрх” төсөл нь
нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулиудад, тухайлбал, 6, 16, 58
дугаар сургуулидад хэрэгжиж байгаа бөгөөд төслийн танилцуулга өнөөдөр
зургадугаар сургуульд боллоо. Өдөрлөгт тус сургуулийн 8-18 насны
сурагчид, эцэг эхчүүдээс гадна ЭМСЯ, Люксембургийн Хөгжлийн агентлагийн
мэргэжилтнүүд оролцлоо.

Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний өвчин
ихэссэн нь эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын нэг болоод байгаа
юм. Тиймээс уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг
сургуулийн наснаас нь олгох кампанит ажлыг “Эрүүл зүрх” төслийн хүрээнд
эхлүүлж байгаа нь энэ юм.

Дэлхийн хэмжээнд хэрэхийн гаралтай зүрхний өвчтэй 15.6 сая хүн амьдарч
байгаа бөгөөд жилд 233 мянган хүн энэ өвчний улмаас нас барж байна гэсэн
тоон судалгаа гарчээ. Монгол улсын хувьд ч хэрэхийн шалтгаант зүрхний
өвчин буурахгүй байгаагаас хүүхдүүдийг багаас нь эрүүл мэндийн мэдлэг
боловсролд сургах үүднээс “Эрүүл зүрх” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 4,5 хувиар буурлаа

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 9.8 их наяд төгрөг болж, өмнөх оны
мөн үеэс 4.5 хувиар буурсан талаар өнөөдөр Монголбанкнаас мэдээллээ.

Мөнгөний нийлүүлэлтийн бууралтад хадгаламжийн байгууллагаас гадуурх
мөнгө 0.1 хувь, валютын хадгаламж хоёр хувь буурсан нь голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлтийн 53.9 хувийг төгрөгийн хадгаламж,
20.1 хувийг гадаад валютын хадгаламж, 11.4 хувийг төгрөгийн харилцах,
9.6 хувийг гадаад валютын харилцах, 4.9 хувийг хадгаламжийн
байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна.

Түүнчлэн нийт хадгаламж өмнөх сараас 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурч 7 их наяд 297 тэрбум төгрөг болов.

Санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 0.8 хувь буюу
141.9 тэрбум төгрөгөөр өсч 18.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 65.2
хувь буюу 11.8 их наяд төгрөгийн зээлийг хадгаламжийн байгууллагуудын,
34.8 хувь буюу 6.3 их наяд төгрөгийг бусад санхүүгийн байгууллагуудын
зээл бүрдүүлж байна.