Categories
мэдээ нийгэм

Туул усан цогцолборыг Гачууртад барина

“Туул” усан цогцолборыг барих техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ гурван хувилбараар боловсруулж өнөөдөр хэлэлцэж байна. Урьдчилсан байдлаар усан цогцолборыг барихад 370-400 орчим сая ам.доллар шаардлагатай гэх тооцоог гаргажээ. Одоогоор санхүүжилтийг хаанаас хэрхэн гаргах нь тодорхойгүй байгаа юм. Учир нь эхний ээлжид гурван хувилбараас боломжит ТЭЗҮ-ийг сонгох шаардлагатай. ТЭЗҮ-г баталсны дараа санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг Засгийн газраас тодорхой болгоно гэлээ.

Нийслэлчүүдийн хувьд дан ганц газрын доорх усыг хэрэглэдэг. Гэвч газрын доорх усны эх үүсвэр нь хэмжээ хязгаартай. Тиймээс “Туул” усан цогцолборыг барих ажлыг 1980 оноос хойш ярьсаар ирсэн билээ. Гэвч ТЭЗҮ –г нарийвчлан гаргаагүй байсан юм. Тэгвэл энэ удаад ТЭЗҮ-г таван тэрбум орчим төгрөгөөр нарийвчлан боловсруулахаар ажил эхэлжээ. БНСУ-ын “Юшин инженеринг”компани, Монголын “Престиж” компани хариуцан гурван хувилбартайгаар ТЭЗҮ-г боловсруулж, өнөөдөр боломжит хувилбарыг сонгохоор хэлэлцэж байгаа юм.

Нэгдүгээр хувилбараар бол цогцолборыг Туул голын эх, Босгын гүүрийн орчимд барихаар тусгажээ. Хоёрдугаар хувилбарт, Туул, Тэрэлжийн голын бэлчирт барихаар тооцоолсон байна. Харин гуравдугаар хувилбарт, Гачуурт, Налайхын дунд барихаар тусгасан байна. Албаныхны зүгээс хэлэлцээд нөөц боломж, байгууламжийн хүчин чадал, байгаль орчны нөлөөлөл зэргийг харгалзаад гуравдугаар хувилбарыг сонгохоор санал нэгджээ. Хэрвээ гуравдугаар хувилбарыг сонгосон тохиолдолд Гачуурт, Налайхын дунд байрлах талбайн амралтын газар, суурьшлын бүсийг нүүлгэх шаардлага тулгарах юм.

Ийнхүү талууд “Туул” усан цогцолборыг Гачуурт, Налайхын дунд байгуулах хувилбарыг сонгохоор болжээ. Энэ шийдвэрийг дараагийн ээлжид БОНХАЖЯ-ны усны нөөцийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж батлах юм. Ингээд батлагдсанаас хойш гурван жилийн дотор “Туул” усан цогцолборын бүтээн байгуулалтын ажил босно гэдгийг албаныхан дуулгалаа.

“Туул” усан цогцолбор байгуулагдсанаар хүн амын өсөлт, хотжилтоос үүдсэн усны хомсдолыг арилгаж баталгаатай болгоно. Мөн дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ. Туул голын урсцыг бүрдүүлж, тасрахаас сэргийлнэ зэрэг олон давуу талтай гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Categories
мэдээ спорт

Б.Сумъяад “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг олголоо

Залуучуудын өвлийн Олимпийн II наадамд манайхаас Б.Сумъяа тэшүүрийн төрөлд оролцож, Монгол Улсын өвлийн олимпийн түүхэн дэх анхны алтан медалийг авч ирсэн. Тэрбээр өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан билээ. Түүнийг Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Ц.Дамдин, Монголын тэшүүрийн холбооны хүндэт ерөнхийлөгч О.Эрдэнэ-Өлзий нар хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

Буянтогтохын Сумъяагийн гаргасан амжилтыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам өндрөөр үнэлж, хүндэтгэл үзүүүлэн“Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр шагнаж урамшуулжээ.

Б.Сумъяа нь Монгол Улсын өсвөр үеийн рекорд, насанд хүрэгчдийн улсын рекорд амжилтыг шинэчилэн тогтоосон байна. Эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчнаас бүрдсэн Үндэсний олимпийн хороодын нэгдмэл 13 баг 1.6 км-т уралдсанаас Б.Сумъяагийн уралдсан баг нэг минут 57 секунд 85 долийн амжилтаар алтан медаль хүртсэн юм.

Categories
гадаад мэдээ

“MH17” онгоцыг сөнөөсөн цэргүүдийн нэр ил болов

Их Британид төвтэй цахим мөрдөн шалгах баг Малайзын агаарын тээврийн “MH17” нислэгийг пуужингаар харваж сөнөөхөд оролцсон Оросын цэргийн ангийг нэрлэжээ. “Bellingcat”-д нийтэлсэн 115 хуудас баримт бичигт Оросын пуужингаас хамгаалах 53 дугаар бригадын хоёрдугаар сумангийн гишүүд Малайзын онгоцыг пуужингаар харваж сөнөөсөн буруутнууд гэнэ. Түүнчлэн Курск хот дахь бригадын хоёрдугаар сумангийн командлагчийг Дмитрий.Т гэдэг хэмээжээ.

Малайзын Боинг-777 онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Украины зүүн хэсгээр нисэж явахдаа пуужинд оногдон сүйрсэн юм. МН17 нислэгт голдуу Нидерландын иргэд зорчиж явсан тул тус улс мөрдөн шалгах багийг ахалж байна. 298 хүнтэй нисэх онгоцыг “Бук” ангиллын пуужингаар онож сөнөөснийг тогтоожээ. Энэ хэрэгт барууныхан болон Киевийн засгийн газар Украины зүүн хязгаарын босогчид, тэднийг дэмжигч ОХУ-ыг буруутгаж байна. Харин ОХУ эсрэгээрээ Украины армийг буруутгажээ.

Categories
гадаад мэдээ

Түвдэд жуулчин хүлээж авахыг Хятадын Засгийн газар хоригложээ

Хятадын засгийн газраас Түвдэд ирэх гуравдугаар сарыг дуустал гадаадын жуулчдыг хүлээж авахыг зогсоожээ. Лхаст 2008 онд Бээжингийн дарангуйллын эсрэг бослого өрнөснөөс хойш жил бүрийн энэ үед Түвдийг дэлхий нийтээс тусгаарлах болсон юм. Хятадын засгийн газраас Түвдэд бослогын ойгоор дахин үймээн дэгдсэн тохиолдолд гадаадын жуулчид олон улсад мэдээлэл дамжуулах эх сурвалж болно хэмээн үзэж аяллыг хориглож байгаа аж.

Түвдийн автономит бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хорооноос мэдээлснээр өнгөрсөн онд 17.5 сая жуулчин ирсэн нь өнгөрсөн оныхоос 36 хувиар нэмэгдсэн гэнэ.

Бээжинг эсэргүүцсэн Түвд лам нар өөрийгөө шатааж, амьдаараа зулын гол болох нь элбэг юм. Бээжин лам нарын үйлдэлд Бурхны шашны тэргүүн Далай ламыг өдөөн хатгасан хэмээн буруутгадаг. Далай лам Хятадын эсрэг Түвдийн тэмцэлд ялагдсанаар эх орноосоо дүрвэж, 1959 оноос хойш Энэтхэгийн Дарамсалад шашин номын үйл хэргээ явуулж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн мэдээллийг интернэтээр авах боломжтой боллоо

Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Иргэн-2014” программын сайжруулсан хувилбарын нээлт болж, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нарын албаны хүмүүс оролцлоо.

Тус программыг Монгол улсын иргэний хэргийн нийт шүүхүүдэд нэвтрүүлээд байгаа ба иргэд хэргийн шийдвэрлэлт, шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, иргэн нэхэмжлэл өгөх, анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэрэг шийдэгдэх хүртэл бүх үйл ажиллагааг интернэтээр хянах юм. Мөн энэхүү системд өөрийн нууц үгээр нэвтэрч шүүхийн мэдээллийг цаг алдалгүй авах ба хэргийн оролцогчид өөрийн хэргийн мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх, нэхэмжлэлийг хариуцагчид өгсөн эсэх, тайлбар ирүүлсэн эсэх, шүүх хуралдааны тов, шүүх хуралдаан хойшилсон эсэх, давж заалдах гомдол гаргасан эсэх гэх мэт шүүх хуралтай холбоотой болж буй бүх процессийн тухай мэдээлэл авах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Малын хорогдол 125 мянгад хүрчээ

Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн болсон тул малын хорогдол их байгаа аж. Тодруулбал, хоёрдугаар сарын 22-ны байдлаар малын хорогдол 125 мянгад хүрсэн гэсэн тоо баримт байна. Малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс, тэжээл худалдан авах боломжгүй болсон, отрын бүс нутагт бэлчээрийн даац хэтэрсэн, туурайн зуд болох төлөв ажиглагдаж байна гэв. Мөн малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдсэн, вакцины хомсдол үүссэн, малчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд автомашины хүрэлцээ муу байгаа юм байна.

Иймээс өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, цаашид гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж хүсэхээр болжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Адельд сансраас мэндчилгээ ирүүлжээ

Дуучин Адель дэлхийн өнцөг булан бүрт шүтэн
бишрэгчтэй төдийгүй задгай сансарт ч түүний дууг сонсдог хүн байдаг аж. Өчигдөр
Их Британийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр Адельд Их Британийн олон
улсын сансрын станцаас сансрын нисэгч Тим Пике видео мэндчилгээ илгээсэн нь
түүнийг O2 Арена тайзан дээр уйлуулж орхижээ. Аделийг Британийн хөгжмийн шагнал
авсны дараа видео мэндчилгээ явж эхэлжээ. Мэндчилгээнд “Бүгдэд нь оройн
мэнд. Би олон улсын сансрын станцад ажиллаж буй Британийн анхны сансрын
нисэгч Тим байна. Олон улсын сансрын станцаас та бүхний энэ сайхан үдэшлэгт
оролцох завшаан тохиолоо. Харин одоо дэлхийн хэмжээний амжилт гаргасан
дуучин шагналыг гарцаагүй авах ёстой хүний нэг Адельд баяр хүргэе” гэжээ.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн аялал болно

БНАСАУ-ын нийслэл Пхеньянь хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 16-20 өдрүүдэд олон улсын хөлбөмбөг сонирхогчдын дунд “Football Tourism”-2016 аяллыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн нь аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна хөлбөмбөг сонирхдог, энэхүү спортоор хичээллэдэг бүхий л хүмүүст нээлттэй юм.

Одоогоор АНУ ,БНХАУ, БНАСАУ-ын багууд оролцохоо мэдэгдээд байна. Монгол Улсаас хөлбөмбөгийн клубүүд, сонирхогчдын багууд болон албан байгууллагууд нэгдэн тус тэмцээнд оролцох боломжтой. Мөн www.dprkoreatour.com веб сайтаар дамжин албан ёсоор зуучлуулах боломжтой юм байна. Хөлбөмбөгөөр дэлхийд дээгүүрт бичигдэх ур чадвар өндөртэй тамирчидтай өрсөлдөхөөс гадна БНАСАУ-ын үзэсгэлэнт газруудаар аялах юм.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэрийн том оврын “Белаз” автомашин шатжээ

Өчигдөр Орхон аймагт том оврын
“Белаз” автомашин шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн
Баян-Өндөр сумын Баянцагаан багт “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн
“Белаз” автомашин хүдрийн ил уурхайн хүдэр буулгах талбай дээр шатсан байна.
Шатсан шалтгааныг тодруулахаар онцгой байдлынхан ажиллаж буй бол цагдаагийн
байгууллага шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлж буй юм байна.

Categories
мэдээ спорт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 11 төрлийн мэргэжлээр ур чадварын олимпод оролцоно

Олон улсын “Абилимп” буюу хөгжлийн бэршээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээн ирэх сард болох гэж байгаа аж. Эл тэмцээнд монголчууд анх удаа оролцох гэж байна. Дэлхийн 35 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын “Абилимп”-ийн холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг бүх төрлөөр хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжилдээ хамгийн шилдгийг нь сонгох замаар тэднийг дэмжих зорилготой тэмцээнийг гишүүн орнуудынхаа дунд гурван жил тутам зохион байгуулдаг. Манай улс энэ байгууллагад 2015 онд элссэн аж.

Ирэх гуравдугаар сарын 23-28 нд Францын Бордо хотноо болох уг тэмцээнд 37 орны 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50 мэргэжлээр ур чадвараа сорих юм. Оролцогчдоос гадна шүүгч, үзэгч, дэмжигч гээд нийтдээ 80 мянга гаруй хүн цуглах дэлхийн хэмжээний энэ тэмцээнд Монгол Улс хог хаягдал дахин ашиглах, уран зураг, оёдол, арьсан урлал, компьютер угсрах, вэбсайт, системийн удирдлага, нарийн боов, хоол хийх, вааран эдлэл, модон сийлбэр, мотоцикл угсрах, хийх зэрэг 11 мэргэжлээр оролцох гэж байна.

Дэлхийн тавцанд анх удаа эх орноо төлөөлөх алтан гартай мэргэжилтнүүдийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар-2015” тэмцээнээс тодруулсан. Ур чадварын тэмцээнийг нийт 14 төрлөөр явуулснаас 11-ийнх нь ялагч Францыг зорих эрх гардсан.

Дэлхийд өрсөлдөх Монголын багийг тодруулах “Ур чадвар-2015” тэмцээний бэлтгэлээс эхлээд эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг олон улсын тавцанд гайхуулах 11 оролцогчийн шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зэргээр бүхий л үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яам дэмжин оролцож буй юм.